Categories
мэдээ улс-төр

Хоёр талын уулзалтууд хийж, салбар хуралдаануудад оролцлоо

БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Тус чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын парламентын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дарга М.Энхболд хоёр талын хэд хэдэн уулзалт хийж, УИХ-ын гишүүд салбар хуралдаануудад оролцлоо.

Чилийн конгресст Чили-Монголын парламентын бүлэг байгуулагдана

УИХ-ын дарга М.Энхболд эхний уулзалтаа Бүгд Найрамдах Чили Улсын Үндэсний конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Фидель Эспинозатай хийв. Уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, илүү ойртуулах, түүгээр дамжуулан худалдаа, эдийн засгийн харилцан түншлэл тогтоох нь чухал байгааг хөндөж ярилцлаа. УИХ-д Монгол-Латин Америкийн парламентын бүлэг байдаг бол Чилийн парламентад Монголын бүлэг байхгүй юм байна. Тиймээс тун удахгүй Чили-Монголын бүлэг байгуулна гэж ноён Фидель Эспиноза амлалаа.Байгалийн баялгийн ашиглалт, ялангуяа зэсийн олборлолт, боловсруулалт, борлуулалт, үнэ гэх мэт асуудлаар яриа хөөрөө өрнүүллээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн гол тоглогч байхын тулд Чили-Перу-Монгол гэсэн гурамсан холбоо бий болгох нь зөв гэж Чилийн парламентчид үзэж байна. Парламентуудын хамтын ажиллагааг үр ашигтай өрнүүлэхийн тулд тодорхой нэг асуудлаар, тухайлбал хууль тогтоох байгууллагын ил тод байдал, эсвэл гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлаар хамтран ажиллаж болно гэж тэд онцоллоо.

Түүнчлэн Чили Улс сүүлийн жилүүдэд боловсролын салбартаа онцгой анхаарал хандуулж, тогтолцооны шинэчлэл хийж байгаа тул энэ чиглэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар арга туршлагаа харилцан солилцох боломжтой гэдгийг Конгрессийн гишүүн Жоржиа Жексон тэмдэглэсэн бол УИХ-ын дарга М.Энхболд Чилийн хөрөнгө оруулалтын болон баялгийн сан бүрдүүлэлт, тэтгэврийн даатгалын тогтолцооны туршлагаас суралцах хүсэлтэй байдгаа илэрхийллээ.

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийн асуудалд онцгой анхаарахыг хүслээ

Бүсийн чуулга уулзалтад БНСУ-ыг төлөөлж буй төлөөлөгчдийг тус улсын Үндэсний ассамблейн байнгын хорооны дарга Ли Жинбок тэргүүлж иржээ. Түүнтэй УИХ-ын дарга М.Энхболд уулзах үеэрээ “Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлахдаа хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх саналыг тавьсан нь харилцааны цаашдын ирээдүйд чухал алхам боллоо. Энэ бол Монгол Улсын төр, засаг, ард түмний хүсэл эрмэлзэл юм. Бид БНСУ-ыг хөрөнгө оруулалтын гол түнш, ах дүүгийн харилцаатай ард түмэн гэж үздэг” хэмээн онцоллоо.

Тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын цалин хөлс, даатгал, эрүүл мэнд гээд хөдөлмөрлөх болон хүний эрхийн асуудалд Үндэсний ассамблейн зүгээс анхаарал хандуулж байхыг хүслээ. Түүнчлэн удахгүй эхлэх гэж буй “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг БНСУ амжилттай зохион байгуулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ноён Ли Жинбок монгол иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийн асуудалд бид онцгой анхаарсаар ирсэн. Цаашдаа ч анхаарсаар байх болно гэж онцлоод, “Бүх салбарыг хамран амжилттай хөгжиж буй хамтын ажиллагааг улам өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь хууль тогтоох байгууллагуудын чухал зорилт юм. Тиймээс та бид энэ чиглэлээр их зүйл хийх нь төр, засаг, ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага юм” гэв. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг Пёнчаны олимпод зочноор оролцохыг урилаа.

Лаосын тал Тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах санал тавив

УИХ-ын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн дэд дарга Сэнгнүан Саяалаттай уулзах үеэрээ хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарын уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Лаос руу мах, махан бүтээгдэхүүн, хивс экспортлох, Лаосоос модон эдлэл, жимс жимсгэнэ импортлох талаар ярьж буй тохиролцоогоо хоёр тал ажил хэрэг болгох нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

Тэрбээр БНХАУ-ын “Нэг бүс-нэг зам” санаачилгад хоёр орон хамтарч оролцохоос гадна удахгүй ашиглалтад орох Куньмин-Вьентьяны төмөр замын боломжийг сайтар ашиглах нь чухал. Тиймээс Хятад-Лаос-Монголын хооронд дамжин өнгөрөх тээврийн гурван талт гэрээ хэлэлцээр байгуулах бэлтгэлийг одооноос хангах нь зөв юм гэв. Түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд хоёр улс бие биенийг харилцан дэмжихийн чухлыг тэмдэглээд, Монгол Улсын АСЕАН-ы гишүүнээр элсэх чармайлтад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ноён Сэнгнүан Саяалат худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдтой санал нэг байгаагаа тэмдэглээд, хууль боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих туршлагаасаа хуваалцах, Тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах саналыг тавилаа. Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг БНАЛАУ-д айлчлахыг урьсныг талархан хүлээж авав.

Салбар хуралдаануудад УИХ-ын гишүүд оролцлоо

Энэ өдөр Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулганы “Улс төр, аюулгүй байдал”, “Эдийн засаг ба худалдаа”-ны салбар хуралдаанууд болов.

“Бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг тогтоож, хөгжил цэцэглэлтийг цогцлоохын төлөөх парламентын дипломат ажиллагаа” сэдвийн дор өрнөсөн улс төр, аюулгүй байдлын салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Б.Пүрэвдорж нар оролцлоо. Уг хуралдаанаар парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар улс хоорондын болон бүс нутгийн харилцаанд дэмжлэг үзүүлэх арга механизм, санал санаачилгыг хэлэлцлээ.

Түүнчлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд улс орон бүр хууль тогтоомжоо сайжруулж, хамтын хүчин хүчин чармайлтаа нэгтгэх нь зүйтэй гэж гишүүн орнууд үзэж байна. Мөн терроризм, хар тамхи, мөнгө угаах, хүний наймаатай холбоотой хил дамнасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар өмнөх хуралдаануудаар дэвшүүлсэн асуудлуудын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилгоо зөвшилцөв.

