Categories
мэдээ цаг-үе

Б.Батцэнгэл: Манай багш нар Герман профессоруудын заах арга барилаас суралцаж байгаа

Техник технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орон Германы инженерийн боловсролыг Монголд нутагшуулахаар үйл ажиллагаа явуулж буй Монгол Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургуулийн сургалт, судалгаа хариуцсан дэд захирал, доктор Б.Батцэнгэлтэй ярилцлаа.


-Герман-Монголын технологийн их сургуулийн талаар танилцуулахгүй юу. Танай сургуулийн хөтөлбөрийн онцлог юу вэ?

-Германы канцлер Меркель 2011 онд манай улсад зочлоход Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Герман техник технологиор дэлхийд тэргүүлэгч улс. Иймээс Германы инженерийн боловсролыг Монголд нутагшуулах талаар ярилцаж зөвшилцөлд хүрч байсан. Германы инженерийн боловсролыг Монголд нутагшуулахаар Монгол-Германы хамтарсан баг хоёр жилийн хугацаанд Монголын хөдөлмөрийн зах зээл дээр судалгаа явуулахад механик инженер, уул уурхайн боловсруулах инженер, байгаль орчны инженер гэсэн мэргэжлүүд нэн тэргүүнд шаардлагатай байгаа дүгнэлт гарсан. Улмаар 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж дээрх гурван чиглэлээр бакалаврын зэрэг олгож эхэлсэн. Сургуулийн хөтөлбөр Германы стандартаар явагдаж байснаас хангах хэмжээний оюутнууд төдийлөн байдаггүй байсан л даа. Гэхдээ сүүлийн үед энэ стандартыг хангаад, суралцаад явах оюутнууд олширч байгаа. Манай сургуулийн хөтөлбөрийн гол онцлог дадлагад суурилсанд оршино. Мөн нэгж хичээлийн агуулга, суралцахуйн үр дүн нь өөрөө тухайн хүнийг мэдлэг, ур чадвар, хандлагуудыг нь хөгжүүлэхэд оршиж байгаа.

-Уул уурхайн инженер чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй олон сургууль байдаг. Германы инженерийн боловсролыг Монголд нутагшуулахаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Бид бусад сургуулиудтай мэргэжлээ давхцуулахгүйг хичээсэн. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж хөтөлбөрөө боловсруулсан. Өнөөдөр уул уурхайн боловсруулах инженер бэлтгэж буй сургууль манайхаас өөр байдаггүй. Энэ төрлийн мэргэжилтнүүд манай улсад ховор л доо. Ер нь сургууль байгуулахаас өмнө үйлдвэрүүдээс санал асуугаад явж байхад уул уурхайн боловсруулах инженер байхгүй, шаардлага хангадаггүй учраас гаднаас өндөр үнэтэй мэргэжилтэн урьж ажиллуулдаг тухай хэлж байсан. Герман боловсролын нэг зорилго бол хүнийг бие даах чадварт сургадаг. Ийм ч учраас дадлага удирдагчидтай нь эргээд холбогдоход өөрийгөө илэрхийлэх, гадаад мэргэжилтнүүдтэй харилцах, илтгэх чадваруудаараа бусад сургуулийн оюутнуудаас ялгарч байгааг нь хэлдэг. Манай сургуулийн хөтөлбөр онол, практик хосолсноороо онцлогтой. Бид инженерийн прожект гэж хөтөлбөрөөр оюутнуудад багаар хамтарч ажиллах анхны мэдэгдэхүүнийг суулгаж өгдөг. Үүнээс гадна суралцах арга зүйд суралцах гэж хичээл орно. Үүгээр оюутан болоод тулгардаг бэрхшээлүүдийг яаж давах, цагийн менежментийг яаж хийх, илтгэх урлагт яаж суралцах гэх мэт зүйлсийг заадаг. Энэ бүхний дараа оюутнуудыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд дадлага хийлгэдэг. Дадлагын хугацаанд гагнуур, мужаан зэрэг ажилчин хүний хийдэг ажлыг оюутнуудаар хийлгэдэг. Үүний ач холбогдол нь оюутнууд төгсөөд инженер болоход доор нь ажиллаж буй хүмүүсийн хүнд хөдөлмөрийг ойлгуулахад оршиж байгаа. Энэ ажлыг инженер хүн өөрөө хийж чаддаг байх ёстой. Харин уртын дадлагаа оюутнууд “МАК”, “Оюу толгой” зэрэг компаниудад хийдэг.

