Categories
гадаад мэдээ

Зэвсэглэсэн этгээдүүд зочид буудал руу дайрчээ

Зураг

Хэсэг зэвсэглэсэн этгээдүүд Кабул хот дахь “Intercontinental” зочид буудал руу дайрсны улмаас 5 хүн амь үрэгдсэн байна. Энэ тухай өнөөдөр телевизийн TOLO News суваг Афганистаны ДХЯ-ны төлөөлөгчийн хэлснийг иш татан мэдээллээ.

Мэдээлэлд дурдсанаар, одоогийн байдлаар зочид буудлын таван давхрыг шалгаж, халдлага үйлдэгчдээс “цэвэрлээд” байгаа бөгөөд хоёр этгээдийг устгажээ. Халдлага үйлдсэн 1-2 этгээд зочид буудлын барилга дотор нуугдаж байгаа бололтой. Зочид буудлаас 100 орчим хүнийг гаргаснаас 16 нь гадаадын иргэд байжээ. ДХЯ-ны мэдээлснээр, халдлага үйлдэгчид хүмүүсийг барьцаанд аваагүй байна.

Зэвсэгт этгээдүүдийг олж илрүүлэх, устгах ажиллагаа үргэлжилж байна.
Өмнө нь TOLO News суваг мэдээлэхдээ, халдлагын үеэр 15-аас доошгүй хүн амиа алдсан эсвэл шархадсан байж болзошгүй гэж байв.

“Intercontinental” бол гадаадынхан олноороо ирдэг зочид буудал бөгөөд тэнд барууны албаны хүмүүс оролцсон хэвлэлийн бага хурлууд болдог байна. 2011 оны 6 дугаар сард тус зочид буудал руу зэвсэгт этгээдүүд халдан, дөрвөн удаа дэлбэрэлт үйлдсэний улмаас 12 хүн амь үрэгдэж байжээ. Хүчний байгууллагынхан 5 цаг гаруйн турш бүслэн дайрсны эцэст 9 террористыг устгасан байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өөрийгөө жолооддог машин таныг хөнөөхөөр програмчлагджээ

Өөрийгөө жолооддог машин таныг хөнөөхөөр програмчлагджээ

Таныг машинаа бариад явж байхад яг зам дээр чинь хүүхдүүд гэнэтхэн гараад ирвэл та яах вэ? Таньд хүүхдүүдийг дайраад өөрийнхөө амийг аврах эсвэл ойролцоох ханыг мөргөж хүүхдүүдийн амийг авраад өөрөө амиа алдах гэсэн 2 л сонголт байгаа гээд төсөөл дөө. Ихэнх хүмүүс хүүхдүүдийн амийг л аврах нь чухал гэж хариулах байх гэж бодож байна.

За одоо тэгвэл арай өөрөөр бодоод үзэцгээе. Таны машин өөрийгөө жолооддог харин та зорчигч нь болчихсон явж байна гэж төсөөлье. Тэгвэл та хүүхдүүдийн амийг авраад өөрийнхөө амийг гаргуунд нь гаргаж чадах уу? Өмнөх тохиолдолд хүүхдүүдийг аварна гэж хариулсан хүмүүсийн ихэнх нь энэ тохиолдолд өөрийнхөө амийг аварна гэж хариулсан байсан. Ийм их эрсдэлтэй машиныг ер нь хүн худалдан авч унах уу гэдэг нь туйлын эргэлзээтэй асуудал байгаа юм.

Эндээс бидэнд “Өөрийгөө жолооддог машинд яагаад ийм хоёр сонголт л байдаг вэ?” гэсэн асуулт гарч ирж байна. Daimler AG компаний гүйцэтгэх захирал нэг удаа “Бид ямар ч үнээр хамаагүй зорчигчийнхоо аюулгүй байдлыг хамгаална” гэж мэдэгдэж байсан боловч яг цагаа тулахаар бүх машин үйлдвэрлэгчид энэ асуултанд хариулахаас бултдаг юм. Google компани “өөрийгөө жолооддог машин нь зам дээр байгаа хүн болон эд юмсыг мөргөхгүйн үүднээс ойролцоох ханыг очиж мөргөнө” гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ бол дотор нь сууж яваа зорчигч амь насаа алдана гэсэн үг билээ.

