Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батзандан: Эрдэнэтийн 49,51 хувьтай холбоотой асуудалд Эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгах ёстой

Ж.Батзандан зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ-ын чуулган завсарласан тул гишүүд байхгүй байх шиг байна. Гэхдээ мэдээлэл өгөх үүрэгтэй тул миний бие мэдээлэл хийж байна. Би өнгөрсөн онд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой иргэдийн гаргасан гомдлын дагуу Нээлттэй сонсгол зохион байгуулсан. Б.Хурц нь Эрдэнэттэй холбоотой асуудлаар хууль бусаар Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлэхэд гар бие оролцсон. Энэ мэт асуудлаас үүдэж Б.Хурц намайг худал мэдээлэл тараасан хэмээн шүүхэд өгсөн байсан. Гэтэл шүүхээс Б.Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй. Гэхдээ няцаалт хийх ёстой гэсэн хоёр үзүүртэй шийдвэр гаргасан байна. Б. Хурц нь хэдэн хамтрагчийн хамт Д.Энхбат гэдэг хүнийг хулгайлсан нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа учраас би энэ асуудалд няцаалт хийхгүй. Түүнчлэн Б.Хурцтай холбоотой, түүний ах дүүтэй холбоотой тамхины наймааны хэрэг зэрэг олон мэдээлэл надад бий. Үүнд би няцаалт хийвэл хууль зөрчсөн болно. Би шүүхийн шийдвэрийг ойлгохгүй байгаа тул давж заалдах болно. Би авлигачдын шүүхэд итгэхгүй, ард түмний шүүхэд итгэнэ. Удахгүй авлигачдын шүүх татан буугдаж, ард түмний шүүх гарах болно.

Дараагийн асуудал бол С.Баяртай холбоотой асуудал юм. С.Баяр гуай надад багагүй гомдсон захидал битүүний өдөр явуулсан байсан. “Стандарт” банктай байгуулсан гэрээ С.Баярын үед л хийгдсэн. Гэтэл би мэдэхгүй, би оролцоогүй гэж хэлээд байгаа юм. Үндсэн хуулиа мэддэг хүн баймаар даа. Засгийн газрын Ерөнхий сайдын эрхийг Үндсэн хуульд заагаад өгчихсөн. Гэтэл би мэдэхгүй гэдэг хариулт хэлэх юм. Тухайн үеийн Эрдэнэтийн захирал байсан Ганзориг бол С.Баярын шууд томилгооны хүн. “Хан ресурс”-ын асуудлаас болж Монгол Улс 70 сая ам.доллар төлөх өрөнд унасан. Сугар, “Жаст”-ын Батхүү нар С.Баярын ойрын хүмүүс. Эрүүгийн хуульд хүртэл доод албан тушаалтныхаа үүргийг мэдэхгүй бол хэрхэх талаар зохицуулалт нь байгаа шүү дээ. Эрдэнэтийн 49,51 хувьтай холбоотой асуудалд Эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгах ёстой. Би цагаан сарын өдрүүдэд ахмад хүнтэй маргалдахгүй гэж сар шинэ хуучрахыг хүлээж байгаад ийн мэдээлэл хийж байна.” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо”сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төвтэй хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд зарлаж байна.

Уг уралдаан Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хүүхэд, багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний уран бүтээлээр дамжуулан олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор явагдаж байгаагаараа онцлог юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Удирдаач Б.Лхагвасүрэн Кубын үндэсний симфони найрал хөгжмийн чуулгыг удирдан тоглов

Гаванад сууж буй Монгол Улсын ЭСЯ-наас санаачлан удирдаач Б. Лхагвасүрэнгийн Кубын үндэсний симфони найрал хөгжмийн чуулгыг удирдан дэлхийн сонгодог болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг Кубын үзэгчдэд анх удаа толилуулсан концертыг Гавана хотын Үндэсний театрт 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав.

Концертын үеэр Кубын симфони оркестр Л. Бетховен, А. Дворжак нарын зохиолуудаас гадна Монгол улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Шаравын “Үлэмжийн ертөнц”, нэрт хөгжмийн зохиолч З. Хангалын “Эрдэнэсийн уул”, “Салхич шувуу” зэрэг зохиолуудыг тоглосон нь үзэгчдээс өндөр үнэлэлт авлаа.

Монгол, Куба хоёр улс дэлхийн бөмбөрцгийн хоёр өөр өнцөгт алс хол орших боловч сонгодог урлаг, сонгодог хөгжим хоёр ард түмнийг ойртуулахад нэн чухал үүрэгтэйг Монгол Улсаас БН Куба Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр концертын нээлтэн дээр онцлон тэмдэглэв. 2016 оны 11 дүгээр сард Гавана хотноо болсон Алисиа Алонсогийн нэрэмжит олон улсын балетын их наадамд МУ-ын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д. Алтанхуяг ирж оролцож байсан.

Концертыг Кубын соёлын яам, Кубын хөгжмийн институт, Соёл урлагийн их сургуулийн багш сурагчид, Кубын үзэгчид зэрэг нийт 600 орчим хүн үзэж сонирхсоноос гадна Гаванад суугаа ДТГ-ын тэргүүнүүд, ЭСЯ-ны дипломат ажилтнууд урилгаар ирж үзэв.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын 34894 дуудлага иржээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 34894 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 0.8 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 2865 үйлдэл бүртгэгдсэн нь 12.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. “Холболт-Нээлт-Хаалт” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сарын 12-14-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, Хууль сахиулахын их сургуулиас 293 сонсогч, Дотоодын цэргээс 142, Хамгаалалтын газраас 167, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс 8, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс 1360, олон нийтийн цагдаа 62, нийт 2024 алба хаагчид оролцож, нийслэл хотын нутаг дэвсгэрт 727 чиглэлд 1651 алба хаагч, албаны 72 автомашинтай үүрэг гүйцэтгэж ажилласан. Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласнаар 132 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 2-22-ны өдрүүдэд 5175 дуудлага мэдээлэл хүлээн авч 1804 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 158 осол бүртгэгдсэн байна. Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 11340 зөрчил илрүүлж, гэрэл дохио зөрчсөн 392, хурдны зөрчил 448, 1 дүгээр эгнээний зөрчил 10640, түр зогсох журам зөрчсөн 1750 зөрчлийг баталгаажуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлсэн. Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн бүрэлдэхүүнээр, ХСИС-ийн 172 сонсогчийг хамгаалалт зохицуулалтад татан нийт 661 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор шөнөдөө 19-22 хэм, өдөртөө 08-10 хэм хүйтэн байх урьдчилсан төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 117 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 97, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 20 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 12 иргэнийг аварч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 75 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин давхардсан тоогоор 613 албан хаагч 198 нэгж, техник хэрэгсэлтэйгээр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа” гэж танилцуулав.

“Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрт хийж буй хяналт шалгалтын хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 12 жилээс дээш хугацаагаар үйлчилгээнд ашиглаж, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа 173 автобусыг улсын /ахлах/ байцаагчийн акт гаргаж үйлчилгээнээс гаргалаа. Улсын байцаагчийн актыг хэрэгжүүлж, автобусуудыг “Бүртгэлийн сан”-гаас хасч, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай “Нийслэлийн Тээврийн газар”-т, автобусуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар Замын цагдаагийн албанд албан бичиг тус тус хүргүүлсэн. Холбогдох арга хэмжээг авч ажилласан талаар хариу ирүүлсэн байгаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгаврыг худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллагуудад ирэх гуравдугаар сарын 5-ны дотор холбогдох захиалагч байгууллагууд хүргүүлж ажиллах, Нийслэлийн Газрын алба хөрөнгө оруулалт төсөл, арга хэмжээний газрын байршлыг шийдвэрлэж, барилга барихаар төлөвлөсөн газрыг яаралтай чөлөөлөх ажлыг хийх хэрэгтэй байна” гээд “Улс, нийслэлийн төсөв, ОНХС-ийн хөрөнгө, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны тухай хууль болон холбогдох журмуудын дагуу шударга, ил тод нээлттэй зохион байгуулж, ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор гэрээ байгуулж, төсөл, арга хэмжээний ажлыг эхлүүлэх, Сургууль, цэцэрлэгийн анги танхим, эмнэлгүүдийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах чиглэлээр олгосон агаар цэвэршүүлэгчийн ашиглалтад арга зүйн зөвөлгөө өгөх, агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын зардлыг тухайн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн урсгал зардалд тусгах, хяналт тавих, үр дүнг олон нийтэд мэдээлж ажиллах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын ирүүлсэн үйл ажиллагааны тайланг нэгтгэж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж танилцуулах, “Дэд бүтцийн төв” буюу Сервис Центр төслийн ажлыг эрчимжүүлж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УУХҮ-ийн сайд ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Д.Сумъяабазар 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппелийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар Монгол Улстай уул уурхайн салбарын боловсон хүчин бэлтгэх тал дээр ХБНГУ хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.

