Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөр хийх хүсэлтэй хүнд гурван жилийн цэрэг бол амьдралын их сургууль мөн

Гурван жилийн цэргийн алба хаах тухай яригдлаа. Эр эмгүй хааж болох тухай энэ санаа хүмүүсийг сүрхий өдөөв бололтой. Нийгэм даяараа шахуу асар их эсэргүүцэж буй мэт харагдав. Үнэндээ Монголын насанд хүрсэн хүн бүр үүнийг эсэргүүцэж байгаа юм уу. Сүүлийн судалгаагаар бол фэйсбүүкт 900 орчим хүн л өдөр бүр идэвхтэй гэсэн тоо гарсан. Энэ хэдхэн хүнээр жишээ авахад гурван жилийн цэрэг дээр хоёр хуваагдчихсан байна лээ. Технологийн хурд гүйцэгдэхээ байсан, шинэ үеийнхний хандлага, амьдралын хэмнэл нь огт өөр болсон өнөөдрийн цаг үед гурван жилийн цэргийн асуудал хүлээж авахад хэцүү мэт нэг хэсэгт нь ойлгогдож байгаа байх. Ялангуяа хиймэл оюун ухаан яригдаж буй энэ цаг үед цэрэг, хүрз, хар ажлын тухай ярих нь ядруухан сэдэв гэж цөөн хэсэг нь үзэх бололтой. Тэгвэл аль ч улс оронд хиймэл оюун, технологитой ноцолддог хэсэг нь нийт хүн амын үсрээд 10 хувь нь л байдаг юм. Тэр байтугай хөгжсөн орны нийт хүн амын 30 хувь нь л дээд боловсролтой байдаг юм. Тэд л техник технологи ярьдаг, дээд боловсролынхоо ид шидийг үздэг, хөгжлийг урагшлуулдаг хэсэг нь. Ийм хэсэгт цэрэг дэмий байх нь тодорхой. Харин үлдсэн 80 хувь нь зүгээр л нийгэмд ажил хийх гэж яралзуулдаг хэсэг юм. Тэдэнд тэр технологи, хиймэл оюун энэ тэр бол падлий ч байхгүй. Дэлхийн жишиг ийм л байгаа.

Өнөөдөр монголд хүн бүр хүүхдээ дээд боловсролтой болгох гэсэн хийрхэл хэмжээ хязгаараасаа хэтэрсэн. Түүний илрэл нь энэхүү гурван жилийн цэргийг нэг хэсэг нь зүхэж, үзэн ядаж, маргааш хүүхдийг нь гурван жилийн цэрэгт явуулах гэж байгаа мэт аяг ааш юм. Гурван жилийн цэргийг зүхэж буй хүн бүрийн дийлэнх нь хүүхдээ яаж хөдөлмөрч болгох вэ, яаж гар утас, компьютераас холдуулах вэ, яаж хүнээс хатуу үг сонсож сургах вэ, яаж сэтгэлийн тэнхээтэй хүн болгох вэ, ядаж л яаж өглөө эрт гозосхийтэл босдог хүн болгох уу гэсэн асуудалтай байдаг. Эцэг эхийн ийм яриаг ажлынхаа орчноос эхлээд автобусны буудал дээр ч сонсдог. Ирээдүй үеийнхний маань тухай хүнд яриа, хүнд сэдэв бол энэ. Тэгээд яаж шийдэх гээд байгаа юм. Гурван жил бол хүүхдүүдийн минь хувьд сурч боловсрох хайран цаг хугацаа гэж хийрхэхээ больцгоох хэрэгтэй. Боловсролоос өмнө хүнд чинь хүн болж төлөвших, хөдөлмөрч болж төлөвших, хүмүүсийн дунд биеэ зөв авч явах дадал хэмнэл гэж хаанаас ч олж мэдэж, сурч болдоггүй өндөр дээд боловсрол гэж байдаг. Ажлын 12 цагт бүтэн хөдөлмөр хийж чадахгүй нялцанхайнууддаа, өдөр шөнөгүй хөдөлмөрлөж босгосон аж ахуйгаа өвлүүлэх тухай яаж бодож чадаж байна. Тэр залхуу, тэсвэргүй, ачаалал авч сураагүй нялцанхайнуудынхаа юунд нь итгэж найдаад байна. Монголын 80 хувь нь хөдөлмөрлөхгүй, баялаг бүтээхгүй байгааг бид харж байна шүү дээ. Монголын нийт залуучуудын 66,8 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Тэгэхээр хүн амын бараг 70 орчим хувийг 16-35 хүртэлх насны залуучууд эзэлж байна гэсэн үг. Хүн амын 66.8 хувийг эзэлж буй залуучуудын 67,3 хувь нь гэр хороолол, орон нутагт амьдарч байна. Хөдөлмөр эрхэлж буй залуучуудын сарын дундаж орлого 94-180 мянган төгрөг гэсэн статистик сая гарлаа. Залуусын маань байгаа царай ийм л байна шүү дээ. Тэдэнд юу дутаж байна гэхээр англи хэлний боловсрол дутаагүй. Амьдрал дээр тэвчээртэй, хөдөлмөрч байх тэр чанар л дутаж байна. Монголын хүн амын ийм хэсэг нь 80 хувь байгаа юм. Тэгэхээр тэдэнд цэрэг хамгийн чухал. Өөх ч биш, булчирхай ч биш болчихсон Монголын залуу үеийнхэн хөдөлмөрийн амт шимтийг өчүүхэн ч мэдрээгүй байна. Хөдөлмөрлөх, ажил хийх амьдралын тийм дадал хэмнэлд арми, цэрэг л сургана.

