Categories
мэдээ нийгэм

“Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийв

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт, Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар,Булган, Говь-Алтай, Төв аймгийн шүүхийн Тамгын газар онлайнаар “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийлээ.

Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд шүүгчийн ёс зүй, хариуцлагатай холбогдуулан 305 шүүгчид холбогдох 197 гомдол хүлээн авчээ. Энэ нь өмнөх оноос гомдолд хамаарах шүүгчийн тоо 8.5, гомдол 6.6 хувиар буурсан байна.

Өнгөрсөн онд 202 гомдол шийдвэрлэж 163 буюу 80.5 хувьд шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Харин 27 буюу 13.3 хувьд нь сахилгын хэрэг үүсгэж, 12 буюу 5.9 хувийг нэгтгэж, 10 гомдол буюу 4.9 хувьд нь албан бичгээр хариу өгч, харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлсэн бөгөөд 40 гомдлыг шийдвэрлээгүй гэдгийг хурлын эхээр онцоллоо.

Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд сахилгын хэрэг үүсгэсэн 27 тогтоолын 14нд нь сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн. Харин 2016 онд нэг шүүгчийн цалинг бууруулах, огцруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бол 2017 онд шүүгчийн цалинг 1-6 cap 20-30 хувь бууруулах сахилгын шийтгэлийг 3 шүүгчид, сануулах сахилгын шийтгэлийг 4 шүүгчид ногдуулжээ. Үүнээс үзвэл гомдлын тоо буурч байгаа ч сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийн тоо өмнөх оноос харьцангуй өссөн байна.

Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар: “Шүүхийн ёс зүйн хороонд ирж байгаа гомдолын тоо харьцангуй буурсан. Үүнийг бид сайн зүйл гэж үзэхгүй байгаа. Ирж байгаа гомдол гэдэг бол шүүх олон нийт, иргэдийн хяналтанд байна гэж үзэж байгаа. Гомдол ирэхгүй, гомдолын тоо буурах юм бол магадгүй иргэдийн хяналтаас гараад вакум орчин бий болно гэж судлаачид үздэг. Ерөнхий зөвлөлийн зүгээс шүүхийн ёс зүйн хорооны гомдол хүлээж авах, хянаншийдвэрлэх бүхий л үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй.

Мөн хаана ачаалал байна тэнд их гомдол гарч байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүх, нийслэлийнхэнд харьцангуй өндөр гарч байгаа. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн иргэний иргэний эрхийн танхимын шүүгчдийн тоо нь цөөхөн, шийдвэрлэж байгаа хэргийн тоо их. Энэнд гомдол мөн их гарч байгаа. Ирж байгаа гомдолуудтай холбоотой шүүх бүхэлдээ гомдолд өртөж байна гэвэл үгүй. Нийт шүүгчидийн 2017 онд 20 хувьд нь л гомдол гарсан байгаа. Үүнээс тэдгээр гомдлуудын 20 гаруй хувь нь нэг шүүгч дээр хэд хэдэн удаагийн гомдол ирдэг. Ингэхээр гомдол гаргаж байгаа тоо ихэсгэд юм” гэлээ.

Г. МӨНХЦАЦРАЛ

Categories
гадаад мэдээ

Авлига үүсэх магадлал тогтоох чадвартай хиймэл оюун ухаан бүтээжээ

Авлига зурган илэрцүүд

Эрдэмтэд төрийн байгууллагууд дахь авлигын магадлалыг таамаглах боломжтой шинэ хиймэл оюун ухааны систем зохион бүтээжээ.

Испани Улсын Валладолидын Их Сургуулийн судлаачдын бүтээсэн мэдрэлийн сүлжээнүүдэд суурилсан уг компьютерийн програм нь авлига хамгийн их гарах боломжтой бүс нутгууд болон авлига үүсгэх хүчин зүйлсийг таамаглах чадвартай аж.

Тус систем нь нэг нам засгийн эрхэнд удах тусам авлигын эрсдэл нэмэгддэг гэдгийг баталжээ. Одоогоор ямар нэг маргаан үүсгэхгүйн тулд аль бүс нутаг авлигад хамгийн их өртөх магадлалтай байгааг тогтоосноо олон нийтэд зарлахгүй хэмээн судлаачид мэдэгджээ.

Мөн тэд авлига үүсэх эрсдэл өндөр байна гэдэг нь бодит байдал дээр авлига үүснэ гэсэн баталгаа биш хэмээн нэмж хэлсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар, байшин барилгын үнэ хэтэрхий ихээр өсөх, банкны олон салбар нээгдэх, шинэ компаниуд байгуулагдах зэрэг нь авлига үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг байна.

Энэхүү судалгаанд 2000-2012 онд Испанид гарсан бүх авлигын хэргийн мэдээллийг ашигласан бөгөөд цаашид илүү боловсронгуй болгох талаар ажиллах ажээ.

Categories
мэдээ спорт

“Пёнчан-2018” хөшгөө татлаа

Пёнчаны 23-дугаар өвлийн олимп энэ сарын 9-нөөс 25-ны хооронд болж өнгөрлөө. Цэнгэлийн манлай олимпын хаалтын ёслол өчигдөр өргөн дэлгэр болж өнгөрсөн.

