Categories
мэдээ цаг-үе

Сөүлд монгол иргэд хамтдаа үнэт эдлэлийн дэлгүүрт орохыг хоригложээ

БНСУ-ын үнэт эдлэлийн дэлгүүрт хоёроос дээш монгол хүн орохыг хориглож эхэлжээ. Алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүр болгоны үүдэн дээр “Монголчуудыг орохыг хориглоно” гэсэн анхааруулах бичиг нааж, хоёроос дээш монгол хүн тухайн дэлгүүрт яваад ороход хамгаалагч нь шууд хөөгөөд гаргадаг болжээ. бнсу-ын үнэт дэлгүүрүүд дээрх шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь манай улсын иргэд лангуун дээрээс нь байнга хулгай хийж байгаатай холбоотой юм байна. сүүлийн жилүүдэд бнсу-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Манай улсад Монгол Улсын иргэд хамгийн ихээр гэмт хэрэгт холбогдож байна. Монголчууд хүний амь нас онц хэрцгийгээр хөнөөх, танхайрах, хулгайн гэмт хэрэг үйлдэж байна” гэх утга бүхий мэдээллийг олон нийтэд хүргэх болсон. Солонгосын цагдаагийн газраас монголчууд хэрхэн хулгай хийдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байсан. энэ талаар уншигч та бүхэнд тодорхой баримттайгаар хүргэхэд монгол иргэд ихэвчлэн бүлэглэж явдаг. ингээд үнэт эдлэлийн дэлгүүрээс эд зүйлс хулгайлдаг. Мөн цахилгаан барааны дэлгүүрээс ч дуртай бараагаа хулгайлаад гардаг. Тэд өөрсдийнхөө эд зүйлсийг авч байгаа мэт өөртөө итгэлтэйгээр хулгай хийдэг. Автомашины эд анги хулгайлдаг ч бүлэглэл байдаг. Мөн хотхоны хяналтын камерыг араас нь “тонших” аргаар ажиллагааг нь түр тасалдуулж, мотоцикль, машин зэргийг хулгайлдаг. Улсын дугаарын тоог өөрчилж, хотын төвөөр өөрийн эзэмшлийн эд хөрөнгө мэт унаж явдаг. хулгайлсан мотоциклио монгол руу ачуулдаг гэх мэт гэмт хэрэг хийж байна.

Түүнчлэн ажиллаж байгаа компанийнхаа багаж хэрэгсэл, бараа материалыг зарах гомдол ч тасрахгүй ирж байгаа гэдгийг онцлон ярьдаг юм байна. Хамгийн сүүлд гэхэд монголчууд Сөүл хотын Жунгру дүүрэгт байх алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр явж их хэмжээний хулгай хийн баригдсан байна. Тэд худалдагчийг өөр хүнд үйлчилж байх зуур лангуун дээр байсан дөрвөн сая 800-н мянган воноор үнэлэгдэх 16-н ширхэг, 14 каратын алтан бөгжийг бүлэглэн хулгайлсан байна. Энэ нь зөвхөн нэг удаагийнх нь үйлдлийн хэмжээ. Монголчуудын холбогдсон энэ мэт олон удаагийн гэмт хэргийн улмаас БНСУ тэр дундаа Сөүлийн алт, мөнгөний дэлгүүрүүд оны өмнөөс эхлэн дээрх шийдвэрийг гаргажээ. Тэд үнэт эдлэлийн дэлгүүртээ хоёроос дээш монголыг оруулахаа больсон байна. Хэн ч сонссон энэ нь аргаа барсан хүний үйлдэл гэдэг нь илт биз ээ.

ТЭД ХУДАЛДАГЧИЙН АНХААРЛЫГ САРНИУЛЖ БАЙГААД ДУРТАЙ ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ ХУЛГАЙЛААД ЯВДАГ ГЭНЭ

БНСУ-ын алт, мөнгөний хамгийн том зах Сөүл хотын “Чон ру сам га” гэх газарт байдаг. Тиймдээ ч үнэт эдлэл хулгайлдаг монголчуудын “өгөөш” болсон газар нь Сөүл хот юм. Хэдий үнэт эдлэлийн дэлгүүр бүр камертай байх боловч хулгай хийхээр төлөвлөсөн хүмүүсийн хувьд энэ нь тийм ч том асуудал биш аж. Тэд хар шил зүүн, малгай өмсөн зүсээ нуудаг байна. Шаардлагатай тохиолдолд камерыг ч далдалсан тохиолдол байдаг гэнэ. Тэдний нэг нь худалдан авалт хийх нэрийдлээр худалдагчийн анхаарлыг маш сайн татах үүрэгтэй. Хөгжингүй орны худалдагчид ёстой л хэрэглэгчийг хаан мэт дээдэлдэг. Тиймдээ ч манайхан шиг барааныхаа үнийг хэлсэн болоод цааш харан хов ярьдаггүй. Үйлчлүүлэгчдэдээ сонирхсон, таалагдсан барааг нь олж өгөхийн тулд хэрэндээ л мэрийдэг аж. Энэ байдлыг манай хулгайчид тун чиг овжин ашигладаг байна. Тиймдээ ч хоёроос дээш монголыг оруулахаас татгалзсан нь ойлгомжтой юм. Тэр бүү хэл дохиоллын систем нөлөөлөхгүй, хамгаалалттай цүнх хүртэл хэрэглэн удаа дараа гэмт хэрэг хийж байсан юм билээ.

