Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрээ долоон хоногоор сунгажээ

Image result for өвөл хүүхдүүд

Цэцэрлэгийн хүүхдийн томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн A/012 тоот тушаалаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Баян-Өлгий аймгийн бүх хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 10-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл түр зогсоох тухай шийдвэр гаргасан байна.

Тус аймгийн удирдах ажилтны шуурхай хурлын үеэр томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгааг Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн ерэн таван хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл өгчээ.

Үүний дагуу Баян-Өлгий аймгийн Засаг дарга томуугийн дэгдэлтийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх үүднээс холбогдох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад санал хүргүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай шийдвэрийг дахин долоо хоногоор сунгажээ.

Categories
мэдээ спорт

Олимпын бамбарыг Монгол хүн анх удаагаа буухиаллаа

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон өвлийн олимп тун удахгүй эхлэх гэж байна. БНСУ-д болох “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпын наадмын бамбар Өмнөд Солонгосын хотуудаар аялсаар байна. Хоёрдугаар сарын есөнд нээлтээ хийх өвлийн олимпын бамбар буухиалах арга хэмжээнд оролцсон “Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан өвлийн олимпын бамбарыг буухиалсан анхны Монгол хүн болжээ.

Тэрбээр “Энэхүү арга хэмжээнд оролцох болсондоо туйлын их баяртай байна. Олимпын бамбар эртний Грекээс ирсэн. Солонгос улсад 101 өдөр аялах бөгөөд есөн муж, найман том хотоор дамжин явсан. Манай сүлжээ дэлгүүрүүдээр сар бүр үйлчлүүлдэг 1,2 сая гаруй хэрэглэгч, Гадаад, дотоодын нийт 10,000 гаруй харилцагч, “Номин Холдинг” ХХК-ийн 5000 ажилтандаа баярлалаа, энэ боломжийг олгосон “Кока кола”-ын хамт олонд болон аав ээж, гэр бүлийнхэндээ баярлалаа. Ирэх жилдээ Монгол хүн бүр амжилттай байхыг хүсэн ерөөе. Монголчууд мандтугай хурай” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Categories
мэдээ нийгэм

Малчдад 6714 тонн өвсийг үнэгүй олгож байна

Одоогийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтоож зарим аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учир гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мал тэвээргээ алдахаас өмнө малчдад өвс, тэжээл хүргэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн.

Үүний дагуу улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг тавин хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс зэрэг аймагт хуваарилан олгохоор болсон байна.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Энэ онд боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө

Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсролын улсын II зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм хүндэт,

Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Хатагтай, ноёд оо,

Монголчууд бид эрт дээр үеэсээ эрдэм ухааныг баян баяны дээд, эрхэм дээд баянд тооцож, эрдэм мэдлэгийг түгээгч багшийг шүтэж ирсэн оюунлаг ард түмэн билээ.

Багшийн гараас хөтлөөгүй, багшаар бичиг эрдэм ухаан заалгаагүй хүмүүн гэж нэгээхэн ч үгүй биз ээ.

Хүн бүхэнд л багштай холбооотой нандин сайхан дурсамж, гэгээлэг сайхан тэмүүлэл байдаг. Хүн бүхэн л багшаа хайрлаж, багшдаа сайн сайхныг хүсч, багшдаа туслахыг эрхэмлэж явдаг.

Би ч бас өнөөдөр Монголын багш нарын энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна.

Эрхэм хүндэт,

Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа надад хандаж багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг 11 жилийн дараа зохион байгуулж, боловсролын шинэчлэлийн асуудлаа хэлэлцэх гэж байна. Энэ зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах санал тавьсаныг би ихэд билэгшээн хүлээн авсан.

Бид нийгэм, эдийн засгийн бүх салбарт 2018 онд их зүйлийг бүтээнэ. 2018 он бол Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их ажлыг амжуулсан жил байх болно.

Монгол Улсын Засгийн газраас үр хүүхдүүдийнхээ сурч боловсрох нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарал хандуулна.

Монгол Улсын Засгийн газар юуны өмнө өнөөгийн ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжээр хичээллэж байгааг халж, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлнэ.

Мөн сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулна. Хот суурин газарт хүүхэд бүрийг цэцэрлэгт явах боломжийг бий болгоно.

2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө.

2018 онд улсын хэмжээнд улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 46186 суудлын хүчин чадалтай 99 сургууль, 2090 орны хүчин чадалтай 19 дотуур байр, 20140 орны хүчин чадалтай 127 цэцэрлэгийг барьж эхэлнэ.

Гурван ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургууль 2016 онд 31 байсан бол 2017 оны төгсгөлд 21 болж буурсан, 2019-2020 оны хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдал бүрэн арилсан байх болно.

Монгол Улсын Засгийн газраас багш нарын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, боловсролын салбарын хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Багш, нарын болон нийт төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байх болно гэдгийг тэмдэглэн хэлье.

Categories
мэдээ нийгэм

100 сая төгрөгийн азтан тодров

Image result for нөат баримт

НӨАТ-ын 2017 оны сүүлчийн сугалаа өчигдөр болж, 16573 азтан тодров.

Энэ удаагийн тохирлоор 100 сая төгрөгийн нэг, 20 сая төгрөгийн азтан нэг, 4 сая төгрөгийн 21 азтан тодорлоо. Мөн 500 мянган төгрөгийг 131, 100 мянган төгрөгийн 1504 хүн хожсон бол 20 мянган төгрөгийн азтанаар 14 мянга 868 иргэн тодорсон юм. Харин супер шагналын эзэн тодорсонгүй.

Энэ оны эхний буюу энэ сарын 01-31-нд иргэдийн хийсэн худалдан авалтын сугалаа ирэх сард болно. Сангийн сайдын 381 дүгээр тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталсан юм. Тухайлбал, НӨАТ-ын сугалааны супер шагналын сан 50 сая төгрөг байсныг 25 сая болгон бууруулав. Мөн тохирлын эхний гурван орон тохирсон бол хорин мянган төгрөг хождог байсан нь тавин мянга, дөрвөн орон таарсан бол 200 мянга, таван орон тохирсон бол нэг сая, зургаан орон тохирсон бол таван сая төгрөгийн шагналын сантай болгож нэмсэн. Харин долоон орон тохирвол хорин сая төгрөг хождог байсныг арван сая, найман орон тохирвол зуун сая төгрөг хождог байсан нь 50 сая төгрөг болж буурах юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Миний нэр дэвшихдээ ярьж байсан, одоо ч ярьж байгаа, цаашдаа ч ярих сэдэв бол эдийн засгаа тэлэх асуудал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй уулзах уулзалт амралтын өдрүүдэд үргэлжилж байна. Тэрбээр нийслэл хотын маань хоймор болсон Чингэлтэй дүүргээс уулзалтаа эхлүүлж Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдтэй уулзаад байсан юм. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уул, Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдтэй уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, тэдний санал бодлыг сонслоо.

Уулзалтад ирсэн иргэдийн нийтлэг ярьж байгаа асуудал нь эдийн засгийн нөхцөл байдал, ажилгүйдэл, ядуурал, утаа, төрийн үйлчилгээний хүртээмж, хүнд суртал гэх мэт цөөн хэдэн асуудалд төвлөрч байна. Мөн өнөөгийн эрх баригчдад итгэл алдарч байгаа тухай, УИХ-ын дахь 65-ын бүлэг буюу эрх баригчидтай хариуцлага тооцох талаар маш олон иргэн саналаа илэрхийлсэн юм.

Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзсан уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Хан-Уул дүүргийн иргэд та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Уулзалтыг иргэдээ сонсох гэж зохион байгуулж байгаа. Өмнөх уулзалтуудаар иргэд шударга ёс тогтоох, ажилгүйдэл, ядуурал бууруулах, утааны асуудлыг шийдэхийг хүсэж байгаагаа хэлж байна. Хан-Уул дүүрэг хуучнаар Ажилчдын район буюу аж үйлдвэрийн суурь байсан учраас үйлдвэрлэл, ажилгүйдэл гэдгийг хамгийн сайн мэдэрдэг ахмадууд ирсэн байх гэж бодож байна.

Би нэр дэвшихдээ ярьж байсан, одоо ч ярьж байгаа, цаашдаа ч ярих сэдэв бол эдийн засгаа тэлэх асуудал. Хөдөөг хөгжүүлье, малын гаралтай түүхий эдийг боловсруулъя, дагуул хот байгуулъя зэрэг асуудлуудыг би байнга хөндөж байгаа. Хөрсөн доороо асар их баялагтай, хэдэн арван сая толгой малтай, өргөн уудам газар нутагтай баян орны иргэд ядуу байгаа нь улс төрийн бодлого буруу явсны үр дагавар гэж бодож байна. Тиймээс та бүхэн санал, сэтгэгдлээ хэлж УИХ, Засгийн газарт ташуур болоорой” гэв.

