Categories
мэдээ цаг-үе

Ц.Энгүүн: Ука шүүгч гал цогтой, бадрангуй эмэгтэй учраас түүнээс суралцъя гэж бодож сонголтоо хийсэн

“The Voice of Mon¬golia” шоуны оролцогч Ц.Энгүүнтэй ярилцлаа.


-Юуны өмнө энэ том шоуны эхний шатандаа амжилттай оролцсонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Та дөрвөн шүүгчийг дөрвүүлэнг нь эргүүлж чадсан шүү. Шүүгчдээс хэн нь эргэж хараасай гэж хүсч байсан бэ?

-Би ер нь багаасаа гадаадын бусад орны The Voice-ийг их үздэг байсан. Тэгээд хүмүүс сайн дуулаад дөрвөн шүүгчийг нь эргүүлж байхыг хараад “Хөөх ямар мундаг юм бэ” гэж боддог байсан. Харин би өөрөө нэгдүгээр шатанд орохдоо чадахаараа л дуулъя бас шүүгчдээс чадахаараа л эргүүлэхийг хичээе гэж бодсон. Гэхдээ Д.Уламбаяр шүүгчийг л эргэчихээсэй гэж маш их хүсч байсан.

-Дуулж байхад шүүгчид эхнээсээ эргэж харах мөчид танд яг ямар мэдрэмж төрсөн бэ?

-Тайзны ард суугаад дарааллаа хүлээж байхад бусад оролцогчдыг дуулах үеэр шүүгч эргэж харсан эсэхийг үзэгчдийн шуугианаар л мэдэж байсан. Тэнд байхад шүүгчдийн баззерын чимээ нь сонсогдохгүй байсан болохоор угаасаа шүүгч эргэвэл ямар ч чимээ гарахгүй юм байна гэсэн ойлголттой тайз руу гарсан л даа. Тэгээд дуугаа дуулж байтал гэнэт шүүгч эргээд сандал нь дуугарсан чинь би зүүдлээд ч байгаа юм шиг санагдаад юу болчихов оо гэж дотроо бодоод хэсэг нэг тийм сонин мэдрэмж төрсөн шүү. Их сайхан санагдаж байсан. Хэн эргэснийг ч эргэцүүлээгүй тэгээд л дуулаад байсан.

-Шүүгчид таныг хөгжим шиг дууллаа гэсэн. Хийл тоглодог, хөгжимчин хүн болохоор өнгөнөөсөө эхлүүлээд олон зүйл дээр мэдрэмжтэй байсан байлгүй?

-Ер нь тийм байх аа. Би багаасаа, бүр ухаан орсон цагаасаа л хөгжмийг мэргэжлийн түвшинд заалгаж эхэлсэн. Тэрнээс гадна хөгжим хүнийг багаас нь хөгжүүлж, төлөвшүүлж байдаг юм шиг байгаа юм. Тэр дундаа хийл хөгжим онцгой гэж би боддог. Хийлээр сурсандаа их баярладаг. Хийл бол хүнээс маш их зүйл, нарийн мэдрэмж шаарддаг хөгжим. Тэр утгаараа ч хийл маань надад нөлөөлсөн байх.

-Та Хөгжим бүжгийн коллежийн хэд дүгээр ангид сурч байгаа вэ?

-Одоо Монгол Улсын консерваторын 12 дугаар ангид сурдаг.

-Энэ шоунд оролцох шийдвэрээ хэрхэн гаргаж байв?

-Би Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит “Өсвөрийн хөгжимчдийн улсын уралдаан”-д оролцохоор зорьж байсан юм. Тэмцээн маань ч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон. Зорьсондоо ч хүрч чадсан. Тэр тэмцээн бол өсвөрийн хийлчдийн дунд их өндөр чансаатай, том тэмцээн учраас би их хичээж бэлдэж байсан л даа. Харин тэмцээн дууссаны дараа би жаахан завтай болчихсон. Тэгээд хийлээс бусад сонирхол, чадвараа хөгжүүлэхдээ цаг гаргах боломж гарсан. Яг тэр үед “The Voice of Mongolia” шоуны бүртгэл ч явагдаж байсан. Тэгээд л шууд энэ шоунд орохоор шийдсэн дээ. Яг л цаанаасаа намайг заавал энэ шоунд ор гээд байгаа юм шиг санагдаад байсан.

