Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.25) “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьж эхэлсэн. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 37 улстай дипломат харилцаа тогтоогоод байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, 2 нь НҮБ-д ажиглагч статустай. Өдгөө 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байна.

Тухайлбал, Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан. Эдгээр 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа юм

Categories
мэдээ соёл-урлаг

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулна

Азийн сайд нарын бага хурлын нэг чухал хэсэг нь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр зохион байгууллагддаг дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах үйл ажиллагаа байдаг.Тэгвэл 2018 оны 07 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн сайд нарын II бага хурлын үеэр явагдах дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг өнөөдрөөс албан ёсоор зарлалаа.Тус уралдаанд Ази, Номхон далайн бүс нутгийн уран бүтээлчид хамрагдах боломжтой юм. Энэхүү уралдаан нь 29 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд энэ удаагийн Азийн сайд нарын бага хурлын үндсэн сэдэв болох “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.Өөрөөр хэлбэл, уран бүтээлчид маань “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд баримтат кино, нийтлэл бэлтгэн уралдаанд ирүүлэх юм.Гамшгийн үр дагаварыг хохирол багатай даван туулсан бусад улс орны тэргүүлэх туршлагыг таниулах, гамшгийн эрсдэлийг бууруулах иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах дадалд сургах, гамшгийн боловсролыг бүх насны иргэдэд эзэмшүүлэхэд уг уралдааны ач холбогдол оршиж байгаа юм

Categories
мэдээ нийгэм

Бүсийн төлөөлөгчид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга, зохицуулагч нарын айлчлал 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын талаарх салбар хоорондын уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр зохион байгууллаа.

Уулзалтыг ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нээж үг хэлэхдээ “Нийгмийн даатгалын байгууллагын эрхэлж байсан эрүүл мэндийн даатгалтай холбоотой чиг үүрэг тус агентлагт шилжин ирсэн энэ түүхэн цаг үед анх удаа Монгол улсын эрүүл мэндийн даатгалын бодлого, чиглэл, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж, хамтран ажиллах зорилгоор манай улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдөд гүн талархал илэрхийлж, “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, үндсэн үйл ажиллагаа, эрүүл мэндийн даатгалын сангийн үзүүлэлтүүд, мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх” сэдвээр илтгэл тавилаа.

Илтгэлийг ДЭМБ-ын “Эрүүл мэндийн бодлого, санхүүжилтийн багийн зохицуулагч” Др. Петер Ковлей болон бусад зочид өндрөөр үнэлсэн бөгөөд Монголын эрүүл мэндийн даатгалын өнөөгийн тогтолцооны Олон улсад туршлага болохуйц туршлагууд байгаа талаар цохон тэмдэглэж, цаашид анхан шатны болон ирээдүйд эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр зардал гаргаж, санд эрсдэл учруулах өвчлөлийг тооцоолж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас хариуцах, тусламж, үйлчилгээний багц, өртөг, төлбөрийн аргыг судалгаанд үндэслэн зөв, оновчтой тогтоох, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар зөвлөмж өглөө. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь “Монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын тогтвортой санг бүрдүүлэн, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий менежментийг хэрэгжүүлэгч байгууллага” байхаар зорьж байна.

Categories
мэдээ улс-төр

Найман улс Европын Холбооны хар жагсаалтаас хасагдлаа

ех-ны хар жагсаалт зурган илэрцүүд

Европын холбооноос дэвшүүлсэн асуудлыг дагах амлалт авсан найман улсыг Европын Холбооны /ЕХ/ татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын “хар жагсаалт”-аас хаслаа.

Өөрөөр хэлбэл, Барбадос, Гренад, БНСУ, Макао, Монгол, Панам, Тунис, Арабын нэгдсэн Эмират улсуудыг “саарал жагсаалт” буюу татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх орнуудын шинэ жагсаалтад оруулжээ.

