Categories
мэдээ цаг-үе

Г.Зол-Эрдэнэ: “ААДАР” цомгийн дуунуудыг сонсогчид сайхан хүлээж авсан

Рок, алтернатив “Аадар” хамтлагийн бөмбөрчин Г.Зол-Эрдэнэтэй ярилцлаа.


-Танай хамтлаг байгуулагдаад хэдэн жил болж байгаа юм бэ. Нэлээд хэдэн жилийн өмнөөс л Монголын хөгжмийн ертөнцөд “Аадар” дуулдаж эхэлсэн?

-Манай хамтлаг байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хамтлагийн бүтэц бүрэлдэхүүнд их өөрчлөлт орсон. Бид 2011 оноос “Аадар” гэдэг нэрийн дор хамтдаа явж байна. Манай хамтлагийн хамгийн анхны бүтээл бол 2013 онд гаргасан “Ясан толгой” гэдэг рок дуу л даа. Өнгөрсөн оны аравдугаар сард анхны цомгоо гаргасан.

-Ямар нэртэй?

-“Аадар”.

-Танай хамтлаг голчлон рок, алтернатив чиглэлээр уран бүтээлээ туурвиж байгаа харагддаг?

-Анх тэр чиглэлээр гарч ирсэн. Гэхдээ Монголд рок гэдэг ч юм уу ямар нэг чиглэлээр тууштай явах боломж байдаггүй болохоор одоо тодорхой барьсан чиглэл байхгүй байгаа гэж болно. Тиймээс аль болох олон хүнд сонсгох зорилгоор орж ирсэн онгодоороо л поп хэв маяг руу уран бүтээл туурвиж байна даа. Яг үнэндээ өнөөдрийн энэ үед бас тийм ямар нэг хэв маяг ярьдаг үе өнгөрөөд байгаа юм шиг санагдаад байгаа. Түүнээс биш 10 жилийн өмнө хамтлагаа анх байгуулахдаа бид металл рок хамтлаг байгуулах зорилготой байсан. Гэтэл тэр бол Монголын хөрсөн дээр буухгүй, сонсогч байхгүй учраас дэмий зүйлд цаг үрж өөрсдийнхөө хөдөлмөрийг үрээд яахав гээд больсон доо.

-Хамтлагийнхаа гишүүдээ танилцуулбал?

-“Аадар” хамтлаг дөрвөн гишүүнтэй. Манай дуучин САлтанзавьяа морин хуур хөгжмийн багш мэргэжилтэй. Завхан аймгийнх. Хөгжим бүжгийн сургуульд сурч төгссөн. А.Бат-Оргил гитарчин, Б.Нямдаваа маань басс гитарчин.

-“Аадар” цомгийнхоо талаар сонирхуулбал содон дуунууд багтсан байна билээ?

-Бид 2013 онд “Ясан толгой” гэдэг дуугаа гаргаснаас хойш буюу дөрвөн жилийн дараа анхны цомгоо гаргалаа. Олон жилийн турш цомог гаргах гэж бэлдсэн болохоор нэлээд шүүсэн. Цомог маань арван дуутай. “Хачин дурлал” дуугаар хүмүүс манай хамтлагийн тухай тодорхой хэмжээний ойлголттой байдаг.

-Нижигнүүлж, дуу шуугиан тарья гэж л “Аадар” гэж нэр өгсөн байх, хамтлагтаа. Нөгөөтэйгүүр монгол нэр өгсөн ч бэлгэдэлтэй юм?

-Тийм шүү. Бид ч монгол нэр өгөхийг хүссэн. Ер нь бол тийм утгаар нь “Аадар” гэж нэр өгсөн. Гэхдээ бид одоогоор аадар шиг нижигнэж шаагиж чадахгүй л байна даа.

-Хөгжмийн урсгал дундаас рок хөгжим сонирхогчид бусдаас өөр харагддаг шүү. Энэ хөгжмийн урсгал хүнд юу өгдөг вэ?