Хэдий тэдний хулгай амжилттай боллоо ч камерын систем хамгийн сайн хөгжсөн тус оронд хулгайчдыг олохгүй байхын зовлон үгүй. Гэмт хэрэг хийчихээд хэдэн жилийн дараа эргэн БНСУ-д очсон ч таныг тэр дор нь л илрүүлчихнэ. Шинэ он гарсны дараахан монгол иргэнийг Инчоны нисэх онгоцны буудлаас нутаг буцаасан. Учир нь Монгол Улсын иргэн 29 настай А нь 2016 онд Солонгос улсад аялал жуулчлалын гурван сарын визээр зорчих үедээ Пусан хот дахь нэгэн их дэлгүүрийн бэлэн хувцасны тасгаас 800.000 воноор үнэлэгдэх өмд, цамц, бүс, цүнх гэх мэт 16 ширхэг эд зүйлс хулгайлжээ. Тэрээр хоёр жилийн дараа тус улсад очсон ч гэмт хэрэг хийснийг нь тэр даруй олж тогтоон нутаг буцаасан байна. Үнэт эдлэл хулгайлаад цагдаад баригдсан монголчууд “Лангууны худалдагч эд зүйлсээ хулгайд алдах талаар ямарч ойлголт байдаггүй. Нэг хүнд сонирхож байгаа үнэт эдлэлийг нь гаргаж өгчихөөд дараагийн хүндээ үйлчилдэг. Бид сонирхож байгаа дүр эсгэж байгаад гарт баригдаж, нүдэнд таарсан үнэт эдлэлээ халаасандаа хийчихдэг. Ингээд л ямар нэгэн сэжиг авахуулалгүйгээр гараад явчихдаг юм. Худалдагчийн анхаарлыг нэг нь сарниулж байгаад л хулгай хийдэг” гэх утга бүхий мэдүүлэг өгдөг байна.

Ямартай ч “урт гарт” монголчуудынхаа ачаар Сөүл хотын алт, мөнгөн эдлэлийн дэлгүүрт олноороо орох эрхгүй болжээ. Тэгвэл Монгол дахь хамгийн том алт, мөнгөн эдлэлийн зах гэж хэлж болохуйц “Мөнгөн завьяа”-д байдал ямар байгааг сурвалжиллаа. Цагаан сар дөхсөнтэй холбоотойгоор ээж, аав, ах дүү, амраг садандаа бэлэглэхээр үнэт эдлэл сонирхож яваа хүмүүс “Мөнгөн завьяа”-аар дүүрэн байна. Барагцаалбал хагас цагийн дотор 80 гаруй хүн лав ганган чамин үнэт эдлэлүүдээс сонирхож, худалдан авцгааж байлаа. “Баяр дөхсөн болохоор сайн хямдарч байгаа шүү” гэсээр худалдагчид тооны машинаа тачигнуулан бодох аж. “Мөнгөн завьяа”-гийн лангууг хоёр ч тойрлоо. Хулгай зэлгийтэй холбоотой хэрүүл маргаан ер сонсогдсонгүй. Гурван ч жилийн турш “Мөнгөн завьяа”-д үнэт эдлэл зарж буй худалдагчаас хулгайн гэмт хэрэг хэр их үйлдэгддэг талаар асуухад “Хулгайн гэмт хэрэг их л ховор сонсогддог. Би л лав гурав, дөрвөн жил энэ лангуунд сууж байна. Нэг ч удаа хулгайд өртөж байсангүй. Мэр сэр сонсогддог л юм. Камертай, дээрээс нь цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байдаг учир олдчихсон л байдаг” гэсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ДЭЛГҮҮР ХУЛГАЙД ЭД ЗҮЙЛСЭЭ АЛДДАГГҮЙ

“Мөнгөн завьяа” алт, мөнгөн эдлэлийн худалдагчтай ярьж зогсохдоо “Хоёроос дээш монголыг Сөүлийнхэн үнэт эдлэлийн дэлгүүртэй оруулахаа больсон” тухай хэлэхэд тэд “Солонгосчууд бид нарыг бодвол том лангуутай байдаг. Манай Улсын их дэлгүүр шиг л гэсэн үг. Бас үзэж харах боломж нь ч нээлттэй юм билээ. Тиймээс худалдагчийн анхаарал сарних төдийд хулгайлчихдаг юм шиг байгаа юм.

Манайх нөхцөл байдлаасаа шалтгаалж ширээ шиг хэмжээтэй лангуу л ногддог. Тиймээс хараа хяналт ч сайн байдаг юм. Зарим тохиолдолд энэ хавиар эргэлдэж байдаг үл бүтэх этгээдүүдийг ирэх юм бол бүр ч сайтар бараагаа харна шүү дээ. Хулгай хийх гэдэг хэдэн нөхдөө ч бид андахгүй болсон. Ер нь бараагаа алдах эсэх нь худалдагчаас шууд хамаардаг гэж би боддог. Бараагаа мэддэг худалдагч юу, хаана байсан гэдгээ бүр нүдэлчихдэг. Ямар үйлчлүүлэгч үйлчлүүлж байгаагаас хамаарч хараа хяналтаа сайжруулах нь худалдагч хүний үүрэг” хэмээн хэлсэн юм. Манай үнэт эдлэлийн худалдагчид хэдэн хулгайчдаа бүр нүдэлчихсан байдаг бололтой. Урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ ч сайн авдаг юм байна. Тиймдээ ч монголчуудын үнэт эдлэлийн хэрэгцээг хангадаг “Мөнгөн завьяа”-д хулгайн гэмт хэрэг өдрийн од шиг ховорхон гардаг болов уу.


