Categories
мэдээ цаг-үе

Г.Гантулга: Хот тэлж биш зөв зохион байгуулалтад орж нягтарч хөгждөг

Доктор, дэд профессор Г.Гантулгатай газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн талаар ярилцлаа.


-Та докторын зэргээ ямар сэдвээр хамгаалсан юм бэ?

-2010 онд “Улаанбаатар хотын газар ашиглалт ба функциональ бүсчлэл” сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Газар ашиглалтын ангилал гэдэг зүйл бол тэр үед харьцангуй шинэ ойлголт байсан л даа. Газар олголт, зөвшөөрөл, хяналтын тогтолцооны суурь болдог зүйл нь газар ашиглалтын ангилал. Энэ нь манайд хууль эрхзүйн орчинд 2008 онд Хот байгуулалтын хуульд орж ирж байсныг эс тооцвол бараг яригдаж байгаагүй. Шинэ ойлголт байсан. Тэрийг дараа нь ажил хэрэг болгоод Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд санал өгч байсан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголд өөрийнхөө дэвшүүлсэн саналаа оруулж батлуулж байлаа.

-Аймгуудын төв, сумдын сургууль, цэцэрлэг, захиргаа нь ижилхэн барилгатай, төлөвлөлт нь адилхан байдаг?

-Үндэсний хэмжээний мэргэжилтнүүд ч харьцангуй сүүлд бэлтгэгдэж эхэлсэн. 1954 онд хот байгуулалтын төлөвлөгөө анх Улаанбаатар хот дээр хийгдсэн. 1959 онд дотоодын газар зохион байгуулалт дөнгөж яригдаж эхэлсэн. Тэр үед мэргэжлийн боловсон хүчин байхгүй болохоор шууд Оросын “Гипрогор” институт хүрч ирээд хот байгуулалтын төлөвлөгөөг хийсэн. Уул уурхайг “Гипрошахт”, зам тээврийг нь “Гипротранс” гээд төрийн өмчит институтууд нь хийдэг байсан юм билээ. Тэд нэг стандартаар норм дүрмээ бариад хийчихдэг байсан. Одоо Багануурыг харахаар Эрдэнэтийн нэг хэсгийг авчраад тавьчихсан юм шиг харагддаг шүү дээ. Тэгж нэгдсэн төлөвлөгөөний дагуу явсан юм билээ. Ингэлээ гээд буруудсан зүйл байхгүй. Орчин үед хотууд аялал жуулчлалын талаасаа ч юм уу, хэв маягаараа өөр өөр байхыг шаардаад байгаа. Харин тухайн үед дөнгөж суурьшаад тогтож байсан учраас нэг стандартаар байвал эргээд түүнийх нь засвар үйлчилгээ, хяналт нь стандартынхаа дагуу л хөрөнгө оруулалтаа тооцоход илүү амар байсан байх.

-Улаанбаатар хот зүүн, баруун тал руугаа тэлж байгаа. Харин сүүлийн үед өндөр барилга барих, давхар зам, тунель гаргах зэргээр дээшээ барилга байгууламж нэмэгдэх боллоо. Гэтэл хотын доор, газар доор дахиад бүтэн хот бий болгох боломж байдаг гэж ярьдаг. Улаанбаатар хотын газрын хэвлийг ашиглагдаагүй байгаа гэж үзэж болох байх?

-Тийм тийм. Манайхан “Өргөн уудам газар нутагтай юм чинь. Тэрнийхээ хэрээр хотоо тэлээд л байх ёстой” гэж буруу ойлгодог. Тэлсэн тэр хэмжээгээр тэр газрууд руу зам барьж, цахилгааны шон татаж, шугам, дэд бүтцийг нь шийдэх болдог. Хол амьдарч байгаа хүн хотын төв рүү ажилдаа ирэхийн тулд цаг хугацаанаас эхлүүлээд эдийн засгийн олон бэрхшээлтэй тулгардаг. Хот тэлж биш зөв зохион байгуулалтад орж нягтарч хөгжих ёстой байдаг. Гэтэл одоо болтол хотын тэг гортиг, хил хязгаар зэрэг олон асуудал зуун задгай, жаран хагархай гэгчээр хороодынхоо хил хязгаарыг одоо хүртэл тохирч чаддаггүй юм байна шүү дээ. Монгол Улсын хороо, багийн хилийн 60-70 хувь нь шийдэгдээгүй. Одоо хүртэл маргаантай. Үүнийгээ шийдэж чадаагүй болохоор дараа дараагийн асуудал гарч ирдэг. Хил хязгаар, эрхзүйн орчноо тодорхой шийдэж чадахгүй байгаа нь ашиг сонирхол, үзэмжээрээ шийдэх зэрэг асуудалд боломж олгоод байгаа юм. Хот бол доошоо, дээшээ гэсэн гурван хэмжээстээр хөгжих ёстой. Улаанбаатар хотын хувьд гүний ойлголтуудыг шууд ашиглахад эрсдэлтэй. Нэгдүгээрт, голын хөндийд байрладаг учраас хуримтлалын хурдсууд үүсчихсэн байдаг. Ийм болохоор барилгажихад хэр тохиромжтой вэ. Улирлын хөлдөлт, гэсэлт, цэвдэгт үзэгдэл ихтэй. Саяхан Амгаланд айлуудын байшин усанд автаад хөлдчихсөн байсан нь мэдээллийн хэрэгслээр гарсан. Газар дороо ийм их цэвдэгтэй тохиолдолд тэр болгон гүн рүүгээ хандаад байх шаардлагагүй. Уг нь бол газар доорх нөхцөлөө ашиглахгүйгээр бараг энэ сая гаруй хүн чинь барилгажсан талбай дээрээ зөв зохион байгуулалтад орчихвол амьдрах боломжтой орон зайтай. Бид хэт эмх замбараагүй тарчихсан. Дээрээс нь хогийн цэг, оршуулгын газар ямар ч хяналтгүйгээр урсгалаараа шахуу үүсчихсэн байна. Энэ бүхэн нь холилдоод зохион байгуулалтаа алдчихаад байна.

Үүнийг зохицуулах дараагийн алхам бол тэр орон зайнуудыг ашиглах, барилгуудаа өндөр болгох. Өндөр болгохдоо бусад барилгын гэрэл сүүдэрт асуудал үүсгэхгүй, зогсоолын асуудлаа шийдсэн байх, гал дамжих магадлал, газар хөдлөлтийн үед яах вэ гэдгийг шийдсэн байх хэрэгтэй. Гүний асуудлын хувьд инженер, геологийн асуудал, цэвдэгт үзэгдэл зэргийг давхар бодож үзэж байж хийх. Ер нь технологи сайжирч байгаа үед боломжтой ойлголт. Метротой болъё гэвэл газрын хэвлийг ашиглахаас өөр аргагүй.

-Манай нийслэл мега хот. Улаанбаатар мега хотод байх шаардлагуудыг хэр хангаж байгаа бол?

-Харьцангуй ойлголт л доо. Дэлхий дээр саяас дээш хүн амтай 260 орчим хот байгаа юм. Тэр хотуудыг байр эзлүүлдэг олон улсын байгууллагууд байна. Хотуудын амьдрах орчны чанарын үнэлгээг гаргаж зэрэглэдэг. НҮБ ч хотуудыг түвшин, засаглал, байгаль орчин, дэд бүтэц, эдийн засаг зэрэг янз бүрийн байдлаар нь ажигладаг. Тэр олон судалгаануудад Улаанбаатар хот эхний зууд нь багтаж чаддаггүй. Бүр тэр судалгаандаа оруулдаггүй ч хотууд байдаг. Орхиод явчихдаг. Одоогоос 2-3 жилийн өмнөх НҮБ-ын тайланг үзэж байхад зарим үзүүлэлтээрээ Улаанбаатар 64 дүгээр байрт орсон байсан.

-Ямар үзүүлэлтээрээ тэр вэ?

-Хотод амьдарч байгаа хүмүүсийн стресс, авлига, дэд бүтэц, ардчилал, жендер гээд газартай хамааралгүй олон үзүүлэлтүүдийг оруулаад ирдэг юм билээ. Дайн дажингүй, жендерийн үзүүлэлтүүдээр урагш ороод ирдэг ч агаарын бохирдол, дэд бүтэцгүй байдал, ядуурлаараа хойшоо ухарчихдаг. Хүн болгон л ярьдаг. Улаанбаатар хотыг сөнөж мөхөж байгаа хот гэж ойлгоод байдаг. Энэ бол арав, хориодхон жилийн сөрөг үр дагавар. Үүнийг шийдэхэд амархан. Утаа хүртэл нэг өдрийн салхинд арилчихаад байгаа юм чинь энэ бол гайгүй асуудал. Энэ нөхцөл байдлыг хэн харлуулаад байна вэ гэхээр намууд “Тэр намын үед ийм болчихсон. Энэ намын үед ийм болсон” гэж улстөржүүлээд байгаа юм.

Дэлхийн хотуудын түүхийг аваад үзэхэд бүгдэд нь энэ бүхэн тохиолдож байсан. Үүнд хэн нэгнийг буруутгах, бөөнөөрөө шүүмжилж дайрахаасаа илүүтэй энгийн иргэнээсээ эхлүүлээд төр засаг нь хүртэл дээд түвшиндээ шийдэх гарцуудаа хайгаад явбал болохгүй гэх асуудалгүй. Юмыг гэгээлгээр харахгүй бол бид ганц нийслэлдээ нэр хоч өгөхөөс цааш хэтрэхгүй байна.