2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр ЕХ-ны Сангийн сайд нарын Зөвлөлөөс ЕХ-ноос тодорхойлсон дутагдлуудаа шийдвэрлэхээр болоод байгаа улсуудамлалтаа хэр биелүүлсэн талаар нарийвчилсан дүгнэлт хийснийг үндэслэн, уг жагсаалтад хасалт хийхийг зөвшөөрчээ. Улс орнууд төрийн өндөр төвшинд гарын үсэг зурсан захидлаар амлалтаа өгсөн байна.

Одоогоор Зөвлөлийг удирдаж байгаа Болгар улсын Сангийн сайд хэлэхдээ, “Бидний жагсаалтад оруулах ажил аль хэдийн үр дүнгээ өгөөд эхэллээ. Дэлхийн улс орнууд татварын бодлогоо шинэчлэх амлалт авахын тулд маш шаргуу ажилласан. Бид дэлхий дахинд татварын сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх зорилготой” гэжээ.

Ингээд 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр нийтэд зарласан татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалтад 17 улсаас Америкийн Самоа, Бахрейн, Гуам, Маршаллын арлууд, Намиб, Палау, Сент-Люси, Самоа, Тринидад ба Тобаго гэсэн есөн улс үлдэж байгаа юм. Жагсаалтаас хасагдахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг ч уг жагсаалтад хавсаргажээ.

Жагсаалтыг 2017 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан “Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”-ын үеэр боловсруулсан бөгөөд гол зорилго нь дэлхий дахинд татварын сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх, татвараас зайлсхийх гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх юм.

Жагсаалтыг жилд нэгээс доошгүй удаа засварлах бөгөөд үүнийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг нь (“ёс зүйн дүрмийн бүлэг”) ямар ч үед өөрчлөлт оруулж болох ажээ.

Харин жагсаалтад үлдсэн улсуудын татварын хууль тогтоомж, явуулж буй бодлого, захиргааны арга барил нь ЕХ-ны гишүүн орнуудыг орлогын алдагдалд оруулдаг, эсвэл оруулж болзошгүй байгаа учир ЕХ-ноос тавьсан өөрчлөлтийг нэн даруй хийхийг уриалж байгаа бөгөөд энэхүү өөрчлөлтүүдийг хүлээж авахгүй бол ЕХ ба түүний гишүүн орнууд хамгаалалтын арга хэмжээ авах магадлалтай байна.

Нэгдүгээр сарын 23-ны энэхүү шийдвэрийг ЕХ-ны Сангийн сайд нарын зөвлөлөөр хэлэлцэхгүйгээр, 12 дугаар сард гаргасан шийдвэртээ нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа. Найман улсыг жагсаалтын нэгдүгээр хавсралт (хамтран ажилладаггүй орнууд)-аас хоёрдугаар хавсралт болох (амлалт авсны дагуу хамтын ажиллагаатай байх орнууд)-руу оруулжээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг нэн тэргүүнд дэмжинэ

Image result for у.хүрэлсүх

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Өглөөний цай” бизнес уулзалтад оролцлоо. Уулзалтад бизнес эрхлэгчдийн төлөөлөл 400 гаруй хүн цугласан байв.

Өглөө 07:30 цагт эхэлж 10:30 цагт дууссан уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар байлцаж бизнес эрхлэгчдийн саналыг нь сонсож, тэдний асуултад хариуллаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл байдлыг товч танилцуулав. Монгол Улсын эдийн засаг сайжирч байна. Төсвийн орлого хагас тэрбумаар давж биелэсэн, гадаадын хөрөнгө оруулалт өссөн, валютын албан нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн, төлбөрийн тэнцэл эерэг гарсан, Европын холбооны хар жагсаалтаас гарч, зээлжих зэрэглэл нэг шат ахисан гэв. Монголын эдийн засгийг хүнээр зүйрлэвэл сэхээний тасгаас энгийн рүү шилжээд байна. Одоо эмнэлгээс гарч ажилдаа орох хэрэгтэй байна. Засгийн газар үүний төлөө ажиллана, бизнес эрхлэгч та бүхний оролцоо маш чухал гэлээ.