Categories
мэдээ цаг-үе

Г.Мандахнаран: Тамирчин хүний амжилт гаргах гол үндэс нь ялагдлаа хурдан мартах

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол Улсын долоон удаагийн аварга гавьяат тамирчин Г.Мандахнарантай ярилцлаа.


-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд долоо дахь удаагаа түрүүллээ. Онцлог нь дөрвөн жинд улсын аварга боллоо шүү дээ. Энэ жилийн тэмцээний талаар ярилцлагаа эхлүүлэх үү?

-За тэгье. Би 2005 онд анх удаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орж ах нартайгаа хүч үзэж байлаа. Энэ цагаас хойш 55, 60, 65, 70, 74 кг-ын жинд барилдаж 55 кг-аас бусад бүх жингүүдэд улсын аварга болсон байна. Энэ жилийн тухайд шинэ дүрэмтэйгээ уялдуулж 74 кг-ын жинд орж дүү нартайгаа барилдаад алтан медаль хүртлээ. Жин хасах сонирхолгүй байсан учраас дээд жиндээ орсон.

-“Алдар” спорт хороо “Аваргууд академи”-ийн тамирчид хоёр жил дараалж одтой наадаж багаараа түрүүллээ. Таны бэлдсэн дүү нараас хоёр ч аварга төрлөө шүү дээ?

-Ер нь манайхан орсон тэмцээн бүртээ л түрүүлэх зорилго тавьдаг. Сүүлийн хоёр жил тасархай түрүүллээ. Энэ жилийн тухайд намраас хойш хамт ажилласан Ц.Цогбадрах, Б.Бямбадорж гэж хоёр дүү маань итгэл алдсангүй сайхан барилдаж насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс анхны түрүүгээ авлаа. Залуу хойч үе маань хурдацтай гарч ирж байна даа.

-Таны олон улсын хэмжээнд гаргасан анхны томоохон амжилт бол 2010 онд Гуанжуд болсон Азийн спортын наадамд түрүүлсэн явдал. Энэ амжилтынхаа талаар эргээд яривал?

-Тэр өдрүүдийг эргээд дурсахад үнэхээр сайхан байдаг. Гэгээхэн цагаан хүсэл мөрөөдөлтэй залуу тамирчин Азийн наадамд очиж зорилгодоо хүрчихээд зогсож байсан минь өчигдөрхөн юм шиг л санагдаж байна. Ард түмнийхээ хэрэгтэй байсан медалийг авч үүгээрээ олонд танигдаж, амжилтдаа урамшиж илүү хурцлагдаж байсан даа. Энэ жил Азийн наадам дахиад зохиогдоно. 2010 онд залуухан хүү очоод түрүүлж байсан бол туршлагатай тамирчин болоод амжилтаа бататгахыг зорьж байна.

-2012 оны олимпоос 2016 оны олимпийн мөчлөгт гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход та тухай бүрт нь финалдаж үдээс хойш барилдаж байсан. Тамирчны замналын тань оргил үе энэ байсан болов уу?

-Гурван жил дараалж очоод үдээс хойш үлдэж шилдгүүдтэй барилдаж байснаараа бахархах үе төрдөг шүү. Өглөө биеэ халаах гэж очиход битүү тамирчидтай байсан зааланд орой хоёулхнаа үлдээд чухал барилдаандаа төвлөрч байх бас гоё мэдрэмж байдаг. “Зүлэг ногоон дэнжид өглөө 512 бөх гараад орой нь Баянаа бид хоёр үлдээд хоёр биенээ түшээд унтаж байдаг” гэж манай дархан аварга Ж.Мөнхбат хэлдэг шиг. Энэ хэмжээнд ирэхийн тулд олон бартаа саадыг давсан даа. 2010 онд өмнө нь хоёр жил дараалаад улсын аварга болчихсон залуу хүүхэд “надтай өрсөлдөх хүн байхгүй” ухааны юм бодоод “нисч” байхад гавьяат Э.Ням-Очир найз маань сургамж хайрласан нь надад их зүйлийг бодогдуулсан. Ийм нарийн өрсөлдөөн дунд бид сайжирсан. Өнөөдөр хүртэл дүү нартайгаа сайхан үзэлцээд түрүүлээд л явж байна даа. Дүү нар маань том зорилго тавиад тууштай бэлтгэл хийхэд дэлхийн хэмжээнд гараад л ирнэ.

-Таны барилдааныг ажиглахад сэтгэл зүй их өндөртэй барилдаж байгаа харагддаг. Монголд спортын сэтгэл зүйн шинжлэх ухаан төдийлөн хөгжөөгүй нь тамирчдын дутагдал болоод байдаг . Та сэтгэл зүйгээ яаж бэлддэг вэ?