13 настай китарчин хүү Янг Таэ Вон өөрийн үзүүлбэрийг үзүүлж мөн Kpop хамтлаг EXO уран бүтээлийн дээдсээсээ толилуулсан юм. Ёслолын үеэр Тонгагийн тамирчин Пита буюу Монголчууд бид Тосонцэнгэл гэх нэрээр сайн мэдэх тамирчин мөн л биеэ тослон цээж нүцгэн цэнгэлдхэд хүрэлцэн иржээ.

-ӨВЛИЙН ОЛИМП АНХ 1924 ОНД ФРАНЦЫН ШАМАНИ ХОТОД БОЛЖ БАЙВ-

Энэ үеэр дараагийн өвлийн олимпыг зохиох Бээжин хотын удирдлагууд олимпын тугийг хүлээн авсан юм. Ийнхүү хятадын панда мөсөн талбайд уран гулгалт үзүүлж цэнгэлийн манлай олимпыг хааж тэнгэрт солиут буудсан юм.

Энэ жилийн наадамд 92 орны 2922 тамирчин, 15 спортын төрөлд 102 багц медалийн төлөө өрсөлдсөн. Норвегийн баг олз омог дүүрэн байж 14 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж бүх орныг тэргүүлсэн бол Германы баг тамирчид 14 алт, 10 мөнгө, 7 хүрэл медаль хүртэж удаалсан юм. Харин тэмцээнийг хүлээн авагч Өмнөд Солонгосын баг тамирчид 5 алт, 8 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж долоодугаар байранд орсон. Тэд шорт трэкийн төрөлд хэд хэдэн медаль авах боломжтой байсан ч баг тамирчид нь ээлж дараалан азгүйтсэн билээ.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ утга-зоxиол

Бүжигчин эмээ шог өгүүллэг

-Эмээ,та яг “Ганнам стайл” –аар бүжиглэж байна гэж хичээлээсээ ирсэн ач охиноо хэлэхэд хаалгаа онгойлгох гээд цоожны нүхээ олохгүй түлхүүрээрээ хаалганы будаг ховхорсон газар бүр хатгаж зогссон би цочин эргэж харав.

-Цөх юуны чинь “ганган дээл” гэж. Ээжийн чинь багадсан шубаар гангараад энүүхэн дэлгүүр орсон чинь хавийн амьтны нүд орой дээрээ гараад “ганган эмээ” гээд дээр дооргүй хоёр нүдээ унагах нь ээ. Энэ хажуу хөрш Балдан өвгөн “залуухан бол чамайг аваад суучихмаар байна” гээд зүрхний дусаалаа гаргаж ирээд нэг дор бүгдийг нь уучихлаа. Нүдтэйгээрээ чи цоожны нүх олоод хаалгаа онгойлго гэхэд ач охин ханцуй нь уртадсан шубныхаа ханцуйг ээлжлэн нугалж эргүүлэх намайг олзуурхан харсанаа,
-Ганган дээлтэй гэж хэлээгүй шүү дээ. “Ганнам стайл”-тай гэж хэлээд байхад… Одоо ч гэсэн та яг түүнийг хийгээд байна шүү дээ гэж миний ээлжлэн хоёр урт ханцуйгаа эргүүлэх хөдөлгөөнийг тайлбарлаж өглөө.

Дүлий эмгэн “Ганнам стайл” гэдгийг нь “ганган дээлтэй” гэж сонсжээ. Тэнгэр бүрхэг болохоор орцны цонхны гэрэлд цоожны нүх олдохгүй хэцүү шүү дээ. Орой долоогоос хойш орцны гэрлээ асаадаг тул над шиг харалган хүн хаалгаа онгойлгох гээд бүтэн өдөржин цоожны нүхээ хайх бол хүн төрөлхтөнд тохиолдох аар саархан асуудлуудын нэг мөн. Ашгүй, ач охин ирж аминд орлоо.

Ач охин гэртээ ормогц зурагтаа асаагаад “Ганнам стайл” гэдэг дууг надад үзүүллээ. Солонгосын баячуудын амьдардаг тусгай хот байдаг юм байна. Ард түмнээсээ “тасархай” тансаг амьдардаг тэднийг “хэв ховчин” гэдэг дуучин залуу шоглон дуулсан гэнэ. Түүний бүжиглэж байгаа хөдөлгөөнийг “Ганнам стайл” гэдэг ажээ.

Эмээ танд зааж өгье гээд ач охин гар хөлийг минь татаж чангааж, хөгжмийн аянд намайг нааш цааш нь чирлээ. Залуудаа гайгүй “танцчин” байсны хэрэг би ч ач охиноо дуурайгаад “авч” өгч байнаа… Миний амархан “сураад” байгаа нь миний өөрийн араншинтай их холбоотой юм. Юм л бол би хоёр гараараа цээжээ ээлжлэн цохиж ярьдаг сонин зантай л даа.

Нэгд чи өөрийгөө бодож яв. Хоёрт чи эмээгээ бод гэж хүү бэр хоёрыгоо байхгүйд ач нартаа би сургадаг. Харин аав ээж нь байх юм бол нэгд чи өөрийгөө бод, хоёрт аавыгаа бод, гуравт… бэрээ хяламхийн харж байгаад бэрийгээ юмуу өөрийгөө дараалуулж ярина. Тэр гараа зангах нь энэ морь унаж яваа юм шиг бүжиглэдэг бүжигтэй хачин адилхан байжээ.

