Categories
мэдээ нийгэм

“Шуурхай ажиллагааны алба” 24 цагаар ажиллаж байна

ЗурагУлаанбаатар хотын “Шуурхай удирдлага зохицуулалтын төв”-ийн ”Шуурхай ажиллагааны алба сар шинийн баярын энэ өдрүүдэд 24 цагаар ажиллаж байна.

Тус алба иргэд, оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч буй юм.

Иргэд Шуурхай үйлчилгээний албаны 310005, 76111005 дугаарын утас руу холбогдон санал гомдлоо өгөх боломжтой аж.

Categories
мэдээ цаг-үе

Сангидоржийн Саянцэцэг: Ааваараа төгөлдөр хуур заалгаж байсан тэр дүр зураг мартагдашгүй


Хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн гэр бүл

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дэлхийд Монгол Улсынхаа нэр нүүрийг тахалдаг нэрт төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэгтэй уулзаж хөөрөлдлөө.

-Таны шавь нар Москвад болсон олон улсын наадамд амжилттай оролцоод ирлээ гэв үү?

-Өчигдөр (2018.02.06-ны мягмар гаригт ярилцав. сур) ирээд цагийн зөрүү сайн гараагүй л сууж байна. Монголынхоо ард түмэнтэй танай сониноор мэндчилж байгаадаа баяртай байна. Хүүхдүүд маань маргааш Монголын хүүхдийн ордонд тэмцээнтэй байгаа. Бид жил бүр олон улсын тэмцээнд явдаг. Испанид аж төрж байхдаа шавь нараа, Европоор авч явж, тэмцээнүүдийн эхний гурван байрыг авч байсан. Энэ амжилтыг минь үнэлж Вюска хотын дарга шилдэг уран бүтээлчийн шагнал гардуулж байлаа. Манай хот чинь Испанийн хойт зүгт Францтай хил залгаа оршдог, наян таван мянган хүн амтай, монгол нутагтай адилхан газар байдаг. Далайн уур амьсгалтай, нартай их сайхан нутаг даа. Би Москвад сургуулиа 1993 онд төгсөөд шавь бэлдэж эхэлсэн. Арван таван настайгаасаа багшийн дадлага ордог байлаа. Анхны шавь маань испани хүүхдүүд. Би Москва руу наймдугаар ангиа төгсөөд явсан. П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дунд, дээд хоёр сургуульд арван жил сурсан. Тэнд сурч байхдаа л орос хүүхдүүдэд хичээл заадаг байсан. Тэр үеийг би багшилж байсан гэж тооцдоггүй. Шавь нарт тооцох хүмүүс бол яах аргагүй миний дүү нар байгаа. Бид дөрөв чинь дөрвүүлээ Хөгжим, бүжгийн сургуулийн төгөлдөр хуурын ангид сурч байлаа. Манай аав, ээж хоёр мөн ч зоригтой улс шүү.

-Яагаад зоригтой гэж?

-Би ганц хүүгээ төгөлдөр хуурч болгож чадаагүй байхад миний аав, ээж хоёр дөрвөн хүүхдээ төгөлдөр хуурч болгож хүмүүжүүлсэн нь том зориг. Өөрсдийнхөө хамаг цагийг бидэнд зориулна. Ялангуяа ээж минь урлагт их дуртай хүн. Зураг сайхан зурдаг, бүжиглэдэг, Төв аймгийн хөгжимт драмын театрт жүжигчнээр ажиллаж байхдаа аавтай танилцсан. Ээж маань гайхамшигтай бүжиглэдэг байсан учир ардын жүжигчин, бүжиг дэглээч Сэвжид гуай ээжийг Ардын дуу, бүжгийн чуулгад бүжигчнээр авъя гээд шалгалт авахад тэнцэж байсан. Эмээгийн үгэнд ороод эмнэлгийн хүн болчихсон юм билээ. Хөгшин ээж баяд гэж явдаг байсан. Уг гарлыг нь судлаад үзэхээр Завхан аймгаас гаралтай жинхэнэ халх хүмүүс л юм байна лээ. Ээж маань өчигдөр хүртэл ахмадуудын урлагийн үзлэгийн удирдан найруулж байгаагаа ярьж байна. Аав минь их тусалдаг байсан ч таван жилийн өмнө бурхан болсон учраас нөгөө улс нь ээжийг гуйсан байгаа юм. Би багаасаа гурван дүүдээ хөөрхөн жижигхэн багш болчихдог байсан. Миний багшийн ажил тэндээс эхэлж. Миний анхны багш аав байсан учраас яг аавыгаа дуурайж тэдэндээ заадаг байлаа. Миний аав сэтгэлийн их хөдөлгөөнтэй, жинхэнэ урлагийн хүн. Маш олон ааштай. Тэр олон ааш нь хөгжмийн бүтээл туурвихад яг тэр хэвээрээ ноотонд буудаг. Би хөгжмийн зохиолч биш ч үүнийг сайн мэдэрдэг. Одоо би нас тавь гарчихлаа. Аавынхаа ааш, авьяас бүхнийг одоо л ойлгож эхэлж байна. Залуу байхад ээж ааваа бид ойлгодоггүй ш дээ. Аавын олон ааш хүнд болгонд заяагддаггүй, ойлгогддоггүй ааш. Миний ааш бас тийм. Ээж “Аавыгаа дууриасан олон ааштай” гэдэг юм. Тэр олон ааш бол муухай ааш биш настрыйнаараа амьдардаг ч гэх юм уу тийм ааш. Эхний хүүхэд сайхан ирэхэд миний ааш тэр өдрөө тийм л байдаг.

-Хөгжмийн цагаан толгойг ааваараа заалгаад тэр их ертөнц рүү орж дээ?

