Categories
мэдээ эдийн-засаг

Сайд Д. Сумъяабазар АмЧамын гишүүдтэй уулзлаа

Сайд Д. Сумъяабазар  АмЧамын гишүүдтэй уулзлааМонгол дахь Америкийн Худалдааны Танхимаас (АмЧам Монгол) өнөөдөр зохион байгуулсан Бизнес уулзалтад Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал болон УУХҮЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон бусад албан тушаалтан оролцлоо.Уулзалтын үеэр сайд Д. Сумъяабазар уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжил, тулгарч буй бэрхшээл, цаашдын төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, гадаадын хөрөнгө оруулагчидтай санал солилцож, асуулт, хариултын хэлэлцүүлэг хийв. Уулзалтад АмЧамын гишүүн байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, гадаадын элчин сайдын яамд, худалдааны танхимын төлөөлөл хүрэлцэн ирэв.Сайд Д. Сумъяабазар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хувийн хэвшлийн салбарыг дэмжиж, хөгжүүлэхийн төлөө идэвх чармайлт гарган ажилладагт нь АмЧам Монголд талархал илэрхийлээд: “АмЧамаас зохион байгуулж буй өнөөдрийн Бизнес уулзалт цаг үеэ олсон уулзалт болж байна. Монгол Улсын Засгийн газар, салбарын сайдын зүгээс би хариуцлагатай хөрөнгө оруулагчдад тогтвортой, нээлттэй бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэг зарчмыг баримтлан ажиллаж байна. Уул уурхайн бодлого, энэ салбарт төлөвлөгдөж буй ажлууд хүн, байгаль гэсэн суурь зарчмуудад тулгуурлан явах ёстой гэж би үздэг. Иймд уул уурхайн бүхий л үйл ажиллагаа ил тод, нээлттэй байхаас гадна өндөр хариуцлагатай байх ёстой тул УУХҮЯ-наас энэ зарчмыг бодлогын баримт бичгүүддээ байнга тусгаж байгаа. УУХҮЯ дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг бодитоор дэмжсэн хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлд АмЧамын шинээр байгуулагдаж буй Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн хороотой хамтран ажиллах болно” гэв.АмЧамын ТУЗ-ийн дарга Стив Поттер нээлтийн үгэндээ Монгол улс 2018 оны 3-р сард Prospectors & Developers Association of Canada конвенцийн уулзалтад оролцох гэж буйд нь амжилт хүсээд: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бодлогын чанартай томоохон баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж, тур дундаа Уул уурхайн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа нь хуулийн давхцалыг арилгахаас гадна хөрөнгө оруулагчдын илтгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн ач холбогдолтой юм.АмЧам Монгол нь дээрх салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж, хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн хороог шинээр байгуулж байгаа бөгөөд ил тод, хариуцлагатай уул уурхайн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, улмаар олон улсын төвшинд өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэхэд Засгийн газартай нягт хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлэв. АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага. Тус байгууллага нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт ‘’Эко’’ цэцэрлэг баригдана

Баянзүрх дүүрэгт ‘’Эко’’ цэцэрлэг баригданаНийслэлийн Баянзүрх дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн Сангийн ‘’Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдэд ээлтэй дүүрэг’’ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдээ танилцуулж, төлөвлөгөө боловсруулах уузалт, хурал боллоо.Уг хуралд Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, НҮБ-ын ‘’Хүүхдэд ээлтэй-Орон нутаг’’ хөтөлбөрийн зөвлөх Б.Зоя, Бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн С.Өлзийсайхан болон албаны бусад мэргэжилтэн, албан хаагчид оролцлоо.Тус уулзалтаар ‘’Зорилтот орон нутгийн боловсролын байгууллагууд нь сургууль, цэцэрлэг, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үндэсний стандарт, шаардлагыг хэрэгжүүлэх чадавх нэмэгдсэн байна’’ зорилтын хүрээнд хийгдэх 8, 122 дугаар цэцэрлэгийн усан хангамж, дулааны асуудлыг шийдвэрлэх мөн 17 дугаар хороонд шинээр баригдах цэцэрлэг болон 3 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж дулааны алдалгүй эко цэцэрлэг барих төслийг танилцуулж, ажлын төлөвлөгөө боловсруулав.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хуваарь

Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Энэхүү тушаалд заасны дагуу ажиллах байгууллагын цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна.

