Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр цасан шуургатай

tsasӨнөөдөр баруун болон төвийн нутгаар, шинийн 3-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Жачин: Язгууртан тайж, ангийн дайсан гэсэн байнгын дарамт шахалт дунд явснаа Д.Нацагдорж Э.Оюун гуайд хэлсэн байдаг

Монгол ардын цэргийн зөвлөлийн гишүүд. Зүүн гар талаас гурав дахь нь: Элбэгдорж Ренчино, Хатанбаатар Магсаржав, Д.Нацагдорж, Х.Чойбалсан (1923)

Д.Нацагдорж судлаач, хэл шинжлэлийн доктор Чойжилсүрэнгийн Жачинтай ярилцлаа.

-Их зохиолчийг Төв аймгийн Баяндэлгэр сумын төр захиргаа, хүн зон нь манай нутгийн унаган хүү гэж бахархаж, алдаршуулахыг хичээсээр ирсэн. Түүний унасан газар, угаасан ус нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт уу, аль эсвэл өөр газар уу ?

-Д.Нацагдоржийн төрсөн он, төрсөн газар, нас барсан он, нас барсан газрын тухайд ямар нэг эргэлзээ байхгүй. Эрдэмтдийн олж тогтоосноор Д.Нацагдоржийн арав гаруй анкет архивт хадгалагдаж байна. Тэдгээрийн хоёрт нь “Төв аймгийн Мөнгөнморьт сумын Мэлцэй (Мэлзэй) нэрт газар төрсөн”гэж тэмдэглэжээ. Мэлцэй буюу Мэлзэй гэсэн газрын нэр бол тун содон нэр. Ийм содон нэртэй газар Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт байхгүй. Харин Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Мэлз уул, Мэлзэй толгой гэсэн нэртэй газрууд байна. Мэлз нь ч тэр, Мэлзэй нь ч тэр чухамдаа Д.Нацагдоржийн төрсөн нутаг хэмээн нутгийнхан нь хэлэлцсээр ирсэн их, бага Гүн нуур, Галуутайн гол, Нүүрэнтэйн дэнж, Шилийн худаг, Аягын бүрд зэрэг газрын ойролцоо байна. Эдгээр газар нь эдүгээ Төв аймгийн Бяндэлгэр сумын нутагт харьяалагдаж байгаа болохоор Д.Нацагдоржийн төрсөн газар нь Төв амйгийн Баяндэлгэр сумын нутаг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хэрэв энэ нутаг ус өөр аймаг, хот суманд харьяалагдахаар бол өөр аймаг сумын хүн болохбиз. Тэглээ ч төрсөн газар нутаг нь өөрчлөгдөхгүй. Үүнчлэн, Д.Нацагдоржийн төрсөн газар нь 1920 хэдэн оны үед Төв аймгийн Тогос уул суманд, 1930 хэдэн онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд хожим нь (1958 он) Баяндэлгэр суманд харьяалагдах болсноос Д.Нацагдоржийн амьд ахуй цагт Мөнгөнморьтын харьяанд байсан Мэлзэй, хожим нь Баяндэлгэрийн харьяанд ирсэн болохоор түүнийг эдүгээ Аяга, Мэлзэй, Нүүрэнтэй хаана ч төрсөн байлаа Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 1906 онд төрсөн гэх учиртай.

Үүнээс гадна их зохиолч маань төрж өссөн нутаг усныхаа нэрийг шүлэг зохиолдоо оруулсан нь бий. Баяндэлгэрийнхэн бол арав гаруй газрын нэр хэлдэг юм. Би хоёр газрын нэр хэлье. “Миний нутаг” найраглалд “Сайн эрс цугларсан байц бэрх газартай” гэж байдаг даа. Тэгвэл Гүн, Галуутай орчинд байдаг “Байц”, “Бэрх” гэсэн хоёр уулын нэрийг энд оруулсан байна гэж баттай хэлж болно.

Сүүлийн үед Д.Нацагдоржийн ананда Шригээс гадна өөр нэг охины тухай ярьж, бичих боллоо. Энэ ямар учиртай юм бол?

-1976, 1977 оны үед “Д.Нацагдоржийн музей”-н үзмэрт түүний “Миний хэнз хурга…” шүлгийг бичиж тавихдаа Цэрэндулам гэдэг хүний дурсамжийг хамт тавьсан байлаа. Түүнийг би үзээд Цэрэндулам гэдэг хүнийг сураглан уулзаж үгийг нь сонссон юм. Тэрхүү Цэрэндулам гэдэг хүн бол одоо зохиолч Б.Бааст зэрэг зарим хүний Д.Нацагдоржид хамааруулан ярьж байгаа хүн мөн. Тэр үед Цэрэндулам гуай хэлэхдээ: “Би Нацагдорж Пагмадулам хоёрын хүүхэд мөн. Аав надад “Хэнз хурга” шүлэг бичээд өгсөн нь үнэн” гэж байв. Ийм учраас тэр цагт амьд сэрүүн байсан Д.Нацагдоржийг мэдэх Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Б.Гомбо зэрэг хүмүүсээс энэ тухай асууж сураглахад “Юуных нь Нацагдоржийн охин байхав. Охинтой байсан бол Нацагдорж Пагмадуламаас салж чадахгүй байсан. Нинаг охиноо аваад нутаг буцсанаас хойш Нацагдоржийн зовж шаналж байсныг мэднэ. Ийм хүн чинь яаж хүүхэдтэй эхнэрээсээ өөрөө салахав. Харин Цэрэндулам бол Пагмадуламын төрсөн дүү мөн. Хүрээний гангачуул нас ахисан хойноо хүүхэд гаргавал түүнийгээ нууж, нас биед хүрсэн хүүхдийнхээ хүүхэд гэж ярих явдал байсан. Цэрэндулам өөрийгөө Пагмадуламын хүүхэд гэж боддог нь ийм юмнаас л улбаатай байх” гэсэн билээ. Энэ үгэнд итгэж болох юм. Учир нь 1925 онд хийсэн “МАХН-ын гишүүдийн нэр зэргийн бүртгэл” гэдэгт Пагмадулам өөрийгөө “гэргий” хэмээн хариулаад “нөхөр, хүүхэд, төрөл хэд буй” гэсэн асуултад “эцэг, эх, нөхөр, дүү 1” (Хатанбатын Мэндсайхан. Пагмадулам (Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламын амьдрал, хувь заяа). УБ., 2016, 55 дахь тал) буюу хүүхэдгүй, харин нэг дүүтэй гэж хариулсан байна. Нэг дүү гэдэг нь түүний төрсөн дүү Цэрэндулам байж таарна. Иймд Д.Нацагдорж өөрийнх нь хэлснээр “ганц охинтой”, тэр нь Ананда Шри мөн.

