Categories
мэдээ нийгэм

Жолооч нарыг холын замд бэлтгэл сайтай зорчихыг анхааруулав

Зураг

Багахангай дүүргийн нутаг Хоолтын даваа орчим цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдан замын гадаргууд халтиргаа гулгаа үүссэний улмаас Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд зорчиж байсан 19 зорчигчтой зорчигч тээврийн автобус гулгаж замын хажуу руу хазайж зогссон байжээ. Үүний улмаас түлш татагдахгүй болж автобус асахгүй зогссон байсныг тус дүүргийн Замын цагдаагийн хэсгээс Онцгой байдлын алба, Нийслэлийн тээврийн газарт мэдэгдэж, онцгой байдлын бүрэлдэхүүн болон Хот хоорондын тээврийн нөөц автобус тухайн газарт очин зорчигчдыг нөөц автобусанд суулган Улаанбаатар хотод хүргэн ирсэн байна.

Автобусанд найман сартай бага насны хүүхэд байсныг түрүүлж Багахангай дүүргийн Замын цагдаагийн постод хүргэн Улаанбаатар хот руу чиглэсэн тээврийн хэрэгсэлд суулгаж хүргэсэн бөгөөд Онцгой байдлын албанаас 30 литр түлшийг унтарсан автобусанд хийж өгөн асааж явуулсан байна.

Жолооч та холын замд хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох мөн шатах тослох материалын нөөцийг хангалттай авах, дулаан хувцаслах зэргээр өөрсдийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох шаардлагатайг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Отрын малчны 10 гаруй малыг ирвэс барьжээ

Image result for ирвэс

Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багаас Цэцэг суманд Баянгол багт отроор өвөлжиж буй малчин Н.Ганхуягийн 10 гаруй бог малыг ирвэс барьжээ.
Тиймээс нутгийн малчид аймгийн БОАЖ-ын газар болон аймгийн удирдлагуудаас арга хэмжээ авч өгөх хүсэлт гаргасан байна. Сүүлийн үед тус аймгийн Цэцэг, Баянгол, Зэрэг сумын уулын бүсийн багуудаар нутаглаж буй малчдын мал нохой руу өдрийн цагаар ирвэс дайрч, малчдад их хэмжээний хохирол учруулж буйг дурджээ. Ер нь отроор алс зайдуу нутаглаж буй малчдыг малаа хамгаалж, байнга хариулж, зэрлэг ан амьтны халдлагаас сэрэмжлэхийг холбогдох газрууд анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Аймаг, дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн салбарын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжууллаа

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтран Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Жижиг, дунд үйлдвэрийн ажиглалт судалгаа-2018 авахтай холбогдуулан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулсан.

Сургалтаар төрөөс жижиг, дунд үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, хууль тогтоомжууд болон 2018-2020 онд аймаг, нийслэлийн дүүргүүдэд хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өглөө. Мөн Жижиг, дунд үйлдвэрийн ажиглалт судалгаа авах судалгааны аргачлалыг зааж сургалаа.

Энэхүү судалгааны гол зорилго нь Монгол улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг хүндрэл, бэрхшээл болон бизнесийн хэрэгцээ тодорхойлох, цаашдын чиг хандлагыг тандан судлах, аймаг, сумын түвшинд туршилт судалгаа явуулах; мэдээллийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн анхдагч мэдээллийг цуглуулах, суурь мэдээлэл, өгөгдөлд дүн шинжилгээ хийх юм.

Сургалтанд аймгуудийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ЖДҮ-ийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ЖДҮ, үйлдвэрлэл, инноваци хариуцсан мэргэжилтнүүд, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын ЖДҮ, хөнгөн үйлдвэрийн салбар хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Д.Сүхбаатарын талбайд Их Британийн Парламентийн ордныг мөсөөр урлаж, байршууллаа