-Танай удамд, ойр тойронд урлагийн авьяастай хүмүүс байдаг уу?

-Байгаа шүү. Эмээ маань Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургуульд дуу хөгжмийн багш байсан. Харин манай аав ээж хоёр урлагт үнэхээр дуртай хүмүүс.

-Хэдэн наснаасаа хийл хөгжмөөр хичээллэсэн бэ?

-Зургаан настайгаасаа хойш хичээллэсэн. Би таван настай байхдаа л дуу гайгүй дуулчихдаг, төгөлдөр хуур дээр очоод зөнгөөрөө ая дарчихдаг хүүхэд байсан гэсэн. Тэгээд аав ээж маань намайг урлагийн хүн болох хүүхэд юм байна гээд алсдаа дуу дуулсан ч, хөгжим тоглох байсан ч аль алинд нь хэрэгтэй гээд хөгжмөөр сургахаар шийдсэн. Тэр дундаа хийл хөгжим хүнийг их төлөвшүүлж, сонсголтой болгодог. Хүний өөрийн дотоод хөг нь сайн хөглөгддөг гэх юм уу. Тэгээд л хийлийн ангид оруулж байсан гэсэн.

-Шүүгчдээс Укаг сонгож дараагийн шатанд өрсөлдөхөөр болсонд тань зарим үзэгчид шүүмжлэлтэй хандаж байх юм?

-Хүмүүс миний төлөө тэгж хэлж, бас анхаарал хандуулж байгаад би баяртай байгаа. Харин Д.Уламбаяр шүүгчийг хүмүүс яагаад тийм байр суурьтайгаар хүлээж авч байгааг мэдэхгүй байна. Би хүмүүсийн тийм хандлагыг мэдээд бага зэрэг гайхсан. Д.Уламбаяр шүүгч бол миний суудлыг нь эргүүлэхийг хамгийн их хүсч байсан хүн. Миний бодлоор яг энэ цаг үед Монголын орчин үеийн дуу хөгжмийн салбарт Ука шүүгч шиг хөдөлмөрч, дайчин, шаргуу хүн байхгүй. Дээрээс нь би түүнийг тайзан дээр үнэхээр гал цогтой, бадрангуй эмэгтэй гэж харсан учраас түүнээс суралцъя гэж бодож сонголтоо хийсэн. Өөрийнхөө хувьд зөв сонголт хийсэн гэж бодож байна.

-Дуулдаг, хөгжим, тоглодог авьяастай хүмүүс олон. Энэ шоунд орох шийдвэр гаргахаас эхлүүлээд тайзан дээр гарч, тэгээд шүүгчдийн сэтгэлийг татна гэдэг бүхэлдээ маш том даваа, хүнээс асар их эр зориг шаардсан үйл явдал гэж ойлгож болох уу?

-Анх тэмцээнд бүртгүүлээд орохдоо бол зүгээр л “Дуулъя” гэж бодсон. Цаашаа явж чадах, амжилт гаргах эсэх нь ч чухал биш зүгээр дуулъя л гэж бодож очсон. Гэхдээ яг тайзан дээр гарах дөхөөд ирсэн чинь бүх юм надад бодитоор мэдрэгдэж эхэлсэн (инээв). Тэр уур амьсгал, эргэн тойрны бүх юмс надад энэ бол том даваа, том хариуцлага гэдгийг мэдрүүлээд байх шиг санагдсан. Зүгээр л урагшаа хараад өөрийнхөө хийх зүйлийг л хийчихээд гараад ирнэ дээ гэж бодож байсан чинь тайзнаас бууж ирсний дараа “Хөөх энэ чинь үнэхээр том даваа юм байна. Одоо цаашид би улам хичээх ёстой юм байна” гэдэг бодол орж ирсэн. Үнэхээр хүнээс анхаарал төвлөрөл, өөртөө итгэх итгэл, зориг ч гэсэн шаарддаг юм билээ.