Хан-Уул дүүргийн 1-р хорооны иргэн Цэвэлсамбуу


Таны мөрийн хөтөлбөрт байсан аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудлыг зөв гэж бодож байгаа. Үйлдвэрийн хашаанд байгаа хэдэн үйлдвэрийг ажиллуулчихвал, бид цамц, пудвольк оёод байж чадахтайгаа байна. Харин гэртээ байхаар улам өтлөөд байх юм. Ажил хийх юм бол арай дээр. Цалин бол голохгүй, өгсөн цалинг нь л авна. Тиймээс аж үйлдвэржүүлэх асуудлаа хурдан ажил хэрэг болгоорой гэж захимаар байна.

Хан-Уул дүүргийн иргэн


Таныг Монгол Улсын Ерөнхийлөгч болсныхоо дараахан олон санаачилга гаргаж, ард түмэнтэйгээ хамтран хийнэ гэж байгааг ойлгож байна. Таныг би монгол түмний захиалга гэж үздэг. Монгол төрийн мөн чанар бол Тавантолгой, Оюутолгой биш. Монголоо гэсэн сэтгэл нь юм. Монгол Улс үеийн үед ядуу байгаагүй. Өнөөдөр яагаад бид гадныханы өмнө “сөгдөж” суух ёстой юм. Энэ бол шуналын сэтгэлээр орж ирсэн төрийн түшмэлүүдийн буруу.

Хан-Уул дүүргийн иргэн Мөнхбаяр


Би 20 гаруй жил бизнес хийж байгаа. Сүүлийн 10 гаруй жил агаарын бохирдол, ажилгүйдлийг бууруулах, бүтээн байгуулалт өрнүүлэхийн төлөө тэмцсээр ирлээ. Хаягдал дугуйг дахин боловсруулах үйлдвэр эрхэлдэг. Төр засгаас аваагүй шагнал байхгүй. Энэ шагналаа болиод бүтээгдэхүүн худалдаж авч дэмжлэг үзүүлээч ээ гэж хэлээд Төрийн ордонд алга ташуулж л байлаа. Гэвч, өвөлдөө амардаггүй байсан үйлдвэр маань улирлын чанартай ажиллаж, ажилчдаа Солонгос руу алдаад дууслаа.

Хан-Уул дүүргийн 15-р хороонд түр оршин суугч Алтангэрэл


Утаа, түгжрэл нэгэнт замбараагүй болсон. Гэхдээ эхлээд иргэдээ ажилтай болгох ёстой. Дараа нь зуухыг нь хурааж авах ёстой шүү гэж хэлмээр байна. Манайх 10-аад жил түрээсийн байранд амьдарч, 60 орчим сая төгрөг төлсөн байна. Гурван хүн ажил хийдэг. Гэвч, банкны шалгуур давж чадахгүй байранд орж чадахгүй байна. Тиймээс шалгуурыг нь буулгаад, мөнгөө нэг, хоёр сар төлөхгүй бол шууд л хураагаад авчихдаг болмоор байна. Бид уг нь төлж чадна.

Хан-Уул дүүргийн 6-р хорооны иргэн Г.Жамбалсүрэн


Би энэ дүүрэгт 70 жил амьдарч байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгч хүн дүүргийн иргэдтэй уулзаж байсныг санахгүй байна. Тиймээс хүсэх зүйл байна. Зааланд байгаа та бүхэн Ерөнхийлөгчөөс юм хүсээд л байх юм. Гэтэл энэ хүний хууль санаачлах эрхийг хасна гэнэ. Бидний хэлж байгаа саналыг УИХ-д бариад орох эрхгүй болох гээд байгааг сайн ойлгоорой.

Хан-Уул дүүргийн 2-р хорооны иргэн С.Болд

Би эдийн засгийн чиглэлээр улсад 55 жил ажилласан. Улс орон эдийн засгийн хямралд орлоо гэж яриад байгаа. Гэвч, эдийн засгийн хямрал нь удирдагчдын буруутайгаас үүдэлтэй гэж би үзэж байгаа. Үнийг өнөөдөр зах зээл биш хэн нэг даргын шунал тогтоож байна.

Хан-Уул дүүргийн 16-р хорооны иргэн Оюунцэцэг


Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ. Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү. Сая тэтгэвэр нэмсэн. Нохойнд яс хаяж өгч байгаа юм шиг 27 мянган төгрөг өглөө. Жил болгон л 20 мянган төгрөг өгнө гэх юм. Өөр тоо мэддэггүй юм уу, тэр дарга нар. Ядахдаа 100 мянган төгрөг нэммээр байна. 27 мянган төгрөг нэмчихээд баахан сенсаци үүсгээд байх юм.

Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэн Батмөнх


Би хоёр жилийн цэргийн албатай үед барилгын цэрэг байсан хүн. Энэ хугацаанд Цэргийн их сургуулийн соёлын төв, Шинжлэх ухааны академи зэрэг олон бүтээн байгуулалтад гар бие оролцсон, түүгээрээ бахархдаг иргэн байна. Тиймээс бүтээн байгуулалтад цэрэг оролцуулах болон аж үйлдвэржих бодлого зэргийг тань сэтгэлээсээ дэмжиж байгаа гэдгээ хэлмээр байна.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Та бүхний санал, сэтгэгдлийг сонслоо. Цаашдын ажил хэрэгтээ тусгах болно. Би өмнө нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа 21 аймгийг авто замаар холбох бодлого гаргаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр зураг төслийг нь хийсэн. Зураг төсөл бэлэн учраас авто замын барилгын ажил хурдан явсан. Мөн 1949 оноос хойш Монгол Улсын төр төмөр замын бодлоготой байгаагүй. Далайд гарцгүй орны хувьд төмөр замын дэд бүтэц эдийн засгийг дэмжих асар том хүчин зүйл, бодлого болдог. Харамсалтай нь, янз бүрээр ярьсаар энэ бодлого орхигдсон. Энэ ажил цааш явах ёстой. Маш их ажлын байр гарна. Тэгэхгүй бол гадаадаас зээл, тусламж авч, түүнийг дагаад ажилчид ирж ажил хийдэг. Ингээд цалин гэдэг нэрээр зээлүүлсэн мөнгөнийхөө 30-40 хувийг аваад явна, ард түмэн бид өртэй үлддэг гэдгийг санах хэрэгтэй. Харин утааны асуудал дээр орон сууцжуулах бодлого байна. Өөр асуудал байхгүй. Энэ бодлого яагаад хэрэгжихгүй байна гэхээр иргэд орлогогүй байна. Баталгаатай ажлын байргүй байна. Тиймээс томоохон төслүүдээ хэрэгжүүлж ажилгүйдлийг нэн түрүүнд шийдэх ёстой. Их хурлын олон гишүүн, олон сайд нар аж үйлдвэр ярьж, түүнийгээ ажил хэрэг болгодог бол Монгол Улс богино хугацаанд хөгжиж, ажилгүйдэл, ядуурлыг таягдан хаяхад ойрхон байна” гэлээ.

й

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүрэг дэх нүүрсний уурхайн тусгай зөвшөөрөлгүй гучин долоон ам,цооногт 236 иргэд ажиллаж байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Энэ сарын 15-ны өдрөөс “Бүлэг-2018” хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлэн зохион байгуулж өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилж, тэдгээрийн 12 удаагийн дээрмийн үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Манай цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, эргүүлийн чиглэлийг оновчтой зөв зохион байгуулан ажилласнаар бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх 21 хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 3827 нэгж буюу 9.4 хувиар, гэмт хэргийн шинжтэй үйлдэл 125 нэгжээр буюу 6.5 хувиар тус тус буурсан байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3929 дуудлага мэдээлэл хүлээн авч 1422 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, гэмт хэргийн шинжтэй 111 ослыг материалжуулан шалгаж байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 7.1 хувиар буурсан. Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 19843 зөрчил илрүүлж, гэрэл дохио зөрчсөн 175, хурдны зөрчил 578, 1 дүгээр эгнээний зөрчил 15880, түр зогсох журам зөрчсөн 3210 зөрчлийг баталгаажуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлсэн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 34-38 хэм, өдөртөө 23-28 хэм хүртэл хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 81 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 72, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 39 иргэний амь бие, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 117 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Булган, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр Сэлэнгэ, аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин авто тээврийн хэрэгсэл болон мал бүхий иргэдийн нүүдэл, шилжилт, хөдөлгөөнөөр Улаанбаатар хотод тархах эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Үүрэг хүргүүлэх тухай” 02, 03 дугаар албан бичгээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргийн Онцгой комиссын дарга нарт тус тус үүрэг хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна” гэж танилцуулав.