-Элсэгчдэдээ ямар шаардлага тавьдаг вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтад 500-гаас дээш оноотой хүүхдүүдийг бүртгэдэг. Байгалийн ухаан, математик, физик, хими, англи хэлний шалгалтыг сургуулиас авдаг. Энэхүү шалгалтад 60-аас дээш оноо авсан хүүхэд шууд бакалаврын ангид орох боломжтой. Харин 40-60-ын хооронд оноо авсан бол бэлтгэл ангид суралцна. 40-өөс доошгүй оноотой бол манай сургуульд орох боломжгүй гэж ойлгож болно. Шалгалтаар хүүхдүүдийн ур чадварыг дүгнэж хүүхдүүдийг элсүүлж байгаа учраас чанарын шаардлага хангаж байгаа гэсэн үг.

-Монгол, Германы хамтарсан технологийн их сургуулийн оюутнуудад Герман руу очиж сурах боломж байдаг уу?

-Манай сургуульд элсэж орсон оюутнуудаас шалгаруулаад 20 орчмыг нь 14 хоногийн турш Герман уруу зуны сургалтад явуулдаг. Харин гуравдугаар курс төгссөн хүүхдүүдийг Германы компани руу дадлагад гаргадаг. Дээрээс нь манай гурван оюутан солилцоогоор Германд очиж нутагт нь инженерийн боловсрол эзэмшиж байна. Мөн манай сургууль Хятадын уул уурхайн сургуультай хамтарч ажиллаж гурваас дөрвөн оюутныг суралцуулдаг.

-Инженерүүдийг бэлтгэнэ гэдэг их хариуцлагатай ажил байх. Улс орныг инженерүүд хөгжилд хөтөлдөг шүү дээ. Хөгжил хөтлөх инженерүүд Германы хөтөлбөрөөр бэлтгэгдэж байгаа нь улсын хөгжилд эергээр нөлөөлөх байх?

-“Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг инженер бүтээсэн” гэж үг байдаг. Тэр ч утгаараа инженерүүд улс орны хөгжилд хамгийн том хувь нэмэр оруулдаг хүмүүс байдаг. Бүх бүтээн байгуулалтыг гардаж хийдэг улсууд шүү дээ. Германы хөгжил инженерүүдийн ур чадвар дээр л тогтсон байдаг. Энэ улсаас бид хөтөлбөрөөр нь дамжуулаад, профессоруудаар нь дамжуулаад Монголдоо нутагшуулж байгаа. Үүний үр шимийг монголчууд хүртэнэ. Манай багш профессоруудын заах арга барил, мэдлэгээс нь их зүйл суралцаж байгаа. Энэ профессорууд урт удаан хугацаагаар энд үлдэхгүй учраас заах арга барилыг нь сургуульдаа шингээж авч үлдэхийг зорилгоо болгон ажиллаж байна. Энэ бүх ажлын эцэст Монгол Улсыг хөгжилд хөтлөөд, бүтээн байгуулалт хийгээд явах олон инженерүүд төрж гарна.

-Энэ сургууль уул уурхай руу чиглэсэн инженерүүдийг бэлтгэж байна. Цаашдаа IT чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх бодол байдаг уу?