Жалам хар бол монголын үндэсний “ганнам стайл” шүү дээ. Аяыг нь солиод тавихад монголчууд үүнийг анх зохиосон нь мэдэгддэг. Бүжиг нь бол ярих юм алга “адуучин” бүжигтэй ав адилхан. Зохиогчийн эрх талаас нь хөөцөлдвөл харин ч манайхан юм дуулна шүү. Цагтаа сайн дурын урансайханч байсан болохоор би нэг юм гадарлаад байгаа юм…

Манцуйтай хүүхэд хоёр гараа урдаа барин сарваганахад “ганнам стайл” гэж аав ээж нь баярлана. Хөлд орж буй хүүхэд паацганахад “ганнам стайл”. Байсаар “ганнам стайл”-гүй юм алга болчихлоо. Хөл муутай хөгшин хүнийг таягаа тулан майжганахад “ганнам стайл” болгоно.
Согтуучуудыг хүртэл “ганнам стайл” гэж өхөөрдөнө. Нөгөө хэд нь дүрдээ итгэчихсэн өглөө нэгэн рүүгээ ярихдаа “Өнөөдөр ганнам стайл” бүжиглэх үү? Хөгшинд нь ганц юмны мөнгө байна” гээд ажлаа эхэлнэ. Хаа сайгүй “ганнам стайл”-ын дуу хөгжим цуурайтаж, замын цагдаа замын голд эрээн модоо гозгонуулан, жинхэнэ “бүжиглэж” өгнө л дөө.

Ганнам стайлын ая сонсоод орчноо нэг хараарай. Дэрсэн шүүр барьсан гудамжны цэвэрлэгч, цас арилгах хашаачин, буудлын шилэн хаалгыг амаараа үлээн алчуураар зүлгэх хаалгач, машин хараад буцаад гүйлдэх явган зорчигчид, хурдаа хасаж чадалгүй ар араасаа мөргөлдөх машинууд…

Ач охин минь “ганнам стайлаар” орчлон дэлхийг цоо “ширтэх” тул цоожны нүхээ олохгүй түлхүүр барин мунгинах би хүртэл “ганнам стайл” болж харагдана. Нэг зүйлийг олон давтаж байгаа хүн яг л тэр бүжгийг бүжиглэж буй хүнийг санагдуулна. Хичээл дээр чихэвчээр хөгжим сонсож байгаа хүүхдүүдэд самбарт нэг зүйлийг олон удаа бичих багш нар нь “ганнам стайлчин” болж харагдана. Дэргэдэх хүүхдээсээ “будаа идэх” хүүхэд ч түүнийг дуурайна.

Нэг давхраас таван давхрын шат хүртэл шатны бариулаас зууран арайхийн дээш гарч иртэл хөрш айлын Балдан өвгөн хөл нь хойш суун, буцаад шатаар өнхрөөд нисэх нь халаггүй аахилж амьсгаадсан намайг “Залуугийн чи бүжигт нугасгүй шүү. Хүүхдүүдээс дутах юмгүй харагдаж байна” гэж баалав. Нэг гартаа тортой юм барьчихсан, нөгөө гараараа шатны бариулаас нэг шат ахих болгондоо ухас ухасхийн барьж авах би түүнд “ганнам стайл” болж харагдалгүй яах вэ…

Тэтгэврийн мөнгөө авахаар банкны салбар руу очтол өвлийн хүйтэнд гадаа дугаарлан зогсох өвгөд хөгшдийг банкны хамгаалагч залуу бороохойгоороо занган “Нусаа гоожуулан даарч зогсохын оронд та нар ганнам стайл” бүжиглээч. Хэн сайн бүжиглэснийг нь шууд оруулна шүү” гээд утасны хөгжмөө тавихад тэнд байсан хөгшчүүл таягтай таяггүй ёстой “үзүүлж” өгдөг байгаа.

“Ганнам стайл” бүжиглэдэггүй хүн гэж алгаа… “Убаа ганнам стайл” гээд бүгдээрээ дуугий нь дуулаад бүжиглэлээ. Яаж би ач охиноороо заалгасан юм бэ дээ. Бүжгийн зах булангүй байсан бол бүдүүлэг эмгэн гээд хамгаалагч залууд хөөгдөж, хамгийн сүүлд зогсож, өвлийн дүн хүйтэнд өвдөгний шар усаа хөлдөөж, таягтай биш тэргэнцэртэй болох байлаа…

Тэгээд дараа нь би давс авахаар дэлгүүр рүү явж байхдаа бодлоо. Их хурлын чуулганыг хүртэл “ганнам стайл” болгоод интернет дээр тавьчихсан байгаа юм чинь арай хө нөгөө хэцүү нэрт ирээд хойд төрөлд минь авч явахдаа “ганнам стайл” мэдэхгүй бол буцаана гэж золигтох вий дээ гэж дотроо инээд хүрч явав.

Цагтаа би чинь жараад оны үед хүүхэд залуучуудын паркийн бүжгийн талбай дээр хөрөнгөтний бүжиг “маангаа” бүжиглэж, цагдаа нарт гүпрээр ороолгуулж явсан зайлуул тэр үед засаг төр цагдаа нартаа бороохой авч өгөхийг мэддэггүй байж дээ “задарсан” бүжигчин байсан юм. Ямар сайндаа л одоо залуугийн юмаа тавихгүй шинэ үеийн бүжиг хүртэл сурчхаад бурхны өмнө ам бардам харайж хазганаж явах вэ дээ…

Categories
мэдээ спорт

Хэссе Лингард багтаа ялалт авчирлаа

Английн прьемер лигийн 28 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ удаа лигийн шилдэг багууд болох Манчестер Юнайтед болон Челси багууд оноолт таарч Манчестер Юнайтед 2:1-ээр ялалт байгуулжээ.