-Венец усан дээр байдаг гэдгээрээ, Нью-Йорк бол гэрлэн чимэглэлээр дэлхийд алдаршсан. Улаанбаатар хот тэдгээр хот шиг юугаараа дэлхийд гарах боломжтой вэ?

-Улаанбаатар хотын хувьд архитекторын онцгой шийдэл эсвэл байгаль экологийн онцлог юм багатай. Дэлхийн хотуудаас юугаараа ялгагдах вэ гэхээр харьцангуй сүүлд суурьшсан. Шинэ үүсч байгаа хотын бүх проблем Улаанбаатар хотод үүсч байдаг. Дээрээс нь төр засгийн болон эдийн засгийн маш том давалгаануудад энэ хотын өнгө төрх яаж өөрчлөгдөж, тэсэн үлдэж чадаж байна вэ гэдэг нь Улаанбаатар хотоос харагдах боломжтой. Энэ бол манай хотын онцлог. Бидний имиж гэвэл Ази, Европ гэдэг хоёр тивийн хоёулангийнх нь хэв шинжийг гаргаж чадсан.

Дэлхий дээр өөр байдаггүй монгол гэрийн суурьшил энэ хотод бий. Дэлхий дээр хамгийн хямд зардлаар байр орон сууцны хэрэгцээгээ хангаж байгаа хувилбар нь монгол гэр. Гэр хорооллыг утааны эх үүсвэр гэж яриад байгаа болохоос биш энэ бол байж болох л хувилбар. Үүнийг зөв зохион байгуулалтад оруулна уу гэхээс үгүйсгэж болохгүй. Зөв гарцуудаа олох нь л бидний тулгамдсан асуудал.

Хотын өнгө төрхийг тийм, ийм болгоё гээд хэн нэгэн шийдээд бий болгочихдоггүй. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 20 жилээр гаргадаг байтал тэр хооронд Засгийн газар нь тав байтугай солигдчихдог. Тэгээд намуудын мөрийн хөтөлбөр гэж юм ороод ирдэг. Ийм олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа үед хотын имиж бүрдэнэ гэдэг хэцүү юм байна. Гэхдээ яалтгүй ч эдийн засаг, зах зээлээ дагаад хотын өнгө төрх үүсээд л байгаа. Барилгажаад хагас зуун жил болж байгаа хотын хувьд өнгө имиж ярих нь эрт байна. Зарим хот 1000 жил болчихсон. Зах нь 400 жил тасралтгүй ажиллаж байгаа гэж ярьдаг.

-Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө зарлагдаж байгаа гэв үү?

-Зарлагдаад, яригдаад явж байгаа юм билээ.

-Өнгөрсөн 20 жилийн төлөвлөгөө нь хэр биелсэн юм бол?

-Төлөвлөлт маш сайн ч биелэлт нь маш муу байсан. Төлөвлөлт нь эрхзүйн чадамжгүй шахуу баримт бичиг юм байна. Тогтоол хэлбэрээр батлагддаг. Тэгэхээр тэрийг зөрчлөө гэхэд хариуцлага хүлээлгэх систем байхгүй. Газар зохион байгуулалт, газар олголт, хот байгуулалт гэдэг хоёр зүйл нь хоорондоо уялдахгүй байгаа. Хоёр өөр хуулиар явдаг. Хоёр өөр агентлагтай. Мэргэжил хоорондын үл ойлголцол, уялдаа холбоо муу, мэдээллийн сан нь тусдаа байгаагаас ийм асуудлууд үүсч байна. Цаана нь төсөв мөнгөний асуудал байдаг байх. Ер нь бол өөр өөрсдийнхөө тогоо руу оруулах дургүй шүү, салбарууд.

-Анхны Засгийн газрын сайд нарын амьдарч, ажиллаж байсан байр, Богд хааны ордон музей, элдэв сүм хийд гээд түүхийн үнэт өв болохоор байшин барилгуудыг сэргээх, хамгаалах тал дээр ихээхэн хойрго шүү. Гэтэл дэлхийн томоохон хотууд түүхэн барилгуудаа аль болох тэр хэвээр нь авч үлдэх эсвэл ядаж үүд хаалга, гудамж руу харсан талыг нь анхны төрхөөр нь үлдээдэг жишиг байдаг юм билээ?

-Land mark гэж яриад байгаа юм. Газрын онцлог хэв шинжтэй түүх, соёлын янз бүрийн өв дурсгал болсон газруудаа тусад нь бодлогоор хэрэгжүүлдэг. Газар ашиглалтын бүсчлэлээр давхарга байдлаар түүхийн дурсгалт газруудыг хамгаалах бүсчлэл тогтоодог. Хөшөө дурсгал байвал төдөн метрт нь хяналтын бүс тогтооно. Энд газар олгож болохгүй, үзэгдэх орчинг нь хаачихна гээд журмаар маш тодорхой гаргадаг. Үүнийг тухайн улс улс орныхоо хэмжээнд том хуулиараа зохицуулж чаддаггүй юмаа гэхэд хот нь багц дүрмүүдийнхээ хүрээнд зохицуулдаг. Манайд энэ асуудал үнэхээр орхигдоод явдаг. Газрыг түүх, соёлын дурсгал, үнэт өв, ногоон байгаль, экологи гэж харахаас илүү ашиг хонжоо олох, барилга барья, мөнгө олъё гэж хараад байдаг болохоор тэр бүх асуудал орхигддог. Эцэстээ цаад асуудал болох Улаанбаатар хотын аялал жуулчлал, хотын өнгө үзэмж, бидний үзэл санаанд нөлөөлөх чухал зүйлс маань халхлагдчихдаг. Чойжин ламын сүм музей гэж эртний, маш ховор барилга байхад дэргэд нь өндөр барилгууд баригдчихаар тэнд тийм сүм байгаа гэдгийг ямар ч жуулчин мэддэггүй. Тэнд тийм сүм байгаа гэдгийг хотын иргэн л хэлнэ үү гэхээс биш хотын жуулчлал хийж байгаа жуулчин очиж сонирхохооргүй болтол нь хаачихсан.

-Улаанбаатар хотын даац хэд дахин хэтэрчихсэн. Дахин шинэ хот байгуулах эсвэл дагуул хотуудаа хөгжүүлэх талаар л сүүлийн үед ярих болсон. Харин та энэ салбарыг судалдаг хүний хувьд ямар хувилбарыг дэвшүүлэх вэ?

-Хотын даацыг яаж нэмэхгүй байх вэ, яаж сарниулах вэ гэдэг асуудлуудыг ярих ёстой. Гэхдээ хүн төрөлхтөн чинь суурин газар, соёл иргэншил рүү, зах зээл, боломж руу тэмүүлж байгаа тохиолдолд дараагийн хотуудыг нь ярьж эхлэх хэрэгтэй. Хүмүүс ярихдаа хотоо тэлээд баахан дагуул хот нэмж улам шавуулах гээд байдаг. Хол хол, жаахан том сэтгэх хэрэгтэй. Шинэ хот байгуулахгүй, одоо байгаа хотуудаа илүү хөгжүүлэх.

-Эрдэнэт, Дархан гээд?

-Тийм. Аймгуудын төвүүдийг бас хөгжүүлнэ. Угаасаа дэд бүтэц нь шийдэгдчихсэн газрууд. Үйлчилгээнээс нь эхлүүлээд сайжруулаад эхэлбэл бэлэн дэд бүтэц, бэлэн статус, засаг захиргаатай ийм газрууддаа суурьшлаа нэмэх боломж бүрдэнэ.

Гэрэл зургийг Г.Базаррагчаа

Categories
мэдээ цаг-үе

Гобсэк

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Гобсэк гуай хорт хавдартай болсноо дэндүү хожим мэджээ. Өвлийн хүйтэнд ердийн сурсан зангаараа нөмгөн явж байж ханиад хүрч. Эмчид үзүүлж дэмий мөнгө үрж байхаар гээд өөрөө аргалчих санаатай янз бүрийн өвс ургамал чанаж уусаар байгаад хүндрүүлчихгүй юу. Ингээд аргагүйн эрхэнд эмнэлэгт үзүүлтэл хүндэрсэн хатгаа гэж оношилж байна. Түүнийг сэхээнд хэвтэж байхад эмч өөрөөс нь зөвшөөрөл аваагүй мөртлөө шинжилгээнд оруулж нарийн багажаар дурандсан бололтой, ингээд лавширчихсан хорт хавдрыг нь илрүүлсэн юмсанж.

Хатгааг ч яахав эрчимтэй эмчилсээр хөл дээр нь босгоод ирлээ. Хавдрын хувьд мэргэжлийн эмчид үзүүл гэж зөвлөсөн. Жинхэнэ явцыг нь эмч мэдсэн ч хэлэлгүй, мэргэжлийн эмчид очихыг зөвлөжээ.

Гобсэк гуай эмнэлгээс гараад өнөө зааж өгсөн мэргэжлийн эмнэлэг рүү нь очсонгүй. Эмч тодорхой юм хэлээгүй болохоор хүндээр тусгаж аваагүй бололтой. Гол нь эмнэлэгт очихоор бөөн зардал, аягүй бол манайд эмчилж дөнгөхгүй учир гадаадад оч гэж тулган шар махтай нь хатаана. Гадаадад эмчлүүлэхэд маш их мөнгө ордог тухай тэрээр бишгүй нэг дуулсан. Ерөнхийдөө харамчдаа л тэр дээ.

