Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын хууль гурав хоног

XIII зуунд Өгөөдэй, Хубилай хааны барьсан Чингисийн зам

Монголын хууль гарангуутаа гуравхан хоногийн дотор хэдэн арван мянган км замыг туулж эзэнт гүрний зах хязгаарт хүрч хэрэгждэг байсны илэрхийлэл болсон энэ үг өнөөдөр ямар утгатай болчихоод байгааг монгол хүн болгон мэднэ.

Энэхүү хэлц үг гарах гол шалтгаан болсон Монголын эзэнт гүрний үед хамаарах, хүн төрөлхтний түүхэнд мянганы бүтээн байгуулалт гэж нэрлэгдэх ёстой, тив холбон хэдэн арван мянган км үргэлжлэх дэлхийн анхны хурдны зам, Торгоны зам нэрээр түүхэнд үлдсэн жинхэнэ Хаан замыг өнөөдөр хэн ч мэддэггүй гэхэд үнэхээр сонин. Энэ нь ердөө л хэн нэгний хайнга зангаас болсон гэхээр бүр ч хачин.

Дайн дуусангуут цэргийн зориулалтаар маш нууц зэрэглэлтэй 1:100.000, 1: 200.000, 1: 500.000, 1: 1000.000 масштабтай БНМАУ-ын газрын зургийг ЗХУ ганцхан жилийн дотор хийжээ. Энэ нь 1947 он .

Хиймэл дагуул байгаагүй тэр үед өндөрлөг болгоны оройд гурвалжин төмөр байршуулан байж хийсэн тэр зураг үнэхээр нарийвчлалтай. Говьд худаг, булаг хаана байдаг, ширгэдэг ширгэдэггүй эсэх бүр цагт хэдэн л ус гардгийг хүртэл энэ зурагнаас харж болно. Гэхдээ нарийнаас нарийн энэ зурган дээр даанч дээ гэмээр нэг алдаа бий. Тэр нь утгын алдаа. Чингисийн замыг “Вал Чингисхана” буюу “Чингис хааны далан” гээд биччихсэнд л хамаг учир байгаа юм. Хожим нь Монголчууд өөрийн гэсэн газар зүйчидтэй болонгуут энэ алдаатай нэрийг “үгчлэн” орчуулж газрын зураг дээр бичсэнээр нөгөө алдаа нь бүр ч баталгаажив. Тэд бас Монголын газрын зургийг орос эхээс нь хуулж хийхдээ Чингисийн замыг энд тэнд нь орхигдуу-

лан зурж давхар алдаа гаргасан юм. Монгол зурган дээр одоо тавхан хэсэг газарт л Чингисийн зам зурагдсан байгаа. Гэтэл орос эх дээр нь хамаагүй урт бүр ийш тийш салаалсан замууд хүртэл зурагдсан байдаг билээ. Ийнхүү давхар давхар алдаа гарч дэлхийн анхны хурдны замыг цэргийн зориулалттай хуучин далан гэсэн буруу ойлголт монголчуудад байтугай бүр СССР-ээр дэмжин дэлхий дахинд тархах нь тэр. Дайн болсныг батлах мэт хаа сайгүй л байдаг цэргийн зориулалттай, хуучин тэгээд бас шороон даланг үнэхээр хэн сонирхох билээ.

Нууц товчооны төгсгөлд Өгөөдэй хаан өөрийн үйлдсэн дөрвөн муу үйлийн дөрөвдүгээрт: “Тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусад ах дүү нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дүү нараас гомдох үг сонсов би ” гэсэн байдаг. Гэтэл зарим түүхчид Чингисийн замыг энэ хэрэмний үлдэгдэл гэж андуурдаг нь түүнийг мартуулах бас нэгэн шалтгаан болсон биз ээ. Үнэндээ зам, далан, хэрэм гэдэг маань огт өөр зүйлүүд билээ. Тэгээд ч шавар хэрэм гэж байгаа биз дээ. Чингисийн замыг шавраар бариагүй юм.

Энэ бүхнийг “Хаан зам” мартагдах болсон орчин үеийн шалтгаан гэж болох юм. Харин түүхэн шалтгаан нь Монголын эзэнт гүрний задралтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл эзэнт гүрэн задарснаар улс хоорондын харилцаа тасарч хумигдан чиглэл нь өөрчлөгдөн энэ замын ач холбогдол алдагдан мартагдсан билээ. Ялангуяа Монголын нийслэл Хятадын Шанду \Жунду ч гэдэг одоогийн Бээжин. Г.А.\ хотоос хөөгдсөнөөр Хаан зам бүрэн мартагдах түүхэн шалтгаан эхэлсэн гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Миний бие 1980 онд түүхэн экологийн нэрт эрдэмтэн Л.Г.Денисманаар ахлуулсан Зөвлөлт-Монголын биологийн хамтарсан экспедицэд оролцож Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт буй Чингисийн замыг ухаж дотор нь булсан загнаас дээж авч кальцийн алдагдлаар насыг нь тогтооход 13 дугаар зуунд баригдсан болох нь батлагдсан юм. Энэ тухай бие даасан эрдэм шинжилгээний өгүүлэл хүртэл хэвлэгдсэн. Говьд заг овоолж шороо асган битүүлж дээгүүр нь зөвхөн говьд л байдаг усанд тунасан зузаан хатсан шаврыг зүсэж хооронд нь зүйж бүтээн яг л орчин үеийн хар зам шиг болгож барьсан байдаг. Харин хээрт чулуу өрж шороогоор бүтээж барьсан байдаг юм билээ. Би Чингисийн даланг үзээд 1,5 м өндөртэй далан гэж юу байхав хэмээн нутгийн хөгшидтэй очиж уулзсан юм. Тэд “Энэ далан бишээ Чингисийн зам. Чингис хаан Солонгос улсаас хатан авах болж нар үзүүлэлгүй авч ир гэсэн тул зам барьж сүйх тэргээр авч ирсэн домогтой юм” гэсэнсэн. Ганц хатан авч ирэх гэж зам бариулах гэдэг утгагүй зүйл. Үнэндээ Чингис хаанд зам барих зав, шаардлага ч байгаагүй. Харин тэр үед байтугай одоо ч энэ зам аварга бүтээн байгуулалтад тооцогдох болохоор Чингисийн нэрээр нэрлэсэн байх бүрэн боломжтой. Тэгвэл дэлхийн анхны хурдны замыг 13 дугаар зуунд хэн бариулсан байж таарах вэ?

Хээрийн бүсэд чулуугаар барьсан Чингисийн зам

Монголын эзэнт гүрэн бий болж хол холын олон улс орныг эзэгнэн суусан ахан дүүс хаад хоорондоо цаг алдалгүй холбоо барих гэсэн шаардлага л ийм нүсэр зам барих нөхцөл болох ёстой.