Д.Сүхбаатарын талбайд Их Британийн Парламентийн ордныг мөсөөр урлаж, байршууллаа

Монгол Улс, Их Британи Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойг тэмдэглэх хүрээнд Их Британи Улсын Элчин сайдын яамны захиалгаар хоёр улсын дипломат харилцааны бэлэг тэмдэг болох Британийн Парламентийн ордон болон Битлз хамтлагийн хөшөөг мөсөөр урлан Д.Сүхбаатарын талбайд байршуулсан байна. Тус мөсөн баримлыг Улаанбаатар хотод албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Их Британи Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Катрин Арнолд болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Элчин сайд Катрин Арнолд ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр орон, ард түмэн олон салбарт хамтран ажилладаг. Энхийг хамгаалахаас авахуулаад соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна. Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярыг хүргэе. Бидний харилцаа улам өргөжин тэлэх болтугай” хэмээн тодотгож байв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нээлтийн ажиллагааг өвөрмөцөөр хийж байгаа Их Британийн Элчин сайдын яамныханд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархснаа илэрхийлье” хэмээлээ.

“Монгол Улс 1963 онд барууны улс орнуудаас хамгийн анх Их Британи улстай дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Энэ жил түүхт ой тохиож байна. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар, Лондон хотуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байгаад бид баяртай байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ онцлов.

Тус мөсөн баримлыг Их Британийн Элчин сайдын яамны захиалгаар уран барималч Ц.Батмөнх уралсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын жишигт нийцсэн ЭМДС-ийн үйлчилгээтэй болоход ДЭМБ хамтран ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн урилгаар энэ даваа гарагт манай улсад ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга, Доктор Вивиан Лин тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байна.

Тэд Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-г 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс салбар яаманд харьяалагддаг болсонтой холбогдуулан хариуцлагатай, үр ашигтай байгууллага болгох, иргэдээ санхүүгийн эрсдлээс хамгаалах, улсын төсвийн санхүүжилтийг ЭМД-аар дамжуулан санхүүжүүлэх, стратегийн худалдан авалтын тогтолцоонд шилжих зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд техникийн туслалцаа үзүүлэх юм.

ЭМЯ-наас эхний ээлжинд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өвдсөний дараа биш өвчлөхөөс өмнө гэсэн зарчим баримталж, урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ. Мөн амны хөндийн эрүүл мэндийн асуудалд ч анхаарал хандуулах хэрэгтэй талаар мэдээлж байв.

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөлөгчид 7 хоногийн хугацаатай айлчилж байна. Энэ хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад чиглэсэн бодлого, мэдээллийн тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын байгууллагын худалдан авах чадавхийг бэхжүүлэх нөхцөл байдалтай танилцаж, цаашид дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлж, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх юм.

Өнөөдөр ЭМЯ-ны хурлын танхимд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөлөгчдийн сургалт, уулзалт эхэлсэн юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсов.

Тэрбээр, “2018 оны 1 дүгээр сарын 1-нээс ЭМДС нь ЭМЯ-ны харъяанд ирсэн. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх ЭМДЕГ бие даан үйл ажиллагаа явуулж эхлээд сар ч болоогүй байна. Бид энэ хариуцлагатай үүргийг авсан учраас уг асуудалд дэлхийн жишгээр хандах шаардлага бий болсон. Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь иргэндээ хүрч очдог, үүнийг мэдэрдэг тогтолцоог бүрдүүлэхээр хичээж ажиллаж байгаа. Үүний нэг илрэл нь оны өмнө ДЭМБ, болон олон улсын байгууллагад хандаж бидэнд дэлхий нийтийн шилдэг туршлагын талаар техникийн зөвлөгөө, тусламж үзүүлэхийг хүссэн. Энэ хүсэлтийн дагуу ДЭМБ-аас олон оронд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог зөв жишиг, голидролд оруулахад өөрсдийнхөө туршлагыг хуваалцсан багш сургагч 4 хүний бүрэлдэхүүнтэй баг манай оронд 7 хоног ажиллахаар ирээд байна. Өнөөдөр эхний сургалт эхэллээ. Сургалтаас үзэхэд, манай улсын хувьд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь монголын хөрсөнд суусан иргэндээ хүрсэн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Одоо бидний хувьд анхаарах зүйл гэвэл ЭМДС-гийн хуримтлалыг зөвхөн 2, 3 дахь шатлалын эмнэлгүүдэд бус хамгийн гол нь анхан шатны тусламж үйлчилгээнд чиглүүлж чадвал хүн бүрт хүрч эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэхийг сургалтаас нэлээн сайн ойлголоо. ЭМБ-иудаас иргэддээ ойрхон тусламж үйлчилгээг худалдан авах чиглэлд ЭМДЕГ голлон ажиллах ёстой. Тэр тусмаа хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах нь үр дүнгээ өгдөг байна. Төр, хувийн хэвшлүүдтэй ямар нөхцөлд хамтран түншилж ажиллах вэ гэвэл улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа тэр орчинд иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлд хамтарч ажиллах ёстой юм байна. Мөн эмчилгээ үйлчилгээний үнийн тариф дээр анхаарах ёстой. Дэлхийн жишиг болон улс орныхоо эдийн засаг, иргэдийнхээ амьжиргааны нөхцөл байдалд тулгуурласан тийм бодит үнэ тарифыг тогтоож байж, ЭМДС-гаас ард иргэддээ үзүүлэх багц эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ тодруулж, бүрдүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй юм байна. Манай улстай ижил түвшний хөгжилтэй улс орны туршлагаас суралцаж ард иргэддээ ойрхон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бий болгохыг энэ сургалтаас бид олж авлаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих авто замын төслүүдийг түргэтгэх хүсэлт тавилаа

