Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчдын дунд цахим хэлэлцүүлэг боллоо

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд үүсч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, 21 аймгийн цагдаагийн газар, хэлтсүүдийн алба хаагчдад мэдлэг олгох зорилготой цахим сургалт, хэлэлцүүлэг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газарт зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлэгт Нийслэлийн цагдаагийн газрын харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн хэв журмын тасаг, хэсгийн дарга, ахлах байцаагч, хэсгийн байцаагч зэрэг нийт 91 алба хаагч хамрагдав.

Хууль сахиулахын Их сургуулийн ахлах багш, доктор цагдаагийн дэд хурандаа Д.Булган,Р.Эрдэнэбаатар, Б.Наргулан, цагдаагийн хошууч Г.Бямбадорж нар “Зөрчил шалган шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаа, нотлох ажиллагаа, тактик, анхаарах асуудал”, ”Хулгайлах зөрчлийг шалгах, нотлох баримтыг бүрдүүлэх арга тактик”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэх”, “Нийтийн хэв журам, аюулгүй байдлын зөрчлийг шийдвэрлэх арга тактик” сэдвээр сургалт орж, хэлэлцүүлэг өрнүүлэн алба хаагчдаас санал хүсэлтийг хүлээн авсан юм.

Categories
мэдээ спорт

Рэдмонд Жерард алтан медаль хүртлээ

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн 23 дугаар наадмын снөүбоардын төрлийн аваргууд тодорлоо. Энэ төрөлд Америкийн тамирчин Рэдмонд 87.16 оноогоор алтан медаль зүүсэн бол Канадын Макс Пэррот 86 оноогоор мөнгөн медаль хүртсэн юм. Харин хүрэл медалийн тавцанд Канадын Марк Макморрис 85.20 оноо авч зогсчээ. Марк Макморрис 85.20 Сочигийн олимпийн наадмаас мөн хүрэл медаль зүүж байжээ.

Сонирхолтой нь энэ тэмцээний аварга Америкийн тамирчин Рэдмонд Жерард урьдчилсан шатнаас гуравдугаар байраар шалгарч шигшээд өрсөлдсөн юм.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Автомашины их гэрлийн тусгалыг зөв болгон өөрчлөх ажил өнөөдрөөс эхэллээ

Автомашины их гэрлийн тусгалыг зөв болгон өөрчлөх ажил өнөөдрөөс орон даяар эхэлж байна. Уг ажлын хүрээнд нийт 10 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх юм байна.

Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулж, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэн, зорчих хэсгийн зүүн гар тал уруу илүү их гэрэл хуваарилдаг нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй аж. Манай улсад бүх тээврийн хэрэгсэл 1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцсоор иржээ. Харин 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500 гаруй мянган тээврийн хэрэгслийн 50-иас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй байгаа гэсэн судалгаа гарсан байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ-д “Ан-148” онгоц осолдож, 71 зорчигч амиа алджээ

gadaadОХУ-ын зорчигч тээврийн “Ан-148” онгоц ням гаригт буюу өчигдөр Москва хотын ойролцоо Степановской тосгонд осолдсон талаар TASS агентлаг мэдээлжээ. Зорчигч тээврийн Ан-148 онгоц нь Домодедово нисэх буудлаас Орск нисэх буудал орох хуваарьтай байсан аж. Москвагийн цагаар 14:21 цагт осолдсон уг онгоцонд 71 зорчигч байсан бөгөөд бүгд амиа алдсан харамсалтай осол гарчээ.

gadaad

Онгоц Домодедово нисэх буудлаас хөөрснөөс дөрвөн минутын дараа радарт үзэгдэхгүй болсон байна. Одоогоор онгоцны ослын шалтгааныг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан хэмээн үэзж байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин осол болсны дараа мөрдөн шалгах ажил эхлүүлэхийг холбогдох албаныханд даалгажээ. Мөн тэрбээр, ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн юм.Ослын газраас онгоцны хар хайрцгийг олсон бөгөөд зорчигчдын цогцосыг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

gadaad

gadaad

gadaad

Categories
мэдээ нийгэм

“Дугуй түрээсийн үйлчилгээ”-нд хамтран ажиллахыг урьж байна

Нэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрт дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Хотын дугуйн түрээсийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Дулхийн томоохон хотууд өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд хотын түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулах бодит ажил гэдэг нь дэлхий олон хотуудын туршлагаар батлагдаж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг UBIKE төслыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг урьж байна.

Хоёр. Төслийн материалыг битүүмжилсэн байдлаар 2018 оны 3-р сарын 1-ний өдрийн 12.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын угтах үйлчилгээн дээр ирүүлнэ.

Төслийн материалд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:

  • Дугуйн зогсоолуудын төлөвлөгөө /тоо хэмжээ, байршил, техникийн шийдэл/
  • Дугуйн чанар, техникийн үзүүлэлтүүдийн талаархи мэдээлэл
  • Дугуйн түрээсийн төлбөрийн талаархи санал, төлбөр тооцооны шийдэл
  • Дугуйн хяналтын системийн танилцуулга
  • Засвар үйлчилгээ, үйл ажиллагааны талаархи танилцуулга
  • Дугуй түрээслэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаархи танилцуулга
  • Төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын талаархи санал
  • Төсөл хэрэгжүүлэх байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, танилцуулга /хүний нөөц, болон санхүүгийн чадавхийн талаархи мэдээлэл/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Categories
мэдээ спорт

Скиатлоны 30 км-т норвегичүүд ноёрхов

ЗурагӨнөөдөр Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпийн XXIII наадмын эрэгтэйчүүдийн 30 км-ийн скиатлоны төрөлд Норвегийн тамирчин Симен Хегстад Крюгер алтан медаль хүртлээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, 24 настай С.Х.Крюгер 30 км замыг 1 цаг, 16 минут, 20 секундэд туулсан байна. Энэ төрлийн мөнгө болон хүрэл медалийн эзнээр түүний нутаг нэгтнүүд тодорчээ. Тодруулбал, энэ төрлийн мөнгөн медалийг Норвегийн тамирчин Мартин Жонсруд Сундби хүртсэн бол хүрэл медалийг Ханс Кристер Холунд хүртжээ.

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 30 км-ийн скиатлоны төрөлд тамирчид гараанаас нэгэн зэрэг гардаг бөгөөд эхний 15 км-т сонгодог хэлбэрээр, үлдсэн 15 км-т цана, таяг, гутлаа солин чөлөөт хэлбэрээр уралдаж барианд ордог аж.