Та бүхэнд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид алба хааж буй Ч.Мэндсайхан гэж залуугийн өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярьсныг хүргэе. Тэрбээр “Цэрэгт ирснээс хойш би уургүй болчихсон. Айлын ганц хүү болоод тэр үү дураараа байсан. Харин энд ирээд өөр болсон. Зургаан сар болоход их зүйл бодсон. “Тиймхэн зүйлд яагаад уурладаг байсан юм бол” гэж үе үе боддог. Халагдахдаа уур гэдгийг мартаад явах байх (инээв). Үүнээс гадна хариуцлагатай байхыг сургадаг. Би алдаа гаргавал салааныхан маань буруутдаг. Миний өмнөөс бусад маань шийтгүүлж байгааг харах үнэхээр муухай. Тийм болохоор аливаа зүйлд хариуцлагатай байх ёстойг сайн ойлгож байгаа” гэж. 19 настай айлын ганц эрх хүүгийн үзэл бодолд арми ингэж нөлөөлсөн байна. Аав ээж та хоёр хүүхдээ ийм эерэг хандлагатай болгож чадах уу. Мөн тус ангийн байлдагч Ц.Мөнхсайханы яриа байна. “Би хотын унаган хүүхэд. Сүүлийн 21 хоног нүүрс буулгах, савлах ажлын дайчилгаанд байгаа. Огт хийж байгаагүй ажил. Гэхдээ өдрөөс өдөрт бие чангараад өөртөө итгэлтэй болж байгаагаа мэдрэх гоё байна. Бид цэргийн эрдэмд суралцахаас гадна хүсвэл хөнгөлөлттэй үнээр жолооны курст сурах боломжтой. Мөн хөдөлмөрийн биржээс хүмүүс ирж ажлын байрны тухай танилцуулдаг болсон” гэж ярьсан нь хөдөлмөрийн амтыг үнэртүүлж байгаа юм. Эдгээр нь хар, борог яриа байж болно, гэхдээ энэ бол хүний нийгэм, хүнийг хөдөлмөр, тэвчээрт сургаж буй бодит амьдрал юм. Ийм юмыг их сургуулиас сурдаггүй юм гэдгийг л гурван жилийн цэргийг зүхэж буй хүмүүс ойлгох хэрэгтэй.

Ажилгүй иргэдийн 45.0 хувийг бүрэн дунд, 32.5 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 5.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.0 хувийг бага, 1.4 хувийг боловсролгүй залуучууд эзэлж байна. Эдгээр залууст ажил яагаад олдохгүй байна. Гэтэл зарын сонинууд дээр элдэв төрлийн ажлын санал битүү байна. Шалтгаан нь сая хэлсэн хөдөлмөрч чанаргүй залуу үеийн өнгө төрх.

Монголчуудыг ганц нааш гэж байгаа Азийн бар БНСУ-ын иргэдийн 80 хувь нь ажил хийдэг. Үлдсэн 20 хувь нь хиймэл оюун ухаантай ноцолддог хэсэг юм. Үүнийг дэлхий мэднэ. Тус улсын цэргийн насны бүх эрчүүд гурван жилийн алба хаах хуультай, түүнийгээ бүгд биелүүлдэг. Биелүүлээгүй хүнийг эх орноосоо урвасан гэж үзэж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Дэлхийн хэмжээний од нь хүртэл алба хаадгийг бүгд мэднэ. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй энэ улсын иргэд нийтээрээ тэнэг болчихсондоо гурван жилийн цэргийн алба хаадаг юм уу. Тэднээс монголчууд илүү ухаантайдаа өнөөдөр ийм амьдарч байгаа юм уу. Үүнийг өөрсдөөсөө асууя. Шулуухан л хэлье, өнөөдрийн Монгол Улсад, өнөөдрийн монголчуудад хүрз, шороо, далангийн ажил амин чухал байна. Бид нийгмийнхээ бодит үнэнтэй эвлэрмээр байна. Эсэргүүцээд, их зантай юм яриад байгаа хүмүүс нь хүүхдээ цэрэгт явуулахгүй л байна биз. Бид их дээгүүр, ноён зантай байдгаа болимоор байгаа юм. “Би ч лам, чи ч лам хэн нь морио тэжээх вэ” гэдэг үг бий. Бид яг ийм болчихоод байна. Өнөөдөр монголд хөдөлмөрлөдөг, ажил хийдэг хүмүүс л хэрэгтэй байна. Тийм ирээдүй хойч үе бүр ч хэрэгтэй байна. Хөгжсөн, хөгжиж буй бүх улс орон, ер нь хүн төрөлхтөн бүгдээрээ бидэн шиг зунжингаа тэнэдэггүй юм. Наад зах нь гурвуулаа нийлж нарийн боовны супер цех байгуулаад түүнийгээ гурван үеэрээ ажиллуулдаг юм. Гэтэл манайхан хамгийн их ажил хийж, амжуулж байх тааламжтай зуны хэдэн сардаа ард түмнээрээ шахуу өнөө муу приустээ чихэлдэж суугаад Хөвсгөл рүү тэнээд явчихдаг. Айраг цагаа, хорхог боодогондоо хордтол тэнэдэг. Амьдралын ийм л буруу хэвшил хэмнэлтэй явж ирсэн нь төрт ёсны 2000 жилийн түүхтэй Монгол Улсыг өнөөдөр ийм дорой буурай харагдуулж байна. Уг нь бол оюунлаг, сэхээтэнлэг цөөн хэсэг нь хөдөлмөрлөсөн шиг хөдөлмөрлөөд, үлдсэн 80 хувь нь нийгэмд ажил хийж, хөдөлмөрлөж чадвал хөгжил хол биш. Сэхээтнүүд нь гурван жилийн цэргийг өөрсөн шигээ бодож, түүнийгээ нийгэмд тулгах хэрэггүй. Ард түмний чинь 80 хувь нь үнэхээр борог дорой, залхуу амьдарч байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. Энэ хүмүүст чинь цэрэг чухал байна. Энэхүү хэсгийн чинь үзэл бодол, бие бялдар, амьдралд хандах хандлага, хамгийн гол нь хөдөлмөрч хүн болж төлөвших хамгийн чухал процесст цэргийн он жилүүд бурхнаас илүү тусыг өгөх гээд байна. Цэргээс халагдсан залуу хүн ядаж л өглөө эрт босоод ажил хийх тухай, хөдөлмөрлөх тухай боддог болно. Та нарын чадахгүй байгаа тэр хүмүүжлийг цэрэг үр хүүхдэд чинь олгоно.

Энэ дэлхийн 200 гаруй улс орны дунд цэрэг армийг зүхдэг, тэр хэрээр олон улсад байр суурь муутай, ард иргэд нь сул дорой, хөдөлмөрлөдөггүй, дэлхийд эзлэх хувь жин өчүүхэн, сургийг нь ч сонсоогүй хэдхэн улс орон байдаг юм. Тэдгээр нь Гаити, Гренада, Кирибати, Коста-Рика, Лихтэнштейн, Мавритан, Мальдив, Науру, Самао, Сан-Марино, Санта-Лючи, Сэнт-Винсэнт ба Гренадин, Сэнт-Китс ба Невис, Тувалу… гэх мэт. Ийм улсууд энэ дэлхийд байдаг гэж сонссон уу, монголчууд аа. Тэгвэл эдгээрийн нэг байхыг хүсээ юу, их Монголын үр сад. Ийм өчүүхэн байх, байлгах сонирхол Монголын сэхээтнүүдэд байгаа юм уу. Тиймгүй л юм бол гурван жилийн цэргийн талаар сөрж хуцах хэрэггүй. Ядаж дуугүй бай. Монголын ирээдүй хойч ажил хийж чаддаггүй, хөдөлмөрлөх чадваргүй, үхээнц дорой баймааргүй байна. Монгол Улсад ажил хийдэг хүн хамгийн амин чухал байна. Та хөдөлмөрлөж сураагүй, чөлөөт иргэн яваа хүүхдээ тодорхой хугацаанд төрийн мэдлийн субьект болгоод нэг үзээч. Үр дүн нь гарна даа. Хөдөлмөр хийх хүсэлтэй хүнд гурван жилийн цэрэг бол амьдралын их сургууль үнэхээр мөн юм шүү.