Их зохиолч маань 1932 онд Европын шинэ жил тэмдэглэснийхээ төлөө, 1936 онд албаны гэрэл зургийн цаасыг албанд нь хэрэглэснийхээ төлөө шоронд орсон гэдэг. архи ууж яваад үхсэн ч гэдэг. Нацагдорж юуны учир ингэж хэлмэгдэж зовов?

-Д.Нацагдоржийн угсаа гарлыг 1930 оны үеийн янз бүрийн анкет бүртгэлд ямагт тайж хэмээсэн байх бөгөөд түүний тайж гарал нь Монгол Улсад “Зүүнтнүүд”, “Хэт хувьсгалчид” идэвхжсэн 1930-аад оны үед ангийн бус этгээд буюу “ангийн дайсан” гэсэн ойлголт болж, шорон гянданд хорьж, хэлсээр хэлмэгдүүлэх шалтгаан болсон нь илэрхий. Энэ хэцүү бэрх цагт түүнийг “ядуу ангийн тайж бөгөөд гадаадын сургуультай” хэмээн өмгөөлж, ажилтай үлдээж байсан баримт ч бас бий. Тухайлбал, Д.Нацагдорж 1929 оны хавраас 1930 оны хавар хүртэл тэр үеийн Төмөрийн заводад орчуулагчаар, 1930 оны хавраас “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байгаад 1931 оны 1 дүгээр сарын 15-д Шинжлэх Ухааны Хүрээлэнд (ШУХ)-д оюутан буюу эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд орсон нь архивын баримтаар нотлогддог. ШУХ-д ажилд ороод зургаан сар болж байх тэр үе буюу 1931 оны зун Улсын хоёрдугаар шалгалт гэгч ШУХ-д иржээ. Тийнхүү шалгагдсан ШУХ-ийн ажилтнуудын бүртгэлд Нацагдоржийн нэр байх бөгөөд “эрхлэх хүний санал” гэсэн асуултад “ядуу ангийн тайж бөгөөд гадаадын сургуультай” гэсэн нь Д.Нацагдорж бол тайж боловч ядуу ангийн хүн, бас гадаадад сургууль ном үзсэн тул ажилд нь үлдээе гэсэн санал болно. Энэ саналыг тэр үеийн ШУХ-ийн дарга А.Амар, Л.Дэндэв нарын зэрэг удирдах хүмүүсийн хэн нэг нь өгсөн байж таарна. Энэ саналын ачаар Д.Нацагдорж ажилдаа үлдэж, бүтээл туурвилаа үргэлжлүүлж, 1937 оны 7 дугаар сарын 13 хүртэл амьд явж чадсан байна.

Д.Нацагдоржийг архи уудаг байсан, архи ууж хөлчүүрч яваад амиа алдсан гэж ярьж, бичих нь бий. Үнэхээр архи уусан хийгээд, архи уусан нь эрүүл мэндэд нь муугаар нөлөөлсөн байж таарна. Гэхдээ шоронгоос илүү нөлөөлөөгүй нь мэдээж. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд (1930-1937 он) тэрбээр, үнэхээр архинд орсон бол ШУХ-ийн хоёр ч тасгийн дарга (Одоогийнхоор бол хоёр хүрээлэнгийн захирал)-ын алба хашиж, түүх, хэл бичиг, уран зохиол, орчуулгын хэдэн зуун бүтээл туурвих боломжгүй нь ойлгомжтой. Харин архи уусан, зарим хүнд уусан мэт харагдсан шалтгаан нь өөр юм гэсэн баримт бас бий. Язгууртан тайж, ангийн дайсан гэсэн байнгын даралт шахалт хэлмэгдүүлэлтийн дунд амьдарч, бүтээхдээ архи ууж согтуурч явсан нь архинд дуртайдаа бус амьд явж, бүтээж туурвих гэсэн арга ядсан нэг арга байсан талаар Д.Нацагдорж, Э.Оюун гуайд ярьж байсан гэдэг. Энэ тухай тодруулж хэлье.

1970-аад оны сүүлээр ардын жүжигчин, эрдэмтэн зохиолч Э.Оюун гуайгаас Д.Нацагдоржийн тухай асуухад, “1937 оны хавар Д.Нацагдоржийг “Шороотын Цэвээн” хэмээн алдаршсан жүжигчин Чимэдийн Цэвээний хамт Дунд голын тэнд байсан Сэтгэл мэдрэлийн больницод хэвтэж байхад нь “Их авгай” жүжгийн зохиолыг авахаар очсон юм. Тэгэхэд Д.Нацагдорж гуай “Ахиад шоронд орвол амьд гарч чадахгүй юм байна. Архи уугаад гэлдэрч явбал арай ч дахиад хийчихгүй болов уу” гэж ярьж байсан” гэсэн нь Д.Нацагдоржийн архи уусны уг шалтгааныг тодруулсан үг юм.

Харин 1950-аад оноос Д.Нацагдоржийн уг гарлыг ном зохиолд “хохь тайж” хэмээн тэмдэглэх болсон нь ангийн дайсан гэхээс зайлсхийх гэсэн бас нэг оролдлого байжээ. Үүнээс үзвэл Д.Нацагдоржийг хэлмэгдүүлсний уг шалтгаан нь түүний тайж гарал байсан байна. Ийнхүү Д.Нацагдоржийн язгууртан тайж гарал, амьд ахуй цагт хэлмэгдлийн бараан сүүдэр болон тусч байсан бол эдүгээ цагт эзэн Чингисийн удам гэсэн гэгээн гэрэл болон цацарч байна.

Д.Нацагдоржийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэдэг. Заримдаа үндэслэгчдийн нэг гэдэг. Ингэж хоёр янзаар хэлэхийн учир шалтгаан байна уу?

-Үнэхээр зарим хүн яриан дундаа “үндэслэгч”, “үндэслэгчдийн нэг” гэсэн үгийг хольж ярих нь бий. Эрдэмтдийн бичсэнийг үзвэл Д.Нацагдоржтой нэг үе буюу 1920, 1930 оны үед зохиол бичиж байсан С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн нарын зэрэг зохиолчдын бүтээлийг Д.Нацагдоржийн бүтээлтэй эн зэрэгцүүлэн авч үзэхдээ эдгээр зохиолчдыг “Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчид” хэмээн үзсэнээс “Д.Нацагдорж бол Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг” гэх ойлголт гарсан байна. Харин “Д.Нацагдорж бол Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч” гэх санаа 1940-өөд оны үеэс эхлэн гарч, Монголын уран зохиол судлал, тэр дундаа Д.Нацагдорж судлалд хэвшиж тогтсон юм.

