Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын өгсөн даалгавар биелэлээ олж, ДЦС-4 ТӨХК бусдад “булаалгасан” газраа буцааж авлаа

Дулааны
Цахилгаан станц-4 ТӨХК бусдад алдсан газраа Ерөнхий сайдын дэмжлэгээр буцаан
авч байна. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх
өнгөрсөн оны 11 дүгээр сард ДЦС-4 –т ажиллах үедээ станцын эзэмшил газраас хувь
хүн, аж ахуй нэгжүүд хууль бусаар эзэмшиж байгааг зөвшөөрлүүдийг нь яаралтай цуцалж
улсын өмчид хэвээр үлдээхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон. Иймд ДЦС-4 ТӨХК
хуулийн дагуу газраа буцаан авч, нэг аж
ахуй нэгж өөрийн хөрөнгөөр тухайн газар дээр барьсан 2 давхар объектоо төрд
бэлэглэх хүсэлт гаргажээ.

Дулааны
цахилгаан станц 4 нь төрийн өмчит хувьцаат
компани билээ. Энэхүү компанийн
эзэмшлийн газар нь улсын онцгой объект төдийгүй байнгын харуул
хамгаалалтанд
байдаг байгууллага юм. Гэтэл 2008 оноос хойш эрх бүхий албан тушаалтнууд
шийдвэр гаргаж Дулааны цахилгаан станц -4 компаний эзэмшлийн газар
болох хашаан дотор нь хэд хэдэн аж ахуй нэгж байгууллагад тус бүрт
нь хэсэгчлэн газар олгож хувьчилсан
байна. Энэ асуудлаар ДЦС-4 компани хуулийн байгууллагад хандаж зарим нь
шийдвэрлэгдсэн ч ихэнхи нь хэвээр үлджээ. Тэгвэл өнгөрсөн оны 11 дүгээр
сард
Ерөнхий сайд Хүрэлсүхийг ДЦС-4-т ажиллах үеэр станцын гүйцэтгэх захирал
С.Анхбаяр
хашаан дотор нь газар авсан гэх аж ахуй нэгжүүд барилга барьж, хашаа
татсанаас станцын үйл ажиллагаанд саад
учруулж, аюулгүй байдалд заналхийлэх болсныг дуулгасан юм. Харин ерөнхий
сайд
улсын онцгой объектод ийм зүйл байж болохгүй, газрын зөвшөөрлүүдийг
цуцла гэсэн
үүргийг салбарын сайдад өгсөн юм.

Ерөнхий
сайдын энэ даалгавар биелэлээ олж ДЦС -4
компани “Квадрат берг” компанид алдаад байсан 4591мкв газар болон энэхүү газар дээрх 621,5 мкв талбай бүхий
төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөө буцаан авахаар болж байна. Тэгвэл “Оюуны
холбоо” компани ДЦС-4 ТӨХК-ийн хашаан
дотор 8х12 метрийн харьцаатай 96 мкв хоёр давхар 80 гаруй сая төгрөгийн өртөг
бүхий барилгыг мөн л дээрхи газарт барьж
байгуулсан байснаа төрийн өмчид бэлэглэхээр
хүсэлт гаргасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бүртгэж улсын
өмчид хүлээж авааад байна

“Оюуны
холбоо” компани төрийн өмчид үл хөдлөх хөрөнгө бэлэглэх тухай хүсэлтээ Монгол
Улсын ерөнхий сайдад албан бичгээр ирүүлэхдээ “Авлигад автсан орчныг хөндөж
авлигатай тэмцэж байгаа таны ажлыг дэмжиж талархан хүлээж авснаа энэ захидлаараа
илэрхийлье. Таны өгсөн үүргийг гүйцэтгэхэд иргэдийн оролцоо идэвхи санаачлага
чухал гэж үзэж байна. Газрын маргаанаас үүдэн шүүхэд хандсан байсан. Шүүхийн
шийдвэр гарч бидний барьсан 2 давхар барилгыг нураах шийдвэр гүйцэтгэл хийх
болсон тул хөдөлмөр, хөрөнгө мөнгө орсон үл хөдлөх хөрөнгөө энэ
хэвээр нь төрд бэлэглэх хүсэлтэй байна. Дулаан, цахилгаан, цэвэр бохир усны
шугамд холбогдсон 4 автомашины зогсоолтой энэхүү барилгыг Иргэний хуулийн
276.1-ийг үндэслэн бэлэг болгон хүлээн
авах зөвшөөрөл олгоно уу” хэмээсэн байна. Тэдний энэхүү хүсэлтийг биелүүлж Төрийн
өмчийн бодлого зохицуулалтын газар хуулийн дагуу төрийн өмчид бүртгэж
аваад байна.

Categories
мэдээ нийгэм

Баримтаа бүртгүүлээд азтан болоорой

НӨАТ-ын урамшууллын 2018 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол маргааш “Боловсрол” телевизээр орон даяар шууд цацагдана.

Иргэн таны 2017 оны арванхоёрдугаар
сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа
2018 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн
баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан
азтан болох боломжтой.

Энэхүү сугалааны тохирол нь өнгөрсөн оны
арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт
хийсэн баримтын дунд явагдах тул Сангийн сайдын 2017 оны 12 сарын 26-ны
өдрийн 381 дугаар тушаалаар батлагдсан Сугалааны тохирлоор 2018 оны
төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарахгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн иргэд УИХ-ыг тараахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийг манлайлан ажиллаач хэмээн хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Төрийн тэргүүн өнөөдөр МҮЭСТО-нд Сонгонохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Амралтын өдөр цаг заваа гаргаж, уулзалтад ирсэн Та бүхэнд баярлалаа. Сонгуулийн үеэр би иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж хэлсэн. Мөн нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлаар иргэд Та бүхний санал, сэтгэгдлийг сонсох гэж уулзалт зохион байгуулж байгаа” гэлээ.

