Categories
мэдээ нийгэм

2017 оны “шилдэг оюутан тамирчин” оюутнуудыг тодруулав

Зураг2017 оны шилдэг оюутан тамирчдаа шалгаруулах ёслолыг 2018 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Үндэсний соёл амралтын төвийн “Цайз” цогцолборт зохион байгууллаа.

Монголын оюутны спортын холбоо /МОСХ/ уламжлал ёсоор 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулж ирсэн бөгөөд энэ онд 24 дэх удаагаа тохиож байна. Оюутны 2017 оны шилдэг тамирчинаар жүдо бөхийн тамирчин, 2017 оны дэлхийн оюутны Универсиад наадмын мөнгөн медальт Б.Эрхэмбаяр, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин, оюутны 2017 оны Ази тивийн болон дэлхийн лигийн аварга Б.Батзолбоо нарыг шалгаруулав.

Тамирчдын шагналыг ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан гардуулан өгч, баяр хүргэлээ. Шагнал гардуулах ёслолд МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүд болон их дээд сургуулиудын багш оюутны төлөөлөл оролцов.

Монгол Улсын 2017 оны “Шилдэг оюутан тамирчин” Баттогтох овогтой Эрхэмбаяр нь 1995 оны 09 сарын 03-нд Улаанбаатар хотноо төрсөн. Үндэсний БТДС-ийн оюутан. Тэрбээр Тайванийн Тайпей хотноо 2017 оны 8 дугаар сарын 18-31-нд болсон Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр Универсиад их наадмын жүдо бөхийн 66 кг-д мөнгөн медалийг хүртсэн. Энэ жинд 41 бөх оролцсон юм. Б.Эрхэмбаяр нь Монгол Улсын 2017 оны жүдо бөхийн оюутны аварга, 2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт, 2017 оны Зүүн Азийн АШТ-ий алтан медаль, 2017 оны Зүүн Азийн АШТ-ий багийн төрөлд алтан медалийн эзнээр тодорсон.

Боргил овогтой Батзолбоо нь 1993 оны 08 сарын 23-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо төрсөн. Мон-Алтиус БТДС-ийн оюутан. БНХАУ-ын Мүгдэн хотноо 2015 онд болсон Ази тивийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээний мөнгөн медаль, Монгол Улсад 2016 онд зохион байгуулсан Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн VI тэмцээний алтан медаль, 2017 оны 4 сард Малайзад болсон Азийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2017 оны 9 сард БНХАУ-ын Шиамень хотноо болсон Дэлхийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилтаар 2017 оны “Шилдэг оюутан тамирчин”-аар шалгарсан юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдана

ЗурагЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ. Үүнд:

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Аргачлал батлах тухай

Г.ЗАНДАНШАТАР

2.

Бодлогын баримт бичиг болон хөтөлбөр батлах тухай

Г.ЗАНДАНШАТАР

3.

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Н.ЭНХБОЛД

4.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Санхүүгийн ерөнхий хөтөлбөрийн тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

5.

“Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

6.

Татварын алдангийн хэмжээ тогтоох тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

7.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын тухай

Ц.НЯМДОРЖ

8.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам батлах тухай

Х.БАДЕЛХАН

9.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

10.

Зам, тээврийн хөгжлийн сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

11.

Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар

Г.ЗАНДАНШАТАР

Categories
мэдээ нийгэм

Гурван аж ахуйн нэгжийн согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн 2018 оны 03 дугаар хурлаас нэр бүхий гурван аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба холбогдох хууль, журам, дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шийдвэрлэдэг.

Сүүлийн үед хүн амын төвлөрөл, бүтээн байгуулалттай холбоотойгоор орон сууцны нэгдүгээр давхарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахаар тус албанд хандах нь ихэссэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газартай хамтран ажиллаж, гурван аж ахуйн нэгж хууль тогтоомжийг зөрчиж орон сууцны зориулалтыг өөрчлөн гэрчилгээ гаргуулсныг илрүүлж согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Цаашид архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдаагүй, үйлчилгээний зориулалтгүй орон сууцны зориулалтыг өөрчилсөн газруудад үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байх, зориулалт өөрчилсөн тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгохгүй байх талаар холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны Сайд Д.Цогтбаатар дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтад оролцож байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 1 дүгээр сарын 23-26 өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтад оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ-ны төлөөлөгчид орж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Даяаршлын шинэ эрин дэх бүс хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн доор зохион байгуулж буй “Нэг бүс-нэг зам” сэдэвт уулзалтад илтгэгчээр, “Солонгосын хойгт энхтайван, тогтвортой байдлыг бий болгох нь”, “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хуралдаануудын хэлэлцүүлгийн оролцогчоор оролцохын зэрэгцээ гадаадын төр, засгийн төлөөлөгч нартай хоёр талын уулзалтууд хийхээр төлөвлөж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ДЭЗЧУ-ын үеэр “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалт”, “Тогтвортой эдийн засгийн тогтолцоог бий болгох нь” сэдэвт хуралдаанд оролцох юм.