Хоёр дахь салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баатарбилэг, А.Сүхбат, Ч.Улаан нар оролцож, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангахад хууль тогтоох байгууллагуудын оруулах хувь нэмэр, хүчин чармайлтын асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар бүс нутагтаа олон талт худалдааны нэгдсэн тогтолцоотой болох, худалдаан дахь тарифын бус хориг саадыг арилгах, интернэт худалдааг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, эко хөдөө аж ахуй, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, санхүү, технологийн боломж нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлаар гишүүн орнууд, түүний дотор Монголын парламентчид байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд чуулга уулзалтад оролцож буй улс орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын хамт БНСВУ-ын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фү Чонг-д бараалхав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Ханой хотоос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ганцмодны боомт дээрх жагсагчид тарж, хил нээгджээ

БНХАУ-ын Ганц модны хилийн боомт өчигдөр өглөө нээгдэж, хэвийн үйл ажиллагаандаа оржээ. Хилийн боомт дээр жагсаж байсан иргэдтэй Баяннуур аймгийн Засгийн ордныхон, Ганцмод боомтынхон энэ сарын 17-нд уулзаж, тохиролцоонд хүрчээ. Ингээд урд хөршийн нүүрс тээврийн компанийн ажилтнууд жагсаалаа бүрэн зогсоож, зам хааж тавьсан машинуудаа холдуулжээ. Ингэснээр Монголын нүүрс тээврийн компанийн машинууд БНХАУ-ын хилийн зурвас руу орж эхэлсэн байна. Хилийнхэн гаалиар хяналт шалгалт хийх ажлаа ч эрчимжүүлсэн байна. Хоёр улсын хилийн боомт өчигдөр 10:00-20:00 хүртэл хүнд даацын автомашинуудыг нэвтрүүлжээ. Арав гаруй хоног хөл хөдөлгөөн нь зогсоод байсан Гашуун сухайт хилийн боомтын замаар машины цуваа тасралтгүй хөвөрч байгаа аж. Харин өчигдөр Оюутолгой компани баяжмал тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогсоод байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.

“ВИНСВЭЙ”, “ЧАЛЬКО” КОМПАНИ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАРДЛАА НЭМЭХЭЭР БОЛЖ, ЖАГСАГЧИД ТАРЦГААЛАА

Ганцмодны хилийн боомт дээр зам хааж, жагсаад байсан хятадуудын жагсаалаа зогсоох болсон шалтгааны талаар “Нүүрс тээврийн жолоочдын холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Г.Мөчиртэй холбогдож, цөөн асуултад хариулт авсан юм.

-Хилийн зам хааж жагссан хятадууд жагсаалаа зогсоох шийдвэр гаргасан байна лээ. Ямар шалтгаанаар зогсоосон тухай мэдээлэл хэлж өгөөч?

-Ганцмодны хилийн боомт дээрх жагсаал Цагаан сар хүртэл үргэлжилнэ гэсэн мэдээлэл байсан. Жагсагчдын тавьсан шаардлагыг Баяннуур аймгийн Засгийн ордныхон Гадаад хэргийн яамаар дамжуулан Монголын Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн. Мөн Монголын Авто тээврийн үндэсний төвд ч шаардах бичиг хүргүүлсэн юм. Шаардах бичгийн хариу сар гаруйн хугацааны дараа ирэх байх гэсэн тооцоолол байсан. Тэгтэл өчигдөр Ганц модны хилийн боомтын захиргаа, хилийн цэрэг, цагдаа, Баяннуур аймгийн удирдлага,“Винсвэй”, “Чалько” компанийн төлөөлөл, нүүрс тээврийн компанийн захирлуудтай уулзаж хэлэлцээр хийсэн.

Хэлэлцээр амжилттай болсон юм байна лээ. “Винсвэй”, “Чалько” компанийн зүгээс нүүрс тээвэрлэлтийн зардлыг нэмэх санал гаргасан байна. Тонн тутамд нь тодорхой хэмжээний юань нэмэх боломж байгаа гэдгээ мэдэгдсэн. Нүүрс тээврийн компанийн захирлууд тооцоолбор хийж үзээд ашигтай гэж үзсэн гэсэн. Ингээд жагсаалаа зогсооё гэсэн шийдвэр гаргасан байна. Дээрх хэлэлцээрийн дагуу өчигдөр өглөө Адууны хашааны замыг хааж тавьсан машинуудаа жагсагчид авсан. Үүний дараа жолооч нар машинаа асааж, хил нэвтэрч эхэлсэн. Энэ үед ямар нэгэн хориг саад байгаагүй. Хилийн орчимд хэд хоног зогссон машинууд чөлөөтэй нэвтэрч эхэллээ.

-Хил дээр жагсаал хийсэн иргэд шаардах бичгийнхээ хариуг авах гэнэ үү?

-Үүнийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хил онгойчихлоо. Шаардлагын хариуг авахгүй гэвэл танай улсын Засгийн газрын 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, жолооч нарт нийгмийн даатгал төлөх байх. Үндэсний авто тээврийн төвөөс оны өмнө компаниудыг байнгын ажилладаг жолоочтой бол, тэднийхээ бичиг баримтыг бүрдүүлж өгөөд хуулийн дагуу нийгмийн даатгал болон бусад төрлийн татвар төл” гэсэн шаардлага тавьж байсан. Үүнийг хэрэгжүүлэх, Монголын нутаг дэвсгэр Цагаан хадан дээр байнгын хяналтын пост, компанийн бие төлөөлөгч ажиллуулах зэрэг асуудлууд ажил хэрэг болох байх.

“ЖОЛООЧ НАР ЦАГААН САРААР МӨНГӨТЭЙ ХАРИХ НЬ ГЭЭД БАЯРТАЙ БАЙНА” ГЭВ

Өчигдөр 20:00 цагийн байдлаар БНХАУ-ын хилээр 600 гаруй хүнд даацын автомашин нэвтэрч, Монголын хил рүү орж ирсэн байна. Харин Гашуун сухайт хилийн боомтоор манай улсын хоёр мянга гаруй иргэн хил гарч, Ганцмодны боомт оржээ. Энэ талаар Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайгаас хувиараа нүүрс тээвэрлэж байгаа Р.Ганбаттай холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-БНХАУ-ын ганцмодны хил нээгдэж, монгол жолооч нар Хятад руу хил даваад эхэлсэн гэсэн. Хятадын компаниуд та бүхэнд машинаа өгч байна уу?

-Машинаа асуудалгүй өгч байна. Хил нээгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатараас наашаа хэдэн зуун жолооч гарсан гэх мэдээлэл байгаа. Зарим нь Ганцмод хилийн боомт дээр ирчихээд байна. Хил хаагдсантай холбоотойгоор хэд хоног нам гүм байсан. Одоо харин хэдэн зуун машин давхилдаж байна. Оюу толгой компанийн ажилтнууд дөнгөж сая бөөнөөрөө энд ирсэн. Маргаашнаас баяжмал нь хил гарахаар болсон гээд явж байна лээ.

-Уурхайнуудын үйл ажиллагаа хэвийн болж, ачилт эхэлсэн үү?

-Эрдэнэс Тавантолгой компанийнхан нүүрс тээврээ зогсоогоод байсан ч өчигдрөөс дахин эхлүүлсэн. Мөн “Энержи Ресурс” ХХК, “Таван Толгой” ХК тэргүүтэй уурхайн нүүрсний ачилт хийгдэж байгаа. Жолооч нар “Цагаан сар болох гэж байхад хил хаагдчихлаа. Мөнгө төгрөг байхгүй хэцүүдэх юм байна” гэж ярьж байлаа. Харин хил нээгдсэнээр Цагаан сараар гэртээ мөнгөтэй очих нь гээд баярлаж байна гэв.

Ийнхүү арав гаруй хоног зогсоод байсан нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж, өнөөдрөөс БНХАУ-ын Ганц модны боомтоор нүүрс гарч эхлэх нь бололтой.


Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга генералуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын генералуудтай уулзлаа. Уулзалтыг Монгол генерал төвтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулсан юм.

Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “1990 оноос хойш бид Ардчилсан нийгэмд амьдарч байна. Өнөөдөр бид хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын хаана нь явааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Наанадаж, бид агаарын бохирдлоосоо салах гэж мунгинаж байна. Мунгинах гэхээс илүүтэй үүгээр бизнес хийдэг болсон байна” гэж дурдлаа.

Монгол Улсад нийтдээ 181 хүн генерал цол авснаас 97 генерал амьд, сэрүүн байдаг, тэдний 35 нь эдүгээ ажлаа хийж байна.

Төрийн тэргүүн уулзалтын үеэр нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөн ярихаас гадна Бүтээн байгуулалт-Монгол цэрэг хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулж, генералуудтай санал солилцлоо.

Энэ үеэр Хошууч генерал А.Ганбат “Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр Монгол Улсын хүн ам 3.2 саяд хүрсэн байна. Хойч ирээдүй маань ямар нөхцөлд өсч, бойжиж байгааг мэдэж, харж байна. Өнөөдөр сошиал ертөнц дэлгэрч, бүгдийг үгүйсгэсэн, бүгдийг үгүй хийдэг, цэцэрхсэн бүхэл бүтэн шинэ үетэй болж байна. Зоригтой хөдлөхгүй бол үүнээс цааш цаг хугацаа, боломж байхгүй байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Монгол иргэдийн эх оронч үзэл алдагдаж байгааг бид харах боллоо”.

Хошууч генерал Д.Чимэд-Юндэн “Эдийн засгийн 16 шалгуур үзүүлэлтийг гаргаж, дүгнэхэд ес нь аюултай хэмжээнд, долоо нь дөнгөн данган аргацааж байгаа судалгаа гарсан. Үүнийг би өмнө нь олон нийтэд танилцуулж л байсан. Эдийн засгийн аюулгүй байдал аюултай хэмжээнд байгаа шүү. Нам, эвсэл, хар, бор гэлтгүй бүгд нэг л газар нэгдэх ёстой байдаг. Тэр нь Үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын язгуур эрх ашиг гэдэг цэг юм. Тиймээс эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс гаргаж байгаа санал, санаачилгыг УИХ дэмжиж ажиллах ёстой”.

Хошууч, генерал Я.Пүрэвдорж “Монгол Улсын Ерөнхийлөгч генералуудтай уулзаж байгаа явдалд талархаж байна. Бүтээн байгуулалтад Монгол цэргийг оролцуулах, түүнийг дагаад ажилтай, орлоготой байлгах нь чухал асуудал мөн” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно гэсэн өгүүлбэртэй нэмэлт хууль оруулж ирснийг буцаасан

Банкны тухай хуульд ямар өөрчлөлт орж буй талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас тодрууллаа.


-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг баталлаа. Уг хуульд орсон гол өөрчлөлт юу вэ?

-УИХ банк санхүүгийн системийн үндсэн гол хоёр хууль болох Төв банк, Банкны тухай хуулийг өнөөдөр эцэслэн баталлаа. Өнгөрсөн долоо хоногт Төв банкны тухай хууль батлагдсан бол сая Банкны тухай хууль батлагдан гарч байна. Банкны тухай хуульд орсон хамгийн том гол агуулгын өөрчлөлт бол Төв банкнаас тавих хяналт, шалгалтыг илүү бие даасан, чанартай, чадамжтай болгож өгсөн явдал. Өмнө нь Төв банкны хяналт, шалгалтыг зөвхөн гүйцэтгэл дээр нь хийдэг байсан бол одоо урьдчилсан буюу эрсдэлд суурилсан байхаар хуульчилж байна. Ингэснээр аливаа банкинд ямар нэгэн эрсдэл учрахаас нь өмнө Төв банк илрүүлж, түүнийг нь таслан зогсоох, цаашлаад хувьцаа эзэмшигч болон татвар төлөгчдийн хөрөнгөд эрсдэл учруулахгүй байх зохицуулалтыг хийх чадамжтай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банк дампуурах, иргэдэд учрах эрсдэл, улмаар татвар төлөгчдийн мөнгө рүү ч орох эрсдлийг урьдчилан хаахаар болж байна гэж ойлгож болно.

-Банкууд охин компани байгуулахыг хориглосон заалт орсон. Хуучин байгуулсан охин компаниудаа одоо хэрхэх вэ?

-Хараат болон охин компанитай холбоотой хуулийн энэ зохицуулалт хуульд 2010 онд өмнө нь орж ирж байсан. 2009 оны дэлхийн зах зээлийн хямралтай холбоотойгоор санхүүгийн зах зээлд банкуудыг дэмжих зорилгоор энэхүү заалт орж ирж байсан. Найман жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Банк охин компани байгуулахыг хуулиар хязгаарлаж өгч байгаа юм. Одоо нэгэнт байгуулчихсан бизнесийн загваруудыг огцом эвдэх нь банкинд эрсдэлтэй.

Тиймээс нэг жилийн хугацаа өгч байгаа. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр банк охин компаниудыг тасалбар болгож хаана. Банкны байгуулдаг охин компанийг хязгаарлаж байгаа боловч банкны нэгдэл буюу дээд компаниасаа байгуулдаг банктай зэрэгцээ охин компаниудын санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрх нь бол нээлттэй.

-Зээлийн хүүнд хязгаар тогтоох тухай хуулийн заалт унасан талаар яригдаж эхэллээ. Энэ нь банкны эздийн лобби орсон юм биш үү гэсэн хардлага явж байна?

-Энэ удаагийн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр 150 гаруй өөрчлөлт нэмэлтээр орж ирж байгаа. Шууд утгаараа уг хуульд банкны хүүтэй холбоотой нэг ч заалт орж ирээгүй. Хууль санаачлагчдын санаачилгаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын зэрэгцээгээр Банк болон хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны зээлийн үйл ажиллагааны тухай хуульд Монголбанк зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно гэсэн өгүүлбэртэй нэмэлт хууль оруулж ирсэн. УИХ-ын байнгын хороон дээрээс энэ хуулийг хууль санаачлагч нарт нь буцаасан. Үүнд нэмэлт тайлбар зайлшгүй хийх шаардлагатай байна. Ганцхан өгүүлбэр оруулж ирж төр ард түмнийг хуурч болохгүй. Зээлийн хүүг бууруулахыг бүх нийтээрээ хүсч байгаа. Ганцхан өгүүлбэр оруулж өгөөд ард түмний хүлээлтийг дарж аргалчих нь гэж ингэж хуурч болохгүй юм. Монголын төр зээлийн хүү өндөр байгаа оношоо зөв хараад зөв зүйлээ барьж ажиллах ёстой. Түүнээсээ халгаж хуульд ганцхан өгүүлбэр оруулж ирээд одоо зээлийн хүү буурчихлаа гэж хийрхэж болохгүй. Ганцхан өгүүлбэр хуульд оронгуут Монголбанк зээлийн хүүг бууруулчихаж ч чадахгүй. Зээлийн хүү өндөр байгаа нь өнгөрсөн 30 жилийн нийгмийн тусгал юм. Бид ийм өндөр өртөгтэй нийгмийг бий болгочихож. Тэгэхээр эдийн засгийн өртгийг сууриар нь буулгахын төлөө л ажиллах хэрэгтэй. Эхлээд хадгаламжаа бууруулах шаардлагатай. Ингэж байж дараа нь зээлийн хүүг бууруулах асуудлыг ярих хэрэгтэй.

