Categories
мэдээ улс-төр

Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо

Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас хориглолоо. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байна.

Цаашид хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины салбар хороодын дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болгов.

Хурдан морины эзэн, уяачдын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор унаач хүүхдийн ослын даатгалтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Польш улстай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа

Монгол Улсын Засгийн газар БНПУ-тай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа. Ингэснээр Польш манай улстай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан Европын Холбооны хоёр дахь орон болж буй аж. Польш улсад ажлын айлчлал хийж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНПУ-ын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын сайд Элжбиета Рафалса нар харилцан гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээр хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн ач холбогдол өндөртэй баримт бичиг юм.

Энэхүү хэлэлцээрийг байгуулах асуудал олон жилийн өмнөөс яригдаж, хоёр талдаа яриа хэлэлцээ хэдэнтээ үргэлжилсний эцэст ийн баталгаажсан бөгөөд хоёр улсын иргэд тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээ харилцан тооцуулах боломжтой болж байна.

Хэлэлцээрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Бидний гарын үсэг зурж баталгаажуулсан уг хэлэлцээр хоёр улсын иргэдэд Монгол болон Польшид ажиллаж, нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хугацааг аль алийг нь тооцуулж тэтгэврээ тогтоолгох боломжийг олгож байгаа юм. Монгол Улсад төлсөн шимтгэлдээ ноогдох тэтгэврээ Монголын Нийгмийн даатгалын сангаас, харин Польшид төлсөн шимтгэлдээ ноогдох тэтгэврийг тус улсын ижил төрлийн сангаас авахаар зохицуулалтыг хийсэн гэсэн үг. Энэ хэлэлцээр зөвхөн өндөр насны тэтгэвэр авах тухай асуудлыг зохицуулж байгаа юм биш. Ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж зэргийг авах эрх нь хоёр талдаа харилцан нээгдэж байгаагаараа онцлогтой” хэмээсэн бол БНПУ-ын Гэр бүл хөдөлмөр нйигмийн бодлогын сайд Элжбиета Рафалса “Энэ хэлэлцээр нь хоёр орны Засгийн газрууд иргэдийнхээ ирээдүйн баталгааг хангахын төлөө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Хэлэлцээрийг байгуулах гэж хоёр талаас багагүй хүчин чармайлт гаргаж удаан хугацаанд ярьж тохиролцож байж өнөөдөр ийнхүү баталгаажуулан гарын үсэг зурлаа. Ингэснээр Польш, ялангуяа Монголоос манай улсад удаан хугацаанд ажиллаж байгаа иргэдэд харьцангуй таатай нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох, улмаар хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг аль ч цагт хохироохгүй байх зохицуулалтыг хийж өглөө” гэж дүгнэсэн.

Хэлэлцээрийн үеэр хоёр тал цаашид хамтран ажиллах болон харилцан туршлага судлах талаар санал солилцсон юм. Польшийн хувьд ирээдүйн ажиллах хүчээ эртнээс бэлтгэхийн тулд хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг явуулж байгаа. Мөн ажиллах хүч шаардлагатай ажлын байранд Энэтхэг, Украйн, Израйль, Бангладеш зэрэг улсын иргэдийг авч ажиллуулж байгаа бөгөөд Монгол Улсын иргэдэд ч Польшид ажиллах боломж бий гэдгийг хатагтай Элжбиета Рафалса яриандаа онцолж байлаа.

Манай талаас хоёр улсын Засгийн газар хооронд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай саналыг тавьсан. С.Чинзориг сайдын энэхүү саналыг нааштайгаар хүлээн авч Польшийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын яам Монголын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон нь айлчлалын бас нэг дүн юм.

Польш улсын өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд улс төр, эдийн засгийн хувьд туулсан зам манай улстай ойролцоо гэдэг утгаараа ижил төстэй зүйл олон бий. Тиймээс нийгмийн хамгааллын салбарт тулгарч буй бэрхшээлийг хэрхэн яаж даван туулсан сайн туршлагаас солилцох боломжтой тухай ч ярилцсан.

Түүнээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Польшийн талд Монголоос ажиллах хүч авах хүсэлт тавьсныг дэмжиж эхний ээлжинд “Залуучууд солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлж жилдээ 30 хүртэлх насны 200-300 монгол залууг 12 сар хүртэлх хугацаанд Польш улсад аялангаа ажиллах боломжоор хангахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хурлаар НИТХ-д танилцуулах Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга, “Иргэдийн оролцоотой – Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, сангийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сайд Д.Сумъяабазар Давосын эдийн засгийн чуулганд оролцож байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Давосын эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаан болох “Уул уурхай, металлургийн салбар”-ын удирдагчдын бодлогын уулзалтад оролцож, Монгол Улсын төрөөс уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар хөрөнгө оруулагчид, сонирхогч талуудад мэдээлэл өглөө.

Чуулга уулзалтын явцад ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, геологи хайгуул болон түлш шатахууны хангамжийн чиглэлээр харилцан санал солилцож, талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ түвшинд гаргах, бүх талын ажлуудыг харилцан дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар санал нэгдэв. Сайд Д.Сумъяабазар нь түлш, шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах, үнийг бууруулах чиглэлээр санал гаргаж, шадар сайд Аркадий Дворкович Оросын тал энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нь “Роснефть” компанийн удирдлагуудтай энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо уулзалт хийхээр тохиролцлоо.

Мөн Франц Улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Лазардс Фререс” компанийн удирдлагуудтай уулзалт хийж, тус компанийн зүгээс Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлт, олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгоход хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад улсад хийж буй айлчлал амжилттай үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ханджээ. “Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татахыг хориглоно” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн тэд үзэж мэдээлэл ирүүлжээ. Уг асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд дунд суудлын хуралдаанаараа хэлэлцүүлэхээр бэлтгэж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн чанаргүй зээл буурах төлөвтэй байна

Өнөөдөр Монгол банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Монгол банкнаас гаргасан судалгаа, статистикийн үр дүнг танилцуулав. Тус хуралд Монгол банкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа, Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир нар оролцлоо.

Өнгөрсөн онд арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжид 13.4 их наядын зээл олгожээ. Зээлийн ихэнхи хувь нь цалин, тэтгэвэр, хэрэглээ болон үл хөдлөх, худалдааны зээл байсан байна. Чанаргүй зээлийн хувь буурахгүй байгаа. Харин хугацаа хэтэрсэн зээл улсын хэмжээнд буурах төлөвтэй байгаа аж. Төгрөгийн зээл 18,8 хувьтай байгаа бол үүнээс иргэдийн зээлийн хүү 20,1 хувьтай байна. Харин гадаад вальютын зээлийн хүү 11,6 хувьтай байгаа аж.

Монгол банкнаас гаргасан судалгаа, статистикийн үр дүнг Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир танилцуулав.

“Мөнгөний нийлүүлэлт 15,8 их наяд төгрөг байна. Хамгийн өндөр хувийг “Төгрөгийн хадгаламж” 54 хувьтай эзэлж байгаа.

Ипотекийн зээл нийт дүндээ 4,3 их наяд төгрөг байна. Ипотекийн чанаргүй зээл сүүлийн гурван жил тасралтгүй өссөөр ирсэн. Харин эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтүүдтэй холбоотой өнгөрөгч оны есдүгээр сараас буурах төлөв ажиглагдаж байна.

Монгол Улс гадаад байгууллагуудаас ямар хэмжээний өглөг, авлагатайг тооцож гаргасан. Монгол Улс гадаад байгууллагуудаас 4,620,5 сая долларын авлагтай байна. Харин гадаад өглөг 35,465,5 сая байна.

Монгол Улс 2017 оны гуравдугаар улирлын байдлаар 26 тэрбум 24 сая долларын гадаад өртэй байна” гэв.

Инфляцийн хүлээлт

“Улирал бүр тооцдог инфляцын хүлээлтийг мөн тооцож гаргасан. Ирэх оны инфляцыг 4,6-8,4 хувь байх хүлээлт байгаа” гэж Монгол банкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.ГанОчир хэлэв. Энэхүү тооцоог иргэд, ААН болон шинжээчдээс судалгаа авч гаргадаг байна.

