Categories
мэдээ нийгэм

Хүний амь нас хохироогоод зугтсан жолоочийг баривчилжээ

Энэ сарын 17-ны өдөр буюу шинийн 2-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн товчоо, “МТ” шатахуун түгээх газрын зүүн замд явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тухайн машины ард явж байсан саарал өнгийн “Приус-20” маркийн автомашины жолооч тухайн хэргийг харж, зогсоохоор араас нь хөөсөн байна. Гэвч хоёулаа сураггүй алга болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж, дээрх машинуудыг харсан үзсэн хүмүүсийг эрэн хайж байсан билээ. Тэгвэл Замын цагдаагийн газраас хүний амь нас хохироогоод хэргийн газраас зугтсан жолоочийг илрүүлэн, баривчилсан талаар мэдээллээ. Замын цагдаагийн албаны Эрүүгийн тасгийн алба хаагчид уг этгээдийг энэ сарын 18-ны 20:00 цагийн үед Хан-Уул дүүрэг дэх гэртээ байхад нь баривчилжээ. Хан-Уул дүүрэгт оршин суух, 30 настай, эрэгтэй А-г баривчлан хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зурагтад агаарын бохирдол хамгийн их байна

ЗурагАгаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар Зурагт орчимд агаарын бохирдол хамгийн их буюу агаарын чанарын индекс (АЧИ)-ийн 510-аас дээш байна.

Харин Толгойт, Бөхийн өргөө, Монгол газар орчимд агаар дунд зэргийн бохирдолтой байгаа бол Нисэх, Амгалан, Мишээл экспо, 100 айл, Баянхошуу орчимд бага зэргийн бохирдолтой гэж гарчээ.

Агаарын чанарын индекс 501 ба түүнээс дээш байгаа бол маш их бохирдолтой бөгөөд удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг байна. Индекс 101-250-тай буюу агаар бага зэргийн бохирдолтой бөгөөд хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртдөг байна.

Categories
мэдээ спорт

Монгол дугуйчин Б.Тэгшбаяр ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Зураг

Малайз Улсын Куала Лампур хотод болсон дугуйн ханан тойргийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол дугуйчин Б.Тэгшбаяр хүрэл медаль хүртжээ.

Энэ амжилт нь Монголын дугуйн спортын түүхэнд track төрлөөр медаль авсан анхны тохиолдол болж байна. Түүний оролцсон зайд БНХАУ-ын дугуйчин алт, Ираны тамирчин мөнгөн медаль хүртжээ. Б.Тэгшбаяр нь хоёр жилийн өмнө энэ төрлөөр залуучуудын ДАШТ-д аваргалж, Монголын дугуйн спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяа байгуулсан шилдэг тамирчин юм.

Categories
мэдээ нийгэм

Согтуугийн дуудлага 57.6% хувиар буурчээ

Цагаан сар, амралтын өдрүүдээр Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс, төвүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн алба хаагчид олон нийтийн цагдаа, ХСИС-ийн сонсогчид, урамшилт эргүүл гудамж талбай, олон нийтийн газарт авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн 132 гэмт хэргийг илрүүлжээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.4%, гэмт хэргийн дуудлага 33.2%, зөрчлийн дуудлага 36.6%, согтуугийн дуудлага 57.6% хувиар тус тус буурсан байна. Мөн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 672 хүнийг эрүүлжүүлж, 960 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

МУИС, Гаванын их сургуультай хамтран ажиллахаар болов

Зураг

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар Гаванын Их сургуулийн захирал Густаво Кобрейрогийн урилгаар хоёрдугаар сарын 12-15-нд Куба улсад айлчилж, “Их сургууль -2018” олон улсын дээд боловсролын конгресс болон Гаванын Их сургууль үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ.

Энэ үеэр Гаванын их сургуулийн захирал Густаво Кобрейро, Латин Америкийн Их сургуулиудын холбооны Ерөнхийлөгч Хэннинг Женсен, Гаванын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн захирал доктор Антонио Ромеро, Хэл, соёлын сургуулийн захирал хатагтай Родригес Пүэрто зэрэг албаны хүмүүстэй уулзсан байна. Уулзалтад Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр оролцжээ.