Хагас жил өнгөрөхөд тэрээр бие нь үнэхээр болохоо байж байгааг мэдрэв. Энэ үеэс тэрээр анх удаа үхлийн тухай бодох болсон юм. Үхлээс маш их айдгийгаа тэгэхэд л мэдсэн. Мөнгө төгрөг ч яамай гэж бодоод өнөө зааж өгсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт нь арай гэж хөлөө зөөсөөр явган мөлхөж очив. Хөл нь гуйван хар хөлс нь цувахын үед автобусны мөнгө аваад гардаг байж гэж дотроо өөрийгөө зүхэж үзэв. Гэрээсээ мөнгө авч гараагүйн учир нь эмчид нэн ядуугаа харуулж, шаардлага гарвал хармайгаа эргүүлэн сэгсэрч үзүүлэх гэсэн юм. Тиймээс ч зориуд аль муу ноорхой хувцсаа өмссөн хэрэг.

Эмч юм хэлэхгүй мөртөө толгойгоо сэгсрээд л байх юм.

-Таны нас сүүдэр хэд вэ?

-Далан гуравтай.

Тэрээр худлаа дэлсэж насаа арваар нэмж буй нь өрөвдүүлэх гэж тэр.

-Таныг хүргэж ирсэн хүн байна уу? Байвал дууд даа.

-Байхгүй. Би ганц бие хүн.

Энэ харин үнэн. Олон жилийн өмнө авгайгаа хөөгөөд явуулчихсан. Ганц хүүтэй боловч тэрэнтэйгээ арав гаруй жил уулзаагүй. Дам сонсохноо архинд ороод гудамжинд гарсан гэсэн. Иймээс үнэхээр ганц бие гозон толгой.

-Таныг одоо яаралтай шинжилгээнд оруулна.

-Ахад нь мөнгө байхгүй, яадаг билээ.

-Танд таатгалын дэвтэр байгаа биз дээ?

-Байхгүй. Би өнчин өрөөсөн ядарсан өвгөн. Тийм юм хөөцөлдөж аваа ч үгүй.

Энэ бас худлаа. Даатгалтай ч байсан нэмэлт мөнгө төлдгийг өнгөрсөн өвөл хатгаа тусахдаа биеэр амсаж маш их шаналсан.

За юутай ч өрөвч эмч таарч өвгөнийг элдэв нарийн багажаар оруулан оношилжээ.

-За өвөө минь танаас юуг нь нуух билээ. Та үнэхээр хүнд өвджээ. Хорт хавдар чинь бүр цаашилчихсан байна. Эртхэн ирэхгүй яав даа. Та манайд эмнэлэгт хэвтэж болно. Бид чадахаараа эмчлэх гэж оролдоно, мэдээж. Гэхдээ ингэж хүндэрсэн өвчнийг аргалахад тун хэцүү. Би танд үнэн санаанаасаа зөвлөхөд гэр орныхон, хамаатан садан байдаг бол тэднийхээ халамжид гэрээр сувилуулбал илүү дээр болов уу. Би танд өвчин намдаах зэрэг хэдэн эм бичиж өгье. Гэртээ эхнэр хүүхдээрээ сувилуулаад, эмээ уугаад, салхинд гараад… дуртай хоол ундаа хийлгэж идээд явбал үнэндээ сувилагчийн царай харж эмнэлэгт хэвтсэнээс хавьгүй дээр. Гэхдээ та өөрөө мэд, яамаар байна?

Гобсэк гуай ийм үг сонсоод эгээтэй л харавчихсангүй. Үлгэн салган юм гуйвсаар арай гэж гэртээ ирэв. Хаалгаа онгойлгох гэж тамирдаж үхэх дөхөв. Сейфны хаалга шиг зузаан төмөр үүдийг ил болон нууц арваад түлхүүр, кодоор тайлж нээнэ гэдэг хэрийн хүний дийлэх ажил биш. Гэртээ ороод хаалгаа дотор талаас нь бас л арваад цоож цуургаар бэхэлж авлаа.

Гаднаас нь харахад нэг их доожоогүй биш боловч онцолж нүдэнд тусаад байхааргүй энэ дан байшинг Гобсэк гуай бараг л тусгай захиалгаар арав гаруй жилийн өмнө бариулжээ. Үнэ өртөг ч гэж тоймгүй юм болсон. Байшин нь доошоо хоёр давхар. Олон давхар байшин барихаар төлөвлөгдөөд хундаамыг нь ухчихсан байхад эзнээс нь худалдаж авч үүнийгээ бариулсан юм. За даа байшин гэхээсээ маш том сейф юм даа.

Гобсэк гуай уг нь лус шиг баян нэгэн. Түүн шиг их бэлэн мөнгө, алт эрдэнэ, үнэ цэнэтэй урлагийн бүтээл хав дарсан хүн энэ дэлхийд элбэггүй байхаа.

Ядуу хороололд, чадуу ээжийн бутач хүү болон төрсөн тэрээр өлсөж цангах, гачигдаж дутахын зовлонг багаасаа амссан. Хорь жаахан гарсан хойноо нягтлан болохын мэргэжилтэй болж ажилд орсноор амьдралаа өөд татаж эхэлсэн юм. Төрийн мэдлийн үйлдвэрт нягтлангаар ажиллах болсноор амьдралын алтан хаалга нь нээгдсэн. Угийн сэргэлэн, гүйлгээ ухаан лут болохоор дансны аргаар хулуух аргыг нэн эрт сурчээ. Дороо баяжсан. Тэгэнгүүт байнга ажлаа солих боллоо. Өвчин зовлон тоочино. Ийм сайн нягтланг аль ч байгууллага халах хүсэлгүй. Гэвч мань эр хулгай нь баригдахаас айж бушуухан холдохын түүс болдог. Түүнд ажил амархан олдоно. Яагаад гэвэл тэр ажилсаг, нягт гямбай, дуу цөөнтэй, хэнтэй ч хэрэлдэж мууддаггүй, зожиг. Ийм нягтланд аль ч албан газрын дарга нэн дуртай. Чухам үүний тус юм уу, түрүүний хулгай нь огт мэдэгдэхгүй өнгөрч байсан, түүнийг хэн ч сэжиглэдэггүй. Тохь томоотой төрийн албан хаагч.

Өдгөө байгаа их хөрөнгө нь бүгд хулгайн зүйл гэвэл нүгэл болно. Хөрөнгийг аривжуулахыг тэр маш сайн мэднэ. Алт эрдэнэ, хатуу валют, ховор нандин эртний эдлэл, урлагийн үнэ цэнэт бүтээл цуглуулна. Эднийхээ үнийг ч сайн мэднэ, үнэ нь хэрхэн өсч буйг нямбай бүртгэнэ. Болгоомжтой хүн учир үнэт цуглуулгаа голдуу гадаадад гаргаж зарна, тэндээс ч ирээдүйд үнэ хүрэх зүйлийг худалдан авч гэр рүүгээ зөөнө. Хэн нэгэн санаандгүй тохиолдлоор асар их баялаг олсон, нуугдмал эрдэнэ гэнэт унаад ирсэн гэх маягийн мэдээ сониноос олж уншаад түүн шиг харамсдаг хүн байдаг болов уу. Цаад хүний гэнэт аз нь шовойсон тухайн өдрийг хэрэг болгон тодруулаад яг тэр үед өөрөө тэнд нь байгаагүйдээ гутран, өөрийнхөө юмыг булаалгачихсан аятай шанална.

Тэр хэзээ ч банкинд итгэдэггүй учир тийш зүглэж байсан нь үгүй. Нэгд, хөрөнгийн эх үүсвэр маапаантай. Хоёрт, банкууд дампуурч хадгаламж эзэмшигчид нь хохироод үлдэж байгааг харахаараа нэг болсон. Бирж, сугалаа, мөрийтэй тоглоом зэргээс аль болох зайгаа барина. Итгэдэггүй. Иймээс хөрөнгөө гудсан дороо нуух ганц аргаар л явдаг. Тэртэй тэргүй үнэт эдлэлийн хийж буй нууцхан наймаа нь ямар ч банк, биржээс илүү ашигтай, тэгээд найдвартай. Мөнгөн тэмдэгт бол нйадваргүй эд шүү дээ. Ханшны уналт, инфляци… байс хийгээд төрөөс дэвсгэртийг хүчингүй болгоно…

Гуч гараад эхнэр авч хүүхэдтэй болжээ. Үүнийг амьдралд нь тохиолдсон хамгийн том гамшиг гэж одоо болтол боддог. Шунахай эхнэр үрэлгэн. Мөнгө нуусан газрыг нь олоод зөндөөг хулгайлсан байхыг нь хожим мэдсэн. Гурван жилийн дараа хүүхэдтэй нь хөөгөөд явуулсан. Дахиж л авгай авч хөгөө хөлдөө чирэхээ больё гэж өөртөө тангаргалж билээ. Өөрөөс нь хулгайлсан алтан эдлэл, мөнгө төгрөгийг яаж ч нэхээд өгөөгүй явсан даа.

Үхлийн ирмэгт ирсэн Гобсэк гуай одоо энэ их хөрөнгөө яах вэ? Өнгөрсөн өвөл хатгаа тусахаас өмнө тэрээр маш эрүүл чийрэг нэгэн байсан. Ер нь амьдралдаа өвдөж хавдаж яваагүй юм байна. Иймээс үхэх хатах тухай хэзээ ч бодож байгаагүй. За яахав үхдэг юм байж, тэртээ тэргүй үхэх бол хорвоогийн жам (жаран гурав гээд бодохоор арай ч дэндүү эрт юмаа), гэтэл энэ их хөрөнгийг яах вэ? Хөрөнгөө яах вэ гэдэг нь үхэхээс ч хэцүү тулгамдсан асуудал.