ЗТХ-ийн сайд Ж.Бат-эрдэнэ “Азийн хөгжлийн банк”-ны Зүүн азийн газрын дарга ноён Инду Бушан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

АХБ нь 1997 оноос авто замын төслүүдийг хэрэгжүүлж нийт 1016.8 км авто замын сүлжээг барьж байгуулсан нь хатуу хучилттай авто замын 16.3 хувийг эзэлж байгаад ЗТХ-ийн сайд талархаж явдагаа онцолж ноён Инду Бушанд ажлын амжилт хүслээ.

Энэ үеэр Ноён Инду Бушан АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа зарим төслүүд удааширч, хөрөнгө зарцуулалтын асуудалд сөргөөр нөлөөлөх байдал үүсч болзошгүй байна. Сангийн яамнаас батлагдсан төсөв дутуу тавигдсан байдлыг эргэн харж өөрчлөлт оруулна гэж найдаж байна. Хэрэв энэ асуудлууд шийдэгдэхгүй бол төслүүд дуусах боломжгүй болж, Засгийн газар гэрээнийхээ үүргээр хариуцлага хүлээж болзошгүй эрсдэл байгааг сануулсан юм. Түүнчлэн уулзалтын үеэр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төсөл” (Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлийн 189.7 км авто зам барих зээлийн төсөл)-ийн хүрээнд хэрэгжих Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын маргаантай асуудлыг ойрын үед шийдэх, АХБ-наас авто замын салбарт “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх болон засвар арчлалтын төсөл”-ийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Баруун босоо тэнхлэгийн авто замын төсөл нь Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ таныг ТНБДарга байх үед гэрээ нь зурагдаж, зам барилгын ажлын эхлэлийг нь тавьж байсан бол өнөөдөр эргэн харахад маш чухал ажил байсан нь харагдаж байна. Цаашид замын засвар арчлалтын төсөл дээр дэмжин ажиллахыг ноён Инду Бушан хүссэн юм.