Categories
мэдээ спорт

Таеквондоч П.Тэмүүжин Индонезид алтан медаль хүртжээ

ЗурагИндонез Улсад болсон “18 th Asian Games Invitation Tournament” тэмцээнд “Алдар” спорт хорооны таван тамирчин өрсөлдөж нэг алт, хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцэээний эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин алтан медаль хүртжээ. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод БНСУ-ын тамирчныг 47:24-өөр хожсон байна. Мөн эрэгтэйчүүдийн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 53 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Намуун нар хүрэл медалийн эзэн болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Лхаажавын Цагаандалайгийнх

Спортын сэтгүүлч, тайлбарлагч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Лхаажавын Цагаандалайгийнхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Тэрээр эхнэр хүүхдүүдийн хамт “Хурд” хотхонд гурван өрөө байранд амьдардаг юм байна. Урин цаг наашлах дөхөж л байна даа гэсээр бидний яриа эхлэв. Тэрээр “Би “Өдрийн сонин”-ы “Эх орон сумаас эхэлнэ” хэмээх буланг сонирхон унших дуртай байдаг юм. Угтаа эх орон гэдэг багаас, сумаас эхэлдэг гэж би боддог. Би өөрөө Дорноговь аймгийн Өргөн сумын хүн л дээ. Ноён хутагт Данзанравжаагийн зохиол бүтээлээ туурвиж байсан нутаг. Тэр дундаа манай Өргөн суманд Дулдуйтын хонд гэж бий. Хутагтын шид нь тодорсны гэрч болсон нутаг ус ч байдаг шүү. Манай нутгаас сэхээтнүүд ихээр төрөн гарсан байдагт бахархаж явдаг юм. Мөн чинхүү хөдөлмөрөөрөө гавьяат, баатар цол хүртсэн олон сайхан алдартнууд манай суманд бий. Түүний нэг нь миний аав, ээж хоёр юм. 1989 онд Монгол Улсын аварга малчин болж байсан түүхтэй” гэлээ.

Л.Цагаандалай гуай есөн хүүхэдтэй айлын гурав дахь нь. Хөвгүүдээсээ бол том нь аж. Айлын том хүү учир бага ахуйгаасаа л ээж, аавдаа тус дэм болж өсчээ. “1960-1980 оны хүүхдүүд Монголын хүн, мал өсгөхөд их тус хүргэсэн гэж би боддог юм. Яагаад тэр билээ гэж хүмүүс их гайхдаг л даа. Учир нь хүн бүл багатай айл нэгдлийн тэр их малыг маллана гэдэг тун бэрх. Тухайн үед таваас доош хүүхэдтэй айл тун цөөхөн байсан. Харин тэр хүүхдүүд чинь маш сайн ажиллах хүч болж, нэгдлийн малыг өсгөлцсөн хэрэг. Мөн дүү нараа ч харж хандана. Тэгэхээр хүн, мал өсгөхөд тухайн үеийн хүүхдүүд их тус хүргэсэн байгаа биз (инээв)” хэмээн тэрээр хуучилсан.

Түүний хувьд бага балчраасаа морь унах дуртай төдийгүй аавынхаа морь уях эрдэмд суралцаж өсчээ. Харин хамгийн анх хэрхэн морь унаж сурсан тухай сонирхон асуухад “Монголчуудын хүүхдээ морь унуулж сургах нь үе шаттай байдаг. Аав минь намайг багад моринд мордуулж байсныг бүүр түүрхэн санадаг юм. Айдсыг нь арилгаж, адуу малтай ойртуулж байгаа хэрэг л дээ. Дараа нь 1968 онд таван настайгаасаа хааяахан моринд мордуулаад, хөтлөөд явна. Түүнээс хойш хурга, тугалын бэлчээрт явуулдаг байв. Гэхдээ ганцааранг нь явуулахгүй. Ах, эгчийг нь дагуулаад л явуулна. Бусдын адил ингэж л морь унаж сурсан даа. Ингээд бодохоор монгол хүүхэд морь унаж сурна гэдэг нь одоогийнхоор системтэй сургалт л гэсэн үг. Хэдэн жилийн дараагаас аавтайгаа хамт морь унаж, уяад, уургалаад л эхэлсэн. 1975 онд тавдугаар ангидаа дүүтэйгээ хамт хоёр морь уяж, хоёуланг нь айрагдуулсан сайхан түүх ч бий шүү. Харин өвгөдийн хэлээр “Унаагаа бүрэн юүлчихдэг болох үедээ л” оюутны ширээнд суусан юм. Гэхдээ одоо ч гэсэн морио унахгүй байгаа хөдөөний залуучуудын хажууд хавьгүй илүү гэдэгтээ итгэлтэй байдаг” гэсэн юм. Ийнхүү моринд ойрхон өссөн нь түүнийг хүний сэтгэлийг огштол, самсааг нь шархиртал морь тайлбарлах үндэс суурь нь болж өгсөн нь дамжиггүй. Түүний хувьд ч “Надад чи морь ингэж тайлбарлана шүү гэж хэн ч хэлээгүй.

Харин морь тайлбарлахдаа бэлэн байсан гэж боддог. Үүнд аавтайгаа хамт морь уяж, унаж өссөн минь хамгийн их нөлөөлсөн. Мөн аавынхаа найз нөхөд, нутгийн хөгшдийн яриаг шимтэн сонсдог байсантай минь ч холбоотой. Багад ээж минь “Миний хүү хониндоо яв” л гэнэ. Нутгийн өвгөчүүл манайд ирчихээд сонин, хачин хууч яриа хөөрөлдчихнө. Би хонинд явахгүйгээр, тэдний яриаг сонсоод л суугаад баймаар санагддаг сан. Тэд тааруухан ярьдаг байсан бол хэн ч шимтэхгүй нь лавтай. Эргээд бодох нь ээ яг сэтгүүл зүйн зарчмаар ярьдаг байсан байгаа юм. Тухайлбал нэг морины түүх ярихын тулд тэдэн оны, тийм улиралд, тэднийхийг тэр бууцанд байхад гэж ирээд л. Тэр гуайг байхад гэж нутгийн нөлөө бүхий хүнийг жишээ татаж байж өнөөх түүхээ ярина. Маш олон гэрчтэй, эх сурвалжтай гэдгийг нь баталж байгаа хэрэг биз. Ийм яриаг сонсож өссөн учир адууны удам угшил, үүх түүхийг хамтад нь ярьж хэлж сурсан гэж боддог” хэмээсэн юм.

Биднийг ийн ярих зуур түүний гэргий Г.Бямбацэрэн гэж зөөлөн дуутай, намбалаг эмэгтэй хоол, цай барилаа. МУБИС-д тэнхимийн эрхлэгчийн алба хашдаг түүний хувьд нэгэн ном бүтээхээр бусадтай хамтран ажиллаж байгаа учир ойрын үед тун завгүй байгаа аж. Гэсэн ч сонины сурвалжлагчид ирэх нь хэмээн ажлаа хойш тавин, цай хоол бэлдсээр биднийг угтсан нь энэ юм. Тэрээр “Миний хувьд Говь-Алтай аймгийн хүн л дээ. Багшийн сургууль төгсөөд их сургуульд таван жил сурч төгссөн. Төгсөөд Багшийн сургуульдаа багшаар үлдсэн л дээ. Тэр цагаас хойш тасралтгүй 26 жил Монгол Улсын багшийн их сургуульдаа ажиллаж байна. 16 жил тэнхимийн эрхлэгчийн албыг хашиж байгаа. Харин одоогоор эх хэлнийхээ эрдэмтэн мэргэдтэй хамтарч зөв бичих дүрмийг журамлах толь боловсруулж байна. Дэлхийн жишигт нийцсэн толь бичгүүдийг харж байгаад өвөрмөц толь гаргахаар зэхэж байгаа” гэсэн.