Ингээд иргэд нийгмийн өнөөгиийн байдал, өөрсдийхн нь амьдралд тулгамдаж байгаа асуудал болон улс эх орныхоо ирээдүйд санаа зовж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэллээ.

СХДийн 26-р хорооны иргэн М.ЦэдэнИш “Би өнөөдөр 289 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Монгол Улсын төр, төсөвт байгууллагад насаараа ажилласан байж, ийм л тэтгэвэр авч байгаа. Энэ хэмжээний тэтгэврээр ажил олдохгүй байгаа олон үр хүүхдээ тэтгэж, тэжээж байгаа олон хөгшин бий. Өнөөдөр төр засгийн бодлого зохицуулалт муугаас болж шатахууны үнэ нэмэгдэнэ гэж мэдэгдсэн. Үүнийг нь дагаад өргөн хэрэглээний барааны үнэ замбараагүй өсч, Цагаан сарынхаа бэлтгэлийг хийх байтугай хэдэн төгрөгөө амьдралдаа хүргэх гэж зовж байна. Ийм бодлого, шийдвэргүй байж болохгүй ээ. Төр засгийн шийдвэр ард түмнийхээ эсрэг үйлчилж байгаад бухимдалтай байна.”

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Манлай малчин Мөнхөө “Би уул уурхайгаас болж булаг шанд нь ширгэж байгаа Өмнөгөвь аймгаас ирлээ. Одоо уул, уурхайнхан газрын гүний ус хэрэглэж, биднийг уух усгүй болгох гэж байна. Энэ асуудалд Ерөнхийлөгчийг анхаарлаа хандуулж өгнө үү гэж хүсэж байна.”

СХДийн 2р хорооны иргэн Сүхээ “Монголын ард түмнийг ядууруулж байгаад миний дургүй хүрч байна. Биднийг доромжилж байна. Тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмлээ гэж байна. Үүгээр бид юу авах юм бэ. МАН төрд гарч, ард түмнээ дээрэлхэж, доромжилсоор олон төрлийн татвар нэмлээ. Үүнийг нь бид юугаар өгөх юм, юугаар амьдрах юм бэ. Энэ УИХ-ыг тараах хэрэгтэй. Монголын ард түмнийг элгээр нь мөлхүүлж байна. Сонгинохайрханчууд энэ УИХ-ыг тарааж өгнө үү гэж хүсэж байна.

СХДийн иргэн Батчулуун “Утаа, түгжрэл харанхуй гудамж бол аз жаргалтай Улаанбаатар биш. Та бүхний ирээдүй болсон хүүхдүүдэд ирээдүйн баталгаа алга. Энэ зааланд сууж байгаа иргэдийн орлого сүүлийн 10 жилд нэмэгдсэн үү? Үгүй. Энэ бол бодит байдал. Гэтэл УИХ-д сууж байгаа гишүүд дээд туйл болж, иргэд доод туйл болсон байна. Өдөр бүр гарч байгаа хууль тогтоомж доод туйл руу чиглэж, бидний эрхийг зөрчиж байна. Доод туйлд байгаа иргэд бид нэг удаагийн зориг гаргаад УИХ-ыг тараах хэрэгтэй. Харин УИХ-ыг тараахад сүргийн манлай хэрэгтэй. Энэ манлай нь та байгаасай гэж хүсэж байна.”

СХДийн 3-р хорооны иргэн Л.Хишигбаяр “Өнөөдөр Монголын алтан төрийн нэр хүнд унаж дууслаа. Хүчингийн хэрэгт орооцолддог, амлалтаа биелүүлдэггүй, ийм УИХ-ыг тараахаас өөр аргагүй. Хоёрдугаарт, Монголын уул, уурхай гэдэг зүйл байхгүй боллоо. Баялагтай газар бүрт гадаадын иргэн байна. Монголд яагаад ганц уурхай байж болохгүй байгаа юм бэ.”

СХДийн 24р хорооны иргэн Цэрэндаш “Ард түмэн та биднийг аятай тухтай байлгана гэж гарсан УИХ-ын гишүүд хэлсэн амнаасаа буцлаа. Танана, тайрна, зогсооно, гацаана гэж байна. Одоо хормой, хот хов жив ярьж, хоёр хуваагдсан явуургүй, ухаангүй, удирдлага муутай УИХ-ын хэрэг байхгүй. Энэ УИХ-ыг тараах хэрэгтэй гэсэн санал хэлмээр байна. ”

СХДийн 1-р хорооны иргэн Ванчиндорж “Монгол Улсын төр засаг бузартсан байна. Бөгс, бөөр л ярьдаг боллоо. Төрөө цэвэрлэж, төрөө ариусгах хэрэгтэй. Энэ айлын гал голомтын хойморт гарч суучихаад ийм байж болохгүй. Таны ард Монголын ард түмэн бий. УИХ-ын 76 гишүүн таныг сонгоогүй. Энэ УИХ-ыг тараая гэж бодож байгаа. Монголын 18 аймаг гээд явах юм бол таныг дэмжихгүй хүн байхгүй гэж бодож байна. Төрөө цэвэрлэж, ариусгах хэрэгтэй. Энэ ажлыг та зохион байгуулах хэрэгтэй.”

СХДийн 10р хорооны иргэн Д.Мягмарсүрэн “1985 оноос хойш төрсөн залуус нийгмийн идэвх муу байна. Баар, цэнгээний газраар л явж байна. Тиймээс архидалт, садар самуунтай хатуу тэмцэх хэрэгтэй. Төрсөн эх орондоо хятадуудад дээрэлхүүлж байна. Төрийн хамгаалалтад орсон гадаад иргэд олон байна. Тиймээс УИХ-ыг тараая. Тараахдаа хоёргүй сэтгэлээр нэгдээсэй гэж иргэдийг уриалж байна.”

