Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хороо ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

Санхүүгийн зохицуулах хороо ахмад настнуудтайгаа байнгын харилцаатай байж, тэдний санал бодлыг сонсон, заавар зөвлөгөөг авч ажилладаг. 2016 онд Ахмадын зөвлөлтэйгөө байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жилд хоёроос доошгүй удаа уулзах, аялал, спортын болон бусад чөлөөт цагийн үйл ажиллагаанд хамруулах, залуу үеийнхэнд сургамж зөвлөгөө өгүүлж, тэдний мэргэжлийн дадлага, туршлагыг өвлүүлэх, залгамж холбоог батжуулах ажлыг тогтмолжуулж байна. Удахгүй болох сар шинийн баярын босгон дээр Хорооны дарга С.Даваасүрэн, дэд дарга Д.Баярсайхан тэргүүтэй удирдлагууд Ахмадын зөвлөлийн 14 гишүүнийг хүндэтгэн хүлээн авч, ээлжит уулзалтаа хийлээ. Уулзалтыг ёс төдий, бэлгэ дэмбэрэлийн цугларалт болгож өнгөрүүлэлгүй, илүү ажил хэрэгч зөвлөлгөөн болгон үүднээс Хорооны удирдлагууд ахмад настнууддаа өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн, цаашдын зорилго төлөвлөлтөө дэлгэрэнгүй танилцуулав.

Хорооны 2017 оны үйл ажиллагаа, банкнаас бусад санхүүгийн зах зээлийн үндсэн үзүүлэлтийг Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун тоймлон танилцуулав. Үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн үзүүлэлтүүд 2017 онд өмнөх оныхоос нийтдээ 25 хувиар өссөн байна. Нааштай, эерэг өөрчлөлтүүд зах зээлд гарч, банкнаас бусад санхүүгийн салбарыг сонирхон сонгох олон нийтийн хандлага илт нэмэгдэж буйг мэдэрч, тэр болгонд баярлаж буйгаа Хорооны ахмадууд илэрхийлсэн юм. Ахмадын зөвлөлийн дарга Б.Шаравсамбуу, зав чөлөөгүй ажиллаж байгаа хэдий ч ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч санал бодлыг сонсож буйд талархаж баайна гээд, давхар бүртгэлийн журмын хэрэгжилтийг цаашид хангах, сайжруулахад хууль, эрх зүйн орчинд ямар зохицуулалт хэрэгтэй байгааг Хорооны дарга С.Даваасүрэнгээс асууж, хариулт авав. Мөн Хорооны орон тооны анхны эмэгтэй гишүүн Д.Дүгэржав шинээр IPO гаргаж байгаа компаниудын олон нийтэд санал болгох хувьцааны хэмжээг нийт хувьцааны 25-аас доошгүй хувь байх шаардлага тавьж буйг сайшааж, дэмжиж байгаагаа хэлээд үнэт цаасны төвлөрлийг хэрхэн арилгах, Хорооны эрх зүйн байдлын тухай болон Санхүүгийн тогтвортой байдлын тухай хуульд энэ талаар нэмэлт оруулах, эсэх зэрэг олон асуудлыг тодруулан асууж, зөвлөн ярилцав. Түүнчлэн ахмадууд Хорооны үйл ажиллагаа урьд өмнөхөөсөө илүү эмх цэгцтэй, ил тод болсныг анзаарч байгаагаа дурдан, хөрөнгийн захх зээлд хувийн хэвшлийн арилжааны байгууллага гарч ирж буй явдал томоохон амжилт болохыг онцлон хэлж байв.

Хорооны дарга С.Даваасүрэн цаашид банкнаас бусад санхүүгийн зах зээлүүд дээр хийхээр төлөвлөж буй ойрын болон дунд хугацааны бодлого, зорилтыг багцлан дурдаж, үүний дотор “Эрдэнэс тавантолгой”-н 1072 хувьцааг ойрын хугацаанд хөдөлгөх, үнэт цаасны бүртгэлд бүртгэж, арилжаанд оруулах талаар УИХ-тай нягт хамтран ажиллаж байгаагаа онцлов. Мөн даатгалын нөөц санг нэмэгдүүлэх, ББСБ-ын үйл ажиллагааг өргөжүүлэх, сахилга батыг дээшлүүлэх зэрэг олон ажил байна гэлээ. Мөн тэрээр, Хорооны байр суурийг зохих түвшин аваачих, олон нийтэд зөвөөр ойлгуулах, ил тод байх үүднээс бид аливаа асуудалд нягт нямбай, няхуур, судалгаатай хандаж, бодлогын зохицуулагчийн хувьд мэргэжлийн ажиллахад онцгой анхаарч байна гэв. Уулзалтын төгсгөлд Хорооны удирдлагууд Ахмадын сангийн нөөцөөс настнуудад Цагаан сарын баярын тэтгэмж олгож, бие тэнхлүүн, сэтгэл талбиун сайхан шинэлэхийг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамба нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэж байна