Ш.Гаадамба гуайн редакторлан 1976 онд хэвлэсэн Монголын нууц товчооны 281-д Өгэдэй хаан үгүүлрүүн: “Эцгийн их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: …Хоёрдугаарт, бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав” хэмээн өөрийн хийсэн дөрвөн сайн үйлсийн хоёрт нь дурьдсан байна. Тэгвэл энэ замыг хэдийд эхлэн хэрхэн барьсан бол? Мөн номын 279-д Бас Өгэдэй хаан өгүүлрүүн: “… Бас элч нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл үлэмж байна. Одоо бид байнга журам болгож зүг зүгийн мянгат \мянган өрх Г.А\-аас замчин улаачин гаргаж, суурь суурьт өртөө тавьж элч нарыг ард олны дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчлэн давхихгүй, гагцхүү өртөө замаар явах болгоё. Энэ үйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хоёр санаж бидэнд дуртгасан нь зөв зүйтэй санагдах боловч, Цагадай ах мэдтүгэй! Эдгээр хэлсэн үйлсийг зохимжтой гэж зөвшөөх эсэхийг Цагадай ах шийдгэтүгэй!” гэж илгээвэл, эдгээр асууж илгээсэн бүх үйл хэргийг цөм зөвшөөрч ”Тэр ёсоор хийтүгэй” гэж хариу илгээжээ. Бас Цагадай ахын хэлж илгээсэн нь: “Би эндээс угтуулан өртөө замыг байгуулсугай. Бас эндээс Батад \Бат нь Алтан ордны улсын тэр үеийн хаан бөгөөд анхны хаан нь Чингисийн ууган хүү Зүч байсан боловч тэрээр эцэгтэйгээ бараг нэг зэрэг нас нөгцсөн юм. Г.А.\ элч илгээе. Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай” гээд бас үгүүлсэн нь: “Бүгдийн хооронд өртөө зам тавья гэдэг зөвөөс зөв үгийг дуртгажээ” хэмээн илгээжээ гэж бий. Эндээс харахад Хар ус нуурын захад буй Чингисийн замын хэсэг Европ тивд байсан Бат хааны буюу Алтан ордны улс руу, Алтайн нурууны өврөөр буй хэсэг нь Дунд, бага Азийг хамарч байсан Цагадайн болон Ил хаадын улс руу харин зүүн хэсэгт буй хэсгүүд нь Хятад, Солонгос улсуудыг холбож байсан их замын салаа болох нь тодорхой байна. Мөн номын 280-д Тэндээс Өгэдэй хаан өгүүлрүүн: “Энэ явдлыг Цагадай ах, Бат тэргүүтэн баруун гарын хөвүүд, ах дүү нар цөм, Отчигин ноён, Жэхү тэргүүтэн зүүн гарын хөвүүд ах дүү нар цөм, гол \төв нутгийн Г.А.\-ын охид хүргэд, түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, аравны ноёд цөм зөвшөөрчээ. Зөвшөөрсөн зүйл нь: …Өртөө тавиулж, замчин, улаачныг гаргавал олон улс иргэнд амгалан болох ба элч нарт дөхөмтэй гэснийг бүгдээр зөвшөөрчээ …Замчин, улаачныг гаргуулж суурилах газрыг тогтоож, өртөө замыг тавиулаад Арачиан, Тогучар хоёроор захируулж, замын нэг суурь өртөөнд хорин улаачныг гаргав. Улааны морь, шүүсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс дутуулбал уруулын хагасыг огтолно. Халбага хигээс дутуулбал хамрын хагасыг огтолно ” гэж зарлиг болов гэжээ. Энэ үе нь 1231 онд Өгэдэй хаан Хятадыг эзэлснээс нэлээд хойно болж буй үйл явдал. Ингэхээр Чингисийн замыг 7-8 жилээс илүүгүй хугацаанд барьж дууссан байж таарч байна. Дээр бичсэнээр энэ аварга замыг мянгат, зуут, аравтад тодорхой газрыг хариуцуулан тал талаас угтуулан нэгэн зэрэг барьсан болох нь тодорхой байна. Ингэвэл маш богино хугацаа орох нь дамжиггүй.

Харин энэ өртөө замын үйл ажиллагаа хэрхэн явагддаг байсан бол? Энэ тухай алдарт Марко Поло \1257-1324\ “Орчлонгийн элдэв сонин” номондоо тусгай бүлэг болгон маш тодорхой бичсэн аж. “Канбалу \Ханбалык\ хотоос олон муж орох замын тухай” гэсэн ерэн наймдугаар бүлэгт: “Нийслэл Камбалу хотоос янз бүрийн муж руу олон зам салбарлан гарчээ. Муж бүр рүү нэг зам зурайн одсон бөгөөд тэрхүү зам тус бүр дээр хаа хүрдэг тухай бичсэн байх тул хэн бүхэнд тодорхой, төөрөх газар огт үгүй. Их хааны элч Камбалу хотоос гарч аль ч замаар явлаа гэсэн хорин таван бээр хэртэй болоод \өртөө гаруйн газар буюу 45 км орчим газар. Г.А\ нутгийн яриагаар бол янб, харин манайхаар морин өртөө, шуудан хэмээх өртөөн дээр хүрч ирдэг ажээ. Тэр өртөө болгон дээр элч зарлага нарын саатан хонох гоё сайхан гэр байдаг. Энэ өртөөний буудал гэрт тансаг сайхан торгон хөнжил бүхий унтах ор дэвсгэр элбэг ба элч нарт хэрэгтэй юм бүхэн энд бий ажгуу. Хаад ноёд хүртэл тэнд тухлан саатаж болно. Өртөө болгон дээр 400 морь бий. Их хаан элч нараа хаа нэгэн газар довтолгох цагт агт морьд хэзээд бэлхэн байх хэрэгтэй хэмээн зарлиг буулгажээ. Гол гол муж орох зам дагуу 22 \39,6 км Г.А.\ буюу 30 \54 км Г.А.\ бээрийн зайтай өртөө байх ба өртөө тус бүрд элч довтолгон ирэхэд 300-400 морь үргэлж бэлэн байдаг. Түүнчлэн элч зарлага нарын саатах өргөө гэр хүртэл бий. Ийнхүү их хаан бүх муж, хант улсаар саадгүй тойрон явах бөлгөө. Их хаан айл амьтан, өртөө буудал байхгүй эзгүй цөл газар элч нарт зориулан хэрэгтэй бүхнээр хангасан өртөө буудал өргөө гэр барьж байгуулахыг тушаажээ. Гагцхүү өртөөний хоорондох зай нь бага зэрэг сунгуу, 35 \63 км\ бээр буюу хааяа 40 \72 км\ гаруй бээрийн зайтай ажээ. Ийнхүү их хааны элч дээрх маягаар довтолгох ба тэдний хүрч ирсэн өртөө болгон дээр уналга морьд ямагт бэлэн байдаг. Ер нь эзэд хаад, хэн ч тийм их сүр жавхлан хийгээд элбэг тансаг байдалтай байсан удаагүй. Тэр бүх өртөөний морьд нийлээд 2 бум гаруй бөгөөд элч зарлага ирэхэд бэлэн байх ба өртөөний өргөө нь нэг түм гаруй, дээр ярьсанчлан тэдгээрийн тоног хэрэгсэл элбэг баян бөгөөд тийнхүү гайхамшигтай баян тансаг байдлыг өгүүлэн хэлэх буюу дүрслэн тодорхойлоход хүчин үл хүрэх буюу. Энд хамаатай нэгэн хүчин зүйлийн тухай хэлэхийг хүснэм. Юу гэвэл өртөө бүрийн хооронд мөн 3 \5,4 км\ бээрийн зайтай 40 жижиг суурин гацаа байх ба тэнд их хааны явган элч нар сууж доорх байдлаар алба гүйцэтгэнэ. Тэд нар хэд хэдэн хонх зүүсэн том өргөн бүс бүслэх ажээ. Энэ нь юуны тул хэмээвэл тэрээр ийн ирэх нь алсаас чимээтэй дуулдахын учир болой.

