Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-ын номхон далайн баруун бүсийн төлөөлөгчид улсын гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга доктор Виван Лин тэргүүтэй төлөөлөгчид Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчдийг ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Др.Сергей Диордица нар ахлан, ЭМЯ-ны болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд дагалдан айлчиллаа.

Төлөөлөгчид тус эмнэлэг дээр туршилтаар хэрэгжиж байгаа Эмнэлгийн бие даасан байдлын төслийн явц, хэрэгжилтэнд тулгамдаж буй асуудал, тус эмнэлгийн санхүүжилт болон эрүүл мэндийн даатгалын ололттой болон бэрхшээлтэй асуудлын талаар эмнэлгийн удирдлагын багтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн төлөөлөгчид энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2010-2013 онд ДЭМБ, ММССангийн дэмжлэг туслалцаатайгаар тус эмнэлэг дээр байгуулагдсан үндэсний хэмжээний үйл ажиллагаатай тархины харвалт, зүрхний шигдээсийн тасгууд, эрчимт эмчилгээний тасаг, зүрх тархины судсан дотуурх ангиографийн оношилгоо эмчилгээний болон сэргээн засах эмчилгээний тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Categories
мэдээ улс-төр

НҮБ Шадар сайд Ө.Энхтүвшиний оролцоог үнэлэв

Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.01.23) НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Лоретта Хибер Жерардеттэй уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хатагтай Лоретта Хибер Жерардет Шадар сайд Ө.Энхтүвшиний урилгаар маргааш Төрийн ордонд болох уг бага хурлын бэлтгэл ажлыг хангах өргөтгөсөн хуралдаанд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулахад бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлэх ялдамд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг долдугаар сард уг бага хуралд хүрэлцэн ирэх урилга хүргүүлснийг санууллаа.

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Лоретта Хибер Жерардет “Азийн сайд нарын бага хурлыг өөрийн эх оронд зохион байгуулах ажилд манлайлан оролцож байгаа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Таны үлгэр дуурайл дэлхийн олон орны удирдагчдад сайн жишээ болж байгаад талархал илэрхийлэх ёстой” гэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

16 аймгийн 76 сум цагаан зудтай байна

Image result for цагаан зуд

Арав хоногийн агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Хөхийн нуруу, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 30,0-40,1 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгороор 25-29,9 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 9-14,9 градус, бусад нутгаар 15-24,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1,1-6,9 градусаар дулаан, харин Алтай, Хангайн зарим уулс, Их нууруудын хотгор, Алтайн Өвөр говиор дунджаас 1,3-6,6 градусаар хүйтэн байсан.

Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 1-9 градус, уулархаг нутгаар 10-19 градус, Их Нууруудын хотгороор 20-25 градус хүйтэн, шөнөдөө ихэнх уулархаг нутгаар 30-39 градус, тал хээр, говийн нутгаар 17-29 градус, Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 40-46 градус хүйтэн байлаа.

Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутагт 0-10 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 11-23 градус хүйтэн, харин говийн нутгийн өмнөд хэсгээр 1-11 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 30-40 градус, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 41-51 градус, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 21-29 градус хүйтэн байлаа.

Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0,0-2,0 мм, Ховдын Үенч, Завханы Баянтэс, Цагаанхайрхан, Архангайн Эрдэнэбулган, Хотонт, Түвшрүүлэх, Өвөрхангайн Бат-Өлзий, Зүйл, Хархорин, Хужирт, Дорноговийн Алтанширээ, Айраг, Дундговийн Гурвансайхан, Мандалговь, Говь-Угтаал, Өндөршил, Хэнтийн Галшар, Сүхбаатарын Онгон, Эрдэнэцагаан, Дарьганга, Түвшинширээ, Баяндэлгэрт 2,1-4,1 мм орсон, харин Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Өмнөговь, Дорнодын ихэнх, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Төв, Дорноговийн зарим сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджаас бага, харин Хангайн уулархаг нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу орсон байна.