Л.Цагаандалай гуайн хувьд эхнэртэйгээ мөн адил МУБИС-ийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр дүүргэсэн. Энэ нь түүний бага ахуй цагаасаа түүх, утга уран зохиолд сонирхолтой байсантай холбоотой аж. “Лхаажав гэдэг айл 1970 онд Цагаандалай гэдэг хүнийг сургуульд сургахын тулд гэрээрээ сумын төв рүү нүүж байлаа шүү дээ. Суманд ойрхон буусан юмдаг. Эхэндээ сургууль руугаа морьтой явдаг байлаа. Сүүлдээ ч морь хураагдсан л даа. Өргөн сумын одоогийн цементийн үйлдвэр байгаа дэнж дээрээс сургууль руугаа гүйдэг болсон. Харин хоёрдугаар ангиасаа эхлээд сургуулийнхаа дотуур байранд амьдарч эхэлсэн. Ээж, аавтайгаа улиралд л нэг удаа уулздагсан. Одоогийн хүүхдүүд төсөөлөхөд бэрх л дээ. Миний хувьд түүх, монгол хэлний хичээлдээ их сайн. Тоондоо төдийлөн сонирхолгүй. Харин тавдугаар ангид орсон жил ээж маань тоонд нь сайн болгоно гээд Эрдэнэ сум руу нагац ах болох Монгол Улсын гавьяат багш Б.Бадарч руу явуулдаг юм байна. Бадарч ах их чанга багш л даа. Миний тоонд дургүйг ч хэлэх үү, “Тунгалаг тамир” уншаад л суучихна. Ах сүүлдээ “Тунгалаг тамир”-ыг минь ч хурааж авлаа. Даалгавраа хийгээгүй бол унтаж байсан ч хамаагүй босгож ирээд л тоо бодуулна. Харин зургадугаар ангид орох жилээ Бадарч ах намайг “загнадаг” гэж ээж, аавдаа худал хэлээд л зугтаасан. Наймдугаар ангиа Өргөндөө төгссөн л дөө. Төгсчихөөд хөдөөний хүн болохоо дөхсөн шүү. Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн хэрэг. Нутгийн ах нар илгээлтийн эздээс л мал эрж сурдаг байв. Уг нь бол надаас нэг жилийн өмнө л төгссөн хүүхдүүд байгаа юм. Гэтэл тэднийг нутгийн ах нар, өвгөд жигтэйхэн тооно. Өнөө илгээлтийн эзэд чинь гутлынхаа түрүүг эргүүлчихээд л орой үдшийн үзвэр үзнэ, том хүмүүсийн хажууд тамхи татна.

Цэргээс ирсэн ах нар бүр ч тэнгэрийн амьтад. Шинэ мотоцикль уначихсан, өргөн бүс бүслээд, хороомон гутал өмсчихсөн. Тэднийг харахаар л хөдөө эрх дураараа их гоё юм байна. Хөдөө л гарсан нь дээр юм гэж бодогдоод л. Эд нар шиг л хөдөө гарч, цэрэгт явъя гэсэн хүсэл дүүрэн. Тухайн үед ангиараа ч илгээлтээр гардаг байлаа л даа. Гэтэл улс даяар тэр жил нэг ч хүүхэд ХАА болон үйлдвэрлэл дээр гаргаагүй юм. Тэр бол 1978 оны төгсөлт юм. Бүгдийг нь ямар нэгэн сургууль төгсгөсөн. Ингээд 1978 оны наймдугаар сарын 16-ны өдөр оюутан болохоор гэрээсээ гарч байлаа. Ингэж л Монгол Улсын мэргэжлийн боловсон хүчинг анхлан бэлтгэсэн эрдмийн өргөө болох Багшийн сургуулийн өндөр босгыг давсан даа. Энэ сургуулийг Монголын сор болсон сэхээтнүүд болох Л.Түдэв, П.Хорлоо, Д. Цэвэгмид, Х.Баянмөнх, Н.Жанцанноров, Б.Шарав нар төгссөн байдаг. Багшийн сургуулийн жинхэнэ алтан үеийнхэн Б.Осор, Б. Сэвжид, Өлзийханд, Д.Батбаяр, А.Улаантөмөр, Г.Лхаахүү тэргүүтэй эрдэмтэд бидэнд хичээл зааж байсанд туйлаас олзуурхдаг юм. Тиймдээ ч багшийн мэргэжлийг чамгүй эзэмшсэн гэж боддог. Мөн сэтгүүл зүйн салбарт муугүй явахад минь их нэмэр болж байна даа” гэлээ.

Эх хэлээ эзэмшинэ гэдэг зөв сайхан бичиж, дүрэм цээжлэхээр хязгаарлагдахгүй. Айлд ороод хүнтэй зөв мэндлэх, янз бүрийн ааш, араншинтай хүмүүсийн эвийг нь олоод ажил, төрлөө бүтээчих зэрэг нь эх хэлээ муугүй эзэмшсэн хүний л хийж чадах зүйл хэмээн тэрээр онцлон хэлсэн.

Түүний хувьд Багшийн сургуулиа төгсөөд төрөлх сумандаа нэг жил багшилжээ. Аймгийнхаа эвлэлийн хороонд ч ажиллаад амжсан байна. Улмаар цэргийн албанд мордож, гурван жилийн алба хаажээ. Харин халагдах жилээ амьдралынхаа ханийг олсон байна. Энэ тухай гэрийн эзэгтэй “Цагаандалайгийн цэргийн рот, манай ангийнхан хамтран “АСТ” зохион байгуулсан юм. Тэгж л анх танилцаж байлаа. Гал голомтоо бадраагаад хэдийн 33 жил болжээ” хэмээн дурссан.