Улсын эдийн засгийн энэ нөхцөл байдал дампуурлаа зарлах эсвэл ОУВС-тай хамтарч, тэдний хөтөлбөрт хамрагдах сонголт руу түлхсэн. Бид хоёрдахийг сонгосноор эерэг үзүүлэлтүүд гарч байна. Өнөөдөр ч мөн ОУВС-тай ажлын хэсгийн уулзалт хийнэ.

Монгол Улсын Засгийн газар хоёр том зорилтыг нэн тэргүүнд тавьж байна. Нэгдүгээрт санхүүгийн сахилга баттай ажиллах, хоёрдугаарт эдийн засгийн бууралтыг зогсоож, өсөлт рүү хөтлөх. Ард иргэдийнхээ амьдралыг өөд татахын тулд тэднийг хоол хүнс, орон сууцаар хангаж, ажлын байр нэмэгдүүлснээр ядуурал буурах нь ойлгомжтой асуудал. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа бэхжүүлэхийн төлөө анхаарч ажиллана гэлээ.

Ирэх 2 жилд эрчим хүчний хангамжийг нэмэх, нефть боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг хэд хэдэн томоохон ажлыг гүйцэтгэнэ. Бизнесийн салбарт үнэ тогтоохгүй чөлөөт зах зээлийн дүрмийн дагуу ажиллана. Харин монополийг задлах, өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтлана гэлээ.

Бизнес эрхлэгчид санал хэлж, тодорхой асуулт тавьж, хариулт авлаа. Эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Бизнес эрхлэгчдийг дэмжсэн маш сайн хуулиуд гарсан хэдий ч зарим эрх бүхий албан тушаалтнууд хэрэгжүүлэхгүй байгаа нь чөлөөт зах зээлийн хөгжих замыг боомилж байна гэв. Нийслэлийн төлөвлөлтийг дахиж хийснээр агаар орчны бохирдлыг бууруулна гэдэг саналыг хэд хэдэн бизнесмэн гаргаж, боловсруулсан ТЭЗҮ-ийн төслөө ерөнхий сайдад өгсөн юм.



Categories
мэдээ нийгэм

​АТГ-аас мэдээлэл хийв

Image result for атг

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Авто тээврийн үндэсний төв”-ийн хэлтсийн дарга Д.Батбаярын шалгагдаж байсан асуудал дээр нэмж шалгах асуудал гарч ирсэн учраас шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэдгийг онцлов. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нартай холбоотой хэрэг шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа ерөнхийдөө дуусч байгаа гэлээ. Энэхүү хэргийг ойрын үед прокурорт шилжүүлэх юм байна.
Харин Байгаль орчны яамны холбогдох албан тушаалтнууд холбогдох хэргээс зарим нэг хэргийг нь тусгаарлаад прокурорт шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн. Үлдсэн асуудлуудыг нь үргэлжлүүлэн шалгаж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сайд асан З.Баянсэлэнгэ хамаатан саднаа түрээсийн байранд оруулсан асуудлаар мэдүүлэг авсан гэв

АТГ-аас сар бүрийн 25-нд хийсэн ажлынхаа тайланг тавьж, сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг уламжлал тогтсон билээ. Энэ жишгээр өнөөдрийн хурлаар өнгөрсөн сард хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Мэдээллийн дараа АТГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Мөнхтунгалаг олон нийтийн анхаарал татаад байгаа албан тушаалтнуудын авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хэргүүдийн шалгалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярын авлигын хэргийн шалгалт дууссан уу?

-Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаярын шалгагдаж байсан асуудал дээр нэмж шалгах асуудал гарч ирсэн учраас шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

-МХЕГ-ын албан тушаалтнуудын авлигын хэрэг юу болсон бэ?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нартай холбоотой хэрэг шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа ерөнхийдөө дуусч байгаа гэсэн мэдээлэл байна. Ойрын үед хэргийг нь прокурорт шилжүүлнэ.

-Байгаль орчны яамны албан тушаалтнууд хилээр эд зүйл гаргах зөвшөөрөл өгч, хахууль авсан хэрэгт холбогдсон. Юу болж байгаа вэ?