Тэрбээр мөн “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” хийсэн. Уг хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн 6 дугаар хуралдааныг энэ оны 5 дугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар болсон талаар дуулгав.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс гадаад хамтын ажиллагааны уламжлалт найрсаг харилцааг үргэлжлүүлж, хууль эрх зүйн таатай, тогтвортой орчныг бүрдүүлэн, хөрөнгө оруулалтыг татан оролцуулах бодлого баримталж буйг хэллээ. Тиймээс уул уурхайн олборлолт, боловсруулалтын салбарт Герман улстай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.

Элчин сайд Штефан Дупелл УУХҮ-ийн сайдыг цаг үеэ олсон чухал уулзалт хийж буйд талархаад, “Энэ жил Монгол Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн анхны төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд гарна. Мөн Политехникийн коллеж дээр уул уурхайн салбарт хамгийн эрэлттэй мэргэжил болох мехатроникийн ангийг нээсэн. Цаашид мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргах тал дээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг судалж байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

“Симба” Ц.Батаа: Монголчуудын иддэг талхыг ярихаар Их хурлын гишүүд огтоос хүлээж авдаггүй байсан


“Симба” группийн захирал, УИХ-ын гишүүн асан Цогтын Батаатай ярилцлаа.

-Таны хувьд Их хурлын гишүүн, Монгол төрийн түшээ байсан хүн. Үнэг хөөж яваад онгоц унагаж шуугиан тарьсан. Улс төрийн бас л сонирхолтой фигуруудын нэг та мөн. Харин сүүлийн үед чимээ аниргүй байх чинь. Бизнесийн ажлаа эрхэлж байна уу?

-Их хурлын гишүүний албаа өгснөөс хойш зундаа тариа будаагаа тариад, өвөл нь аахар шаахар юм хийгээд арваад жилийн нүүр үзэх шив дээ. Сүр дуулиантай байсан хүн гэхээр та хэд онгоц унасныг яриад байгаа юм. Уул нь бид гаднаас буюу япончуудаас мөнгө оруулж ирэх гэсэн юм. Монголоо зарах гэж байсан юм биш л дээ. Тэгтэл гайтай юм шиг онгоц осолдсон. Онгоцны өрөөсөн сэнс нь мултарч унаад салхинд уначихсан юм билээ л дээ. Инженерүүдийн баг ажиллаад Иргэний нисэхийн ерөнхий газрын дүгнэлт гарсан. Бидний буруугүй гэдэг нь нотлогдсон. Миний хувьд мөнгөө төлөөд л явсан. Япончууд, хятадуудыг хардаж сэрдээд хорьчих гээд байсан учраас хэвлэлийн хурал хийлгээд нөгөө хүмүүсээс чөлөөлүүлж явуулсан. Тэрхүү хэвлэлийн хурал дээр сэтгүүлчидтэй жаахан маргалдсаны улмаас асуудал над руу чиглэсэн. Би хариу юм хум ч дуугараагүй. Муу хэлүүлэх надад сонин биш л дээ. Цаашид улс төрд байнга явна гэсэн бодолтой байсан бол хариу өгөх байсан байх. Онгоц унагасан дуулиан товчхондоо тийм учиртай. Тариа будаагаа тариад энгийн амьдарч явахдаа юуг илүүтэй ойлгож мэдэрч байна вэ гэвэл Монголоо улам дордсоор байгааг харж байна. Дөчин мянгатын хүний нэг дуу бий л дээ. “Хөлгүй болсон миний бие өдрөөс өдөрт дордсоор байна” гэж. Түүн шиг Монголын амьдрал өдрөөс өдөрт дордсоор байна. 2008, 2009 онд Монголыг Азийн Дубай боллоо гэж ярьж байсан. Гэтэл төрөөс төрсөн тэрбумтнууд зарж идсээр байгаад 2010, 2011 оноос дордоод эхэлсэн. Монгол шиг муу нэртэй улс, Монголын дарга сайдууд шиг үнэ цэнгүй хүмүүс алга. Хөдөөний айлд ороход хөдөө аж ахуйн сайд нь зурагтаар ярьж байна. Тэгтэл зурагтаа шууд унтраачих юм. “Та яаж байгаа юм. Салбарын сайд чинь ярьж байна” гэхэд “Энэ нөхдийн худлаа ярихыг ханатлаа сонслоо. Үнэндээ дургүй хүрч байна” гэсэн. Ингэж л төрийн түшээд дарга сайд нар нь үнэ цэнгүй болоод зогсохгүй үзэн ядалт, өшөө хорслын бай болж байна. Өнөөдөр Монголын амьдрал үнэндээ тартагтаа тулсан. Хоёр хөрш маань тоохоо больсон. Европ мэдэхгүй юм. Америк, тэр холоос ирээд хэр туслах юм бол доо.

-Таныг кино үйлдвэрт ажилласан гэдэг. Ингэхэд төгссөн сургууль юу билээ?

-Гомбожавын Жигжидсүрэн гэж хүний шавь юм. Цэргийн алба хаагаад кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байсан. “Хатанбаатар”, “Нарны унага”, “Фронтод явах өргөдөл”, “Зарлаагүй дайны оршил” зэрэг кинонуудад явж байлаа. “Зуун ламын сургууль” гэж кино хийж байлаа. Хүмүүс “Араажав хутгалдаг кино” л гэж байдаг. Үндсэн нэр нь “Намар нахиалсан мод” юм . Анх “Зуун ламын сургууль”нэртэй байсан. Сэлэнгийн Алтанбулагт тийм сургууль байсныг уг киноны зохиолыг бичсэн Өвгөний Баасанжав мэднэ. Баасанжав гуай ламын тийм сургуульд сурч байсан түүхтэй. Миний бие 1988 онд Алма-Атад кино найруулагчийн сургуульд явсан. Оюутан байх үед нийгэм задарсан. Сургуулиа төгсөөд иртэл кино үйлдвэр байтугай соёлын яам нь ч алга болчихсон байсан. Кино үйлдвэрт ажиллаж байсны хувьд хэлэхэд, дахиж хэзээ ч ийм үйлдвэр, студи Монгол Улс байгуулж чадахгүй. Мөн Кино урлагийн дээд суургуулийг төгссөн тэр үеийн төгсөгчид, шилдэг найруулагч, жүжигчид шиг мундаг хүмүүс дахиж төрөхгүй. Учир нь дэлхийн хоёрдугаар дайны дараа тэгж их өлссөн, зовлон зүдгүүрийг яс махаараа амссан хүмүүс хоолтой болоод номыг үнэн сэтгэлээсээ заадаг байсан. Монгол хүнийг жинхэнэ юманд сургаж байсан. Одоо бол дэлхийд цуутай Кино урлагийн сургуульд жилд 100 мянган доллар өгч сураад ч мундаг болох боломжгүй. Хуучин шиг хичээлээ үнэн сэтгэлээсээ заадаг багш гэж байхгүй. Ялгаа нь ердөө л энэ. Тэр үеийн сургалт орос хүн хоёр шал өөр. Өнөөдрийн орос хүн монголыг хараад тэмбүүтэй монгол гээд бөөлжис нь цутгана. Монгол хүнтэй найзалсныхаа төлөө эх орондоо нэр хүндгүй болж байна. Хуучин цагт монгол хүнтэй суух гэж орос хүүхнүүд гүйлддэг л байсан. Бид оюутан байхдаа вьетнамуудыг “төлгүүд” гээд тоодоггүй байсан. Одоо тэр төлгүүд чинь толгой дээр гишгэчих гээд байгаа юм биш үү.

