Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Galaxy S9, Galaxy S9+ загваруудыг танилцууллаа

“Mobile World Congress 2018” чуулганы хүрээнд “Самсунг” корпораци Барселонд шинэ ухаалаг утаснуудаа танилцуулсан бөгөөд ирэх сарын 2-ноос захиалгаа авч эхлэх талаар ТАСС агентлаг мэдээлэв.Шинэ утаснууд ОХУ-д ирэх сарын 16-ны өдрөөс борлуулагдаж эхлэх ажээ. Үнийн хувьд Galaxy S9 нь 720 ам.доллар бол Galaxy S9+ нь 840 ам.доллар байх юм байна. Тэдгээр утсууд “хар очир алмааз”, “титан”, “хэт ягаан” гэсэн гурван өнгөтэй байх аж.

Galaxy S9 ухаалаг утас нь 5,8 инчийн quadHD Amoled дэлгэцтэй, 4GB-ын хурдтай, санах ой нь 64GB бол Galaxy S9+ нь 6,2 инчийн quadHD Amoled дэлгэцтэй, 6GB хурдтай, хоёр төрлийн буюу 64-256 GB санах ойтой. “Самсунг” корпораци Galaxy S9 загварынхаа камерыг ухаалаг гар утасны хамгийн шилдэгээр нэрлэжээ. Galaxy S9 загвар нэг камертай бол Galaxy S9+ загвар нь хос камертай юм байна.

Galaxy S9-ийн чанга яригчийг дахин нэгээр нэмэгдүүлж, стерео дуугаралттай болгосноор Loudspeaker горимд ярихад илүү чанга, тод сонсогддог болсон байна. Мөн дуу хөгжим тоглуулахад чанартай сонсогдох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Татварын хуулиудын шинэчилсэн найрууллагын хэлэлцүүлэг албан ёсоор эхэллээ

Татварын хуулиуд зурган илэрцүүдТатварын хуулиудын шинэчилсэн найрууллагын хэлэлцүүлэг албан ёсоор 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэллээ. Хэлэлцүүлэг эхэлсэнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Татварын хуулиудын шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг”-т хэрхэн санал өгөх талаар танилцууллаа.


Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь тал хээрийн нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 7-12 м/с, явган шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 дугаар сарын 1-нд баруун аймгуудын зарим нутгаар, 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 27, 3 дугаар сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 3-р сарын 1-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 11:16 цагт хүлээн авч тус аймгийн Мандал сум дах Онцгой байдын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 11:26 цагт очиж 33 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 16:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 16:55 цагт очиж 28 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 02:09 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 02:15 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 03:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км зам туулан 03:54 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Бусад цаг агаарын аюулт үзэгдэл: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сул-Улаан багийн “Сул-Улаан” гэдэг газар /сумын төвд/ Ховд голын халиа гүйж голын эрэг дагуу нутагладаг 8 айлын байшин, гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай, 110 км зам туулж 19:49 цагт очиж орон нутгийн 45 иргэн, 5 автомашинтай ажиллаж 1 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Баянголын-Ам” гэдэг газар Ар гүнтийн даваанаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 7 зорчигчтой “Лексүс RХ-400” загварын суудлын автомашин, “Субару простер” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.26-ны өдрийн 00:26 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 25 км зам туулан 01:40 цагт очиж, 40 минут ажиллаж цасанд суусан автомашинууд татан гаргах боломжгүй тул орхиж, 7 иргэнийг Улаанбаатар хотод хүргэж ирсэн.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/33 дугаар тушаалын дагуу Гал түймэртэй тэмцэх газраас зохион байгуулж буй Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтанд Төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах аврах ангийн 60 гаруй захирагч хамрагдаж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГТТГ-ын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нар оролцож, сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.

Сургалтыг Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Объектын болон ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийг илрүүлэх, шалтгаан нөхцлийг тогтоох, голомтод ажиллах үед анхаарах зарим асуудал, Гал түймэр унтраах аврах ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах зарим асуудал зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.

Төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах аврах ангийн захирагч нарын хууль, эрхзүйн мэдлэг, ур чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүн, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой тус сургалт 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-аас талийгаачийг хэрэгтэнтэй хамт ял эдэлж байсан, хохирогч эхлэн өдөөн турхиралт хийсэн гэсэн мэдээллийг няцаав

Сонгинохайрхан дүүрэгт 61 настай эрэгтэйг 30 орчим удаа хутгалж амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэлийн мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр “2018 оны хоёрдугаар сарын 21-ний 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн гадны нөлөөтэй нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн алба хаагчид болон Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт үзлэг, шалгалт хийн ажиллаа. Талийгаач нь 61 настай эрэгтэй иргэн “Б” гэх, түүнийг ойролцоогоор 30 орчим удаа хутгалж, амь насанд нь онц хэрцгийгээр халдсан байна. Мөн гэмт этгээд орон гэртэй нь галдан шатаахыг завдаад хэргийн газраас оргон зугтаасан.

Хэрэгт холбогдуулан сэжиглэж байсан этгээдийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, хоёрдугаар сарын 22-ны шөнө Төв аймгийн Баянчандмань сумаас баривчиллаа. Холбогдогч этгээд нь Ховд аймгийн харьяат бөгөөд эрэгтэй, 47 настай “Г” гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан. Уг гэмт хэргийг архидан согтуурсан үедээ үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан мэдүүлгээр тогтоогдоод байна. Одоо хэргийн холбогдогч этгээдийг Цагдан хорих 461-р ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарсан талийгаачийг хэрэгтэнтэй хамт ял эдэлж байсан, хохирогч эхлэн өдөөн турхилалт хийсэн гэсэн мэдээллийг няцаав.

Г. МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ спорт

“Чингис опен 2018” тэмцээн шилдгүүдээ тодруулаа

Зураг

Монголын даамын холбоо, Хан Хэнтийн даамын холбооноос хамтран зохион байгуулсан “Чингис Опен 2018” өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн энэ сарын 23-25-нд Хэнтий аймгийн төв Чингис хотноо болж шилдгүүдээ тодруулав.

Тэмцээнд Улаанбаатар, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймгийн эрэгтэй 76, эмэгтэй 38, нийт 114 тамирчин ухаанаа уралдуулсан байна. Энэ удаа олон улсын их мастер цолтон 3, олон улсын мастер 1, Дэлхийн даамын холбооны мастер 5, Дэлхийн даамын холбооны дэд мастер 3, спортын мастер 11, дэд мастер 19, зэрэгтэй тамирчин 40 гаруй байв. Тэмцээний хамгийн ахмад оролцогч нь 75 настай Д.Жамсран, хамгийн бяцхан оролцогч нь 7 настай Б.Идэрболд байсан юм.

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин, ОУИМ Д.Эрдэнэбилэг боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар тэргүүлж, ОУИМ Р.Манлай, Г.Ганжаргал, ДДХМ Ц.Хашчулуун 14, спортын мастер Б.Батжаргал 13 оноогоор удааллаа. Эмэгтэйчүүдээс ДДХМ Г.Хэрлэнмөрөн 14 оноогоор манлайлж, ДДХМ Б.Нандинцэцэг 14, ДДХДМ Г.Дүүрэнбилэг 13 оноогоор эхний гурван байрт оров.

Ахмадын ангилалд спортын мастер Г.Гансүх, I зэргийн тамирчин Ц.Ганбаатар, 17 хүртэлх насанд хөвгүүдээс дэд мастер М.Лувсандорж, охидоос спортын мастер Б.Мөнхжин, 14 хүртэлх насанд хөвгүүдээс спортын мастер Б.Баярманлай, охидоос дэд мастер Л.Надмид, 11 хүртэлх насанд хөвгүүдээс I зэргийн тамирчин Х.Өнөмөнх, охидоос дэд мастер М.Отгонтунгалаг нар тэргүүн байрыг эзэлсэн байна.

Тусгай шагналыг Ж.Доржнямбуу (Хэнтий), Н.Лхагвадолгор (Шинэ Монгол), Б.Идэрболд (Хэрлэн-4) нарт олгожээ. Тус тэмцээнийг Хэрлэн сумын ЗДТГ, “Өгөөмөр зөв зам” ХХК, “Хэрлэн-1” лаборатори сургуулиуд ивээн тэтгэсэн юм.

