Categories
мэдээ нийгэм

Бүгд найрамдах албани улсын ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц.Жамбалдорж тус улсын Ерөнхийлөгч Илир Мета Танаа энэ хоёрдугаар сарын 7-нд Албанийн Ерөнхийлөгчийн ордонд Итгэмжлэх Жуух Бичгээ барив.

Итгэмжлэх Жуух Бичгээ барьсны дараа Ерөнхийлөгч Илир Мета Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзаж, найрсгаар ярилцав. Элчин сайд Ц.Жамбалдорж уулзалтынхаа эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Албани Улсын Ерөнхийлөгчид уламжлав. Тэрээр хоёр орны улс төрийн харилцааг идэвхижүүлэхийн сацуу эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн төлөө идэвхи, санаачилгатай ажиллахаа илэрхийлж, Монгол, Албанийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ирэх 2019 онд хоёр талдаа соёлын арга хэмжээ юмуу бизнес форум харилцан зохион байгуулж, бодит үр дүн гарахуйц хэлбэрээр тэмдэглэхийг санал болгов.

Ерөнхийлөгч Илир Мета Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийн мэндчилгээг уламжлахыг хүсээд, цаашид хоёр орны харилцааг идэвхижүүлэн хөгжүүлэхэд Албаний төр, засгийн газрын байгууллагууд бүхий л талаар дэмжих болно гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Европын анхны орны хувьд Албани нь цаашид хоёр орны хооронд хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих болон давхар татвараас зайлсхийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд байгуулах эрмэлзэлтэй байгааг дурдаад, харилцан үр өгөөжтэй бодит хамтын ажиллагааг эхлүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Итгэмжлэх Жуух Бичгээ барихад Элчин сайдын гэргий Г.Дуламсүрэн, ЭСЯ-ны П нарийн бичгийн дарга Ш.Амгаабазар, Албаний Гадаад харилцааны дэд сайд Этхэн Жафар, Ерөнхийлөгчийн дипломат зөвлөх Валтер Ибрахими, Төрийн ёслолын газрын дарга Дастид Кореши нар байлцав.

Элчин сайд Ц.Жамбалдорж Итгэмжлэх Жуух Бичгээ барьсныхаа дараа Албаний Парламентын дарга Грамоз Ручи, Гадаад харилцааны дэд сайд Этхэн Жафар нартай тус тус уулзаж хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр “санамж бичиг” байгууллаа

Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг бусад төрийн болон аж ахуй нэгж байгууллагатай хамтран шийдвэрлэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, урт, богино хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх зорилгоор анх удаа нийслэлийн 6 дүүрэгт “Зөвлөгөөн” зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр /2018.02.12/ Баянгол дүүргийн хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, ГХУСАЗСЗ, Замын цагдаагийн хэлтэс болон тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудыг хамран зохион байгууллаа.

Тус дүүрэгт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Өргөө кино театр, Улаанбаатар палас, МҮОНРТ, UBS телевиз, МҮЭСТО, Барс худалдааны төв, Гурвалжин зах зэрэг томоохон зах, төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг хүн ам болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй томоохон дүүрэг юм.

Уг зөвлөгөөнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж болон даргын зөвлөлийн гишүүд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Замын аюулгүй байдлын үндэсний төв төрийн бус байгуууллага, тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал, Барс худалдааны төвийн захирал М.Эрдэнэчимэг зэрэг байгууллагуудын төлөөлөл нар оролцлоо.