-Таныг “Симба Батаа” гэдэг. Бүр нэршил нь болсон. Симба гэдэг нэр таны талийгаач хүүтэй холбоотой юм билээ. Сүүлд мэдсэн л дээ?

-Симба бол хүүхэлдэйн киноны гол баатрын нэр. Манай талийгаач хүү тэр киног их үздэг байсан юм. Хүүгийнхээ үздэг хүүхэлдэйн киноны баатраар компаниа анх нэрлэж байлаа. Ардчиллын анхны 13-ын нэг гэгддэг Агваандондовын Баясгалан лам “Симба” гэдэг нэрийг манай компанид анх өгч байсан. Баясгалан лам, Насаа жолооч, “Хонх”-ын Цогтсайхан энэ гурав эсэргүүцлийн зар мэдээг монгол шуудангийн өмнө анх нааж байсан түүхтэй юм шүү.

-2004 онд М.Энхсайхан, “Эрэл”-ийн Эрдэнэбат нарын тэргүүлсэн “Ардчилсан холбоо эвсэл”-ээс та Их хурлын гишүүн болж байсан. Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорч, М.Энхболд Ерөнхий сайд болоход та голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, 2004 онд Их эвслээс нэр дэвшиж Их хурлын гишүүнээр сонгогдсон. Ардчилал ялаад гараад ирсэн чинь будлиад эхэлдэг юм байна. Манай намынхан дотроо хэрэлдээд засаг ч бүрддэггүй, өөх ч биш, булчирхай ч биш болоод явчихлаа. Намайг Ардчилсан намаас урваж Ху нам руу орсон гэдэг. Гэвч би Элбэгдоржид дургүйдээ, ардчилалд хайргүйдээ Ху нам руу урвасан юм биш. Ху нам руу орж суугаад 39 суудал болгосон нь үнэн л дээ. Тэр үедээ Ху намын гишүүн нэртэй байсан. Одоо бол надад хамаагүй. Би Ардын намын нэг ч хуралд сууж үзээгүй. Үнэндээ намын хурал гэхээр залхдаг. Төр шиг төр байгаасай, хүчтэй байгаасай гээд нэг тал руу нь орсон юм. Зөв ч байсан юм уу, буруу ч байсан юм уу, өөрөө ч мэдэх юм алга. Монголын төлөө л гэсэн бодолтой байсан. Түүнээс Ху намд хайртайдаа биш. Элбэгдоржийг ад үзээд Энхболд руу урвасан юм ч биш. Хүмүүс намайг Энхболдын хүн гэдэг. Түүнээс хойш Энхболдтой нэг ч уулзаж байсангүй. Нэг ч юм гуйж очоогүй, тааралдсан ч үгүй. Миний хувьд эхний нэг жил идэвхтэй суусан. Дахиад сонгогдъё ч гэсэн бодолтой байсан. Чингэлтэйн 73 дугаар тойрог гэдэг эмзэг бүлгийнхэн. Мөнгөтэй хүн цөөн, ажилгүй хүмүүс их. Тэр үед ядуурал учиртай байжээ. Юм хийе, ард түмнийхээ төлөө зүтгэе гэсэн чин эрмэлзлийг сандал ширээ булаалдсан сахилга хариуцлагагүй нөхөд унтраасан. Хариуцлагагүй, зовлон үзээгүй, өлсөж цангаж үзээгүй, дээрээс нь Оросоос салаад удаагүй байгаа монгол яаж бие даана даа гэж боддог байлаа. Бүгд л амар хялбар ажиллахыг боддог, хулгай хийхийг боддог. Ийм хүмүүсийн дунд хүн чинь удаан байхыг боддоггүй юм билээ. Тэгээд л залхаад явсан даа. Газар тариалангийн хууль гэж саяхан батлагдлаа. Энэхүү хуулийн үндэс суурийг бид тэр үед ярьж байсан. Гэвч тариа мэддэг хүн цөөхөн байсан. Газар тариалан мал аж ахуйг тоодог ч гишүүн байдаггүй. “Батаа дэмий юм яриад” гээд л. Уул уурхай эхлээгүй байсан цаг. Уул нь би монголчуудын идэх мах, талхыг л ярих гээд байгаа юм. Бусад нөхөд болохоор сандал ширээгээ ярих гээд л.

Хөдөө аж ахуй гэснээс мах экспортлоё гэж ярьж байгаа Ерөнхий сайдыг мэдэхгүй юм. Мах яагаад экспортлогдохгүй байна гэхээр Орос, Хятад хоёр худалдааны татвараа 50-70 хувь тавьчихсан. Хоншоортой Ерөнхий сайд үүнийг тэглэх юм уу, арав хорин хувь болгох хэрэгтэй юм. Худалдааны татвар бага бол монгол махыг Хятадын ямар ч компани авна. Уг хуулийг Монголын Ерөнхий сайд мэдэхгүй байна гэж үгүй, харин мэдэхгүй дүр эсгээд л байгаа байх. Нэрэлхээд байна уу, эсвэл хувьдаа юм гуйгаад байна уу. Тэр хоёрын л нэг. Манай мах шиг амттай, чанартай, мууддаггүй мах ховор. Оросын генерал хэлж байсан “Монгол махаар консерв хийсэн, таван жил болоход муудаагүй байсан” гэж. Үнэн л байхгүй юу. Манай улсад тийм өндөр татвар тавина гэдэг их гүрний дээрэнгүй бодлого биз дээ.

-Нэг хэсэг трактор угсралтын үйлдвэр бий болох нь гээд шуугьсан. Тэр юу болсон бэ. Тариа тарьж, энэ хүрээнд явдгийн хувьд асууж байна?

-Парист төвтэй Европын холбооны хөгжил буурай оронд зориулах Польшийн Засгийн газрын 50 сая еврогийн 32 саяар нь Монголд тракторын үйлдвэр байгуулахаар болсон. Энэ асуудлыг бид 4-5 жил хөөцөлдөөд дөнгөж бүтэх гэж байтал засаг солигдоод, хөдөө аж ахуйн сайд өөрчлөгдсөн. П.Сэргэлэн сайдын үед бараг л бүтэх өнгөндөө байсан. Хөдөө аж ахуйдаа тулгуурлаж хөгждөг Монгол Улс трактор угсардаг болчихсон бол ирээдүйн хөгжил дэвшилд тун хэрэгтэй байсан. Дархан юм уу, Эрдэнэтэд үйлдвэрээ барихаар болсон байсан. 200-300 хүний ажлын байр бий болно. Орчин үеийн трактор угсардаг үйлдвэртэй болох байлаа. Ганц трактор биш ардаа чиргүүл чирэх анги, газар хагалагч, будаа тээвэрлэгч, өөрөө буулгагч гээд олон зүйл байсан. Энэ бүхнийг өөрийн орондоо бий болгож чадаагүй, азгүй монголчууд юм бид. Польшийнхон Монголд гурван ч удаа ирсэн. Бид гурван ч удаа очсон. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад нь уулзуулсан. 45-50 жилийн хугацааны зээл, бараг хүүгүй Монголд маш том боломж байсан. Манайхыг Америк хүртэл сонирхож байсан. Намайг Их хурлын гишүүн байхад Америкаас Буш хүртэл ирж байсан. Киргизээс онгоцны том баазыг татан буулгаад Америкийн том хүчнийг гаргасан. Манайд байгуулах гэж санаархаж ирсэн байх л даа. Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райстай ирсэн. Их хуралд үг хэлээд л сүрхий юм болсон. Гэтэл Монгол Улс хуулиндаа гуравдагч орны цэргийн баазыг өөрийн нутаг дэвсгэрт байрлуулахгүй, төвийг сахина гэж тов тодорхой заасан байсан. Түүнийгээ хэлээгүй ч юм уу, ямар нэг аргаар Бушийг аваад ирсэн. Тэр үгийг Буш сонсоод шууд л буцсан. Монгол руу бараг эргэж хараа ч үгүй .