Явган элч гурван бээрээс \5,4 км\ илүүгүй гүйн хурдалж хэмжээт зайг туулан ирэхэд дараачийн халаа угтан тосож байдаг. Элч хүрч ирэх нь холоос дуулдах учир дараачийн хүн бэлтгэн завдаж элчийг хүрч ирмэгц түүний авчирсан зүйлийг уламжлан авах ба бас бичээчээс нэгэн хэсэг цаас авч гүйн одох ажээ. Энэ мэт гурван бээрийг туулан хүрч ирэхэд дахин залган авсаар анх мэт дахин давтан үргэлжилнэ. Их хаан тэр явган элч нарынхаа ачаар арван өдөрчийн газар явж ирэх мэдээг нэг хоногийн дотор хүлээн авдаг байжээ. Энэ явган элч нар арван өдөрчийн газрыг нэг өдөр нэг шөнийн дотор туулдаг бөлгөө. Хорин өдөрчийн газрын мэдээг хоёрхон хоногт хүргэж ирдэг. Явган элч нар арван өдөрчийн зайтай хол газрын мэдээг ямагт ганцхан хоногийн хооронд авчирдгаараа их хаанд үнэнхүү их тус үзүүлдэг аж. Их хаан тэднээс алба татвар хураадаггүй, харин тэдэнд өртөөгөөр явах элч нарын тусыг бодож өөрийн сангаас агт морьд бэлэглэдэг байжээ.

Говьд барьсан Чингисийн замаас ил гарсан заг

Хэрвээ харъяат нутаг газрын дотор ямар нэгэн үймээн самуун дэгдсэн тухайд буюу эсвэл хэн нэгэн ноёны тухай ч юм уу их хаанд чухал зүйлийн талаар нэн яаралтай сонсгох хэрэг тохиолдвол элч нар нэг өдөрт хоёр зуун бээр \360 км\, заримдаа хоёр зуун тавин бээр \450 км\ газар довтолгодог байжээ. Чингээд хэрхэн өртөөлөн явдаг тухайд өгүүлбэл нэгэн элч төчнөөн олон бээр газрыг нэн яаралтай туулах хэрэг тохиолдвол тэр элчид шонхор шувууны дүрс товойлгосон пайз гэрэгэ олгодог. Хэрэв хоёр элч бол хоёулаа нэгэн газраас эрмэг хурдан сайн морьд унан хөдөлнө. Тэд замд гарахдаа толгойгоо алчуураар боож гэдсээ бүсээр чавхайтал ороох ба хорин таван бээр \45 км\ туулж нөгөө өртөө хүртэл хар хурдаар нь довтолгон хүрч ирэхэд тэнд хурдан морьд, сэлгээ унаа бэлэн байна. Элч нар тэр морьдыг даруй юүлэн унаж цааш гүйхээрээ ухасхийн тэнхээ мэдэн довтолгосоор дараачийн өртөө хүрч, мөн л бэлэн морь сэлгээд цааш давхина. Тийнхүү элч нар хоёр зуун тавин бээр туулж их хаанд мэдээ хүргэх ба онц чухал мэдээ байх аваас гурван зуун бээр \540 км\ ч явах ажээ.” гэсэн байна. Энд дурдсан хурдаар тооцвол өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатараас ОХУ-ын нийслэл Москва хот ороход 20 хоног л шаардагдах аж. Харин Бээжин ороход хоёр хоног хангалттай байх нь. Тэгэхээр энэ зам тухайн үед ямар чухал ач холбогдолтой байсан нь тодорхой.

Марко Пологийн их хаан гээд байгаа хүн нь Хубилай хаан бөгөөд энэ бүхнийг өгүүлэн буй цаг үе нь их хааныг хаан ширээнд сууснаас 42 жилийн дараа буюу 1298 он юм. Хубилай хаан Монголын эзэнт гүрний нийслэлийг Хархориноос Бээжинд шилжүүлсэн бөгөөд Пологийн дурдаж буй Хубилай хааны байгуулсан өртөөнүүд гэдэг нь тэр үеийн Канбалу буюу Ханбалык \монголчууд Хар балгас ч гэдэг одоогийн Бээжин Г.А.\ хотыг 1240 оноос өмнө Өгэдэй хааны байгуулсан их замтай холбож нэмэлт өртөө замууд байгуулсныг хэлж буй бололтой. Харин элч нар толгойгоо алчуураар боодог нь хурдтай явахад салхинд үс, малгай хийсэхээс сэргийлэх бөгөөд бэлхүүсээ боодог нь гэдэс дотор зайлагдах, бөөр нуруу сэгсрэгдэхээс хамгаалах зориулалттай бөгөөд одоо ч монголчууд энэ аргыг хэрэглэдэг. Марко Пологийн номонд бас нэг сонирхолтой мэдээ бий.

Их хаан замын хажуугаар мод тарьсан тухай хэмээх зуу дугаар бүлэгт: “Их хаан бээр элч зарлага, худалдаачид хийгээд энгийн ардын үргэлж хөлхдөг их замын дагуу хоёр хоёр алхмын зайтай газар мод тарих зарлиг айлджээ. Энэ модод алсаас их сүрлэг харагдана. Их хаан тэр бүгдийг, явах зам нь хэн бүхэнд үзэгдэж, огт мунгинан төөрөхийн явдалгүй болгохын тулд байгуулсан билээ.

Говь цөлийн зам дагуу ч мөн тийм мод суулгасан нь худалдаачид хийгээд элч нарт туйлын таатай. Тэрчлэн бүх хант улс, муж улсын замын дагуу тийм мод цөм буй ажээ” гэжээ. Барьсан замд пайз, тэмдэг байхад төөрүүлэхгүй хэмээн мод тарих нь юу л бол. Харин эдгээр модыг элс, шороо, цасан шуурганаас замаа хамгаалах гэж тарьсан гэвэл үнэнд илүү нийцэх биз. Бид одоо ч энэ аргыг хэрэглэдэг билээ.

Тэр үеийн Монголын эзэнт гүрний зураг, нийслэлүүдийг харахад тэдгээрийг холбосон дэлхийн анхны хурдны зам Чингисийн зам ямар аварга бүтээн байгуулалт байсан нь хэнд ч гэсэн тодорхой харагдана. Одоо ч гэсэн ийм аварга замыг хүн төрөлхтөн байгуулж чадсан болов уу?! Нуугдан буй Хаан замын нууцыг дэлгэж баримтат кино хийж эхлээд Япон улсад гаргах цаг нэгэнт болжээ. Тэгсэн цагт түүхч, архиологч эрдэмтдийн ажил ундрах бизээ. Учир нь эдгээр замууд одоогоор газар дор нуугдан буй тэр үеийн олон хот, сууринг бидэнд зааж өгөх болно. Эндээс түүхийн дурсгалт зүйлс, бүр “Нууц товчоо”-ны монгол эх ч олдохыг хэн байг гэх билээ. Учир нь их хааныхаа нэрээр нэрлэгдсэн өвөг дээдсийнхээ мянганы бүтээн байгуулалтыг ЮНЕСКО-д биет өв болгон бүртгүүлэх нь өнөөгийн монголчууд бидний ариун үүрэг юм.

Эх нутагтаа мартагдсан Хаан замыг гадныхан Торгоны зам гэдэг. Энэ замаар “Толгой дээрээ тавиур дүүрэн алт аваад явсан ч айх аюулгүй байдаг байсан гэдэг” хэмээн бахархан дурсдаг. Гэхдээ тэд жинхэнэ Торгоны зам оршин байгааг огт мэдэхгүй байгаа билээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярын өдрүүдэд гал түймэр, ослын дуудлага буурчээ

ЗурагСар шинийн баярын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газар (НОБГ)-т 34 удаагийн дуудлага иржээ.

