Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Юу хийх ёстойгоо ойлгоод долоохон хонож байгаа Ерөнхий сайдаас юу ч хүсэх юм билээ дээ

Хүний өмнөөс ичих шиг хэцүү юм байдаггүй гэдэг. Үүн шиг төрийн том дарга нарыг үг хэлэхээр өмнөөс нь яс хавтайх юм. Бүр сонсохоос зүрх үхмээр. Ямар ч болхи, чадвар муутай хүн биднийг удирдаж байна вэ гэж бодохоор гонсоймоор санагддаг. Заримдаа бүр “Ийм утгагүй зүйл ярьж байхаар дуугүй байж болдоггүй юм болов уу” гэж хүртэл бодогдохыг яана. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймаг, орон нутгийн дарга нартай уулзахдаа хэлсэн үг нь олон хүнийг гайхшруулж, урам хугаллаа. Тэрбээр “Саяхан би БНСУ-д айлчлал хийхдээ тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай нь уулзсан. Тэдэнтэй ярилцсаныхаа дараа өөрийгөө би том орны жижигхэн Ерөнхий сайд гэдгээ мэдэрлээ. Миний бодож санаж байгаа, Солонгосын Ерөнхий сайдын бодож санаж байгаа хоёр өдөр, шөнө шиг ялгаатай байна. Тусгай онгоцоор Монголынхоо дээгүүр нисч цонхоор харж явахдаа их зүйл бодлоо. Би ийм сайхан өргөн уудам нутгийн Ерөнхий сайд шүү дээ. Гэтэл миний бодож байгааг тэр хүний бодож байгаатай харьцуулахаар санаа зовмоор. Тэд үнэндээ том харж, том сэтгэж байна. Харин манайхан хов хөөцөлдөж байх юм. Өнөө маргаашийн ажил, нэг хүнийг халах уу, солих уу гээд л. Их жижигхэн улстөр. Тэгэхээр бүгдээрээ томоор харцгаая” гэх мэтээр ярьсан юм. Үүнээс харахад У.Хүрэлсүх гэдэг хүн төрийн дээд албанд очоод юу хийх ёстойгоо одоо хүртэл мэдэхгүй явж байжээ. Ялангуяа У.Хүрэлсүхийн хувьд 20 гаруй жил улстөрд явж, УИХ-ын гишүүн, Шадар сайд гээд төрийн өндөр алба олон жил хашсан туршлагатай хүн баймаар санагдах юм. Тиймдээ ч Ерөнхий сайд болно гэж зүтгэсээр байгаад гарч ирсэн хүн. Гэтэл түүнд улс орноо хөгжүүлэх, хүн ардаа сайхан амьдруулах бэлэн концепци, хэтийн төлөвлөгөө байгаагүй юм байна гэж бодогдохоор үг хэллээ. Түүнийг Ерөнхий сайд болоход “Хөдөлдөггүй хэдэн том төслүүдээ ажиллуулж эхлэх нь. Ажлын байр бий болгох нь, арай өөр шударга хүн гарч ирлээ” гэж найдан хүлээж байсан юм, олон түмэн. Харамсалтай нь, тэрбээр Ерөнхий сайдын албанд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө энэ тэр юу ч байхгүй, гар хоосон очсон юм байна. Тэр бүү хэл, долоохон хоногийн өмнө нь л юу хийх ёстойгоо ойлгожээ.

Манай улстөрчдийн ерөнхий мөн чанар, юу бодож төрд очдог нь ойлгомжтой юм. Өөрийнхөө фракцын хүмүүсээ дээш нь гаргахын тулд энийг хална, тэрийг хөөнө” гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй ирдэг. Хуучин бол манай намын хүн учраас ажилд авч, өөр намынхыг хална гэдэг байсан бол одоо нам харгалзахгүй эрх ашгаараа нэгдсэн фракц бүлэглэлийнхээ төлөө явдаг болсон. Үүнийгээ улстөр хийж байна, ажил хийж байна гэдэг. Улс удирдана гэдгийг халаа сэлгээ хийх хэмжээнд боддог юм байна. Одоогийн дарга нар ч бүгд ингэж 30 жил халаа сэлгээ хийх, төрөөс мөнгө идэхээ гол ажил хэмээн сэтгэж иржээ.

Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг “Та нар минь эр хүн шиг байгаач” ч гэх шиг илт хүйсээр ялгаварласан үг хэлээд авсан. Ингэж ярьж болох уу. “Байдгаа барьж хоёр хүүхдээ Германд сургаж байна” гэж зовлон тоочихоо мартсангүй. Тэгж зовж, ядарч зүдэрч байгаа юм бол аваад ирэх хэрэгтэй. Гэхдээ ийм үгэнд нь итгэх хүн гарахгүй л дээ. Дарга нарын хүүхэд хэзээ байтлаа өөрийнхөө мөнгөөр гадаадад сурч байлаа. Ер нь төрийн өндөр алба хаагчид өвдвөл Монголдоо эмчлүүлдэг, үр хүүхдээ Монголдоо сургадаг байх ёстой. Ийм хууль ч гаргасан буруутах юмгүй. Дарга нар нь өөрийн биеэрээ мэдэрч байж л Монголд эрүүл мэндийн үйлчилгээ хөгжиж, боловсрол нь бусдын дайтай хөгжих юм. Өнөөдөр манай төрийн өндөр албан тушаалтнууд хүүхдүүдээ гадаадад боловсрол олгож, өөрсдөө ханиад хүрсэн ч гадагшаа явж эмчлүүлж байгаа нь Монголдоо, монголчууддаа итгэдэггүйн том баталгаа. Итгэдэггүй гэхээсээ илүү эх орноо голж байгаа хэрэг. Өнөөдрийн Монгол бол эх оронч дүртэй улстөрчдийн 30 жилийн ажлын үр дүн юм.

Улс шиг улс байх, хөгжил дэвшлээрээ бусдын дайтай байхын тулд ажил хийх ёстой гэдгийг Монголын улстөрч дарга нар мартаад удаж байна. Эсвэл огт мэддэггүй ч юм уу. Юм л бол улстөр хийнэ гэж ярьцгаадаг. Тэр хийж байгаа улстөр нь хов жив хөөх,танай манай фракцаар нь хоморголон ажлаас нь халах, төрөөс мөнгө хулгайлж идэх төдий. Гэтэл төр барина гэдэг улстөржихөөс огт өөр зүйл билээ. Ард түмнээ ажилтай, ашиг орлоготой байлгахын тулд юу хийх ёстойгоо мэддэг, түүнийгээ төсөл хөтөлбөр болгож цэгцэлсэн, өөрийн гэсэн философи, концепцитэй хүн л төрийн өндөр албан тушаалын төлөө тэмүүлдэг байх ёстой. Ийм хүмүүсийг төрд гаргадаг болъё. Олон жил улстөрийн тогоонд чанагдаж, туршлагажсан байх ёстой гэж бодож, итгэж байсан У.Хүрэлсүх ингэж хийх юмаа мэдэхгүй явж байхад төрд гараад олигтойхон шиг ажиллачих хүн Монголд байна уу. Гучин жил сайхан ярилаа, улстөрчид маань. Хорин жилийн өмнө нефтийн үйлдвэртэй болноо л гэж ярьж байсан. Өнөөдөр нефтийн үйлдвэр бүү хэл бензингүй болчихоод хоорондоо хэрэлдээд сууж байна. Төмөр зам тавина гэсэн нь овоолсон шорооны үлгэр болчихсон. Эрүүл мэнд, боловсролын салбарыг дэлхийд тэргүүлэх хэмжээнд аваачна гэсэн. Хэдэн эмнэлэгтээ үзүүлэх гээд дарааллыг нь дийлэхээ больсон хүмүүс нөгөө ертөнцийг зорьсоор л байна. Дээд боловсролын диплом өвөрлөсөн чадваргүй цагаан гартнууд аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг хэрэглээд хэвтэж байна. Ажлын байрыг хэдэн зуун мянгаар нь нэмнэ гэсэн сайхан амлалт нь хаачив. Ажил хайгаад цөхөрсөн хүмүүс архиар сэтгэлээ засч өдөр хоногийг өнгөрөөж байна. Ард түмнээ сайхан амьдруулна гэж хичнээн ч жил ярив. Улаанбаатар чинь утаатай, улс Монгол чинь ядруухан л байна шүү.


