Categories
мэдээ улс-төр

Б.Хурцын гомдлоор Ж.Батзанданг шүүж, буруутай хэмээн үзжээ

батзандан зурган илэрцүүдӨнгөрсөн оны арванэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ж. Батзандан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Д.Энхбатын үхэлд буруутай хэмээн мэдэгдээд “Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой. Мөн С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлахгүй гурван хүнд ял өгсөн нь Б.Хурцын хийсэн ажил, түүнээс хүн болгон айдаг. Миний ээж ч айдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц” хэмээсэн юм.Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэр төрд халдсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгсөн бөгөөд “ямар хэлбэрээр мэдээлэл тараасан шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэсэн хүсэлт гаргасан байдаг.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх хэргийг шийдвэрлэжээ. Тодруулбал Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох хэргийг хэлэлцээд Ж.Батзанданг буруутай тус уучлал гуйх ёстой гэж үзжээ.

Categories
мэдээ улс-төр

Үе үеийн Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх харьцуулсан судалгаа

Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар 2016 онд байгуулагдсан Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган өндөрлөөд байна. Энэ удаагийн Улсын Их Хурал өнгөрсөн хугацаанд 2016 оын намрын, 2017 оны хаврын, 2017 оны намрын гээд гурван удаагийн ээлжит чуулган хийгээд байгаа билээ.Үе үеийн Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар олон нийтэд тоймтой ойлголт, тодорхой мэдээлэл өгөх үүднээс тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны гурав дахь чуулганы үйл ажиллагааг эхний гурван удаагийн чуулганы зарим тоо баримттай харьцуулсан судалгааг толилуулж байна. Энэхүү судалгаанаас Та бүхэн энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны эхний гурван удаагийн ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн тоон үзүүлэлт, гишүүдийн хуралдаанд оролцсон ирцийн байдал, Улсын Их Хурлын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбоотой баримт мэдээллийг 2004 оноос хойших Улсын Их Хурлын үйл ажиллагаатай харьцуулсан судалгаатай танилцах болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол данжуур”-ын гэрэлт хөшөө юнескод бүртгэгджээ

Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй “Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөө ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгджээ. Энэхүү гэрэлт хөшөө нь “Монгол Данжуур”-ын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар үнэ цэнэтэй юм. Гэрэлт хөшөөний түүхийг өгүүлбээс Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга С.Жамъян Өвөрмонголын Цахарын Хөшөөний сүмд хадгалагдаж байсан монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсад залж үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг 1924 оны аравдугаар сарын 28-нд Наянт вантай байгуулж, монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлджээ. Ингээд уг гэрээ ёсоор монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсын нийслэлд залж ирсний дурсгал болгон 1929 онд гэрэлт хөшөөг босгосон түүхтэй. Монголын музейн анхны дарга “чөтгөр” хэмээх Н.Дэндэв С.Жамъян гүнтэй тохиролцсоны дагуу “Монгол Данжуур”-т зориулсан хөшөөг урлан бүтээсэн байна. Тэрээр гайхамшигтай хурдан хуулбарлан зурдаг байснаас гадна чулуун сийлбэр хийхдээ гарамгай хүн байжээ. Монгол Улсын үндэсний номын санд хадгалагдаж буй монгол шунхан “Ганжуур”, “Данжуур” 1995 онд Монголын хосгүй үнэт дурсгалын жагсаалтад орсон бөгөөд шунхан “Данжуур” нь 2011 онд ЮНЕСКО-гийн дэлхийн баримтат өвд бүртгэгдсэн Монголын анхны бүтээл болсон юм. Тэгвэл уг хосгүй бүтээлд зориулсан гэрэлт хөшөө мөн ийнхүү ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: УИХ-ын гишүүд хариуцлагаа сайжруулах хүсэлтэй л бол миний өргөн барьсан хуулийн төслийг анхаарч үзэх ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. Энэ удаагийн намрын чуулганыг та хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ. Эрх баригч МАНынхан Засгийн газраа шинээр байгуулсан гээд бас ч гэж улс төрийн нөхцөл байдлын хувьд донсолгоотой л чуулган боллоо

-Энэ удаагийн намрын чуулган амаргүй цаг үеийг даван тууллаа. Хуучин Засгийн газраа унагаж, шинэ Засгийн газар байгуулсан. Шинэ Засгийн газрыг амаргүй нөхцөлд байгуулсныг манайхан мэдэж байгаа. Одоо ч гэсэн өнөө л сандал ширээ тойрсон утгагүй яриа үргэлжилсээр л байна. Энэ бүхэн яахав ээ, намын дотоод асуудал гээд орхиё.

Ер нь УИХ-ын намрын чуулган хэлэлцэх гэсэн асуудлуудаа бүрэн дүүрэн хэлэлцэж чадсан. Засгийн газрыг ажиллах нөхцөл боломжоор хангахын тулд бид хэрэгтэй гэсэн хууль тогтоомжуудыг нь баталлаа.УИХ-ын чуулган үүргээ биелүүлж чадахгүй байна, сахилга хариуцлагагүй байна гэсэн шүүмжлэлүүд иргэдийн зүгээс гэсэн хаяган доор ирж байна. Энэ шүүмжлэлүүд дотор үнэн зүйл байлгүй л яахав. Давсалж хачирлаад улс төр болгож байгаа яриа ч байгаа. Аль аль талаас нь аваад үзэхээр УИХ ч, Засгийн газар ч намрын чуулганыг үр дүнтэй өндөрлөлөө гэж бодож байна.

Үр дүнг нь би эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдээр нь хэлж байгаа юм. Монгол Улсын эдийн засаг таван хувь хүртлээ өсч, валютын нөөц гурван тэрбум ам.доллар, гадаад худалдааны эргэлт 10,5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл нь 1,9 тэрбум ам.долларын ашигтай гарч, 2016 онтой харьцуулахад 19,7 хувиар сайжирсан байх жишээтэй.Сүүлийн дөрвөн жилд анх удаагаа төсвийн орлого давж биелсэн. Зээлжих зэрэглэл нэмэгдсэн, хоолойд тулсан өр авлагаас холдож чадсан гээд яриад байвал УИХ, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа зөв явсны илрэл шүү дээ.

-УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс “Их хурал хэлэлцэх асуудалгүй болсон байна. Тарах хэрэгтэй. Орж ирж буй хуулийн төслүүд нь түүхий байна. Их хурлаар Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ямар ч хууль орж ирээгүй” гэж шүүмжилдэг л дээ

-Ардчилсан намын бүлгийн гишүүдийн ярьж буй зүйлсээс авах зүйл бий, хаях зүйлс ч бий. Ардчилсан намынхны ярьж буй зүйлсийн дийлэнх нь гарц шийдэл, гаргалгааг олъё гэхээсээ илүүтэй улс төржөөд байна л даа. Улс төржлөө гээд тэдэнд буруу өгөөд байх юм алга. Гэхдээ эдийн засаг амаргүй байгаа энэ үед, эдийн засагт эерэг өөрчлөлт бий боллоо гэж ярьж байгаа ийм цагт бид улсаа бодож үгээ хэлж байх ёстой.

Манай эдийн засагт одоогоор нааштай зүйл гарч байгаа ч тун хэврэг, эмзэг байгаа шүү. Хэн хэнийгээ харлуулах гэж яриад яахав дээ. Хоёр хар хэрээ хэн хэнийхээ харыг гайхав гэгчээр “Чи тэгсэн, би ингэсэн” гэдгээ больчих хэрэгтэй. Уг нь үүнийгээ больцгооё гэж яриад байгаа ч цагаа тулахаар өнөөх л би, чи-гээ яриад унадаг. Өөрсдөө энхийн цагаан тагтаа эрх баригчид хар хэрээ болдог ийм яриагаа больчих хэрэгтэй байгаа юм. Засгийн газрын түвшинд бодитой эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх хуулийн төслүүд өргөн барьсангүй гээд байгаа л даа. Засгийн газрын хувьд бодитой томоохон хуулийн төсөл оруулаад ирэх цаг хугацаа нь хомс байсан.

-Гэхдээ 100 хоногийн тайлан гэж сүртэй юм болсон. Үүнийхээ оронд хуулийн төслөө бэлдэх л ёстой байсан юм биш үү?

