Categories
мэдээ спорт

Леброн Жэймс улирлын найм дахь трибл даблаа хийж багаа хожилд хөтөллөө

Өнөөдөр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд 10 тоглолт явагдлаа. Өнгөрсөн улирлын дэд аварга Кливланд Кавалерс талбайдаа Индиана Песерсийг хүлээн авч 115:108-аар ялж улирлын 28 дахь ялалтаа байгууллаа. Кавалерсаас Леброн Жэймс 26 оноо, 14 самбар, 11 оновчтой дамжуулалт өгч улирлын найм дахь трибл даблаа гүйцэтгэжээ. Мөн Жр Смит талбайд 37 минутыг өнгөрүүлэхдээ 23 оноо түүж багтаа тус хүргэжээ. Тэрээр энэ өдөр холын зайнаас 13 удаа довтолж долоог нь оноо болгосон байна. Харин Песерсээс багийн гол тоглогч Уиктор Олодипо 25 оноо, долоон оновчтой дамжуулалт өгчээ. Холбогч Даррен Коллисон 19 оноо, Домантис Сабонис 17 оноо авсан ч баг нь ялагдсан юм. Песерс Улирлын 23 дахь хожигдолл хүлээж дорнод бүсийн наймдугаарт бичигдэж эхэллээ. Харин талбайдаа ялалт байгуулсан Кливланд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

Энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт Хьюстэн Рокетс болон Нью Орлиан Пеликанс багуудын хооронд явагдаж Пеликанс 115:113-аар хожил авчээ. Төвийн тоглогч Энтони Давис онцгой тоглолт үзүүлж 27 оноо, 11Самбар авч багаа хожилд хөтөлжээ. Мөн Дариус Миллер холын зайнаас 10 довтолж зургааг нь байнд нь тусгасан байна. Харин Пуужингуудаас Крис Пол 38, Жэймс Харден 23 оноо авсан ч багийн нөхөд нь хангалтгүй байж улирлын 13 дахь ялагдлаа хүлээлээ.

Бусад тоглолтуудын үр дүн

Атланта хаукс 110:121 Шарлот Хорнетс

Юта Жазз 97:93 Торонто Рапторс

Лос Анжелес Лекерс 108:103 Чигаго Буллс

Брүүклин Нетс 91:116 Милауки Бакс

Лос Анжелес Кллиперс 109:100 Мемфис Гризелс

Филаделфиа 76 97:78 Сан Антано Спүрс

О.ДАШНЯМ

Categories
мэдээ спорт

“Алтан гран при”-гээс 5 хүрэл медаль хүртээд байна

Зураг

Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит 29 дэх удаагийн “Алтан Гран при” тэмцээн өчигдөр Красноярск хотод эхэлж манай тамирчид таван хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан болж шилдгүүдээ тодруулсан юм.

Эдгээр жинд барилдсан манай бөхчүүдээс эрэгтэй 57 кг-д спортын мастер Ц.Цогбадрах, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 65 кг-д ОУХМ З.Болортунгалаг, Э.Цэвэгмид нар хүрэл медалийн эзэд болжээ. Тэд “Алтан Гран при” тэмцээнээс анх удаагаа медаль хүртэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт иргэдтэй уулзаж, ярилцлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Ч.Улаан, аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат болон аймгийн удирдлагууд байлцав.

Уулзалтын эхэнд Төрийн тэргүүн “Сүхбаатар аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Иргэдээ сонсох зорилготой уулзалтыг нийслэлийн долоон дүүрэгт хийж, орон нутагт үргэлжлүүлж байна. Уулзалтаар ямар асуудал яригдаж байгааг та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байгаа байх. Ихэнх иргэд ядуурал, ажилгүйдэл ярьж, шударга ёсыг үгүйлж байна. Энэ уулзалтан дээр та бүхэн орон нутагт байгаа байр байдлаа илэн далангүй яриарай. Болох, болохгүй зүйлсээ хэлж, УИХ, Засгийн газрыг шахаж ажиллах юм. Ингээд та бүхнийг сонсъё” гээд уулзалтыг эхлүүлэв.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн иргэн Саарал

УИХ ажиллах чадваргүй, хуралдаа суудаггүй боллоо. УИХ-д хариуцлага тооцмоор байна. Монополь бүлэглэлийн эсрэг тэмцэхгүй бол ард түмэн элгээрээ хэвтчихээд байна шүү. Сүхбаатарчууд ядуу байна. Ажилгүйдэл асар их, амьжиргааны түвшин доройтож байна. Шударга үнэн ярьсан УИХ-ын гишүүн 390 сая еврогоор автомашин авч тансагласан байна. Хоёрдугаарт, оффшорчдод хариуцлага тооцож, хөрөнгийг нь хураах хэрэгтэй. “Рио Тинто” компаниас Оюутолгойгоо авахгүй бол алтаа ухуулаад өрөнд ордог Монголоос өөр улс алга.

Бид яагаад өрөнд баригдаж, өрөөр амьдрах ёстой юм. Дэндүү ичмээр юм. Гуравхан сая хүнтэй биз дээ. Эцэст нь хэлэхэд, авлигач, оффшорчдод хариуцлага тооцоход Ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол бүтэхгүй юм шиг байна. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог учраас ард түмэн учиргүй буруу хүн сонгоогүй байх. Нэг айхтар “хадны мангаа” гарч ирээд болохгүй болгочихно гээд биднийг айлгаад байх юм. Гэхдээ ард түмэн мэргэн сонголттой шүү.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багийн иргэн Галбадрах

Хүн амьд явахдаа олон юм үздэг юм байна. Сонгуульд оролцохдоо намууд мөрийн хөтөлбөр дэвшүүлээд, түүнийг нь ард түмэн харж байгаад сонголтоо хийдэг. Гэтэл амлалт нь иргэдийнхээ эсрэг болдог сонин юм. Татвар нэмэхгүй гэж байсан гэтэл нэмчихлээ. Ард түмэн элгээрээ хэвтлээ. Уг нь, ард түмэн сонин телевизээр их л ярих юм. Гэвч, хүлээж авахгүй юм. Хоёрдугаарт, тэтгэвэр нэмнэ, тэтгэврийн зөрүү арилах нь гээд л хөөрөөд байсан чинь бүгдийг нь 27 мянгаар л нэмэх юм гэнэ. Тэтгэврийн насыг бас нэмлээ. Залуу хүмүүст ажил олдохгүй байхад бид 65 хүртлээ лаглайгаад суугаад байх юм уу. Зарим нь тэтгэврээ авч чадахгүй бурхны орондоо явах юм байна. Энэ бүхнийг яахаа мэдэхгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихлоо, Ерөнхийлөгч өө. Одоо танд л хэлье гэж бодож байна.

Сүхбаатар аймгийн иргэн Цогдэлгэр

Идэр есийн хүйтэнд ард иргэдийнхээ санаа бодлыг сонсох гэж яваа эрхэм Ерөнхийлөгч танд баярлалаа. Сүүлийн үед эрх мэдэлд очсон, тамга тэмдэг барьсан хүмүүс Монгол Улсын баялгийг гадаад, дотоодод зарж, ард түмнийг ядууруулж байна. Асар их хэмжээний мөнгийг цөөхөн хэдхэн хүн гадаадад гаргасан гэж байна. Тэр оффшорын хөрөнгийг улс, эх орондоо оруулж ирмээр байна. Хэрвээ, тэгвэл тэр мөнгөөр нь өр шир дарахад тус, нэмэр болох байх гэж бодож байна. Одоо татвар нэмчихээр ард түмэн дургүйцэж байгаа шүү гэдгийг танд захьж хэлье.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн иргэн Гансүх

Мянган зовлон, түмэн бэрхшээл тоочвол маш их байна. Үүнийг тоочихгүй. Өнөөдөр нам мафи болсон байна. Монгол Улсад намын гавьяа гэж алга. Улс орныг маань хооронд нь талцуулж, үзэл бодлоор нь хувааж, хэдхэн олигархи бүлэглэлийн төрийн эрхийг авах хэрэгсэл болсон байна. Тийм учраас нам гэдгийг үгүй болгомоор байна. Төрийн эрхэнд байгаа олон гишүүдийг тараая. УИХ тарахгүйгээр оффшорт байгаа мөнгө орж ирэхгүй. УИХ тараагүй байхад 60 тэрбумын асуудал шийдэгдэхгүй гэж бодож байна. УИХ-ыг тарааж, Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна. Монгол Улс олон толгойтой болохоор мөхдөг түүхтэй шүү. Одоо ганц залбирах юм та л үлдлээ. Ард чинь ард түмэн зогсож байна. Баярлалаа.

Сүхбаатар аймгийн иргэн Чулуунбаатар

Монголын ажилтан анги хэлмэгдэж байна. 1990 онд ажилчин анги хүрзнээс өөр хөрөнгөгүй үлдсэн хүмүүс. Тэдэнд хөрөнгө, мөнгө үлдээгүй. Одоо хоёр дахиа буюу арай гэж тэтгэвэрт гарах гэж байхад нь тэтгэвэрт гарах насыг 65 болгоно гэж байна. Гэтэл хөөрхий бид бурхны оронд заларчихна шүү дээ. Та үүнийг дамжуулж өгөөч.

Хоёрдугаарт, би хувиараа бизнес эрхэлж 40-өөд хүнийг ажлын байртай байлгаж чадаж байсан. Өнөөдөр би 20 ажилтнаа тэжээх гэж үнэхээр их ядарч, зүдэрч байна. Үнэхээр хүнд байна. Зарим нь эхнээсээ Солонгос явах юмсан гэж байна. Тэнд очиж боолын хөдөлмөр хийж байгаа ч мөнгө олох нь сайхан байх л даа. Гэхдээ эх орондоо яагаад сайхан амьдарч болохгүй байгаа юм бэ. Энэ тал дээр бодлого баримталж дорвитой хөдлөх хэрэгтэй байна шүү.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэг төвийн иргэн Л.Нарангэрэл

Малчин бид өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл ажилладаг. Малчдын маань малын үнэ хямд, арьс шир мөн л хямд байна. Амьдрахад бэрхшээл тулгарч байна гэдгийг Ерөнхийлөгч болоод УИХ-ын гишүүдэд хэлмээр байна. Малынхаа түүхий эдийг боловсруулдаг үйлдвэр байгуулбал яасан юм бэ гэж манай малчид санал тавьдаг юм. Энэ саналыг хүлээн авна уу гэж хүсмээр байна.