1945 онд Д.Нацагдоржийн 14 зохиолыг эмхэтгэж Д.Нацагдорж “Зохиолын түүвэр” нэрээр гаргахдаа академич Ц.Дамдинсүрэн, анх удаа Д.Нацагдоржийг “Шинэ цагийн ууган зохиолч” гэсэн байна. Түүнчлэн, 1955, 1961 онд гарсан Д.Нацагдоржийн “Зохиолын түүвэр” болон “Зохиолууд” түүврийн оршил өгүүллийг мөн академич Ц.Дамдинсүрэн бичихдээ, “Монгол Ард Улсын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг”, “Нацагдорж манай сонгодог зохиолч мөн” гэсэн байна. Энэ санааг Д.Нацагдоржийн мэндэлсний 60 жилийн ойн хурал дээр Монголын зохиолчдын хорооны дарга С.Удвал тавьсан илтгэлдээ “…Нацагдоржийг Монголын орчин үеийн утга зохиолыг үүсгэн бүтээгч гэж нэрлэсэн учир гэвэл зохиолыг зөвхөн хэн эхэлж бичсэнээр нь биш уран бүтээлийнх нь төрөл чанар, шинэ нээлт, социалист реализмын аргаар бүтээснээр нь түүний хувьсгалт уламжлалаар нь үнэлж зүй ёсоор үүсгэн бүтээгч гэж үзэж байна” (“Утга зохиол, урлаг” сонин. 1966 он 11 дүгээр сарын 18 №47(516)) хэмээн үндэслэгчийн асуудлыг ул үндэстэй тодорхойлсон байна.

Д.Нацагдоржийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэж үзэх нь өнгөрсөн 20 дугаар зуунд ардын аман зохиол, бичгийн уран зохиолын хөрсөн дээр Монголын орчин үеийн уран зохиол бүрэлдэн хөгжсөн түүхийн эхний үед зохиол бүтээлээ туурвисан гэдэг зөвхөн цаг хугацааны утгаар хэлсэн хэрэг биш юм. Харин Монголын уран зохиолын хэл, дүр, дүрслэлийг дорно, өрнийн уран зохиолын боловсрол, суу билгээрээ, бүтээлч хөдөлмөрөөрөө цоо шинэ хэмжүүрээр шинэчлэн тогтоож, яруу найраг, хүүрнэл, жүжгийн зохиолын бүх төрөл зүйлээр хэзээд орчин үеийн байх сонгодог зохиолууд туурвисан учраас түүнийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч хэмээн үзэх үндэстэй байна.

Таны 2016 онд Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж “Дашдоржийн Нацагдорж. Зохиолын цоморлог” хоёр боть, 2017 онд доктор С.Чулуунтай хамтран “Дашдоржийн Нацагдорж, гэрэл зураг баримт” ном хэвлүүлснийг мэднэ. Харин сүүлийн үед их зохиолчийнхоо талаар ямар бүтээл туурвилтай байна вэ?

-2018 он гарсаар “Нацагдорж судлалын эрих” ном хэвлүүллээ. Энэ номд миний бичсэн “Нацагдорж судлалыг онцлох учир”, “Их Нацагдоржийн “Folk¬lore” дэвтэр” гэсэн хоёр өгүүлэл болон Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн тухай үе үеийн судлаачдын бичсэн өгүүллүүд, Д.Нацагдоржийг таньж мэдэх хүмүүсийн дуртгалууд болон Нацагдорж судлалын 2000 шахам бүтээлийн ном зүйг багтаасан бөгөөд Нацагдорж судлалын асуудлыг намтар, бүтээл, ном зүй гэсэн гурван хүрээг бүрэн хамарснаараа судлаач, багш оюутан, өргөн олон уншигчдад сонирхолтой төдийгүй Нацагдорж судлалын шинэ үе өсөн дэвжихэд тус болно хэмээн найдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баатархүү: Өнөөдөр бид нэг их том идээ засч, ууц тавиад цагаан сарыг хэлбэр төдий тэмдэглээд байна

Image result for доктор Б.БаатархүүӨнөө цагт цагаан сарыг яаж тэмдэглэвэл зохих талаар угсаатан судлаач, түүхийн ухааны доктор Б.Баатархүүтэй ярилцлаа.


-Цагаан сар өнөөгийн төв сууринд амьдарч буй хүмүүст бэрхшээлтэй болсон мэт байна. Заавал том ууц тавьж, өндөр идээ засдаг, хүн бүрт бэлэг өгөх ёстой юм уу?

-Өнөө үед төв суурин газарт амьдарч байгаа хүмүүсийн хувьд жаахан бэрхшээлтэй болсон. Нүүдэлчдийн баяр учраас төв суурин газарт үл зохилдох зүйлүүд гараад байдаг. Цагаан сарын бэлтгэл нь дан мал, аж ахуйгаасаа хангагддаг. Тухайлбал, цагаан идээгээ намар бэлдчихнэ, идээ ундаа нь дан цагаан идээ байсан. Харин битүүний өдөр мах идэх ёстой, битүүлэгний махаа өвлийн идэшнээсээ төхөөрчихнө. Өөрөөр хэлбэл, малчид сар шинийн баярын бэлтгэлээ өөрсдийнхөө аж ахуйгаас хангачихдаг. Гэтэл төв суурин газрын хүмүүс бүх зүйлээ худалдаж авах шаардлага гардаг учраас олон бэрхшээл тулгарах болсон. Мөн ууц тавих, айл бүр заавал олон үе идээ засах, ирсэн хүн болгонд бэлэг өгөх ёстой юм шиг ойлголттой байх болжээ. Энэ ойлголтоосоо болоод залууст санхүүгийн бэрхшээл тулгарчихаад, тун хүнд байдал ажиглагдаж байна. Уламжлалт ёсоор 40 хүрээгүй гэр бүл гурван үе идээ засдаг ёстой. Мөн бурхны шашин дэлгэрсэн цагаас эхлэн боовоор идээ засдаг болсон гэдэг. Тавгийн идээ засдаг боов нь анхнаасаа л дан ул боов байгаагүй, хавсаа, мушгиа зэрэг өөр өөрийнхөө хийдэг боовоор авсаархан идээ засчихдаг байсан уламжлалтай. Тэгэхээр сар шинийн баярт тийм нүсэр зардал гарахгүй. Монголчууд хуримын ёслолд л бүхэл ууц хэрэглэж, цагаан сараар бол төлөөлүүлж ууц тавьдаг байсан. Төлөөлүүлж гэдгийг жишээгээр тайлбарлавал, говь нутагт бол гартаа бариад идэх боломжтой, жижигхэн ууц байсан. Дал дөрвөн өндөр гэх мэт авсаархан махаа тавьчихдаг юм.

-Эрт үед бэлэг өгдөггүй, мөнгөтэй ч золгодоггүй ёстой байсан юм биш үү?

