Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин: Монголын сайхан оронд зочлох эрхийн эзэн болохыг Азийн уран бүтээлчдэд хүсэе

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал 2018”-ын Удирдах зөвлөл, Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр (2018.01.24) Төрийн ордонд жанжин Д.Сүхбаатарын танхимд боллоо.

Шадар сайд Ө.Энхтүвшин уг хуралдаанд хэлсэн үгэндээ “Хүний буруутай үйл ажиллагаа, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий нийтэд тохиолдох гамшгийн аюул, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр дахь удаагаа зохион байгуулах Азийн сайд нарын бага хурлыг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Удахгүй 6 сарын дараа зохион байгуулах хурлаа нэр хүндтэй, бүс нутаг, олон улсад гамшгийн эрсдэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой, нарийн зохион байгуулалттай, аюулгүй байдлыг сайн хангасан, Монгол Улсын өв соёл, түүхийг сурталчилсан найрсаг сайхан арга хэмжээ болгон зохион байгуулахын төлөө хамтдаа ажиллацгаая” хэмээв.

Монгол Улсын Засгийн газар ивээн тэтгэж, гамшгийн эрсдэлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдааныг Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд зарлаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин дуулгалаа. Уг уралдааны шагналын сан 29 сая төгрөг бөгөөд шилдэг хоёр бүтээлийг шалгаруулан урамшуулж, Улаанбаатар хотноо зохиогдох Азийн сайд нарын бага хурлын үеэр олны хүртээл болгох юм байна. Шадар сайд Ө.Энхтүвшин Монголын сайхан оронд зочлон ирэх эрхийн эзэн болохыг Азийн уран бүтээлчдэд хүслээ.

Categories
мэдээ нийгэм

“Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг болов

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор “Газрын Харилцаа” Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өнгөрсөн сарын хугацаанд НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэд аж ахуйн нэгжээс ирүүлсэн 530 орчим өргөдөл, гомдлын 70 хувь нь газрын албаны удирдлага, зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталд гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Эдгээр өргөдлүүдийг судлаж үзэхэд иргэдэд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээ авахад маш хүндрэлтэй байдаг гэдгээ илэрхийлжээ. Иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр олон жилээр чирэгдүүлэх, газар эзэмших эрхийг хууль зөрчин бусдад шилжүүлэх, давхардуулах, хуулиар хүлээсэн үүрэг, шүүхийн шийдвэрийг шийдвэрлэхгүйгээр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх зэрэг ноцтой зөрчил, дутагдлууд олон байгаа талаар иргэд дурдлаа. Хэлэлцүүлгийг иргэдийн оролцоонд тулгуурлан олон нийтэд нээлттэй зохион байгууллаа. Шийдвэр гаргагчид болон иргэд газар зохион байгуулалтын асуудлаар анх удаа нүүр тулсан томоохон уулзалт өрнүүлж байгаа нь энэ юм.

Нээлттэй хэлэлцүүлгийн төгсгөлд иргэдийн саналыг тусгасан зөвлөмж гаргалаа. Газрын харилцаатай холбоотой хууль, эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулах, хяналтаа сайжруулж НИТХ-ын Өргөдөл, гомдлын хороонд байгуулж, энд ирсэн зарим өргөдөл, гомдлыг шилжүүлэн, холбогдох арга хэмжээг шат дараалан авахаар тусгасан байна. Мөн Нийслэл, дүүргийн газрын албанд Газрын харилцаатай холбоотой хууль, эрх зүйн актын товч мэдээллийн санг нэгтгэн гаргаж олон нийтэд хүргэх. Газрын албаны үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэдэд нээлттэй ил тод болгох, Албан хаагчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, хүнд суртлыг арилгах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, албан хаагчид хариуцлага тооцох тогтолцоо бий болгох, Иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хуулинд заасан хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллах, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх, хүндрэлтэй асуудлаар саналаа холбогдох байгууллагад гаргаж шийдвэрлүүлэхээр үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцож, үргэлжлүүлэн 2018 оны нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.