Энэ үеэр тус дүүргийн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бусад орнуудын хэрэгжүүлж буй тэргүүн туршлага зэргийн талаар хэлэлцэж, Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон байгууллагууд хооронд тус дүүргийн нутаг дэвсгэрийн зам тээврийн хэрэг, осол, авто замын ачаалал, замын зохион байгуулалт болон тулгарсан бусад асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн саналыг дэмжин хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор харилцан тохиролцож “Санамж бичиг” байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр:
– Гэрэлтүүлэг
– Камержуулалт
– Иргэд олон нийтийг татан оролцуулах
– Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах
Замын зохион байгуулалтын чиглэлээр:
– Тэмдэг, тэмдэглэгээг байршуулах
– Хайс, хашлагыг нэмэгдүүлэх
– Аж ахуй нэгж байгууллага нь гадна зогсоол, талбайд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтан ажиллуулах
– Шаардлагатай бусад орц, гарцыг нээх хаах зэрэг арга хэмжээ зохион байгуулах гэх мэт чиглэлээр ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 2 дугаар сарын сугалааны тохирол 18ы ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн таны 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой.

Энэхүү сугалааны тохирол нь 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул Сангийн сайдын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар батлагдсан Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарна. Өөрчлөлтийг доор зургаар үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Газрын дуудлага худалдааны анхны үнийг шинэчлэн баталлаа

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн тушаалаар шинэчлэн баталлаа. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал, Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ бодох жишээ, Нийслэлд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийн талаарх мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. http://www.legalinfo.mn/annex/?lawid=13157

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 01 сарын 25-ны өдөр Дугаар Улаанбаатар

Аргачлал шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
  2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гүнболд/-т үүрэг болгосугай.
  3. Энэ тушаал батлагдсантай холдбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Categories
мэдээ нийгэм

Г.Билгүүн: Монгол Улсад анхны үндэсний олон улсын баталгаажилтын компани төрлөө

Монголын аж ахуйн нэгжүүд дэлхийн 166 орны зах зээлд гарч өрсөлдөх зам нээгдэж байгаа сайхан мэдээг дуулгая. Манай бизнесийнхнийг гадаад ертөнцтэй холбох гүүр болсон ISO стандартын баталгаажилтыг үндэсний “МонСертф” компани олгодог болно. Энэхүү эрхийг Олон улсын итгэмжлэлийн байгууллага хэн дуртайдаа олгодоггүй нь ойлгомжтой. Тиймээс тус байгууллагын жинхэнэ гишүүн Казахстаны үндэсний итгэмжлэлийн төвийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт манай оронд ирж “МонСертф” компанийн үйл ажиллагаа, чадамжийг нь нэг бүрчлэн шалгаж, танилцсан байна. Тэд ажлаа дүгнэн ярихдаа “Өнгөрсөн онд Казахстаны үндэсний итгэмжлэлийн төвд “МонСертф” компаниас удирдлагын менежментийн тогтолцоогоор олон улсын итгэмжлэл хийлгэх хүсэлт гаргасан юм. Бид хүсэлтийг хүлээн авч хоёрдугаар сарын 7-9-ний өдрүүдэд итгэмжлэлийн байгууллагын олон улсын ISO17021:2015 стандартын дагуу тус компанийн чадавхи, байгууллагын ажиллах хүчин болон менежментийн чанарын тогтолцоог шалгалаа. Тус компанийн бүх баримт бичгийг гурав хоногийн турш шалгаж үзээд шинжээчийн эцсийн дүгнэлтээ хэлэлцээд “МонСертф” компани нь олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж даган мөрддөг болохыг тодорхойллоо. Шалгалтын явцад том үл тохирол илрээгүй. Харин нийт зургаан дунд болон хоёр зөвлөмжийн чанартай үл тохирол анзаарагдлаа. Засах шаардлагатай үл тохиролд зориулж 10 өдрийн хугацаа өгсөн. Тайлан бэлэн болсны дараа бид бүхэн Баталгаажуулах комисстоо материалыг нь өгөх болно. Эерэг шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэ компанид хамт олон нь бүрдэж тогтсон байна. Залуу боловсон хүчин ч байна, ахмад туршлагатай ажилтнууд ч байна. Ялангуяа компаний ерөнхий захирал Г.Билгүүнд удирдан манлайлах, олон улсын хэмжээний эксперт болох чадвар бүрэн байна. Бидний хийж буй итгэмжлэл, олгож буй гэрчилгээ Монголын экспортод чиглэгдсэн бүтээгдэхүүнийг гадаадад гаргах боломжийг бүрэн бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

“МонСертф” компанийн Ерөнхий захирал Г.Билгүүнтэй ярилцлаа.