“Налайх дүүрэг дэх нүүрсний тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид шалгалт явууллаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 ААН-ээс 6 нь өөрийн талбай дээр 53 ам, цооног гарган 6 нөхөрлөлийн 1375 ажилчид, хууль бусаар 37 ам, цооногт 236 иргэд ажиллаж байна. Нийт 90 ам цооногт 1190 иргэд үйл ажиллагаа явуулж байна. Монголын уламжлалт Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад сургууль, цэцэрлэгийн гал тогоо, эзэмшил газарт гэр барьж ууц, өвчүү чанаж жигнэж байгаа нь Монгол улсын Агаарын тухай хуулийн 9.1.7, Боловсролын тухай хуулийн 42.5, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.4, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5.1 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа тул мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ирэх өдрүүдэд хүйтрэх төлөвтэй байгаа тул мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд ус, цахилгаан, дулаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах хэрэгтэй байна” гээд “Энэ оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд энэ хүрээнд хийх жилийн ажлын төлөвлөгөөг Зөвлөлийн хуралд танилцуулах, Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай МУ-ын Засгийн газрын 01 дүгээр албан даалгаврын заалт бүрт холбогдох хууль, тогтоомж, Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын шийдвэр, хөтөлбөртэй уялдуулан нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Сонинтогос: Монголчуудын үнэт зүйлсийн “Эрдэнийн судар” бүтээнэ

2016 онд ALIA-гийн
удирдах зөвлөлийн хурлыг Улаанбаатарт хийх үеэр Э.Сонинтогос захирал
Тайпэйн Соёл, урлагийн их сургуулийн ерөнхийлөгч Ян Чуй Вэн, Солонгосын
үндэсний их сургуулийн ерөнхийлөгч Бонгроул Кимд мөнгөн аяганы нутаг нутгийн
хийцийг танилцуулж байгаа нь.

СУИС-ийн захирал, доктор Э.Сонинтогостой ярилцлаа. Тэрбээр тавиад орны урлагийн 300 гаруй сургуулийг эгнээндээ нэгтгэдэг Европын Урлагийн Их, Дээд Сургуулиудын Холбооны Удирдах зөвлөл (ЕLIA)-ийн гишүүн. Мөн Азийн урлагийн их, дээд сургуулиудын холбоо (ALIA) санаачлагчдын нэг агаад дэд ерөнхийлөгч ажээ.

-Европын Урлагийн их, дээд сургуулиудийн Удирдах зөвлөлд монгол хүн байдаг гэхээр сонирхолтой санагдлаа. Дэлхийн урлаг, соёлын боловсролын томчууд цуглахаараа юу ярьдаг бол. Бусадтай харьцуулахад танай сургууль яажшуухан харагддаг вэ?

-Манайхыг сул талаа мэддэг, хөгжих бодлогоо зөв тодорхойлсон, эрч хүчтэй сургууль гэж тэд үнэлдэг. Манай соёл, урлагийн боловсролын үндэс суурь нь дорнын гэхээсээ өрнийнх шүү дээ. Манай сургууль Оросын соёл, урлагийн их сургуулиудын жишгээр байгуулагдсан. Сургалтын хөтөлбөрүүд маань ч өрнийн талыг барьдаг учраас Европтой хамтарч ажиллах нь чухал. Соёл ба урлагийн чиглэлийн төрийн өмчийн их сургууль Монголд ганцхан. Тиймээс бид Монголынхоо их, дээд сургуулиудын зэрэгцээ гадны соёл, урлагийн сургуулиудыг сайн судалсан. Ингээд 2013 онд ELIA-гийн гишүүн болсон. Европын их дээд сургуулиудын холбоо бол багшийн боловсрол, оюутнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, сайн туршлагыг түгээхэд илүү анхаардаг. Багш нарт зориулсан ELIA академи, оюутны фестивал, манлайлагчдын чуулганыг тогтмол зохион байгуулдаг. Дэлхийн хамгийн бүтээлч хүмүүс ирж лекц уншдаг. Урлагийн сургуулиудыг магадлан итгэмжлэх шинжээчийн сургалтад нь манайх ч хоёр хүнээ сургасан. ELIA академид манай арван багш суралцсан.

ELIA-гийн Удирдах зөвлөлийн гишүүдийн 25 нь Европынх, Азиас хоёр төлөөлөл сонгогддог юм л даа. Азийн хоёр гишүүний нэг нь би. ELIA –гийн жишгээр солонгос, тайван японы их сургуулиудтай хамтраад Азийн урлагийн их дээд сургуулиудын холбоог байгуулсан. Энэ холбоонд маань Азийн 20 орчим орны 32 соёл, урлагийн сургуулиуд нэгдээд байна.

ALIA сургууль хоорондын хамтын ажиллагаанд илүү анхаардаг. Жишээ нь Солонгосын K art буюу Солонгосын үндэсний их сургуультай хамтраад мультмедиа чиглэлээр сүүлийн гурван жилд “Мөрөөдлийн төсөл” хэрэгжүүлж, оюутнууд хамтын бүтээл хийсэн. Багш нар маань байнга ирж очдог. Манай бүжгийн багш Тайваньд нэг улирал ажиллахаар явсан. Удахгүй Японоос хоёр багш ирнэ гэх жишээтэй.

-Социализмын үед урлаг үзэл суртлын зэвсэг байсан. Харин орчин үед урлагийн зорилго ямар болсон бэ?

-Сэтгэлгээний эрх чөлөө, бүтээлч эрэл, хайгуулыг илүү илэрхийлдэг болсон. Техник, технологийн хөгжлийг өндөр түвшинд ашигладаг. Бас урлагийн олон салбар хорших хандлага түгээмэл. Урлаг бол мөнхийн эрэл хайгуул, хөдөлгөөн юм л даа. Энэ утгаараа сургалтын агуулгад ч өөрчлөлт орсон. Бас эртний мартагдсан зүйл ч орчин үеийн урлагийг маш хүчтэй илэрхийлж болно.

-С.Дулам доктор хадны зургийн кодыг тайлаад, түүгээр нь СУИС-ийн бүжгийн урлагийн багш нар орчин үеийн бүжиг дэглэсэн. Энэ бүхэн монголчуудад аль эсвэл хүн төрөлхтөнд шинэ мэдрэмж төрүүлнэ гэж та бодож байна уу?

-Хадны зураг бол хамгийн эртний урлаг юм. С.Дулам багш СУИС-ийн Бүжгийн сургуульд тэргүүлэх профессороор ажиллаж, багш нарыг маань судалгааны ажлын арга зүйд сургаж байгаа. Дүрс, дохио тэмдгийг судалдаг нь манай багш нарт их хэрэгтэй. Хадны сүг зурагт дүрслэгдсэн мэдээллийг хийсвэр оюун ухаанаар дамжуулж, тухайн үеийн амьдралыг бүжиг хэлбэрээр орчин үеийн залууст хүргэж байна. Орчин үеийн залууст хүрэх хамгийн дөт зам нь бүжиг байсан. Энд монголчуудын тэнгэр шүтлэг, ертөнцийг үзэх үзэл, байгаль хүн нийгмийн харилцааны асуудлыг гаргаж тавьж байгаа юм. Хадны зурагт хийсэн багшийн судалгааны ажилд үндэслээд орчин үеийн цуврал гурван бүжгийн жүжгийг гурван өөр бүжиг дэглээч, хөгжмийн зохиолч, найруулагчаар хийлгэхээр болж “Хөмөргөн гурвалжин”, “Тамганы бүжигчин” гэсэн эхний бүтээлүүд гарсан. Гурав дахь “Босоо цагаан гурвалжин” төсөл дээр францын уран бүтээлчид хамтрах юм. Уран бүтээл шинээр хийхээс гадна бүжиг дэглээч Д.Энхгэрэл, М.Мөнгөнцэцэг багш нар судалгааны ажлууд хийж байна. Ер нь манай салбар эрдэмтэн цөөтэй. Тийм болохоор бид мэргэжлийн томчуудыг урьж тэргүүлэх профессороор ажиллуулдаг. Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуай мэргэжлийн хөгжмийн багийг удирдах жишээтэй. Академич Г.Чулуунбаатар, доктор Ж.Батсуурь, Төрийн соёрхолт С.Соронзонболд, профессор Н.Ганхуяг, Ч.Алтанцэцэг, Ж.Баянсан нар манай профессорын багуудыг удирддаг.

Монголын соёл урлаг асар их өвтэй. Зуун профессорын баг ажиллаад ч барахааргүй их судлагдахуун бидэнд бий.

Монголын уламжлал, соёлд хүн төрлөхтөнд хэрэг болохоор мэдлэг бий. Монголчуудын байгаль, нийгэм, төртэй харьцаж ирсэн соёл, гэр бүлийн үнэт зүйл орчин үеийн ертөнцөд хэрэг болно гэж боддог.

-Мөнх хааны үед тоглож байсан “Хурган чих” хэмээх шавар бишгүүр хөгжмийг танай багш нар олж, судалж, сэргээсэн. Эртний хөгжмийг орчин үеийн хэрэглээнд оруулах боломжтой юу?

