Categories
мэдээ цаг-үе

Заяатын Ядмаа: Пүрэвдорж багштан “газар мундсан биш Галзуугийн больницид архи уухдаа яадаг байна” гэж даапаалж билээ

Зохиолчид Бээжин хотноо. 1991 он. Гэрэл зургийг Бавуугийн Лхагвасүрэн найрагч даржээ

Монголын Зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд”-ийн шагналт зохиолч, яруу найрагч Заяатын Ядмаатай уулзаж хөөрөлдлөө. “Янгирын цэнхэр уулс”, “Их үдийн говь”, “Сэтгэлийн гэрэлт бүсгүй”, “Замын тэнгэр”, “Төрөлх араншин”, “Их бага хоёр”, “Зохиолчдын гэгээн шог”, “Зохиолчид инээлдсэн он жилүүд”, “Наймдугаар дэвтрийн нууц”, “Гэгээн цагаан наргиа” хэмээх олон арван ном бүтээлээ уншигч олноо өргөн барьсан эрхэм зохиолч маань “Цаг цагийн цагаан дурсамж” номоороо саяхан шог хошин болон баримтат уран зохиолын төрлийн оны тэргүүн шагналын эзэн болсноо “Ах нь алтан өд гардаж алтан од болохоо шахаж байна” гэж хошигнож байсан юм.


-Та чинь “Дэлхий бүтэн харагддаг Дэлгэрхангай”-д төрсөн говийн хүү байх аа?

-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Хул хайрханы энгэр Баруун долооны хойт зоон дээр дөчин дөрвөн оны намрын эхэн сарын аравдаар төрсөн гэж миний ээж өгүүлэх юм билээ. Намайг чинь одоо далан тав хүрсэн гэж зурхайч Тэрбишийн календарьт биччихсэн байх юм байна ш дээ. Худлаа гэж заргалдаж залуурхах аргагүй юм билээ. (инээв. сур) Би тогоотой сүүний өрөм, толгой махны хэлийг нь тамшаалж өссөн айлын танхил тэжээвэр хүү л дээ.

-Тэжээвэр гэхээр айлын өргөмөл гэсэн үг ээ дээ?

-Намайг төрсний дараа ээжийн маань нагац эгч болох Заяатад үрчлүүлсэн гэдэг. Би өргөмөл ээжийгээ Ижгээ гэдэг сэн. Ингээд миний бие Сэдийн хар гэх ингэний цагаан сүүгээр угжуулж базны хүүхэд болсон түүхтэй. Надад таван сайхан ээжийн нүүр үзэх хайр шингэсэн сонин сайхан учрал тохиосон доо. Хуланц эх Тогооч, эмэг эх Даваа, төрсөн эх Өжүүмаа буюу Руламсүрэн, үрчилж авсан эх Заяат, хадам эх Долгор гээд олон ээжийн хайр энхрийллийн алган дээр хөлбөрсөн би азтай хүн.

-Дундговийн уугуул Өмнөговийн хүргэн болж аж төрсөн гэл үү?

-Жаран дөрвөн онд Санхүүгийн сургууль төгсөөд Сангийн яамны улсын даатгалын газрын даргын тушаалаар Өмнөговь аймгийн АДХГ-ын захиргааны санхүүгийн хэлтэст даатгалын байцаагчаар томилогдлоо. Нэг том шар чемодантай л гараад өгсөн. Таних хүн байхгүй ээ. Өмнөговийн ард түмэн гэж гайхалтай сайхан ард түмэн. Тэнд очоод ажил төрөлдөө ч орлоо. Хорин насныхаа төрсөн өдрөөр захиргааны албан хаагч болсон би дөрвөн айлын галладаг жижиг шавар байшингийн нэг өрөөнд төвхнөлөө. Хуучин цагийн янхир төмөр ор, нэг модон ширээ, сандалтай. Шугамын радиотой. Аа бас нэг халуун савтай. Ингэсхийгээ л миний буй хөрөнгө бол оо. Өмнөговьд алба хаасан тэр жилдээ насны хань Жигмэдийн Энэбиш гэж өндөр цагаан охинтой танилцаж байлаа. Тэр үед Энэбиш маань “Говийн мэдээ” сонинд үсэг өрөгчөөр ажиллаж байсан даа.

-Хорьж боломгүй хорьхон настай залуу хайрын галд шатаад л шүлгийг ч ёстой бичиж өгөө биз?

-“Дахиад би хорьхон настай залуу

Даланзадгадын гудамжинд ганцаар алхаж зүүдлэв ээ

Жигтэй халуун дурлалын жижигхэн улаан түймэр

Жигмэд гуайн танхил охинд дурлаж байна гэж зүүдлэв ээ” гэж ирээд л шүлэг бичиж байв даа. Шүлэг, Энэбиш хоёр миний шүтээн болсон үе байж уу дээ. Жаран зургаан оны хавар хүүтэй болж мөн их баярлаж билээ. Хадам аав хүүд маань Өнөрсайхан нэр хайрлалаа. Миний хүү чинь Өнөржаргал, Өнөртуул, Өнөрхулан, Өнөрбаяр, Билэгт гээд олон сайхан дүү дагуулсан даа. Энэбиш маань хотод Холбооны сургуульд сурч байх далан хоёр онд манайх хотод шилжиж ирж байлаа. Өмнөговьд ганц шар чемодантай очсон би гээч хүн ханьтай ижилтэй, гэртэй оронтой, үртэй хүүхэдтэй болоод найман жилийн дараа нийслэлээ бараадаж билээ.

-Өмнөговийн зохиолч, яруу найрагчидтай очуутаа л дотносов уу?

-“Эдлэх ёсгүй эрх” жүжгийн зохиолч Ш.Ёнхор аймгийн намын хорооны тасгийн эрхлэгч байсан. Утга зохиолын дугуйлангийн эрхлэгч. Тухайн үед Өмнөговьдоо л Нацагдорж нь Ёнхор маань байлаа шүү дээ. “Ёлын домог”, “Зуун тулааны нэг”, “Бэргүй хурим” нэлээд олон жүжиг бичиж аймгийн Соёлын ордонд тоглуулсан мундаг зохиолч байлаа. Жаран найман онд наашаа шилжихдээ дугуйлангийн ажлаа надад хүлээлгэн өглөө. Дугуйлангийн эрхлэгчээр ажиллахдаа “Говь гурван сайхан” гэж ном гаргалаа. Яруу найрагчдынхаа шүлгээр “Яруу найргийн алтан говь” эмхэтгэл хэвлүүлсэн. Би тэр үед “Өмнөговь сайхан нутаг-манай говиор зочлоорой” гэсэн шүлэг бичиж байлаа. “Манай говиор зочлоорой” шүлэгт маань хөгжмийн зохиолч С.Чулуундорж ая дан хийснээр Ц.Цэрэндорж хуурдан уншиж радиогийн алтан санд орсон. Хожим Чулуундоржийн маань үр хүүхдүүд Даланзадгад хотод дуун хөшөө болгосон доо. Яруу найрагч Эрэнжидийн Хархүү, зохиолч М.Жавган, утга зохиол судлаач, доктор Данзанноровын Хүү, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж, роман бичсэн шүүхийн Дэмбэрэл нар манай дугуйлангийнх.