-Эрт үед онцгой хүндэтгэсэн хүндээ юм барьж золгодог байсан, эд зүйл нь юу ч байж болно. Гэхдээ энэ нь өгнө гэсэн үг биш, зүгээр л гар хоосон биш шүү гэсэн илэрхийлэл. Харин онцгой хүндэтгэсэн хүндээ бол өгч золгодог байсан. Мөн цагаан сар эв нэгдлийн баяр учраас эвлэрэхийн бэлгэдэл болгож, бид өмнө нь бие, биедээ мэс гаргаж байсан ч түүнийгээ цайруулъя гэдгээ илэрхийлж, цагаан даавуу барьж золгодог байсан. Гэхдээ цагаан даавуугаа өгөхгүй, өмнөх маргаанаа цайруулж буйгаа илэрхийлж цагаан даавуу барьж золгож буй юм. Зарим нутагт саяхныг хүртэл уламжлагдан ирсэн бас нэг соёл нь, эрчүүд сур барьж золгодог. Гар хоосон биш гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. Тухайлбал, эрчүүд морь унахдаа хормойгоо даруулдаг байсан суран бүсэн хормойн боолт гэх сураа барьж золгож байгаа юм. Бурхан шашинтны лам, хувраг настай хүнд хадаг өгч золгодог байсан нь аажмаар мөнгө өгдөг ёс болоод хувирчихсан. Сар шинээр хүүхэд, өтгөсийг онцгой хүндэтгэдэг учир настай хүнд мөнгө барих нь буруу гэж шүүмжилж бас болохгүй зүйл. Баяр ёслол угаасаа цаг үеэ дагаад хувирч өөрчлөгдөж байдаг. Дээр үед бэлэг гэдгийг хувь гэж нэрлэдэг байсан. XIII зуунаас өмнө цагаан сарыг хувь сар гэж нэрлэдэг байлаа. Энэ нь анчин гөрөөчин байсан үеэс эхлэлтэй. Ан гөрөө хийж, ангийн махны хувийг хүмүүст тараадаг. Хэдэн тарвага агнаад ирлээ гэхэд зөвхөн гэртээ хэрэглэхгүй, хавь ойр ах дүүгийн бүх айлд хувь хүртээнэ. Ангийн баярын үеэс улбаатай махан хувь өгдөг уламжлал цагаан сар дамжин уламжлагдаад ирсэн. Ялгангуяа цагаан сараар өндөр настай хүмүүс, хүүхдүүдийг баярлуулдаг ёстой. Настай хүн, хүүхэд хоёр ялгаагүй л хүнээс юм горьддог. Дунд үе бол өөрөө өөрсдийгөө аваад явах чадвартай учраас барагтай бусдаас бэлэг горьдохгүй. Зарим айлуудыг ажиглаж байхад хүн болгонд бэлэг гэхээсээ илүү, айл өрхөд нь хувь өгдөг ёс хэвээр байна.

-Сар шинийн баяр ёслолын ач холбогдол нь юу вэ?

-Асар олон утга учиртай. Нас нэмсний, өвлийг өнтэй давсны, тухайн ураг төрлийнхний баяр, заавал өөрийн ах дүү нарынхаараа ордог. Хэн нь ам бүл нэмж, хэн нь боломжтой амьдарч байна. Хэн нь ядарсан зүдэрсэн байна гэдэг мэндээ мэдэлцэж, нэг нэгэндээ тусалдаг, дэмнэдэг эв нэгдлийн бэлэг тэмдэг бол цагаан сар юм. Мөн сар шинээ тэмдэглэж, олонтой яваагаараа бахархдаг утга учиртай. Өнөөдөр бид нэг л их идээ засч, том ууц тавиад, гоёж гангараад л сар шинийг хэлбэр төдий л тэмдэглээд байна. Ингэхийн оронд сар шинийн агуулга, ач холбогдол нь юу юм бэ гэдгийг хүүхдүүддээ сургах хэрэгтэй. Хуучин алаг мэлхий өрөх, шагай наадах гээд л олон тоглоомыг сар шинээр тоглодог байсан. Уламжлалт тоглоом гэдэг чинь наргиж цэнгэхийн нэр биш. Хүүхдийг хүмүүжүүлэх зааж сургах арга байсан юм.

-Хотын нөхцөлд сар шинийн баярыг яаж тэмдэглэвэл сайн бэ?

-Өрх тусгаарласан айл л цагаан сар хийдэг ёстой. Залуу хөгшиндөө гол биш. Харин залуус нь гурван үе идээ засдаг, дал дөрвөн өндөр тавьчихдаг авсаархан идээ будаатай байх л уламжлалтай. Битүүний өдөр бол махны баяр, цагаан сарын шинийн нэгэн болохоор цагаан идээний баяр. Монголчуудын үндсэн хоол хүнс бол мах, цагаан идээ л байсан. Гурил гэдэг зүйл хожуу орж ирсэн. Хүнсний ногоо бол бүр хожуу үеийнх.

-Шинийн нэгний өглөө нар харна гэж хошуурдаг. Энэ ямар утга учиртай юм бэ?

-Нүүдэлчин, малчин айлууд нар мандахаас өмнө босдог. Би хөдөөний хүүхэд, өглөө эрт босоод адуугаа хураагаад, унагаа барьчихаад байж байтал нар манддаг байсан. Тэгэхээр мандах нар харна гэдэг бол өнөөгийн хотод байгаа бидний л ойлголт. Монголчууд маш эртнээс нар, сарыг шүтэж ирсэн. Монголчууд шинийн нэгний өглөө хамгийн түрүүнд индэр, эсвэл эзэн сүлдний овоондоо гарч нар гарахаар, цай сүү, идээ ундааны дээжээ өргөдөг байсан. Баруун монголд бол их гал түлж байж идээ ундааны дээжээ өргөдөг ёстой байлаа. Өдөр болгон нарнаас өмнө босдоггүй хотын хүмүүс шинийн 1-ний өглөө эрт босоод нар харахад буруудах зүйл үгүй. Харин нэг дор нэг овоон дээр шаваад, бие биенээ идээ будаагаараа дарчих гээд байгаа нь одоогийн суурьшмал соёлд тун зохимжгүй байгаа

-Хүн бүр мөр гаргах ёстой юу?

-Мөр гаргах ёсыг зөвхөн айлын эр хүн гүйцэтгэдэг ёстой. Нэг айл бол нэг жим мөртэй байна гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Таван хүн таван тийшээ зүг гаргачихвал тэр айл чинь тарж бутрахын цондон болно гэсэн үг. Эрт үед айлын эр нөхөр буугаа үүрээд, морьтойгоо давхиж, буу дуугаргадаг, эсвэл хийморийн дарцгаа барьж мөрөө гаргадаг байсан. Одоогийнх шиг хальт гарч байшингийн булан тойрчихоод байгаа нь зүг гаргах ёс биш. Хиймороо сэргээж мөр гаргана гэдэг нь хотын нөхцөлд нэг л тохирохгүй байгаа юм.