Энэ үеэр БТСГ-ын “Алтан од” шагналыг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбатад, “Спортын алдар” одонг Хан Хэнтийн даамын холбооны тэргүүн Г.Наранцогтод гардуулжээ. Хотын захиргаанаас “Чингис Опен”-ийг уламжлал болгон жил бүр зохион байгуулна гэдгээ тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр сонорпуулжээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг цагдан хорих боломжгүй гэж үзжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн Д.Гантулга нь 2017 оны зургадугаар сард 25 настай бүсгүйг хүчиндсэн хэрэгт холбогдсон. Хэргийн газраас авагдсан нотлох баримтад хийсэн шинжилгээний хариугаар ДНК нь УИХ-ын гишүүн Д.Гантулгынх мөн болох нь эцэслэн тогтоогдсон бөгөөд түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжтой болсныг холбогдох албаныхан мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн баасан гаригт буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд Д.Гантулгыг сэжигтнээр татан цагдан хорих тухай прокурорын саналыг хэлэлцэж, түүнийг сэжигтнээр татан цагдан хорих боломжгүй гэж үзжээ. Шүүх Д.Гантулга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас ийнхүү сэжигтнээр цагдан хорих боломжгүй гэж үзсэн байна.

Энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг яллагдагчаар татах тогтоол гаргасан тухай олон нийтэд мэдээлсэн. Тогтоолыг танилцуулах гэсэн боловч тэрбээр гадаад, дотоодод томилолттой шалтгаанаар ирээгүй байдаг.

Categories
мэдээ нийгэм

“Баялгийн засаглал” хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аненауэр сан хамтран өнөөдөр Иргэний танхимд “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Эрдэс баялгийн салбарын бодлого, эрхзүйн зохицуулалт болоод баялгийн засаглалд тулгамдаж байгаа асуудлын талаарх хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг:

“Өнөөдөр бид “Баялгийн засаглал” гэсэн нэртэй хэлэлцүүлэг хийж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг зөвхөн Иргэний танхимд яриад, эндээ үлдэх хэлэлцүүлэг биш юм шүү. Бид ирэх дөрөвдүгээр сард дахин зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ хоёр удаа хэлэлцүүлэх бус Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аненауэр сан хамтран энэ сэдвийг цаашид ярина. Бид баялгийнхаа засаглалыг зөв болгох гол зорилго тавьж байгаа.

Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүн бүр мэдэх ч энэ хэлэлцүүлгийн өмнө заавал унших ёстой болов уу. Энэ хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Өнөөдрийг хүртэл бид баялгийн засаглал буюу ард түмэн баялгийнхаа эзэн нь болох боломж, нөхцөл хараахан бүрэлдэж чадаагүй байна гэж үзэж байгаа. Бид цөөнгүй улсын Үндсэн хуулийг судалж үзсэн. Тэдгээр Үндсэн хуульд “Байгалийн баялгийг хэн нэг компани бүтээгээгүй. Энэ бол байгалийн баялаг юм. Харин хэн нэг хүн эсвэл компанийн бүтээсэн хувийн өмч, хувийн баялаг руу төр өөр хэн нэгэн халдах эрхгүй” гэсэн утга байдаг. Бид ч ийм Үндсэн хуулийн зарчимтай. Гэвч, сүүлийн үед бид энэ санааг санаатай болон санамсаргүйгээр хооронд нь хольж, хутгадаг болсон. Ингэснээр монголчуудын байгалийн баялаг бол гурван сая хүнийх бус маш цөөхөн хүний эрх мэдлээрээ олж авдаг арга хэрэгсэл болж байгаа нь нууц биш болсон. Тэр арга хэрэгсэл, үе, үеийн Засгийн газрын засах гэж оролдож байгаа тэр алдаа бол лицензийн асуудал. Сүүлдээ баялгийг ашиглах гэдэг нь баялгийг өмчлөх асуудал болж хувирч байгаа. Энэ асуудал дээр тогтож, Монголчууд болон гадна дотнын судлаачдыг авчирч ойлголтоо нэгтгэх шаардлагатай болж байгаа. Лиценз гэдэг нэрээр баялгийг ашиглаад байгаа юм уу аль эсвэл өмчлөөд байгаа юм уу гэдгийг сайн ярилцах цаг болсон. Хаана хүрч энэ эрх мэдэл дуусах ёстой талаар бидэнд нэгдсэн ойлголт байхгүй байна.