Тоглолтын нэгдүэгээр үеийн 32 дох минутанд Челсигийн Бразил хагас хамгаалагч Уиллиан гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан. Харин үүнээс таван минутын дараа “Улаан чөтгөр”-үүдээс Алексис Санчес, Ромелу Лукаку, Антоны Мартиал нарын богинын дамжуулалтаар явсан довтолгоо амжилттай болж Ромелу Лукаку тэмнцээний гоол оруулсан байна. Тоог тэнцүүлсн талбайн эзэд шийдвэрлэх хоёрдугаар үед илүү довтолсон тоглолт үзүүлж байсан ч Челсигийн хаалгагч Тибо Куртуа үүргээ сайн гүйцэтгэж байв. Харин 75 дахь минутанд Лукакугийн баруун жигүүрт гоцлон тоглолт хийж төврүү дамжуулсан бөмбөгийг Хесе Лингард мөргөж багтаа хожил авчирчээ. Энэ тоглолтод Улаан чөтгөрүүд ялалт байгуулж лигийн 59 дэх оноогоо авснаар дэд байрт бичигдэж эхэлсэн юм. Улирлын долоо дахь ялагдлаа амссан Челси 53 оноотойгоор тавдугаарт бичигдэж байна.
Бусад тоглолтуудын үр дүн
Ливерпүүл 4:1 Уэстхем
Боурнмут 2:2 Ньюкасл
Лестер сити 1:1 Сток сити
Брайтон хов албион 4:1 Суонси сити
Уэст бром 1:2 Хадерсфиэлд таун
Уатфорд 1:0 Эвертон
Барнли 1:1 Саутхемптон

О.Дашням

Categories
мэдээ нийгэм

Архидан согтуурсан үедээ онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон болох нь тогтоогджээ

Сонгинохайрхан дүүрэгт 61 настай эрэгтэйг 30 орчим удаа хутгалж амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр: “2018 оны хоёрдугаар сарын 21-ний 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн гадны нөлөөтэй нас барсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид болон Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид нар хэргийн газарт очиж үзлэг, шалгалт хийсэн. Талийгаач нь 61 настай эрэгтэй иргэн “Б” гэх, түүнийг ойролцоогоор 30 орчим удаа хутгалж, амь насыг нь онц хэрцгий аргаар хохироосон байсан. Гэмт этгээд үйлдлээ нуун далдлах зорилгоор талийгаачийг орон гэртэй нь галдан шатаахыг завдсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргон зугтсан.

Хэрэгт холбогдуулан сэжиглэж байсан этгээдийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, хоёрдугаар сарын 22-ны шөнө Төв аймгийн Баянчандмань сумаас дайчлан баривчиллаа. Холбогдогч этгээд нь Ховд аймгийн харьяат бөгөөд эрэгтэй, 47 настай “Г” гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан. Уг гэмт хэргийг архидан согтуурсан үедээ үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан мэдүүлгээр тогтоогдоод байна. Одоо хэргийн холбогдогч этгээдийг Цагдан хорих 461-р ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Categories
мэдээ спорт

Дюсселдорфийн дэвжээнээс дөрвөн хүрэл медаль хүртлээ

Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулдаг дэлхийн чансааны оноо олгох ээлжит тэмцээн Германы Дюсселдорф хотод үргэлжилж байна. Өмнө нь “Гран при” ангиллаар зохиогддог байсан Дюсселдорфийн тэмцээн энэ оноос эхлэн Гаранд слам болж хүрээгээ тэлж буйгаараа онцлог байв. Дюсселдорфийн гаранпри тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчид 2010 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ П.Лхамдэгд, гавьяат тамирчин Г.Болдбаатар нар алтан медаль зүүж байсан юм. 2018 оны Дюсселдорфийн Гранд слам тэмцээнд таван тивийн 71 улсын 500 гаруй шилдэг жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд хүч үзэж байна. Манай улсаас дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Г.Одбаяр нараар ахлуулсан 19 тамирчин зодоглож байгаа юм.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д нийт 21 бөх барилдаж залуучуудын дэлхийн аварга, Азийн аварга Японы тамирчин Рьюжу Нагаяама анх удаагаа Дюсселдорфийн Гранд сламд түрүүлэв. Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд Оросын Роберт Мшибадзег ялсан юм. Энэ жинд барилдсан гавьяат тамирчин Г.Болдбаатар “Б” хэсгийг ахалж эхний даваанд дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны Рустам Ибраевыг хожсон ч удаах тойрогт Гүржийн Лухими Чквимиамид торгуулиар хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ. Тэрээр 2017 онд Дюсселдорфийн тэмцээнд алтан медаль хүртэж байсан юм. Мөн 2017 оны улсын аваргын мөнгөн медальт залуу тамирчин Б.Мягмардорж анхны Гранд сламдаа хүч үзэж Мароккогийн Есин Мудатирыг ялж гараагаа амжилттай эхэлсэн ч Роберт Мшибадзед ялагдаж тэмцээнийг орхижээ.