-Шинэ хувцас өмсөх ёстой гэх ойлголт бас бий?

-Европын жуулчдын тэмдэглэлд байгаа. Ялангуяа цагаан өнгө бол эхлэлийн, ариун цагааны өнгө. Гүег хаан хаанд өргөмжлөгдөхдөө өмссөн хувцас нь бүгд цагаан байсан. Монголын эзэнт гүрний талаарх гайхалтай мэдээнүүд бий. Харц ноёд ялгаагүй бүгд цагаан дээл өмсдөг байсан. Одоо бид бүгд сар шинээр цагаан дээл өмсөх нь боломжгүй. Гэхдээ үндэсний хувцсаа өмсч байвал зүгээр. Түүнээс биш, костюм өмсчихөөд, золголт хийж явбал зохимжгүй. Сар шинийн нэгэн гэдэг чинь шинэ зүйлийн бэлгэдэл, хүн өөртөө түүнээс асар их дэм авч байдаг тул тэр өдөр уйлдаггүй, эм уудаггүй, өвчин хэлдэггүй, сайн сайхныг бэлгэдэн хэлэлцдэг. Энэ нь тэр жилдээ сайн сайхан байхыг илэрхийлж буй явдал. Тиймдээ ч шинэ цамц юм уу ядаж нэг шинэ оймс аваад өмсчихсөн ч бэлгэшээлтэй шүү дээ. Нөгөө талаараа үндэсний дээл хувцсаа зөв зохистой өмсөх нь зүйтэй. Түүнээс биш хэт үнэ цэнэтэй ганган чамин тансаглах шаардлагагүй. Аль ч нийгмийн үед төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэй зэрэг хүмүүс хэт тансаглаж, гангардаг л байсан. Гэхдээ ард түмний хувьд бол энгийн сайхан, цайвар өнгөтэй монгол хувцсаа өмсчих нь илүү зохимжтой.

-Хотын залуусын сар шинэ ямар байвал илүү дээр вэ?

-Залуучууд золгохгүй гар барьдаг, зарим нь бусдаас илүү мэт хэрэглэх гэж аархдаг, хэт их архиар нэгнээ шахдаг гэх мэт зүйл их ажиглагдах юм. Би өөрөө судалгаа хийдэг хүн, сургалт эрхэлдэг, оюутнуудад, магистр докторуудад ч хичээл заадаг. Тэндээс харахад нэгэнт бие хүн болоод төлөвшчихсөн бол засарна гэж байдаггүй юм байна. Тиймээс хүүхэд багачууд, боловсролын системд өв уламжлал, зан заншлыг хичээл болгож заах ёстой. Хүүхэд багаасаа төлөвшсөн зүйлээ хэзээ ч мартдаггүй. Хүмүүжилгүй хүн бол хулгай хийнэ, хүнтэй муухай харьцана, гэхдээ боловсрол үүнээс тусдаа зүйл. Боловсрол мэдлэг олгодог болохоос биш, хүмүүжил олгодоггүй. Нэгэнт хүмүүжил нь тодорхой болсон хүмүүст ийм ууц тавь, ингэ тэг гэж хэлбэл сонсоод л өнгөрнө. Гадны хөгжилтэй орны иргэд өөрсдийн уламжлалт баяраа жил бүр яаж тэмдэглэх үү гэж хүнээс асуудаггүй. Асуух шаардлага байхгүй. Японд ямар нэгэн уламжлалт баяр нь боллоо гэхэд хэнээс ч асуухгүй, яаж тэмдэглэхээ хүн бүр мэддэг, багаасаа боловсролын системээр дамжуулаад авчихсан байдаг.

-Цаг үетэйгээ нийцүүлэн уламжлалаа өөрчлөх зүйл байж болох уу?

-Тухайн заншил ямар заншил вэ гэдгээсээ хамаарна. Зарим нь орчин үед нийцэхгүй мухар сүсэг байвал өөрөө халагдаж солигдоод л жамаараа өөрчлөгдчихдөг. Гадны орнууд асар их дэвшиж, хөгжсөн ч уламжлалынхаа бүтцийг яг хэвээр нь хадгалдаг. Хятад, Япон, Солонгос дэлхийд хөгжлөөрөө тэрүүлж байгаа ч ёс уламжлалаа маш сайн хадгалсан байна. Монголчуудын гол дутагдал бол эв түнжингүй байдал. Хагаралдаж бутардаг. Монгол манжид эзлэгдэж манжийн ноёдоос авлига аваад л байсан. Сар шинийн баяр бол олон зүйлийг агуулаад байгаа. Ерөнхий агуулга нь монголчуудыг эвтэй байхыг бэлгэдсэн.

Categories
мэдээ спорт

Хойд Солонгосын Рюм Тэ Ок, Ким Жү Сик нар аравдугаар байр эзлэлээ


“Пёнчан-2018” 23 дугаар өвлийн олимпийн наадмын уран гулгалтын хосын төрөл болж өндөрлөлөө.

Спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан тэмцээнд Германы хос болох Алена Савченко болон Бруно Массо нар 235.90 оноо авч олимпийн аварга болжээ. 2017 онд Ньбелхорны цомын тэмцээнд мөнгөн медаль зүүж байсан олимпийн наадмаас анхны алтан медалиа авчээ.

Харин Хятадын хос болох Суй Вэньзин болон Хань Цун нар 235.47 оноогоор мөнгөн медаль зүүжээ. Суй Вэньзин 2017 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн алтан медаль хүртэж байсан юм.

Канадын хос Меган Дюамель, Эрик Рэдфорд нарын үзүүлбэр 230.15 оноо авч хүрэл медалийн тавцанд зогсчээ.

Энэ төрөлд олимпийн эрх авч оролцсон 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Хойд Солонгосын Рюм Тэ Ок, Ким Жү Сик нар 193.63 оноогоор аравдугаар байр эзлэсэн юм.

Categories
мэдээ спорт

Солонгосчууд хоёр дахь алтан медалиа зүүлээ

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын чарганы ганцаарчилсан төрлийн тэмцээн явагдаж өндөрлөлөө.

Энэ өдөр Өмнөд Солонгосын тамирчин Юн Сун Бин 50:02 цагийн амжилт үзүүлж алтан медаль зүүжээ.

Оросын олимпийн багийн тамирчин Никита Трегубуов 50:56 цагаар мөнгөн медаль хүртсэн байна. Энэ нь Оросын олимпийн багийн хоёр дахь мөнгөн медаль болж байна.