Би Монголын нууц товчооноос хоёр мөр хэлье. Энэ асуудлыг шийдэж чадаагүй байгаа учраас лицензийн төлөөх байлдаан Монголын нууц товчоонд бичсэнээр:

“…Орондоо унтах авгүй

Олзлон булаалдаж байв…” гэдгийг Орондоо унтах авгүй, олзлон булаалдаж байна гэж хэлэхээс өөр аргагүй байна. Бид энэ асуудлыг анхаарахаас өөр аргагүй байна шүү. Дараагийн асуудал бол баялгийг ашиглах асуудал. Энэ асуудал дээр бид улсаараа хангалтгүй дүн авч байгаа. Хэдхэн том ордыг ашиглах асуудлыг ярьж байгаа ч түүнээс гарах үр өгөөж, тэр үр өгөөжөө хуваарилах, шингээх, хүртээх асуудалд бид мэдэхгүйн болон хэт мэдэхийн зовлонд унасан. Тиймээс бид өнөөдөр баялгийн засаглалын асуудлаар ярилцах гэж байна. Энэ асуудлыг нэг эсвэл хоёр удаа яриад өнгөрөх бус олон удаа ярьж байж байгалийн баялгийн салбарын үндэсний стратегийг маш хурдан бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Баялгийн зөв засаглалын хүчинд монголчууд бид богино хугацаанд боломжийн улс болж хөгжинө. Байгалийн баялгийн зөв засаглал эсвэл байгалийн баялгийн зөв хуваарилалт гэхээр бэлэн мөнгө тараадаг асуудлыг бүрэн зогсоох хэрэгтэй. Би өөрөө улстөрч хүн, Ерөнхий сайд байсан. Өөрийгөө оруулан буруу хийсэн ажлаа засах хэрэгтэй гэж хэлмээр байна. Ялангуяа сонгуулийн өмнө янз бүрийн сангаар дамжуулан бэлэн мөнгө тараадаг. Үүнийг бид зогсоох ёстой. Зогсоох хууль эрхзүйн хөшүүргийг гаргах ёстой. Жишээ нь, бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг гаргаж байсан ч хууль нь Төсвийн тогтворгүй байдлын тухай хууль болсон байдаг. ДНБ-нд эзлэх өрийн таазыг 40 гэсэн ч 60, 80 гээд л улстөрчид дур зоргоороо өөрчилж байдаг. Энэ бүх асуудлыг бид зайлшгүй засах ёстой” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг уулзалтыг нээж үг хэлсний дараа Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институц, КАС-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Сангийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциац зэрэг байгууллагын төлөөллүүд “Баялгийн засаглал” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм.

Тухайлбал, Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн Ерөнхийлөгч М.Дагва илтгэлдээ “Баялгийн засаглалын тулгамдсан асуудлуудын хамгийн эхэнд ойлголцол, зөвшилцлийн асуудлыг нэрлэж байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, нийт иргэдийн түвшинд, уул уурхайн салбарын хэмжээнд, улс төрийн шийдвэр гаргах түвшинд буюу хамгийн гол гурван түвшний ойлголцол, зөвшилцөл байхгүй гэж үзэж байгаа юм байна.

Мөн уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа гол 10 хуулийг өргөн бүрэлдэхүүнтэй судалж үзэхэд 150 зөрчил, 267 давхардал, 150 хийдэл, 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа 250 өөрчлөлт оруулсан зэргээр бодлогын тодорхойгүй байдал энэ салбарын хөгжилд, баялгийн засаглалд тулгамдаж байгаа удаах асуудал гэжээ. Тиймээс олон нийт, уул уурхайн салбарынхан, улс төрийн шийдвэр гаргах түвшнийг хамруулж, салбарын зохицуулалт гаргах, Засгийн газрын түвшинд уул уурхайн үндэсний хөтөлбөр боловсруулж эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг улс төр, сонгуулийн мөчлөг дамнасан тогтвортой стратеги боловсруулах шаардлага гэж үзэж байгаа юм байна.

Бусад илтгэгчид Эрдэс баялгийн салбар дахь эрх зүйн байдлын зарим асуудал, Уул уурхайн салбарын орлого, зарцуулалт, Эрчим хүч бай байгалийн баялаг: Ази болон Европт тулгарч буй улс төрийн сорилтууд зэрэг сэдвээр илтгэл тавив.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын нэр бүхий гишүүдээс тавьсан асуултын хариуг өгөв

чуулган зурган илэрцүүд

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг баталгаанд гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Л.Энхболд нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуултын хариуг Засгийн газар хүргүүллээ.

Хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР, Т.АЮУРСАЙХАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ж.ЭНХБАЯР, Л.ЭНХБОЛД НАРААС ТАВЬСАН АСУУЛТЫН ХАРИУ

Нэг. “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан нийт зээлийн хэмжээний талаар

2009-2010 онд “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банк (цаашид “Стандарт банк” гэх)-аас авсан зээлийн нийт хэмжээг Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх дээр үүссэн арбитрын хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гаргавал:

-2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Жаст групп” ХХК нь Стандарт банктай 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн;

-2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Жаст групп” ХХК нь Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн.

Дээрхийг нэгтгэвэл, 2009-2010 онд “Жаст групп” ХХК Стандарт банкнаас нийт 109,000,000 ам.долларын зээл авсан байна.

Хоёр. Зээл авсан үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх талаар

Зээл авсан үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байна.

Гурав. Баталгаа гаргасан холбогдох албан тушаалтнууд хууль зүйн хувьд эрхтэй байсан эсэх талаар

Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана” гэж заасан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрэмд зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь 10,000,000 сая хүртэлх ам.долларын хэлцэлд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр төлөөлөх эрхтэй бөгөөд түүнээс дээш үнийн дүнтэй хэлцэлд оролцох эрхгүй юм.

Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад “Жаст групп” ХХК хуурамч баримт бичиг бүрдүүлж зээл авсан талаар тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдүүлжээ.

Энэ асуудлаар иргэн Ш.Батхүү нарт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд 2015 оноос Авлигатай тэмцэх газар шалгаж байна.

Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхээс “Жаст групп” ХХК болон Стандарт банк хооронд байгуулсан 2009, 2010 оны Үндсэн зээлийн гэрээнүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК оролцсон байдлыг дараах байдлаар үндэслэлүүдийг дурьдсан байна. Үүнд:

2009 оны Үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт:

-Стандарт банк нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дагаж мөрддөг хууль, эрх зүйн баримт бичгийн хүрээнд гэрээнд оролцох чадамжтай байсан;

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан.

2010 оны Үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт:

-Тус зээлийн гэрээнээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК ашиг хүртэх боломжтой байсан;

-Тус зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан;

-Тус зээлийн гэрээтэй холбоотой барьцаа гэрээний эрх шилжүүлэх тухай мэдэгдлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас дамжуулснаар эрх шилжүүлэлт хүчин төгөлдөр болсон;

-Тус зээлийн гэрээтэй холбоотой санхүүгийн баримт бичгүүдэд “Жаст групп” ХХК-ийн захирал Л.Бадамцэцэгийн цуглуулсан гарын үсгүүд байсан;

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон гэж дурьдсан байна.

Дөрөв.Өмнөд Африкийн Стандарт банкнаас олгосон зээл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дансанд орсон эсэх, түүнийг хэрхэн зарцуулсан талаар

Эрдэнэт үйлдвэр ХХК-аас ирүүлсэн мэдээллээс авч үзвэл 2010-2013 онуудад Стандарт банкнаас нийт 213,3 сая ам долларын орлогын гүйлгээ Эрдэнэт үйлдвэрийн холбогдох дансанд орж ирсэн байна. Энэхүү орж ирсэн мөнгө нь Меркентал хаус, Миллфорд Глобал корпорациас төлөгдсөн борлуулалтын орлого гэж бүртгэгджээ. Уг орлогоос УБТЗ ХНН-д тээврийн хөлсний төлбөрт 55,6 сая ам доллар, Жаст компаниас нийлүүлсэн түлш, шатахууны төлбөрт 41,2 сая ам.доллар зэрэг төлбөрт Эрдэнэт үйлдвэр ХХК-аас шилжүүлсэн байна.

Тав. Зээлтэй холбогдуулан олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар

“Жаст групп” ХХК зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбогдуулан Стандарт банк нь 2013 оны 7 дугаар сард Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхэд хандан 109,000,000 ам.долларын зээлийн гэрээнд хамаарах 86,950,000 ам.долларыг баталгаа гаргасан гэсэн үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас нэхэмжилсэн.

Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх 2016 оны 5 дугаар сард шүүх хуралдааныг явуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Жаст групп” ХХК-д баталгаа гаргасан гэж үзэж, 50,988,425.60 ам.долларын төлбөрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Английн Хатан хааны дэргэдэх Худалдааны дээд шүүхэд давж заалдах гомдол гаргах зөвшөөрлийг хүссэн боловч тус шүүх 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гаргаж, 14 хоногийн дотор 50,988,425.60 ам.долларыг шүүхэд байршуулснаар давж заалдах зөвшөөрөл олгох нөхцөл заасан байна.