Categories
мэдээ нийгэм

“Хадгаламжийн даатгалын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн үү?” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Хууль сахиулахын их сургууль”-ийн “Соёмбо” спорт сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа, улсын гарьд Д.Рагчаагийнд “Танайд өнжье” буланг бэлдсэнийг нэгдүгээр нүүрнээс хүлээн аваарай.

Мөн нүүрэнд МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай хийсэн ярилцлага хэвлэгджээ. Тэрээр “УИХ-ын гишүүд хариуцлагаа сайжруулах хүсэлтэй л бол миний өргөн барьсан хуулийн төслийг анхаарч үзэх ёстой” хэмээн онцлон хэлжээ.

УИХ-ын намрын чуулган өнгөрсөн баасан гаригт хаалтаа хийв. Энэ талаарх сурвалжилгыг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай. Чуулганы хаалтад Ж.Мөнхбат гишүүн “Ч.Хүрэлбаатар сайд аа, таны төрсөн хоёр ах Хотгор, Шанагын нүүрсний уурхайг арван сая ам доллараар зарсан асуудал бий шүү” хэмээн хэлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “Хадгаламжийн даатгалын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн үү?” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаанд оролцож үг хэлснийг улс төрийн тавдугаар нүүрнээс хараарай. Тэрээр “Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай сольж, төрийн хэвийн үйл ажиллагааг хангаач гэж та бүхнээс шаардаж байна” гэжээ.

УИХ-ын намрын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг наймдугаар нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Улс төрийн соёлыг бий болгоход улс төрийн намууд ч анхаарах хэрэгтэй байна” гэжээ.

“Дүүрэг бүрт “Цагаан сарын үзэсгэлэн худалдаа” өрнөж байна” өдрийн сурвалжилгыг XV нүүрнээс хүлээн авч уншаарай.

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхайг XIX нүүрнээс хүлээн аваарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ спорт

Хоёр солонгосын хоккейн хамтарсан баг швейцарьт хожигдов

Пёнчан хот зурган илэрцүүдӨмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын гол анхаарлын төвд байсан хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн мөсөн хоккейн хамтарсан баг Швейцарийн багт хожигджээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, өчигдөр орой болсон тоглолтод Швейцарийн баг хоёр Солонгосын хамтарсан багийг 8:0 оноогоор хожсон байна.

Уг тоглолтыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон, Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах тэргүүтэй албаны хүмүүс үзэж сонирхжээ.

Умард Солонгосын хөгжөөн дэмжигчид Солонгосын хойгийн зураг бүхий туг далбаа намируулан хамтарсан багаа хөгжөөн дэмжсэн байна.

Өмнөд Солонгосын нэгэн үзэгч ярихдаа “Хамтарсан баг гаргасан нь хоёр Солонгос эвлэрэн нэгдэхийн эхний алхам гэж үзэж байна” гэсэн бол өөр нэгэн үзэгч ярихдаа “Умард болон өмнөд солонгосчууд хамтдаа хоккей тоглож байгааг харахад сайхан байна” гэжээ.

Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар парисын их дуулгаас хүрэл медаль хүртэв

М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар зурган илэрцүүд

Францын нийслэлд бямба гарагт буюу хоёрдугаар сарын 10-нд эхэлсэн “Парисын Их дуулга” тэмцээнээс манай хоёр жүдоч хүрэл медаль хүртлээ.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга М. Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл медалийн болов. Энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч зодоглож байна. Бразил,

Канад, Гүрж, Герман, Их Британи, Монгол, Нидерланд, АНУ зэрэг орнууд 10-аас дээш жүдочид илгээжээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг, хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 81, 90, 100, +100, эмэгтэй 70, 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Categories
мэдээ нийгэм

Элэгний хатууралтай хүний хориглох зүйлс

Холбоотой ЗурагЦирроз гэдэг нь грекээр нимбэгэн шар гэсэн утгатай үг юм. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх ёстой атал циррозоор өвдсөн хүнийг тод шар өнгөтэй болдог тул ийнхүү нэрлэжээ. Элэгний эрүүл эс нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдаж эхэлдэг элэгний өвчнийг цирроз гэнэ. Энэ талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Зөвлөгөө №1