Монголыг Хятад халхлаад, орос бас алдахыг хүсэхгүй байгааг Америкийн Ерөнхийлөгч ойлгосон нь тодорхой.

-Бизнесмэн хүний хувьд асуухад, энэ улсыг хоёр нам аль нь ч удирдаад ялгаагүй байна. Тэгэхээр одоо бидэнд ямар зам байна аа. Баялаг бүтээж яваа бизнесмэнүүд юу гэж хэлэх юм?

-Миний дандаа л бодож явдаг асуултын нэг байна. Нээрээ монголчууд бид одоо яах ёстой вэ. Жижиг улсад байлдана гэхээр цус асгаруулж болохгүй. Улсын хөрөнгийг хувьдаа завшсан бүгдийг бариад шоронд хорино гэхээр хэдэн хүн үлдэх үү. Харин ингээд яваад байхаар цаагуураа даамжраад нэг том гүрний колони болох аюултай. Наад захаас нь бодоход эхлээд төрөөс хулгай хийсэн хүмүүс оффшорт байгаа мөнгөө авчраад Монголын төрийг өрнөөс гаргачих хэрэгтэй. Дараа нь гэрээ хийгээд засаг нь өгөхгүй юу даа.

Өнөөдөр биш гэхэд маргааш хулгай хийсэн хүмүүсийг яллаж л таараа. Тиймээс мөнгөө авчирч улс орноо өрнөөс гаргах хэрэгтэй байна. Төрөөс уг асуудалд зохицуулалт хийх хэрэгтэй байна. Хэрвээ оффшорт байгаа мөнгөө өрөнд өгөхгүй бол нэг л өдөр АНУ ч юм уу, өөр орнууд хураагаад авчихна. Африкийн орнуудын тусламжид гээд идчихнэ. Аль ч үгүй хоцрохын оронд улс орондоо нэмэртэй байвал зүгээр.

-Таны хувьд Булган, Сэлэнгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тэргүүнээр ажилладаг . Тэр тухайд тань сонирхмоор байна?

-Юуг нь сонирхдог юм. Анхдагчдын өлгий Булган нутагтай хоёр мянгаад оны эхэн үеэр хувь заяагаа холбосон. 2000 онд МАХН-ын Засгийн газар гарч ирээд хүн бүр 3000 га-гаас дээш газартай байж болохгүй гэж хуульчиллаа. Би гэдэг хүн 18000 га газартай байсны талыг нь хурааж аваад үлдсэнийг нь гурав хувааж авсан. Одоо болохоор 3000 ч хамаагүй, бүр 30 мянга ч хамаагүй л гэж байна. Ийм л дампуу төр улстай байж байна. Газар тариалан гэдэг тухайн орны хамгийн амин чухал салбар. Гэвч манайд хөсөр хаягдсан. Тариаланчдад өндөр хувийн хүүтэй техник хэрэгсэл шахна. Мөнгөгүй болохоор өнөө үнэтэй зээлийг нь авахаас өөр аргагүй. Будаагаа хямдхан өгнө. Хамгийн аюултай нь ургац хураах үеэр тариаланч болгоны тонн бүрээс 20 хувийн хорогдол бий болгодог. Хогийн хорогдол, болц дутуу, чийглэг, дээрээс нь цавуулаг гээд явж өгнө. 1000 тонн будаа тушаахад 200 тонныг нь хорогдол болгож байна. Тэр 200 тонн будаа хаашаа ордог вэ гэхээр бас сонин. Зүгээр будаа шүү дээ, яахав хоёр, гурван хувийн хог хаягдал байж болох юм. 20 хувиар хасаад тэр мөнгийг нь хэн халаасалж байна гэдэг асуудалтай. Дэлхий дээр хамгийн ядуу хүмүүс Монголын тариачид байдаг. Хоёр хөршийнхөө тариачидтай харьцуулах юм биш. Хоёр хөрш маань газар тариаландаа төрөөс татаас өгдөг. Энэ мэтчилэн олон асуудлыг Хөдөө аж ахуйн сайдтайгаа уулзаад ярья гэхээр зугтаад байдаг. Их хурлын гишүүнтэй болохоор уулзаад байдаг. Ард түмнээсээ зугтаад байдаг, ойлгомжгүй. Миний бие сайдын үүд сахиж явсангүй. Харин одоо Хөдөө аж ахуйн сайдтай уулзах гээд чадахгүй байна. Булган аймгийн тариаланчдыг доромжлох нь буруу л даа. Сүүлд нь нэмээд хэлэхэд Монголд ирээдүйн асуудал үнэндээ бүрхэг байгаа. Гадны юм мэддэг бизнесмэнүүд Монголын дарга сайд, Их хурлын гишүүдтэй уулзахын хэрэггүй гэдэг болжээ. Хаана ч очсон тийм бодолтой болсон нь харамсалтай. Бүр зугтаадаг болсон гээд бодохгүй юу. Түүний оронд бизнес эрхэлж байгаа хүмүүстэй уулзаж асуудлаа ярьдаг болсон байна. Сайд дарга нар нь худлаа ярьж байгаад маргааш нь солигдчихдог гэнэ. Монголын нийгэм бодит байдлаараа яг үнэндээ ийм л байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Батсумъяа: Иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж явахад л сэтгэл минь сэргэж, сайхан байдаг

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Шударга журам” медалийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Б.Батсумъяа, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэв журмын байцаагч, дэслэгч Г.Эрдэнэбаяр нар хүртсэн билээ. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Б.Батсумъяатай ярилцсанаа хүргэе.


-“Шударга журам” медалиар шагнуулсанд баяр хүргэе. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас хоёр өрхийн 12 хүний амь насыг аварсан гэсэн үү?

-Сэтгэл өндөр байна. “Шударга журам” медалиар шагнуулна гэж огт бодоогүй. Энэ сарын 13-ны өдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас утсаар ярьсан. “Та Батсумъяа мөн үү. Танд “Шударга журам” медаль гардуулна” гэсэн. Би их гайхсан. Тэгээд энэ сарын 14-нд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн хэв журмын байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбаярын хамт шагналаа гардан авсан даа. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн оны долдугаар сарын 25-нд бороо ширүүн орж байсан. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж байхад “Бороо орж, айл руу ус орлоо” гэдэг мэдээлэл ирсний дагуу уулын энгэр давж, Лхагваа гэдэг айлынд очсон. Тус айлынх үерт өртөж болзошгүй газарт буучихсан байсан. Хоёр гэр байсан бөгөөд нэг нь бүр усанд тэр чигтээ автчихсан байсан.

-Хоёр айл нэг гэрт ороод суучихсан байсан юм уу. Очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Тийм. Хоёр өрхийн 12 хүн нэг гэрт орчихсон байсан. Тэнд дөрвөн том хүн, 4-12 насны найман хүүхэд байсан юм. Гэрийнх нь тавилгууд харагдахаа байтал үерт автчихсан, хүүхдүүд унь, хананаасаа зүүгдчихсэн, томчууд нь аль болох аюулгүй байх арга хэмжээ авч байсан. Ингээд бид хурдхан шиг хүүхдүүдийг гаргаж, эмнэлэгт хүргэсэн. Томчууд нь бид нарын амь насыг аварлаа гээд баяртай байсан. Сүүлд хоёр гэр бүлийнхэн баярласан, талархснаа илэрхийлсэн. Цагдаагийн алба хаагчид төрийнхөө сүлдэнд тангараг өргөдөг. Иймээс өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж явахад л сэтгэл минь сэргэж, сайхан байдаг юм.