-Ер нь хаана ч очсон, хэн ч дандаа ингэж асуудаг юм. Байнгын асуулт гэх үү дээ. Миний хувьд бусдаас ялгараад байгаа юм нь хөгжимдөө л байдаг болов уу. Амьд гэдэг утгаараа. Очоод үзээд амьдаар нь, бодитоор нь мэдэрнэ гэдэг бусдаас өөр харагдуулаад байгаа юм. Дуртай дуучин, хамтлагийнхаа дууг хүссэн газраасаа интернэтээр татаад сонсож болдог болсон үе. Яг энэ үед биднийг бас нэг илэрхийлээд бусдаас ялгаад байгаа юм нь жинхэнэ амьд хөгжимдөө байгаад байна. Бас харагдах байдал нь ч сүртэй. Сайхан шүү дээ. Энэ нь л гол ялгаа юм болов уу. Би ч өөрөө амьд бодитой гэдэг утгаар нь энэ чиглэлийн хөгжмийг сонирхож сонсож эхэлсэн.

-Амьд хөгжийн хамтлагийн хамгийн гол хөгжим нь бөмбөр. Хөгжмийн ноён нуруу нь бөмбөр. Тэр утгаараа бөмбөрчин хүнээс асар их авьяас билиг шаардахаас гадна бүтэн биеийн хөдөлмөр шаарддаг. Дөрвөн мөчөө ажиллуулдаг шүү дээ?

-Мэргэжлийн хөгжимчид, багш нар яг тэгж хэлдэг юм. Хөгжим дотроос хамгийн хэцүү хөгжим бол бөмбөр гэж. Хүн болгон сураад тоглочихдог амархан хөгжим биш шүү. Дөрвөн мөч зэрэг хөдөлж байхад тархи бас ажиллаж байдаг. Миний хувьд бөмбөр тоглоод найм орчим жил болж байна. Би одоо ч өөрийгөө бөмбөрчин болох болоогүй байна гэж голдог юм. Илүү сурах, дадах юм их байна. Хүн ямар нэг юмыг сайн хийж сурч болох ч төгс хийж сурна гэж байдаггүй гэж боддог юм.

-Амьд хөгжмийн наадмуудад оролцдог биз дээ, танай хамтлаг?

-Бараг ордоггүй юм.

-Яагаад?

-Ер нь тэр зүг рүү явахаас илүү сайн уран бүтээлтэй болж, хүний зүрхэнд хоногшсон сайхан дуу хийх гээд л зүтгэж явна.

-Өдөрт хэдэн цагийг бэлтгэлд зориулдаг вэ?

-Амьд хөгжмийн хамтлагийн хувьд хамгийн гол зүйл бол бэлтгэл хийх, бэлтгэлийн байр, хөгжмийн зэмсгүүд. Бид өдөрт 2-3 цагийг бэлтгэл хийхэд зориулдаг. Гэхдээ бэлтгэл их хийх тусмаа сайн.

-Хамтлаг, дуучид цомгоо гаргасны дараа тоглолтоо хийх талаар ярьж эхэлдэг?

-Бид яг цомгоо гаргаад цомгийн баяраараа жижиг тоглолт хийсэн.

-Хаана тоглолтоо хийсэн бэ?

-XIII хороололд байрладаг “Hard rock”-д сонсогчдынхоо хүрээнд тоглолт хийсэн. Их сайхан тоглолт болсон. Манай хамтлагийн дуунд дуртай, бидний уран бүтээлийг ойлгодог, амьд хөгжид дуртай залуус нэг үдшийг хөгжмийн хэмнэлд сайхан өнгөрүүлсэн. Том хэмжээний тоглолт хийснээс тэгж багахан орчинд чанартай толголт хийх нь дээр санагддаг. Тэр тоглолтод дуулсан дуунуудыг хүмүүс сайхан хүлээж авсан.

Гэхдээ томоохон хэмжээний тоглолт хийхсэн гэсэн мөрөөдөл байлгүй яахав. Гэхдээ яах вэ 10 жилийн өмнөхөө бодоход бүх техник хэрэгсэл нь бэлэн байгаа ч сонсогчдын сэтгэхүй, сэтгэл санааг бэлдэх хэрэгтэй байна. Ядаж олны дунд нэр хүндтэй, чанартай хэдэн уран бүтээлтэй болох хэрэгтэй. Тэгж байж тэр тоглолтыг ярих хэрэгтэй болов уу гэж бодож байна.

-Танай хамтлагийг “Хурд” хамтлагийн дүү хамтлаг гэж ойлгоод байдаг?