-Дараагийн шатныхаа үзүүлбэрт хэрхэн бэлдэж байгаа вэ?

-Дараагийн шатанд ямар хүнтэй таарахаа мэдэхгүй байгаа болохоор их сандралтай, түгшүүртэй байгаа. Өрсөлдөх хүнээ мэдсэний дараа бидний дуулах дууг шүүгч хэлж өгөх байх. Ямар дуу таарах бол оо, ямар хүнтэй өрсөлдөх бол гээд л. Тэрийгээ хурдан мэдчихвэл хурдхан шиг бэлдмээр байна.

-Та ихэвчлэн ямар төрөл жанрын дуу сонсдог вэ?

-Ер нь бол надад гоё мэдрэмж өгдөг дууг л сонсдог. Ямар нэг төрөлд баригдах дургүй. Багаасаа жазз, рок, поп гээд төрөл жанр хамаагүй бүх л таалагдсан дуугаа сонсдог байсан. Гэхдээ амьд хөгжим, жазз хөгжмийг түлхүү сонсдог.

-Өдөрт хэдэн цагийг хийл хөгжимдөө зориулдаг вэ?

-Мэргэжлийн хичээлтэй өдрөө бол өдөржингөө л хийлээ давтдаг. Өдөрт бараг 12 цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг. Өглөөний цагаар ерөнхий эрдмийн хичээлдээ суугаад үргэлжлүүлээд хийлээ давтдаг.

-Манай мундаг хийлчид таныг энэ шоунд ороод шүүгчдээс өндөр үнэлэлт авахад ихэд магтаж, өөрсдийн байр сууриа илэрхийлж “Энэ чинь л хийлч хүний чадвар байхгүй юу” гэсэн байна лээ?

-Мэдээж тэр хүмүүст маш их баярлаж хүлээж авсан. Ямар ч байсан хийл хөгжим тоглодог хүнээс гарах ёстой чадвар, давуу талаа гаргаж чадсан л юм байна гэж бодсон.

-Хэрвээ энэ шоунд ялбал та яах вэ?

-Сайн мэдэхгүй байна. Бүх зүйл дөнгөж эхэлж байна. Оролцогч нарын дунд, Ука шүүгчийн багт ч гэсэн мэргэжлийн дуучид, тайзан дээр олон жил дуулсан хүмүүс, мундаг мэдрэмж чадалтай хүмүүс орж байна. Тийм болохоор би шоунд түрүүлэх эсэх тухай бодохгүй байгаа. Одоохондоо өөрийнхөө алдаа дутагдлыг засаад шүүгчээсээ зөвлөгөө аваад өөрийгөө цааш нь хөгжүүлье гэж л бодож байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хадгаламжийн даатгалын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн үү?

Өнгөрөгч долоо хоногийн Их хурлын чуулганаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Уг хуулийг одоогоос таван жилийн өмнө буюу 2013 онд “Банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн зорилго, нийтлэг үндэслэлийг нь тодорхойлон УИХаар шинэчлэн баталж байсан юм.

Хадгаламжийн даатгалын хуультай холбогдуулж зарим нэг мэдээллийг хүргэхэд Монгол Улсын арилжааны 14 банкинд байгаа нийт харилцах хадгаламж 17.5 их наяд төгрөг бөгөөд үүний 4.3 их наяд төгрөгийн хадгаламж даатгуулсан байдаг аж.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээд болох Хадгаламжийн даатгалын корпораци нь сандаа 337 тэрбумын хөрөнгөтэй гэж албан ёсоор мэдэгдсэн.

Энэ нь даатгагдсан хадгаламжийн 7.8 хувийг хангах хэмжээний хөрөнгө. Хэрвээ даатгагдсан хадгаламжийг хангах хэмжээний сан бүрдүүлэх шаардлагатай гэж үзвэл 3.2 их наяд төгрөг хэрэгтэй болно гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байв. Мөн хууль санаачлагч төрийн түшээд болон мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ямар нэгэн эрсдэл үүслээ гэхэд Хадгаламжийн даатгалын корпораци нь хадгаламж эзэмшигчдийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг нөхөж төлнө. Үндсэндээ 20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэдийн эрсдлийг төр хариуцахгүй гэсэн үг.