-Танай дугуйлан төвийн зохиолчидтойгоо аль хэр холбоотой байв?

-Жаран найман оны хавар хотоос зохиолч С.Дашдэндэв, Б.Бааст, А.Самбалхүндэв, Д.Пүрэвдорж, Д.Гармаа нарын зохиол бүтээлээр нь эчнээ танил болсон зохиолчид ирлээ. Тэд уулзалт зохиохын зэрэгцээ намар Өмнөговь аймагт зохиогдох анхны утга зохиолын өдрүүдийн талаар аймгийн намын хорооны нөхөдтэй ярьж тохирсон хэрэг. Зохиолчид тэнд хэд хонохдоо хөөрхөн элэглэл наргиа гаргаад амжлаа.

“Хэвтэж буудахдаа Дашдэндэв сайн

Хэтрүүлж буудахдаа Пүрэвдорж сайн

Хэсэж буудахдаа Гармаа сайн

Хэнэггүй буудахдаа Бааст сайн

Хэрэггүй буудахдаа Самбаа сайн” гээд инээлдэж байх. Тэгснээ Пүрэвдорж багштанд зориулж

“Гахайн маханд Тарвааг дагуулна

Галуун хүзүүтэд Гайтавыг дагуулна

Гадаадад явахдаа Шагдарыг дагуулна

Гарч шээхдээ Гармааг дагуулна

Ганцаардахад хүрвэл Янжинг дагуулна” гээд л инээлдэцгээнэ. Зохиолчид гэж мөн ч золигийн улс шүү.

-Намар нь хэн хэн очицгоов?

-Анхны Утга зохиолын өдрүүдийг Өмнөговьд зохион явуулахаар МЗЭ-ийн хорооны дарга С.Удвал ахайтан тэргүүтэй зохиолч С.Дашдэндэв, С.Эрдэнэ, Б.Бааст, яруу найрагч Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Ш.Дулмаа, дуучин Жаргалсайхан, Пүрэвсүрэн нарын аваргуудын десант буусан. Удвал гуай бага насныхаа дурсамжаас ярьж байсан. Их утга зохиолын хатан хаан Удвал гуайг анх харахад ихэмсэг гэхээсээ эрхэмсэг сүрдмээр ч юм шиг, тэгсэн атлаа ижий зөөлөн инээмсэглэлтэй их амгалан намбалаг төрхтэй, дарга гэхээсээ дара эх гэмээр санагдаж байж билээ. Үгээ зөөлхөн зөөлхөн зөөж ярих авч хэлсэн үг нь хэдэн зохиолчдодоо хууль мэт сонсогддог бололтой. Зохиолчид бүгд “Ахайтан” гэцгээнэ. Уран үгсийн чуулганы дараа аймгийн даргын хүлээн авалт боллоо. Нөгөө зохиолчид намайг дээшээ дээшээ гэсээр зассан урт ширээний эхэнд шахуу суулгачихлаа. Тэгэхнээ надаар халхавч хийж Удвал даргадаа харагдахгүйгээр хэдэн хундага юм татах л гэж намайг дээш нь залсны учрыг мэдлээ.

-Удвал гуайгаас зохиолчид их эмээнэ биз?

-Зохиолчид Ноён, Сэврэй, Баяндалай сумдын зүг жолоо залж би нөгөө мундаг Явуу, Пүрэвдорж, Эрдэнээ нартай суудал зэрэгцэж, Удвал даргын тэргэнд суудаг байгаа. Би тэднийг Баяндалай хүртэл гаргаж өгөх гэж байгаа ухаантай. Гаргаж өгөх хүн яаж хоосон байхав. Гурван кило алим, гурван лонх гоёоны архи ганзагалсан байлаа. Замдаа Гурвансайхан уулын Ёлын ам руу дөхөж явтал тэргэнд саатал гарч жолооч Чүлтэмсүрэн машинаа шалгах юм боллоо. Ууланд цас орчихсон хүйтэн байсан учир бид буусангүй. Нөгөөдүүл чинь намайг нудраад л байна шүү. Харсан чинь ам руугаа зааж байна. Бодвол үнэр авсан биз. Лав л алим идэх гээгүй гэж бодоод лацтай архийг яаж ч задалснаа мэдэхгүй нөгөө хэддээ хундагалж өглөө. Удвал гуай яг урд талд сууж байгаа. Духны хөлс чийхраа л. Аз болж Удвал гуай эргэж ч хараагүй юм. Тэгэхнээ “Та нар минь, наадахаасаа муу Чүлтэмсүрэнд жаахан амсуулаарай” гэдэг байгаа. Нөгөө хэд таг дуугүй байсан. Зохиолчид тэр намар говиор аялаад буцах замд Ханхонгор сумын дарга нар Удвал гуайг контортоо урьж цай уулгаж. “Морь сарлаг” ч задлах шинжтэй гэнэ. “Та нар наадахаа надад өгөх гэж байгаа юм уу” гэтэл цаадуул нь “Тийм тийм” л гэцгээж. “Үнэн үү” гэхэд нь “Үнэн” л гэж. “Тэгвэл наадахаа бөглөөд нааш нь өгчих дөө. Манайханд наадахыг чинь “чаддаг” улс яваа шүү” гээд авч нөгөө хэдийгээ аян замд дайлсан гэдэг сэн.

-Айлгадаг ч гэсэн бас л хүн чанартай дарга байж дээ?