-Ааваараа төгөлдөр хуур заалгаж байсан тэр дүр зураг одоо ч мартагддаггүй. Гар тавьсан багш бол миний аав. Таван наснаас минь л хоёр жил надад хичээллэсэн. Социализмын үед таван наснаас сурна гэдэг өнөөгийнхтэй адил амар зүйл байгаагүй. Өнөөдөр айл болгоны хүүхэд хөгжим тоглож байна. Хөгжим, бүжгийн сургуульд долоотойдоо орсон. Миний орос багш Ляпшин гэдэг их хатуу хүн байсан. Намайг их уйлуулдаг, юмыг арван хуруу тэгш хийх дуртай. Тэр зан нь аавынхтай их тохирдог. Гэхдээ намайг хэт чангалаад байхаар аав минь их хамгаална. Ууган охин нь болохоор их хайрлана. Тиймээс хичээлд аав байнга ирж сууна. Эхний хоёр жил хамт суусан. Аавын яриагаар долоон настай охиноо өдөрт зургаан цаг суулгаж хичээл давтуулдаг байсан гэж байгаа. Тэр их чухал дэвсгэр болсон. “Хүн болох багаасаа” гэдэг үгэнд би их итгэдэг. Түүнээс арван найман нас хүрчихээд авьяас нь задарна гэдэг худлаа. Аавынхаа тэр л сургалтын аргыг би одоо шавь нартаа хэрэглэдэг.

-Аав тань анх ямар бүтээлүүд тоглуулдаг байв?

-Сансаргэрэлтэх дүү минь хожим “Зулай цагаан Алтай”-г нэмж найруулжуулгыг нь хийсэн 33 дуу байгаа. Үүний гучин хоёр ардын дууг наяад онд аав биччихсэн байсан. Энэ номыг сургалтад бага хэрэглэдэг. Эдгээр 32 дууны анхны тоглолтыг би хийсэн. Монголын радиогийн алтан санд хадгалагдаж байгааг гавьяат Буянхишиг эгч надад хэлсэн. Хааяа радиогоор явдаг гэж хүмүүс ч хэлнэ. Аавын далаад онд бичсэн төгөлдөр хуурын сонат зэрэг томоохон бүтээлүүдийг Зөвлөлтийн мэргэжилтнүүд тоглодог байсан. Харин хорин прелюдийн заримыг нь би тоглосон. Аав тэр үед дагуулаад радиод очиж бичүүлэхдээ давтуулаад тоглуулаад байдаг байсан.

-Аав чинь Баянхонгорын Богд сумын хөдөөгийн эгэл жирийн айлын хүү. Төгөлдөр хуур болоод бусад хөгжмийг яаж тэгж гайхамшигтай сурсан юм бол?

-Би аавыгаа гайхамшигт суут хүн л гэж боддог. Бид бол багаасаа хөгжим тоглож сурч байна. Аав маань ч зааж өгөөд, Зөвлөлтийн мэргэжилтэн ч зааж өгөөд их азтай. Би гэхэд ардын жүжигчин Тувааны Цолмон гээд багшдаа бурхны авралаар шавилсан байх жишээний. Хэдийгээр би бурханд итгэдэггүй ч хувь заяаны зам минь бурхны гараар зурагджээ гэж баярлаж явдаг. Хөгжим, бүжгийн дунд сургуульд ороход ч гэсэн Галицкая багш маань маш нарийн хөдөлмөр, ухааныг гайхамшигтай зааж өгсөн. Азаар би байгалиас хөгжим тоглох авьяастай байж. Аавын тухайд гайхамшигтай. Анхны мэргэжил нь бага эмч мөртлөө Багшийн сургуульд орж суралцсан байдаг. Аав ээжтэй танилцахаас өмнө аккордианыг маш чадварлаг тоглодог байсан юм билээ. Ахтайгаа хамт дуулж, хөгжимдөөд аймаг сумдаар аялан тоглолт хийдэг байж л дээ. Шүлгээ өөрөө биччихдэг, ая хийдэг, бас хошин шогийн тоглолт үзүүлдэг, зураг зурдаг маш авьяаслаг хүүхэд байж. Ээжтэй танилцах үедээ хоёулаа гайхалтай бүжигчид байсан гэж байгаа. Намайг ухаан орсон цагаас пянз, радио сонсдог айл байлаа.

-Таны хөгжимчин болох ч аргагүй гэр бүлийн гайхамшигтай орчинтой холбоотой байх нь аргагүй юм аа?

-Аав ээж хоёр радио сонсохыг зурагт үзэхээс илүү чухалчилдаг байж. Ээжид одоо болтол радио нь бий. Аав оюутан болоод төгөлдөр хуур дээр маш олон цаг сууж сонгодог зохиолыг давтдаг байж. Алма-Атыд хөгжмийн зохиолч Зундуйн Хангал гуайтай хамт сурч байхдаа олон сайхан пянз авчирдаг, түүнийгээ өөрийн уран сэтгэмжээр их тоглодог байлаа. Тэрний ачаар бид дөрвийн сонсгол багаасаа хөгжсөн. Тэр үеийн пянзнууд бол бидний биширдэг түүхэн суут хөгжмийн зохиолчдын бүтээл л байдаг байсан. Бидний хөгжимчин болох суурь маш багаас тавигдсан. Эхийн хэвлийд байхаас л хөгжмийн гайхамшигт орчинтой танилцсан. Ээж маань хүртэл үүнд нь автаж угаагдсан гэдэг. Ээж аавын бичсэн шинэ дуунуудыг бүгдийг анхлан дуулж сонсгоно. Шөнөжингөө аавын ноотны цааснуудыг татуулж зуруулдаг байлаа. Ээж аавын бүтээлийн ноотыг хуулна. Хөгшин ээж маань ууган охиныдоо амралтын өдрүүдээр ирж, иклээ татаж, бийгээ бийлнэ. Тэгээд надаар төгөлдөр хуур даруулж байснаа “Энэ муу амьтныг хар багаас нь ингэж зовоох” гээд мэлмэртэл уйлна. Хоол ундгүй суулгаад олон цагаар суулгалаа гэж санаа нь зовдог байсан шиг байгаа юм. Тэгэхэд зээ охин нь хөгжим тоглохын л бөөн дур байхгүй юу.

С.Саянцэцэг таван настайдаа…

-Та хэдэн наснаасаа гадаадад явж байв?