-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна. Ихэвчлэн ямар ямар хэргүүд илрүүлж байв?

-Би 2006 онд Нийслэлийн Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүлийн цагдаагаар ажлын гараагаа эхэлж байлаа. 2008 оноос Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын III хэлтсийн эргүүлийн офицер, 2011 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст томилогдон эргүүлийн офицер, 2013 оноос Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 21 дүгээр хороонд хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байна. Хөдөлгөөнт эргүүлд их явдаг. Хулгай, дээрэм, булаалт, танхайн хэргүүд гарч байдаг. Овор ихтэй зүйл авч яваа сэжигтэй этгээдийг илрүүлчихнэ. Тухайлбал, одоогоос гурван жилийн өмнө Хан-Уул дүүрэгт нэг айлын байшин шатаж байсан. Тухайн үед эзэн нь юу ч мэдээгүй байхад хурдан шуурхай арга хэмжээ авч, унтраасан. Хүний амь нас эрсдээгүй. Мөн шинийн нэгэнд хариуцдаг нутаг дэвсгэр болох Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Давст тайга” гэх дэлгүүрт хулгай орсон. Иргэн С тамхи болон орлогынх нь мөнгийг нь хулгайлсан байсныг халуун мөрөөр нь илрүүлсэн. Иргэд баяр ёслолын өдрүүдээр сонор сэрэмжээ алдаж, гэр орноо эзэнгүй орхиж явах тохиолдол их бий. Цагдаагийн бие бүрэлдэхүүн сар шинийн баярын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Ноцтой гэмт хэрэг зөрчил харьцангуй бага байсан.

-Танай хороо ачаалал ихтэй байдаг уу?

-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо нь Улаанбаатар хотоос 57 километрийн зайд оршдог. Хойд талаараа Төв аймгийн Борнуур, баруун талаараа Төв аймгийн Батсүмбэр, урд талаараа Сүхбаатар дүүргийн Санзай, Чингэлтэй дүүргийн Жигжид зуслан, Баруун, Зүүн салаа гэх зэргээр залгаа. Мөн Төв аймгийн Аргалант, Баянцогт, Баянчандмань сумуудтай хил залгаа юм. Баруун аймгууд явах авто зам болон олон улсын чанартай авто замууд дайран өнгөрдөг. Иймээс ачаалал их. Улаанбаатарт Гачуурт, Жаргалант хэмээх хоёр тосгон байдаг. Үүний нэг болох Жаргалант тосгоны харьяа нутаг дэвсгэр. Эрчимжсэн мал аж ахуй болон сүүний фермтэй. Айл болгон үхэртэй. Тэгэхээр малын хулгайн гэмт хэрэг их гардаг. Цагдаагийн байгууллага авч болох бүхий л арга хэмжээ авч, хурдан шуурхай ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг дүгнэх боломжгүй. Харин илрүүлсэн хэргийг дүгнэх боломжтой. Цагдаагийн алба хаагчид иргэдийнхээ амар амгалан аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, ажилладаг юм шүү. Ийнхүү аюулгүй байдлыг хангаж, хэрэг илрүүлж, эд зүйлийг нь олж өгчихөөд иргэдийнхээ нүд рүү инээмсэглэж харах л хамгийн сайхан байдаг. Хүн хүнээ гэх сэтгэл байхад бүх зүйл бүтнэ шүү дээ. Нэг үеэ бодоход иргэд маань ч гэсэн цагдаагийн байгууллагын ажилд хувь нэмэр оруулж, ухамсартай болсон байна лээ.


Categories
мэдээ цаг-үе

“МОНГОЛ ТОГЛООМ” төслийн санаачлагч Х.ГАНБААТАР: Хүүхдийнхээ ой тогтоолтыг хөгжүүлэхээс илүү бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх шаардлага байна

“Монгол тоглоом” төслийн санаачлагч, “Оюуны хүрээ” ХХК-ийн захирал Х.Ганбаатартай ярилцлаа.


Монгол тоглоом төслөөс яриагаа эхэлье. Монголд тоглоомын үйлдвэртэй болж байгаа юм байна гэсэн таамаг бодол төрж байна. Төслийн зорилго цар хүрээ юу вэ?

-Аливаа улс үндэстэн бусад улс үндэстнээс хэл соёлоороо ялгардаг. Монгол хэл, монгол соёл нь Монгол Улс оршиж буйн баталгаа болно. Монголчууд бол эрт цагаас эхлээд олон төрлийн тоглоом наадгайгаар дамжуулан үр хойчдоо хэл соёлоо өвлүүлж ирсэн баялаг уламжлалтай ард түмэн. Аман наадгай гэхэд л оньсого, түргэн хэллэгээс эхлээд олон төрөл болдог. Биднийг багад эмээ өвөө маань янз бүрийн оньсого таалгадаг, оньсого таах гэж оролдох явцдаа л монгол хэлэндээ суралцаж байж. Гэтэл өнөөдөр уламжлалт тоглоом наадгай мартагдаж байна. Монгол хэл маань ч устаж буй хэлний жагсаалтад орчихсон явж байх юм. Хоног хугацаа өнгөрөх бүрт бид монгол соёл, монгол хэлнээсээ хөндийрч өөр орны хэл соёл руу татагдаж байна. Эндээс манай төслийн зорилго ойлгогдох байх. Монгол тоглоом төслийн зорилго нь Монгол хэл, соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал. Үүний тулд Монгол өв соёлоо агуулсан тоглоом наадгайг зохион бүтээж Монгол хүүхдүүдийнхээ хэрэгцээнд хүргэе гэж байгаа юм. Төслийн зорилго маань нэлээн эх оронч, бараг улс төрийн хандлагатай сонсогдох байх. Гэвч төслийн гүйцэтгэл бол тэр чигээрээ бизнесийн үйл ажиллагаа. Орчин үеийн бизнест шаардлагатай менежмент, маркетинг, төлөвлөлт, удирлага, судалгаа бүгд шаардагдаж байгаа.

Монгол хэл, соёлоо тоглоомоор дамжуулан хамгаална гэдгийг төдийлөн сонсоогүй юм байна. Тухайлбал ямар тоглоомоор яаж вэ гэдэг асуулт байна?

-МОНГОЛ ГЭР тоглоомоо худалдаанд гаргаад нэг сар ч болоогүй байна. Монгол гэр бол монгол хэл, соёлын үнэт өв. Нүүдэлч улс орнуудын хувьд гэр сууц нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Монгол гэрийн хувьд уламжлалт мал аж ахуйдаа дасан зохицсон, барьж буулгахад хурдан, бүтэц бүрэлдэхүүн болгон нь өөрийн гэсэн утга илэрхийлдэг, маш сонирхолтой орон сууц. Иймд монгол гэрээ байгаа чигээр нь багасгаад хийхэд угсардаг тоглоом болчихож байгаа юм. Ханаа дугуйлж, хошлонгоо гүйлгэн хаалгатайгаа уяж бэхлэх нь гэхэд л нэг төрлийн тоглоом.Тооноо босгоод эргүүлгэнийхээ дөрвөн унийг өлгөх нь бас нэг даалгавар. Униа өлгөж дуусаад эргүүлгээ зөрүүлэх үйлдэл нь яагаад гэдэг асуултыг дагуулна. Монгол гэрийн бусад сууцнаас ялгарах онцлог бол уяагаар хүлэгдэн баглагдаж баригддаг явдал. Монгол гэр тэр чигээрээ монгол ухаан. Үүнийг задалж шинжилж ойлгох боломжийг Монгол гэр тоглоом олгоно. Монгол гэрээ буулгаж барьж үзэх боломж орон сууцанд амьдардаг хүмүүст өдөр бүр байтугай, жилдээ ч олдохгүй. Гэр барих үйл явц нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ. Дотуур хошлонг хэт чангалахад багана газраас хөндийрч буйг физик үзэгдлээр тайлбарлаж ойлгуулж болно. Унины тоог нэмэгдүүлэхэд ханын нүдний тоо хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг тооцоолоход математикийн тооцоолол шаардагдана. Энэ мэт монгол гэрээ шинжлэх ухаанчаар судлах боломжийг Монгол гэр тоглоом олгоно. Монгол гэр тоглоомоос монгол хэлээ сурна. Гэрийн бүтцийг нэрлэж мэдэхгүй хүүхэд битгий хэл томчууд олон байдгийг мэднэ.Тоононы цамхраа гэж алийг нь хэлдэг вэ гэдгийг энэ тоглоомоос сурна. Монгол гэртэй холбоотой оньсого, хэлц үг, ерөөл, ёс заншил, цээрлэх ёс зэргийг багтаасан, Монгол гэрээ барих заавар бүхий гарын авлага ном дагалдана. Энэ номонд өдөр тутмын хэрэглээнээс хасагдсан олон монгол үг бий. Гэрийн тавилгыг хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхүйц байдлаар шийдсэн. Өгөгдсөн царс модон бэлдцүүдийгзүлгэж, будаж, хээлэх ажлыг хүүхдүүд өөрсдөө хийнэ. Модон бэлдцүүд, зүлгүүр, усан суурьт будаг, бийр, хээний загваруудыг ашиглан гэрийнхээ авдар, ор, ширээ, сандал гээд бүх тавилгаа хүүхдүүд өөрсдөө бүтээнэ. Үүгээр тогтохгүй гэрийнхээ цагаан бүрээсэн дээр угалз хээ тавьж гэрээ чимэглэж, гэрийн модыг эрээлж, өнгө дизайныг өөрчилж болно.