-Улс төрийн донсолгоон дунд явсаар байгаад таарсан. Харин чуулганы төгсгөлд Хувь хүний орлогын албан татварын гурван шатлалыг буцааж нэг шатлалтай, тэтгэврийн насыг сонголттой болгох гээд ОУВС-тай тохирсон гэрээнийхээ хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг оруулсан. Өнгөрсөн оны төсөв гайгүй батлагдсан гэж ойлгоод байгаа. Тухайлбал, сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг байдлыг зогсоохоос эхлээд шаардлагатай хөрөнгө мөнгийг нь суулгаж өгч чадсан. Одоо харин ярьж буй зүйлсээ ажил хэрэг болгох хэрэгтэй. Эцсийн дүндээ ард түмэн телевизээр хэн ямар юм ярив гэдгээр дүгнэхгүй. Үр дүн хэрхэн гарав, иргэдийн амьдралд ямар дэм болов гэдгээр л ажил хийсэн үгүйг дүгнэнэ. Тиймээс би Засгийн газрынханд “Бага ярьж, их хий. Хийх гэж байна гэсэн пи араа багасга” гэдгийг хэлсэн. Тэгэхгүйгээр “Бид ингэнэ, бид тэгнэ” гээд яриад л байвал нийгмийн хүлээлтээ дийлэхгүй шүү дээ, Засгийн газар. Тийм учраас нийгмийн хүлээлт, хийж буй ажилтайгаа уялдуулж бүх зүйлээ барьж ажиллах нь хамгийн чухал. Гэхдээ социализмын үед ярьдаг байсан ам ажлын нэгдлийг хангах нь хамгийн чухал асуудлын нэг болоод байна.

-Засгийн газрын зүгээс “Бидний оруулсан хуулийн төслийг Их хурал унагаад байна” гээд байгаа. Тухайлбал, Улсын бүртгэлийн тухай хуулийг Засгийн газарт буцаасан. 65 суудалтай олонхийн бүлэг засгаа дэмжихгүй болохоор ажил цаашид урагшлах юм уу?

-Олон хууль унаад байсан зүйл байхгүй. Улсын бүртгэлийн тухай ерөнхий хууль манай хамгийн чухал хуулиудын нэг боловч унагаачихсан бүлгийн гишүүдээ ойлгоогүй. Ер нь юмыг шүүмжилж өөлөх амархан. Аль ч өнцгөөс шүүмжилж болно. Харин бүтээнэ гэдэг хамгийн хэцүү. Тиймээс Засгийн газар хуулин дээрээ ажиллаад дахиад оруулж ирэх байх. Засгийн газраас эдийн засагтай холбоотой чухал хууль оруулж ирснийг нь Их хурал дээр унагаад байсан юм байхгүй.

-Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавьсан. Засгийн газрын үйл ажиллагаан дээр та ямар бодолтой яваа бол. Та ч гэсэн валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрлээ, төсвийн орлого давлаа гээд нааштай зүйлс ярьсан. Энэ бүхэн нь Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн өнөөдөр гарч байгаа юм биш үү?

-Бид шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо гарч буй жаахан эерэг өөрчлөлтүүд гарцаа байхгүй өмнөх Засгийн газартай холбоотой. У.Хүрэлсүхийн Засгийн газар гараад муу ажиллаж байна гэж хэлэх эрт байна. Ямар ч байсан эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтүүдийг цааш нь сайжруулах, зөв бодлого авч хэрэгжүүлж байна гэдэг нь харагдаж байна. Цаашаа зөв явах байх гэдэгт итгэж байгаа шүү.

-Намрын чуулганы хугацаанд бүлгийн гишүүд хэр ажилласан бол. Бүлэг дотроо 32, 33 гээд хоёр хэсэг хуваагдчихлаа гэдэг яриа нэг хэсэг эрчээ авсан шүү дээ

-Энэ яриа өнөөдөр ч гэсэн яригдаж байна. Гэхдээ бодит амьдрал дээр тийм биш. Нөхцөл байдал өөр байгаа шүү. Бүлгийн гишүүд намрын чуулганы хугацаанд чадлаараа л ажиллалаа. Ялангуяа утаатай холбоотойгоор шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой санал хэлсэн. Энэ бүхэн дээр ажлын хэсэг гаргаад нэлээд ажилласан. Засагтайгаа нийлж ямар шийдэл гаргах вэ гэж нэлээд явлаа. Нийгэмд бугшаад буй хууль бус зүйлсийг ил болгох, хариуцлага хүлээлгэхийг шахаж шаардаж хяналт шалгалт хийх чиглэлээр шахаж ажиллаж байгаа зүйл бий. Энэ бүхнийг юу ч хийгээгүй, юу ч чадахгүй, мэдэхгүй байна гэдгээр хаацайлж болохгүй. Манай 65-ын бүлэг хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа. Ялангуяа сүүлийн үед манай гишүүдийн идэвх сайжирч байгаа шүү.

УИХ-ын ирцтэй холбоотойгоор өөрсдөдөө нэлээд шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Анзаарсан бол Их хурлын чуулган өглөө таван минутын хоцрогдолтой л нээж байна. Өмнө нь нэг цагаар хүртэл хоцорч эхэлдэг байсан шүү дээ. Цаашид Их хурлын ирцийг улам нэмэгдүүлэх, гишүүдийг хариуцлагажуулах хүрээнд УИХ-ын Дэгийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар би төсөл өргөн барьсан. Хаврын чуулганы эхэнд хэлэлцээд явна гэж бодож байгаа.

-УИХ-ын Дэгийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжих болов уу. Манай гишүүд хариуцлага хамгийн их ярьдаг ч өөрсдөө хамгийн хариуцлагагүй хүмүүс байдаг. Хуулийн төсөлд эгүүлэн татах хүртэл асуудлыг суулгаж өгсөн байна лээ?

-Хүн хариуцлагатай байя гэвэл өөртөө тавих шаардлагаа л нэмэгдүүлэх хэрэгтэй. Яагаад би уг хуулийн төслийг бусад гишүүдтэй хамтралгүй ганцаараа өргөн барьсан бэ гэвэл УИХ-ын гишүүд хариуцлагаа сайжруулах хүсэл эрмэлзэл байна уу, үгүй юу гэдгийг л харах гэж байгаа юм. Үнэхээр хариуцлагаа сайжруулах хүсэл байвал миний өргөн барьсан хуулийн төслийг улам сайжруулж анхаарах ёстой. Нэмэх зүйлсээ нэмж, хасах зүйлээ хасаад хариуцлагын тогтолцоогоо улам чанд болгох тал руугаа явах ёстой. Тэгэхгүй бол одоо байгаа шигээ ингээд задгай яваад байж болохгүй.

-Ямар нөхцөлд гишүүний эгүүлэн татах асуудал хөндөгдөхөөр тусгагдсан бэ?

-Байнгын хороо болон чуулганы хуралдааны нийт хуралдсан цагийн гуравны нэгээс дээш хугацаагаар хүндэтгэх шалтгаангүйгээр хурал тасалсан буюу байхгүй байсан тохиолдолд эгүүлэн татах үндэслэл болно.

-Гишүүдээ хариуцлагажуулах бүлгийн даргын нэг алхам гэж ойлгож болох уу?

-Санаачилга гэж ойлгож болно.

үүлийн үед Засгийн газрын хийсэн чухал ажлын нэг нь Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авлаа гэдэг яриа. Харамсалтай нь өнөөдөр 51 хувь нь Өмнөд Африкийн Стандарт банкны барьцаанд байна гэх юм. Арбитрын шүүх дээр ялагдаж Эрдэнэт үйлдвэр 103 сая ам.доллар төлөх ёстой гэдэг шийдвэр гарсан байна лээ. Хувь хүний авсан зээлийг Эрдэнэт үйлдвэр төлөх нь зөв юм уу. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үг хэлэхдээ эзэн нь тодорхой зүйл дээр хариуцлага тооцохгүй байна гэж байсан шүү дээ?

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авлаа гэдэг шийдвэр гарсан. Бодвол Засгийн газар шинээр ТУЗ-ийг нь томилоод үйл ажиллагаа нь явагдаж байгаа байх. Стандарт банкны хувьд надад тодорхой мэдээлэл алга. Эцсийн бүлэгтээ энэ чинь Эрдэнэт Стандарт банк хоёрын хоорондын асуудал. Арбитраас ямар шийдвэр гарахаас хамаараад дараагийн зүйлсийг ярих байх. Түүнээс биш баримттай мэдээлэлгүйгээр олон нийтэд хэлээд байх зүйл алга. Ерөнхийлөгч уг нь чуулганы хуралдаанд үг хэлэхдээ баримттай зүйл ярих шиг болсон. Үүнийг тодруулж асуугаад яриа хөөрөө өрнүүлэх юм болов уу гэсэн чинь гараад явчихсан. Ямар зорилготойгоор сошиалаар яваад байгаа зүйлсээр мэдээлэл хийдэг юм бол. Асуулт асууя гэхээр “Би уулзалт зохион байгуулсан байсан юм” гээд чуулганаас гараад явсныг үнэхээр ойлгосонгүй.