Тухайн үед дээрх нөхцөлийг биелүүлэх боломжгүй байсан тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас Английн Давж заалдах шатны шүүхэд уг захирамжийг давах хүсэлт гаргасан боловч 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан захирамжаар татгалзаж эцэслэн шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэр гарсны дараа Өмнөд Африкийн Стандарт банк нь үндсэн зээлийн хүү, шүүх ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус шүүх хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 14,438,164 ам.долларын зардал, 26,782,381 ам.долларын үндсэн зээлийн хүү, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3,142,063 ам.доллар, нийт 44,362,608 ам.долларыг гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг хүү, зардалтай холбоотой маргаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс давж заалдсан бөгөөд хэргийн ажиллагаа үргэлжилж байна.

Түүнчлэн Стандарт банк нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн Худалдааны Дээд шүүхэд хандан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлүүлэх талаар захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2017 оны 11-р сарын 17-ны хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээллийг сонссон бөгөөд үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, мөн хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох асуудлаар Стандарт банктай нэн даруй хэлцэл хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод байна.

—ooOoo—

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг баталгаанд гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуултын хариуг Засгийн газар хүргүүлсэн байна.

Хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮГЭЭС ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАЖ ТАВЬСАН АСУУЛГЫН ХАРИУ

Нэг.Үүссэн нөхцөл байдлын талаар

“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банк /цаашид “Стандарт банк” гэх/-тай 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн.

Түүнчлэн, 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уг гэрээнд нэмэлт оруулж зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр “Жаст групп” ХХК Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банктай нийт 109,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-г байгуулсан.

Гэвч Ш.Батхүү зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбоотойгоор “АйСиБиСи Стандарт банк ПиЭльСиСтандарт”, “Өмнөд Африкийн Стандарт банк” болон Лондонгийн “Форфейтинг компани” нар 2013 оны 7 дугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд хандаж “Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан дээрх “Зээлийн гэрээ”-үүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь батлан даагчаар оролцсон гэж үзэж төлөгдөөгүй үлдсэн 86.950,000 ам.долларыг нөхөн төлүүлэхээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас нэхэмжилсэн байна.

“Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан дээрх “Зээлийн гэрээ”-нүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь батлан даагчаар оролцсон гэдэг боловч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эрх бүхий удирдах албан тушаалтнуудаас зохих зөвшөөрөл өгөөгүй байхад “Жаст групп” ХХК хуурамч материал бүрдүүлж зээл авсан гэж тухайн үеийн үйлдвэрийн болон Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдүүлдэг.

Иймд иргэн Ш.Батхүү нарт Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 201301000330 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд уг эрүүгийн хэрэгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК хохирогчоор тогтоогдоогүйгээс хэрэг шийдвэрлэгдээгүй удаж байсан.

Харин 2016 оны 10 дугаар сард Авлигатай тэмцэх газар уг эрүүгийн хэргийг сэргээж “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцож байна. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа уг хэрэг нь Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн шийдвэрийг орчуулах шаардлагатай байгаагаас 2016 оны 12 дугаар сард прокуророос түдгэлзүүлээд байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2017 оны 12 дугаар сард дахин сэргээлгэх хүсэлт гаргаснаар 2017 оны 3 дугаар сард хэргийг сэргээснээр уг хэрэг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаалтын шатанд явагдаж байна.

Хоёр.“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох олон улсын шүүх, арбитрын шийдвэрийн талаар

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхээс Стандарт банкны нэхэмжлэлээс 35,950,000 ам.долларын төлбөрийг хэрэгсэхгүй болгож, 50,988,425.60 ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас гаргуулж, Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК эс зөвшөөрч, Английн хатан хааны дэргэдэх Худалдааны дээд шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК арбитрын шүүхийн шийдвэрүүдийг давж заалдах тохиолдолд 51,000,000 ам.долларыг байршуулах нөхцөлтэй шийдвэр гарсан байна.

Энэхүү шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч Стандарт банк нь Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд үндсэн зээлд холбогдох хүү, шүүхийн ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 14,438,164 ам.долларын зардал, 26,782,381 ам.долларын үндсэн зээлийн хүү, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3,142,063 ам.доллар, нийт 44,362,608 ам.долларыг гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн, Стандарт банк нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн Худалдааны Дээд шүүхэд хандан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлүүлэх талаар захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг компанийн хувьцааны тодорхой хувийг барьцаалсан асуудал байхгүй болно.