-Удвал гуай зохиолчдоо харцаараа зэмлэж, үгээрээ чимхэн зөвлөдөг, зөөлхөн энэрэнгүй эрхэм байсныг олон зохиолчоос сонсож байсан даа. Даргын нарийн бичгийн дарга байсан Д.Найманжин зохиолч хорооны бие засах газар хавьцаа архи илгээж зогстол Удвал гуай харчихаад “Найманжин минь дээ, яасан тохьгүй газар ууж байх юм бэ. Миний өрөөнд ороод уухгүй дээ” гэсэн гэдэг. Хэрэвзээ өөр дарга байсан бол нарийн бичгийн дарга ажилгүй болно биз. Би далан дөрвөн онд Удвал даргын тушаалаар Монголын зохиолчдын хороо хэмээх их айлын ам бүлд багтаж алба хаших болсон минь дурсамжтай сайхан санагддаг юм.

-Хороогоор орохоор Дэндэвийн Пүрэвдорж найрагч та хоёр шатар нүүгээ л мар мархийтэл инээлдэж суудаг сан. Та бодвол шавь нь байх аа?

-Салхин дээгүүр нь олон гараад баймааргүй сайхан яруу найрагч шүү. Жаран найман оны хавар Говь Гурвансайхан уулын бэл Даланзадгад хотод багштантай танилцахад ёстой л ирлэсэн тонгорог шиг гялалзаж инээд, шүлэг хоёроор цацарч явсан үе байлаа. Би хотод шилжиж ирээд авто тээврийн хоринхоёрдугаар баазад ажиллаж байлаа. Хаа байсан нэгэн баазын нягтлан бодогчийг Удвал ахайтны гарын үсэг бүхий албан тоотоор удаа дараа урин дуудаж, Монголын зохиолчдын их өргөөнөө Утга зохиолын фондын хороонд өөрийнхөө дэргэд хоёрдугаар гарын үсэг зуруулах эрх олгосон хүн нь багштан маань юм. Тэр цагаас миний албан ажлын даргаар олон жил ажиллаж, анхны “Янгирын цэнхэр уулс” номыг минь ариутган шүүсэн. Зохиолчдын эвлэлд элсэхэд минь өөрийн гараар хөтлөн орсон. Өчнөөн жил хамт ажиллахдаа өдөр өнжилгүй шатар тоглож байсан гэвээс найз нөхөд ч гэмээр, заримдаа хуурай ах дүүс шиг байсныг хэлээд яахав. Миний дарга, багш, анд нөхөр, хуурай ах гэсэн дөрвөн учралаар бид холбоотой юм даа.

-Пүрэвдорж багшийгаа ч гарын арван хуруу шигээ л мэдэх хүн байна даа?

-Багштаны ээж Довдмаа гуай гэж буянтай сайхан буурал байлаа. Зусланд манайхаар орж гарна. Гэргий маань нэг зун дан тэрлэг хийж өгөхөд их баярласан сан. Багшийн дүү олон арван шавьтай одон бөмбөгийн спортын мастер Санжмятав гэж хэлэмгий доломгой, сийрэгхэн сэтгэдэг сэргэлэн эр байлаа. Санжмятав “Би залуудаа шүлэг бичдэг байлаа. Ах хүүг мундаг найрагч болохоор ичээд бичихээ больчихсон юм” гэж байсан. Бичвэл ч сүрхий найрагч болох л байсан байх. Наян гурван онд “Болор цом” яруу найргийн наадмыг багштан санаачлахад янз бүрийн л яриа хөөрөө гарлаа. Тэр үед багш “Шүлс хаяж уралддаг тэмцээн байхад шүлэг уншиж уралддаг наадам байж яагаад болдоггүй юм” гэж зад хамгаалсан ярилцлага өгч байлаа. Багштан олон жил хамт ажиллахдаа намайг загнаж зэмлэх бүү хэл муухай ч харж байгаагүйг бодохоор итгэлийг нь эвдэж, сэтгэлийг нь сэвтээгээгүй шүү юм бол уу даа.

-Шатраар та хоёрын хэн нь илүү наадахав?

-Би багшаас арай илүү тоглодог байснаа нуугаад яахав. Эхний өрөгт би хожно. Дараагийнхад хожигдоно. Гуравдахь өрөгт би хожно. Тэгэхээр багштан “Чи битгий “салаавч” хийж нохойтоод байгаач” гэж дамшигладаг сан. (инээв) Багштан ер нь тоглоомонд их хорхойтой. Ёворцог, даалуу, шатар их тоглоно. Хүнийг явуулах, дамшиглах гэж ярих юм байхгүй. “Танай Дундговийнхонтой би ойрхон байдаг шүү” гэснээ “Танай Дундговийнхон чинь одондож дуусдаггүй олон зохиолчтой, ойчиж дуусдаггүй олон бөхтэй” гээд дамшиглана. Үг нь бэлэн цэцэн. Шатар тоглож суухдаа л “Би холдохгүй ээ, Бин Ладен олдохгүй ээ” ч гэж байх шиг.

“Пүрэвийг битгий “хар” гээ

Норовын заяа гомдоно

Норовыг битгий “хар” гээ

Занын заяа гомдоно” ч гэж байх шиг. Бид хоёр байсхийгээд номыг нь дэлгүүрт хүргэж өгөн, борлогдсон мөнгийг нь авахад хамт явна. Түүнийгээ “хавх эргэх” гэж ярина. Овоо мөнгө гарсан байвал “Хотил оржээ”, багахан мөнгө гарсан байвал “Мөндөл өеөджээ” гээд номын хишиг гэж хоолонд орно доо. Нэг удаа бид хоёр Шархадны эмнэлгийн дарга, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Доржхандтай очиж уулзлаа. Роман бичихээр материал цуглуулж байсан үе нь л дээ. Доржханд дарга бид хоёрт архи задлав аа. Багштан ёсолсон болоод уусан ч үгүй өөрийнхөө хундагатайг надад өгсөн юм. Гарсны дараа “Чи газар мундсан биш очиж очиж Галзуугийн больницид архи уухдаа яадаг байна” гэж даапаалж байж билээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

ШХАБ-д элсэхийн ач холбогдол ба ашиггүй талууд

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) буюу бүс нутгийн олон улсын нэгдэл гэж юу вэ.