Их Британийн тамирчин Доминик Парсонс тэргүүлэгчээс 0.61 долиор хоцорч хүрэл медаль зүүжээ. Их Британичуудын хувьд 1948 оноос хойш эрэгтэйчүүдийн чарганы тэмцээнд авч буй анхны медаль нь энэ болж байна.

Юн Сун Бин Солонгосын багт хоёр дахь алтан медалийг нь авчирч буй нь энэ юм.

Categories
мэдээ цаг-үе

Т.Алтангэрэл: Стандарт банкны өрийг Эрдэнэт үйлдвэрээс биш, буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх хэрэгтэй

Монголын Засгийн газар Арбитрын хоёр шатны шүүхэд ялагдсан. Тодруулбал, Өмнөд Африк дахь “Стандарт” банкны мэдэлд Монголын “саалийн үнээ” гэгддэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр очих шийдвэр гараад байгаа билээ. Арбитрын давж заалдах шатны шүүхээс Монголын Засгийн газрыг “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн “Стандарт банкнаас зээлсэн өрийг төлөх ёстой. Хэрэв түүний өрийг эргүүлэн төлж, банкны нэхэмжилсэн 51 сая ам.долларын хохирлыг барагдуулахгүй гэвэл зээл авах гэрээнд заасны дагуу “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкны мэдэлд шилжин очих болно” гэх утга бүхий шийдвэр гаргасан байдаг юм. “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар баталгаа гаргаж, гарын үсэг зурсан байдаг. Арбитрын шүүхийн шийдвэрийн талаар арбитрч, Арбитрчдын зөвлөлийн гишүүн, хуулийн зөвлөх Т.Алтангэрэлтэй ярилцлаа.


-“Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалж зээл авсан. Ш.Батхүүг зээл авахад баталгаа гаргаж, тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга, Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар гарын үсэг зурсан асуудал байдаг. Баталгааны гарын үсэг зурсан, зураагүй гэх асуудал гээд л олон зүйл яригддаг. Гэтэл Стандарт банк манай Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгсөн байгаа. Арбитрын хоёр шатны шүүх Стандарт банкны талд шийдвэр гаргаж, манай Засгийн газар унасан. Арбитрын шүүхийн шийдвэрийн талаар ямар бодолтой байна вэ?

-Нэгэнт Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэр гараад, тэрийг нь Хатан хааны давж заалдах шатны арилжааны шүүх хянаад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан, “Жаст” компанийн зээлийн өрийг барагдуулах үүрэгтэй гэдгийг шийдвэрлэсэн тул үйлдвэрийн дарга гарын үсэг зурсан, зураагүй гэдэг асуудал одоо тийм ч чухал биш.

Өөрөөр хэлбэл, талуудын гаргасан тайлбар, нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслээд баталгааг хүчин төгөлдөр баталгаа гэж Арбитр үзсэн учир Эрдэнэт үйлдвэр төр төлөх үүрэг нь үүсч байгаа хэрэг. “Стандарт” банк, “Эрдэнэт” үйлдвэрийн хоорондын асуудал гадаад талдаа ийнхүү эцэслэгдсэн. Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх үүргийг улс орнууд Нью-Йоркийн конвенцийн дагуу хүлээдэг тул одоо түүнийг гүйцэтгэх, өр төлбөрийг барагдуулах үүргийг Эрдэнэт үйлдвэр биелүүлэх болох нь. 109 сая ам.долларын төлбөрийг энэ том үйлдвэр графикаар төлчих л байх л даа, хамгийн гол нь энд төрийн буюу нийтийн өмчийн асуудал яригдаж байгаа, тэр өмчид хохирол учрах нь иргэдийн эрх ашгийг шууд хөндөж байгаа хэрэг юм, тухайлбал, наад зах нь бид Эрдэнэт үйлдвэрээс авах ёстой татвар, ногдол ашиг багасч байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудал ч тэр төрийн өмчийн гол эзэн буюу УИХ-ын зөвшөөрөлгүйгээр бүх наймааг хийж, нийтийн өмч хууль бусаар хувийн компанид очсон. Төрийн буюу нийтийн өмчийг ийнхүү дээгүүр, доогуураа эзэнгүйдүүлж, хулгай дээрэм нүүрлэж, албан тушаалтнууд туйлын хариуцлагагүй хандаж, хохироож байгааг иргэд бид хүлээн зөвшөөрч болохгүй, өөрсдөө хяналтыг сайн тавьж, хууль ёсыг сэргээх учиртай.

Тэгэхээр бид дотооддоо хэд хэдэн асуудлыг цэгцэлж, шударга ёсыг тогтоож, иргэдийн хүлээлтэд хариу өгөх хэрэгтэй байх. Анхнаасаа суурь зарчмын хувьд аль нэг, огт хамааралгүй хувийн компани зээл авах болоход төрийн өмчит компани баталгаа гаргасан, тэр авсан зээлээс өөрөө ямар нэгэн байдлаар ашиглаагүй нь илт хууль зөрчсөн, үүний улмаас нийтийн өмчид ихээхэн хэмжээний хохирол учирч байгааг буруутай этгээдээр төлүүлэх, хариуцлага хүлээлгэх ажлыг Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчийн болон хууль хяналтын байгууллага шуурхай авах хэрэгтэй. Манай хууль хяналтынхан арбитрын шийдвэрийн үндэслэл, нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэргийг сайтар үзэж, олон хуурамч бичиг баримт, зурсан зураагүй гарын үсгийн дундаас чухам яагаад, ямар үндэслэлээр Эрдэнэт үйлдвэрийн баталгааг хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзсэнийг мэдэх ёстой.

-Монголын Засгийн газар Арбитрын шүүхэд ялагдах болсон шалтгаан юу вэ. Арбитрын шүүхийн процессын талаар хэвлэлд мэдээлж болохоос нь мэдээлэл өгч болох уу?.

-Юуны өмнө тус арбитрын хэрэг нь нэхэмжлэгч болох “Стандарт” банк болон хариуцагчид болох “Эрдэнэт” үйлдвэр, “Жаст” компаниудын хооронд болсон болохоор Засгийн газар уг хэргийн оролцогч биш, уг хэрэгт Засгийн газар ялагдлаа гэх нь буруу юм. Харин төрийн өмчийн үйлдвэртэй холбоотой учраас Засгийн газарт хамааралтай асуудал бол мөн. Олон улсын арбитрын ажиллагаа бол өртөг өндөртэй, өмгөөлөгчид маш өндөр хөлсөөр ажилладаг тул арбитрт очихоосоо өмнө нөхцөл байдлаа сайтар дүгнэх хэрэгтэй байдаг. Эрдэнэтийн энэ хэргийн жишээнээс харвал зээлийн өр нь анхандаа харьцангүй бага байсан бол арбитрын сунжирсан хэрэг шийдэгдэх хүртэл хүү торгууль, арбитрын зардал гэх мэт нэмэгдээд үндсэн төлбөр шигээ хэмжээний мөнгө гарсан байна. Арбитрын ажиллагаанд өмгөөлөгч, арбитрчийг маш нарийн шалгуураар сонгох нь хэргийн үр дүнд чухал ач холбогдолтой юм.