-Одоогийн хүүхдүүд шиг дөрөв таван наснаасаа явах тийм боломж социализмын үед байгаагүй. Хөгжим, бүжгийн сургуулийн долоодугаар ангид байхдаа дэлхийн авьяастан хүүхдүүдийн фестивальд дуучин Алтан-Уяатай Монгол Улсаа төлөөлөн Болгарын Софи хотод очиж оролцож байсан. Алтан-Уяагийн номерыг би тоглож тусгай хөтөлбөрт шилэгдэж орж байлаа. Арван дөрвөн насандаа Болгарын том Дуурийн театрт Листийг тоглож шилдэг арван номерт багтана гэдэг азтай хэрэг шүү. Тэгэхэд сонсож байсан улс нь Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийн профессорууд байсан. “Энэ хүүхдийг дээд сургуульд авъя” гэж Болгарын ЭСЯ-наас хүртэл дуудаж байлаа. Т.Цолмон багш маань Москва руу явуулна гээд зөвшөөрөөгүй. Багш маань миний бурхан учраас би толгой мэдэж шийдэж чадахгүй л дээ.

-Айлын ууган хүүхдүүд ажлын ихийг үүрснээ гайхацгаадаг. Таны хувьд ямар байв?

-Намайг гэрийн ажилд огт оролцуулахгүй. Манай гурван дүү гэрийн ажлыг маш сайн хийнэ. Москвад очоод татсан мах дэлгүүрээс худалдаж аваад ямар ч давс, хольцоогүй хоол анх хийж хөглөсөн түүх надад бий. Сүүлдээ ч хоол хийж сурсан л даа. Миний хань испани хүн байдаг. Хөгжмийн анги төгссөн төгөлдөр хуурч хүн. Одоо хоол ундыг маань сайхан хийж өгнө.

-Аав чинь ер нь хэд орчим дуу, томоохон бүтээлүүд бичсэн байх юм?

-Миний мэдэхийн таван зуу гаруй дуутай. Маш олон дуу захиалгаар хийсэн. Испаниас жилдээ хоёр гурван удаа ирээд байх үед өдөр болгон л хүн орж ирээд гуйна. Хамгийн гунигтай нь барьж байгаа бэлэг нь дандаа архи. Миний аавыг хүмүүс архи уудаг байсан л гэж байна. Ер нь түүхэнд хөгжмийн зохиолчид бүгд уудаг байсан. Бетховен ч, Шуберт ч уудаг л байсан. Энэ уудаг гэдэг үгийн цаана маш олон утга байгаа. Хүн яагаад уудаг, яагаад уудаггүй юм бэ. Зарим нь эрүүл мэндээ бодож байна. Аав маань сэтгэл санаагаар их унана. Аавыг дээрээс дэмждэггүй байсан. Эх орныхоо бүхий л сайхан үзэсгэлэнт гол нуур, уул, тал хангай, говьд зориулж дуу хийсэн хүн миний ааваас өөр байхгүй. Аавын хойноос улсууд энэ талын сэдэв рүү орсон. “Зулай цагаан Алтай”, “Монгол далай” гээд үнэхээр аварга дуунууд шүү дээ. Аавынхаа сэтгэлийн энэ гунигийг би мэдэрч сэтгэлийг нь хуваалцаж, аавыгаа их өмөөрдөг байсан. Миний аав “Намайг тоосонгүй” энэ тэр гэж огт ярьдаггүй хүн ч гэсэн би тэрийг нь мэдэрдэг байлаа. Архи бариад ирж байгаа улсыг би уурлаж хүлээж авдаг байсан нь нууц биш. Дараа нь манай Баянхонгорынхон эд нар бол сайхан ааруулаа бариад ирдэг байлаа. Аав сүүлийн таван жилд сэтгэлээр их унасан. “Аав нь удахгүй үхнэ” ч гэх юм уу зөгнөөд л байдаг байсан. Аавын минь зохиолууд бол үнэхээр агуу. Тиймээс би аав, дүү хоёрынхоо зохиолуудыг амилуулах дуртай. Аавынхаа амьд ахуйд Испанид цөөхүүл хөгжимд зориулсан хөгжмийн наадамд бүтээлийг нь тоглож баярлуулж байлаа. Тэр наадам маань энэ жил есдэх жилдээ зохиогдож байна. Испанийн хөгжимчид, Английн морин хийлч, Хятадын хийлч гээд аавын бүтээлийг тоглодог гадаадын олон хөгжимчин бий. Сая Хятадын хийлч “Миний ээж тэмээчин” дууны аялгууг тоглолоо.

-Та хөгжмийн бүтээл туурвидаг уу?

-Баруун дөрвөн замын тэнд манайх байх үед эрэгтэй дүү маань л төрсөн байлаа. Тэгэхэд намайг зохиолч болгох гэж үзсэн юм. Аав надад хөгжим зохиохгүй бол хоол өгөхгүй гэж айлгаад, би уйлаад нэг юм бичсэн чинь тоглож үзээд аав ээж хоёр элгээ хөштөл инээж байсныг сайн санадаг юм. Миний хувьд “Хоол идэхгүй бол үхнэ ш дээ” л гэж бодсон хэрэг. Хурдан хоол өгчихөөсэй л гэж уйлаад байсан юм шиг байгаа юм. Манай хоёр ихрийн хувьд зохиолчийн авьяас байсан. Энэ гурав дээр чинь том болсных нь дараа туршлага хийсэн л дээ. Харин над дээр дэндүү жаахан байхад туршиж үзээд, миний аав авьяасын хувьд хатуу шалгууртай хүн шүү. (инээв. сур) Ихэрээ сайн хөгжмийн зохиолч болох байсан. Ижилээг сайн тоглогч юм байна гэж байсан юм даг.

С.Саянцэцэг бяцхан шавь нарын хамт

-Ихэрцэцэг, Ижилцэцэг дүү нар чинь юу хийж байна?

-Ихэрээ маань эгчийнхээ туршлагыг авчихсан, сайн багш Испанид ажиллаж амьдарч байна. Миний хөгжмийн сургалтын ажилд арваад жил туслаад, хичээл заагаад явж байна. Ижилцэцэг маань Нью-Йоркод гарын хэдэн шавьтай, гоо сайхны салон ажиллуулж байна. АНУ-ын “Авидо” гэдэг фирмийн сургалтад дөрвөн жил сурч дипломыг нь аваад ажиллаж байгаа.

-Сансаргэрэлтэх дүү нь бас Америкт байгаа бил үү?

-Манай Сансар чинь Вашингтонд хувийн сургалтын төвтэй, бичлэгийн студитэй, хөгжмийн зохиолоо бичээд байж байна. Дүү маань олон хообийтой. Зураг зурна. Багын л мундаг хүү байсан. Эвдэрсэн радиог хүртэл засчихна. Манай гурван дүү чинь их уран. Гурвуулаа нийлээд юухан хээхнээр ер нь байшин барьчихна шүү.