-Хамгийн эхэнд уул уурхайгаа хөгжүүлж, уул уурхайгаас гарсан ашгаар дараа дараагийн технологийн салбаруудаа хөгжүүлэх гэсэн бодлоготой явж байгаа. Бид нарын хэтийн зорилго технологийн хэд, хэдэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Сэргээгдэх эрчим хүч, Механик электроник чиглэлийн инженерийг бэлтгэхээр ажиллаж байна. Механик электроникийн инженер прогаммчлал хийдэг учраас IT-тай холбоотой байдаг. Сүүлийн үед инженерийн чиглэл программ дээр суурилсан байдаг тул энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэхээр төлөвлөсөн.

-Дэлхийн боловсролыг Монголд Герман мэргэжилтнүүдээс авах боломж байна гэж ойлгож болох уу?

-Энэ сургуулийг байгуулсан Засгийн газрын зорилго Дэлхийн боловсролыг Монголдоо эзэмшихэд чиглэж байсан. Бүх айлын хүүхдүүд гадаад руу яваад суралцаад байх боломжгүй шүү дээ. Гадагшаа явж сурна гэдэг өөрөө асар их эрсдэл дагуулдаг. Герман, Америк зэрэг хөгжилтэй оронд суралцахад асар их санхүү шаардлагатай. Энэ нь гэр бүлд их ачаа болдог. Дээрээс нь ажиглахад манай эцэг эхчүүд дөнгөж 12 жилээ төгссөн 16,17 настай хүүхдүүдийг гадагшаа явуулаад байдаг. Ийм бага насандаа гадагшаа явж буй хүүхэд мэргэжлийн чиг хандлагаа сайн мэдээгүй, юу хийхээ сайн ойлгоогүй байдаг. Ийм насанд нь бакалаврын чанартай боловсролыг Монголд эзэмшүүлээд, дараа нь магистрт суралцахаар гадаад руу явуулахад “ийм зүйлийг эх орондоо хөгжүүлнэ шүү” гэсэн зорилготой болж төлөвшөөд явдаг. Багадаа гадаадад очсон хүүхдүүд соёлд нь дасаад үлдэх тохиолдол олон байдаг. Бидний эрхэм зорилго чадварлаг мэргэжилтнүүдээ Монголдоо ажиллуулж эх орноо хөгжүүлэх шүү дээ.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осол 25 хувиар буурчээ

ЗурагЗамын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран орон нутгийн авто замд иргэдийн хөдөлгөөн ихсэх үе буюу нэгдүгээр сарын 15-аас хоёрдугаар сарын 10-н хооронд “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний дүнд 2018 оны нэгдүгээр сарын байдлаар орон нутгийн замд үйлдэгддэг осол хэрэг 25.7 хувиар, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 35.5 хувь, хүн гэмтэх тохиолдол 41 хувь буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

Өнгөрөгч 2017 оны нэгдүгээр сард орон нутгийн авто замд 74 зам тээврийн хэрэг үйлдэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг өссөн төдийгүй, хэргийн улмаас амь насаа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Уг дүн мэдээг үндэслэн урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болон 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид, авто тээврийн хяналтын улсын байцаагч нарын хамт үүрэг гүйцэтгэж орон нутгийн замд зорчиж буй иргэдийг зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор төв суурингаас гадна замуудад эргүүл, шалгалтыг тогтмол хийж ажилласан байна.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд иргэд та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцон, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын таагүй үед хөдөө орон нутаг руу явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл санаачилжээ

ЗурагЕрөнхийлөгч Х.Баттулга хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцээд цаашид нийт хүүхдийн 80 хувьд мөнгө өгөхийг зорьж байгааг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон байна. Энэ оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 684 мянган хүүхдэд өгөхөөр 164.2 тэрбум төгрөг тусган баталсан юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын утааг бууруулахад НҮБ-ын дэмжлэгийг хүсчээ

ЗурагУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.