Сүхбаатар аймгийн 1-р багийн иргэн Энхбаатар

Та бол Монгол Улсын батлан хамгаалах салбарын тэргүүлэгч хүн. Энэ талаас нь хэдэн зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, цэргийн алба хаах хугацааг 2-3 жил болгохыг миний уулзсан иргэд хэлж, ярьж байдаг юм. Сүүлийн үед ч гэсэн яригдаад байгаа. Одоогийн бүтээн байгуулалтын үндэс суурийг цэргийнхэн тавьсан байдаг шүү. Үүнийг Сүхбаатарчууд мэдэж байгаа байх. Тиймээс хугацаат цэргийн албыг хоёроос дээш жил болгож, ялангуяа уул уурхай зэрэг томоохон төслүүдэд цэргүүдээ ажиллуулах хэрэгтэй гэсэн санал хэлмээр байна.

Сүхбаатар аймгийн иргэн Батсайхан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг зөрчсөн үйлдэл гарах гээд байна. УИХ-ын гишүүд 10 мянга гаруй иргэнээс сонгогддог. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч 600 мянга гаруй иргэнээс сонгогдсон. Тэгтэл 10 мянган хүний төлөөллийн хууль санаачлах эрх нь хэвээрээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах гээд байгаа нь ёстой нөгөө олны хэлдгээр ариун явдал юм уу. Бид нар чинь бас тэнэг биш. Сошиал дээрээс энгийн тандалтын судалгааг 5000 хүний дунд хийхэд 3121 хүн хамрагдаж, 63 хувь нь Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах нь буруу гэж байгаа юм. Тэгэхээр иргэдийг тэнэг, цагаан цаас гэж үзэж болохгүй шүү” гэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуусан асуултад хариулж, оффшор бүс, Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр, аж үйлдвэр, түүхий эд, татвар, тэтгэвэр, төрийн одон медаль, орон нутгийн хөгжил зэрэг олон сэдвээр яриа өрнүүллээ.

Мөн Ерөнхийлөгч “Уулзалтад идэвхтэй оролцсон Сүхбаатарчууд та бүхэнд баярлалаа. Хоосон ярьсан, лоозогносон уулзалт биш байгаасай гэж хүсэж байгаа. Та бүхний ярьсан чухал санал, санаачилга цаасан дээр бууна. Улс, эх орныхоо хөгжлийн төлөө надтай хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ.

Төрийн тэргүүн маргааш Дорноговь аймгийн иргэдтэй уулзана.

Categories
мэдээ нийгэм

​Хан-Уул дүүрэгт 130 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг нээлтээ хийлээ

Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийг ашиглалтад оруулж, нээлт хийлээ. 2016 онд дахин төлөвлөлтөд оруулж, 2017 онд шинэ цэцэрлэгийн барилгыг дүүргийн хөрөнгө оруулалттайгаар барьж ийнхүү ашиглалтад оруулав. 46 дугаар цэцэрлэгийн барилгын нийт төсөвт өртөг нь 1 тэрбум 900 сая төгрөг бөгөөд “Бумбод” ХХК 7 сар гаруй хугацаанд гүйцэтгэжээ.

Тус цэцэрлэг нь өмнө нь 130 хүүхдийн хүчин чадалтай, 28 багш, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол өдгөө 10 бүлэг, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 39 багш, ажиллагсадтайгаар өргөжин үүд хаалгаа нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, “Бумбод” ХХК-ийн Ерөнхий инженер н.Ууганбаяр, Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчид, эцэг эхийн төлөөлөл оролцоо.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “2018 он Хан-Уул дүүргийн хувьд онцлох жил болно. Ялангуяа хүүхэд, багачуудынхаа сургуульд сурч боловсрох орчин нөхцлийг нь бүрэн хангасан, багш ажилчдыг ажлын байр нэмэгдсэн жил байна. Хан-Уул дүүрэгт 2018-2019 онд 6 цэцэрлэгт, 3 сургууль шинээр баригдаж ашиглалтанд орно гэдгийг энэ цаг үед тэмдэглэн хэлье. Мөн хүүхдийн төлөө гэсэн тус цэцэрлэгийн хамт олон та бүхэнд, хүүхэд багачууддаа, эцэг эхчүүд та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье” хэмээлээ.

46 дугаар цэцэрлэг нь орчин үеийн стандартад бүрэн нийцсэн. Урлаг, спортын заалтай, загвар дизайны хувьд сүүлийн үеийн дизайнаар баригдсан гэдгээрээ онцлог юм. Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхбаатар 55 жилийн түүхтэй цэцэрлэг маань шинэ өргөөтэй болсноор хүүхэд багачуудын сурах орчин сайжирсанд эцэг эхчүүд, хүүхэд багачууд, хамт олныхоо өмнөөс дүүргийнхээ удирдлагуудад талархаж байна гэлээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөтийнхөн “бага дэлхийн аварга”-аас таван медаль хүртээд байна

ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит 29 дэх удаагийн “Алтан Гранпри” тэмцээн Красноярск хотын “Футбол-Арена Енисей” цогцолборт эхэллээ.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70 кг эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан болж, Монголын бөхчүүд таван хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд энэ жилийн улсын аварга “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Цэвээнсүрэнгийн Цогбадрах, 61 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, “Монголиа Опен” ОУТ-ий хошой, улсын гурван удаагийн аварга “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 55 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, улсын дөрвөн удаагийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, 65 кг-д 2016 оны Азийн АШТ болон оюутны ДАШТ-ий хүрэл медальт, “Хангай хайрхан” клубийн тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, залуучуудын Азийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медаль хүртэв. Тэд бүгд “Алтан Гранпри”-гээс анх удаа медаль зүүцгээсэн юм. Ингээд эхний өдөр манай медаль хүртсэн бөхчүүд Красноярскын дэвжээнд хэрхэн барилдсаныг хүргэе.
Ц.Цогбадрах эхний даваанд Кыргызстаны Хуршид Парпиев, шөвгийн наймд Туркменистаны Меретмухамет Атаевыг нарыг тус бүр оноогоор цэвэр ялж, хагас шигшээд залуучуудын дэлхийн аварга эзэн орны Азамат Тускаевт 0:7-гоор ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн Барис Кайяг 5:1-ээр ялснаар анх удаа тус тэмцээнд оролцоод шагналын тавцанд зогссон юм.
Т.Түвшинтулга эхний даваанд АНУ-ын Кори Кларкыг 8:6-гаар ялсан ч шөвгийн наймд ОХУ-ын Исмаил Мусукаевт 0:7-гаар ялагдсан. Дагах барилдаанд Гүржийн Телмураз Ванишвилиг 3:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Аббас Рахмановыг 5:1-ээр тус тус ялж, “Алтан Гранпри”-гаас анхны медалиа зүүхээр болж байна. Сонирхуулахад, түүний багш, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар одоогоос 16 жилийн өмнө нь буюу 2002 онд энэ жинд (тухайн үед 60 кг) мөнгөн медаль хүртэж байв.
Э.Даваачимэг тэгшитгэлд нутаг нэгт Б.Болор-Эрдэнийг 4:0-ээр, 1/8 шигшээд ОХУ-ын Наталья Абзаловаг цэвэр, шөвгийн наймд БНХАУ-ын Луо Луаннаныг 1:0-ээр тус тус ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Кси Менгюд цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Александр Ниценког 8:0-ээр буулган авснаар өнгөрсөн жил (Хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөхөд ялагдаж байсан) авч чадаагүй медалиа энэ удаа өөрийн болголоо.
З.Болортунгалаг 1/4 шигшээд Финландын шилдэг бөх Петра Оллиг 5:3-ээр ялсан ч БНХАУ-ын Тан Чиунд цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Буриадын Анна Щербаковаг 17:8-аар ялсан юм. Энэ жинд ОУХМ Э.Цэвэгмид шөвгийн наймд ОХУ-ын Юлья Пронцевичэд цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт ОУХМ О.Отгонтуяаг 4:2-оор ялжээ.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг (18 бөх):
1. Заур Угуев 2. Азамат Тускаев 3. Хуреш-оол Дондук-оол (бүгд ОХУ), Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Монгол)
61 кг (15): 1. Гажимурад Рашидов 2. Исмаил Мусукаев 3. Александр Богомоев (бүгд ОХУ), Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол)
70 кг (15): 1. Магомед Курбаналиев 2. Магомедрасул Газимагомедов (хоёул ОХУ) 3. Андрей Квятовский (Украин), Франк Молинаро (АНУ)
Эмэгтэйчүүдийн 50 кг (24): 1. Юки Ирие (Япон) 2. Ким Сон Ян (БНАСАУ) 3. Жие Ни (БНХАУ), Анжелика Ветошкина (ОХУ)
55 кг (18): 1. Андорианако Сава (Япон) 2. Кси Менги (БНХАУ) 3. Эрхэмбаярын Даваачимэг (Монгол), Чой Йон Хва (БНАСАУ)
59 кг (12): 1. Рон Нингнинг (БНХАУ) 2. Алли Раган (АНУ) 3. Ульяна Тукуренова, Вероника Чумикова (хоёул ОХУ)
65 кг (8): 1. Тан Чиун (БНХАУ) 2. Юлья Пронцевич (ОХУ) 3. Энхбаярын Цэвэгмид, Зоригтын Болортунгалаг (хоёул Монгол)

О.Дашням

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бямбасүрэн: Шатахууны үнийг шийдэж байгааг харахаар Монголын төрд тогтсон бодлого байхгүй нь батлагдлаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Шатахуун импортлогчид олон хоногийн турш зориуд хомсдол үүсгэж монголчууд хот хөдөөгүй идэр есийн жавар тачигнасан эдгээр өдрүүдэд зутарч байна. Тэгтэл Засгийн газар А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэлэх шийдвэр гаргаж асуудлыг шийдэж байгаа мэт дүр эсгэх. Энэ хооронд ард түмэн хэцүүдээд, шийдвэрээс шийдвэрийнх нь хооронд хөлд нь үрэгдэж байгааг ойлгож байгаа төрийн түшээ ганц ч алга?

-Засгийн газарт тулгарч байгаа олон чухал асуудал бий. Түүний дотроос шатахууны үнийн асуудлыг шийдэж байгаа байдлаас нь харахад, төр засагт маань тогтсон чиг, бодлого байхгүй нь харагдаж байна. Эхлээд шатахууны үнийг нэмлээ гэснээ араас нь зарим шатахуун импортлогчдод эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж баахан сүржигнэлээ. Шатахууны үнийг нэмэхгүй гэснээ “Одоо нэмнэ” гээд л. Тэгснээ 80, 92 шатахууны татварыг тэглээд бусад шатахууны үнийг чөлөөтэй тавина гэж ярилаа. Энэ бол төр засагт асуудлаа шийдэх нэгдсэн бодлого байхгүйг л харуулж байгаа юм. Шийдэж байгаа байдлыг нь харахад өрөөсгөл хандлагатай байна. Ер нь шатахууны үнэ үргэлж л Монголд амин чухал асуудал байсаар ирсэн. Үнэ нь ч, хангалт нь ч ялгаагүй л дээ, бид чинь гадны гарт байгаа юм чинь. Энэ асуудлыг төр засаг хорь гаруй жилийн хугацаанд шийдэж чадсангүй. Одоогоор шатахууны үнийн бодит суурь нь 2008 онд эдийн засгийн хямрал тохиоход газрын тосны үнэ нэг баррель нь 147 ам.доллар хүртэл өсөхөд тогтсон үнэ шүү дээ.