-Москвад болсон олон улсын наадамд шавь нар тань амжилттай оролцлоо гэсэн сэдвээр яриа маань эхэлсэн санагдана?

-Дөчөөд орос, арван гадаад тоглодог жижиг Рахминовын тэмцээн шүү дээ. Рахминовын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурын тэмцээн л дээ. Бид юм авч чадахгүй байх гэж бодож байсан ч шавь нараа тайзан дээр гаран гартал нь бэлдсэн. Манай Монгол Улсын консерваторийн багш нар маань сэтгэл санаагаар их дэмжиж байсанд баярлаж байна. Тоглосны дараа хоёр хүүхдээ аваад Москвагийн хамгийн алдартай танхимд өдөрт хоёр концерт үзэж байлаа. Шүүгчид нь Сөүл хотоос ирсэн багш, Испанийн нэртэй төгөлдөр хуурч, гуравдахь нь Гнессиний сургуулийн алдартай декан орос хүн байсан. Тэр гурав биднийг концерт үзэхээр явсан хойгуур “Багшид баяр хүргээрэй” гэсэн байсан. Онгоцны буудал дээр байж байтал Оросын төгөлдөр хуурч Дмитрий маань дүнг явуулсан. Доороос нь хартал тусгай байрт зургаан настай Зоригтбаатарын Амин-Эрдэнэ маань орж. Сандарсандаа Отгонбаярын Нандин-Эрдэнэ гэдэг нэрийг харж чаддаггүй ээ. Тэгтэл харин гуравдугаар байрт орсон байсан. Нийт 52 төгөлдөр хуурчаас миний хоёр бяцхан шавь улсынхаа нэрийг дуурсгаж ийм амжилт гаргасанд маш их баяртай байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Эртний домогтой ЦАХЛАЙ

Пржевальскийн адууг дэлхийн шинжлэх ухаанд монгол тахь хэмээн бичиж үлдээсэн байдаг. Үүнтэй адил цахлайг монгол цахлай (Mon­golian gull) хэмээн тэмдэглэсэн байдаг бөгөөд латин нэр нь Larus Mongolicus. Цахлайг томоохон гол мөрөн, нууртай газрын иргэд андахгүй. Эрэг даган нисч, загас, жараахай шүүрдэг цахлай нь монгол орны ихэнх нутгаар нүүдэллэн зусаад намар дулаан орныг зорьдог билээ.

Цахлай шувуу үлгэр домог, яруу найрагт түгээмэл гардаг дүр. Цахлайн эрэлхэг, махчин шинж чанарыг далайчид эртнээс анзаарсан учир хөлөг онгоцоо “Цахлай” хэмээн нэрийдэж, биедээ дүрсийг нь шивүүлдэг байжээ. Мөн уг шувууг эх газрыг заагч луужин хэмээн бэлгэшээдэг байжээ. Далайд төөрсөн загасчид цахлай олж харвал эх газар ойрхон байна гэж баримжаалдаг аж. Оросын яруу найрагт цахлай нь содон нэг дүр байдаг бөгөөд “Чайка” нэртэй машин тэргээс эхлүүлээд олон эд зүйлс манай хойд хөршид байдаг билээ.

Цахлайн зарим зүйл нь дэлхийн Улаан дансны ангиллын шалгуураар устаж болзошгүй зүйлд хамаардаг. Цахлай нь хэрээний чинээ биетэй, ерөнхий зүс нь цагаан, саарал. Толгой нь хар. Нүднийх нь дээр, дор цагаан толботой. Хошуу, хөл улаан хүрэндүү. Хүзүү‚ цээж‚ хэвлий‚ сүүл, далавчны дотор тал нь цагаан. Нуруу‚ далавч дээгүүрээ үнсэн саарал. Залуур өдний үзүүрүүд өргөн бараан судалтай байдаг. Түүнчлэн дэвүүрүүд үзүүрээсээ дундаа хүртэл хар толбонуудтай.

Тархцын хувьд Казахстаны Алаколь нуур‚ ОХУ-ын Тарь нуурт өндөглөж, Хятадын Хэбэйд өвөлждөг тухай мэдээ бий. Үржлийнхээ үедээ Монголын Айраг, Хяргас, Хар ус, Дөргөн, Таацын цагаан, Адгийн цагаан, Орог, Бөөнцагаан зэрэг Их нуурын хотгорын зэгстэй том нуурууд, Эрхэл, Сангийн далай, Өгий, Тэрхийн цагаан зэрэг төвийн бүсийн нуурууд, Галуут, Хөх, Тооройд нутагладаг.

Цахлай нь шавьж‚ загас‚ хавч хэлбэртэн‚ аалз‚ жижиг шувууны ангаахай‚ үлийн цагаан оготно‚ алаг даага‚ буудайн үр зэргээр хооллодог бөгөөд наймдугаар сарын дундаас есдүгээр сарын 20-ны хооронд өвөлжих газар руугаа нүүдэллэдэг аж. Цахлай нь дотроо хэд хэдэн төрөл, зүйлтэй. Реликт цахлай дэлхийд 10 мянга орчим бий гэсэн судалгаа гарчээ. Тарь нуурт 300-1000‚ Алаколь нуурт мянгаад цахлай байна. Буйр‚ Хөх нуур‚ Орог‚ Таац‚ Бүст нуур, Улз голоор 30 орчмыг бүртгэсэн юм байна. Өндөг‚ дэгдээхэйг том цахлайнууд нь идчихдэг. Мөн шуургатай үед давалгаа арлыг нөмрөн үүр‚ өндгийг устгах нь түгээмэл байдаг гэнэ. Мөн үргэлжилсэн хүйтэн бороонд дэгдээхэйнүүд нь осгодог зэрэг шалтгаанууд нь тоо толгой нь цөөрөхөд нөлөөлдөг юм байна.