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, гаргаснаар банк дампуурахгүй байх эрсдэл хэдэн хувиар буурах вэ?

-Өмнө нь аливаа банк татан буугдсан тохиолдолд банкинд байсан олон нийтийн мөнгөн хөрөнгийн ихэнх хувийг төсвөөс буюу татвар төлөгчдийн хөрөнгөөс төлдөг. Өөрөөр хэлбэл, хамаг л ачааг татвар төлөгчид үүрдэг байсан. Үүнийг аль болох багасгах, банкны эрсдлийн менежментийг нь сайжруулснаар банкийг дампуурахаас нь өмнө бүтцийн өөрчлөлт хийх замаар эрүүлжүүлэх, тогтвортой үйл ажиллагааг нь хангах зорилготой хууль юм. Энэ ч утгаараа суурь эрсдэл нь буурна, Ингэснээр зээлийн хүүгээ бууруулах боломж банкиудад бүрдэнэ. Шууд бус замаар зээлийн хүүг бууруулах таатай орчинг бий болгох эцсийн зорилго оршиж байгаа ч гэж хэлж болно. Банкны тухай хууль ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

-Банк хаалгаа барихад хохирлыг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж, төлдөг байсан. Хууль батлагдсанаар банк хаалгаа барилаа гэхэд хохирлыг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүй байх боломжтой болно гэдгийг та дээр хэллээ. Тэгэхээр хохирол үүсэхэд хэн хариуцах вэ?

-Өмнө нь банкууд татан буугдахад уг банкинд хадгалагдаж байсан иргэдийн хадгаламжийн ихэнх хэсгийг төсвөөс буюу татвар төлөгчийн мөнгөнөөс төлж барагдуулдаг байсан. Тэрхүү доголдлыг аль болох багасгах, банкны эрсдлийн менежментийг сайжруулснаар дампуурлын өмнөх шатанд бүтцийн өөрчлөлт хийх замаар эрүүлжүүлэх, дунд болон урт хугацаанд банкны үйл ажиллагааг тогтворжуулахад хууль чиглэж байгаа юм. 2008-2009 оны үед хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төрөөс бүрэн хариуцахаар хуульчилж байсан. Тэр хуулийн үйлчлэл 2013 онд зогссон. Түүнээс хойш хадгаламжийн даатгалын тогтолцоотой болсон. Тэрхүү тогтолцооны дагуу хууль нь ч гарсан.

Одоо Хадгаламжийн даатгалын корпораци гэдэг нь банкны систем, хадгаламж эзэмшигчдийн гал хамгаалагч болоод байна. Хэрэв цаашид эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалж банкны үйл ажиллагаа хүндэрсэн тохиолдолд Хадгаламжийн даатгалын корпораци нийт ард иргэдийнхээ мөнгөн хадгаламжийг бүрэн хариуцаж байгаа учраас нөхөн төлөлтийг хийх бололцоотой. Үүнийг сайжруулах зорилгоор Засгийн газраас хууль өргөн барьсан байна билээ. Хуулиар банкны ТУЗ-д хяналт шаардлага тавьж, мэргэжлийн хүн байхыг шаардах ёстой. Түүнээс банкны хөрөнгө оруулагчдыг хянах шаардлагагүй. Учир нь хөрөнгө оруулагч өв залгамжлалын хуулиар нэг настай хүүхэд ч байж болдог.


Categories
мэдээ цаг-үе

Монгол цэргийн жанжид сэлэмгүйгээр дэлхийн талыг эзэлсэн үү

Алдарт Наполеон Бонапартын сэлэм

Монголчуудын түүхийн томоохон хэсэг нь XIII зууны дэлхийн талыг эзэлсэн байлдан дагуулалт. 100 мянган хүнтэй монгол үндэстэн хэдэн сая хүнтэй улс орнуудыг хэрхэн эзэлсэн түүх өнөөг хүртэл маргаан дагуулдаг гэнэ. Сүүлийн үед ихэнх судлаачид монголчуудын хөрвөх чадвар, тэсвэр хатуужил нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой гэдэг дээр нэгдэж байгаа аж. Дээр нь бүх монгол цэргүүд хөтөлгөө морьтой бас сэлэмтэй байсан нь байлдах чадварыг хэд дахин нэмэгдүүлжээ. Морьт арми ямар байсныг өнөөдөр ч төсөөлж болно. Харин цэрэг бүрийн үндсэн зэвсэг болсон сэлэмний тухай ойлголт бага байдаг юм байна. Сэлэм нь XIII зуунаас эхлээд бараг 1921 он хүртэл цэрэг бүрийн үндсэн зэвсэг байсаар иржээ. Харамсалтай нь өнөөдөр өсвөр үедээ Чингисийн монгол ийм зэвсгээр дэлхийг байгуулсан гээд үзүүлэх сэлэм ховорджээ. “Цогт тайж”, “Чингис хаан”, “Мандухай сэцэн хатан” зэрэг кинонд олон тооны сэлмэн тулаан гардаг. Гэтэл энэ бүхэн зүгээр дуураймал байдаг ба дуу, чимээ нь төмпөн, сав тачигнуулж байгаад хийчихдэг юм байна. Харин Монголбанкны Эрдэнэсийн санд маш гоёмсог сэлэмнүүд байдаг. Тэр нь 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайны үед манай маршал генералуудад олгосон сэлэмнүүд. Харин 1921 оны хувьсгалд оролцож байсан манлай баатар Дамдинсүрэн, Чойбалсан нар тухайн үедээ хэрэглэж байсан сэлэмнүүд Монголын үндэсний музей, Цэргийн музейд байгаа гэнэ. Харин Чингисийн үеийн сэлэм Монгол үндэсний музей болон Цэргийн музейд тус бүр нэг л байдаг. Гэхдээ энэ нь шинжээчдийн дүгнэлтээр XIII зууных гэж батлагдахаас Чингис эсвэл Хубилай хааны сэлэм гэж батлагдахгүй. Харин ямар зиндааны цэргийн эрхтэн хэрэглэдэг байсныг тогтоож болно. Мөн Хүрэл зэвсгийн үе, Хүннүгийн үеийн ч ганц нэг сэлэм байдаг аж. Монголд маршалын сэлэм гэж гурав байдаг. Түний нэг нь Үндэсний музейд, нэг нь Цэргийн музейд, гурав дахь нь Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байна.

XIII зууны монгол цэргийн нуруутай сэлэм

XIII зууны жирийн монгол цэргийн сэлэм бусад орнуудынхаас нэлээд өөр хэлбэртэй байсан тухай Оросын судлаач бичжээ. Түүний үзэж буйгаар ихэнх орны цэргүүд явган байсан. Тиймээс өөрийгөө зайнаас хамгаалах зориулалттай, дайснаа зайнаас хөнөөх зориулалттай. Энэ нь ихэнх тохиолдолд нэлээд урт, жаднаас арай богино хэмжээтэй. Харин Скандинавын бүсэд нэг хэсэг хүчирхэгжиж байсан викинчүүд хамгийн урт сэлэмтэй байсан гэнэ. Олон орны цэргүүд сэлмийг хатгалдах зорилгоор үйлдвэрлэдэг байсан. Харин жирийн монгол цэргийн сэлэм аливаа зүйлийг цавчих, таслах зориулалтаар бүтээгдсэн гэж үздэг гэнэ. Бусад орны цэргүүдийн сэлэм зузаан, багагүй жинтэй. Харин монголчуудынх харьцангуй нимгэн, багахан орон зайд ямар ч хөдөлгөөн хийхэд тохиромжтой гэнэ. Ийм авсаархан сэлэмтэй монголчууд морины дээд хурдаар давхиж ямар ч зүйлийг хөнөөх өндөр чадвартай. Энэ утгаар нь “Морьтон монголчууд хар шуурга мэт орж ирээд, газраас дээш өндийсөн бүхний толгойг хяргадаг. Тэдний морьд нэг хурдалбал гал усанд ч торохгүй, цэрэг эр нь сэлмээ өргөсөн л бол хүний хар нүдийг алдахгүй” гэсэн аймшгийн тухай яригдаж байсан гэдэг.