Тараах уу, өвлүүлэх үү? Тэгвэл хэнд? Ядуу хүмүүст өгөх үү? Дэмий, юм үзээгүй хүнд очихоор зовж цуглуулсан энэ их баялагийг дор нь идэж уугаад л жорлон руу асгачихна. Хүүхдүүдэд өгөх үү? Үгүй ээ, юу авч буйгаа ч тэд ойлгохгүй, луйварчдын гарт л орно гэсэн үг. Настайчуудын асрах ч хэрэггүй дээ, тэд тэртэй тэргүй удахгүй үхээд алга болно. Улсад хандивлах уу? Авилгачдын хоол л болно биз.

Өвлүүлэх гэхээр хэндээ? Хөөгдөөд явсан хулгайч авгай даа юу? Хөөрхий сураг дуулдахгүй юм, амьд болов уу. Ганц хүү бий ч арав гаруй жилийн өмнө нэг уулзсан. Нэлээд халамцуу шүү. Дагаад салахгүй явсаар гэрт нь ирсэн, оруулахгүй гээд байхад хаалганы завсар хөлөө хийчихээд чихээд орж ирсэн. Баахан уйлж унжсан. Өрөвдөөд хэдэн цаас өгсөн юм. Хэдийгээр татганасан боловч элэг нь хаачих билээ. Хариугүй шээс хүрээд жорлонд гялс орох хооронд гараад зугтчихсан байсан. Тохой хэрийн алтан бурханыг нь аваад явчихсан байгаа юм даа. Дөнгөж худалдаж авсан болохоор далд хийж амжаагүй байсан. Ямар их өндөр өртгөөр авсан гэж санана. Эртний хийц байсан юм. Одоо байсан бол үнэ нь дор хаяхад хоёр нугарах байлаа. Өрөвдөхөөр өр өшиглөнө гэж энэ! Цагдаагийн ажилтан сэм хөлсөлж араас нь хөөцөлдүүлсэн боловч тэр шаарыг олоогүй. Гадаадад гараад явчихсан гэсэн. Тийм үнэтэй юм авчихаад тэрнийгээ ядахнаа хоол болгож ч чадаагүй бололтой. Архинд орчихсон гудамжинд дуулаад явж байсан гэж сонссон. Ашгүй, ер нь тэрнээс хойш үзэгдээгүй. Гурван нас хүртэл нь л хамт байсан болохоор бараг танихгүй мэдэхгүй хүн гэсэн үг дээ.

Гобсэк гуай нэг эгч нэг дүүтэй, уг нь. Эгч нь дээр үед нас барсан. Дүү нь бас өөдгүй амьтан. Америк явна гэж салахгүй гуйж гувшсаар байгаад замын зардлаа даалгаад тэр чигээрээ чимээгүй болсон. Зээлнэ, Америкт ажилд ороод мөнгийг нь хүүтэй нь явуулчихна гэж ам алдсаныг нь яана. Охин нь нэг удаа гудамжинд таарсан. Аав ээжийгээ Америкт сайхан амьдарч байгаа гэж ярьсан. Санаа нь зовоод арай л зээлсэн мөнгөө буцааж явуул гэж хэлээрэй гэх гэснээ хэлээ хазаад өнгөрч билээ. Гобсэк гуай ганцаараа баахан уйлж суув. Өвлүүлэх хүнгүйдээ биш, буян болгож тараах газаргүйдээ биш. Аль алин нь дэмий юм гэдэг дүгнэлтэд хүрсэн. Үхэхийн хооронд бас тэнэг тэнэг бодол орж ирэх юм гээч. Хөрөнгөө яах вэ гэсэн асуулт л түүнийг таг мухардуулж голыг нь горойлгоно.

Юу ч гэсэн хөрөнгөө дахин нэг бүртгэхээр доод зоорь руугаа хөлөө чирэн орлоо. Модилиани! Ориг зураг. Ямар их мөнгө гэж санана. Үүнийг музейгээс хулгайлсан хулгайчаас нь өндөр үнээр авсан юм. Тан улсын баримал. Ижил нь дэлхийд өөр байхгүй. Тэр авдраар дүүрэн хатуу валют байгаа. Ганц тэр биш. Вэксэл, үнэт цаас, өрийн бичиг тэр том сейфээр дүүрэн. Энэ их гулууз алт, эдлэл эрднийн чулууг яах вэ!

Маргааш болгож хойш тавих арга алга. Эмч юу гэлээ? Хэдэн хоногийн нас байна гэж асуусан юм байна шүү. Юу гэлээ? Ая тухтай амраад сайн сувилуулж арчлуулбал гурав дөрвөн сарын нас элбэг байна гэсэн. Элбэг байхдаа яах вэ дээ. Маргааш хүргэж дөнгөхгүй бололтой. Иймээс одоо шийдэх хэрэгтэй! Яаж шийдэх вэ? Шатаая! ! ! Хэнд ч бүү очиг. Насаараа зовж цуглуулсан хөрөнгө минь аль нэг танихгүй юм уу танихаа больсон, эсвэл шунахай эхнэр, хулгайч хүү, өөдгүй дүү гэсэн муусайн юманд очиж үрэн таран болох гэж үү! Ядахнаа баярлалаа ч гэж хэлэхгүй шүү дээ. Бүгдийг нь байшинтайгаа хамт шатаачихъя.

Гобсэк гуай торхтой бензин жижиг саванд юүлж нямбай зангаараа булан тохой алгасалгүй гэрээрээ нэг цацав. Сейфээ онгойлгож үнэт цаас, мөнгө, цуглуулгаа бензинд дүрэн норголоо. Торхтой бензинийг ээлжлэн юүлж цацсаар байшинд хуурай газар үлдээсэнгүй. Хулгайгаас хамгаалсан дохиолол, сэрэмжлүүлэг, цагийн механизм зэргийг нэг бүрчлэн тогноос нь салгав. Ингэж явсаар хариугүй унах дөхжээ. Ядахнаа өглөөнөөс хойш хоол идээгүй учир тамир нь бүрэн барагдаж. Юун хоол унд! Үхэл зэрэгцээд ирсэн санагдана. Амжиж шатаахгүй бол энэ хөрөнгө нохойн хоол болно. Үхэл гүйцээд ирлээ. Одоо чүдэнз зурахад л болоо! Хорогдох юмгүй болно.

Чүдэнз зурлаа. Бүх насаараа үхэн хатан цуглуулсан хөрөнгө хайран, хайран! Хармын сэтгэл нь асаатай чүдэнзийг нь газар хаяулдаггүй. Чүдэнзээ шидэх гэтэл гар нь хөдөлдөггүй. Зүрх нь шимшрэн, нулимс нь сул урсана. Нөгөө талаас нь үхэл хүчтэй зууран чангаана. Газар унаагүй асаалттай чүдэнз хурууны үзүүрийг нь хайраад унтарч байгааг дөнгөн данган мэдрэв. Үхэл илүү хүчтэй аж. Гобсэк гуайг татан унагав.

* * *

Энэ явдлаас хойш нэг зуун тавин жил өнгөрчээ. Гобсэк гуайн тухай хэн ч дурссангүй. Тэр бол мартагдсан хүн. Гэтэл нэг сониуч франц эр энэ тухай үнэн худал нь мэдэгдэхгүй ам дамжсан домог шиг яриа олж сонссон байна. Олон жилийн өмнө музейгээс алдагдсан Модилианигийн хөрөг зураг гэнэт олдсоны дараа иймэрхүү хачин яриа сонсогдох болсон хэрэг л дээ. Тэгээд цагдаагийн газрын танилаараа дамжуулан эртний архив ухаж үзжээ. Тэндээс маш их зүйл тодорхой болсон. Гобсэк хөрөнгөө шатааж чадсан ч юм байхгүй тэндээ зүрх нь хаагдаж үхсэн юмсанж. Түүний шарилыг нэлээд олон сарын дараа илрүүлжээ. Өмхийрөөд, илжрээд, дараа нь хатаад бараг хувхай яс үлдсэн байсан юм уу даа. Америкт цагаачилсан дүү нь зээлж авсан мөнгөө буцааж өгөх гэж ахыгаа сураглан хөөцөлдөж байж гэртээ үхсэнийг нь цагдаагийн тусламжаар олсон гэх. Аймшигт төмөр хаалгыг нь хэн ч онгойлгож хүчрэхгүй учир цонхыг нь кранаар татан эвдэж байж орсон байна. Цацсан бензин ууршаад ямар ч ул мөр үлдсэнгүй.

Гэрээр нэг тарааж цацсан үнэт эдлэл мөнгө цаасыг харсан хүмүүс цочсондоо зог тусан бүгдээрээ хэдэн хором хөдөлж чадахгүй хөшөө аятай таг зогссон гэх. Хөрөнгө хэнд очсоныг бичсэн бүртгэл Цагдаагийн архивт алга. Хожим бүртгэлийг хэн нэг нь ураад авчихсан бололтой хавтасны нугасанд тасархай үзүүр л үлдэж.

