Categories
мэдээ нийгэм

Сонсогчид оргосон гэмт этгээдүүдийг баривчилжээ

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 341 дүгээр дамжааны сонсогч Г.Анхсайхан, 343 дугаар дамжааны дэд түрүүч Б.Бадрахбаяр, сонсогч Ц.Билгүүн нар гэмт хэрэг үйлдээд оргон зугтсан этгээдүүдийг энэ сарын 23-ны өдөр шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ.

Үүнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан сонсогчдын ур чадвар, хичээл зүтгэлийг үнэлэн “Баярын бичиг”-ээр шагнаж урамшуулсан байна.

Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж яваа Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн сонсогчидөнгөрсөн нэгдүгээр сарын 12-ноос ирэх дөрөвдүгээр сарын 16-ны хооронд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт үйлдвэрлэлийн дадлага хийж буй юм.

Энэ талаар сонсогч Г.Анхсайханаас тодруулахад, “Манай сургуулийн сонсогчидүүргээ амжилттай биелүүлж байгаа. Миний хувьд бусдад их хэмжээний хохирол учруулж, шүүхээр хоёр жил эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг баривчилсан. Бидний хичээл зүтгэлийг үнэлж, урамшуулан, дэмжлэг туслалцаа үзүүлж буй Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олонд талархсанаа илэрхийлье” гэлээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Apple” компани энэ оны сүүлээр 3 шинэ загвар гаргана

Зураг“Apple” компани энэ оны сүүлээр 3 шинэ загварын “iPhone” гар утсыг гаргах төлөвтэй байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.

Тус телевизийн мэдээлснээр, шинэ загваруудын дунд өмнөх загваруудын дэлгэцтэй харьцуулахад хамгийн том дэлгэцтэй, “iPhone X” гар утасны шинэчилсэн бөгөөд хамгийн хямдхан хувилбар гарах юм гэнэ. Түүнчлэн “Аpple” компани 2 сим карттай “iPhone” утас гаргах боломжийг судалж байгаа хэдий ч энэ талаарх шийдвэрийг хараахан гаргаагүй байна.

Шинэ ухаалаг гар утаснуудынхаа талаар “Apple” компани ирэх намар албан ёсоор танилцуулах төлөвтэй байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Долгорын Нямаагийн дурсамж ном хэвлэгдлээ

Зураг

Дэлхийн энтэй найрагч Долгорын Нямаагийн дурсамжийн номыг МУСГЗ, сэтгүүлч И.Рэнчинханд хэвлүүлжээ.
Уг номонд түүнтэй хамт ажиллаж байсан зохиолч, сэтгүүлчид, ойр дотно явсан 55 хүний хөрөг дусамж гол байрыг эзэлсэн байна. Мөн түүний өөрийн бичсэн нийтлэл, орчуулгын шүлгүүд, гэрэл зургийг багтаасан нь номыг уншууртай болгожээ. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Цоодол, Б.Догмид, МУСГЗ сэтгүүлч Б.Ганчимэг, Г.Аким, Ц.Дашдондов нарын уран бүтээлчид их зохиолчийг хүн чанартай, зөөлөн дөлгөөн, даацтай уран бүтээлч байсныг нь дурсан бичжээ.

Categories
мэдээ спорт

Допингийн шинжилгээнд хамрагдсан 31 бөхийн нэрийг зарлалаа

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд анх удаагаа баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард авсан. Допинггүй монгол бөх төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцны хариу ирэхэд таван бөхөөс сэргээш илэрчээ. Илэрсэн таван бөх “Б” сорьцны шинжилгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн тул одоогоор нэрийг нь зарлаагүй байгаа юм. Харин МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж допингийн шинжилгээнд хамрагдсан 31 бөхийн нэрийг зарласныг танилцуулья.

  • Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба
  • Увс Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат
  • Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс
  • Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь
  • Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва
  • Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба
  • Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших
  • Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Н.Жаргалбаяр
  • Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү
  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий
  • Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч
  • Ховд аймгийн Буянт сумын харьат улсын харцага О.Хангай
  • Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын начин Б.Амарзаяа
  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын начин Ц.Одбаяр
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш
  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын начин Б.Ганхуяг
  • Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Ч.Хөхчирэнгэр
  • Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Б.Чимэдвандан
  • Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын начин Б.Хишигбаатар
  • Сүхбаатар Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат аймгийн арслан М.Эркебулан
  • Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн арслан Т.Бэгзсүрэн
  • Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Даваа-Очир
  • Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр
  • Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Ч.Мөнхтогтох
  • Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн заан Б.Түмэндэмбэрэл
  • Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат аймгийн харцага Г.Гантулга
  • Ховд аймгийн Алтай сумын харьяат аймгийн нэмэх начин Э.Очбат
  • Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн начин Э.Өлзийсайхан
  • Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан С.Майнбаяр

Эдгээр 31 бөхөөс тав нь сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөгөөд “Б” сорьцны хариу ирээд албан ёсоор зарлах юм. Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хагацаагаар хасах хуулийн заал байдаг билээ.

О.ДАШНЯМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартыг хангасан дэлхийн хоёрдох орон боллоо

Эрдсийн баялаг ихтэй дэлхийн 51 улс нэгдэн орсон ОҮИТБС-ын стандартын шаардлагыг хангасан анхны орноор 2017 оны 10 дугаар сард Филиппин улс хүлээн зөвшөөрөгдсөн бол манай улс 2018 оны 2 дугаар сард хоёрдох орон боллоо. Мөн Тимор Лесте улс стандартыг хангасан гуравдахь орноор хүлээн зөвшөөрөгдсөн нь Ази, Номхон далайн бүс нутаг ОҮИТБС-ын тэргүүлэх орнууд болж, эрдсийн баялгийн салбараа хариуцлагатай, нээлттэй болгохын төлөө амжилт олж байгаагийн илэрхийлэл гэж Ерөнхий сайдын ажлын албаны дарга, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан хэллээ.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) нь эрдсийн баялгийн удирдлага, засаглалыг сайжруулахын тулд татварын төлбөр, орлого, тусгай зөвшөөрлийн олголт, хайгуул, олборлолт, борлуулалт, эрх зүйн орчин, төсвийн зарцуулалт, төрийн өмчийн оролцоо, орон нутгийн төлбөр, хандив, дэмжлэг, үр нөлөө, гэрээ, ашиг хүртэгч эцсийн эзэд гээд 20 гаруй багц мэдээллийг стандартын дагуу ил тод болгохын төлөө төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн эрх тэгш хамтран ажиллагааны түншлэл юм.

Монгол улс эрдсийн баялгийн нөөцөө зөв удирдан засаглах, хариуцлагатай байхын ач холбогдлыг ухамсарлан 2006 онд ОҮИТБС-д нэгдэж, одоо Дэлхийн 50 гаруй орнуудыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллагын гишүүн болсон байна.

ОҮИТБС-ын стандартын гол шаардлага бол 3-5 жил тутам хэрэгжүүлэгч орнууддаа “Баталгаажуулалт” хэмээх чанарын хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулдаг явдал юм.

Монгол Улсын ОҮИТБС-ын “Баталгаажуулалт”- ыг 2016-2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаан дээр зохион байгуулж, засч сайжруулах хэд хэдэн үйл ажиллагаанд үнэлгээ өгсний үндсэн дээр 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр болсон хуралдаан дээрээ ОҮИТБС-ын Удирдах хороо Монгол улсыг ОҮИТБС-ын стандарт, шаардлагуудыг хангасан орноор хүлээн зөвшөөрсөн байна. ОҮИТБС-ын дарга ноён Фрэдрик Рэйнфилд:

“Монгол улс 18 сарын өмнө хийгдсэн анхны баталгаажуулалтаас хойш олборлох салбарт ил тод байдлыг хангах чиглэлээр, түүний дотор уг салбар дахь төрийн оролцоог олон нийтэд ил тод болгох асуудлаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан байна. Бүх шаардлагуудыг хангана гэдэг бол онцгой үйл явдал, нэр хүнд бөгөөд стандартын дагуу ил тод байдлын өндөр түвшинд хүрсэн нь бүх оролцогч талууд чухал хувь нэмрээ оруулсныг илтгэж байна. Монгол улс энэ ололт, амжилтаа цаашид бататган, эрдэс баялгийн салбарт иргэний хяналтыг идэвхжүүлэхэд төр, компанийн системд нь ил тод үйл ажиллагааг эргэлт буцалтгүй нэвтрүүлж өгөхийг уриалж байна” гэжээ.