-Хурган чих гээд эртний бишгүүрийн шаврын найрлагаас эхлээд хүний биед нөлөөлөх эсэхийг ч шинжлүүлсэн. Энэ ажлыг С.Соронзонболд тэргүүтэй профессорын баг удирдаж байна. Бишгүүрийг манай сургуулийн керамикийн урланд Г.Лхагвацэрэн багшийн баг урласан. “Хурган чих”-д зориулж багш маань сайхан ая зохиосон. Бид аль нэг ерөнхий боловсролын сургуульд туршиж үзнэ. Яваандаа зарим сургууль “Хурган чих” бишгүүр хөгжмийн хамтлагтай болохыг үгүйсгэхгүй. “Хурган чих” алганд багтахаар жижигхэн ч эр хонгор дуутай. Хүүхдүүд энэ хөгжмийг тоглоод сурчих боломжтой. “Хурган чих” бол манай багш нарын инновацийн чиглэлээр хийж байгаа ажлын зөвхөн нэг л жишээ.

-Монголчууд юу үйлдвэрлэх вэ гэсэн эрэл хайгуулыг бид хийж байна. СУИС-иас зохион байгуулсан “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” олон улсын хурлын үеэр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн орон зай Монголд их байх шиг санагдсан?

-Олон улсын Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чуулган хийхдээ Англи, Канад, Америк, Солонгосоос хамгийн сайн онолчид, мэргэжилтнүүдийг урьж авчирч сургагч багш бэлтгэж, оюутнууддаа хичээл заалгасан. Солонгосоос ирсэн дизайны багш “Танай гудамжинд энд тэндгүй мөнгө байна. Зах зээлээ судал. Эхлээд хэнд санхүүгийн боломж байна, тэдний хүсэл боломжийг судал” гээд л зөвлөсөн. Энэ чуулганыг кино, дизайны чиглэлээр зохион байгуулсан л даа. Төгсөгчдийнхөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр шинэ урлан, хөтөлбөрүүд бий болгосон. Үр дүнд нь соёл, урлагийн менежментийн хөтөлбөрүүдийг шинэчилж, диплом хамгаалалт ч өөрчлөгдсөн дөө.

-Кино, жүжгийн зохиолчгүй болсон. Манайхан гадны кинонуудыг хуулбарладаг, эсвэл жүжигчид өөрсдөө ур хийц тааруутай зохиол бичдэг болоод байгаа. Харин СУИС кино зохиолч бэлтгэж байгаа гэсэн үү?

-Кино бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн маш том хэсэг. Манайхан кино, жүжгийн зохиолчгүй боллоо гэж олон жил ярьсан. Бид Бээжингийн төвийн драмын академи, Шанхайн театрын академитай хамтын ажиллагааны гэрээтэй. Үүнийхээ дагуу нэлээд нягт хамтран ажилладаг. Дэлхийн киноны боловсролын эрдэм шинжилгээний хурлыг хийж, кино үзлэг зохион байгуулж эхэлсэн. Шанхайн академид багш оюутнаа явуулж, сургалтад хамруулж байна. Ингээд дундын хөтөлбөртэй болохыг зорьж, эхний ээлжинд кино зохиолчийн нэг жилийн модулийн сургалт хийж байна. Шанхайн багш докторантуудтайгаа удахгүй ирнэ. Хавар бас дахиад ирнэ. Суралцагсад заалгасан хичээлийн үр дүнд кино зохиол бичнэ. Хамгийн сайныг нь сонгож кино хийх юм. Манайд найруулагч, жүжигчдийг бэлтгэж байна. Оюутны хамтын бүтээл хийх боломж бий болсон. Л.Шаравдорж багшийн хэлсэнчлэн сар бүр нэг кино хийх техникийн боломж бий. Улс орнуудын кино өдрүүдийг сургууль дээрээ зохиодог. Дэлхийн томоохон найруулагчид, судлаачид ирдэг болсон. Үр дүн удахгүй гарна гэж найдаж байна.

Ер нь бид сургалтаа олон улсын жишигт хүргэх нэг гарц бол гадаад хамтын ажиллагаа гэж үздэг учраас аль болох гадны улсын шилдэг сургуулиудтай бүтээлчээр хамтран ажиллахыг чухалчилдаг.

Манайд урлагийн сургуулийн онцлогоос шалтгаалан алтан үеийн ахмадууд ч, ид бүтээн туурвих насан дээрээ яваа дунд үеийн уран бүтээлчид ч, гадаадад сургууль дүүргээд ирсэн цэл залуухан хүмүүс ч ажилладаг. Манай нэг ахмад багш “Дандаа нэг үеийнхэн хамт ажиллахаар нэгнийхээ үгийг сонсдоггүй юм. Харин янз бүрийн насныхан байвал ядаж ахмадаа залуус нь хүндэтгэн сонсч, залуучуудаасаа өмнөх үеийнхэн нь суралцдаг байгууллагын соёл бий болдог юм аа” гэж хэлсэн нь учиртай үг. Сайн дуучин, зураач, жүжигчин, сэтгүүлч тэр бүр сайн багш болдоггүй юм билээ. Урлагийн сургуулийн багш гэдэг өргөн мэдлэгтэй, маш уйгагүй, асар их тэвчээр шаардсан ажил.

“Хөх дарх” урланд доктор Д.Энхдаваа дархны удирдлагаар монголчуудын үнэт зүйлийн судрын шоголыг есөн эрдэнээр бүтээжээ.

-Танай сургуулийн багш нар монголчуудын үнэт зүйлийн судалгаа хийж байгаа гэсэн. Ерээд оноос хойш монголчууд үнэт зүйлгүй боллоо гэж ярьцгаадаг?

-Тийм судалгаа хийж байгаа. Манай Соёл, урлаг судлалын хүрээлэн гэр бүлийн соёлын үнэт зүйлсийн судалгаа хийх явцдаа эрдэмтэд, төрийнхэн, иргэний нийгмийнхнийг оролцуулсан хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Өнөөдөр монгол гэр бүл ямар болсон бэ, өв соёлоо үр хүүхэддээ уламжлуулж чадаж байна уу, үлгэр оньсогоо ярьж байна уу, монгол хүн хэн бэ гэхчилэн ярилцсан. Япон боловсрол, монгол боловсрол гэдэг бол дэлхийн хүнийг гэхээсээ илүүтэй тухайн улсын иргэнийг төлөвшүүлэх тухай асуудал юм. Одоо зүйр цэцэн үгийг эцэг эхчүүд, залуу багш нар өөрсдөө тайлбарлаж чадахгүй хэмжээнд очжээ. Соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх, сурталчлах нь манай сургуулийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм. Сингапур үнэт зүйлийнхээ цагаан номыг гаргасан орон. Яг тэр бодлого дээр ажилласан хүн ирж, манайхантай хамтрах юм. Үндэсний үнэт зүйлийг тодорхойлохын тулд Монголын нийгмийн бүх давхарга, эрдэмтэн мэргэд залуустайгаа хамтарч ажиллах ёстой. Олон төрлийн судалгаануудыг хийх учиртай. Монголчуудын үнэт зүйлсийн “Эрдэнийн судар”-ыг бүтээх юм. Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэхээр СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн “Хөх дарх” урланд, доктор Д.Энхдаваа дархны удирдсан уран дархны ангийнхан эртний ном хэвлэж ирсэн монголчуудын уламжлалт аргаар шогол бүтээсэн. Удахгүй үнэт зүйлсээ бичсэн “Эрдэнийн судар”-тай болно гэж найдаж байна.

-СУИС-ийг төгссөн дуурийн дуучид дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж байна. Дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэхийн тулд юуг онцгойлж үздэг вэ?

-“Хаана сурсан бэ, танайд ийм сургууль байдаг юм уу, хэн багшийн шавь бэ?” гэж манай Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нараас асуудаг гэсэн. Аравдугаар анги төгсөөд, ноот гэж юу байдгийг ч мэдэхгүй хүүхдүүд СУИС-д элсдэг. Манай багш нар сайн дуучин болох хүнийг илрүүлж, элсүүлж чадаж байна. Ганцаарчилсан сургалтын онцлог бий. Бас манай уртын дуу, байгаль цаг уур ч нөлөөлдөг гэж боддог. Монголынхоо дуурийн дуучдыг гадны дуучидтай нэг тайзан дээр дуулахыг сонсоход манай дуучид зөөлөн намуун, гэхдээ нугалаатай, уран ганган дуугардаг юм билээ. Сэтгэлийн урыг сайн гаргадаг гэж Н.Жанцанноров гуай хэлсэн. “Дэлхий дээр дуулах урлагийн хоёр том дэг сургууль байна. Нэг нь Италийнх буюу өрнийх, нөгөө нь уртын дууны буюу Монголынх” гэж тайлбарласан л даа. Үүнийг гүнзгийрүүлэн судлах учиртай.