Судалгаагаар иргэд эдийн засагийн төлөвийг сайжирна гэж хүлээж байгаа аж. Тэд 2018 оны дөрөвдүгээр улиралд инфляцын түвшинг зорилтот түвшнөөс бага байна гэж үзсэн байна. Мөн иргэдийн дийлэнхи нь ирэх онд өрхийн санхүүгийн байдал сайжран, цалингийн түвшин өсч, төгрөгийн ханш чангарна гэсэн хүлээлттэй байгаа гэж судалгаанд хариулсан аж.

Орон сууцны түрээсийн индекс

2015 оноос Орон сууцны түрээсийн индекс буурч ирсэн бөгөөд өнгөрөгч оны тавдугаар сараас өсөх хандлагатай болсон байна.

Банкны тухай хуулиар арилжааны банк нь охин болон хараат компани байгуулахыг хориглосон. Тэгвэл банкны салбарынхан банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж, мөнгө хүүлэхийг энэ хуулиар хязгаарласан уу гэсэн сэтгүүлчийн асуултад Монгол банкны Хууль эрх зүйн газрын захирал Б.ГанбатБанкны хууль зөвхөн банкны үйл ажиллагааг зохицуулна. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа тусдаа зохицуулалттай.

Банкны тухай хуулиар арилжааны банк нь охин болон хараат компани байгуулах боломжгүй. Харин тухайн банкийг байгуулсан толгой компани нь охин болон хараат компаниа байгуулаад явах бололцоотой. Энэ нь банк мэргэжлийн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, үүнээс бусад үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд хараат болон охин компани байгуулахыг хуулиар хориглосон.

Энэ заалт 2019 оноос мөрдөгдөнө. Тэгэхээр байгуулчихсан охин компани болон хараат компанийг сая баталсан хуульд нийцүүлээд явна гэсэн үг” гэв.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 09 минутад хувийн 52.6 ирцтэй эхэлж, хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төслийн анхны
хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан тогтоолын төсөлд тусгагдсан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлын талаар иргэдэд зөв ойлголт өгөхгүй бол газраа зарах гэж байгаа мэтээр худал ташаа мэдээлэл түгээх явдал гарч байгаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ олон улсын гэрээ конвенцид заасны дагуу харилцан адил тэгш байх зарчмыг хэр баримталж байгааг ажлын хэсгээс тодруулсан. Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу манай улс өөрийн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад газар ашиглуулах, байр, барилга байгууламж барихад нь бүх талын туслалцаа үзүүлэх үүрэг хүлээдэг. Энэ үндсэн дээр Хятадын талаас тавьсан хүсэлтийн дагуу БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэгдэж, энэ талаар Хятадын талтай тохиролцсон. Харилцан адил тэгш байх зарчмыг баримталж байгаа. Одоогоор манай улсаас гадаад улсад дипломат төлөөлөгчийн 42 газар байгаагаас 23 нь өөрийн байртай, 18 нь түрээсийн байранд байдаг бол 4 нь хоёр талын харилцан хүлээсэн үүргийн дагуу байраар хангагдсан байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү тухайн газрыг ямар хугацаатай ашиглуулах гэж байгааг тодруулахад Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Газрын тухай хуулийн 16.1.4-т гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж, мөн хуулийн 17.1.2, 17.1.3-т Улсын Их Хурал гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, хил зааг, ашиглах журмыг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлж байгаа юм. Тухайн газрыг 70 жилийн хугацаатай ашиглуулах юм, асуудлыг олон улсын гэрээ конвенци, манай улсын зохих хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн гэдгийг тодотголоо. Улсын Их Хурлын 2009 оны 37, 2013 оны 52, 2015 оны 90 дүгээр тогтоолуудаар АНУ, БНХАУ, БНСУ, БНКазУ, БНАЛАУ, БНТУ, БНЭУ, ХБНГУ, БНФУ, Япон зэрэг нийт 14 улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Европын холбооны Төлөөлөгчийн газар зэрэг олон улсын байгууллагуудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва манай Засгийн газар 10-аад жилийн өмнө БНХАУ-ын Тяньжин боомтод 10 га газар ашиглахаар болсон тухай яригдаж байсан ч одоо хүртэл бодит ажил болсон юм алга, энэ асуудал ямар шатанд байгааг тодруулсан юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Тяньжины боомтод 10 га газрыг манай улсад ашиглуулах асуудал арваад жилийн өмнө яригдаж байсан. Хятадын тал уг газрыг 50 жилийн хугацаатай ашиглуулах, гэхдээ газрын түрээсийн төлбөрийг урьдчилж төлөх санал тавьсан юм билээ. Тиймээс газрын түрээсийн асуудлыг шийдвэл газар ашиглах боломжтой юм гэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга М.Энхболд 10 биш 11 га газар, үүнээс нэг га нь оффисын, 10 га нь гүн боловсруулах үйлдвэр барьж байгуулах зориулалттай байхаар, 50 жилийн хугацаатай ашиглуулах энэ газрын түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлөх асуудал яригдаж байсан. Одоо үүнийг хөөцөлдөх боломж бий гэдгийг нэмж тодотгосон юм.