Ядарч, сульдан шалтгаангүйгээр турж эцдэг. Хөдөлмөрийн чадвар буурахаас гадна онцын шинж тэмдэг төдийлөн илрэхгүй. Зарим үед аюулхай дээр цанхайж баруун хавирганы нумаар өвдөнө, нүдний салст, тагнай шарлан, өтгөн нь цайвар өнгөтэй гарч, царай харлаж эхэлнэ. Оношлоод үзэхэд элгэнд нь томоохон хавдар хэдийнэ үүсчихсэн, эсвэл хатуурал илэрсэн байдаг. Царай харлаж, зүс гундах нь төмөр, профин, зэсийн солилцоо алдагдаж байна гэсэн үг. Биеэр гардаг ягаан толбо туурдаг байна.

Зөвлөгөө №2

Элэгний циррозыг эмчлэх хамгийн үр дүнтэй арга бол хоолны дэглэм юм. Өөх тос, шарсан хоол, халуун ногоотой хоолноос татгалзах.

Зөвлөгөө №3

Эмчилгээ эхэлсэн өдрөөс архи согтууруулах ундаа хэрэглэхгүй.

Зөвлөгөө №4

Давс бага хэрэглэх.

Зөвлөгөө №5

Шээс хөөх эмийг эмчийн заавраар хэрэглэх.

Зөвлөгөө №6

Плазморферез. Цусыг хортой бодисоос шүүж цэвэрлэх. Элэг энэхүү үүргээ биелүүлж чадахаа больсон үед уг эмчилгээг хийнэ.

Зөвлөгөө №7

Өвчин хүндэрсэн бол заавал эмчийн хяналтад орох.

Зөвлөгөө №8

Шаардлагатай гэж үзвэл хагалгаа хийх.

Зөвлөгөө №9

Элэг нөхөн суулгах гэх мэт арга замаар элгийг эрүүлжүүлэх боломжтой. Элэг шилжүүлэн суулгах найдвартай эмчилгээ ч олон сая хүн амтай оронд хэрэгжих боломжтой. Бүх эрхтэнд ондооших үзэгдэл байдаг. Мэс ажилбарыг элэгний архаг дутагдалд орсон, цирроз хавдартай хүнд хийдэг. Элэг шилжүүлэн суулгасны дараа хүндрэл гарна. Бие махбодь шинэ элэгтэй амархан дасан зохицож чаддаггүй.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар улиран сонгогдлоо

С.Ганбаатар, Ц.Оюунбаатар зурган илэрцүүд

МАХН-ын XXI зууны II их чуулган энэ сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн Их чуулганаар МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг их чуулганы нийт гишүүдээр хэлэлцүүлснээс гадна МАХН-аас боловсруулсан шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн тогтоолыг намын дүрмийн хүрээнд эцэслэн баталж, Монгол Улсын хөгжлийн гарц, БНМУ-ын Шинэ Дээд Үндсэн хууль сэдвийн хүрээнд Жаргалын найман хот хөтөлбөр, Дундаж давхарга, БНМУ-ын бүрэн эрхт байдал, БНМУ-ын хүний болон иргэний эрх, эрх чөлөө, үүрэг, баталгаа, БНМУ-ын төрийн байгуулал, БНМУ-ын засаг захиргааны удирдлага сэдвээр салбар илтгэлүүд тавигдсан юм.

Их чуулганы эхний өдөр төлөөлөгчдөд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн илтгэл тавьсан. Улмаар МАХН-ын II Их чуулганаар намын даргыг сонгох санал хураалт 1044 төлөөлөгчийн дунд явагдаж МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр дахь удаагаа улиран сонгогдсон юм.

Их чуулган өндөрлөсний дараа шинээр бүрэлдсэн МАХН-ын Бага чуулганы гишүүд хуралдаж намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дэд дарга нарыг сонгох сонгуульт ажлыг Бага чуулганы гишүүдийн дунд явуулсан бөгөөд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга шинээр сонгогдож, МАХН-ын дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар улиран сонгогдсон байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү

Эр хүн нулимс зурган илэрцүүдАав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ.

…Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.

Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй
Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид 2 чинь энд байна” гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.

Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа

Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсоны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог.