ЗТХ-ийн сайдын зүгээс төслүүдийг түргэн явуулахад шаардлагатай бүх асуудлыг шийдэхэд бэлэн байна. Төсөв дутуу батлагдсан асуудлыг Сангийн яамтай энэ долоо хоногт ярилцаад хариу өгье, төслийн гэрээ хэлэлцээрүүдээ эхний шатанд яаралтай байгуулж араас нь гүйцэтгэлийнхээ асуудлыг хэрэгжүүлье. Зарим нэг төслийг долоон удаа өөрчилсөн, хөрөнгө санхүүгийн асуудал шийдэгддэггүй, шүүх дээр буцсан гэх мэт хууль тогтолцооны асуудлаас үүдэлтэй хүндрэлүүд олон гарсан гэж сонссон. Та бүхнээс уучлал хүсэе. Миний хувьд аливаа асуудлыг барьж авсан бол их яаруу ханддаг. Та бүхэнтэй хамтран хэрэгжүүлж буй энэ төслүүд авто замын салбар, монгол улсын эдийн засагт үр өгөөж нь маш их хэрэгтэй тул үр дүнг нь үзэхээр улам ч их яарч байгааг ойлгоорой. Бид үлдсэн баруун аймгуудаа Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох, Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийн авто зам, төв замаас Мандал сумруу салах 30 км гэх мэт авто замын төслүүддээ ихээхэн анхаарал хандуулж байгаа. Тийм ч учраас сайдын болон яамны зүгээс бүх бололцоогоо дайчлан та бүхэнтэй хамтран ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийллээ.



Categories
мэдээ спорт

Өвлийн олимп эхлэхэд 16 хоног үлдлээ

Image result for pyeongchang olympics

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон өвлийн Олимпын наадам БНСУ-ын Пёнчан хотноо эхлэхэд ердөө хагас сарын хугацаа үлдлээ.

Дэлхийн спортын 23 дахь удаагийн их цугларалтад 92 орны 3000 гаруй тамирчид оролцож, 102 багц медалийн төлөө уулын цана, биатлон, бобслей, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, чөлөөт цана, хоккей, лүүж, шорт трейк, скелетон, гүйлтийн тэшүүр, цанын харайлт, сноуборд, нордик комбинед гэсэн нийт 15 спортын төрлөөр оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, тэсвэр тэвчээрээ сорих гэж байна.

Энэ удаагийн Олимпын бэлгэ тэмдэг нь хар баавгай, цагаан бар хоёр ажээ. Солонгосын үлгэр домогт цагаан барыг итгэл найдвар, өмгөөлөн хамгаалах хүчний бэлгэ тэмдэг гэж үздэг бөгөөд түүний нэрийг “Soohorang” /Сохоран/ гэнэ. Харин Азийн хар баавгай бол эрх чөлөө, эр зоригийг илэрхийлдэг амьтан юм.
Өвлийн Олимпын тоглолт өмнө нь Ази тивд ердөө хоёрхон удаа буюу Японы Саппоро /1972 он/, Нагано /1998/ хотуудад болж байжээ. Энэ удаад БНСУ өвлийн Олимпын эрхийг авсан Ази тивийн хоёрдахь улс болж байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ

УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр /2018.01.23/ болж УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Санал, дүгнэлтийг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав.

УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодоос 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12/28 дугаар тогтоолоор дээрх Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар нар болон холбогдох бусад албан тушаалтан орж ажиллажээ.

Ажлын хэсэг батлагдсан удирдамж, төлөвлөгөөнд заасны дагуу дээр дурдсан хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Төв аймгийн Зуунмод сумын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, түр хамгаалах байр, хамтарсан багийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж ажилласан бөгөөд мөн сэтгүүлчид болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нартай холбогдох асуудлаар уулзаж, санал солилцсон байна.

Түүнчлэн Байнгын хороод хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж ажилласан аж.

УИХ-аас 2016 онд баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт тодорхой түвшинд ахицтай гэж үзэж болохоор байгаа боловч 2017 онд батлагдсан Эрүүгийн, Зөрчлийн хууль тогтоомжоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь гэмт хэрэг, зөрчилд тооцогдож, түүнд ял шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтуудыг бүрэн хэрэгжүүлэхэд зарим нэг хүндрэл бэрхшээл учирч байна хэмээн Ажлын хэсэг үзжээ.