Cалхины их хурд Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговийн зарим сумдын нутгаар 16-24 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

1 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байгаагаас ихэнх нутагт буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Дархан-Уул, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дундговийн ихэнх, Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар 0-10 см зузаан, 0,04-0,42 г/см3 нягт, Завхан, Архангай, Төвийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 10,1-20 см зузаан, 0,10-0,42 г/см3 нягт, Увсын Наранбулаг, Өндөрхангай, Хяргас, Баруунтуруун, Завханы Цэцэн-Уул, Сонгино, Баянтэс, Тэс, Тосонцэнгэл, Түдэвтэй, Идэр, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагааннуур, Архангайн Хашаат, Түвшрүүлэх, Өвөрхангайн Зүйл, Бүрд, Бат-Өлзий, Уянга, Хужирт, Хархорин, Өлзийт, Булганы Орхон, Дашинчилэн, Бугат, Бүрэгхангай, Баяннуур, Хангал, Гурванбулаг, Рашаант, Хишиг-Өндөр, Могод, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Ерөө /Бугант/, Төвийн Лүн, Батсүмбэр, Угтаал, Баян-Өнжүүл, Цээл, Дэлгэрхаан, Борнуур, Мөнгөнморьт, Заамар, Дорнодын Халхголд 20,1-45 см зузаан, 0,08-0,52 г/см3 нягт цастай (3 дугаар зураг) байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ өгхөд Баян-Өлгийн Сагсай /Даян/, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Хяргас, Баруунтуруун, Тэс, Зүүнговь, Говь-Алтайн Жаргалант, Халиун, Баян-Уул, Дарви, Гуулин, Завханы Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагааннуур, Архангайн Цахир, Түвшрүүлэх, Хайрхан, Хангай, Хотонт, Жаргалант, Эрдэнэмандал, Хашаат, Өгийнуур, Цэцэрлэг, Булган, Чулуут, Булганы Хангал, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Бүрэгхангай, Бугат, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Могод, Өвөрхангайн Хархорин, Зүйл, Бүрд, Баян-Өндөр, Бат-Өлзий, Уянга, Нарийнтээл, Хужирт, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Орхоны Баян-Өндөр, СэлэнгийнОрхонтуул, Баруунбүрэн, Дархан-Уулын Шарынгол, Төвийн Угтаал, Заамар, Батсүмбэр, Зуунмод, Алтанбулаг, Баянчандмань, Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Баян, Цээл, Борнуур, Аргалант, Дэлгэрхаан, Хэнтийн Өмнөдэлгэр, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат, Дундговийн Мандалговь, Адаацаг, Хулд сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай /16 аймгийн 76 сум/ байна. Харин Ховдын Дарви, Увсын Малчин, Улаангом, Завханы Шилүүстэй, Тэлмэн, Алдархаан, Баянхайрхан, Идэр, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан, Нөмрөг, Дөрвөлжин, Ургамал, Говь-Алтайн Тайшир, Алтай, Хөхморьт, Шарга, Баянхонгорын Галуут, Жаргалант, Архангайн Тариат, Өндөр-Улаан, Батцэнгэл, Өлзийт, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Булганы Сэлэнгэ, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Орхон, Ерөө /Бугант/, Дархан-Уулын Дархан, Төвийн Мөнгөнморьт, Эрдэнэсант, Баянжаргалан, Жаргалант, Өндөрширээт, Нийслэлийн Багануур, Тэрэлж, Хэнтийн Жаргалтхаан, Өлзийт, Өндөрхаан, Галшар, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Түвшинширээ, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Дарьганга, Онгон, Дундговийн Цагаандэлгэр, Баянжаргалан, ДорноговийнАлтанширээ сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу /17 аймгийн 52 сум/ байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил хийгдэж байна.
  • 1 дүгээр сарын 20-ны байдлаар нийт 16 аймгийн 76 сум цагаан зудтай, 17 аймгийн 52 сум цагаанаар зудархуу байна.
Categories
мэдээ спорт