2018 оны 01 дүгээр сарын 22. Даваа гараг. Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа

БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын тус улсад хийсэн албан айлчлалын үеэр хоёр парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.Хоёр тал Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцааны нэгэнт хүрсэн түвшинг цаашид улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүд, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй болохыг онцлов.Энэ үеэр Төв аймаг, Вьетнамын Хао Бинь мужийн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Хао Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь нар гарын үсэг зурлаа.


УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д бараалхав

БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болохтой холбогдуулан хот, дүүргүүдийн хооронд шууд харилцаа тогтоох саналыг дэмжиж Вьетнам, Монголын соёлын өдрүүдийг зохиох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах, хөрөнгө оруулалтуудын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үзэсгэлэн яармаг зохиох зэрэг олон талт арга хэмжээ авах нь зөв гэж үзэж байна гэв.

Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг нартай уулзав

Ерөнхий сайд Нгуен Суан Фук худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээ даруухан байгаа ч аажим аажмаар урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монголд Вьетнамын мэргэжилтэй ажилчдыг илгээн ажиллуулах санал тавьсан юм. Түүнчлэн Монголоос Вьетнамд хөрөнгө оруулалт хийх аливаа санаачилгыг бүрэн дэмжих болно гэв.УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газар хоорондын комиссын дэргэд Дэд ажлын хэсэг байгуулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулалтаар хангах саналтай байгаагаа илэрхийлснийг Вьетнамын тал дэмжив.Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг ясны гурил, малын арьс шир экспортлох санал тавьж, гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүнийг Монголоос экспортлох аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн асуудлыг яаралтай шийднэ гэдгээ амлалаа. Хоёр тал бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хэвээр хадгалах, аливаа маргаантай асуудлыг энхийн замаар, яриа хэлэлцээний шугамаар шийдэх ёстой гэсэн байр суурийг баримтлахаа санал нэгтэй тэмдэглэв. Монгол Улс Вьетнамыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход нь дэмжиж, Вьетнамын тал Ази, Номхон далайн хамтын ажиллагаа, АСЕАН-ы зах зээлд оролцоогоо нэмэгдүүлэх Монголын санаачилгыг дэмжсэн байр сууриа хэвээр хадгална гэдгээ нотоллоо.

2018 оны 01 дүгээр сарын 23. Мягмар гараг.Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзлаа

БНСВУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтад ВМНН-ийн дарга Хо Суанг Хун, Дэд дарга Нгуен Тхи Дам Чинь, Чан Нгуен Чык, Хоанг Туан Тхинь нарын зэрэг хүмүүс оролцсон юм. Ноён Хо Суанг Хун тус нийгэмлэгийн даргаар 10 шахам жил ажиллаж байгаа, Дэд дарга, хатагтай Нгуен Тхи Дам Чинь жүжигчин, Монголд олон удаа очиж тоглож байсан, “Найрамдал” медалиар шагнуулсан хүн бол Чан Нгуен Чык, Хоанг Туан Тхинь нар Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байжээ.

Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-д бараалхав

Мөн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-д бараалхаж, тэрбээр Монгол Улсын Их Хурлын даргын Вьетнамд хийж буй айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан, үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэв.Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Миний бие Ханой хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р хуралдаанд оролцож, Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нгангийн урилгаар БНСВУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан. 1950-иад оны дунд үеэс манай нам, төрийн тэргүүн нарын үндэс суурийг нь тавьсан харилцаа, хамтын ажиллагаа 60 гаруй жилийн түүхэн хугацааг туулж, амжилттай хөгжиж байна. Бид Вьетнам орныг манай Зүүн өмнөд Ази дахь гол түнш орноо гэж үздэг” хэмээн онцоллоо.Улсын Их Хурлын дарга М.Энхболд парламент хооронд болон хууль хяналт, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын амжилттай хөгжиж буй харилцааг цаашид бататгах, худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, эрчимжүүлэх нь чухал байгаа бөгөөд айлчлалын үеэр эдгээр асуудлаар төр, засгийн удирдлага, яамдын түвшинд яриа хэлэлцээ өрнүүлсэн нь бүх талын харилцаа жигд гүнзгийрэн хөгжихөд түлхэц болно гэдэгт итгэж байна. Манай хоёр улс бүс нутаг, олон улсын байгууллагын түвшинд бие биенээ харилцан дэмжсээр ирсэн сайхан уламжлалтай. Энэ уламжлал хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэж байна хэмээн онцлон тэмдэглэв.Ийнхүү Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй Монголын парламентчид Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалтад оролцож, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөлөө

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт ирэх даваа гарагт болно

НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг дөрөв дэх жилдээ энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” нэрийн дор хотын удирдлагууд бизнесийн төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хамтран анхны форумыг зохион байгуулж байсан. Анхны форумаар хотын захиргаа бизнесийнхнийг дэмжин ажиллахад харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зуран тунхагласан юм. Улаанбаатар хотын худалдааны танхимын санаачлагаар зохион байгуулагддаг энэхүү форум нийслэл болон хувийн хэвшил тэдний асуудал бэрхшээл, шийдэх арга замаа дүгнэн хэлэлцдэг томоохон чуулга уулзалт болон өргөжин 4 дэхь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Жилээс жилд чуулга уулзалтын агуулга, ач холбогдол өргөжин оролцогч зочид төлөөлөгчдийн тоо өссөөр байна. Онцлох ач холбогдол бол хувийн хэвшилд хаалттай байсан худалдан авалт, төсөл хөтөлбөр, тендерүүд нээлттэй болж үүнийгээ чуулга уулзалтаар зарлаж эргээд нийслэлд хэрэгжүүлж болох бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдийг хувийн хэвшлийнхэн хотод танилцуулдаг болсон явдал юм.

2015 онд 800, 2016 онд 1000 гаруй, 2017 онд мөн мянга гаруй бизнес, аж ахуй нэгжийн төлөөлөл “Улаанбаатар хөрөнгө оруулалт” бизнес чуулга уулзалтанд оролцож ирлээ.

Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уг ажлыг үргэлжлүүлэн дэмжиж УБХТ-ын гишүүд болон бизнес эрхлэгчидтэй санал солилцон “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” форумыг хамтран зохион байгуулсан. Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар хот хувийн хэвшлийнхэн харилцан санал солилцож нийслэлээс 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулан чуулсан билээ.

Энэхүү чуулга уулзалтаас хойш Улаанбаатар хотын худалдааны танхим, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэд хэдэн удаагийн уулзалтыг тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулж, хамтын ажиллагааны шинэ төслийн талаар санал солилцсон. Нийслэлийн удирдлагын баг бодлого, зорилтоо танилцуулж, бизнесийнхэн шинэ төсөл хөтөлбөр, инновацийн тухай ч илтгэлүүд тавьсан өргөтгөсөн хуралдаан болсон байна.

Дээрхи тогтмтол уулзалт, яриа хэлэлцээрийн үр дүнд “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтын өмнө НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтарч “Ногоон сан” ТББ байгуулсан. Ногоон сан нь ашгийн бус, төр бизнесийн салбарынхан хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг эрчимтэй хийх, шинэ технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах, эцсийн хэрэглэгчид ногоон технологийг хүргэх зорилготой юм. “Ногоон сан” нь танхимын гишүүдийн хандив дэмжлэгтэйгээр санхүүжихээс гадна, гадаад дотоодын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад тулгуурлан үйл ажиллагаа явуулна.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтын онцлог нь хувийн хэвшил, бизнесийнхэний хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг илүүтэй дэмжиж, Улаанбаатар хот хамтран ажиллаж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд оршиж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын мэдээлэл, танилцуулга өгч, Улаанбаатар худалдааны танхимын гишүүд төрөөс дэмжлэг авч, хамтран хэрэгжүүлж болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна. Мөн нийслэлийн харьяа агентлагууд үзэсгэлэн гаргаж, худалдан авах ажиллагаа болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн салбар гээд бүхий л чиглэлээр бизнесийнхэн болон аж ахуй нэгжид мэдээлэл өгнө.

Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид оролцоно.

Түүнчлэн “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес чуулга уулзалтын логог тэнгэрийн цэнхэр, агаарын цагаан, модны ногоон, асч бадамлахын улаан өнгийг оруулж хийсэн болно. Энэ өнгө нь иргэдийн ажиллаж, амьдрах, бизнесээ эрхлэхэд таатай орчныг бүрдүүлж, агаар, хөрсний бохирдолын асуудалд онцгойлон анхаарсан жил байна гэдгийг илтгэж байна. Мөн “Эко хот, эдийн засгийн төв” байх зорилтыг давхар агуулж, хөгжин дэвжихийг билэгджээ.

Улаанбаатар хэмээх бичиглэл нь нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс баталсан шинэ өнгө төрх бүхий эрч хүчтэй залуу хотыг харуулсан бичиглэлийг шингээсэн байна.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт нь “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн зорилтыг төр, хувийн хэвшил хамтдаа хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сайд Д.Сумъяабазар “Тау-Кен Алтын” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

Сайд Д.Сумъяабазарын Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн айлчлал 2018 оны 01 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд үргэлжлэв.

Айлчлалын үеэр Казахстаны “Тау-Кен Алтын” алтны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Казакстан улсад үнэт металл, үнэт чулууны тухай хууль гаргасан, алт мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулж ажиллуулсны ач холбогдол, Монгол улсад алт мөнгө цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, боловсон хүчин бэлтгэх, дадлагажуулах талаар тус компанийн захирал Мейрамгали Тлеужанов тэргүүтэй төлөөлөгчидтэй харилцан санал солилцов.

“Тау-Кен Алтын” үйлдвэр нь 2013 оны 3-р сард үйлдвэрийн барилгын суурь тавигдаж, тухайн оны 9-р сард барилга ажил дуусаж, техник тоног төхөөрөмжийн суурьлуулж, 9 сарын хугацаанд буюу 12-р сард анхныхаа бүтээгдэхүүнээ гаргаж, нийт 50 тонн мөнгө, 25 тн алт цэвэршүүлэх хүчин чадалтай төрийн өмчит үйлдвэр юм.

Сайдын айлчлал үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан болон эх орондоо техникийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэд хэдэн компанийн удирдлагууд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, эх оронч худалдан авалтыг бий болгох тал дээр Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, дэмжин ажиллахыг хүслээ.

Тухайлбал, “Альфа Фильтер” ХХК нь автомашины хөдөлгүүр болон агаар шүүгч, агааржуулалт зэргийг эх орондоо үйлдвэрлэдэг бол Камминс Монголиа Инвестмент ХХК дизель газ, цахилгаан үүсгүүр үйлдвэрлэдэг, Экологи-бус ХХК нь долоон төрлийн 300 гаруй том жижиг оврын цахилгаан автобус, троллейбус, цахилгаан машин зэргийг үйлдвэрлэдэг. Монгол инженерүүдийн бүтээсэн техникийн бүтээгдэхүүнийг өргөжүүлэхэд хууль эрх зүйн дэмжлэг хэрэгтэй байгааг онцлон, зах зээлээ хамгаалахад улсаас дэмжлэг үзүүлэхийг тэд хүсч байлаа.

Төлөөлөгчдийн санал, хүсэлтийг сонссоны дараа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Та бүхэн автобус, техникийн шүүлтүүр, хөдөлгүүр зэрэг олон зүйлийг хийдэг болсон гэж ярьж байна. Би та нарыг бодит санал тавих болов уу гэж хүлээж байлаа. Тухайлбал, Манай компани хэдэн ширхэг автобус үйлдвэрлэе, эдгээр автобус нь ийм хэрэгцээг хангах зориулалттай, ийм чанартай шүүлтүүр үйлдвэрлэж байна, эрэлт хэрэгцээ нь ийм байгаа, төрөөс болон яамнаас ингэж дэмжлэг үзүүлээд, хууль эрх зүйн үндэслэлийг бүрдүүлээд өг гэсэн хүсэлт тавьбал би түүнийг чинь бариад зүтгэе.