Тухайлбал, объектын гал түймрийн 29, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 5 дуудлага ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлт юм.

Сар шинийн баяртай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх удирдамжийн хүрээнд НОБГ-аас өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 15-ны хооронд хүн ам олноор цуглардаг зах, худалдааны төв, гэр хорооллын хороодод галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг 61 удаа зохион байгуулжээ. Мөн цахилгааны аюулгүй байдлыг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг 53 удаа зохион байгуулсан бөгөөд үүнд 15 мянга 259 иргэн оролцсон байна. Энэ үеэр иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх 15 мянга 300 ширхэг сэрэмжлүүлэг материал тараасан байна.

Categories
мэдээ спорт

Алекс Сандро Ювентусд гурван оноо авчирлаа

Италийн “Сери А” лигийн 25 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр боллоо. Лигийн хүснэгтийн дэд байрт бичигдэж буй Ювентус Олимпико де Торино цэнгэлдэхдээ Торино клубийг хүлээн авч 1:0-ээр ялалт байгуулав. Тоглолтын нэгдүгээр үеийн 33 дахь минутанд Алекс Сандро гоолдож багтаа хожил авчирчээ. Ингэснээр Ювентус 65 дахь оноогоо авч дэд байраа баталгаажуулсан юм.

Энэ тойрогт лигийн шилдэг багуудын нэг Интер Милан Женаогийн талбайд зочилж 2:0-ээр ялагджээ.

Бусад тоглолтуудын үр дүн

Удинезе 0:2 Рома

Чево 2:1 Каглиари

Женао 2:0 Интер Милан

Беневенто 3:2 Кротоне

Болониа 2:1 Сасуало

Наполи 1:0 СПАЛ

Атланта 1:1 Фиорентина

Лигийг 25 тойргийн дараах байдлаар Наполи 66 оноотойгоор тэргүүлж байгаа бол Ювентус 65 оноотой удаалж байна.

О.ДАШНЯМ

Categories
гадаад мэдээ

А.Миллер: Бидний хамгийн том амжилт БНХАУ руу хийн хоолой тавьсан явдал

Image result for а.миллер в.путин

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Газпром” компаний Ерөнхийлөгч А.Миллерийг хоёрдугаар сарын 16-нд хүлээн авчээ. Энэ өдрүүдэд тус компаний 25 жилийн ой болж байгаа юм байна. Тэдний ярилцлагаас товчлон хүргэж байна.

В.Путин: Алексей Борисович, танай компаний 25 жилийн ой тохиож байгаад танд болон танай хамт олонд баяр хүргэе. Та бид хоёр мэдэж байгаа. 1990-ээс 2000 оны эх хүртэл манай орны эдийн засаг хүнд байсан. Харин өнөөдөр та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд эх орондоо төдийгүй, дэлхийн хэмжээнд нөлөө бүхий компанийг босгож чадлаа.

“Газпром” компани цахилгаан, дулааны хангамжийг өөрийн боломжийг ашиглан зах зээлийн үнээс хямд нийлүүлсэнээр улс орны бусад салбарыг богино хугацаанд хөл дээр босоход хувь нэмрээ орууллаа. Өнөөдөр танай компани шиг 151 томоохон ордод үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа гэдэгт би эргэлзэж байна.

А.Миллер: Эрхэм Владимир Владимирович, манай компани өнөөдөр дэлхийн нефть, хий, цахилгаан эрчим хүчий дэлхийн хамгийн том 250 компанийг тэргүүлж байна. “Газпром” компани дэлхийд хамгийн их шатдаг хийн нөөц буюу дэлхийн шатдаг хийн нөөцийн 17 хувийг эзэмшиж байна. Мөн алс дорнод, дорнод Сибирьт шатдаг хий олборлох төвүүд нээлээ. Хамгийн чухал нь Арктикт хоосноос эхлэн Ямалын шатдаг хий олборлох төв нээсэн. Ямалийн хийн нөөц нь манай хийн нөөцийг маш ихээр нэмэгдүүлнэ. Тэнд найман их наяд шахам куб метр хийн нөөц бий. Бид 170 мянган км хийн хоолой барьсан. Энэ дэлхийн хамгийн урт хоолой. 2017-2018 онын хийн оргил хэрэглээ болох хүйтний улиралд иргэддээ бид 72 тэрбум куб метр хий нийлүүллээ. Энэ 1993 онтой харьцуулахад хоёр дахин их юм. Сүүлийн долоон ил бид хийн олборлолтоо өдөрт 30 хувиар нэмэгдүүлж, 30 мянган км хоолой барьсан. Орос орны хэрэглээний 70 шахам хувийг хийгээр хангаж байгаа. Өнгөрсөн жил 190 гаруй тэрбум куб метр хий экспортолж түүхэндээ дээд амжилтыг тогтоосон. Европод 37 хувийг гаргаж байгаа нь бас дээд үзүүлэлт. “Сибирийн хүч” хоолойн 70 хувь нь буюу 1500 км хоолой баригдсан. Ирэх жилийн арванхоёрдугаар сарын 20 энэ хоолой ашиглатад орж дэлхийн хамгийн том хий хэрэглэгч БНХАУ-д хий нийлүүлж эхэлнэ. Бидний хамгийн том алхам БНХАУ руу хоолой тавьсан явдал. Манай компани “Дорнод хий” хөтөлбөрийн хүрээнд Амурын хий боловсруулах үйлдвэр байгуулж байна. Энэ завод 42 тэрбум хий боловсруулах хүчин чадалтай дэлхий хоёрт орох том завод. Мөн “Газпром хүүхдүүдэд” хөтөлбөр хэрэгжүүл байна.

В.Путин: Хэзээ эхэлсэн юм?

А.Миллер: 2007 онд таны санаачлагаар эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд 1600 барилгыг засах, шинээр барьсан. Түүн дотроо 120 эрүүл мэнд, спортын төвд өнөөдөр 100 мянга гаруй иргэд үйлчлүүлж байгаа.

Х.Баттөгс

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй

Image result for Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй

Хоёрдугаар сарын 19-нд буюу өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.

20, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 21-23-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.

Categories
мэдээ спорт

Нао Кодэра олимпийн аварга боллоо

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын Тэшүүрийн эмэгтэйчүүдийн 500метрийн уралдаан болж аваргуудаа шалгарууллаа. Энэ зайд Японы тамирчин Нао Кодэра 36.94-ийн цаг үзүүлж олимпийн рекорд тогтоож алтан медаль хүртжээ. Тэрээр 2010 онд Ванкуверын өвлийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин мөнгөн медалийг олимпийн хошой аварга БНСУ-ын тамирчин Лее Сан ва 37.33-ын амжилтаар зүүсэн юм. Лее Сан ва дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж байжээ.