-Сая Олон улсын итгэмжлэлийн байгууллагынхан ирж танай үйл ажиллагааг шалгахдаа зургаан дунд үл тохирол илэрсэн гэсэн байна л даа. Ер нь үл тохирол гэж юуг хэлээд байгаа юм бэ?

-Бид Монголын аж ахуйн нэгжүүдэд аудит хийж, баталгаажуулдаг. Тухайн байгууллага үнэхээр стандартын дагуу үйл ажиллагаа явуулж чадаж байна уу гэдгийг жишээлбэл, ISO9001:2015, ISO19011 гэсэн стандартаар шалгадаг байгаа. Харин биднийг аудит хэрхэн хийж байгааг Олон улсын итгэмжлэлийн байгууллага давхар дэлхийн ISO17021:2015 гэсэн стандартаар шалгасан. Энэ стандарт нь дотроо бүлгүүдтэй байдаг. Хэрэв тэр шаардлагаас аль нэгийг нь манай байгууллага мөрдөөгүй бол үл тохирол гарна. Өөрөөр хэлбэл, үл тохирол гэдэг бол алдаа юм. Дотроо том, дунд, жижиг үл тохирол гэсэн гурван ангилалтай. Бага үл тохирол нь зөвлөмжийн маягтай. Сайжруулалт хийхийг зөвлөдөг. Ерөнхийдөө процессын алдаагаа аудит хийх явцдаа газар дээр нь засч, сайжруулачихлаа. Дунд үл тохирол нь гаргасан алдаагаа засах тодорхой хугацаа өгдөг юм. Харин том үл тохирол нь ямар ч найдлагагүй, шууд шалгалтандаа унана гэсэн үг. Саяын шалгалтаар манай компанид том үл тохирол илрээгүйд их баяртай байна.

-Казахстаны үндэсний итгэмжлэлийн байгууллагын өгсөн арав хоногийн хугацаанд дунд үл тохиролоо арилгачихвал олон улсын баталгаажуулалтын эрхээ албан ёсоор авна биз дээ?

-Тийм ээ. Манай компани дээр гарсан үл тохирлуудыг бид нааштайгаар хүлээж авч байгаа. Олон улсын үнэлгээ гэхээсээ илүүтэйгээр байгууллагын сайжруулалт гэж харж байна. Ингэснээр манай компани улам чадваржина. Цаад үр дүн нь манай хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд байнгын сайжруулалт хийгдээд явах юм. Энэ бол том давуу тал.

-“МонСертф” компани хэдэн онд байгуулагдсан юм бэ. Та бүхэн олон улсын итгэмжлэлийн байгууллага болохын тулд хир их хугацаа зарцуулав?

-Манай компани 2016 оны нэгдүгээр сарын 28-д байгуулагдахдаа л олон улсын баталгаажилтын байгууллага болно гэсэн том зорилго тавьсан. ISO стандартын баталгаажилтыг аж ахуй нэгжүүдэд өгөхийн тулд бид өөрсдөө олон улсын стандарт мөрдөнө. Иймд нэн түрүүнд боловсон хүчнээ бэлдэж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд туршлагатай 30 аудиторыг сургаад, олон улсад хүлээн зөвшөөрүүлж, бүртгэлийн процессыг нь явуулаад баталгаажуулсан. Бид бүхэн гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд Туркийн “АНКА глобал” консорциум, Францын “AFNOR” групп, БНХАУ-ын “UICC” групп зэрэг олон улсын баталгаажилтын байгууллагатай хамтран ажилладаг. Гэрээний дагуу AFNOR группийн нэрийн өмнөөс таван байгууллагад аудит хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн долоон гэрчилгээг олгоод байна. Энэ хэрээр манай аудиторууд бэлтгэгдэж, зэрэг нь ч өссөн байгаа. “МонСертф” компани өнгөрсөн жил үндэсний итгэмжлэл авсан. Ингээд олон улсын итгэмжлэл авахад бэлэн болсон гэж үзээд 2017 оны есдүгээр сард Казахстаны үндэсний итгэмжлэлийн байгууллагад хүсэлтээ тавьсан. Тэд манай компанийг зургаан сарын турш судалж, сая шийдвэрээ гаргалаа. Энэ хугацаанд бид бүх журмуудаа олон улсын стандартад нийцүүлэхийн тулд идэвхтэй бэлдсэн. Нөр их хүч, хөдөлмөр орсон. Нийт зургаан ажлын хэсэг гаргаж, хоёр жил бэлдсэн ажил маань үр дүнгээ өгч байгаад үнэлгээний баг хамт олондоо баярлалаа.