-Стандарт банкинд төлөх өрийг хуулийнхаа дагуу Засгийн газар төлөх ёстой юу, эсвэл зээл авсан Ш.Батхүү, баталгаа гаргаж зээл авахад тусалсан“Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү төлөх ёстой юу?

-Арбитрын шийдвэрээр нэгэнт “Эрдэнэт” үйлдвэр төлөхөөр гарсан тул тус үйлдвэр өр төлбөрийг яаралтай барагдуулахаас өөр аргагүй байхыг үгүйсгэхгүй. Дараагийн ээлжинд дотооддоо хууль хяналтын байгууллагаар асуудлыг яаралтай хянаж, шалгаж, буруутай этгээдүүдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй болно.

-Арбитрын шүүгч нөлөөнд автах, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан тохиолдол байдаг уу?

-Арбитрын шүүгч буюу арбитрчаар олон улсад ажиллахад хамгийн чухал үзүүлэлт нь мэдээж түүний хараат бус байдал байдаг. Аливаа хэрэгт томилогдохоос өмнө түүний шийдэж байсан, оролцож байсан хэргүүд, нэр хүнд, харьяалагдах арбитрын байгууллага, туршлага, ёс зүй зэрэг олон талаас нь судалж, сонгодог бөгөөд өөрөө хараат бус байдлынхаа талаар хэрэгт томилогдохоос өмнө болон хэргийн явцад мэдэгдэх үүрэгтэй. Арбитрчийн хараат бус байдалд хяналт тавих нь өмгөөлөгч нарын чухал үүрэг бөгөөд хараат ажилласан гэх үндэслэл байвал татгалзан гаргах, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгуулах зэрэг боломжууд хуульчилсан байдаг. Олон улсын арбитрч нарын хувьд харгалзах ёс зүйн дүрмийг олон улсын барын холбооноос гаргасан байдаг нь арбитрчийн үйлдлийг үнэлж дүгнэхэд чухал эх сурвалж болдог.

Сүүлийн дөч, тавин жилийн түүхийг харвал олон улсын арбитрын хэргийн ачаалал ихээхэн нэмэгдсэн нь түүний ур чадвар, мэргэшсэн хараат бус байдал, компаниуд дотоодын шүүх гэхээсээ олон улсын арбитрт хандах итгэлийг илтгэж байна.

-Монголын Засгийн газар өмнө нь Арбитрын шүүхэд хичнээн удаа дуудагдаж, хэд нь хэрэгсэхгүй болж хэдэд нь ялж байсан бэ?

-Манай засгийн газар өнөөг хүртэл нийт дөрвөн арбитрын хэрэгт хариуцагчаар орсон байдаг. Нэг талдаа Засгийн газар, нөгөө талдаа хөрөнгө оруулагчтай ийм арбитрын хэргийг хөрөнгө оруулалтын маргаан гэж нэрлэдэг, харин компани хоорондын маргааныг арилжааных гэдэг.

Засгийн газрын орсон дөрвөн хэргүүдийг дурдвал, нэгдүгээрт, Италийн Алстом Пауэр компанийн нэхэмжлэлтэй ТЭЦ-3 холбогдох хэрэг (2003-2005 онууд), хоёрдугаарт, оХУ-ын хөрөнгө оруулагч С.в.Паушок, түүний Алтан дорнод Монгол ХХК-н нэхэмжлэлтэй Гэнэтийн ашгийн 68 татвартай холбоотой хэрэг (2007-2011 онууд), гуравдугаарт, Хятадын хөрөнгө оруулалттай компанийн нэхэмжлэлтэй Төмөртэйн ордод хамаарах хэрэг (2010-2017), дөрөвдүгээрт, Канадын Ханресурс компанийн нэхэмжлэлтэй арбитрын хэрэг. Энэ дөрвөн хэргээс Ханресурсын хэргээс бусад гуравт нь манай тал ялалт байгуулсан, өөрөөр хэлбэл олон улсын арбитрын практикт манай Засгийн газар чамлахааргүй үзүүлэлттэй явж байна. гэхдээ үүнд тайвшрах аргагүй, засаглал муутай, авлига өндөртэй улсад олон улсын арбитрт ялагдах эрсдэл маш өндөр хэвээр байдаг.

-Арбитр шүүхээс юугаараа ялгаатай байдаг вэ?

-Арбитр шүүх хоёрын ялгаа нь гэвэл арбитр бол хараат бус, шуурхай, нарийн мэргэшсэн хэрэг маргааныг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд арбитраас гарах шийдвэр нь шүүхийн шийдвэрийн адил заавал биелэгдэх учиртай. Арбитрын процесс илүү уян хатан, талуудын чөлөөт байдал онцгой байр суурь эзэлдэг. Хэргийг яаж, хэзээ, хэн шийдэх зэрэг олон асуудлаар талууд тохиролцож, журмаа өөрсдөө тодорхойлох боломжтой. Арбитрчид илүү олон талт мэргэжилтэй, туршлагатай, хэргийг иж бүрэн, цаг гаргаж, нарийн шинжилж хянан шийдвэрлэдэг, хэргийн нууцлалыг хадгалдаг учир томоохон хэлцэл гэрээ хийдэг компаниудад ихээхэн давуу талтай байдаг. зардлын хувьд ч олон шат дамжлагагүй, хэргийг нэг дор төвлөрүүлж шийддэг тул хямд тусдаг талтай. гадны компаниудын хувьд дотоодын шүүхтэй зууралдах сонирхол төдийлөн байдаггүй. Тэр тусмаа хөгжил буурай орны шүүхэд итгэж чаддаггүй. Тиймээс маргаан гарвал шүүхээр бус харин арбитраар шийдвэрлүүлэх хүсэл илүү түгээмэл байдаг, үүнийгээ ч гэрээндээ тусгадаг. Арбитр нь арилжааны болон хөрөнгө оруулалтын гэсэн хоёр төрөлтэй байдаг. Хөрөнгө оруулалтын арбитрын маргаанд нь нэг талаас төр, нөгөө талаас компани байдаг. Олон улсын практикт хөрөнгө оруулалтын маргааныг олон улсын арбитраар шийдвэрлэх нь хүлээн зөвшөөрөгдсөн, маш түгээмэл болсон. Улс орнууд хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд дотоодын шүүхээсээ татгалзаж, олон улсын арбитрыг сонгодог нь нийтлэг юм.