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох авилгын хэргийг шүүх хурал өнгөрсөн оны VIII сарын 03-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ. Шүүхээс Г.Шийлэгдамбад нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, таван жил нэг сарын хорих ял, Г.Ганчимэгт Төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгийн торгох ял, О.Даваасүрэнд Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Э.Гантулгад 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгох ялыг тус тус оноосон. Харин 2017 оны 11-р сарын 02-нд болсон давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Тэгвэл өнөөдөр тэдэнд холбогдох авлигын хэргийг Дээд шүүхээр хэлэлцэж байгаа бөгөөд шүүх хурал 14 цагт эхэлж, өнөөдөр шийдвэрээ гаргах бололтой. Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татсан. Тэрбээр албан өрөөндөө бусдаас 500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ын байцаагчдад баригдаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2018 оны анхны хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн ЗДТГ-т боллоо. Зөвлөлийн хуралд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Даваасүрэн болон бусад албаны хүмүүс оролцов.

Хурлын үеэр Хан-Уул дүүргийн газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлөөс 2017 онд зохион байгуулсан болон 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.

Мөн Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, батлав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга:Эрдэнэт үйлдвэрийн орлого, санхүү шүүхийн шийдвэрээр барьцаалагдах болж байгаа нь үгүйсгэх аргагүй үнэн болжээ

Холбоотой ЗурагМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаанд оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын эрхэм гишүүдээ, УИХ-ын дарга аа.

Өнөөдөр УИХ-ын чуулганд оролцож үг хэлэх болсон шалтгаан маань энгийн, тодорхой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилгоор

-1 дүгээр сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Багахангай гэсэн 7 дүүргийн;

-1 дүгээр сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Өмнөговь, Дундговь гээд 7 аймгийн ард иргэдтэй уулзлаа.

Цаашид бусад дүүрэг, аймгуудаар явж, иргэдтэйгээ нүүр тулан уулзах болно.

Та бүхэнд хандаж байгаа нь ард иргэдээс дэвшүүлж байгаа санал, санаачилга, хүсэлт гомдол, шахалт шаардлагыг ойрын болоод хэтийн бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллаасай гэж хүсч байгаа юм

Цуврал уулзалтуудад нийслэлийн 9000, орон нутгийн 3800, нийт 12800 орчим иргэд оролцож, 742 иргэн санал, хүсэлтээ биечлэн илэрхийлж, 1439 иргэн бичгээр гомдол, саналаа гаргажээ.

Иргэдийн илэрхийлж байгаа түгээмэл асуудлууд нь цалингийн, татварын нэмэгдэл, банкны зээл, зээлийн хүү, ажилгүйдэл, ядуурал, утаа, агаарын бохирдол, тэтгэврийн насны уртасгал, тэтгэмж, халамжийн хэмжээ, тусламж, орон байр, газар өмчлөл, эрүүл мэнд, боловсролын салбар дахь гачигдал дутагдал, хүндрэл бэрхшээл байна.

Бас нэлээд хэсэг нь Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын буруутай шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлаарх санал гомдол, шүүмжлэл байлаа.

Иргэдээс хамгийн их давтамжтайгаар шүүмжилж байгаа асуудал нь тэтгэврийн нас ба тэтгэврийн хэмжээ, тэтгэмж, халамж, тусламжийн оновчтой байдал, эзэндээ хүрч чадахгүй байгаа зэрэгт байна. 248 иргэн энэ талаар хурц шүүмжлэл хэлсэн байна. Ажилгүйдэл ядуурлыг цогцоор нь шийдэх талаар 97, утаа, агаарын бохирдлын асуудлаар 103, татварын нэмэгдлийн асуудлаар 92, орон сууцны асуудлаар 99, өр зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар 54 иргэн шүүмжлэлт байр суурь илэрхийлсэн нь давтамж өндөртэй, анхаарвал зохих асуудлууд болж байна.

Иргэд төрийн удирдлагад шударга ёсыг сахиулах, хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх, хамгаалахад үлэмж санаа тавьж байгааг оффшор данстай төрийн албан хаагчдыг хэрхэх талаар 114, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны талаар 102, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй бол “Улсын Их Хурлыг үүргээ гүйцэтгэж чадахгүй” гэж үзэн тараах тухайд 89 иргэн байр сууриа илэрхийллээ.