-Спортын сэтгэл зүй гэж тусдаа шинжлэх ухаан бий болоод байгаа. Шинжлэх ухаан талаас нь бол тайлбарлаж мэдэхгүй юм. Миний хувьд биеэ сайн бэлдээд бэлтгэлээ базаасан байхад айж эмээгээд байх зүйл байдаггүй. Биеэ бэлдээгүй үед айж эмээгээд төвлөрч чадахгүй үе байдаг. Гэхдээ спортын сэтгэл зүйн шинжлэх ухаан хөгжиж Монголын олон тамирчдын амжилтын үүдийг нээж өгөх байх гэж найдаж байна.

-2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд та Беларусийн тамирчинтай барилдахдаа эхний үед долоон оноо алдаж хожигдож байсан ч шийдвэрлэх үед барьж хоёр дахь медалиа авсан байдаг. Дэлхийн олон бөх сонирхогчид таныг энэ барилдаанаар дурсдаг?

-Маш хүнд барилдаан болсон. Дэлхийн аваргаас медаль авна гэдэг хэцүү. Түүнийгээ батлах бүр хэцүү байсан шүү. Нүд маань мөргүүлээд битүү хавдаж, чих маань тэсрээд идээлээд буглачихсан үед барилдах л ёстой гээд гарсан. Барилдааны эхэнд идээлсэн чих рүүгээ хоёр нүдүүлж мэдээ алдаад л үзэлцсэн дээ. Эхний дөрвөн минут хүртэл долоо оноо алдаад төгсгөлд ажилласаар байгаад өрсөлдөгчөө хялайлгаж, сэтгэл зүйгээр илүүрхэж буулгаж авсан. Монгол тамирчдын бэлтгэлийн тэсвэр хатуужлыг харуулсан барилдаан болсон гэж ойлгодог .

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальтан болоод олимпийн наадмыг зорьсон. Риогийн олимпийг эргээд дурсвал?

-Өнгөрсөн олимпийн мөчлөгч гарцаагүй медальт байранд шалгарах эрэмбэтэй байсан. Олимпийн наадам оролцох хүмүүс нь тодорхой байдаг талаараа ДАШТ-ээс ялгаатай. Тиймээс өрсөлдөгчдөө сайтар судлаад л очсон. Бэлтгэл сургуулилтаа маш сайн базаагаад медаль авах том зорилго тавиад очсон ч болоогүй дээ. Олимпоос тухайн өдрийн аз ёндоогоор медаль авна гэсэн ойлголт байхгүй. Бүх зүйл төгс байж л медаль хүртдэг юм байна лээ.

-Олимпийн дараа таны сэтгэл зүй хүнд байсан байх. Тэр цагаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Цаг хугацаа бүхнийг мартуулдаг. Наурузовтой хийсэн барилдааныхаа талаар боддог уу?

-Сэтгэл эмзэг үед ярихад хэцүү л дээ. Одоо бол бодоод шаналаад байгаа юм алга. Тамирчин хүний амжилт гаргах гол үндэс бол ялагдлаа хурдан мартах байдаг. Тэр цагт л дараагийн амжилт ирдэг. Аваргууд бүгд ялагдсан байдаг байхгүй юу. Миний хувьд бэлтгэл хийж байх үед Наурувтой хийсэн барилдаан хааяа бодогдох нь бий л дээ. Гаргасан алдаануудаасаа суралцаад өөрийгөө хөгжүүлээд явж байна.

-Наурувтой хийсэн барилдааны дараа гар бариад эрхий хуруугаа гозойлгож байсан. Энэ талаараа?

-Шүүгч нарт л бухимдаж байсан болохоос өрсөлдөгчдөө уурлаад байх зүйл байгаагүй ээ. Хүмүүс бол тийм барилдаан л хүсдэг шүү дээ. “Наурозовт сайхан барилдлаа шүү хоёулаа” гээд л амжилт хүссэн. Цаанаасаа дэмжлэгтэй л явж байсан л даа. Одоо яая гэхэв.

-Та олимпод хийсэн барилдааныхаа асуудлаар олон улсын шүүхэд хандаад байгаа талаараа мэдэгдэж байсан. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ?

-Энэ асуудал дуусаагүй сунжраад л явж байгаа. Олон улсын шүүхийн асуудал их ярвигтай байдаг юм байна. Бичиг цаасны орчуулгаас авахуулаад олон бэрхшээлтэй тулгарч байна даа. Өнгөрсөн жилээс авахуулаад эхэлсэн асуудал ахиад хоёр гурван ч жил болох шинжтэй байна. Өмнө нь ийм асуудлаар олон улсын шүүхэд хандсан асуудал байдаггүй юм байна лээ.

-2020 оны олимпийн талаар бодсон зүйл байгаа байх. Эхний алхмаа амжилттай хийж УАШТ-аа түрүүллээ шүү дээ?

-Мэдээж олон жил энэ спортод сэтгэл зүрхээ зориулсных бодсон зүйл байгаа. Ирэх олимпийн наадамд 74 кг-ийн жинд өгсөж барилдахаар төлөвлөж байна. Ямартай ч улсын аварга болж эхний алхмаа амжилттай хийлээ. Одоо олимпийн оноо цуглуулах тэмцээнүүдэд хоёр дахь алхмаа хийгээд амжилттай болбол 2020 онд гурав дахь алхмаа олимпийн медалийн төлөө хийнэ дээ.