-Сайн ажил хийж байгаа юм байна. Дараагийн бүтээгдэхүүнүүд хэзээ гарах вэ?

-Цагаан сард зориулаад Алаг мэлхий шагайн наадгайнууд гаргалаа. Монгол тоглоомын чухал төлөөлөгч гэвэл шагайн наадгай байдаг. Монгол гэрээ бариад сурчихвал өвөл зун гэлтгүй, жилийн дөрвөн улиралд гэртээ юугаар тоглож нааддаг байсныг эргэн сануулж байгаа хэрэг. Өнөөдөр хотод байтугай, хөдөөд ч шагайгаар тоглох нь ховор болсон. Гадныхан шагайн наадгайг сонирхдог боловч биологийн гаралтай гэх шалтгаанаар хэрэглэхээс болгоомжилдог. Нөгөө талаас шагай цуглуулж олж авах гэдэг хүнд ажил байдаг. Ийм учраас бид шагайг үйлдвэрийн аргаар тунгалаг өнгөт материалаар үйлдвэрлэж эхэлсэн. Ингэснээр эрүүл ахуйн шаардлага хангасан Монгол уламжлалт тоглоомуудыг зах зээлд гаргах боломж нээгдэж байгаа юм. Алаг мэлхий, дуугүй долоо, хомборой гээд гурван төрлийн тоглоом худалдаанд гаргаж байгаа. Цаашид логик шагай, хулангийн гацаа, мазаалай, тооно тушаа, тэхийн зогсоол, тамга, цамхаг, гарьд магнай, тод магнай, болдоггүй бор өвгөн зэрэг тоглоомууд хийхээр зохион бүтээх ажил явагдаж байгаа. Монгол гэр тоглоомоо цогц тоглоом болгон хөгжүүлэх шаардлага бас бий.Хүүхдүүд өөрсөө бариад дотор нь ороод тоглодог жижиг гэрийн зураг төслийн ажил мөн явагдаж байна. Саяхан гурван настай хүүхдэд шатрын анхан шатны мэдлэг олгох шинэ тоглоомын санаа орж ирсэн. Энэ тоглоомоо хүүхдийн баяраас өмнө гаргачих санаатай судалгааг нь хийгээд эхэлсэн. Шатрын мастеруудаас, багш нараас зөвлөгөө, судалгаа авах ажил явагдаж байна. Монголд ой тогтоолтын спортоос илүү шатрын спортыг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үздэг. Аливаа асуудлыг шийдэхдээ олдсон мэдээллүүдээ задлан шинжилж, нэгтгэн дүгнэж, голчийг нь олж шийдвэрээ гаргадаг дадлыг шатраар дамжуулан суулгаж болно. Тиймдээ ч зарим улс орнууд шатрыг сургалтын хөтөлбөртөө оруулдаг болов уу. Шатрын анхан шатны мэдлэг олгох тоглоом амжилттай хийгдвэл зөвхөн Монголд гэлтгүй гадаад зах зээлд гарах брэнд тоглоом ч болж магадгүй.

Тоглоомоо экспортод гаргах төлөвлөгөө бий юу?

-Тухайн орныхоо хэрэглэгчийн судалгааг хийж байж экспортыг төлөвлөх шаардлагатай. Жишээ нь Монгол гэр тоглоомыг экспортод гаргахын тулд гэр барих зарчмыг хялбаршуулах шаардлага тулгарч таарна. Тэгээд гаргалаа гэхэд гадныхан сонирхож авах эсэхийг мэдэхгүй. Судалгаагүй зүйл дээр экспортод гаргана гэж хэлэх боломжгүй юм. Жилдээ 100 орчим тэрбум төгрөгийн борлуулалттай дотоодын тоглоомын зах зээл дээр байр сууриа эзлэх нь бидний тэргүүн зорилт. Монгол соёлоо уламжлан үлдээх үндсэн зорилгодоо хүрэх нь хамгаас чухал. Гадаадад амьдарч буй монголчууддаа Монгол гэр тоглоомоо хүргэхэд анхаарна. Энэ бол экспорт биш л дээ. Өвөрмонголчууд Монгол гэр тоглоомыг олноор нь авч урагшаа гаргаж байгаа. Өвөрмонголчуудынхаа санал шүүмжийг тусган бүтээгдэхүүнээ Өвөрмонголын зах зээлд зориулан өөрчлөх шаардлага гарч магадгүй гэж бодож байгаа. Энэ тохиолдолд экспортын асуудал бодитоор яригдах байх.

Өнөөдөр Монгол хүүхдүүд Хятадаас орж ирсэн чанаргүй хямд тоглоомоор л тоглодог. Гэтэл танайх Хятад руу гаргаад эхэлсэн байна.Танай тоглоомын үнэ ямар байх вэ?

-Бид тоглоомынхоо үнийг эхлээд тогтоодог. Жишээ нь Монгол гэр тоглоомоо тавин мянган төгрөгнөөс илүү үнэтэй байж болохгүй гээд үнээ эхлээд тогтоосон. Үнэ өртөгтөө тааруулж загвараа гаргасан. Гэр маань 25 уньтай. Нэг унь нэмэхэд л ханын толгой нэмэгдэнэ, өртөг өснө. Анх 48 уньтай гэрийн загвар гаргаад өртгийг нь тооцоход төлөвлөсөн үнээс өндөр болоод ирсэн. Униныхаа тоог багасгасаар хорин тав дээр тогтсон. Түүнээс цөөн болговол тоглоом биш сувинер болно. Гэрийнхээ загварыг гаргахад хагас жил зарцуулсан. Загвар гаргаснаас хойш 11 сарын дараа худалдаанд гаргаж байна. Үнийн хувьд аль болох хямд үнээр зах зээлд гаргах бодлогыг барьж байгаа.185000 төгрөгөөр1000 тоглоом борлуулснаас, 18500 төгрөгөөр 10000 тоглоом борлуулахыг илүүд үзнэ. Тоглоом маань хямд үнэтэй байж л олон хүүхэд тоглох боломжтой болно. Олон хүүхэд манай тоглоомоор тогловол бид Монгол хэл, соёлоо хамгаалах зорилгодоо хүрнэ. Монгол соёлоор халхавч хийж, богино хугацаанд их орлого олох нь бидний зарчим биш. Манай бүтээгдэхүүн чанартай байх ёстой, хямд байх ёстой. Хямд байна гэдэг нь ашиггүй ажиллана гэсэн үг биш. Хямд үнээр их хэмжээний борлуулалт хийх нь бидний гол стратеги. Өнөөдөр МОНГОЛ ГЭР тоглоомондоо цагаан сарын хямдрал зарлаад 45000 төгрөгөөр борлуулж байгаа.