өрийн тэргүүн “Их хурал хариуцлагагүй ажиллаж байна гэж иргэд ярьж байна” гээд парламентыг тараах асуудлыг хөндчихөөд гарсан. Их хурал яадгаа алдчихсан хүндхэн байгаа юм уу?

-Нарийн хэлбэл улс төр л яваад байна. УИХ тарах хэмжээнд хүртлээ дампуурчихаад байгаа юм алга. Зарим гишүүдийн ёс зүйтэй холбоотой хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа. Ирцтэй холбоотой асуудал нийгэмд нэлээд дургүйцэл төрүүлсэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Засч залруулах ёстой. Харин УИХ-ыг тараах асуудлыг Ерөнхийлөгч чуулган дээр орж ирж хэлэхдээ “Намайг мушгин гуйвуулж байна. Тийм санаачилга иргэдээс гарч байна” гэж ярьж байна лээ. Өмнө нь чуулган дээр орж ирэхдээ “Утаанаас салахгүй бол би өөрөө санаачилаад Их хурлыг тараах асуудлыг ярина шүү” гээд уриалан дуудаад байсан. Түрүүн би хэлсэн ам ажлын нэгдэл дээрээ Ерөнхийлөгч нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа байлгүй дээ.

Энэ бүхэн ганцхан УИХ-ын үйл ажиллагаа руу чиглээд байгаа юм биш. Ерөнхийлөгч рүү, Засгийн газар руу ч ялгаагүй чиглэгдэж байгаа. Төрийн гурван том институци гэдэг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшинд ажлынхаа уялдааг хангах, Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлага бий. Хэн нь ямар ажил хийх гээд байгаа нь тодорхойгүй бизенс яривал бүгд бизнес яриад, сахилга хариуцлага яривал бүгд сахилга хариуцлага яриад яваад байх юм бол байж болохгүй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үндсэн үүргийг Үндсэн хуулиар заагаад өгчихсөн байна. Үүнийгээ ягштал мөрдөж байж үр дүнд хүрнэ.

-Та Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Уг хуулийн төслийг сая хэлэлцэлгүй хаврын чуулганаар хэлэлцэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо шийдчихлээ. Заавал хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан юм уу?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Маш олон уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан. УИХ-ын гишүүд, Нийслэлийн удирдлага, үе үеийн удирдлагуудын түвшинд, дүүргүүдээр хэлэлцүүлэг хийгдсэн. Мэдээж хуулийн төслийг боловсруулахад Нийслэл онцгой үүрэгтэй оролцсон нь үнэн. Үүн дээр засч сайжруулах зүйлс бий. Ямар ч байсан хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулж засах гээд явж байгаа нь дэвшил тийм учраас хүйтэн нойтон гэдэг талаас нь биш нэгэнт өргөгдөн баригдаад хэлэлцэх эсэхээ шийдчихсэн хуулийг сайжруулж байж бид гаргах л ёстой.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар санхүүгийн асуудлаа бие даан шийддэг болж байгаа юм билээ. Гэхдээ нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан агаар, ус, хөрсний бохирдлыг шийдэх тал дээр юу тусгагдсан бол. Төрийн тэргүүн бол дагуул хот байгуулах санаачилгаа хэлчихсэн шүү дээ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хувьд бие даасан байдлыг хангах, хороо, дүүргүүдийг бие даалган ажиллуулах, дагуул хотын статусыг тодорхой болгох, дагуул хоттой болох гээд олон зүйл уг хуульд туссан. Ямарваа хүнд ажил хийх боломжийг хуулиараа олгох ёстой. Хуулиар бүх зүйлийг хаачихаад ажил хий гээд байвал хэцүү. Өнөөдрийн баг, хорооны даргын зовлон энэ шүү дээ. Ямар ч санхүүгийн эрх мэдэлгүй баг, хорооны Засаг даргыг муу ажиллаж байна, хөгжүүлж чадахгүй байна гэдэг. Үндсэндээ тэд чинь төрийн зараалын морь шиг иргэний бүртгэл энэ тэртэй л ноцолддог. Шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй учраас үүнийг нь олгохын төлөө ажиллаж байгаа. Бид уг хуулийг засч залруулж байж гаргах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

С.Гантөр: Ч.Санжаадамба аваргын бэлтгэл онцгой сайн байгаа

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанууд эхлэхэд хоёр долоо хоногийн л хугацаа үлджээ. Энэ жилийн сар шинийн барилдаанд ямар бөхчүүд өнгөлж барилдах магадлал өндөр байгаа талаар МҮБХ-ны менежер, үндэсний бөхийн улсын ахлах тайлбарлагч С.Гантөртэй ярилцлаа.


-Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг сар шинийн баяр эхлэхэд хоёр долоо хоногийн л хугацаа үлджээ. Монголын Үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярт зориулсан цуврал барилдаануудыг зохион байгуулдаг. Эдгээр барилдаанууд хэзээнээс эхлэх вэ?

-“Бөхийн баяр” нэртэй цуврал барилдааныг 2008 оноос хойш МҮБХ-оос жил бүрийн цагаан сараар зохион байгуулж байгаа. Монголчууд үндэсний баяр Цагаан сараа шашинтай холбож үздэг. Тиймээс цуврал барилдаануудаа бурхны шашны төвүүдтэй хамтарч зохион байгуулдаг. Хоёрдугаар сарын 11-нд аймаг цэргийн цолтнуудын барилдааныг “Зүүн хүрээ” хийдийн “Майдар бурхан”-ы авшиг түгээх баяр нэртэйгээр зохион байгуулна. Харин 12-нд нь сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааныг “Таривлан” хийдийн “Ханд бурхны авшиг түгээх баяр” нэртэйгээр зохион байгуулахаар тогтсон. Дараа өдөр нь аймаг цэргийн начин цолтнуудын барилдааныг “Мамба дацан” хийдтэй хамтарч хийнэ. аймаг цэргийн начингууд барилдах бөхийн тооноос шалтгаалаад хасагдах тохиолдол олон гарсан.

Үүнийг харгалзаж үзээд зориулсан тусдаа барилдааныг зохион байгуулах шийдвэрийг МҮБХ-оос гаргасан. 14-нд нийтийн монгол болон өсвөр бөхийн барилдаан болно. Энэ барилдаанд ямар нэг бөхийн спортоор хичээллэдэггүй хэн ч ирээд хүч үзэх боломжтой. Харин 15-нд улс аймгийн алдар цолтнуудын уламжлалт барилдаан болно. Үүнд нэг зүйлийг тодотгоход улс аймгийн цолтнуудын барилдааныг 12:00 цагаас эхлүүлэхээр тогтсон байгаа. Өмнө нь 14:00 цагаас эхлүүлдэг байхад барилдаан дундуур шагнал урамшуулал гардуулах зэрэг олон үйл ажиллагаа явагддаг учраас оройны 22:00 цаг хүртэл үргэлжлэх тохиолдол гарч байсан. Одоо “Бөхийн өргөө”-нд ирсэн үзэгчид 20:00 цаг өнгөрөөд гэр гэртээ харьж битүүрнэ.

-Сумын цолтнуудын барилдаан их үр өгөөжтэй барилдаан шиг санагддаг. Улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш гээд хүчтэнүүд энэ барилдаанаас л амжилтын гараагаа эхлүүлж байсан шүү дээ?

-Сумын цолтой бөхчүүдийн барилдааныг анх 2010 оноос “Спирт бал бурам” компанитай хамтарч зохион байгуулж эхэлсэн. Тэр үед сумын заануудын барилдаанд ид барилдаж байсан залуусаас төрийн наадмын түрүү бөх тодорсон байна.

Сургалтын чанартай энэ барилдаанд бөх болох сууриа зөв тавьсан улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Бат-Эрдэнэ, улсын начин Б.Чимэдвандан, Э.Даш гээд залуучууд баяр наадмын өндөр даваанд босох бөхийн тааварт л яригдаж байна даа.

Сумын цолтнуудын барилдааныг зохион байгуулж эхэлсэн цагаас хойш энэ залуус маань улсын цолтнуудыг нэг, хоёрын даваанд таарч өвдөг шороодуулж эхэлсэн нь энэ барилдааны үр дүн. Өөрөөр хэлбэл илүү өрсөлдөөнтэй болгож байгаа хэрэг. Дээр үед нэг хоёрын давааны учраагаа улсын цолтнууд дугтраад, дугтраад л туг тойрдог байсан.