УИХ-аас агаарын бохирдлыг бууруулах хүрээнд тусгай ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байнгын хорооны гишүүдээс орж ажиллаж буй. Тиймээс намрын чуулган завсарласан ч утааг бууруулах чиглэлээрх ажлуудад хяналт тавьж ажиллана гэдгээ байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир мэдэгдэв. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийг оруулахаар санал оруулсан ч жагсаалтад тусаагүй. Уг хууль батлагдвал иргэд, аж ахуйн нэгжийн туслалцаатайгаар агаар, хөрсний бохирдлыг бууруулах боломж бүрдэх юм хэмээн ярьлаа.

Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Байнгын хороо, УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах тодорхой ажлуудыг хийж байгаа. Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа 30 жилийн хугацаатай, 0.2 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын хөгжлийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Уг зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах юм. Өмнө нь ганц нэг сан байгуулж байсан ч үүн шиг том хэмжээний хөрөнгө босгож байгаагүй. Удахгүй зээлийн хөрөнгийг юунд зарцуулах нь тодорхой болно. Хоёрдугаарт БНХАУ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 2.3 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг авахаар тохиролцсон. Тэгэхээр гэр хорооллыг дахин төлөвлөснөөр утаанаас ангижрах нэг гарц болно. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн удирдлагатай Давост уулзаж, Улаанбаатарын утааг бууруулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Өөрөөр хэлбэл энэ чиглэлд олж ирсэн мөнгөө зөв төсөл хөтөлбөрт зарцуулах нь уу гэдэг дээр хараат бус байдлаар зөвлөн туслаач гэсэн асуудлыг харилцан ярилцсан” гэв.

Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 удаа хуралдаж, 41 хуулийн төсөл, дөрвөн УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэж, яам агентлаг, харьяа байгууллагуудын тайлан мэдээлэл 2-ыг сонссөн бөгөөд 14 хууль, УИХ-ын 4 тогтоол батлуулжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Битүүлэх ёс

Image result for битүүлэх ёс

Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг.

Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.

Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

БИТҮҮНИЙ ОРОЙ ХҮЖЭЭ ӨРГӨӨД УНШИХ ТАРНИ

Битүүний орой, шинийн 1, 2, 3, 8, 15-нд зул, хүжээ өргөөд “Ум навова гавади базар сараа брамадани дата гадая архади самья сам буддава дадьята ум базар маха базар махадэза базар маха бидья базар маха зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха” гэдэг тарнийг уншаарай.

БИТҮҮНИЙ ОРОЙ ТОТГОН ДЭЭРЭЭ ЯАГААД МӨС ТАВЬДАГ ВЭ?

Монголчуудын эрт дээр үеэс дагаж мөрддөг ёс заншлын нэг бол Лхам хурах ёс юм. Энэ нь тэр жилийнхээ бурхан номын ажлыг хэрхэн дэлгэрүүлсэн, эх болсон зургаан зүйл амьтны төлөө буян үйлдсэн урган ирж буй жилдээ өөрсдийнхөө хийх буян номын ажил үйлсээ даатгаж Лхамаа шөнөжин хурж Цагаан сарын шинийн нэгний өглөө Цэдэр балингаа залдаг билээ. Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм. Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг.

Мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Дээр үед бол арвай буудай тавьдаг байсан. Харин одоо шар, цагаан аль ч будааг тавьж болно. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жартахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ.

БИТҮҮНИЙ ЗООГ

Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр бүтээн дал дөрвөн өндөр, шаант богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан, мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз, баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгшээдэг.

