Categories
мэдээ спорт

Б.Ганхайч Гранд слам ангиллаас анхны медалиа авлаа

Б.Ганхайч Гранд Слам ангиллаас анхны медалиа авлаа

“Дюссельдорф-2018” Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр монголын багийн медалийн буухиаг эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин улсын хошой аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт Болдын Ганхайч үргэлжлүүллээ. Тэрбээр эхний тойрогтоо эзэн орны Дена Пойлийг 3:20 минутад вазари үнэлгээгээр ялагдаж яваад цэвэр, хоёрдугаар тойрогт Испаний Сарай Паделла Гуэррерог вазаригаар, хэсгийн аваргын төлөө Филиппиний Киюүми Ватанабег 2:41 минутад цэвэр ялж хагас шигшээд үлдсэн. Гэвч хагас шигшээд Японы Мегүми Цүганед ялагдсан бол хүрэл медалийн төлөө Кубын Майлин Дель Торо Карвахалыг нэмэлт цагт вазаригаар ялж Гранд Слам ангилалаас анхны медалиа гардлаа. Түүнд ялагдсан Кубын бөх энэ жингийн олимп, дэлхийн аварга Словений Тина Трстенякийг ялж шуугиан тариад байсан юм.

Categories
мэдээ спорт

Мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээн болно

Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээн болно

ОХУ-ын Киров хотод ирэх сарын 2-4 хооронд мөсөнд авиралтын Дэлхийн цомын 5-р цуврал тэмцээн болно. Манай улсаас уг тэмцээнд оролцохоор нийт 4 тамирчин ОХУ-ыг зорьсон. Тодруулбал Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Д.Энхбаатар, Д.Отгонхүү нарын тамирчид эх орноо төлөөлж уг тэмцээнд өрсөлдөнө.

Эдгээр тамирчдаас спортын мастер Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар нь цагаан сарын өмнөхөн болсон дэлхийн цом, ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авч ирж, 60 жилийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар алтан медалийн төлөө тулалдана

Э.Цэндбаатар алтан медалийн төлөө тулалдана

Болгарын нийслэл Софи хотод “Странджа-2018” боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Тэгвэл өнөөдөр манай тамирчин Э.Цэндбаатар алтан медалийн төлөө АНУ-ын боксчинтой хүч үзнэ. 69 дэх удаагийн тэмцээнд дасгалжуулагч Н.Баяраагийн удирдлага дор Монголын хоёр ширэн бээлийтэн тулалдсанаас Б.Чинзориг хүрэл медалийн төлөөх даваанд Унгарын боксчинд ялагдсан юм.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сард “Бүргэдийн баяр” болно

Холбоотой Зураг

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, Монголын Бүргэдчид холбоо хамтран “Хаврын бүргэдийн баяр”-ыг ирэх сарын 4-5-нд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг болох Бүргэдийн баяр нь 2000 оноос эхлэн зохион байгуулж буй. Тус арга хэмжээний гол зорилго нь Монгол Улсын үндэстний цөөнх болсон казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн. Бүргэдээр ан хийх уламжлалыг Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсч, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг юм.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Элчин сайдын яамнаас Н-2 виз мэдүүлэх ерөнхий журмыг гаргажээ

USA

АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яамнаас H-2 визний ангилалд Монгол Улсыг багтаасан. Уг визийг манай иргэд ирэх сарын нэгнээс мэдүүлж эхлэхтэй холбогдуулж АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Н-2 виз мэдүүлэх ерөнхий журмын талаар дараах зөвлөмжийг гаргажээ.

Алхам 1: Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас олно. АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно.

Алхам 2: H-2 виз нь “petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авах бөгөөд улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах өргөдлийг (I-129 маягт, https://www.uscis.gov/sites/default/files/files/form/i-129.pdf) АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргана. Зөвхөн I-129 өргөдөл батлагдсан тохиолдолд боломжит ажил горлигч нь АНУ-ын виз мэдүүлнэ.