Түүх сөхье. 1996 онд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстаны тэргүүнүүдийн уулзалтаар хилийн районуудад цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж, тэр баримтад тулгуурлан “Шанхайн тав” гэсэн улс төрийн нэгдлийн суурь тавигдсан. Энэ байгууллага НҮБ-д 2004 оноос ажиглагчийн статустай болсон юм. ШХАБ 1997 онд байгуулсан гэрээндээ хилийн бүсэд зэвсэгт хүчнийг харилцан адилаар хорогдуулахаар болж, энэ нь Ази Номхон далайн бүсэд цэргийн хурцадмал байдлыг намжаах, анхны алхам гэж байв. “Шанхайн тав” 2000 онд Шанхайн чуулга болон өөрчлөгдсөн. “Шанхайн тав”-д Узбекстан нэмэгдсэнээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бий болгох тунхагт гарын үсэг зурав. 2002 онд албан ёсны байгууллага болсон бөгөөд бүс нутгийн аюулгүйн болон тогтвортой байдал, түүнчлэн терроризм, хэт даврагчидтай хийх тэмцэл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний түншлэл ба хамтран ажиллах явдал гэж эвслийн зорилгоо тодорхойлж байлаа.

Манай улс тус байгууллагад 2004 онд анхны ажиглагчийн статустай улс болсон юм. Одоогоор хамгийн удаан ажиглагчийн статустай яваа нь Монгол Улс. Ажиглагч улс болсноосоо хойш төр засгийн тэргүүнүүдийн хувьд томоохон хэмжээний уулзалтад байнга оролцож ирсэн.

ШХАБ-ын гол тоглогч орнууд нь манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ. Хойд хөршийн хувьд 2015 оноос олон улсын хориг арга хэмжээнд өртөж ганцаардсан учраас холбоотны эрэлд явсан төдийгүй ШХАБ-д энэ сонирхол нь харагддаг. Цэрэг улс төр, аюулгүй байдлын хувьд ШХАБ дотроо тэргүүлэгч орон. Харин эдийн засаг, санхүүгийн нөөцийн хувьд Хятадыг гол нөлөөтэй гэж судлаачид үздэг. ШХАБ-ын албан ёсны хэл нь орос, хятад. Энэтхэг ШХАБ-д элсэхэд ч хэлний асуудал хөндөгдөж байсан. Албан ёсны хэл нь англи учраас. Манай улсын дараа тус байгууллагад ажиглагчаар Иран, Пакистан, Энэтхэг, Афганистан элссэн бөгөөд одоо дээрх улсын зарим нь гишүүнчлэлээр элсээд байгаа. Уг нь ШХАБ-ын дүрэмд газар нутгийн маргаантай орнуудыг үндсэн гишүүнээр элсүүлэхгүй гэдэг ч Энэтхэг, Пакистан хоёр гишүүнээр элссэн нь анхаарал татдаг. ШХАБ нь Хятад, Пакистаны стратегийн хамтын ажиллагаа, үүнийг сөрсөн Орос, Энэтхэгийн харилцааны талбар болж магадгүй гэсэн болгоомжлол бийг ч ажиглагчид хэлж байгаа билээ. Энэ байгууллагын талаар албан ёсны мэдээлэл ийнхүү хөвөрнө.

Гэвч зарим судлаачийн үзэж буйгаар Афганистаны дайны үеэс ШХАБ байгуулагдах суурь тавигджээ. Үүнийгээ эдийн засгаар далдлах гэж оролддог. 1979-1989 онд Афганистанд ЗХУ-ын цэрэг орж баахан дайтав. Ямар ч ялагчгүй энэ дайнд асар их үргүй зардал, зэвсэг техник, хүн хүч үрэгдсэн байдаг. Афганистанаас ЗХУ-ын цэрэг гарахад тус улс засаг захиргаа гэх юмгүй хаос байдалтай үлдсэн. Энэ үед талибанчууд жинхэнэ дураараа дургисан. 1991 онд ЗХУ задарч Дундад азийн лалын шашинтай орнуудад нөхцөл байдал хүндэрч, талибаны нөлөө тэр үед их болж байнгын мөргөлдөөн тэмцэл салахаа больсон.

Афганистанд талибанчууд дураараа дургиж, дундад азийн орнуудад хар тамхины тариалалт, хэрэглээ замбараагаа алдаж, ОХУ руу хар тамхи Афганистанаас цувж эхэлсэн байдаг. Дээр нь терроризм, лалын шашны хэт даврагчдын үүсгээд байсан нөхцөл байдал зэргээс сэргийлэх шаардлага бий болж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг цэргийн зориулалттай байгуулсан гэдэг. Хэдийгээр ШХАБ өөрсдөө терроризм салан тугаарлах үзэлтэй тэмцэх, мөн нөхөрсөг хамтын ажиллагаа гэх мэтийг өмнөө тавьж хэлдэг ч зорилгыг нь шууд утгаар нь хүлээж авдаг улс төр судлаач, олон улсын ажиглагч бараг үгүй.

2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлын дараа америкчууд Афганистан руу орж талибанчуудыг дарах үйл ажиллагаа явагдаж, ШХАБ-ын үүрэг зорилго ч энэ хооронд өөрчлөгдсөн. Талибаны нөлөөнөөс айж эхэлсэн. Киргизэд хүртэл АНУ агаарын цэргийн бааз байгуулж байсан. Нэг үгээр Америк дундад азийн орнуудыг өөртөө татах сонирхол явуулж эхэлсэн учраас АНУ-ын нөлөөний эсрэг зогсохын тулд ШХАБ өөрийн байр суурийг өргөтгөх шаардлага тулгарч, зарим улсыг гишүүнээр татан оруулсан нь Энэтхэг, Пакистан.

ШХАБ-ын гишүүн орны томоохон хэмжээний уулзалтууд тогтмол болдог ч шууд утгаараа нөлөөлөл нь бага байдаг гэсэн шүүмжлэл ч бий. ШХАБ-д хоорондоо улс төр, геополитикийн маш зөрчилтэй орнуудыг гишүүнээр оруулсан нь анхаарал татдаг. Тажикстан, Узбекстан нэг голын усны асуудлаар талцаж, зөрчилдсөөр байгаа бол Пакистан, Энэтхэг хоёр байнгын зөрчилтэй байдаг улс.

Хятадын хувьд “Нэг бүс-нэг зам” төслөөрөө дэлхийн бүс нутгуудад өөрийн нөлөөллөө тогтоох оролдлого хийж байгаа. Энэ нь ч бас амжилттай хэрэгжиж байгаа. Эдийн засгийн хувьд хүч нөлөөллөө бэхжүүлэхэд энэ байгууллагаар дамжуулан сонирхлоо илэрхийлж байгаа гэдэг.