-Бөх сонирхогчид сар шинийн барилдааны тааврыг дор бүрээ л дэвшүүлж суугаа болов уу. Бөхийн “гал тогоо”-нд байдаг хүний хувьд өнөө жилийн сар шинийн барилдааны өнгийг яаж харж байна вэ?

-Өмнө нь бид таавар хэлбэрээр л “тэр сайн барилдах болов уу” гээд хардаг байлаа шүү дээ. Өнгөрсөн намраас хойш Монгол бөхийн өргөөнд зохиогдсон барилдаануудад тогтмол сайн барилдаж чансааг тэргүүлж байгаа бөхчүүд л сар шинийн барилдаанд дээгүүр барилдах магадлал өндөр гэж харж байна даа. Чансаа гэдэг маань барилдаж байгаа бөхчүүдийн амжилтыг л оноогоор дүгнэсэн зүйл. Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан чансааг өнөөдрийн байдлаар Ховдын улсын харцага Б.Бат-Өлзийтэргүүлж. О.Хангай харцага хоёрдугаарт, улсын гарьд Ө.Бат-Орших гуравдугаарт, улсын заан Н.Жаргалбаяр дөрөвдүгээрт, улсын арслан Н.Батсуурь тавдугаарт, улсын заан Б.Пүрэвсайхан зургаадугаарт, улсын харцага Т.Баасанхүү долоодугаарт тус бүр тэргүүлж байна. Магадгүй эдгээр бөхчүүд дунд сар шинийн барилдааны түрүү, үзүүрийн бөхчүүдийн нэрс байгаа байх. Дээр нь П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва гээд арслангууд өнгөнд барилдах болов уу.

-Өнгөрсөн жил улсын аварга Ч.Санжаадамба сар шинийн барилдаанд гурав дахь удаагаа түрүүлсэн. Энэ жилийн тухайд аварга яаж барилдах бол таны бодлоор?

-Цөөхөн барилдсан барилдаануудыг нь ажиглахад их сайн бэлтгэлтэй байгаа нь харагдаж байсан. Магадгүйдөрөв дэх удаагаа түрүүлээд зогсож байхыг үгүйсгэхгүй. Би өнгөрсөн жил сар шинээр аваргыг барилдахад нь бэлтгэл нь тийм сайнгүй байна уу даа гэж харж байсан. Улсын аварга цол хүртээд найр наадам ч их л байсан байлгүй. Энэ жилийн тухайд өнгөрсөн жилийнхээс ч илүү бэлтгэлтэй байгаа.

-Бөх сонирхогчдын анхаарлын төвд байгаа хүчтэн бол Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай. Харцага нэг барилдаанд түрүүлчихээд дараагийн барилдаанд нь доогуур даваанд өвдөг шороодож байгаа харагдах юм. Энэ юутай холбоотой вэ?

-Олон шалтгаан байдаг болов уу. Нэг барилдаанд түрүүлчихээд нөгөөхөд нь доогуур уначихъя гэдэггүй нь ойлгомжтой байх. Ид сайн барилдаж байгаа залуу бөхчүүд доод цолтнуудынхаа барилдааныг үзэж судлах шаардлагатай юм шиг санагддаг. О.Хангай л гэхэд санаанд оромгүй мэхнүүдэд орж унаж байгаа болохоос биш бярдуулж унаагүй шүү дээ. Энэ залуу ямар мэх хийдэг билээ, аль талтай билээ гэдгийг мэдэхгүйгээс л гэнэдэж өвдөг шороодож байгаа нь харагддаг. Магадгүй амны залуу бөхчүүдийнхээ барилдааныг үзэж судлахгүй байж болох юм. Б.Бат-Өлзий харцага заалны барилдаануудыг алгасалгүй ирээд үзээд сууж байгаа харагддаг. Тийм ч учаас амны залуу бөхчүүдэд нэг ч унаагүй байгаа. Нөгөө талаар бөхийн өргөөний барилдаанд сул бөх барилдахаа больж ээ. Бүгд л ханасан бэлтгэлтэй залуучууд ирж хүч үзэж байна.

-Бөх шимтэн үзэгчид баяр наадам болон, сар шинийн барилдааны тавын даваанд ямар бөхчүүд хоорондоо тунах бол гэж хүлээж таавар дэвшүүлдэг. Өнөө жил сар шинийн барилдааны тавын даваанд ямар бөхчүүд тунаж хүчүзэх бол?

-Тунаж барилдана гэдэг бэлтгэл сайн байгаагийн нотолгоо. Цагаан сарын барилдаанд улсын том цолтнууд сайхан барилдаж шөвгөрье, түрүүлчихье гэсэн зорилго тавиад л барилддаг. Тиймээс аварга арслангууд улсын их баяр наадам болон сар шинийн барилдаанаар аз туршсан ам авдаггүй байхгүй юу. За би энэ бөхийг амархан хаяна гэж үзсэн ээ л амлана. Тэгэхлээр том цолтнуудад халгаатай сайн бөхчүүд л тунаад үлддэг. Энгийн заалны барилдаанд бол аварга, арслангууд “энэ залуу сайн байгаа гэсэн нэг амлаад барилдаад үзье” гээд амлах нь ажиглагддаг. Өнөө жилийн тухайд чансааг тэргүүлэгч Ховдын Б.Бат-Өлзий, О.Хангай гээд харцагууд тавын даваанд хоорондоо тунаад барилдахыг үгүйсгэхгүй.

-Жил бүрийн л сар шинийн барилдаанд аймгийн цолтой залуу бөх дээшээ барилдаад байгаа нь ажиглагддаг. Өнгөрсөн жил Завханы Ш.Пүрэвгарьд арслан таавар эвдэж улсын арслан П.Бүрэнтөгсөөр тав давж шөвгөрсөн. Өнөө жил ямар залуу бөх шуугиан тарих бол?

-Дээшээ барилдах магадлал өндөр, өсөх ирээдүйтэй залуу аймгийн цолтнууд олон байна аа. Тэр дундаа барилдаан бүрт жигдхэн сайн барилдаад байгаа хэд хэдэн арслангууд байгаа. Энэ жил Говьсүмбэрийн Т.Пүрэвсүрэн арсланг дээгүүр үзэх болов уу гэж харж байна даа. Пүрэвсүрэнгийн хувьд эрсдэлтэй мэх хийхгүй, хийгүй нягт барилдах юм. Мөн Төв аймгийн Б.Ууганбаяр гэж онцгой бяртай залуу дээгүүр үзэх байх. Бага зэрэг барилдааны эвсэл суувал хүнд амар унахааргүй бөх. Хөвсгөлийн Б.Даваа-Очир арслан дээшээ гараад ирэхийг ч үгүйсгэхгүй. Сүүлийн хэдэн барилдаанд Увсын Ж.Ням-Эрдэнэ гэж залуу онцгой сайн барилдаж байна лээ. Яг л Т.Баасанхүү харцагын иртэй догшин барилдаан Ж.Ням-Эрдэнээс харагдаж байсан. Мөн Булганы Э.Энх-Амгалан гэж аймгийн заан их нягт, том цолтнуудад их халгаатай барилдах юм. За тэгээд Булганы Э.Сумьяабат, Увсын

Л.Энхсаруул нар ч нэг хоёрын даваанд том цолтнуудыг өвдөг шороодуулж таавар эвдэх байх даа. Ялангуяа Э.Сумьяабат сүүлийн барилдаануудад улсын арслан П.Бүрэнтөгс, О.Хангай нарыг өвдөг шороодуулсан.

-Сар шинээр амжилттай барилдсан бөхчүүд улсын их баяр наадмаар цолоо ахиулаад байдаг талтай?

-Нэгдүгээрт бэлгэ дэмбэрлээ боддог байх. Хоёрдугаарт цагаан сараар сайн барилдсан юм чинь улсын наадмаар сайн барилдана гэсэн сэтгэл зүй тухайн бөхөд суучихдаг.

-МҮБХ-оос улсын цолтнуудад нийт барилдааны 70 хувьд оролцоогүй тохиолдолд сар шинийн барилдаанд зодоглуулахгүй гэсэн шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагыг биелүүлээгүйн улмаас өнжих том цолтой бөх байгаа юу?

-Барилдаагүй бөхчүүд эмнэлгийн магадлагаа МҮБХ-ны удирдлагуудад ирүүлсэн байгаа. Үүний МҮБХ-ны удирдлагууд нягталж шалгана. Хэрэв шаардлага хангахгүй гэж үзвэл тухайн бөхийг сар шинийн барилдаанд зодоглуулахгүй.