-Тэгж ярих хүмүүс байдаг. Манай хамтлагийн зарим гишүүн тус хамтлагийн студид ажилладаг. Гэхдээ уран бүтээлийн хувьд ямар нэг холбоо, хамаарал байхгүй ээ.

Categories
мэдээ цаг-үе

Т.Сэнгэдорж: Зууны манлай дуучин Х.Уртнасангийн анхны хөгжимчин нь байлаа

Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн тэргүүлэх профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, билгүүн номч академич, МЗЭ-ийн шагналт Тэгшжаргалын Сэнгэдоржтой ярилцлаа.


-Таны өсч торнисон нутаг ус, бага насны дурсамжаар ярилцлагаа эхэлье?

-Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Булангийн шугуй” хэмээх улаалзгана алагласан нутагт Тэгшжаргалын арван нэг дэх хүү нь болон мэндэлсэн. Ах эгч нараа дагаж олон сургууль дамжсан. Гэсэн хэдий ч сурлага сахилгаар сайн сурагчийн тоонд ордог байв. Бага байхдаа ангийнхаа багшийн найдвартай юм шиг мөртлөө найдваргүй шуудан зөөгч явлаа. Учир нь ангийн эмэгтэй багш Уртнасан, бага сургуулийн багш Мишкад надаар захиа зөөлгөнө. Замдаа захиаг задалж үзэхэд “Орой клубт кино үзье” гэх зэргээр бичсэн байсансан. Мишка багш хариу явуулна. Ингээд дахиад л үгэнд дурлаж, захиаг нь задалж үздэг байж билээ. Ийм л хөгтэй шуудан зөөгч байлаа.

-Анх сургуулийн босго алхаж байсан үеэсээ дурсахгүй юу?

-Тухайн үед айлууд хүүхдээ сургуульд оруулах их дургүй. Малчин болгох сонирхолтой байсан. Ямар ч байсан есөн настайдаа сумынхаа сургуульд орсон. Сургуульд орчихоод гэрээ их санана. Надаас хоёр насаар ах Ц.Бадарч “Гэртээ харья” гэж хэдэн хүүхэд элсүүлсэн. Би ч багтаж, хэдүүлээ гэрийн зүг гүйж байж билээ. Дунд ангидаа Улаанбаатар хотод суралцаж, арван жилээ төгссөн. Нэг өдөр биднийг мэргэжил сонгуулахаар хичээлийн эрхлэгч дуудлаа. Ингээд Төрийн ордны Дээд боловсролын хорооны Жадамба гэдэг хүн дээр бид оров. Миний ээлж болоход ямар мэргэжил сонирхдог тухай асуухад би “Сэтгүүлч болох хүсэлтэй” гэсэн. Тэгсэн чинь энэ жил Их сургууль нээгдэж байгаа. Иймээс “Сэтгүүлчийн ангид ор” гэсэн. Тэгэхээр нь би гадаад руу явж сурмаар байна гэсэн. Тийм бол “Зөвлөлтөд хуулийн сургуульд суралц” гэснээр миний мэргэжил эзэмших эрх нээгдэж Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетад дөрвөн жил суралцсан. Сургуулиа төгсөж ирээд, эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой гэдгээ тухайн үеийн МУИС-ийн тэнхимийн эрхлэгч, хожим Үндсэн хуулийн Цэцийн дарга, гавьяат хуульч, доктор профессор Г.Совд багшид хэлсэн. Тэрээр намайг “Соёмбо тэмдгийн асуудлаар” судалгаа хийгээд үз гэсэн юм. Урьд нь нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын судалсан уг сэдвийг зориг гарган хийхээр болов. Ингээд МУИС-ийн эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн минь амжилттай болсон доо. Ингэж л Монголын анхны томоохон дээд сургуульд багш болох зам мөрөө эхлүүлсэн юм. Энэ үеэс өдийг хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байна.