Энэ явдал мөнөөх саваагүй франц эрд гүн сэтгэгдэл үлдээжээ. Тэгээд тэрээр “Гобсэк” гэсэн роман бичсэн нь ихэд алдаршиж зохиогчид нэлээд чамгүй орлого оруулсан гэх. Зохиолч нэлээд нинжин сэтгэлтэй зөөлөн хүн байсан учир болсон явдлыг зөөллөж, дээр нь давслахын оронд уяруулж уран сайхны аргыг чамгүй хэрэглэсэн байна. Гобсэк хармалсандаа болоод бүх хөрөнгөө шатаах гэж байсныг огт дурдсангүй, зүгээр л үхснээр бичсэн байгаа юм даа.

Франц зохиолчийн нэрийг Өнөрэ дө Бальзак гэх юм билээ.

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабар “Гобсек” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн босгон дээр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, Гавж Д.Чойжамц монгол түмэндээ зориулж ерөөлөө айлдсаныг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай.

Дээрх нүүрнээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой хийсэн ярилцлагыг харах боломжтой. Тэрээр “Засгийн газар, Их хурал урт хугацаанд тогтвортой шийдвэр гаргаж чадахгүй байна” гэжээ.

Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд зориулж бичсэн захиаг улс төрийн хоёрдугаар нүүрнээс үзээрэй.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Гобсек” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Улсын аваргуудад шагнал гардуулсан талаарх сурвалжилгыг дөрөвдүгээр нүүрнээс уншаарай.

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлаар уулзаж ярилцсаныг тавдугаар нүүрнээс харах боломжтой.

Монголд хамгийн олон ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа компаниудын нэрс тодорчээ. Энэ талаарх сурвалжилгыг долоодугаар нүүрнээс уншаарай.

“40 тэрбум төгрөгөөр хадлан хадах тендер зарлаж болохгүй байсан уу” сурвалжилгыг баримт үйл явдлын арван нэгдүгээр нүүрнээс үзээрэй.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мөнхжаргал: “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкны төлбөрийг төлөхгүй байх боломж бий

-“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР АРБИТРЫН ШҮҮХ ДЭЭР ЯЛАХ МАГАДЛАЛ БАЙСАН БОЛОВЧ ҮҮНИЙГЭЭ ОГТ АШИГЛАСАНГҮЙ–

“Жаст” ХХК гадны “Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрээс баталгаа гаргуулж авсан тухай яригдаж байгаа. Ямартай ч Лондонгийн Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийг төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргачихсан. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нар энэ гэрээнд гарын үсэг зурсан эсэх өнөөдрийг болтол яригдаад тогтоогдоогүй байгаа. Энэ хэрэг чухамдаа юу болсон талаар “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалтай ярилцсан юм.

-Лондонгийн Арбитрын шүүхээс яг ямар шийдвэр гарсан бэ. “Жаст” ХХК- ийн авсан зээлийн өрөнд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь шилжих эрсдэлд орлоо гэцгээж байна?

-Лондонгийн Арбитраас 2016 оны есдүгээр сарын 20-ны өдөр 132455, 132445 гэсэн дугаартай хоёр шийдвэр гарсан байдаг. “Жаст” ХХК “Стандарт” банкнаас авсан зээлээ төлөөгүй учир “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа гаргагчаар оролцсон гэж үзээд 36 сая ам.доллар, мөн 14.7 сая ам.долларыг тус тус төлөх шийдвэр гарсан. Нийт 51 сая ам.доллар төлөх шийдвэр гарсан нь үнэн. “Жаст” ХХК “Стандарт” банкнаас нийтдээ 170 гаруй сая ам.долларын зээлийг дөрвөн үе шаттайгаар авсан байдаг. Тодруулбал, 2009 онд 36 сая ам.доллар, 2010 онд 75 сая ам.доллар, 2010 онд 27 сая ам.доллар, 2011 онд 34 сая ам.долларыг тус тус авсан. “Жаст” ХХК зээлээ төлж явсаар үлдэгдэл 71 сая ам.долларын өрийг төлж чадахаа байгаад 2013 онд “Стандарт” банк “Эрдэнэт” үйлдвэртэй ирж уулзсанаар анх асуудал дэгдсэн. “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаагүй гэдгээ ч хэлсэн. Би хамгийн анх чухам юу болсон талаар ярья. 2009 оны зургадугаар сард “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригтой ирж уулзсан юм. Ч.Ганзориг захирал намайг дуудаад Батхүүгийн гэрээг үзээд болох, болохгүйг нь хянаадах гэсэн. Би өрөөндөө ороод уншиж үзлээ. Уншсан чинь “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргана гэсэн утга бүхий өгүүлбэр явж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн баталгаагаар зээл авч болохгүй, надад болон Ганзориг захиралд ийм шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй гэдгийг түүнд хэлсэн.

-Тэгэхээр та “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” ХХК-д баталгаа гаргасан эсэх асуудлыг эхнээс нь хамгийн сайн мэдэх хүний нэг болж байна уу?

-Тийм ээ. Ш.Батхүүгийн барьж ирсэн гэрээн дээр гарын үсэг зурахгүй гээд “хөөгөөд” явуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа эргээд ирж уулзсан. Тэгэхдээ баталгаа гаргана гэдэг өгүүлбэрийг хасчихлаа. Одоо энэ гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч хэмээн дахин нэг гэрээ барьж ирсэн. Энэ гэрээний агуулгыг тайлбарлая л даа. “Жаст” ХХК “Эрдэнэт” үйлдвэрээс зэсийн баяжмал худалдан авдаг байсан. Зэсийн баяжмал худалдан авах гэрээнийхээ эрхийг “Стандарт” банкинд шилжүүлэх болж. Ер нь зэсийн баяжмалыг “Эрдэнэт” үйлдвэр 95 хувийн урьдчилгаа авч ачуулдаг болохоор “Эрдэнэт” үйлдвэрт ямар нэгэн эрсдэлгүй бас “Эрдэнэт”-ээс гарч буй баяжмалыг хэн ямар компани авах эрх нь нээлттэй байдаг. Гэрээг уншиж үзээд нэг заалт нэмж оруулахгүй бол наад гэрээн дээр чинь гарын үсэг зурахгүй гээд 18 дугаар заалтыг оруулах шаардлагыг тавьсан. 18 дугаар заалт нь “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” ХХК-ийн өмнөөс санхүүгийн ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй шүү гэсэн утга бүхий заалт. Зэсийн баяжмалын эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээнд бидний тавьсан шаардлагын дагуу дээрх заалтыг нэмж оруулаад гарын үсэг зурсан.

-Эрх шилжүүлэхэд “Эрдэнэт” үйлдвэр заавал гарын үсэг зурах шаардлага байсан уу?

-“Эрдэнэт” үйлдвэр гэрээн дээр гарын үсэг зурахгүй байсан бол “Эрдэнэт” үйлдвэрээс гарч буй зэсийн баяжмалын гэрээ ачигдахгүй болно. Манайх мэдээж баяжмалаа гаргахыг эрмэлзэнэ. “Жаст” ХХК-д баталгаа гаргаж өгөхгүй, бас “Эрдэнэт” үйлдвэр тэдний өмнөөс үүрэг хариуцлага хүлээхгүй гэдэг заалттай гэрээн дээр гарын үсэг зураад явуулсан нь үнэн. Ингэхдээ нэг хувийг нь бид авч үлдсэн. Тэгээд өгсөн хувиуд дээр “Стандарт” банкаараа зуруулаад ир гээд явуулсан. Тэгсэн Ш.Батхүү буцаж ирээгүй. 2009 онд болсон энэ гэрээний төслөөс хойш 2013 он хүртэл эргэж энэ талаар нэг ч яригдаагүй, бид ч гэрээ хийгдээгүй гэж ойлгож ирсэн. Гэтэл үнэн хэрэгтээ Ш.Батхүү гэгч нөхөр гарын үсэгтэй хамгийн арын хуудсыг салгаж аваад, одоогийн яригдаад байгаа баталгаа гаргана гэсэн утга бүхий заалттай 40 хуудастай гэрээн дээр ашиглачихсан байсан нь хожим ил болсон. Би баталгаа гаргахгүй гэсэн утгатай гэрээнийхээ хуудас бүхэн дээр гарын үсгээ зурсан байсан. Нөгөө нөхөр 40 хуудастай хуурамчаар үйлдсэн гэрээн дээрээ хуудас болгон дээр миний гарын үсгийг дуурайлгаад зурчихсан. Энэ хуурамч гэрээгээрээ анхны зээл болох 36 сая ам.долларын зээлийг авсан. “Жаст” ХХК компанийнхаа д а н с р у у э н э м ө н г и й г оруулсан. Бусад зээл буюу 75, 27, 34 сая ам.долларын зээлээ авахдаа Ч.Ганзориг захирлын гарын үсэг болон “Эрдэнэт” үйлдвэрийн тамгыг хуурамчаар хийж гаргасан. Үүнийг Лондонд шинжээч тогтоосон. Дуурайлгаж зурсан гарын үсэг хуурамч гэдгийг Английн хараат бус шинжээч Жайлес тогтоосон байгаа. Тодруулбал, 2014 оны долдугаар сарын 3-ны өдрийн дүгнэлт, 2014 оны арванэгдүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт, 2016 оны гуравдугаар сарын 11-ний дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон. Манай Монголын шүүх шинжилгээний б а й г у у л л а г ы н д ү г н э л т бас бий. Тамга “Эрдэнэт” үйлдвэрийнхтэй тохирохгүй хуурамч гэдэг нь Монголд бас Лондонд тогтоогдсон. Бүр Лондонгийн Арбитрын шүүх энэ хэргийг хэлэлцэхдээ гарын үсэг хуурамч учир хүчингүй гэж үзсэн шүүхийн баримт нь бий. /Би чамд баримт болгож Арбитрын шүүхээс гарын үсэг хуурамч байна гэж үзсэн дүгнэлтийг өгье/ Шинжилгээний дүгнэлтүүд бүгд баримтаараа байна.

-Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын гарын үсэг хуурамч эсэх яриа бас байдаг. Энэ хэрэгт ТӨХ ямар байдлаар оролцоотой байсан юм бэ?

-“Жаст”-ын Ш.Батхүүг дахин, дахин зээл авах үед “Стандарт” банкнаас Монголын ТӨХ-ны албан бичгийг авчирч баталгаа болгохыг хүссэн шиг байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг шийдвэр гаргах эрх бүхий хүн мөн үү эсэх гэх мэт асуудал дээр баталгаа хүссэн шиг байгаа юм. Ингэнгүүт Ш.Батхүү ТӨХ- ны дарга Д.Сугарын өөр албан газар руу явуулсан албан бичгийг олж аваад албан бичгийнх нь дунд өөр текст нааж өнгөт каноноор хувилж гаргасан байгаа юм. Өнгөт каноноор хувилж гаргасан гэдэг шинжээчийн дүгнэлт гарчихсан. Тухайлбал , 2010 онд авсан 75 сая ам.долларын зээл гарын үсэг нь хуурамч, тамга нь “Эрдэнэт” үйлдвэрийнхтэй тохирохгүй байна гэдгийг Монголын шүүх шинжилгээний байгууллага тогтоосон. Хэрэв Монголдоо итгэхгүй байгаа бол Английн хараат бус шинжээч Жайлес гарын үсэг хуурамч, дуурайлган зурсан, тамга хуурамч гэдгийг мөн тогтоосон. Арбитр үүнтэй санал нийлсэн. 75, 27, 34 сая ам.долларын зээлийн гэрээ бүгд гарын үсэг, тамга хуурамч гэдгийг тогтоосон дүгнэлт гарсан. Мөн анх авсан 36 сая ам.долларын зээл дээр шинжээч нар бас дүгнэлт гаргасан байгаа.

– Тэгээд Арбитрын шүүх яагаад “Эрдэнэт” үйлдвэрийн баталгааг хүчин төгөлдөр гэж үзсэн юм бол?

-Анх байгуулсан 36 сая ам.долларын зээлийн гэрээг Английн хараат бус шинжээч 40 хуудастай гэрээний эхний 39 хуудсан дахь гарын үсэг бүгд хуурамч, харин 40 дэх хуудасны гарын үсэг жинхэнэ байна гэж тогтоосон. Энэ нь өмнө нь хэлсэн шиг хамгийн арын хуудсан дээрх гарын үсгийг өөр гэрээн дээр нааж гаргасныг баталж байгаа юм. Үүгээр хуудас солигдсон гэдэг нь тогтоогдож байгаа биз. Арбитрын шүүх болохоор 40 хуудас бүгд жинхэнэ байна гэж үзсэн. Энэ 40 хуудас гэрээ Монголд байхгүй, ганц байгаа эх хувь нь Арбитрын шүүх дээр байгаа. Энэ гэрээг Монголд авчирч шинжлэх ёстой. Авчрах ганц арга нь Арбитрын олон улсын конвенцийн дагуу Арбитрын шийдвэрийг эх хувиар нь Монгол хүлээж авах эрх зүйн бүрэн боломжтой. “Эрдэнэт” үйлдвэр ямар нэг төлбөр төлөх болвол заавал энэ конвенц болон Арбитрын тухай хуулийн дагуу төлөх ёстой. Анхнаасаа энэ хэрэг дээр гарын үсэг зурсан, зураагүй нь тогтоогдоогүй б а й х а д М о н г о л У л с ы н эрүүгийн хуулиар шалгагдах ёстой байсан. Ингэж Монгол Улсын иргэн гэмт хэрэг хийсэн үү, үгүй юу гэдгийг Англид шийдчихэж болохгүй. Тэгэхээр үүнийг нь Монгол Улс үг дуугүй хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрвээ энэ асуудал эрүүгийн шинж чанартай байсан бол Арбитрын шүүхээр шийдэгдэхгүй, Монгол Улс татгалзаж болно гэсэн заалт бас бий. Ийм эрх нь байсан. Одоо “Стандарт” банкнаас Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Монгол Улсын шүүхэд гаргах ёстой. Хүсэлтдээ Арбитрийн шийдвэрийн эх хувь, бас Арбитр сонгосон гэрээний эх хувь буюу 36 сая ам.долларын баталгааны гэрээний эх хувь, 27 сая ам.долларын баталгааны гэрээний эх хувийг хавсаргаж ирүүлэх ёстой. Ингээд гэрээний эх хувь ирснээр энэ гэрээ хуурамч эсэх нь тогтоогдож, манай улс Арбитрийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхтэй болно. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс “Стандарт” банкны үнийн дүнг багасгах хэлцэл хийх ч юм уу өдөр өдрөөр торгууль нь ногдож байна гэж шалтаглан яаран төлбөр хийх гээд байгаа нь илтэд харагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэр яг үнэндээ Арбитр дээр ялах магадлал байсан боловч үүнийгээ огт ашигласангүй. Энэ боломжийг алдсаар л байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэр яагаад гадны банкинд мөнгө төлөх сонирхолтой байна гэж. “Жаст”-ын өмнөөс “Эрдэнэт” үйлдвэр, манай улсын Засгийн газар хохирол амсах болчихоод байна шүү дээ?

-Английн Дээд шүүхээс 2017 оны дөрөвдүгээр сард Арбитрын шийдвэрийг давж заалдаж болно гэдэг зөвшөөрлийг “Эрдэнэт” үйлдвэрт өгсөн. Ингэхдээ 51 сая ам.доллар байршуул гэсэн. Ийм зөвшөөрөл өгөх тохиолдол практикт тун ховор л доо. Би Арбитрын хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан хуульчийн хувьд хэлье. Арбитрын шийдвэр үндэслэлгүй гарсан байж болох тохиолдолд ийм зөвшөөрлийг өгдөг. Тэгээд байхад “Эрдэнэт” үйлдвэр давж заалдаагүй. Одоо хүү нь нэмэгдээд байна гэж ард түмнийг айлгаж байгаад хурдхан шиг төлөх гээд байгаа сонирхол илтэд ажиглагдаж байна. Монголын ард түмэн энэ гэрээ нь жинхэнэ үү, үгүй юу гэдгийг эхэлж зайлшгүй мэдэх хэрэгтэй. Монголын шүүх энэ гэрээг жинхэнэ эсэхийг үзэх боломж байхад үүнийг ашиглахгүй хурдхан шиг Арбитрын шийдвэрийг биелүүлчих гээд байгаа нь тодорхой ашиг сонирхолтой байгааг илтгэнэ. Хэрвээ тэр гэрээ ирчих юм бол манайх мөнгө төлөхгүй байх бүрэн боломж байна. Хэрвээ яаран төлчих юм бол тэр хуурамч гэрээ хэзээ ч Монгол Улсад ирэхгүй. “Жаст”-ын гэрээний баталгааны үнэн бодит байдал хэзээ ч тогтоогдохгүй.

-Арбитрын шүүх бодит бус шийдвэр гаргасан гэдэг нь эргэлзээтэй л юм. Арбитрын шүүхийг хамгийн үнэн бодитой шийдвэр гаргадаг гэсэн ойлголт бидэнд байдаг биз дээ?

-Манай монголчууд Арбитрийн шийдвэр дандаа үнэн байдаг гэсэн ойлголттой байдаг. Английн “Стандарт” банкны хэргийг Английн Арбитрын шүүх хэлэлцсэн. Ингэхдээ Арбитрын шинжээч нь хуурамч гарын үсэгтэй байна гэдгийг тогтоосон, дүгнэлт гаргасан нь шүүхийн хавтас дотор бий. Жишээлбэл, 27 сая ам.долларын зээлийг Арбитрын шийдвэрийн 52 дугаар хуудсан дээр 169, 170 дугаар заалт буюу гарын үсэг нь хуурамч байна гэж үзсэн. Тэгсэн мөртлөө жинхэнэ гэрээг “Эрдэнэт” нуугаад гаргаж өгөхгүй байна. Төлөх ёстой гэж үзсэн. Одоо Арбитрын шийдвэр “Эрдэнэт” үйлдвэр дээр ирсэн байгаа. Үүнийг нууцлах зүйлгүй ил гаргамаар байгаа юм. Өмнө нь би “Эрдэнэтэд ажиллаж байхдаа Лондонгийн Арбитрын хоёр ч хэрэг дээр ялж байсан боловч нэг хэрэг дээр нь нөгөө тал давж заалдаад “Эрдэнэт” ялагдаж төлбөр төлөх болж байсан тохиолдол бий.

-Арбитрын шүүх “Стандарт” банкны талд бат зогсч, Монгол Улсын Засгийн газрыг хохироох ямар үндэслэл, эрх ашиг байгаа юм бол?