Байгууллагын нэр Утасны дугаар Цагийн хуваарь 02 сарын 16, 17, 18 Тайлбар
1. Нийслэлийн Эрүүл мэндийн газар 320981 24 цаг Бүх эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.
2. Өрхийн эрүүл мэндийн төв /утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./ 10-16 цагийн хооронд
3. Дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүдний кабинет 10-16 цагийн хооронд
4. Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд СХНЭ 631108 ХУНЭ 379258БЗНЭ 454004 СБНЭ 350790ЧДЭМТ 314587 24 цаг
5. Нийслэлийн түргэн тусламжийн төв Хүүхэд, насанд хүрэгчид 103 70110103 24 цаг
6. Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв 325731 10-16 цагийн хооронд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ спорт

Пёнчан-2018: Шорт трэкийн тамирчнаас допин илэрчээ

Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцож байгаа Японы тамирчнаас сэргээш илэрчээ. Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр сэргээш илэрсэн тамирчин нь шорт трэкийн тамирчин, 21 настай Сайто Кэй аж.

Эрэгтэйчүүдийн тэшүүрийн 5,000 метрийн буухиа уралдааны багийн гишүүн Сайто Кэй ийнхүү нутаг буцахаар боллоо. Япон улсын түүхэнд анх удаа өвлийн олимпийн тамирчин сэргээшийн улмаас хасагдаж байгаа нь энэ юм.

Сайто Кэй-ийн төрсөн эгч Хитоми мөн Пёнчаны олимпийн наадамд оролцож байгаа гэнэ. Өмнө нь 1984 оны Лос Анжелесийн зуны олимпийн наадамд Японы эрэгтэй гар бөмбөгчдөөс сэргээш илэрсэн нь тус улсын хувьд хамгийн том сэргээшийн хэрэг хэмээгддэг.

Categories
мэдээ нийгэм

Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг солих ажил явагдаж байна


гэрлийн тусгал зурган илэрцүүд

Автотээврийн Үндэсний төвөөс баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгалыг өмнөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулахгүй, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэхгүй байх техникийн шийдлийг олж, орон даяар энэхүү ажлыг эхлүүлээд байна.Зөвхөн 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500000 гаруй тээврийн хэрэгслийн 50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй гэсэн судалгаа бий.Шөнийн цагаар гарч байгаа зам тээврийн осолд баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нөлөөлдөг байж болзошгүй бөгөөд 18:00-00:00 цагуудад гарсан осол дийлэнх хувийг эзэлсэн тоон үзүүлэлт байдаг аж. Иймээс энэ жил Автотээврийн үндэсний төвөөс 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх бөгөөд үлдсэн тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон байна.Иргэд, жолооч нар автомашиныхаа тохиргоог хийлгэсэн талаарх мэдээллийг автомашины салхины шилэн дээр наалт хийнэ. Ингэснээр автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд хяналт тавих юм.Энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд АТҮТ өөрийн хөрөнгөөс 229 сая төгрөг зарцуулсан бөгөөд дээрх тохиргоог хийлгэхэд жолоочоос 1650 төгрөг шаардагдах аж. Жолооч нар автомашины их гэрлийн тохиргоогоо хийлгэхдээ өөрийн оршин сууж буй аймаг, дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд хандаж хийлгэх боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Буянжаргал: Хүчтэй газар хөдлөлт таван минут орчим үргэлжилсэн

Тайванийн Хуалин хотын хойд хэсэгт энэ сарын 6-ны өдөр хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Уг газар хөдлөлтийн бүсэд Цу Чи их сургуульд суралцдаг зургаан монгол оюутан байсан. Тэдний нэг Б.Буянжаргалыг Монголд ирсэн даруйд нь уулзаж тухайн үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Энэ удаагийн газар хөдлөлтийг Хуалинд сүүлийн 100 жилд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэдгийг эрдэмтэд онцолж байгаа. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан бэ?