-Та олон сар шинийн барилдаан үзсэн байх. Сэтгэлд хамгийн тод үлдсэн нь хэдэн оны ямар барилдаан байх юм. Сар шинийн барилдааны сайхан дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Ганц цагаан сарын барилдаанд ч биш, наамдын барилдаанд ч тэр аймгийн цолтой залуу бөх улсын аварга ч юм уу том цолтой бөхийг өвөдг шороодуулахад шуугилдаад л явчихдаг. Том барилдааны уур амьсгал тийм л байдаг. Би бусадтай л адил бөх сонирхогч учраас залуу бөх сайн барилдахыг хараад омогшиж баярладаг. Тэр барилдаанууд дундаас улсын аварга Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлсэн нь сэтгэлд тод үлдсэн байна. Ч.Санжаадамба гурвын даваанд л гэхэд улсын арслан П.Бүрэнтөгсийг аймгийн начин цолтой байхад нь тунаж барилдаад давж байлаа. Ид гарч байсан хоёр залуугийн барилдаан мөн ч үзүүштэй болж байсан даа. Гурвын даваанд үеийнхээ залуу хүчтэнг орхисон Ч.Санжаадамба улсын гарьд Ө.Бат-Орших, Г.Элбэг, улсын арслан Б.Ганбат, До.Ганхуяг, дархан аварга Г.Өсөхбаяр гээд тухайн үеийн монгол бөхийн өнгийг тодорхойлж байсан бөхчүүдийг бүгдийг нь давж түрүүлсэн дээ. Мөн дараа жилийн сар шинийн барилдаанд Сүхбаатар аймгийн харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлэхэд нь баярлаж байсан шүү.

О.ДАШНЯМ

Гэрэл зургуудийг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

Есөн зуун мянган төгрөгөөрөө тов хийтэл Цагаан сараа гаргачихна гэв

Монголчууд бидний уламжлалт Цагаан сарын баяр болоход хэдхэн хоногийн хугацаа үлджээ. Эл өдрүүдэд Монголын мянга, мянган айл өрх дор бүрнээ идээ, ундаа, ууц, шүүсээ базаасаар байна. Харин бид жирийн нэгэн айлыг онцолж сар шинэдээ хэрхэн бэлтгэж байгаа талаар нь сурвалжиллаа. Энэ айл бол 70 хүрч яваа Б.Сэлэнгэ гуайнх юм. Тэрээр эхнэр хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн Хайлаастын 15 дугаар хороонд амьдардаг. Эндээ 30-аад жил амьдарч байгаа гэнэ. Түүний хувьд зураг зүйн багш мэргэжилтэй бөгөөд боловсролын салбарт 42 жил ажиллахдаа гавьяат багшаас бусад бүхий л шагналыг хүртэж байжээ. Гэргий Ц.Хасбаатар нь тогооч мэргэжилтэй. Цэцэрлэгийн ахлах тогоочоор ажиллаж байгаад мөн тэтгэвэртэй гарсан байна.

Биднийг очиход Б.Сэлэнгэ гуайнх цагаан сарын буузаа хийхээр зэхэж байсан юм. Мянга орчим ширхэг бууз хийхээр төлөвлөжээ. Хоёр хөгшин энэ удаагийн цагаан сард есөн зуун мянган төгрөг төсөвлөжээ. үхрийн өвчүү, хэвийн боовыг нь дүү нар нь аваад өгчихөж. Тиймдээ ч есөн зуун мянган төгрөгөөрөө тов хийтэл цагаан сараа гаргачихна гэв. Эднийх хүү, охин хоёртой. Хүүхдүүд нь ч ажил төрөлтэй учир тус дэм болдог байна. Хүүхдүүдийнхээ буянд тэтгэврийн зээл авалгүйгээр Цагаан сараа тэмдэглэчихэж байгаа юм хэмээн Б.Сэлэнгэ гуай хэлсэн. Тэрээр дээл хувцаст төдийлөн их мөнгө зардаггүй байна. дээл өмсөхөөр хөлд тулаад байх шиг санагддаг юм. Үндэсний хэв маягийг шингээсэн цамц, дээл зэрэг урьд урьдынхаас чамгүй үнэтэй болсон байна лээ. Тэгээд ч насаараа багшийн ажил хийсэн учир костюм өмссөөр байгаад бүр дасчихсан байна хэмээн инээмсэглэн өгүүлсэн.

Цагаан сарын баяраар хамгийн их мөнгө зардаг зүйл бол зочдын гарыг цайлгах бэлэг байдаг. Тэр дундаа настан буурлуудын хувьд хамгийн их асуудал болдог зүйл нь энэ. Тэгвэл Б.Сэлэнгэ гуайнх хичнээн төгрөгийг бэлэг сэлтдээ зориулдаг талаар асуухад “Манайх цагаан сараар хүн хөл ихтэй гэж жигтэйхэн. Хүүхдүүд, зээ нар минь ирнэ. Хамаатан садан, дүү нар ирцгээнэ. Ажлын газраас ахмадуудаа хүндэтгэж ирж золгоно. Шавь нар маань ч ирдэг юм. Тиймээс манайх бэлэг сэлтэд мөнгө их зардаг даа. Хөгшин бид хоёрын тооцоолсноор 400 мянган төгрөгөөр бэлэг авахаар л болж байх шиг байна. Аз болоход манай энэ ойр хавьд үндэсний үйлдвэрүүд олон бий. оймс, бээлий зэрэг үйлдвэрлэдэг юм. Манайх тэндээс л бэлгээ бэлддэг дээ. Хямд төсөр үнэтэйгээс гадна үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэрэг. Харин хоёр зээдээ арай дөнгүүр бэлэг бэлдчихсэн гэж бодож сууна.

Том зээ хүү маань Кино Урлагийн дээд сургуулийн оюутан. Харин бага нь долоодугаар ангийн сурагч. Манай зээ нар зураг зурна, дуулж, бүжиглэнэ гээд авьяастай шүү. Хоёр хүүгийнхээ хичээл номонд нь хэрэг болохоор л юм олж бэлэглэнэ дээ” гэсэн юм.

Сар шинийн баяраар цагаан идээгээр ширээгээ чимэх дуртай Б.Сэлэнгэ гуай Архангай руу айраг захижээ. Төв аймаг руу ч мөн захиад амжсан гэнэ. “Гантай зун байсан учир айраг цагаа ховор л дуулдаж байна. Гэсэн ч энэ ханиад томуутай үед чацаргана, нэрс буцалгачихдаг юм. Хүүхдүүд их сонирхож уудаг шүү. Уул нь хөгшин бид хоёр хашаан дотроо чацаргана, хад, хүнс, нарийн ногоо тарьж даршилан хамаатнууддаа өгдөг байлаа. Энэ жил даршилсан ч үгүй дээ” хэмээн хуучлав. Эднийх Цагаан сарын баяртаа зориулж хамгийн ихдээ гурван шил архи авдаг байна. Ах, дүү, шавь нар нь архи барьж золгох нь цөөнгүй учир олныг аваад хэрэггүй байдаг гэнэ. Б.Сэлэнгэ гуайнх ёс заншлаа бодож өөрийн боломжоороо эл баяраа тэмдэглэхээр сэтгэл догдлон суугаа нь энэ юм. Түүний хувьд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хүн юм байна. Түүнээс бага залуу үед нь нутгийнхан нь Цагаан сар хэрхэн тэмдэглэдэг байсан тухай сонирхоход “Урьд Цагаан сар тэмдэглэх хаалттай байлаа. Харин сүүлд сар шинийн баярыг тэмдэглэдэг болсон. Одоогийнхтой харьцуулахад бид энэхүү баярт хэрэгтэй бүхий л зүйлээ өөрсдөө хийдэг байж дээ. Ууц, шүүс, хэвийн боов, өрөм, ааруул шар тос гээд л. Харин одоо бол бүх л зүйлс бэлэн болжээ. Түүнийгээ дагаад хүмүүс ч хийхийг урьтал болгохгүй худалдаад л авчихдаг болж. Сайн мууг нь хэлж мэдэхгүй л юм даа. Ямартай ч цагаан сар бол бидний ёс заншлыг тээх ач холбогдолтой баяр. Мөн ураг удамаа мэдэлцэж авдаг чухал ач холбогдолтой шүү дээ. Үр хойч минь энэ уламжлалаа алдахгүй тэмдэглэж байгаад талархалтай ханддаг юм. Зөвхөн Монгол Улс нутагтаа сар шинийн баяраа тэмдэглээд зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд минь өөрийн боломж нөхцлөөрөө тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Үүнийг сайшаахаас өөр аргагүй” гэв. Б.Сэлэнгэ гуайн хувьд баяр наадам гэхээсээ илүү сар шинийн баярт их дуртай, ач холбогдол өгдөг аж. Учир нь баяр наадмаараа хүмүүс гэр бүлээрээ хөдөө явчихдаг. Харин Цагаан сараар төдийлөн уулзаж чаддаггүй хамаатан садан, ах дүүтэйгээ учирч хэдэн өдрийг хөл хөөртэйхөн өнгөрүүлэх нь сайхан байдаг байна.