Тухайлбал, прокурорын байгууллагаас ирүүлсэн саналд уг хуулийн хэрэгжилтийн талаар хуульд заасан хохирогчийг хамгаалах талаархи холбогдох журмууд хэрэгжихгүй байх тохиолдол гарч байгаа бөгөөд энэ нь хууль хэрэгжих хугацаа давчуу байсан, зарим журмуудыг хэрэглэх талаар сургалт явуулж чадаагүй зэрэг олон шалтгаанаас хамаарсан байна. Нөгөө талаар хуулийг хэрэгжүүлэх анхан шатны нэгж болох хамтарсан багийн үйл ажиллагаа орон нутагт бүрэн төлөвшиж амжаагүй, нийгмийн ажилтны орон тоо, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийг хүлээн авч уулзах, тэдэнд зөвлөгөө өгөх өрөө, тасалгаа, урамшуулал байхгүй, санхүүжилт төсөвлөгдөөгүй зэрэг бодит нөхцөлүүд ч үүнд нөлөөлж байна гэж үзсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тодорхой харилцааг зохицуулахаар хуулиар тусгайлан эрх олгосны дагуу баталж, мөрдүүлэхээр нийт 33 стандарт, журам тусгагдсанаас 28 батлагдаж, 5 нь батлагдаагүй байгаа аж.

Мөн Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй, холбогдох дүрэм, журмуудыг батлан хэрэгжүүлээгүй байгаа нь дээрх хуулиудын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, тухайн салбаруудад хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзжээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан бөгөөд хуулийн 16 дугаар зүйлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар толгойлуулсан орон тооны бус зохицуулах зөвлөл зохицуулна гэж заасан байдаг.

Дээрх Зохицуулах зөвлөл, түүний ажлын алба Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэд 1997-2012 онд ажиллаж байсныг 2012 онд татан буулгаж, чиг үүргийг нь тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт харьяалуулсан байсныг өөрчлөн 2016 оноос Зөвлөлийг сэргээн ажиллуулжээ.

Тус Зохицуулах зөвлөл нь сэргээн байгуулагдсанаасаа хойш Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, зам тээврийн осол, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, улмаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн хууль сахиулах байгууллагын үүрэг бус, бүх шатны төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мөн иргэн бүрийн үүрэг гэдгийг онцлон анхаарч иргэдийн оролцоог хангах чиглэлээр анхаарч ажиллаж байгаатай ажлын хэсгийн гишүүд танилцжээ.

Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуульд заасны дагуу 6 дүрэм, журам, стандарт батлагдахаас 5 батлагдаж, 1 батлагдаагүй байгаа аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн эрхийн улсын байцаагч нарыг бэлтгэж, 2 жилийн хугацаатай улсын байцаагчийн эрхийг олгож байгаа бөгөөд хүүхдийн эрхийн байцаагч нь Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эсрэг 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэж байна.

Ажлын хэсгийн гишүүд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ.

2017 онд “Хүүхдийн тусламжийн 108 утас”-нд ирсэн нийт дуудлагын 25949 нь хамгааллын үйлчилгээ хүссэн, 1426 нь хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай, 10764 нь зөвлөгөө хүссэн, 34192 нь мэдээлэл хүссэн тухай дуудлага байсан байна.

Мөн “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн дэргэд 2017 оны 02 дугаар сараас эхлэн эрсдэл өндөр бүхий хүүхдэд 72 цагийн хугацаанд яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготой түр хамгаалах байрыг ажиллуулж эхэлсэн бөгөөд 2017 оны байдлаар нийт 212 хүүхдийг хүлээн авч, үйлчилгээ үзүүлжээ.

Дээр дурдсаныг үндэслэн цаашид хүүхэд хамгааллын яаралтай тусламжийн үйлчилгээ, хариу үйлчилгээ үзүүлж буй “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг бусад яаралтай тусламжийн утастай холбох, мэдээллийн нэгдсэн системтэй болгох, түр хамгаалах байрны үйлчилгээ, үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай байна гэж Ажлын хэсэг үзсэн байна.

Хүүхдийн эрхийн тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуульд заасны дагуу 6 журам батлагдахаас 4 батлагдаж, 2 батлагдаагүй байгаа аж.

Ийнхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж ажилласны үндсэн дээрАжлын хэсгээс дараахь санал, дүгнэлтийг гаргажээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хүрээнд:

Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомж шинэчлэн батлагдсантай холбогдуулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологитой хослуулан үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллах;

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгалаа бүрэн олоогүй байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдал үүсгэж байх тул дээрх хуулиудын зарим зүйл, заалтыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэж байгаа эсэхийг судалж, шийдвэрлэх;

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд тусгах;

Хууль зүй, дотоод хэргийн сайд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжийг байгуулан хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах;

Архидан согтуурах, хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд нэмэгдэж байгаатай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зэрэг 15 саналыг боловсруулжээ.