Гэтэл одоо жаран хэдэн доллар байхад нь л “Болохоо байлаа” гэж ярьж байна. Би саяхан тооцоо хийж үзсэн. Нэг тонн шатахуунд ногдох газрын тосны үнэ 442 ам.доллар байна лээ. Шатахуун үйлдвэрлэхэд гарах зардал бол газрын тосныхоо үнэ дээр 50-70 хувь нэмэхэд гардаг л даа. Дунджаар 50 хувь. Ингээд нийлүүлээд бодохоор шатахууны нийт зардал 600-700 орчим ам.долларт багтах юм. Гэтэл манайхан шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэх асуудлаа ч шийдвэрлэсэнгүй. Саяхан Уул уурхайн сайд газрын тосны үйлдвэр Монголд ашиггүй гэх маягийн юм ярьсан байна лээ. Жил болгон тэрбум долларын зардал гаргаж байгаа. Шатахууны үйлдвэр Монголд ашигтай. Гадны хараат байдлаас гарч эдийн засгаа тогтвортой авч явахад ч тустай. Шатахууны үйлдвэр олон талын ашигтай. Гэтэл шатахуун импортлогчдын лобби гэх юм уу тэдний картель маягийн монополь эрх ашгийн тулгалтад ороод л ийм байдалд хүрч байна л даа.

-Шатахууны үнийг ингэж ялгавартай тогтоохоор эдийн засагт ямар хор хохирол учрах бол?

-Нэг хэсгийг нь тогтвортой байлгаад нөгөө хэсгийг нь сул тавьчихаар зах зээл дэх үнийн харьцаа эвдрээд, зах зээл буруу чиглэлээр явж эхэлдэг. Янз бүрийн дамын наймаа, худал хуурамч, чангарч сулрах элдэв өнгийн юм гарч ирнэ. Хэрэглэгчийн сонирхол ч дефермацид орж эвгүйднэ шүү дээ. Үүнийг бодох л ёстой байсан. Одоогийн гаргасан шийдвэр бол мэргэжлийн биш шийдвэр байлаа.

-Элдэв татварын дарамтын хажуугаар машиндаа шатахуун авах гэсэн иргэд уртаас урт дараалал үүсгэж хүйтэнд зүдэрч голынхоо сүүлийн амьсгааг шавхан орилох шиг төр засагтаа гомдон үгээ хэлж зогссон шүү?

-Харсан. Машинууд шатахуун түгээх станц дээр олноор оочерлоод нам зогсчихсон. Үнэхээр харамсалтай л даа. Ер нь эдийн засгийн аливаа хүндрэлийн зовлонг ард түмэн л үүрдэг шүү дээ. Нефть импортлогч компаниуд эрх танхи, төр засгийг дээрэлхээд сурчихсан болохоороо ард түмний эрх ашгийг хөсөр хаяад л шатахуун түгээлтээ зогсоож байна шүү дээ. Түүнээс биш Оросын талаас нийлүүлэгчид нь шатахуунаа хязгаарласан юм байхгүй. Шийдэж болох л асуудал байсан. Эрх ашгийн сонирхол нь мөргөлдөж будилсаар байгаад ард түмнийг хохироож байгаа нь харамсалтай. Тэглээ ч ид хүйтний үе тохиож байдаг. Энэ үед машин удаан зогсвол хөлдөж эхэлнэ. Жолооч хүний ажил амьдрал, хүмүүсийн ар амьдрал юу болох билээ. Бүхнийг бодолцохгүй л байна даа. Ер нь хувийн өмчийн дангаар ноёрхол төрийнхөөсөө арав дахин илүү хортой байдаг гэдэг нь харагдаж байгаа юм. 2008 оны эдийн засгийн хямралын үед, 2009 оны хавар манай шатахуун импортлогчид картель буюу үгсэн хуйвалдаж зохион байгуулалтад ороод төр засгийн тэргүүнүүдтэй уулзахад нь баяр хүргээд гаргаж байсан. Уг нь тэр үед “Тэгдэггүй юм аа, та нар” гэж хэлээд гаргасан бол асуудал өөр л байх байсан. Энэ бүхэн чинь монополь, дангаар ноёрхолтой л тулгарч байгаа асуудал шүү дээ. Тэдэнд ард түмний зовлон, амьдрал хамаа байхгүй. Зөвхөн ашиг хонжоо нь л нүднийх нь өмнө эргэлдэж байгаа.

-Шатахуун импортлогчдын увайгүй байдал, төр засгийн буруу шийдвэрүүдэд цухалдсан иргэд “Болохгүй бол тэр “Роснефть”-ийг нь оруулаад ирье л дээ” гэж эсэргүүцлээ илэрхийлсэн шүү дээ?

-Хуучин бол “Роснефть”-ийнхэн шатахуун түгээх 100 станцаа танайд барья гэдэг саналаа олон удаа тавьсан ч шийдээгүй юм л даа. Гэхдээ асуудлыг шийдэх гарц нь энэ мөн үү гэвэл миний бодоход эргэлзээтэй л дээ. Монгол орон өөрөө газрын тос олборлоод гадагшаа маш өндөр тээврийн зардалтайгаар гаргаж зөөж байна шүү дээ. Тэгэхийнхээ оронд газрын тосоо дотроо боловсруулаад зүүн бүсээ Дорнодын газрын тосоор хангаад баруун бүсээ Казахстан, Оросоос авах шатахуунаараа, төвөөрөө бол Оросоос авах шатахуунаар хангах юм бол энд адаглаад өрсөлдөөн бий болж монополь чинь задарна. Ингэж явбал зөв явна. Тэгэхгүйгээр дотоодын монополио гадаадын монополиор айлгах нь нэг их оновчтой ч юм биш шүү.

-Засгийн газраас нефть боловсруулах үйлдвэр барихаар шийдчихлээ. Энэ хавраас барилгын ажил нь бараг эхлэх юм биш үү?

-(Инээв). Уг нь Монгол орон газрын тостой л доо. 1952 онд Дорноговьд газрын тосны үйлдвэр байгуулаад 1969 он хүртэл өөрийнхөө хэрэгцээг хангаж л байсан юм. Тэр үед газрын тос маш хямдхан байлаа. Газрын тосоо нэрдэг зуухаа дэлбэлчихээд үйлдвэрээ хаачихсан юм шүү дээ. Түүнээс хойш юм байхгүй болсон. 1996 онд Тамсагаас газрын тос гаргаад Ерөнхийлөгч маань сайхан ноолууран дээлээ газрын тосоор мялаасан. Тэрнээс хойш 22 жил өнгөрлөө. “Оюуны ундраа”-гийнхан газрын тос боловсруулна гэж баахан газар авч хашаа хороо барилаа л гэсэн. Тэр нь ч бүтсэнгүй. Хэдэн жилийн турш асуудлыг яриад бүтсэнгүй. Манай Засгийн газрын үед жижиг үйлдвэрээр хангах асуудал яригдаж л байсан. Тодорхой саналууд ч байсан. Тэр үед жижиг үйлдвэр авахад хямдхан байсан л даа. 4-5 жил ажилласан үйлдвэр 1.5 сая ам.доллар, шинэ нь дөрөв, таван сая долларын үнэтэй. Гэхдээ жилдээ 100 мянган тонн шатахуун гаргах үйлдвэрүүд л дээ, тэд нар. Тийм замаар ч шийдэж болох байсан. Гэхдээ газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад нэг том саад байдаг. Гадныхантай газрын тосны гэрээ хийхдээ 1992 оны арваннэгдүгээр сард “Олборлосон газрын тосыг Монголд боловсруулахгүй” гэж тусгасан юм билээ. Тэр нь их сонин. Юуны төлөө газрын тос олборлож байгаа билээ. Өөрөө боловсруулахгүй гэж гэрээ хийнэ гэж байх уу. Тэрэндээ хүлэгдсээр яваад одоог хүртэл газрын тос нь Монголын мэдэлд байхгүй байгаа. Үүнийг хуулиар шийдэх ёстой. Ингэсний дараагаар л боловсруулах тухай ярина. Сайншандад Энэтхэгийн зээлээр боловсруулах үйлдвэр барина гэж яриад байгаа юм. Гэтэл өмнө нь Энэтхэг улстай хамтран гангийн үйлдвэр барина гэж ярьж байгаад бас л бүтээгүй шүү дээ. Тийм болохоор итгэл үнэмшил үүн дээр бага л даа. Том үйлдвэрийг барихад хөргөлт нь усан хөргөлт байх хэрэгтэй болно. Тэгэхээр Сайншанд усны хангамж хэр билээ гэж бодох ёстой. Уг нь Дорнодын нутагт үйлдвэрээ бариад газрын тосоо боловсруулбал нэгдүгээрт, тээврийн зардал нь бага. Хоёрдугаарт, ус нь ойрхон л доо. Ийм байтал шийдэж болоогүй юм болов уу даа. Бүгдээрээ Дорноговь руу л гэх юм. Тээврийн зардал нь их гарна шүү дээ.

-Манай шатахуун импорт, нефтийн салбарын ойрын ирээдүйд дорвитой өөрчлөлт гарахгүй бололтой, тэгвэл?

-Олон улсын мэргэжил-тнүүдийн үнэлж байгаагаар хэрвээ Ойрхи Дорно, Арабын ертөнцөд цэрэг дайны хямрал үүсэх юм бол газрын тосны баррель нь 200 ам.доллар хүртэл нэмэгдэнэ гэсэн прогноз байгаа. Өрсөлдөөний жамаар тогтож байгаа үнэ нь одоо баррель нь 60, 70 орчим ам.доллар гэсэн таамаг бий л дээ. Ер нь цаашдаа 80 ам.доллараар бодоход алдахгүй. Тэрнээс бодож эдийн засгийн тооцоогоо хийх юм байгаа биз ээ. Газрын тосны үнэ 147 доллар болж байхад нэг доллар 1169 төгрөгтэй тэнцэж байлаа шүү дээ. Одоо нэг доллар 2400 төгрөг болчихлоо. Хоёр дахин өсчихсөн. Газрын тосны үнэ алдагдалтай болох нөхцөл байдлыг манай инфляц үүсгээд байна. Инфляци юунаас үүсэв гэхээр төр засаг маань валютын нөөцөө тарамдуулж хаячихаад үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж өр зээлэнд орсноос болсон. Ингээд бодохоор газрын тосны үйлдвэрлэлийн ирээдүйг шийдэхийн тулд дотоодын хүчин зүйлүүдийг цэгцлэх хэрэгтэй.