Яг өнөөдрийн байдлаар Монголын экспортод тодорхой хэмжээний хориг тавьж байгаа бол хойд хөрш ОХУ дотоодод нэмэгдсэн нефтийн үнийн өсөлтийг далимдуулаад өөрсдийн сүлжээг оруулж ирэх саналаа тавиад байна. Хэрэв энэ сүлжээ орж ирэх юм бол Оросын ганц компани манай бараа үйлчилгээний суурь үнийг хөдөлгөх монополь эрхтэй болно. Эдгээр үйлдлүүдийг ШХАБ-д гишүүнээр орохтой холбон тайлбарлаж, тойруу замаар, албан бусаар шахалт үзүүлж байна гэж хардах нь ч байна.

Украйны ОХУ-аас салан тусгаарлах бодлоготой холбоотой ОХУ-д барууны орнууд тэр дундаа их наймын орнууд нэлээд хатуу хориг тавьсан билээ. Энэ шахалт нь ОХУ-д ШХАБ-ыг бүрэн бэхжүүлэх нэг сонирхол болж өгсөн. Нэг үгээр хэлбэл өөрийн гэсэн холбоотноо бэхжүүлэх сонирхол нь ихэссэн.Тиймээс ч хэдийгээр эдийн засаг, төсөл хөтөлбөр гэсэн олон өнгөлөн далдлалтын цаана барууны эсрэг чиг хандлагатай олон улсын цэрэг улс төрийн эвсэл гэж үзэх ажиглагчид олон байна. ШХАБ Ираныг ажиглагчийн статусаас нь гаргаж гишүүн орон болгох гэж мэрийж байгаа нь ч үүний нэг илрэл гэж үзэж буй. Учир нь АНУ Иран хоёр бол томоохон асуудалтай байгаа. Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнууд нь ихэвчлэн авторитар дэглэмтэй лидер дагнасан улс орнууд. Киргизид байсхийгээд өнгөт хувьсгал гардгийг эс тооцвол ШХАБ-ын гишүүн гэх бусад нь бол насаараа нэг хүн эрх барьсан тогтолцоотой улс. Гэтэл ажиглагчийн статустай манай улс ардчилсан орон. Ардчиллын зарчмаа бодсон ч гишүүнээр орох нь зохимжгүй гэж судлаачид үзэж байна. ШХАБ терроризм, салан тусгаарлагчтай тэмцэнэ гэдэг. Манайх бол холбооны улс биш учраас салан тусгаарлах үзэл гэж байхгүй. Терроризм гээд шууд утгаар нь хэлэх юм байхгүй. Тиймээс ШХАБ-ын цэрэг улс төр аюулгүй байдлын асуудал нь Монголын хувьд тулгамдсан асуудал биш гэж ажиглагчид үзэж байна.

Хэдийгээр Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцааг эрхэмлэдэг ч гуравдагч хөршийн бодлогыг мөн барьсаар ирсэн. Зарим улс төр судлаачийн хэлж байгаагаар хэрэв ШХАБ-ын ажиглагчийн статусаа өөрчилж, гишүүн болвол Монгол хамгийн их тусламж авдаг донор орнуудаасаа хагацах аюул нүүрлэнэ. Хоёр том гүрний дунд улс төр эдийн засгийн шууд хамааралтай болно гэж үздэг. Манай гуравдагч хөрш гэгддэг улс орнууд энийг яавч таатай хүлээж авахгүй.

Тиймээс ч манай улс түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр илүү дутуу зүйлд хэт самбаганах шаардлага байхгүй, гадаад бодлогын хувьд тодорхой хугацаанд ажиглагчийн статусаа хадгалах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн ШХАБ-ын бүрэн эрхэт гишүүн улс бусад улстай цэргийн болон батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулвал эвсэлдээ мэдэгдэнэ гэж заасан байдаг нь манайд тийм ч зөв хувилбар биш. Манайх энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох буюу Хааны эрэлд цэргийн олон улсын хамтарсан хээрийн сургуулилт хийхдээ ч ШХАБ-ын гишүүн болвол тэдэнд заавал мэдэгдэх нь байна шүү дээ. Энхийн төлөө түншлэлүүд бүгд хяналтанд ороод ирнэ гэсэн үг. Мөн энэ байгууллагад жинэхэн гишүүн болсноор эдийн засгийн айхтар том ашиг олно гэж үзэхгүй байгаа юм. Учир нь ШХАБ-ын гишүүн зарим орон гол тоглогч Хятад, ОХУ-ыг эдийн засгийн хувьд дэмжсэнгүй гэж гомдоллох явдал одоо ч бий.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүн болох нь энэ мэт нэг их ач тустай биш, алдах нь их гэж үзэх хүн олон ч өөр байр суурьтай нь байна. Манайхыг ШХАБ-ын жинхэнэ гишүүн болох нь гэсэн мэдээлэл байсхийгээд л явдаг. Энэ нь хоёр хөршөөс их гардаг бөгөөд бүр ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан мэдээнд хүртэл орчихсон явж байсан удаатай. Тэгэхээр тус байгууллагад манай улсыг элсүүлэх сонирхол бий гэдэг нь харагддаг.

Нөгөө талаас хөрш хоёр орноо л түшье. НАТО удахгүй задрах нь. Манай улс энэ байгууллагад элссэнээр нэг их алдаад байх зүйлгүй. Хоёр хөрштэйгөө илүү дотно байх байр сууриа хадгалах үүднээс дээрх байгууллагад гишүүнээр элсэхэд татгалзах зүйлгүй гэсэн байр суурийг ч зарим хүн илэрхийлдэг. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхийн ач тус болон ашиггүй байдал одоогоор судлаачдын үзэж буйгаар ийм л байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч Д.Оюунтуяа “Байж л байвал бараа чинь хаачих вэ дээ, Баттулга Ерөнхийлөгч минь” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдлаа. Дараа нь хуралдааны талаар мэдээлэл хийснийг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай.

БНСУ-ын үнэт эдлэлийн дэлгүүрт хоёроос дээш монгол хүн орохыг хориглож эхэлжээ. Үүний тухай сурвалжилгыг нэгдүгээр нүүрнээс хараарай.

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралджээ. Энэ талаар улс төрийн хоёрдугаар нүүрэн дэх “Ирэх оноос түүхий нүүрсийг төвлөрсөн хотуудад оруулахгүй байх шийдвэр гаргахаар болжээ” сурвалжилгаас үзээрэй.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Оюунтуяагийн “Байж л байвал бараа чинь хаачих вэ дээ, Баттулга Ерөнхийлөгч минь” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Соёлын төв өргөөнд өчигдөр “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Энэ талаар улс төрийн дөрөвдүгээр нүүрэн дэх “НИТХ-ын дарга нар газрын албаны ажлаа муу гэсэн бол Газрын албаны дарга нь “Бид үнэхээр сайн ажиллаж байгаа” сурвалжилгаас хүлээн аваарай.