-Танай компани олон улсын ISO стандартын гэрчилгээг олгож эхэлбэл Монголдоо анхдагч нь гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, үндэсний хэмжээнд олон улсын баталгаажилтын байгууллага төрчихлөө гэсэн үг. Баталгаажилтын хувийн салбар Монголд ерөөсөө хөгжөөгүй. Тиймээс манай компани салбартаа түүчээлэн ажиллана. Хоёрдугаарт, чанарын дэд бүтэц бий болно. Ингэснээр Монгол аж ахуй нэгжүүд ISO стандартыг олон улсын, гадаадын байгууллагаас биш дотоодоос авах боломж бүрдэж байна. Гуравдугаарт, монгол аудиторууд олон улсын стандартын дагуу үндэсний компаниар баталгаажуулдаг болох юм. Ингэснээр олон улсын ISO гэрчилгээг хямд өртгөөр авах боломжтой. Урьд нь ISO гэрчилгээг гаднын хүн хийдэг байсан бол одоо Монгол аудитор хийдэг болсон байгаа. Урьд нь гадагшаа роялти төлдөг байсан бол Монголдоо татвар төлөгддөг болсон. Гаднын аудитор цалин авдаг байсан бол монгол аудитор цалин авна.

-Тэгэхээр гаднын байгууллагаар баталгаажуулж ISO стандарт авахын тулд ямар үнэ хөлстэй байдаг юм бэ?

-Манай менежмент сайтай компаниуд ISO стандартыг авсан байдаг. Тэд гаднын байгууллагад 10-30 мянган ам.долларыг төлдөг. Харин Монголдоо үндэсний баталгаажилтын төвтэй болсноор энэ мөнгө 4-5 дахин хэмнэгдэнэ. Орчуулгын зардал байхгүй болно. Олон улсын баталгаажуулалтыг авна гэдэг бол манай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн хувьд хүнд. Нэг удаа баталгаажуулалт аваад гэрчилгээтэй болно гэдэг нэг асуудал. Харин энэ гэрчилгээгээ жил бүр баталгаажуулах ёстой. Тэгэхээр дахиад л гаднын баталгаажилтын компани авчирч, өндөр зардал гаргах хэрэгтэй болдог. Жил болгон гаднын аудитор нь өндөр өртөгтэй томилолтоор ирдэг. Тэр нь урт хугацаатай байх юм бол ISO стандартын гэрчилгээ нь тухайн компанид экспорт хийхэд нь нэмэр болно гэхээсээ илүү нэрмээс болоод байсан талтай. Энэ асуудлыг “МонСертф” компани дотооддоо шийднэ. Аж ахуйн нэгжүүдэд хэлэхэд одоо гадагшаа гаднын аудиторуудыг шүтдэг цаг ард хоцорч байна.

-Өмнө гаднын байгууллагын баталгаажилтаар ISO стандарт авсан үндэсний компаниуд жил бүрийн сунгалтаа танайхаар хийлгэж болох уу?

-Олон улсынхаа гэрчилгээнүүдийг шууд “МонСертф”-рүүгээ шилжүүлж болдог нөхцөл боломж бүрдлээ. Ингэж давхар үндэснийхээ аудиторуудыг дэмжих хэрэгтэй. Стандартууд адилхан.