“Аврагч” спорт хорооны заал агч модон шалтай боллоо

Зураг

ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны хамт олон спорт заалныхаа шалыг агч модоор шинэчилжээ.
Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний хэмжээнд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдар, тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, тус албаны спортыг хөгжүүлэх зорилгоор заалны шалыг агч мод болгосон байна.
Цэвэр байгалийн агч модон шал нь хүний биеийн эрүүл мэндэд тустай төдийгүй тамирчдын бэлтгэлийн явцад авч болох бэртэл гэмтлийг 70 хувь багасгах давуу талтай юм. Улс, бүсийн болон олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах 256 хүний суудалтай тус заал ийнхүү олон улсын жишигт нийцсэн, америк технологиор хийгдсэн агч модон шалтай болов. Заалны шалыг шинэчлэх ажлыг “Булган Шонхор” ХХК нь 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Categories
мэдээ нийгэм

Бүртгэлийн байгууллагыг бүрэн цахимжуулах асуудлыг хэлэлцэж байна

Image result for хууль зүйн байнгийн хороо хуралдаж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн төсөлд бүртгэлийн байгууллагыг бүрэн цахимжуулах асуудлыг тусгасан болохыг танилцуулгадаа дурдав. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан, “Улсын бүртгэлийн газрын үйл ажиллагаа хэр жигдэрч байна вэ” гэсэн асуултыг тавьсан. Үүнд нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга P.Содхүү, “Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн-Нэг бүртгэл” зорилтын хүрээнд бүртгэлийн байгууллагыг цахимжуулах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр түргэн шуурхай хангахаар ажиллаж байна. Хуулийн гол агуулга бол бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаа цахимжуулах явдал юм. Бэлтгэл ажилд нэг жил 4 сар зарцуулсан. Сая бид АНУ яваад ирлээ. Тэнд 6 долоо хоногийн дараа гадаад паспорт олгодог юм байна. Манай газрын хувьд гадаад паспортыг 7 хоногийн хугацаанд, яаралтай бол 3 хоногт багтаан гаргаж байна. Иймд манай байгууллага шуурхай байдлыг хангаж ажиллаж байгаа гэж хэлж болно” гэсэн хариултыг өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Агентлагийн тоог цөөрүүлэх үүднээс хүчээр Оюуны өмчийн газрыг улсын бүртгэлтэй нийлүүлсэн. Энэ хоёр байгууллага нь өөр өөр статустай. Хоёр өөр байгууллагыг нийлүүлснээр үүсч буй асуудал юу байна. Уг нь эдгээр байгууллагыг аль болох эрт тус тусад нь ажиллуулах хэрэгтэй. Японы нэг хот хакердуулснаар бүртгэл устсан байсан. Уг нь хөгжилтэй орнууд цаасан бүртгэл рүүгээ эргэж шилжиж байгаа юм билээ шүү” гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Оюуны өмчийн газрыг бүртгэлийн байгууллагатай нийлүүлсэн нь буруу. Би хавраас энэ хоёр байгууллагыг салгаж, Оюуны өмчийн газрын бие даасан статусыг сэргээхээр УИХ-д оруулж ирнэ. Цахим орчин найдвартай биш, устах магадлал өндөр. Тиймээс цаасан бүртгэл хэвээр цааш үргэлжилнэ” гэлээ.

Categories
мэдээ спорт

Ахмад цаначид шилдгүүдээ тодрууллаа

Зураг

Ахмад цаначдын 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Хужир булан дахь Зэвсэгт хүчний бэлтгэлийн төв дээр болж, шилдгүүдээ тодруулав.

Монголын үе үеийн цанын спортын тамирчид 31-35, 36-40, 41-45, 46-50, 51-55, 56-60, 61-с дээш насны ангилалд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин уралдсан юм. Энэ удаагийн тэмцээнд 25 багийн 200 гаруй тамирчид оролцов.
1. 31-35 нас ангилалд уралдсан эрэгтэйчүүдийн 10 км зайн уралдаанд

Э.Бархүү ЗХ-ний 150-р анги
С.Бундэлгэр Хилчдын бахархал клуб
Б.Ганболд ЗХ-ний 013-р ангийн тамирчин эхний 3 байрыг эзэллээ.