-Газар хөдлөлт хоёрдугаар сарын 6-ны 23:50 цагт Хуалин хотын төвд болсон. Манай Цу Чи их сургууль хотынхоо төвд маш ойрхон байдаг. Тэгэхээр газар хөдлөлтийн голомттой тун ойрхон байсан гэсэн үг. Бид дотуур байрандаа дөрвүүлээ амьдардаг юм. дөрвүүлээ монгол оюутнууд. Ерөнхийдөө хэд хоногийн өмнөөс газар хөдөлж, чичиргээн ихээр мэдрэгдэж байсан. Гэхдээ чичиргээн нь бага байсан учир бид ч, тайваньчууд ч тэр төдийлөн ач холбогдол өгөөгүй. Харин газар хөдлөлт болдог өдөр бага зэргийн чичиргээн ч мэдрэгдээгүй, шууд л хүчтэй газар хөдлөлт болчихсон. Хүчтэй газар хөдлөлт таван минут орчим үргэлжилсэн. Бид нар үнэхээр айж балмагдсан. Хэсэгхэн хугацаанд болоод өнгөрөх байх гэж бодоод эхлээд ширээн доогуураа орцгоосон юм. Гэсэн ч зогсохгүй үргэлжлээд л байсан. Тухайн үед хот даяар аваарын дохио дуугарсан. Энэ үед хэрэг бишдэж байгааг ерөнхийдөө ойлгосон. Манай дотуур байранд 160 гаруй оюутнууд байсан шүү. Ингээд бүгдээрээ л хувцастай, хувцасгүй гарч гүйцгээсэн дээ.

-Түр орогнох байр луу хэзээ шилжүүлсэн бэ?

-Дотуур байрны багш, оютнууд хоёр цаг гаруй гаднах ногоон байгууламждаа байсан. Харин аюулгүй албаны зохицуулагч нар нь даарч байгаа оюутнуудын хувцас, болон хэрэгтэй зүйлсийг нь дотуур байр луу орж авч өгч байсан. Улмаар оюутнууд болон аюулд өртсөн хотын иргэдийг түр орогнуулах байр луу авч явсан л даа. Шөнийн гурван цаг хагасын үед жагсааж байгаад оруулсан. Тэр нь хамгийн бат бөх байр нь юм билээ. Тухайн өдөр их, бага хэмжээгээр 33 удаа газар хөдөлсөн.

-Орогнох байрандаа хэр удсан бэ?

– Өрөөний маань охин бид хоёр 7-ны 15:30 цаг хүртэл түр орогнох байранд байсан. Нэг удаагийн оо, сойз, саван болон хөнжил, гудас, дэр зэргийг өгдөг юм билээ. Мөн ус болон мантуу өгч байсан. Орогнох байр нь харуул хамгаалалттай. Гарахаар бол гарын үсэг зурж, зөвшөөрөл авах шаардлагатай юм билээ. Бид хоёрын хувьд Тайпэй руу явах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурснаар орогнох байрнаас гарсан юм. Тайпэй ороод шууд Монгол руугаа явна гэсэн бодолтой байсан учир ачаа тээш, бичиг баримт гээд бүх зүйлсээ дотуур байрнаасаа очиж авсан л даа. Тухайн өдөр хүчтэй газар хөдлөлт бага зэрэг намжсан гэж болно. Явах бэлтгэлээ хангачихаад вокзал руу явж, Тайпэй явах хурдан галт тэрэгний билет авсан. Бид хоёрын билет тэр өдрийн хамгийн сүүлийнх нь байсан шүү.

-Үлдсэн монгол оюутнууд одоогоор хаана байгаа вэ?

-Манай сургуульд нийт зургаан монгол оюутан байдаг юм. Манай өрөөнийхөн бүгдээрээ орогнох байр луу орсон. Харин үлдсэн хоёр нь гэр бүлийн хүмүүс учир тусдаа байр түрээсэлж амьдардаг юм. Намайг явсны дараа тэр хоёр орогнох байранд ирсэн юм билээ. Өрөөний хоёр маань биднийг Монгол руу явна гэхэд их гайхаж байсан. Айж, сандарсандаа ч юм уу хэцүү, хүнд нөхцөлд байгаа гэдгээ мэдрэхгүй байсан байх. Дараа нь Тайпэйд ирчихээд “Ямар аймаар нөхцөлд байсан юм бэ гэдгээ мэдэрлээ” гэж ярьж байсан. Гэхдээ тэд саяхан эргээд Хуалин хот руугаа буцацгаасан.