МУИС болон Гаванын их сургууль хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан судалгаа хийх, багш, оюутан, эрдэмтдийг харилцан солилцох зэрэг олон асуудлаар харилцан санал солилцож, дээд боловсролын салбарт цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх ач холбогдолтой чиглэлүүдийг тодорхойлсон байна.

Мөн Кубын биотехнологийн салбар дахь стратегийн ач холбогдолтой Генетикийн инженерчлэл, Биотехнологийн төв, сахарын өвчин судлалын үндэсний төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцаж, Монгол Улсад тулгамдаад буй сахарын өвчин, гепатит В, С вирусийн халдварын тархалтыг бууруулах зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийж, харилцан идэвхтэй ажиллахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврээр төлбөртэй зорчино

Image result for карт уншуулдаг машин автобус

Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийслэлийн иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчсон билээ. Харин өнөөдрөөс үнэгүй зорчих эрх хязгаарлагдаж, төлбөрөө төлөн зорчиж эхлэх юм.

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 87 чиглэлд 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус иргэдэд 08.00-22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилсэн аж. Мөн Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж ажилласан юм. Харин өнөөдрөөс хэвийн горимд шилжиж ажиллаж эхлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Дээрэмдэх гэмт хэргүүдийг шуурхай илрүүллээ

Өнгөрсөн хоногт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Хангай” захын орчим явсан иргэний эд зүйлийг Н, Б нар согтуурсан үедээ дээрэмдсэн, мөн тус дүүргийн 25 дугаар хороо, зүүн салааны эцэст явж байсан иргэний гар утас, бичиг баримтыг М нь согтуурсан үедээ дээрэмдсэн гэмт хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.

Баяр амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж талбай олон нийтийн газар авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Иймд иргэд Та бүхэн гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд нэн даруй мэдэгдэж хамтран ажиллахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэгт 450 боодол өвс шатжээ

ЗурагНийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд 450 боодол өвс шатсан хэрэг өчигдөр буюу шинийн 2-нд гарчээ. Тодруулбал өвс шатсан дуудлагыг 15:05 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 15:10 цагт хүрэлцэн очиж, нэг цаг ажиллаж унтраасан байна. Мөн өчигдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороонд баригдаж буй барилгийн манаачийн байр, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин, гараж, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гэр шатжээ.

Орон нутагт, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт байшин, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн-шавь багт амбаар шатсаныг харьяа Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллан унтраажээ. Галын улмаас хүний амь нас эрсэдсэн хэрэг гараагүй хэмээн ОБЕГ-аас мэдээлэл өгч байна.

Categories
мэдээ нийгэм

100 нас сүүдэр зооглож буй Д.Норов гуайд хүндэтгэл үзүүлэн золголоо

ЗурагМонгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр 100 насны сүүдэр зооглож буй Дандардоржийн Норов гуайд амар мэндийг нь эрэн золголоо.
Д.Норов гуай 1918 онд Халхын Сайн Ноён хан аймгийн Цогтой гүн Лха Дашдоржийн хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт хошуу туслагч Дандардоржийн 11 хүүхдийн долдугаар охин болж төржээ. Аав Дандардорж нь “Төрийн дуучин” цолтой хишиг хүн байсан. Эцэг эх нь маань хөгжөөж, үлгэр тууль, ерөөл магтаал хуучирдан хэлүүлэх, цэцэн мэргэн үг сургааль айлтгах зэргийг зааж сургаж, үр хүүхдүүд нь бүгд ардын урлагт хайртай цэцэн цэлмэг үгтэй хүмүүс болон торнисон гэж Д.Норов гуай хуучиллаа. Төр засагтаа залбирч, төрийн сүлдэндээ мөргөж явдаг гэлээ.

Д.Норов гуай монгол түмэн минь эрүүл энх байх болтугай. Нуур амгалан бол нугас амгалан гэдэг, төр нь төвшин түмэн олон нь амгалан байх болтугай. Үр хүүхдүүдээ зөв сайхан хүмүүжүүлж, өвгөдийнхөө зан заншил, өв соёлыг уламжлуулаарай гэж ерөөлөө.