XIII зууны монгол цэргийн сэлэм, хуй

Гэхдээ нийт цэргийн үндсэн зэвсэг болсон сэлэм нь зөвхөн дайсныхаа толгой, гарыг таслах үүрэгтэй байгаагүй. Ахуйн хэрэглээний хамгийн чухал багажид тооцогдоно. Хоол хүнс, ан гөрөө, арьс шир боловсруулахдаа хүртэл сэлмээ маш чадмаг ашиглана. Монголчууд морь, бүс, дээл, сэлэмтэй байхад барагтай байгалийн гамшгийг давах чадвартай. Тэд хэр баргийн шархыг үл тоох ба хүндхэн тохиолдолд сэлмээ улайсгаж, шархаа эмчилнэ. Тэд аймшигт сэлмээрээ арай л шүдээ чигжих нь холгүй ашигладаг байсан юм байх.

Гэхдээ энэ их хэмжээний сэлэм, хутгыг хэрхэн үйлдвэрлэдэг байсан тухай мэдээ бага бололтой юм. Багахан хэмжээний төмөр хайлуулсан тухай мэдээ байдаг ч тэр Монголд, эсвэл хаа нэгэн улсад гэсэн тодорхой баримт олдсонгүй. Харин Хятад руу дайрсан цагаас эхлэн монгол цэргийн хангалт зөвхөн сэлмээр тогтохгүй нэлээд тансаг болсон юм байна. Сайн байлдсан цэргүүдийг хуяг дуулгаар шагнахаас гадна өөрсдийнх саналаар хүлэг морьдыг нь хуягладаг болжээ. Гэхдээ энэ их хэмжээний үйлдвэрлэл хятад мэтийн томоохон манфактур үйлдвэрлэл эрхэлдэг улсуудыг эзэлсний дараа бий болсон гэдэг.

БНМАУ-ын маршалын сэлэм

Цөөнгүй судлаачид монголчууд төмрийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан гэж маргадаг ч томоохон үйлдвэрлэл явуулсан нотолгоо өнөө хүртэл олдоогүй байна. Сэлэм нь олон оронд үндэсний бахархал болдог. Хойч үедээ “Манайх хүчирхэг байсан, байгаа” гэж итгүүлэхэд сэлмийг ашигладаг орнууд байдаг аж. Олон орны томоохон музейд үнэн худлаа нь мэдэгдэхгүй бараг улс орноосоо илүү түүхтэй сэлэмнүүд бусад оронд маш их байдаг. Энэ бүхний ард өсвөр үеэ эх оронч сэтгэгдэл төрүүлэх санаа дагалддаг. Гэхдээ дэлхийн томоохон музейнүүдэд түүхийн үнэнээр нотлогдсон багагүй домогтой цөөнгүй сэлэм бий. Харин манайд энэ бүхнийг хавсрага маягаар музейнүүдэд ашигладаг бололтой юм. Цэргийн музейгээс “Танайд хэний ямар сэлэм байна вэ” хэмээн асуухад “Хэнтэй ярьж байгаагаа мэдэхгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй” гэж хариулав. Тухайн музейн хувьд сэлэмний мэдээлэл нууц бололтой юм. Манай музейн сайтуудад мэдээлэл маш бага. Гэтэл “google.com” сайтаар дэлхийн алдартай сэлмүүд гэхэд Луврын музейд байгаа сэлэм гарч ирж байна. Үүнийг үзсэн хойч үе маань “Монгол цэргийн жанжид сэлэмгүйгээр дэлхийг эзэлсэн юм уу” гэж асуух вий дээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Б.Бүргэд-Очир: Монголчууд хэнэггүй зангаасаа болж нурууны мэс засал хийлгэх хэмжээнд хүрдэг

“Долмалин” нурууны эмнэлгийн рентгений их эмч Б.Бүргэд-Очиртой ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд нурууны өвчин залуужиж байх шиг анзаарагдах боллоо. Шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

-Нуруу өвдөх гэдэг нь өөрөө олон шалтгаантай байдаг. Яснаас, зөөлөн эдээс, булчингийн үйл ажиллагаанаас болсон ч байж болно. Мөн бөөр, нойр булчирхай, сахарын өвчин гэх мэт эрхтэн өвчилсөн бол нуруу өвдөнө. Ийм тохиолдолд нуруу өвдөхөд нөлөөлж буй суурь өвчнөө эхлээд эмчлүүлэх хэрэгтэй. Нүүдэлчин монголчууд суурин иргэншилтэй болсон нь хөдөлгөөний дутагдалд оруулж, олон өвчний эх үүсвэр болоод байна. Ялангуяа суугаа ажилтай хүмүүсийн нурууны жийргэвчинд ачаалал өгснөөс болж хорь гучин настай хүмүүс нуруу өвдлөө гэх болсон. Мөн биеийн хүчний ажил хийдэг эрчүүд жийргэвчиндээ жижиг гэмтэл авсаар байгаад даамжирч нурууны суултад өртдөг. Үүнээс гадна агаарын бохирдол, хоол хүнсний зохистой хэрэглээ мөн нөлөөлж байна. Жишээлбэл, паартай байшинд сууж буй нийслэлчүүд хүйтэн сэрүүнийг үл тоон нүүдэллэн амьдардаг малчидтай адил хоол хүнсийг идэж уудаг. Би хувьдаа хоёр янзын мах зэрэг идэхийн эсрэг байдаг. Үүнээс болоод жийргэвч гэмтэх боломжтой.

-Хоёр мах зэрэг идэхгүй ч гэх юм уу, хоол хүнсний зохистой хэрэглээ гэдэг асуудал өнөөдөр их хөндөгдөх болсон. Энэ мэт зохицохгүй хүнсний талаар жишээ татан ярихгүй юу?

-Хамгийн наад захын жишээ хэлэхэд сонгино сармис хоёрыг хамт хүнсэнд хэрэглэж болохгүй. Энэ нь ходоод цочроох, гэдэс дүүрэх шалтгаан болдог. Мөн мах чанасан шөл уучихаад шар айраг уух нь үл зохицох хүнс. Энэ тохиолдолд бөөр, цөсийг гэмтээх аюултай. Хөц будаа, эрдэнэ шиш хоёр хоёулаа эрүүл хүнс боловч хамт хэрэглэхэд оюун ухаанд сөргөөр нөлөөлж, арьсны янз бүрийн үрэвшил харшил үүсгэх, бодисын солилцооны алдагдалд оруулдаг гэж байгаа. Мөн тахианы мах гүнжидийн үртэй, хонины мах цуутай зохицохгүй гэх мэт энгийн зүйлсийг иргэд тэр бүр мэддэггүй. Ер нь хүн гэдэг амьтан эхээс төрөхдөө эрүүл саруул төрдөг. Төрсөн цагаасаа эхлээд юу идэж, ууж байгаагаас шалтгаалж эрүүл саруул аж төрөх эсэх нь хамаардаг юм шүү дээ.