Эрхэм гишүүд ээ.

Манай нийгэмд тулгамдсан, хуримтлагдсан, нэн даруй шийдвэрлэх асуудлууд овоорч, иргэд бухимдалтай аж төрж байна. Асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой, гүйцэтгэж хэрэгжүүлэх үүрэгтэй УИХ, Засгийн газар шийдлээ олохгүй мунгинаж, тансаглалаар хөөцөлдөн, үнэтэй машин төсвийн мөнгөөр худалдаж аван шуугиулж, сайд нар өдөр шөнөгүй ажилласан бидэнд ямар ч хангамж алга хэмээн гомдоллож, ажил авсан сайд тамгаа алдаж, хууль бусаар тамга хийлгэсэн гэх мэт асуудалд орооцолдоод, УИХ-ын бүтцийн байгууллагууд, Авлигатай тэмцэх үүрэгтэй албан тушаалтнууд үүргээ биелүүлэхгүй, иргэдийн төлөө ажил хийхгүй, хуруугаа ч хөдөлгөхгүй, сэтгэлээ ч чилээхгүй явсаар байгаа нь иргэдэд огт таалагдахгүй байна.

Иргэд УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх батлах ажилд бүрэн дүүрэн оролцохгүй, ирц маш муу байгааг шүүмжлэн хэлж байна. Маш олон иргэд “Хэрвээ ард түмнээс итгэл аваад сонгогдсон юм бол хуралдаа бүгдээрээ сууж байгаад хуулийнхаа зөв бурууг сайтар шүүн хэлэлцдэг баймаар байна” хэмээн шаардаж байна аа.

Уул уурхайн түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаарсан эдийн засгийн уналт, өсөлтийг улс төржүүлэн дан ганц өөрсдийн гавьяанаас хамаарсан үр дүн мэтээр сурталдсаар суутал тань ажилгүйдэл, ядуурал өдөр өдрөөр нэмэгдсээр байна. “Засгийн газрын барьсан бодлого эдийн засагт “үүр цайлгасан” гэж Сангийн сайд нь хөөрцөглөж дуусаагүй байхад хажууд нь суусан ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч “Эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа гол зүйл нь түүхий эдийн үнийн өсөлт юм. Эдийн засагт гарсан нааштай үзүүлэлт гэдэг нь цаашид ч эерэг хэвээр хадгалагдах баталгаа болж чадахгүй. Монголын эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байгаа” хэмээн улаан үнэнийг хэлж байх жишээтэй. Энэ юу харуулж байна гэхээр ажил хийхээсээ хийсэн болж харагдах хүсэл чинь давамгайлаад байна аа.

Одоо тулгамдсан асуудлуудыг мөнгө бус, ухаантай царайлж улс төржих бус сэтгэл зүрх л шийднэ. Та бүхэн монголчуудынхаа төлөө, иргэдээ ажилтай, орлоготой байлгахын төлөө сэтгэл гаргаж чадвал шийдэл олдоно. Мөнгө ч олдоно. Гол нь хүсэхгүй, хийхгүй байна. Сандал ширээнд илүү ач холбогдол өгч, тансаг машинаар зорчихыг зорилгоо болгож байна.

Цагаан сар болохоор л ахмадуудаа санаж, худал хөөрцөглөхийн оронд тэдэнд тустай бодитой шийдэл гаргах цаг иржээ. Өнөөдөр нийт тэтгэвэр авагч 3 хүн тутмын 2 нь бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Тэднийг сарын 300 мянган төгрөг хүрэхгүй тэтгэврээр амьдар гэж тулгаж байна. Ийм байж төр ахмад настныхаа нийгмийн хамгааллын баталгааг хангах үүргээ биелүүлж байгаа гэж үзэж болох уу?

Эрхэм гишүүд, Та бүхнийг яаралтай Үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхийг уриалъя. Богино хугацаанд тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийж чадвал ахмадуудын тэтгэвэр үлэмж хэмжээгээр нэмэгдэх боломж байгаа. Миний зүгээс цаашид тэтгэврийн шинэчлэлийг явуулахыг УИХ, Засгийн газраас шаардаж, чиглэл өгч ажиллах санал тавьж байна.