-Зөв зөв. Загвар гарснаас хойш 11 сар гэдэг их хугацаа байна. Удсан шалтгаан юу вэ?

-Нэгдүгээрт үйлдвэрлэлийн зардал өндөр учир хөрөнгө оруулалтын асуудалтай тулгарсан. Хоёрдугаарт манайхыг загвараа гаргаснаас хоёр сар орчмын дараа мимо гэр гэдэг бүтээгдэхүүн гараад ирсэн. Нэгэнт хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй байсан тул мимо гэрийн борлуулалтын төлөв, хүмүүсийн хүсэл сонирхолд хэрхэн нийцэж буйг хэсэг хугацаанд ажиглая гэж шийдсэн. Худалдаж авч өөрийнхөө гэртэй харьцуулж харсан. Монголчууд мимо гэрийг маш сайхан хүлээж авсан ч хэт үнэтэй байна гэдгийг бараг ерэн хувь нь хэлж байсан. Энэ мэдээллийг мимо гэрийн пэйж хуудаснаас л авчихаж байгаа юм. Бидний үнээ эхэлж тогтоож загвараа гаргаж ирсэн нь зөвдсөн байна, жинхэнэ Монгол гэрээ эргүүлэг чагтагатай нь, дотуур хошлонтой нь баглаа хүлээтэй нь хийх шийдэл маань гол давуу тал болох нь гэх дүгнэлтийг хийчихээд байж байтал “Монгол HD” ТВ шарк танк нэвтрүүлгийг Монголдоо хийхээр боллоо гэх зар явсан. Үүнийг боломж гэж хараад орохоор шийдэн Монгол тоглоом төслөө өгсөн. Гэвч Монгол тоглоом төсөл маань шаркуудаас санхүүжилт авч чадаагүй. Шарк танк нэвтрүүлэгт нэлээд хугацаа алдсан. Нэвтрүүлэг телевизээр гарах хүртэл бүтээгдэхүүний сурталчилгаа хийх эрхгүй болсон учир гурван сар орчим хугацаанд төслийнхөө шинэ тоглоомын судалгаан дээр л ажилласан. Гэтэл нэвтрүүлэг гарсны маргааш MMG ББСБ-аас холбогдож төслийг чинь дэмжье, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоё гэснээр 10 сарын сүүлээр МОНГОЛ ГЭР тоглоомынхоо үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлсэн. Үйлдвэрлэл хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж худалдаанд гарч байна.

-Монгол гэр тоглоомын борлуулалт ямар байна. Хэрэглэгчид хэрхэн хүлээж авч байна?

-Худалдаанд гаргахаасаа өмнө 1000 гэрийг урьдчилсан захиалгаар борлуулсан. Үйлдвэрлэлийн явцад зардал өсч 25 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Энэ санхүүжилтыг 1000 шарк хөдөлгөөн өрнүүлэх аргаар босгосон. Өнгөрөгч оны 12 сарын 23-25-ны хооронд 55 цагийн дотор 1000 гэрийг 25000 төгрөгөөр борлуулсан. Зураг үзүүлээд 25 сая төгрөгийн борлуулалт хийнэ гэдэгт итгэмээргүй зүйл болсон. 1000 шарк хөдөлгөөнд нэгдсэн хүмүүсийн ихэнх нь миний фэйсбүүк найзууд байсан. Тэд Монгол гэр тоглоомын загварыг гаргахаас эхлээд бүхнийг мэдэж байсан учраас захиалга өгч намайг дэмжсэн байх.1000 гэрийн захиалга авсан цагаас хойш миний хувьд хийж бүтээх хүсэл эрмэлзэл улам ихээр бадарсан. Энэ хугацаанд маш их ажлыг амжуулсан. 2018 оныг их л бүтээлч байдлаар эхлүүлж байна.

Мимо гэр түрүүлж зах зээлд байршсан том давуу тал үүсгэсэн. Танай компаний өрсөлдөгчдөөсөө ялгарах гол давуу тал юу вэ?

-Бид Монгол хүүхэд бүр манай тоглоомоор тоглоосой, Монгол хүүхэд бүр өв соёлоо таньж мэдээсэй гэдэг хүслээр ажилладаг. Энэ хүслээ бүтээгдэхүүндээ шингээдэг. Бидний давуу тал манай бүтээгдэхүүнээс харагдах байхаа л гэж бодож байна. Аливаа зүйлд өрсөлдөх зарчим нь зөв байх нь чухал. Мимо гарч ирснээр бид улам их хичээж ажиллах шаардлагатай тулгарсан. Өрсөлдөөн гэдэг утгаараа өөр нэг гэр үйлдвэрлэгч байгаа нь бидний хувьд ашигтай. Гэхдээ төслийн зорилго маань өөр учраас нэг зах зээл дээр учиргүй өрсөлдөөд байхгүй. Бид худалдан авагчдын оюун санаанд тун ухаалгаар байршиж чадсан гэж бодож байна. Жинхэнэ монгол гэрийг монголчууддаа зориулж гаргая гэдэг зорилгыг нэгдүгээрт тавьсан. Энэ зорилгодоо хүрч байгаа гэж бодож байна.

Тоглоомын бизнесийг хэзээнээс эрхэлж эхэлсэн бэ?

-Анх 2008 оны өвөл Бээжингийн ванфүжин номын дэлгүүрт явж байгаад нэг сонин тоглоомоор хятад хүүхдүүд тоглохыг харсан. Тэр үед манай том хүү 3 настай байсан юм. Сонин сонин хэлбэртэй дүрснүүдийг эвлүүлээд пирамид үүсгээд байсан. Би түүнийг эхлүүлэх гээд чадаагүй. Үнийг нь асуусан чинь 500 юань. Одоогийн ханшаар бараг хоёр зуун мянган төгрөг. Авах гэснээ арай ч үнэтэй юмуу гээд орхиод гарсан. Гэтэл энэ хятад хүүхдүүд тоглож байгаа тоглоомоор миний хүү яагаад тоглож болдоггүй юм гэх шар хөдлөөд эргэж ороод авсан. Гэртээ ирээд хүүтэйгээ тоглосон. Анхандаа сонирхохгүй байснаа нэг мэдэхэд 10 гаруй хувилбараар пирамид эвлүүлдэг болчихсон байсан. Тэр үнэхээр гайхамшигтай тоглоом байсан. Тоглоомын ач холбогдол илт мэдэгдсэн учраас тэр тоглоомыг 1000 ширхгийг оруулж ирээд сарын дотор борлуулсан. Түүнээс улбаалаад оюуны тоглоомын дэлгүүрээ

2010 оны дөрөвдүгээр сард нээсэн. Дэлгүүртээ орчин үеийн оюун ухаан, сэтгэх чадвар, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх тоглоомуудыг авчирч борлуулдаг. Шинэ тоглоомуудаар үргэлж сэлбэж байдаг. Хамгийн сүүлд гэхэд гурван тоорой, улаан малгайт үлгэрүүдээр сэдэвлэсэн 3-6 насны хүүхдүүдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом ирсэн. Маш сайн борлуулалтай байгаа. Гадны орнууд оюуны тоглоом зохион бүтээхэд маш их хөрөнгө оруулалт хийдэг. Сайн ч тоглоомууд зохион бүтээгддэг. Тэдний үндсэн зорилго нь хүүхдүүдээ багаас нь сэтгэн бодох, дүгнэн шинжлэх, нэгтгэн дүгнэх цогц чадварыг нь хөгжүүлэх явдал байдаг. Бид тэднээс хоцорч болохгүй. Манай Оюуны төв тоглоомын дэлгүүрийн анхны үйлчлүүлэгчдээс амьдрал дээр гараад эхэлсэн. Ихэнх нь оюутан болсон. Зарим нь одоо ч манай үйлчлүүлэгч хэвээрээ. Манай үйлчлүүлэгч тэтгэврийн насны эгч байдаг. Тэднийд манай ихэнх тоглоом бий. Танай тоглоомыг тоглосноор манай зээ охины хичээл сурлага сайжирсан, би танай тоглоомоор охиноо тоглуулах биш хичээллүүлсэн. Үр дүнд нь зээ охины маань оюуны чадвар сайжирч, хичээлээ хурдан ойлгодог болсон. Та нарт их баярлаж явдаг гэж хэлж байсан. Ийм сэтгэлийн үг сонсоод Монголынхоо ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

Асуултыг таны танилцуулгаар өндөрлөе.Та өөрийгөө танилцуулж эцэг эхчүүдэд хандаж нэг уриалга хэлэхийг хүсье.