Энэ талаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж байгаа, УИХын гишүүн Б.Баттөмөрөөс тодруулахад “20 сая төгрөг хүртэлх хадгаламжийг төр хариуцаж байгаа. Түүнээс илүүг хариуцах эдийн засгийн боломж алга. Манай иргэд гадны сайн банкинд мөнгөө хадгалуулбал дампуурах магадлал бага байж болно. Гэхдээ хадгаламжийн хүү маш бага. Дундаж нь 2-3 хувийн хүүтэй. Манайд бол хадгаламжийн хүү 15 хувь орчим байна. Саяхан ОУВС-гийн шаардлагаар арилжааны банкуудад хийсэн активын үнэлгээгээр хангалттай дүн авсан. Сүүлийн үед банкны эрх зүйн шинэчлэл маш сайн хийгдэж байгаа. Монголд банк дампуурах магадлал бага болсон. Тиймээс иргэдэд эрсдэл учрахгүй” гэх хариултыг өгч байна.

Сонирхолтой нь нийт хадгаламж эзэмшигчдийн 10 хувь нь хадгаламжид байгаа мөнгөний 90 хувийг эзэмшдэг байна. Эдгээр мэдээлэл, хуультай холбоотой асуудлуудыг чуулганаар хэлэлцэх үед эрхэм төрийн түшээд маань хадгаламж эзэмшигчдийг Монголын дайсан мэтээр үзэж, улс орноо мөлжин сорж байгаа муу муухайгийн жишээ болгон ярьсан нь хачирхалтай. “Анод”, “Зоос”, “Хадгаламж” зэрэг банкууд дампуурснаар Монголын төрийг 630 гаруй тэрбум төгрөгийг алдагдалд оруулсан, арилжааны банкууд дампуурсны гол шалтгаан нь удирдлага, хувь эзэмшигч нөхдийн хариуцлагагүйн алдаатай холбоотой. Шунал нь дэндсэн эдгээр хүмүүст үүрүүлэх хариуцлага, хяналтыг чангатгах хэрэгтэй гээд л бүгд ээлж дараалан элдвээр зүхэж, уул уурхайн болон үндэсний сүлжээ компанийн эзэд, хадгаламж эзэмшигчид рүү дайрцгаасан. Эдгээр гишүүдийн дунд Их хуралд хэд хэдэн удаа сонгогдсон тулхтай, нуруутай гэгддэг бөх тэх, дарга сайд гишүүд ч байлаа.

Мөнгө нь бурзайчихсан нэг гишүүн авгай хүртэл “Хадгаламжийн хүү өндөр байгаатай холбоотойгоор мөнгө угаах гэмт хэрэг гарч болзошгүй. Хадгаламжиндаа төдөөс дээш төгрөг хадгалуулбал төр хариуцахгүй гэдгийг хуулиндаа сайтар тусгаж өг” гээд л байдгаараа орилж байна. Хадгаламж эзэмшигчид рүүгээ ингэж увайгүй дайрч байгаа гишүүдийг хараад өрөвдөж байна. Хадгаламжинд байгаа нийт мөнгөний 90 хувийг эзэмшдэг, ад шоо үзээд байгаа арван хувийнхны эзэмшлийн мөнгөөр л Монголын банк санхүү цус сэлбэж амьдарч байна. Хэрвээ шулаач, луйварчнаараа дуудуулж байгаа тэр арван хувь арилжааны банкинд хадгалуулсан мөнгөө татах юм бол эдийн засгийн эргэлт зогсож, банк санхүүгийн системд шууд доголдол үүснэ. Мэдэхгүй зүйлдээ хүн дуугүй байдаг. Аливаа асуудалд мэдэмхийрээд, хийрхээд, хий хоосон ярьж болно. Харин банк санхүүгийн асуудлыг мэдэхгүйгээр ярьж болохгүй. Ялангуяа эрх баригч, хууль шийдвэр гаргагч төрийн түшээд хаа хамаагүй зүйл ярина гэдэг хамгийн аюултай. Санхүүгийн асуудал гэдэг амьдралын бодит үнэнд тулгуурладаг. Алаг үзэж, хавчиж гадуурхагдсан тэд мөнгөө татбал их хурлын индэр дээрээс эрээ цээргүй орилж байгаа нөхөд Монголын эдийн засгийг сэргээх үү.