Ц.Хасбаатар гуай хүүгийнхээ хамт буузны махаа татаж байна

Сар шинийн баяраа уламжлалт хэв маягаар тэмдэглэдэг айл өрхүүд олон. Харин зарим хүмүүс Цагаан сарын баяраа хамаатнуудаараа нийлэн ресторанд тэмдэглэх нь олонтаа болжээ. Уг үйлчилгээг ч баярын өдрүүдэд үзүүлж, хамаатан саднаараа нэг дороо цугларах боломжийг олгоно гэх ресторанууд ч бий болжээ. Бүр рекламаа цацаад, захиалгаа аваад ч эхэлсэн байна лээ.

Уламжлалт хэв маягаар сар шинийн баяраа тэмдэглэхгүй байх нь ахмад настнуудаа хүндэтгэн очиж золгодог ёсыг эвдэж байна хэмээн шүүмжлэх хүмүүс ч байдаг. Харин зарим нэг нь уламжлалт сар шинийн баяраа хэн хэндээ хүндрэлгүй, хөнгөвчилсөн байдлаар тэмдэглэхэд болохгүй зүйл үгүй гэх нь ч бий. Ямартай ч орчин үеийн энэ жаягаар арав гаруй жил сар шинийн баяраа тэмдэглэж, ах дүүсээрээ баярлаж буй айлууд ч байдаг гэнэ. Ихэвчлэн маш өнөр өтгөн гэр бүлүүд цаг хугацаа, зардалаа хэмнэн ийнхүү сар шинийн баяраа тэмдэглэдэг байна.

Энэ жишгээр сар шинийн баяраа тэмдэглэдэг П.Сарантуяагийн хувьд “Манай нөхрийн талынхан сар шинийн баяраа ресторанд тэмдэглэдэг юм. Ресторанд тэмдэглэдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Шинийн нэгний өглөө гэр, гэртээ золголтоо хийчихээд бүгд цуглардаг юм. Сар шинийн баяраа тэмдэглэхээр 14-15 ам бүл цуглардаг шүү. Өглөөнөөс орой болтол тоглож наадан, үр хүүхдүүдээ хооронд нь танилцуулж, ураг төрлийг нь мэдэлцүүлдэг юм. Баярын ширээ засахад айл бүхэн оролцоно. Бүх айлууд өөрсдийнхөө идээ, будааныхаа дээжээсээ авчирдаг юм. Ингээд тавгийн боов, ууц, ааруул, өрөмөө нийлүүлэн идээгээ засдаг. Мөн айл бүр гэрээсээ авчирсан бууз, салат, цайгаараа бусдыгаа дайлж, цайлдаг” гэлээ. Ингэж тэмдэглэснээр бүгд нэг дороо цуглачихдаг учир настан буурлууд зочид гийчдийн хөлд хэд хоногийн турш дарагдаж ядрахгүй, давуу талтай байдаг аж. Мөн хөдөө орон нутгийн зочид гийчид хотын түгжрээнд түгжирч цаг заваа барахгүй тул шалавхан золгуутаа дуусгачихдаг гэнэ. Сар шинийн баяраа ресторанд тэмдэглэхэд 300-400 мянган төгрөгийн ханштай байдаг аж. Энэ нь ойролцоогоор 25-30 мянган төгрөг гардаг байна.

Үүнээс өөр хэв маягаар ч тэмдэглэдэг айлууд байдаг аж. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Банзрагчийнх есөн ам бүлээрээ сар шинийн баяраа тэмдэглэдэг байна. Сар шинээ тэмдэглэхдээ айл бүр 400-500 мянган төгрөг хураалгаж нэгнийдээ өгдөг аж. Тэрээр “Тухайн жил мөнгө авсан айл нь цагаан сар тэмдэглэж, ах дүү нараа оруулж цайлдаг юм. Есөн ам бүлээрээ нэг дороо л цуглацгаадаг гэсэн үг. Харин зочилж ирж байгаа ах дүү нар нь бусдадаа өгөх бэлэгтэйгээ ирдэг. Жил ирэх тусам л улам өнөр өтгөн болж, цугларах хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байгаа. Сар шинийн баяраа тэмдэглэнгээ нэгэн өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлдэг дээ. Харин бидний цуглуулж өгсөн мөнгөөр сар шинэ тэмдэглэхээс гадна гэр бүлдээ хүссэн зүйлээ авч болох юм. Энэ нь нэг нэгэндээ өгөөжтэй төдийгүй хүндрэлгүйгээр сар шинийн баяраа тэмдэглэх нэг арга л даа. Гол зорилго нь өгөөжтэй байх үүднээс л үүнийг сэдсэн юм” гэлээ. Нэгнийдээ ийнхүү баярласан ч айл тус бүр гэртэй мах шүүсээ тавьж, идээгээ засдаг аж. Ингэснээр бусад хамаатан садан, худ, ураг, найз нөхөд, ажлын хамт олноо цайлдаг байна.

Г.Мөнхцацрал

Categories
мэдээ цаг-үе

Манай нүүдлийн мал аж ахуй нүд хальтрам байна даа

Өвөлжилт хүндэрснээс 17 аймгийн 80 орчим сум зудтай байна. Их хэмжээний цас орж, нягтарснаас мал бэлчээрт гарах боломжгүй болж хадлан тэжээл дуусч, мал олон тоогоор хорогдож байгаа талаар холбогдох газрууд нь мэдээлж буй. Улс, аймгийн нөөцөөс өвс, тэжээл гаргаж малчид руу уламжлал ёсоор зөөж байна. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд зуд нь өвлийн цагт байнга шахуу нүүрлэдэг байгалийн үзэгдэл. Хэрэвзээ Монгол нүүдлийн мал аж ахуй эрхэлдэггүй, суурин мал аж ахуйтай байсан бол зуд гамшиг биш зүгээр үзэгдэл төдий л байх байсан. Зудыг зуд болгоод, зуданд нэрвэгдүүлээд байгаа юм нь нүүдлийн мал аж ахуй. Гэтэл суурин мал аж ахуйн хөгжсөн газарт хичнээн ч цас орж, хүйтэрлээ ч зутардаггүй.

Малын тоо толгой хэдийнэ 60 сая гарчихаад байна. Өвөл болдгоороо болно, өвс хомсдоно гэдгийг малчид л хамгийн сайн мэдэх хүмүүс дээ, уг нь. Жилийн дөрвөн улирлын туршид малаа өвстэй, цатгалан байлгах нь хариулж байгаа эзнийх нь л хийх ёстой ажил. Малынхаа ашиг шимийг хүртэж, мөнгөтэй залгаж, амьдрал ахуйгаа дээшлүүлдэг болохоор хэдэн малынхаа хэрэгцээт зүйлсийг бэлдэх нь малчдын үүрэг. Гэвч малчид өвс хадлангаа бэлддэггүй. Наадам хэсч, морь, мотоцикль дээрээ дэрвэж дэгэх зуур өвс шарлаад хяруу буучихдаг. Уулс тэргүүнээсээ бууралтаж эхлэх үест нэг их алсын бодол тээж байгаа мэт санаашрахдаа “Болохооргүй бол улс минь өвсөө бариад ирдэг сэн” гэдэг бэлэнчлэх сэтгэл нь хөдөлдөг. Нэгдлийн үеийнх шиг нэгдсэн журмаар хадланд гардаг сум, баг гэж байхаа байсан. Тэр үетэй харьцуулашгүй. Хадландаа цаг зав гаргаж хүч хөдөлмөрөө шингээдэг малчин ч цөөрсөн. Одоо бол үнэндээ мал маллана гэдэг бол хэн нэгэн малчны дурны л ажил болчихсон. Малдаа тарга тэвээрэг авахуулна уу, вакцинжуулна уу, өвс тэжээл, хадланг нь бэлдэнэ үү, яана уу, ийнэ үү бүх юмыг дур зоргоороо л хийцгээдэг. Дургүй нь хүрвэл хийхгүй.