Реликт цахлай нь шувууны хөхчүү хэлбэртний баг, цахлайн овгийн шувуу бөгөөд олон улсын Улаан ном, монгол орны Улаан номд бүртгэгдсэн нэн ховор шувууны нэг юм. Тачирдуу ургамалтай задгай эрэг бүхий томоохон нуурын хөвөө арлууд дээр өндөглөн зусдаг. Цахлай нь 2-3 настайгаасаа үржилд орж, цуглаанаар үүрлэн 2-3 өндөг гаргаж, 24-26 хоног дардаг байна. Дэгдээхэй нь 40-45 хоноод нисэх чадвартай болдог аж. Манайд Дорнод аймгийн Хөх, Буйр нуур, Говь-Алтай аймгийн Ихэс нуурт, Ховд аймгийн Мөнх-Хайрхан уул, Хөх нуур, Булган голд нутагладаг юм байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд тоо толгой нь ховордож байгаа.

Сабины цахлай гэж нэрлэгддэг жижиг биетэй цахлай бий. Энэ зүйл нь Арктикт тархсан бөгөөд Хойд Америк, Евро-Азийн хойд хэсгийн ихэнх нутгаар тохиолддог юм байна. Уг шувууг Ирландын эрдэмтэн Сэр Эдвард Сабин ах Жозеф Сабиныхаа дурсгалд зориулан ийн нэрлэсэн түүхтэй. Харин үүлэн цахлай нь дундаж биетэй. Хойд Ази, хойд Европ, баруун Хойд Америкт нутагладаг. Нас бие гүйцсэн нь 40-46 см урт, мөнгөлөг цахлайнаас жижиг бөгөөд нуруун хэсэг нь саарал, өвөр хэсэг нь цагаан байдаг юм байна. Хөл нь ногоон шардуу, далавчны үзүүр нь хар.

Үүлэн цахлай нь үржлийн үедээ олноор сүрэглэн, намаг болон усны ойролцоо газар, жижиг модонд эгнээгээр үүр засдаг онцлогтой. Цахлайн энэ төрөл одоо нийт нэг сая орчим хос бий гэсэн тооцоо байдаг.

Харин итэлгэн цахлай нь томдуу биетэй. Энэ зүйл цахлай нь Оросын өмнөд хэсгээс Монголын гол, нуур, намгархаг газраар тархан амьдардаг. Нүүдлийн шувуу бөгөөд өвлийн улиралд зүүн Газар дундын тэнгис, Арабын хойг болон Энэтхэгийг зорьдог.

Цахлайг муухай дуутай, махчин жигүүртэн гэж зарим улс үндэстэн таашаадаггүй ч орчин үед цахлайн төрх байдлыг олон зүйлд ашигласаар байгаа юм. “Мерседес бенз”-ийнхэн цахлай шувууны далавчтай адил дэлгэгддэг хаалгатай шинэ загварын машинаа олон нийтэд танилцуулж байсан удаатай. Түүнчлэн цахлай шувууны дүрс, төрхийг барилга байгууламж, засал чимэглэлд ч өргөн ашигласаар ирсэн. Ялангуяа гүүрний зохиомжийг цахлай шувууны дэвэлтээс сэдэвлэн хийсэн нь олон тохиолддог. Зам засварын үед байрлуулдаг тэмдэглэгээг цахлай шувууг хараад зохиосон гэдэг бөгөөд гудамжны гэрэлтүүлгийн бүрхүүлийг хүртэл энэ шувуунаас санаа аван үйлдвэрлэсэн нь цөөнгүй байдаг юм байна.

Энэтхэгчүүд цахлайг алдагдсан сүнснүүдийг олж, тэднийг диваажинд хүргэж өгөх үүрэгтэй шувуу хэмээн эртнээс ярьж ирсэн домогт шувуу юм байна. Далай, тэнгисийн эрэгт үргэлж алсыг ширтсэн байдалтай суудаг цахлай шувуу хүнд алсын хараа бэлэглэдэг гэж үздэг учир томоохон төсөл, тендерт орох гэж байгаа хүнд цахлай дүрстэй эд зүйл бэлэглэдэг дом байдаг гэнэ.

Цахлай нь нуурын эрэг дээр амарч байгаа хүмүүсийн хоол унд, зайрмагийг шүүрэх нь элбэг тохиолддог. Хэдэн жилийн өмнө Испанийн нутгаар аялж явсан жуулчид бичлэг хийж байсан “GoPro” камераа цахлай шувуунд шүүрүүлж байсан хөгжилтэй ч гэмээр үйл явдал болж байжээ. Жуулчид хана хэрэмний оройд алсыг харан сууж байсан цахлайн дүрсийг камертаа буулгахаар дөхөх үед энэ явдал болжээ. Камер шүүрч ниссэн цахлай тэр хавийн уул нурууд, арлаар хэсэг нисч байгаад буцаад хэрмэн дээр сууж байсан газартаа буужээ. Хий дэмий орилж хоцорсон жуулчид цахлай камерыг нь бүрэн бүтэн буцаан өгсөнд бурханд талархжээ. Гэтэл камер огт унтраагүйгээр барахгүй бичлэг хийсээр л байжээ. Цахлайн хийсэн энэ бичлэг 2015 оны зун ихэд шуугиан дэгдээж байсан билээ.

Д.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Голомт, төрийн банк иргэдэд үйлчилж байна

ЗурагӨнөөдөр Голомт банкны ”Солонго”, ”Москва” салбарууд 11.00 цагаас ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

Мөн Төрийн банкны Занабазар, Тавин мянгат, Таван шар, Бөхийн өргөө, Зуун хорин мянгат, 3-р хорооллын салбар өнөөдөр ажиллаж байна. Харин бусад банкууд маргаашнаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Улаанбаатарт явган шуурга шуурч, үүлшинэ

Image result for Улаанбаатарт ялимгүй цас орж, явган шуурга шуурна

Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үнэт зүйл, шударга ёс, сайн сайхны тухай яриа

Нээлттэй нийгэм форум, Хүний эрхийн үндэсний комиссоос хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” уламжлалт арга хэмжээнд оролцож, Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал “Хувийн үнэт зүйлс”-ийн тухай ярихыг сонсч, Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан “Иргэний нийгэм ба үнэт зүйлс” сэдвээр илтгэхийг сонссон юм. Сонссон дуулсанаа уншигч тантай хуваалцаж байна.