2. 36-40 насны ангилалд эрэгтэй 10км уралдсан зайн уралдаанд

П.Гантулга ЗХ-ний 089-р анги
Э.Мөнх-Эрдэнэ ЗХ-ний 150-р анги
Р.Ганхуяг Хилчдын бахархал клуб
3. 41-45 насны ангилалд эрэгтэй 7,5км зайн уралдаанд

Ч.Бат-Эрдэнэ ЗХ-ний 234-р анги
Оюундэлгэр КХ-ний 130-р анги
Г.Содбаяр ЗХ-ний 150-р анги

4. 46-50 насны ангилалд эрэгтэй 7,5 км зайн уралдаанд

Б.Энх-Амгалан ЗХ-ний 150-р анги
З.Мөнхболд ЗХ-ний 016-р анги
С.Баттулга ЗХ-ний 326-р анги
5. 51-55 насны эрэгтэйчүүдийн 5кмын зайн уралдаанд

С.Ганбаатар Цанын спорт сургалтын төв
Г.Загдаа Хилчдын бахархал клуб
Д.Энхбат ЗХ-ний 326-р анги

6. 56-60 насны ангилалд эрэгтэйчүүдийн 5км зайн уралдаанд

Г.Цогбадрах ЗХ-ний150-р анги
Г.Загдаа Хилчдийн бахархал клуб
Будсүрэн ЗХ-ний 326-р анги
7. 61-65 нас эрэгтэй 2,5км зайн уралдаанд

Г.Ганбаатар Сургалтын төв
Ш.Батсүх Хилчдийн бахархал
Ц.Мөнхбаяр Хувь

8. 66-с дээш нас эрэгтэйчүүдийн 2,5км зайн уралдаанд

П.Батсүх ЗХ-ний 032-р анги
Д.Баатархүү Хилчдын бахархал
Д.Мөнхжаргал ЗХ-ний 032-р анги тус тус эхний 3 байрт шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Нэгнийдээ хамт хоносон гурван сурагч нас баржээ

Энэ сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын есдүгээр багт нэгнийдээ хамт хоносон гурван сурагч нас баржээ. Амиа алдсан хүүхдүүдийн хоёр нь арван хоёрдугаар анги, нэг нь аравдугаар ангид сурдаг найзууд байсан аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, тэдний нэг нь уг хэрэг гарсан байшинг түрээсэлж амьдардаг байжээ. Мөн тэднийг нас барсан байхыг маргааш өдрийн буюу энэ сарын 22-ны өдрийн 14-15 цагт олсон байна. Энэхүү хэргийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтэс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Урьдчилсан дүгнэлтээр нас барсан гурван хүүхдийг угаартаж амиа алдсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

Тель-Авив хот дахь АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалим хот руу шилжүүлэх ажил хоёр жилээс хэтрэхгүй гэв

Зураг

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс даваа гарагт буюу өчигдөр Израилийн парламентад үг хэлэх үеэрээ “Тель-Авив хот дахь АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалим хот руу шилжүүлэх ажил хоёр жилээс хэтрэхгүй” гэжээ.

“Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, М.Пенс хэлэхдээ “Өнөөдөр би энд америкчуудын нэрийн өмнөөс зогсож байна. Америкийн ард түмэн израильчуудтай сэтгэл зүрхээрээ ямагт хамт байх болно. Ерөнхийлөгч Д.Трампын ачаар манай хоёр улсын харилцаа урьд урьдынхаасаа улам илүү хурдтайгаар өргөжин бэхжиж байна” гэжээ.
Түүний хэлснээр, Тель-Авив хот дахь АНУ-ын ЭСЯ-ыг 2019 оны эцсээс өмнө Иерусалим руу шилжүүлэх аж. ЭСЯ-ыг шилжүүлэх бэлтгэл ажлыг базааж эхлэхийг Д.Трамп Төрийн департаментад аль хэдийнээ үүрэг болгосон гэнэ.

