Categories
мэдээ улс-төр

БАГЦ МЭДЭЭ: Монголын парламентын төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд тэргүүтэй Монголын парламентчид 2018 оны нэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцлоо.

Улсын Их Хурлын даргын Ази, Номхон далайн улс орнуудын парламентын 26-р чуулга уулзалтад оролцсон талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

2018 оны 01 дүгээр сарын 18. Пүрэв гараг.

Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулган нээлтээ хийлээ

Чуулга уулзалтад гишүүн орнуудын 350 гаруй төлөөлөгчид “Парламентын түншлэл: Энх тайван, шинэчлэл ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлт, жендерийн тэгш байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 26-р хуралдааны Гүйцэтгэх хорооны хуралд оролцов

Тэрбээр энд хэлсэн үгэндээ бүс нутгийн хэмжээний ийм томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгаад Вьетнамын төр, засаг, ард түмэн, Ханой хотын иргэдэд талархал илэрхийлээд, Монгол Улс чуулга уулзалтын үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож, нэгэнт гаргасан хамтын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө чармайх болно хэмээн онцоллоо.

Эмэгтэй парламентчдын хуралдаанд Монгол Улсын парламентыг УИХ-ын гишүүн Б.Ундармаа төлөөлөв


Хуралдаанаар эмэгтэй парламентчдын нийтлэг ашиг сонирхлыг дэмжих замаар бүс нутагтаа жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг санхүүгийн зохистой эх үүсвэрээр дэмжих, боловсрол, мэргэжил, чадвар олгохыг эн тэргүүнд эрмэлзэх, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://www.parliament.mn/n/tb8y

2018 оны 01 дүгээр сарын 19. Баасан гараг.

Чилийн конгресст Чили-Монголын парламентын бүлэг байгуулагдана


Монгол Улсын парламентын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дарга М.Энхболд хоёр талын хэд хэдэн уулзалт хийж, УИХ-ын гишүүд салбар хуралдаануудад оролцлоо. УИХ-ын дарга М.Энхболд эхний уулзалтаа Бүгд Найрамдах Чили Улсын Үндэсний конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Фидель Эспинозатай хийв. Уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, илүү ойртуулах, түүгээр дамжуулан худалдаа, эдийн засгийн харилцан түншлэл тогтоох нь чухал байгааг хөндөж ярилцлаа. УИХ-д Монгол-Латин Америкийн парламентын бүлэг байдаг бол Чилийн парламентад Монголын бүлэг байхгүй юм байна. Тиймээс тун удахгүй Чили-Монголын бүлэг байгуулна гэж ноён Фидель Эспиноза амлалаа.

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийн асуудалд онцгой анхаарахыг хүслээ


Бүсийн чуулга уулзалтад БНСУ-ыг төлөөлж буй төлөөлөгчдийг тус улсын Үндэсний ассамблейн байнгын хорооны дарга Ли Жинбок тэргүүлж иржээ. Түүнтэй УИХ-ын дарга М.Энхболд уулзах үеэрээ БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын цалин хөлс, даатгал, эрүүл мэнд гээд хөдөлмөрлөх болон хүний эрхийн асуудалд Үндэсний ассамблейн зүгээс анхаарал хандуулж байхыг хүслээ. Түүнчлэн удахгүй эхлэх гэж буй “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг БНСУ амжилттай зохион байгуулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Лаосын тал Тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах санал тавив


УИХ-ын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн дэд дарга Сэнгнүан Саяалаттай уулзах үеэрээ хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарын уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Лаос руу мах, махан бүтээгдэхүүн, хивс экспортлох, Лаосоос модон эдлэл, жимс жимсгэнэ импортлох талаар ярьж буй тохиролцоогоо хоёр тал ажил хэрэг болгох нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

Салбар хуралдаануудад УИХ-ын гишүүд оролцлоо


Энэ өдөр Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулганы “Улс төр, аюулгүй байдал”, “Эдийн засаг ба худалдаа”-ны салбар хуралдаанууд болж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баатарбилэг, А.Сүхбат, Ч.Улаан нар оролцож, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангахад хууль тогтоох байгууллагуудын оруулах хувь нэмэр, хүчин чармайлтын асуудлыг хэлэлцлээ.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://www.parliament.mn/n/178y

2018 оны 01 дүгээр сарын 20. Бямба гараг.