66 кг-д нийт 28 тамирчин барилдаж Японы Кензо Тагава торолгүй түрүүлсэн юм. Энэ жингийн лидер Даваадоржийн Төмөрхүлэг Арабын нэгдсэн Эмиратын нэр дээрээс барилдах болсон тул залуу мастер Б.Эрхэмбаярт боломж нээгдэж Дюсселдорфийн татамид зодоглосон. Тэрээр энэ өдөр итгэл алдалгүй сайн барилдаж Германы Адам Майкл, Казахстаны Елдес Жумаканов, Слований Андрез Яреб нарыг ялж шилдэг наймд шалгарсан. Харин “Б” хэсгийн аваргын төлөө Оросын Якуб Шмайловтой хүнд барилдаан хийж нэмэлт цагт ваззари үнэлгээ алдаж ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд шилжиж Дэлхийн чансааг тэргүүлэгч Израйлийн бөх Тал Феликерийг хожиж, хүрэл медалийн төлөө нутаг нэгт Д.Алтансүхийг ялсан. Ийнхүү Б.Эрхэмбаяр 66 кг-ын жинд Монголын бөхчүүд залгамж халаа сайтайг харуулж дэлхийн шилдэг тамирчин Д.Төмөрхүлэгийг орон зайг нөхөж сайн барилдахаа энэ өдөр баталсан.

Эрэгтэйчүүдийн -73 кг-ийн жинд 31 бөх барилдаж Японы тамирчин дэлхийн хошой аварга Шохо Оно хол тасархай түрүүлсэн. Тэрээр аваргын төлөөх барилдаанд дэлхийн чансааг тэргүүлэгч Азербайжаны тамирчин Рустам Оружавыг цэвэр ялсан байна. 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт гавьяат тамирчин Г.Одбаяр “С” хэсгийг ахалж барилдаад их шөвөгт шалгарсан ч Шохо Онод хожигдож хүрэл медалийн төлөө барилдах боломжтой болсон. Медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Армений бөх Фердинанд Карафетианд ваззари үнэлгээгээр хожигджээ. Тэрээр сүүлийн гурван тэмцээн (Токио гранд слам, Ворлд Мастерс, Дюсселдорфийн гранд слам) дараалж тавдугаар байрт шалгарч байна. Энэ жинд хүч үзсэн залуу мастер С.Баяртүвшин дагах тойргийн барилдаанд Армений Фердинанд Карафетианд хожигдож долоодугаар байр эзэлжээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт М.Уранцэцэг, олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Г.Отгонцэцэг нар энэ удаа зодоглосонгүй. Энэ сиймхийг 18 настай Украйн охин Дарио Билодид овжин ашиглаж алтан медаль хүртэв. Тэрээр 2018 он гарсаар гурав дахь тэмцээндээ түрүүлж буй нь энэ юм. Билодид Парис, Дюсселдорфийн Гранд слам, Тунисын Гаранд прикс тэмцээнүүдээс шар өнгөтэй медаль хүртээд байна. Энэ барилдсан насанд хүрэгчдийн улсын аварга Э.Гэрэлмаа “D” хэсэгт орж Францын Клементийг ялж их шөвөгт шалгарсан ч Украйны Билодид, Милика Николич нарт хожигдож тавдугаар байр эзлэжээ. Харин Б.Хорлоо эхний даваанд Мексикийн Эдна Кариллод ялагдаж тэмцээнээ орхижээ.

Энэ жингийн “дархан аварга” Д.Сумьяа, дэд аварга Японы тамирчин Ёшида Цукаса нар Дюсселдорфийн татамид зодоглогүй. Жингийн лидерүүдийн эзгүйд Их Британийн Некодо Смүүт Девис алтан медаль зүүв. Монголоос залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт залуу тамирчин Л.Энхрийлэн зодоглож өсөх ирээдүйтэйгээ баталж хүрэл медаль авсан юм. Тэрээр “А” хэсэгт багтаж зооны аваргын төлөө Некодо Смүүт Девист ялагдсан ч дагах тойрогт Японы Нае Удакаг хожсон. Медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Оросын Анастасиа Конкинаг цэвэр ялжээ. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн гарын шавь өнөөд жил 19 настай энэ охин ирээдүйд Д.Сумьяа гавьяаттай өрсөлдөхөө Дюселдорфийн татамид харуулсан юм.

Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдсан олон улсын хэмжээний мастер Г.Алтанбагана Тажикстаны бөхийг ялж хүрэл медаль хүртсэн.
О.Дашням
Categories
мэдээ соёл-урлаг

“Хурд” хамтлаг тоглолт хийнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу мартын 8-нд “Хурд” хамтлаг “Бүсгүй” нэртэй тоглолт тоглолт хийнэ. “Мишээл экспо” төвтэй хамтран зохион байгуулж буй уг тоглолтын тасалбарыг маргаашнаас эхлэн www.ticket.mn болон “Мишээл экспо” төвд борлуулж эхлэх ба 1900-1950 утсаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой. Суудлын тоо хязгаартай бөгөөд хүрэлцэн ирсэн бүх бүсгүйд баярын бэлэг гардуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Баялгийн засаглал” хэлэлцүүлэг болж байна

“Баялгийн засаглал” хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцож буй юм.