Энэ удаагийн чуулга уулзалтад 70 орны төр, засгийн тэргүүн, 350 гаруй Засгийн газрын гишүүн болон олон улсын байгууллага, бизнес, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг нийт 3000 гаруй төлөөлөгчид оролцож, дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлгийг “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” ерөнхий сэдвийн доор 400 гаруй салбар хуралдааны хүрээнд зохион байгуулна.

Энэ жилийн чуулга уулзалтад Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.Юнкер, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо, ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Т.Мэй, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Бразилийн Ерөнхийлөгч М.Темер, Швейцарийн Ерөнхийлөгч А.Берсэ, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ж.Ким нар оролцож байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын байгууллага (ДЭЗЧУБ)-ыг үндэслэгч, Гүйцэтгэх захирал, Профессор Клаус Швабын санаачилгаар 48 жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн тус чуулга уулзалт нь жил бүр чуулж, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг авч хэлэлцдэг уламжлалтай билээ.

Categories
мэдээ нийгэм

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018” ирэх сарын 3, 4-нд болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.

Тус наадмын үеэр Монгол улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ.

Зохион байгуулагдах арга хэмжээнүүд

  • Урлагийн тоглолт
  • Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн
  • Цанын сонирхогчийн тэмцээн
  • Тэшүүрийн үзүүлбэр
  • Снөүбоардын тэмцээн
  • Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад
  • Нохой чарганы үйлчилгээ
  • Өвлийн дугуйны үйлчилгээ
  • Гэр бүлийн буухиа тэмцээнүүд
  • Параглайдингийн үзүүлбэр
  • олс таталтын тэмцээн
  • хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хороо болон эрэгтэй, эмэгтэй, гадаад оролцогчийн шалгаруулалт

Тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх сарын 3, 4-нд зохион байгуулагдах тус наадамд Монгол бахархал болсон дээл хувцасаараа гоён өргөнөөр оролцохыг нийслэлчүүддээ уриалж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс Европын холбооны “хар жагсаалт”-аас гарлаа

Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Брюссель хотноо хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэв. Тус Зөвлөл өмнө нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж уг жагсаалтаад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулсан байсан бол Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үндсэн дээр тус жагсаалтаас гараад байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэхүү жагсаалтаас гарах асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд тушаал гарган Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилох, Сангийн яам болон ХЗДХЯ-ны төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулан ажиллуулах, мөн тэрчлэн Европын Холбооны Дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини болон Европын Холбооны гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт албан захидал илгээх, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нартай уулзаж манай улсын байр суурийг тайлбарлах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан нь ийнхүү нааштай үр дүн авчирлаа.

Монгол улсын чухал “Гуравдагч хөрш” Европын Холбоотой болон түүний гишүүн 28 оронтой манай улс түншлэл, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээлгүй боллоо.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны нэгдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зүүн болон говийн бүсийн зарим аймгийн иргэдтэй дараах хуваарийн дагуу уулзана.

  • 2018.01.24-ний өдөр Хэнтий
  • 2018.01.25-ны өдөр Дорнод
  • 2018.01.26-ны өдөр Сүхбаатар
  • 2018.01.27-ны өдөр Дорноговь
  • 2018.01.28-ны өдөр Говьсүмбэр аймгийн иргэдтэй 15:00 цагаас тус, тус уулзана.

Төрийн тэргүүн 2018 оны нэгдүгээр сарын 14-21-ний өдрүүдэд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх болон Багахангай дүүргийн иргэдтэй уулзаж, ярилцсан юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн газартай холбоотой санал хүсэлтийг сонслоо

“Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд болж, 1000 гаруй иргэн оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун албаныхаа 2017 оны ажлын тайлан болон 2018 онд хийх ажлын төлөвлөгөөг олон нийтэд танилцууллаа.