Хуримтлагдсан асуудлыг иргэдэд тустай талаас шийдвэрлэхийн оронд далимдуулж хялбар унац гаргах гэдэг зуршлаа таягдан хаях хэрэгтэй. Утааг далимдуулаад бэлэн байгаа зуухыг шахчих, сайжруулсан түлш нэрээр мөнгө цөлмөхийг санаархах гэх мэт явуургүй төслөөсөө татгалзаад нэг ч гэсэн айлыг орон сууцанд оруулах, нэг ч гэсэн монгол хүнийг ажилтай болгох талаар санаа тавих цаг ирсэн байна.

Утаагүй зуух, сайжруулсан түлшийг гэр хорооллоор 10 жил хавтгай тараагаад амжилт олоогүйг ухаарахад тийм хэцүү биш баймаар….Утаа арилгах нэрээр хэдэн тэрбумаар мөнгө үрсэн байгууллага, албан тушаалтнууд тодорхой байсаар байхад толгойг нь илж өнгөрөөсөөр байх юм уу? Ийм нөхцөлд дараа дараагийн арга хэмжээнүүд чинь бас үр дүнгүй өнгөрөх эрсдэл бэлээхэн байна. Хариуцлага ногдуулдаггүй юм чинь юу ч шахсан, юу ч хийсэн яадаг юм гэх сэтгэлээр утааны асуудалд хандаж, амташсан хүмүүс нь одоо ч эрх мэдэлтэй байна.

Асуудлыг шийдвэрлэх аргаа, хариуцлагын тогтолцоогоо өөрчлөөч гэдгийг би хатуу сануулж хэлмээр байна. Төрийн албанд талцал, улс төржилт туйлдаа хүрч, ажлаа хэвийн хийж чадахгүйдээ хүртэл явцуурсныг би Сүхбаатар аймгийн Засаг дарга, түүний албатуудын ёс зүйгүй үйлдлээс харлаа. Тэнд жинхэнэ үндэсний эв нэгдэл алдагдаж, талцлыг дэвэргэж, Монголын төрийг үнэгүйдүүлж байна. Өвчлүүлж байна. Яаралтай эмчлэх, хэвийн байдалд оруулах эсэхийг шийдэх хүмүүс нь та нар. Төрийн албаны ялзралыг ингээд харсаар суух юм уу, ямар нэг хариуцлага, сахилга батын тогтолцоо байна уу?

Ядуурал бол Монголд хуримтлагдсан бүх асуудал, зовлонгийн үндэс. Ядуурлыг ажлын байр бий болгож л арилгана. Ажлын байрыг бүтээн байгуулалт, дорвитой далайцтай төслүүд л бий болгоно. Яавал олон ажлын байр бий болгох вэ, яавал тэр нь тогтвортой урт хугацаанд орших вэ, яавал арай ахиу орлого гаднаас олох вэ үүнд сэтгэл оюунаа чилээгээд, шуурхай, далайцтай ажиллаж чадах эсэхээс тань улс орны хөгжил, иргэдийн амьдрал шууд хамаарч байна. Мэдэмхийрэгчид, цэцэрхэгчид, гадны гар хөл бологсод 28 жил Монголд юу ч үйлдвэрлэх хэрэггүй, дэлхий хийчихнэ, зүгээр сууж бай гэж сурталдаж, ятгаж, хорлож ирсэн. Тэдний хүслээр Монголын бүх Засгийн газар ажилласаар өдий хүрсэн ч эдийн засаг сайжралыг олсонгүй. Одоо болоо юм биш үү? Сургамж авбал авахаар хохирол амслаа, хугацаа алдлаа. Мэдэмхийрэгчид, хийрхэгчдийг үл тоогоод монгол хүнийг ажилтай, орлоготой болгоход шаардагдах юу байна бүгдийг хийцгээе. Та бүхэн ингэж сэтгэж, зүтгэвэл миний зүгээс чадлаараа дэмжиж, уриалж, гар бие оролцоход бэлэн байгаа.

Иргэдээ бод, ард түмнээ хайрлаач гэж би та бүхнээс ахин дахин хүсэж байна. Арав гаруйхан настай хүү элэгний вирусын эсрэг эмийг эрх мэдэлтнүүд дамлан худалдаж байгааг, эм авахад эцэг, эхийнх нь орлого хүрэлцэхгүй байгааг, сайн эм гаднаас оруулж ирэх боломжийг эмийн худалдаанд хяналтаа тогтоосон эрх мэдэлтний бүлэглэл зориуд хязгаарлаж байгааг шүүмжлэн хэлж байна. Иргэдийнхээ өвчнөөс хүртэл мөнгө олох гэдэг албан тушаалтан байж болох уу? Ийм хүмүүст төрд ажиллах ёс зүй бий юу?