Ийм байтал малын элдэв гоц халдварт өвчин энд тэнд гараад тасрахгүй. Ерөөс намжина гэж үгүй. Өнөөдөр говьд гарсан бол маргааш нь зүүн аймагт, нөгөөдөр нь баруун аймагт гээд л цаанаас нь зориудаар өвчин үүсгэгчийг тарааж байгаа юм шиг шүлхий, цэцэг өвчний гаралт буурахгүй, үргэлжлээд л байдаг. Үүнээс болж мал нь хорогдоно, малын мах, сүү, түүхий эд ч борлогдохгүй гологдож эхэлнэ. Мал, малын мах, сүү нь борлогдохгүй бол мал маллах нь утгагүй болж ирнэ.

Монголчууд зуд, малын шүлхий өвчнөөсөө салж чадахгүйгээс хойш суурин мал аж ахуй, фирмийг хөгжүүлэх нь энэ хэцүү нөхцөл байдлаас гарах зам л даа. Нүүдлийн мал аж ахуйг дурны ажил, хоббигоор мал дагаж тэнэж яваа хэдэн хүний сонирхлын юм гэж үзэхэд буруудахгүй. Уул нь суурин мал аж ахуйг хөгжүүлчихвэл малдаа, малчиндаа, улсдаа хэрэгтэй юм байгаа юм. Төр засаг нь иргэдээ малчин болгох, малчингаар нь байлгах гэхдээ бөөцийлсөн бодлогыг баримтлаад байдаг. “Малчид маань урт насалдаггүй юм аа” гээд тэтгэвэрт гарах насыг нь таван насаар наашлуулж 50, 55 болгочихсон. Энэ шийдвэрийг нь зөөлнөөр харвал малчдыг доромжилж байгаа ч хатуугаар хэлбэл малчдын эсрэг хийж байгаа гэмт хэрэг.

Хүн төрөлхтний нийтлэг жишгээр мал маллах нь дорд ажилд тооцогддог. Малчид хүүхдээ мал, малчны ахуйгаасаа холдоод байна, гарын үзүүрт зарж малын дөртэй болгоодохъё. Сургуульд орох насыг нь хойшлуулж найм болгож өгөөч гэсэн санал гаргадаг. Малчин таны хүүхэд зургаан настайдаа сургуульд орж үеийн хүүхдүүдтэйгээ зэрэгцэн сураагүйгээс болоод өсвөр насандаа ямар их хоцрогдолыг мэдэрнэ гэж бодож байна. Бага ангид айхавтар ялгаа гарахгүй ч анги ахих тусам хүүхдүүдийн дундах сурлагын ялгаа улам тод болж ирдэг. Ялангуяа охин хүүхэд цааш үргэлжлүүлэн сурах боломжгүй болж хүний эхнэр болохоос өөр сонголтгүй хоцордог. Гэтэл үеийнхэн нь үргэлжлүүлэн сурч улс нийслэл, гадаад дотоодыг зориод явчихдаг.

Хүмүүний ертөнцөд эцэг, эх нь хойч үе, үр хүүхдээ аз жаргалтай байлгахын төлөө өөрийнхөө бүхий л үнэт зүйлийг золин тэмцдэг. Хойч үе нь өмнөх үеийнхээ алдаа оноон дээр суралцаж, сургамж авч тэдний явж ирсэн зовлонт амьдралд хөл гишгэхгүйн тулд улам дээш тэмүүлдэг нь жам. Үнэндээ өнөөгийн нийгэмд малчид золиослогдож байгаа хэсэг. 330 гаруй мянган малчин маань өмссөн дээл, өөрийн нас, зүсээ амьдралтайгаа гандтал мал дагаж амьдарч яваа хүмүүс. Өөрсдөө ингэж нийгмээс тусгаарлагдан байж золиослогдчихоод яагаад үр хүүхдээ өөрсөдтэйгээ адилхан золиос болгох гээд байгаа юм бол.

Яруу найрагч, сэтгүүлчээс авахуулаад улс төрчид малчдыг үргэлж магтан дуулж таван эрдэнэ өсгөж, тал хээртээ анхилам салхи мэдрэн жаргалын дээдийг мэдэрдэг малчин заяатай түмэн гэж бялууртал нь магтаж үнэхээр л малчин гэдэг чинь сайхан юм, үр хүүхдээ ч удам дагасан малчин болгоё гэх шийдвэр гаргах хүртэл нь толгойг нь эргүүлээд хаячихдаг. Энэ бол малчдыг малын захад, уулын мухарт, бэлчээрт нь хадах гэсэн бодлого юм шүү дээ. Магтаад байхаар өнөөдүүл нь малчин заяандаа үнэмшээд малаа дагаад хувь тавилантайгаа эвлэрчихдэг. Сүүлийн 60 гаруй жил ийм магтсан үгсийг малчид маань тасралтгүй сонсч, түүнд нь итгэж, үнэмшиж, өөрсдөд нь зориулсан дуу, киногоороо бахархаж ирсэн. Ингэж иргэдийнхээ тодорхой хэсгийг ажил мэргэжил, үзэл бодол зэргээр нь ялгаварлан гадуурхаж, урьдаас төлөвлөж, системтэйгээр хоморголон устгадаг бодлогыг геноцид гэдэг. Монголд энэ бодлого тэртээгээс явсаар өнөөдөр ч үргэлжилж байгаагийн нэг том жишээ бол дээр дурдсан малчдын тэтгэврийн насыг наашлуулсан явдал. Малчид “Аштай юу төр засаг минь тэтгэврийн насыг наашлуулж биднийгээ харж үзэж байна. Тэтгэврийн хэдэн бор юмтайгаа эрт залгах нь дээ” гэж баярлах нь өрөвдөлтэй. Жинхэнэдээ энэ хууль чинь малчид та нарыг урт наслахгүй, эрт үхнэ гэдгийг элдэв янзын аргаар тооцоолчихсон тооцоо юм. Үүнийг манай малчид ойлгох хэмжээнд хүрээгүй. Малчдыг малтай нь уулын мухар, хээр талд хадаж орхиод хямд мах авч хотын иргэдийг хямд махаар хангах нь л тэдэнд чухал. Энэ геноцид үйл ажиллагааны хохирогчид бол малчид. Өөрсдөө хохирч байгаагаа эс анзаарч үр хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулахгүй гэж сургуулиас нь авчраад хөдөө суулгаж байгаа нь хойч үе, амин хайртай үрсээ өөрсөд шигээ малын захад хатаах авах гэсэн явцуу бодлын үр дүн.

Бид яавал хөгжих вэ, юу хөгжлийн тулгуур болох вэ гэдгээс юу биднийг хойш нь чангааж байгаа тухай ярьдаггүй. Улсын хөгжлийг илт чангааж байгаа зүйл бол нүүдлийн мал аж ахуй. Дэлхийд хосгүй нүүдэлчний өв соёл, нүүдэлчний ахуйтай Монгол орон гэдэг тэнэглэлээ орхих цаг нь болчихоод байна. Дэлхийн ихэнх улс орон хөгжлийн явцад нүүдлийн мал аж ахуй эрхэлж яваад аажмаар дараагийн шат болох суурин мал аж ахуй руу шилжээд тэрийгээ дээд зэргээр хөгжүүлчихсэн. Одоо дэлхийд хамгийн өндөр ашигтай, байгаль экологи, хүн ардад хор хөнөөл багатай нь суурин мал аж ахуй, фирм болчихоод байна. Гэтэл хүн төрөлхтний аль хэдийнэ туулаад өнгөрчихсөн малаа дагаж нүүдэллэдэг байсан дундад зууны үед монголчууд гацчихсан байна даг.

Малчид аа, та бүхнийг яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, улс төрчид худал магтаж хуурсаар ирсэн юм шүү. Малгүй бол Монгол Улс мөхнө гэдэг нь ч худлаа. Улаанбаатар хотыг тойруулаад хэдэн фирмтэй болчиход л нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй, чанартай, баталгаатай мах, сүүн бүтээгдэхүүнээр хангаад явчих учраас монгол хүн өлбөрнө гэж байхгүй дээ. Малгүй бол Монгол яана, махгүй болчихвол бид яана гэдэг энэ мухар сүсэг гэмээр дэмий айдсаасаа салах ч хэрэгтэй. Суурин мал аж ахуйг хөгжүүлэхгүй бол бид зуд гэх байгалийн гамшиг, малын гоц халдвартай элдэв өвчинд жилийн жилд нухлуулж төсвийн олон тэрбум төгрөгийг урсгаж, малчид гэх хүмүүс минь золиослогдсоор л байх болно.