-Нуруу өвдлөө гээд даруулах ч юм уу, бүс зүүгээд яваад байдаг хүмүүс байдаг. Ер нь эмчид хандахгүй энэ мэтээр өвдөлтөө намжаагаад яваад байвал хэдий хугацааны дараа нурууны суулт өвчтэй болох вэ?

-Энэ өвчин аажим явцтай даамжирдаг болохоор хүмүүс бүс зүүх, жин тавих, өвчин намдаах эм уух гэх мэтээр аргацаах гээд байдаг талтай. Ямар ч өвчнийг эхэлж байх үед нь л эмчид хандах хэрэгтэй. Монголчууд хэнэггүй зангаасаа болж нурууны мэс засал хийлгэх хэмжээнд нь хүргэчихээд байна. Мөн онош тавигдсаны дараа эмээ зааврын дагуу, бүрэн гүйцэт уух хэрэгтэй.Жийргэвч болон ясандаа гэмтэлгүй бол харьцангуй хурдан эдгэрэх боломжтой. Манай эмнэлгийн хувьд нурууны мэс заслаас бусад бүх үйлчилгээ цогцоороо нэг дор байдгаараа онцлогтой. Нурууг нь үзээд, рентген зургаар оношлох, үе мөчний үрэвслийн шинжилгээ хийх,ясны бүтэц, цусны шинжилгээ хийх гэх мэт. Ингээд тухайн эмгэг өөрчлөлтөд нь тохируулаад эмийн болон эмийн бус бариа засал, татлага, шарлага, зүү төөнүүр гээд бүгдийг цогцоор нь хийдэг. Бидний зорилго бол мэс заслын эцсийн түвшинд хүрэхээс урьдчилан сэргийлж эмчлэх юм.

-Нуруу өвдсөн хүмүүс бариа засал их хийлгэх болжээ. Энэ нь хэр оновчтой байдаг юм бол?

-Манай эмнэлгийн хувьд уламлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан эмчлээд есөн жил болж байна. Ерөнхийдөө нурууны жийргэвчийн гэмтэлд онцгой анхаарал хандуулж байгаа. Энэ өвчнийг уушигны хавдар, сүрьеэ, остемелит гэх мэт бусад өвчнөөс ялгах шаардлагатай болдог. Яагаад гэвэл эдгээр өвчнөөс болж гэмтсэн нуруунд бариа засал хийж болохгүй. Жийргэвчийн гэмтэлтэй хүмүүс ихэвчлэн тавиас дээш насныхан байдаг. Эдгээр хүмүүс олон жилийн нурууны суулттай, ясны сийрэгжилттэй, хагалгаа хийлгэх боломжгүй болсон байдаг тул эмийн эмчилгээ зөвлөдөг. Эмийн эмчилгээнд луотай хандыг уулгана. Луотайг монголчууд гагнуур өвс гэдэг нэрээр нь мэддэг, олон зуун жил хэрэглэж ирсэн байдаг. Энэ эм жийргэвчийн тэжээлийг сайжруулаад зогсохгүй, цусны судасны ханыг зөөлрүүлэх, тархины цус харвалтын дараах эд эсийг нөхөн төлжүүлж сэргээхэд тодорхой үр дүн өгдгөөрөө онцлогтой. Луотай гэх энэ эмийг эмнэлгийн практикт нэвтрүүлсэн нь эрүүл мэндийн салбарт оруулсан гол зүйл болоод байна.

-Нурууны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Бага насны хүүхэд болон 30 хүртэлх насныхан багаасаа их хазгай сууснаас болж нурууны муруйлт элбэг тохиолдох болсон. Бага насны хүүхдийн жижиг, булчиндаа өөрчлөлт ороогүй муруйлтыг бариа заслын аргаар эмчилж болно.

-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Эмч хүний хөдөлмөр, хичээл зүтгэл, баяр гунигийн талаар хуваалцахгүй юу?

-Тэртээ 1971 онд Анагаахын дээдийг төгсөж байлаа. Түүнээс хойш дөч гаруй жил халат өмсөж, зураг уншлаа. Намайг төгсөж байх үед техник тоног төхөөрөмж өнөөдрийнх шиг байсангүй. Харанхуй өрөөнд зураг угааж, харна. Харин өнөөдөр дижитал системд шилжээд үнэхээр сайхан болоод байна. Энэ хөгжлийг дагаад мэргэшсэн эмч нараа төр засгаас дэмжээд чадавхжуулах юм бол рентген оношлогооны салбарт их ахиц гарна гэж боддог. Өнөөдөр монголын урдаа барьдаг эмнэлгийн чадалтай рентгений эмч нар бүгд миний шавь нар. Гончигсүрэн профессор, гуравдугаар эмнэлгийн Жаргалсайхан, нэгдүгээр эмнэлгийн Энхболд, Мөнгөн гүүрийн Түвшинжаргал, Лхагвасүрэн гээд олон хүн бий. Эдгээр хүмүүс чадавхжиж дараагийн үеэ бэлтгэх юм шүү дээ. Эмч хүн мэдээж хүнд өвчтөн эдгэрсэн байгааг харахад л сайхан санагдана. Рентгений эмчийн хувьд онош нь тогтоогдохгүй байсан өвчнийг оношилж чадсандаа, хорт хавдар гэх мэт хүнд өвчнийг эрт үед нь илрүүлж чадсандаа л баярлаж явдаг даа.


Categories
мэдээ цаг-үе

Д.Загджав: Бид хамгийн том баялгаа Рио Тинтод өгчихөөд юу олж байгаа билээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджавтай ярилцлаа.


-Та өнөөдөр (өчигдөр) “Рио Тинто” компанитай холбоотой хэвлэлийн хурал хийнэ гэж байсан. Хэвлэлийн хурал яагаад хойшлогдох болов?

-Хэвлэлийн хурал хийгдэнэ. Цаг үеийн асуудлаас хамаараад хэвлэлийн хурал хойшилсон.

-Саяхан Засгийн газрын хуралдааны үеэр “Оюу толгойн” үйл ажиллагааг зогсоох ёстой гэдэг зүйлийг та хэлсэн. Яагаад ингэж хэлэх болов. Та ямар эрх ашгийн үүднээс “Оюу толгой”-той холбоотой асуудлыг хөндөн ярих болов?