Categories
мэдээ нийгэм

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар морь өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 26, Сугар гариг. Билгийн тооллын 9, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар морь өдөр. Өдрийн наран 8:12 цагт мандан, 17:47 цагт жаргана. тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гаригийг тахих, тангараг тавихад сайн. гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улай гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч П.Хашчулуун “Солонгосоос утаагүй зуух гуйснаас визгүй зорчихыг гуйхгүй дээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Осгож, хөлдсөн өвчтөнүүдийн тоо Гэмтлийн эмнэлгийн ачааллыг хоёр дахин нэмэгдүүлжээ” өдрийн сурвалжилгыг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай.

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-д зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлаа өчигдөр хийлээ. Хэвлэлийн хурлын талаар нэгдүгээр нүүрэн дэх “АТГ УИХ-ын гишүүн Д.Гантулгаас байцаалт авч, О.Баасанхүүтэй холбоотой асуудлыг прокурорт шилжүүлжээ” сурвалжилгаас унших боломжтой.

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой хийсэн ярилцлагыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс үзээрэй. Тэрээр “Ерөнхийлөгчтэй би ер нь таардаггүй хүн дээ” гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа лхагва гаригт Хэнтий аймгаас эхлүүллээ. Энэ талаарх сурвалжилгыг хоёрдугаар нүүрнээс хараарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч П.Хашчулуун “Солонгосоос утаагүй зуух гуйснаас визгүй зорчихыг гуйхгүй дээ” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

УИХ-ын пүрэв гаригийн хуралдааны эхэнд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үүний талаарх мэдээг зургаадугаар нүүрнээс уншаарай.

Баримт үйл явдлын долоодугаар нүүрнээс “Петролеум Продакшн, Ай Си Ай Си гэх компаниуд татвараас зугтаж хуурамч шатахуун үйлдвэрлэдэг үү” сурвалжилгыг хүлээн аваарай.

“Яармагт Орос жолоочтой хүнд даацын машин бага насны хүүхэд дайрч асар хүнд гэмтээсэн гэнэ” гэх дуулиант хэрэг мандаад, нам дарагдсан билээ. Тэр дуулианы эзэн Ч.Лхагвадоржтой тавин жилийн дараа уулзаж ярилцсаныг хүмүүс, хувь тавилан нүүрнээс хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

Лаос улстай худалдааны чиглэлээр хамтран ажиллана

Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн сайд Лиан Тикео-гийн урилгаар 2018 оны 01 сарын 16-22-ны өдрүүдэд БНАЛАУ-д албан ёсоор айлчлал хийлээ. Айлчлалын үеэр дэд сайд Ж.Саулег БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд Сомди Дуангди, БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, Ойн яамны сайд ноён Лиан Тикео нар хүлээн авч уулзав. Уулзалтын ярианы үеэр дэд сайд Ж.Сауле хоёр орны харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баталгаажуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, Ойн яамны орлогч сайд Др. Бүнкуанг Камбүнхөанг-тай уулзалт хийж хоёр улс ХАА, МАА-н гаралтай хүнсний экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтойг цохон дурдаад, энэ давуу талаа ашиглан монголоос гүн хөлдөөсөн мах, нөөшилсөн болон боловсруулсан махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн салбарын хүрээнд арьс шир тэр дундаа цэргийн гутал, ноос ноолууран бүтээгдэхүүн, Лаосаас барилгын модон хийц, цагаан будаа, жимс, кофе нийлүүлэх худалдааг хөгжүүлэхэд зохих дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар тогтов.

Айлчлалын үеэр Лаос- Монголын ЗГХК-ын Лаосын хэсгийн дарга, Эрүүл мэндийн сайд Бунгон Сихавонг, Лаосын Батлан хамгаалахын орлогч сайд, дэслэгч генерал Пувон Вонгпом зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож тус улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрийн бүсд орших цагаан будааны Панпет, БНАЛАУ-ын Сиенгхуанг мужийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн “Пүкенг”, “Кангси” компанийн үйл ажиллагаатай танилцсан ба мөн Монгол улсын тусламжаар байгуулсан “Найрамдал” эмнэлэгт зочиллоо.

Дэд сайд Ж.Сауле Лаосын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч хатагтай Инлаван Кеобүнпантай уулзаж хоёр улсын эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Дээр дурьдсан хамтын ажиллагааны саналуудыг удахгүй болох Монгол, Лоасын Засгийн газар хоорондын хуралдааны хурлын протоколд тусган хэрэгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор талуудын хувийн хэвшлийн байгууллагуудыг холбох чиглэлээр хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтарч ажиллахыг цохон тэмдэглэв.

Categories
мэдээ спорт

Лэброн Жэймс “Уналт бүр амжилтад нэг алхам ойртуулдаг”

Өдөр бүр НБЭ-д олон олон рекорд амжилтууд эвдэгддэг. Харин өчигдөр 30 мянган оноог давсан найм дах тоглогч төрлөө.

Алдарт Коби Бэн Брайнт 30 мянган онооны босгыг 34 нас 101 хоногтойдоо давж байв. Харин энэ оргилд Вилт 35, Карийм Абдул Жаббар, Карл Малонь нар 36, Майкл Жордан 38 насандаа тус тус хүрсэн. Энэхүү эрхмүүд зөвхөн Америк гэлтгүй бүхэл бүтэн дэлхийн сагсны түүхийг өгүүлэх аугаа нэрс. Харин хамгийн залуу буюу 34 нас 25 хоногтойдоо энэхүү амжилтад хүрсэн тоглогч бол Кинг Жэймс. Мөн энэхүү өндөрлөгт гарсан анхны жижиг довтлогч билээ.