Нийслэлийн Газрын алба албан хэрэг хөтлөлтийн Edoc, Smart city программуудаар дамжуулан цахим хэлбэрээр иргэдийн өргөдөл, гомдлыг бүртгэн авч өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Газрын алба 20815 албан бичиг хүлээж авснаас 20718 шийдвэрлэлээ. Харин 34949 өргөдөл гомдол хүлээн авснаас 30694 шийдвэрлэсэн, 4249 өргөдөл шийдвэрлэх шатандаа буюу тухайн шатны Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд нэг мэргэжилтэнд дунджаар 4 өргөдөл ирдэг бол 2017 онд нийслэл, дүүргийн Газрын албаны нэг газар зохион байгуулагч дунджаар 593 өргөдөл ирсэн байна. Энэ нь Газрын алба хэт өндөртэй ажилладаг гэдгийг харуулж байна.

Иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлыг газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах 28, эрх шилжүүлэх-25, зориулалт талбайн хэмжээ өөрчлөх-13.4, эрх баталгаажуулах, лавлагаа, мэдээлэл, тодорхойлолт авах хүсэлт-10, газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх -9, гэрээ, гэрчилгээ нөхөн авах, барьцаа бүртгэх, хасуулах үйлчилгээг авах хүсэлт 8 хувийг эзэлж байна.

Газрын албанаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг зохион байгуулж, газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлсэн, нийслэлийн бүтээн байгуулалтын 79 ажлын газрыг бүрэн хийсэн, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэхээр орц гарц чөлөөлөх ажлыг хийлээ.

Мөн иргэн аж ахуйн нэгжийг чирэгдүүлэхгүй байх үүднээс газар эзэмших эрхийг 15 жилээр сунгадаг болгосон, нийтийн эдэлбэр газарт газар эзэмших, ашиглах эрх олгохыг бүрэн зогсоосон, сургууль, цэцэрлэгийн хашаанд олгосон газрын эрхийг хүчингүй болгох ажлыг эхлүүлсэн гээд иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхээр олон ажлыг зохион байгуулсан байна.

2018 онд ухаалаг газрын менежментийг нэвтрүүлэх, газрын бирж, газрын санг бий болгох, иргэдэд үзүүлэх үйлчилгээг олон улсын стандартад нийлүүлэх гэх мэт иргэдэд илүү нээлттэй, илүү ойр ажиллах, мэдээллийг ил тод байдлыг хангах зорилгоор цахим үйлчилгээг түлхүү нэвтрүүлэхээр зорьж байна.

2018 оны 5-р сард газар өмчлөлийн хуулийн хугацаа дуусна. Хуулийн хугацааг сунгах талаар тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаагаа газрын албанаас мэдэгдсэнийг хэлэлцүүлэгт оролцсон иргэд маш ихээр дэмжиж байлаа.

Нийслэлийн хэмжээнд 2003-2017 оны хооронд нийт 190 мянга гаруй иргэнд 10 мянган га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. Нийслэлийн Газрын албанаас иргэдэд өмчлүүлэх боломжтой 79,9 мянган газар бий гэсэн судалгаа гаргасан. Тэгэхээр 2017 онд болон аяны хүрээнд өмчлүүлсэн газраас бусад талбарыг 2018 онд иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн хэлэлцүүлэгт ирсэн иргэдийн дийлэнх нь газрын маргаанаас үүдэн олон жилийн турш хөөцөлдөж байгаа ч газраа авч чадахгүй байгаа талаар хэлж байсан бөгөөд иргэдийн гомдол саналыг нэг бүрчлэн хүлээн авч, танилцаад нэн даруй судалж, шийдлийг тодорхойлно гэдгээ нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэлж байлаа гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Найрамдлын нийгэмлэгийнхэнтэй уулзаж, Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргад бараалхав

БНСВУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад ВМНН-ийн дарга Хо Суанг Хун, Дэд дарга Нгуен Тхи Дам Чинь, Чан Нгуен Чык, Хоанг Туан Тхинь нарын зэрэг хүмүүс оролцсон юм. Ноён Хо Суанг Хун тус нийгэмлэгийн даргаар 10 шахам жил ажиллаж байгаа, Дэд дарга, хатагтай Нгуен Тхи Дам Чинь жүжигчин, Монголд олон удаа очиж тоглож байсан, “Найрамдал” медалиар шагнуулсан хүн бол Чан Нгуен Чык, Хоанг Туан Тхинь нар Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байжээ.