УБДС-ийн оюутан Л.Цагаандалай 1989 оны өвөл идэр есийн жавар тачигнаж байхад эхэлсэн ардчилсан хувьсгалын анхны жагсаал цуглаан, уулзалтуудад оролцож, түүний манлайд нь явсан гэдэг. Мөн МоАХ-ны анхны их хурлын төлөөлөгч. Гэргий Г.Бямбацэрэн “Ер нь манай хүн төдийгүй Дарь.Сүхбаатар маань тэргүүлээд манай Багшийн дээдийнхэн ардчиллын анхны дууч, тэмцэгчид байсан шүү. Би ч ханьтайгаа хамт жагсаал, цуглаанд давхар биетэй хэрнээ л оролцоод явдаг байлаа” гэв. Энэ тухай Л.Цагаандалай гуай “Багшийн дээд сургуулийн Түүх нийгмийн багшийн ангид орохоор элсэлтийн шалгалт өгсөн юм. Манай нутагт нийгмийн ухааны шалгалтыг нэг хууз сахалтай нөхөр авахаар ирсэн байлаа. Түүнийг МУИС-ийн багш С.Зориг гэдэг хүн гэж дууллаа. Хэдхэн сарын дараа эхлэх Ардчилсан хувьсгалын удирдагчид шалгалт өгч байснаа тухайн үедээ яаж мэдэх вэ дээ. Ингээд л дахин оюутны ширээнд суулаа. Өвөл нь оюутны амралтаар хадмуудтайгаа танилцахаар Алтай нутгийг зорилоо доо. Яг тэр үед Ардчилсан холбооныхон ч аймаг бүрт очиж уулзалт, цуглаан хийж байлаа. МоАХ-ны анхны зүтгэлтнүүд болох талийгаач Б.Галсандорж багш, “жижиг” хэмээх Д.Болд нартайгаа Говь-Алтай аймгийн засаг дарга Б.Пүрэв гэдэг хүнтэй бидний хэдэн нөхөд очиж уулзсан. Биднийг хүлээж авч уулзан, Алтай чуулгын байранд уулзалт хийхийг зөвшөөрч билээ. Энэ хүн маань Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Пүрэв генерал байсан юм шүү дээ. Ингээд л бодохоор Монгол Улсаа бусдын хараат байдлаас гаргах, үндэс угсаагаа сэргээх эрхэм зорилготой цагаан морин жилийн хувьсгалыг монголчууд дээр дооргүй халуунаар талархан дэмжиж байсан нь илт байдаг юм. Хурлын үеэр нутгийн ард иргэд дэмжих нь дэмжиж, бас шүүмжлэх нь шүүмжилж л байлаа. Харин нүүрний эгнээнээс хүрэн минчүү дээлтэй, шар дурдан бүстэй, өндөр бор залуу босож ирээд “Бид Говь-Алтай аймгийн Ардчилсан холбооныхон байна” гэж билээ. Тэр хүн нэрт сэтгүүлч Б.Галаарид минь байсан. Ингэж анх нэгэн хүсэл зорилгын төлөө нэгдэж, танилцаж байлаа даа. Жагсаал цуглааны үеэр миний үг хэлж байсан ганц, нэг бичлэг үлдсэн юм билээ. “Нэгдэлд мал хариулсныхаа хариуд авсан хөлсөөр миний ээж өрөөсөн гутал ч худалдаж авч чадахгүй байна” гэж ярьсан. Үнэхээр тийм л байсан даа. Энэ өндөрлөгөөс харахад үнэхээр сайхан байсан нийгмийг ийм болгочихсон гэвэл үгүй шүү. Би үүнийг хатуу хэлнэ. Ямартай ч би ардчилсан хувьсгалд оролцсноороо үнэхээр их бахархдаг юм” гэж хуучилсан.

Түүний хувьд 1992 оноос эхлэн МОНЦАМЭ агентлагт ажиллаж эхэлснээр хэвлэл мэдээллийн салбарт амьдралаа холбожээ. Төрийн соёрхолт Б.Догмид багш нь түүнийг хэвлэл мэдээллийн салбар луу хөтөлсөн байна. Шүлэг, өгүүлэл бичдэг учир түүнийг чадна хэмээн итгэсэн нь дамжиггүй. “Догмид багшийнхаа хэлснээр би МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээллийн хэлтсийн дарга Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Б.Бямбаа гэж ахтайгаа очиж уулзсан юм. Хувьсгалын музей рүү ороод мэдээ бичээд ир л гэж байна. Сонирхолтой зүйл юу байж болох вэ гэж их л бодлоо. Тайлбарлагчид нь ч үнэн учраа хэллээ. Гэтэл бурхан шашны зан үйлд ашигладаг “ганлин” гэх хөгжмийн сонин хачинг ярьж өглөө дөө. Эмэгтэй хүний шууны ясаар хийсэн хөгжим юм байна. Тэр тухай нь ч бичээд Б.Бямбаа ахад өглөө. Уншиж үзээд “Маргааш өглөө 11:00 цагт хүрээд ирээрэй” л гэв. Намайг явсны дараа “Би ойрд ийм мэдээ уншаагүй юм байна. Энэ хүүхдийг би ажилд авна” гэсэн гэдэг. Ингэж л МОНЦАМЭ агентлагтай амьдралаа холбосон түүхтэй юм” гэв. Харин тэрээр 1996 онд “ММ” агентлагт сурвалжлагчаар орсон байна. Ийнхүү телевизийн салбарт 22 жилийн турш тасралтгүй ажиллаж буй нь энэ ажээ.