Г.Ариунбаатарыг сурвалжлахаар ирсэн ВВС-гийнхэн манай сургуулийг бас сурвалжлаад явсан. Дэлхийн шилдэг 20 дуучныг жагсаахад гурав нь СУИС-ийг төгсөгч байна гэдэг манай сургалтын маш том үнэлгээ юм.

Бид монгол дотортой хүн бэлтгэхийг хичээдэг. Дэлхийд өрсөлдөх мундаг дуучин, эмч, инженер байсан ч Монголынхоо соёлыг мэддэг бол тэр хүн улам үнэ цэнтэй болно.

-Их сургуулийн захиралтай уулзаж байгаа учраас санхүүжилтийн асуудлыг сонирхмоор байна. Их сургуулиуд оюутны сургалтын төлбөрөөс гадна санхүүжилтийн өөр эх үүсвэр хайж байна. Танай хувьд ямар байгаа вэ?

-Тогтмол зардлыг улс өгнө. Гол санхүүжилт сургалтын төлбөрөөс. Манай сургуульд бусад сургууль шиг хур хөрөнгө байхгүй. Яагаад гэвэл манай сургалтын төлбөр бага. Сургалтын зардал өндөр, ихэнх хичээл ганцаарчилсан, бага дунд бүлгээр явна. Оюутны тоо нэмэгдэх тусам зардал өснө. Бид оюутны тоо нэмэх бодлого барьдаггүй. Харин оюутны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тал талын мэдлэг, дадал олгоход анхаардаг. Нэгэнт санхүүжилтын гол эх үүсвэр сургалтын төлбөр болохоор бид улсын төсвийн хөрөнгөөр сургалтын лаборатори байгуулах, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, янз бүрийн сургалт зохион байгуулах гээд бусад эх сурвалжийг хайдаг.

Японы Жайкагаас бараг 1 тэрбум орчим төгрөгөөр сургалтын студи, улсын төсвөөс 3,4 тэрбум, дотоодын санхүүжилтээр 3,5 тэрбум төгрөгөөр лаборатори, студи байгуулж, сургалтын орчноо сайжруулсан. Бусад их сургуулиудын дэргэд энэ бол бага тоо.

Төрийн мэдлийн урлагийн сургуульдаа улс орнууд онцгой анхаардаг юм байна. Яагаад гэвэл улс өөрийн гэсэн өнгө төрхтэй, үнэт зүйл бахархалтай байх нь соёл, урлагийнхнаас шалтгаалдаг юм. Манай түнш Бээжингийн төвийн драмын академид гэхэд багш нарыг мэргэжил дээшлүүлэхэд 300 сая юань улсаас нь өгдөг, нэг оюутанд 100м2 талбай оногддог тухай сонсоод бараг итгэж ядсан шүү.

-СУИС урлаг соёлынхноос гадна сэтгүүлч бэлтгэдэг сургуультай. Та өөрөө сэтгүүлч хүн. Орчин үеийн сэтгүүл зүйд юу дутагдаж байна гэж хардаг вэ?

-Манай сэтгүүлчид хурц, дайчин шуурхай ажиллаж байна. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбар эрүүл байж нийгэм эрүүлждэг. Тийм учраас сэтгүүлч бэлтгэдэг сургуулиуд илүү хариуцлагатай, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэвэл нийгэмд тустай. Сэтгүүл зүйн бүтээлүүдэд шүүмж, анализ хийх ажил дутагдаж байна. Тиймээс энэ ажлыг Балдорж сантай хамтраад хийж байна. Сэтгүүлчдээ өргөн мэдлэгтэй, болж өгвөл хоёр гурван гадаад хэлтэй, монгол хэлээ зөв, сайхан хэрэглэж чаддаг, сайн цалинтай байгаасай гэж хүсдэг.

Төр засгийн байгууллагууд ажлаа олон нийтэд мэдээлэх, сурталчлах эрхтэй бөгөөд үүрэгтэй. Тиймээс сонгон шалгаруулах байдлаар хөрөнгө хуваарилж болдоггүй юм болов уу. Сэтгүүлчдийн үг, байр суурь хүчтэй чухал хэвээрээ л байгаа. Аливаа хүн хийж байгаа зүйлдээ итгэх ёстой. Сэтгүүлч та нар өөрийнхөө бичиж байгаа зүйлийг улс эх орондоо, хүмүүст хэрэгтэй учраас би энэ тухай бичиж байна гэдгээ үргэлж санаж, нийгмийн болж бүтэхгүйг илрүүлж, бас сайны үрийг халдааж явах учиртай хүмүүс.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Намайг ард түмэн сонгосон учраас битгий Ардчилсан намын хүн гэж хар, нэг зүйл дээр төвлөрч хамтран ажиллая

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018-01-21/ Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзсан бол үдээс хойш нийслэлийн Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдтэй Монгол бөхийн өргөөнд уулзаж, ярилцлаа.

Уулзалтыг нээж Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Баянзүрх, Багахангай дүүргийн иргэд та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш зургаан сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд өнөөгийн эдийн засгийн байдал, бүс нутаг, олон улсын байдал, алдаа оноо, аймаг, сум… гээд олон талын мэдээлэл цуглуулж ажиллалаа. Мөн “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” зохион байгуулсан. Хүнсний аюулгүй байдлын асуудлаар ч гэсэн чуулган зохион байгуулж, улсын хэмжээнд анхаарах ёстой олон сэдвээр иргэдийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, иргэдийнхээ дуу хоолойг сонсож байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Сүүлийн үед УИХ, Засгийн газартай хамтарч ажиллах тодорхой асуудлууд ярилцаж байгааг ч бас сонсож, мэдэж байгаа байх.

Өнөөдөр төрийн бодлогыг эргээд харахад иргэд рүүгээ хандсан төрийн бодлого алдагдсан байна. Үүний үр нөлөө нь Монгол Улсын иргэд өр, зээлийн дарамтад орсон байдал юм. Тиймээс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр зэрэг салбараа хөгжүүлж, түүхий эдээ шууд гаргадаг байдлаа зогсооё гэсэн бодолтой байгаа” гээд иргэдийн саналыг сонсож, ярилцав.

Баянзүрх дүүргийн 4-р хорооны иргэн Баасандаш


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг сүүлийн 3, 4 жил ярилаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард түмний саналыг аваагүй. Хоёрдугаарт, Монголын нийгэмд хуримтлагдсан асуудлыг энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдэхгүй, аахар шаахар хэрэгцээ багатай өөрчлөлт болох нь гэж ажиглаж байна. Тиймээс шинэ өөрчлөлтийг хүлээж авах боломжгүй гэдгийг танаар дамжуулан уламжилъя. Зах зээлийн эдийн засагт шилжинэ гээд 27 жил болж байгаа ч төвлөрөл захиргаадалт улам их болсон байна. Удирдлагын мерит зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Өнөрсайхан


Миний бодлоор биднийг зовоож байгаа гурван асуудал байна. Гадаад өр, ард түмний өр, эцэст нь архины хэмжээгүй хэрэглээ асар их зовоож байна. Архи үйлдвэрлэл бол бизнес биш. Би мужаан хийдэг хүн. Намайг мужаанчин гэж дууддаг. Тиймээс архи үйлдвэрлэдэг хүнийг мэдээж архичин гэх ёстой. Тэд ашгийн төлөө ажиллаж, ард түмнийг архинд живүүлж байна. Архи 100, 200 граммаар савлаж, бидний мөнгөний чадамжид тааруулж асар их ашиг олж байна. Энэ ашгаас эмзэг бүлгийн иргэдэд зориулмаар байна. Архинаас болж дайны байдалд орсон юм шиг болж байна гэдгийг анхааруулмаар байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Дамдин


Ерөнхийлөгч таны бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн алхмуудыг дэмжиж байгаа. Олон удаа иргэдтэй уулзсан мэдээллүүдийг тань үзсэн, ойлгож байгаа. Танаас бид мөрийн хөтөлбөрт байхгүй зүйлийг шахаж, шаналгамааргүй байна. Ерөнхийлөгч УИХ-ыг удирддаг, Засгийн газрыг захирдаг ч хүн биш. Гэхдээ энэ бүхнийг хийх хэрэгтэй болоод шахаж, шамдуулж байгаа гэж ойлгож байгаа шүү.

Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Ж.Сайнтогтох


Та хэдэн жил ч Ерөнхийлөгч сууж болно. Харин Ерөнхийлөгч байх хугацаандаа бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд Монголын ард түмнээс монголчууд Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, эсвэл парламентын засаглалтай байх уу, гэдгийг асууж өгөөч гэж хүсмээр байна. Монголын ард түмний ихэнх нь хариуцлагатай, хариуцлага хүлээж чаддаг төртэй байхыг хүсэж байна.