Найрамдлын нийгэмлэгийн шугамаар Монголын цөөнгүй зочид төлөөлөгчдийг Вьетнамд айлчлуулж, бизнесийн хийгээд ажил хэргийн харилцаа тогтооход нь тусалж байгаагаа ноён Хо Суанг Хун танилцуулав. Хамгийн сүүлд Хо Чи Миний нэрэмжит нийслэлийн 14-р сургуулийг Вьетнамын ерөнхий боловсролын дунд сургуультай шууд харилцаатай болгох ажлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн нутгийн хойд хэсэгт монгол гэр авчирч, сарлаг нутагшуулан, аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгав.

Тэрбээр хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг иргэд, аж ахуйн нэгжүүдийн аль аль нь сонирхож байгаа боловч тээврийн асуудал хамгийн гол бэрхшээл болдог, далайн тээврийн үнэ өндөр байдаг. Тиймээс шууд нислэг хийдэг болбол сайнсан. Найрамдлын нийгэмлэгийн шугамаар бид Монгол орон, монголчуудыг Вьетнамд танилцуулах, сурталчлах ажлыг нэлээд идэвхтэй хийж байгаа гэлээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Монгол, Вьетнамын 60 гаруй жилийн түүхтэй уламжлалт, найрсаг харилцаанд Найрамдлын нийгэмлэгийн оруулсан хувь нэмэр их юм. Та бүхний хэрэгжүүлж байгаа олон талт арга хэмжээ нь хоёр орны харилцааны түүхийг хойч үедээ өвлүүлэх, ирээдүйд хандсан үйл ажиллагаанд чиглүүлэх маш чухал ач холбогдолтой болохыг зориуд онцлон тэмдэглэж, баяр хүргэе” гэлээ.

Тэрбээр улс төрийн харилцаа тогтмолжиж, шинэ агуулга, хэлбэрээр тасралтгүй баяжин хөгжиж байна. Харин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа энэ түвшинд хараахан хүрэхгүй байгаа юм. Тиймээс энэ талаар зориуд анхаарлаа хандуулахыг хүсье. Бид та бүхний тавьсан санал хүсэлтийг холбогдох яам, байгууллагуудад дамжуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авна гэлээ.

Бэрхшээлтэй байгаа хил, гааль, хорио цээр, мэргэжлийн хяналтын гэх мэт салбаруудын үйл ажиллагааг уялдуулах, асуудлаа шийдэх бүрэн боломж бий. Агаарын тээврийн шууд нислэг хийх тухайд хууль эрх зүйн талаасаа бүрэн нээлттэй. Төмөр замын тээврийн асуудлаар гурвалсан хэлэлцээр байгуулах саналыг Вьетнамын тал БНХАУ-д тавьсан талаар Монголд суугаа Элчин сайд, хатагтай Дон Тхи Хыөнг надад мэдээлсэн. Тэгэхээр тээврийн бэрхшээлийг арилгах боломж бий гэж бодож байна гэж УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа үеэр Хо Чи Миний бунханд цэцэг өргөж, түүний гэр музей болон Уран зохиолын сүм музейг үзэж сонирхлоо.

Мөн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-д бараалхлаа.

Ноён Нгуен Фу Чонг Монгол Улсын Их Хурлын даргын Вьетнамд хийж буй айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан, үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзаж буйд нь ноён Нгуен Фу Чонг-д талархал илэрхийлээд, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав.

Тэрбээр “Миний бие Ханой хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р хуралдаанд оролцож, Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нгангийн урилгаар БНСВУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан. 1950-иад оны дунд үеэс манай нам, төрийн тэргүүн нарын үндэс суурийг нь тавьсан харилцаа, хамтын ажиллагаа 60 гаруй жилийн түүхэн хугацааг туулж, амжилттай хөгжиж байна. Бид Вьетнам орныг манай Зүүн өмнөд Ази дахь гол түнш орноо гэж үздэг” хэмээн онцоллоо.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд парламент хооронд болон хууль хяналт, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын амжилттай хөгжиж буй харилцааг цаашид бататгах, худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, эрчимжүүлэх нь чухал байгаа бөгөөд айлчлалын үеэр эдгээр асуудлаар төр, засгийн удирдлага, яамдын түвшинд яриа хэлэлцээ өрнүүлсэн нь бүх талын харилцаа жигд гүнзгийрэн хөгжихөд түлхэц болно гэдэгт итгэж байна. Манай хоёр улс бүс нутаг, олон улсын байгууллагын түвшинд бие биенээ харилцан дэмжсээр ирсэн сайхан уламжлалтай. Энэ уламжлал хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэж байна хэмээн онцлон тэмдэглэв.