Хэлэлцүүлгээр баялгийн засаглалын тулгамдсан асуудал, уул уурхайн салбарын орлого, зохицуулалт, эрдэс баялгийн салбар дахь эрх зүйн байдлын зарим асуудлууд зэрэг сэдвүүдийг сөхөн ярилцаж, салбарынхан санал бодлоо солилцсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт үйлдвэр” компанийн 51 хувийг барьцаалж зээл авсан эсэхтэй холбоотой асуултын хариуг өгөв

Холбоотой Зураг“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг баталгаанд гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Л.Энхболд нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуултын хариуг Засгийн газар хүргүүллээ.

Хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР, Т.АЮУРСАЙХАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ж.ЭНХБАЯР, Л.ЭНХБОЛД НАРААС ТАВЬСАН АСУУЛТЫН ХАРИУ

Нэг. “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан нийт зээлийн хэмжээний талаар

2009-2010 онд “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банк (цаашид “Стандарт банк” гэх)-аас авсан зээлийн нийт хэмжээг Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх дээр үүссэн арбитрын хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гаргавал:

-2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Жаст групп” ХХК нь Стандарт банктай 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн;

-2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Жаст групп” ХХК нь Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн.

Дээрхийг нэгтгэвэл, 2009-2010 онд “Жаст групп” ХХК Стандарт банкнаас нийт 109,000,000 ам.долларын зээл авсан байна.

Хоёр. Зээл авсан үйл ажиллагаа Монгол Улсын хууль тотоомжийн дагуу явагдсан эсэх талаар

Зээл авсан үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байна.

Гурав. Баталгаа гаргасан холбогдох албан тушаалтнууд хууль зүйн хувьд эрхтэй байсан эсэх талаар

Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана” гэж заасан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрэмд зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь 10,000,000 сая хүртэлх ам.долларын хэлцэлд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр төлөөлөх эрхтэй бөгөөд түүнээс дээшх үнийн дүнтэй хэлцэлд оролцох эрхгүй юм.

Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад “Жаст групп” ХХК хуурамч баримт бичиг бүрдүүлж зээл авсан талаар тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдүүлжээ.

Энэ асуудлаар иргэн Ш.Батхүү нарт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд 2015 оноос Авлигатай тэмцэх газар шалгаж байна.

Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхээс “Жаст групп” ХХК болон Стандарт банк хооронд байгуулсан 2009, 2010 оны Үндсэн зээлийн гэрээнүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК оролцсон байдлыг дараах байдлаар үндэслэлүүдийг дурьдсан байна. Үүнд:

2009 оны Үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт:

-Стандарт банк нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дагаж мөрддөг хууль, эрх зүйн баримт бичгийн хүрээнд гэрээнд оролцох чадамжтай байсан;

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан.

2010 оны Үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт:

-Тус зээлийн гэрээнээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК ашиг хүртэх боломжтой байсан;

-Тус зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан;

-Тус зээлийн гэрээтэй холбоотой барьцаа гэрээний эрх шилжүүлэх тухай мэдэгдлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас дамжуулснаар эрх шилжүүлэлт хүчин төгөлдөр болсон;

-Тус зээлийн гэрээтэй холбоотой санхүүгийн баримт бичгүүдэд “Жаст групп” ХХК-ийн захирал Л.Бадамцэцэгийн цуглуулсан гарын үсгүүд байсан;

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон гэж дурьдсан байна.

Дөрөв.Өмнөд Африкийн Стандарт банкнаас олгосон зээл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дансанд орсон эсэх, түүнийг хэрхэн зарцуулсан талаар

Эрдэнэт үйлдвэр ХХК-аас ирүүлсэн мэдээллээс авч үзвэл 2010-2013 онуудад Стандарт банкнаас нийт 213,3 сая ам долларын орлогын гүйлгээ Эрдэнэт үйлдвэрийн холбогдох дансанд орж ирсэн байна. Энэхүү орж ирсэн мөнгө нь Меркентал хаус, Миллфорд Глобал корпорациас төлөгдсөн борлуулалтын орлого гэж бүртгэгджээ. Уг орлогоос УБТЗ ХНН-д тээврийн хөлсний төлбөрт 55,6 сая ам доллар, Жаст компаниас нийлүүлсэн түлш, шатахууны төлбөрт 41,2 сая ам.доллар зэрэг төлбөрт Эрдэнэт үйлдвэр ХХК-аас шилжүүлсэн байна.

Тав. Зээлтэй холбогдуулан олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар

“Жаст групп” ХХК зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбогдуулан Стандарт банк нь 2013 оны 7 дугаар сард Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхэд хандан 109,000,000 ам.долларын зээлийн гэрээнд хамаарах 86,950,000 ам.долларыг баталгаа гаргасан гэсэн үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас нэхэмжилсэн.

Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх 2016 оны 5 дугаар сард шүүх хуралдааныг явуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Жаст групп” ХХК-д баталгаа гаргасан гэж үзэж, 50,988,425.60 ам.долларын төлбөрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Английн Хатан хааны дэргэдэх Худалдааны дээд шүүхэд давж заалдах гомдол гаргах зөвшөөрлийг хүссэн боловч тус шүүх 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гаргаж, 14 хоногийн дотор 50,988,425.60 ам.долларыг шүүхэд байршуулснаар давж заалдах зөвшөөрөл олгох нөхцөл заасан байна.

