Categories
мэдээ нийгэм

Вольфганг Хайхелийг Монгол Улсын соёлын элчээр томилов

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар дуучин В.Хайхел Монгол Улсын Соёлын элчээр томилогдов. Элчин сайд Д.Ганбат 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр тус ЭСЯ-ны ХБНГУ-ын төр, засгийн төлөөлөгчдөд зориулан зохион байгуулсан шинэ оны хүлээн авалтын үеэр Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг В.Хайхелд гардуулав.Тухайн үеийн ХБНГУ-ын “Чингис Хаан” хамтлаг Израиль Улсад 1979 онд зохион байгуулагдсан “Eurovision” дуулаачдын уралдаанд “Чингис Хаан” дуугаараа амжилттай оролцон, шуугиан тарьж байсан бөгөөд дээрх дуу маш удан хугацааны туршид дэлхийн олон орны дууны чартад дээгүүрт орж байсан түүх бий. Энэхүү дуу нь Монгол Улсыг дэлхий дахинаа төдийгүй Барууны ертөнцөд сурталчлан таниулахад хувь нэмэр оруулсан юм.Дамрамд дурдахад Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 онд тэмдэглэн өнгөрүүлэх үеэр дуучин В.Хайхел “Чингис Хаан” дуугаа монголчуудад хүргэж байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуалиен хотоос 16 оюутныг Тайпейд шилжүүлэн байрлуулаад байна

Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын дугаарыг олон нийтэд зарлаж, иргэдийнхээ аюулгүй байдлыг ханганажиллав.Хуалиен хотын Цу Чи их сургуулийн дөрвөн оюутныг 2-р сарын 8-нд, Дунхва их сургуулийн10 оюутныг 9-нд Тайпэйд нүүлгэн шилжүүлж байрлуулаад байна. Мөн Цу Чи их сургуулийн хоёр оуютан сургуулийн захиргаандаа хүсэлт гаргаж, гарын үсэг зуран 7-ны өдөр Тайпэйд ирээд байна. Дунхва их сургуулийн гурван оюутан өөрсдийн хүсэлтээр их сургуулийн байрандаа үлдсэн бөгөөд тэдэнтэй байнгын холбоотой байж мэдээлэл авч байна. Дээрх оюутнуудын Тайпэйд байх хугацаанд гаргах зардлыг Гадаад харилцааны сайдын шийдвэрээр Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас гаргав.Тайпэйд нүүлгэн шилжүүлсэн нийт оюутнуудтай ГХЯ-ны Консулын газраас өнөөдөр буюу 2-р сарын 9-нд видео уулзалт хийлээ. Оюутнуудын эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг хэвийн байна. Оюутнууд тодорхойгүй хугацаагаар Тайпэйд байх юм.

Categories
мэдээ нийгэм

2018 онд Эрүүл мэндийн салбарын хөгжил даатгалын үйлчилгээг боловсронгуй болгоно

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ-ИРГЭН БҮРТ”- 2018 Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2 дугаар сарын 8, 9 -ны өдрүүдэд болж, Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Олон улсын байгууллагын төлөөллүүд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2018 онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөө, түлхүү анхаарч ажиллах чиглэлийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлооЗөвлөгөөнийг хааж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, Өнгөрсөн онд хүн амын эрүүл мэндийг дэмжин, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, олсон ололт, алдаа дутагдал, энэ онд хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөнийхөө талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцон тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. 2018 онд бид хамтдаа “Эрүүл мэндийн даатгалыг-иргэн бүрт” уриа дэвшүүлэн ажиллана. Энэхүү уриа нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, бусад баримт бичиг, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа юм. Ингэхдээ хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь хүн төдийгүй бусад салбарын оролцоо хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, үйл ажиллагаагаа уялдуулж байж бид үр дүнд хүрнэ. Энэ зөвлөмжийг ДЭМБ улс орнуудад хандан өгч байгаа. Нийгмийн эрүүл мэндийн асуудал зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал бус бүх нийтийн хэрэг боллоо. Тиймээс орон нутгийн засаг захиргаа, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт,дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагатай хамтран ажиллахад манлайлалтай оролцохыг та бүхэндээ уриалж байна. Цөөнгүй аймаг, орон нутагт энэхүү ажиллагаа биеллээ олж байгааг хэлэхэд таатай байна.Түүнчлэн тэрээр эрүүл мэндийн талаарх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, хамтран ажилласан салбарын удирдлагууд болон олон улсын байгууллагын хамт олонд талархал дэвшүүллээ.Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн байгууллагуудыг 2017 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлсэн ба Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээс нэгдүгээр байрыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 91,1 хувиар, хоёрдугаар байрыг, Улсын гуравдугаар төв эмнэлэг 90,3 хувиар гуравдугаар байрыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг 87,8 хувиар тус тус эзэллээ. Харин Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудын нэгдсэн дүнгээр Дархан-уул аймаг 97,1 хувиар нэгдүгээр байр, Орхон аймаг 94,6 хувиар хоёрдугаар байр, Дундговь аймаг 84,7 хувиар гуравдугаар байрыг тус тус эзлээд байна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Билгийн тооллын хаврын тэргүүн сар цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан ОБЕГ-ын ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ОБЕГ-ын удирдлага, Ахмадын хорооны удирдах зөвлөлөөс өнөөдөр зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцож, хүрэлцэн ирсэн ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн, 80 –аас дээш настай ахмадууд болон 60,70,80 насны ой тохиож байгаа ахмадуудад гарын бэлэг гардуулсан юм.

Энэ үеэр “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр 5, ОБЕГ-ын “Хүндэт жуух” бичгээр 5, Ахмадын хорооны “Ахмадын алдар” тэмдгээр 6 ахмадыг тус бүр шагналаа. Мөн Ахмадын хорооны гишүүн 15 настанд мөнгөн тусламжийг үзүүлсэн юм.

Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагад ажилласан байсан үе үеийн 200 орчим ахмад настан оролцжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хүрэлцэн ирэв. Түүнийг аймгийн удирдлагууд угтан авч, цэргийн хүрээ жагслаа. Дараа нь Ерөнхийлөгч аймгийн удирдлагуудтай уулзаж, аймгийн нийгэм эдийн засаг, цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцов.2017 оны эцсийн байдлаар Хөвсгөл аймагт 132.1 мянган хүн амьдарч, 5.2 сая толгой мал тоолуулжээ. Мөн Хөвсгөл аймагт аялах дотоодын аялагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж 2016 онд 36.1 мянга байсан бол 2017 онд 78 мянга гаруй болсон байна. Харин гадаад жуулчдын тоо өнгөрсөн онд 11.4 мянгад хүрчээ. Аялал жуулчлал нь Хөвсгөл аймгийн эдийн засаг болоод аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг иргэдэд санхүүгийн томоохон хөшүүрэг болж ирсэн байна.Ерөнхийлөгч аймгийн нийгэм, эдийн засгийн байдал орон нутгийн хөгжлийн асуудлаар санал солилцсоны дараа Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд иргэдтэй уулзлаа. Орон нутгийн иргэдийн голчлон ярьж байгаа асуудал нь бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, өрхийн орлого, цалин хүрэлцэхгүй байгаа талаарх нийтлэг асуудал байсан юм. Мөн оффшор данстай холбоотой асуулт асууж, Засгийн газар, УИХ-ын бодлого шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байлаа.Тухайлбал,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багийн иргэн Ганбаатар