-ТҮҮНИЙГ АЛМАЗ МЭТ ТӨГС БИЕ НЬ БУРХАН БОЛГОЖ ШОНХОР МЭТ ХУРЦ УХААН НЬ ЧӨТГӨР БОЛГОСОН-

Буун дуунаар дэлбээлсэн цэцэг

Түүний оргилд хүрэх зам дардан байсангүй. Америкийн ядуусын хороололд өссөн түүнийг ердөө 16 настай өрх толгойлсон эх нь өсгөсөн юм. Орой бүр буун дуу тас хийх чимээнээр ээжийгээ харуулдан суудаг Лэброн хүү болон хүүхдээ өлсгөхгүйн төлөө хичээх түүний ээж Глориа Мариа Жэймс нар үргэлж л нүүж байдаг айл байв. Түүний ээж идэх хоол, тогны мөнгөө танан Лэбронд тоглолтын пүүз авч өгдөг байсан нь өдгөө энэ их амжилтынх нь эхлэл байсан байх.

Image result for lebron james kid photo-АКРОН ХОТООС ДЭЛХИЙД ҮСЭРСЭН ОЧ-

Тэр Винсэнт Мариагийн ахлах сургуульд элсэн орсноор бүх америк даяар түүний нэрийг дурсаж эхэлсэн юм. Лэброн ахлах сургуулийн анхны жилдээ л 21 оноо, 6 самбараас бөмбөг авалт дундчилж баг нь 27-0 амжилттай дивизоны аварга болж байлаа. Улмаар дараа жил нь түүний амжилт улам нэмэгдэв. Акрон хотын Родэс цэнгэлдэхэд 5492 хүн түүний тоглолтыг үзэхээр ирж байв. Улмаар ахлах сургуулийн багийн хамт улсын аваргын тэмцээнд түрүүлж коллэж болон НБЭ-гийн багий скаутуудын харааг булааж байв. Залалт, хурд, хүч, тэсрэлт, аварга том биетэй ахлах сургуулийн хүүг Америк улсын баг бүр л сонирхож байлаа. Улмаар Лэброн Жэймс 2003 оны драфтад өөрийн нэрийг өгөв.

Image result for lebron james high school

2003 оны драфт бусад драфтын ангиудаас онцлог. Яг л 1984, 1996 оны драфт адил. Түүх худлаа ярьдаггүй, аугаа тоглогчид НБЭ-д аугаа эрин үеийг авчирдаг. 1984 оны драфтаар Майкл Жорданг даган Хакийм Олажувон, Чарлэз Баркли, Жон Стоктон, Элвин Робэртсон нар элсэж НБЭ цэцэглэв. 1996 онд Коби Брайнт, Аллэн Айвэрсон, Рэй Аллэн, Стив Наш нараар НБЭ хөгжсөн юм. Харин 2003 оны драфтын анги НБЭ-ийг төгөлдөржүүлсэн. Лэброн Жэймс, Дуайн Вэйд, Кармэло Энтони, Крис Бош тэргүүтэй тус драфтын анги нэгэн шинэ урсгалыг эхлүүлж байв.

Related image

Never say “never give up”

Image result for 2007 lebron james final

2003 оны драфтын залуус ид бужигнуулж эхэллээ. Драфтын тэргүүн Лэброн Жэймс Клэвланд Кавальерсд сонгогдов. Рүүкий улирaлдаа Жэймс 20 оноо, 5 самбараас бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалт өгч, тааруу амжилттай Клэвландын морьтон цэргүүдийн амжилтыг 18 хожлоор ахиуллаа. Энэ цагаас хараагдсан гэх Клэвланд хотын мэргэжлийн спортын баг аварга авдаггүй цуварлыг зогсоохоор сонгогдсон хүү хэмээн хотын ард иргэд нууцхан бодол тээж эхлэв. Тэр ч итгэлийг нь алдалгүй 2007 оны НБЭ-ийн финалд морьтон цэргүүдийн хамт гарав. Тус баг НБЭ-ийн финалын түүхэн дэх магадгүй хамгийн муу баг байсан. Харин эсрэг талд нь НБЭ-ийн ноён оргил Сан антониа Спүрс байлаа. Тэд морьтон цэргүүдээс багийн лидэр, дасгалжуулагч, бүрэлдхүүний хувьд хэт тасарсан баг байсан юм. Аугаа Тим Данкан финалын цуварлын дараа Лэброн Жэймсийн чихэнд “Удахгүй энэ лиг чинийх болно” хэмээн хэлсэн нь оргүй үг биш байв.

2008-2010 оны улирлуудад НБЭ-ыг ноёлж байсан тоглогч яах аргагүй Коби Брайнт юм. Харин тухайн үеийн хамгийн шилдэг баг их гурвалаар ахлуулсан Бостон Сэлтикс байлаа. Пол Пийрс, Кэвин Гарнэтт, Рэй Аллэн болон Ражон Рондо тэргүүтэй Сэлтиксчүүд дорнод бүсийг илүүрхэж байх хугацаанд Лэброн Жэймс НБЭ-гийн финалд дахин шалгарч чадаагүй юм.

Related image

-АУГАА БҮХЭНД МАШ ИХ ТӨЛӨӨС ХЭРЭГ БОЛДОГ-

2010 оны долдугаар сарын нэгэнд чөлөөт агентийн зах зээл нээгдэв. Тоглогчдын нэрсийн хамгийн оргилд Лэброн Жэймс байсан бөгөөд ихэнхи аналистууд багтайгаа гэрээ байгуулна хэмээн үзэж байлаа. Түүний шийдвэрийг дэлхий даяар чих тавин сонсож байв.

Тус оны долдугаар сарын 8-ны өглөө ESPN сайтын онцлох буланд дэлхийг цочироосон нэгэн мэдээлэл цацагдав. Энэ нь “Лэброн Жэймс Миами Хит багт нэгдлээ” гэсэн гарчиг бүхий нийтлэл байсан юм. Клэвландын фэнүүд түүний өмсгөлийг шатааж урвагч, аймхаагаар нь дуудаж байв. Орландо Мэйжикийн дасгалжуулагч Стэн Ван Ганди “Тэр өрсөлдөөнөөс урвалаа” гэж хүртэл хэлж байлаа. Энэ шийдвэр зөв эсэхийг мэдэхгүй ч Лэброныг бууж өгсөн хэмээн дэлхий нийтээр шүүмжилж эхэлсэн юм.

Харин энэ үйл явдалтай зэрэгцэн Миами Хитэд шинэ их гурвал үүслээ. Ид үедээ гялалзаж буй гурван од болох 2003 оны драфтын ангийн найзууд нийлсэн байв. Тэдний нэрсийг үсэглэвэл Дуайн Вэйд, Лэброн Жэймс, Крис Бош нар юм. Улмаар НБЭ-д нэгэн доминант баг үүсэв.