Харин Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн чөлөөт бүс байгуулах боломжтой эсэх талаарх асуултад Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Хөшигийн хөндийд аэросити хот байгуулах ерөнхий төлөвлөгөө гарсан, энэ зориулалтаар 12 мянган га газар олгогдсон байгаа. Нийслэлийн газрны алба, Төв аймгийн удирдлагууд хамтарч хотын ерөнхий төлөвлөгөөн дээр ажиллаж байна, газар чөлөөлөх ажил ч хийгдэж байгаа. Ер нь чөлөөт бүс байгуулах боломжтой гэдгийг хэллээ.

Дараа нь тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан төслийн 1 дэх заалтыг “1 .Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт гадаад улсын Ерөнхий консулын газрын зориулалтаар олгосон газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралтаар баталж, улсын тусгай хэрэгцээнд авсугай.” гэж, төслийн 2 дахьзаалтыг “2.Газар ашиглуулах гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгохыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т зөвшөөрсүгэй.” гэж өөрчлөн найруулах, мөн төслийн хавсралтын гарчгийг “Гадаад улсын Ерөнхий Консулын газарт олгосон газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээ ” гэж, хавсралтын “Сүлд баг” гэснийг “Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын- Үүд суманд суугаа Ерөнхий консулын газар” гэж тус тус өөрчлөх санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй, ил тод, нээлттэй болгох чиглэлээр одоо үйлчилж байгаа эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь 2009 онд батлагдсан, 5 бүлэг, 22 зүйлтэй. Уг хуульд гурван удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт 9 зүйл, заалтад өөрчлөлт оруулжээ. Харин энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж байгаа, хуулийн нийт зүйл, заалтын талаас илүү хувьд буюу 15 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа учраас Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд илтгэлдээ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж байгааг онцоллоо. Тухайлбал, энэ хуулиар улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулдаг тул хуулийн зорилтыг илүү нарийвчлан тодорхойлжээ.

– Хуулийн зарим ойлголт, нэр томьёог нийтэд ойлгомжтой болгох, илүү нарийвчлан тодорхойлох зайлшгүй шаардлагын улмаас хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгож оруулсан.

– Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүдийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн тогтоохын зэрэгцээ иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэний хувийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэх, уг мэдээллийг ашиглан хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх, иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглох зэрэг суурь зохицуулалтыг тусгасан.

– Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байхаар төсөлд тусгасан.

– Хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж, улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах шаардлагатай байгаа тул улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт, улсын байцаагчийн хэрэгжүүлэх эрх, үүрэг, байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, удирдлагын бүрэн эрхийн талаар холбогдох өөрчлөлтүүдийг оруулсан.

– Бүртгэлийн мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал болон мэдээллийн технологийн хэрэглээг сайжруулах чиглэлээр холбогдох өөрчлөлтүүдийг тусгасан байна.

– Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас иргэн, хуулийн этгээдэд өгөх бүртгэлийн мэдээллийн нээлттэй байдал болон хувь хүний нууцын хамгаалалтын тэнцвэртэй байдлыг хангах шаардлагын үүднээс хуулиар хориглосноос бусад бүртгэлийн мэдээллийг нээлттэй ашиглуулах, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр өгөх мэдээллийг ангилан зааж, мэдээлэл өгөх журмыг хуулиар тогтоохоор тусгасан зэргийг онцлов.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм. Тус Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн газраас салгах, Монгол шуудангийн үйлчилгээг бүртгэл мэдээллийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат бүртгэлийн хуулиудыг багцаар нь хэлэлцэх, нэг ажпын хэсэг байгуулж, уялдаа холбоотой ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь улсын бүртгэлийн тогтолцоог нэгдмэл байлгах, орон нутагт бүртгэлийн зарим үйл ажиллагааг шилжүүлэх, улсын бүртгэгчийн үүрэг, хариуцлагыг сайжруулах зэрэг санал хэлсэн байна.Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар, О.Баасанхүү, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, багц хуулиудыг шинэчлэх нь амьдралаас урган гарч байгаа нөхцөл байдалтай холбоотой. Өнөөгийн цаасан бүртгэлд суурилсан бүртгэлийн системийг онлайн хэлбэрт шилжүүлэх бэлтгэл олон жил хийгдэж ирсэн. Одоогоор улсын бүртгэлийн санд хадгалагдаж байгаа мэдээллийн 70 гаруй хувийг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа. Гэхдээ одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар иргэн, хуулийн этгээдэд нээлттэй, хаалттай, хязгаартайгаар өгөх улсын бүртгэлийн мэдээллийг ангилан заагаагүй буюу тодорхойгүй, ихэнх тохиолдолд мэдээлэл нь хаалттай байдгаас иргэд бүртгэлийн байгууллагад зайлшгүй биечлэн ирж үйлчлүүлэх шаардлага үүсдэг. Бүртгэлийн байгууллагаас гаргасан тоон мэдээллээр иргэн, хуулийн этгээдэд 2014-2016 оны эхний 10 сарын байдлаар нийт 177 мянга гаруй хуулбар, лавлагааг архивын баримтаас хуулбар хийж цаасан хэлбэрээр болон үнэт цаасаар олгосон байна. Энэ нь иргэдэд төдийгүй бүртгэлийн байгууллагад цаг хугацаа алдах, ажлын ачаалал, зардал нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог учраас улсын бүртгэлийн мэдээллийн сангаас цахим хэлбэрээр олгох мэдээлэл, лавлагааны үйлчилгээг сайжруулах, иргэд хуулиар зөвшөөрсөн мэдээллийг чирэгдэлгүй, хүртээмжтэйгээр, чөлөөтэй ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байгааг тодотголоо. Ингэснээр төрийн байгууллагын ачааллыг бууруулахын зэрэгцээ улсын төсвийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний цахим машины лавлагаанд зориулж жилд 1070000 ширхэг үнэт цаас хэвлүүлж, үйлчилгээний хөлсний хэмжээг 1000 төгрөгөөр тооцон лавлагаа, мэдээллийг олгодог бөгөөд нийт 1 тэрбум 70 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг байна.Мөн энэ хууль батлагдсанаар орон тоо, зардал нэмэгдэхгүй, харин ч буурна. Тухайлбал, иргэдэд лавлагаа, мэдээлэл гаргаж өгдөг албан хаагчид болон бусад хүмүүс гээд 50-70 орон тоо хэмнэгдэх боломжтой. Хэдийгээр бүртгэл мэдээллийг цахим хэлбэрт оруулсан ч цаасан болон дижитал бүртгэл хамт бүртгэгдэж, цаасан бүртгэл мэдээлэл нь үндсэн эх сурвалж байх болно гэдгийг тодотголоо.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж анх 1997 онд бүртгэлийн байгууллага байгуулагдаж, өөрийн гэсэн хуультай болсноос хойш одоо гурав дахь хуулийн өөрчлөлтийг хийхээр оруулж ирж байгаа. Цахим орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа учраас хуулийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Гэхдээ цаасан бүртгэл цаашдаа ч байхаас өөр арга байхгүй. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ч ийм байдаг юм билээ. Цахим хэлбэр нь гадны халдлагад амархан өртдөг талтай. Бүртгэл нэг уствал ихээхэн түвэгтэй асуудал үүснэ, энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг хэллээ.

Түүнчлэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү манайд 28 программ бүхий 67 сервер дээр томоохон багтаамж бүхий иргэний болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн сан хадгалагдаж байгаа. Энэ бол Монгол Улсын бүрэн мэдээллийн нэгдсэн сан. Энэ талаар манайх төрийн бусад байгууллагаас нэг шат ахисан гэж хэлж болно. Энэ сангаар дамжуулан иргэдэд ТҮЦ машинаас үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ онд иргэний холбогдолтой 16 мэдээллийг ТҮЦ машинд шилжүүлснээр иргэдэд цаасаар өгдөг мэдээллийг 30 хувиар багасгаж чадсан. Одоо бүх байгууллага, иргэдийг бүртгэлийн мэдээллийн сантай холбох шаардлагатай байгаа гэдгийг хэллээ. Харин иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу зохих хураамж авч байгааг тэрбээр нэмж тодотгосон юм.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар:

  • Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг нарийвчлан зохицуулж мэдээллийн аюулгүй байдал сайжиран, иргэд төрөөс шуурхай, чирэгдэлгүйгээр цахим үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдэнэ.
  • Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар улсын байцаагчийн эрх, үүргийг тодотгож, холбогдох суурь зохицуулалтыг оруулснаар улсын бүртгэлийн аливаа зөрчил, алдаа дутагдлаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ.
  • Хуулиар хориглосон буюу хязгаарласнаас бусад мэдээллийг нээлттэй болгож, иргэн, хуулийн этгээдийг бүртгэлийн үнэн зөв, бодитой мэдээллээр хангах, үүнийг дагаад улсын бүртгэлийн байгууллагад хандаж цахим хэлбэрээр мэдээлэл, лавлагаа авах иргэн, хуулийн этгээдийн тоо өсөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, залилан, бусдын эд хөрөнгийг завших зэрэг эдийн засгийн гэмт хэргийн гаралт багасна.
  • Бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, ойлгомжтой байдлаар зохицуулж, хуулиас дээгүүр нөхцөл шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж, хуульд нийцсэн байх зарчим үйлчилнэ.
  • Хууль тогтоомж хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилах ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.

Нийтдээ 5 бүлэг, 26 зүйлтэй энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болгох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэлт баримтлалыг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж шийдвэрлэх юм

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймагт ажиллаж байна

ЗурагЕрөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнод аймагт ажиллахаар ирлээ.Тэрбээр томилолтынхоо хугацаанд тус аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ. Төрийн өчигдөр Хэнтий аймагт ажиллах үеэр иргэдийн төлөөлөлтэй уулзаж, өвөлжилт, хөдөө аж ахуй, газар тариалан, агаарын бохирдол, дагуул хот зэрэг цаг үеийн чанартай олон асуудлаар иргэдтэй ярилцсан байна.Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзана.

Categories
мэдээ нийгэм

Улсын онцгой комиссын “Шуурхай бүлэг“ орон нутагт ажиллана

Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн Онцгой комисст мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын онцгой комиссын “Шуурхай бүлэг” баруун аймгуудыг зорьлоо. Шуурхай бүлэг нь өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөх юм. Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Увс, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд аймагт ажиллах шуурхай бүлэг өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарын төрийн зарим чиг үүргийг ТББ гүйцэтгэнэ

Өнөөдөр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ажлыг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо. Засгийн газрын хүчин төгөлдөр үйлчилж буй тогтоолын дагуу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тухай Барилга, хот байгуулалтын сайдын тушаал гарсан юм. Тодруулбал барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сургалт эрхлэх чиг үүргүүдийг барилгын салбарын төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр болсон.IMG_1915

Ёслолын үйл ажиллагааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нээж үг хэллээ. Мөн Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар гэрээнд гарын үсэг зурлаа. Тус уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд цаашид уг үйл ажиллагааны үр дүнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, Барилгын салбарын инженер техникийн ажилчдын чиглэл тус бүрийн мэдээллийн сан бүрдэх, Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны хяналтын тогтолцоо сайжрах, холбогдох журамд заасан шалгуурыг ханган ажиллаж байгаа эсэхэд тавих хяналт, Төр, төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, нээлттэй ил тод байдлын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ гэж бодож байна хэмээн онцоллоо.