-Миний бодол шүү. Арбитр хүнд нөхцөлтэй тулгарсан. Нэг талд нь “Стандарт” банк байна. Банкны цаана хадгаламж эзэмшигчид байгаа. “Стандарт” банк Монгол руу хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч. Арбитр дээр хөрөнгө оруулагчийг хамгаална гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой баахан хуурамч бичиг баримт байгаа тул “Эрдэнэт” үйлдвэрийг энэ хэргээс салгачихаар Ш.Батхүү гэгч хүн дээр төлбөр буух болно. Ш.Батхүү зээл авахдаа хөрөнгөтэй байсан уу байсан. Түүний “Хадгаламж” банкийг Монголын төр хураагаад авчихсан. Арбитр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцтай гэж тооцож. “ Эрдэнэт” үйлдвэртэйгээ Ш.Батхүү нь дотроо учраа олог гэсэн байдлаар хандаж байна. Ер нь бодоход “Стандарт” банк 172 сая ам.долларын зээлийг Ш.Батхүүд өгөхдөө “Эрдэнэт” үйлдвэрт ирж Ч.Ганзориг захирлаас “Танайх баталгаа гаргаж өгч байгаа юу” гэж нэг ч удаа асуугаагүй. Тэрийгээ шүүх дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. “Стандарт” банкны төлөөлөгч Брадлей үүнийгээ х ү л э э н з ө в ш ө ө р с ө н . “Стандарт” банкны зээл хариуцаж олгоход хуулийн зөвлөхөөр ажилласан Махони “Эрдэнэт” дээр бас нэг ч ирж уулзаж байгаагүй.

– Арбитраас 51 сая ам.доллар төлөх шийдвэрийг гаргасан гэж байна. Бидэнд олдсон мэдээллээр 109 сая гаруй ам.доллар төлнө гэж яригдаад байгаа. Хүү бодогдож байгаа хэрэг үү. Одоо энэ мөнгийг төлөхгүй байх гарц бий юу?

-Хичнээн сая ам.доллар төлөхийг “Эрдэнэт” үйлдвэр хариулах байх. Одоо “Эрдэнэт” үйлдвэрээс энэ төлбөрийг хурдан төлөх байдал руу хэрхэвч оруулж болохгүй. Арбитрын конвенцийн дагуу явуулах ёстой. Арбитрын конвенцийн дагуу явуулах юм бол гэрээ Монголд эх хувиараа ирнэ. Монголын шүүх дээр тэр гэрээ ирнэ. Монголд тэр гэрээг шинжилнэ. Тэр гэрээ ирснээр бүх зүйлийн учиг тайлагдаж манай улс төлбөр төлөх ёсгүй болно. Манай улс төлбөр төлөхгүй байх боломж одоо бол байгаа. Энэ эрхийг чухамдаа “Эрдэнэт” үйлдвэр хүсч байна уу, үгүй юу. “Эрдэнэт” үйлдвэр эсвэл Засгийн газар олон улсын конвенцийн дагуу шийдэгдэхийг хүссэн хүсэлт гаргахад л болох гээд байна. Эх хувиа авч шинжилж үзсэний дараагаар төлбөр төлөх буюу шийдвэр гүйцэтгэлийг явуулна гэж хэлэх эрх зүйн үндэс бидэнд бий.

-Саяхан УИХ-ын таван гишүүн хэвлэлийн хурал хийхдээ “Жаст”-ын авсан зээл “Эрдэнэт” үйлдвэрийн д а н с а а р о р с о н т у х а й мэдээлсэн?

-“Эрдэнэт” үйлдвэрийн дансаар нэг ч төгрөг ороогүй.

-УИХ-ын гишүүд хариуцлагагүй үг хэлэхгүй байлгүй дээ. Баримт нь удахгүй гарч ирчих ч юм бил үү?

– Гишүүдийн тэгж ярихыг хэвлэлээс сонссон. Энэ мэдээлэл болор үндэслэлгүй.

-Та өнгөрсөн хугацаанд Ш.Батхүүтэй уулзсан уу. Энэ хэргийн тухай юу гэж ярьдаг вэ?

-Энэ хүн олон хүнд гай болж байна л даа. Ш.Батхүү гэмт хэргээ өөрөө хүлээсэн. 2013 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 1/335 тоот албан бичгээрээ “Би эдгээр хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Мөн тамгыг хуурамчаар үйлдсэн” гэдгээ “Эрдэнэт” үйлдвэр рүү явуулсан байдаг.

-Энэ бичиг Арбитрын шүүх рүү очсон уу?

– “Эрдэнэт” үйлдвэр явуулах ёстой. Арбитр дээр мэдүүлгээ өгөхдөө хуурамч бичиг баримт ашигласан гэдгээ ч мэдүүлсэн байдаг. Арбитр дээр Ш.Батхүү бодит байдлыг ярьсан байна лээ. Шүүхээс Батхүү ингэж ярьж байна үнэн үү гэж надаас асууж байсан.

-Тэгэхээр Ш.Батхүү гэдэг хүнд “Стандарт” банк ч тэр “Эрдэнэт” үйлдвэр, Арбитрийн шүүх ч тэр бүгд зальдуулчихсан болж таарч байна уу. Та бүхэн өнгөрсөн хугацаанд яагаад үнэнийг дэлгээгүй дуугүй явсан юм бэ?

-Би болсон бүх зүйлийг бодитоор нь ярьж байна. Монголын хууль, цагдаагийн байгууллага хуурамч гэрээ байна гэдгийг тогтоочихсон. Арбитрын шинжээч нарын дүгнэлт ч бас хуурамч гарын үсэг гэдгийг тогтоосон. Тийм болохоор Арбитрын шүүх үнэнийг тогтооно. Тэр шийдвэрийг хүлээж дуугүй явсан тал бий. Бас илтэд худлаа байхад манайх давж заалдаад ялчихна гэж бодож байсан. Бид гарын үсэг зураагүй гэдэгтээ итгэлтэй байгаа учраас үнэнд итгэж байсан. Арбитраас биднээс асуусан. Баталгаа гаргана гэсэн бичгийн ард яагаад та хоёрын гарын үсэг байгаа юм бэ гэдгийг асуусан. Бид баталгаа гаргахгүй гэсэн бичигтэй өөр гэрээн дээр гарын үсэг зурсныг хамгийн арын хуудсыг нь ашиглажээ гэдгийг хэлсэн. Тэгэнгүүт Арбитрын шүүх баталгаа гаргахгүй гэсэн тэр гэрээ чинь хаана байна вэ гэж асуусан. Тэр гэрээний эх хувийг би 2013 оны долдугаар сарын эхээр “Эрдэнэт” үйлдвэрт өгсөн. Гэрээг “Эрдэнэт” үйлдвэрийнхэн Монголын цагдаагийн байгууллагад өгсөн шиг байгаа юм . “Эрдэнэт”-ийг хамгаалах хамгийн гол баримт энэ. Гэтэл Арбитраас тэрхүү гэрээг нэхээд байхад “Эрдэнэт” үйлдвэр санаатайгаар тэр гэрээг явуулаагүй. Манайх хамгийн гол хамгаалах нотлох баримтаа өгөхгүй байхад Арбитр хэний талд шийдэх вэ. Ойлгомжтой биз дээ. Арбитрын шийдвэр дээр ч энэ талаар бүр үг үсгээрээ байж байгаа. “Санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэж зурсан гэрээний төслийг эх хувиар нь ирүүлээгүй тул бид “Стандарт” банкнаас эх хувиар нь гаргаж өгсөн гэрээг үндэслэж шийдлээ” гэж үг үсгээрээ байгаа.

-Манай улсын хууль хүчний байгууллагаас та бүхнийг одоо шалгаж байгаа юу?

– Би бүр Арбитрын шийдвэрийг үзээд өөрөө шалгуулахаар очсон. Одоо түүний дагуу шалгалт явагдаж байгаа. Одоо Монголын хууль хяналтын байгууллага үнэн зөвийг тогтоохын тулд Англид байгаа гэрээний эх хувь хэрэгтэй байгаа.

-Та “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригтой одоо ч хүртэл холбоотой байдаг биз дээ. Тэр хүн одоо юу хийж байна вэ. Энэ хэрэг дээр тэр ямар байр суурьтай байдаг бол?

-Хилс хэрэгт холбогдож хэлмэгдсэн. Гарын үсэг зураагүй мөртлөө зурсан мэтээр ойлгогдож яваа хүмүүст ямар олиг байхав дээ.

Categories
мэдээ спорт

Эрчим клуб 4:0-ийн харьцаатай БНАСАУ-ын Хэпүл кубт яллагдлаа

ЗурагӨнөөдөр Монголын “Эрчим” клуб, БНАСАУ-ын “Хэпүл” багтай өөрийн хөлбөмбөгийн холбооны талбайд тоглож 4:0 гэсэн оноогоор хожигдлоо.

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн 11 удаагийн аварга “Эрчим” клубын баг, Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Cup” тэмцээний Play-off шатны эхний тоглолтоо Хойд Солонгосын “Хэпүл” багтай ийнхүү эхний тоглолтоо хийж ялагдал хүлээлээ.

Монголын хөлбөмбөгчдөд Хойд Солонгосын багаас суралцах зүйл нэлээд байгаа нь харагдаж байлаа. Гэхдээ манай залуусын ур чадвар чамлахааргүй ахисан болохыг энэ тэмцээн харууллаа. Манай “Эрчим” баг эхний 45 минутад 2 гоол алдсан бөгөөд дараагийн 45 минутанд хоёр ч удаа гоол оруулах боломжоо алдсан хэдий ч өөрийн хаалганд гоол алдалгүй эхний 40 минутыг хүртэл хамгаалж чадсан. Харин сүүлийн 5 минутад нэг гоол, шүүгчийн нэмэлт цагт дахин нэг гоол алдсанаар 4:0 гэсэн оноогоор Өмнөд Солонгосын баг ялалт байгууллаа. Хариу тоглолт энэ сарын 20-нд Хойд Солонгост болно.