-Тэвчээрт хязгаар бас бий. Оны өмнөхөн болсон Засгийн газрын хуралдаан дээр “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой” компаниудын үйл ажиллагааны тайланг авч хэлэлцэж Засгийн газрын гишүүд асууж санал бодлоо хэлсэн. Алдаа, оноо аль аль нь байгаа байх. Тухайлбал, манай үндэсний компаниуд эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж баялагтаа эзэн болж байгаа нь харагдсан. Тэр ч утгаараа Тавантолгойн нүүрснээс олсон ашгаас Чалкогийн өрийг хамгийн эхний ээлжинд төлж барагдууллаа. Гэтэл бид хамгийн том баялгаа Рио Тинтод өгчихөөд юу олж байгаа билээ гэхээр учир дутагдалтай байна. Энэ талаар ч иргэд, нийгмийн сэтгэлзүй ч шаардаж байгаа. Дүгнэлт хийхэд улс оронд нөлөөлөх нөлөөллийг тооцохоор чамлалттай байна. Тэр утгаараа ярихаас аргагүй байдалд хүрлээ. Би тэдний өмнөөс Рио Тинто компанийг Монголын ард түмний эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахыг хүсч дараахь зүйлийг яримаар байна. Рио Тинто буюу түүний охин компани (Tur­quoise HillLtd) монголоор бол “Оюу толгой” ХХК хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй байна. Тэд эхний ээлжинд зам тээврийн асуудлыг шийдэх ёстой байсан. Авто болон төмөр замын аль ч хэлбэрээр. Гэтэл өнөөдөр манай монголчуудын чадан ядан барьж байгуулсан авто замаар чихэлдэж давуу эрх эдлэн тээвэрлэлт хийж тэнд манай монгол иргэд олон мянган жолооч тээвэрчид зуу зуун километрийн урт дараалалд саатаж чирэгдэл үүсэж байна. Мөн Монгол Улсад Цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан. Үүнийгээ хийж хэрэгжүүлэхгүй гаднаас жил бүр 140-150 сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авч ашигласаар байна. Цааш нь яривал нөгөө зэс хайлуулах үйлдвэр байгуулах яасан. Нийт 3 сая гаруй тонн баяжмалыг концентраци хэлбэрээр нь гаргасан хэвээр л байна. Түүнчлэн Монголын ард түмний баялгийг олборлон борлуулж хангалттай ашиг олж байгаа энэ компани нийгмийн хариуцлагын хүрээнд яагаад санаачлагатай ажиллахгүй байгаа гэдэг анхаарал татна. Хамгийн энгийн жишээ гэхэд одоо байгаа засаг захиргааны нэгжийг суурилан Оюу толгойн баялагт түшиглэсэн Ханбогд хотыг ч байгуулах боломжтой. Ингэж жижиг ч болсон жудаг гаргаж баялгийн эзэн манай ард түмнийг жаахан ч гэсэн баярлуулмаар байна.

-Уул уурхайн томоохон төсөл хөдөлж байж улс мөнгөтэй, эдийн засаг урагштай байна. Манай улс томоохон төслүүдээ хэрэгжүүлнэ гэж олон жил ярьж буй ч “Оюу толгой”-гоос өөр томоохон төсөл хэрэгжээгүй гэж хэлж болно. “Оюу толгой” өнөөдөр ажлын байрнаас эхлээд эдийн засагт бодитой хувь нэмэр болж байгаа талаар яригддаг. Ганц хөдөлж байгаа ордоо бас буруу хэлэмгүй байна л даа?

-Монгол Улс Засгийн газрын нэрийг барьж манай баялгаар том том хэмжээний арилжаа хийж хөрөнгө босгож тэрбум, тэрбум долларын санхүүжилт олж байгаа. Энэ олсон ашгаа манай орон руу оруулахгүй байгаа нь бидний тэвчээр алдрах нэг шалтгаан боллоо. Жишээ нь, би дээр хэлсэнчлэн 5,4-6 тэрбум ам.долларын хөрөнгө босгоод тэрбум гаруйхныг нь “Оюу толгой” төсөлд оруулж бусдыг нь гадна тараасан байгаа юм. Та бүхэн өөрийнх нь сайт руу ороод (www.turguoisehill.com 2015-12-14) хэвлэлийн мэдээг хараарай. Ер нь энэ Рио Тинто гэдэг компанийн дэлхийн зах зээлийн өөрийнх нь ханш 60 орчим тэрбум ам.доллар, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 10 тэрбум ам.доллар тэгэхээр одоогоор манай улсаас зургаа дахин том харагдаж байгаа боловч манай улс, тусгаар тогтнол, ард түмэнтэйгээ газар нутаг, мал сүрэг, байгалийн баялагтайгаа хэдэн 10 дахин том, дээрээс нь хоёр том хөрштэйгөө нэмбэл олон улсын банк санхүүгийн байгууллагууд ч жижигдэнэ шүү дээ. Өнгөрсөн 2012 оноос унаж эхэлсэн зэсийн үнийн уналт 2016 оны эхээр 4400 ам.доллар байсан бол одоо 7200 ам.доллар болж 2018 ондоо 8000 ам.доллар ч хүрэх төлөвтэй байна. Үүнээс манай улсад юу олдож байна. Улс орны өрийн данс нэмэгдсээр, зээл, зээлийн хүү төлөх хугацаанд шахагдсаар, иргэдийн амьдрал ч төдийлөн сайжирдаггүй цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхийг хүссээр, хойч үедээ ч юу үлдээх нь тодорхойгүй, нийгмийн халамж, хамгааллын тулгамдсан асуудлууд, авто замын хөдөлгөөний түгжрэл, агаар орчны бохирдол, ажилгүйдэл ядуурал гээд буман асуудал шийдлээ хүлээсээр байна.

-Уул уурхайн салбарт энэ жил ямар томоохон төслүүдээ хөдөлгөх вэ. Засгийн газраас энэ жил томоохон төслүүдээ хөдөлгөхөөр Ажлын хэсэг ажиллаж байгаа гэсэн?

-Монгол Улс томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулж байж эдийн засгийн хямралт байдлыг богино хугацаанд даван туулна. Үүний тулд Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, энэ онд Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэнэ. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг нарийвчлан гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ. Багануурын уурхайг түшиглэн барих “Нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг үндэслэн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2018 онд дуусгаж, төслийн ажлыг эхлүүлнэ. Мөн Гацууртын алтны үндсэн ордыг ашиглах ТЭЗҮ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг дуусгаж, Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар төслийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Дархан-Сэлэнгийн бүс нутагт хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэл, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэсэн. Төслийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилд 500 мянган тонн шууд ангижруулсан төмөр, 350 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг 2018-2012 онд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Ингэснээр дотоодын ган бүтээгдэхүүний хэрэгцээний ихэнх хувийг хангаж, импортын хэмжээг бууруулах боломж бүрдэх юм. Зэс хайлах үйлдвэр байгуулж, таваарын зэс үйлдвэрлэх, хүнд үйлдвэрийн томоохон асуудлыг шийдэх зорилт тавин ажиллаж байгаа.

-Та шатахуун импортлогчдын үнийн зөвлөлийн даргын хувьд шатахууны үнийн асуудлаар асуух асуулт байна. Шатахууны онцгой албан татвар нэмэгдсэн ч жижиглэнгийн үнэ нэмэгдэхгүй байх боломжтой талаар оны өмнө албаны хүмүүс мэдээлж байсан?

-Сүүлийн саруудад шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлдөг дэлхийн зах зээл дээр тосны үнэ нэмэгдэж байгаа тул түүнийг дагаад импортын үнэ өсч байна. Мөн онцгой албан татвар долдугаар сараас хойш тонн тутамд 200 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн. Гэсэн хэдий ч шатахууны жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч ирсэн. Цаашид тодорхой хэмжээнд үнэ өсөх нөхцөл бүрдээд байна. Үнийн огцом өсөлт гаргахгүйгээр Засгийн газраас тодорхой арга хэмжээг авах талаар хэлэлцэж байна.