-Таныг зодог тайллаа гэхэд дэлхийн аваргаас очоод медаль авчих хэмжээний тамирчид харагдахгүй байна. Тантай ижил хэмжээнд өрсөлдөөн үзүүлэх тамирчин дунд жинд харагдахгүй байх юм?

-Тийм ч учраас өнөөдрийг хүртэл бэлтгэлээ хийгээд явж байна. Намайг ялчихвал “Дүү нар дэлхийгээс медаль хэмжээнд очжээ” гээд зайгаа тавьж өгнө. Би хожигдоогүй, дэлхийд үзээтэй байгаа тохиолдолд “Мандах ах нь очъё доо” л гэж хэлнэ. Нэг ёсондоо дүү нартаа нэг улаан шугам татаж өгчихөөд байна л даа. Энэ улаан шугамыг давж гарсан тохиолдолд л дүү нар маань бөмбөрцөгт гарч хүч үзэх байх даа. Найдлага тавьж байгаа олон залуус байгаа.

-Таны багш Ц.Цогтбаяр Монголоос Дэлхийн шилдэг техниктэй бөхийн шагнал хүртэж байсан ганц тамирчин. Таны барилдааны онцлог энэ хүнтэй салшгүй холбоотой байх?

-“Морь эзнээ олж байж хурдалдаг” гэж үг бий. Би багш дээрээ ирж л энэ амжилтуудыг гаргасан. Хэрэв өөр багш дээр очсон бол яах ч байсан юм билээ. Одоо бол багш бид хоёр нэг нэгэндээ дэндүү уусчихсан. Дэвжээн дээр барилдаж байх үедээ харцаараа л ойлголцдог. Цаашдаа ч багштайгаа хамт явж байгаад л дуусах байх даа.

-Чөлөөт бөхийн тамирчин хүн ямар байх ёстой вэ?

-Тамирчин хүн хувийн сахилга бат маш сайн байх ёстой. Бэлтгэлдээ орсон л бол тэр цагийг бэлтгэлд л зарцуулах хэрэгтэй. Зарим тамирчид утас нь дуугарахад очоод санаа бодол нь өөр газар яваад байгаа харагддаг. Ийм зүйл байж болохгүй. Чөлөөтийн тамирчид олон техникийг өндөр хэмжээнд эзэмшиж байж олон улсын хэмжээнд өрсөлдөнө.

-Энэ сарын 30-нд “АСА” циркэд болох халз барилдаанд үндэсний бөхөөр ОУХМ Д.Төмөрхүлэгтэй үндэсний бөхөөр халз барилдана. Монгол бөхөөрөө барилдаж л байсан байх?

-Хүүхэд байхдаа зодог шуудаг өмсөж ганц удаа сумын наадамд барилдаад нэгийн даваанд унаж байснаас өөрөөр барилдаж байгаагүй. Маргаашнаас зодог өмсөж бэлтгэл хийнэ дээ.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Ноомой

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Тэрээр хуримаа хийснээс хойно тун удалгүй буруу эхнэр авснаа ойлгожээ. Суухаас өмнө түүнийг хуураад байсан будаг шунх алга болохын цагт царай муутай биш юм гэхэд хэний ч сонирхол тэгтлээ татаад байхааргүй үнэн төрх нь гараад ирэв. Ялдам ааш, гайхсан мэт түргэн түргэн цавчлах нүд, эрхлэнгүй шулганасан яриа, инээхээр хацар дээр нь буй болдог хөөрхөн хонхорхой, гэнэн томоогүй гэмээр хүүхдийнхэрхүү дохио зангаа ор сураггүй болжээ. Эргээд бодож байхад мань хүний санаачилга гэхээсээ хүүхний идэвх тэр хоёрыг хуримлуулжээ. Үүнийгээ ч тэрээр анзаараах сөхөөгүй явсан.

Мань эр өөрөө их доожоогүй нэгэн л дээ. Ядахнаа тольтроо, тэрнээсээ ичдэг юм уу, үг дуу цөөнтэй. Түүнийг зарим нь даруу, мөрөөрөө, хорхойд хоргүй гэх авч ихэнх нь бүрэг, дорой, эхнэрийнхээ атганд, заяагүй амьтан гэж нэрлэнэ. Дотроо эхнэрээсээ салах юмсан гэж бодох авч түүнээ гаргаж хэлэх зориг зүрх байсангүй. Авгайгаа хашгичаад унахад ядахнаа дургүйцлээ нүдээрээ ч болов илэрхийлж чаддаггүй хүн шүү дээ. Юу юугүй л нүд буруулаад доош тонгойн гэм хийсэн хүүхэд шиг урвайна. Эхнэр бол мань хүнийг яагаа ч үгүй байхад нь л буруутгана, загнана, заримдаа цохиод авна. Бүр бусдын нүдэн дээр газар дор ортол нь аашлахыг нь яана. Нүүрэн дээр нь хүнд муулна. Нэг удаа олон хүний нүдэн дээр “чамайг эцэг чинь шоглоом зугаа болгож хийсэн байх” гэж доромжлоход ичсэндээ “За болиоч дээ” гэж зүрхэлж хэлсэн удаатай. Ганц энэ дорой эсэргүүцлээсээ болоод дараа нь мөн ч их зандчуулсан даа.