Ноён Нгуен Фу Чонг “Монгол Улс манай орон, ард түмний эх орноо хамгаалах тэмцэл, шинэ үеийн бүтээн байгуулалтын аль алинд биднийг тууштай дэмжсээр ирсэнд бид гүнээ талархдаг. Улс төрийн өндөр дээд түвшний харилцаа тогтмолжиж, олон улсын тавцанд бие биенээ идэвхтэй дэмжиж, парламент хооронд болон боловсролын салбарын хамтын ажиллагаа сайн хөгжиж байна. Худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, үүний тулд юуны өмнө тээврийн бэрхшээлийг арилгах нь чухал юм.

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүний сонгуульд Вьетнамыг дэмжиж байгаад талархлаа илэрхийлье. Бид Монголыг АСЕАН-ы бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлэх сонирхлыг хэрэгжүүлэх гүүр нь болоход бэлэн байна” гэлээ.

Тэрбээр Монгол Ардын Намтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд, “МАН-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд хоёр намын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Таныг биечлэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийг БНСВУ-д айлчлуулах миний урилгыг уламжилж өгнө үү” гэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд урилгыг уламжилна гэдгээ дуулгаад, Вьетнам орны хөгжил цэцэглэлт, Вьетнамын ард түмний бүтээн байгуулалтад амжилт хүсэж, ноён Нгуен Фу Чонгийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Ханой хотоосмэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Л.Энхболд: Татварын нэмэгдлээ эргэж харахыг хүлээж авч байх шиг байна

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэгдсэн. Эдгээрээс хувь хүний орлогын албан татвар нэмэгдсэнд иргэд бухимдалтай хандаж байна. Та өөрийн тойрогтоо ажиллаад ирсэн гэсэн. Иргэдийн зүгээс хамгийн их бухимдал төрүүлж байгаа зүйл нь татварын нэмэгдэл гэж хэлсэн гэдэгт итгэлтэй байна…

-Монгол Улсын эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор 2016 оны есдүгээр сараас эхлэн оувс-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай ярьж эхэлсэн. Тухайн үед татвар нэмэх асуудал хөндөгдөж эхлэхэд би эсрэг байр суурьтай байгаагаа хэлж байсан. Миний байр суурь хэвээрээ. Хувь хүний орлогын албан татварт цөөхөн хүн хамрагдаж байгаа гэж манайхан тайлбарладаг. Гэхдээ миний сонгогдсон тойрогт уул уурхайн салбарынхан үйл ажиллагаа явуулдаг. уул уурхайн салбарынхны дундаж цалин 2.3 сая төгрөг байдаг. Тиймээс 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүст Хувь хүний орлогын албан татварын нэмэгдэл хамаарна гэдэгт нь уул уурхайн салбарынхан бүхэлдээ хамаарчихаад байна. Тэр утгаараа тойргийн маань маш олон сонгогч татварын нэмэгдлийг эргэж харах асуудлаар надад хандсан. 2016 оны есдүгээр сард татвар нэмнэ гэхэд нь эсэргүүцсээр байгаад гацаасан. харамсалтай нь 2017 оны дөрөвдүгээр сард оувс-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах нэрийдлээр долоон төрлийн татварыг нэмэхээр болсон. Тэр үед ч гэсэн татварын нэмэгдлийг эсэргүүцэж байсан. Гэсэн ч цөөнх болоод яаж ч чадаагүй.

-Цөөнх болсон гэлээ. Гэхдээ ярьж, байр сууриа илэрхийлэхээс илүүтэй татварын нэмэгдлийг өөрөөр эсэргүүцсэн юм уу?

-2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Хувь хүний орлогын албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор татварын нэмэгдлээ эргэж харах талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт албан бичиг явуулсан. Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өөрийн саналаа уг албан бичигтэй хамт хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газар татварын нэмэгдлээ эргэж харахыг хүлээж авч байх шиг байна гэж ойлгож байгаа.