Энэ зайд хүрэл медалийг Чехийн тамирчин Каролина Ерванова 37.34 цагийн амжилт үзүүлж хүртсэн байна. Энэ түүний олимпийн наадмаас авч буй анхны медаль болж байна.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Таван сая төгрөгийн азтанаар есөн хүн тодорчээ

Image result for нөат

НӨАТ-ын сугалаа өчигдөр болж, 14 мянга 809 азтан тодорсон байна. Энэ удаагийн сугалаанаас таван сая төгрөгийн азтан ес, нэг сая төгрөгийн азтан 133 хүн тодорчээ. Мөн 200 мянган төгрөгийн азтанаар 1281, 50 мянган төгрөгийн азтанаар 13 мянга 386 хүн тодорсон байна. Энэ сард супер шагнал буюу 50 сая төгрөгийн азтан тодроогүй учраас дараагийн сугалаагаар супер шагналын сан 75 сая төгрөг болж өсөх ажээ.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл

Image may contain: 5 people, people standing and indoorImage may contain: 2 people, people smiling, people standing

Categories
мэдээ цаг-үе

Цагаан сарын барилдаанд магнайлж байсан хүчит гарьд Дамбийн Рагчаа

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Монгол бөхийн дэвжээг 1980-аад оны төгсгөл, 1990-ээд оны эхэн үед луу жилтнүүд чимж байсан гэхэд хилсдэхгүй. Энэ үед ид мандаж явсан 1964 оны луу жилтнүүдийн цуваа улсын их баяр наадамд 11 удаа түрүүлсэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд П.Сүхбат, улсын заан П.Хишигдорж нараар үргэлжилнэ. Энэ хүчтэнүүдийг залгаж гарч ирсэн 1976 оны луу жилтнүүдийн төлөөлөл “Хууль сахиулахын их сургууль”-ийн “Соёмбо” спорт сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа, улсын гарьд Д.Рагчаагийнхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Д.Рагчаа гарьдынх Хан-Уул дүүрэгт байрлах “Макс” группийн “Хийморь” хотхонд өвөлжиж байна. Тэднийд очиход гарьд биднийг найрсгаар угтав.

Д.Рагчаа гарьд монгол бөхийн ертөнцөд хэрхэн хөл тавьж байсан талаар бидний яриа эхлэв. “Хүчит бөхчүүдээрээ улсдаа алдартай Архангай аймгийн Булган суманд төрж өссөн болохоор ч тэр үү, хүүхэд байхаасаа бөх болох сонирхолтой байсан. Хаана л хүүхдүүд барилдана тэнд очоод дээлийнхээ сугыг ханзартал нь ноцолдоод явж байдаг хүүхэд байж. Ганц би ч биш 10 жилийн ангийн хүүхдүүд маань бүгд л барилдах дуртай байсан л даа. Бүр дундаасаа мөнгө цуглуулж байгаад хоорондоо сайхан бөхийн барилдаан хүртэл зохиож байсан удаа олон бий. Миний багад ид сайн барилдаж байсан улсын заан Ч.Гочоосүрэн, Д.Хишигдорж нарын хүчтэнүүдийг харж, тэдэн шиг том цолтой бөх болохыг хүсч Буян багшийн бэлтгэлд явж эхэлсэн дээ” гэж ярив. Ийнхүү ярилцах зуур гарьдын том өрөөг ажиглахад том шүүгээний хамгийн дээд талд гарьд малгайнуудаа залжээ. Удаах тавиуруудад өрж тавьсан улс, аймгийн цолны чимэг үнэмлэхүүд байгаа нь харагдав. Хажуугаар нь том, жижиг цом, чамин сувинеруудыг өржээ. Харин том өрөөнийхөө баруун хананд нь янз бүрийн хэлбэр дүрс, өнгө загвар хийцтэй гарьдыг бүхий л медалиудыг гурван туузанд зүүж өлгөсөн байв.

Архангай аймгийн бөхийн дасгалжуулагч Буян багшийн бэлтгэлд явж байсан хүү зургадугаар ангидаа үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаанд зодоглож мөнгөн медаль авч байсан нь хамгийн дурсгалтай нь аж. “Хүүхдийн төлөө фонд” гэсэн бичигтэй медалиа Д.Рагчаа гарьд цуглуулгынхаа хамгийн дээд талд нь залжээ.

1993 онд том бөх болох зорилго өвөртөлж Улаанбаатар хотод ирж дархан аварга Ж.Мөнхбатын үүсгэн байгуулсан “Их шавь” дээд сургуульд элсэн орж ардын багш улсын харцага Д.Сэрээтэрийн гарын шавь болжээ. “Хөл, гар томтой ч туранхай 68 хан кг жинтэй хүү ирж байхад Сэрээтэр багш “Миний хүү том бөхчүүдтэй бэлтгэл хийгээд дэмий хэмхэрчихнэ. Ойрын ганц, хоёр жилдээ чөлөөт барилдааны бэлтгэл хийгээд хүрээд ир. Гэхдээ чи болно” гэж хэлж байсан нь ирээдүйд бөх болох хүсэл тэмүүллийг маань урмаар тэтгэж өгсөн явдал байсан. Одоо бодоход их үнэтэй зөвлөгөө өгчээ. Хөдөөнөөс дөнгөж орж ирээд байсан хүүхэд нас бүдүүн гуалин шиг бөхчүүдтэй барилдаад бэртчихсэн бол яах ч байсан юм билээ гэж бодогдох үе байсан шүү” гэж дурссан. “Хүлэг эзнээ олбол хурдалдаг” гэдгээр сайн багшийн шавь болсон залуу бөхийн барилдах ур чадвар өдрөөс өдөрт өсч дэвжиж байсан гэдэг.

Том бөхчүүдийн гарын ая даахтай болсон Д.Рагчаа “аваргуудын хүндэтгэл”-ийн барилдаанд нэг давж, хоёрын даваанд нутгийн ах улсын заан Ч.Гочоосүрэнгийн аманд гарч удтал хүч үзэж тахим өгөөд буцахад нь хөлийн цэц хийж суусан 1963 оны улсын наадмын үзүүр бөх улсын арслан У.Мижиддорж ихэд үнэлж амжилт хүсэхэд нь том урам авсан байна. Хүчит арслангаас магтаалын үг сонссон залуу хүү өвлийн амралтаараа нутагтаа очиж сумынхаа сар шинийн барилдаанд зодоглож улсын начин “Муухай” хэмээх Ганбаатарыг өвдөг шороодуулсан нь улсын цолтой бөхийг давсан анхны тохиолдол нь байжээ. Энэ цагаас хойш тэрээр бэлтгэлдээ илүү шамдаж заалны барилдаануудад тогтмол зодоглож эхэлсэн байна. Улмаар 1997 онд бэлтгэл сургуулилтаа сайтар базаасан залуу бөх Д.Рагчаа аймгийн наадамдаа зодоглож 128 хүчтэнээс долоо давж түрүүлж байсан аж. Тэрээр “Аймгийн наадамд түрүүлж байсан үе одоо эргээд бодоход их сайхан байдаг юм. 21 настай залуу барилдаад тунасаар аймгийн арслан Н.Жүгдэргарав гэж мундаг хүчтэнг давж түрүүлчихээд их баярласан. Тухайн үед хэн ч намайг түрүү бөхийн тааварт оруулаагүй л дээ. Өөр залуучуудыг нэрлэж байхад нь таавар эвдэж аймгийн арслан болоод урам авсан даа. Их том болчихсон юм шиг мэдрэмж төрж байлаа ” гэв.

Аймгийн арслан цол хүртсэн залуу арсланд улсын наадмын өгсүүр дэвжээ тийм ч хялбар байсангүй. 1998 онд анх удаагаа зодоглож Баян-Өлгий аймгийн арслан К.Канатаар хоёр даваад гурвын даваанд улсын начин Ж.Намжилдоржид тахим буулгасан бол 1999 онд амжилтаа ахиулж улсын начин Р.Цоггэрэлээр гурав давсан ч удаах даваанд нь Завханы улсын харцага Ц.Бэгзсүрэнгийн аманд очиж өвдөг шорооджээ. Харин 2001 оны ардын хувьсгалын 80 жилийн их баяр наадмаар 17 улсын начин төрсний нэг нь Д.Рагчаа байсан юм. “Улсын наадмын дэвжээнд гурван ч удаа барилдаж өвдөг шороодож, дөрөв дэх удаагаа зодоглохдоо Өвөрхангайн улсын арслан Б.Ганбаатараар тав давж улсын начин болсон. Тэр наадмаар нийт 17 шинэ цолтон төрж наадамчин олноо баярлуулж байсан. Х.Мөнхбаатар, М.Баяржавхлан, Б.Сайнбаяр, Г.Ганхуяг гээд шилдэг бөхчүүдтэй хамтдаа улсын цолны өндөр босгоор алхаад нутгийн арслан Д.Мөнх-Эрдэнэд тахим өгсөндөө. Улсын начин болчихоод “Цолондоо эзэн нь байх юм шүү” гэж бодогдсон. Цол дагаж асар том хариуцлага ирж буй нь мэдрэгдсэн” гэв.

