Categories
мэдээ нийгэм

Дэд сайд Б.Батцэцэг НҮБ-ын гамшгийн эрсдлийг бууруулах газрын бүсийн төвийн даргатай уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Ази, Номхон Далайн бүсийн төвийн дарга Лоретта Хиебер-Жирардет-ыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд дэд сайд Б.Батцэцэг манай улс гамшгийн эрсдлийг бууруулах талбарт НҮБ-тай нягт хамтран ажилладаг ба энэ чиглэлээр тус байгууллагаас тууштай тусламж дэмжлэг үзүүлдэгт талархав.

Гамшгийн эрсдлийг бууруулах асуудал нь дэлхийн Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн чухал хэсэг тул манай улс энэ чиглэлээр дотооддоо анхаарах төдийгүй олон улс, бүс нутгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьдог. Үүний нэг тод илрэл нь энэ оны 7 дугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-ыг зохион байгуулах гэж байгаа явдал бөгөөд энэ хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтад тус яамны зүгээс бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгийг дэд сайд Б.Батцэцэг цохон тэмдэглэв.

Бүсийн төвийн дарга Лоретта Хиебер-Жирардетын зүгээс НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын хамтын ажиллагаа, хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаад талархахын зэрэгцээ Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь бүс нутагтаа үлгэр дууриал болж байдгийг тэмдэглэв. Тэрээр мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-ын бэлтгэл ажилд Монгол Улсын төр, засгийн зүгээс өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлсэн байна. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-ын Удирдах зөвлөл, Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан маргааш Төрийн ордонд болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаатай холбоотой гомдлыг 126 дугаараар авч байна

Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бодит санал, шүүмжлэл, гомдол мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын 126 тусгай дугаарт хүлээн авч байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 23-26-ныг хүртэл Улаанбаатар хотод болж байна. Энэ үеэр утсанд хандаж цагдаагийн удирдах ажилтнуудтай ярьж болно. Мөн иргэдээс ирүүлсэн бодит мэдээлэлд цагдаагийн байгууллага тодорхой ажил явуулан, арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АНУ-д визэнд зуучилна, ажилд бүртгэнэ гэх зэрэг мэдээлэлд хууртахгүй байхыг хүсэв

ГХЯ зурган илэрцүүд

АНУ-ын улирлын чанартай H-2 ангиллын виз олгох эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улс орсон тухай АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс боллоо.

Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг. 2018 оны жагсаалтаас Хайти, Белиз, Самоа зэрэг улс хасагдсан болно.

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ. Одоогоор Н2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна. Тодорхой болмогц олон нийтэд мэдээлэх болно.

Энэ дашрамд олон нийтэд анхааруулахад Н2 ангиллын виз олгож эхэлнэ гэж зарласны дараагаар АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье гэж ГХЯ-ны Консулын газрын албан мэдээнд дурджээ.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Чехийн Элчин сайд Иржи Бродскийг хүлээн авч уулзав

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН зурган илэрцүүд

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Иржи Бродскийг 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны ойрын зорилтууд, 2018 онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Тухайлбал, энэ онд БНЧУ тусгаар тогтносны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойг тохиолдуулан Монгол Улсад хамтарсан соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцав. Талууд мөн Монгол, Чехийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тодорхой төсөл, хөтөлбөр, ГХЯ хоорондын консулын зөвлөлдөх уулзалтыг 2018 онд зохион байгуулах талаар ярилцаж, олон улс, бүс нутгийн байдал, хоёр улсын гадаад бодлогын талаар мэдээлэл солилцов. Мөн чехийн тал Улаанбаатар хотноо визийн төв нээхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Categories
мэдээ улс-төр

Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн бүрэн эрхтэй холбоотой маргааныг ҮХЦ хэлэлцэнэ

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл ирүүлжээ.

Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” хэмээн хуульчилжээ. Энэ нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасныг зөрчсөн гэдгийг иргэн мэдээлэлдээ дурдсан байна.
Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 31-нд зарлажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд хэлэхдээ хөрөнгө оруулагч талуудын хувьд бид Оюу толгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үр ашигтай хэрэгжүүлэх шаардлагатай.

Хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Хувь нийлүүлэгчийн хувьд Монголын төр, Монголын ард түмэн Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлж өгөөжийг нь хүртэх нь эцсийн зорилго.

Иймд төслийн санхүүжилтийн зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах шаардлагатай байна. Мөн Таван толгойн ордод түшиглэн станц байгуулж говийн бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Нүүрсний экспорт, ачаа тээвэрлэлтийг эрчимжүүлэх төмөр замыг барих ажлыг эхлүүлэх цаг нь болсон гэв.

Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак хэлэхдээ, МонголУлсын Ерөнхий сайдын саналыг хүлээн авч, бүрэн дэмжиж байна. Цаашид хөрөнгө оруулагчид тууштай, тогтвортой бодлого хэрэгжүүлж, өгөөжөө өгөх урт хугацааны шийдэлд хүрэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Рио Тинто групп Монгол Улс дахь үйл ажиллагаагаа өргөтгөж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүэх, хайгуулын хөтөлбөр болон Олон улсын технологийн үйлчилгээний чадавхиа бэхжүүлэх зорилгоор төлөөлөгчийн газраа нээгээд байна

Оюу толгой уурхай нь Рио тинто группын хамгийн аюул осолгүй, өндөр бүтээмжтэй, олон талт дэлхийн хэмжээний төслүүдийн нэг болсон. Өдгөө 14,000 орчим ажилтан ажиллаж байгаагийн 90 гаруй хувь нь монгол ажилчид. Тэдний ур чадвар өдрөөс өдөрт өссөөр байгаа гэв.

Эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулах хүсэлтийг биелүүлж ажиллах болно гэдгээ Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

25, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 26, 28-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 33-38 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч маргааш Хэнтий аймгийн иргэдтэй уулзалт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга маргаашаас эхлэн зүүн аймгийн иргэдтэй уулзалт хийнэ.

Тэрбээр энэ сарын 24-28-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхээр товложээ. Тодруулбал Хэнтий аймагт 24-нд, Дорнодод 25-нд, Сүхбаатарт 26-нд, Дорноговьд 27-нд, Говь-Сүмбэрт 28-нд очиж ажиллах нь. Тиймээс Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүс маргааш Улаанбаатараас хөдлөх юм.

Categories
мэдээ улс-төр

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.01.22) хуралдаан 14 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлын 2009 оны 37, 2013 оны 52, 2015 оны 90 дүгээр тогтоолуудаар АНУ, БНХАУ, БНСУ, БНКазУ, БНАЛАУ, БНТУ, БНЭУ, ХБНГУ, БНФУ, Япон зэрэг нийт 14 улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Европын холбооны Төлөөлөгчийн газар зэрэг олон улсын байгууллагуудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ноот бичгээр Ерөнхий консулын газар нээх хүсэлт тавьсныг Гадаад харилцааны яам зохих журмын дагуу Монгол Улсын Засгийн газарт танилцуулан Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенци”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улс /хуучин нэрээр/ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын “Консулын гэрээ”-г тус тус үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ноот бичгээр зөвшөөрсөн хариу өгснөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 16.1.4-т гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж, мөн хуулийн 17.1.2, 17.1.3-т Улсын Их Хурал гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, хил зааг, ашиглах журмыг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Байнгын хорооны хуралдаанд Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамны барилга, газрын асуудлыг нааштайгаар шуурхай шийдвэрлэхэд анхаарах, түүнчлэн батлан хамгаалахын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах газрын асуудлыг намрын чуулганы хугацаанд багтаан өргөн барьж шийдвэрлүүлэхийг холбогдох яамдын удирдлагуудаас хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан манай улсад суугаа болон манай улсаас гадаад улсад суугаа зарим дипломат төлөөлөгчийн байгууллагын газар болон байшин барилгатай холбоотой маргаантай асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд манай холбогдох яамд онцгой анхаарч ажиллах, ингэхдээ харилцан адил тэгш байх зарчим баримтлах шаардлагатайг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар Байнгын хороо анхаарч, ойрын үед холбогдох яаманд очиж танилцах, түүнчлэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хуулийн хэрэгжилт хэр байгааг намрын чуулганы завсарлагааны хугацаанд шалгаж танилцах санал гаргасан юм.

Дараа нь тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан зарчмын зөрүүтэй дөрвөн санал гаргасныг томьёолол тус бүрээр нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын тоьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхээр тогтов.

Хуралдааны дараа тус Байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарьт тусгагдсаны дагуу Батлан хамгаалах яамны үйл ажиллагаатай танилцах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

МҮЭ-ийн холбоо шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардлаа

01-23 HBH

МҮЭ-ийн холбооны зүгээс Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хэрэглэгчийг хохироон, хууль зөрчиж зах зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй холбогдох компаниудад “Өрсөлдөөний тухай хууль”-ийн 7.1.1, 7.1.2, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн дагуу хариуцлага тооцож хэрэглэгчийн эрхийг хамгаалахыг Засгийн газарт санал, шаардлага хүргүүлж байна. Энэ талаараа өнөөдөр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон салбарын ҮЭ-ийн холбооны дарга нар хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өгсөн юм.

Тус шаардлагад

-”Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” нь 2018 оны 01 дүгээр сарын 09, 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд хуралдаж тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж, тодорхой зөвлөмжийг Засгийн газар, холбогдох компаниудад хандан хүргүүлсэн билээ. Зөвлөмжийн дагуу шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд өргөн хэрэглээний авобензиний /А-80, АИ-92/ хангамж үнийн тогтвортой байдлыг ханган ажиллахыг зөвлөмж болгон үнийн зөвлөлөөр харилцан тохиролцсон боловч сүүлийн өдрүүдэд өргөн хэрэглээний автобензиний хангамж борлуулалт дийлэнх шатахуун түгээх цэгүүдэд доголдож борлуулахгүй байх, хомсдол үүсгэх, үүний улмаас олон цагаар урт дараалал үүсч хэрэглэгч иргэдийн бухимдал ихээхэн үүсч байна. Энэ чиглэлээр МҮЭ-ийн холбоонд иргэдээс гомдол шаардлага ихээр ирсээр байна.

Хэрэглэгч, иргэдийн зүгээс ирүүлсэн гомдлыг авч үзэхэд шатахуун импортлон борлуулах давамгай эрх авч бензин шатахуун импортлон борлуулдаг хэдэн компани шатахууны борлуулалтад зохиомол хомсдол үүсгэн ард иргэдээ төр засагтай нь хамт “шантаажилж” хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа хууль бус, хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж болохоор байна. Хамтарсан үнийн зөвлөлөөс байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт болон асуудал хариуцсан албан тушаалтны албан ёсны мэдээллээс авч үзвэл шатахууны нөөц хангалттай байгаа нь нотлогдсон болно.

Иймд хэрэглэгчийг хохироон, хууль зөрчиж зах зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй холбогдох компаниудад “Өрсөлдөөний тухай хууль”-ийн 7.1.1, 7.1.2, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн дагуу хариуцлага тооцож хэрэглэгчийн эрхийг хамгаалахыг Монгол Улсын Засгийн газарт санал болгон шаардаж байна.