-Би Дундговь аймагт төрж өссөн. Хэрэглээний физикч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. Гурван хүүхдийн аав. Хүүхдүүддээ сайн бизнес өвлүүлж үлдээх эрмэлзэлтэй жирийн л нэг бизнес эрхлэгч. Бүтээлч, хөдөлмөрч, оюунлаг иргэд Монгол орноо хөгжүүлнэ гэдэгт итгэдэг хүн. Хүүхдийнхээ ой тогтоолтыг хөгжүүлэхээс илүү бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх шаардлага тулгарч буйг нийт эцэг эхчүүддээ хандаж хэлэхийг хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

Ноолуурын салбарынхан тулгамдаж байгаа зарим асуудлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Кашмер Холдинг” ХХК-ийн “Эвсэг” брендын үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, ноос ноолуурын салбарын үйлдвэрлэл, ноолуурын салбарын хөгжилд дэмжлэг болох зарим саналыг сонслоо.

“Кашмер Холдинг” ХХК нь 1981 онд буюу социализмын үед байгуулагдсан үйлдвэрийн суурин дээр үйл ажиллагаа явуулж, 30 гаруй жилийн турш 1000 орчим хүнийг ажлын байраар хангаж, 40 гаруй жижиг үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг захиалгат ажлаар дэмжиж жил бүр 30-аад тэрбум төгрөгийн сүлжмэл, нэхмэл, оёмол, ширмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалдаг байна. Мөн ОХУ, Итали, Швейцар, Герман, Англи, Япон, Казакстан улсад бүтээгдэхүүнээ борлуулан жил бүр 2.5-аас доошгүй тэрбум төгрөгийн татвар бүрдүүлж, ногдол ашиг хуваарилдаг байна.

Гэсэн ч тус үйлдвэр болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудад тулгарч байгаа нийтлэг асуудал цөөнгүй байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь НӨАТ-тай холбоотой санал байв.

Тухайлбал, үйлдвэрийн удирдлагууд болоод салбарын холбоод хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “Манай малчид өмчийнхөө эзэн болсноос хойш түүхий эд бэлтгэлээр малчдад олгогдсон мөнгөн хөрөнгийг тооцоход чамлахааргүй дүн гардаг. Гэхдээ малчид, түүхий эд бэлтгэгчид НӨАТ төлдөггүй. Харин малын гаралтай түүхий эдээс ганцхан ноолуураас л НӨАТ авдаг. Монголын банкнуудын зээлийн хүү харьцангуй өндөр байгаа зэрэг нь үндэсний компаниудыг эргэлтийн хөрөнгийн хомсдолд байнга өртүүлж өрсөлдөх чадварыг нь бууруулдаг” гэхчлэн төрийн зохицуулалт шаардсан цөөнгүй асуудал, бэрхшээл байсаар байгаа талаар дуулгасан юм.

Түүнчлэн салбарын холбооны нэгтгэн гаргасан ноолуурын салбарын хөгжилд дэмжлэг болох зарим асуудлыг Төрийн тэргүүнд танилцуулж, дэлхийд ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлах маркетингийн хөрөнгө зарцуулах, экспортын банк бий болгох, зарим тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, тогтвортой ажиллагсдыг орон сууцны зээлд хамруулах зэргээр нийгмийн асуудлыг ч хөндөж байв.

Мөн тогтвортой үйлдвэрлэл эрхэлж гурван жил дараалан нэг сая ам.доллараас дээш борлуулалт хийж, татварын өргүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд тодорхой хөтөлбөрөөр буюу тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь хөнгөлөлттэй зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлэх юм бол үйлдвэрлэгчдэд маш том дэмжлэг болно гэж салбарынхан санал гаргасан юм.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, салбарынхны дэмжлэг хүссэн асуудлыг сонссоны дараа Төрийн тэргүүн:

“Би ноолуурын салбарын үйлдвэрлэлийн бэрхшээлийн талаар сайн мэднэ. Энэ үйлдвэр нийгэм, эдийн засаг хүнд үед гаднын тусламж дэмжлэг, хөрөнгө оруулалт авалгүй хүнд хэцүү үеийг даваад гарсан үйлдвэр учраас зорьж ирсэн. Уул уурхайн биш малын гаралтай “сэргээгддэг баялаг”, салбараа дэмжих талаар Монголбанк, Засгийн газартай уулзаж ярилцаад, санал солилцоод явж байгаа. Намайг Хөдөө, аж ахуйн сайдаар ажиллаж байхад жилд 6000 тонн ноолуур гардаг байсан бол одоо 10 мянган тонн болж, дэлхийн ноолууран бүтээгдэхүүний түүхий эдийн 60 хувийг Монгол Улс, малчид дангаар бүрдүүлж байна. Ийм том салбарын бүтээгдэхүүний жилийн борлуулалт болоод ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид бодлогоор дэмжих юм бол жилд 800 сая ам.долларын орлого олж, 300 сая нь түүхий эдэд зарцуулагдах ёстой тооцоо судалгаа бий. Хэрвээ, ноолуурын салбараас л гэхэд жилдээ л нэг тэрбум ам.долларын орлого олоод байх юм заавал уул, уурхай гэхгүй шүү дээ. Алт, зэсээсээ дутахгүй баялгаа дэмжихийн тулд нэн тэргүүнд түүхий эдээ худалдаж аваад бүртгэлжүүлэх асуудал бий. Тиймээс үйлдвэр дээр ирж танилцаад, та нарын саналыг авч байгаа, одоо энэ салбарынхан жижгээсээ том хүртэл бүх үйлдвэрлэгчдээ оролцуулаад саналаа нэгтгэх ёстой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Нийтлэлч П.Хашчулуун “Монголын төр харласан, харлаагүй бүх иргэдээ нэгийг ч үлдээлгүй бүртгэж, хариуцлагатай аяллыг хөгжүүлье” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэхэд насаа зориулсан гавьяат багш П.Бямбадоржийнд “Танайд өнжье” булангаа бэлдсэнийг тэргүүн нүүрнээс уншаарай.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцантай ярилцсан нэгдүгээр нүүрэнд хэвлэгджээ.

“Эрдэнэт үйлдвэрийн хувь заяаны хар зурлага эртнээс бэлтгэгдсэн байжээ” нийтлэлийг эхний нүүрнээс хүлээн аваарай.

УИХ-ын гишүүн О.Энхболдтой хийсэн ярилцлагыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс хараарай. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрийг хохироосон бол МАН, АН-ын ямар ч дарга байсан хариуцлага хүлээх ёстой” гэжээ.

“Юнивишн, Скаймедиа компаниуд хэрэглэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” сурвалжилгыг улс төр нүүрнээс үзээрэй.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч П.Хашчулууны “Монголын төр харласан, харлаагүй бүх иргэдээ нэгийг ч үлдээлгүй бүртгэж, хариуцлагатай аяллыг хөгжүүлье” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

МУИС-ийн профессор, философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор М.Гантуяатай ярилцсаныг XI нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Шашны байгууллагууд улс төрийн байр суурь олж авах гэсэн оролдлого газар авах хандлагатай болжээ” хэмээн онцлон хэлжээ.

“Вашингтон хотноо Олон улсын Монгол Судлалын Бага хурлын талаар сурвалжилсныг арванхоёрдугаар нүүрнээс хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