СХДийн 24р хорооны иргэн Б.Сталин “Монгол Улсын аюулгүй байдал алдагдсан. Хил хамгаалах аюулгүй байдал байгаа хэдий ч дотооддоо аюулгүй байдал алдагдсан байна. Биднийг хамгаалах гэж УИХ-ын гишүүд сонгогдсон ч хээл хахууль авч, хоорондоо наймаалцаж байна. Аюулгүй байдлыг хамгаалахын тулд энэ 76-г тараах хэрэгтэй. Бид таны ард байгаа. Улсынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд цэргээ босгосон ч яадаг юм бэ.”

СХДийн иргэн “Дагуул хот гэж ярьж байгааг би дэмжиж байгаа. Саяхан би Манжуур явж үзлээ. Тэнд зохион байгуулалт маш сайн байна. Ганцхан цаг яваад ирэх тэр газрыг дарга нар үзсэн байх гэж бодож байна. Эхлээд барилгаа бариад, дэд бүтцээ шийдээд дараа нь иргэдээ оруулах хэрэгтэй юм байна. ”

СХДийн 18р хорооны иргэн Бямбацогт “Тэтгэврийн насыг нэмэх биш багасгамаар байна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудал байна. Улсад байдаг 51 хувь нь байдаг юм уу. УИХ-аас нүдний булай болсон бүх зүйл дуулдаж байна. Энэ УИХ-ыг тарааж өгөөч ээ. Төр засагтаа итгэх итгэл гэж алга. Энэ шаар, шавхруу болсон эрх баригчдыг тарааж өгнө үү. Бид энэ саналыг дэмжинэ ээ.

СХДийн 27р хорооны иргэн Ж.Миеэ “Өнөөдөр бид гороо амсаж байна. Мөнгөний төлөө намчирхаж явсан хүмүүсийг сонгож, гороо амсаж байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд мөнгөөр, луйвраар гарсан гишүүд олон байна. Кноп дарж хууль баталж байна гэнэ. Ард түмэн энэ хавраас үүргээ гүйцэтгэх ёстой. Ардын засаглалтай болж, УИХ-ыг тараах ёстой.

СХДийн иргэн “Өмхийрсөн нууранд байгаа загас ямар байдаг бол бид тийм л зовлонд байна. Энд үг хэлж байгаа нэг ч хүн жаргалтай байгаа гэж үг хэлэхгүй байна. Монголчууд өнөөдөр намчирхлын шуурганд өртсөн. УИХ-ыг тараахаас гадна, намчирхах гэсэн зүйлийг болиулах хэрэгтэй. Сүүлийн найдвар та болж байна.” Гэх мэтээр Сонгинохайрхан дүүргийн иргэд санал бодлоо хуваалцлаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Иргэд Та бүхэнд баярлалаа. Нийтдээ 60 орчим иргэн санал бодлоо хэллээ. УИХ-ын нэр хүнд тааруу байгааг уулзалт бүрээр иргэд ярьж байна. Мөн уул уурхайн асуудлыг та бүхэн хөндөж байна. Би та бүхэнтэй адил санаа, бодолтой байгаа. Уул, уурхайн бизнестэй иргэд энэ УИХ-д орох ёсгүй юм. Өнөөдөр иргэдийн хөндөн ярьсан Тост, тосонбумын асуудал үүний нэг нэгжээ болов уу.

Нэг иргэн дандаа АН-ын иргэд ирчихээд яриад байна гэж хэллээ. Уулзалтын зарыг олон хоногийн өмнө тараасан. Үүнд, хэн ч орж ирэх нь нээлттэй гэдгийг хэлмээр байна. Утааны асуудалд ч бид ижилхэн л санаа зовж, ярьж байна. Зах зээл дээр бэлэн болчихсон орон сууцанд зарим төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалаад оруулах боломж байгаа. Мөн иргэдийн өрийг дарах асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Байгалийн баялгаа зохистой хуваарилах ёстой.” гэлээ. Мөн цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтад оролцуулах, өөрсдийн гараар бүтээн байгуулах энэ хөдөлмөрт монгол залуус оролцох ёстой талаар танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт нийслэлийн Баянгол дүүрэгт үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцож үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ойн арга хэмжээ, ОХУ-ын Ерөнхийлөгчийн номын сангийн зайнаас хандах төвийн нээлт, фото зургийн үзэсгэлэнгийн нээлтэд өнөөдөр оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ

Эрхэм зочид, хүндэт хатагтай, ноёд оо,

Та бүхэнд 1993 оны 1 дүгээр сарын энэ өдөр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд хоёр тал гарын үсэг зурж, Монгол, Оросын баялаг түүхт, уламжлалт найрсаг харилцаа шинэ нөхцөл байдалд нийцсэн шинэ хуудас нээсэн түүхэн өдрийн баярын мэндийг хүргэе.

Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд дэлхийн оюуны эртний төвүүдийн нэг болох Санкт-Петербург хотын тухай болон тус хотын фото зурагчдын 18 дугаар зууны Монгол орны түүхэн бодит байдлыг буулгасан гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь хоёр орны найрамдал, монгол судлалын эрдэм шинжилгээний ажлын ихээхэн ач холбогдолтой, үнэ цэнтэй баримт болж байгаа юм.

Үүний зэрэгцээ “Борис Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сан”-гийн мэдээлэл, мэдлэгийн нөөцөд зайнаас хандах цахим уншлагын танхимыг Монгол Улсын Эрдмийн Их сургуулийг түшиглэн байгуулж байгаад талархал илэрхийлье.