– Газар хөдлөлтийн үеэр нэгэн барилга нурсан байсан. Тэрхүү барилгаас сургуулийн дотуур байр тань хэр зайтай вэ?

-Тэр барилга руу дугуйгаар очиход 15 минут л явдаг. Маш ойрхон гэсэн үг л дээ. Харин манай оюутны байр нураагүй ч цонх хагарч, хана, тааз цуурч, зарим хаалганууд салж унасан.

-Газар хөдлөлтөөс үүдэн Хуалин хотод хэр их хохирол учирсан бол?

-Нийт 12 хүн нас барж, 270 гаруй хүн гэмтэж бэртсэн. Одоогоор 43 хүн ор сураггүй алга болсон. Нурангид дарагдсан гэж үзээд хайж байгаа гэж сонссон. Гурван барилга нурсан. Хэд, хэдэн гүүр, мөн маш их зам эвдэрсэн. Гэхдээ эвдэрсэн замаа маргаашнаас нь шууд засаад эхэлчихдэг юм билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Харин хүнд мэдрэгдэх хүч нь долоон балл руу орсон гэж үзэж байгаа.

-Одоогийн нөхцөл байдал ямар байгаа бол вэ?

-Хүчтэй газар хөдлөлт багассан. Гэхдээ бага зэргийн газар хөдлөлт байнга л үргэлжилж байна гэсэн.

-Монголдоо хэр удах вэ?

-Сургууль хоёрдугаар сарын 26-ныг хүртэл түр амарч байгаа. Тэр хүртэл Монголдоо амарч байгаад буцна даа.

О.АриунцЭцЭГ

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр зочид буудал Дубайд нээгджээ

“Gevora” зочид буудал зурган илэрцүүдДэлхийн хамгийн өндөр зочид буудал Арабын Нэгдсэн Эмирт Улсын хамгийн том хот болох Дубайд нээгджээ.“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, даваа гарагт буюу өчигдөр үүдээ нээсэн “Gevora” зочид буудал нь 356 метр өндөр, 75 давхар аж. Энэ нь өмнө нь “дэлхийн хамгийн өндөр зочид” буудал гэгдэж байсан “JW Marriott Marquis” зочид буудлаас 1 м, Парисын Эйфелийн цамхгаас 56 м-ээр өндөр бол Куала-Лумпурын ихэр цамхгаас 100 орчим м-ээр намхан аж. 500 гаруй өрөөтэй “Gevora” зочид буудлыг барихад 130 сая гаруй ам.доллар зарцуулсан гэнэ. Өрсөлдөгч зочид буудлуудаас ялгаатай нь тус тансаг зэрэглэлийн зочид буудлын өрөөний үнэ харьцангуй хямд аж.

Энэхүү зочид буудал нь Дубай хотын аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
АНЭУ-д дэлхийн хамгийн өндөр 10 зочид буудлын долоо нь байдаг гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны дунд шатны тайлан танилцууллаа

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны дунд шатны тайлангийн танилцуулга болон хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар болон нийслэлийн харьяа байгууллага, инженерийн хангамж, олон улсын болон банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн 50 орчим төлөөлөл оролцлоо.

Судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт гүйцэтгэж байгаа юм.

Тус судалгааны нээлт болон анхан шатны тайланг өнгөрсөн оны 5, 9 дүгээр сард хийсэн бөгөөд судалгааны зорилт, хүлээгдэж буй үр дүн болон судалгааны эхний үр дүнг танилцуулсан.