Эцэг минь шударга зангаар хорвоог туучиж өнгөрөөсөн дөө

Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү. Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. Би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүлтэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн “аавын минь алдаа” энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хорвоог туучиж өнгөрөөсөн дөө эцэг минь Аав минь намайг тавдугаар ангид халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн хожим элэгний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог. Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.

Туйлдсан аавыгаа харж би нэг их уйлсан

Аав минь бүтэн гурван сар хэвтэрт орж шаналж зовохдоо “ёо” гэж ганц хэлээгүй дээ. Туйлдсан аавыгаа харж би нэг их хуйлсан. Очиж очиж дэрнийх нь дэргэд шүү. Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж хэлээд ам нь өмөлзөж даахгүй болсон гарын нь үзүүр хөдлөх аядсан. Намайг тэвэрч үнсэх гэж бас уйлсан байх. Нулимс нь гадагшаа биш дотогшоо урсаж байсан биз ээ. Намайг гарыг нь атгахад зүрх нь алган дотор нь орчихсон юм шиг дэндүү хурдан цохилж байлаа. Аав бид хоёрын хамгийн сүүлд сольсон үг ердөө л энэ. Хариугүй өөд болох гэж байгаа аавынхаа биеийн байдал нүднээс нь хүн амьдралд дурлаж амьдарч, амьдралыг үзэн ядаж буцдаг юм байна гэдгийг харсан. Удаан зовсноос ч ингэдэг байж мэдэх юм. Эр зоригийг гаргалаа ч их жамын хөлд хүн гэдэг даанч өчүүхэн.

Аавынхаа өмнө үхэж л байж “луйвардаж” дуусах агуу их өртэй үлдсэн

Ээж минь 1971 онд өөд болсноос хойш аав бид 2 их өнчирсөн дөө. Нэмж бас өнчрөх хүмүүсийг зөндөө цуглуулсан юм би. Миний хань хүүхдүүд “Үхлийн түймэрт” өвс мэт ассан даа. Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ. Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж “лувардаж” дуусах агуу их өртэй үлдсэн. Бие нь нэг их доройтоогүй байхдаа нэг өглөө, миний хүүг гуйж уртын дуу тавиад өгөөч гэсэн гэдэг. Сонсоод нулимс нь урсаад байсан гэж хүү минь надад хэлсэн. Орчлонд хүн их хоргодох юм билээ. Тэгж яваарай, ингэж амьдрах ёстой гэж надад ярьдаггүй, сургадаггүй байсан. Нэг удаа харин “Миний хүү ч сайн хүү л дээ. Өглөө босохдоо уцаартай босох юм. Битгий тэгж бай, өдөржингөө ажил чинь бүтэхгүй шүү дээ” гэсэн дуугаа өндөрсгөөгүй, уургүй хэлсэн энэ үг над дээр ямар чанга буусан гэж санана. Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүй дээ, ноолж болдоггүй дээ, нялуун биш дээ, “Холын уул” байдаг аж.

Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна

Аав минь нэг өдөр “Би заяа муутай хүн дээ” гэсэн. Үгүй ер нь юунаас ингэж хэлэв гэж бодоод байсан чинь янз бүрийн хариу гарч байв. Би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа. Тэгэхэд аав минь “Ханиа залгичихсан хүн яаж заяатай байх вэ дээ” гээд их ширүүн харсан. Би нэг их сэтгэдэг хүн болох гэж “Нэг авсанд хоёр хүн багтдаггүй юм чинь дээ аав минь” гээд хэлээд тавьчихсан чинь их уцаартай нь аргагүй “Яруу найраг чинь энд хамаагүй” гэж шууд гараад алхчихсан. Алдас хийсэндээ би үхтлээ гэмшсэн шүү. Энэ мөчид би яруу найраг хэрэггүй газар байдаг юм байна гэж бодогдож, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагдсан. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй санагдсан. Аав минь хэнэггүй нь аргагүй “Аав нь тэтгэврээ аваад” гээд нусны алчууртаа боож боочихсон хоёр хайрцаг “ВТ” гаргаж өглөө. Тэнэглэснийхээ төлөө би тамхиар шагнуулав. Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг ийм л амьтан. Миний хэрэглэдэг “хор” аавд минь тэтгэврийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна. Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яс махандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлүүлж өсгөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гараагүй л байна.