-Танай компани ISO стандартыг баталгаажуулдаг болсноор Монголын бараа бүтээгдэхүүн дэлхийн бүх орны зах зээлд саадгүй нэвтрэх боломжтой болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Одоо MNS стандарт ганцхан манай оронд хүчин төгөлдөр байгаа. Тэгвэл ISO стандарт дэлхийн 166 оронд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Урьд нь манайхаас MNS:ISO гэрчилгээ авсан компаниуд автоматаар 166 оронд хүлээн зөвшөөрөгдөнө. Хамгийн чухал нь гаднын хөрөнгө оруулалтыг татах, гадагшаа IPO хийх боломжтой.

-Энэ салбарын боловсон хүчин хир хангалттай байдаг вэ?

-Стандартын салбарын мэргэжил маань дээд боловсролоор өгөгддөг биш. Хүмүүс энэ мэргэжлийг сайн дураараа сонгож суралцдаг байгаа. Хуучин цагт ЗХУ-д бэлтгэгдсэн туршлагатай боловсон хүчнүүд маань өнөөдөр тэтгэвэртэй гарчихсан байна. Гэхдээ аудиторуудын маань үс нь бууралтах тусам үнэ цэн нь нэмэгддэгээрээ онцлогтой салбар л даа. Залуучууд маань стандартыг харахгүй байна. Уг нь тэр чигээрээ зах зээл байгаад байдаг. Энэ салбарт орж ирээд үндсэн ажлынхаа хажуугаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитор болоод, зөвлөх, сургагч багш болоод явах бүрэн боломжтой.

Бидний хийсэн бас нэг том ажил бол бүртгэлийн системийг боловсронгуй болгож ашиглаж байна. Үндэсний хэмжээнд аудитороо сургаад, бүртгэлжүүлээд, баталгаажуулаад хүлээн зөвшөөрүүлэх процессыг явуулж байгаа юм. Тодруулбал, олон улсын хэмжээнд сургаад зөвлөөд, гэрчилгээжүүлээд, баталгаажуулдаг сургалтыг явуулж байна. Үүнийг “МонСертф”-ийн дэргэдэх Олон улсын стандартын академи танхимын сургалтаар байнга явуулж байгаа. Одоо онлайн сургалтад шилжихээр зорилго тавин ажиллаж байна. Хүн стандартын сургалтыг хүссэн үедээ хаанаас ч авах тэр боломжийг нь хангаж өгнө. Үндэсний болон олон улсын итгэмжлэлийн байгууллагууд биднийг үнэлээд чадвартай гэдгээ нотолчихлоо. Стандарттай монгол болохын төлөө манай байгууллага ажиллаж байна. Тиймээс Монгол Улсыг стандарт мөрддөг болгоё гэж уриалмаар байна.

-Танд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

А.ДӨЛГӨӨН

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн тахиа жилийн онцлох 10 үйл явдал

Замын бүтээн байгуулалт

  1. 2017 оны хамгийн том бүтээн байгуулалтын ажил бол дүүргийн төв авто замуудыг бүрэн шинэчилсэн явдал юм. Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замууд 1970-аад онд ашиглалтад орсон цагаасаа хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй, зам бүхэлдээ эвдрэлд ороод байжээ. Тиймээс нийслэлийн 2017 оны хөрөнгө оруулалтаар “Эко тогтол” ХХК 2017 оны 05 дугаар сард замын ажлыг эхэлж 8 дугаар сард ашиглалтанд бүрэн орууллаа.

Хуучин 2 эгнээ байсан авто замуудыг 12 метрийн өргөнтэй 4 эгнээ, 1.5 м өргөнтэй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэгтэй иж бүрэн авто зам болгон өргөтгөн шинэчилсэн ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

50 ортой хүүхдийн эмнэлэг

  1. Налайх дүүргийн Эрүүл мэндийн салбарт 2017 онд 1,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн нь урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалт юм. Дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг болон хүүхдийн эмнэлгийн дээвэр, гадна пасадыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар засварлалаа. Мөн яаралтай тусламжийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, 3 автомашин хүлээлгэн өгсөн, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн, хүний нөөцийг 21 эмчээр бэхжүүлсэн, дотор засвар, шинэчлэлийн ажлууд хийгдсэн зэрэг олон чухал ажлыг дурдаж болно.