-Өнөө үед ховорхон харагдах баян хуур хөгжим танай өрөөнд байх юм. Та баян хуурыг сайн тоглоно биз…

-Сонирхлоороо тоглох гэж оролддог. Бага ангид байхад хөгжмийн багш маань хэсэг хүүхдийг дагуулан цэргийн ангиудаар явж тоглолт хийлгэж билээ. Тэгэхэд доод ангийн нэг охин “Хонгорхон хулстайн тал” дууг эвлэгхэн нь аргагүй дуулахад баян хуураар би дагаж хөгжимдсөн юм. Энэ охин бол хожмын Зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан байлаа. Ингэж би энэ алдарт дуучны анхны хөгжимчин болж байсан.

-Хамгийн анхны бүтээлээ хэзээ туурвиж байв?

-Аравдугаар ангид байхдаа “Төрүүлсэн эх-Төрсөн нутаг” шүлгийг Маяковский, Гайтав гуай нарын арга барилаар бичиж “Утга зохиол, урлаг” сонинд огт танихгүй хоёр зохиолчдод аваачиж өглөө. Хэд хоногийн дараа хүүхдүүд сонин үзээд шуугилдаад байхаар нь очоод хартал миний шүлэг гарсан байв. Ингэж миний анхны шүлэг сурагч байх үед хэр баргийн юм нийтэлдэггүй, босго өндөртэй Монголын зохиолчдын Төв хэвлэлд гарч билээ. Тухайн үед танихгүй байсан хоёр зохиолчийн нэг нь “Хошуу цагаан нутаг” роман бичсэн ахмад зохиолч Н.Банзрагч (алдарт уртын дууч Норовбанзад гуайн нөхөр), нөгөө нэг нь яруу найрагч Д.Найманжин (“Улаанбаатарт байгаа миний аавд” киноны дууны шүлгийг бичсэн) нар байсныг хожим мэдэж, эдгээр зохиолчдыг дурсан санаж явдаг юм.

-МЗэ-ийн шагналыг хүртсэнд баяр хүргэе. Шагналын хур буулгасан “Нутгийн дуулал” шүлэг бүтсэн түүхээсээ ярьж өгөөч?

-Хөгжмийн зохиолч Д.Пунцагдоржтой хамтран хэд хэдэн дуу хийсэн. Ингээд дуу болон бүтсэнд урамшиж, 1960 оны дунд үеэс дууны шүлэг дагнан бичиж эхэлсэн.Тэр үед дууны үгийг МЗЭ-ийн яруу найргийн секцийн эрхлэгч Б.Явуухулан гуайд үзүүлж батлуулсан. Тэгээд радио телевизээр явах эрх нээгддэг тогтолцоотой байлаа. 1964 онд “Нутгийн дуулал” нэртэй шүлэг бүтээж, аяыг нь хөгжмийн зохиолч Д.Пунцагдорж хийж, эстрадын ахмад дуучин З.Цэнд-Аюуш гуай анх дуулж олны хүртээл болгосон юм. Уг онд МЗЭ-ийн анхдугаар их хурал хуралдах үе тохиож билээ. Гэр бүлийгээ нутаг устай зүйрлүүлж бичсэн. Энэ дууг МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Н.Чулуунхүү, Д.Дагийсүрэн, нэрт дуучин Адарсүрэнгийн шавь С.Баянмандах зэрэг олон дуучид өдийг хүртэл дуулсан. Уг дуунд маань зориулсан хөшөө 2005 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвд боссон.

-Амжилтад хүрэхэд хамгийн их түшиг тулгуур болдог зүйл бол гэр бүл. Та өөрийн гэр бүлээ танилцуулаач?

-Түшиг болж, гэр орныг минь өнгөтэй, найдвартай авч явдаг хүн бол миний хань С.Сарантуяа юм. Эрүүл мэндийн байгууллагад насаараа ажилласан. Би Эрхүүгийн их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан байхдаа Монголд ирж амарсан юм. Ингэхдээ орчуулагч хийж байсан. Энэ үеэр Нийслэлийн тавдугаар сургуулийн аравдугаар ангийн охинтой танилцаж билээ. Миний туулж өнгөрүүлсэн их ажлын талаас илүү хувь нь ханьд минь ногдох ёстой гэж боддог.