Үндсэн зээлийн асуудлыг шийдвэрлэсэн Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн талаар:

1.Стандарт банктай 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-ний талаарх маргаан

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр “Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан 2009 оны “Зээлийн гэрээ”-ний үндсэн дээр байгуулагдсан “Батлан даалтын үндсэн гэрээ”-ээр “Эрдэнэ үйлдвэр” ХХК-д үүрэг хүлээлгэж, хожим оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдээр зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн төлбөрт үүрэг хүлээлгэхгүйгээр 36,000,000.00 ам.доллларыг төлбөр, түүнд тооцогдох хүүгийн хамт “Эрдэнэт үйлдвэр” ХХК төлөх шийдвэр гаргасан.

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх Стандарт банк нь ““Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дагаж мөрддөг хууль, эрх зүйн баримтуудын хүрээнд гэрээнд оролцох чадамжтай байсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ч.Ганзориг тухай гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан” гэж үзжээ.

2.Стандарт банктай 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-ний талаарх маргаан

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх нь 2016 оны 6 дугаар сард “Эрдэнэт үйлдвэрт” ХХК-д 2010 оны үндсэн “3ээлийн гэрээ”-гээр үүрэг хүлээлгэж, харин тухайн үед удаа дараа оруулсан нэмэлт гэрээнүүдээр үүрэг хүлээлгэхгүй байхаар шийдвэрлэснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК Стандарт банкинд 14,988,425.60 ам.долларын төлбөрийг тухайн үед тооцогдох хүүгийн хамтаар төлөхөөр шийдвэрлэсэн.

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх шийдвэртээ 2010 оны зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон” гэж үзсэн байна.

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн 2009 болон 2010 оны зээлийн үндсэн гэрээнд холбогдох маргааныг шийдвэрлэсэн дээрх шийдвэрүүдээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 51 сая орчим ам.долларыг Стандарт банкинд төлөх үүрэг хүлээгээд байна.

Дээрх шийдвэрүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК эс зөвшөөрч, Английн хатан хааны дэргэдэх Худалдааны Дээд шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК Арбитрын шүүхийн шийдвэрүүдийг давж заалдах тохиолдолд 51 сая орчим ам.долларыг байршуулах нөхцөлтэй шийдвэр гаргасан байна. Үүнийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор 50.988.425.60 ам.долларыг шүүхэд төлөөгүй тохиолдолд арбитрын шийдвэрт давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Хүү болон зардлын талаар шийдвэрлэсэн хэргийн талаар:

Стандарт банк болон бусад нэхэмжлэгч Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд хандан гаргасан нийт нэхэмжлэлийнхээ хүрээнд шүүх ажиллагааны явцад зарцуулсан зардал, хүүг тооцуулж авах нэхэмжлэлийг Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхээс 2009, 2010 оны “Зээлийн гэрээ”-нүүдэд холбогдох маргааны зардлын төлбөрт 14,438,164.00 ам доллар, хүүгийн төлбөрт 26,782,381.74 ам.доллар, арбитрын шүүхийн төлбөрт 476,831.75 фунт стерлингийг “Эрдэнэт үйлдвэр”-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХ-ийн эд хөрөнгийг илрүүлэх тухай шийдвэрлэсэн талаар:

Стандарт банк нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг илрүүлэх агуулга бүхий хүсэлт гаргасан. Уг арбитрын шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хөрөнгийн мэдээлэл гаргуулах тухай захирамж гаргаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гадаад, дотоодод байх 500,000.00 ам.доллараас дээш өртөг бүхий эд хөрөнгийн талаарх мэдээлэл, дансны дэлгэрэнгүй мэдээлэл, авлагын мэдээлэл, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш 500,000.00 ам.доллараас дээш үнийн дүнтэй гүйлгээ хийгдсэн бүх гүйлгээний мэдээллийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дотор Стандарт банкинд хүргүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжид давж заалдах гомдол гаргах хүсэлтийг Английн худалдааны дээд шүүхэд гаргасныг шийдвэрлээгүй байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг санхүүгийн мэдээллээ ил болгох шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлэх хүсэлтийг Стандарт банкаас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн дээд шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Английн дээд шүүхийн шүүгчийн захирамжийг зөрчсөн болохыг тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргах зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн байна.