Categories
мэдээ цаг-үе

Бага тойрогт бужигнаж явсан багын найзууд

2017 он

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн арван жилийн нэг ангийг онцолж байна. 1984 онд 1Б ангид элсэн орж байсан сурагчид өдгөө салбар бүрт ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажиллаж байгааг нь дурдахад таатай байна. Тавдугаар сургуулийн ойролцоох 4-5 байранд ангийнх нь дийлэнх сурагчид амьдардаг гэр ойрхон учраас гудамж метрлэх үедээ Бага тойргийн тэрүүхэн хавьдаа цуглачихна. Черта тоглож, дээс эргүүлж, орцонд гитар “нүдэж”, конькитай гулгаж, бөмбөг хөөж явсан нь тэдний гол тоглоомууд байсан гэнэ. Сайн болсон охиндоо захидал бичдэг байсан үе болохоор захиа зөөлцөж явсан гэгээхэн дурсамжаа ярилцан хэн маань хаана юу хийж байна вэ гэцгээсээр сурагч ахуй үеэсээ хойш анх удаагаа олуулаа саяхан уулзалджээ. Ангийн андуудыг эхнээс нь тоочоод бичье. Нидерландын улсын Гааг хот дахь Олон улсын шүүхийн өмгөөлөгч Н.Орчлон бол тус ангийн хөвгүүдийн нэг. Тэрбээр анх Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгсөөд цагдаагийн мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад Америкт сургууль төгсч тэндээ өмгөөлөгчийн товчоонд ажиллажээ. Тэгээд сүүлийн арав гаруй жил Голландын Гааг хотын Олон улсын эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр ажиллан олон улсын хэмжээнд үйлдсэн ноцтой гэмт хэргүүдийг шүүн таслах арга хэмжээнд оролцож байна. Манай улсын бахархал болсон хуульч, өмгөөлөгчдийн нэг түүнийг хобби сонирхлынхоо хүрээнд явуулдаг фэйсбүүк дэх Монголын Үнэртэй усанд дурлагчдын клубын админ гэдгээр нь олон хүн бас андахгүй сайн мэднэ. Ямар сайндаа түүнийг Монголын үнэртэй усны хаан хэмээн нэрийдчихсэн байхав. Эдний ангид хуулийн байгууллагад ажиллагсад нэлээн олон бий. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Тусгай албанд олон жил ажиллаад цэргийн байнгын тэтгэвэртэй гарсан Л.Мишигбаатар. Хөөрхөн охин Сувдаа нотариатчаар ажиллаж байна. Л.Мишигбаатар одоо ч багын хөгжөөнч, шооч зангаа гээгээгүй. Ахлах дэслэгч Ц.Оргил бол Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс ажлын гараагаа эхэлж Улсын мөрдөн байцаах газарт үргэлжлүүлэн ажиллаж байсан бөгөөд өдгөө олон хэрэг дээр амжилттай сайн оролцсон өмгөөллийн хууль зүйн хувийн товчоо ажиллуулж байна. Ц.Оргил их даруу зантай, хэр баргийн зүйлд түрүүлж дуугараад байдаггүй, анзаарагддаггүй хүү байсан бол одоо их сайхан залуу болсон гэлцэх. Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт ажилладаг Ш.Төгсжаргал, Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэст бүртгэгчээр ажиллаж байгаад одоо Иргэний бүртгэл мэдээллийн төвд улсын бүртгэгчээр ажиллаж буй Дүүрэнжаргал нарыг нэрлэе. Сурагч ахуй үеэсээ эхлэн үерхэж гал голомтоо бадраасан хосын нэг О.Энхбат, Б.Түмэндэлгэр нар эдүгээ гурван сайхан хүүтэй, ангийнхаа уулзалт дээр хөтлөлцөөд ирцгээдэг гэсэн. Өрхийн тэргүүн О.Энхбат нь Европоос манай улсад тахь нутагшуулж, устах аюулд хүрээд байсан тахийн тоо толгойг олшруулахад гар бие оролцож, орчуулагчаар ажиллаж байсан түүхтэй. Гэргий Б.Түмэндэлгэр нь банк санхүүгийн салбарт нэртэй, удам залгасан банкируудын нэг. Банк бус санхүүгийн хувийн бизнестэй. Сонирхолтой нь О.Энхбатын ээж Б.Түмэндэлгэрийн аавтай нь нэг сургуульд суралцаж байсан, бага байхын гэр бүлийн найзуудын хүүхдүүд тул нэгнийхээрээ орж гардаг найзууд байсан гэнэ. Ангийнхан нь тэр хоёрыг төрөхөөсөө эхлэн хоёр биендээ заяагдсан хосууд гэцгээдэг. Дараачийн хос бол Виктор, А.Уянга нар. Сурагч байхдаа хоорондоо төдийлөн таарамжгүй байсан учраас ангийнхан нь тэднийг гэрлэсэн гэдгийг нь сонсоод бяцхан цочролд орсон нь бий. Үнэндээ Виктор хүү багын Уянгаадаа сайн байсан бөгөөд сайн гэдгээ илэрхийлэх арга нь уурлуулж өдөх байсан тухайгаа хуучилсан удаатай. Эднийх бас банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг бөгөөд бизнесээ өргөжүүлж аяллын болооод ахуйн хэрэглээний газ үйлдвэрлэх бизнес рүү оржээ. Энэ ангид банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлдэг дараагийн нэг хүн бол Д.Уянга. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин “хөх чоно” С.Дамдины охин. Багадаа “Уул усны үр сад”, “Алт амилах цагаар” уран сайхны кинонд тоглож, дүр бүтээж байсан. Багын царайлаг, хөөрхөн гэдгээрээ ангийн хөвгүүдийн харцыг булааж явсан нь бий. Ангийн андуудын нэг Баатархүүг хүний сайхан зан чанар бүхнийг тээсэн хүн чанарын жинхэнэ илэрхийлэл юм гэдгийг онцлон хэлж байв. Баатархүү автобус баазад жолоочоор ажиллаж байсан, одоо хувийн бизнес эрхэлж дэлгүүр ажиллуулж байгаа аж. Эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож инженерээр ажиллаж байгаа залуус олон бий. Шинэ нисэх онгоцны буудалд инженерээр ажиллаж буй Б.Батхүү, цахилгаан угсралтын хувийн компанитай Зоригтбаатар, “Сод Монгол” группт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцсан инженер Т.