Хоёр улсын найрамдалт харилцааг мэдээлэлжүүлэлт, мэдээлэл-харилцааны технологи, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хоёр орны эрдэмтэн мэргэжилтнүүдийн хооронд хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх үйлсээр өргөжүүлж буй Оросын Холбооны Улсын хувь нийлүүлсэн “ЦентрИнформ” нийгэмлэг болон Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн үйл ажиллагаа улам батжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л боломжит хувилбараар улам өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлье.

Баярлалаа.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИх-ын чуулганы хуралдаанд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй элэгний С вирусын халдварын голомтыг 2020 он гэхэд устгаж, элэгний хорт хавдрыг эрт илрүүлж, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр эх орондоо хийхзорилготой“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар та бүхэнд танилцуулъя.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлан, хөтөлбөрийг дараах зургаан чиглэлээр хоёр үе шаттай хэрэгжүүлж байна:

· удирдлага, зохион байгуулалт;

· санхүүжилт, хөрөнгө оруулалт;

· эмнэлгийн тусламж үйлчилгээ;

· эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах;

· эрдэм шинжилгээ, судалгааны ажил;

· иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны ажил.

Хөтөлбөрийн эхний шатанд эрсдэлт бүлгийн хүн ам болох 40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд, вирусийн халдвартай хүмүүсийг эмчилгээнд хамрууллаа.

Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий олон салбарын оролцоотойгоор хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Олон салбарын төлөөлөл бүхий Ажлын хэсэг нь хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний түвшинд удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж, тулгамдсан олон асуудлыг аймаг, дүүргийн болон бусад холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэж байна.

Юуны түрүүнд иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхээр зорин ажиллаж байна. Үүний тулд Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах журам” боловсруулж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор хепатитийн В, С вирусийн шинжилгээ, С вирусийн идэвхжлийг тогтоох шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн.

Өрх, сумын эрүүл мэндийн төвд хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээг, сонгон шалгаруулалтад тэнцсэн 22 лабораторид С вирусийн идэвхжлийг тодорхойлох шинжилгээг тус тус хийсэн.

Эрүүл мэндийн даатгалын сангаас С вирусийн таван нэрийн эмийг хайрцаг тутамд нь 210,0 мянган төгрөгөөр, нэг курс эмчилгээний зардлыг үргэлжлэх хугацаанаас хамааран 630,0-нэг сая 260,0 мянган төгрөгөөр хямдруулан олгож байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас шинжилгээний зардалд 6,3 тэрбум төгрөг, С вирусийн эмчилгээний зардалд 9,6 тэрбум төгрөг зарцуулсан.

Хепатитийн В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад давхардсан тоогоор 90 гаруй мянган хүнийг мөн хамрууллаа.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа өвчлөлөөс эмчлэн эдгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Тухайлбал Эрүүл мэндийн сайдын төсөв энэ онд 760,3 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оныхоос 9,5 хувиар нэмэгдэж байна.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өрхийн төсөвт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор эх орондоо хийгдэж байгаа өндөр өртөгтэй мэс засалд зарцуулах төсвийг 2018 онд 44,6 тэрбум төгрөгт хүргэж, 17,4 хувиар нэмэгдүүлж байна. Үүний дотор эрхтэн шилжүүлэх мэс засалд шаардагдах төсвийг 4 дахин нэмэгдүүлж 2,8 тэрбум төгрөгт хүргэлээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зарим тоног, төхөөрөмжийг хангах зорилгоор олон улсын түншлэгч байгууллагад хүсэлт гарган ажилласны дүнд центрафуг, сорьц зөөвөрлөх сав зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа.

Вируст хепатитийн илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээг сайжруулах төслийг боловсруулж, санхүүжилтийн дэмжлэг авахаар Азийн хөгжлийн банкинд хандан хүсэлтээ тавьж, хэлэлцэж байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны олон төрлийн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүллээ. Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн мэдээний цахим санг үүсгэж, зорилтот бүлгийн хүн амыг мэдээллийг оруулж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр хүрч байгаа эхний үр дүнгийн талаар зарим тоо мэдээллийг та бүхэнд танилцуулъя. 2017 оны 12 дугаар сарын байдлаар эрт илрүүлэг үзлэгт 353,4 мянган хүн хамрагдаж, хамрагдалт 47,1 хувьтай байна. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 8 хувьд нь В вирус эерэг, 16,5 хувьд нь С вирус эерэг үр дүн илэрсэн байна.

Энэхүү хөтөлбөрийн эхний шатны үр дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн хепатитийн холбоо, Бразил улсын Засгийн газрын хамтран зохион байгуулсан “Дэлхийн хепатитийн дээд хэмжээний чуулган”-д танилцуулан туршлага солилцож, Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн “Хепатитгүй ирээдүйн төлөө Манлайлагч” улсаар зарлагдсан.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсээр харьцангуй багахан хугацаа өнгөрч байгаатай холбоотойгоор зарим алдаа дутагдал, бэрхшээлтэй зүйл гарч байгааг үгүйсгэхгүй. Иймээс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж, үр дүнд хүргэхийн төлөө чармайн ажиллах болно.

Эрхэм гишүүд ээ,

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг цаашид улам эрчимжүүлж, тодорхой үр дүнд хүргэхийн тулд дараах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

· 2018 онд 15-39 насны хүмүүсийг эрт илрүүлэг үзлэгт хамруулах;

· Хөтөлбөрийн эхний шатны үзлэг, оношилгоогоор В, С вирустэй илэрсэн хүмүүсийг элэгний хорт хавдрын эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг эхлэх;

· “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан, тодорхой боловсруулан гаргаж, хэрэгжүүлнэ.

· Даатгалын сангаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 10,2 тэрбум төгрөг, элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4,9 тэрбум төгрөг, С вирусийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөд 18,4 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхээр тооцож шаардагдах төсвийг баталсан.

· Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэд хепатитийн В, С вирусийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдаж чадахгүй байгаа тул иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг идэвхжүүлэх;

· Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах;

· Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын эрт илрүүлэг үзлэгийн хүний нөөц, тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх;

·Хепатитийн В вирусийн халдваргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулах санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа олон талын цогц бодлого, хөтөлбөрүүд үр дүнгээ өгч ард иргэдийн маань эрүүл мэнд, амьдралын чанар сайжирч, монголчуудын дундаж наслалт нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг баталлаа

Улсын Их Хурлын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдаан 10 цаг 20 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Г.Занданшатар нар цаг үеийн асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох шаардлагатай гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Иймд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Өвөлжилтийн өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсох шаардлагатай гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.4 хувь нь дэмжив.

Хуралдааны эхэнд Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга танилцууллаа.

Хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл төслийн 8.1.2 дахь заалтыг, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 9.1.1 дэх заалтад зохицуулах алба нь Эрүүл мэндийн яамны чиг үүргийг гүйцэтгэхээр ойлгогдож байсныг хэрхэн томъёолж найруулсан тухай, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан зохицуулах алба гэснийг донорын зохицуулах алба гэж өөрчлөх талаар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасныг Улсын Их Хурлын гишүүд дэмжсэн.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулахыг санал нэгтэй дэмжсэн гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга танилцуулгадаа дурдав. Чуулганы хуралдаанд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Н.Учрал нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар төслийн 17 дугаар зүйлд “Эмч, эрүүл мэндийн ажилтан донор болон реципиентийн нууцыг хадгалж, донорын шинжилгээний явцад илэрсэн эмгэг өөрчлөлтийг зөвхөн өөрт нь мэдээлнэ” төслийн 18.2-т “Шилжүүлэн суулгах эс, эд эрхтэнийг амьгүй донороос авах бөгөөд хэрэв амьд донороос авах бол эс, эдийн тохироо нь нийцсэн, эмгэг өөчрлөлтгүй, гэр бүлийн гишүүнээс авна” гэсэн заалтыг тодорхой болгох шаардлагатай гэсэн санал хэлсэн. Мөн Улсын Их хурлын гишүүн Н.Учрал, Донорын тухай хуулийг дэмжиж байгаа ч хүний эд эрхтэний наймааг хааж чадсан эсэхийг тодруулж байв. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Донорын тухай хуулиар хүний эд эрхтэнийг импортлох, экспортлохыг хязгаарлаж, ашгийн төлөө бус сайн дурын үндсэн дээр байхаар хуульчилсан гэж хариуллаа.

Ингээд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 7 саналын томъёоллоор санал хураасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 8.1.2 дахь заалтыг “гамшгийн үед харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл мэндийн байгуулагад цус цусан бүтээдэхүүний нөөц бүрдүүлэх, нөхөн сэлбэхэд шаардагдах нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэж, удирдлага зохион байгуулалтаар хангах”, төслийн 13.2 дахь хэсгийг “Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” гэж тус тус өөрчлөн найруулах саналыг гишүүдийн олонх дэмжив.

Дараа нь Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэн.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу уг асуудлыг хаалттай хэлэлцэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

​Булган аймагт шүлхий өвчний сэжиг илэрчээ

шүлхий зурган илэрцүүд

Булган аймгийн Рашаант сумын Харчулуут багт малын шүлхий өвчний сэжиг илэрч, хөл хорио түр тогтоосон байна. Мөн “Нүүдлийн Тамгын газар” ажиллуулж яваа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг тус суманд түр хорио цээрийн дэглэмд ороод байгаа аж. Өвчний голомт газарт аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд 13 өрхийн 81 үхэр халдварласан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Шүлхий гарсан хэсгүүдэд ажиллаж байсан гэр гуанз, хоолны газруудыг хааж, тус хэсгээр нэвтэрч байгаа автомашинуудыг ариутгах ажил явагдаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-руу визгүй зорчих боломж бүрдэж магадгүй

виз зурган илэрцүүд

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлах үеэр хоёр орны визний асуудлыг хөнджээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Хоёр улсын Ерөнхий сайд нар визний асуудлаар ярилцсаж, хоёр улсын иргэд хоорондоо визгүй зорчих асуудлаар ярилцсан. БНСУ руу зорчих олон удаагийн визийг хөнгөлөх тухай яригдаж байгаа. Цаашдаа визгүй зорчдог болгохоор нэлээд нухацтай ярилцсан. Талууд хоёр орны иргэд алсдаа харилцан визгүй зорчих зорилтын хүрээнд эхний ээлжинд олон удаагийн виз олголтыг өргөжүүлэхээр болсон” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын эмэгтэй гишүүд БНЭУ-ын эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзав

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга, Элчин сайдын үүргийг түр хамаарагч Рави Шанкер Гоэл болон “Аполло” эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Энэтхэг-Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын менежментийг илүү боловсронгуй болгоход анхаарч, шинэ техник технологитой танилцаж, суралцахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

Рави Шанкер Гоэл, Энэтхэг-Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар товч тайлбар өгөөд БНЭУ-ын тусламжаар Хавдар судлалын үндэсний төвд хавдар оношлоход зориулагдсан төхөөрөмж бэлэглэж, уг төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар байнга сургалт явуулж байгаа, 2018 онд Энэтхэгт монгол эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах гэж байгааг дуулгалаа.

Түүнчлэн өнгөрсөн долоон хоногт арван хүүхдийг асран хамгаалагч, нэг эмчийн хамт БНЭУ-д явуулж, зардлыг нь хариуцан зүрхний гажиг засах хагалгаанд амжилттай оруулсан талаар мэдээлэв.