Ард иргэд маш их ядуурч байна. Ерөнхийлөгч та орон нутгаар явж байгаа учраас надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Дээр нь ихэнх хүмүүс өр, зээлтэй байна. Зээлгүй тэтгэврийнхэн, төрийн албан хаагч гэж алга. Монгол оронд үнэхээр онц байдал зарлах болсон байх. УИХ-ыг тараая гэж сүүлийн үед яриад байгаа. Тараах нь зөв гэж бодож байна. Гэхдээ дахиад л УИХ-ын гишүүдийг сонгох юм бол байдал өөрчлөгдөхгүй. Одоо ганц найдвар нь Монгол Улсын Ерөнхийлөгч болоод байна. Та арга хэмжээ авахгүй бол УИХ нэг шийдвэр гаргаж, нөгөөхөө эргэж буцаасаар юу ч өөрчлөгдөхгүй байна шүү.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багийн иргэн Баярсайхан

Би ээж, дүүтэйгээ амьдардаг. Залууст ажил олдохгүй байна. Ажилд орох гээд очихоор янз бүрийн шаардлага тавьж байна. Дөнгөж төгсөөд ажилд орох гэхээр дадлага, туршлагатай байх ёстой гэх юм. Эсвэл танил тал, хээл хахууль нэхэж байна. Ажилд ороход намын харьяалал бас харах гээд байдаг талтай болж. Нам бус бол ажил олдохгүй байна. Залуусаа дэмжинэ гэчихээд дэмжихгүй, голоод байх юм. Энэ асуудлыг л шийдэж өгөх хэрэгтэй байна. Надтай санал нэг, ажил олдохгүй байгаа залуус олон байгаа байх. Тиймээс залуусыг ажлын байртай болгох томоохон алхам хийж өгнө үү гэж хүсмээр байна.Хөвсгөл аймгийн Түргэн сумын иргэн Самбалхүндэв

Төрийн бодлого тогтвортой, туйлбартай байхыг ард түмэн хүсэж байна. Ойрын хугацаанд тэтгэвэр, татвар нэмсэн. Тэгснээ тогтоол шийдвэрээ буцаачихсан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудал гарлаа. Ард түмний сэтгэл санааг үймүүлсэн төрийн тогтворгүй байдлыг төрийн албан хаагч би хүртэл ойлгохгүй байна. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулга явагдсан гэсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмний саналыг үнэхээр тусгаж байгаа эсэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч байр, сууриа илэрхийлэх хэрэгтэй. УИХ үйл ажиллагаагаа тогтворгүй байдлаар явуулж, энэ нь дахиад дөрөв, дөрвөн жилээр өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Тиймээс таниас хууль санаачлах эрхийнхээ хүрээнд энэ талын хуулийн төсөл санаачилж өгнө үү гэж хүсмээр байна.Ерөнхийлөгч иргэдийн санаа, бодлыг сонссоны дараа асуултуудад дэлгэрэнгүй хариулт өглөө. Тухайлбал, оффшор бүсийн асуудлаар “Иргэдтэй уулзсан газар бүрт хамгийн их сонирхож байгаа асуудлуудын нэг нь оффшор бүсийн асуудал байна. Ашгийн бус, авлигаар авсан мөнгөө гаднын данс буюу оффшор бүст хийсэн байдаг. Харамсалтай нь, оффшор бүсээс мөнгө оруулж ирэх, авлигатай тэмцэхэд АТГ үр дүнтэй ажиллаж чадахгүй байна. Яагаад гэвэл АТГ-ын даргыг сонгуулийн дараа УИХ-ын 65-ын бүлэг томилсон. 65-ын бүлэг томилсон учраас энэ хүнд харицлага тооцох ажил урагшлахгүй байна. Тиймээс уулзалт болгон дээр иргэд та бүхний ярьж, хэлж байгаа шаардлага тэдэнд хүрэх ёстой юм.Мөн та бүхний шахалтын дагуу тэмцэж оффшор бүсээс хөрөнгө, мөнгө оруулж ирнэ. Энэ зорилго хэвээрээ байгаа гэдгийг хэлмээр байна. Сая иргэн Ганбаатар надаас та оффшор данстай юу гэж асууж байна. Хэрвээ надад тийм данс байсан бол эрх мэдэлтэй хүмүүс гаргаад л ирэх байсан, сонгуулийн үед тэдэнд эрх мэдэл, цаг хугацаа хангалттай байсан. Оффшор данстай гэж миний талаар сонгуулийн үед гаргаж ирсэн энэ ярианд би тодорхой хариулт өгсөөр ирсэн. Надад тийм данс байхгүй гэдгийг хэлмээр байна. Өөрөө оффшортой тэмцэж байж өөрөө оффшортой байж болохгүй биз дээ” гэв.Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзаж, ярилцсаны дараа Мөрөн хотын захаар орж, Сар шинийн худалдаа, иргэдийн худалдан авах чадвар, ахуй байдалтай танилцсан юм. Төрийн тэргүүн энэ сарын 11-ний өдөр Булган аймгийн иргэдтэй уулзаж ярилцана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай авто машин хөдөлгөөнд оролцоно

ЗурагСар шинийн баярыг угтан автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна.Замын цагдаагийн албанаас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр тэгш буюу улсын дугаар нь 0, 2, 4, 6, 8 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш буюу ням гарагт 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм.Түүнчлэн дугаарын хязгаарлалтын өвлийн бүчлэлд өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл, Оффицеруудын ордноос Саппоро хүртэл хязгаарладаг байсан өвлийн бүсчлэлийг амралтын өдрүүдэд Таван шарын уулзвар хүртэл хүрээг нь тэлж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна.Тэрээр энэ сарын 10-ны бямба гаригт аймгийн иргэдтэй уулзалт хийж, УИХ-аас баталсан хууль, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шийдвэр, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариуллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир болон Баянхонгор аймгийн удирдлагууд оролцлоо.Засгийн газар Чингис бондын өрийг хугацаанд нь төсөвт хүндрэл учруулахгүйгээр төлсөн нь хөрөнгө оруулагчид болон гаднын зах зээлд эерэг мессэж боллоо. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид буцаан авч, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр болсон, олон жил ярьсан шинэ Төв цэвэрлэх байгууламж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх шийдвэр гаргалаа. 2018 оныг Хариуцлагын жил болгож Засгийн газраас зарлалаа. Энэ хүрээнд төрийн байгууллагууд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хугацаанд шийдвэрлэн хариу өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлж байхыг үүрэг болгосон. Гурван тулгуурт хөгжлийн бодлого баталсан талаар танилцуулж, мэдээлэл өглөө. Мөн “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал тутамд тэтгэмж олгож байна гэлээ.Ахмадын тэтгэврийг нэмсэн, тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан, оюутны сургалтын төлбөрийн зээлийг хүүгүй болгосноор 37 мянган оюутан Боловсролын сангийн зээлийн санд хамрагдах боломж бүрдэж байна зэрэг мэдээллийг иргэдийн асуултад хариулах үеэрээ хэллээ.Баянхонгор аймгаас энэ жил улсын аварга малчин 10, аварга саальчин хоёр төржээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тус аймгийн Өлзийт, Жинст, Баянлиг, Богд суманд ажиллаж Засгийн газрын шагнал гардуулж байна

Categories
мэдээ соёл-урлаг

Лосолын Лааганы ач охин Н.Бямбаа: Өвөө маань улс төрийн хилс хэрэгт гурван удаа гүтгэгдэж цаазлуулсан

Л.Найдан хань, үр хүүхдүүдийн хамт

1930-1932 оны хооронд Монгол Улсын төрийн тэргүүний хүндтэй алба буюу Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан Лосолын Лааганы ач охин Найдангийн Бямбаатай ярилцсанаа хүргэж байна. Төр түмний төлөө зүтгээд эцэст нь гурван ч удаа хилс хэрэгт гүтгэгдэн тохогдож, улмаар 1940 оны тавдугаар сард буудан алах ялаар шийтгүүлсэн Лааганы эмгэнэлт хувь заяаны талаар Монгол Улсын төрийн шагналт, түүхийн нэрт эрдэмтэн О.Батсайхан ном бүтээл гаргасан байдаг.“Миний өвөө шиг гурван удаа хэлмэгдэж, эцэст нь буудуулсан төрийн тэргүүн Монголын түүхэнд байхгүй. Эсэргүүний хүүхэд хэмээх доромж, харгис дээрэнгүй зан аавыг минь, авга ахыг минь сүүдэр шиг дайрсан” гэж Бямбаа эгч сэтгэл шимшрэн өгүүлснээр бидний яриа эхэлсэн юм.