Тэгэхээр дараагийн уулзалтад нэн тэргүүнд хийж чадах бодит зүйлээ, шийдвэрлүүлэх тодорхой асуудалтайгаа бариад ороод ир. Би үндэсний үйлдвэрлэл болон эх оронч худалдан авалтыг бүх талаар дэмжин ажиллана. Техник технологи гэлтгүй бүх салбарт бид үйлдвэрлэлээ дэмжиж ажлын байр бий болгох, худалдан авалтыг дэмжихэд анхаарах ёстой. Гагцхүү хийх ёстой зүйлс чинь бодитой тодорхой, хэрэгцээтэй байх ёстой. Тэгэж байж бид урагшилна” гэдгийг онцоллоо.

Мөн тэрээр уулзалтын төгсгөлд, бүх салбар нэн түрүүнд дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийдэг байх хууль эрх зүйг бий болгох нь чухал. Тиймээс эхлээд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, тухайн бүтээгдэхүүн шаардлага хангахгүй тохиолдолд алдаа дутагдлыг нь хэлээд засч сайжруулах, боломжгүй нөхцөлд импортын бүтээгдэхүүнийг сонгодог байх зарчимд шилжинэ гэдгийг онцоллоо.

Энэ үеэр “Экологи-бус” ХХК “Оюутолгой” компанийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн нийтийн тээвэрт ашиглах зориулалтаар 12 хүний суудалтай жижиг оврийн цахилгаан автобус үйлдвэрлэснээ авчирч танилцууллаа. Тус цахилгаан автобус дизель түлшээр ажилладаг автобуснаас 5 дахин бага зарлагатай гэдгийг үйлдвэрлэгчид онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг олгож эхэллээ

“Цалинтай ээж хөтөлбөр”-т бүртгүүлсэн ээжүүдийн 50 000 төгрөгийг өнөөдрөөс бүртгүүлсэн данс руу нь шилжүүлж эхэлжээ. Тухайлбал Баянгол дүүргийн Төрийн банкаар дамжуулан авч буй ээжүүдийн мөнгө дансанд орсон байна.

Тус хөтөлбөрт хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн ээжүүдэд тухайн сараас нь тэтгэмжийг тооцож өгөх бөгөөд хоцорсон сарын мөнгийг нөхөж олгохгүй гэж албаны хүн мэдэгдсэн билээ.

Уг хөтөлбөрт багтсан өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг ирэх гуравдугаар сарын 20-ноос эхлэн улиралд нэг удаа олгоно.

Categories
мэдээ утга-зоxиол

Ц.Түмэнбаяр: Цагаан сүүний домог

Амьтай бүхэн цэнгэн жаргамаар тунгалаг сайхан зуны өдөр. Тэртээ холоос уухайлан хашхирах дуу бүдэг бадаг сонстож, тэнгэрийн хаяанаа цагаан тоос манарна.

Аарцаг яс нь задран алдтал өвдөх хоёр тулгар бүсгүй. Гэрийн баруун хатавчинд Ойрадын Шарбаатарын залуу хатан Насан, тэр тушаа гадаа хаяанд олзны бүсгүй, хоёул ханын үдээр шажигнатал зуурч ёолон гиншинэ. Олзны бүсгүйн эр нөхөр халхын баатар жанжин дөнгөж өчигдөрхөн Шарбаатарын хурц илдний ирэнд, хүүг нь тээж үлдэх залуу хатныхаа нүдэн дээр амь эрсэдсэн. Ойрадын жанжин “олзны хатнаас охин төрвөл өршөөнө. Хүү төрвөл дор нь ална. Миний хатнаас голомт залгах хүү төрвөл Халхтай байлдахыг зогсооно” гэж зарлиг буулгасан нь бүсгүйн чихэнд хадна.