БИТҮҮНИЙ ӨДӨР ЦЭЭРЛЭХ ЗАН ҮЙЛ

  • Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.
  • Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.
  • Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
  • Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.
  • Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
  • Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.
Categories
мэдээ нийгэм

Шатахуун импортлогчид шатахууны үнийг 20-30 төгрөгөөр нэмэгдүүлэх санал хүргүүлжээ

Related image

Монгол Улсын “Роснефть” компаниас худалдаж авдаг шатахууны үнэ хоёрдугаар сард дахин өсчээ. Хоёрдугаар сарын эхээр”Роснефть” компанийн төлөөлөл Монгол Улсад ирж ажилласан. Энэ үеэр АМГТГ болон импортлогч компаниудтай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, тухайн жилийн үнэ ханшийн талаар ярилцсан юм. Энэ сарын 26-28-нд Москва хотод болох ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хуралдаанаар илүү тодорхой болно гэж УУХҮ-ийн Сайд Д.Сумъяабазар хэлж байсан юм. Газрын тосны ханш өссөнтэй холбоотойгоор компаниуд эхний удаад бүтээгдэхүүний үнийг 20-30 төгрөгөөр нэмэхээ УУХҮЯ-нд мэдэгдээд байгаа аж. Албаны эх сурвалжийн хэлснээр гуравдугаар сард шатахууны үнэ эргээд буурах боломжтой гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Image result for ТҮГЖРЭЭСар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс шинийн гуравны өдрийг дуустал буюу 19-ны өдөр хүртэлх хугацаанд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн нийтийн тээврийн маршрутад ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй юм байна. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Харин маргааш буюу битүүнд автомашины дугаарын сүүлийн тооноос хамааран тээврийн хэрэгсэлгүй зорчихгүй байх дүрэм хэвийн үйлчилнэ. Тодруулбал, пүрэв гариг тул 4, 9-өөр төгссөн автомашинтай жолооч нар тогтсон цагт хөдөлгөөнд оролцохгүй.

Баярын өдрүүдэд замын хөдөлгөөн зохицуулах цагдаа нар хуваарийн дагуу, хэвийн ажиллана. Иргэн та ч мөн баярын өдрүүдэд явган болон тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрсдийн болоод бусдын аюулгүй байдлыг хангаж, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас уриаллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Кёкүшюзан Д.Батбаяр хайрын шүлгийн уралдааныхаа шагналын санг нэмэгдүүлжээ

Кёкүшюзан Д.Батбаяр Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан гэргий Т.Баясгаландаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг фэйсбүүк найзуудынхаа дунд зарласан билээ. Энэхүү уралдаан нь нилээдгүй өргөн цар хүрээг хамарч, одоогийн байдлаар 1000 гаруй оролцогч шүлгээ ирүүлжээ.

Кёкүшюзаны зүгээс уралдаанд шалгарсан шилдэг гурван шүлгийн эзнийг Японд сүмо үзэх тасалбар, iphone7, Samsung гар утсаар тус тус шагнаж урамшуулахаа мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч түүний зарласан уралдаанд маш олон хүмүүс идэвхтэйгээр оролцож байгаа учраас шагналын сангаа дахин нэмэгдүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл түүний зүгээс дахин хэд хэдэн шилдэг шүлгийн эзнийг MONEL брэндийн 32 инчийн Led телевизээр шагнаж урамшуулахаар болжээ.

Кёкүшюзаны зүгээс өчигдөр уралдааныхаа талаар мэдээлэл өгөхдөө, “Хайрын шүлгийн уралдаанаа 2017 оны 2 сарын 14 өдөр эцэслэн дүгнэхээр төлөвлөөд байсан ч мянга, мянган хүн ханьдаа, хайртдаа зориулсан шүлгээ илгээсээр байгаа тул шүлэг хүлээж авах хугацааг 2017 оны 2 сарын 14-ны 00.00 цагаар тасалбар болгож, шалгаруулалтыг ирэх сарын 7 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө олон нийтэд нээлттэй хийхээр болсон” гэдгийг дуулгасан юм.