-Та бол Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Лосолын Лааганы ач охин. Түүхийн хамгийн эмзэг хийгээд эгзэгтэй, хүнд бэрх цаг үед таны өвөө Монголын төрийг удирдсан байдаг. Өвөөгийнхөө улс төрд хэрхэн орсон тухай намтар түүхээс нь ярихгүй юу?

-Бид өвөөгөө хөгшин аав гэж ярьдаг. Амьдралын хар ухаанд нэвчсэн, шударга зоримог зантай, хэлэх үгээ хэнээс ч айж эмээлгүй хэлдэг, тийм эрс шулуухан хүн байжээ. Төрсөн нутаг нь Ховд аймгийн Буянт сум. Хар ус нуурын баруун хаяа Цагаан гол гэж газар мэндэлсэн. Багадаа Наран хутагтын хүрээ хийдэд шавилан сууж байсан гэдэг. Мал хуйгаа хариулж, тариа тарьж, өртөө улаа нэхэх зэрэг ажил хийж байгаад 1921 оны ардын хувьсгалын дараахан Ховдын хязгаарын Тариачин хошууны хурлын төлөөлөгчөөр сонгогджээ. Хорин гурван онд тус хошуунд тухайн үеийн Ардын намын үүр байгуулагдахад сайн дураараа элссэн анхны гишүүдийн нэг. Хорин таван онд хуралдсан намын дөрөвдүгээр их хуралд Ховдын хязгаараас төлөөлж оролцсон. Тэр үеэс нам төрийн ажилд эргэлт буцалтгүй орсон нь түүх замналаас нь тодорхой уншигддаг. 1925-1928 онд Чандмань уулын аймгийн Намын хянан байцаахын дарга, 1928-1930 онд Монгол ардын хувьсгалт намын хянан байцаах төв комиссын даргаар ажиллаж байгаад Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар томилогдсон. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд нь Жигжиджав гуай байсан юм билээ. Хөгшин аав минь сургууль соёл төгсөөгүй, хөдөөний эгэл ардын дундаас тодорч гарч ирсэн төрийн хүн юм. Хязгаар нутгаас нам төрийн их хуралд үг хэлэх онцгой чадвартай, одоогийн хэллэгээр бол бусдыг удирдан манлайлах арга барилтай хүнийг сонгож явуулдаг байж л дээ. Түүний гол төлөөлөл болсон тухай Ховдын хязгаарын захиргааг шинэчлэн байгуулалцсан Засгийн газрын түшмэл Догсом, Лувсанцэрэн нарын хүмүүсийн дурсамжид бий.

Л.Лааган

-Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа аж үйлдвэр, цахилгаан станц гээд улс орны амин чухал олон ажлыг бусдын хамт гүйцэтгэж түүхэн гавьяа байгуулсан тухай О.Батсайхан түүхч дурдсан байна лээ?

-Тийм ээ. Сүүлд төрийн шагнал хүртсэн О.Батсайхан доктор хөгшин аавыг минь судалсан эрдэмтдийн нэг. Миний аав Найдан, эгч Жаргалын хамтаар ивээн тэтгэж “Лосолын Лааган” номыг 1994 онд хэвлүүлсэн юм. Тухайн бүтээлд дурдсанаар Зөвлөлтийн тусламжтайгаар худалдааны системийг байгуулж, үндэсний мөнгөн тэмдэгт бий болгох, Улаанбаатар хотод Аж үйлдвэрийн комбинат, Төв цахилгаан станц байгуулах зэрэг ажилд хөгшин аавын хүчин зүтгэл их байжээ. Мөн 1930-1931 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн удаа дараагийн хурлаар бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах “соёлын довтолгоо” зохиох асуудлыг хэлэлцсэний үр дүнд ардын боловсролын ажилд ахиц гарсан байдаг. Сургуулийн болон суралцагчдын тоо олширч, улс ардын аж ахуйд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх тусгай мэргэжлийн шинэ техникумууд байгуулагдсан байна. Мөн Улсын төв театр үүдээ нээж, шинэ клуб улаан булан олширсныг цохон тэмдэглэдэг. Энэ бүхэн өвөөгийн минь гавьяа. Хэлмэгдэгсдийг судалж байсан Ринчен гэж түүхийн ухааны мундаг доктор байлаа. Тэр хүн хөгшин аавыг тусгайлан судалсан. “Төрөлхөөс заяагдмал хурц нарийн ухаантай, боловсролгүй хэрнээ боловсролтой хүмүүсийн дэргэд өөрийгөө мундаг аваад явдаг, маш алсын хараатай, бодлоготой хүн байжээ” хэмээх тодорхойлтод хүрснээ хэлж байсан. Монгол Улсад аж үйлдвэр, цахилгаан станцууд хөгжих, үйлдвэржилтийн энэ том дэвшил, хөгжлийн суурийг танай хөгшин аав тавьсан шүү гэж Ринчен доктор онцолж хэлдэг байсан.

-Улс төрийн хилс хэрэгт гурван удаа холбогдон аймшигт яргаллыг амсчээ. Эцэст нь цаазлуулан хувь заяа нь эмгэнэлтэйгээр төгссөн байдаг. Гурван удаагийн хилс хэрэг гэдэг нь ямар учиртай юм бол. Энэ тухай тодруулахгүй юу?