Хуулийн засаглал, шударга ёс, төрийн ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, дорд орсон нь өнөөдрийн уналт доройтлын гол шалтгаан, уг үндэс болоод байна гэдгийг ард түмэн хэлж, сануулж байна. Та бүхэн иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ гэдгийг санаж ажиллах хэрэгтэй. Шударга бус явдал, хууль хэрэгжихгүй байдал хэтэрхий хавтгайрч илэрхий хэргүүд шийдвэрлэгдэхгүй байгаагаас ард олны төрд итгэх итгэл улам бүр суларч байна. Хууль тогтоогчид нь хуулиудаа зөрчиж, элдвээр аяглах нь гаарлаа. Иргэд та бүхнээс халамж, бэлэн мөнгө нэхээгүй ээ. Тэд хуулийн засаглал, шударга ёсыг л шаардаж байна. Би саяхан Прокурорын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр байр сууриа тодорхой илэрхийлсэн. Хуулийг сахиулах, болон хэрэгжүүлэх үүрэгтэй бүтцүүд хуулиа, зарчмаа хамгаалах, иргэдэд хуулийг зөвөөр ойлгуулах тал дээр ганхийхгүй, төрийн өндөр албан тушаалтнуудын хууль зөрчсөн, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэсэн аливаа үг, үйлдэлд хариу өгөхгүй өөгшүүлж суудгаа боль гэж шаардсан. Шүүхийн шийдвэрийг хэн дуртай нь шүүн хэлэлцэх, буруутгах нь хуулиар хориотой, шүүхээр тогтоогдоогүй бол хэн ч байсан бусдыг гэмт хэрэгт буруутган цоллох эрхгүй. Ийм тулгуур зарчмуудаа хуулийн байгууллагууд хамгаалахгүй бол хууль яаж дээдлэгдэх юм бэ.

Эрдэнэт үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг гадны банкны зээлийн барьцаанд тавьж алдахад хүрч буй талаар олон жил ярьж шуугисан ч хэн ч хариуцлага хүлээгээгүй, асуудал шийдэгдэлгүй өнөөдрийг хүрчээ. Зээл авсан хүн, төрийн өмчөөр баталгаа гаргахад нь зуучилсан, дэмжсэн, баталгаа гаргасан албан тушаалтнууд нь тов тодорхой байхад, арбитрын шүүх дээр баримтаар нотлогдсоор байхад хэдий болтол хараагүй, сонсоогүй, юу ч болоогүй мэт мэлзсээр, мэлэрсээр суух юм бэ. Та бүхэн сайхан амлаж, бүх эрх мэдлийг авсан хэрнээ асуудлыг шийдэх бус булзаж, тойрох гэсээр байгаад ужгирсан асуудалдаа залгиулчихлаа. Эрдэнэт үйлдвэрийн орлого, санхүү шүүхийн шийдвэрээр барьцаалагдах болж байгаа нь үгүйсгэх аргагүй үнэн болжээ. Яаралтай асуудлаа шийдээч, гэм буруутнуудад хариуцлагаа тооцооч.

Энэ мэт тодорхой асуудлыг шийдэхгүй байгаа чинь иргэдийн төрдөө итгэх, шударга ёс, хуулийн засаглалд найдах сэтгэлийг үгүй хийж байна. Шударга ёсыг хэрэгжүүлдэггүй Засаглал удаан оршдоггүй…

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх, төрийн албан хаагчид оффшор данс эзэмшсэн зэрэг асуудлуудыг удаашруулж, гацааж, шийдвэрлэхгүй байгаа нь иргэд биш шүү дээ. Иргэд эдгээр асуудлуудын шийдлийг Та бүхнээс шаардаж байна. Хууль тогтоогчид та бүхэн үргэлжлүүлээд хараад суух юм уу, хуулийн дагуу нэг мөр шийдэх юм уу гэдэг улс төрийн байр сууриа тодорхой илэрхийлэх цаг болж. Та бүхэнд бүх эрх мэдэл шилжээд бүтэн хоёр жил өнгөрлөө шүү дээ. Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай сольж, төрийн хэвийн үйл ажиллагааг хангаач гэж та бүхнээс шаардаж байна.