Х.НАРАНЖАРГАЛ: ХУВИЙН ҮНЭТ ЗҮЙЛС

Үнэт зүйлийн тухай ярихын тулд хэрэгцээний тухай ярья. Хоол хүнс, хувцас хунар, өлсөхгүй даарахгүй байх анхдагч хэрэгцээнээс гадна хүн амьд байгаа л бол харилцаанд ордог. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ хүнд бий. Бүтээлч байхын хэрээр хүний амьдралд хувиралт гарна. Эхний гурван хэрэгцээ айдаст хөтлөгддөг. Хяналтаа алдах вий, хүчирхийлэлд өртөх вий, азгүйтэх вий, буруудах вий гэж хүн эмээдэг. Эмзэглэл тухайн зүйлээс татгалзахад хүргэнэ.

Сайхан амьдрахын тулд өлсөхгүй, даарахгүй, эрүүл байх, орчин аюулгүй байх анхан шатны хэрэгцээнээс гадна гэр бүл эд хөрөнгөтэй байх, найрсан зохицох хэрэгцээ бий. Зөвхөн эд хөрөнгөтэй болоод хүн аз жаргалтай болохгүй. Найрсан зохицоход учир байна.

Оросын дипломатч, түүхч, аялагч Иван Михайлович Майский 1918 онд “Монголчууд энэ ертөнцийн хамгийн сониуч хүмүүс. Яагаад гэвэл тэд “Сонин юу байна” гэж мэндэлдэг хэмээн бичжээ. Тухайн үед монгол эрчүүд гол мэдээлэл дамжуулагчид байв. Айлд бууж, сонин сонсоод,түүнийгээ дараагийн айлд хүргэхээр морддог.

Хувийн үнэт зүйлс гэдэг чамд хамгийн чухал зүйлсийн ерөнхий илэрхийлэл

Үнэт зүйл гэхээр ямар нэг зүйлийн үнэ цэнэ. Үүнийг хамгийн энгийнээр дуртай, дургүй зүйлсийн дэс дараалал гэж болно. Амьдралдаа эрхэмлэх зүйлс, тэдгээрийн ач холбогдлын ангилал юм шүү дээ.

Хүний хамгийн сайн чаддаг зүйл яриа. Санаа бодол мэдрэмж, итгэл үнэмшил, дадлага туршлага, санаа зорилго, үнэт зүйл.

Бид өөрсдийгөө санаа зорилгоороо дүгнэдэг ч бусдыг биеэ авч яваа байдлаар нь дүгнэдэг.

Сайн сайхан гэж юу вэ?

“Хүн бүр өчүүхэн ч гэсэн оюун ухааныг хүсдэг” гэж Далай лам хэлсэн. Хүн бүхэн ухаантай харагдахыг хүсдэг, тэнэг харагдахыг хүсдэг хүн үгүй. Хүн бүрт ачаа бий. Өөрийн ачааг хөнгөлөхгүй байж, бусдын ачаа руу өнгийж “Хөөх, эдний нөхөр нь хүчирхийлэгч юм аа” гэдэг. Үүний оронд хүн өөртэйгээ байнга ярилцаж байх хэрэгтэй.

Өөртөө хэр асуулт тавьж байна. Амьдралын чанар асуулт хариултын чанараас хамаардаг. Хүн бусадтай бас өөртэйгээ байнга зөрчилддөг.

Зөрчил амьдралын хуулиас гарч байна. Зөрчил саарал зүйл учраас тэнцвэржүүлэх ёстой.

Амьдралын хууль гоо сайхны хууль. Оросын Дум АНУ-ын хүчирхийлэлтэй киног хориглох тухай хэлэлцсэн. “Хүчирхийлэл, цус, нөж гарч байна” гээд. Гэтэл нэг нь “Тэгвэл Чапаев яах вэ гэсэн чинь “Чапаев бол өөр” гэж хариулжээ. Сайн муу, сайхан муухайгийн тухай ойлголт өөр.

Айлд жигтэйхэн цэмцгэр, сайхан шинэ бэр орж ирвэл хадам ээжид бөөн зовлон болно. Салан задгай бол бас л зовлон.

Аристотель Ёс суртахууны тухай гурван ном бичсэн. Б.Даш-Ёндон гуайн орчуулсан “Дээд ёс суртахуун” гэж номыг заавал уншаарай.

Аристотель “Сэтгэл санаанд сайн үйл, бие эрхтэнд эрүүл мэнд, гоо сайхан. Энэ хоёрын дараа эрх мэдэл, ямба хүндлэл байдаг. Хамгийн дээд нь сэтгэл санаанд байдаг. Сэтгэл санаа биднийг тэтгэж, цэнэглэдэг. Ухаалаг сэтгэлгээ, сайн үйл бол цэнгэл баясал юм” гэжээ. Цэнгэл баясал гэдэг зугаа цэнгэл биш шүү.

Ямар нэг зорилго байвал үүнд заавал нэг сайн сайхан зүйл байдаг. Төгөлдөржсөн зорилго бол дээд сайн сайхан.

Дотроосоо гэрэл цацруулах

Үнэт зүйл хүүхэд байхаас бүрэлддэг. Хожим ухамсартайгаар эргэцүүлж үзвэл өөрчлөгддөг. Үнэт зүйл бол амьдралын удирдамж юм. Үнэт зүйл эрүүл мэнд, гэр бүл, хайр сэтгэл, бүтээлч байх, үнэн, ёс журам.

Зарим ээж хүүхдүүдээ буруу тийш нь удирдах юм. “Гудамжнаас юм оллоо” гэхээр “Овоо доо, сэргэлэн хүүхэд шүү” гэж болохгүй. Би бол хоёр хүүгээ юм оллоо гээд ирэхэд нь “Байсан газар нь буцаагаад тавьчих. Гээсэн хүн нь олоод хэчнээн их баярлах вэ” гэдэг байсан.

Олонд танигдаж, алдаршихын өвчин туссан хүмүүс их байна. Фэйсбүүкээр “Ядуу хүнд хоол өглөө. Би өгсөн шүү энийг” гээд бичээд байдаг. Сайн үйл хийсэн бол заавал олонд зарлах хэрэгтэй юу?

Аристотель “Онгироо сагсуу хүн олны танил болохоороо өөрийгөө алдаршиж байна гэж боддог. Даруу хүн бол хүлээн зөвшөөрөгдөж байна” гэж боддог гэжээ.

Дарга шүтдэг үзэл хаа сайгүй. “Ээж нь даргадаа загнуулна” гэж хүүхдээ айлгадаг. Хүүхэд дарга гэж бүх хүнийг айлгадаг мундаг хүн юм байна гэсэн ойлголттой үлддэг. Дарга гэж бүхнийг дээрээс хардаг мундаг хүн гэнэ.