Насангийн нүдэнд алалдан байлдах эрчүүдийн хилэнт царай улангасан дайрч амь өрсөн бие биенээ хядах хурц ирэнд хяргагдан унах үе тэнгийнхний нь танил толгой харагдаж, шархандаа тарчлан татвалзаж, амь тэмцэх хүмүүсийн өршөөл эрсэн, хараан зүхсэн гаслант чимээ, өвдөлт ширүүсэх тусам улам тод сонсдож байсан…

Хатан тэсэхүйеэ бэрх өвдсөндөө уруулаа хөхөртөл тас зууж, нүүрэнд нь борооны дусал шиг хөлс бөнжигнөн, ар нурууг нь даган урсах хөлсөнд нимгэн тэрлэг нь нэвчин биеийг нь барина. Гэрийн хаяанд өвдөх олзны бүсгүйгээс ямар хүүхэд төрөхийг үзэх гэж хоёр шивэгчин манаж зогсоно. “Ижий” гэж амь тэмцэн хашхирахтай зэрэгцэн хоёр хүүхэд дуу дуугаа авалцан часхийв. Дөнгөж төрсөн хоёр хүүхдийн хүйг таслан бооход охин төрүүлсэн Насан хаяанд амаржсан бүсгүйн хүүг харлаа. Шарбаатарын хатан хажуудаа тавьсан охиноо өндийж аваад, тамирдангуй дуугаар:

–Монголжин! гэв. Олзны бүсгүй хатны зүг хардангуй харцаар цэрвэн харахад, Насан цээж нь ялихгүй түхэлзэн амьсгаадаж,

– Чи бид хаяа, хатавч хоёрт алтан ясаа хэлтэлж, алаг махаа тасалж эх боллоо! Май миний охиныг ав! Хүүгээ аль! Чамд энээс өөрөөр хүүгийнхээ амийг аврах арга байхгүй. Охиныг минь өрнөөсөө унагасан үр шигээ өврөөсөө салгалгүй өсгөөрэй гэлээ… Монголжин гайхан өндийж,

–Юу гэсэн үг вэ? Эзэн чинь мэдчихвэл… гэтэл Насан,

–Түргэл! Хүн харахаас урьт! гэж шаардангуй хэлэхэд олзны хатан тээнэгэлзэн нэг үг хэлэх гэтэл:

-Май гээд охиноо ханын нүдээр цээжин дээр нь зөөлөн унагалаа. Монголжин ч хүүгээ зөрүүлэв.

,,, Аяны асарт ташаа тулан бодлогоширч суух Ойрадын Шарбаатар өмнөө сөхрөн унасан хиаг цоо ширтэн

–Миний хатнаас хүү төрж, олзны хүүхнээс охин гарлаа гэв үү Хэн хэлүүлэв гэж нухацтай агаад догшин асуув. Хиа:

– Таны залуу хатан Насан ахайтан гэж түргэн хариулаад, өршөөл эрсэн хүлцэнгүй харцаар нүд цавчилгүй ширтэв. Шарбаатарын зүрх нь цээжиндээ багтахгүй дэлбэрэх нь үү гэмээр түхэлзэж,

–Би өөрийн нүдээр үзнэ гэж намуухан хэлснээ, хөмсөг өргөн,

– Морь бэлд! гэлээ.

Шарбаатар мориныхоо амыг таталгүй суран ганзага сарвайтал цогиулсаар шөнө дундаас хойно дайны газраас алсхан барьсан аяны гэрүүдийн гадаа ирлээ. Тэр хөхөл нь сэгсэлзэж зүрх нь хөөрсөн борлог мориныхоо амыг татан ангалзуулж, түмпэнтэй ус барьж, гүйх шахам явсан шивэгчнээс “Хүүхдүүд хаана байна” гэж өндөр дуугаар асуув.