Байдал хүнд, маш хүнд байна. Иргэд туйлдаж байна. Шийдэл гарахгүй, төр ажиллахгүй байна гэх бухимдал асар их байна. Ард иргэдийн саналыг сонсох явцад ажлаа хийж чадахгүй, шаардлагатай шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа бол УИХ-ыг тараах тухайд ч асуудлыг хөндөж дэвшүүлнэ гэдгээ олонтаа илэрхийлж байгаа. Үүнийг мушгин гуйвуулж эв нэгдлийг бусниулж байна, төрийн эсрэг турхирч байна гэх ундууцал илэрхийлж байгаа нь буруу. Ажлаа хийхгүй байгаа бүтцийг дуугүй хараад суух нь эв нэгдэл биш. Шахаж шаардах л ёстой. Ард олноо бухимдуулаад ажлаа хийхгүй суух нь харин үндэсний эв нэгдлийг хэврэгшүүлж байгааг ойлгож, хичээл чармайлттай ажиллахыг Та бүхнээс хүсэж байна.

Цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газар иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг нэг бүрчлэн судлан үзэж, дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулан, холбогдох асуудлуудыг шийдвэрлүүлэхээр төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, мөн өөрийн цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болно.

Иргэдийн шахалт шаардлага, санал бодлыг цаг алдахгүй хүргэхийн тулд өнөөдөр чуулганы хуралдаанд оролцлоо. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаанд оролцож, ийнхүү үг хэлсний дараа Орхон, Хөвсгөл, Булган аймгийн иргэдтэй уулзахаар мордлоо.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүдийн асуултанд хариулсангүй, Эрдэнэтийг зорилоо

Холбоотой Зураг

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаалтын чуулган дээр үг хэлсний дараа гишүүд түүнд асуулт тавихаарболлоо. Хамгийн эхэнд Ж.Энхбаяр гишүүн хоёр асуулт тавилаа.

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэртэй холбоотой зөрүүтэй мэдээлэл маш их байна. Та бидэнд мэдээлэл өгөөч. Зэвсэгт хүчнийг бүтээн байгуулалтанд оролцуулах эх орончүзэл санааг нийгмийн үнэт зүйл болгох, энэ олон залуусыг цэргийн албаар дамжуулж хүмүүжүүлэх, ажил мэргэжилтэй болгох санаачилгыг улс төрийн асуудал болгоод ойлгомжгүй байдал руу орчихлоо. Үүнийгээ та нэг тайлбарлаач, юу бодожэнэ асуудлыг тавьсан юм бэ, ямар тооцоо судалгаатай яваад байгаа юм бэ, МСҮТ-тэй яаж холбож байгаа вэ гэсэн юм

Ерөнхийлөгч Х.Баттулга хариулахдаа: Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар арбитрын шүүхийн бичиг баримтыг авчруулах талаар хариуцсанбайгууллагуудад нь санал өгсөн байгаа. Би одоо Эрдэнэтэд 19.30 цагаас уулзалттай. Зам шуургатай байна.Би өнөөдөр зүгээр говийн болон зүүн аймгуудаар явах үеэр иргэдийн хэлсэн санал, хүсэлтийг УИХ-ын хаалтын чуулган дээр хэлж байгаа юм. Асуултанд хариулъя гэсэн санал өгөөгүй. Яагаад гэвэл тэнд хүмүүс уулзахаар хүлээж байгаа, зам асуудалтай байгаа учраас одоо явахгүй бол болохгүй нь. Зэвсэгт хүчинтэй холбоотой маш олон зүйлийг цуглуулсан байгаа. Энэ тухай тусгайлан байнгын хорооны хуралдаанд ч юм уу гишүүдтэй уулзаж, тоо баримттай яримаар байна, баярлалаахэмээн гарч одсон юм.

Ерөнхийлөгчид асуулт тавихаар зэхсэн гишүүд шуугилдахад УИХ-ын дарга М.Энхболд “Тамгын газрын дарга өнгөрсөн долоо хоногт асуулт гарвал хариулна гэсэн юм” хэмээн тайлбарлаж байлаа.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ нийгэм

Дауны синдромтой хүүхэд америкийн брэндийн нүүр царай болжээ

ЗурагДауны хам шинж буюу хромосомын түвшинд гарсан өөрчлөлтийн улмаас биеийн болоод оюун ухааны хөгжлийн сааталтай төрсөн хүү Америкийн хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон бусад нэмэлт тэжээл үйлдвэрлэгч “Гербер” /Gerber/ компанийн энэ оны нүүр царай болжээ.

“Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, АНУ-ын Жоржиа муж улсын оршин суугч 18 сартай Лукас Уоррен хэмээх хүү нь дэлхийн түүхэнд брэндийн нүүр царай болсон Дауны хам шинжтэй анхны хүүхэд болж байна. “Герберийн хүүхэд” болсон түүний зургийг тус компани энэ онд дотоод болон гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчлахдаа ашиглах аж.
“Гербер” компаниас гаргасан мэдэгдэлд “Бид түүнийг 140 мянга гаруй хүүхдээс сонгосон. Дауны хам шинжтэй хүүхдүүдийг, хүмүүсийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхэд бидний сонголт тус болно гэж найдаж байна” гэжээ.