Алхам 3: Ажлын гэрээтэйгээ танилцаж I-129 маягт буюу өргөдөл нь батлагдсан эсэх болон хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Зах зээлийн судалгаа хийж ажил олгогч таньд зах зээлийн ханштай дүйцэх хэмжээний цалин олгох эсэхийг баталгаажуулна. Англи хэл дээр бичигдсэн ажлын гэрээ хүлээн авч гарын үсгээ зурах ёстой бөгөөд хэрэв Англи хэл ойлгодоггүй бол Монгол эсвэл өөр ойлгодог хэл дээрхи гэрээн дээр бас гарын үсгээ зурсан байх шаардлагатай.

Алхам 4: I-129 өргөдөл нь батлагдсан эсэхийг нотолсоны дараа DS-160 электрон визний анкетыг бөглөн Хаан банкинд визний хураамж болох 190 доллартай тэнцэх төгрөг тушаана. (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp).

Алхам 5: H-2 ангиллын визний ярилцлагын цагаа товлоно (https://cgifederal.secure.force.com/).

Алхам 6: Виз мэдүүлэгч нь АНУ-ын Элчин Сайдын Яам/ Консулын хэлтэст визний ярилцлаганд орно. Визний ярилцлаганд ирэхдээ хүчин төгөлдөр паспорт, АНУ-ын визний шаардлага хангасан нэг хувь цээж зураг (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-photoinfo.asp) болон I-129 өргөдлийн баримтын дугаар зэргийг авчирна.

Алхам 7: Виз олгогдсон тохиолдолд визээ авч АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ.

Алхам 8: Ажлын гэрээ дуусгавар болсны дараа H-2 визний статус зөрчих аливаа үйлдэл хийлгүй АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө Монголд буцаж ирнэ. Хэрэв илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол
https://travel.state.gov/
https://search.uscis.gov/
http://www.ustraveldocs.com/
цахим хуудсуудаас авах боломжтой бөгөөд H-2 визний ангилалд Монгол Улсыг багтаасан нь итгэл хүлээлгэсэн хэрэг юм. Иймд визээ ямар нэгэн байдлаар буруугаар ашигласан эсвэл зөрчсөн тохиолдолд АНУ-ын Дотоолын Аюулгүй байдлын яам визийг цуцлах эрхтэй гэдгийг тус ЭСЯ-наас мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Шогакукан компани Чингис хааныг доромжилсон үйлдэлдээ уучлалт гуйв

gadaadБаасан гаригт Японы Шогакукан компанийн сар тутмын хүүхдийн комик сэтгүүлд Чингис хааны нэрийг чин чин хэмээн /бэлэг эрхтэн/ бичиж духны хэсэгт нь бэлэг эрхтэн дүрсэлсэн нь Монголын түүх соёлыг доромжилсон явдал боллоо хэмээн цахим орчинд багагүй шүүмжлэл хүлээсэн билээ. Тиймээс тус компанийн уг үйлдлийг Монголын элчин сайдын яам Японы гадаад харилцааны яамны гадна иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Харин уг асуудалд өчигдөр орой сэтгүүлийг эрхлэн гаргадаг Шогакукан компанийн төлөөлөгч Монголын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д. Батжаргалтай уулзаж уучлалт гуйсан талаар албан ёсны хаягтаа нийтлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны зөвлөлөөс гэнэтийн шалгалтыг эхлүүлжээ

төрийн далбаа зурган илэрцүүд

Аймаг, нийслэл, яам, агентлагийн дэргэдэх Салбар зөвлөлүүдэд төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих гэнэтийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс хийж байна. “Хариуцлага үр дүн”-гийн жилийн хүрээнд 2018 оны ээлжит гэнэтийн шалгалтыг Хэнтий, Дорнод, Баян-Өлгий аймгуудаас эхэлж байна.