-Таны зургийн цомгийг үзэж байхад хань С.Сарантуяа гуай их сайхан урт үстэй харагдсан…

-Тийм шүү. Миний хань “Монголын сайхан урт гэзэгтэй бүсгүй”-гээр шалгарч байсан. Ингээд хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайгаас хүндэт өргөмжлөл шагнал гардаж авсан. Энэ нь манай гэр бүлд мартагдашгүй баяр болж билээ. Ийм л сайхан ханьдаа зориулж “Сайхан монгол саран бүсгүй” дуу зохиож, хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай ая оруулж, МУГЖ У.Далантай дуулж олон түмэнд хүргэж байсан юм.

-Сурган хүмүүжүүлэгч гэдэг асар том хариуцлагыг нуруундаа үүрч явдаг хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Багшилсан он жилүүдийн тэр их үүрэг хариуцлага хүлээсэн дурсамжуудаасаа хуваалцвал?

-50 гаруй жил багшлахдаа үндэсний болон олон улсын эрх зүй, дэлхийн улсуудын төр эрх зүй гээд нийт найман төрлийн хичээлийг МУИС, ЭЗДС, ХААИС-д монгол, орос хэлээр зааж 6000 гаруй дээд мэргэжилтэй хуульчдыг бэлтгэж, 600 шахам магистрыг төгсгөжээ. Д.Лувсаншарав, Э.Авирмэд, Г.Совд багшнарын хамт одоогийн хөдөлмөрийн баатар ардын багш, гавьяат хуульч Б.Чимид бид хоёр нэмэгдэж хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулдаг байлаа. Боловсрол шинжлэх ухааны салбар дахь миний энэхүү амжилт ололт бол өөрийн орны болон Орос улсын нэрт эрдэмтдийн туслалцааг авч, МУИС гэдэг эрдэм оюуны их өргөөнд багтан ажилласны ач буян юм.

-Доктор цол хэргэмд хүрнэ гэдэг тийм ч амар даваа биш. энэ их хөдөлмөрөө яаж эхлүүлж байв?

-1976 онд ШУА-иас зарласан аспирантурын уралдаант шалгалтыг орос хэл, намын түүхийн хичээлээр өгч тэнцээд судалгаа шинжилгээ хийх замд орж байв. Төрөөс хөдөө аж ахуйн хоршооллыг удирдах эрх зүйн асуудлаар сэдэв сонгон, төлөвлөгөөний дагуу бүлэг зүйлүүдээ бичиж цэгцлэх, багш нарт уншуулж санал авч сайжруулах, бэлэн болсныг нь оросоор орчуулах зэрэг ажлыг хийснээр диссертаци бэлэн болж билээ. Ингээд эрдэмтэн Э.Авирмэд багшийн удирдлагаар 1980 онд ШУА-ийн хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэргийг амжилттай хамгаалсан. Үүнээс 14 жилийн дараа Байгаль орчныг хамгаалах эрх зүйн уламжлал шинэчлэл сэдвээр МУИС-ийн дэргэдэх Эрдмийн зөвлөлд хууль зүйн шинжлэх ухааны докторын зэргийг 100 хувийн саналаар хамгаалсан юм. Мөн бүтээлийн үзүүлэлтээр 1997 онд профессор цолыг Эрдмийн зэрэг цол олгох Дээд зөвлөлийн шийдвэрээр тус тус хүртэж байлаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Дархадын хотгороор 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус, өдөртөө бүх нутгаар 12-17 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 хүрч ширүүснэ. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Түргэн тусламжийн машиныг цаснаас гаргажээ

tsag agaar

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас нийслэлийн ОБГ-т автомашин цасанд суусан, цасан шуурганд иргэд төөрсөн дуудлага ирж, шуурхай арга хэмжээ авчээ. Нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам Бор толгой хэмээх газар хүнд өвчтөн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 13:08 цагт ирүүлснээр нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиход Приус 20 машин цасанд суусан байсныг гаргаж, аюулгүй газар хүргэж өгөв.