-Хөгшин аав шиг улс төрийн хилс хэрэгт гурван удаа холбогдсон төрийн тэргүүн Монголын түүхэнд байхгүй. Эхлээд 1928 онд “Шар Санжийн хэрэг” гэгчид холбогдсон байдаг. Дөрвөд аймгийг автономит эрхтэй болгохыг дэмжсэн уг хэрэгт Ө.Бадрах тэргүүтэй хүмүүсийн хамт нэр холбогдож, гүтгэлэг байцаалтад орсон байна. Харин коминтерний төлөөлөгчдийн тэргүүн Б.Шмераль Бадрах, Лааган нарыг суллажээ. “Шар Санжийн хэрэг” гэгч нь намын анги бүлгүүдийн өөр хоорондох сөргөлдөөнөөс үүссэн учир утгагүй хардалт сэрдэлт байсныг түүхчид хэлдэг. Тухайн хэргийг Коминтерн, түүний бие төлөөлөгчид анх сэдэвлэж гаргасан юм билээ. Дараа нь буюу 1934 оны долдугаар сард хөгшин аавыг хоёр дахь удаагаа “Лхүмбийн хэрэг” гэгчид холбогдуулан баривчилсан. Гучин дөрвөн оны нэгдүгээр сард Лхүмбэд анх удаа хэрэг хүлээлгэхэд “Шодоев Дамдин япон хүний хамт ирж хурал хийлгэхэд Лааган, Жигжиджав бид нар оролцсон” гэж мэдүүлснээр “Японы тагнуулын байгууллагын гишүүн”-д тооцох болжээ. Тэр үед Ховдын хоршоонд ажиллаж байсан гэдэг. Хөгшин аавыг зүүний талын бодлогод хэт автагдсан, тэр талыг баримталсан гэх шалтгаанаар 1932 оны зургадугаар сард Намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээс хасч, долдугаар сард Улсын бага хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Лхүмбийн хэрэг бол зохиомол худлаа гэдгийг удаа дараа хэлж байж. Ердийн байцаалтаар хилс хэргийг хүлээлгэж дийлэхгүй болохороо Дотоодыг хамгаалах газраас долоон өдөр, долоон шөнө тасралтгүй байцааж мөрдөн байцаалтын хууль бус арга хэмжээг хэрэглэсэн байна. Харин гурав дахь удаагаа хувьсгалын эсэргүү Гэндэн, Дэмидийн хэрэг гэгчид холбосон.

Дөчин оны гуравдугаар сард Дотоод явдлын яамны орлогч сайд Жамбалдорж “1928 оноос хойш Японы тагнуул төлөөлөгч, Гэндэн, Дэмидийн байгууллагын төв удирдагч нь байсан” гэж хөгшин аавыг ялласан. Гэндэн, Дэмидийн хэрэг гэгчид холбогдуулан хоёр жил долоон сар гаруй хугацаагаар хорьж, өдөр бүр зодож нүдэж, халуун хүйтэн өрөө дамжуулан байцааж, харгис хэрцгийгээр тамласан байдаг. Өвөө маань “Би өөрийн эх орноосоо урван хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан удаагүй” хэмээн шүүх хурал дээр сүүлчийн удаа мэдүүлсэн байна. Төрийн тэргүүн байхдаа олон хүний хувь заяаг шийдэхэд оролцож явсны хувьд тэрээр ямар ч ялтан амь гуйх эрхтэй байдгийг мэдэх учраас буудан алах ял аваад Улсын бага хурлын тэргүүлэгчдэд эцсийн горьдлого амь гуйх хүсэлтээ уламжилжээ. Түүний хүсэлтийг Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1940 оны тавдугаар сарын аравны өдрийн 28 дугаар хурлаар хэлэлцээд “Онц хорлол бүхий жигшүүрт гэмт хэргийг өдүүлсэн заналтай дайсан этгээд” хэмээн үзэн уг тасалсан тогтоолыг хэвээр баталж, түүний амь гуйсныг шууд хэрэгсэхгүй болгожээ. Улс төрийн хилс хэрэгт тохоогдсон хүмүүсээс хөгшин аав шиг ийм айхтар тамлалыг үзсэн нь ховор гэж түүхчид хэлдэг. Миний бие Тагнуулын ерөнхий газрын архивт орж үзсэн. Хөгшин ааваас мэдүүлэг аваад бүх хуудсан дээр нь гарын үсэг зуруулсан цаазлах баримтынх нь эх хувийг хүртэл нүдээр үзсэн. Өвөөгийн аймшигт хэлмэгдлийн түүх бичвэрийг судалсан хүний нэг нь түүхийн ухааны доктор Дашдулам. Тухайн үед Их сургуулийн залуухан багш байлаа. Тэр хүн архивт сууж бүх зүйлийг нь уншиж судалсан. Тэгээд “Танай хөгшин аав шиг гурван удаа хэлмэгдсэн улстөрч байхгүй. Хамгийн хүнд хэлмэгдлийг туулсан” гэж хэлдэг. Тэрээр материалтай нь танилцчихаад би долоо хоног унтаж чадаагүй гэж уйлаад хэлж байсан. Тийм айхтар тамлалыг биеэр амссан байна. Дашдулам докторын хэлдэг бас нэг зүйл нь хөгшин аавыг чинь Орост аваачиж цаазалсан гэдэг. Үүнийг Банзрагч гэж хүний яриа ч нотолдог. Машин дээр хоёр хүн ачаад авч явсан. Халзан толгойтой, ахимаг настай хүнийг би Лааган гуайг гэж боддог хэмээн хэлж байсан удаатай.

-Хэлмэгдүүлэлт үр хүүхдийг нь хүртэл тойроогүйг та түрүүнд хэлж байсан?

-Лааган гэж хүн хоёр хүү, хоёр охинтой байсан. Дэнсмаа гэж охин нь эрт бурхан болсон юм билээ. Том хүү нь Дүнсэл ах. Бага хүү нь миний ачит эцэг Найдан. Аав минь 1937 оны хавар төрсөн. Намар нь эцэг нь баривчлагдаад явсан байдаг. Өлгийтэй байхдаа хайрт эцгээсээ өнчрөн хоцорсон. Хөгшин аав минь баригдаад явахдаа ханьдаа “Хүүхдээ битгий хүнд өргүүлээрэй. Өөр хүнээр битгий овоглоорой” гэж захисан байдаг. Өөрийгөө буцаж ирэхгүй гэдгийг мэдээд тэгж хэлсэн ч байж магад. Үлдэж хоцорсон хань, үр хүүхдийг хэлмэгдлийн хар сүүдэр мөн л дайрсан. Миний авга ах Дүнсэл хоёр метр шахам өндөртэй, цагаан царайтай ханагар сайхан эр байсан. Түүнийг Худалдааны техникум төгсөх гэхэд нь “эсэргүүний хүүхэд” гэх нэрийдлээр төгсгөөгүй. Цэрэгт явах насанд нь мөн л “Эсэргүүний хүүхэд” гээд явуулахгүй. Тэгсэн хэрнээ цэрэгт яваагүй гээд албан татвар авч дээрэлхдэг байсан гэдэг. 28 нас хүрэхэд нь сая нэг цэрэгт явуулсан байгаа юм. Дөчин таван оны чөлөөлөх дайнд оролцуулах зорилгоор явуулжээ гэж харагддаг. Дүнсэл ах минь олон түмэндээ нэртэй жолооч байсан. Авто тээврийн дөрөвдүгээр баазад бүхий л насаараа ажиллаж, анхны саятан жолоочийн болзол хангахад нь эсэргүүний гэх өнөө л шалтгаанаар байгуулсан гавьяаг нь үгүйсгэсэн юм. Ингээд ах минь өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон Хөдөлмөрийн баатар цолоо авч чадаагүй. Үнэхээр харамсдаг юм. Бодохоос гол харлаад байдаг юм. Ах ярьдаг байсан л даа. Хориод настай залуу үе тэнгийнхэнтэйгээ наргиж яваад айлд ороход найр ахалж байсан хүн “Эсэргүүний гөлөг доошоо суу” гээд үүд рүү нохой шиг хөөж байсан гэдэг. Намайг жаахан байхад ч согтуу хөлчүү хүмүүс ирж хаалга өшиглөөд “Эсэргүүний үлдэгдлүүд хаалгаа тайл” гэж дээрэнгүйгээр доромжилдог байсан. Аавыг минь энэ хэлмэгдүүлэлт тойроогүй дайрсан. 1959 онд Монголын оюутан залуучуудын анхдугаар наадмын бөхийн барилдаанд Ховд аймагтаа түрүүлсэн юм. Гэвч Улаанбаатар хотод болсон наадамд “Эсэргүүний хүүхэд” гээд явуулаагүй. 1961 онд Бүх ард түмний спартакиадаар аав минь мөн л аймагтаа түрүүлсэн.