Д.Норов гуай есөн хүүхэд төрүүлж өсгөсөн, үр хүүхэд, ач зээ, хүргэн, бэрүүд нийлээд 100 гаруй болсон, сар шинээр 400-гаад айлчин ирдэг гэж сонирхуулав. Түүний дүү, урлагийн гавьяат зүтгэлтэн, туульч Д.Өлзий гуай энэ үеэр зочдод хандаж сар шинийн ерөөл өргөлөө.

Нөхөрсөг хэмээх нохой жил монголчуудад ээлтэй, өгөөж буянаа хайрласан сайхан жил байдаг. Монголчууд эвтэй найртай байх юм бол Монгол Улс цэцэглэн мандаж, төр төвшин, түмэн олон амгалан байх сайхан жил болно. Монгол хүн амны бэлгээр гэдэг. Хотондоо боохой ойртуулдаггүй шөнийн манаач, хогшилдоо хулгайч оруулдаггүй өдрийн манаач, эзэндээ ээлтэй нохой жил гарлаа. Монгол Улс өрөө дарж, өөдлөн дэвжиж байна. Эдийн засагт үүр цайлаа. Сайн бүхнээ өмгөөлж, хамгаалах нохой жил гарч байна гэж азай буурлууд минь бэлгэшээж байна гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Categories
мэдээ улс-төр

ХЗДХ-н ТНБД Г.Баясгалан: Шулуухан хэлэхэд, Арбитрын шийдвэр нэг гарсан бол давж заалдаад ялах магадлал тун ховор байдаг

“Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авснаас болж уг маргаан Арбитрын шүүх дээр дээр хэлэлцэгдэн Монгол Улс тал ялагдал хүлээсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэр зээлийн үлдэгдэл төлбөр болох 51 сая ам.доллараас гадна бусад төлбөрүүд болох 102 сая ам.долларыг төлөхөөр болсон. Уг төлбөрийн хүү өдөр бүр өсч байгаа бөгөөд сард 700 мянга орчим ам.доллараар нэмэгдэх тооцоотой байна. Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Арбитрын шүүхийн шийдвэр эцэслэн гарсан. Давж заалдах боломж байгаа ч төлөх ёстой мөнгөнийхөө тодорхой хэмжээний барьцаа тавих шаардлагатай гэдэг зүйлийг хэлж байсан. 51 сая ам.доллар учраас ийм их хэмжээний мөнгө барьцаанд тавих боломжгүй. Тиймээс давж заалдах эрх авч чадаагүй. Английн шүүхээр явж байгаа процессын зарим нэг зүйл дуусаагүй байгаа ч Арбитрын эцсийн шийдвэр тодорхой нөлөө байхгүй гэж дүгнэж байгаа” гэсэн тодруулга өгсөн байна. Мөн тэрээр “Арбитрын шүүхийн шийдвэр гарсан учраас бид төлөх нь ойлгомжтой. Харин тухайн төлбөрөө яаж төлөх вэ гэдгээ хурдан шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Төлбөрийн хугацааг хойшлуулах, хүү, торгуулийг зогсоох зэрэг олон арга бий. Тиймээс энэ асуудлаа “Эрдэнэт” үйлдвэр хурдан шийдээд явах ёстой. Тэгвэл бидний төлөх мөнгө нэмэгдэхгүй. Сүүлийн үед Арбитрын шийдвэрийг давж заалдаж болно гэх ойлголт олон нийтийн дунд их байх шиг байна. Шулуухан хэлэхэд, Арбитрын шийдвэр нэг гарсан бол давж заалдаад ялах магадлал тун ховор байдаг. Тиймээс магадлал багатай зүйлд найдаад цаг хугацаа алдах хэрэг байна уу гэдэг л асуудал. Төлбөрөө ямар байдлаар, ямар эх үүсвэрээр төлөх вэ гэдгээ “Эрдэнэт” үйлдвэр болон Засгийн газрын түвшинд ярилцаад хурдан шийдвэрээ гаргах ёстой” гэжээ.