-Төр засгаас гаргаж буй шийдвэр болгон ард түмнийг сөхрүүлэхэд чиглээд байх юм. Уг нь ард түмнээ баян чинээлэг биш юмаа гэхэд ядаж амар амгалан, дутагдах гачигдахгүй амьжиргаатай болгохын төлөө зүтгэх ёстой сон?

-2016 оноос хойш олон янзын байдлаар ард түмний амьдралд дарамт нэмэгдэж байна. Тэтгэврийн насыг сунгах, татварын асуудлууд, инфляц гээд. 2016 оноос төгрөгийн ханш 30-аад хувиар уналаа шүү дээ. Энэ чинь бүх монголчуудын амьдралд 30 хувийн дарамт учирлаа гэсэн үг. Яагаад төр засгийн бодлого нь ард түмэн рүүгээ чиглэхгүй байна вэ гэхээр төр засаг маань ард түмэндээ үйлчлэхгүй, олигархи бүлэглэлд үйлчлээд байна. Эрдэнэт, Оюу толгойг тойрсон маргаан, Таван толгойг тойрсон нүүрсний салбарын маргаан, одоо хил дээрх, Гашуунсухайт дахь асуудал энэ бүхэн бол олигархи засаглалын л үр дагавар. Эдийн засгийнхаа бололцоо, нөөцийг ард түмнийхээ амьдралыг тогтворжуулж, сайжруулахын оронд цөөн хэдэн баячуудыг тэтгэхэд зориулж байгаа учраас байдал ийм болоод байна л даа. Нөгөө талдаа төр байгуулахдаа ямар төр байгуулдаг билээ гээд эргэж харах хэрэгтэй болж л дээ. Машины дөрвөн дугуй нь доороо, дээр нь хөдөлгүүрээ байршуулаад бүхээгт нь хүмүүс сууж явдаг биз дээ. Гэтэл одоогийн Монголын төр чинь дөрвөн дугуйг нь хөдөлгүүр, бүхээгнийх нь дээр тавьчихсан юм шиг тийм нэг хэрэгсэл болоод байна. Ийм хэрэгсэл яасан ч өнхөрч, урагшилж чадахгүй. Кабиндаа байгаа улсуудаа л дороо хийгээд байхаас өөр юу ч хийж чадахгүй. Ийм байдалтай болоод байна даа. Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг зөв хийгээд, жинхэнэ ард түмнийхээ төлөө үйлчилдэг төр засагтай болох нь Монголын хамгийн гол асуудал болоод байна. Бидний энгийн ярьдаг ярианы хэлээр бол Монгол оронд шударга ёс байхгүй болсонтой л холбоотой. Улс төрийн намууд, төрд гаргаж байгаа хүмүүс нь юу хийж байгаа билээ гэдэг нь бидний нүдэн дээр ил байна шүү дээ. Бензин тос, татварын асуудал энэ чинь бүгдээрээ л төр засгийнхны хийж байгаа асуудал. Монголын эдийн засгийн хямралыг хэн эхлүүлэв, хэн бий болгов гэхээр төр засаг л бий болгодог. Түүнээс биш эдийн засаг өөрөө явсаар байгаад болохоо байж хямарна гэдэг их ховор үзэгдэл. Төрийн бодлоготнууд байгаа мөнгөө үрэн таран хийж, гаднаас зээл аваад буруу зөрүү явуулж л хямраадаг шүү дээ. Сүүлд нь тэрнээсээ болж хоорондоо баахан тэмцэлдээд төр засаг нь солигдож эзгүйрсэн байдалд хүрдэг. МАН-ынхан өнгөрсөн сонгуулиар Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэхэд нь монголчууд их найдаж харсан. Юмыг мэргэжлийн хүний нүдээр харж, чаддаг, мэддэг нь төр засгаа авч явах нь дээ гэтэл түүнээс хойш хоёр ч засаг солигдлоо. Энэ засаг олон асуудлыг зөвхөн мэрж л байна. Тал бүрээс нь янз янзаар. Заримдаа боддог юм. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд Мэрэгчдийн Засгийн газар байгуулчихсан болов уу даа.

-Төрд гарсан хүмүүсийн нэг тийм хандлага байна. Ард түмнийг яаж ч дарлаж, мөлжиж байсан өөдөөс юм дуугардаггүй юм гэсэн үл ойшоосон байр байдалтай байдаг нь анзаарагдаад байгаа юм. Сүүлийн үед үл ойшоох байтугай хүн чинээ бодохгүй байна. Жинхэнэдээ ард түмэн гэж ямархуу хүчтэй хүмүүс юм бэ?

-1990 онд ард түмэн гэж ямар хүчтэй хүмүүс байдгийг харсан шүү дээ. Монголын нутагт 70 жил тогтсон социалист дэглэм гэж царцчихсан бетонон хана байлаа шүү дээ. Тэрийг чинь олон түмэн хэд уухайлаад түрээд л унагачихсан. Тэгэхээр ард түмэн гэдэг ийм л хүчтэй байдаг юм. Монголчуудын нэг онцлог бол европчуудтай адил асуудал гарахад л тэрийг дагаж жагсаал цуглаан хийгээд дугуй шатаагаад байдаггүй л дээ.

-Монголчууд их хүлцэнгүй юу?

-Хүлцэнгүй. Нэлээд харзнана. Тайван байж байгаад болохоо байлаа гэхэд сая хөдөлнө. Монгол хүн ташуураа бариад, мориндоо нэг мордсон бол хэцүү шүү дээ. Тэрнийг нэг их өдөөх хэрэггүй юм. Монголчуудад одоо тохиолдож байгаа гол асуудал нь юу вэ гэхээр бидний хүсэл бодлыг илэрхийлэх улс төрийн хүчин, бодит үнэнийг нь ойлгуулаад зөв замыг жолоодох улс төрийн хүчин алга. Улс төрийн хүчний хувьд манай орон мөхөсдөж байна. 1990 оны өөрчлөлтийг хийхэд Ардчилсан нам бол ардчилсан замналын төлөө, социализмаас гарахын төлөөх зорилготой улс төрийн хүчин байсан учраас ард түмэн маш их дэмжиж ирсэн. Гэтэл сүүлдээ явсаар байгаад улс төрийн гол хоёр хүчин маань сонирхлоороо сүлбэлдсэн ийм байдалтай болчихоод байгаа болохоор ард түмэн чинь итгэж чадахгүй завсрын байдалд ороод байна. Нөгөө талд нь Монголын иргэний нийгэм сул байна. Иргэний нийгэм, гуравдагч хүчний асуудал Монголд үнэхээр чухал. Улс орныхоо бодит байдлыг зөвөөр үнэлээд гарах гарцаа зөв олохтой л холбоотой асуудал. Түүнээс биш одоогийнхоо юмыг нураагаад хаячихъя гээд одоо байгаагаасаа дор замаар явбал хэрэггүй л дээ.

Үндсэн хуульд “Хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэмд зорино” гэж заасан мөртлөө одоо байгаа нийгмээ харахаар олигархи нь ноёлсон зэрлэг капитализмын систем рүү яваад байгаа юм шүү дээ.

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдсан гол сэдэв бол Монгол төр цэвэр, шударга байх ёстой. 60 тэрбум, оффшорын асуудлаас цэвэрлэх ёстой гэсэн хүсэл зориг байлаа. Энэ нь Монголын нийгэмд маш том долгион үүсгээд тэр долгион нь МАН-ын Засгийн газрыг солиход хүртэл нөлөөллөө. Үүнд Ерөнхийлөгчийн нөлөөлөл байна, оролцоо байна гэсэн хардлага байдаг. Миний бодлоор Ерөнхийлөгчийн сонгууль энэ долгионыг эхлүүлсэн. Хэрвээ МАН-ын нэр дэвшигч нь Ерөнхийлөгч болсон бол энэ долгион, доргион үүсэхгүй шүү дээ. Нийгэмд бугшсан элдэв өнгийн асуудлууд сөхөгдөхгүй байсан. Энэ нь 2017 онд монголчуудын олж авсан нэг том ололт юм даа. Нөгөө талдаа 2017 он монголчуудын хувьд нэлээд хүнд сорилт байлаа. Эдийн засгийн маш хүнд байдал, өр зээлэнд орж эдийн засаг дампуурлын ирмэгт тулсан. Энэ үед найрсаг харьцаатай хоёр хөрш, гуравдагч хөрш гэгддэг орнууд дэмжиж байгаад эл байдлаас аль болох тойруулж гаргалаа. Одоо Монголд ойрын хэдэн жилдээ дампуурал гэдэг асуудлыг хурцаар тавихгүй. Гэхдээ бид төрийн бодлогоо засч чадаагүй байна. Дахиад өрийг өрөөр дараад явах зам руугаа орж байна. 2016 онд Монголын нийт өр 21 тэрбум доллар байсан бол одоо 27 тэрбум доллар руу дөхөж байна. Өр асар хурднаар өсч байна. Энэ тайвшрах, сэтгэл амрах зүйл биш ээ. Хэдийгээр хурц асуудлыг өнгөлж далдалж байгаа ч цаашдаа, ирээдүй хойч үедээ бид их ачаа нэмж байна. Хөгжлийнхөө ирээдүйг улам холдуулж байна. Үүнээс гарахад төрийн бодлого зөв байгаасай, гол зангилаа асуудлаа шийдэхдээ нийгмийн хүч дэмжлэгээр зангидах ийм чиглэлтэй байгаасай. Энэ нь 2018 оны зорилт болох юм байгаа биз дээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Хөвгүүдийг саунд суулгаж, генийн өөрчлөлттэй тахианы мах идүүлвэл үргүй болно

ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хүн амын 15 хувь нь үргүйдэлд нэрвэгдээд байгаа аж. Харин манай улсад эрчүүдээс шалтгаалсан үргүйдэл 50 хувьд хүрээд буй нь мэргэжилтнүүдийн санааг зовоож эхэлжээ. Нийгэм болон эрүүл мэндийн нөхцөл байдал муудсанаас эрчүүд үргүйдэж байгаа гэх боловч хүүхэд ахуй цагаасаа зарим зүйлд анхаарал хандуулаагүй, эцэг эхчүүд нь хөвгүүдээ үргүйдэлд хүргэх амьдралын хэвшлээс салгаагүй зэрэг нь эрчүүдийг үргүй болгож байгаа юм байна.

Бидний мэддэг бас мэддэггүй ямар шалтгаанууд хөвгүүд, эрчүүдийг үргүйдэлд хүргэдэг вэ?