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийн хүрээнд:

Хүүхдийг гадаад улсын иргэнд үрчлүүлэх асуудлыг зохицуулсан журмыг хүчингүй болгож, тухайн асуудлыг Гэр бүлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулах арга хэмжээг авах;

Хүний эрх, хүүхдийн эрхийн боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэх;

Төрийн бүх шатны байгууллага болон аж ахуйн нэгжид хүний эрх, хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжлийн онцлог, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцаа сэдвүүдээр мэдээлэл, сургалтыг тогтмол зохион байгуулах;

Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг сайжруулах, хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтарсан багийн бүрэлдэхүүнд ерөнхий боловсролын сургуулийн захирлыг нэмж оруулах;

Уул уурхай, барилга, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт аж ахуйн нэгж, байгууллагуудтай хийх гэрээнд “Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг мөрдөж ажиллах талаар тусгаж, иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах нь зэрэг 14 саналыг мөн боловсруулсан байна.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү орон нутагт түр хамгаалах байр байгуулах ажил ямар түвшинд явааг тодруулсан. Мөн Замын-Үүдэд алга олсон охиныг эрэн хайх ажиллагааны талаар лавласан.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сураггүй болсон охиныг бүхий л боломжоороо Замын-Үүдэд болон хилийн цаана хайж байгаа. Цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллаж, орон нутгийн иргэдийг эрэн хайх ажиллагаанд оролцуулж байна. Эрээн хотын хууль хяналтын байгууллагтай хамтран боломжит бүх арга хэмжээг авч байгаа ч одоогоор олдоогүй байна гэсэн хариултыг өгсөн.

Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын хэмжээнд 2017 оны байдлаар нэг цэгийн үйлчилгээний есөн төв, 16 түр хамгаалах байр үйл ажиллагаагаа тодорхой түвшинд явуулж байна. Эдгээр нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байрны 11 нь орон нутгийн төсвөөс санхүүждэг, дөрөв нь олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бол санхүүжилтгүй дөрвөн газар байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн түр хамгаалах байр, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, Дархан-Уул аймаг, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төвүүд үйл ажиллагааны санхүүжилтгүйн улмаас үйлчилгээг бүрэн өгч чадахгүй байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2018 оноос шинээр 15 байршилд нэг цэгийн үйлчилгээний төв 10, түр хамгаалах байр тавыг байгуулах ажлыг төлөвлөн ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнийг бариад саатуулдаг. Гэтэл ар гэрийнхээ амжиргааг залгуулдаг хүн нь хоригдчихоор үлдсэн хүмүүсийн амьдрал хэцүүдэд эхэлдэг. Эцэст нь хохирогчид нь нөгөө хүнд арга хэмжээ битгий аваач, суллаж өгөөч гэсэн хүсэлт тавиад эхэлдэг. Энэ асуудлыг анхааралдаа авч, хууль, эрх зүйн орчныг судалж үзэх хэрэгтэй гээд гэмт хэргийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Гантулга, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлье гэвэл тэдний оролцоог дэмжих хэрэгтэй гэлээ. Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих клуб, дугуйланг олноор байгуулбал хүүхдүүд буруу зүйлд автах явдал багасна гэж үзэж байна гэлээ.