Дашжав, ХБНГУ-д микробиологийн чиглэлээр суралцаж байсан, одоо барилгын бизнес эрхэлж буй Л.Батбаяр. Ангийн охин М.Отгонтуул Л.Батбаяр нар хуучны нэрлэдгээр Гал командын нэг байранд амьдардаг бөгөөд хичээлдээ цуг явдаг байжээ. Нэг бүтэн сайн өдөр цүнхээ барьчихсан хоёулаа хөтлөлцчихсөн хичээлдээ явж байхыг нь Д.Уянга гэрийнхээ цонхоор харчихаад “Та хоёр хаачих гэж байгаа юм” гэхэд нь “Хичээлдээ явах гэж байна” гэтэл “Өнөөдөр бүтэн сайн өдөр шүү дээ” гэж хэлж байсан хөгтэй дурсамжаасаа хуваалцав. Зоригтбаатар, Содбаяр нар ангидаа бие томтой, сургуулийнхаа анхаарал татсан хөвгүүд, “атаман”-уудын тоонд багтана. Содбаяр багын спортод дуртай хөл бөмбөг чадамгай сайн тоглодог, багын хоббигоо ажил мэргэжил болгон хөл бөмбөгийн шүүгч, дасгалжуулагчаар ажиллаж Монголын хөл бөмбөгийн спортод өөрийн үнэлшгүй хувь нэмрээ оруулж яваа. Түүний үздэг нэвтрүүлэг нь спортын суваг, эрхэлдэг хувийн бизнес нь спортын барааны дэлгүүр. Зоригтбаатар, Содбаяр хоёрын сурагч үеэс эхэлсэн андын үерхэл өнөөдөр ч бат бөх хэвээр. Гэр бүлийн найзууд болцгоосон бөгөөд гэргий нар нь тэднийг өвдөх үед нь эхнэр шиг нэгэндээ анхаарал халамж тавьчихдаг гэхэв. Гадаадад ажиллаж амьдран суугаа ч ангийнхаа фэйсбүүк группт өдөр болгон мэндчилж мэндээ мэдэлцэж суудаг хүмүүс бас бий. Г.Өлзийбаясгалан, Г.Баянжаргал нар АНУ-д ажиллаж амьдарч байгаа бол Японд Үүрцайх, БНСУ-д Рэгзэнчимэг, Мөнхбаяр нар, Бельгид Л.Дэмбэрэлсүрэн, Отгонцэцэг нар байна. Л.Дэмбэрэлсүрэнг багад нь бие жижигтэй байсан болохоор нь өөдөс гэж хочилно. Нэг удаа ангийн анд нь гэрт нь очоод хаалгыг нь тогшиж Дэмбэрэлсүрэн байна уу гэхэд аав нь байхгүй гэж хэлжээ. Л.Батбаяр буцаж явахдаа нэлээн бодож байгаад дахиад хаалгыг нь тогшиж “Өөдөс байна уу?” гэхэд аав нь “Байгаа” гэж хариулсан гэнэ лээ. Өөдөс гэдэг хочоор нь дуудсаар байгаад аав нь хүртэл хүүгийнхээ бүтэн нэрийг мартахдаа тулсан хөгжилтэй түүхээс сонсов. Анги дотроо битгий хэл сургуульдаа царайлаг гэдгээрээ анхаарал татсан Г.Баянжаргалд ангийн хөвгүүд бүгд сайн болж байсан талтай. Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найраг О.Дашбалбарын охин Д.Мөнгөндалай тус ангид суралцаж байсан. Д.Мөнгөндалай “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны даргаар ажилладаг. Тус ангийнхан спорт, урлагаар жигдхэн сайн. Бүгд л гитар дарчихна. Урлагт ажиллаж буй хүмүүс бий. Монголын нэртэй балетчдын нэг болох Ганзориг ОХУ-д балетын хот болох Перм хотод суралцаж ажиллаж байсан. АНУ-д бас балетаараа ажиллаж байжээ. Хүүхдийн ордны “Цэцэг-2” хамтлагт бөмбөрчин хийж байсан Наранбат багынхаа сонирхлоо үргэлжлүүлэн хамтлаг байгуулан одоо ч урлагийн салбартаа хөгжмөө тоглосоор яваа. Багын хөдөлгөөнтэй, дүрсгүйдүүхэн Наранбат хог ачдаг машины араас нэг удаа зүүгдчихжээ. Жолооч толиндоо хараад бууж ирээд уурлаад хөөж. Тэгтэл жолоочийн хөл, Наранбатын хөл жолоочийнхтой яг ижил дугуйдуу майга байсан нь хүмүүсийн инээдийг хүргээд авч. Бага тойргийн хүүхдүүд хичээлээ давтахдаа мойл жимс түүж идэнгээ Засгийн газрын ордны сааданд тухалчихдаг байсан аж. Бага ангид Нарантуяа багш тэднийг дааж байсан бол чанга хатуу гэдгээрээ алдартай тооны Сүрэн багш, Норжмаа багш, Саранцэцэг багш нар тухайн ангийг ээлж дараалан дааж авч байжээ. Нэг удаа Зайсан толгойгоос Сүрэн багштайгаа нийлчихсэн уулын уруу руу вагон шиг ар араасаа залгалдаад чарга ч байхгүй бөгсөөрөө гулгаж явсан дурсамжаасаа хуваалцсан. Тухайн үед яасан ч их цас ордог байв, цасаар байлдаж тоглон, окоп ухан нуугдаж тоглодог байсан тухайгаа бас дурссан. Царайлаг охин болох Баянжаргалын байрны орцны үүдэнд сул асгасан хайрга чулуун дотроос анар чулуу түүж тоглодог байсныгаа бас санаж ярив. Ардын сурган хүмүүжүүлэх багшаар ажиллаж буй Д.Хишигжаргал, М.Өлзийжаргал нар байна. М.Өлзийжаргал төгөлдөр хуур их сайн тоглоно. “Шар толгойт” Л.Гансүх хаанаас ч харсан танигдахаар тод алтан шаргал үстэй. Хөвгүүд дүрсгүйтэх үед багш нар нь шар толгойтдоо хэн цуг байсан бэ гэдгийг дор нь илрүүлэн азаартуулчихдаг байсан гэнэ. Ичих үедээ час улаан болчихдог Болормаа “Говь” компанид ажилладаг, багадаа лам болж маань мэгзмийг найзууддаа зааж явсан Ч.Сүхбат одоо төрийн байгууллагад агентлагийн даргаар ажиллаж байгаа юм байна. Отгончимэг багадаа таеквондогоор хичээллэж байгаад хожмоо таеквондогийн багш болжээ. Партизаны сангийн аж ахуйд хувийн фермэр хийж буй Ойжүд, томоохон захуудын жимсний худалдааг атгасан Отгонбаяр, төрийн бус байгууллага ажиллуулдаг Учрал, “UBS” телевизэд багын зураг зурах хоббигоо мэргэжил болгосон Тулга хувиараа эрхлэх аж ахуй эрхэлж буй Н.Баянжаргал, Мөнх-Очир, үнэт эдлэлийн бизнес эрхэлдэг Ичинхорлоо, Нансалмаа, Минжин, Сүхбаатар, Гантулга, Сүмбэр, Баярмагнай, Оюунчимэг, Цогтжаргал, Ундрах, Бат-Эрдэнэ, Энхтуяа нарыг нэрлэе.