-Байгаль орчны яамны холбогдох албан тушаалтнууд холбогдох хэргээс зарим нэг хэргийг нь тусгаарлаад прокурорт шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн. Үлдсэн асуудлуудыг нь үргэлжлүүлэн шалгаж байна.

-З.Баянсэлэнгэ гишүүний ах дүү хамаатан саданг шалгаж байгаа юм уу?

-Барилга хот байгуулалтын яамны сайд асан З.Баянсэлэнгийн хэрэгт холбогдуулан сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээд болох эгч, дүү, нөхрийнхөө дүү нарыг түрээсийн орон сууцанд оруулсан, мөн бусад давуу байдал олгосон асуудлыг тогтоох зорилгоор эгч, дүү, нөхрийнх нь дүүгээс байцаалт мэдүүлэг авсан. Сошиалаар түрээсийн орон сууцанд амьдарч байгаа бүх хүнийг АТГ-аас дуудаж шалгаж байцаасан. Нялх хойтон хүүхэдтэй хүн байсан гэсэн мэдээлэл тарсан. Энэ бол нэр бүхий хүмүүсийн АТГ-ын үйл ажиллагааг саармагжуулах гэсэн үйлдэл гэж үзэж байгаа. Түрээсийн орон сууцны бүх оршин суугчдыг байцаахгүй .

-Оффшор данстай иргэдийн асуудал юу болж байна вэ?

-Оффшор данстай иргэдийг мөнгөө татан оруулж ирэх, оруулж ирсэн бол түүнийгээ АТГ-т мэдэгдэх хугацаа өгсөн. Энэ хугацаа үргэлжилж байгаа учраас одоогоор оффшор данстай иргэдийн талаар шинэ мэдээлэл алга.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг АТГ-аас шалгаж байгаа гэж үнэн үү?

-УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг прокуророос харьяалал тогтоож өгсөн учраас АТГ-т шалгаж байна. Д.Гантулга гишүүнээс байцаалт мэдүүлэг авсан. Шалгалт үргэлжилж байна.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шалгуулахаар АТГ-т хандсан гэсэн?

-О.Баасанхүүг төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбоотой асуудлын дагуу нэр бүхий иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгасан. Ингээд хэргийг нь прокурорт шилжүүлсэн.Тиймээс прокуроррс мэдээлэл авах нь зүйтэй.

-БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг шалгуулахаар иргэн АТГ-д хандсан гэдэг. Шалгасан уу?

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Болормаагаас Ц.Цогзолмаа сайд болон Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэх гомдол мэдээллийг АТГ-т ирүүлсэн. Гомдол мэдээлэлд хяналт шалгалт хийх явцад буюу 2017 оны 12 сарын 27-ний өдөр гомдол гаргагч дахин нэмж шалгуулах зүйл байна гэж бичгээр гомдол гаргасан. Үүний дараа 2018 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр дахин нэмж гомдол гаргасан. Ингээд гурван удаа гомдол гаргасан учраас АТГ хяналт шалдгалтын хүрээнд С.Мөнхөөлэй гэдэг хүний томилгоотой холбоотой асуудал хууль тогтоомжид нийцсэн үү, үгүй юу гэдгийг шалгуулахаар Төрийн албаны зөвлөлд албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариу одоогоор ирээгүй байна. Хяналт шалгалт хийгдэж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Олон Улсын валютын сангийн төлөөлөлтэй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уулзаж байна

Олон улсын валютын сан /ОУВС/-гийн төлөөлөлтэй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яг одоо уулзаж байна.

Уулзалтаар ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж эхэлснээс хойш эдийн засаг тогтворжих, валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханг тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, зээлжих зэрэг нэг шатаар ахисан зэрэг олон эерэг үзүүлэлт гарсныг дүгнэн ярилцаж байгаа юм байна.

Уулзалтын үеэр ОУВС-ийнхантай зарим төрлийн татварын нэмэгдлийг эргэн харах, цаашид хамтран ажиллах, ойлголцох зүйл олон байгааг Сангийн сайд онцолж байсан юм.