Үе мөчний өвчнөөр сүүлийн жилүүдэд өвдсөн хүний тоо эрс олширчээ. Энэ өвчний талаар “Миракл” эмнэлгийн эмч, доктор Чой Ин Сонтой хийсэн ярилцлагыг эмч нүүрнээс үзээрэй.

Танин мэдэхүйн XIII нүүрнээс “Нимгэн хувцаснуудыг давхарлаж өмсөх нь биеийн дулааныг илүү хадгалдаг” сурвалжилгыг сонирхон хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчим хамгийн их бохирдолтой байна

Улаанбаатар хотын агаарын бохирдол харьцангуй бага байна. Одоогийн байдлаар агаарын бохирдол хамгийн их байгаа хэсэг Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчим байна. Толгойт орчимд салхины хурд 0,8 м/с, агаарын температур -30,3 градус байгаа аж. Маш их бохирдолтой байдаг Баруун дөрвөн зам орчим бага зэргийн бохирдолтой, 2,2 м/с салхитай, агаарын температур -27,8 градус хүйтэн байна.

Categories
мэдээ спорт

Какүрюү М.Ананд Хацү башёг есөн даваатайгаар тэргүүлж байна

Мэргэжлийн сумогийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёгийн ес дэх өдрийн барилдаанд 71 дэх их аварга Какүрюү М.Ананд Араваши Э.Дөлгөөнтэй барилдан ёрикири мэхээр давж ес дэх даваагаа авснаар итгэл төгс тэргүүлж байна. Тэргүүлэгчдийн эгнээнд явсан сэкиваки Митакеуми Точиношинтой барилдаж унаснаар тэргүүлэгчдийн эгнээнээс гарлаа. Харин Ичиножо А.Ичинноров өнөөдөр сайн барилдаж Оношог котанаге мэхээр давжээ. Хацу башёг Какүрюү М.Ананд аварга ганцаараа тэргүүлж, маэгашира Точиношин нэг унаатайгаар удаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшин Замын-Үүд чөлөөт бүсийг эрчимжүүлэхэд АХБ-наас дэмжлэг хүслээ

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал ноён Инду Бушан тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн үйл явцын талаар санал солилцохоор өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзлаа.

Инду Бушан “АХБ санхүүжилтийн зөвшөөрлийг Монголд олгосоор ирсэн боловч зарим тодорхой төслийн хэрэгжих явц хэтэрхий удаашрах боллоо. Одоо хэрэгжиж байгаа ажил доголдож байгаагаас үүдэн шинэ төсөл, хөтөлбөр батлах, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болно” гэж мэдэгдэв. Тухайлбал, АХБ-ны санхүүжилтээр эхэлсэн боловч төлөвлөгөөт хугацаанд дуусгаж амжихааргүй нөхцөл байдал үүссэн гурван төслийг дурдвал, Сонгинохайрхан дүүргийн загвар эмнэлгийн барилга, Баруун бүсийн босоо тэнхлэгт Орос-Хятадыг холбосон автозам, Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжийн төслийг АХБ-ныхан онцолж байна. Түүнчлэн Шадар сайдын харьяа МХЕГ-ын хамтран хариуцаж байгаа “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн хэрэгжилт мөн хугацаа хожимдож байгаа нь төслийн нэгж байгуулах шатанд цаг алдсантай холбоотой аж.

Шадар сайд Ө.Энхтүвшин Шадар сайдын Ажлын албанд хамаарах буюу ОБЕГ-т амжилттай хэрэгжиж байгаа “Ой хээрийн түймэр, зудтай тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх” төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг хэлээд, харин МХЕГ-т хэрэгжиж байгаа “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Шадар сайдын зүгээс бүх дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд АХБ-наас 600 сая ам.долларын бодлогын зээл олгож байгаад талархал илэрхийлээд ноён Инду Бушанд хэд хэдэн ажил хэрэгч хүсэлт тавьлаа. “Шадар сайд миний бие хариуцдаг бас нэгэн асуудал бол чөлөөт бүс байдаг. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг дэмжих, бүсүүдийн захирагчийн албаны чадавхыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх хэрэгцээ өндөр байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Замын-Үүд чөлөөт бүсийг нээн ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд Шадар сайдын хувьд Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллаагааг эрчимжүүлэхийн тулд АХБ-ны зүгээс манай Засгийн газарт энэ чиглэлээр техникийн туслалцаа, арга зүйн дэмжлэг үзүүлэх боломжийг судлах хүсэлтийг Танд тавьж байна. Монгол Улстай 2018-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө миний дэвшүүлсэн асуудлыг нэмж оруулах талаар анхааран ажиллана гэж найдаж байна” гэлээ. Үүний хариуд ноён Инду Бушан “Чөлөөт бүс бол АХБ-наас анхаарал хандуулдаг чиглэлүүдийн нэг” гээд Шадар сайдтай эргэн уулзахдаа нааштай хариутай зочилно гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэллээ.

Өнгөрсөн 26 жилийн хугацаанд АХБ Монгол Улсад нийт 1.9 тэрбум ам.долларын санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг олон салбарт бодит үр дүн бүхий 310 гаруй зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж ирсэн манай том түншүүдийн нэг юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот олон төвтэй болчихвол түгжрэл буурна

Улаанбаатар хот олон төвтэй болчихвол түгжрэл буурна

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан, Замын цагдаагийн алба, СБД-ийн ЗДТГ хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, ЗЦА болон ТББ-ийн төлөөллүүд оролцлоо. Уг зөвлөгөөний гол зорилго нь Сүхбаатар дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн хэмжээнд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урт богино хугацааны төсөл хөтөлбөр батлахад оршиж байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Сүхбаатар дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр онцгой анхаарал хандуулж, цаг зав гаргаж ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага олон нийтийн оролцоог идэвхжүүлэн мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, иргэдийн аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байгаа та бүхэндээ ажлын амжилт хүсье” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