1Б-8Б анги хүртлээ нэг ангид тохой залган сууж эрдмийн өргөөнөө номын дууг хамтдаа сонссон 39 сурагчийн амьдралын нэгээхэн дурсамж түүхээс хуваалцлаа. Эдүгээ ид хийж бүтээх идэр насан дээрээ яваа залуус эргээд сурагч ахуй үедээ очиж, амьдралын жаргал, зовлонгоо хуваалцан аль болох уулзалдахыг хичээдэг болжээ гэцгээж байсан юм.

1988 он

1990 он


Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэбат: Аргагүйн эрхэнд л жагсаал, цуглаан хийж байна

-УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАНА ГЭЖ МЭДЭГДСЭН-

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Өнөөдөр МҮЭ-ийн холбооноос Сүхбаатарын талбайд татварын нэмэгдлийн эсрэг жагсаал зохион байгуулах гэж байна. Ийм хууль батлахаас өмнө жагсаал зохион байгуулж болоогүй юм уу?

-Бид өнгөрсөн оны эхэнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг байгуулсан. 2017 онд байгуулсан нэмэлт хэлэлцээрээр “Албан татварын өөрчлөлттэй холбоотой асуудлаар цаашид нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан ярилцаж, саналыг авч зөвшилцөх тухай хэлэлцээрийн заалтыг хатуу мөрдөж ажиллана”, “Улсын Их Хурлаас баталсан 2017 оны 29 дүгээр тогтоолын 12 дахь заалтын хүрээнд даатгуулагч тэтгэврийн доод, дээд насны хязгаарын хүрээнд тэтгэвэр тогтоолгох хугацаагаа уян хатан сонгодог болох асуудлыг нийгмийн түншүүдийн оролцоотой судлан нэгдсэн санал боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэж тохиролцсон. Харамсалтай нь Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг очоод ОУВС-тай хэлэлцээр хийчихсэн. Бидэнтэй зөвшилцөж, хэлэлцээр хийх ёстой байтал дангаараа очоод шийдвэр гаргачихсан байгаа юм.

ОУВС-аас тодорхой шаардлагуудыг тавьжээ. Улсынхаа төсвийг тэнцвэржүүл, орлого зарлагынхаа байдалд дүн шинжилгээ хий, нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байгаа учраас татаасыг багасгахын тулд зохих шимтгэлээ өсгөх хэрэгтэй. Мөн татвар ганцхан шатлалтай байгаа учраас олон улсын жишиг рүү оруулах ёстой гэсэн зүйлүүдийг хэлсэн юм билээ. Ингэснээр зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр болсон. Энэ асуудлыг МҮЭ-ийн холбоо анхнаас нь эсэргүүцэж УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн. Мөн гишүүдийнхээ санал хүсэлтийг уламжлах үүднээс бид ОУВС-тай уулзсан. Тэд “Бид манайхаас зээл тусламж ав гэж гуйгаагүй. Нөгөө талаас татварын тогтолцоо чинь буруу байна л гэж хэлсэн” гэх хариуг өгсөн.

-МҮЭ-ийн холбооны зүгээс Засгийн газарт хүргүүлсэн шаардлагад ямар хариу өгсөн бэ?

-МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй шаардлагад Засгийн газар нааштай хариу өгсөнгүй. Зарим төрлийн татвар, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа тул МҮЭ-ийн холбооноос эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.

Бензин шатахууны үнэ нэмэгдүүлье гээд л яриад эхэлж байна. Цалин орлого нэмэгдээгүй, татвар нэмэгдчихсэн, бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн байгаа энэ үед бензин шатахууны үнийг нэмэгдүүлнэ гэдэг байж боломгүй зүйл. МҮЭ-ийн холбооны зүгээс ч хүлээж авахгүй гэдэг байр сууриа илэрхийлчихсэн байгаа.

-Уул, уурхай, эрчим хүч зэрэг хүнд хөдөлмөр эрхлэгчдэд хувь хүний орлогын албан татвар их хүнд тусч байгаа. Тиймдээ ч энэ салбарынхан ихээхэн бухимдалтай байна…

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг хаа хаанаа ойлгож байна. Гэхдээ үнэхээр татвараа нэмье гэж бодож байгаа бол татварыг нь нэмж болох орлогын эх үүсвэрүүд бий. Нийтэд нь авч үзэх ёстой юм. Яагаад тэрбум, тэрбумын орлоготой хүмүүсийн орлогын татварыг нэмж болохгүй гэж. Бодох л асуудал. Төгрөгийн худалдан авах чадвар уначихсан. Цалин орлого нэмэгдээгүй энэ үед цалингаасаа нэмж суутгуулахад тохиромжтой эсэхэд эргэлзэж байна. Цалингаас цалингийн хооронд чадан ядан амьдарч байгаа хүмүүст нэг, хоёр хувийн татварын нэмэгдэл ч хүнд тусна шүү дээ. Тэр дундаа хүнд хортой нөхцөлд эрүүл мэндээ зольж ажилладаг уурхайчид, тээврийн ажилчдад маш хүндээр тусч байна. Тэдгээрт саяын хуулиас гурван төрлийн дарамт ирсэн. Нэгдүгээрт, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гардаг насыг 60 болгон сунгасан. Таван жилээр нэмсэн. Тэдэнд жилийн хэдхэн сар л гэр бүлийнхэнтэйгээ байх боломж олддог гээд боддоо. Уурхайчдын дундаж наслалт 57, нисгэгчдийнх 62, төмөр замчдынх мөн л 60 хүрэхтэй үгүйтэй байдаг. Гэсэн хэрнээ нийгмийн даатгалын шимтгэлийг ч хамгийн өндрөөр төлдөг. Үүн дээр хувь хүний орлогын албан татвар нь ч нэмэгдлээ. Ийм байхад бухимдахгүй яах билээ. Хамгийн их ачааг л тэдэнд үүрүүлж байна шүү дээ.