Өнгөрсөн оны мөн үед хүүхдийн тасгийн 30 оронд 100 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 4 давхар, 50 ортой тохилог хүүхдийн эмнэлэгтээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангийн 1.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Налайх дүүрэгт баригдсан энэ том бүтээн байгуулалтын ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Хүүхэд хөгжлийн ордон

  1. Налайхын хүүхэд, залуучууд ордонтой боллоо. Барилгын ажил нь гацалтанд ороод байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордны шинэ байр өнгөрсөн 2017 онд ашиглалтанд орж хүүхэд, залуучууд хөгжлийн дугуйландаа хамрагдаж эхэллээ. Одоогоор тус ордонд 15 төрлийн хөгжлийн дугуйланд 450 гаруй хүүхэд хамрагдаж байна. Энэ ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Ногоон байгууламж

  1. Өнгөрсөн 2017 онд агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байрууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 292,9 сая төгрөг баталж, ногоон байгууламжийн ажил эрчимтэй хийгдлээ.

Шинээр тавигдсан Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжинд 4173 м2 талбайг зүлэгжүүлсэн, Бөмбөрцгөөс Очир худалдааны төв хүртэл авто зам дагуу нарс, шинэс мод суулгасан, дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор гэрлийн шон дээр цэцэг сууриллуулж зүлэгжүүлсэн, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд мод нөхөн тарилт хийгдсэн, өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан хамгаалах хашаа, хайс хийсэн зэргээр урьд өмнө нь хийгдэж байгаагүй ногоон байгууламжийн ажлууд хийгдлээ.

Дүүргийн хэмжээнд 2017 онд ногоон байгууламжийн хэмжээг шинээр 30 хувь нэмж, 30 хувьд нь нөхөн сэргээлтийн ажлыг хийж, нийтдээ 12 гаруй мянган мод тарьсан ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Гэрэлтүүлэг, камержуулалт

  1. Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг хангахад онцгойлон анхаарч, дүүргийн ОНХС-ийн хөрөнгийг үр дүнтэй зарцууллаа.

Гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхэд Дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр 73 сая төгрөг, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хорооны Нисэх, 1 дүгээр хорооны Уурхайчин хэсэгт 70 ширхэг, 6 дугаар хорооны Шилжрээгийн хэсэгт 71 ширхэг гэрэлтүүлгийн ажилд 232,3 сая төгрөг зарцуулсан. Дүүргийн шинэчлэгдсэн төв замууд болох Даваажав Дамдин Найрамдлын гудамжинд 186 ширхэг гэрэл, 3 дугаар хорооны Замчингийн хэсэгт 53 ширхэг нийтдээ 2017 онд 400 гаруй гэрэлтүүлгийг шинээр хийж дүүргийн гэрэлтүүлгийн хувийг 20 гаруй хувиар өсгөжээ. Тэгвэл 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт камержуулалт хийх ажилд 10 сая төгрөг зарцуулж 180 градус эргэдэг 4, чигийн 8, нийт 12 ширхэг камерыг суурилуулсан бол 2, 4 дүгээр хорооноос иргэдийнхээ дунд санал санаачилга өрнүүлж, камержуулалт аян зарлан, 32 камер суурилуулсан нь иргэдийн амар тайван амьдрах нэг нөхцлийг бүрдүүлсэн. Өнгөрсөн онд олон улсын байгууллага болон ОНХС-ийн хөрөнгөөр нийтдээ 9 худаг шинээр барьж байгуулан ашиглалтанд оруулжээ.