49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ

Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ. Өөрөөр хэлбэл 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ. Жил гэдэг хачин. Миний 25-ны жил орж байхад ижий өөд болж, 49-ний жил ороход аав минь өөд болсон доо. Аавыгаа өөд болсноос хойш 3 жилийн дараа онголсон газрыг нь эргэлээ. Газар дээр нь очиход шиврээ бороотой будан буучихсан байсан. Хөл гарынх нь алиных нь юм ганцхан ганцхан шагайн чинээ цайсан үений яс л үлдэж. Би ханьтайгаа хүүхдүүдтэйгээ хар багын найз хуурч УГЖ Идэрбаттайгаа очсон юм. Яг тавьсан газрын нь өлмийд Л.Идэрбат минь хуураа удаан гэгч нь татсан. Хуурын эгшигт уул хад өндийгөөд ирэх шиг санагдсан. Аав минь хуурын эгшиг сонсдогч үгүй байгаа даа гэхдээ хуурдуулсан хэрэг. Морин хуурын эгшиг тэр өндөр уулын энгэрт багтахгүй урд их хөндийг дүүрэн байх шиг. Тэгэхэд би нэг цээжээ онгойтол уйлсан даа. Өтлөх тусам нутаг гэдэг санагдана. Тэгэх тоолон аавын минь “Нутагт минь намайг тавиарай” гэж хичээнгүйлэн захисны учрыг цаг мөч тоолон ясандаа хадтал ойлгох бололтой. Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг “Алтан өлгий”-д алдраа дагаж очихгүй, анх унасан нутагтаа сүнсээ дагаж очно. Аавдаа ойрхон очно.

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярын үеэр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь

худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь зурган илэрцүүд

Сар шинийн баярын үеэр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна.

“ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ”

Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 15-нд 09.00-24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16, 17, 18-нд амарч, 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин тав трейд” ХХК-ний салбар дэлгүүрүүд битүүний өдөр буюу 02 дугаар сарын 15–нд бүх хайпермаркет, супермаркетууд 09.00–22.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 16–нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 17–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 11.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Сансар” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 02 дугаар сарын 15–нд 08.00-22.00, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00-20.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 17-нд 10.00-22.00 цагт ажиллана. Шинийн 1, 2, 3 буюу 02 дугаар сарын 16, 17, 18-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу 02 дугаар сарын 18, 19-нд “Сансар” супермаркетууд 09.00-22.00, “Сансар -9” бөөний төв 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 02 дугаар сарын 15–нд 09.00–21.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд 13.00–21.00, шинийн 2 буюу 02 дугаар сарын 17-нд 09.00 -21.00, шинийн 3 буюу 02 дугаар сарын 18-нд 09.00-23.00 цагийн хооронд ажиллана. 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Миний дэлгүүр” ХХК-ний “Миний сүлжээ” дэлгүүрүүд битүүн буюу 02 дугаар сарын 15–нд 08.30–22.00 цагт ажиллаж, сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 17-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр битүүн буюу 02 дугаар сарын 15-нд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 16–нд амраад, шинийн 2, 3 буюу 02 дугаар сарын 17, 18-нд 12.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 02 дугаар сарын 15-нд 10.00-19.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 23-ыг дуустал амарна. 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв битүүн буюу 02 дугаар сарын 15-нд 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 16-ны өдрөөс, 02 дугаар сарын 19-ний өдрүүдэд амарна. 02 дугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 15–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу 02 дугаар 16, 17, 18, 19 -нд амарч, 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд буюу 02 дугаар сарын 15-нд 06.00–18.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-ны өдрөөс, 02 дугаар сарын 22-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 23–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 15–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу 02 дугаар сарын 16.17.18.19-нд амарч, 02 дугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 15-нд 10.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд амраад, 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“НИЙТИЙН ХООЛ”

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 дугаар сарын 15–нд бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 16, 17,18 –нд амраад, 02 дугаар сарын 19–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-ны өдөр тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд 02 дугаар сарын 15–нд 15.00–24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16.17.18–нд амраад, 02 дугаар сарын 19–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх цайны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

“АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ”

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 02 дугаар сарын 15–нд 2 ээлжтэй салон 09.00–21.00 цаг, 1 ээлжтэй газар 09.00-17.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 27,28, 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд амарна.