-ОУВС-аас татвар төлөлтийг олон улсын жишигт оруулах ёстой гэжээ. Тэгвэл олон улсын жишигт хэрхэн шийдсэн байдаг юм бэ?

-Ерөнхийдөө татварыг шатлалтай болгох ёстой юм. Би үүнийг хувьдаа дэмжиж байгаа. Үл хөдлөх хөрөнгүүд түрээслэх зэргээр хэдэн арван саяар сарын орлого нь яригддаг хүмүүс байдаг. Энэ хүмүүсээс яг орлогод нь тохирсон татвар авах хэрэгтэй. Олон улсын жишигт ч ингэж заасан байдаг. Тухайн өрхийн орлогыг гэр бүлийн гишүүдэд нь хувааж үзснээрээ төлөх татвар нь харилцан адилгүй байдаг. Нэг гэр бүл таван ам бүлтэй байя гэж бодъё. Сарын орлого нь нэг сая төгрөг. Нэг хүнд 200 мянган төгрөг нь ногдож байна. Амьжиргааны баталгаат доод түвшин 187 мянган төгрөг. Энэ гэр бүлийн гишүүд ядаж л хоол, хүнсний дутагдалд орохгүй байх хэмжээний орлоготой байна гэсэн үг. Тэгэхээр үүндээр үндэслэн төлөх татвар ч өөр байгаа хэрэг. Уурхайчид ч ялгаагүй. Эхнэр, хүүхэд, ээж, аавыгаа ганцаараа тэжээдэг шүү дээ.

Германд л гэхэд жилийн найман мянган еврогийн орлоготой бол шууд татвараас чөлөөлдөг. Чиний орлого хэрэгцээгээ хангахад тань хүрэлцэхгүй байгаа юм чинь татвар төлөөд хэрэггүй ээ гэдэг. Манайх татвар нэмэх шатлалыг хийчихсэн хэрнээ хөнгөлөх үйлчилгээ үзүүлэхгүй болохоор л ажилчдад хүнд тусч, бухимдал үүсээд байгаа хэрэг.

-Эсэргүүцлийн жагсаалд хичнээн тооны хүн оролцохоо мэдэгдээд байгаа вэ?

– Урьдчилсан байдлаар жагсаалд 15 мянга орчим хүн ирнэ гэж тооцоолж байгаа. МҮЭ-ийн гишүүд эсэргүүцэж, нийгмийн шаардлага байгаа учраас аргагүйн эрхэнд л жагсаал, цуглаан хийж байна л даа. Мөн манай гишүүн байгууллагууд эхнээсээ ажил хаялт зарлахаа мэдэгдээд эхэллээ. Тэр дундаа уул уурхайн салбарынхан ажил хаялт зарлана гэдгээ илэрхийлсэн.


Categories
мэдээ цаг-үе

Д.Болдбаатар: Суралцагчдынхаа сэтгэлийг тогтоохоос хичээлээ эхэлдэг

“Гэгээ” гадаад хэлний төвийг үүсгэн байгуулагч, зөвлөх багш, Ph.D Д.Болдбаатартай ярилцлаа. Тэрбээр өнөөг хүртэл 30 гаруй ном, 1400 анги кино хөрвүүлсэн бөгөөд заах аргын шинэ арга барилтай хүн ажээ. Мөн “Чонон сүлд” роман, “Гурван улсын үлгэр ”зэрэг сонгодог зохиолууд, “Хуаньжу Гэг”, “Чингис хаан” зэрэг олон ангит кинонуудыг орчуулсан юм.


-Заах арга барилын талаараа сонирхуулаач. Таныг орчин цагт тохирсон өөр арга барилаар, хүмүүсийг гадаад хэлтэй болгодог гэж сонссон?

-Хамгийн гол нь өөрийгөө илэрхийлэх, шийдвэр гаргах чадвартай, бүтээлч иргэнийг бэлдэх гэсэн хүсэлтэй. Гэтэл Монголын боловсролын систем үүний эсрэг шахам зохион байгуулагдсан байдлаар ажиллаад байгаа нь нууц биш л дээ. Хүүхдүүдийг хэт их даалгавар давтлага хоёроор дарчихаад байгааг би өөрийн нүүр номон дээр байнга шахам шүүмжилдэгтэй дийлэнх эцэг эхчүүд санал нэг байдаг. Түүний улмаас хичээл гэдгийг сурагчид хэцүү ядаргаатай зүйл гэж ойлгоод залхсан байдаг нь нэг бодлын аргагүй юм. Миний арга барил арай өөр. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэлтэй тулж ажилладгаараа онцлогтой. Төрөө засахын тулд гэрээ зас, гэрээ засахын тулд биеэ зас, биеэ засахын тулд эрдэм сур, эрдэм сурахын тулд сэтгэлээ тогтоо гэдэг. Хамгийн чухал нь сэтгэл тогтох гэдэг оньсон дээр тогтож байгааг харж байна уу?Тийм болохоор л би суралцагчдынхаа сэтгэлийг тогтоохоос хичээлээ эхэлдэг юм. Хүн хувийн зохион байгуулалттай, дэгтэй байвал сэтгэл амархан тогтоно. Мөн шавь нараа дүрэмгүй, шинэ үггүй, даалгаваргүй, дүнгүй, шалгалтгүй зөнгөөр нь сургадаг. Даалгавар, шалгалт гэхийг сонсоод л айдаст автдаг хүмүүс олон байдаг шүү дээ. Түүний эсрэг айдасгүй сургаж байгаа юм. Энэ нь монгол хүнд тохирсон гадаад хэл сурах хялбар мөртлөө өвөрмөц арга юм.