Гэтэл удирдагч бол үйлчлэгч юм. Удирдагч өөрт нь итгэл хүлээлгэсэн хүмүүсийн өмнөөс шийдвэр гаргадаг.

Өнөөдрийн манай нийгэм ёс суртахууны доройтолд орсон. Өнгөрсөн сонгуулиар нэг залуу “Би гэрээ заслаа, одоо төрөө засна” гээд байсан. Манай гэрт дутуу юм байхгүй учраас би одоо төрдөө зүтгэнэ гэж ойлгоод байдаг. Эрхэмлэж байгаа үнэт зүйлд шударга ёс байна уу?

“Үнэхээр шударга журамт хүн өөрөөсөө илүүд гэр бүлээ, гэр бүлээсээ илүүд улс орноо, улс орноос илүү хүн төрөлхтнийг дээгүүр тавьдаг” гэж Жан Лерон Д.Аламбер хэлжээ.

Аристотоель “Шударга ёс бол тэгш байдал” гэсэн. Энэ бол хэн нэгэн давуу эрх эдлэхгүй л гэсэн үг.

Машинтай хүн явган зорчигч хоёрын хэн нь давуу эрхтэй вэ?

Олон хүн “Явган зорчигч” гэж хариулдаг. Жолоо барьж яваа цөөхөн хүн явган зорчигчийг хүндэтгэдэг. Би бол машинтай хүн давуу эрхтэй л гэж хэлнэ. Явган зорчигчид машин байхгүй. Явган хүний замгүй, зөвхөн машин явдаг замтай газрууд ч бий. Тэр зам дээр явган зорчигч, машинтай зэрэгцэж явах болдог. Хараагүй хүнд чиг заадаг шар зам хамгийн их халтиргаатай байх жишээтэй.

Хэнийг ч ялгахгүй, давуу эрх эдлүүлэхгүй байх нь шударга ёс.

Гэтэл “Дөрвөд хүн хүн биш” гэх мэт үг байдаг. Ц.Нямдоржийг ярихаар “Орчуулагч хэрэгтэй байна” гэж УИХ-ын дарга нь хэлж байсан.

Кант “Шударга ёс бол хүн бүрийн дотор оршдог мэдрэмж юм. Энэ бол зан суртахууны хууль юм” гэсэн.

Вадим Бережной “Жудаг бол бидний хувьд эхний бөгөөд салшгүй хууль билээ” гэжээ.

Харин Гёте “Шударга ёсыг уландаа гишгэвэл бүх үнэт зүйл алга болно” гэсэн байна даа.

Б.БОЛОРСАЙХАН: ИРГЭНИЙ НИЙГЭМ БА ҮНЭТ ЗҮЙЛС

Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан “Иргэний нийгэм ба үнэт зүйлс” сэдвээр илтгэсэн юм.

Үндсэн хуулийн үзэл баримтлалыг улстөрчид, хуульчид өөрийнхөөрөө тайлбарладаг ч цаана нь байгаа үнэт зүйлсийг анзаардаггүй.

Жон Локк 1689 онд “Хүн амьдрах, эрх чөлөөтэй байх,(сонголт хийх),

өмчтэй байх эрхийн тухай ярьсан нь сэргэн мандалтын үеийн сэтгэгчдийн дунд том эргэлт болсон. Өмнө нь бурхны заасан замаар явах тухай л ярьцгаадаг байсан.

Үүний дараа Томас Жефферсон 1776 онд “Хүн амьдрах, (Аз жаргалынхаа төлөө зүтгэх, одоогийн түвшнээ сайжруулах, эцэг эхийнхээ амьдарч байснаас сайжруулах) эрх чөлөөтэй байх, аз жаргалынхаа төлөө зүтгэх, өнөөдөр байгаа нөхцлөө өөрийнхөө хичээл зүтгэлээр сайжруулах.

Цэцэглэн мандах, өсч дэвжих, амгалан сайхан амьдрах тухай санаа дэвшүүлсэн.

Франклин Рузвельт 1941 онд “Айдсаас ангид байх эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, шүтэн бишрэх эрх чөлөө, гачигдлаас ангижрах эрх чөлөө”-ний тухай ярьсан. Тухайн улсад энэ долоон үндсэн эрх хэр бодитой, хүний амьдралд илрэлээ олж байна гэдгийг хардаг.

Төрийн үүрэг бол иргэнийхээ аюулгүй байдлыг хангах. Ямар ч төрөөс асууж, анхааруулж байх зүйл бол иргэний аюулгүй, амар амгалан сайн сайхан байдал, хүний эрх, энх тайван, хөгжил дэвшил тухайн улсад байна уу гэдэг билээ.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссны дараа НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсан.

Энд хүний эрхийг үл тоомсорлох, басамжлах нь зон олны ариун сэтгэлийг сэвтээн, жигшээсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх, эрх чөлөөтэй, айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн хэмээн үзжээ.

Энэ бол Нэгдсэн үндэстний байгууллагын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын оршил хэсэгт байдаг үгс.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн арванесдүгээр зүйлд:

Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцана хэмээн бий.

Монгол Улсын Үндсэн хуульд

Монголын ард түмэн бид

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна хэмээжээ.

Хүмүүнлэг иргэний нийгэм гэдэг нь хүнээ дээдэлсэн нийгэм болох тухай аль 1993 онд тайлбарлаж байжээ.

Д.Дашцэдэн (Эх сурвалж: Монгол Улсын Хууль зүйн яам, Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томьёоны дагалга 1993 он) бичихдээ:

“Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэдэг нь хүний тухай асуудлыг бүхнээс түрүүнд тавьж, түүний эрх, эрх чөлөөг, бүрэн утгаар нь эдлүүлэн хангах зорилго бүхий өргөн ардчилсан байгууламж бүхий нийгэм юм” гэжээ.

Төр, зах зээл, гэр бүл иргэний нийгмийн орон зайд халдахааргүй орших ёстой.

Иргэний нийгэм үнэт зүйлээрээ ялгардаг.

Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэний нийгмийнхэн аль нэг улс төрийн хүчнийг дэмжиж байгаагаа илэрхийлцгээж байсан нь шударга уу?