-Үнийн зөвлөлийнхөн хуралдана гэж байсан. Хуралдсан уу. Шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой байна гэж байна?

-Үнийн зөвлөл өнөөдөр хуралдана. Үүссэн нөхцөл байдлыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд тал талаас нь хэлэлцээд тодорхой зөвлөмж чиглэл гаргана.

-Цаашид нефть боловсруулах үйлдвэр барих, дотоодоос нөөцөө хангах талаар ямар бодлогын арга хэмжээ авах вэ?

-УИХ-аас дотоодын түүхий тосыг ашиглан газрын тос боловсруулах үйлдвэр барих, санхүүжилтийг Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэн, Засгийн газраас холбогдох тогтоол шийдвэр гарч төслийг хэрэгжүүлэх төрийн өмчит компанийг байгуулан ажиллаж байна. Энэхүү чухал төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч дэмжиж ажиллана.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ гэмтлийн автобусны буудал дээр ноцтой осол гарлаа

Баянгол дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт байрлах бидний нэрлэж заншсанаар шинэ гэмтлийн автобусны буудал дээр авто машины ноцтой осол гарлаа. Шинэ гэмтлийн замын ард талын автобусны буудал дээрх ТҮЦ-ийг араас нь Приус-11 маркийн машин замын хашилт давж ТҮЦ-ний араас мөргөж, ТҮЦ урагш хөмөрсөн байна.

Уг зам тээврийн осол нь өнөөдөр шөнийн арван нэгэн цагийн орчимд гарчээ. Үүнтэй холбогдуулан жолооч нар замын хөдөлгөөнд зөв боловсон,соёлтой, анхаарал болгоомжтой , дүрмийн дагуу оролцохыг сануулах нь зүй ёсных буй.

Б.ҮРЖИГ


Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн нэг зуун наян алба хаагч шинэ байрандаа орлоо

“Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын эхний ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 675 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлж байсан билээ. Тэгвэл монгол түмний уламжлалт цагаан сарын баярын өмнөхөн цагдаагийн алба хаагчид шинэ байрандаа орж байна.


Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, “ЦЭЭБ” ХХК-ийн ерөнхий захирал П.Энхтайван нарын албаны хүмүүс, цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.


Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Ганзоригт шинэ байрных нь түлхүүрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулан өгч тэдний гэр бүлд болон өнөөдөр шинэ байрандаа орж буй алба хаагчдадаа баяр хүргэж, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөсөн юм.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсан цагдаагийн дэслэгч Н.Ганчимэгийн гэр бүлд баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.Барилгын ажлын хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр цагдаагийн алба хаагчдын “Цагдаа хотхон 1, 2” орон сууцыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай “ЦЭЭБ” ХХК ажилласан юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсыг “хар жагсаалт”-аас гаргах асуудлыг энэ сарын хорин гурванд хэлэлцэнэ

Гадаад харилцааны яам ээлжит “Мэдээллийн цаг” уулзалтаа зохион байгуулж, УИХ-ын даргын БНСВУ-д хийж буй айлчлал, Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үр дүн, Европын холбооны “хар жагсаалт” зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээллийн эхэнд, БНСУ-д хийсэн айлчлал хэд хэдэн онцлогтой байсныг тодотгов. Тодруулбал, БНСУ-д хийсэн айлчлалаар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тус улсаас Монгол Улсад олгох 500 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр нийгмийн гол тулгамдсан асуудал болоод буй агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажил, төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн шийдэх том алхам болсныг сайд хэлж байв. Өөрөөр хэлбэл 30 жилийн хугацаатай, 0.2 хувийн хүүтэй зээлийг Улаанбаатарын утааг бууруулахад зориулах юм.Түүнчлэн Ерөнхий сайдын айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх асуудал тавьсан нь ихээхэн онцлогтой байлаа. Мөн монгол иргэдэд олгож буй визний тогтолцоог хөнгөвчлөх, олон удаагийн виза олгох боломж нээх асуудлыг ярилцсан гэв.
Сүүлийн үед анхаарлын төвд ороод байгаа Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-д Монгол Улсыг оруулсан тухай асуудлаар Д.Цогтбаатар сайд ярихдаа. Энэ жагсаалтаас Монгол Улсыг хасуулах талаар Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтарч ажиллан, идэвхтэй ажилласны дүнд энэ сарын 23-нд болох Европын холбооны төлөөлөгч нарын хурлаар Монгол Улсыг “хар жагсаалт”-аас гаргах асуудлыг хэлэлцэх болсон байна. Энэхүү хурлаас эерэг үр дүн гарах хүлээлттэй байгаа бөгөөд үүнээс өмнө жагсаалтаас гарах үндэслэл, тайлбараа гаргаж өгөхөөр ажиллах юм.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Я.Ариунболд хэлэхдээ “Гадаад улс оронд манай улсын иргэд амь насаа алдах харамсалтай тохиолдлууд байдаг. Энэ үед хохирогчийн ар гэрийн сэтгэл зүйг бодож асуудалд хандах нь зүйтэй. Шанхай хотын Нийгмийн аюулаас хамгаалах газраас 12 дугаар сарын 29-нд манай иргэн Б.М амь насаа алдсан талаар мэдэгдэж, тэр даруй ЭСЯ очиж ажилласан. Уг хэрэгт Шанхай хотын Эрүүгийн цагдаагийн газрын Онцгой хүнд гэмт хэргийн зургаан мөрдөгчийг ажиллуулж, ихээхэн ач холбогдол өгч шалгасан. Ингээд гадны нөлөө байхгүй, хүн амины хэрэг биш байна гэсэн дүгнэлт гаргасан. Талийгаачийг чандарлаж авч ирэх туслалцааг бид ар гэрийнхэнд нь үзүүлж, нэгдүгээр сарын 10-нд авчирсан. Энэ талаар гарч байгаа мэдээлэлд талийгаачийн ар гэрийнхэн эмзэглэж байгаа” гэв.
Монгол Улсын 2000 орчим иргэн 22 оронд хэрэг зөрчилд холбогдон шалгуулж байгаагаас 1500 орчим нь БНСУ-д үйлдэгджээ. Дээрх зөрчлийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд 2016 онд хар тамхитай холбоотой хэрэг арван зургаан бүртгэгдэж байсан бол 2017 онд 49 болж нэмэгджээ. Тиймээс энэ чиглэлээр гадаад дахь байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахаар Консулын газраас төлөвлөж байгаа аж.

Мөн тэрээр хэлэхдээ “Олон Улсын иргэний агаарын тээврийн байгууллага 2008 онд Каирт зохион байгуулсан хурлаар мэдээллийн бичигт хэсгийг зөвхөн машинаар уншдаг пасспорт олгож байх шийдвэр гаргасан. Үүний дагуу пасспортын ард талд гараар болон өөр хэлбэрээр бичигт тэмдэглэгээ хийхийг хориглосон байсан. Тиймээс НҮБ-ын бүх гишүүн орон уг журмыг нэвтрүүлж, гадаад пасспорт нь гараар бичсэн сунгалттай бол нэвтрүүлэхгүй байхыг уриалсан учир манай улсын иргэд зарим улс оронд нэвтрэх боломжгүй болсон юм. Ийм учраас өөрсдийн нөөц бололцоогоороо пасспорт хуримтлуулж байгаад ийм шийдвэр гаргаад байна” гэлээ.