Брэндийнхээ нүүр царайгаар Дауны хам шинжтэй хүүхдийг сонгосон “Гербер” компанийг нийгмийн сүлжээ хэрэглэгчид, тэдний дотор ийм төрөлхийн эмгэгтэй хүмүүсийн ар гэрийнхэн ихэд магтан сайшааж байна.

Дауны синдром буюу Дауны хам шинж нь 21 дэх хромсом хос биш, гурав болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Дауны синдром нь өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Жон Лэнгдон Хэйдон Даун гэдэг Их Британийн физикч төрөлхийн ургийн гажигтай хүмүүсийг судалж, өвчний оношийг тогтоон “Дауны синдром” гэж өөрийн нэрээрээ нэрлэсэн түүхтэй.

Categories
гадаад мэдээ

Пёнчан 2018 оны медалийн загвар гарлаа

Олимпийн наадам бүрийн медаль өөрийн гэсэн давтагдашгүй хэв маяг, загвар дизайнтай байдаг. Тэр хэрээр медаль бүхний орц найрлага дахь үнэт металлын хэмжээ, үнэ өртөг өөр өөр бий. Пёнчан 2018 өвлийн Олимпийн наадмын медалийн талаар товчхон танилцуулга хүргэе.

Энэ удаагийн Олимпийн наадмын медалийг БНСУ-ын гар урлаач, дизайнер Ли Сүк Ву урлажээ. Түүний урласан уг медаль нь нүүрэн талдаа Олимпийн бэлгэдэл бүхий таван цагариг, ардаа тухайн спортын төрлийг илтгэх дүрслэл болон Пёнчан 2018-ыг дүрсэлжээ. Мөн ирмэг хүрээгээр нь Пёнчан-2018 өвлийн Олимп гэдгийг Хангыл үсгээр бичсэн байна.

1912 оны Стокольм хотод болсон өвлийн Олимпоос хойш алтан медалийг мөнгө болон бусад металлтай хольдог болсон. Энэ удаа ч гэсэн ихэнхи орцонд мөнгө ашигласан байна. Тухайлбал 580 грамм мөнгийг 6 грамм алттай хольж, нийт 259 медаль бүтээсэн байна. Нийт 1554 грамм алт ашиглаж энэ жилийн алтан медалийг бүтээжээ.

Олимпийн алтан медалиас цэвэр алтыг нь ялган гаргаад, зах дээр зарвал нэг медаль 281 ам.доллар хүрэх бөгөөд нийтдээ 72 905 ам.долларын ханш бүхий алтны орц Пёнчаны Олимпийн аваргуудад зарцуулагдаж байна.

Харин мөнгөн медалийг 580 грамм цэвэр мөнгөөр хийжээ. Ингээд дүгнээд үзвэл 300440 грамм мөнгийг алт, мөнгөн медалиудад зарцуулжээ. Нэг унц мөнгө 17 доллартой тэнцэж байгаа бөгөөд энэ ханшаар нийт медалийн өртгийг гаргавал 180 000 ам.доллартай тэнцэж байна.

Харин хүрэл медалийг хийхэд 493 грамм зэс ашигласан байна.

Categories
мэдээ спорт

Гал тахиа жилийн шилдэг 8 бөхийг тодрууллаа

ЗурагМонголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Гал тахиа жилийн шилдэг 8 бөх тодруулахад, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Улсын харцага Б.Бат-Өлзий шилдгийн шилдгээр тодров.

Удаах байруудад Улсын харцага О.Хангай, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын харцага М.Бадарч нар эрэмбэлэгдэв.

Гал тахиа жилийн Цагаан сарын барилдаанаас эхлэн нийт 23 барилдааны дүнгээр шилдэг бөхчүүдийг ийнхүү тодруулжээ. Шилдэг 8 бөхийн бай шагналыг Цагаан сарын барилдааны үеэр гардуулна.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд 694 автобус иргэдэд үйлчилнэ

ЗурагСар шинийн баярын өдрүүдэд иргэдийг ая тухтай баярлах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 87 чиглэлд 694 их, дунд багтаамжийн автобус болон троллейбус ажиллуулахаар төлөвлөсөн талаар өнөөдөр Нийслэлийн тээврийн газраас мэдээлэв.