-Хөдөлгөөний эрчим ихтэй, аюулгүй байдал сул байдаг учраас гол нутаг дэвсгэрт Сүхбаатар дүүрэг хамаардаг. Өнөөдрийн зөвлөгөөн олон талын ач холбогдолтой. Тухайлбал, нийслэл болон дүүргийн бодлогыг нэгтгэх, нэг алсын хараа, бодлоготой болж хийж хэрэгжүүлэх ажлын санал солилцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой болох юм. Улаанбаатар хотын хувьд замын хөдөлгөөний талаас төв байршилд маш олон төрийн байгууллага, засаг захиргаа, бизнесийн төвүүд, авто зам дагасан олон нийт, худалдаа үйлчилгээний төвлөрөл бий болсноор замын хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учирч түгжрэл бий болж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хот бол нэг төвтэй. Бид ерөнхий төлөвлөгөөгөөрөө Улаанбаатар хотыг найман дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Одоо хоёр дэд төв нь хийгдээд явж байгаа. Цаашдаа Улаанбаатар хот хэд хэдэн дэд төвтэй болчихвол төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хамгийн том нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас түгжрэлийг ганцхан төрийн байгууллагуудын нүүснээр буурна гэж ойлгож болохгүй. Гол гол туслах замуудыг сайн барьж байгуулах хэрэгтэй. Холбоос замуудыг сайн хийх хэрэгтэй. Тийм учраас байшин хороолол болон гэр хороолол дундах орц гарцуудыг сайн чөлөөлөх хэрэгтэй.

Иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулах, тухайн зөрчилд хариуцлага тооцох зорилго бүхий E-police апликейшинийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат:

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах, бусад төрийн байгууллагууд, нутгийн захиргааны удирдлагуудтай хамтран ажиллах, ард иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаас ямар шинэчилсэн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх вэ гэсэн талаас өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ зөвөлгөөн цаашдаа 6 дүүрэгт үргэлжлэн зохион байгуулна.

Өмнөх онтой харьцуулах юм бол зам тээврийн ослын улмаас болон бусад төрлийн гэмт хэргүүд тодорхой хэмжээгээр буурсан. Монгол Улсын хэмжээнд 2016 онд зам тээврийн ослын улмаас 550 хүн, 2017 онд 500 хүн нас барсан гэсэн судалгаа гарсан.

Иргэдэд анхааруулж хэлэхэд 2017 онд зам тээврийн ослын тоо маш их өссөн. Ялангуяа орон нутгийн замд зам тээврийн ослоор амь насаа алдсан хэрэг 2017 онд үйлдэгдсэн гэмт хэргийн 80-н хувийг эзлэж байна. Тиймээс зам тээврийн хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох хэрэгтэй.

Зун, өвлийн замын хөдөлгөөн өөр. Хүйтэн сэрүүний улиралд хөдөлгөөний хурдаа хоорондын зайнаас хамаарч сонгож явах, өвлийн дугуйгаа сольсон байх, орон нутгийн замд явах гэж байгаа бол маршрутын дагуу явдаг гэх мэт олон сэрэмжлүүлэг, сурталчилгаануудыг ард иргэддээ хүргэж ажиллаж байна. Үүний үр дүнд одоогоор ноцтой зүйл ажиглагдаагүй байна.

Сүхбаатар дүүрэгт Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам, агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, 13 улсын Элчин сайдын яам, их дээд сургуулиуд байрладаг бөгөөд энэ нь нийслэл хотын замын түгжрэл, замын аюулгүй байдлын гол зангилаа, эх үүсвэрүүдийн томоохон шалтгаан нь болдог аж.

Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны 8 дугаарт, Монгол Улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25 дугаарт орж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хийх цахим хурал хийлээ

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга, зохицуулагч нар үргэлжлүүлэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хийх цахим хурал хийлээ. Цахим хурлыг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ахлан явууллаа. Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилтууд, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашдын зорилт болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр орон нутагт амжилттай хэрэгжиж байгаа зарим үйл ажиллагаанаас товч танилцууллаа. Үүнд орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөрийг 2013 оноос эхлэн Сонгинохайрхан дүүрэг, Өмнөговь аймагт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, улмаар бусад аймаг, дүүрэгт орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, Хэнийг ч орхигдуулахгүй байх хандлага нэвтрүүлэхэд зөвхөн сонгогдсон аймаг, дүүргээс гадна улсын хэмжээний, бүсчилсэн сургалт зохион байгуулж, олон улсын байгууллага, салбар хоорондын оролцоог хангаж ирсэн бөгөөд сонгогдсон анхан шатны эрүүл мэндийн байгууллагад Мобайл эрүүл мэнд төслийг хэрэгжүүлж байна.

Монгол улсын Засгийн газар “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг батласан бөгөөд уг бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стратегитэй уялдуулан боловсруулж орон нутгийн дэд хөтөлбөрийг нийслэл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол болон Засаг даргын захирамжаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол улсын Засгийн Газрын 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгуулах асуудлыг баталсан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын хариуцлагатай, үр ашигтай байгууллага бий болгох, иргэдээ санхүүгийн эрсдэлээс хамгаалах, улсын төсвийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалаар дамжуулан санхүүжүүлэх, стратегийн худалдан авалтын тогтолцоонд шилжих зэрэг олон асуудал бидний өмнө тулгараад байна. Энэ үед Эрүүл мэндийн сайдын хүсэлтээр манай оронд ДЭМБ-ийн бүсийн төлөөлөгчид айлчлан ажиллаж байгаа нь маш чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг онцоллоо.

Categories
гадаад мэдээ

Якутад -67 хэм хүрч хүйтэрчээ

Якутаас 1000 км орчим зайд орших Оймякон нэртэй жижиг сууринд -67 хэм хүрч хүйтэрсэн тухай hindustantimes.com сайтад мэдээлжээ. Якутын оршин суугч Анастасия Груздева гэх бүсгүйн хөмсөг, сормуус нь цантсан зураг сошиал сүлжээндээ оруулж “Манай энд -50 хэм хүртэл хүйтэрдгийг бүгд мэднэ биз дээ. Гэсэн ч бид гэрээсээ гарсаар л байна. Үнэндээ дулаахандаа тооцогдоно шүү” хэмээн бичсэн нь олны анхаарал ихээхэн татсан байна.