Санхүүгийн системийн доголдлыг арилгахын тулд банкны хүүг багасгаж таарна. Иргэд өөр зүйлд хөрөнгө оруулалт хийнэ гэж үзэх байх. Хувьцаа худалдаж авна гэж эрх баригчид хэлж байгаа. Тэгвэл Монголд хувьцааны ногдол ашиг гэж жилдээ хэдэн төгрөг байдаг билээ. Тухайн компани нэг сая төгрөгийн ногдол ашиг тараах боллоо гэж үзье л дээ. Нийт гаргасан хувьцааны тоо 100 мянган ширхэг бол нэгж хувьцаанд 10 төгрөг ногдоно. Ямар ч ашиг байхгүй. Хэн үүнийг авах юм. Тэгээд ч наад компаниуд чинь Монголын бирж дээр хувьцаагаа арилжиж байгаа нь гээд улаан луйвар болдог биз дээ. Наад захын жишээ гэхэд Хөдөө аж ахуйн бирж дээр юу болдог гэж санана. Нэг килограмм нь 90 мянга байсан ноолуурын үнэ ХААн биржийн оролцоотойгоор 40 мянга болж тавин хувь буурсныг бид өнгөрсөн жил харсан. Зуун мянган төгрөгөөр зүв зүгээр арилжаалагдаж байсан ноолуурын асуудалд төр засаг хар савраа шургуулан, хил гаалиар гарахад заавал ч үгүй биржийн бичигтэй байна гэсэн тээг тавиад ард түмнийхээ хоолыг ичгэвэртэйгээр булаасан.

Ингээд бодохоор хадгаламж эзэмшигчдийг хараан зүхэж, элдэв дээдээр хэлэхийн хэрэг байна уу. Төрийн түшээд тэднийг луйварчнаар нь цоллож ад үзэх биш харин ч дэмжих хэрэгтэй байна. Тэд мөнгөө эрхтэн дархтнууд шиг оффшор бүсэд байрлуулсангүй. Эх орныхоо банк санхүүд хадгалуулж, монголчууддаа хэрэглүүлж байна. Хадгаламж эзэмшигчдийн нийт мөнгөний 90 хувийг арван хувь эзэмшиж байна л гээд байх юм. Бусад нь яагаад хуримтлал үүсгэж, хадгаламж бий болгодоггүй юм бэ. Хоёр жилийн өмнөх судалгаагаар Монгол Улс 820 мянгаад айл өрхтэй, бараг хүн бүр банкинд данстай боловч 90 хувь нь хадгаламжгүй гэж гарсан. Муу хэлэгдээд байгаа энэ арван хувийн нөхөд идэж уух, өмсөж хэрэглэхээ танаж байж хуримтлал үүсгэсэн байж таарна. Эх орноо, ард түмнээ гэх сэтгэлтэй байгаагийнх нь төлөө эрхэм түшээд баалж болохгүй. Тиймийн учир Улсын их хурал Хадгаламжийн даатгалын тухай хуулиа өөрчлөх хэрэгтэй байна.

Хамгийн ноцтой нь 20 саяас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигчдийн эрсдлийг төр хариуцахгүй гэдэг чинь Монгол Улсын хуулийг зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг зөрчиж байна. Хөрөнгө чинээ гэдэг бол хадгаламж эзэмшигчдэд холбоотой заалт мөн биз дээ. Тэгэхээр хуулиа дээдэлдэг ард түмэн хууль зөрчсөн Хадгаламжийн даатгалын хуультай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд өгч үнэн мөнийг нь шалгуулмаар байна.