Үсчин, гоо заслын “Парадокс” салон 02 дугаар сарын 16-нд 10.00-24.00 цаг хүртэл ажиллана.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 15–нд 09.00–17.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 16.17.18-ны өдрүүдэд амарна. Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

“НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”

Билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд өглөө 08:00 цагаас 22:30 цагийн хооронд хотын дотор болон хот орчмын 88 чиглэлд 694 их болон дунд багтаамжийн автобус, троллейбус, угсраа автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд хүн амын төвлөрөл ихтэй, хотын захын суурьшлын цэгүүд болох Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзайн 9 чиглэлүүдийн гаралтын тоог 10 орчим хувиар нэмэгдүүлж байна.

Хотын дотор таксийн үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Билгийн тооллын шинийн 4 буюу 02 дугаар сарын 19-ний өдрөөс ердийн цагийн хуваарийг мөрдөн ажиллах болно.

Сар шинийн баярын үеэр нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 326352, 323176 дугаарын утсаар хүлээн авч шуурхай үйлчилнэ.

“ЦАХИЛГААН ХАНГАМЖ”

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг

Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 344494,

Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 70141071 /БГД, СХД, ХУД/,

Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 70141072 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70047004 утсаар авна.

“УС ХАНГАМЖ”

Баярын өдрүүдэд УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албатууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.

“ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ”

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харьяа салбар компанийн ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 70005454 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна.

Аваарын ангитай 70005454 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн өдрүүдэд 661 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

ЗурагСар шинийн баярыг угтан “Автотээврийн үндэсний төв”-өөс Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдээс 211 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилгээнд гаргах болжээ.Дээрх зорчигч тээврийн төвүүдээс одоогийн байдлаар нийт 71 чиглэлд 450 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Харин энэ сарын 15-17-нд Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгоны вокзалаас цагийн хуваарийн дагуу 372 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр байсан бол 142 тээврийн хэрэгслийг нэмэлтээр үйлчилгээнд явуулахаар боллоо. Харин Баянзүрх зорчигч тээврийн төв 78 тээврийн хэрэгсэл үйлчилдэг бол нэмэлтээр 69 тээврийн хэрэгсэл гаргах аж.Харин сар шинийн баяраар улс, хот хоорондын зарим чиглэлүүдийн зорчигч урсгал буурдагтай холбогдуулан энэ сарын 15-17-нд дараах 49 чиглэлийн тээвэрлэлтийг зогсоох юм байна.

Үүнд:

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх сургалт боллоо


Цагдаагийн ерөнхий газраас Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Мансууруулах бодис, хууль хэрэгжилтийн асуудал эрхэлсэн олон улсын товчооны дэмжлэгтэй “Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажиллагааг бэхжүүлэх” төслийг 2017-2018 онд хэрэгжүүлж байна.Төслийн хүрээнд нийслэл болон 21 аймгийн хууль сахиулах, шүүх эрх мэдлийн 7 байгууллагын алба хаагчдыг цувралаар сургана.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын зохицуулалт, ажлын уялдаа холбоог хангах, алба хаагчдыг чадавхижуулах сургалтад Төв болон Өвөрхангай аймгийн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хуульчдын холбоо болон Хууль зүйн туслалцааны төвийн аймаг дахь өмгөөлөгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нийт 66 алба хаагчийн сургалтыг амжилттай зохион байгуулж, сургалтанд оролцсон алба хаагч нарт төслийн удирдагч Д.Оюунчимэг, ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны мэргэжилтэн Ч.Амарбаясгалан, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг нар сертификат гардуулав.Төслийн хүрээнд хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын төлөөлөл 22 сургагч-багшийн боловсруулсан сургалтын “Гарын авлага” хэвлэгдсэн ба сургалтыг дээрх гарын авлага, хөтөлбөрийн дагуу явуулж, зочин багшаар МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Туяа, Хүний хөгжлийн академийн Лектор багш Н.Амарбаясгалан, “Монгол Өрх” ТББ-ын тэргүүн, сэтгэл зүйч С.Баасанбат, “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан нар хамтран ажиллаж байна.

Сургалтад нийслэл болон 10 аймгийн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хуульчдын холбоо болон Хууль зүйн туслалцааны төвийн аймаг дахь өмгөөлөгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн алба хаагчдыг хамруулсан байна.