-Гадаад хэл сурахад хэр их цаг хугацаа шаардлагатай байдаг юм бэ?

-Англи хэлийг суръя гэвэл дөрвөн жил хэрэгтэй, япон хэл сурахад залуу нас, хятад хэл суръя гэвэл бүх нас хэрэгтэй гэсэн яриа гадуур ихэд тархсан байдаг. Ийм айхтар хүнд сэтгэлзүйд автсан хүмүүс хэр зэрэг үр дүнтэй сурах нь тодорхой. Хэл сурах гэдэг харьцангуй ойлголт л доо. Энгийн төвшинд хоёр гурван сарын хугацаанд хятад хэлийг амжилттай сурсан хүн олон байна. Мөн манай сургалтын төвд хоёр удаа сураад хоёр гурван ч дунд төвшингийн номыг уншиж сурчихаад түүндээ итгэж ядсан байдалтай байхыг харж суух багшийн хувьд сайхан байдаг. Ийм үр дүнг нүдээр үзэхээс нааш хүмүүс бараг итгэхгүй л дээ. Нэг хэлийг сайн сурчихвал дараа дараачийн хэлийг сурахад бүр ч илүү дөхөмтэй байх нь ойлгомжтой. Энэ нь ялангуяа Хятад, Япон, Солонгос гэх юм уу, Орос, Англи, Герман зэрэг ойролцоо төрлийн хэлнүүдэд хамаатай асуудал юм. Энэ бүхний гол суурь нь бас л эргээд сэтгэлээ тогтоож, оюунаа нээхэд оршиж байдаг. Хүмүүс сурахаасаа өмнө өөрөө, өөртөө зохиомол айдсыг бий болгочихсон байдаг. Хүний сэтгэлээс айдсыг арилгаж, амарлингуй байдлыг бий болгоно гэдэг амаргүй. Олон жил багшлаад ирэхээр анги дүүрэн суралцагсдын сэтгэлийн доторх зохиомол айдас их хүнд энергитэй зүйл болох нь мэдрэгдээд байдаг л даа. Яваандаа хоёр гурав хоногоос тэр айдас арилаад ирэх нь ч мэдэгдээд тэр хэрээр үр дүн гарч эхэлнэ. Хүнтэй ажиллана, хүний сэтгэлтэй ажиллана гэдэг хэцүү ч,сайхан ажил.

-Гадаад хэлтэй байхын давуу тал. Та өөрөө хятад хэлд мэргэшснээрээ, юугаар нь бахархдаг вэ?

-Хятад хэлээр бурхны сургаал уншиж чаддаг болсондоо бахархдаг. Ядарсан, сэтгэл тавгүй үедээ Бурхан багш Найранзана мөрний хөвөөнөө зургаан жилийн турш хатуужил бясалгал хийж байсантай өөрийгөө зүйрлээд би гэдэг хүн ийм сайхан орчин нөхцөлд өдийхөн зүйлийг хийх юухан байхав дээ гээд бодчихоор сэтгэл сэргээд ирэх шиг санагддаг. Бас насан турш хатуу үйлээр замнаж буй биеэрээ Бурхны хутгийг олж чадсан Миларайва богдын тууж зохионгуйг унших бүрд их эрч хүч өгдөг дөө.”Сэтгэлээс бүх зүйл үүдэлтэй. Сэтгэл чамайг бурхан ч болгож чадна эсвэл чөтгөр ч болгож чадна. Сэтгэлд л бүх зүйлийн оньс бий шүү” гэсэн энгийн ойлгомжтой атлаа гүн нарийн ёсон Бурхны номонд нэн арвин. Зүгээр л хүн өөрийн сэтгэл рүүгээ байнга өнгийж, өөрийгөө хөгжүүлэх тухай сургаал талаас нь уншиж судлах сайхан байдаг.

Хятад хэлээр дамжуулан хийж байгаа уран бүтээлээс авдаг таашаал гэх мэт яриад байвал олон зүйл байна л даа. Гэхдээ цаг цаас хэмнэх үүднээс энэ хүргээд орхиё.

-Хэл сурахад хүний ямар хандлага хамгийн их саад болдог вэ?

-Эрдэм сурч байгаа хүн хөмөрсөн тогоо шиг, эсвэл цоорхой сав шиг байж болохгүй. Хэнэггүй салан задгай хувийн зохион байгуулалтгүй байх ёсгүй. Бусдыг хорлоё гэсэн муу санаатай бохир сав шиг байж хэрхэвч болохгүй. Эрдэм сурахын урьдач нөхцөл болсон энэ сайхан сургаалыг манай ард түмэн эртнээс нааш “Гурван савны гэм” хэмээн нэрийдэж ирсэн. Үүний цаана нийгэмдээ, гэр бүлдээ, өөртөө тустай байхаар өдөр тутмын амьдралыг зохион байгуулах нь их үр дүнтэй байдаг. Үүний тухай хүүхэд залууст хэлээд өгөхөөр маш хурдан ойлгож авч байна. Ер нь цэцэрлэг, бага, дунд, дээд сургуулиудад яригддаггүй зүйлүүд манайд яригдана. “Сайн багш үлгэрлэдэг. Агуу багш бол сэтгэлийн галыг нь асаадаг,” хэмээх мэргэн үг байдгийг багш болгон бодож явууштай. Энэ өвөл манай сургалтын төв гар утсаар дамжуулан гадаад хэл сургах шинэ туршилтыг амжилттай хийсэн нь Монголд битгий хэл, дэлхий дахинд цоо шинэ арга барил болсон болов уу гээд хэлчихэд нэг их хэтрүүлэг болохгүй байх аа. Өөрөөр хэлбэл зарим эцэг эхчүүд гар утсыг хүүхдийн хүмүүжилд сөрөг муу нөлөөтэй хэмээн үздэг. Гар утасны буруу хэрэглээ тийм байдал үүсгэдэг нь ч нууц биш л дээ. Нөгөө талаар зарим хүүхэд залуус өдөр шөнөгүй, цаг наргүй гар утсаараа тоглож оролдсоор байгаад, утсаар юм хийж, бичихдээ бүр мэргэжсэн тал байгаа нь багшийн хувьд надад их нэмэр болж байна. Жишээлбэл, утсан дээр нь “Манай аав хятад хэл мэддэг.” гэсэн өгүүлбэр бичүүлээд дараа нь“ээж”,“ах”,“эгч” гэх мэтээр хувилаад бичээрэй гэж хэлчихээд босоод очихын хооронд тэр зургаан өгүүлбэрийг биччихэж байна. Чи яаж ийм хурдан бичиж байгаа юм гэж асуухаар би маш их чатладаг, утсаа их хэрэглэдэг тул хурдан бичиж сурсан гэж байгаа юм. Хүүхдүүдэд утсыг нь ашиглаад заахаар илүү сайн тогтоож, ойлгоно. Ингэж буруу зүйлийг нь зөв тийш нь залж байгаа хэрэг. Энэ мэт шинэ арга барилууд манай боловсролын төв дээр их олон байдаг.