УИХ-ын дарга М.Энхболд “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд үг хэллээ


“Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ, Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа 2016 оны 2-р сард баталж, үндэсний түвшний зорилтуудаа анхлан тодорхойлсон улсуудын нэг болсон бөгөөд ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн гэдгийг онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ, ОХУ, Мексикийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзлаа


Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Чэнь Жу-тай уулзах үеэрээ тэрбээр 2013 онд УИХ, БХАТИХ-ын хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, энэ хүрээнд байнгын уулзалтын механизм бий болсныг онцоллоо. Уг механизмын анхны хуралдааныг Улаанбаатарт хийсэн бол хоёр дахь хуралдаан хоёрдугаар сард Бээжин хотноо болох юм.

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Ольга Николаевна Епифановатой уулзах үеэрээ, хоёр орны хооронд тогтоосон уламжлалт, найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байгааг улам өргөжүүлэхийн тулд Төрийн Дум, УИХ-аас эрх зүйн чиглэлээр дэмжих ёстой гэдгийг онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд Мексикийн Холбооны Улсын Сенатын ерөнхийлөгч Эрнесто Кордеро Арройотой уулзахдаа хамтын ажиллагааны сайн эхлэлийг бататгах нь бидний хувьд нэн чухал гэдгийг онцоллоо.

Тогтоолын төсөл санаачлан батлуулж, “Ханойн тунхаглал”-д нэгдлээ

Манай парламентчид ОХУ, Япон, Малайз зэрэг орны төлөөлөгчидтэй хамтран Төсөл боловсруулах хорооны үйл ажиллагаанд оролцож, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх Тогтоолын төслийг санаачлан батлууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын парламентыг төлөөлөн УИХ-ын гишүүн Б.Ундармаа оролцсон юм.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://www.parliament.mn/n/ub8y

Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар хуралдааны “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үг

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://www.parliament.mn/n/uf8y

Ийнхүү Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтаас тус бүс нутгийн орнуудын парламентын түншлэлийн шинэ төсөөлөл болох “Ханойн тунхаглал” гаргасанд Монгол Улс нэгдлээ. Тунхаглалд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы өнгөрсөн 25 жилд олсон ололт амжилтыг дүгнэж, цаашдын зорилгоо тодорхойлсон байна

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үргэлжлүүлэн 2018.01.21-23-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх юм.

Энэ үеэр тус улсын Төрийн удирдлагуудад бараалхаж, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнам-Монголын Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг нартай уулзаж, Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Д.Мөнхтүшиг “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллана

Д. Мөнхтүшиг Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдлоо.