Эднийд морины хазаар, цулбуураас эхлээд морьтой холбоотой дурсгалт зүйлс ч цөөнгүй байх аж. Тэр бүхнийг ихэд дээдлэн залсан байгаа нь молор эрдэнэ хэмээгддэг морио хэрхэн хүндэлдэг нь мэдэгдэх биз ээ. Энэхүү соёлыг түгээх их үйлс нь түүний ажлын нэг хэсэг төдийгүй, хүсэл зорилго нь болжээ. Ажлын нэг хэсэг хэмээн онцолсон нь тэрээр “Адуучин” нэвтрүүлгээрээ хэдийнэ морьтны соёлыг түгээн дэлгэрүүлж буй билээ. “Адуучин” нэвтрүүлэг бол хэн нэгний зохиол бол биш. Морьтны соёлыг цогцлоосон монголын ард түмний хэдэн мянган жилийн өмнөх зохиол байхгүй юу. Намайг үзэгч байхад ч “Адуучин залуучууд”, “Адуучид” гэсэн нэртэйгээр гардаг л байсан. Сүүлдээ телевиз рүү орж ирээд үндэсний спортын нэвтрүүлэг хийдэг болоод “Адуучин” нэвтрүүлгийг бүр баяжуулж хийхээр шийдсэн. Хамгийн гол нь олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн сүлжээнд оруулж чадсанаараа бахархдаг. Нэвтрүүлгээс гадна эмзэглэж явдаг нэг зүйл бий. Монголчууд бидний олон мянган жилийн түүхтэй морьтны соёл алдагдаж байгаад харамсдаг юм. Миний хувьд сүүлийн арваад жилийн турш энэ л толгойны өвчин болж байна. Морьтны соёл гэдэг нүүдэлчдийн соёлынхоо цөм нь байдаг. Үүн дээр л нүүдэлчдийн соёл оршдог. Үүнээс улбаалан монгол хүний үндсэн хөдөлгөөн, амьдралын хэвшлээс урган гарсан тэсвэр тэвчээр, ой санамж, оюун ухааны цар хүрээ, харааны баримжаа зэрэг алдагдаж байна. Бид үүнийг мэдрэх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ үүнийг эсэргүүцэж, хурдан морьдын уралдааныг өөр нүдээр харж байгаа хүмүүс тэрхүү ач холбогдлыг хэр мэддэг билээ гэж бодогдох үе ч цөөнгүй гардаг. Эрсдэл, эндэгдлийг тэр соёлын буруу мэтээр хараад байгаад учир бий. Морьтны соёлыг авч явах гэсэн хүмүүс байгаад зогсохгүй, ард түмнийг баясгаад байхад шүү дээ. Огт баясгадаггүй байсан бол хүмүүс үүнийг орхичих л байсан. Хүний эрхийн, хүүхдийн байгууллагын хүмүүс үүнийг хэр мэддэг юм бол гэж асуумаар байдаг юм. Олон улсын хүүхдийн байгууллага, Хүний эрхийн комисс, НҮБ-ээс хүүхдийг морь унуулж, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж байна гээд байгаа юм. Тэгвэл тэвчишгүй хөдөлмөр гэдэг нь хэдэн кг ачаа өргөх, хэр урт хугацаанд ажиллахыг хэлээд байна вэ. Тийм стандарт байна уу гэхэд үүнд хариулах хүн байдаггүй шүү” гэж тэрээр өгүүлсэн. Түүний энэхүү бодолтой ч эхнэр нь 100 хувь санал нийлдэг байна. Мөн өөрийн салбарын зарим зүйлсэд ч шүүмжлэлтэй ханддаг аж. “Дунд сургуулийн сургалтын хөтөлбөрүүд үр дүнгээ өгч эхлээгүй байхдаа л ойр ойрхон солигдож байгаад сэтгэл дундуур байдаг. Эх хэлний үгнүүд солигдсон гэх цуу яриа гарч олныг төөрөгдүүлж байгаа нь ч цаанаа ямар нэгэн учир шалтгаантай байхыг үгүйсгэхгүй. Эцэстээ энэ бүхэн нь ихэвчлэн гадны байгууллагын дэмжлэгтэйгээр өрнөдөг нь хачирхалтай” хэмээн түүний гэргий өгүүлсэн. Л.Цагаандалай гуай “Бид хоёр Монголын баруун, зүүн хязгаараас ерөөлөөр учирч Хан уулын ар, хатан Туулын хөндийд бусдын л жишгээр амьдарч байна. Биднийг өдий зэрэгтэй явахад олон түмний итгэл, сэтгэл өргөж, аав ээжийн маань буян заяа түшиж яваа гэж боддог оо. Ер нь хүнээс илүү гарч ойлж цойлъё гэхээсээ илүү салбар салбарынхаа ачаанаас л чадлын хэрээр таталцаж, олны үйлийг эрхэмд үзэн хойш нь чангаахгүй юм сан гэж бодож явдаг. Хүүхдүүддээ ч ийнхүү захьдаг даа” гэв.

Л.Цагаандалай гуайнх хоёр охин, нэг хүүтэй. Мөн хоёр зээтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Том охин Ц.Хонгорзул нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний залуучуудын 10 метрийн гар бууны төрөлд түрүүлж, эх орныхоо нэрийг дуурсгаж байсан билээ. Удаах охин нь уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр суралцаж байгаа бол хүү Ц.Амарбаясгалан нь долдугаар ангийн сурагч юм байна. “Том охин маань долоон настайгаасаа л аавтайгаа хамт үндэсний сураар хичээллэж эхэлсэн. Хоёр сар сур харваад улсын наадамд түрүүлж байлаа. Нийтдээ хоёр удаа түрүүлж, нэг удаа шөвгөрч, тусгай байранд шалгарч байсан. Мөн буудлагаар багагүй амжилт гаргасан шүү. Спортоор хичээллэсэн нь бие хүн болж төлөвших, тэвчээр хатуужилтай болоход нь юу юунаас чухал нөлөөлсөн. Аав нь төрмөл авьяасыг нь анзаарч, хөгжүүлж чадсан гэж боддог юм” хэмээн гэргий Г.Бямбацэрэн нь ярьсан. Энэ гэрт аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэгч нь тэдний хоёр зээ аж. Уулзаагүй хэд хоночихсон болохоор санаж байна гэж жигтэйхэн. Зургаахан сарын зөрүүтэй хөөрхөн хоёр хүү бий хэмээн тэд хайрлан, өхөөрдөн ярьцгаалаа.

Зан сайтай айлд хүн бүхэн цуглана гэгчээр биднийг хууч хөөрөн суух үед гэрийн эзний багын найз орж ирсэн юм. Л.Цагаандалай гуай найз Батболдыгоо “Манай том хүү орж ирлээ хэмээн” хошигноод амжив. Тэрээр “Манайд найзууд минь их цуглана. Зав л гарвал найзуудтайгаа эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялдаг. Хүйтний энэ үед зав зайтай бол орой үдэш хөзөрдөнө. Энэ мэт манайх хүн хөл ихтэй айл л даа. Урьд орон байрандаа орж амжаагүй байхад л ах дүү нарын минь хүүхдүүд хамт дагаад л явдаг байлаа. Эргээд бодоход урт богино хугацаагаар 40 шахам оюутан манайд амьдарсан байдаг юм. Одоо бүгд тусдаа гарчихсан сайхан амьдарцгааж байна. Бид хоёр үүнээс өөр юу хүсэх билээ” гэсэн юм.

Л.Цагаандалай гуайн хувьд хоёр жилийн өмнө Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм цол хүртэж байсан. Энэхүү баярт мэдээг хэрхэн дуулж, догдолж байсан тухай нь асуухад “Долдугаар сарын 7-ны өглөө Дорноговьд азаргаа сунгасан юм. Миний хонгор азарга их хурдан байсан шүү. Тэр өдөр ч шагнал авч байгаагаа дуулсан. Зарлиг уншиж байх үед нэг их огшсон доо. Гэхдээ 1978 оны наймдугаар сарын 16-нд гарсан тэр гал голомтдоо очихдоо л хамгийн их огшиж, нүдэнд нулимс дүүрсэн шүү. Аав, ээжийн минь халуунд халж, хүйтэнд хөрж байсан он жилүүд, бага балчир насны дурсамж, дурдатгал бүгд л нүднээ үзэгдсэн. Дээлийнхээ нэг ч товчийг товчилж чадахгүй болтлоо л огшиж, сандарсан гээд бод доо. Энэ гавьяа шагнал бол морьтны соёлоо дээдэлдэг монгол түмний маань их хүндэтгэл юм” гэлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Т.Эрдэнэбаяр: Хүмүүс одоо ч “Дэндэв ээ, уулын бугаа урамдаарай” гэдэг юм

Image result for Т.Эрдэнэбаяр

“Тусгай салаа” уран сайхны киноны Дэндэвийн дүрээр олонд танигдсан жүжигчин, дуучин Т.Эрдэнэбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би МҮОНТ-ийн Кино албанд ажилладаг шүү дээ. Орчуулгын кинонд ихэнх цагаа зарцуулж байна. Хувь уран бүтээл, дууны хувьд нэлээд хэдэн дуу шинээр хийлээ. Ирэх хавраас хуучин, шинэ дуунуудаа дүрсжүүлж цацахаар төлөвлөчихсөн байгаа.