Тухайн үед дээрх нөхцөлийг биелүүлэх боломжгүй байсан тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас Английн Давж заалдах шатны шүүхэд уг захирамжийг давах хүсэлт гаргасан боловч 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан захирамжаар татгалзаж эцэслэн шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэр гарсны дараа Өмнөд Африкийн Стандарт банк нь үндсэн зээлийн хүү, шүүх ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус шүүх хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 14,438,164 ам.долларын зардал, 26,782,381 ам.долларын үндсэн зээлийн хүү, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3,142,063 ам.доллар, нийт 44,362,608 ам.долларыг гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг хүү, зардалтай холбоотой маргаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс давж заалдсан бөгөөд хэргийн ажиллагаа үргэлжилж байна.

Түүнчлэн Стандарт банк нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн Худалдааны Дээд шүүхэд хандан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлүүлэх талаар захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2017 оны 11-р сарын 17-ны хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээллийг сонссон бөгөөд үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, мөн хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох асуудлаар Стандарт банктай нэн даруй хэлцэл хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод байна.

—ooOoo—

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг баталгаанд гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуултын хариуг Засгийн газар хүргүүлсэн байна.

Хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮГЭЭС ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАЖ ТАВЬСАН АСУУЛГЫН ХАРИУ

Нэг.Үүссэн нөхцөл байдлын талаар

“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банк /цаашид “Стандарт банк” гэх/-тай 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн.

Түүнчлэн, 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уг гэрээнд нэмэлт оруулж зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр “Жаст групп” ХХК Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банктай нийт 109,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-г байгуулсан.

Гэвч Ш.Батхүү зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбоотойгоор “АйСиБиСи Стандарт банк ПиЭльСиСтандарт”, “Өмнөд Африкийн Стандарт банк” болон Лондонгийн “Форфейтинг компани” нар 2013 оны 7 дугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд хандаж “Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан дээрх “Зээлийн гэрээ”-үүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь батлан даагчаар оролцсон гэж үзэж төлөгдөөгүй үлдсэн 86.950,000 ам.долларыг нөхөн төлүүлэхээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас нэхэмжилсэн байна.

“Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан дээрх “Зээлийн гэрээ”-үүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь батлан даагчаар оролцсон гэдэг боловч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эрх бүхий удирдах албан тушаалтнуудаас зохих зөвшөөрөл өгөөгүй байхад “Жаст групп” ХХК хуурамч материал бүрдүүлж зээл авсан гэж тухайн үеийн үйлдвэрийн болон Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдүүлдэг.

Иймд иргэн Ш.Батхүү нарт Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 201301000330 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд уг эрүүгийн хэрэгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК хохирогчоор тогтоогдоогүйгээс хэрэг шийдвэрлэгдээгүй удаж байсан.

Харин 2016 оны 10 дугаар сард Авлигатай тэмцэх газар уг эрүүгийн хэргийг сэргээж “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцож байна. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа уг хэрэг нь Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн шийдвэрийг орчуулах шаардлагатай байгаагаас 2016 оны 12 дугаар сард прокуророос түдгэлзүүлээд байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2017 оны 12 дугаар сард дахин сэргээлгэх хүсэлт гаргаснаар 2017 оны 3 дугаар сард хэргийг сэргээснээр уг хэрэг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаалтын шатанд явагдаж байна.

Хоёр.“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох олон улсын шүүх, арбитрын шийдвэрийн талаар

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхээс Стандарт банкны нэхэмжлэлээс 35,950,000 ам.долларын төлбөрийг хэрэгсэхгүй болгож, 50,988,425.60 ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас гаргуулж, Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК эс зөвшөөрч, Английн хатан хааны дэргэдэх Худалдааны дээд шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК арбитрын шүүхийн шийдвэрүүдийг давж заалдах тохиолдолд 51,000,000 ам.долларыг байршуулах нөхцөлтэй шийдвэр гарсан байна.

Энэхүү шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч Стандарт банк нь Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд үндсэн зээлд холбогдох хүү, шүүхийн ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 14,438,164 ам.долларын зардал, 26,782,381 ам.долларын үндсэн зээлийн хүү, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3,142,063 ам.доллар, нийт 44,362,608 ам.долларыг гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн, Стандарт банк нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн Худалдааны Дээд шүүхэд хандан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлүүлэх талаар захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг компанийн хувьцааны тодорхой хувийг барьцаалсан асуудал байхгүй болно.

Үндсэн зээлийн асуудлыг шийдвэрлэсэн Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн талаар:

1.Стандарт банктай 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-ний талаарх маргаан

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр “Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан 2009 оны “Зээлийн гэрээ”-ний үндсэн дээр байгуулагдсан “Батлан даалтын үндсэн гэрээ”-ээр “Эрдэнэ үйлдвэр” ХХК-д үүрэг хүлээлгэж, хожим оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдээр зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн төлбөрт үүрэг хүлээлгэхгүйгээр 36,000,000.00 ам.доллларыг төлбөр, түүнд тооцогдох хүүгийн хамт “Эрдэнэт үйлдвэр” ХХК төлөх шийдвэр гаргасан.

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх Стандарт банк нь ““Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дагаж мөрддөг хууль, эрх зүйн баримтуудын хүрээнд гэрээнд оролцох чадамжтай байсан бөгөөд Эрдэнэт үйлвэр ХХК-ийн захирал Ч.Ганзориг тухай гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан” гэж үзжээ.