“Аполло” эмнэлгийн зөвлөх эмч, доктор Самир Каул УИХ-ын гишүүдэд хандан хорт хавдартай хэрхэн тэмцэх талаар зөвлөмж хүргүүлсэн юм. Тэрбээр, Монгол Улсад хавдараар өвчилсөн хүмүүсийн тоог нарийн гаргаж, өвчлөлийг бүртгэх шаардлагатай. Ингэснээр шинжилгээ, дүгнэлт хийж, хорт хавдартай тэмцэхэд эерэг үр дүн үзүүлнэ гээд Засгийн газрын зүгээс оновчтой хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажиллахыг зөвлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж, Шадар сайд Ө.Энхтүвшин гишүүний асуулгад хариулт өгөв

“ЭЛЭГ БҮТЭН-МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЛААР ЕРӨНХИЙ САЙД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.01.19) үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “хүн амын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй элэгний С вирусын халдварын голомтыг 2020 он гэхэд устгаж, элэгний хорт хавдрыг эрт илрүүлж, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр эх орондоо хийж байх” зорилготой “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлан, хөтөлбөрийг үндсэн 6 чиглэлээр 2 үе шаттай хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд дурдав.

Хөтөлбөрийг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий олон салбарын оролцоотойгоор хамтран хэрэгжүүлж, эхний шатанд эрсдэлт бүлгийн хүн ам болох 40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд, вирусийн халдвартай хүмүүсийг эмчилгээнд хамруулах ажлыг байгууллаа. Олон салбарын төлөөлөл бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг нь хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний түвшинд удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж, тулгамдсан асуудлыг аймаг, дүүргийн болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж байна.

Юуны түрүүнд иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах журам” боловсруулж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор хепатитийн В, С вирусийн шинжилгээ, С вирусийн идэвхжлийг тогтоох шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. Өрх, сумын эрүүл мэндийн төвд хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээг, сонгон шалгаруулалтад тэнцсэн 22 лабораторид С вирусийн идэвхжлийг тодорхойлох шинжилгээг тус тус хийсэн.

Эрүүл мэндийн даатгалын сангаас С вирусийн 5 нэрийн эмийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр, нэг курс эмчилгээний зардлыг үргэлжлэх хугацаанаас хамааран 630 мянгаас нэг сая 260 мянган төгрөгөөр хямдруулан олгож байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас шинжилгээний зардалд 6,3 тэрбум, С вирусийн эмчилгээний зардалд 9,6 тэрбум төгрөг зарцуулсан. Мөнхепатитийн В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад давхардсан тоогоор 90 гаруй мянган хүнийг хамруулсан байна.

Засгийн газар хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа өвчлөлөөс эмчлэн эдгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Тухайлбал эрүүл мэндийн сайдын төсөв энэ онд 760,3 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны төсвөөс 9,5 хувиар нэмэгдсэн.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх зорилгоор эх орондоо хийгдэж байгаа өндөр өртөгтэй мэс засалд зарцуулах төсвийг 2018 онд 44,6 тэрбум төгрөгт хүргэж, 17,4 хувиар нэмэгдүүлж байна. Үүний дотор эрхтэн шилжүүлэх мэс засалд шаардагдах төсвийг 4 дахин нэмэгдүүлж 2,8 тэрбум төгрөгт хүргэлээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зарим тоног, төхөөрөмжийг хангах зорилгоор олон улсын түншлэгч байгууллагад хүсэлт гаргаж ажилласны дүнд центрафуг, сорьц зөөвөрлөх сав зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаад байна. Мөн вируст хепатитийн илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээг сайжруулах төслийг боловсруулж, санхүүжилтийн дэмжлэг авахаар Азийн хөгжлийн банкинд хүсэлт тавиад байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр 2017 оны 12 дугаар сарын байдлаар эрт илрүүлэг үзлэгт 353,4 мянган хүн хамрагдаж, хамрагдалт 47,1 хувьтай байна. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 8 хувьд нь В вирус эерэг, 16,5 хувьд нь С вирус эерэг үр дүн илэрсэн байна.

Энэхүү хөтөлбөрийн эхний шатны үр дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн хепатитийн холбоо, Бразил улсын Засгийн газрын хамтран зохион байгуулсан “Дэлхийн хепатитийн дээд хэмжээний чуулган”-д танилцуулан туршлага солилцож, Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн “Хепатитгүй ирээдүйн төлөө Манлайлагч”улсаар зарлагдсаныг Ерөнхий сайд дуулгаад Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж, үр дүнд хүргэхийн төлөө чармайн ажиллах болно гэдгийг тэмдэглэлээ.

“Элэг бүтэн-Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг цаашид улам эрчимжүүлж, тодорхой үр дүнд хүргэхийн тулд:

  • 2018 онд 15-39 насны хүмүүсийг эрт илрүүлэг үзлэгт хамруулах,
  • Хөтөлбөрийн эхний шатны үзлэг, оношилгоогоор В, С вирустэй илэрсэн хүмүүсийг элэгний хорт хавдрын эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг эхлэх;
  • “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөрийн 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж хэрэгжүүлэх,
  • Даатгалын сангаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 10,2 тэрбум, элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4,9 тэрбум, С вирусийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөд 18,4 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхээр тооцож, шаардагдах төсвийг баталсан.
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэд хепатитийн В, С вирусийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдаж чадахгүй байгаа тул иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг идэвхжүүлэх;
  • Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах;
  • Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын эрт илрүүлэг үзлэгийн хүний нөөц, тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх;
  • Хепатитийн В вирусийн халдваргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулах санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд хэллээ.

Дараа нь Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.

Мөн мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, З.Нарантуяа, Л.Болд нарын асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нар хариулт өгөв.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ЧГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ ГИШҮҮНИЙ АСУУЛГЫН ХАРИУГ СОНСЛОО

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонсов. Гишүүний асуулгын хариуг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан юм.