Улсын цолтнуудын өнөр бүлд багтсан Д.Рагчаагийн цолоо ахиулах ээлж 2006 онд тохиож Ардын хувьсгалын 85 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн томоохон баяр давхацсан том наадамд Сүхбаатар аймгийн харьяат улсын заан Ц.Магалжаваар долоо давж улсын заан цолны болзлыг 29 насандаа хангасан юм. Энэ талаар нь асуухад “2006 оны наадмын өмнө бэлтгэл сайхан дүүрсэн, ханасан байсан л даа. Заан цол надад их гоё санагддаг байлаа. Энэ цолд хүрэхийг мөн ч их хүссэн дээ. Тэр жилийн наадамд улсын начин Өвөрхангайн Р.Ганхуягаар тав давж шөвгөрөөд зургаагийн даваанд Завханы Ш.Уламбаярыг амлаж барилдаад давсан. Харин заан цолны төлөө хэнтэй барилдахаа хүлээгээд ам сонсоод сууж байтал “Сүхбаатарын Ц.Магалжавтай туналаа” гэж тайлбарлагч зарлаж байна. Магалаа ч тэр жил онцгой сайн бэлтгэлтэй байсан. Гараад хүнд барилдаан хийж давуулж бариад хутгаж давсан. Энэ мэхийг мөн ч олон удаа давтсан даа. Дадал болтлоо давтсан мэх өөрийн мэдэлгүй ордог юм байна лээ. Магалаа бид хоёр ч олон жил сайхан нөхөрлөсөн. Бөхчүүд бид дэвжээн дээр ширүүн өрсөлдөгчид ч бусад үед гэмгүй сайхан найзууд байдаг л даа. Адилхан хөлс, хөдөлмөрөө зарцуулж байгаа болохоор бие биенийхээ зовлон жаргалыг сайн ойлгодог” гэж ярьж байв.

Энэ цагаас хойш эр бяр нь жагссан Д.Рагчааг бөхийн хорхойтнууд улсын наадмын түрүү бөхийн тааварт оруулж, илүү их амжилт хүлээх болов. Харамсалтай нь наадамчдын хүлээлтэд хүрсэн барилдааныг хараахан үзүүлсэнгүй. Шинэхэн заан маань 2007 оны улсын их баяр наадмын дөрвийн даваанд Дундговь аймгийн харьяат аймгийн арслан Б.Чинзоригт өвдөг шороодож тааруухан наадсан бол 2010 оны ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадамд амжилттай барилдаж Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбатаар долоо давж цолоо батлаад, нутгийн дархан аварга Д.Өсөхбаярт тахим буулгажээ. Улсын заан цолоо баталж “Саруул сайжрах” чимэг авсан Д.Рагчаа 2012 оны улсын их баяр наадамд одтой сайхан барилдаж найм даван үзүүрлэж улсын гарьд цол хүртсэн талаараа “Улсын наадамд үзүүрлэхэд маань аав ээж, найз нөхөд, нутаг усныхан гээд надаас дутуугүй баярласан олон хүн байсан. Тэднийхээ итгэлийг алдалгүй сайхан барилдсан даа сэтгэл өндөр явдаг юм. Намайг цөөнгүй жил барилдахад үргэлж дэмжиж, түшиж тулж явсан энэ олны хүчээр би өдий зэрэгтэй барилдаж явдаг шүү дээ. Түрүү байрын төлөө барилдахаар давчихаасай гэсэн хүн их олон байсан юм билээ. Үүнийг наадмын дараа явсан газар бүртээ мэдэрч, сонсож байсан даа. П.Бүрэнтөгс чинь надаас 12 насаар дүү, ижил луу жилтэй хүчтэн шүү дээ. Үе мултарсан дүү залуу аймгийн арслантай үнэн хүчийг үзээд дийлэлгүй өвдөг шороодсон доо” гэж ярьсан юм. Мөн “Монгол хүн амны бэлгээр” гэж бөхийн тайлбарлагч Ц.Батнасан найз маань барилдах бүрт л “Д.Рагчаа хэзээ нэг цагт монгол наадмын түрүү байрын төлөө босох бөхөө” гэж хэлж байсныг нь биелүүлж өндөр цолд хүрсэн дээ баярлаж явдаг юм” гэж хэлж байсан юм. Энэ наадмын их шөвгийн дөрөвт Х.Мөнхбаатар арслантай хийсэн барилдааных нь талаар асуухад тэрээр “Мөнхбаатар арсланг талласан чинь л барьц яг тэгж сайхан таараад татсан хэрэг. Тэгээд л хөдөлсөн. Арсланг тэнцвэр алдангуут нь “Энэ л миний алдаж болохгүй боломж” гэж тэрхэн агшинд бодоод л хамаг хүчээ дайчлаад, ёстой л нүдээ аниад зүтгэчихсэн. Жин масс ихтэй, суурьтай арсланг их хүч гаргаж давсан даа” гэж хэлсэн юм. “Үндэсний бөхөөр барилдаж гаргасан амжилт маань их спортын бэлтгэлтэй салшгүй холбоотой байдаг. Спортын сууриа тавихдаа л чөлөөт бөхийн бэлтгэл хийж байсан маань удаан хугацаанд амжилттай барилдах суурь болсон доо. Би чинь 36 насандаа улсын наадамд үзүүрлэсэн хүн шүү дээ. Чөлөөт бөхийн улсын шигшээ багт тамирчин болж, шилдэг тамирчдын бэлтгэлийг нь хангалцаж, хөлсөө урсгаж байсныхаа буянг сүүлд нь амссан” гэж ярив. Тэрээр үндэсний бөхөөс гадна чөлөөт, самбо, жүдо барилдаанаар хичээллэж улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шагналт болон медальт байранд шалгарч самбо барилдааны олон улсын хэмжээний мастер цол хүртсэн юм.

Амжилттай яваа эр хүний ард сайн хань байдаг. Д.Рагчаа гарьдын эхнэр нь улсын дархан аварга Д.Цэрэнтогтохын ууган охин Урансүрэн гэж эмэгтэй бий. “1993 онд хотод орж ирээд “Их шавь”-ийн дээд сургуулийн багш дасгалжуулагчийн ангид Д.Цэрэнтогтох аваргын охинтой дөрвөн жилийн хугацаанд хамт суралцаж төгсөөд гэр бүл болж байсан даа. Бид хоёр ханилаад 20 жил болжээ. Одоо хоёр хүү, нэг охинтой сайхан амьдарч байна. Улсын их баяр наадмын түрүү байрын төлөө найман удаа барилдаж дөрөв түрүүлсэн дархан аварга хүний хүргэн болж дэргэд нь заавар зөвлөгөөг нь сонсох хувьтай төрсөндөө баярлаж явдаг юм аа. Би 2012 оны наадмын бэлтгэлд хадам аав багштайгаа гарч үр дүнд нь гарьд цол хүртэж байсан. Яг чухал барилдаануудын өмнө миний сэтгэл зүйг хурцалж өгч байсан даа. Өдий зэрэгтэй яваа маань аавтай маань салшгүй холбоотой” гэж хэлсэн. Д.Рагчаа гарьдынх хоёр хүү, нэг охинтой ажээ. Том хүү нь оюутан болсон бол бага нь өнөө жил найман нас хүрч байна. Гарьд “Хөвгүүдийгээ барилдаасай гэж их харах юм. Гэхдээ ирээдүйд барилдах эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Хүүхдүүдийн буян заяа л мэдэх байлгүй дээ” гэж ярьсан юм. Монгол бөх удам дагадаг гэдэг. Д.Рагчаа гарьдын ээжийн талд нь 1920-иод оны үед улсын наадамд амжилттай барилдаж байсан “Нохой” Гомбо гэж улсын заан цолтой хүн байжээ.