Ердөө 500 гаруй оршин суугчтай тус сууринд 1933 оны хоёрдугаар сард -67.7 хэм хүртэл хүйтэрч байсан нь дээд үзүүлэлт аж. Энэ өвөл Оймякон сууринд найман өдөр -50 хэмээс илүү хүйтэрчээ. Найм хоногийн өмнө агаарын температур -59.6 хэм хүрч, ил гарсан биеийн хэсэг, арьс таван минутын дотор жаварт хайрагдаж байжээ. Цочир хүйтрэл энэ долоо хоногт ч үргэлжлэх төлөвтэй байгаа талаар Сибирийн Онцгой байдлын яамнаас сэрэмжлүүлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Чулуунбат: Роснефть орж ирсэнээр шатахууны үнэ бууна гэж ойлгох нь учир дутагдалтай

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб төр, хувийн хэвшлийн холбогдох албаны төлөөллийг оролцуулан “Шатахууны үнэ ба эдийн засагт үзүүлэх үр нөлөө” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлэгт Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар хүрэлцэн ирж сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

Б.ЛХАГВАЖАВ: ТӨРИЙН ЗОХИЦУЛАЛТ АМЖИЛТ ОЛСОНГҮЙ

МҮХҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Шатахуун тойрсон асуудал гэнэт гараад ирсэн юм биш. 2009 онд анх шатах, тослох материал үнэтэй болж тухайн үеэс эхлэн гал унтраах арга хэмжээ авсаар ирсний үр нөлөө өнөөдөр гарлаа гэж харж байна. Төрийн гол зохицуулалт импортлогч компаниудад татаас өгч шатахууны үнийг барьж ирсэн. Нэг ёсондоо чөлөөт зах зээлийн жамаар үнэ тогтох жишгээс есөн жил зугатлаа. Гол нь зохицуулалт амжилт олсонгүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Яг үнэндээ импортлогчид литр тутамдаа 100-200 төгрөгийн алдагдалтай байгаа. Ер нь импортлогч компаниуд буяны байгууллага биш шүү дээ. Тиймээс төр шатахууны үнийг чөлөөлж, зах зээлийн жамаар нь явуулах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн Засгийн газрыг сайхан харагдуулах гэж ажилладаггүй. 10 жилийн хугацаанд шатах, тослох материал 600 мянгаас 1.5 сая тонн болж өссөн. Энэ нь эдийн засгийн өсөлттэй холбоотой. Өнөөдөр импортлогчид дуугарахаас эмээж хүлээлтийн байдалтай байна. Эл хэлэлцүүлэгт ирэх ёстой хүмүүсийн ирээгүй шалтгаан нь ч энэ байж болох юм. Гол шийдэл нь төр шатахууны үнээ чөлөөлж, нийлүүлэлтээ сайжруулбал махны үнэ буурдагтай адил зарчмаар явах боломж бий. Импортлогчдыг хэт их ашиг олж байна гэж би харахгүй байна. Тэд үнэ дээрээ ашгаа нэмэх нь зах зээлийн зарчим юм. Зөвшилцөлд хүрэх гол шалтгааныг эрэлт, нийлүүлэлт гэдгийг хаана хаанаа ойлгох ёстой. Хэт туйлшрал, эдийн засгийн тооцоо судалгаагүйн уршгаар эл салбарыг нийгэмчлэх, буцаагаад төрд авах санал ч гарч байна. Ийм бүдүүлэг асуудал яагаад ч байж болохгүй” хэмээн онцлов.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу шатахуун импортлогчид нэг ам.долларыг 1470 төгрөгөөр тооцон Монгол банкнаас нийт гурван тэрбум төгрөгийн зээл авч хугацаанд нь эргүүлэн төлжээ. Гэвч Монголбанкны гурван тэрбум төгрөгийн алдагдалд газрын тосны бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр багагүй хувь эзэлсэн гэдгийг тэрбээр онцолсон.

Ч.ЧУЛУУНБАТ:МОНГОЛД ШАТАХУУНЫ ҮНЭ ДЭЛХИЙН ДУНДЖААС 30 ГАРУЙ ХУВИАР ХЯМД

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат “Сүүлийн үед үүсээд байгаа эрэлтийн тухайд Зөрчлийн хууль батлагдсанаас хойш өдрийн цагаар түгээлт хийхээ больсон. Эрэлт нэмэгдсэн энэ үед түгээлтийг хориглосон учраас хомсдол үүсэх нэг шалтгаан болж байгаа. Энэ асуудлыг зохицуулах зөвлөмж гаргасан. 2017 оны аравдугаар сараас импортлогч компаниудын баланс хасах руугаа орсон нь үнэн. Үнэндээ Засгийн газраас татвараар зохицуулах боломж тун бага байгаа. Ирэх сарын 25-нд ОУВС-тай хэд, хэдэн асуудлыг эргэн хэлэлцэх юм билээ. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Засгийн газраас шатахууны үнэ барих арга хэмжээ авч ирсэн. 2016 онд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эрх бүхий 87 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авч ажиллаж байгаа. Импортлогчдын хувьд гурав орчим хувийн ашигтай ажиллахыг хичээдэг. Ингэхээр ашгийн хэмжээ нь маш бага гэдгийг харж болох юм.Тиймээс дэлхийн зах зээлийн үнэтэй уяж, аажмаар шатахууны үнийг нэмэх замаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Импортолсон 1.5 сая тонн шатах тослох материалын 1.3 сая тонн нь автобензин, дизелийн түлш юм. Үүний 33 хувь нь автобензин. Автобензиний 90 гаруй хувь нь жижиглэнгээр борлуулдаг. Монгол Улсад борлуулж буй үнэ дэлхийн дунджаас 30 гаруй хувиар хямд юм.Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өсч байхад үнэ барих зохицуулалт бол оновчтой хувилбар биш” гэв.

Манай улс нийт газрын тосныхоо 90 хувийг ОХУ-аас ам.доллараар худалдан авдаг. Ингэхдээ тус улсын Роснефть компаниас авдаг байна. Нийт газрын тосны 80-90 хувийг уул уурхайн компаниуд худалдан авдаг гэсэн судалгаа бий.
ОХУ-ын “Роснефть” компанийн салбарыг Монголд нээвэл шатахууны үнэ буурна гэсэн жиргээ цахим ертөнцөд өрнөж буй юм. Үүнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Ч.Чулуунбат хариулахдаа “Роснефть салбараа нээлээ ч шатахууны үнэ нь зах зээлийн үнэтэй адил байна. Монгол Улсад мөрдөж буй татварын хувь хэмжээний дагуу татвараа төлнө. Тээвэрлэлтийн зардал нь импортлогч компаниудын гаргадаг зардлын адил гарна. Борлуулалтын үйл ажиллагааны үеэр гардаг зардлууд манай импортлогчидтой адил байна. Тэгэхээр шатахууны үнийг “Роснефть” орж ирснээр бууна гэж ойлгох нь учир дутагдалтай” гэлээ.