-Таныг Дэндэв гэхээр л хүмүүс анддаггүй. Одоо ч таныг Дэндэв гэж дууддаг хэвээрээ юу?

-Хэвээрээ хэвээрээ. “Тусгай салаа” кино маань 2010 оны есдүгээр сарын 27-нд нээлтээ хийж байсан юм.

-Хэдэн ангитай билээ?

-60 ангитай.

-Тэр намар “Ааваа зорино” дуу тань ХИТ болж, шинэ жилээр та учиргүй их урилгад дарагдсан байх аа. “Өнөө Дэндэв чинь халтуур хийгээд саятан болчихож” гэж хүртэл сонсогдсон?

-Тухайн үед кино дэлгэцэнд гарснаас хойш би хүмүүсийн хувьд Эрдэнэбаяр биш Дэндэв болчихсон юм. “Ааваа зорино” дуу ч сонсогч, үзэгчдэд их хүрчихсэн байсан үе. Тэр жилийн шинэ жилээр урилга тасраагүй. Орой дөрөв, таван цагийн үед ажлаа тараад л цэрэг хувцсаа өмсч аваад урилгынхаа дагуу очиж дуулаад шөнө гэртээ 24, 01 цагийн үед орж ирдэг байлаа (инээв). Тэр үед миний талаар худлаа мэдээлэл их гарсан юм. “Дэндэв нэг дуугаа сая төгрөгөөр дуулж байна”, “1.5 саяар дууллаа” гэсэн дэгсдүүлсэн яриа их гарсан шүү. Би тэр үед нэг их үнэрхээд 500, 600 мянга, сая төгрөгөөр дуулж байгаагүй. Бусад дуучдын жишгээр л дуулсан. Их эрэлттэй байсан болохоор л миний талаар тийм дэгс яриа гарсан юм байлгүй.

Тэр дэгсдүүлсэн яриа нь явсаар нэгэн шар сонин дээр “Дуучин Т.Эрдэнэбаяр буюу Дэндэв шинэ жилээр дуулж 30 сая төгрөг олжээ” хэмээн гарч билээ. Тэр мэдээллийн мөрөөр татварын албанаас надтай холбогдож байцаалт авсан шүү дээ. Гэнэтийн орлого, ашгийнхаа 10 хувийг өг гэж. Би ч учир байдлаа тайлбарлаж тийм их хэмжээний мөнгө олоогүй гэсэн ч үгийг минь ойшоодоггүй. Тэгээд яахав би тэр үед цэнхэр дэвтэр нээлгээд сая хэдэн зуун мянган төгрөгийг татварт өгч байлаа.

-“Ааваа зорино” дуугаа одоо хэр дуулж байна?

-Дуулалгүй яахав. Миний ганц нэрийн хуудас шүү дээ. Хүмүүс “Дэндэв ээ, уулын бугаа урамдаарай” гэдэг ш дээ (инээв).

-Монголын дууны санд аавын тухай дуугаа үлдээж чадна гэдэг уран бүтээлч хүний хувьд том амжилт. Энэ дуу түмэнд хүрч, олны таашаалд хүрсний цаад нарийн учир чухам юундаа байсан юм бол оо?

-Манай буурал аавд зориулсан дуу л даа. Би өөрийгөө их азтай хүн юм даа гэж боддог юм. Миний буурал аавын буян заяа түшиж, хэдий бурхны оронд заларсан ч гэсэн намайг дээд тэнгэрээс ивээж зам мөрийг минь засч явдаг юм болов уу гэж боддог юм. Би Монголын Хүүхдийн ордны драмын дугуйланд явдаг байлаа. Багаасаа драмын дугуйланд яваад нүүр хагарчихсан гэх юм уу даа, бусад хүүхдийг бодвол. Алиа марзан зантай, аав ээж, эмээ өвөөгөө алиалаад инээлгэчихдэг тийм хүүхэд байсан юм. Буурал аав минь тэр үед “Миний хүү урлагийн мундаг хүн болно доо” гэж ярьдаг байсан юм. Миний буурал аав тэр бодлоороо одоо ч хүүгийнхээ зам мөрийг тэгшитгэж засч яваа юм болов уу гэж дотроо бодож үргэлж залбирч явдаг юм.

Манай нагац ахын аавдаа зориулж зохиосон дуу юм шүү дээ, “Ааваа зорино” чинь. Нагац ах Л.Отгонцэнд маань одоо Төв аймгийн Цээл суманд амьдран суугаа. Мянгат малчин залуу бий.

-Та “Хөх толбот хүмүүс” киноны гол дүрд тоглосон. Өөр кинонд бараг тоглосонгүй?

-“Хөх толбот хүмүүс” кино маань Швейцарийн Фрибург хотноо зохион байгуулдаг олон улсын кино наадмаас саяхан шагнал хүртсэн. “DOZ entertainment”-ийн уг бүтээл олон улсад үнэлэгдсэнд баяртай байгаа. Хамгийн сүүлд МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулсан “Сэтгэл мэднэ” гэдэг нэртэй хоёр ангит кинонд тоглосон доо. Энэ кино маань телевизийн ойгоор гарчихсан юм.

-“Тусгай салаа” киноны үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд Г.Өсөхбаяр аваргатай барилдаж буй гэрэл зураг тань одоо ч цахимаар явж л байна лээ?

-Ямар тайлбартайгаар.

-“Өсөхөө аварга Дэндэвтэй барилдаж байхдаа кинонд тоглож байгаагаа мэдээгүй юм билээ” гэсэн тайлбартай?

-Тийм тийм. Аварга кинонд тоглож байгаагаа мэдээгүй юм. Ерөөсөө хэлээгүй юм билээ. Найруулагч маань надад “Өсөхөө аварга ерөөсөө мэдэхгүй байгаа. Тийм учраас чи 30 секунд л тэсээдэхээрэй” гэж үүрэг өгсөн ш дээ. Унах нь тодорхой, 30 секунд л тэсээрэй. Камеруудаа байрлуулчихаад дохино. Ойчихдоо биш, барилдах гэж байгаа юм шиг, эрэмгий, хөдөөний эршүүд залуугийн байр байдлыг гаргаадах гэсэн. Өсөхбаяр аварга зүүн талаас магнайлаад гараад ирэхэд засуул маань цэцэрлэгийн хүүхдийг аав ээжид нь тушааж өгөх гэж байгаа аятай намайг тохойноос минь бариад аварга дээр аваачаад “Аварга аа, энэ таны учраа” гэж хэлж билээ. Би хоёр тийшээ киноныхоо камер руу харлаа. MNB гэсэн логотой камер, тусгай өмсгөлтэй зураглаач нараа хартал бэлэн болчихсон гэсэн дохио өгч байна. Тэгээд л би Өсөхбаяр аваргатай өрсөн дөө.

-Та тэгээд хэдэн секунд болсон юм бэ?