Палестинчууд “ирээдүйн төрт улсынхаа нийслэл хот”-ыг гэж үздэг Иерусалимыг Д.Трамп өнгөрсөн оны сүүлчээр “Израилийн нийслэл”-ээр зарласан юм. Үүнтэй холбоотойгоор палестинчууд эсэргүүцлээ илэрхийлсээр буй энэ үед М.Пенс дээрх мэдэгдлийг хийлээ.

Иерусалим бол дэлхийн хамгийн маргаантай газруудын нэг юм. Израилийн Засгийн газар тус хотыг бүхэлд нь улсынхаа “нийслэл” гэж үздэг. Харин палестинчууд мэдэгдэхдээ “1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр Израилийн цэргүүд Зүүн Иерусалимыг хууль бусаар булаан эзэлсэн. Энэ хот бол Палестины ирээдүйн төрт улсын нийслэл хот” гэдэг билээ.

Иерусалимын асуудлаархи Израилийн байр суурийг олон улс ч дэмждэггүй юм.

Categories
мэдээ нийгэм

Оюутолгойд хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан 40 гаруй иргэнийг албадан гаргажээ

Image result for Оюутолгой

Гадаадын иргэн, харьяатын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, гадаад иргэдийн баримт бичигт хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулжээ. Уг хяналт шалгалтад “Оюутолгой”, “М Си Эс интернэйшнл”, “М Си Эс проперти”, “Медика Монголиа”, “Мөнх ноён суварга” зэрэг нийт 36 аж ахуйн нэгж, байгууллагын 449 гадаадын иргэнийг хамруулсан байна.

Энэ үеэр Оюутолгой уурхайн төсөлд ажиллаж байгаа гадаадын иргэдийн бичиг баримтад шалгалт хийх явцад визний зөрчилтэй 40 орчим гадаад иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогджээ. Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Тайландын Вант Улсын нэр бүхий тав, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Канад Улсын нэр бүхий ес, Австрали Улсын нэр бүхий найм, АНУ-ын нэр бүхий арван, БНХАУ-ын нэр бүхий дөрвөн, ХБНГУ-ын нэр бүхий нэг, Шинэ Зеланд Улсын нэр бүхий нэг иргэн тус бүрийг гурван жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

Монгол дахь Америкийн худалдааны танхимын нэгдүгээр сарын уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж Засгийн газартай хамтран ажиллах талаар ярилцлаа.

Уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцож эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хувийн хэвшлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийв.

Тэрээр Засгийн газар төрийн албаны тогтвортой байдлыг хангах, хууль дээдлэн сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авч, тэднийг дэмжин, эрх ашгийг нь хамгаалах, хуулийн давхардал, зөрчлийг арилгаж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг зорьж байгааг тэмдэглэлээ.

Эдийн засгийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэр, уул уурхай, худалдаа, аялал жуулчлал, дэд бүтцийн салбараа хөгжүүлж, өрсөлдөх чадвараа сайжруулахыг зорьж байгааг хэлэв.

Мөн түүхий нүүрсний хэрэглээг хориглож, гэр хорооллыг орон сууцжуулах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, байшин үйлдвэрлэх болон барилгын материалын үйлдвэрийг дэмжих зэргээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дэвшилтэт технологи бүхий аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриаллаа.

“Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсаны дүнд эдийн засагт өсөлт гарсан. “Чингис” бондын өрийг төлсөн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, олон улсад итгэлтэй түнш гэсэн эерэг дохио өглөө. Цаашид хувийн хэвшлийг түлхүү дэмжиж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход чиглэсэн бодлого, арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлэхэд Засгийн газартай нягт хамтран ажиллана” гэж Америкийн худалдааны танхимын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Стив Поттер хэлэв.

Уулзалтад оролцогчид татварын нэмэгдэл, уул уурхайн салбартай холбоотой хуулийн өөрчлөлт, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг ашигтай ажиллуулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл энэ онд юунд голлон анхаарах талаар сонирхож байв.

Америкийн худалдааны танхим нь хоёр улсын бизнесийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.