ХАВДАР

Төмсөг, түрүү булчирхай хавдах нь үргүйдэлд хүргэнэ. Хавдар нь эр эсийн үүсэл, хөгжилд саад болдог бөгөөд хавдрын эсрэг эмчилгээнүүд ч сөрөг нөлөөтэй. Эсийн хуваагдал, эм бэлгийн даавар, рентген, мэс заслын эмчилгээ нь эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг учир үргүйдэлд хүргэдэг шалтгаануудын нэгд зүй ёсоор тооцогддог.

ТАХИАНЫ МАХ

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд үргүйдэлд хүргэх том шалтгаан болж байгаа. Тэр дундаа гадуур худалдаанд байгаа, импортын тахианы махнууд нь генийн өөрчлөлттэй, эм бэлгийн даавраар тарьж томруулсан байдаг учир үргүйдэлд хүргэдэг аж. Барууны зарим оронд генийн өөрчлөлттэй тахиа хөвгүүдийг үргүйдэлд хүргэж болзошгүй гэж үзээд сургуулийн үдийн хоолонд тахианы махтай хоол өгдөггүй юм байна.

БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧНҮҮД

Өсвөр насны охид бэлгийн харилцаанд орох нас залуужиж 13 болоод байгаа. Харин хөвгүүдийнх 12 байгаа нь бэлгийн замын элдэв өвчин авах эрсдлийг нэмэгдүүлдэг. Заг хүйтэн, трихоминиаз, хламидийн халдвар авсан үед оношлогоо, эмчилгээнд оройтож хандсанаас архагшуулж, дайвар булчирхайнууд халдварт өртдөг бөгөөд үүнээс болж үрийн суваг битүүрч эр эс гадагшлах боломжгүй болдог юм байна. Өсвөр насны хөвгүүдийн хувьд бэлгийн замын өвчин авбал эмнэлэг, эмчид хандахгүйгээр аль болох чимээгүй байдлаар эдгээх, өөрийн хэмжээнд арга хэмжээ авдаг нь ирээдүйд үргүй болгох нөхцөлийг бүрдүүлдэг аж.

ЗЭЭЛ

Биеийн болон сэтгэл санааны ачааллын үед эр бэлгийн эсийн тоо цөөрдөг. Стресс нь бэлгийн дааврын үйл ажиллагааг саатуулж эр эсийн тоог эрс цөөрүүлдэг. Сэтгэцийн эмнэлэгт хандаж байгаа эрчүүдийн хувьд оюуны асар их ачааллын улмаас стрессдэж, үргүй болох хандлага их байгаа нь нийгмийг дагасан элдэв дарамтуудаас үүдэлтэй. Үүний нэгдүгээр шалтгаан нь банкны элдэв төрлийн зээлтэй эрчүүл бусдыг бодвол стресст илүү өртөж, үргүйдэлд өртөх өндөр магадлалтай бүлэгт харьяалагддаг юм байна.

САУН

Төмсөгт халуун орчин тохиромжгүй. Нэг ёсондоо төмсөг халуун орчинд дургүй гэсэн үг. Гахайн хавдар зэрэг халдварт өвчний үед хэт өндөр халуурах, саунд тогтмол удаан хугацаагаар суух, хэт халуунд ажиллах нь эр эсийн тоог цөөрүүлдэг юм байна. Саунд их суухаар охин хүүхэдтэй болдог гэдэг яриа эрчүүдийн дунд байдаг учир охин хүүхэдтэй болох хүсэлтэй залуус саунд суух нь бий. Гэтэл ингэж саунд суух нь төрөх хүүхдийн хүйсэнд огтхон ч нөлөөлдөггүй гэнэ.

Нөгөөтэйгүүр Солонгос, Япон зэрэг орнуудад эрэгтэй хүүхдийг төдийлөн саунд суулгаад байдаггүй. Саунд багаасаа суусан хөвгүүд үргүй болдог нь нотлогдсон учир үргүйдлээс сэргийлж хөвгүүдийг саунаас аль болох хол байлгадаг.

БАРИУ ДОТУУР ӨМД

Эцэг, эхчүүд хөвгүүддээ дотуур өмд сонгохдоо холхиноод байхгүйг нь бодоод бариуг сонгож өгдөг. Бариу дотуур өмд нь төмсөгний үйл ажиллагаанд нөлөөлж, цусан хангамжийг нь сааруулдаг.

АРХИ, ТАМХИ

Архи нь бэлгийн дааврын солилцоонд оролцож, төмсөгийг хатингаршуулдаг бол тамхидалт, дам тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, эр эсийн амьдрах хугацааг багасгаж удмын мэдээлэлд өөрчлөлт оруулдаг. Иймээс өсвөр насны хөвгүүдийн дэргэд эцэг эх нь тамхи татах нь хүүхдээ үргүйдэлд хүргэх талтай. Тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дуршил сул учир бэлгийн ажлыг цөөн хийдэг аж.

ГАР УТАС, ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР

Гар утас, таблет, зөөврийн компьютерийг цавь, төмсөг орчимдоо удаан тавьж ажиллах нь эр бэлгийн эсийн тоог цөөрүүлдэг. Мөн удаан суух, бариу өмд, хувцас өмсөх ч төмсөгний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.

ИЛҮҮДЭЛ ЖИН

Өсвөр насны хүүхдүүдийн дунд жингийн илүүдэл их байгаа. Биеийн жин 10 кг-аар нэмэгдэх нь үр тогтох магадлалыг 10 хувиар бууруулдаг. Иймээс хөвгүүд жингийн илүүдэл байх нь ирээдүйд аав болоход тодорхой хэмжээгээр саад болно гэсэн үг л дээ.

ДУГУЙ УНАХ

Дугуй удаан хугацаагаар унах нь бэлгийн сулрал улмаар үргүйдэлд хүргэж болно гэж эмч мэргэжилтнүүд үздэг. Дугуйны суудал нь бэлэг эрхтэн хөвчрөхөд оролцдог мэдрэл, судсыг гэмтээх магадлалтай гэнэ.

ҮСНИЙ БУДАГ, ХИМИ

Бензин тослох материал, ургамал болон хортон шавьж устгагч бодисууд, үсний хими, будаг, төрөл бүрийн будагч бодисууд эрчүүдийг үргүйдүүлэхэд хүргэнэ. 15 нас хүрээгүй хүүгийнхээ үсэнд хими хийлгэж, элдэв өнгийн үсний будгаар үсийг нь буудуулбал ирээдүйд үргүй болох замыг нь зааж өгч байна гэж бодоорой.

ХӨВГҮҮД НЭГНЭЭ ӨШИГЛӨЖ ТОГЛОХ

Сургуулийн бага, дунд ангийн хөвгүүд нэгнээ тийрч унагаж, нэгнийхээ төмсөг рүү өшиглөж тоглож байгаа нь харагддаг. Нэгнээ мэдээгүй байхад нь холоос сэм гүйж ирээд төмсөг рүү нь өшиглөөд эвхэрч унахад нь бусад нь тойрч инээлддэг. Ингэж тоглох нь нэгнээ ирээдүйд хэзээ ч үрийн зулай үнэрлэхгүйгээр хохироож байгаа хэрэг. Гэнэт цохилт авсан төмсөг бяцрах, задрах, цочрох, судасны гэмтэл, харвалт авах өндөр магадлалтай. Иймээс хөвгүүдэд энэ талаар сургаж нэгнийхээ нандин эрхтэн болох төмсгийг ямар нэгэн байдлаар гэмтээхгүй байхыг эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид нь сургаж байх хэрэгтэй.

ӨВЧИН НАМДААХ, ХАЛУУН БУУРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ИБУПРОФЕН, НУРОФЕН ЭМ

Өвчин намдааж халуун бууруулдаг үйлчилгээтэй Ибупрофен эмийг манайхан насны хязгааргүй хэрэглэцгээдэг. Хүүхдийн Нурофен гэдэг эмийг бид хэрэглээд хавтгайрчихсан гэж болно. Эдгээр эмүүд эрчүүдэд үргүйдэл үүсгэх магадлалтайг Дани улсын Копенгагены их сургуулийн эмч нар тогтоосон. Уг эмийг АНУ гэлтгүй барууныхан хэрэглэхээс татгалзаад удаж байгаа. Гэтэл Монголд энэ хоёр эм шиг хэрэгтэй эм алга. Хүүхдүүдэд ялангуяа ханиад шуухитнаа хүрч халуурсан үед Нурофенийг уулгаж өндөр халууруулаад, хоолой нь идээлээд байвал Ибупрофеныг таллаад уулгачихдаг. Ингэхээр энэ эмийг эмийн жагсаалтаасаа даруй гаргахгүй бол хичнээн ч хүүхэд үргүй болох үүд хаалгаа Ибупрофенээр нээлгэснийг мэдэхгүй шүү дээ.


Categories
мэдээ нийгэм

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад 19 аймаг нэгдэн орно

Зураг

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” олон улсын санаачилгад энэ жил 19 аймгийн төв нэгдэн орохоор бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2010 онд ХБНГУ-д эхлүүлсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад одоогийн байдлаар дэлхийн 3828 хот нэгдэн ороод буй. Уг санаачилгад манай улс 2016 онд нэгдэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот нэгдэн, дэлхийн бусад орнуудтай харилцан туршлагаа солилцож, аюулгүй хот бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Зорилтын хүрээнд Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн хойд Азийн бүсийн төв, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнтэй хамтран хоёр жилийн өмнөөс таван удаагийн цуврал сургалтыг зохион байгуулсан. Сургалтыг Өмнөговь, Дархан-Уул, Булган аймаг, Улаанбаатар гэсэн бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, дээрх бүсийн 16 аймгийн Засаг даргын тамгын газар болон Онцгой байдлын байгууллагын холбогдох алба хаагчдыг хамруулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсаа худалдаж иддэг оффшорчдын бүлэглэл байгаа цагт утаа арилахгүй

– ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЭЭ, ЭХЛЭЭД НАМЫНХАА, ДАРАА НЬ УЛСЫНХАА, ТЭГЭЭД УЛААНБААТАРЫНХАА “УТААГ” АРИЛГАЧИХ ЮМСАН –

Холбоотой Зураг

Г.ЖАМЪЯН (МУГЗ)

Монголд утааны нөлөөтэйгөөр жилд 1400 хүн таалал төгсч байгаагийн 450-нь хүүхэд байгаа гэнэ. Гамшигийн хэмжээнд хүрсэн энэ утааг бууруулахаар сүүлийн 10 жилд 208 тэрбум төгрөг зарж, санаачилга гаргаад байгаа дүр эсгэдэг боловч, утаа улам нэмэгдсээр байгаа нь нууц биш. Бидний тархийг эрх мэдэлтнүүд угааж байгаа нь энэ. Сүүлдээ “харахад утаа буураагүй боловч, хортой найрлага нь буурсан” гэж худал хэлэх болсон. Тэгтэл, агаарын бохирдлын талаар анагаах ухааны академич,доктор Н.Сайжаа “Утаа л байгаа бол хорт найрлага нь буурна гэж байдаггүй юм” гэлээ. Яг үнэнийг хэлэхэд, Монголд утааг бууруулах биш, утаатай байлгахын төлөө бүхэл бүтэн сүлжээ олон жил ажиллаж ирлээ. Ашигтай мөн ч олон төсөл хөтөлбөр гарсан. Эрх баригчид чимээгүйхэн дараад өнгөрөөдөг юм.