Л.Найдан Хадаа аваргын хамт

-Танай аав хоёр метр шахам өндөр, уул шиг бараа дүртэй сайхан хүн байсан. Аливаа юмны наад цаадахыг мэдэх айхтар хүмүүс “Лааганы хүү” гээд Найдан гуайд их л хүндэтгэлтэй ханддаг байсан болов уу. Их л олонтой хүн байсан санагдана?

-Бид чинь эцэг эхээс арван хоёулаа юм. 12 хүүхдээ аав минь хүний зэрэгт хүргэсэн. Бүгдийг нь их дээд сургууль төгсгөж, эрдэм номын мөр хөөлгөн ажил амьдралтай нь золгуулсан. Эцгийн мөч хүртэл аавын минь зүрх Лааган өвөөгийн төлөө цохилж байсан. Хэлмэгдэж буудуулсан аавынхаа амьсгал хураасан газрыг нь мэдчих юм сан гэж боддог байлаа. Даанч түүнийг нь амьдад нь тагнуулынхан хэлж өгөөгүй. Аавынхаа хөшөөг босгочих юм сан гэж мөн ч их зүтгэж, хөөцөлдсөн. Гэвч хөгшин аавын төрсөн нутаг Ховдод хөшөөг нь босгоё гэхээр алга дарамхан газар олддоггүй л байхгүй юу. Харин М.Энхсайханыг Ерөнхий сайд байх үед Засгийн газрын тогтоол гарч Ховд аймгийн Буянт сумын сургуулийг Лааганы нэрэмжит болгосон. Бид өвөөгийнхөө 110 жилийнх нь ойг нутагт нь өргөн дэлгэр тэмдэглэсэн. Өөрсдөө цээж баримал хийлгээд Ховдын музейд өгсөн. Их хурлын дарга нь Д.Дэмбэрэл гуай, Улаанбаатар хотын дарга нь Г.Мөнхбаяр гээд дандаа л Ховдын хүмүүс байхад аав минь байр хөөцөлдөөд бүтээгүй юм даг. Дэмбэрэл дарга цохолт хийж өгөөд ч бүтээгүй. Ингэж л хэлмэгдлийн сүүдэр үр хүүхдийг нь нөмөрсөөр л байгаа. Нэг зүйлийг хэлэхэд, 1940 онд өвөөг цаазлуулах жил Ваажаа гэж бидний авгайлдаг улсын арслан Шаравын Ванчинхүү төрийн баяр наадамд түрүүлж байсан юм билээ. Ваажаа, хөгшин аав хоёр ах дүүсийн хүүхдүүд л дээ.

Хөгшин аавын хэлмэгдлийг бие сэтгэлээрээ амсаж зовлон үзсэн хүн эмээ маань юм. 1962 онд өвөөг цагаатгасан бичиг ирэн иртэл эмээ өвөөг амьд, буцаад ирнэ гэж итгэж хүлээдэг байсан. Хүний горьдлого хэзээ ч тасардаггүй юм билээ. 1963 онд миний дүү Бигэрийг төрөхөд “Лааган гуай буцаад иржээ” гэж хэлсэн гэдэг. Бага хүүгийнхээ улаан нялзрай үрийг хараад хань минь буцаад ирсэн байгаасай гэж бодохдоо тэгж хэлсэн байлгүй. Энэ бүхнийг бодохоор өөрийн эрхгүй нулимс гараад байдаг. Хөгшин аавынхаа хөшөөг нь босгочих юмсан, нэг сайхан нэрэмжит номын сан байгуулчих юм сан гэж бодох юм. Буянт сумынх нь сургуульд уул нь номын сан байгуулж өгсөн л дөө. Төрийн тэргүүн байсан хүнийхээ 130 жилийн тэгш ойгоор Монголын төр юу ч дуугарсангүй. Учир байдлаа хэлээд очиход цагаатгалын комисс нь ч хүлээж аваагүй дээ.


Categories
булангууд мэдээ өд-бэх

О.Цэнд-Аюуш: Би долоодугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуштай хөөрөлдлөө.


-Цаст Отгонтэнгэр хайрхан, Завхан нутгаас үе үеийн сод сайхан найрагчид мэндлэх юм. Өөрөө ингэхэд яг аль сумынх билээ?

-Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн хүн. Хөгшин ээж, аавынхаа гар дээр өссөн. Манай хөгшин аав Арьяа гэж нутаг хошуундаа нэртэй уяач хүн байлаа. Ус ганзагалсаар байгаад хоёр бөөр нь цоорч, цагаан үс ургаж олойртсон морийг хүртэл уяад наадмын түрүү авч байсан мундаг хүн байсан. Хөгшин ээж минь Жаргал гэж буурай ная гарчихсан нутагтаа сууж байна. Сүүлийн үед манай нутгийг хүмүүс Улаагчны хар нуур, Бор хярын элсэн манхан, Мухартын голоор нь сайн мэддэг болсон.

-Бага насандаа хаана дэрвэж өсөв?

-Ээж минь намайг нэг ойтой байхад хөдөө орхиод сургуульд явсан. Би тэрнээс хойш нутагтаа л өсч, өндийсөн дөө. Арван хоёр нас хүртэл нагац ах нар минь намайг ёстой л ардаа үүрч, урдаа дүүрч байснаа түүнээс хойш эмнэг дааганд мордуулаад тавьчихдаг болсон. (Инээв.сур) Эхлээд айна, уйлна, амаа мэдэхгүй дааганыхаа эрхэнд орно, унана. Дараа нь хашрааж сурсан. Манайх өвөлдөө нам дор, зундаа уулын хяраар нутаглана. Хярыг Нахиу ч гэж нэрлэнэ. Гоё нэрүүд шүү. Хяр, Нахиу гэж. Өглөөний сэнгэнэсэн агаарыг цээж дүүрэн амьсгалаад тэртээ баруун хойгуур цэлийх Их Монгол элсний тэндээс борооны хөх үүл газар тэнгэртэй нийлэн айсуйг ажиглаад, гүү морь унаад явж байх хичнээн сайхан гээ. Гүү морь гэснээс зуны цагт хур хүчтэй, хурдан түргэн морь унана гэж байхгүй. Нэг бол хусран гүү, нэг бол амаа мэдэхгүй даага, шүдлэнтэй шогшино. Бодоод байх нь ээ энэ том хүмүүжил байжээ.

-Хөдөөгийн хүүхэд хэдийнээс шүлэг найрагт шимтэв дээ?

-Ах нараас хожим оо. Номын ах нар минь эрт бичиж, эрт уншиж эхэлсэн байдаг юм билээ. Долоодугаар ангид байхдаа л оролдож эхэлсэн. Манай монгол хэл, уран зохиолын багш Балт гэж сайхан хүн байлаа. Тэр сайхан хүнд би үүрд талархаж явах ёстой. Надад ийм сайхан замыг нээж өгч, уран зохиол руу гараас минь хөтлөөд явсан. Багш минь бас надад түшиг тулгуур болж явсан буянтай хүн байсан. Одоо тэнгэрт морилсон. Гэвч эргээд ирсэн байх гэж би боддог.