Ажлын хэсгээс хариулснаар, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 270 дугаар тогтоолоор Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталжээ. Энэхүү хөтөлбөрт хүүхдийн хөгжил, оролцооны асуудлыг тусгасан бөгөөд хэрэгжүүлэх төлөвлөгөөг удахгүй батлах юм байна.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ийнхүү хэлэлцээд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Байнгын хороо хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.23) хуралдаан 11 цаг 19 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулдаг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хуралдаанаар эхлээд хэлэлцсэн юм. Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

5 бүлэг, 26 зүйлтэй энэхүү хуулийн төсөлд зорилтыг илүү нарийвчлан тодорхойлсон байна. Түүнчлэн иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүдийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн тогтоох бөгөөд иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэний хувийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэхээр тусгах, уг мэдээллийг ашиглан хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх, иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглох зэрэг суурь зохицуулалтыг тусгасан байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг иргэн-нэг бүртгэл” арга хэмжээ тусгагдсаны дагуу өмнөх Засгийн газар төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлсэн. Бүртгэлтэй холбоотой гурван төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг боловсруулах үйл явц үргэлжилж байна. Бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх шаардлага үүссэн ба үүнтэй холбоотойгоор шинэчилсэн найруулгын төслийн хэмжээнд боловсруулсан” гэв.

Хуульд хэрэглэгдэж байгаа зарим ойлголт, нэр томьёог нийтэд ойлгомжтой болгох, илүү нарийвчлан тодорхойлох зайлшгүй шаардлагын улмаас хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгож оруулсан байна. Мөн улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах шаардлагатай байгаа тул улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт, улсын байцаагчийн хэрэгжүүлэх эрх, үүрэг, байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, удирдлагын бүрэн эрхийн талаар холбогдох өөрчлөлтүүдийг оруулжээ. Мөн бүртгэлийн мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал болон мэдээллийн технологийн хэрэглээг сайжруулах чиглэлээр холбогдох өөрчлөлтүүдийг тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ц.Мөнх-Оргил, Б.Дэлгэрсайхан, Д.Эрдэнэбат, Н.Оюундарь нар салбарын сайд болон Ажлын хэсгээс асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлсэн бөгөөд бүртгэлийн системийг цахимжуулах нь эрсдэлтэй гэдгийг тооцож, энэ талаар судлах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Түүнчлэн төсөл дэх бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн бүртгэлийн талаар, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцооны талаарх зарим зохицуулалтыг тодруулж байв. Монгол Улс 1996 оноос орон сууцаа бүртгэж эхэлсэн бол үүнээс долоон жилийн дараа газрыг хувьчилж 2003 оноос газрын бүртгэлийг хийж эхэлжээ. Завсарын хугацаа долоон жилээр хэмжигдэхийн зэрэгцээ бүртгэж байсан байгууллагууд өөр программ хэрэглэж байсан байна. Үүний үр дүнд өнөөдөр газар болон газар дээрх обьект тус тусдаа бүртгэлийн сантай болсноос үүдэн газрын болон эд хөрөнгийн харилцаанд бодит бэрхшээлүүд учирч байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тайлбарлалаа. Тиймд хуулийн төсөлд тусгагдсан зарчмын нэг дэвшил бол газар ба түүн дээрх үл хөдлөх хөрөнгийн асуудлыг бизнесийн хувьд эрсдэлгүй, олон нийтэд салаа утгагүй, бодит мэдээллийг хүргэх зорилго бүхий зохицуулалт болохыг тэрбээр тайлбарлав. Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгож оруулсан бөгөөд Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болгох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна. Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Улсын Их хурал, Засгийн газраас сүүлийн жилүүдэд төрийн бодлогын нэгдмэл чанарыг хангах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх нийгмийн бүх салбарыг хамарсан үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой болгох нөхцлийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэний эрхийг хамгаалах зорилгоор улсын бүртгэлийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эдгээр бодлого, хөтөлбөр, зорилтын үр дүнд эрх зүйн орчин шинэчлэгдэн, мэдээлэл, технологийн дэд бүтцийг бий болгож, улмаар програм хангамжийг иргэний улсын бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах болсон нь уг хуулийн нэр томьёо, агуулга, зохицуулах хүрээ нь 2009 онд батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөх байдал үүсэх болжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зорилго, бүртгэлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд нийцүүлэн уг хуулийг өнөөгийн бодит шаардлага болон цаашдын чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалт, үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, иргэнд чирэгдэлгүй бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчинг бий болгохоор уг хуулийн хэрэгжилтийн үр дагавар болон холбогдох судалгааг үндэслэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

6 бүлэг, 30 зүйлтэй хуулийн төсөлд зарчмын шинжтэй асуудлуудыг тусгасан бөгөөд бөгөөд уг төсөлтэй холбогдуулан Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг холбогдох 10 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн бөгөөд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг 100 хувийн саналаар дэмжсэн юм. Иймд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх байлаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.

Манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед бүртгэлийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүртгэлийн үнэн зөв, нэгдмэл, бодитой байх нөхцлийг бүрдүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа өмчийн бүх төрөл хэлбэрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон тэдгээртэй холбоотой бусад эрхийг улсын нэгдсэн бүртгэлд хамруулах замаар хууль тогтоомж хоорондын уялдаа холбоог хангах, мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эд хөрөнгө өмчлөх эрхийн баталгааг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүргэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсноос гадна хуулийн 40 гаруй зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 15.8-д заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараахь өөрчлөлтийг тусгасан аж.

1.Хуулийн төслөөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хамрах хүрээний хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүй бүртгэхээр тусгасан.

2.Монгол Улсад 1997 оноос үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэж эхэлсэн бөгөөд газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын эрхээс нь салангид бүртгэж байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн олон улсын стандартаас зөрж, бүртгэлийн нэгдмэл, үнэн зөв байдал алдагдах үндсэн нөхцөл болж байгаа тул барилга, байгууламжийн эрхийг түүний доорхи болон орчны нэгж талбар газрын эрхэд үндэслэн бүртгэх зохицуулалтыг шинээр тусгалаа.

3.Улсын бүртгэлийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай болгох нөхцөл бүрдүүлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллага, нотариат зэрэг хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор улсын бүртгэлийн мэдээллийн санд хандаж цахим бүртгэл хийх тогтолцоог бий болгох заалтуудыг шинээр тусгалаа.

4.Одоогийн хуульд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар “өмчлөх эрх баталгаажна” гэж заасныг хэвээр хадгалж, өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн хүчин төгөлдөр байдал нь улсын бүртгэлд бүртгэснээр баталгаажихаар тусгалаа.

5.Өмчлөх эрхийн баталгааг хангах, бүртгэлийн эрсдлийг бууруулах нөхцлийг хангахын тулд Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх улсын бүртгэгч мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах зохицуулалтыг нэмж тусгасан.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Ш.Раднаасэд нар асуулт асууж, тодруулсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад төслийн зүйл, заалтыг нухацтай судалж, ажиллах нь зүйтэй хэмээн санал хэлсэн. Ингээд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив.

Хуралдааны төгсгөлд хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ахлан ажиллахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Касс болон худалдагчгүй анхны их дэлгүүр нээгдлээ

Зураг

Цахим худалдаа эрхлэн явуулдаг “Amazon” компани касс болон худалдагчгүй анхны их дэлгүүрээ өчигдөр нээжээ. Энэ нь бараа бүтээгдэхүүнээ худалдан авдаг бидний хэвшмэл хэв маягийг бүрэн өөрчилж магадгүй юм.

Худалдан авагч уг дэлгүүрт орохдоо “Amazon Go” аппликейшнийг ухаалаг гар утсандаа суулгасан байх шаардлагатай бөгөөд үүдэнд гар утсаа уншуулах ёстой аж. Тийнхүү дэлгүүрт ороод худалдан авахыг хүссэн бараа бүтээгдэхүүнээ шууд цүнхэндээ хийх боломжтой юм. Бэлнээр болон бэлэн бусаар тооцоо хийх худалдагч байхгүй учир заавал сагс эсвэл тэрэг авч орох шаардлагагүй гэнэ.

Харин тавиурт байрлуулсан мэдрэгчүүд тухайн худалдан авагчийн сонгосон барааны үнийг нийт үнийн дүн дээр нь шууд нэмж тооцох бөгөөд тавиурт барааг буцааж тавьсан тохиолдолд нийт худалдан авсан барааны үнийн дүнгээс нь буцаан хасдаг байна. Зөвхөн согтууруулах ундааны худалдан авалт хийх тохиолдолд л худалдагч худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор нүүр тулж харьцах шаардлага гарах аж.