Одоогийн байдлаар баруун, төв, зүүн аймгуудын нутаг, Дундговь, Өмнөговийн баруун хэсэг, Дорноговийн хойт захаар 0.1-30 см зузаан, хамгийн зузаан нь Увсын Хяргас, Завханы Сонгино, Өвөрхангайн Бүрд суманд 29-30 см, Увсын Баруунтуруун, Тэс, Малчин, Завханы Тэс, Эрдэнэтэд 20-20 см, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Орхоны Улаантолгой, Булганы Хангал, Ингэттолгой, Төв аймгийн Жаргалант, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Баянчандмань, Дорнодын Халх гол орчимд 14-19 см цасан бүрхүүлтэй байгаа аж. Мөн өнгөрсөн 7 хоногт цасгүй байсан говийн нутгууд, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас орж, одоогоор улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 100 гаруй суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аж.

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвэрийн яам цаг агаарын төлөв байдлын эдгээр мэдээлэлд тулгуурлан өвөлжилт хүндэрч болзошгүй, бэлчээрийн даац хэтэрсэн бүс нутаг, аймгуудад өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг улам эрчимжүүлж, шаардлагатай бэлтгэл нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгааг Шадар сайд дурдаад гишүүний асуулгын асуулт тус бүрт тодорхой хариулт өгсөн юм.

-Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 мянган малчин өрхөд 66.6 сая, хонин толгойд шилжүүлснээр 106.9 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалт хийгджээ. Харин өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 25 хувь нь хүрэлцээтэй, 30 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 30 хувь олон дахин хэтэрсэн гэсэн дүгнэлт гарсан байна.

Аймаг, сумдын Засаг дарга нарын гэрээний дагуу өөр аймгийн нутагт 3129 өрхийн 1.2 сая, өөрийн аймгийн бусад сумын нутагт 8194 өрхийн 3.9 сая, сум дундын отрын бүс нутагт 1259 өрхийн 402 мянга, Аймаг дундын отрын бүс нутгийн захиргааны шийдвэрээр тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 1096 өрхийн 756 мянга, Хил хамгаалах ерөнхий газрын зөвшөөрлөөр хилийн зурвас газарт 3030 өрхийн 1.2 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 6 мянган өрхийн 2.3 сая мал, улсын хэмжээнд нийт 22,8 мянган өрхийн 9.8 сая толгой мал отроор өвөлжиж байгаа аж. Отроор яваа малчдын малд гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, тарилга туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж байгаа юм байна.

-Аймгуудын эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн судалгаагаар 19 мянган жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 164,4 мянган хүүхэд, 91,7 мянган өндөр настан, 58,4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн өвөлжилт хүндэрсэн болон отор нүүдлийн байдалтай алслагдсан орон нутагт амьдарч байна. Эдгээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх, орон нутгийн сумын эрүүл мэндийн төвүүдэд эх, хүүхдэд үзүүлэх тусламжийн тасралтгүй бэлэн байдлыг хангах, жирэмсэн эмэгтэйчүүдийг онцгой анхаарч хяналтыг сайжруулах үүднээс жирэмсэн эмэгтэйг орон нутгийн засаг, захиргааны харьяалал харгалзахгүйгээр отор нүүдэл хийж байгаа суманд нь хяналтад авч, тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, жирэмсэн эмэгтэйг эхийн амрах байранд урьдчилан авчрах, эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг дараагийн шатлалд хугацаа алдалгүй шилжүүлэх талаар сэрэмжлүүлэг хүргүүлж, хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Орон нутагт сумдын эрүүл мэндийн байгууллагуудын нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн 2 сарын нөөцийг бүрдүүлэхэд анхаарч байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 388 дугаар тушаалын дагуу нэн тэрүүнд шаардагдах 50 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад 80 гаруй хувьтай байна. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, сумын эрүүл мэндийн төвүүдийн өвөлжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор орон нутгийн хэмжээнд төсвийн зохицуулалт хийж хэмнэлттэй байгаа бусад зардлыг тээвэр шатахуун, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зарцуулах чиглэл өгөөд байна гэдгийг Шадар сайд тодотголоо.

-Малчдын түвшинд ургацын урьдчилсан балансаар 850 мянган тн хадлан авахаар тооцоологдож байсан боловч гүйцэтгэлээр 935.7 мянган тн хадлан бэлтгэжээ. Харин хүчит болон шүүст, гар тэжээл төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй шаардагдах тэжээлийн 70.2 хувийг бэлтгэсэн байна.

Малчдын өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор төсвийн тодотголд 40 тэрбум төгрөг тусган, аймгуудад борлуулалт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, хүүгүй санхүүгийн эх үүсвэр олгох зээлийн гэрээнүүд хийгдсэн. Мөн Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолоор баталсан аймгийн аюулгүйн нөөц 88.5 хувь, сумдын аюулгүйн нөөц 58.5 хувийн биелэлттэй байсан бол аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг нэмэгдүүлэхэд зориулж улсын төсвийн тодотголоор 4.5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт тусгаж өгснөөр аймаг, сумд өвс, тэжээлийн аюлгүйн нөөцөө бүрэн бүрдүүлж чадсан гэдгийг онцлов.

-Байгалийн гамшиг, өвөлжилт, хаваржилтийн хүндрэлийг хохирол багатай давах зорилгоор Засгийн газрын 2001 оны 47 дугаар тогтоолоор 1 хонин толгойд 1 кг өвсөөр тооцон нийт малын 25 хувийг 3-аас доошгүй хоног тэжээх өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхээр заасан. 2017 оны эхний хагас жилийн байдлаар төв, орон нутаг дахь улсын нөөцийн анги, салбар, цэгүүдэд 3,7 мянган тонн өвс, 3,9 мянган тонн малын тэжээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд батлагдсан төсвийн хөрөнгөөр нийт 8,3 мянган тонн өвс, 4,7 мянган тонн тэжээлийн нөөц бүрдүүлжээ. Харин улсынтөсвийн тодотголоор нэмж 5,3 мянган тонн өвс, 3,4 мянган тонн малын тэжээл, 500 тонн нэмэлт тэжээлийн нөөц бүрдүүлэхээршийдвэрлэсний дагуу нэмж бүрдүүлэх өвс, тэжээлийг бүрдүүлээд байгаа аж.