Дэлхий хөгжөөд аливаа салбарт техник технологийн дэвшил нэвтэрч, нүүдэлчин ахуй түүхийн номонд үлдэж байхад амьдаараа музейн үзмэр болчихоод сууж байгаа Монголын малчдаа харцгаа даа. Эрхэлж байгаа тэр нүүдлийн мал аж ахуйг нь ч хар даа, нүд хальтирмаар байгаа шүү дээ, үнэндээ. Малчдадаа үнэнийг нь хэлж хадагдсан газраас нь суурин мал аж ахуйгаар ховхолж хүний нийгмийн чухал гишүүн гэдгийг нь мэдрүүлээч. Хүн төрөлхтний нас уртасч байхад яагаад Монголын малчид минь хорвоогоос эрт буцах ёстой юм. Тэдэнд хэлээч, суурин мал аж ахуй руу шилж гэж.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Bloomberg” хэний даалгавраар, ямар зорилгоор Монголыг хорлов хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Тэргүүн” нүүрт Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал: “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкны төлбөрийг төлөхгүй байх боломж бий хэмээн ярьсныг хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: УИХ-ын үйл ажиллагааны чадамж жилээс жилд эрс буурч байгаа хэмээн ярьжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт Төв аймгийн цагдаагийн газрын дарга Б.Ганзориг: Малд гэрэл ойдог хүзүүвч зүүснээр орон нутгийн зам дахь осол эрс буурсан хэмээн ярьсныг хүлээн авч үзээрэй.

Дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ: Бүлэглэн хулгайн хэрэг үйлдвэл хүндрүүлэх нөхцөлөөр 5-12 жилийн ялаар шийтгэнэ хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

Мөн тус нүүрт Тайванийн Хуалин хотын хойд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр байсан зургаан монгол оюутны нэг Б.Буянжаргал: Хүчтэй газар хөдлөлт таван минут орчим үргэлжилсэн хэмээн ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрээс “Bloomberg” хэний даалгавраар, ямар зорилгоор Монголыг хорлов нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Австри улсаас 50 жилийн дараа өвлийн олимпийн аварга төрлөө хэмээн “Пёнчан-2018” нүүрт өгүүлжээ.

Уламжлалт анагаах ухааны их эмч Н.Алтанхундага:Архи, газтай ундааг хольж хэрэглэвэл шартана хэмээн Эмч нүүрт ярьсан байна.

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Шог зохиолч Шаадийбуугийн Галсанбаатар “Өдрийн сонин”-ы “Миний үзсэн цагаан сар” буланд оролцжээ.

Армийн хөнөөлт зэвсэг буюуАлуурчин дрон-ы талаар Танин мэдэхүй буланд өгүүлсэн байна

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагвагаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Д.Балдорж: Баянзүрхчүүд өрхийн жишиг эмнэлэгтэй боллоо

-ТЭРБЭЭР ХЭРЭГЦЭЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ӨЧИГДӨР ГАРДУУЛАН ӨГСӨН ЮМ-

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Балдорж тус дүүргийн XVIII хорооны өрхийн эмнэлэгт өөрийн хөрөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа. Хамгийн сүүлийн үеийн зүрхний бичлэгийн, анхан шатны шинжилгээний аппарат болон иж бүрэн компьютерийг тэрбээр хүлээлгэн өгсөн юм. Солонгос улсад үйлдвэрлэсэн анхан шатны шинжилгээний аппарат нь В, С вирус, эмэгтэйчүүд, үрэвсэл, сахар, бамбай булчирхай, хлостериний хэмжээг тогтоох зургаан төрлийн шинжилгээ, оношилгоог хийдэг байна. Тус өрхийн эмнэлэг ийнхүү хэрэгцээт тоног төхөөрөмжтэй болсноор тус хорооны иргэд хоёрдугаар шатлалын эмнэлэгт үзүүлдэг зарим үйлчилгээг өрхийн эмнэлгээсээ авах боломж бүрдэж байгаагаараа онцлог аж.“Энх сугар” өрхийн эмнэлэг нь 11 мянга гаруй иргэнд анхны тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Үндсэндээ таван эмч ажилладаг бөгөөд нэг эмчид 2600-2800 орчим иргэн хуваарилагддаг аж. Хүн хүчний хувьд бүрэн дүүрэн ажиллаж байгаа боловч энгийн үед нэг эмч өдөрт 30-40 хүн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Тус өрхийн эмнэлэг дээрх тоног төхөөрөмжтэй болсноор иргэд зарим шинжилгээ үйлчилгээг өрхийнхөө эмнэлгээс авах, хоёрдугаар шатлалын эмнэлгийн дугаар, ачааллыг бууруулах давуу талтай. Мөн цагийн хуваарилалт хийж, дээрх зургаан төрлийн шинжилгээг авснаараа иргэдэдээ хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхэд дөхөм болно гэдгийг их эмч Т.Шэржмядаг хэлж байлаа.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Балдорж Баянзүрх дүүргийн XVIII хороонд иж бүрэн ком­пьютерийг мөн гардуулан өглөө. Мөн Сар шинийн баяр болж байгаатай хол­богдуулан хорооныхоо өндөр настнуудад гарын бэлэг гардуулав. Тэрбээр “Миний хувьд Баянзүрх дүүргийн ИТХ-д XVIII хорооноос сонгогдсон төлөөлөгч. Тиймээс амлалтдаа хүрч өрхийн эмнэлэгтээ шаардлагатай тоног, төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр авч, гардууллаа. Өрхийн эмнэлгийн хувьд эдгээр тоног төхөөрөмжтэй болсноороо нийслэлийн 152 хорооны өрхийн эмнэлгээс жишиг эмнэлэг болно гэдэгт итгэлтэй байна. Бусад өрхийн эмнэлэг ч цаашдаа ийм тоног төхөөрөмжтэй болоосой гэж хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааны талаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх ажлыг сүүлийн гурван жилийн турш өөрийн байгууллагын цахим хуудас www.ncph.gov.mn, цахим сүлжээний хуудас www.facebook.com/@Ncphmongolia, twitter.com/@ncphmongolia хаягаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийж байгаа билээ.

Хувьсан өөрчлөгдөж буй цахим сүлжээ, олон нийтийн мэдээлэл хүлээн авах, боловсруулах хэв маягт тохируулсан чанартай мэдээлэл сурталчилгааны материал боловсруулж, түгээх ажлыг эрчимжүүлэх үүднээс 2018 оны мэдээлэл сурталчилгааны арга барилын талаар дотоодын хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Өнгөрсөн жилийн хувьд Нийгмийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдөр, томоохон хурал, сургалт, нөлөөлөх уулзалтуудыг зохион байгуулах ажлын хүрээнд нийт 22 хэвлэлийн бага хурал, 35 удаагийн ухуулга, нөлөөллийн уулзалт, хэлэлцүүлгийг 1800 гаруй бодлого, шийдвэр гаргагч, олон улсын байгууллага, орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын хүмүүст, 23 тэмдэглэлт өдрийг ЭМЯ, ДЭМБ, олон улсын болон бусад байгууллагуудтай тус тус хамтран зохион байгуулж ажиллалаа.
Цахим сүлжээгээр иргэдэд зориулсан 749 ширхэг эрүүл мэндийн зөвлөмж, 5 төрлийн 8 видео шторк, мэдээллийг гаргаж www.ncph.gov.mn сайтанд нийт 1.2 сая удаа давхардсан тоогоор уншиж, фэйсбүүк хуудсанд өдөрт 3 удаагийн давталттайгаар 1125 удаагийн пост мэдээлэл болгон оруулж, үүнийг 2 922 200 удаа давхардсан тоогоор үзсэн. Твиттер хуудсаар дамжуулан түгээж, тус мэдээллийг нийтдээ давхардсан тоогоор 4300 хүн үзсэн. Нийт 4126500 хүн Эрүүл мэндийн зөвлөмж мэдээллээр хангагдсан. 2017 оны хувьд өнгөрсөн жилийнхээс фэйсбүүкийн хандалт 10 000 дагагчаар нэмэгдсэн.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 839 удаа нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох болон эрүүл мэндийн цаг үеийн асуудлаар ярилцлага мэдээлэл, зөвлөмж өглөө. Иргэд олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 25 төрлийн 75000 ширхэг брошюр, гарын авлага, нугалбарыг боловсруулан, хэвлүүлж иргэд, олон нийтэд түгээлээ.