-Яг хэдэн секунд болсныг мэдээгүй. Тухайн үед өөрөө сандарчихсан байсан. Монгол Улсын аварга, арслан, заануудтай наадмын зүлэг ногоон дэвжээн дээр гарчихсан байхад бас их огшмоор юм байна билээ шүү. Тэр сайхан эрстэй нэг дэвжээн дээр гараад дэвээд шаваад явна гэдэг эр хүний бахархал юм байна гэж бодогдоод омогшоод бас сандраад жаахан тиймхэн л байсан. Тэгээд яахав найруулагчийнхаа зааварчилгааг авчихсан байсан болохоор аль болох хэлснээр нь хийхийг бодож тэсэхийг хичээсэн. Үнэхээр их сандардаг юм билээ. Тэгээд нэг мэдсэн чинь сэнжигний барьцаас барьж аваад гуд татаад л сэгсрээд намайг унагаачихсан шүү дээ (инээв).

Би сүүлдээ хугацаагаа сунгах гэж ухарч зугтаасан юм. Тэгсэн чинь Өсөхбаяр аварга маань хоёр гараа унжуулаад сул тавьчихсан өөдөөс ирж байна. Царай руу нь харсан чинь нэлээд ууртай байгаа бололтой. Аваргыг уурлуулж болохгүй гэж бодоод дайраад орчихсон чинь нэг мэдсэн тэнгэр харчихсан нь тэр.

-Цагаан сарын баяр дөхөөд хот хөдөөгүй баяртаа бэлдэж байна шүү?

-Монгол түмэндээ ирж байгаа нохой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай хэмээн ерөөл дэвшүүлье. Мөн Төв аймгийн Цээл сумын нутгийн зон олон, аав, ээж, буурал ээж Ж.Адьяадаа мэнд хүргэж, Сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж мэндчилж байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Удахгүй БНСУ-тай түншлэлийн гэрээ байгуулна

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д анхны айлчлалаа хийсэн. Тус айлчлалд 60 шахам компаний төлөөлөл орж цөөнгүй гэрээ хэлцэл байгуулжээ. Энэ талаар МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж эдийн засгийн уулзалтад оролцсон. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсоноосоо хойш анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхэлсэн. Өнөөдөр энэ улсад манай 44 мянган иргэн ажиллаж, амьдарч байна. Энэ утгаараа манайх энэ улстай эдийн засгийн томоохон харилцаатай гэж үздэг. Сүүлийн жилүүдэд болсон эдийн засгийн хямрал энэ тоог эрс өсгөсөн. Мөн энэ үеэр Солонгос Монголын форум болсон. Форумын үеэр өмнө нь гэрээ хийчихээд аваагүй байсан 200 сая ам.долларын зээлийн асуудлыг шийдсэн. Дээр нь БНСУ-аас нэмж 500 сая ам.доллар зээлэх гэрээ байгуулсан.

-Энэ ямар хүү, хугацаатай зээл вэ?

-Энэ зээл 30 жилийн хугацаатай жилийн 0.2 хувийн хүүтэй.

-Яагаад гэнэт ийм бага хүүтэй зээл бүтчихэв?

-Солонгос Монголын форум гэж бий. Хоёр талаас 15 хүн байдаг. Монгол Солонгосын худалдаа аж үйлдвэрийн танхимууд мөн Солонгосын парламент дахь Солонгос Монголын лобби бүлэг энэ зээлийг авахад бэлтгэл ажлыг маш сайн хангасан. Гэхдээ энэ гэрээнд ОУВС баталгаа гаргасан учраас л маш хурдан бүтсэн юм шүү.

-Өмнө нь гэрээ байгуулсан 200 ам.долларын зээлийг яагаад өнөөг хүртэл аваагүй юм бэ?

-2011 онд 300 сая долларын 30 жилийн хугацаатай, жилийн 0.2 хувийн байгуулсан юм билээ. Төслийн ТЭЗҮ дээрээ тохироогүйгээс өнөөг хүртэл аваагүй байсан. Аль аль талдаа асуудал гарсан байдаг. ТЭЗҮ-г өндрөөр хийгээд ашгаа авах сонирхол хөрөнгө оруулагчдад байдаг. Харин манайх бэлэн төсөлгүй болохоор өндөр үнэтэй ТЭЗҮ-г хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Харин сая харилцан ойлголцоод зээлээ өгөхөөр болсон.

-Зээлийг юунд зарах вэ?

-Өмнө аваагүй байсан 200 сая ам.долларыг арван аймагт дулааны цахилгаан станц шинээр байгуулахад зарцуулна. Яригдаж байгаа төслүүд бол гуравдугаар эмнэлгийн зүрхний эмнэлгийг байгуулах. Мөн МУИС-ийн төв байрнаас бусад байруудыг шинэчлэхэд 130-140 сая доллар хэрэгтэй. Тийм төслүүд яригдаж байсан.

-Том компаниуд юу сонирхож байна?

-Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой холбоотойгоор авиа компаниуд, бас ахуйн хэрэглээнд хий үйлдвэрлэдэг хийн компаниуд нэлээд сонирхож байсан. Ерөнхийдөө өмнөхийг бодвол нэлээд том төслүүд яригдаж эхэлсэн.

-БНСУ-тай стратегийн гэрээ байгуулах тухай яриа байна.

-Солонгос энэ тал дээр маш шургуу ажиллаж байгаа. Япон Солонгос улсууд өрсөлдөгч нар. Гэтэл нэг нь манайхтай наймаа хийхдээ татваргүй бол нөгөөхийнх нь өрсөлдөх чадвар буурна. Тийм учраас БНСУ манайхтай түншлэлийн гэрээ байгуулах сонирхол маш их бий.

-Ерөнхий сайд Солонгосын бизнесменүүдэд юу амлав?

-Амлах юу байхав. Өнөөгийн байдлаа тайлбарласан. Сүүлийн нэг жилийн эдийн засгийн сэргэлт бол эдийн засагт “шар тос” гэсэн үг шүү дээ. Нөгөө талаас компаниуд нэг тайлантай болсон. 33 мянган компани нэг тайлантай болсон учраас гадны компаниудын хөрөнгө оруулах итгэл нэмэгдэж байгаа юм. Орой нь зангиагүй уулзалт дээр бүр их мэдээлэл өгсөн. Солонгосууд шал өөр хандлагатай болсон байсан.

-Солонгосчууд юу сонирхож байна?

-Тэд түншлэлийн гэрээнд маш их ач холбогдол өгч байгаа нь анзаарагдсан. Ер нь бол том төслүүдийг сонирхож байгаа юм.

-Ямар том төслүүд?

-Төмөр зам, цахилгаан, дулааны станц гэх мэт төслүүд. Дээр нь том барилгын коропрациудын сүлжээ орж ирэх байх.

-Манай компаниудад ямар боломж байна?

-Би МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч болоод компаниудад “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг уриаг хэрэгжүүлж ирсэн.

Яаж?