-Өөрөө ингэхэд Р.Чойномын, Б.Явуухулангийн, Д.Пүрэвдоржийн гээд томоохон наадмуудад одтой уншиж түрүүлж байна. Ер нь хэдэн наадмын түрүүг авчихав аа?

-Наадамд яахав ээ. Хүмүүс янз янзаар л ярьдаг. Яагаад байж болохгүй юм бэ. Яагаад уралдаж болохгүй юм бэ. Наадамд уралдсанаараа хэн ч биш болчихно гэж ярих л юм билээ. Наадамд уралдаад хэн ч биш болсон хүн би мэдэхгүй. Ер нь хэн ч биш болно гэсэн чинь юу гэсэн үг вэ. Тийм үү. Тэдэн наадамд тэгж уралдсан гэж яриад яах вэ. Тоогүй сонсогдоно шүү дээ.

-“Болор цом” яруу найргийн наадамд миний мэдэхээр арваад удаа шагналт байрт орчихов уу. Лав л нэгэнтээ “Хасар, Басар хоёр үзүүр түрүүнд үлдэв” гэж бичиж байсан санагдах юм?

-Сэтгүүлч Гангаа ах тэгж бичиж байсан. “Болор цом” сайхан наадам. Д.Нямсүрэн, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, П.Бадарч, Д.Урианхай нарын аваргуудын, их найрагчдын тоосоо өргөж явсан торгон дэвжээ шүү дээ. Энэ торгон дэвжээн дээр уралдаж байгаадаа баяртай байдаг шүү.

-Аль сургуулийг хэдэн онд төгсөв?

-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ширсэдийн Цэнд-Аюуш захирлын Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. Манай сургуулийг хүмүүс мэднэ. Сайхан яруу найрагчид, сайн сэтгүүлчид төрөн гарсан оюуны өргөө. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа багш минь биднийг тэр сайхан сургуульд тосч авсан. Ш.Дулмаа багш гайхамшигтай их хүмүүн.

-Айлын хэд дэх хүү вэ дээ?

-Айлын том нь доо. Дороо ганц эмэгтэй дүүтэй.

-Саяхан болсон төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, Зундуйн Дорж нарын нэрэмжит арван сая төгрөгийн бооцоотой наадамд түрүүллээ. Сэтгэгдлээ хуваалцаач!

-Сайхан наадам болсон. Хөөрч дэврээгүй ээ. Би түрүүлсэн нь чухал биш. Харин уран зохиолыг үнэлэх үнэлэмж сэргэж байгаад их баяртай байна. Энэ наадам дараа дараагийн жилүүдэд улам илүү өргөн цар хүрээнд, өндөр шагналын сантай зохион байгуулагдана гэсэн сураг дуулдана лээ. Энэ жил төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн З.Дорж хэмээх хоёр их найрагчийн нэрэмжит болсон бол ирэх жил Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Д.Нямсүрэн нарын нэрэмжит болж зохиогдох юм билээ. Сайхан үйлс бүтээж яваа “Сод Монгол” группийнханд болон хамтран зохион байгуулагчдад нь баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсэе.

-Өөрөө одоо хаана ажиллаж байна даа?

-Монголын радиогийн “Шинэ эрин” радио станц буюу нийгмийн нэвтрүүлгийн албанд ажиллаж байна. Манайхыг “Бага зохиолчдын хороо” гэж ч ярьдаг. Үнэхээр тийм. Манай албанаас соёлын гавьяат зүтгэлтэн, “Радиогийн бүдүүн дуут” хэмээн алдаршсан, нэрт сэтгүүлч, яруу найрагч Базарын Цэдэндамба, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Пүрэвжавын Баярсайхан, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цэндийн Чимэддорж, төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр гээд олон сайн зохиолчид, яруу найрагчид төрөн гарсан түүхтэй.

-Яруу найргаас өөр төрлөөр бүтээл туурвил хийж байна уу?

-Уншиж л байна. Янз бүрийн оролдлого хийж үзэж байна. Гэхдээ амар, хялбар юм гэж хаа байх вэ. Богино өгүүллэг гэж маш гоё төрөл байна. Хүний хорхой хүргэсэн төрөл. Даанч түүнийг бичнэ гэдэг хэрийн аавын хүүгийн хийж чаддаг ажил биш бололтой юм. Тууж гэж бас гоё төрөл байна. Бас л бяр шаардах ажил. Роман, жүжигтэй юу ярих вэ. Гэхдээ өөрийгөө голохгүй шүү.

-Нийгэм цаг үеийн байдал ямар байна вэ. Хүндэлдэг улс төрч бий юу?

-Ойлгомжтой байна. Болж байна, бүтэж байна гэж би худлаа ярихгүй. Тэгж хүний дургүй хүргэхгүй. Ер минийхээр бол шударга байдал их чухал юм уу даа. Манай улс жар гаруй сая малтай, нэг сая 500 км квадрат газар нутагтай. Хөрсөн дороо асар их баялагтай, түүнээс ч илүү баялаг монгол хүний сэтгэл дотор байна. Тэгсэн атлаа дөнгөж гурван сая гаруйхан хүн амтай. Ингээд бодохоор л нэг хачин байгаад байгаа юм даа. Яавч ядуу дорой байх боломжгүй. Онгирч, дэвэрч, сагсуурч явахаас илүүтэй гудамжинд өмнөө хайрцаг тавьчихаад дуулж суугаа хүүхэд, насны асарт гарчихсан эмээ, өвөө нар жин дээр минь хэн зогсох бол гэж нүдээрээ горьдож, харуулдаад гудамжны хүйтэн чулуун шалан дээр сууж байхыг үзээд сэтгэл өвддөг. Ийм байхад болж байна, бүтэж байна гэж ярих утгагүй ш дээ. Би болж байвал болоо гэсэн муухай үзэлтэй байж яаж болно. Монгол хүн байна даа энэ чинь гэж нэг гоё байна. Энэ үгийг би ойлгохдоо монгол хүн хамгийн сайхан сэтгэлтэй гэсэн утгатай байх гэж боддог. Хүндэлж явдаг улс төрчийн хувьд харамсалтай нь байхгүй. Хүндлэл хүлээх хэмжээнд байгаа эх оронч байна уу, гэвэл хэцүү байх. Хэн нэгэн эрх мэдэлтэн надад тэгээд хэлчихвэл тэгж тусалж мэднэ, ингэж магадгүй гэсэн бодол ч алга. Хааяа номын хуудаснаас аугаа их Агданбуугийн Амар, Балингийн Цэрэндорж, Манлай баатар Дамдинсүрэн, Харчин гүн Бавуужав, маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын их хүмүүсийн тухай олж уншаад тэднийг өөрийн эрхгүй хүндэтгэж хайрлах сэтгэл төрдөг шүү. Харин хожим энэ үеийг удирдаж байгаа хүмүүсээс сая дурьдсан халуун эх орончид шиг хойч ирээдүйдээ дуурсагдах хүмүүс хэд байх юм бол доо, мэдэхгүй. Хэтэрхий том юм ярьж байж мэднэ. Гэхдээ би энэ улсын иргэний хувьд л бодсоноо хэлчихлээ. Энэ бол жирийн л иргэн хүний бодол шүү дээ.

-Жаахан хүндхэн сэдвээр ярьчихлаа. Ярилцлагаа сайн, сайхнаар төгсгөвөл ямар вэ?