-Сэтгэлээ тогтоох тухай ярьж буй таны лекцийг хүүхдүүд хэр ойлгож байна. Хэд хоногийн дараагаар хичээлдээ дасч эхлэх үү?

– Есдүгээр ангийн нэг хүүхдийг хичээл дээр босгоод сэтгэгдлийг нь яриулахад “Би эхлээд ойлгохгүй байсан, хоёрхон хоногийн дараа хичээлдээ маш их дуртай боллоо гэж байсан. Жишээлбэл, хятад хэл зааж байгаа хэрнээ ханз бичүүлэхгүй, дүрэм үзэхгүй, гол нь даалгавар өгдөггүй нь надад маш их таалагдаж байна.” хэмээн ярьж байсан л даа. Өөрөөр хэлбэл манайд тогтсон уламжлалт удаан агаад уйтгартай аргыг бүрэн халах чиглэлээр ажиллаж байгаагийн зах зухаас уншигчид маань миний ярианаас ойлгосон байх гэж бодож байна. Аль болох сонирхолтой, хөгжилтэй байх аргыг сургалтандаа хэрэглэдэг. Монголын боловсрол энэ чиглэлд байгаасай гэж хүсдэг.

-Хэдэн насандаа хэл сурах нь зөв байна. Одоогоор хэд орчим насны хүмүүс суралцаж байгаа вэ?

-Зуны сургалтанд гэхэд л 30-40 насныхан түлхүү сурдаг. Одоогоор 50,60 настай хүн ч ирж байна. Тав зургаан настай суралцагчид ч байна. Хэдэн ч насанд хүн сурах боломжтой. Нисваанис буюу элдэв бодол хүний сурах замыг халхалчихдаг. Элдэв бодолгүй хүн гэж бараг байхгүй. Тэгэхээр эхлээд элдэв бодлоос нь салгаж байж гадаад хэлийг сургадаг. Манай анхлан суралцагчид хэл сурах аргын талаар ярих юм болов уу гэсэн чинь бясалгалын арга шиг зүйл яриад байна гэж боддог байж магадгүй. Угаасаа элдэв бодол л оюун ухааныг хаадаг. Элдэв бодлоосоо ангижирч чадаж байгаа бол хэдэн ч насанд суралцаж болно.

-Зарим багш нар оюуны чадамжтай сурах аргатай хүүхэд байдаг. Үнэхээр оюун нь дийлэхгүй нь ч бий. Тэгэхээр арай илүү сурах чадвартай хүүхэдтэй нь ажиллаад явчихдаг гэдэг юм билээ. Энэ буруу юу?

-Хүн бүхэнд сурах өргөн боломж бий. Оюуны сүвийг нээх л хамгаас чухал асуудал. Сэтгэлийг нь тогтоогоогүй тохиолдолд хөтөлбөрт баригдаж сургалтаа явуулдаг багш нар дийлэнх нь байдаг шүү дээ. Гэтэл манайд сэтгэл тогтоосны дараа сургалт явуулах тухай арвин баялаг уламжлал байгаа. Үүнээс бид суралцах хэрэгтэй юм.

-Таны энэ аргыг ерөнхий боловсролын сургуулийн багш нарт заалгавал зүгээр юм байна?

-Би Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зөвлөх багшаар ажилладаг. Энэ тухай ярихаар цөөнгүй багш нар таны наад арга чинь бидний урьд өмнө үзэж байсан сурганы номноос тэс ондоо байна гэдэг. Таны лекц уншиж байхад эхний хоёр цагийн хичээлийг ойлгоогүй сууж байснаа яваандаа ойлгоод ирж байна шүү хэмээн хэлдэг багш нар бас цөөнгүй байдаг л даа. Ганцхан хэл сурахад ч биш, бүх зүйлд сэтгэл тогтоох аргыг хэрэглэх боломжтой. Мөн би гадаад хэлтэй сэтгүүлчид бэлдэх юмсан гэж их боддог юм. Олон улсын гадаадын технологийн дэвшил, мэдээ мэдээллийг сонирхон судалж байвал их сайхан юм бий шүү дээ.