Баянзүрх дүүргийн иргэн


Монголчууд амны билгээс ашдын бэлэг гэж ярьдаг. Гэтэл 10 хар нүглийг цуглуулсан Саарал ордныг яалтай вэ. Худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй байх ёстой. Хэлэхэд ичмээр зүйлс ч хийж байна. Түүнийг УИХ-ын гишүүд хийгээд шившгээ тарьж байна. Тэгэхээр саарал ордныг ямар төрийн байгууламж гэж хэлэх вэ. Эсвэл нүглийн орон гэж хэлэх үү.

Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэн Эрдэнэжаргал


Монгол Улсад засаглалын, сэтгэлгээний хямрал явагдаж байна. Хөдөөгийн анги дүүргэлт 15 байхад, хотод 50 гаруй хүүхэд нэг ангид сурч байна. Хот, хөдөөгийн ялгаа гаарлаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар хөгжмөөр байна.

Баянзүрх дүүргийн иргэн

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж бодож байна. Хэрвээ, оруулбал хориг тавих ёстой. Үүнээс гадна ажил хийдэггүй 76 гишүүнийг тараах хэрэгтэй. Засгийн газраа огцруулчихаад одоо дахиад огцруулна гэж яриад байна. Монгол Улсад хариуцлагагүйн зуд нүүрлэжээ. Ерөнхий сайдаасаа эхлээд багийн Засаг дарга хүртэл хууль биелүүлэхгүй байна. Юм хийж байгаа хүнээс л татвар авах юм. 76-г ард түмэнтэйгээ нийлээд огцруулмаар байна. Таныг санаачилга гарвал, ард түмэн таны талд байгаа шүү гэж хэлмээр байна.

Баянзүрх дүүргийн 5-р хорооны иргэн Пунсалдулам


Бүх монголчуудын сэтгэлийг зовоосон, дотрыг түгшээсэн асуудлууд олон гарч байна. Тиймээс Монгол Улсыг цаазын ялтай болгож өгнө үү. Янз бүрийн муухай асуудал гарч байна. Хэлэхэд хүртэл, амнаас гарахгүй муухай хэргүүд гарч байна. Мөн монголчууд архин далайд живж байна. Энэ асуудлыг ярьж, цагдаж өгөх хэрэгтэй байна.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Баярлалаа. Нийтдээ 90 орчим хүн өөрсдийн санаа, бодлыг хуваалцлаа. Ахмадууд тэтгэврийг нэмсэн шиг нэмэх асуудлыг уулзалт бүрээр ярьж байна. Нэгэнт иргэд та бүхэн ийм асуудал олноор ярьж байгаа тул цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэх хууль санаачлах боломж надад нээгдэж байгаа юм шүү. Та бүхний хүсэлтийг хүлээж аваад УИХ-д өргөн барина. Харин дүүргээсээ сонгогдсон гишүүдээ шахаж ажиллаарай.

Би уулзалтуудаа утаа ихтэй үед хийж байгаа. Цагаан сар дөхөөд утаа мартагддаг, дараа нь 3, 4 сар болж наадам дөхнө. Ингэж явсаар байгаад өвөлтэй золгож дахиад л утаагаа ярина. Ийм байдалтай олон жил явж байгаа учраас утаатай холбоотой асуудлаар уулзалтууд хийж байгаа. Утаанаас салахгүй бол улсаа хөгжүүлнэ гэж байхгүй. Тиймээс би утааг арилгахдаа ажилгүйдэл, ядууралтай нь хамт арилгая гэж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжээд, том бүтээн байгуулалт зарлаад иргэдээ ажилтай болгох бодлого барьж байгаа. Ингэсний дараа иргэд орон сууцны зээлэнд хамрагдах хэмжээний орлоготой болно. Өнөөдөр айл өрхүүд цалин, тэтгэвэр, тэтгэмжээс халихгүй хэмжээний бага орлоготой байгаа үед иргэд өндөр хүү төлөөд орон сууцанд орж чадахгүй.

Би Яармагийн дэнж дээр өссөн, гэр хорооллын хүүхэд. Одоо хүртэл манай ээж Яармагт амьдарч байна. Тиймээс утаа, ядуурлын асуудлыг ойлгодог. Утаагүй зуух гэж байхгүй. Тиймээс зуухны шахаагаа больж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй юм. Ажлын байрыг зориудаар бий болгож, бүтээн байгуулалтыг бий болгоё гэсэн энгийн бөгөөд тодорхой санал хэлж байгаа. Энэ талын гарц, судалгаа бий. Би зөвхөн Ерөнхийлөгч болчихоод энэ тухай яриад байгаа юм биш шүү. Зөвхөн газраа ухаж баяжина гэж байхгүй. Улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхэн газраа ухаад, энэ бизнесээрээ өөрсдийгөө болгоод яваад байгаа. Харин иргэд ажилгүйдэл, ядуурал энэ чигээрээ явах юм бол улам доошлох гээд байна. Бид одоо л энэ асуудлуудаа ярихгүй юм бол цаашдаа улам доройтно. Үүнээс илүү доройтож, өр зээлэнд орж болохгүй.

Би “Намайг нийт ард түмэн сонгосон учраас битгий Ардчилсан намын хүн гэж хар. Нэг зүйл дээр төвлөрч хамтран ажиллая” гэж У.Хүрэлсүхийн Засгийн газартай ярьсан. Монголчууд бидэнд бүх төрлийн чадвар, боломж байгаа учраас би бардам ярьж байгаа шүү. УИХ, Засгийн газрыг огцруулж тараах гээд байгаа юм биш. Хэрвээ, ажлаа хийхгүй бол иргэд УИХ, Засгийн газарт дургүйцэж байгаа бол би иргэдийн талд байгаа шүү л гэж яриад байгаа юм” гэлээ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Улстөрчдөд “Хулгайгаа л зогсоо. Татвар бүү нэм, бүх үнийг чөлөөл” гэж хэлье

-1990 ОНООС ХОЙШ МОНГОЛД 14 ТЭРБУМ ДОЛЛАР ОРСНЫ ДОЛООН
ТЭРБУМЫГ РИО ТИНТО ОРУУЛСАН-

Д.Жаргалсайханыг “De facto” нэрээр уншигчид мэднэ. Тэрээр анх МАХН-д элссэн боловч МоАХ, МоАХ-ны анхны хурлуудад Прагаас ирж оролцоод намаас хөөгджээ. Өнөөдөр тэрээр нам бус. Москвагийн их сургуулийг англи хэлтэй онц төгссөн. 1991 оны гуравдугаар сарын 4-ны цуглааныг УИХ-ын гишүүн Л.Болдтой хамт зохион байгуулсан зураг нь Японд үзэсгэлэнд тавигджээ.


АН, МАН ДОТООДДОО ШИНЭЧЛЭЛ ХИЙХГҮЙ БОЛ УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС АРЧИГДАНА.

-Монголын эдийн засгийг гадаад, дотоодод янз бүрээр үнэлж байна. та ямар гэж дүгнэх вэ?

-Эдийн засаг хямралтай байгаа. Эдийн засаг хямарна гэдэг нь эдийн засгийн харьцаанууд алдагдахыг хэлж байгаа юм. Жишээлбэл мөнгөний ханш. Монгол төгрөг 20-30 хувь уналаа. Макро эдийн засгийг хэмждэг хэдэн үзүүлэлтүүд байдаг. Төсвийн алдагдал хэмжээ хязгаараа алдсан. Гадаад зээл, үнийн өсөлт, ажилгүйдэл. Макро эдийн засгийн эдгээр гол үзүүлэлтүүд хувийн хэвшлийнхэнд тусалж байна уу, саад болж байна уу гэдгийг харах ёстой. Энэ үзүүлэлтүүд хувийн хэвшлийнхэнд туслах нь бүү хэл гай болж байна.

-Эдийн засаг яагаад ийм байдалд оров?

-Хямралын голомт бол эдийн засаг дахь төрийн оролцоо. Зарим оронд төрийн оролцоо байгаа боловч эдийн засаг хэвийн байгаа. Харин манай оронд яагаад төрийн оролцоо нэмэгдээд эдийн засаг хямрав гэвэл авлига. Төр өөрийнхөө үүргийг биелүүлэх боломжгүй хэмжээнд авлигад идэгдсэн. Төр юу ч бүтээхгүйгээр завших боломжийг нээгээд өгчихсөн. Төр хулгай хийх маш өргөн боломж нээгээд өгчихсөн. Хулгайг зогсоох боломж бараг байхгүй болсон. Төр хүчин мөхөсдөж байгаа учраас ярихаас өөр зүйл хийж чадахгүй байна.

-Авлигыг яаж устгах вэ?