Д.БАТБОЛД

Categories
гадаад мэдээ

“Хамас” бүлэглэлийн эсрэг цохилт өгөв

Зураг

Израилийн арми өнгөрсөн бямба гарагийн шөнө Газын зурвас дахь Палестины эрс үзэлт “ХАМАС” хөдөлгөөнд хамаарах 18 байг пуужингаар харвасан байна. Газын зурвас болон Израилийн хил дээр фугасын бөмбөг дэлбэлж Изралийн дөрвөн цэргийг шархдуулж, еврейн тус улсын нутаг дэвсгэр рүү пуужин харвасны хариуд ийм цохилт өгсөн тухай Израилийн батлан хамгаалах яамнаас өнөөдөр тараасан мэдэгдэлд тэмдэглэжээ.

“Газын зурвасаас үүдэлтэй бүх террорист халдлагад “ХАМАС” хөдөлгөөн хариуцлага хүлээх учиртай тул энэхүү цохилтыг бид өгсөн” гэж дээрх мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Тахиа жилийн отгон арилжаагаар 15 компанийн хувьцаа өсчээ

ЗурагТахиа жилийн отгон арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 303,643 ширхэг хувьцаа арилжсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Мөн өдрийн арилжаагаар 6 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байв.

Үүнээс “Ремикон” /RMC/+11.08 хувиар “Түшиг Уул” /TUS+6.61 хувиар буюу хамгийн өндөр өсөлт үзүүлсэн бол “Материалимпекс” MIE-10.10 хувь, “Дархан Нэхий” /NEH-6.52 хувиар буюу хамгийн их уналттай байв.

Ингэснээр “MSE ALL” индекс 1,195.90 нэгж болж 0.20 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд төгрөгтэй тэнцжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_history/2018-02-15 энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ маргааш хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

ЗурагМонгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллага маргааш буюу хоёрдугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дарга ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг өгсөн байна.

Баярын өдрүүдэд үзвэр үйлчилгээ үзүүлэх барилга байгууламж, томоохон худалдааны төвүүдэд гамшгийн болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах, төв, суурин газрын эрчим хүч, дулааны болон нам даралтын уурын зуухны найдвартай ажиллагааг хангах, хөлдөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэгтэй холбогдуулан “Авто замын засвар, арчлалт”-ын компаниуд, Хэв журам сахиулах албатай хамтран зорчигчдын аюулгүй байдлыг хангах ажиллах зэрэг үүргийг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Талх чихэр” хк ногдол ашиг тараана

Зураг“Талх Чихэр” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах шийдвэр гаргажээ.

Тодруулбал 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 170.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилах юм байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийн өдрийг ирэх дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөр тогтоожээ.

Хувьцааны ногдол ашгийг ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бэлнээр компанийнхаа байранд олгохоор болсон байна.

Categories
мэдээ спорт

Д.Төмөрхүлэг тэргүүтэй жүдочид Арабын нэгдсэн Эмират улсын легонер тамирчид болно

Image result for д.төмөрхүлэг

Монголын шилдэг жүдочид 66 кг-ын жинд барилддаг Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн (81кг), Б.Тэмүүлэн (+100) нар Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох легонер тамирчид болж байгаа аж. Тамирчид ирэх гуравдугаар сараас гэрээ хэлцлээ дуусгаж, тавдугаар сараас тус улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож эхлэх бололтой.

Монголын шилдэг жүдочид гадаадад уригдсан хэд хэдэн тохиолдол бий. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн шилдэг тамирчин Г.Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдан, олимп, дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн бол Азербайжаны жүдо бөхийн шигшээ баг өнгөрсөн жил 48 кг-д Э.Базаррагчаа, 52 кг-д П.Буянхишиг, 57 кг-д М.Ичинхорлоо нартай албан ёсоор гэрээ байгуулж тэмцээн уралдаанд оролцож байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Мексикт онгоц осолдсоны улмаас амиа алдсан хүний тоо 14 болжээ

ЗурагМексикт цэргийн онгоц осолдсоны улмаас амиа алдсан хүний тоо 14 болсон талаар “6TV” телевиз мэдээлжээ. Тус онгоцонд Мексикийн Дотоод хэргийн сайд Альфонсо Наваррете болон тус улсын Оахака мужийн амбан захирагч Алехандро Мурат нар сууж явсан юм.