Уналт бүр амжилтад нэг алхам ойртуулдаг

Шинэ их гурвал НБЭ сонирхогч хүн бүрийн ярианы сэдэв болсон юм. Тэд тоглолт бүр дээр шүүмжлэлтэй тулж байлаа. Их гурвал учираа олоогүй л байв. Ид үедээ яваа гурван супер одыг нэгтгэх амаргүй ажил Миами Хитийн дасгалжуулагч Эрик Споилстрод ирсэн юм. Крис Бошийн тоглолт уналтад орж Лэброн, Вэйд хоёр хувийн тоглолт үзүүлсээр улирал дуусав.

Плэй-оффд Индиан Пэйсэрсиийг буулган авч Бостон Сэлтикстэй бүсийн финалд урчраа таарлаа. Дахин томын ханны өмнө ирэв. Өмнөхөөсөө өөр нь Лэбронд харьцангуй сайн бүрэлдхүүн шилдэг дасгалжуулагч байлаа. Тэр асар хүнд долоон тоглолтын төгсгөлд НБЭ-ийн финалтай дахин нүүр тулсан юм….

Хэний ч төсөөлөөгүй баг тэдний өмнө ирсэн байв. Дирк Новицки тэргүүтэй Даллас Мавериксчууд орчин цагийн шинэ элитүүдтэй. Энэхүү финалын цуврал хүн бүхний сэтгэлд тод томруун үлдсэн байх.

Дирк Новицки хүссэн газраасаа оноо түүж харин эсрэг Шон Марион Лэброн дээр гайхалтай хамгаалалт хийж байлаа. Хашир туршлагатай Маверикс ялалт авах бүх л боломжийг ашиглаж аваргын финалд ялалт байгуулав.

Image result for dirk nowitzki lebron james 2011

“Финалын цуварлын зургаа дахь тоглолт дуусч анхны аваргын цолоо хүртсэн Новицки өөрийн сэтгэл хөдлөлөө үзүүлэлгүй хувцас солих өрөөлүүгээ гүйн орлоо”. Энэхүү гайхамшигтай мөч хэзээ ч камерийн дуранд үлдээгүй юм.

Харин эсрэг талд Лэброн Жэймс гэх тоглогчийн царайнд түүний “ҮНЭН” илэрхийлэгдэж байв. Тэр мөчийг үзсэн хэн ч “Аварга гэх цолын үнэ цэнийг ойлгох бизээ”.

-BACK-TO-BACK CHAMPIONSHIPS-

Дараа улирал нь нарлаг Миамид хэд хэдэн шинэчлэл явагдлаа. Хамгийн гол нь Дуайн Вэйд өөрийн лидерийн статусаа бүрэн Лэброн Жэймсд өгсөн явдалд байв. Улмаар НБЭ-д нэгэн аугаа хослол үүссэн юм. Нэгнээ төгс мэдэрсэн хамтрагчид тэр жилийн финалд төвөггүй гарч чадлаа.

Финалд залуу бүрэлдхүүнтэй Оклахома сити Тандэр тэдний өмнө зогсож байв. НБЭ-д бүрэн хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй тоглогчид байсан ч ур чадварын хувьд Миами Хитээс дутхааргүй бүрэлдхүүн байлаа.

Өдгөө тэд НБЭ-г ноёлсон шилдэг тамирчид болжээ. Тэдний нэрсийг дурьдвал Кэвин Дурант, Рассэл Вэстбрүүк, Жэймс Хардэн болон Сэрж Ибака юм.

Image result for 2012 okc durant westbrook harden ibaka reggie jackson

Гэвч тэр жилийн аварга цолыг хүртэх ёстой баг нь Миами Хит байлаа. Финалын цуврал зургаан тоглолтонд шийдэгдэв.

Үргэлжлэл бий……

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

АТГ-ын албан хаагчид томилолтоор явж байхдаа хүний амь аварчээ

Авлигатай тэмцэх газрын хамт олонд хэмээн хаягласан нэгэн захидал өнөөдөр ирлээ. Захидлыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас иргэн Ч.Гансэрээтэр ирүүлжээ.

Тэрээр 2017 оны 11 дүгээр сард эхнэр Б.Буянзул, 4 сартай хүү Г.Батбилэгт, мөн зам зуур дайгдсан нэг өвгөний хамт Өвөрхангай аймгийн Хужирт сум ороод буцаж Цэцэг модны даваагаар давж явахдаа цасан хунгарт машинтайгаа суусан байна. Цас их орсноос зам боогдсон, ойр хавьд машин унаа явахгүй, маш хүйтэн байсан бөгөөд Гансэрээтэр 2-3 цагийн турш цас ухсан боловч машины урд дугуй намхан эрэг рүү ороод гарах ямар ч боломжгүй болжээ.

Энэ үед Авлигатай тэмцэх газрын орон нутагт томилолтоор ажиллаж явсан ажлын хэсэг таарч тэдний машиныг цасан хунгараас гаргаж өгсөн байна. Ч.Гансэрээтэр захидалдаа “Нялх хүүхэдтэй өвлийн хүйтэнд маш хүнд нөхцөлд байсан манай гэр бүлд тусалсан танай хамт олонд баярласан талархсанаа илэрхийлэхийн ялдамд ажлын өндөр амжилт хүсье. Тухайн үед баярласнаа илэрхийлж чадаагүй тул бичгээр илэрхийлж байна” гэж бичжээ.

Ч.Гансэрээтэр болон түүний эхнэр Б.Буянзул, 4 сартай хүү Г.Батбилэгт, ахмад настан нарт хүнд хэцүү цагт өгөөмөр сэтгэлээр гар сунган тусалсан Авлигатай тэмцэх газрын II багийн хамт олонд, тэр дундаа тухайн үед томилолтоор ажилласан эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, ахлах комиссар П.Лхагвасүрэн, Т.Энхтуяа, комиссар Б.Тэрбиш, Н.Батчулуун, Б.Энхжавхлан, А.Мөнхтамир, Б.Тэмүүжин, Х.Аюуш, дэд комиссар Г.Батхуяг, Г.Оргилсайхан нарт Авлигатай тэмцэх газрын удирдлага болон нийт хамт олны зүгээс талархал илэрхийлж, сайныг санасан үйлс бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе!

Categories
мэдээ нийгэм

Барилга байгууламж, тоног төхөөрөмжийг хүлээн авах ажил явагдаж байна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 125 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны санхүүжилтээр Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон 8.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар шийдвэрлэсэн бөгөөд эд хөрөнгийг хүлээн авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар байгуулсан юм. Ажлын хэсэг дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд өнөөдөр 3 дахь удаагаа хуралдаж хэвийн ажиллагаатай байгаа Сүхбаатар дүүргийн 7 хорооллын 6 УДДТ, Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчмын УДДТ, тэдгээрийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, Хан-Уул дүүргийн “Яармаг” орон сууцны хорооллын бохир усны насос станцын барилга байгууламж болох нийт 5.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авахаар шийдвэрлэлээ.