-Тэгэлгүй яахав. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ойртож байна. Монгол түмнийг минь нохой жил ивээж, өгөөж хишиг буянаа өгөх болтугай. Хилийн цаана хувь заяаны эрхээр үлдсэн Өмнөдмонгол, Халимаг, Шинжааны Ойрад, Буриад, Дээд Монголчууд маань ч гэсэн сайн, сайхан байгаасай билээ.

НУТАГ

Манай нутгийн шувууд

Манан зүсээд нисэлдэж байна

Жаахан жаахан үрсийнх нь далавч

Жагарын орноо орхиод

Хорвоо шиг хоосон манантай

Холилдоод нисч байна

Зунжин тэднийг бөөцийлсөн өндөгний

Зулай шиг эмзэг хальс

Эндэж хагалсан дун шиг

Эвлүүлж болохгүй үзэгдэж байна

Аварга том бүргэдүүд дотроос нь

Амилж ниссэн тэр жижигхэн дэлхийнүүдийг

Амьсгал шиг зөөлөн салхи

Амьдралын альхан зүгт хийсгэх юм бол доо

Хөөрхий

Манай нутгийн буга, согоо

Манан зүсээд зогсож байна

Үрт амьтдын янзага нь

Үнэг чоныг мэдэхгүй

Орчлон шиг оргүй манан дотор

Оч шиг дулаахан унтаж байна

Хавар зуны зургаан сард

Хаданд үрж хурцалсан

Зун намрын зургаан сард

Зулзага янзагаа өмгөөлсөн

Сэргэр тэр сайхан амьтны эвэр

Сэтгэл эвдэртэл сэм унахад

Халиун магнайгаараа манай нутгийн буганууд

Харанхуйтай яаж мөргөлдөх юм бол доо хөөрхий

Манай нутгийн азарга, морьд

Манан дотор янцгаалдаж байна

Цагаан сүүндээ цадсан унаганууд нь

Цагийн хатууг санахгүй

Сүүлээ өргөлдөөд

Сүүдрээсээ үргэлдээд байна

Нүгэлтэй ноцолдсон олон сорвитой

Нүд рүүгээ унжсан хур дэлтэй

Манай нутгийн азарга, морьд

Чимээгүйн дундаас айдас хүйдсийг

Чихээрээ яаж олоод

Олон эмтэлсэн туурайгаараа

Онож тангарах юм бол доо хөөрхий

Манай нутгийн хөх чононууд

Манан дотор улилдаж байна

Цасан дээр мөр үлддэгийг мэдэхгүй

Цагаахан бэлтрэгнүүд нь

Уулын агуйд хэвтэх эхийнхээ

Улаан сарьсан хөхийг дэрлээд унтаж байна

Анхны цасны араас

Авын бүрээ татаж

Гөрөөчид суран ташуураараа

Гөлөмдсөөр хүрч ирэхэд

Зэвтэй сумтай зэрэгцсэн

Манай нутгийн чононууд

Зээртэй хөндийн дундуур зугтахдаа

Сөрөвгөр бэлтрэгээ зуусаар

Сөхөрч унавал яана даа хөөрхий

Манай нутгийн өвгөд, эмгэд

Манан дотор аж төрж байна

Үрийнхээ үрийг үүрсэн эмгэн

Үндсэн дээгүүр алхаж

Хүүгийнхээ хүүг дүүрсэн өвгөн

Хүн чанарыг өвөртөлж

Бурханд хоёулаа мөргөсөөр

Бууралтаж байна

Өнө хожмоо

Өвөөгөө санасан хүү яаж өнчирч

Эмээгээ санасан охин

Яаж эмтэрнэ дээ хөөрхий

Манай нутаг хөөрхий

Categories
мэдээ цаг-үе

Социалист худалдааг зах зээлд шилжүүлсэн ангийнхан

Оюутан ахуй цаг

Их сургуулийн босгыг алхан орсон 18 настай охид өдгөө 40 жилийн намрыг үдэж буй ч бие биенээ үгүйлэн санаж амьдралын жаргал, зовлонгоо хуваалцсаар л явна. МУИС-ийн Худалдаа эдийн засгийн факультетийн Бараа судлалын ангид 1978 онд элсэн ороод 1982 онд төгссөн ангийнхныг өнөөдрийнхөө зочдоор урьж оролцуулсан юм. ОХУ-ын Плехановийн их сургуулийн эдийн засгийн ангийг төгсч ирсэн Ж.Сүхбаатар багш оюутнуудаасаа ялгагдахгүй шахам хэдхэн насаар ахмад анхныхаа ангийг дааж авч байсан байна. Ингэхдээ анги даасан Оролмаа багшаас хоёрдугаар курсын 26 оюутныг хүлээн авчээ. Нэг хөвгүүнтэй, 25 охинтой худалдааны ангийнхан сургууль дотроо цовоо цолгиун, сурлага, спорт, урлагаараа магнайлж явжээ. Улс төрийн дуу дуулдаг “Нарлаг” охидын хамтлагийнхан баярын бичиг, хүндэт жуухад дарагдчихдаг байсан гэнэ. Ангийн дарга Н.Оюунчимэг насаар арай эгч, урьд нь худалдааны байгууллагад ажиллаж байгаад ирсэн бөгөөд их сургуулиа төгсөөд сүлжмэлийн үйлдвэрт хуваарилагдан ажиллах болжээ. Ангийн Эвлэлийн үүрийн дарга Г.Буянхүү Завхан аймгийн худалдааны барааны ахлах мэргэжилтнээр ажилласан. Энэ мэтээр худалдааны анги учраас их сургуулиа төгсөөд 21 аймаг, Улаанбаатарт хуваарилагдаж худалдааны томоохон мэргэжилтэн, хэлтсийн даргаар тус тус ажилласан байдаг. Тухайн цаг социализмын үе учраас хувийн худалдаа эрхлэгчид гэж байхгүй, хүнс бараа гээд бүхий л бүтээгдэхүүнүүд улсын дэлгүүрүүдэд тоо ширхэгтэйгээр ижилхэн хуваарилагдан очдог байв. Худалдааны мэргэжилтэн гэдэг бол хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг, эрх мэдэл нэлээн өндөртэй ажлын нэг байсан нь мэдээж. Төгсөгч нар Монголын хамгийн томоохон дэлгүүрүүдэд барааны мэргэжилтнүүдээр ажиллаж эхлээд удаагүй байтал 1990-ээд оны эхээр аж үйлдвэрийн худалдааны нэгтгэлүүд задарч эхнээсээ хувьчлагдаж эхэлжээ. Энэ үеэс зарим нь хувиараа ажил эрхэлсэн бөгөөд өнөөдрийн өндөрлөгөөс харахад дийлэнх нь худалдааныхаа мэргэжлээрээ ажиллаж, эхнээсээ гавьяаныхаа амралтад гарцгааж байна. Ардчилал гарч хувийн бизнес, худалдаа цэцэглэж эхлэх үед манай улсад анхны бөөний барааны төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэг тэдэнд хувь тохиолоор ирж байсан ба одоо хувийн бөөний төвийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс нэлээн хэд бий. Тухайлбал, О.Энхтунгалаг Хэнтий аймагтаа “Цэнэ трейд” ХХК бөөний худалдааны төв болон зочид буудал, дэлгүүрийг эрхлэн ажиллуулж байна. О.Содномцэрэн “Эрдэнэт” үйлдвэрийн ГОК-д хангамжийн мэргэжилтнээр насаараа ажилласан бол Д.Бодь хотын худалдааны дөрвөн контороос ажлаа эхлэн хожмоо “Наран трейд”, Ханбүргэдэй, Улаанбаатар шуудан ХХК-д худалдааны мэргэжлээрээ ажиллажээ. Г.Буянхүү ажлын гараагаа Завхан аймгийн худалдааны нэгтгэлээс эхэлж хожмоо “Даян” бөөний хувийн төв ажиллуулж байгаад өдгөө Хан-Уул дүүрэгт мэргэжилтнээр ажиллаж байна. Ц.Цэрэндомбо хотын худалдааны удирдах газар мэргэжилтнээр ажиллаж дараа нь ХИД-1 дэлгүүрийн эрхлэгчээр ажиллажээ. “Нарлаг” хамтлагийн охидын нэг болох З.Буян-Дэлгэр Дархан-Уул аймгийн Шарын голд худалдааны байгууллагад мэргэжилтэн, дэлгүүрийн эрхлэгчээр ажиллаж байв. Тэрээр Японд нүүрний иог заах олон улсын эрхтэй багшаар төгссөн ба “Дэлгэрэх” нэртэй нүүрний иогийн төв нээн ажиллуулж байна. Их сургуулиа улаан дипломтай онц төгссөн Б.Наранцэцэг аж үйлдвэрийн материал хангамжийн ерөнхий газарт Чанарын хэлтсийн даргаар шууд томилогдон ажилд орж байсан бол хожмоо “Авто чанар” хувийн бөөний төвийг эрхэлж байв.