Д.Рагчаа гарьдын хувьд улсын их баяр наадамд үзүүрлэж байсан бол “бага наадам” гэж нэрлэгддэг сар шинийн барилдаанд ч амжилттай зодоглож 2014 онд сар шинийн барилдаанд 38 насандаа түрүүлсэн юм. “Сар шинийн барилдаанд олон ч жил барилдсан даа. Хариуцлага алдаж доогуур даваанд унаад, эсвэл бэртэл гэмтэл гээд сайн барилдаж өгөхгүй л байлаа. Төр түмний хүндэтгэлийн том наадамд нэг сайхан барилдчих юм сан гэсэн бодолтой явж байгаад 2014 онд зорилгодоо хүрсэн дээ. Өөрөөсөө олон насаар дүү энэ үеийн шилдэг бөхчүүдийг давж түрүүлчихээд туг тойрч байхад сайхан мэдрэмж төрж байсан шүү. Ер нь цагаан сарын барилдаанаар бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг шинждэг болохоор их ач холбогдол өгч барилддаг” гэж хэлсэн юм. Түүнээс цагаан сар хэрхэн тэмдэглэдэг талаар асуухад “Сар шинийн барилдаандаа зодоглоод гэртээ ирэхэд тавгийн идээгээ засах гээд гэрийнхэн маань хүлээж байдаг. Идээгээ засчихаад сайхан битүүрнэ дээ. Би чинь бөхчүүд дотроо бас ахмад нь болчихжээ. Эхнэр бид хоёр өөрсдөө айлын отгон хүүхдүүд болохоор сар шинийн баяраар дүү нар, шавь нар ирж золгоод олны хөл тасрахгүй шүү дээ. Эхний жил ганцаараа ирж байсан шавь нар дараа жил нь эхнэр аваад хоёулаа, тэгээд хүүхэдтэй болоод гурав дөрвүүлээ хүндлээд зогсох гээд ирдэг нь сайхан. Ний нуугүй хэлэхэд цагаан сараар нэг ахмад хүн шиг л байдаг. Жил бүрийн цагаан сар өнөр өтгөн сайхан болдог шүү” гэж хэлсэн юм.

Удахгүй болох сар шинийн барилдааны өнгийг хэрхэн харж байгаа талаар асуухад “Сар шинийн барилдааныг тааварлахад хэцүү л дээ Өнгөрсөн жил нутгийн дүү аварга Ч.Санжаадамба бага наадамд гурав дахь удаагаа түрүүллээ. Энэ жил илүү сайн бэлтгэлтэй байгаа. Ноцтой алдаа гаргахгүй бол өнгөнд л барилдах байх. Мөн Р.Пүрэвдагвыгаа сар шинийн барилдаанд сайн барилдчих болов уу гэж хүлээж, харж байна. Үүнээс гадна өнгөрсөн жилийн баяр наадмаар улсын харцага цол авсан М.Бадарчийн бэлтгэл ч аятайхан таарсан байгаа харагдсан. Тэр өдөр аз од нь гүйсэн бөх түрүүлэх байх. Би “Бөх билэгт” дэвжээний залуучууддаа сурсан мэдсэнээ зааж зөвлөөд явж байна” гэж хариулсан юм. Ийнхүү Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний бэлтгэлийн цаг болж гарьд ажилдаа явснаар бидний уулзалт өндөрлөлөө. Д.Рагчаа гарьд аймгийн арслан болсноос нь хойш дэмжиж ирсэн “МАКС” группийн хамт олонд талархал илэрхийлж байсан юм.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Магвансүрэнгийн Хүрэлсүх: “Морин хуур” наадмын тэргүүн шагналыг “аминаас үнэтэй Монгол”, “Хурмастын дууч шувуу” дуугаараа хоёр удаа авсан

“Морин хуур” наадмын хошой тэргүүн шагналт яруу найрагч, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны “Мөнгөн цом”-ын эзэн, соёлын тэргүүний ажилтан Магвансүрэнгийн Хүрэлсүхтэй уулзаж хөөрөлдлөө.


-Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам өнөөдөр болж байна. Энэ наадмын тэргүүн гран при шагналын эзнээр хоёронтаа шалгарч байсан найрагч маань энэ жил ямар бүтээл сойв доо?

-Энэ жилийн “Морин хуур”-таа хүлэг-шүлэг сойсонгүй. Оролцох санаа бол их л байлаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Насанбуян гуайтай хамтарч “Сайхан хань минь, нандин хайр минь” гэдэг дуу хийснийг миний хань, соёлын тэргүүний ажилтан, дуучин А.Солонго дуулсан байсан л даа. Үүнийг оруулъя гэж бодсон ч манай “Шөнийн худалдааны төв”-ийн “Пирамид” клуб дээр “Морин хуур” наадмын эхний шалгаруулалт болсон. Өөрийнхөө клуб дээр ийм том үйл ажиллагаа явагдаж байхад дуугаа уралдуулах нь зохисгүй юм болов уу гэж бодоод өнжсөн.

-Өнөө цагт аливаа зүйлд ичих булчирхайгүй загнасан хүмүүс л хождог болсон мэт. Таны өнждөг чинь өөрийн уран бүтээлээ хэлмэгдүүлсэн явдал бус уу?

-Яах аргагүй ашиг сонирхлын зөрчил шүү дээ.

-Та ч аргагүй л улстөрч хүн шиг хариулж байх шив. УИХ-д ч оффшор данстнууд сууж байхад таны ёсорхог татгалзал илүү ажил байж дээ?

-Би хоёр том намд гишүүнчлэлгүй. Иргэний зориг-ногоон намд тодорхой албан тушаал хашиж байсан. Намууд ер нь идэж уудаг хүнийг бэлдэх биш, Монгол Улсын тусгаар тогтнол, газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж чадах эрхэмсэг бөгөөд шударга зарчимтай хүмүүсийг бэлдэж байх ёстой. Одоо яаж байна гэхээр намд хандив өргөсөн улсаа албан тушаалд тавьдаг явдлаа таслан зогсоохгүй бол Монгол Улс маань сүйрлийн байдалд орчихлоо.

-ИЗНН-даа та ажиллаж байгаа юу?

-ИЗНН-ын хувьд залуучууддаа боломж олгож намын удирдлагын жолоог гардуулж өгсөн. УИХ-ын 2016 оны сонгуульд манай нам суудал авч чадаагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжин ажиллаж Ерөнхийлөгч болгож чадсан. Намын дарга С.Оюун, намын дэд бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга байсан бид албан тушаалуудаа залууст хүлээлгэн өгсөн.