Судалгаагаар дулаан, цахилгааны үйлдвэрлэл, түгээлт, хангамж, хэрэглээний одоогийн байдалд иж бүрэн тооллого хийж эрчим хүчний хэтийн хэрэгцээ, хангамж болон авах арга хэмжээний хувилбаруудыг урьдчилан тодорхойлно. Улмаар УБ хотод сэргээгдэх эрчим хүчинд түлхүү суурилсан тогтвортой эрчим хүчний системийг бий болгоход тустай технологийн шийдлүүдийг тодорхойлж эрчим хүчний системийг шинэчлэх чиглэлээр зөвлөмж гаргахаар төлөвлөсөн.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр арга хэмжээг нээж хэлэхдээ – “Нийслэлийн зүгээс энэ судалгаанд ихээхэн ач ач холбогдол өгч Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ тусгасан, түүнчлэн судалгаа нь 2017 оны 3 сард МУ-ын ЗГ-аас баталсан АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, тухайлбал хот төлөвлөлт, хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлэх, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож, бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах зэрэг зорилтонд бүрнэ нийцэж байгааг” тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр сэргээдэх эрчим хүчний чиглэлээр Японы JICA-тай хамтран газрын гүний дулааныг ашиглах төсөл хэрэгжүүлэх гэж байгааг дуулгасан юм.

Мөн семинарт оролцсон ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга доктор Христиан Гласс хэлэхдээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ялангуяа нүүрснээс хамааралтай эрчим хүчний хангамжтай нийслэл хотын хувьд тогтвортой бөгөөд байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хангамжийг бий болгоход тухайлбал, түүхийн нүүрсний үнэ хямд, иргэдийн орлого бага, техникийн ноу-хау дутагдалтай зэрэг олон сорилт бэрхшээл байгааг дурьдаад боломжит шийдлүүдийг тодорхойлоход энэ судалгаа ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд харилцан уялдаатай цогц арга хэмжээ авах, энэ чиглэлээр олон улсын донор байгууллагуудын дэмжлэг авч хүчин чармайлтаа нэгтгэхийн чухлыг тэмдэглэсэн.

Судалгааг гүйцэтгэж буй Германы Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институтийн судалгааны багийн ахлагч ноён Герхард судалгааны дунд шатны тайландаа эрчим хүчний одоогийн болон хэтийн хэрэглээтэй холбоотой тоон мэдээлэл, таамаг, эрчим хүчний системийн загварчлал, арга хэмжээний үр нөлөө, Улаанбаатар хотод ашиглаж болох сэргээдэх эрчим хүчний эх үүсвэр, төрөл, нөөц, тэдгээрийг ашиглах боломж болон хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэтийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл мөн энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх богино, дунд болон урт хугацааны арга хэмжээ, зөвлөмжийг танилцуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын орчимд нар, салхины эрчим хүч ашиглах боломж байгааг дурьдахын зэрэгцээ ялангуяа өвлийн улиралд эдгээр нөөцийн бие биенээ харилцан нөхөх боломж бага байгаа тул энэ байдлаас гарах зарим техникийн шийдлүүдийг санал болгосон. Мөн цаг алдалгүй шууд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнд нарны зайн хураагуурыг (Photovoltaic) гэр хороолол, барилгын дээвэр дээр байршуулахыг зөвлөсөн.

Танилцуулгатай холбоотойгоор семинарт оролцогчдын зүгээс агаарын бохирдол, тоосжилт ихтэй нөхцөлд нарны зайн хураагуур ашиглах нь хэр үр дүнтэй байх, урт хугацааны прогноз гаргахын хажуугаар авах арга хэмжээг үе шаттайгаар харуулах, барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах ач холбогдлыг онцгойлон авч үзэх, санал болгож буй арга хэмжээний хөрөнгө оруулалт, өртөг зардлыг тооцож харуулах, төвлөрүүлэх зарчмаар ажилладаг нарны станцыг ашиглах боломж, сэргээгдэх эрчим хүч ашиглахаас өмнө байшин, орон сууцны дулааны алдагдлыг бууруулах шаардлагатай байгаа, дулааны тооцоонд хэрэгцээний халуун усны эрчим хүчийг оруулж тооцох зэрэг санал гаргаж байсан. Мөн агаарын бохирдлыг бууруулахад үндэслэл, тооцоо судалгаатай зөвлөмж чухал байгааг дурьдсан бөгөөд нийслэл Улаанбаатар хот эдгээр зөвлөмжид тулгуурлан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахаар төлөвлөж байгааг дуулгасан. Цаашид энэ судалгааг бодит ажил хэрэг болгоход Монгол талын шийдвэр гаргагчдын дэмжлэг чухал болохыг семинарт оролцогчид тэмдэгдэж байсан.