Уралдааны шүүгчдээр Болор цомын эзэн, нэрт яруу найрагч Ц.Бавуудорж, Н.Гантулга, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, МУ-ын СГЗ Г.Эрхэмбаяр нар ажиллах юм байна. Шүүгчдийн зүгээс “Нийгэм, сошиал орчинд хар бараан мэдээлэл, сөрөг сэтгэгдлүүд ихээр хөврөх болсон энэ цаг үед ийм гэгээлэг, хүний сэтгэлийн утсыг хөндсөн үйл явдал тохиож байгаад баяртай байна. Тиймээс ч энэхүү уралдааны шүүгчдээр ажиллах болсон” гэдгээ онцолжээ.

Ямартай ч Кёкүшюзан Д.Батбаярын тухайд санамсаргүй байдлаар ханьдаа зориулж дөрвөн мөрт шүлэг тэрлэсэн нь ийнхүү хайрын шүлгийн давалгааг цахим орчинд үүсгээд байна.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярыг тохиолдуулан Стандарт хэмжил зүйн салбарын түүхийг бүтээсэн ахмадуудаа хүлээн авлаа

ахмадСтандарт, хэмжил зүйн газрын түүхт 95 жилийн ой 2018 онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас томоохон зорилтот ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүний нэг нь Стандарт, хэмжил зүйн салбарт ажил амьдралаа холбосон ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ байв. Энэхүү арга хэмжээнд Стандарт, хэмжил зүйн байгууллагын түүхийг бичихэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн дарга нар болох Б.Равдансамбуу /Улсын төлөвлөгөөний комиссын дэргэхэд Үнэ стандартын товчооны дарга, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын Стандарт, хэмжүүр ба хэмжих хэрэгслийн хэрэг эрхлэх газрын дарга 1957-1963/, Д.Аюуш /Улсын стандарт хэмжүүр ба хэмжих хэрэгслийн хэрэг эрхлэх газрын дарга 1963-1975/, О.Сампил /Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын Стандартын газрын дарга 1988-1992/, Ж.Хүрэлсүх /Стандарт хэмжил зүйн Үндэсний төвийн дарга 2000-2004/ нар хүрэлцэн ирсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Сарангэрэл: Эмч нарыг ээлж дараатай сургахаас илүү тухайн эмчийг шат дараалсан сургалтад хамруулна

Image result for Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Монгол Улсад эмчилдэггүй өвчнийг дотооддоо эмчлэх зорилгоор өндөр хөгжилтэй орнуудад сургалтад явах гэж буй эмч нарыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа.

Тэрбээр “Өнөөдрийг хүртэл эмнэлгийн мэргэжилтнүүдийн гадаад сургалт ихэнхдээ гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгддэг байсан. Харин одоо Монгол Улсад эмчилдэггүй өвчнийг аль болох дотооддоо эмчлэх зорилгоор эмч нараа өндөр хөгжилтэй улсуудад сургаж байгаа.

доогийн байдлаар 81 эмч мэргэжилтэн гадаадад суралцаж зарим нь эх орондоо ирсэн байна. Үүний үр дүнд Монголд эмчлэхгүй байгаа 39 өвчин долоогоор цөөрч, 32 болсон. Өнөөдөр найман эмч дөрвөн чиглэлээр багаараа суралцахаар явж байна.

Гол нь бид эмч нарыгаа ээлж дараатай сургана гэхээсээ илүү тухайн эмчийг шат дараалсан сургалтад хамруулах бодлого, төлөвлөгөөтэй байгаа.

Эмч нараа шат ахисан сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Монголдоо залуу үеэ сургах зорилгыг дэвшүүлж байгаа юм. Үүний үр дүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын сургалтад суусан 16 эмч Монголдоо энэ чиглэлийн анхны хагалгааг амжилттай хийсэн нь том амжилт болсон.

Гадаадад сургалтад суух эмч нар ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах чухал албанд мордож байна” гэлээ.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын сурах чиглэлүүд:

  • Донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээ
  • Хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах эмчилгээ
  • Ихэр жирэмний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ
  • Торлог шилэнцэрийн хүнд хэлбэрийн эмгэгийн мэс заслын технологи чиглэлээр найман эмч гадаадад суралцах юм.