Рио Тинто групп Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж өргөжүүлэхээр Улаанбаатар хотод шинэ оффис нээж буй бөгөөд 80 гаруй монгол ажилтан энд ажиллах аж.
Шинэ оффис нь тус группын хайгуулын хөтөлбөр, технологийн төвд дэмжлэг үзүүлж, Монгол дахь бүх түншлэгч талуудтай харилцаагаа бэхжүүлэхэд анхаарч ажиллах аж. Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торресийн багтай уялдаатай ажиллана гэжээ.
Шинэ оффист Рио Тинтогийн Монгол дах геологи хайгуулын баг болох “Рио Тинто Экпслорейшн” (Ар-Ти-Икс) болон Рио Тинтогийн Мэдээллийн систем, технологийн багийн Монгол дахь салбар болох “Монголиа Дэливэри Цэнтр” (Эм-Ди-Си) байрлах бөгөөд “Монголиа Дэливэри Цэнтр” нь Рио Тинтогийн олон улс дахь үйл ажиллагаанд дэмжлэг үйлчилгээ үзүүлэх аж.
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак хэлэхдээ “Монгол Улс нь Рио Тинтогийн хувьд стратегийн ач холбогдол бүхий зах зээлүүдийн нэг бөгөөд бид урт хугацаанд үйл ажиллагаа явуулах болно. Бид 2010 оноос хойш Монгол ажиллагсдын цалин, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт, орон нутгийн хөрөнгө оруулалт зэргээр Монголд нийт долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад татвар, хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт 1.5 тэрбум ам.доллар төлсөн. Д.Мөнхтүшиг “Монгол Улсын итгэлт түнш болохоор зорьж буй компанийг удирдах гэж буйд баяртай байна. Рио Тинто нь Оюу толгойгоор дамжуулан Монголд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөө энэхүү хөрөнгө оруулалтаа урт хугацааны бат бэх түншлэл болгон хөгжүүлэхээр чармайж байна. Цаашид Рио Тинтогийн зүгээс манай улсад улам бүр нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлж, чиглүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж буйдаа таатай байна” хэмээн онцолжээ.
Дашрамд дурдахад, Д.Мөнхтүшиг нь төрийн алба, уул уурхай, түүхий эдийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд өмнө нь “Нобел” группын Монгол дахь салбар, Монголын Хөрөнгийн Бирж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын алба болон хэд, хэдэн томоохон компаниудад удирдах түвшинд ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай ажлын хэсэг шүлхий өвчний голомтот газруудад ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчний голомтот газруудад ажиллаж байна.

Тус ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцан, тодорхой үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, тус аймгийн Дэрэн сумын шүлхий өвчний нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, сумын шуурхай командыг зарлан мэдээллийн дохиогоор цуглуулж, хяналтын постод хүч нэмэгдүүлж, хамгаалалтын зогоон татах, эрүүл бүсээс мал сүргийг өвчний голомт руу оруулахгүй байх үүрэг өгөв.

Мөн дайлчилгаагаар дөрвөн гэр гаргуулж, тандалт судалгаа хийх, отор нүүдэл, эзэнгүй мал сүргийн судалгааг гаргах, холбогдох аймгуудтай мэдээлэл солилцох, цасан шуурганы үед голомт руу мал оруулахгүй байх, малчдад мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлийг өгч, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, хурандаа А.Дашням нарыг Дэрэн суманд ажиллаж зохион байгуулалтын арга хэмжээ авахыг үүрэгжүүлэв.

Түүнчлэн хил залгаа Төв аймгийн Баянцагаан сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, мал эмнэлэг үржилийн тасгийн дарга нартай Төв аймгийн Өндөр дов гэдэг газар уулзаж шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын постыг чангатгах, Дэрэн суманд байгаа өөрийн сумын малчдын хөдөлгөөн, халдвар хамгааллын дэглэм сахиулах асуудалд анхаарч, байнгын холбоотой ажиллаж, сумын удирдлагатай хамтарч зохион байгуулалтаа сайжруулах, сургуульд суралцах хүүхдүүдийн судалгаа гаргах, төрийн албан хаагч, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэхийг үүрэг болгов.

Ажлын хэсгийнхэн өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж байна.

Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, шүлхий өвчний голомт Даланжаргалан, Эрдэнэ сумын нөхцөл байдалтай танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дараах чиглэлээр үүрэг өглөө.