Сар шинийн өдрүүдэд нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Мөн өдрүүдэд 87 чиглэлд 694 дунд багтаамжийн автобус болон троллейбус ажиллуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 11, 12-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах юм. Энэ хүрээнд амралтын өдрүүдэд Орбит, Нарангийн гол, ХМК, Баянхошуу, Нисэх, яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх Шархад гэсэн суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү том оврын арван автобус 10.00-15.00 цагт иргэдэд үйлчлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Намрын чуулганаар эдийн засгийн шинжтэй хуулиуд үнэндээ гараагүй

Д.Эрдэнэбат зурган илэрцүүд

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “АН-ын бүлэг намрын чуулганы үйл ажиллагаанд улс төр, нийгэм, төсөв санхүүгийн чиглэлээр дүгнэлтээ гаргаж байгаа. Төсвийн тухай, Тендэрийн тухай хуулийн ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Намрын ээлжит чуулганаар АН-ын бүлэг эхэнд тавьж байсан асуудлаараа ажилласан. Эрх баригчдыг сөрөхийн тулд улайрч ажилласангүй. АН-ын бүлэг ямар асуудал оруулах талаар бодлогын шинжтэй асуудал дээр түлхүү ажилласан. Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хууль хэлэлцүүлгийн асуудлаар төлөвлөсөн ажлаа амжилттай хийлээ. Мөнгө хүүлэлтийн эсрэг, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг зургаан хуулин дээр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай хийсэн. АН-ын бүлгээс Ерөнхий сайдад гурван удаагийн шаардлага сануулгыг хүргүүлсэн. Намрын чуулганы хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, ард иргэдийн амьдрал сайжирна гэсэн хүлээлт талаар болсон. Эдийн засгийн өсөлтийн үр дүн эрх баригчдад хүрч байгаа ч, ард иргэдэд хүрээгүй. Эрх баригчид дэндүү тансаглаж байна. Намрын чуулганаар эдийн засгийн шинжтэй хуулиуд үнэндээ гараагүй” гэв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засгаа сэргээх бодлого Засгийн газарт дутагдалтай байна. Ялангуяа УИХ-аас эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд тавьсан зорилтоо хангалтгүй хэрэгжүүлсэн. Нөгөө л хэдэн хуулиа баталснаас өөр зүйл хийсэнгүй. Эдийн засгийн өсөлт нэмэгдсэн шалтгаан нь манай экспортын орлого нэмэгдсэнтэй холбоотой. 2017 онд нүүрсний үнэ 81 хувь, цайрын баяжмал 34 хувь, төмрийн хүдэр 23, түүхий нефть 18, алтны үнэ 15 хувь, зэсийн баяжмал 8 хувиар тус тус өссөнтэй холбоотой” гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Цаашид төрийн байгууллагуудын төсвийг хэрхэн зарцуулж байгааг шалгасан. Хамгийн эхэнд ХЗДХ-ийн сайдын унаж буй 570 машины төсвийг шалгасан. Ер нь бол ХЗДХ-ийн яамны төсөвт суулгаж зарцуулагдах ёстой байтал Ц.Нямдорж сайдад ШШГЕГ-аас сайдын хэрэгцээнд худалдан авч өгсөн байна. Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр нараас албан бичиг ирсэн байгаа. Уг албан бичигтээ “ШШГЕГ-ын давсан орлогоор 570 машин худалдан авч өгсөн” гэсэн байна. Төсөв хүнд, мөнгө хүрэлцэхгүй байна гэж ярьчихаад 347.1 тэрбум төгрөгийн хэрэгцээгүй худалдан авалт хийсний ердөө нэг жишээ нь л энэ машин. Энэ машин бол ажилдаа үлдэх гэсэн пальдига нөхдүүдийн л хийсэн ажил гэж харж байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Намрын чуулганы хугацаанд эрх баригч нам ОУВС-д хөтлөгдсөн намрын чуулган байлаа гэж дүгнэж байгаа. Есөн төрлийн татвар нэмчихээд ганц нэгийг нь л буулгаж эргэж хургасан намрын чуулган байлаа гэж дүгнэж байна. Олон шийдвэрээсээ эргэж буцсан. Бараа таваарын үнэ, бензин шатахууны үнэ нэмэгдсэн намрын чуулган байлаа. Татварын бодлогын зохицуулалтын тал дээр эрүүл саруул, алсыг харсан бодлого дутагдлаа. Намрын чуулганы хугацаанд Засгийн газраа унагасан, талцаж барилцсан намрын чуулган байлаа. Ядуурал эрс нэмэгдэж, дундаж давхарга байхгүй болсон намрын чуулган байлаа. МАН хэлснээсээ буцсан, буцдаг гэдгээ харуулсан намрын чуулган байлаа.