Дашрамд дуулгахад, БНАСАУ-ын “Хэпүл” клуб нь байгуулагдаад ердөө таван жил болсон Хойд Солонгосын отгон баг хэдий ч богино хугацаанд амжилттай тоглож өнгөрсөн жил Хойд Солонгосын Лигийн хоёрдугаар байрт орж “AFC Cup” тэмцээнд хүч үзэх эрх авсан байна.

“Эрчим” клуб нь өнгөрсөн жил “AFC Cup” тэмцээний хэсгийн шатанд Хойд Солонгосын “Дөрөвдүгээр сарын 25”, “Кигванча” багуудтай тус тус таарч 4 тоглолт хийхдээ тэднээс хожил авч чадаагүй билээ.

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-ын удирдлагууд хорих ангиудад ажиллав

ЗурагХүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Бямбадорж, тус комиссын гишүүн П.Оюунчимэг нар 409 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байр, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ байруудтай өнөөдөр танилцлаа.

409 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байр нь олон улсын хорих байгууллагын жишиг стандартад нийцсэн “А”, “Б”, “В”, “Ж” блок, “Нэг цэгийн үйлчилгээ бүхий шалган нэвтрүүлэх байр”, үйлдвэр, цех, алба хаагчдын ажлын өрөө, цайны газар, алба хаагчдын хувцас солих өрөө, төвлөрсөн агуулах бүхий 27000 мкв талбай, 4 давхар барилга юм. 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ барилгыг 1 тэрбум 335 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан бөгөөд 100 ор, алба хаагчдын өрөө, цайны газартай аж.

Энэ үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, “Монгол Улсын цагдан хорих байрнууд болон хоригдлуудын амьдралын орчин нөхцөл эрс шинэчлэгдэж байгаа. Үүний нэг жишээ нь үйлдвэр болон эмнэлгийн барилга юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүний эрхийг хангах чиглэлээр тэр дундаа хорих анги, цагдан хорих байрнуудын орчин нөхцөлийг сайжруулах, хүний жам ёсны эрхийг хангах, алба хаагчдын аюулгүй байдал, ажиллах тав тухтай орчныг бүрдүүлэх чиглэлээр бодитой томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд 24 цаг ажиллана

дүүргийн эрүү мэндйн төв зурган илэрцүүдМонголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх зорилгоор Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, Түргэн тусламжийн төв 24 цаг ажиллана.

Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүдний кабинет болон Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв 10-16 цагт ажиллах аж.

Та бүхэнд Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг жагсаалтаар хүргэж байна.

Байгууллагын нэр Утасны дугаар Цагийн хуваарь 02 сарын 16, 17, 18 Тайлбар
1. Нийслэлийн Эрүүл мэндийн газар 320981 24 цаг Бүх эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.
2. Өрхийн эрүүл мэндийн төв /утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./ 10-16 цагийн хооронд
3. Дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүдний кабинет 10-16 цагийн хооронд
4. Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд СХНЭ 631108 ХУНЭ 379258БЗНЭ 454004 СБНЭ 350790ЧДЭМТ 314587 24 цаг
5. Нийслэлийн түргэн тусламжийн төв Хүүхэд, насанд хүрэгчид 103 70110103 24 цаг
6. Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв 325731 10-16 цагийн хооронд

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын зорчигч тээвэрт нэмэлт тээврийн хэрэгсэл ажиллуулахыг үүрэг болгов

ЗурагАвтотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн удирдлагууд өнөөдөр 21 аймгийн Автотээврийн төвтэй цахим хурал хийж, үүрэг даалгавар өглөө.

Хурлаар сар шинийн баяртай холбоотойгоор автотээврийн төвүүд байнгын бэлэн байдалд ажиллах, хариуцлагатай жижүүр томилох, иргэдийг ая тухтай зорчих боломжийг хангах үүднээс хот хоорондын зорчигч тээвэрт нэмэлтээр тээврийн хэрэгсэл ажиллуулах зэргийг орон нутгийн Автотээврийн төвийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн сар шинийн өдрүүдэд цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, орон нутгийн замд улсын байцаагчид болон тээвэр зохицуулагч нар байнгын хяналт тавих зэрэг асуудлыг хэлэлцэх үүрэг өгсөн юм.

Мөн баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг аймаг бүрт зохион байгуулах, техникийн хяналтын төвийн инженер техникийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахиж мөрдөхийг үүрэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүрэг Монгол-Германы ашигт малтмал технологийн их сургуультай хамтран ажиллана

Налайх дүүрэг Монгол-Германы ашигт малтмал технологийн их сургуультай хамтран ажилланаНалайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Германы ашигт малтмал технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Засгийн газрын 2017 оны тогтоолоор батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Дүүргийн хэмжээнд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад анхаарал хандуулж Эко Налайх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж тусгагдсаны дагуу дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тус сургуультай энэ чиглэлд түлхүү хамтран ажиллахаар энэхүү гэрээг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монгол-Германы Ашигт малтмал технологийн их сургуулийн хэрэгжүүлж буй “Налайх дүүргийн тоосонцрын бохирдлын төвшинг тогтоох судалгаа” буюу агаарын чанарын судалгааг хамтран явуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох, олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгаа явуулах, дүүргийн хүүхэд залуусыг тус сургуульд сургах хувийг нэмэгдүүлэх, ЕБС-ийн сургалтын чанарыг сайжруулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар боллоо гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Аварга малчдын шагналыг гардуулж, иргэдтэй уулзалт хийв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төв аймгийн Баян сумын малчин Э.Содномжамц, Ц.Ганхүү, Баянжаргалан сумын малчин Р.Мөнхдорж нарт “Монгол Улсын аварга малчин”-ы шагналыг нь өчигдөр гардуулж өглөө.

Малчин Эрдэнэбилэгийн Содномжамц 1991 оноос хойш мал маллаж, 2003 онд “Мянгат малчин” болсон амжилтаа 14 жил дараалан хадгалжээ. Тэрбээр сүүлийн 3 жилд 867 толгой малыг 13 айлд өгч малжуулсан байна. Түүнчлэн багийн төвийн барилгын засвар, Улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын алба, сум багийн үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө оруулснаас гадна нутгийнхаа амьдралын боломж муутай зарим оюутнуудын сургалтын төлбөрийг даадаг ажээ.

Эднийх малаа жил бүр төлөөр нь өсгөж, 100 эхээс 100 төл бойжуулж байгаа бөгөөд 2017 онд 4025 мал тоолуулсан байна.

Малчин Цэенбальдарын Ганхүү 25 жил мал маллаж байгаа, малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ хамруулахад онцгой анхаарч ажилладаг юм байна.

Сүүлийн 3 жилд 378 толгой малыг 7 айлд өгч малжуулснаас гадна туслах малчнаа жилд 55 богоор малжуулдаг аж. Тэрбээр сум, орон нутгийн хөгжилд тогтмол хувь нэмэр оруулдгийг нутгийнхан нь сайшаан ярьж байлаа.

Баянжаргалан сумын малчин Рэнцэндоржийн Мөнхдорж илгээлтээр малчин болсноосоо хойш 35 жил мал маллажээ. Тэрбээр удам залгасан сайн малчин бөгөөд аав Х.Рэнцэндорж нь “Улсын аварга малчин”-аар хоёр удаа шалгарч, улмаар Монгол Улсын гавьяат малчин цол хүртсэн бол нэг ах нь “Улсын аварга малчин” юм байна.

Р.Мөнхдорж отор нүүдэл сайн хийдэг, малдаа дундаас дээш тарга хүч авахуулж, малаа төлөөр нь өсгөдөг малчин юм. Эднийх 9 өрхийг 766 малаар малжуулсан, сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг байнга дэмждэг, сүүлийн 5 жил дараалан сумандаа “Өргөмжит ээж”-ийн арга хэмжээг ивээн тэтгэж байгаа юм байна.

УИХ-ын дарга М.Энхболд эдгээр малчдад “Улсын аварга малчин”-ы энгэрийн тэмдэг, цом, өргөмжлөлийг гардуулж өгөх үеэрээ хэлсэн үгэндээ “Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, нутаг орныхоо хөгжил, нийгмийн салбарт байнга дэмжлэг үзүүлж, мал цөөтэй, амьжиргаа тааруу иргэдэд туслан малжуулж байгаа Та бүхний сайн үйлсийг зөвхөн нутаг орныхон чинь төдийгүй төр засаг үнэлэн хүндэлж байгаагийн илрэл нь энэхүү цолыг хүртээсэн явдал юм” хэмээн онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд Баянжаргалан сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, хууль тогтоох байгууллага УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, төр засгийн бодлого шийдвэр, гарч буй эерэг үр дагаврын талаар танилцуулж, тэдний санал бодлыг сонслоо.

Тэрбээр Баянжаргалан сумын сурагчдын дотуур байрны шав тавих ёслолд оролцсон юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах дотуур байрны барилгын ажил энэ жил эхэлж, 2019 онд ашиглалтад орсноор сумын сургуулийн нийт сурагчдын 60-аас илүү хувийг бүрдүүлдэг малчдын хүүхэд ая тухтай амьдарч, суралцах боломжоор хангагдах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.