Хэвлэлийн бага хуралд Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа, “Төлсөн авснаа нийтэл” ТББ-ын эвслийн зохицуулагч Д.Эрдэнэчимэг, КейПиЭмЖи ХХК- ийн аудит, зөвлөх үйлчилгээний захирал М.Эберст, ерөнхий захирал Г.Соёлмаа, Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон нар уг хуралд оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монголд айлчилна

Ирэх сард АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рэндал Шрайвер Монгол Улсад айлчлах юм байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзан, цэргийн албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тухай хоёр улсын БХЯ хоорондын хэлэлцээрийг танилцуулах ажээ. Уулзалт ирэх сарын 1-ний пүрэв гаригийн 10:15 цагт Батлан Хамгаалах яаманд болж, хоёр талын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Найрагч П.Лхагвасүрэн “Сэтгэлийн томьёолол” номоо хэвлүүллээ

Зураг

МЗЭ-ийн шагналт яруу найрагч П.Лхагвасүрэн саяхан шинэ яруу найргийн номоо хэвлүүлэн уншигчдын гар дээр тавив.
Түүний номонд Австрали улсад сурч байх үе болон БНХАУ-ын “Авьяаслаг Хятад” нэвтрүүлгээр дэлхий дахинд түгсэн дуу болох “Алсад суугаа ээж” зэрэг шилдэг шүлгүүд нь багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны алт худалдан авалт 47.4 хувиар буурчээ

алт худалдан ават зурган илэрцүүд

Монголбанк хоёрдугаар сард 390 кг алт худалдан авлаа хэмээн мэдээллээ.

Төвбанк ийнхүү 390 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 741 кг алт авч байснаас 351 кг-аар бага буюу 47.4 хувиар буурсан үзүүлэлт юм.

Алт худалдан авалт буурсан нь Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалсан хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулсан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 102 мянга 833 төгрөг 87 мөнгө байв. Монголбанкны алт худалдан авах үнэ болон алт олборлолтын хэмжээ бага байгаагаас үүдэлтэй Төвбанкинд тушаах алтны хэмжээ энэ сард буурсан үзүүлэлттэй гараад байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Нямбаатар: Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхчихсөн байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар тэргүүтэй гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан асуудлаар мэдээлэл авахаар асуулга хүргүүлээд байсан. Өнгөрөгч баасан гаригт Засгийн газраас УИХ-ын гишүүдийн асуулгад албан ёсоор хариулт илгээсэн билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Л.Энхболд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямаатар “Бид “Эрдэнэт”-ийн хэд хэдэн асуудлаар Засгийн газраас тодорхой хариулт авахыг хүссэн. Зарим асуудлаар АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул тодорхой хариулт өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн байна. “Эрдэнэт” үйлдвэр нэгэнт баталгаа гаргаж өгчихсөн учраас өр төлөх үүрэг хүлээсэн гэдгийг хариултад тодорхой дурдсан байна.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн зарим хөрөнгийг битүүмжлэх санал гаргасан нь тодорхой байна. Зээлийн хүү өдөрт 800-900 ам.доллараар өсч буй юм байна. “Жаст”-ын Ш.Батхүүгийн зээлсэн мөнгө “Эрдэнэт”-ийн данс руу орсон уу гэсэн асуулт үүсээд байгаа. Энэ мөнгө “Эрдэнэт”-ийн данс руу орсон хэрнээ эргээд гарсан байгаа. Уг нь “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага 10 сая ам.доллар хүртэлх тоон баримтад гарын үсэг зурах эрхтэй. Үүнээс дээш бол ТУЗ-ийн зөвшөөрлийг авах ёстой. Гэтэл тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага ТУЗ-өөсөө зөвшөөрөл аваагүй байна.

Одоо яаралтай арга хэмжээ авахгүй бол “Эрдэнэт” үйлдвэрт өндөр эсрдэл үүсэхээр байна. Аль таван жилийн өмнө үүссэн Эрүүгийн хэрэг өнөөг хүртэл яагаад шийдэгдэхгүй байна. Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байгаа юм биш үү“ гэсэн юм.

Мөн энэ үеэр Л.Энхболд гишүүн “Миний бие “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлаар ажлын хэсэгт багтан ажиллаж байсан. Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн байсан учраас төрд авах шийдвэр гаргасан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл бодит байдлаар ажил хэрэг болоогүй байна. Цаашид бид Оюутолгой, Тавантолгойн асуудлаар төр шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй байна. Үүний төлөө тууштай ажиллах шаардлага үүсчээ” гэж тодотгов.

Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн “”Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ил цагаандаа гарсан луйвар арай ч хийгээгүй байх гэж бодож байсан. Гэтэл энэ үнэн гэдэг нь тогтоогдлоо. Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах газрын эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудалд 2013 оноос эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин 2015 оноос АТГ-т уг хэрэг шилжсэн. Ямар учраас хууль хяналтын байгууллагууд ийм төрлийн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг сунгаад байна вэ. Энэ мэт хэргүүдийг ил болгох талаар ажилламаар байна.

Монгол Улсын өнгөрсөн 25 жилийг хааж дүгнээд, шинэ 25 жилээ төлөвлөх цаг хугацааны өмнө бид зогсож байна. Авлигын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгаа байх ёсгүй. Үндсэндээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд Эрдэнэтийн 49 хувь дээр хүртэл нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашиг яригдаж эхэллээ.

“Эрдэнэт”-ийн асуудал манай хойд болон урд хөршид болсон бол юу болох байсан бол? Цаашдаа бид ямар нэгэн байдлаар баримттай биш мэдээллийг олон нийтэд өгөхгүй байх талаар анхаарч ажиллана. Шаардлагатай гэж үзвэл Эрдэнэтийн 51 хувийн асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад санал тавина

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг НИТХ-аар хэлэлцэж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар зурган илэрцүүд

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 14 дугаар хуралдаанаар Улаанбаатар хотын орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэлэлцэж байна. Уг хөтөлбөрийн зорилт, зорилго, хүрэх үр дүнгийн талаар тус хурал Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П. Баярхүү танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ “ 2017 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод 380 гаруй мянган өрх амьдарч байгаагаас 43 хувь буюу 164 мянган айл орон сууцанд амьдарч байна. Үлдсэн 57 хувь буюу 216 мянган өрх нь гэр хороололд амьдарч байгаа юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн хүн амын 60 хувь нь инженерийн дэд бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон сууцанд амьдарч байгаа тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 24 байршилд хэрэгжиж байгаа 16109 нэгж талбарын 75 хэсэгчилсэн талбайг хамруулсан гэр хороололын дахин төлөвлөлтийн төслөөр нийтдээ 70 гаруй мянган өрхийн орон сууц ашиглалтад орох байснаас 5 мянган өрхийн орон сууц ашиглалтанд орсон байна. Энэ нь уг төслийг зөв зохион байгуулалттай дахин төлөвлөн барилгажуулах, шинэчлэх, аргачлал үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага бий” гэдгийг онцолсон байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 1965 – 2000 онд ашиглалтанд орсон 14 хороололд баригдсан угсармал орон сууцны 1077 ш блок барилгад нийслэлийн хүн амын 20 хувь болсон 45 мянган өрх амьдарч байна. Дээрхи барилгын дулаан, техникийн шинэчлэлийн ажил хийгдэхгүй удааширсанаас 10 жилийн дараа насжилт хэтэрсэн барилгын тоо 3.5 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Үүний уршгаар дулааны цахилгаан станцуудын ачааллыг нэмэгдүүлэн барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм.

Тиймээс орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хурдан хугацаанд , бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд хотын инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх өргөтгөх, хөгжлийн шинэ түвшинд гаргах цогц арга хэмжээг авахад энэхүү хөтөлбөр чиглэж байна. Хөтөлбөр нь 9 зорилт бүхий 5 бүлэгтэй.

Бага , дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулна. Түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, иргэдийг чанартай түрээсийн орон сууцаар хангах болон шинэ суурьшил , хороолол байгуулам боломжтой байршлуудад эхний ээлжийн суурь судалгааг явуулж, техник эдийн засгийн үндэслэл , зураг төслийг боловсруулан батлуулна. Хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлнэ. Нээлттэй дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх замаар иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж барилгажуулсанаар иргэд чанартай орон сууцаар хангагдан, хотын өнгө үзэмж сайжирна. Угсармал орон сууцны барилгуудыг иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор дулаан алдагдалыг бууруулах, гадна фасад , дээврийн засвар үйлчилгээ, лифтны ашиглалтыг сайжруулахад орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ зэрэг зорилт тусгажээ. Хөтөлбөрийг Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлнэ гэдгийг танилцууллаа.