Шүүх, арбитрын шийдвэрийн дагуу Стандарт банкинд олгох төлбөр болон одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар:

Английн Олон Улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу 2009, 2010 оны үндсэн зээлийн гэрээний төлбөрт нийт 50,988,425.60 ам.доллар/цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хам/, шүүхийн ажиллаагааны зардал болон хүүнд нийт 44,362,608 ам.доллар /цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хамт/, нийт 95,351,033.60 ам, долларыг Стандарт банкинд төлөх бөгөөд уг төлбөрийн хүү сар бүр 870,000-900,000 ам.доллараар өсөж, 2018 оны 1 дүгээр сарын байдлаар 101,000,000 ам.доллар болоод байна.

Монгол Улс 1958 онд батлагдсан Монгол Улсын Олон улсын гэрээ, гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцид 1994 онд нэгдэн орсон бөгөөд энэхүү гэрээнд зааснаар иргэн, хуулийн этгээдийн хооронд гарч болох маргааныг шийдвэрлэсэн бусад улсын нутаг дэвсгэрт гарсан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх үүрэг хүлээсэн.

Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас үндсэн нэхэмжлэлтэй холбоотой гарсан шийдвэрүүдийг хянуулах зөвшөөрөл авахаар Английн дээд шүүхэд хандсан боловч уг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд уг маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компаниас ялах магадлал тун бага гэсэн зөвлөмж ирүүлээд байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Стандарт банкны нэхэмжлэлтэй уг асуудлаар удаа дараа хуралдаж, болзошгүй өр төлбөрийг компанид хохирол багатайгаар шийдвэрлэх талаар хэлцэл хийх эрхийг компанийн гүйцэтгэх удирдлагад өгсөн.

Мөн Стандарт банктай хэлцэл хийх замаар холбогдох төлбөрийн хүүг зогсоож, төлбөрийг барагдуулах саналыг Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар сонсож, энэ талаар тодорхой чиглэл өгсөн.

Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд энэхүү үүсээд байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд хүрсэн үр дүнгийн талаар Улсын Их Хурлын эрхэм гишүүн Танд мэдэгдэх болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ: Н.Золжаргалтай холбоотой хэрэг шалгагдаж байна

АТГ зурган илэрцүүд

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд хийсэн ажлын тайлангаа хүргэдэг. АТГ-ын өнөөдрийн мэдээллээр төрийн өндөр алба хашиж буй болон төрийн холбогдох албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх хугацаа II сарын 15-нд дуусгавар болсон талаар мэдээлэв. Хуульд заасан хугацаанд зохих шатны байгууллагын 40073 эрх бүхий албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах байснаас 40067 нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ. Харин Төрийн өндөр албан тушаал хашдаг 272 албан тушаалтан мэдүүлгээ гаргах ёстой байснаас 271 нь бүртгүүлжээ. Нэг хүн буюу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй байна. АТГ-аас хуульд заасан хугацаанд мэдүүлгээ гаргахыг удаа дараа сануулсан боловч мэдүүлгээ гаргаагүй учраас хуулийн дагуу түүнд хариуцлага хүлээлгэнэ гэлээ. АТГ-аас он гарсаар эхний хоёр сарын хугацаанд 21 эрүүгийн хэрэг шүүхэд шилжүүлсэн байна. Түүний дотор Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг болон Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний хахуул авсан зэрэг асуудлууд багтсан байна. Мэдээллийн дараа АТГ-ын холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, ”Стандарт” банктай холбоотой асуудлыг АТГ шалгаж байгаа гэсэн. Хэрэг ямар шатандаа явж байна вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбогдуулан тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна.

-Гаалийн байцаагчид нарт холбогдох хэрэг юу болж байна вэ?

-Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын хэргийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой хэрэг ямар шатандаа явж байна вэ?

-Одоогоор хэрэг шалгагдаж байна.

-БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой хуурамчаар тамга үйлдсэн гэх иргэний гомдлыг АТГ шалгасан уу?

-БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой гомдол ирсэн. Үүнийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг рүү шилжүүлсэн.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгаж байгаа гэсэн. Энэ хэрэг ямар шатандаа явна вэ?

-УИХ-ын гишүүн Д.Гантулгаас нэг удаа байцаалт авсан. Мөн шинжилгээ авсан байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.