-Авлигыг устгахын тулд улс төр, эдийн засгийн институцуудыг бэхжүүлэх ёстой. Бэхжүүлнэ гэдэг нь өөр өөрийнхөө үүргийг биелүүлэх ёстой. Түүнээ энэ институцуудыг ашиглаад хулгай хийж болохгүй. “Яагаад үндэстэн дампуурдаг вэ” гэдэг номонд Робертсон гэдэг хүний үг бий. “Улс төр, эдийн засгийн институцууд чадваргүй болсон тохиолдолд улс орон дампуурдаг” гэж хэлсэн. Хоёр Солонгосоор жишээ авахад хойд Солонгост институц нь ажиллахгүй байна. Институц ажиллах гол шалтгаан нь авлига. Авлига энэ бол өвчин.

-Энэ өвчнөөс яаж салах вэ?

-Улс төрийн институцыг хууль ёсоор авдаг ганцхан байгууллага байгаа. Энэ бол улс төрийн нам. Ардчилсан оронд зөвхөн улс төрийн нам л төрийн эрхийг авдаг.

-Бие даагчид ордог биз дээ?

-Ардчилсан улсад заавал нам байгуулж байж Засгийн эрхийг авна. Гэтэл нам гэдэг чинь юу вэ гэдгийг бид тоохгүй, ярихгүй байгаа юм.

-Нам гэж юу вэ?

-Энэ бол үзэл бодлоороо нэгдсэн, зарчимд тулгуурласан, нэгдсэн зорилготой байх ёстой. Гэтэл манай намуудад энэ шинж чанарууд байхгүй. Анхнаасаа ч байгаагүй. Бий болгох гэж оролдсон.

-Өнөөг хүртэл энэ зарчмыг хэрэгжүүлсэн нам байхгүй гэж үү?

-Анхны оролдлого нь Ардчилсан нам. Энэ нам бол бидний 1990 оны хүсэл эрмэлзлэлийн үр дүн юм шүү дээ. Олон нам нэгдэж энэ нам үүссэн. Гэтэл өнөөдөр энэ нам тэр үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Төрийн эрхийг ээлжлэн, эсвэл хамтарч бариад байгаа хоёр намын хооронд зарчмын ялгаа байхгүй болчихсон.

-Намууд яавал төр цэвэрших бол?

-Хоёр зам бий. Эхний ээлжинд санхүүжилтээ ил болгож ард түмэндээ тайлагна. Эсвэл тар.

-Орлох улс төрийн хүчин байна уу?

-Алга. Гэхдээ гарч ирэх байх. Шинэ хүчин гарч ирэхээс өмнө энэ хоёр нам дотооддоо шинэчлэл хийх хэрэгтэй. Чадахгүй бол улс төрийн тавцангаас арчигдана.

ТӨР ТОДОРХОЙ ХЭДЭН БИЗНЕСМЕНД ҮЙЛЧИЛДЭГ БОЛСОН

-Үндсэн хууль өөрчлөх саналд та хэрхэн хандаж байна?

-Үндсэн хуулийг болохгүй болгочихсон. Ялангуяа засаглалыг давхар дээлтэй болгох. Ер нь бидний ярьдгаар ардчилсан тогтолцоонд гурван өндөрлөг байдаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, хянах. Харилцан бие биенээ тэнцвэржүүлээд, шалгадаг байх ёстой.

-Өнөөдөр тэнцвэржүүлээд, шалгаж чадаж байна уу?

-Чадахгүй байна.

-Яагаад?

-Гүйцэтгэх засаглал, хууль тогтоогч давхар дээлтэй нэг хүн болчихсон. Манай Ерөнхийлөгч шүүхийг томилдог эрхтэй. Энэ холион бантангийн угшил нь авлига. Улс төрийн намын нэрээр хүмүүсээс мөнгө авдаг. Тэрийгээ нуучихсан. Тэгээд түүнийгээ албан тушаалаар хаадаг жишиг тогтсон. Зүй нь улс төрийн нам иргэд, төрийг холбодог гүүр байх ёстой. Гэтэл сонгогдох үедээ иргэдэд хандчихаад бусад үед олигархи, төр хоёрыг холбодог болчихсон.

-Юу гэсэн үг вэ?

-Төр тодорхой хэдхэн бизнест үйлчилдэг болчихсон.

-Төр маш их хөрөнгөтэй болсон гэсэн шүүмжлэл байдаг?

-Төрийн уул уурхайн компани гэж яриад байдаг. “Эрдэнэс монгол” гэж компани байгуулаад, түүний харьяанд 15 компани байгуулчихсан. Энэ компаниудын өр авлага, үндсэн хөрөнгө, гээд бүх зүйлийг корпорацийн хэлбэрт оруулах ёстой. Хэдэн төгрөгийн орлого зарлагатайг тодорхойлох хэрэгтэй. Тэдний дотор Эрдэнэт орно. Одоо бол зүгээр л социалист компани байгуулчихаад байгаа юм.

-Корпорацийн хэлбэр гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Аль ч компани өөрийн хөрөнгөтэй. Энэ хөрөнгийн хэмжээгээр зээл авч байгаа. Тэр ямар хэмжээтэйг өөрийнх нь балансад зөв буулгах хэрэгтэй. Компаниудын эзэмшиж байгаа ордууд байгаа. Энэ ордуудын үнэлгээг бас тооцох ёстой. Тэгж байж энэ компаний үнэлгээ зөв тогтоно. Ингэж төрийн компаний үнэ зөв тогтох ёстой.

-Дараа нь?

-Зөв үнэлгээ тогтоосны дараа төрийн өмчит компаниудын 60 хувийг хувьчлах ёстой.

-Эрдэнэтийн арван хувийг иргэдэд өгнө гэсэн.

-Хувьцаа гаргана гэдэг чинь мөнгө босгох асуудал. Энэ бол улс төрийн шийдвэр байхгүй юу. “Таван толгойн арван хувийг ард түмэнд тараалаа” гэсэн корпораци болгоогүй байж тараасан. Энэ бол улс төрийн явуургүй алхам. Жинхэнэ эзэмшил байж чадахгүй. Ард түмнийг хуурсан асуудал.

-Оюу толгойн гэрээг зөв, буруу гээд л маргаад байна?

-Ардчиллын 27 жилийн түүхэнд хэрэгжиж байгаа ганц том төсөл. Энэ төсөл бараг долоон тэрбум доллар Монголд орууллаа. Энэ төслийг монголчууд хэрэгжүүлэх гэж оролдсон бол энэ мөнгө Монголд орж ирэхгүй байсан. Мэргэжлийн компаниуд л хэрэгжүүлсэн учраас энэ их мөнгө Монголд орж ирсэн.

-Гэхдээ л шүүмжлээд байгаа шүү дээ.

-Гэрээнд өөрчлөх засах, харилцан тохиролцож засах юм байгаа. Үүнийг тохиролцох л асуудал бий. Түүнээс бид дээрэмчид биш. Гэрээ хийчихээд, маргааш нь хүний оруулсан хөрөнгийг үгүйсгэж болохгүй.

БИД ОЮУ ТОЛГОЙН 34 ХУВИЙГ АВНА ГЭЖ ХӨӨРЦӨГЛӨӨД ӨРӨНД ОРЧИХСОН

-Гэрээнд гаргасан алдаа юу вэ?

-Бид 34 хувийг авна гэдэг шал дэмий заалт оруулсан.

-Яагаад?

-Авсрали, Канад зүгээр л роялти аваад хангалттай мөнгө хийчихсэн. Гэтэл манайхан 34 хувийг нь авах мөнгө байхгүй учраас хөрөнгө оруулагчаас мөнгө зээлчихсэн. Маш их мөнгө авах хоосон мөрөөдөлтэй үлдсэн.

-Яагаад уул уурхайн 60 хувийг хувьчлах ёстой вэ?

-Төр сайн менежэр биш. Тийм учраас уул уурхайн 50-иас дээш хувийг хувьчилж байж хувийн хэвшил шийдвэр гаргах эрхтэй болно. Тийм учраас 60 хувийг хувьчлах хэрэгтэй.

-60 хувийг нэг хүн аваад монополь тогтоож болно биз?

-Тэрийг зохицуулж болно. Нэг хүнд арав хүртэл хувиас дээш хувьцаа зарахгүй гэж болно.

-Заавал хувьцаат компани болох ёстой юу?

-Хамгийн сайн арга нь тэр. Энэ тохиолдолд хулгай арилна. Ингэснээр компаний ашиг нэмэгдэн үнэ цэнэ өснө. Компанийн үнэ өссөн тохиолдолд өмнө зарсан 60 хувиас олсон мөнгөө магадгүй 20 хувийг зараад олж мэднэ.