Төрийн албаны зөвлөлөөс томилогдон ажиллаж байгаа шалгалтын хэсгүүд аймгийн Салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэл, явцад хяналт тавихын зэрэгцээ арга зүйн удирдлагаар хангаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч байна. Шалгалтын явцад төрийн албан хаагчдыг томилсон томилгоотой нэг бүрчлэн танилцаж, төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллаж байгаа албан хаагчдын судалгаанд түшиглэн, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа зөрчлийг арилгуулах, сул орон тоог нөхөх арга хэмжээг шуурхай удирдлагаар ханган ажиллажээ. Хууль тогтоомж болон албан тушаалын чиг үүрэг зорилтоо хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчдын зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд эргэн орохгүйгээр халах тухай Төрийн албаны тухай хуулинд заасан байдаг. Орон нутагт ажиллаж байгаа Ажлын хэсгүүд шалгалтын дүнгийн талаар Зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм.

Categories
мэдээ улс-төр

ГХ-ны сайд Д.Цогтбаатар Японд айлчилж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 21-нээс Япон Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрээр Япон Улcын Гадаад хэргийн сайд Т.Коно-той албан ёсны хэлэлцээ хийж, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Х.Сэко, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд К.Като, Токиогийн Олимп, Паралимпийн асуудал эрхэлсэн сайд Ш.Сүзүки нартай тус тус уулзаж ярилцав. Түүнчлэн, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО), Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Ардын дипломатын нийгэмлэгийн удирдлагуудтай тус тус уулзаж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Албан ёсны яриа хэлэлцээний үеэр сайд Д.Цогтбаатар ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий манай стратегийн дотно түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлов. Талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж, улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр ярилцав.

Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд Япон Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэл харамгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв. Япон Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд болон Японы ХАЁТ-ийн хүрээнд олон чухал дэмжлэг үзүүлж байгаа билээ. Японы Засгийн газар ирэх хавраас Монголын хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Мастер төлөвлөгөөг боловсруулахаар шийдвэрлэснийг Сайд Т.Коно мэдээлэв. Сайд Д.Цогтбаатар Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” –ийн III ээлжийг хэрэгжүүлэх хүсэлт тавив.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд нэн ач холбогдол бүхий ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчнийг бэхжүүлэх чиглэлд хоёр улсын Хөдөлмөрийн асуудал хариуцсан яам хооронд байгуулаад буй “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Санамж бичиг”-ийг тууштай хэрэгжүүлэхээ талууд нотлов. Сайд Д.Цогтбаатар хоёр улсын иргэд хэтдээ визгүй зорчих нөхцлийг одооноос бүрдүүлж ажиллахын чухлыг тэмдэглэж, талууд иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаарх ГХЯ-ны Консулын газар хоорондын зөвлөлдөх механизмыг бүрдүүлж, хамтран ажиллахаар болов.

Монгол, Японы харилцаа хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байгааг дурдаад Стратегийн түнш улс орны хувьд энэ чиглэлд цаашид улам бүр нягт хамтран ажиллахаар тогтов.

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх мэдээлэл

Холбоотой Зураг2018 оны Элсэлтийн Ерөнхий Шалтгалтад энэ онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм. Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэнэ. Мөн хүүхэд бүр өөрийн регистрийн дугаараа бүртгүүлж нэвтрээд И-мэйл хаяг, гар утасны дугаараа бүртгүүлснээр эргээд И- мэйл хаягаар нь бүх мэдээлэл ирэх учиртай аж. БҮТ-өөс 5, 9, 12-р ангийн сурагчдаас авдаг улсын шалгалтын нээлттэй даалгаврын санг бүрдүүлээд ажиллаж байгаа гэнэ. Шалгалтын санд 21000 даалгаврыг байршуулах бөгөөд үүний дагуу багш, сурагчид шалгалтдаа бэлтгэнэ. Улсын шалгалт эхлэхээс өмнө БҮТ-ийн сангаас улсын шалгалтын даалгаврын агуулгыг тодорхойлж гаргасан үнэлгээ хийх төлөвлөгөөг гаргаж тэр төлөвлөгөөний дагуу тухайн сургуулийн улсын шалгалт зохион байгуулах комисс даалгаврын санг ашиглаад өөрсдөө сэдэв даалгавраа боловсруулж сонгон шалгалтаа авна. Мөн дүн оноогоо БҮТ-ийн цахим хуудсанд шивж оруулах ажээ.