Өнөөдөр хэлэлцээрийн ширээнд сууснаар Хувь хүний онцгой албан татвар болон шатахууны онцгой албан татваруудыг эргэж харах асуудлыг шийдвэрлэх байх гэсэн хүлээлттэй байна. Яриа хэлэлцээр Сангийн яаманд үргэлжилж байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын гимнастикийн шигшээ багийн эмч байсан хүнд 175 хүртэлх жилийн ял оноов

Зураг

100 гаруй эмэгтэйд, тэдний дотор олимпийн аваргуудад бэлгийн дарамт үзүүлж байсан гэх хэргээр АНУ-ын гимнастикийн үндэсний шигшээ багт болон Мичиганы их сургуульд эмчээр ажиллаж байсан Ларри Нассар гэгчид 175 хүртэлх жилийн хорих ял оноожээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, шүүгч Розмари Аквилина өчигдөр болсон шүүх хурлын дараа мэдэгдэл хийхдээ “Мичиган муж улсын Лансинг хотод долоо хоногийн турш 156 хохирогчоос гэрчийн мэдүүлэг авсны эцэст Л.Нассар гэгч этгээдэд 175 хүртэлх жилийн хорих ял оноосон” гэжээ.

Л.Нассар шүүх хурлын дараа ярилцлага өгөхдөө “Би ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна” гэж хоолой зангируулан хэлээд, хохирогчдоос уучлалт гуйсан байна.

Түүний бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын дунд олимпийн аварга Симон Байлз, Эли Райсман нар байгаа аж. Гэмт этгээд нь үзлэг хийх нэрийдлээр эмэгтэй тамирчдыг оролддог байжээ.

Хохирогчид ярихдаа “Түүний эсрэг удаа дараалан гомдол мэдүүлж байсан ч АНУ-ын Олимпийн хороо болон бусад холбогдох байгууллага үл тоосоор ирсэн” гэжээ.

Энэ хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын Гимнастикийн холбооны удирдах албан тушаалтнуудыг бараг бүгдийг нь огцруулсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын яруу найргийн шилдгүүд чуулсан үдэш маргааш болно

Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар нарын нэрэмжит тус наадам болоход ердөө нэгхэн хоног үлдлээ.

Оюуны боловсролд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан эх оронч, нэрт яруу найрагчдын алдрыг мөнхлөх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэхээр “Сод Монгол Групп” ХХК-аас яруу найрагч, зохиолчдын дунд хамгийн өндөр шагналтай наадам зарласан. Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт болж, шилдэг 21 яруу найрагчийн бүтээл үлдээд байна. Эдгээр шилдгүүдээс хэн нь Монголын хамгийн өндөр шагналтай, эх орончдын нэрэмжит яруу найргийн наадмын эзэн болох нь маргааш буюу 2018 оны нэгдүгээр сарын 26-ны Дашням, Балжинням давхцсан билэгт сайн өдөр тодорно.

Corporate hotel and Convention center-д болох уг наадамд шилдэг яруу найрагчид, Монголын үе үеийн уран бүтээлч, урлаг соёлын “одод” чуулсан нэгэн үдэш болох нь.

Оюуны бүтээлийн үнэ цэнийг үнэлсэн яруу найргийн энэхүү наадам нь Монголын яруу найраг, утга зохиолын бүтээлийг олонд таниулах, түүний үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэхүү наадам нь өмнө нь зохиогдож байсан яруу найргийн наадмаас онцлог бөгөөд улаан хивсний баяраар эхлэнэ. Түүнчлэн Ардын жүжигчин А.Долгор, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн тэргүүтэй алдарт дуучид ая дуугаа өргөх юм байна.

Наадам: Corporate hotel and Convention center-д 2018.01.26-ны өдрийн 17 цагт болно.

Дашрамд сонирхуулахад, наадмын билетийг https://www.ticket.mn/ -ээс авах боломжтой юм байна.