Үүнд:

  • Байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, бодит мэдээллээр хангах,
  • Эрүүл болон голомтын бүсэд тандалт судалгаа хийх,
  • Голомтоор дамжин өнгөрөх гал тэрэгний зорчигчдын сууж, буух хөдөлгөөнд хяналт тавьж, халдваргүйтгэлийг чанартай хийх,
  • Мэргэжлийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож нэгдсэн ойлголттой байх,
  • Голомтод ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн, малчид, иргэдийн эрүүл мэндэд анхаарах, хоол хүнс болон бусад хангамжийн судалгааг гаргах,
  • Халдвар хамгаалалын дэглэм зөрчигдөж, өвчин тархах эрсдэлтэй байгаа тул дэглэмийг сахих, холбогдох мэргэжлийн байгууллагын дарга нарыг газар дээр нь ажиллуулах,
  • Шүлхий өвчинтэй тэмцэх төлөвлөгөөг 21 хоногоор төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажиллах,
  • 2 удаагийн вакцинд хамрагдсан мал ямар шалтгааны улмаас өвчлөөд байгаа шалтгааныг тогтоох, хариуцлагагүй албан тушаалтанд хариуцлага тооцох, дүйцүүлэх цэргийн албан хаагчийг шүлхий өвчинтэй тэмцэх ажилд дайчлах,
  • Төрийн сангийн дарга шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллах, малчдад мэдэгдэл хүргүүлэх, хариуцлагатай байхыг ойлгуулах, сургуульд суралцах хүүхдүүдийн судалгаа гаргах, төрийн албан хаагч, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх үүрэг чиглэл өгөв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Журам зөрчин байршуулсан самбаруудыг буулгаж эхэллээ

Журам зөрчин байршуулсан самбаруудыг буулгаж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаалын дагуу зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны байгууламж, самбарыг энэ сарын 12-ноос эхлэн албадан буулгаж эхэлжээ. Энхтайвны өргөн чөлөө буюу 5 шараас Офицерийн ордон хүртэлх зам дагуу зөвшөөрөлгүй, зохих журам зөрчин байршуулсан 96 хаяг, мэдээллийн байгууламж, 112 хулдаасан хэвлэл, 86 түр самбар, 3 тулгуурт самбарыг буулгасан байна. Мөн Жуулчдын гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Наадамчдын зам дагуух самбар, байгууламжийг буулгасан аж. Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгаж ажлын хүрээнд нийт 169 хаяг, мэдээллийн байгууламж, 162 хулдаасан хэвлэл, 127 түр самбар, 3 тулгуурт самбар буулгасан байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом”-ын тэмцээн Футзалын төрлөөр эхэллээ

Image may contain: indoor

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохиогддог 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн футзалын төрлөөр эхэллээ.

Хоёр дахь удаагаа зохиогдож буй “Футзалын үндэсний цом” энэ жил Дорнод аймгийн, Чойбалсан хотод болж байгаа юм. Өчигдөр тэмцээний сугалааны үйл ажиллагаа болсон. Ийнхүү сугалааны үр дүнд “Футзалын үндэсний цом”-д оролцох 15 аймгийн шигшээ баг дөрвөн хэсэгт хуваагдлаа.

Өнгөрсөн жилийн “Футзалын үндэсний цом”-ий цомын эхний дөрвөн баг болох Дархан, Дорноговь, Дорнод, Төв аймгийн багууд дөрвөн хэсгийг толгойлон, шөвгийн наймд үлдсэн Сэлэнгэ, Говь-Алтай, Орхон, Баянхонгор аймгууд хоёрдугаар сагснаас сугалаа татсан юм.

Сугалааны үр дүнд:

“А” хэсэг:

Дорноговь
Говь-Алтай
Ховд
Говьсүмбэр

“В” хэсэг

Төв
Сэлэнгэ
Хэнтий
Хөвсгөл

“С” хэсэг

Дархан-Уул
Баянхонгор
Сүхбаатар

“D” хэсэг

Дорнод
Орхон
Өмнөговь
Баян-Өлгий

Өнөөдөр болох тоглолтын хуваарь:

12:00 Дорноговь – Говьсүмбэр (“А” хэсэг, тоглолт №1)

14:00 Говь-Алтай – Ховд (“А” хэсэг, тоглолт №2)

16:00 Төв – Хөвсгөл (“В” хэсэг, тоглолт №3)