2018 онд ЭЕШ-ын журамд дараах өөрчлөлтүүд орсон

  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон.
  • Шалгуулагч Мобиком компанийн “Cаndy”-г ашиглан шалгалтын төлбөрөө төлөх боломжтой
  • Шалгуулагч бүртгүүлэхдээ оруулсан зургаа урьдчилж харах боломжтой

Online бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана. Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны төвшнийг тогтоох, сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байна.

Шалгалтад бүртгүүлэхдээ:

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт
  • Чээж зураг
  • Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хас банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode \БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл\ cаndy-гээр төлөх бол нэг cаndy = нэг төгрөгтэй тэнцэнэ
  • И-мэйл хаяг \ Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ\

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.

Хэрвээ хувийн мэдээлэл алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны \ esis.edu.mn \ боловсролын салбарын мэдээллийн системд засуулах шаардлагатай.

МХБШ бүртгэлийн хураамжгүй харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вэб сайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд нэмж орно.

Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2018 оны тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараахь материалыг бүрдүүлсэн байна

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
  • Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.

ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2018 оны 7-р сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана.

Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрд өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ.

ЭЕШ-д ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Бүртгэл 2018 оны 02-р сарын 05-ны 09:00 цагаас 2018 оны 04-р сарын 16-ны 18:00 цаг хүртэл явагдана.

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн 75779498 дугаараас лавлана уу.

Categories
мэдээ нийгэм

Хэдэн настай хүн хэчнээн цаг унтах ёстой вэ?

Хэдэн настай хүн хэчнээн цаг унтах ёстой вэ? зурган илэрцүүдУнтаж байх үед бие организм сулран, амарч шинэ эрч хүч цуглуулж байдаг билээ. Нойр дутах, нойргүй хонох, унтах цаг солигдох зэрэг нь эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж магадгүй юм. Тэгэхээр хэдэн цаг унтах нь нойр бүрэн авах, эрүүл саруул байх, эрч хүч нөөцлөх нөхцөл болох вэ? Энэ удаа хүний нас нойртой ямар хамаатай болон өөр бусад сонирхолтой зарим нэг баримтуудыг танилцуулъя.

Хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?

Та юу гэж хариулмаар байна? Ихэнх хүн 8 цаг, магадгүй зарим нэг нь үүнээс арай их цаг хэлж болох юм. Энэ нь ихэнх тохиолдолд зөв боловч зөвхөн ихэнх тохиолдолд юм шүү. Өөрөөр хэлбэл хүний наснаас хамаарч унтах цаг өөр байх ба өөр өөр насанд унтах хэмжээ ч бас харилцан адилгүй байх нь.

Харвардын их сургуулийн профессор Чарьлз Ксейслер нэгэн сонирхолтой туршилт хийсэн ба насны ялгаа унтах хэмжээний зохицлыг тодорхойлохыг зорьсон байна. Гарсан үр дүн нь:

Дөнгөж төрсөн хүүхэд (0-3 сар)

14-17 цаг Нялх хүүхэд (4-11 сар)

12-15 цаг Хүүхдүүд (1-5 нас)

11-14 цаг Сургуулийн өмнөх нас (6-13 нас)

9-11 цаг Өсвөр насныхан (14-17 нас)

8-10 цаг Залуу нас (18-25 нас)

7-9 цаг Насанд хүрэгчид (26-64 нас)

7-9 цаг Настай хүмүүс (65-аас дээш) 7-8 цаг

Бүх хүнд тохирох нэг сайн хуваарь гэж байхгүй ба гутлын хэмжээтэй адил юм. Өөрийн гэсэн график гарган, туршилт хийх хэрэгтэй. Нойр гэдэг бол маш сонирхолтой, хэрхэн зөв унтах, хичнээн хугацаагаар унтах, энэ нь биед яаж нөлөөлдөг гээд олон юм нь гүйцэд тайлагдаагүй зүйл юм. Тийм ч учраас эрдэмтэд одоог хүртэл энэ талаар элдэв туршилт хийсээр байна.