Мөн тус дүүргийн 22 дугаар хороо, Шар цэцэг хэмээх газар Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн 103-аар хүнд өвчтөн авч явсан автомашин цасанд суусан дуудлагаар Нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүн очиж гарган аюулгүй газарт хүргэсэн байна. Төв аймгийн Сэргэлэн сум, 1 дүгээр баг Бөөгийн толгой гэдэг газар малдаа явсан иргэн 600 гаруй бог малтайгаа 11:00 цагийн үед төөрсөн, ар гэрийн хүмүүс нь хайгаад олохгүй байна гэсэн дуудлагыг 20:14 цагт ирүүлснээр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрлийн ажиллагаа зохион байгуулан 22:05 цагт анх төөрсөн газраас 17 км орчим зайтай, Сэргэлэн сумын 1 дүгээр баг Үнэгтэй уулын энгэрээс иргэн 53 настай, эрэгтэй, 49 настай, эмэгтэй нарыг бээрсэн байдалтай олж аюулгүй газарт хүргэж, амь насыг нь авран хамгаалж ажилласан байна.

Categories
мэдээ спорт

Чарлот Калла Пёнчаны олимпийн наадмын анхны алтан медалийг хүртлээ

Өвлийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн скелетоны 7.5 км-ийн уралдаан явагдаж өндөрлөлөө.

Энэ гараанд нийт 23 орны 63 тамирчин өрсөлдснөөс олимпийн хошой аварга Шведийн Марина Чарлот Калла уралдааны замыг 40:44:9 долийн хугацаанд туулж олимпийн наадмын анхны алтан медалийг хүртлээ. Харин мөнгөн медалийг дэлхийн 18 удаагийн аварга Марит Биорген 40:52.7-долийн амжилтаар зүүлээ. Уралдааны гуравдугаар байрт Финландын тамирчин Криста Пармакоски орж хүрэл медаль зүүлээ. Криста Пармакоски Сочигийн олимпийн наадмаас мөнгөн медаль зүүж байсан юм.

О.ДАШНЯМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын аварга малчин цол, тэмдгийг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сумын хоёрдугаар багийн малчин Г.Мөнхбаяр, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малчин Т.Батжаргал нарт “Улсын аварга малчин” цол тэмдгийг нь гардуулан өглөө.

Улсын аварга малчин шагналын болзлыг хангасан Г.Мөнхбаяр нь 33 настай залуухан нэгэн аж. Тэрээр сүүлийн гурван жилд 720 гаруй малыг зах зээлд борлуулсан төдийгүй мах аж ахуйдаа 92 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, малынхаа эрүүл мэнд, чанарт онцгой анхаарал ажилласан байна. Г.Мөнхбаяр нь нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилтынхоо хүрээнд хонин сүргээ мах-өөх-бүдүүн ноосны чиглэлээр, ямаагаа ноолуурын чиглэлд үүлдэр угсааг нь сайжруулжээ.

Categories
мэдээ спорт

Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан маргааш эхэлнэ

ЗурагМонголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Сар шинийн баярт зориулан зохион байгуулах цуврал барилдаан маргааш буюу энэ сарын 11-нээс эхэлнэ.

Тодруулбал Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан “Бөхийн өргөө”-нд аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм.

Мөн сумын цолтой болон залуу бөхчүүд хоёрдугаар 12-нд барилдах бол аймаг, цэргийн начин цолтой бөхийн барилдаан 13-нд тус тус болно. Харин хоёрдугаар сарын 14-нд өсвөр болон нийтийн монгол шандастны ээлжит барилдаан болохоор товложээ. Улмаар хоёрдугаар сарын 15-ны 12 цагаас Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд бүртгэнэ.

Categories
мэдээ спорт

Олимпийн хошой аварга Кузмина өнөөдөр уралдаж байна

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болсон.

Өнөөдөр олимпийн наадмын талбайд эмэгтэйчүүдйн гүйлтийн цана, тэшүүрийн 3000м, эрэгтэйчүүдийн шорт трейкийн 1500 метрийн уралдаанууд явагдах хуваарьтай байна. Мөн биатлоны эмэгтэйчүүдийн 7.5 км-ийн уралдаан спорт сонирхогчдын анхаарлын төвд байгаа юм. Биатлоны 7.5 км-ийн уралдаанд Словакийн тамичин олимпийн хошой аварга А.Кузмина гурав дахь удаагаа олимпийн наадамд түрүүлэхээр уралдааны замд гарна. Үүнээс гадна Финландын К.Макарайнен, Беларусын Д.Домрачева, Германы Л.Далмайер, Италийн Д.Вирер нар медалийн тааварт байна.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмнэлгүүдэд 36 агаар цэвэршүүлэгч бэлэглэв

ЗурагНИТХ дахь МАН-ын бүлгээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв болон дүүргийн 31 өрхийн эмнэлэгт 36 агаар цэвэршүүлэгч бэлэглэв.