GIZ-ийн Хотын Нэксус төсөл судалгааны төгсгөлийн тайланг энэ оны тавдугаар сард бэлэн болгож Монгол улсын Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захиргаа, холбогдох бусад газруудад хүргүүлнэ гэж тус төслийн захирал хатагтай Рут Эрлбек мэдэгдсэн гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Бүрд суманд тусламж үзүүллээ

Нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Бүрд суманд өвөлжилт хүндэрч улсын хэмжээнд онцгой байдал үүссэн таван сумын нэг. Өнгөрсөн зун сумын нийт нутгаар гантай, одоогоор Бүрд сумын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна.

Тус сумын удирдлагууд НЗДТГ-т тусламж хүссэн хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын хуулийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар Бүрд сумын нөхцөл байдалтай танилцаж НЗДТГ-с үзүүлж буй мөнгөн тусламжийг сумын ИТХ-ын дарга А.Болдбаатар, сумын засаг дарга Г.Баярмөнх нарт хүлээлгэн өглөө.

Бүрд сумын засаг дарга Г.Баярмөнх: “Бидний тавьсан хүсэлтийг хүлээн авч сум орны нөхцөл байдалтай танилцан туслаж байгаа нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Энэхүү тусламжаар малчдад өвс тэжээл хүргэж өгөх, отор нүүдэл хийж байгаа малчид руу хандсан арга хэмжээнд зориулан зарцуулалтынхаа тайланг нийслэлийн удирдлагуудад хүргүүлэх болно” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Албани Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц.Жамбалдорж тус улсын Ерөнхийлөгч Илир Мета Танаа энэ хоёрдугаар сарын 7-нд Албанийн Ерөнхийлөгчийн ордонд Итгэмжлэх Жуух Бичгээ барив. Итгэмжлэх Жуух Бичгээ барьсны дараа Ерөнхийлөгч Илир Мета Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзаж, найрсгаар ярилцав. Элчин сайд Ц.Жамбалдорж уулзалтынхаа эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Албани Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

Тэрээр хоёр орны улс төрийн харилцааг идэвхижүүлэхийн сацуу эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн төлөө идэвхи, санаачилгатай ажиллахаа илэрхийлж, Монгол, Албанийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ирэх 2019 онд хоёр талдаа соёлын арга хэмжээ юм уу бизнес форум харилцан зохион байгуулж, бодит үр дүн гарахуйц хэлбэрээр тэмдэглэхийг санал болгов.

Ерөнхийлөгч Илир Мета Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийн мэндчилгээг уламжлахыг хүсээд, цаашид хоёр орны харилцааг идэвхижүүлэн хөгжүүлэхэд Албаний төр, засгийн газрын байгууллагууд бүхий л талаар дэмжих болно гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Европын анхны орны хувьд Албани нь цаашид хоёр орны хооронд хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих болон давхар татвараас зайлсхийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд байгуулах эрмэлзэлтэй байгааг дурдаад, харилцан үр өгөөжтэй бодит хамтын ажиллагааг эхлүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Итгэмжлэх Жуух Бичгээ барихад Элчин сайдын гэргий Г.Дуламсүрэн, ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга Ш.Амгаабазар, Албаний Гадаад харилцааны дэд сайд Этхэн Жафар, Ерөнхийлөгчийн дипломат зөвлөх Валтер Ибрахими, Төрийн ёслолын газрын дарга Дастид Кореши нар байлцав.

Элчин сайд Ц.Жамбалдорж Итгэмжлэх Жуух Бичгээ барьсныхаа дараа Албаний Парламентын дарга Грамоз Ручи, Гадаад харилцааны дэд сайд Этхэн Жафар нартай тус тус уулзаж хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.