Эхнэр яахав дээ, эхэндээ номхон ноорхой нөхөртэйдээ бухимдаж явдаг байснаа аяндаа энэндээ дасаад хөөрхийг бүр зодуурын хүүхэд болгож хувиргахгүй юу. Гэхдээ тэр бол шулмас биш л дээ. Гялалзуур, гэр орныхоо ажлыг ягштал гүйцээнэ. Нөхрөө загнаж байгаад ч болов аваад явдаг хүүхэн. Хувцас хунарыг нь угаана индүүднэ, гэрээ цэвэрлэнэ, хоол ундаа хийнэ. Орлогын хувьд нөхрөөсөө хавьгүй илүү. Нооргор нөхөртэйдээ гутаад өөр хүн амьтантай сэвээд байгаа юм байхгүй. За даа, сэвье ч гээд хүний хараа булаахаар хүүхэн биш дээ.

Нэг удаа хүүхэн хальтирч унаад хөлөө хугалчихжээ. Хоёр сар эмнэлэгт хэвтэв. Энэ хооронд манай хүн ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх нь тэр. Хөөрхий, эрх чөлөө гэдгийг анх удаа мэдэрч буй нь энэ. Ажил тарж ирээд огт айдасгүйгээр гэрийнхээ хаалгыг өшиглөөд л орно. Хэдийгээр архи дарснаас хол нэгэн боловч гэртээ хоёр ч удаа ганцаараа архидан нэвширтлээ согтсон. Шөнийн цэнгээний газар орж үзлээ. Тэр байтугай янхан ч хөлсөлсөн. Ер нь хичнээн жил дотор нь бүгсэн мөнхийн айдаснаасаа салчих шиг болов. Энэ хүүхэнтэй суугаагүй бол насаараа аз жаргалтай явах байж гэсэн санаашралтай боллоо. Ер нь өдий болтол шоронд сууж байсан юм байна шүү дээ. Зүгээр нэг шорон биш, хажуудаа байнгын тамлагчтай гяндан. Мань хүн эхнэрээсээ салахаар нэг мөсөн шийдэн зориг шулуудав.

Эхнэр эмнэлгээс гарлаа. Орж ирээд л тархидаж гарав. Таяг гээд нэг аймаар зэвсэгтэй болж, хажуугаар нь өнгөрөхдөө үгүй дээ л албатай юм шиг заавал тоншоод авна. Уур хилэн нь урдахаасаа хоёр дахин ширүүн болжээ. Нөхрөө нэрээр нь ч дуудахгүй заавал нэг хараалаар чимэглэнэ. Яагаад ингээд ширүүлээд, юундаа боож үхчих гээд байгаа нь ер ойлгомжгүй. Мань хүний эхнэрээсээ салах төлөвлөгөө тэр дороо замхарлаа. Хаяад зугтаачиж болох ч хаачих ч юм билээ, дороо л баригдана шүү дээ. Эмнэлэгтээ үхчихдэггүй яасан заяагүй амьтан бэ хэмээн хий л дотроо өөрийгөө зүхнэ.

Мань хүн сүжигтэй нэгэн. Эхнэрээ үхүүлж өгөөч гэж Бурханд залбирах боллоо. Уур нь хүрсэн үедээ бүр зовж шаналан тамлагдаж үхлийн муугаар далд оруул гэж гуйна. Эхнэрээ ямархуу байдлаар үхүүлэх хашрын хүсэлт мөрөөдөл маш баялаг. Тагтан дээрээс нисэх, халуун хоолонд түлэгдэх, машины осолд орох, хүнд өвчин тусах, хадан дээрээс хальтрах гээд л… Гэмт хэргийн тухай материал цуглуулах боллоо. Сонин сэтгүүл, радио, зурагтаар энэ тухай гарахаар зориуд сонирхоно. Хүн янз янзаар гэнэтийн тохиолдлоор үхдэг тухай түүний мэдлэг бараг л энэ сэдвийн нэвтэрхий толь болжээ. Мэдээж тэр эхнэрээ өөрөө гардан хөнөөх гээгүй, тийм зориг зүрх байхгүй. Энэ бүх мэдээлэл эхнэрээ яаж үхвэл зүгээр гэдэг хий төсөөлөл мөрөөдлийг нь баяжуулах төдий.

Олон жил өнгөрчээ. Цагийн явцад хосын харилцаа зөөлөрсөн. Яхир эхнэр, унжгар нөхөр хоёр бүр эвлэрсэн ч юм биш, нэг нь ярдагласаар, нөгөө нь дуулгавартай чимээгүй хэвээрээ. Зүгээр л арай зөөлөрсөн, арай намдуу болсон л гэсэн үг. Тэгээд ч нас дээр гарчээ.

Ноомой нөхөр хүндээр өвдөж хэвтэрт орлоо. Бие нь дээрдэхгүй удав. Ийм өвчинд орчин үеийн анагаах ухаан тус болохгүй, тэр уулын тэнд хавар эхлэх үеэр тийм цэцэг зөвхөн тэнд л ургадаг, ердөө хэдхэн хоногийн настай, уул цэцгийн ханд л эдгээнэ хэмээн домч нэгнээс сонссон эхнэр олон жил ханилсан нөхрөө аврахаар заасан газар руу нь морджээ. Харамсалтай нь хаврын хорхойтсон баавгайд бариулчих нь тэр. Арай ч үхээгүй байхад нь анчин олж морин дээр тэгнээд аваад явсан боловч цаадах нь булгиж унагаад бүр ч дордууллаа. Хот газар түргэний тэргээр хүргэгдэх замд машин осолд оров. Эмнэлэгт иртэл сувилагч эндүүрээд буруу тариа хийв. Настай авгай энэ мэтчилэн түмэн гамшиг туулсан боловч арай л амь нь тасарчихсангүй дараагийн шаналлыг дамжихын тулд амьсгаатай үлдээд байлаа. Нөхрийнх нь олон жил Бурхнаас гуйсан гэсгээлийг бүгдийг нь дараалан дамжихуй.