–Тэр! гэж жижигхэн гэрийг заахад Шарбаатар мориноосоо үсрэн бууж, сул орхиод, гэрийн үүдийг ширүүн сөхлөө. Гэвч орчин тойрондоо юу болж байгааг гадарлах ч үгүй нам тайван зэрэгцэн унтаж байгаа алгын чинээхэн хоёр нялх амьтныг хараад зогтусан хэсэг алмайрав. Цэрвэн дайжсан, аль нэг юмнаас айж эмээсэн, шилэмтэн шунасан итгэж цөхсөн аль нь үл мэдэгдэх харцаар хүүхдүүдийн зүг бүлтийн ширтсээр болгоомжлох мэт алгуур дөхөж очлоо. Цээжиндээ багтахгүй оволзох зүрхээ бахим том гараараа дарахад, төвөнх нь гүрэлзэж хөл нь чичирч байлаа. Тэр, өлсгөлөн бүргэд гэнэт олз харсан мэт догшин нүдээр хүүхдүүдийн дээрээс цоо ширтээд “Тэгнээ тэр, Аман хүзүүгээр минь тас харвах атаатны зулзага төрж” гэж шивнэв. Бүсэндээ хавчуулсан илдийнхээ ишнээс чанга атгаснаа хөмхийгөө зуухад түүний чамархайн судас луг луг цохилж, тархи нь задарчих шахан ангалзан өвдөнө. Уур хилэн, гомдол цухал шингэсэн хүрлэгэр өнгөөр царай нь хувирч, гэрээс ухасхийн гарлаа. Хатны гэрийн зүг түргэн түргэн алхсаар үүдэнд нь ирэхэд, гэрээс домботой цай барьж гарах шивэгчний “Хатны бие тааруу байгаа шүү” гэж анхааруулах, гуйх зэрэгцсэн өнгөөр хэлэхийг ч анзааралгүй, шууд л яваад орчхов.Тэр арай ядан амьсгаагаа дарж, сая амаржсан хатныхаа зүг хэлмэгдсэн хүний гомдолтой агаад шаардангуй аясаар “Чи юунд намайг мэхлэв” гэж хоолой чичрүүлэв. Тамирдаж туйлдсан хатан нь Шарбаатарын зүг толгойгоо алгуур эргүүлэв. Насангийн царай шөнийн сар шиг цонхийж, улаа бутарч асан гэрэлт хацарт нь судлын төдий ч цусны туяа байсангүй. Тормос тормос тоглож байдаг алаг нүдний нь харц сулран нялхарч, нулимс гүйлгэнэнэ. Тэр цээл тунгалаг атлаа сонсдох төдий намуун зөөлөн дуугаар

–Өршөө намайг! Ах дүү нарынхаа цусыг урсгасан аян дайны явдалд алжаан сульдлаа би. Зүрх шимширч, өр минь өмөрлөө. Энэнээс цаашхыг давж чадахгүй нь. Цус нулимсны өнгөнд нүд минь өвдөж байна. Би өөрөө ч одоо үхэх нь. Үхэх хүний сүүлчийн гуйлтыг биелүүлээч! Хүүгийн амийг өршөө! Та минь өршөө! өршөө! гэх дуу нь суларсаар огцом агдасхийв. Түүний өрөвдөн нигүүлсэж, хайр дүүрсэн мэлмийх нь гал аажим буурахад, танхилхан болцгор гар нь сул унжлаа. Шарбаатар ухасхийн гарыг нь атгаж, суун тусч сөхрөв. Хатны нүд “өршөө, өршөө” гэсэн үгийг давтах номхон харцаар ширтсээр… Шарбаатар нүдний нь зовхийг алгаараа зөөлөн илж, буулгахад задгай цээжинд нь уураг чинэн томбойх хун цагаан хөхнийх нь товчин дээр сүү түрэн бөнжийснөө, сугы нь даган нулимс адил урслаа. Шарбаатар яахаа мэдэхгүй манан дунд төөрсөн мэт алмайран халаглахад, түүний хайрлаж дурлаж явсан жаргалтай мөчүүд нь зүүд мэт зурсхийн үзэгдлээ. Тэр гүнзгий эхэр татсанаа, хэзээ ч нулимс гарч байгаагүй болов уу гэмээр хурц догшин нүдэнд нь яах ийхийн зуургүй харуусал гуниг дүүрч, хатныхаа хар үсээр эмжээрлэгдсэн хөөрхөн духыг нь удаан үнслээ. Түүний хучлагыг алгуур дээшлүүлэн нүүрий нь бүтээгээд үлгэн салган амьтан арай ядан хөлөө зөөж гарахдаа үүдэнд зогсож:

-Тунхаглан зарла. Миний хатнаас хүү төрсөн хэмээн хоолой зангируулан хэлээд гуйвлан цааш алхав. Тэртээ зүүн хаяанаас тэнгэр өндөрсөн үүрийн сүүн цагаан туяа орчлонг гийгүүлэн мандав аа.

Categories
мэдээ спорт

Сүүл мушгигчдын өрсөлдөөнд Хаадууд илүүрхэв

Өнөөдөр Сакрамэнто Кингс, Орландо Мэйжикийн талбайд зочлон тоглов. Тоглолтын эхний оноог Сакрамэнто Кингсийн самбарын тоглогч Вилли Коли Штэйн, Божан Богдановичийн дамжуулалтаар үсрэлттэй шидэлт хийж авсан юм. Харин Орландо Мэйжик зөрж довтлон довтолгооны самбараас дөрөв дарааллан авч довтолсон ч оноо авч чадсангүй. Ийнхүү эхний үеийг 28-27-ийн харьцаатай Хаадууд илүүрхэв. Тоглолтын төгсгөлд Элфрид Пэйтон орлт хийж тоглолтын цаг дууссан юм. Ийнхүү 105-99-ийн харьцаатай Хаадууд ээлжит хожлоо авлаа.

Тус тоглолтод Шидтэнүүдээс Элфрид Пэйтон 21 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт авч багаа тэргүүлсэн бол түүнд Эван Фоурнир 22 оноогоор тусалсан юм. Харин Хаадуудаас сэлгээний хамгаалагч Гари Тэмпл 34 оноог 82-хувьтай довтолж авсан бол Вилли Коли Штэйн 21 оноо, 9 самбараас бөмбөг авалт хийсэн юм.

Тус тоглолтод хоёр баг адил 14-33 амжилттай эхлүүлсэн. Харин Хаадууд хожиж 15-33 амжилттай өрнөд бүсийн сүүлийг мушгиж эхлэв. Харин Шидтэнүүд мөн адил дорнод бүсийн сүүлийн байранд бичигдэж байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

22 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах боломжгүй болжээ

2018 оны эхний улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголтын мөнгө данс руу орох учиртай. Гэвч одоогийн байдлаар 22 мянган иргэн буцаан олголтоо авч чадахгүй байдалд хүрээд байгаа аж. Тодруулбал, өнөөдрийн байдлаар НӨАТ-ийн ebarimt.mn цахим хаягт 655 мянга 245 иргэний мэдээлэл бүртгэлтэй байгаагаас 22 мянга 192 иргэний мэдээлэлд зөрчил илэрчээ. Иргэд овог, нэр, дансны дугаараа буруу эсвэл алдаатай бүртгүүлснээс энэхүү зөрчил үүссэн байна.

Бүртгэлийн мэдээллээ алдаатай эсвэл дутуу оруулсан 22 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах боломжгүй болжээ. Тиймээс дээрх иргэд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө ebarimt.mn цахим хаягт хандаж хувийн мэдээллээ болон дансны дугаараа засаж баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас зөвлөж байгаа аж. Учир нь 1 дүгээр сарын 22-нд Татварын ерөнхий газар НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах иргэдийн мэдээллийг Сангийн яаманд хүргүүлнэ. Харин Сангийн яам Монголбанкаар дамжуулан татварын урамшууллыг иргэдийн данс руу шилжүүлж эхлэх юм байна.