Ирээдүйд төр, хувийн хэвшил иргэний нийгмийн орон зайг хуваалцах төлөв бий. Төрд албадлага, зах зээлд мөнгө, иргэний нийгэмд эрх чөлөө бий.

Хүн үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөтэй. Бидний ажиллаж байгаа орон зай үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний илрэл.

Хүмүүс ашиг сонирхлоороо нэгдсэн бүлэг иргэний нийгэм байх боломжтой.Гэмт хэрэг, хүний эрхэд халдахаас бусдыг иргэний нийгэм гэж ойлгож болно.

“Цаазын ял хүүхэд хүчиндсэн хүмүүст яг зохино” гэж хүний эрхийн төлөө тэмцэгч гэдгээр нь хүн бүхэн мэдэх эмэгтэй фэйсбүүктээ бичиж байсан.

Цаазаар авах ял хүний эрхэм чанарыг үгүйсгэсэн үйлдэл.

Хүний эрхийн төрийн бус байгууллагын нэрийг авч яваа хүмүүс хүчирхийллийн бус аргаар, хууль ёсны дагуу, бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэж, ёс зүйтэй байх учиртай.

Гэтэл хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжиж байсан нэгэн хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө шатааж байсан. Хүчирхийллийн бус аргаар бид тэмцэх ёстой. Ямар ч тохиолдолд хүчирхийлэлд битгий өдөөн турхираач.

Багш нарын түр хорооны зарим төлөөлөгч “Сүхбаатарын талбайд зулын гол болно” гэсэн. Багш хүн шавьдаа ямагт зөвийг харуулах үүрэг хүлээсэн хүн шүү дээ.

Иргэний нийгэм үнэт зүйлээ бусдад дамжуулах замаар тэлэх учиртай.

Ардчилал гэдгийн цаана хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм гэж ойлгоно.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзэх боломжтой

Замын цагдаагийн алба зурган илэрцүүдСар шинийн баярын өдрүүдэд та замын хөдөлгөөний ачааллын талаарх мэдээллийг “UB TRAFFIC” аппликейшний тусламжтай гар утаснаасаа шууд үзэх боломжтой. Мөн тус албанаас иргэдэд цаг үеийн болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг Авто радио 96.3-аар тогтмол өгч байхаас гадна traffic.police.gov.mn, “Замын цагдаагийн алба” facebook хаягаар тогтмол шуурхай хүргэж ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Ө.Эрдэнэбаатар, Б.Ариунцог нар алтан медаль хүртлээ

Тайланд улсын нийслэл Бангкок хотод “Thailand National Pro JiuJitsu Championship 2018” тэмцээн энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаас “Гаруда клуб”, Тэрэгт транс компаний тамирчин Өлзийтогтохын Эрдэнэбаатар ягаан бүсний 85 кг-ын жинд аваргын алтан медаль зүүжээ. Мөн ягаан бүсний -94 кг-ын жинд Мондэ группийн “Monde BJJ” дэвжээний тамирчин Баасандоржийн Ариунцог амжилттай оролцож алтан медаль хүртлээ.

Монголын Жюү Жицүгийн холбооны хувьд Шороон Нохой жилийг өндөр амжилтаар унтаж байна.

Categories
мэдээ спорт

Японууд ноёрхож Оросууд ганзага хоосон буцлаа

Юзуру ХаньюӨвлийн олимпийн төрлүүдээс хамгийн сонирхолтой нь болох уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр өнөөдөр явагдаж, медалийн эзэд тодорлоо.

Өчигдөр явагдсан богино үзүүлбэрт 111.68 оноогоор энэ төрөлд оролцсон 30 тамирчинг тэргүүлсэн Сочигийн олимпийн аварга Японы Юүзүрү Ханю чөлөөт үзүүлбэртээ 206.17 оноог шүүгчдээс авч нийлбэр 317.85 оноо авч олимпийн хошой аварга боллоо. Ханью 1948 болон 1952 оны олимпиудад дараалж түрүүлсэн АНУ-ын тамирчин Дик Баттоны амжилтыг давтсан юм.

Анхны олимпдоо хүч үзэж буй Японы залуу тамирчин богино үзүүлбэрт 104.90 оноо авсан бол чөлөөт үзүүлбэртээ 202.73 оноо түүж , нийлбэр 306.90 оноогоор мөнгөн медаль зүүлээ.

Шома УноХүрэл медалийг 2015 болон 2016 оны дэлхийн аварга Испаний Хавьер Фернандес хүртсэн. Тэрээр богино үзүүлбэрт 107.58 оноо авч хоёрдугаарт бичигдсэн ч чөлөөт үзүүлбэрээ хангалтай сайн гүйцэтгэлгүй 197.66 оноо авснаар, нийлбэр 305.24 оноо авсан юм.

Энэ төрөлд тогнтмол амжилтай оролцдог ОХУ-ын олимпийн багийн тамичин Дмитрий Алиев долоодугаарт, Михайл Коляда наймдугаарт шалгарчаа. Харин медалийн тааварт байсан АНУ-ий залуу тамирчин Нэтан Чен богино үзүүлбэртээ тааруу оноо авч тавдугаар байр эзэлсэн байна.

О.Дашням

Categories
мэдээ соёл-урлаг

Шинийн 2-нд татарын “хайрыг хүндэл” тоглолт болно

“Татар” хамтлаг зурган илэрцүүд“Татар” хамтлаг “Хайрыг хүндэл” бие даасан тоглолтоо хоёрдугаар сарын 17-н буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр хийх гэж байна.

“Татар”-ынхан өнгөрсөн хугацаанд долоон цомог гаргажээ. “Крокус эвент холл”-д 19.00 цагт болох энэ тоглолтод цомгууддаа орсон бүтээлүүдээс “Бусдын хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа”, “Эсрэг өдөр” зэрэг залуусын сэтгэлд хоногшсон дуунуудаа дахин амилуулах юм.

Тоглолтод “Люмино”, амьд хөгжмийн “Logos” хамтлагаас гадна дуучин Ука, Маралжингоо, A cool нар оролцоно.

Тоглолтын тасалбарыг Easyticket.mn сайтаар худалдан авах боломжтой.

Тасалбарын үнэ: 45 000 төгрөг, ширээ захиалгыг 94741404 утсаар авна.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагч: Монгол Контент ХХК