МАНАЙ УЛСТӨРЧИД ХУДАЛЧ УЧРААС ОЙРЫН ҮЕД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭХГҮЙ

-Эрдэнэтийн тухайд…

-Эрдэнэтийн 49 хувийн асуудал их сонин асуудал. Эхний ээлжинд Монголдоо аваад ирсэн нь маш сайн. Саар мэдээ нь 49 хувийг бидний мөнгөөр авсан тухай асуудал яригдаад байна. Харилцан суутгаад ярихаар ХХБ Монгол Улсад 1.1 их наяд төгрөгийн өртэй юм байна. Хэрэв энэ үнэн бол хоёр асуулт гарна. Нэгдүгээрт яагаад энэ их мөнгө нэг банкинд очив. Хоёрдугаарт УИХ-ын ажлын хэсгийн гаргаж ирснээр бол яаж нэг өдөр, нэг гэрээгээр 500 сая доллар босгов гэдэг асуудал байна.

-Монголбанк ийм хэмжээний зээлийг нэг банкинд өгөх эрхтэй юу?

-Монголбанк арилжааны банкинд зээл өгөх ёстой. Гэтэл урьдчилж ямар компанид өгөх шийдтэйгээр арилжааны банкинд их хэмжээний зээл өгсөн байгаа юм. Энэ бүхэнд хэнтэй ч хариуцлага тооцоогүй. Тооцож чадахгүй байх.

-Яагаад?

-Яагаад гэвэл энэ хоёр нам янз бүрийн юманд эвсэж, зөвшиж орсоор байгаад хоёр биенээ барьцаалчихсан. Эдний ярьж байгаа зүйл мөсөн уулын орой. Гүнзгий орохгүй. Ороогүй цагт монголчууд авлигаас салахгүй.

-Та төрд ажиллаж байсан уу?

-1997-2000 онд би Ерөнхий сайд М.Энхсайханы урилгаар Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргаар ажилласан. Би аль ч намын гишүүн биш. Тухайн үед англи хэлтэй хүн хэрэгтэй байсан учраас намайг урьсан.

-Тэр үеэс өнөөг хүртэл Оюу толгойгоос өөр дорвитой хөрөнгө оруулалт орсонгүй. эрх баригчид “Гадныхан хөрөнгө оруулах сонирхол их бий” гэсээр өнөөдрийг хүрлээ.

-Биднийг ажиллаж байх цагт Монголыг мэддэггүй байсан. Түүнээс хойш уул уурхайн салбарт л хөрөнгө орж ирсэн. Томоохон хөрөнгө оруулат орж болох ганц салбар нь уул уурхай байгаа юм. Цаашдаа ч нэг хэсэг тийм байна. 1990 оноос хойш Монголд 14 тэрбум доллар орж ирсэн. Үүнээс долоон тэрбумыг Рио тинто ганцаараа оруулсан. Бороо гоулд 3-4 тэрбумыг оруулсан. Тэрийгээ нөхөөд авчихсан. Нийт гадаадаас орж ирсэн хөрөнгөний 90 хувь нь уул уурхайн салбарт орсон.

-Яагаад хөрөнгө оруулалтын бүтэц ийм болов?

-Гуравхан сая тархай амьдарч байгаа хүмүүсийн хувьд соёлын болон бусад салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх боломж бага байна. Гэхдээ жижиг амиа тээж яваа хөрөнгө оруулалт олон орж ирсэн. Ялангуяа хоолны салбарт орж ирсэн жижиг хөрөнгө оруулалт энэ салбарыг дэлхийн хэмжээний соёлт үйлчилгээнд хүргэсэн.

-Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байна уу?

-Өөр орны хөрөнгө оруулагчдын шаардлагыг манайхан хангаж чадахаа больсон. 2009 оноос хойш манай ашигт малтмалын тухай хууль 250 удаа өөрчлөгдсөн. Хоёр долоо хоногт хуулиа өөрчлөөд байхаар хэн орж ирэх вэ. Гадныхан уул уурхайн салбарт 20-30 жилээр хөрөнгө оруулдаг. Жуниор компани хайгуул хийж юмаа олчихоод, түүнийгээ зарахдаа дахиад 20-30 жилийн хууль нь тогтвортой нөхцөлд л зарна.

БИДЭНД ЗЭС, НҮҮРСНЭЭС ӨӨР СОНГОЛТ АЛГА

-Хуулиа сайжруулаад, өөрчлөхгүй гэж амлалт өгөөд ч хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй юу?

-Нэмэгдэхгүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл манай улстөрчид амладаг. Даанч түүнийгээ биелүүлдэггүй. Өмнөд хөршийнхөн маань бага нөхцөл шаарддаг. Харин олон улсын том хөрөнгө оруулалт илүү хатуу нөхцөл тавьдаг. Өмнөд хөрш том мөнгөтэй болсон. Гэхдээ улстөрчид энэ бүхнийг өөрчлөхийг хүсэхгүй. Энэ нь бас л авлигатай холбоотой.

-Намууд нэлээд шинэчлэгдэж байна уу?

-Үгүй.Намаа санхүүжүүлсэн бүлэглэлүүд хоорондоо зодолдоод Засгийн газраа унагаад, зөвхөн хүн солиод, яамдынхаа бүтцийг өөрчилчихөөр яаж бодлого тогтвортой байхав дээ. Нам гэдэг нь авлигын үүр болчихсон. Энэ хоёр нам аль нь эрх барьсан намын авлига нь төрд тусаад явчихна.

-Уул уурхайн салбараа хаяад өөр салбарт орох боломж байна уу?

-Байхгүй. Өнөөдөр бидэнд нүүрс, зэс хоёроос өөр сонголт алга. Ган боловсруулаад хөршүүд авах уу гэдэг нь маргаантай. Өөр газар өгөөд ашигтай байж чадах уу гэдэг асуудал гарна. Хаана, юунд хөрөнгө оруулахаа маш сайн судлах хэрэгтэй. Өнөөдөр төмөр зам барьчихлаа. Маргааш өмнөд хөрш нүүрс авахгүй гэвэл хөрөнгө оруулалт ямар ч баталгаагүй болно. Маш сайн гэрээ хийх ёстой. Өмнөд хөрш нүүрс аваагүй тохиолдолд авснаар тооцох гэрээ байгуулж байж төмөр замд оруулсан хөрөнгө баталгаажна.

-Өөр зам байна уу?

-Байна. Мэдээлэл харилцааны технологийн хувьсгалын хүрээнд. Хил хязгааргүй энэ салбарт манай залууст боловсролын шинэчлэл хийж болно. Компаниудад аппликейшн нийлүүлж болно. Үүнийг төр бодлоготойгоор хэрэгжүүлэх ёстой.

-Энэ салбараас мөнгө олох боломжтой юу?

-Хамгийн их боломжтой. Зах зээл хангалттай. Манай хүүхдүүд ой сайтай.

Улстөрчдөд ямар зөвлөгөө өгөх вэ?

-“Эдийн засаг дахь төрийн оролцоог багасга. Бүх төрлийн үнийн хяналтаа зогсоо, өөрсдөө оролцолгүй компаниудын чөлөөт өрсөлдөөнийг бий болго. Бизнес, улс төрийнхөө аль нэгийг сонго. Хулгайгаа л зогсоо. Татвар бүү нэм, багасга. Бүх үнийг чөлөөл” гэж хэлнэ.

-Компаниудад зөвлөгөө өгвөл…

-“Эрх баригчдаас эрхээ нэхэх хэрэгтэй. Бидний хийж байгаа бүхэн гадагшаа гарч чадах уу гэдгээ тооц. Илүү IT салбарт анхаар. Боловсон хүчнээ бэлтгэ. Нэгдэж нягтрах хэрэгтэй” гэж хэлнэ.

-Жижиг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар цөөнгүй байдаг. тэдний барааг борлуулах ямар ч суваг байхгүй гэдэг.

-Аялал жуулчлалын гол суваг байдаг. Тэр нь зүгээр аль нэг дэлгүүрт биш. Аялал жуулчлалынхаа салбарыг өвөл зунгүй ажиллуулдаг болох хэрэгтэй. Тэр тэр сувгууд дээрээ бараагаа зардаг байх хэрэгтэй. МИАТ-ыг маш яаралтай хувьцаат компани болгох хэрэгтэй. Төрийн мэдлээс гаргах хэрэгтэй. Билет нь хамгийн үнэтэй байхад яаж жуулчин ирэх вэ дээ.

-Хувьчлах тухай олон удаа ярьсан даа.

-Хувьчлахгүй байгаа шалтгаан нь тохиролцож чадахгүйд л байгаа юм. Эрх ашгаа нэгтгэж байж л хувьчилна.

-Та Ерөнхий сайд байсан бол МиАт, хөрөнгийн биржийг яаж хувьчлах вэ?

-Үнэлгээг нь хийгээд 60 хувийг биржээр зарна. Биржийг хувьчлахгүй удаад хувийн бирж байгуулагдсан. Удахгүй хувийн бирж нь ялна.

Х.БАТТӨГС