Үүнийг батлахын тулд “Улаанбаатарын утааг гуравхан сарын дотор 50-60 хувь бууруулах” төсөл бариад 10 жил хөөцөлдөн, энэ харгис хар сүлжээн дундуур яваад нас нь гүйцэлгүй өнөө жил таалал төгссөн инженер Даянгийн Рэнцэндоржийн туулсан замыг танд сонирхуулах гэж байна. Инженер Д.Рэнцэндорж бол түлш цахилгааны мэргэжлийн хүн. ТЭЦ-4-ийн нүүрсний цехэд олон жил ажилласан, Уул уурхайн яаманд нүүрсний чиглэлээр мэргэжлийн ажил хийж байсан, нэг үгээр хэлвэл насаараа “нүүрсчин” байсан хүн. Сүүлийн арваад жил нийслэл хотоо утаагүй байлгах гэж том төсөл боловсруулаад, намайг сурталчлагч болгон хань татаад явдаг байлаа.

Д.Рэнцэндорж төслийнхөө эхний хэсгийг лабораторийн шинжилгээгээр хийсэн. Монголд байгаа арваад том нүүрсний уурхайн дээжийг геологийн төв лаборатороор шинжлүүлсэн байдаг. Ингэхдээ уурхай тус бүрээр нь гаргаж байгаа нүүрсийг илчлэг, утаа, үнслэг, чийглэг гэх мэт 4-5 үзүүлэлтээр гаргасан байна. Ингэхэд хамгийн их илчлэгтэй, бараг утаа, үнсгүй нүүрс нь Тавантолгойн коксжсон нүүрс, хамгийн их утаа үнстэй, илчлэг бага хортой нүүрс нь Багануурын уурхайн нүүрс байдаг. Ингэтэл манай нам төрийн удирдлагууд Багануур, Налайхын нүүрсээрээ Улаанбаатарын иргэдээ утаад, Таван толгойн коксжсон нүүрсээ Хятад руу зөөгөөд байдаг, хачин юм шүү. Тэр, 100 км үргэлжилсэн нүүрсний цуваа чинь утаагүй нүүрс-жинхэнэ алт явж байгаа байхгүй юу. Тэгэхэд баялгийн эзэн бид нар төрөлх нийслэлдээ хамгийн хортой, утаатай нүүрс түлээд, тарвага утуулж байгаа юм шиг суугаа нь даанч өрөвдөлтэй. Рэнцэндорж маань нэг удаа бухимдахдаа: “Эд нарт Хятадын уушиг л эрүүл байвал, нийслэлийнхэн үхнэ үү, сэхнэ үү, хамаагүй болсон” гэж үглэж байсансан.

Уул нь Багануур, Налайхын нүүрс бол цахилгаан станцуудад зориулалттай, тэгээд ч нийслэлийн хэдэн цахилгаан станцыг энэ нүүрсний уурхайнуудад түшиглэж барьсан юм билээ. Гэтэл хүнээ боддоггүй удирдлагууд маань тэр нүүрсийг борлуулах гол эх үүсвэрээ нийслэлийн айл өрхүүдийг болгосон. Зүйл бүрийн аргаар гэр хорооллуудад шахаж, энэ хорт утааг бий болгож байгаа. Тэр ч байтугай дарагдаад олон жил болсон Гүнгалуутайн чулуужсан нүүрсийг уснаас шүүж хатаагаад авчирч үнэ хүргэдэг байж магадгүй гэсэн хардлага бий.

Д.Рэнцэндоржийн төслийн хоёр дахь хэсэг нь Тавантолгойн утаа, үнсгүй шахам нүүрсээр нийслэлчүүдээ хангая гэсэн санаа юм. Тэгээд бас судалгаа хийсэн. Тавантолгойн нүүрсний өчүүхэн хэсэг нь Улаанбаатарын гэр хорооллуудыг хангачих юм билээ. Одоо тэр хил хүртэл 100 км үргэлжилж байгаа нүүрсний цувааг л Улаанбаатар руу авчирахад, нийслэлийнхний жилийн хэрэгцээг хангачих юм. Зөвхөн гэр хороолол, уурын зуухнуудыг хангана гэсэн үг. Том цахилгаан станцуудад бол түлж болохгүй. Стандарт нь таардаггүй юм гэсэн. Хэдэн цахилгаан станцаа Багануурын зориулалтын нүүрсээр нь хангаад байж болно л доо. Энэ хооронд нь Налайхад шинэ уурхай нээж болно. Налайхын нүүрсний нөөц бараг л хэвээрээ байгаа. Олон цооног гаргаж, жилд өчнөөн хүн амь насаа алдаж байсанд орвол, хотын ойр Налайхын уурхайгаа сэргээхэд юу нь буруу байх билээ.

Таван толгойн коксжсон нүүрсийг ашиглаад олон жил болсон. Монголчуудад наалдсан зүйл байхгүй. Хэдэн дарга сайд нар л дэлхий даамгүй баяжсан. Сү. Батболд тэргүүтэй хүмүүс Монголдоо хураагаад ханалгүй, илүү гарсан мөнгөө оффшор бүсэд аваачаад нуучихсан байгаа.

Энэ коксжсон нүүрсний өчүүхэн хувиар нийслэлийн гэр хорооллыг хангая гэхээр энэ мафийн бүлэглэлийнхэн ил далд янз бүрээр эсэргүүцнэ. Д.Рэнцэндорж минь арга ядаад “Та нар тэр чанартай нүүрсээ гадагшаа гаргадаг юм байгаа биз. Хятадууд голоод хаячихаж байгаа өнгөн хэсгийн нүүрсээ нийслэлд оруулаач” гэж гуйсан. Бас л зөвшөөрдөггүй юм билээ.

Хятадууд манай нүүрсийг их голж сонгоно. Өнгөн хэсгийг буюу 1-1,5м-ийн зузаантай хэсгийг хуулаад хаячихдаг юм билээ. Тэр нүүрс, ямар ч эзэнгүй, газар дээрээ шатаж байгааг телевизээр харуулсныг та бүхэн санаж байгаа байх. Тийм нүүрсийг хүртэл ард түмнээсээ харамлаад байгаа юм. Олон янзын худлаа зүйл хэлж бидний тархийг угаана. “Коксжсон нүүрсийг жирийн пийшинд түлж болохгүй, илчлэг ихтэй учир бүх зүйлийг хайлуулна. Гал түймэр гаргана” гэнэ. Худлаа шүү дээ!

Манайх түлж л байсан. Утаа үнсгүй, илч сайтай сайхан түлш. Одоо манай говийнхон түлээд л байгаа. Осол аваар гарч гэнэ гэж дуулдсан юм алга.

Коксжсон нүүрсийг түлэхэд анхаарах хэдэн зүйл бий. Юуны өмнө шавар пийшин юмуу, шавраар доторлосон, тоосго өрж доторлосон пийшинд бага багаар түлдэг. Илч сайтай тул хувингийн тал нүүрс л өдрийг даана шүү дээ. Гайхалтай сайн нүүрс. Монголдоо бол алт л гэсэн үг. Энэ хэдэн хүн ийм алт шиг нүүрсээ биднээс харамласан хэрнээ, гадагш нь бараг үнэгүй гаргаж байсан. Тонн нь 8 ам.доллар ч гэлүү. Бодвол зөрүү мөнгө нь эдний оффшор дансанд ордог байсан юм болуу даа. Дэлхийн нүүрсний зах зээлтэй уялдаад, манайхны эсэргүүцэлтэй тулгараад үнэ нь арай өссөн сураг байна билээ. Манай нүүрсийг зөөсөн хятадын жолооч дэлхийн тэрбумтан болчихоод байхад Тавантолгойг хувьдаа эзэмшсэн оффшор бүлэглэлийнхэн бол, хэдэн тэрбумтан болох хөрөнгийг нуугаа байлгүй.

Инженер Д.Рэнцэндоржийн төслийн дараагийн хэсэг нь Таван толгойн нүүрсийг яаж хотод оруулж ирэх вэ, яаж иргэддээ хүргэх вэ гэсэн санаа юм. Рэнцэндорж маань тун түвэггүй, зун намрын гуравхан сарын дотор зөөчих судалгаа гаргасан. Таван толгойгоос хамгийн дөт замаар, машинаар Улаанбаатар-Сайншандын төмөр замын аль нэг өртөөнд хүргэнэ. Чойр, Даланжаргалан, Айраг, Сайншандын өртөөнүүдийн аль нэгэнд хүргээд, тэндээсээ вагоноор хотод оруулж ирэх юм. Улаанбаатар хотод маш цомхон бүтэц бүрэлдэхүүнтэй компани байгуулахаар төсөл төлөвлөгөөг боловсруулсан. Дарга , ня-бо, түгээгчид… гээд арваадхан хүнтэй энэ компани, нөгөө зуун хорин тоннын даацтай машинуудыг түрээслээд төмөр замын өртөө рүү татуулчих юм билээ. Төмөр замаар авчраад түлшний том хашаанд буулгана. Эндээсээ машинд ачих юмуу, шуудайлж савлах замаар иргэддээ хүргэнэ. Жилд л гэхэд тун ялихгүй зардал хөлс гарах юм билээ. Сүүлийн 10 жилд утааг бууруулах янз бүрийн төсөл хөтөлбөрт 208 тэрбум төгрөг зарсан бол Д.Рэнцэндоржийн энэ тооцоогоор жилд тэрбум хүрэхгүй төгрөг зарлагадаад хотын утааг 50-60 хувь бууруулах юм билээ.

Д.Рэнцэндорж инженерийн төслийн дараагийн хэсэг нь үнэ тарифийн асуудал юм. Инженер маань татаж авчирсан коксжсон нүүрсээ эхлээд иргэдэд Багануурын нүүрсний үнээр худалдах тооцоо гаргасан. Би бол эхний нэг жилд нийслэлийн гэр хорооллынхондоо үнэгүй тараая гэдэг санал тавьсан. Ард түмэн минь төр засагтаа баярлаг. Утаагүй амьдраг. “Байгалийн хишигээ” жинхэнэ утгаар нь мэдрэг. Эхний нэг жилд үнэгүй тараая гэсэн юм.