Нойр дутуу байх нь эрүүл мэндэд хортой гэж хэлэхэд буруудах зүйлгүй ба энэ нь зарим нэг биеийн үйл ажиллагаа: аливаа хариу үйлдэлд удаан болох, анхаарал сулрах зэрэгт сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа ужиг нойр дутуу байх нь бүр ч их хортой. Гэхдээ нэг өвөрмөц зүйл бий. Тэр нь ердөө 4 цаг унтсан хүн 7 цаг унтсан хүнтэй адилхан анхаарал төвлөрүүлж чаддаг байдал.

Учир утга нь өөр зүйлд байх ба ямарваа нэгэн зүйл хийж байгаа хүн хичнээн унтсанаас үл шалтгаалан анхаарал сарних тохиолдол үе үе гарна. Энд л гол ялгаа харагдах ба хангалттай нойр авч чадсан хүн эргээд бүх л зүйлдээ амархан төвлөрөх бол харин 4 цаг унтсан хүнд энэ нь маш хэцүү зүйл байх болно.

Харвардын профессор Клиффорд Сапер хэлэхдээ:

“Нойр дутуу хүний тархи толгой хэвийн ажиллах боловч хааяа хааяа цахилгаан хэрэгслийн тэжээл доголдохтой адил зүйл тохиолдоно”. Иймэрхүү доголдлын үед тархины айдас хариуцах хэсэг идэвхжих ба хүнд ямар нэг аюул занал тулгарч байгаа мэт байдлаар ажиллаж эхэлдэг. Үүнээс болж булчин шөрмөс чангаран, алга хөлөрч, сэтгэл санааны байдал ч тогтворгүй болно.

Хамгийн гол бэрхшээл нь иймэрхүү байдалд орсон хүн үйл ажиллагааны үр дүн нь буурч байгааг мэдрэхгүй ба аюулгүй байдалд байгаа гэсэн хуурамч сэрэхүйд хөтлөгддөг. Энэ нь ихээхэн муу үр дагавар дагуулж болзошгүй ба чухам ийм учраас жолооны ард суух бол заавал хангалттай нойр авсан байх хэрэгтэй.

Нойрны талаар өөр үзэл бодол бас бий. Жишээ нь профессор, сэтгэл судлаач Даниель Крипке нь нойр судлалаар ихээхэн судалгаа хийсэн бөгөөд түүний үзэж байгаагаар хэтрүүлж унтах нь бас хортой гэнэ. “Өдөрт 6,5-7,5 цаг унтдаг хүмүүс илүү урт насалдаг ба үр бүтээлтэй, аз жаргалтай байдаг. Харин илүүдэл нойр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ба 8,5 цаг унтсан хүн 5 цаг унтсан хүнтэй харьцуулахад өвчтэй хүн шиг байдаг байна.”

Тэгэхээр одоо яах вэ? Дахиад хэлэхэд нойр бол хувь хүнээс ихээхэн шалтгаалах ба хамгийн зөв, энгийн зөвлөгөө бол бүтэн нойртой байх явдал юм. Олон төрлийн судалгааны дүнгээс харахад насанд хүрсэн хүн 7-9 цаг унтах хэрэгтэй ба энэ хэмжээнд хүрэхгүй бол бие организмд элдэв өөрчлөлт явагдаж эхэлнэ.

Мөн өдрийн унталт гэж нэг чухал зүйл байх бөгөөд боломж, нөхцөл байвал үүнээс татгалзах хэрэггүй. Зарим судлаачид өдрийн цагаар 20 минут унтах нь хүнийг сэргээж, ажлын үр дүнд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Тэгэхээр хамгийн гол нь чамд таарах тэр л зөвлөгөөг олж түүнийг дагах явдал юм.