Э.БААТАР

Categories
мэдээ үндэсний-бөx

Нохой жилийн тэргүүн бөхөөр Баярхүүгийн Бат-Өлзий тодров

Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан сар шинийн барилдаан өргөн дэлгэр боллоо. Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нараар манайлуулсан шилдэг 256 бөх зодоглов. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш өргөөнд зодоглоогүй байсан улсын арслан Ц.Содномдорж энэ өдөр зодоглож олон бөх сонирхогчдыг баярлуулав. Харин улсын арслан Э.Оюунболд, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, улсын начин Э.Даш нар нохой жилийн сар шинийн барилдаанд зодоглосонгүй.

Бөхийн барилдааны нэгийн давааны эхэнд улсын заан Д.Бумбаяр Өвөрхангайн аймгийн харцага Б.Гүнсумьяад, улсын харцага Д.Батболд Өвөрхангайн аймгийн харцага Х.Энхчулуунд, улсын харцага Т.Амартүвшин Завханы аймгийн харцага Г.Анхбаярт тус бүр тахим өгөв. 2009 оны ардын хувьсгалын 88 жилийн их баяр наадмын түрүү бөх улсын арслан До.Ганхуяг энэ даваанд Арханхангайн аймгийн харцага Б.Батсайхантай удтал хүч үзээд барьц сонгож даваа авсан. Гэсэн ч залуу харцага Б.Батсайхан тахим өгөхөөс татгалзахад нь арслан хэл амнаас залхсан бололтой элэг бүсээ тайлаад орж байгаа харагдсан.

Зүүний манлай улсын аварга Г.Эрхэмбаяр дөрвийн даваанд аймгийн заан Б.Түмэндэмбэрэлд хутгуулж унасан бол С.Мөнхбат аварга аймгийн арслан Г.Ганбаатарт өвдөг шороодов.

Энэ өдөр УИХ-ийн гишүүн дархан аварга “Ирээдүйн аварга” шагналаа Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн арслан Т.Бэгзсүрэнд гардуулав. Тэрээр сар шинийн барилдаанд барилдаанд амжилттай барилдаж аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ, улсын начин Э.Ванданцэрэн, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Х.Мөнхбаатар нарыг өвдөг шороодуулсан юм.

Мөн “Улаанбаатар хивс” компаниас цахиур хагалах бөхийн шагналыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Даваа-Очирт гардуулав. Б.Даваа-Очир энэ өдөр аймгийн арлсан Б.Ганзориг, улсын начин Б.Батжаргал, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, улсын арслан Н.Батсуурь нарыг давсан юм.

Та бүхэнд барилдааны дүйзийг танилцуулья

Тавын даваа

  • У.А Ч.Санжаадамба-У.Н Г.Баасандорж
  • У.Ар П.Бүрэнтөгс- А.А Т.Бэгзсүрэн
  • У.Ар Ц.Содномдорж-А.А Г.Ганбаатар
  • У.Ар Р.Пүрэвдагва-У.Х А.Цацабшир
  • У.З Б.Батмөнх-А.А Б.Даваа-Очир
  • У.З Н.Түвшинбаяр-У.Н Д.Анар
  • У.Х Т.Баасанхүү-У.Н Б.Амарзаяа
  • У.Х Б.Бат-Өлзий-А.З Б.Түмэндэмбэрэл

Зургаагийн даваа

  • У.А Ч.Санжаадамба-У.З Б.Батмөнх
  • У.Ар П.Бүрэнтөгс- У.Х А.Цацабшир
  • У.Ар Ц.Содномдорж-У.З Н.Түвшинбаяр
  • У.Х Т.Баасанхүү-У.Х Б.Бат-Өлзий

Долоогийн даваа

  • У.А Ч.Санжаадамба- У.Ар П.Бүрэнтөгс
  • У.Ар Ц.Содномдорж- У.Х Б.Бат-Өлзий

Наймын даваа

  • У.Ар П.Бүрэнтөгс- У.Х Б.Бат-Өлзий(түрүүлсэн)

О.Дашням

Categories
мэдээ нийгэм

Их сургуулийн 700 сонсогч эргүүл, хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна

Image result for сонсогч эргүүл, хамгаалалтад

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Сар шинийн баярын өдрүүдэд Их сургуулийн захирлын тушаалаар Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн нийт 700 сонсогч 02 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд 14 цагдаагийн хэлтэст хуваарилагдан эргүүл, хамгаалалтад хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэхээр боллоо.

Сонсогчид энэ хугацаанд Улаанбаатар хотод гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор замын цагдаа, улсын онц чухал объектын хамгаалалтад ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын зөвлөмж

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор зөвлөмж гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн байгууллагууд 24 цаг бэлэн байдалд ажиллана

Сар шинийн баярын өдрүүдэд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, түргэн тусламжийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар үйл ажиллагаа явуулж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмч нар хуваарийн дагуу дуудагдан тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Эрүүл мэндийн яамнаас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллага бүрт удирдлагын баг хяналт тавьж, эмч, мэргэжилтнүүд жижүүрлэн ажиллаж, алсын дуудлагын бэлэн байдлыг хангаж, тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Шаардлагатай тохиолдолд доорхи утсаар холбогдох боломжтой.

Байгууллагын нэр

Холбоо барих утасны дугаар

Ажиллах цагийн хуваарь

(2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд)

Эрүүл мэндийн яам

323002

24 цагаар

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

99463372

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

99082426

Улсын гуравдугаар төв эмнэлэг

88095848

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв:

  • Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг
  • Хүүхдийн эмнэлэг

80809102

80809105

Гэмтэл согог судлалын үндэсний төв

70180136

Хавдар судлалын үндэсний төв

70162529

Халдварт өвчин судлалын үндсэний төв

450491

Арьсны өвчин судлалын үндэсний төв

93086486

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

98983630

Цус сэлбэлт судлалын үндэсний төв

70136504

Зоонозын өвчин судлалын үндэсний төв

70282859

Нийслэлийн эрүүл мэндийн газар

320981

Өрхийн эрүүл мэндийн төвүүд

утасны жагсаалтыг www.ubhealth.mn ээс авна уу.

10-16 цагийн хооронд

Дүүргийн эрүүл мэндийн төвийн (гэмтэл, мэс асал, дотор, шүдний кабинет)

10-16 цагийн хооронд

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг

454004

24 цагаар

Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг

631108

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг

350790

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг

379258

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг

314587

Нийслэлийн түргэн тусламжийн төв

  • Насанд хүрэгчид
  • Хүүхэд

103

70110103

Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв

325731

10-16 цагийн хооронд