-“Морин хуур” наадамд та ямар бүтээлээрээ шалгарч байлаа?

-Миний хувьд “Морин хуур” наадамд оролцож эхэлсэн түүх их сонин. Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Чойгивын Сангидорж ах маань миний хэдэн дууны шүлгийг аваад удаж удаж “Монгол минь ганцхан”, “Аавын ухаан”, нутгийн тухай дуу гуравт аялгуу зохиосон байсан. Сангиа ах “Монгол минь ганцхан” бол сайхан уран бүтээл болсон. “Морин хуур” наадамд сойно” гэсэн. Энэ чинь 2010 он юм. Тэгээд бид хоёр “Хүслийн бороо”, “Монгол минь ганцхан” гэсэн хоёр дууг “Морин хуур”-т сойлоо. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Төрмандахын дуулсан “Монгол минь ганцхан” дуу бараг түрүүлэх хэмжээнд яригдаж байгаад дэд байрын шагнал авсан. “Хүслийн бороо” минь шилдэг 25-д багтлаа. Би ч уран бүтээл хийх их урам зориг орсон. Сангиа ах намайг “Миний бор хүү” гэж өхөөрддөг байлаа. Дууны ая биччихлээ гээд шөнө дөлөөр ч утасдана. Бид хоёр арван нэгэн дуу хамтарч бичсэн дээ. Өр нимгэн, гайхамшигтай суут хүн байсан даа.

-Анх эхэлж улсын том наадамд урамтай сайхан уралджээ?

-Хойтон жил нь яруу найрагч Дашзэгвийн Банзрагчийн шүлэг “Сүүдэр цармын цэцэг” дуугаараа алдаршсан соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Сайнцогийн Мөнхбат надад нэг аялгуу өгч дуу захиалсан. Би дуучин хүнд зориулсан “Хурмастын дууч шувуу” гэж шүлэг бичиж өгч, гавьяат жүжигчин Ө.Уянгын дуулсан эл дуу маань тэр жилийнхээ “Морин хуур”-ын тэргүүн байрын шагналыг авсан.

“Хайраа санан уйданхан суухад минь

Уужим хоолойгоор зүрх хөгжөөн

Энхэр тогоруу эгшиглэн хөөрнө

Эрхэс тэнгэрийг мэлмэртэл уяраана

Мөнгөн үүлсийг мэгштэл аялгуулсан

Цэн тогоруу хурмастын дууч шувуу” гэсэн үгтэй дуу л даа.

-Дараа жил нь дахиад магнайлсан бил үү?

Арван хоёр онд “Цэнгэг сэрүүн булгийнхаа уснаасаа

Сөгдөн сөгдөн суугаад залгилъя аа

Сэвшээ хонгор талынхаа салхиараа

Алдлан алдлан алхаад амьсгалъя аа” гэсэн үгтэй “Аминаас үнэтэй Монгол” шүлэгт маань ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав аялгуу зохиосныг ардын жүжигчин А.Долгор миний хань Солонготой хамтран дуулж гран при шагналыг авсан даа. “Морин хуур” наадам маань яг үнэндээ Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн наадам байдаг ч яруу найрагчид шүлгээ сойдог, сорьдог сайхан наадам. Сайн шүлэгтэй байж сайн дуу төрдөг, сайн дуу төрж байж дуучнаа олдог гэдэг бичигдээгүй хууль бий.

-Өөр ямар бүтээлүүд чинь шилдэгт багтан шалгарч байв?

-Солонгоогийн дуулсан Мөнхжаргалын аялгуу “Сэлэнгэ сайхан нутаг” дуу 2011 онд, Соронзонболдын ая гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгсийн дуулсан “Аялгуу минь” дуу 2012 онд тус тус шилдэг дуугаар шалгарч байлаа. Хөгжмийн зохиолч Сайнцогийн Төрбаттай хамтран хийсэн “Анд минь” хэмээх дууг дуучин Гэрэлчулуун дуулж шилдэг долоод багтаж байлаа.

-Дууны яруу найрагчийн хувьд мэргэжлийн хэмжээнд очжээ гэж хэлж болох нь. Таныг их хожуу яруу найраг бичсэн гэж сонссон юм байна?

-Одоогоос арваад жилийн өмнө миний бие их чилээрхсэн юм. Тухайн үед эмч нар “Нэг жилийн нас үлджээ” гэж оношилсон. Тэгээд яахав дээ, дотроо л “Хүн болж төрсөн юм чинь ямар нэг зүйл бүтээх учиртай байх. Нутагтаа, ээждээ нэг нэг сайхан дуу зориулж зохиолгоё” гээд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Доржготовтой хамт есөн сард Шаргалжуутын рашаан сувиллыг зорилоо. Өвчин хуучаа ч бас эмчлүүлье гээд явлаа. “Айраг ууж болохгүй, халуун рашаан хориотой, тарваганы мах идэхгүй байх” зэрэг нэлээд их хориотой зүйлсийн жагсаалттай очлоо. Гэртээ жил гаруй хугацаанд хэвтэж шаналчихсан хүн Шаргалжуут явахад сэтгэл цаанаа л нэг догдлонгуй. Тэгээд “Хэзээ үхнэ гэж өөрийгөө цэнэж гуних вэ” гээд Шартын даваанаас эхлээд намрын тос хөвсөн айраг ууж явлаа. Шаргалжуутад очоод халуун рашаанд ч орлоо. Хулгар шар ч идлээ. Доржготовтоо ээж, нутгийнхаа тухай шавайгаа ханатал ярилаа. Очоод дөрөв тав хонолоо. Доржготов маань шүлэг бичдэггүй дээ. Ер нь би энэ хүнд ойртуулж өгөх хэрэгтэй юм байна гээд шүлэг бичлээ. Үзүүллээ. Мань эр уншчихаад “Чи надаар бичүүлэлтгүй өөрөө яруу найрагч хүн байна шүү дээ” гэж урам хайрлаж, хөгжмийн зохиолчидтой танилцуулах боллоо. Бууцагаанд очоод цоргоор нэрсэн ямааны нэрмэл татлаа.

-Таны төрөлх Бууцагаан чинь идээгээрээ алдартай шүү?

-Цоргоны нэрмэл, ааруулаараа монгол даяар алдартай. Монгол архины дээж мөнгөн тагшаар татаж хэд хоноход нутагтаа, ээждээ, Шаргалжуут рашаанд зориулсан гурван ч дуутай ирсэн дээ. Хүрч ирээд танилуудтайгаа таарахад “Чиний царай зүс чинь өргөс авсан юм шиг өнгөтэй жавхаатай болж” гээд. Шинжилгээ өгтөл бүх онош эрүүл гарлаа. Үүнээс хойш л би бурхан тэнгэрийн өмнө өртэй юм шиг, өөрийнхөө хийх ёстой ажлыг хийлгүй явсан юм шиг санагдах болж шүлэг найраг бичиж эхэлсэн дээ.

-Бүтээл ч ундарч өгсөн биз?

-Зуу гаруй дууны шүлэг бичиж, “Их гүрэн”, “Нармай Монгол”, “Нүүдэл”, “Буга шүтээн” зэрэг яруу найргийн түүврүүдээ гаргалаа. Шүлэг, дууны “Зөн совин ивээж байна” гэж хос цомог гарсан. “Их гүрэн” номоо худам монгол бичгээр гаргалаа. Баянхонгор нутгаас төрсөн бичгийн их мэргэд, найрагч, зохиолчдынхоо бүтээлийг эмхэтгэн “Их Богдын эгшиглэн” хэмээх их том ботийг хэвлүүлсэн.