2.Стандарт банктай 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-ний талаарх маргаан

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх нь 2016 оны 6 дугаар сард “Эрдэнэт үйлдвэрт” ХХК-д 2010 оны үндсэн “3ээлийн гэрээ”-ээр үүрэг хүлээлгэж, харин тухайн үед удаа дараа оруулсан нэмэлт гэрээнүүдээр үүрэг хүлээлгэхгүй байхаар шийдвэрлэснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК Стандарт банкинд 14,988,425.60 ам.долларын төлбөрийг тухайн үед тооцогдох хүүгийн хамтаар төлөхөөр шийдвэрлэсэн.

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх шийдвэртээ 2010 оны зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон” гэж үзсэн байна.

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн 2009 болон 2010 оны зээлийн үндсэн гэрээнд холбогдох маргааныг шийдвэрлэсэн дээрх шийдвэрүүдээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 51 сая орчим ам.долларыг Стандарт банкинд төлөх үүрэг хүлээгээд байна.

Дээрх шийдвэрүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК эс зөвшөөрч, Английн хатан хааны дэргэдэх Худалдааны Дээд шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК арбитрын шүүхийн шийдвэрүүдийг давж заалдах тохиолдолд 51 сая орчим ам.долларыг байршуулах нөхцөлтэй шийдвэр гаргасан байна. Үүнийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор 50.988.425.60 ам.долларыг шүүхэд төлөөгүй тохиолдолд арбитрын шийдвэрт давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Хүү болон зардлын талаар шийдвэрлэсэн хэргийн талаар:

Стантарт банк болон бусад нэхэмжлэгч Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд хандан гаргасан нийт нэхэмжлэлийнхээ хүрээнд шүүх ажиллагааны явцад зарцуулсан зардал, хүүг тооцуулж авах нэхэмжлэлийг Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхээс 2009, 2010 оны “Зээлийн гэрээ”-үүдэд холбогдох маргааны зардлын төлбөрт 14,438,164.00 ам.доллар, хүүгийн төлбөрт 26,782,381.74 ам.доллар, арбитрын шүүхийн төлбөрт 476,831.75 фунт стерлингийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аар төлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХ-ийн эд хөрөнгийг илрүүлэх тухай шийдвэрлэсэн талаар:

Стандарт банк нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг илрүүлэх агуулга бүхий хүсэлт гаргасан. Уг арбитрын шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хөрөнгийн мэдээлэл гаргуулах тухай захирамж гаргаж Эрдэнэт үйлвэр ХХК-ийн гадаад, дотоодод байх 500,000.00 ам.доллараас дээш өртөг бүхий эд хөрөнгийн талаарх мэдээлэл, дансны дэлгэрэнгүй мэдээлэл, авлагын мэдээлэл, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш 500,000.00 ам.доллараас дээш үнийн дүнтэй гүйлгээ хийгдсэн бүх гүйлгээний мэдээллийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дотор Стандарт банкинд хүргүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжид давж заалдах гомдол гаргах хүсэлтийг Английн худалдааны дээд шүүхэд гаргасныг шийдвэрлээгүй байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг санхүүгийн мэдээллээ ил болгох шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлэх хүсэлтийг Стандарт банкаас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн дээд шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Английн дээд шүүхийн шүүгчийн захирамжийг зөрчсөн болохыг тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргах зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн байна.

Шүүх, арбитрын шийдвэрийн дагуу Стандарт банкинд олгох төлбөр болон одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар:

Английн Олон Улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу 2009, 2010 оны үндсэн зээлийн гэрээний төлбөрт нийт 50,988,425.60 ам.доллар/цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хам/, шүүхийн ажиллаагааны зардал болон хүүнд нийт 44,362,608 ам.доллар /цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хамт/, нийт 95,351,033.60 ам, долларыг Стандарт банкинд төлөх бөгөөд уг төлбөрийн хүү сар бүр 870,000-900,000 ам.доллараар өсөж, 2018 оны 1 дүгээр сарын байдлаар 101,000,000 ам.доллар болоод байна.

Монгол Улс 1958 онд батлагдсан Монгол Улсын Олон улсын гэрээ, газаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцид 1994 онд нэгдэн орсон бөгөөд энэхүү гэрээнд зааснаар иргэн, хуулийн этгээдийн хооронд гарч болох маргааныг шийдвэрлэсэн бусад улсын нутаг дэвсгэрт гарсан арбитрын шийвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх үүрэг хүлээсэн.

Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас үндсэн нэхэмжлэлтэй холбоотой гарсан шийдвэрүүдийг хянуулах зөвшөөрөл авахаар Английн дээд шүүхэд хандсан боловч уг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд уг маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компаниас ялах магадлал тун бага гэсэн зөвлөмж ирүүлээд байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Стандарт банкны нэхэмжлэлтэй уг асуудлаар удаа дараа хуралдаж, болзошгүй өр төлбөрийг компанид хохирол багатайгаар шийдвэрлэх талаар хэлцэл хийх эрхийг компанийн гүйцэтгэх удирдлагад өгсөн.

Мөн Стандарт банктай хэлцэл хийх замаар холбогдох төлбөрийн хүүг зогсоож, төлбөрийг барагдуулах саналыг Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар сонсож, энэ талаар тодорхой чиглэл өгсөн.

Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд энэхүү үүсээд байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд хүрсэн үр дүнгийн талаар Улсын Их Хурлын эрхэм гишүүн Танд мэдэгдэх болно.