Дээрх дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн эзэмшигч байгууллагууд нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар бөгөөд ашиглалт, засвар үйлчилгээг нь эдгээр байгууллагууд хариуцан ажиллах юм. Сонгинохайрхан дүүргийн Баянголын амны Ус дулаан дамжуулах 10 төвийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа хангагдсан үед нь нийслэл хүлээн авах болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж гурван зуун саяын үнэтэй машин унаж байгаагаа хүлээн зөвшөөрөв

Хууль зүйн яамны байрны гадаа байх 0101 УБҮ улсын дугаартай, хар өнгөтэй “Лексус 570” маркийн автомашины зураг олон нийтийн сүлжээнд анхаарлын төвд байна. Хууль зүйн яамны гадна байсан учраас сайд Ц.Нямдоржийн унаа гэх мэдээлэл тархаад буй. Улс орны эдийн засаг таатай бус байхад нэг сайд нь гурван айлын орон сууцны үнэтэй дүйх хэмжээний тансаг хэрэглээний машин унах нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг өрнөжээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг чуулганы танхимаас гарч ирэхэд нь сэтгүүлчид тодруулахад “Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, нэг машин авсан. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн. Тэр машин 300 гаруй сая төгрөгийн үнэтэй машин гэсэн. Иргэдийн шүүмжилж байгааг ойлгож байна” гэсэн тайлбар өгөв.

2017 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны нэгдүгээр сарын 15-нд Монголд орж ирсэн, тансаг зэрэглэлийн уг автомашиныг 85 сая төгрөгийн үнэтэй тоноглолтой байна гэж автомашин сонирхогчид ч шуугьж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүлжүүлэх байранд хугацаа нь дууссан эм, тариа хэрэглэж байжээ

Хүний эрхийн Үндэсний Комисс зурган илэрцүүдХүний эрхийн Үндэсний Комиссийнхон Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар ХЭҮК-оос Цагдаагийн ерөнхий газарт шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад:

-Эрүүлжүүлэх төв нь хотын төвөөс 3,5 км зайд байрладаг боловч төвийн шугамд холбогдоогүй, уурын зуухаар халаадаг боловч бүрэн халааж чаддаггүй, 200 метрийн зайтай гүний худгаас ус татаж хэрэглэдэг бөгөөд хяналт шалгалтын үед барилгын зүүн талын суурийн хэсэгт суулт өгч ашиглах боломжгүй болсон байна. Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 07-11/136 дугаартай “Барилгын ашиглалтыг түр зогсоох” тухай акт, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02-07-81/41 дугаартай “Барилга ашиглалтыг зогсоох тухай” актаар тус тус чанарын шаардлага хангахгүй, ашиглалтын хугацаа дууссан тул барилгын ашиглалтыг зогсоох тухай шийдвэр гаргаж байжээ.

Тус барилгад үүссэн дээрх нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь заалтад “Эрүүл аюулгүй орчинд амьдрах …эрхтэй”, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт “барилга нь хүн ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байна” гэж заасныг тус тус зөрчиж байх тул дээрх дүгнэлтүүд болон Комиссоос удаа дараа хийсэн хяналт шалгалтын дагуу өгсөн шаардлага, зөвлөмжийн хүрээнд тодорхой ажил зохион байгуулж тус төвд ажиллаж буй цагдаагийн албан хаагч болон эрүүлжүүлэгдсэн, саатуулагдаж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, чанар, стандартын шаардлага хангасан байрыг шинээр барьж ашиглалтад оруулах, эсхүл өөр газарт түр хугацаагаар нүүлгэн байрлуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх;

-Нийслэлийн Цагдаагийн газраас тус төвд сар бүр 70.000 төгрөгийн эм, тарианы хангалт хийдэг бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалалтыг шалгахад хугацаа дууссан таван төрлийн 98 ширхэг эм, тариа хэрэглэж байсан нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байх тул хугацаа дууссан эм тариаг устгалд оруулж, акт үйлдэх, эм, эмийн бүтээгдэхүүний хангалтыг бодит нөхцөл байдалд үндэслэн шинэчлэн тогтоох;

– Яаралтай тусламжийн эм тарианы хайрцаг болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн бүрдэл дутуу, байвал зохих эмнэлгийн тоног төхөөрөмж байхгүй, эрүүлжүүлэгдэх, саатуулагдахаар ирсэн иргэдийг хүнд өвчтэй эсэхийг тодорхойлж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны А/185 дугаар тушаалаар баталсан Саатуулах байрны дэглэм, журмын 4.2-т “Саатуулагдсан хүнд эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай бол саатуулах байранд хүлээж авахаас татгалзаж болно” гэж заасныг зөрчиж байх тул эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх стандартад нийцүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг яаралтай эхлүүлэх;

– Хоолны дээжийг авч шинжилгээнд явуулдаг эсэх нь тодорхойгүй, бүртгэл, тэмдэглэл байхгүй байх тул саатуулагдсан этгээдийн хоолноос өдөр бүр дээж авч тодорхой хугацаанд шинжилгээнд хамруулж холбогдох байгууллагын дүгнэлт гаргуулж хэвших;

– Тус төв нь нийт 45 хүний орон тоотой ба үүнээс цагдаагийн албан хаагч 34, энгийн ажилтан 11 байна. Нэг ээлжийн жижүүрийн бүрэлдэхүүнд гурван албан хаагч ажиллаж байгаа нь ачаалал ихтэй үед алба хаагч хүрэлцдэггүй байх тул орон тоог нэмэгдүүлэхэд анхаарч бодит байдалтай танилцаж, шийдвэр гаргах;

– Саатуулагдсан этгээдэд өгч буй нөмрөг, хөнжил, гудас нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй бохир, цэвэрлэгээ муу, тоосжилт ихтэй газар хадгалдаг. Саатуулах өрөөнүүдэд долоо хоногт нэг удаа ариутгал хийж байгаа нь Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны А/185 дугаар тушаалаар баталсан Саатуулах байрны дэглэм, журмын 2.9-д “Саатуулах байранд ариутгалын бодис бүхий чийгтэй цэвэрлэгээг өдөр бүр, их цэвэрлэгээг долоо хоногт нэгээс доошгүй удаа тогтмол хийж, саатуулагдсан хүн солигдох бүрт хэрэглэсэн хөнжил, гудас, цагаан хэрэглэл зэргийг цэвэрлэж ариутгал хийнэ” гэж заасныг зөрчиж байх тул саатуулах өрөө болон хөнжил, гудас, цагаан хэрэглэлийг тогтмол ариутгаж цэвэрлэн эрүүл ахуйн шаардлагыг журмын дагуу хангаж ажиллах;

Иймд дээрх шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу долоо хоногийн дотор бичгээр хариу ирүүлнэ үү.