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 15 аймгийн 95 суманд 159 даваа, гүвээ, 30 гаруй тал хөндий газар байнгын цасанд хаагдаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл бэрхшээл үүсдэг тул улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваанд “Шуурхай хэсэг”-ийн 47 нэгжид нийт 198 хүн, 160 техник хэрэгслийг ажиллуулж байгаа юм байна. Түүнчлэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн төв, орон нутгийн байгууллагуудын хэмжээнд өвлийн улиралд нийт 2648 алба хаагч, аврах ажлын 29 нэгж, тусгай зориулалтын 81 нэгжийг туулах чадвар сайтай автомашинууд,шаардлагатай харилцаа холбооны төхөөрөмжөөр бүрэн хангажээ.

-2017 оны жилийн эцсийн байдлаар БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй 8, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй 6, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 5, нядалгааны эрхтэй 8, ОХУ улсад мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 29 аж ахуйн нэгж, Вьетнам улсад дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 4 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мэдээгээр ОХУ-д 560 тонн үхрийн, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 24,9 мянган тонн адууны, Иран, Катар улсад 2,45 мянган тонн хонь, ямааны мах, нийтдээ 27,8 мянган тонн мах экспортолж, махны экспортоос 137 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ нь өмнөх 5 жилийн дундажтай харьцуулахад махны экспортын тоо, хэмжээ 7 дахин, өмнөх онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин дулааны аргаар боловсруулсан нөөшилсөн мах, махан бүтээгдэхүүн 2 мянган тонныг экспортолжээ.

Шадар сайд хариултдаа, өнгөрсөн 12 дугаар сарын болон 1 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын мэдээллээс авч үзвэл баруун, төвийн зарим аймгуудын нутгаар цас нэлээд орж, хүйтний эрч чангарч байна. Өвлийн улирал дөнгөж дундаа орж, хүйтний эрч сулраагүй, тодорхой бүс нутаг, аймаг, сумдын нутгаар цаг агаарын гэнэтийн үзэгдэл учрах эрсдэл өндөр хэвээр байна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээс үзвэл 1 дүгээр сарын сүүлийн 10 хоногт зарим нутгаар хүйтний эрч дахин чангарах магадлалтай байгааг дурдлаа. Иймээс малчид, хөдөөгийн ард иргэдийн хувьд өвлийг өнтэй даван туулах чиглэлээр анхаарлаа сулруулалгүй ажиллах, аймаг, сумдын удирдлагын зүгээс цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын мэдээллийг анхааралтай ажиглаж, өвлийг даван туулахад чиглэсэн үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж ажиллах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгааг онцоллоо.

Гишүүний асуулгад өгсөн Шадар сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, О.Батнасан, Я.Содбаатар, Ж.Мөнхбат, Н.Оюундарь, Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва, Д.Ганболд, Д.Тогтохсүрэн нарын зэрэг гишүүд Ерөнхий сайд болон Шадар сайд, Засгийн газрын бусад гишүүн, холбогдох яам, агентлагийн албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, зарим аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учир гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мал тэвээргээ алдахаас өмнө малчдад өвс, тэжээл хүргэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас зарим тодорхой шийдвэр гаргалаа. Тухайлбал, улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймагт хуваарилахаар болсон. Хуваарилагдсан өвс, тэжээлийг хүргэх ажлыг орон нутгийн онцгой байдлын албад хариуцаж, хяналт тавьж гүйцэтгэнэ гэдгийг хэллээ.

Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин өвс, тэжээлийг төвлөрсөн цэгүүдээс татах тээврийн зардлыг орон нутаг хариуцна. Харин гаднаас өвс, тэжээл худалдан авч нөөц бүрдүүлэхэд улсын төсвөөс 40 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн тодотголд тусгасан. Өвс, тэжээлийг малчдад шууд худалдах, мал махаар солих, ноосны урамшууллыг нь тооцож суутгах зэрэг арга хэлбэрүүдийг ашиглаж байгаа гэлээ. Түүнчлэн учирч болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах чиглэлээр онцгой байдлын байгууллага, орон нутгийн засаг захиргаа, холбогдох бусад байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар гишүүдэд нэмэлт тайлбар мэдээлэл өгсөн юм.

Эцэст нь асуулга тавьсан гишүүн С.Бямбацогт үг хэлсэн юм. Тэрбээр, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд тодорхой мэдээлэл өгсөн, мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, холбогдох бусад хүмүүс гишүүдийн асуултад нэмэлт тайлбар мэдээлэл өгсөн, түүнчлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж өвөлжилт хүндрэлтэй байгаа аймаг, сумдад өвс, тэжээлийг үнэгүй болон хямд үнээ олгох асуудлыг шуурхай шийдвэрлэсэнд талархаж буйгаа хэлээд гол нь гаргасан бодлого шийдвэрээ амьдралд бодитой хэрэгжүүлэхэд анхаарах нь чухал. Чуулганы танхимд гишүүдийн асуултад өгсөн албан тушаалтнуудын ярьсан хэлсэн зүйлс амьдрал дээр ажил болж, ам, ажил хоёр зөрөх ёсгүйг анхаарч ажиллах учиртайг сануулав. Түүнчлэн цаашид өвс, тэжээлийг малчдад зээлээр олгох боломжийг судлах, малаа даатгуулсан иргэдэд давуу боломж олгоход анхаарах, төр, малчин хоёрын аль аль нь үүрэг, хариуцлага хүлээдэг байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.