18:00 Сэлэнгэ – Хэнтий (“В” хэсэг, тоглолт №4)\

Хөгжөөн дэмжигч та бүхэн “Футзалын үндэсний цом”-ын бүх тоглолтыг https://mycujoo.tv/-ээр шууд хүлээн авч үзэх боломжтойг дуулгахад таатай байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

Монгол, Америкийн улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XII улс төрийн зөвлөлдөх уулзалт 2018 оны 1 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөв. Уулзалтад оролцсон Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Америкийн талыг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Торнтон нар тэргүүлж оролцов.

Зөвлөлдөх уулзалтад мөн монголын талаас БОАЖЯ, СЯ, ХЗДХЯ, БХЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ХНХЯ, ЭХЯ, ОБЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, америкийн талаас АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Дотоодын аюулгүй байдлын яам, Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагын төлөөлөгч оролцлоо.

Уулзалтын үеэр манай тал Монголын Засгийн газрын үйл ажиллагаа, түүний дотор гадаад бодлогын тэргүүлэх зорилт, улс төр, нийгэм, эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдал, Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зэрэг чиглэлд авч буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэв.

2017 онд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй, улам өргөжиж ирснийг талууд уг уулзалтаар харилцан тэмдэглэв. Тухайлбал, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл Монгол Улсыг Хоёр дахь конпакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулсан, манай улсын махны экспортыг дэмжих 10 орчим сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжиж эхэлсэн, хоёр улсын Эрчим хүчний бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалт болсон, АНУ-ын Конгресст Монголын бүлэг дахин байгуулагдсан, манай улсыг “Н2” ангиллын визийн хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн, “LEAD Mongolia”, “FLEX” зэрэг залуучуудын солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж ирснийг онцлов.

Энэхүү арга хэмжээний үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах, дэмжих, батлан хамгаалах, энхийг сахиулах, хөдөө аж ахуй, эрчим хүч, аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай Хоёр дахь компакт гэрээ байгуулах бэлтгэлийг хангах, “Н2” визийн хөтөлбөрт хамрагдах ажлыг хэрхэн уялдаатай хамтран хэрэгжүүлэх зэрэг асуудлаар ярилцав.

Мөн төлөөлөгчдийн тэргүүн нар олон улсын харилцааны тулгамдсан асуудал, түүний дотор Ази Номхон далайн бүс нутгийн авулгүй байдал, сүүлийн үед Солонгосын хойгт болж буй хандлагын талаар санал солилцов. Уулзалтын үеэр Америкийн талаас Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн үзэл баримтлал, бодлогынхоо талаар танилцуулав.

Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департаментын хооронд 1999 оноос хойш жил бүр улс төрийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар, Вашингтон хотод ээлжлэн зохион байгуулж ирсэн бөгөөд зөвлөлдөх уулзалтаар талууд өмнөх жилийн хамтын ажиллагаагаа үнэлж, дүгнэн харилцааны цаашдын төлөв, салбарт тэргүүлэх зорилтуудыг хамтран тодорхойлдог уламжлалтай.

Categories
мэдээ спорт

SHINOBU FIGHT 2018 энэ сарын 27-нд болно

Image may contain: 6 people, text

Холимог тулааны SHINOBU FIGHT 2018 тэмцээн энэ сарын 27-нд Зүүн 4 замын Somang plaza sf club-т 7 цагаас эхэлнэ. Тус тэмцээн нь10 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд такс нь 20-30 мянга аж.

Image may contain: 2 people, text

Image may contain: 1 person, text

Image may contain: 2 people, text

Image may contain: 2 people, text

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

“Монголын зэс” корпораци Лондонгийн хуулийн фирмд ханджээ

zes

Оны өмнө Засгийн газрын зүгээс Эрдэнэтийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрийг “Монголын зэс” корпорацийнхан эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж мэдээлэл хийж байсан билээ.