ОУВС-гийнхан нэгдүгээр сарын 25-нд ирж ажлын хэсгийнхэн нь Засгийн газартай хэлэлцээр хийнэ. Энэ үеэр татварын нэмэгдэл, тэтгэврийн насыг эргэж харахаас эхлээд хүүхдийн мөнгө, цалин нэмэх асуудлыг хэлэлцэх болов уу. Тэр дундаа татварын нэмэгдлүүдээ зайлшгүй эргэж харах ёстой. Миний хувьд татварын нэмэгдэл дээр эсрэг байр суурьтай байгаа, татварын нэмэгдлийг эргэж харуулна гэдэг байр сууриа сонгогчдодоо хэлсэн.

-Иргэдийн орлого нэмэгдээгүй байхад татвар нэмэх нь хэр зөв шийдэл бэ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг 2014 онд татвар нэмж хямралаас гарахгүй гэж ярьж байсан ч өнөөдөр эсрэгээрээ өөр зүйл ярьж байна гэдэг шүүмжлэл явж байна л даа…

-Ч.Хүрэлбаатар сайд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх байх. Ч.Хүрэлбаатар сайд татвар нэмэхийн эсрэг байр суурьтай гишүүдийн нэг байсан. Өмнөх Засгийн газрын үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Гэсэн ч Сангийн сайд татварыг нэмэгдлийг эргэж харах талаар хөөцөлдөж байгаа. Сүүлд Сангийн сайдтай уулзахад Татварын ерөнхий газрынхнаас саналыг нь аваад хуулийн төсөл өргөн барихаар явж байна гэж надад хэлсэн. Баялаг бүтээх гэж, амьдрал ахуйгаа авч явахын тулд тэмцэж яваа дундаж давхаргадаа татвар нэмж ачаалал үүрүүлж болохгүй гэж Сангийн сайдын ярьж байхыг сонссон. Татвар нэмсэн асуудлыг эргэж харна гэдэгт итгэлтэй байгаа.

-Бусад татваруудыг эргэж харах болов уу. Одоо бол Хувь хүний орлогын албан татварын асуудал л хөндөгдөөд байгаа?

-ОУВС-гийнхантай татварын талаар өргөн хүрээнд ярилцах ёстой. Бид өөрсдийн нөхцөл байдлыг нөгөө талдаа маш сайн ойлгуулах нь чухал. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.8 хувьд хүрч дэвшил гарлаа, валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрлээ, 20 тоннын алтны нөөцтэй болсон, улсын төсөв 800 орчим тэрбум төгрөгөөр давлаа, бид өр зээлээ цаг хугацаанд нь төлж байгаа гэдэг гэрэл гэгээтэй мэдээллээ ойлгуулах хэрэгтэй. Тиймээс дараагийн шатанд хөтөлбөрийн шаардлагыг уян хатан болгох талаар ярих нь зөв. Цаашлаад төрийн албан хаагчдын цалинг нэмэх, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, тэтгэврийн насыг наашлуулах, татваруудаа эргэж харах гээд өргөн хүрээнд ярих байх.

-Шатахууны үнийн нэмэгдэл иргэдийг бухимдуулж буй сэдвийн нэг боллоо. Үнэ нэмсэн, нэмээгүй гэж яриад байгаа ч шатахууны хомсдол яах аргагүй үүссэн байна. Үүнийг шийдэх боломж байна уу. Манайхан нефть боловсруулах үйлдвэрийн талаар ярьж эхэлснээс хойш 20 жил өнгөрлөө. Ерөнхий сайд зах зээлийн зарчмаар нь явуулна гээд мэдэгдчихсэн. Гарц шийдэл юу байх вэ?

-Ерөнхий сайд зах зээлийн зарчмаар явах ёстой гэдэг дээр байр суурьтай байх шиг байна. Монгол Улсын Засгийн газар нефть боловсруулах үйлдвэрийн тал дээр анхаарал хандуулж байгаа. ТЭЗҮ-гээ зөв боловсруулсан, эдийн засгийн өгөөжөө өгөхийг нь зөв тооцсон бол нефть боловсруулах үйлдвэрээ барих ёстой. Дэлхий дээр нефтийн хомсдол бий болсон уу гэвэл үгүй. Харин ч олборлолт нэмэгдэх хандлага байгаа. Тиймээс Ерөнхий сайд зах зээлийн зарчмаар явуулна гэсэн байх. Өмнө нь Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд нефть импортлогчдод мөнгө өгөөд байсан нь буруу. Харин төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд асуудлаа шийдээд, харилцан ойлголцоод явах нь чухал. А80, АИ92 зэрэг иргэдийн өргөн хэрэглэдэг бензиний үнийг тогтвортой барих тал дээр яриа хэлэлцээрийн шатанд ойлголцсон юм шиг байна лээ. АИ95, АИ98 зэрэг бензиний үнэ тодорхой хэмжээнд нэмэгдэх болов уу. Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэйгээ ойлголцоод иргэдээ хохирол багатай гаргах хэрэгтэй.

-Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс гаргахгүй байна гэх мэдээлэл гараад байгаа. Учир нь хятад компаниуд Монголын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан гэдэг үнэн үү. Нөхцөл байдал ямар байна вэ. Саяхан нүүрс тээвэрлэлт энгийн үргэлжилж байна гэсэн мэдээлэл гарсан…

-2017 оны зургадугаар сард нүүрсний экспортын ид оргил үе байсан. Өдөртөө 1600 орчим машин тээвэр хийж байсан бол Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор зарим нөхцөл байдал өөр болсон. Нөгөө талдаа манай Ерөнхийлөгч ОХУ-д айлчилж ОХУ-аар дамжуулан нүүрсээ экспортлох асуудлыг хөндсөн гээд гадаад бодлогын асуудалтай холбоотойгоор нүүрсний экспорт хүндэрсэн. Учир нь хятадын тал квот тогтоож эхэлсэн. 1600 машин явж байсныг 300-400 машин болгож цөөлсөн. Энэ хүндрэлтэй нөхцөл байдалтай зэрэгцэн Монгол Улсын Засгийн газрын асуудал хөндөгдөж эхэлсэн л дээ. Засгийн газар солигдох хугацаанд нөхцөл байдал хүнд байсан. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа би салбарын хоёр сайдтай нь хамт газар дээр нь нөхцөл байдалтай танилцуулсан. Ямартай ч уртын урт тээврийг зогсоож, урт, богинын тээврийн асуудлыг цэгцэлсэн. Хууль журам хэрэгжүүлэхтэй холбоотой нэлээд асуудал байсан. Энэ хүрээнд Авто тээврийн үндэсний төвөөс өгч буй зөвшөөрөл хуулийн хүрээнд байна уу гэдгийг шалгасан. Тэнд машины илүүдэл болоод ачааллаа даахаа больчихсон байсан л даа. Үүнийг цэгцлэх шуударсан. Нэгэнт урт, богинын тээвэрлэлт хийхээр болсон тул эргэлт хурдасч эхэлсэн. Яригдаад буй дараалал гээд байгаа нь богинын тээвэрт үүсч байгаа. Тэгэхээр нь сая шороон замыг зөвшөөрчихсөн. Ингэснээр зэрэгцээ хоёр эгнээгээр тээвэрлэлт хийгдэж байгаа учраас түгжрэл үүсэхгүй байх магадлалтай.

-Асуудал шийдэгдсэн үү?

-Хятадын талаас уртын уртыг явуулах асуудал дээр маргаан үүсч байгаа. Сая тээврийн хоёр аж ахуйн нэгж эсэргүүцэл илэрхийлж, цаана гарсан жолооч нар зам хааж, жагсаал цуглаан хийсэн. Хоёр орны Засгийн газар болон Баян нуур аймаг, Өмнөговь аймгийн удирдлагуудын түвшинд яригдаад асуудал нааштай шийдэгдэх байх. Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг аливаа нэгэн улс орон нутагт нь эсэргүүцэж болохгүй. Энэ гадаад харилцаа, худалдааны асуудал. Иймэрхүү байдал хэрээс хэтэрч байна. Хоёр аж ахуйн нэгж Монгол Улсын Засгийн газрыг эсэргүүцдэг байж болохгүй. Цаашлаад уг хоёр аж ахуйн нэгжийн тээвэр хийх, бусад үйл ажиллагаа явуулахад нь анхаарах ёстой. Манайхаас зөвшөөрөл өгөхөө болиод, тээвэр хийхийг нь болиулах замаар манайхан өөрсдөө асуудлыг шийдэж болно. Монгол гэж тусгаар улс өөрийн гэх төртэй, хуультай юм байгаа биз дээ. Удахгүй энэ бүхэн шийдэгдэж байх. Сая машинууд хэвийн яваад эхэлсэн.