Агаар цэвэршүүлэгч МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун гардуулсан юм. Агаар цэвэршүүлэгч нь тасгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж буй өвчтөний эдгэрэлтэд нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм гэдгийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцолж байлаа.

Дашрамд дурьдахад Засгийн газрын тогтоолоор нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд орших сургууль, цэцэрлэгийн анги танхим, эмнэлэгийн хүүхдийн тасагт нийт 5270 агаар цэвэршүүлэгч олгох ажлыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-нээс эхлүүлсэн. Одоогийн байдлаар 125 цэцэрлэг, 103 сургуулийн анги танхим, 12 эмнэлгийн хүүхдийн тасаг, 4 асрамжийн газарт нийт 3792 агаар цэвэршүүлэгч нийлүүлжээ.
Мөн Дэлхийн банк болон нийслэлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа 13 эмнэлэг, 142 өрхийн эрүүл мэндийн төвд нийт 462 дотоод орчны агаар цэвэршүүлэгч төхөөрөмж олгоод буй юм.

Categories
мэдээ спорт

Пёнчаны олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн Иранчуудаас уучлалт гуйв

ЗурагОлимпод оролцогчдод бэлэглэхээр тусгайлан хийсэн “Samsung Galaxy Note 8- Olympic Edition” ухаалаг гар утаснаас Ираны тамирчдад өгөөгүйн улмаас Иран болон Өмнөд Солонгосын хооронд дипломат маргаан үүссэнтэй холбоотойгоор “Пёнчан-2018” өвлийн олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн иранчуудаас уучлалт гуйсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Иран болон Умард Солонгосын тамирчдаас бусад бүх улсын тамирдад энэ ухаалаг гар утсыг бэлэглэсэн аж. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосоос Тегаранд суугаа Элчин сайдыг Ираны ГХЯ дуудан ирүүлж, “Тамирчдыг ялгаварлан гадуурхаж байгаа нь олимпийн үзэл санааны эсрэг үйлдэл” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн Иран дахь “Samsung” корпорацийн салбарын захирлыг Ираны Ерөнхий прокурор дуудан байцааж, Ираны нийгмийн сүлжээ хэрэглэгчид “Samsung”-ын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс татгалзахыг бие биедээ уриалцгаасан байна. Энэ асуудлын улмаас Ираны Гадаад харилцааны сайд Жавад Зариф хүртэл өөрийн барьж буй “Samsung Galaxy S8” ухаалаг гар утсаа солих тухай бодоход хүрсэн гэнэ.

Үүнтэй холбоотойгоор “Пёнчан-2018” олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн Ли Хэ Бём баасан гарагт иранчуудаас уучлалт гуйж, Ираны тамирчдад “Samsung Galaxy Note 8- Olympic Edition” ухаалаг гар утсыг бэлэглэхээ мэдэгджээ.

Иран улс нь залуучууд олонтой бөгөөд “Samsung” корпорацийн хувьд Ойрхи Дорнод дахь хамгийн том зах зээл нь аж. Иранд 48 сая хүн тус компанийн ухаалаг гар утсыг барьдаг гэсэн тооцоо байна. “Samsung”-ийн төлөөлөгч дээрх маргаантай холбоотойгоор мэдэгдэл хийхдээ “Манай компани Пёнчаны олимпийг зохион байгуулах хороонд 4000 гаруй тусгай загварын гар утсыг өгсөн. Ираны тамирчдад яагаад үүнээс өгөөгүйг бид мэдэхгүй” гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Иранд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүүн нийлүүлэхийг “НҮБ хориглосон” учраас тамирчдад нь ухаалаг гар утас бэлэглэхгүй байх шийдвэрийг Олон улсын олимпийн хороо болон Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс гаргаж, ийм асуудал үүсгэсэн бололтой.

Гэхдээ тус улсын тамирчдад энэ гар утсыг бэлэглэхээр болсон учир асуудал одоо шийдэгдсэн гэж найдаж буйгаа Пёнчаны олимпийг зохион байгуулагчид болон “Samsung” корпораци илэрхийлсэн байна.