Бид хоёр энэ төслөө бариад олон дарга дээр орсон доо. Бүгд л “их сайхан санаачилга байна” гэж хүлээж авдаг. Тэгээд л мартдаг. Бодвол өнөөх Таван толгойг эзэгнэж байгаа олигархи бүлэглэлүүд нь дургүйцдэг байх л даа. Хав дарагдаж байгаа юм. Харин Да.Ганболд хотын захиргааны орлогч дарга байхдаа нэлээд нааштай хандсан боловч, сүүлдээ замхрана билээ.

Ийм төсөл санаачилж, арван жил хад мөргөж явсан инженер Д.Рэнцэндорж маань “нүүрсний тоосжилтоор” уушиг нь муудсаар өнөө жил таалал төгссөн. Хэвтэрт байхдаа намайг дуудаж уулзаад: “Жамьян минь, агаарын бохирдлыг бууруулах төслийг минь “амь” оруулахад хүчин зүтгээрэй” хэмээн захиж билээ.

Би нь өчүүхэн амьтан юм. Ном сонинд бичихээс цаашгүй. Дарга нар бол “Жамьян гуай солиорч байна” л гэж боддог байх. Яалтай билээ дээ! Тэгсэн чинь үүний цаана Сү.Батболд, С.Баяр, Л.Энх-Амгалан нарын удирдсан олигархи бүлэглэлийн босгосон бат бэх “хана хэрэм” байсан юмсанж. Сүүлийн үеийн үйл явдлууд энэ бүхний учир утгыг ард түмэндээ нээгээд өглөө. Асар их баялагтай хэрнээ ард түмэн хоосорч, цөөн хэдэн хүн баяжаад байдгийн учир утга ч тайлагдлаа. Хятад руу өдөр шөнөгүй зөөж байгаа тэр их нүүрсний чинь өчүүхэн хэсэг нь төгрөг болж эх орондоо үлдээд, асар их хувь нь валют болоод оффшор бүсэд нууцлагдчихдаг юм байна. Оюу толгой, Таван толгойгоос баяжсан хүмүүс АНУ-д долоон хаустай болчихсон байдаг юм байна. Улаанбаатартаа алтан абжууртай байранд амьдарцгаадаг юм байна. Алтан суултууртай байранд амьдардаг нь хэд байгаа юм бүү мэд. Оффшор бүсээс цөөн хэдэн нууц мэдээлэл задрахад л Сү.Батболдынхны нэр яваад байгаа. Цаана нь хичнээн оронд нууцаар валют хадгалагдаж байгааг бүү мэд.

Манай ганцхан эмэгтэй сурвалжлагч яваад оффшорын нууцыг онгичоод ил болгочихож байхад Авлигатай тэмцэх газар, цагдаа хуулийнхны байгаа царайг! Ерөнхийлөгч үүрэг өгөөд байхад оффшорын нуугдмал мөнгийг оруулаад ирж чадахгүй байгаа юм даа. Эрх баригчдад, тэр дундаа, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд тэргүүтэй бүлэглэлд үйлчилж байгаа нь энэ.

В.Путин, Си Жиньпин нарыг харалдаа! Гадаадад мөнгөө нуусан хүмүүсийг мөнгө хөрөнгөтэй нь оруулж ирээд хичнээн хүнд ял тулгав?! Хууль бусаар хураасан, татвараас зугтаалгасан, зарим тохиолдолд террористуудыг нууцаар санхүүжүүлсэн хөрөнгийг нь хурааж, зарим тохиолдолд ялын дээд хэмжээ оногдуулсан байна билээ. Гэтэл манай оффшорчид ивээн тэтгэгчид, хаацайлдаг хуульчдынхаа буянаар албан тушаал ахиад л, тарвалзаад байдаг сонин юм шүү!

Сэтгүүлч Л.Мөнхбаясгаландаа монголчууд баярлахаас өөр аргагүй. Энэ дайчин сэтгүүлчтэй миний бие “Өдрийн сонин”-ы тоймчийн өрөөнд хамт ажиллаж байж билээ. Шулуун шударга, сэтгүүлчийн хөдөлмөртөө үнэнч, үнэхээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тэргүүн байлдагч даа. Ийм хүнд Монголд ямар гавьяа шагнал байдаг юм, тэр болгоныг хүртээмээр шүү дээ. Өнөөдөр эрх мэдэлтнүүд эрээ цээрээ алдаж ална хядна гэж заналхийлэх боллоо. Л. Мөнхбаясгалан мэтийн шударга хүмүүсээ хамгаалалтанд авах юмсан.

Хотын утааны тухай их ярьж, их мөнгө төлөвлөж байна. Би үүнд чинь итгэхгүй байна. Энэ мөнгөний чинь ард, дарга сайд нарын гэр бүл найз нөхрийн компаний эзэд амаа ангайгаад л сууж байдаг юм. Тэд энэ олон тэрбум төгрөгийг аваад, биднийг яаж хуурахаа аль хэдийнэ төлөвлөчихсөн суугаа. У.Хүрэлсүх тэргүүтэй шинэ засгийн газар маань арай өөрөөр хандаасай.

Нэгдүгээрт: Түрүү ач холбогдолгүй зарлагдсан 208 тэрбум төгрөгийн эздийг илрүүлж, юу хийснийг нь, юу авсныг нь эргэж нэг тооцохгүйгээр урагшаа явахгүй.

Хоёрдугаарт: Улаанбаатар хотод гуч дөчин уурын зуух байдаг юм гэсэн. Түүнийг нийтийн шугам сүлжээнд холбож болдог юм бол, өнөө жилийн урин дулаан цагт холбочихмоор байна.

Гуравдугаарт: Инженер Д.Рэнцэндорж агсны төсөл мэт сайхан төслүүд зөндөө дараатай хэвтээ. Тэр бүхнийг мэргэжлийн комисс юмуу ажлын хэсгээр үзүүлж өнөө зун, намрын урин дулаан цагт ажил болгомоор байна.

Дөрөвдүгээрт: Утаагүй амьдаръя гэсэн санал санаачилга их гарч байна. Саяхан телевизээр сайхан нэвтрүүлэг явлаа. “Бэржин хангай” компанийхан самрын ясаар утаагүй шахмал түлш үйлдвэрлээд дээжийг нь ядарсан айл өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тонн тонноор нь өөрийн унаагаараа үнэ төлбөргүй буулгаж өгч байх юм. Ямар их буян бэ?! Монголд самраас биш юм алга. Түүнийг дотооддоо ингэж боловсруулаад боргоцой, хальсаар нь утаагүй шахмал түлш үйлдвэрлэж болох л юм байна шүү дээ. Тэгэхэд өөрсдийнхөө хэдэн компанийг тэрбум тэрбум төгрөгөөр угжиж байх ямар хэрэг байна?!

Тавдугаарт: Автобус унаануудад асар их үнэтэй шүүлтүүр авч тавина гэнэ. Шахааны бизнес явах нь л дээ. Машин тэрэгний утаа бууруулах олон арга бий. Замын цагдаагийнхан мөнгө л бодохоос утаа бууруулъя гэдэг бодол байдаг гэж үү?! Замын цагдаагийн дэргэдүүр,зүгээр л утаа гэмээр бөөн хар юм өнгөрөөд гарч байгаа. Ямар даргынх нь ивээлийн техник байдаг юм, түүнтэй тэмцэл хийдэггүй. Жил болгон улсын үзлэг болж байна. Үзлэгийн мөнгө л авч байвал тэр утаа мутаа падлийгүй. Энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

Зургадугаарт: Байгаль орчин аялал жуулчлалын яамныхан агаарын бохирдлыг бууруулъя гэхээр л амандаа багтсан мөнгө нэхэж, Их хурал, Засгийн газрыг айлгадаг. Санаачилга гаргавал агаарын бохирдлыг бууруулах мөн ч олон хямд төсөр арга байна даа.

Долдугаарт: Шалны халаалт гэдэг чинь их сайн юм. Би, нэг компанийн хэдэн залуучуудтай очиж Дархан хотод Лхамжав хөгшний амбаарт шалны халаалга үнэ төлбөргүй тавиулж өгсөн. Шалнаасаа дулаацаад, плиткээр цай хоолоо хийж ууж идээд ямар ч утаа тортог байхгүй их сайн юм билээ. Лхамжав гуай гэдэг маань манлай баатар Дамдинсүрэнгийн ач авгай шүү дээ. Сүүлд Лхамжав гуай над руу утасдаж “та нарынхаа ач буянаар жаргаж байна аа” гэсэнсэн. Саяхан сайн санаатнууд орон сууц өгсөн сураг байсан.

Наймдугаарт: Хотын бүх гэр хорооллыг шалнаас нь дулаацуулдаг болно гэвэл асар их хямдруулсан цахилгаан хэрэгтэй. Тэгээд би ТЭЦ-5-аа бариач гэж бичээд байдаг юм. “Барих газар олдохгүй байна” гэнэ. Дургүйд хүчгүй гэдэг энэ л дээ. Бүр, хотынхныг бухимдуулах гэсэн юм шиг нийслэлийн төв дунд, Туул голын эрэгт шав тавиад хэдэн жил боллоо. ТЭЦ-5 чинь нүүрсээр л ажилладаг байж таарна. Налайх, Багануур хоёроо түшиглээд, тэр их хөндийд барьчих л даа. Утаа нь цаашаа яваг. Усаа Туулаас татчихаг. Яагаад болохгүй гэж! Оюутны хотхон, Арьс ширний үйлдвэрүүд, авто, барилгын захуудаа тийшээ нүүлгэчихсэн ч яадаг юм. Оросын цэрэг ангийн орхигдсон онгоцны том буудал бий. Олон улсын онгоцны буудлыг Төв аймгийн эзгүй хээр, хотоос 60-70 км-т аваачиж барьж байхын оронд энэ буудлыг өргөтгөөч. Ядаж хотод ойр, дэд бүтэц сайн, аялал жуулчлалын гол газар Тэрэлждээ ойр дөт… гэхчлэн ямар их санал тавилаа даа. Энэ хэдэн сайд дарга нар чихгүй юм шиг өнгөрөөсөн. Хүмүүс бол Төв аймгийн хэдэн дарга нар нутагтаа ойртуулж байгаа юм гэдэг. Аль, жилийн өмнө ашиглалтад орно гэсэн Хөшигтийн буудал одоо хэрнээ сураггүй. Манийнхаа тархийг угааж байгаа нь энэ. ТЭЦ-5 ашиглалтад орчихвол хотоо гэрэл цахилгаан, дулаанаар найдвартай хангах юмсан даа. Шөнийн тариф, энээ тэрээ гэлтгүй, иргэдээ хямд цахилгаан дулаанаар хангаж болохсон.