-Яг шалтгаан нь юу юм бэ?

-Нүүрс тээвэрлэлтэнд уртын урт, урт гэдэг хоёр асуудал яваад байгаа. Уртын урт гэдэг нь хятад талд хүргэж өгөхөөр тээврийн өндөр их байна. Хятадад буулгаж буй талбайн хөлснөөс эхлээд өөрсдийнх нь орлого тасарч байна гээд байгаа. Уртын тээвэрлэлт хийхэд 1600 юань байдаг бол уртын урт нь 3000 юань байдаг. Тэгэхээр 1400 юанын асуудал үүсч байгаа биз. Тиймээс ашиг орлоготой холбоотой асуудал л байгаа гэж хувьдаа боддог.

-Нүүрсээ ингээд л авто машинаар тээвэрлээд байх уу. Төмөр зам сураггүй л байна уу?

-Эрдэнэс Таван толгойн томоохон төслөө явуулъя гэх юм бол бидэнд төмөр зам шаардлагатай болно. Тэрийг хэнд өгөхөөс үл хамаарч төмөр замын асуудал яригдах магадлал өндөр болоод байгаа. Хятадын талаас хэн худалдан авагч гарч ирэх юм бол тэр нөхцөлд худалдан авагчтай төмөр замын асуудал ярина. 2009 онд баригдчих ёстой төмөр замыг зогсоосон болон далан бариад хаясан асуудал нэлээд хүнд байдалтай байгаа. Хятад, манай тал хоёрын төмөр замын уулзварын цэг нь зөрүүтэй байгааг мэдэх байх. Тиймээс энэ зөрүүг арилгахад л 130 сая ам.доллар хэрэгтэй. Манай эдийн засгийг аврах ганц боломж Эрдэнэс Таван толгойгоо явуулахгүй бол болохгүй. Энэ хүрээнд төмөр зам давхар шийдэгдээд явна. Тэгэхээр төмөр замын асуудал ор тас хаягдаагүй гэсэн үг.

Авто замын хувьд гурван маршрутын асуудал яригдаж байгаа. Гашуунсухайт явж байгаа ч ачааллаа дийлэхгүй байна. Ханги-Мандал, Цагаан дэл уул-Өлзий боомтын чиглэлд яригдаж эхэлж байх шиг байна. Хэдийгээр машинаар тээвэрлэн ачааллыг бууруулж байгаа ч гэсэн эдийн засгийн эргэлтийг хурдтай явуулахын тулд төмөр зам зайлшгүй шаардлагатай.

-Ерөнхий сайд БНСУ-д айлчилж 700 сая ам.долларыг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна гээд хэлчихлээ. Өмнөх жишгээр бол хэдэн ч төгрөг байсан утаа буурах янз алга. Тиймээс энэ мөнгийг яг юунд зарцуулж, утаа бууруулах юм бол?

-Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчлаад ирлээ. Энэ хүрээнд 30 жилийн хугацаатай, жилийн 0.2 хувийн хүүтэй 700 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс 500 сая ам.долларыг нь утааны эсрэг зарцуулна гэсэн. Түүхий нүүрсний оронд хэрэглэх сайжруулсан түлш, орон сууцжуулах, дахин төлөвлөлт хийх зэрэгт зарцуулна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Үүнийг зөв гэж бодож байгаа. 2019 оны төгсгөл гэхэд бид утаанаас салсан байх ёстой. Утаа энэ жил үүсчихээгүй болохоор өмнө нь хийхээр төлөвлөсөн ажлууд байж таараа. Өмнө нь тэр ажлуудаа хийж чадаагүй, хийхдээ зарцуулалт нь буруу явсан талууд бий. Утаа бууруулах ажилд сэтгэл дутсан. Сэтгэл байсан бол утааг бууруулах хэмжээний 200 гаруй тэрбум төгрөг гарчихсан байсан. Үзье гэхнээ хэдэн зуухны л асуудал байдаг. Одоо зуухыг дангаар нь ярих биш давхар түлшний асуудлыг нь цэгцэлж, орон сууцжуулах хүрээг тэлэх ёстой. Утааны асуудлыг дан ганц зуухаар шийднэ гэвэл худлаа. Тиймээс 500 сая ам.долларыг төлөвлөгөөтэй, олон чиглэлд үр дүн гарах хэмжээнд зарцуулах ёстой.