Манай улс зах зээлийн эдийн засагт шилжих үндсэн нөхцөл бол хувийн бөөний барааны төв байгуулагдсан явдал гэж үздэг. Монголчууд ганзагын наймаанаас дотоодын үйлдвэрлэл үйлчилгээний сүлжээтэй болж чадсан. Энэ бүхэнд энэ ангийнхан томоохон хувь нэмрээ оруулсан юм. Ангийнхан баяр, жаргалтай өдрүүдээ хуваалцан одоог хүртэл байнга уулзалддаг. Өнгөрсөн жил гэхэд ангийн багш Ж.Сүхбаатар багшийгаа урьж ангиараа “Улаан-Үүд”-д амраад ирсэн аж. Хөдөө орон нутагт байгаа ангийн охины ээж нь нас барахад ч ангийнхан очсон гэх. Он цаг улиран өнгөрсөн ч оюутан цагийн алтан сайхан нөхөрлөлөөрөө бат гагнагдсан тус ангийнхны анги даасан багш боловсролын ухааны доктор, профессор Ж.Сүхбаатар өдгөө боловсролын салбартаа буюу СЭЗИС-ийн Эрдэм судлал хамтын ажиллагаа хөгжлийн дэд захирлаар ажиллаж байгаа аж. Оюутнууд ангийнхаа хоёр багшийн тухай дурсахдаа “Анхны багш болох Оролмаа багш маань биднийг маш эв нэгдэлтэй, нэгнээ гэх сэтгэлийг бий болгож чадсан аугаа багш юм. Анги төгсгөсөн багш болох Ж.Сүхбаатар багш маань Орост сургуулиа төгсөөд ирсэн залуухан багш байсан. Биднээс хэдэн насны ах. Манай ангийн охид заримдаа багшийгаа ичээчихнэ. Нүүр нь улайгаад л явчихдаг байж билээ. Одоо бид багштайгаа цуг нас нэмсээр явна даа” гэж ярьсан юм. Соц үеийн “бүтээгдэхүүн”-үүд болохоор жилдээ хавар, намартаа сангийн аж ахуйд ажилладаг мартагдашгүй нандин дурсамж тэдний зүрх сэтгэлд хадгалаастай байна. Нэгэн удаа Жаргалантын сангийн аж ахуйд төмс хураах үеэр үтрэмийн машины тэвш ангийн охин Буянхүүгийн толгойг шүргэн багагүй сандралдаж байсан гэнэ. Ногоо хураах ажлаа дуусаад оройдоо зав гарвал гитар нүдэж дуулалдаад суучихдагсан. Ангийн охин Г.Бадам гарын ур дүйтэй их сайхан юм оёно. Ангидаа загвар мода дэлгэрүүлдэг Бадамын үс засалт, хувцаслалтыг анги төдийгүй сургуулиараа дуурайх нь олонтаа. Юм ховор цагт нэг ижил загвартай цамц худалдаанд гарлаа гэхэд сургууль дотор ижлийг нь өмссөн олон охинтой таарах нь энүүхэнд. Сээгий малгай, үнэгэн захтай пальто үнэхээр мода байлаа шүү дээ гэх мэтчилэн тухайн цаг үеийг санагалзуулсан сонирхолтой дурсамжаасаа хуваалцсан. Ангийн охин Энхтунгалаг нэг удаа үнэгэн захтай пальто бараг ганцаараа өмсөөгүй байна гэж ээждээ тунихад аймгийн намын хорооны дарга ажилтай ээж нь “Миний охин гаднах байдлаар гоёх яахав. Толгой доторх оюун ухаанаа гоёх нь чухал” гэж хэлж байсан талаар олоон жилийн дараа өндөр настай болсон ээж дээр нь ангийнхан эргэж очихдоо дурсан ярьж баахан инээлдсэн гэнэ. МУИС-ийн охид дотроо царай зүс, цоглог байдлаараа харааг булаасан 25 охин Цэргийн их сургуулийн танкийн ангийн сонсогч нартай тухайн үеийн жишгээр шефийн харилцаа тогтоож байжээ. Сонирхолтой нь одоог болтол шеф ангийн хөвгүүдтэйгээ буюу хурандаа цолтой цэргийн найзуудтайгаа уулзалдаж бага залуу насны хөгжилтэй үеэ дурсдаг юм байна лээ. Цэргийн сургуулийн залуухан сонсогч нар Их сургуулийн шинэ жилийн үдэшлэгт оролцож чөлөө авсан цагаасаа хоцорч очин гадаа “нүцгэн” зогсох сахилгын шийтгэл хүртэж. Үүнийг нь мэдсэн их сургуулийн охид цэргийн даргад захиа бичиж “Бидний буруу” гэж анд найзуудаа хамгаалахыг хичээж байсан гэнэн томоогүй насны хөгжилтэй дурсамж тэдэнд бий. Шеф ангиас хоёр ч хос төрөн гарчээ. Сүхээ, Цэрэнчимэд болон Энхтөр, Ганболд нар өдгөө олон сайхан хүүхдүүдийн аав ээж болж, ангийнхаа шефийн уулзалтад хамтдаа хөтлөлцөөд очдог гэсэн. Ангийн ганц хүү болох Ц.Баасансүрэн аялал жуулчлалын чиглэлээр хувийн бизнес эрхэлдэг. Өдгөө ангийн даргаар томилогдсон Т.Соёлмаа ГЕГ-ын ахлах байцаагчаар, Хорлоо “Марс” худалдааны төвд зохион байгуулагчаар гэх мэт тус тусын ажил хөдөлмөрийг хийж, эхнээсээ тэтгэвэртээ гарцгааж байна. Ангид нэг орос оюутан суралцаж байсан бөгөөд Климова Людмила төгсөөд нутаг руугаа буцжээ. Ийн зах зээлийн нийгэмд шилжих үед худалдааны салбарыг хөл дээрээ бат зогсоход хувь нэмрээ оруулсан Бараа судлалын ангийнхантай уулзаж, социалиаст худалдаанаас зах зээлд шилжсэн үеийн намтар түүхийг эргэн нэг дурсах завшаан тохиосон юм.