Уг асуудлаар “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар Лондонгийн “Омниа Стратеги” хуулийн фирмтэй хамтран ажиллаж байгаа талаараа мэдээлжээ.Тэрбээр, “Бид өөрсдийн хууль ёсны өмчлөлөө дотооддоо ч, олон улсад ч хамгаалах болно. Монгол Улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Гэхдээ Засгийн газрын хийж буй энэ үйлдэл нь хөрөнгө оруулагчдад сөрөг дохиог өгөөд зогсохгүй дахин давтагдвал Монголыг сонирхох хөрөнгө оруулагч олдохоо болино” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Марк Цукерберг: Худал, ташаа, сенсаац мэдээлэлд шүүлт хийнэ

Image result for марк цукерберг

Сард хоёр тэрбум хэрэглэгч ханддаг фэйсбүүк нийгмийн цахим сүлжээ мэдээллийн эх сурвалжуудын рейтинг хэр байгааг тандахаар олон нийтийн дунд санал асуулга явуулах ажээ.

Марк Цузерберг баасан гаригт нийгмийн сүлжээнд энэ тухай бичихдээ “2018 онд бид хүмүүсийн фэйсбүүкт зарцуулж буй цаг хугацааг багасгахад анхаарч ажиллах болно.Өнгөрсөн долоо хоногт фэйсбүүкт сүүлийн хэдэн жил хийгээгүй том өөрчлөлт хийж, нүүр хуудсанд зөвхөн хэрэглэгчтэй холбоотой мэдээлэл найз нөхөд, гэр бүл болоод дагагчдад нь түрүүлж харагддаг болгосон бөгөөд, худалдаа, арилжааны байгууллагыг дагасан хуудас нь сүүлд харагддаг байхаар өөрчилсөн. Энэ долоо хоногоос хэрэглэгчийн мэдээний талбар /news feed/ дээр ташаа мэдээлэл цацдаг байдлыг болиулж, тухайн мэдээллийг үнэн бодитой эсэхийг нягталж зөвхөн эх сурвалжийн мэдээллийг оруулдаг болно. Үүний тулд танд харагдаж буй видео мэдээ, пост, зурагтай мэдээллийг таны фэйсбүүкийн мэдээллийн талбар дээр харагдах эсэхэд шүүлт хийх арга барилаа өөрчилнө. Бид фэйсбүүк хэрэглэгчдэд мэдээллээ шуурхай түгээх боломжийг олгосон ч үндсэн зорилгоосоо хазайж байгаа учир улам хүчээ авахаас нь өмнө энэ асуудлыг шийдэхээс аргагүй болж байна. Мэдээж энэ өөрчлөлт маш их эрсдэл, санхүүгийн алдагдлыг ч хүлээж байгаа. Гэхдээ 2018 он бол фэйсбүүкийг сайн тийш нь засч залруулах, өөрчлөхөд оршино. Фэйсбүүкээр дамжиж хүчирхийлэл, үзэн ядалт, худал мэдээлэл, гүтгэлэг газар авч байна. Тиймээс энэ бүхэнд анхаарах цаг нь болсон учраас зөв хэрэглээг хэвшүүлэхийн тулд ажиллах болно” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг шатахууны асуудлыг хэлэлцэж байна

Зураг

УИХ дахь намуудын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна.

Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар шатахуунтай холбоотой асуудлыг хөндөж ярилцаж байна. Мөн энэ долоо хоногт хэлэлцэх 6-7 хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж байр сууриа нэгтгэж байгаа аж. Тус бүлэг өнгөрсөн 7 хоногт хуралдаагүй. Учир нь бүлгийн гишүүд орон нутагт томилолттой явсан тул хоёр ч удаа хуралдаанаа хойшлуулж байв.

Монгол Ардын намын бүлэг мөн одоо хуралдаж байна. Бүлгийн хуралдааны дараа хуралдаанаас гарсан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулж, хэвлэлийн бага хурал хийх юм.