Есдүгээрт: Хотын утаа бууруулах үлгэрүүдээсээ одоо салъя. Юун утаагүй зуух, юун утаагүй түлш, юун агааржуулалт, юун баг маск! Нийслэл хотоо, хотын амьдрал мэддэг хүнээр удирдуулъя. Хөдөөнөөс нэг найз уяачийнхаа хүүхдийг дуудаж авчраад хотын дарга болгочихдогоо больё. Улаанбаатараа, их хотын зовлон жаргал мэдэх сайн хүнээр удирдуулж, тэр хүнээ Засгийн газрын гишүүн болгоё. Миний санал энэ.

Саяхан би, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан. Цэвэрлэх байгууламж шинээр барих, хотын утааг мэдэгдэхүйц бууруулах, ТЭЦ-5-ыг барих зэрэг олон ажил төлөвлөөд шуурхай орж байгаа юм билээ. Олон жил хувийн эрх ашигтаа хөтлөгдсөн, мафийн бүлэглэлийнхэн л саад битгий болоосой доо.

Categories
мэдээ цаг-үе

13 настай талийгаач охины аав Т.Лхагвасүрэн: Хэрэг хийсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээг онооно гэдэгт итгэж байна


Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв”ийн зочид буудалд 13 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан Д.Жавхлан, М.Амарболд нарыг саатуулан шалгаж байгаа. Ингээд талийгаачийн аав Т.Лхагвасүрэнтэй хэрэг юу болж байгаа талаар ярилцлаа.


-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал энэ сарын 11-нд болсон. Хэргийг прокурорт буцаасан гэсэн. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Шүүх надад учирсан зовлонг зөв өнцгөөс харж, эхнээсээ шударга шийдвэр гаргаж байна. Хэрэг прокурорын шатанд буцлаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эсрэг талын өмгөөлөгч хүсэлт тавьсан. Ингэхэд уг хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Нийт гурван төрлийн хүсэлт гаргасан. Хоёрыг нь шүүх хангасан. Нэг ёсондоо хохирогч бид бүхэнд учирсан сэтгэлийн гэмтэл, эмгэгийг тогтоолгохоор Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийг шинжээчээр томилсон. Энэ нь сэтгэл санааны хохирлыг бодитой дүгнэхэд чухал ач холбогдолтой юм.

-Таны охиныг хэрхэн яаж амиа алдсан гэдгийг тогтоосон уу?

-Шүүх эмнэлгийн дүгнэлтээр манай охин архинд хордож нас барсан. Ходоод болон уушгинаас нь нэлээн их хэмжээний архи гарсан гэж шүүх эмнэлгийн дүгнэлтэд бичигдсэн байсан. 5.7 хувийн промил спирт бүхий архийг миний охин өөрөө уух боломжгүй гэдгийг энэ дүгнэлт нотолж байгаа юм. Тиймээс манай охиныг өөрөө архи уусан уу, хамт байсан этгээдүүдийн дарамт шахалтад орж, хүчээр архи уусан уу, хичнээн хэмжээний архийг ууснаар уушгинд нь орох вэ гэх шалтгааныг Хор судлалын үндэсний төвөөр шинжлүүлж, тогтоолгохоор болсон. Иймээс хэргийг прокурорт буцаасан.

-Аливаа хэрэг сунжрахаараа худал шийдэгдэх магадлалтай болчихдог гэсэн яриа байдаг. Хэргийг шалгах явц үнэн бодитоор явж байна уу. Өөр ямар нэг шийдэгдээгүй асуудал бий юу?

-Мөрдөн шалгах ажиллагаа таван сарын нүүрийг үзэж байна. Энэ нь Шүүхийн шинжилгээний дүгнэлттэй шууд холбоотой. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч охиныг минь “үзэгдэх шүдгүй” гэсэн дүгнэлтийг өнгөрсөн есдүгээр сард гаргасан. Тухайн үед н.Долгормаа гэдэг эмчээр ахлуулсан баг байсан. Тус багийнхны гаргасан шинжээчийн дүгнэлтээр “үзэгдэх шүдгүй” гэсэн.

Бид дахин шинжилгээ хийлгэе гэсэн хүсэлт гаргасан. Ингээд шинэ баг томилж шинжилгээ хийлгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан материалын зурагнаас харахад үүдэн шүд нь бүгд байна гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, миний охины шүдийг эхлээд “байхгүй” гэсэн. Дараа нь “байгаа” гэсэн дүгнэлт гарч ирсэн. Харин бидэнд одоо араа буюу ар талынх нь шүднүүд байсан юм болов уу гэдэг эргэлзээг үүсгэж байгаа. Шүүх хурал дээр хяналтын прокурор “шүдгүй” гэсэн дүгнэлтийн тухайд шүүх эмнэлгийн эмч нар алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж хэлсэн.

Бид нар энэ бүх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг нэг мөр шийднэ. Энэ ч үүднээс бид цоо шинэ өөр эмч нарын багаар шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан.

-Хэрэгт холбогдуулан Д.Жавхлан, М.Амарболд нарыг шалгаж байгаа. Уг этгээдүүдийн ар гэрийнхэн нь шүүх хурал дээр хашгирч, янз бүрийн авир гаргаж байх шиг харагдсан?

-М.Амарболд нь манай хашааны дээд талд амьдардаг. Д.Жавхлан нь манай хашааны доод талд байдаг. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн байдлаас уг хоёр этгээдийг ажиглахад ямар ч гэмшсэн шинжгүй байна лээ. Огт хэрэг хийгээгүй мэт царай гаргаж байсан. Уг хоёр этгээд яг ямар мэдүүлэг өгсөн гэдэг нь хавтаст хэргийн нууц юм. Д.Жавхлангийн өвөөг Нямдорж гэдэг. Энэ хүн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах үеэр гадаа ёс бус зан ааш гаргасан. Тухайлбал, “би 16 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлж авсан. Тэглээ гээд яах юм бэ, та нар юу олж авах юм бэ, юу олж авахыг чинь харъя” гэсэн. Үр хүүхдээ алдчихсан эхнэр минь сэтгэл санааны хүнд байдалд байгаа. Маш их шаналал зовлонтой байхад эхнэрийг гутаан доромжилж, салаавч гаргасан. Элдэв бусын үгээр доромжилсон. Үүнээс харахад Жавхлангийн ар гэр нь ёс бус зан ааштай хүмүүс юм билээ. Зүгээр байсан үр хүүхдийг минь хуурч мэхлээд зочид буудалд дагуулж очиж, амь насыг нь хөнөөчихөөд ямар ч гэмшсэн шинжгүй. Бүр илт янз бүрийн авир гаргаж буй нь ямархуу хүмүүжилтэй, зан ааштай вэ гэдэг нь харагдсан л даа. М.Амарболдын гэр бүл, өмгөөлөгчид нь ч гэсэн ёс бус үйлдэл, авир гаргасан. Бидэнд байнгын сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Хүний урманд уучлаарай гэдэг үгийг ч хэлээгүй. Охины маань оршуулгын зардалд огт нэмэр тус болоогүй. Ийм л хүн чанаргүй юм билээ.

-“Очир төв”-ийн зочид буудалд хэрэг гарах үед олон залуучууд байсан биз дээ…

-Би гуравдагч этгээд байсан гэж үздэг. Хэрэг гарсны дараахан Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс “гурван этгээд байсан” гэж мэддэллэсэн байдаг. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч Пүрэвдоржтой энэ талаар ярьсан. Тухайн үеийн нөхцөл байдлыг бичлэгээс үзэхэд гуравдагч этгээд өрөөнд орж, гарсан байна лээ. Ийм хүнийг баривчлах хэрэгтэй гэсэн. Мөрдөн байцаалт явуулаач гэж хэлсэн. Гуравдагч этгээдийн зураг хөргийг нь хүртэл авч өгсөн. Тэр үед нь хурдан очиж, алхам хийгээгүй. Иймээс гуравдагч этгээд замхраад алга болчихож байгаа юм.

-Анх хэрэг гарахад ташаа мэдээлэл их гарах шиг болсон. Мэдээллийг хэн гаргасан юм бол?

-Сошиалаар хэргийн материалд маш нууцын зэрэгтэй мэдээ мэдээллийг мөрдөгч Пүрэвдорж анх өгсөн байдаг. Би худал мэдээлэл гаргасан сайт руу ярьсан. Тэгсэн хариуд “анхны мөрдөн байцаагчаас нь авсан ш дээ” гэсэн. Үүнийг шалгуулахаар холбогдох газарт өргөдөл гаргачихсан байгаа. Би янз бүрийн мэдээлэл гарч байгаад харамссан. Зүв зүгээр эцэг эхтэйгээ тоглоод л аав ээжийнхээ хайранд өсч байсан хүүхдийг тэдгээр залуучууд зочид буудал руу дагуулж орж, ам руу нь архи цутгаж, хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн шүү дээ. Тэгэхэд өөрөө архи ууж байгаад хордоод үхчихсэн мэтээр ярьсныг хүлээн зөвшөөрөхгүй. Миний охин төлөв төвшин, даруухан, нийтэч, олон талын авьяастай байсан. Аав ээжийнхээ нялх хүүхэд байсан юм шүү.

-Цаашид хэргийг хэрхэн шийдэгдээсэй гэж бодож байна?

-Би үр хүүхдээрээ хохирчихлоо. Хэрэг хийсэн хүмүүс амьд байна. Хэргийг үйлдсэн хүмүүс шоронд хоригдоод л хэдэн жилийн дараа гараад ирнэ. Миний бодол Монголын шүүх үнэн зөвөөр тохирсон ялыг нь оноож өгөөсэй. Ийм л хүсэлтэй байна. Хамгийн дээд хэмжээний ял өгөх байх гэсэн бодолтой байгаа. Манай гэр бүлд маш их гарз хохирол учирсан. Бидний сэтгэл санаа маш хүнд байгаа. Охиноо нутаглуулах үед хамаг байдгаа л гаргаж, зориулсан, Монголын ард түмэнд гар бие оролцсон олон хүмүүс бий. Эдгээр хүмүүст маш их баярлалаа гэж хэлье. “Алтан гэрэгэ” өмгөөллийн байгууллагын хамт олон болон Р.Булгамаа, О.Чулуунчимэг өмгөөлөгчтөө маш их баярлаж байгаа шүү. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг үг байдаг. Хүнд хэцүү үед дөрөв таван сарын турш орхилгүй сэтгэлийн дэм өгсөн өмгөөлөгч нартаа маш их баярлаж байна. Хүний эрхийг хангагч шүүх эрх мэдлийн байгууллага, үнэн бодитой шийдвэр гаргаж, олон хүний хуулийн байгууллагад итгэх итгэлийг бэхжүүлж өгнө гэдэгт найдаж байна. Амьдын там болсон ийм зүйл өөр гэр бүлд бүү тохиолдоосой билээ.