Бодит үр дүнтэй, хөрөнгө оруулалт хөрсөндөө үр дүнтэй шингэсэн эдгээр ажлуудыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Уурхай

  1. Налайхын нүүрсний орд газраас нүүрс олборлож эхэлсний 102 жил, Налайхын уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн нүүрсний уурхайн хувиараа ашигт малтмал олборлогч иргэдтэй гурвалсан гэрээ байгуулан, нөхөрлөлийн хэлбэрт оруулж, хариуцлагыг өндөрүүллээ. Дүүргийн 3 дугаар хорооны 57 дугаар уклоны уурхайн хэсэгт хууль бус олборлолтын улмаас эвдэрсэн 8,7 га газарт анхан шатны нөхөн сэргээлт хийж, ам цооногийг дарах булах, овоолсон шороог тэгшлэх ажлыг хийж, тэр орчмыг 2 гудамжны 20 гаруй айлыг дэд бүтэц нь шийдэгдсэн эрүүл тэгш талбайтай 4 болон 2 дугаар хорооны газарт нүүлгэн шилжүүллээ. Уурхайг цэгцэнд оруулсан ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Хогийн цэг

  1. Олон жил хуримтлагдаад байсан Баялагийн хонхор дахь хогийн төвлөрсөн цэгийг “Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт” хэлбэрээр зохион байгуулж цэвэрлэлээ. Энэ том ажилд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхай, тоосго, барилгын материал үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд машин техник, хүн хүч, бензин шатахуунаа хуваарилан хур хогийг уурхайн хонхорт түрж оруулан дээрээс нь шороо асгаж цэвэрлэх, хөрсийг тэгшлэх ажлыг хийсэн бол хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нэгдэж, хогийн цэг дээр ажилласан 100 гаруй хүний 3 өдрийн хоол цайг бэлтгэн нийлүүлж, оролцлоо. Мөн хог хаягдлын аян зарлан нийтийн эзэмшлийн 19 га талбайн хогийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор цэвэрлэжээ. Хур хогноосоо салж чадсан ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Хөгжлийн зөвлөл

  1. 2017 оныг “Иргэдийн оролцоотой-хөгжлийн төлөө” уриатайгаар эхлүүлэн бүх шатанд иргэний оролцоог нэмэгдүүлэхийг зорьж ажиллалаа. Дүүрэг, хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтыг бий болгох зорилгоор 2017 оны 01 сард нас насны төлөөллөөс бүрдсэн 11-15 хүний бүрэлдэхүүнтэй хөгжлийн зөвлөлийг хороо бүрт байгуулан тухайн хороонд тулгамдаж байгаа асуудлыг иргэдээр нь хэлэлцүүлж, иргэдийг оролцуулж шийдвэрлэдэг болсон сайн жишээг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Гамшгаас хамгаалах дадлага сургууль

  1. 4 жил тутам зохион байгуулагддаг “Гашгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг дүүрэгтээ амжилттай зохион байгуулж 90,5 оноо буюу онцсайн үнэлгээ авлаа. Иж бүрэн сургуульд Онцгой комиссын 21 гишүүн , 11 албад, 22 мэргэжлийн анги, 64 аж ахуйн нэгж байгууллагын давхардсан тоогоор 12548 гаруй ажилтан албан хаагч, 256 нэгж техник хэрэгсэл оролцсон томоохон хэмжээний сургалтыг амжилттай зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд өндрөөр үнэлэгдсэн ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.
  1. Улсын хэмжээнд гадаа нойлтой 2 сургуулийн нэг нь Эрдмийн оргил цогцолбор сургуулийн Тэрэлж дэх бага сургууль байсан. Энэ асуудлыг шийдвэрлэн ариун цэврийн байгууламж байгуулж, саарал усыг дахин ашиглах технологийг нэвтрүүлснийг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.
Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан агентлаг байгуулахыг судалж шийдвэрлэнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Орон тооны бус зөвлөлийн 2018 оны ээлжит хуралдаан 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд боллоо.

Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд, Зөвлөлийн дарга У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд оролцох үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг тэмдэглэв.

Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2017 онд хэрэгжүүлсэн ажил, 2018 оны үйл ажиллагааны талаар хэлэлцэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд болон орон нутагт томилолтоор ажиллах үед тавьсан санал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго тавьж байна.

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр төр, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хэрхэн хангах, салбар дундын үйл ажиллагааг хэрхэн уялдуулан зохицуулах талаар ярилцав.

Ерөнхий сайдын дэргэд бие даасан агентлаг байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив гэхээсээ илүү тэднийг хөгжүүлэх, ажлын байраар хангах, орон сууцны сан байгуулах, 0-2 насны хүүхдийг эрт оношлогоонд хамруулдаг байх зэрэг саналыг төрийн бус байгууллагын төлөөлөл гаргаж байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган хүнээ Монголын төр, засаг, төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд бүх талаар дэмжиж, туслаж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа. Тэрээр мөн цаашид хийж хэрэгжүүлэх ажилтай холбоотой хэд хэдэн үүрэг, чиглэл өгөв.

Салбар бүр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурлаараа тулгамдсан тодорхой асуудлыг хэлэлцэж Засгийн газраар шийдвэрлүүлэх, Зөвлөлийн гишүүд яамдын дэд зөвлөлүүдийг хариуцан, ажилд нь дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, шинээр боловсруулж буй хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлыг тусгахад дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ оны эхний хагас жилд багтаан:

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан хэрэгжүүлэгч агентлаг байгуулах саналыг танилцуулж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх

2. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинд хүргэх асуудлыг хууль тогтоомжид тусган шийдвэрлэх

3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх анхдагч мэдээллийн сан байгуулах, эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх

4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлагийн дарга, Нийслэлийн Засаг даргыг оруулах

5. Хүртээмжийн тухай хууль боловсруулж энэ онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Яамдын дэд зөвлөлүүдийг:

1. Салбарын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийн хэрэгжилтийн байдлыг судлан, хэрэгжилтийг хангах

2. Салбарын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоог хангаж, зарим ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх

3. Салбарын харьяа байгууллагуудын дэд бүтцийн хүртээмжийн байдалд үнэлгээ хийж, энэ онд багтаан стандартад нийцүүлэх

4. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Говьсүмбэр, Өвөрхангай, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан аймаг дэд болон салбар зөвлөлөө яаралтай байгуулан, ажлаа тогтмолжуулах, БСШУСЯ, Эрүүл мэндийн яам хууль заасан үүргээ хэрэгжүүлэх талаар санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Автобуснуудад их цэвэрлэгээ хийлээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэдэг аж ахуй нэгж, байгууллагуудад өгөгдсөн үүрэг даалгаварын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобус, троллейбусыг хамруулсан их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Энэ сарын 12-ны өглөө автотээврийн хяналтын улсын байцаагч нар 17 аж ахуйн нэгжийн 781 нийтийн тээврийн хэрэгслийг шугам замд гарахын өмнө дотор, гадна цэвэрлэгээ, суудлын бүрээсийн бүрэн бүтэн байдал, ерөнхий өнгө үзэмж, урд, хажуу, хойд талын чиглэлийн хаяг, хаягны гэрэлтүүлэг, заалны дулаацуулга болон гэрэлтүүлгийг голчлон шалгаж, илэрсэн зөрчлийг даруй арилгах үүрэг даалгаврыг ААН-үүдэд өгч ажилласан.

Мөн өнөөдөр дахин шалгалт хийхэд ААН-үүд зөрчлийг нэн даруй арилгасан байв гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна

ЗурагНийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтаж “Нийтийн-Эргүүл” арга хэмжээг энэ сарын 12-ноос эхлүүллээ.

Уг арга хэмжээний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон олон нийтийн цагдаагийн ажилтан, хэв журмын урамшилт эргүүлүүд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, үйлдэгдэж болзошгүй 286 чиглэлд 1744 алба хаагч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Шинийн 2-ноос нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна

Шинийн 2-ноос нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Энэ сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16, 17-нд баруун аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.