Хувийг Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Эрүүлжүүлэх, саатуулах төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Энхбаяр нарт

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСЫН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ” гэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ

ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.01.25) нэгдсэн хуралдаан 10 цаг 09 минутад хувийн 52.6 ирцтэй эхэлж, хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан тогтоолын төсөлд тусгагдсан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлын талаар иргэдэд зөв ойлголт өгөхгүй бол газраа зарах гэж байгаа мэтээр худал ташаа мэдээлэл түгээх явдал гарч байгаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ олон улсын гэрээ конвенцид заасны дагуу харилцан адил тэгш байх зарчмыг хэр баримталж байгааг ажлын хэсгээс тодруулсан. Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу манай улс өөрийн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад газар ашиглуулах, байр, барилга байгууламж барихад нь бүх талын туслалцаа үзүүлэх үүрэг хүлээдэг. Энэ үндсэн дээр Хятадын талаас тавьсан хүсэлтийн дагуу БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэгдэж, энэ талаар Хятадын талтай тохиролцсон. Харилцан адил тэгш байх зарчмыг баримталж байгаа. Одоогоор манай улсаас гадаад улсад дипломат төлөөлөгчийн 42 газар байгаагаас 23 нь өөрийн байртай, 18 нь түрээсийн байранд байдаг бол 4 нь хоёр талын харилцан хүлээсэн үүргийн дагуу байраар хангагдсан байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү тухайн газрыг ямар хугацаатай ашиглуулах гэж байгааг тодруулахад Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Газрын тухай хуулийн 16.1.4-т гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж, мөн хуулийн 17.1.2, 17.1.3-т Улсын Их Хурал гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, хил зааг, ашиглах журмыг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлж байгаа юм. Тухайн газрыг 70 жилийн хугацаатай ашиглуулах юм, асуудлыг олон улсын гэрээ конвенци, манай улсын зохих хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн гэдгийг тодотголоо. Улсын Их Хурлын 2009 оны 37, 2013 оны 52, 2015 оны 90 дүгээр тогтоолуудаар АНУ, БНХАУ, БНСУ, БНКазУ, БНАЛАУ, БНТУ, БНЭУ, ХБНГУ, БНФУ, Япон зэрэг нийт 14 улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Европын холбооны Төлөөлөгчийн газар зэрэг олон улсын байгууллагуудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва манай Засгийн газар 10-аад жилийн өмнө БНХАУ-ын Тяньжин боомтод 10 га газар ашиглахаар болсон тухай яригдаж байсан ч одоо хүртэл бодит ажил болсон юм алга, энэ асуудал ямар шатанд байгааг тодруулсан юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Тяньжины боомтод 10 га газрыг манай улсад ашиглуулах асуудал арваад жилийн өмнө яригдаж байсан. Хятадын тал уг газрыг 50 жилийн хугацаатай ашиглуулах, гэхдээ газрын түрээсийн төлбөрийг урьдчилж төлөх санал тавьсан юм билээ. Тиймээс газрын түрээсийн асуудлыг шийдвэл газар ашиглах боломжтой юм гэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга М.Энхболд 10 биш 11 га газар, үүнээс нэг га нь оффисын, 10 га нь гүн боловсруулах үйлдвэр барьж байгуулах зориулалттай байхаар, 50 жилийн хугацаатай ашиглуулах энэ газрын түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлөх асуудал яригдаж байсан. Одоо үүнийг хөөцөлдөх боломж бий гэдгийг нэмж тодотгосон юм.

Харин Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн чөлөөт бүс байгуулах боломжтой эсэх талаарх асуултад Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Хөшигийн хөндийд аэросити хот байгуулах ерөнхий төлөвлөгөө гарсан, энэ зориулалтаар 12 мянган га газар олгогдсон байгаа. Нийслэлийн газрны алба, Төв аймгийн удирдлагууд хамтарч хотын ерөнхий төлөвлөгөөн дээр ажиллаж байна, газар чөлөөлөх ажил ч хийгдэж байгаа. Ер нь чөлөөт бүс байгуулах боломжтой гэдгийг хэллээ.

Дараа нь тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан төслийн 1 дэх заалтыг “1 .Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт гадаад улсын Ерөнхий консулын газрын зориулалтаар олгосон газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралтаар баталж, улсын тусгай хэрэгцээнд авсугай.” гэж, төслийн 2 дахьзаалтыг “2.Газар ашиглуулах гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгохыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т зөвшөөрсүгэй.” гэж өөрчлөн найруулах, мөн төслийн хавсралтын гарчгийг “Гадаад улсын Ерөнхий Консулын газарт олгосон газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээ ” гэж, хавсралтын “Сүлд баг” гэснийг “Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын- Үүд суманд суугаа Ерөнхий консулын газар” гэж тус тус өөрчлөх санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй, ил тод, нээлттэй болгох чиглэлээр одоо үйлчилж байгаа эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь 2009 онд батлагдсан, 5 бүлэг, 22 зүйлтэй. Уг хуульд гурван удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт 9 зүйл, заалтад өөрчлөлт оруулжээ. Харин энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж байгаа, хуулийн нийт зүйл, заалтын талаас илүү хувьд буюу 15 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа учраас Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд илтгэлдээ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж байгааг онцоллоо. Тухайлбал, энэ хуулиар улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулдаг тул хуулийн зорилтыг илүү нарийвчлан тодорхойлжээ.

– Хуулийн зарим ойлголт, нэр томьёог нийтэд ойлгомжтой болгох, илүү нарийвчлан тодорхойлох зайлшгүй шаардлагын улмаас хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгож оруулсан.

– Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүдийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн тогтоохын зэрэгцээ иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэний хувийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэх, уг мэдээллийг ашиглан хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх, иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглох зэрэг суурь зохицуулалтыг тусгасан.

– Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байхаар төсөлд тусгасан.

– Хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж, улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах шаардлагатай байгаа тул улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт, улсын байцаагчийн хэрэгжүүлэх эрх, үүрэг, байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, удирдлагын бүрэн эрхийн талаар холбогдох өөрчлөлтүүдийг оруулсан.

– Бүртгэлийн мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал болон мэдээллийн технологийн хэрэглээг сайжруулах чиглэлээр холбогдох өөрчлөлтүүдийг тусгасан байна.

– Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас иргэн, хуулийн этгээдэд өгөх бүртгэлийн мэдээллийн нээлттэй байдал болон хувь хүний нууцын хамгаалалтын тэнцвэртэй байдлыг хангах шаардлагын үүднээс хуулиар хориглосноос бусад бүртгэлийн мэдээллийг нээлттэй ашиглуулах, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр өгөх мэдээллийг ангилан зааж, мэдээлэл өгөх журмыг хуулиар тогтоохоор тусгасан зэргийг онцлов.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм. Тус Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн газраас салгах, Монгол шуудангийн үйлчилгээг бүртгэл мэдээллийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат бүртгэлийн хуулиудыг багцаар нь хэлэлцэх, нэг ажпын хэсэг байгуулж, уялдаа холбоотой ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь улсын бүртгэлийн тогтолцоог нэгдмэл байлгах, орон нутагт бүртгэлийн зарим үйл ажиллагааг шилжүүлэх, улсын бүртгэгчийн үүрэг, хариуцлагыг сайжруулах зэрэг санал хэлсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар, О.Баасанхүү, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, багц хуулиудыг шинэчлэх нь амьдралаас урган гарч байгаа нөхцөл байдалтай холбоотой. Өнөөгийн цаасан бүртгэлд суурилсан бүртгэлийн системийг онлайн хэлбэрт шилжүүлэх бэлтгэл олон жил хийгдэж ирсэн. Одоогоор улсын бүртгэлийн санд хадгалагдаж байгаа мэдээллийн 70 гаруй хувийг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа. Гэхдээ одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар иргэн, хуулийн этгээдэд нээлттэй, хаалттай, хязгаартайгаар өгөх улсын бүртгэлийн мэдээллийг ангилан заагаагүй буюу тодорхойгүй, ихэнх тохиолдолд мэдээлэл нь хаалттай байдгаас иргэд бүртгэлийн байгууллагад зайлшгүй биечлэн ирж үйлчлүүлэх шаардлага үүсдэг. Бүртгэлийн байгууллагаас гаргасан тоон мэдээллээр иргэн, хуулийн этгээдэд 2014-2016 оны эхний 10 сарын байдлаар нийт 177 мянга гаруй хуулбар, лавлагааг архивын баримтаас хуулбар хийж цаасан хэлбэрээр болон үнэт цаасаар олгосон байна. Энэ нь иргэдэд төдийгүй бүртгэлийн байгууллагад цаг хугацаа алдах, ажлын ачаалал, зардал нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог учраас улсын бүртгэлийн мэдээллийн сангаас цахим хэлбэрээр олгох мэдээлэл, лавлагааны үйлчилгээг сайжруулах, иргэд хуулиар зөвшөөрсөн мэдээллийг чирэгдэлгүй, хүртээмжтэйгээр, чөлөөтэй ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байгааг тодотголоо. Ингэснээр төрийн байгууллагын ачааллыг бууруулахын зэрэгцээ улсын төсвийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний цахим машины лавлагаанд зориулж жилд 1070000 ширхэг үнэт цаас хэвлүүлж, үйлчилгээний хөлсний хэмжээг 1000 төгрөгөөр тооцон лавлагаа, мэдээллийг олгодог бөгөөд нийт 1 тэрбум 70 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг байна.

Мөн энэ хууль батлагдсанаар орон тоо, зардал нэмэгдэхгүй, харин ч буурна. Тухайлбал, иргэдэд лавлагаа, мэдээлэл гаргаж өгдөг албан хаагчид болон бусад хүмүүс гээд 50-70 орон тоо хэмнэгдэх боломжтой. Хэдийгээр бүртгэл мэдээллийг цахим хэлбэрт оруулсан ч цаасан болон дижитал бүртгэл хамт бүртгэгдэж, цаасан бүртгэл мэдээлэл нь үндсэн эх сурвалж байх болно гэдгийг тодотголоо.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж анх 1997 онд бүртгэлийн байгууллага байгуулагдаж, өөрийн гэсэн хуультай болсноос хойш одоо гурав дахь хуулийн өөрчлөлтийг хийхээр оруулж ирж байгаа. Цахим орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа учраас хуулийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Гэхдээ цаасан бүртгэл цаашдаа ч байхаас өөр арга байхгүй. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ч ийм байдаг юм билээ. Цахим хэлбэр нь гадны халдлагад амархан өртдөг талтай. Бүртгэл нэг уствал ихээхэн түвэгтэй асуудал үүснэ, энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг хэллээ.

Түүнчлэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү манайд 28 программ бүхий 67 сервер дээр томоохон багтаамж бүхий иргэний болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн сан хадгалагдаж байгаа. Энэ бол Монгол Улсын бүрэн мэдээллийн нэгдсэн сан. Энэ талаар манайх төрийн бусад байгууллагаас нэг шат ахисан гэж хэлж болно. Энэ сангаар дамжуулан иргэдэд ТҮЦ машинаас үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ онд иргэний холбогдолтой 16 мэдээллийг ТҮЦ машинд шилжүүлснээр иргэдэд цаасаар өгдөг мэдээллийг 30 хувиар багасгаж чадсан. Одоо бүх байгууллага, иргэдийг бүртгэлийн мэдээллийн сантай холбох шаардлагатай байгаа гэдгийг хэллээ. Харин иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу зохих хураамж авч байгааг тэрбээр нэмж тодотгосон юм.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар:

  • Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг нарийвчлан зохицуулж мэдээллийн аюулгүй байдал сайжиран, иргэд төрөөс шуурхай, чирэгдэлгүйгээр цахим үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдэнэ.
  • Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар улсын байцаагчийн эрх, үүргийг тодотгож, холбогдох суурь зохицуулалтыг оруулснаар улсын бүртгэлийн аливаа зөрчил, алдаа дутагдлаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ.
  • Хуулиар хориглосон буюу хязгаарласнаас бусад мэдээллийг нээлттэй болгож, иргэн, хуулийн этгээдийг бүртгэлийн үнэн зөв, бодитой мэдээллээр хангах, үүнийг дагаад улсын бүртгэлийн байгууллагад хандаж цахим хэлбэрээр мэдээлэл, лавлагаа авах иргэн, хуулийн этгээдийн тоо өсөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, залилан, бусдын эд хөрөнгийг завших зэрэг эдийн засгийн гэмт хэргийн гаралт багасна.
  • Бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, ойлгомжтой байдлаар зохицуулж, хуулиас дээгүүр нөхцөл шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж, хуульд нийцсэн байх зарчим үйлчилнэ.
  • Хууль тогтоомж хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилах ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.

Нийтдээ 5 бүлэг, 26 зүйлтэй энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болгох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэлт баримтлалыг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.