Би өөрөө энэ сарын 13-нд буюу бямба гаригт “Гадаад хэл хэрхэн хурдан сурах вэ” нэртэй лекцээ тавина. Лекц Мэдээлэл технологийн үндэсний паркад 14:00 цагаас болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Европын холбооны зөвлөлийн ёс зүйн бүлгийн дарга хатагтай Фабриция Лапекореллатай уулзаж ярилцав

Image may contain: 3 people, people smiling, suit

Элчин сайд Ц.Жамбалдорж Итали Улсын Санхүү, эдийн засгийн яамны Санхүүгийн бодлогын газрын Ерөнхий захирал, Европын Холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлгийн Дарга хатагтай Фабриция Лапекорелла-тай энэ сарын 18-ны өдөр Ром хотноо уулзаж Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-аас Монгол улсыг хасуулахад Италийн Засгийн газар болон ЕХ-ны Зөвлөлийн Ёс зүйн бүлгийн дэмжлэг, зөвлөмжийн талаар ярилцав. Европын Холбооны “хар жагсаалт”-аас хасуулах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шуурхай, шийдвэртэй арга хэмжээнүүд, санаачлан хийж эхлээд байгаа ажлуудыг Италийн Засгийн газар, Санхүү, эдийн засгийн яам тууштай дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд илэрхийлэв.
Европын Холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлэг Монгол Улсын Сангийн сайдаас ирүүлсэн захидлыг хэлэлцээд, улмаар Монгол Улсын засгийн газар татварын асуудлыг ил тод болгох чиглэлээр тууштай бодлого баримталж, хариуцлагаа ухамсарлаж байна гэж үзэж, асуудлыг Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын энэ сарын 23-ны өдрийн хуалдаанаар нааштайгаар шийдвэрлүүлэхээр болж буйг Хатагтай Фабриция Лапекорелла Элчин сайдад мэдээлэв.
Элчин сайд Ц.Жамбалдорж хатагтай Фабриция Лапекорелла болон уулзалтад байлцсан Италийн Сангийн сайдын дипломат зөвлөх Микеле Куарони нарт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, цаашид илүү ойр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ спорт

Тэшүүрчид Хандгайтад уралдаж байна

Зураг

Монголын тэшүүрийн холбооны нэрэмжит шилжин явах цомын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр Хандгайтын мөсөн гулгуурийн талбайд эхэлсэн юм. Тус тэмцээнд аймгуудын Биеийн тамир, спортын газар болон сум, дүүргийн спортын холбоод бие даан оролцож байна.

Цомын тэмцээн ойрын зай болон бөөн гараатай уралдаан болох бөгөөд тэмцээн маргааш өндөрлөнө. Ойрын зайн багийн уралдаанд нэг багаас гурван тамирчинд уралдаанд гарч тойрог бүрт багийн гишүүд хасагдаж, сүүлийн нэг тамирчин барианд орох зарчмаар ялагч тодорно. Мөн бөөн гарааны уралдаанд эрэгтэй 20, эмэгтэй 10 тойрогт өрсөлдөж багийн дүнгээр тэргүүн байрт эзэлсэн баг Монголын тэшүүрийн холбооны шилжин явах цом, өргөмжлөл 1 сая төгрөг хүртэх бол хоёр, гуравдугаар байрт орсон баг 800, 600 мянган төгрөгийн урамшуулалтай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өвс ачиж явсан машин замын хажуу руу унажээ

Зураг

Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт малчдад өвс хүргэж явсан том оврын машин замын хажуу руу унасан осол гарчээ. Одоогийн байдлаар ослын шалтгаан тодорхой болоогүй байна гэж ЗЦА-аас мэдээлэл өглөө. Мөн Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бургастайн гарам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ Өмнөговь сумын төвөөс нүүрсний уурхайн чиглэлд зорчиж байсан 60-65 УВА улсын дугаартай “Зил-130” загварын чиргүүлтэй ачааны автомашин онхолдсон осол гарч аврах багийнхан 30 минут ажиллаж автомашиныг татаж босгосон байна. Тиймээс том оврын машин барьж, холын замд явж байгаа жолооч нарыг анхаарал болгоомжтой байхыг албаныхан анхаарууллаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоныг өнөөдөр хүлээн авч уулзаж хоёр орны хамтын ажилагааны асуудлаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Сюзан Торнтоныг Монгол-Америкийн улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлсэн юм. Мөн тэрбээр Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад тус улстай хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн чухал саналууд байгаагаа онцолж ярилцлаа. Офшоор бүсэд данс эзэмшиж байгаа Монголын иргэдийн талаархи мэдээллийг олж авах, тэнд байгаа Монгол Улсын хөрөнгийг буцаан оруулж ирэхэд тус улсын дэмжлэг чухал байгааг онцлон тэмдэглэв. Авлигын эсрэг ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаа Румын улсын АТГ-ын дарга эмэгтэйн жишээг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад тэр эмэгтэй ганцаараа энэ ярвигтай ажлыг хийж байгаа гэж харахаас илүү АНУ-ын Засгийн газар түүнийг энэ талын мэдээлэл олж авахад нь тусалж байгаа гэж бодож байна. Манай Авлигатай тэмцэх газарт мөн энэ тусламж хэрэгтэй байна хэмээн онцолсон юм.

Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй нэвтрүүлэх тухайд тус улсын Конгрессоор шийдвэр гаргуулахад анхаарал хандуулахыг мөн АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоноос хүслээ. Уг шийдвэрийг гаргуулж чадвал 30 000 орчим монгол эмэгтэй ажилтай болно гэсэн тооцоо байгаа юм байна.

АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон хоёр орны хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарч байгааг дурдаад Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний төсөл ойрын хэдэн саруудад бэлэн болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр Монгол Улс-АНУ хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа онцлон тэмдэглэж, Монголын зэвсэгт хүчин дэлхийн энх тайвны төлөө энхийг дэмжих ажиллагаанд нэр төртэй оролцож ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв.

Талууд хоёр орны хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улс руу гадаадын хөрөнгө оруулалт татах боломж гэх мэт сэдвээр харилцан санал солилцлоо. Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн жил тохиосон, энэ хугацаатай харьцуулахад хоёр орны хоорондын худалдааны эргэлт дөнгөж 300 сая ам.доллар байгаа нь чамлалтай тоо хэмээн тэд санал нэгдэж ярилцсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт хүйтний эрч чангарч 52 градуст хүрнэ

Зураг

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногийн эхнээс хүйтний эрч чангарах нь ээ.

Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй байна.