Энэ хэрэг Мексикийн Хамильтепек хотод өнгөрсөн баасан гарагийн орой болсон билээ. Мексикт 7,2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас эргүүл хийж байсан онгоц осолдсон юм. Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дунд 6 сартай болон 10 настай хүүхэд байжээ. А.Наваррете болон А.Мурат нар бэртэж гэмтээгүй байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгчид хэн нэр дэвшсэн бэ

Ирэх сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Энэ сонгуульд нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Сергей Бабурин

“Оросын бүх ард түмний холбоо” нам, 59 настай Хуулийн ухааны доктор

Сергей Бабурин зурган илэрцүүд

Павел Грудинин

Оросын коммунист нам, 57 настай “Лениний нэрэмжит Зөвлөлтийн аж ахуй” хаалттай хувьцаат компаний захирал

Павел Грудинин зурган илэрцүүд

Владимир Жириновский

Оросын либерал ардчилсан намын дарга, 71 настай

Владимир Жириновский зурган илэрцүүд

Владимир Путин

Бие даагч, ОХУ Ерөнхийлөгч, 65 настай

Владимир Путин зурган илэрцүүд

Ксения Собчак

Иргэний санаачлага нам, 36 настай

Ксения Собчак зурган илэрцүүд

Максим Сурайкин

Оросын коммунистууд намын дарга, 36 настай

Максим Сурайкин зурган илэрцүүд

Борис Титов

Роста намын дарга 57 настай

Борис Титов зурган илэрцүүд

Григорий Явлинский

Яблоко эвслийн тэргүүн, 65 настай

Григорий Явлинский зурган илэрцүүд

Б.Төгс

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн товч түүх

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүх. ЗХУ-ыг тараах ЗХУКН-ын М.Горбачевийн шийдвэрээс үүдэлтэй гэнэ. ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч 1945 оны дайнаар эзэлсэн 15 бүгд найрамдах улсаа чөлөөлөхөөр тохиролцож, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг 1991 оны зургадугаар сарын 16-нд явуулжээ. Тус сонгуульд ардчилал, хүний эрхийг дээдлэгч Б.Ельцин ялсан коммунистуудын тэсвэрийг барж, хязгааргүй айдаст автуулжээ. 1991 оны наймдугаар сард ОХУ-ын дэд Ерөнхийлөгч Янаев тэргүүтэй коммунистууд төрийн эргэлт хийв. Төрийн тэргүүнээ гэрийн хорионд оруулж, “өвчтэй” хэмээн зарласан байна. Түүгээрч зогсохгүй улсынхаа нутаг дэвсгэрт онц байдал зарлаж, том хотууд руу танк оруулсан гэдэг. Харин Москвад Б.Ельцин, Ленинградад А.Собчак танкуудыг эсэргүүцсэнээр төрийн эргэлт зохион байгуулагчид ялагдал хүлээв.

Энэ үйл явдлаар Оросууд өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй болсоноо мэдээд зогсохгүй оросуудад ямар чухал үүрэгтэй ойлгожээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 1991, 1996, 2000, 2004, 2008, 2012 онуудад болсон. Эхний Ерөнхийлөгчийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа таван жил, харин 1996-2012 онд дөрвөн жил түүнээс хойш зургаан жилийн хугацаатай болов. Өнгөрсөн жилүүдэд болсон ОХУ-ын зургаан удаагийн сонгуулийн хоёрт нь Б.Ельцин, гуравт нь В.Путин, нэгт нь Д.Медведев нар ялалт байгуулжээ. Тэд нэг намынх юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн анхны сонгууль

1991 оны зургадугаар сарын 12 өдөр

1996 оны зургадугаар сарын 16-наас долдугаар сарын 3-ны өдөр

2000 оны гуравдугаар сарын 26

2004 оны гуравдугаар сарын 14-ны өдөр

2008 оны гуравдугаар сарын 2-ны өдөр

2012 оны гуравдугаар сарын 2-ны өдөр

Х.Баттөгс