Хэвтэрт буй нөхөр нь энэ бүхнийг дуулаад “Бурхан минь түүнийг өршөөгөөч, ядахнаа бушуухан амийг нь авч шаналал зовлонгоос нь хэлтлээч” хэмээн мөргөн гуйлаа. Бурхан дор нь хариуг нь өгөв:

-Чи өөрөө л гуйсан шүү дээ. Сүсэгтнийхээ хүсэлтийг биелүүлэх нь миний үүрэг.

-Би үүнийг танаас олон жилийн өмнө хүссэн. Тэр үед нь хүслийг биелүүлээд нэг тийш нь болгочихсон бол гомдолгүй байхсан. Одоо би үхэх ч үгүй сэхэх ч үгүй хэвтрийн арчаагүй амьтан боллоо. Цаашид удаан тарчлах бололтой. Ганцаардсан намайг эхнэрээс минь өөр асрах хэн ч байхгүй. Та намайг анх гуйхад шийдээд өгчихсөн бол цааш нь би учраа олоод явчих байсан. Одоо ямар ч чадал тэнхээгүй болсон хоёр хөгшнийг ингэж тамлаж яахна вэ!

-Би түрүүхэн муудсан хоол идчихсэн бололтой. Гэдэс мушгиад жорлонд жаахан удчих шиг боллоо. Гараад ирсэн чинь чиний үнэнхүү сүжиглэсэн нэлээд олон залбирал хүсэлт овоорчиж. Ингээд л хүслийг чинь биелүүлсэн шүү дээ. Ийм үнэн санааны залбирлыг гүйцэтгэхгүй бол Бурхан би байгаад ч яах юм билээ.

-Танаас эцсийн ганцхан хүсэлт байна. Зовж тарчилж буй эхнэр бид хоёрыг одоохон үхүүлж энэ тамлалаас хэлтрүүлээд өгөөч. Бид хоёр ядахнаа амиа ч хорлож дөнгөхгүй амьд хүүр, амьсгаатай сүг болчихлоо Танаас…

-Амиа хорлоно гэж юу ярьж байгаа юм! Хүүе, байзнаарай… Ёо ёо ёо… миний гэдэс дахиад мушгиад уналаа. Хариугүй өмдөндөө тавих нь. Та хоёр хүлээж байгаарай, би одоохон жорлон орчихоод гараад ирье…

Categories
мэдээ нийгэм

Шийдэм одтой, улаан луу өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 24, Буд гариг. Билгийн тооллын 7, Шийдэм одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 8:15 цагт мандан, 17:44 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабар “Ноомой” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өчигдөр ЗГХГ-ын дарга Занданшатар Америк Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдөд мэдээлэл хийсэн юм. Энэ талаар тус танхимын гүйцэтгэх захирал О.Адъяатай ярилцсаныг тэргүүн нүүрэнд хэвлэгджээ.

200 мянган тонн хуурамч бензин хилээр оруулж, хуулийн цоорхой ашиглан 60 тэрбум төгрөгийн татвараас бултсан хэргийн мөрөөр бэлдсэн сурвалжилгыг нэгдүгээр нүүрнээс хүлээн аваарай.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дэд дарга, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавтай ярилцсаныг I нүүрнээс хараарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабар “Ноомой” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй хийсэн ярилцлагыг улс төрийн тавдугаар нүүрнээс уншаарай. Тэрээр “Эрдэнэтийн 51 хувь Монголын талд байна уу, айлын талд очсон уу гэдгийг Ерөнхий сайдаас асууж байна” гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболдын гаргасан сүү, цагаан идээний хэрэглээний уриалгын талаар УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэгтэй ярилцсаныг XI нүүрнээс хараарай.

Пёнчаны мөсөн талбайд гялалзах одод нь хэн байх талаар XII нүүрнээс онцлон нэг уншаарай.

“Петровис” компанийн гүйцэтгэх захирал асан, “Торгоны зам сан”-ийн захирал М.Халиунбаттай хийсэн ярилцлагыг арван гуравдугаар нүүрнээс үзээрэй. Тэрээр “Шатахууны үнийг тогтвортой байлгах хамгийн сайн арга бол нөөцлөх” хэмээн онцлон хэлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм улс-төр

Монгол Улсыг хар жагсаалтаас гаргалаа

Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын зөвлөл өнөөдөр хуралдаж “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-аас Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэжээ. Сангийн сайд нарын зөвлөл 2017 оны XII сарын 5-ны хуралдаанаараа уг жагсаалтад Монгол Улсыг оруулаад байсан юм. Монгол Улсын Засгийн газар 2017 оны XII сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээr тус хар жагсаалтаас гарлаа. Монгол Улсын Засгийн газар хар жагсаалтаас гарах асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой арга хэмжээ авч ажилласан бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тушаал гарган Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг томилох, Сангийн яам болон ХЗДХЯ-ны төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулан ажиллуулах зэрэг ажлуудыг хийсэн билээ. Мөн Европын Холбооны Дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини болон Европын Холбооны гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт албан захидал илгээн, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нартай уулзаж Монгол Улсын байр суурийг тайлбарлах зэрэг олон арга хэмжээ авсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хүн төвтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлнэ

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга, зохицуулагч нарын айлчлал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын талаарх салбар хоорондын уузлалтыг эрүүл мэндийн яаманд зохион байгууллаа.