-Компаниуд нэг тайлантай байх ёстой. Өмчийн засаглал зөв болох хэрэгтэй. Үүний үр дүнд 33 мянган компани 17 их наяд төгрөгийн бараа үйлчилгээг ил гаргасан. Энэ бол манай компаниуд арван тэрбум долларыг хүлээн авах чадамжтай болсон гэсэн үг. Одоо компаниуд банкинд өгдөг тайлангаа үзүүлдэг болсон. Хөрөнгө оруулагчид гарч явсан гол шалтгаан бол манай компаниудын тайланд итгэхгүй байсных.

-Компаниудын засаглал сайжирснаар ямар өөрчлөлт гарах вэ?

-Өмнө нь жижиг компаниуд л орж ирдэг байсан. Одоо бол том компаниуд Монголыг сонирхоод зогсохгүй хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдсэн.

-Айлчлалаас танай танхим ямар ашигтай ирэв?

-Танхим ашигтай гэхээсээ илүү компаниуд ямар ашигтай ирэв гэдэг нь чухал. Нийт 60 компани Ерөнхий сайдтай хамт явсан. Аливаа төрийн тэргүүнийг дагаж яваа компани тухайн оронд итгэл төрүүлэх боломж нээгддэг. Нэр хүнд нь өсдөг. Гэрээ байгуулах боломж нэмэгддэг.

-Манай компаниуд гэрээ байгуулсан уу?

-Би бүгдийг мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар нэг балетын сургуультай эмэгтэй ижил төрлийн байгууллагатай холбоо тогтоогоод жил бүр арван хүүхэд, харилцан солилцож, сургахаар болсон гэсэн. Нөгөө талаас манай жижиг компаниуд Солонгос Монголын форумыг сайн ашиглах хэрэгтэй.

-Хөрөнгө оруулагчид хэзээнээс Монгол руу ирэх бол?

-Эхнээсээ ирж байна. Намайг ирсэнээс хойш гурав хоногийн дараа манай форумаар дамжуулаад Солонгосын том хөрөнгө оруулагч ирсэн. Бас нэг бизнесийн сургуулийнхан ирж “Бид олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Монголоос ганц хоёр биш. Хэдэн зуун хүүхэд сургамаар байна” гэсэн. Солонгост олимп болох хойд аймгийн дарга ирж уулзсан. Аялал жуулчлал хөгжүүлэх бас тэнд монголчууд ажиллах боломж их гэж ярьсан. Ерөнхий сайдын айлчлал богино хугацаанд маш их үр дүнтэй болсон.

-Стратегийн гэрээ хийчихвэл ямар ашиг гарах бол?

-БНСУ жижиг, дунд үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна. Энэ үйлдвэрүүдийн технологи орж ирнэ. Манайхан энэ технологи дээр ажиллаад сурчихсан. Компаниудад маш том боломж нээгдэнэ. Өмнөх хэл аманд орчихоод байгаа БНСУ-ын ерөнхийлөгч эмэгтэй АСЕМ-ийн үеэр ирэхдээ түншлэлийн гэрээг эрчимжүүлэх үүргийг өгч байсан. Гэхдээ аль аль талдаа засаг солигдсон учраас жаахан асуудал гарсан байх. Одоо хоёр талаасаа эрчимжүүлээд удахгүй гэрээ байгуулагдах байх гэж харж байгаа.

-Ерөнхий сайд Солонгост айлчилсан нь зээлээс өөр ямар ашигтай вэ?

-Манай 44 мянган хүн ирсэн байгаа улсад айлчлах мэдээж тэдэнд нааштай хандлага төрүүлнэ. Дээр нь гаднаас хувь хүмүүсийн оруулж байгаа 220 сая ам.долларын ихэнх нь Солонгосоос ирж байна. Гэтэл бид олон жил энэ улсад төрийн томоохон айлчлал хийгээгүй байна. Түншлэлийн гэрээний сургаар солонгосын компаниуд Монголыг мэдээж илүү сонирхож эхэлнэ.

-Томчуул Солонгос явлаа гэж дуулддаг.

-Томчуул амралт, эмчилгээний журмаар их явдаг байж магадгүй. Тэрийг тооцох юм бол их байж магадгүй. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын төрийн айлчлал бол өөр л дөө.

-Ерөнхий сайд гитар тоглож, дуу дуулж баярласнаа илэрхийлээ юу?

-Үгүй, үгүй. Харин солонгосчуудад “Энэ үед 40 гаруй мянган иргэнийг ажлын байраар хангаж байгаад маш их баярлалаа” гэж хэлсэн. Энэ бол маш том улс төрийн соёл. Солонгосчуудад их гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн.

-Яагаад ийм бага хүүтэй зээл олдов?

-Ер нь зээлийн олон хэлбэр байдаг. Улс төрийн, стратегийн арилжааны гэх мэт. Хаанаас ямар хүүтэй олох нь эрх баригчдын овсгооноос л хамаардаг.

-Дотоодын банкны зээлийн хүүг буулгах ямар арга байна?

-Банкууд төрөлжих хэрэгтэй барилгын, хөдөө аж ахуйн гэх мэт чиглэлээр.

-Монголд орж ирэх 5.5 тэрбум долларын сургаар гадны хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож эхэллээ. Дотоодын компаниуд ямар бэлтгэл хангах ёстой вэ?

-Татварыг буцаагаад буулгасан. Ер нь дарга нар очиж мөнгө шийдэх нь удаан үргэлжлэх сайн арга биш. Банк, компаниудаа дэмжих хэрэгтэй.

-Одоогийн хямрал юунаас эхтэй вэ?

-2013-2014 онд бэлэн төсөл хөтөлбөр байхгүйгээр их мөнгө оруулж ирсэн. Түүнийгээ замбараагүй зарсан. Харин одоо энэ алдааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх давтах эрх байхгүй. Тийм учраас ОУВС энэ мөнгийг хянана. Судалгаагүй хөрөнгө оруулалт хямралыг төрүүлсэн байхгүй юу.

-Судалгаагүй гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Монголд дөрвөн цементийн үйлдвэр барьчихлаа. 16 махны үйлдвэрүүд байна. Бүгд ажиллаад эхэлбэл тал нь дампуурна.

-Дахиад татвар нэмэгдэх болов уу?

-Татвар 2016 онд 500 тэрбум, 2017 онд 1.3 их наядаар давсан. Энэ тохиолдолд татвар нэмэх шаардлагагүй.

-Юунаас болж татварын орлого нэмэгдэв?

-НӨАТ. Дахиад ч нэмэгдэнэ.

-Мэргэжлийн улсуудыг халсан гэсэн.

-Мэргэжлийн бус улсууд тавиад НӨАТ зогсонги байдалд орсон. Одоо хуучин ажиллаж байсан мэргэжилтнүүд буцаад ажилдаа орсон. Азаар тэр залуус Монголоос гараад явчихаагүй байсан. Одоо улирал болгон урамшуулал олгоно.

Х.БАТТӨГС