Эрүүл мэндийн тогтолцооны газрын дарга Виван Лин Эрүүл мэндийн бүх нийтийн хамралт Явцыг хянах, эрчийг хадгалах , ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица Бүсэд тулгарч буй эрүүл мэндийн санхүүжилтийн сорилтууд, үндэсний эрүүл мэндийн даатгалын засаглал, нэгдсэн санхүүжилтэд шилжих нь, мөн стратегийн худалдан авалт хийх зэрэг сэдвийн хүрээнд тус тус илгэлт тавилаа. Үүний дараа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг тус газрын бүтэц, үндсэн үйл ажиллагаа, сангийн үзүүлэлт, тулгамдаж буй асуудлаар илтгэлийг үргэлжлүүллээ. Тэрээр хэлэхдээ тогтвортой хөгжлийн дэлхий нийтийн зорилт, эрүүл мэндийн бүх нийтийн хамралтыг дэмжсэн, хүн төвтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгох хандлагыг төлөвшүүлэх, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Үндэсний зөвлөлийн гишүүд болон даатгалын харилцаанд оролцогч байгууллагуудад ДЭМБ-ын богино болон удаан хугацааны техникийн туслалцааг авах шаардлагатай байгааг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны зарим гишүүд өнөөдөр (2018.01.23)Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, Н.Оюундарь, Н.Амарзаяа, Б.Энх-Амгалан нарыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч, товч мэдээлэл өгсний дараа Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр яамны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Тэрбээр яам үүсэн байгуулагдсан түүх болон салбарын эрх зүйн орчны шинэчлэл, гадаад хамтын ажиллагаа, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй байдал хийгээд хийж гүйцэтгэсэн томоохон ажлын талаар танилцуулав.

Салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаар төсөв нэмэгдүүлэх, зэвсэглэл, техникийг сайжруулах шаардлага байгааг онцолсон.

Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Улсын нисэхийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Дайчилгааны тухай хууль, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль, Дайны байдлын тухай хууль зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа болон шаардлагатай бодлогын баримт бичгүүдийг гаргуулахаар ажиллаж буйгаа мөн тэмдэглэсэн юм.

Үүний дараа УИХ-ын гишүүд Зэвсэгт хүчний жанжин штабт очиход Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа танилцуулга, мэдээлэл хийлээ.

Тэрбээр Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн батлан хамгаалах шинэчлэлийн бодлогын хүрээнд мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, хөгжүүлэх төрийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд бүхий л хүч бололцоо, мэргэжлийн ур чадвараа дайчлан албаа сайн хааж байгааг тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол ардчилал хөгжүүлсэн байдлаараа ирэх жил АНУ-ыг гүйцнэ гэнэ

“Ардчиллын өлгий нутаг” гэгддэг АНУ ардчиллын индексээрээ ирэх жил Монгол Улсын доор бичигдэх төлөвтэй байгаа гэсэн мэдээлэл гадны хэвлэлүүдэд гарчээ. Улс орнуудын ардчилал, эрх чөлөөг хөгжүүлж байгаа байдалд үнэлгээ хийж, чансаа тогтоодог “Freedom house” байгууллагаас гаргадаг чансаанд АНУ-ын эзлэх байр сүүлийн нэг жилд огцом доошилсон байна. Д.Трамп АНУ-ыг ерөнхийлөгч болсноос хойш тус улсын ардчиллын чансаа хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх , эрх чөлөө, олон улсын тавцанд хүлээх хариуцлага гэх мэт бүх үзүүлэлтээр огцом уруудаж, 20-иос хойшоо байр эзлэх болжээ.

“Freedom House”-ын чансааг Скандинавын хойгийн Швед, Норвег, Финланд улсууд 100 онооноос 100 оноо авсан үзүүлэлтээр тэргүүлж, Баруун Европын Герман, Их Британи, Испани, Австри, Франц зэрэг улсууд өнгөлсөн байна. Монгол Улс энэ чансаанд 85 оноо авсан үзүүлэлтээр АНУ-ын ардхан талд жагсч байгаа нь ийнхүү “АНУ ардчиллаараа удахгүй Монголд гүйцэгдэх нь” гэж бичигдэх шалтгаан болжээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам гишүүдээсээ санхүүгийн дэмжлэг хүсчээ

Ардчилсан намаас УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт Үндсэн хуулийн өөрчлөлт, агаарын бохирдол, татварын нэмэгдлийн эсрэг гурван асуудлаар хугацаатай шаардлага хүргүүлээд байгаа.

Тэгвэл эдгээр асуудлаар ирэх сарын нэгний өдөр тус намаас жагсаал хийхээр төлөвлөсөн аж. Түүгээр ч барахгүй үндэсний эсэргүүцлийн эл цуглаандаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийг санхүүгийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэхийг даалгасан тушаалыг намын дарга нь өчигдөр гаргажээ.