Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойргийнхоо ахмадуудыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойргийнхоо ахмадуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны ахмадуудыг өнөөдөр /2018.01.27/мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамрууллаа. Ахмадууд 24-р хорооны Баянбилэг өрхийн эмнэлэгт дотор, зүрх судас, нүд, шүд, чих хамар хоолой, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, эко, зүрхний цахилгаан бичлэг зэрэг оношилгоо хийлгэхээс гадна биохими, шээсний шинжилгээг хийж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө, үзлэг хийв.

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд жил бүр, сар бүр ахмадууддаа чиглэсэн тодорхой арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаад сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан 24-р хорооныхоо ахмадуудыг үнэгүй үзлэг, шинжилгээнд хамруулсан аж.

Categories
мэдээ спорт

Мэргэжлийн сумод Гүржийн сумоч Точиношин анх удаа түрүүллээ

ЗурагЯпоны мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын буюу Хацү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд Гүрж бөх Маэгашира Точиношин, Шохозанг давж 13 даваа, 1 унаатай Макүүчид түрүүлж, Японы Эзэн хааны цомыг хүртэхээр боллоо.

Түрүүлэх болзлоо хангасан Точиношиноос сурвалжлагч ярилцлага авсан юм. Тэрбээр “Би өөрийгөө түрүүлсэн гэдэгт одоо ч гэсэн итгэж чадахгүй байна. Түрүү бөх болж багшийнхаа ачийг бага боловч хариулж чадсандаа маш их баярлаж байна. Намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст болон Гүржийн ард түмэн, ахан дүүстэй чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн онцолсон юм. Точиношины хувьд Кекүтэнхо Н.Цэвэгням хамгийн олон буюу 86 башёгийн дараа дээд зиндаанд түрүүлсэн амжилтын араас дөрөвдүгээрт буюу Макүүчид 58 башё барилдсаны дараа түрүүлж, Японы Эзэн хааны цом хүртсэн сумочоор тодорсон байна.

Харин гурван өдөр дараалан унасан 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Такаясүд дахин унаж. 10 даваа 4 унаатай болов. Харин Озэки Гоэйдо, Митакэүмиг унагаснаар 8 даваатай болов. Тэрбээр маргааш Какүрюү аваргатай барилдана.

Ичиножёо А.Ичинноров Такарафүжиг давлаа. Тэрбээр 9 давсан учир Комүсүби цол цаашлаад Сэкиваке цолтон болох боломж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн нар хоорондоо барилдан Араваши давж 7 даваа, 7 унаатай, Тамаваши 5 даваа, 9 унаатай болов.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Гар утсаа хийж болохгүй газрууд

Та гар утсаа эдгээр газруудад хэзээ ч бүү хий!

Арын халаас

Гар утсаа арын халаасандаа тээж явахад үнэхээр тухтай байдаг. Гэхдээ энэ газрыг сонгосноор бид дараахь асуудалтай тулгардаг.

  • Мэдрэгч дэлгэцтэй утаснууд хуруугаар удирдахаас илүү дэлгэцээрээ юм мэдэрдэг. Жишээ нь, танд мэдэгдэхгүйгээр 911 гэх мэт яаралтай дугаарууд руу залгагддаг бөгөөд иймэрхүү дугаарууд руу хялбар байдлаар залгагддаг.
  • Таны гэдэс, хөл өвддөг үү? арын халаасандаа гар утас хийж явснаар гэдэс хямарч, хөл өвддөг байна.
  • Мөн гар утсаа арын халаасандаа хийснээ мартаж сууснаар эвдэх эсвэл алдаж мэднэ.

Арын халаас

Урд халаас

Урд халаасандаа утсаа хийх нь эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд муу байдаг. Судалгаагаар урд халаасанд хийсэн гар утаснаас ялгарах цахилгаан соронзон цацраг эрчүүдийн бэлгийн эсд нөлөөлж, чанар болон хэмжээг нь багасгадаг нь тогтоогджээ. Гар утасаа урд халаасандаа удаан хийж явах нь эрсдлийг улам бүр нэмэгдүүлдэг байна.

Урд халаас

Хөхний даруулга

Гар утас хорт хавдар үүсгэдэг эсэх дээр эрдэмтэд одоог хүртэл санал зөрөлддөг. Гэхдээ зарим эрдэмтдийн үзэж буйгаар гар утсаа хөхний даруулгандаа хийх эсвэл хөхтэйгээ ойрхон байлгах нь хөхний хорт хавдартай болохыг эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

Хөхний даруулга

Сүүжин дээрээ

Судалгаагаар гар утсыг сүүжний хэсэгтээ авч явах нь сүүжний ясны бат бэх чанарыг алдагдуулдаг болохыг нотолжээ. Тиймээс гар утсыг сүүжний ясыг хол байлгаж, гар утасны зориулалтын хамгаалалтын хайрцагт хийхийг зөвлөж байна.

Сүүжин дээрээ

Нүүрэндээ наах

Гар утсыг нүүрнийхээ арьсанд нааж ярих нь их аюултай аж. Учир нь гар утасны дэлгэц дээр олон тооны бактер байдаг бөгөөд нүүрэндээ нааснаар тэрхүү бактерууд арьсанд халдварладаг байна. Мөн нүүрэндээ ойр барьснаар цахилгаан соронзон цацраг нүүрэнд илүү шингэдэг байна. Иймд гар утсыг хамгийн багадаа нүүрнээс 0.5-1.5 см-ийн зайтай барьж ярих хэрэгтэй.

Нүүрэндээ наах

Цэнэглэж байхдаа

Гар утас цэнэглэх нь таны эрүүл мэндэд хоргүй ч цэнэглэх явцад хэт ойр байх юм бол таньд хортой байдаг гэнэ. Учир нь, нөгөө л цахилгаан соронзон цацраг таньд шингэх боломж бүрддэг байна. Мөн утсаа шөнөжин цэнэглэхгүй байх нь таны эрүүл мэндэд тустай. Яагаад гэвэл шөнөжин цэнэглэснээр гар утасны батарей муудаж, үүний улмаас батарейнаас ялгарах хорт цацраг улам л нэмэгддэг байна.

Цэнэглэж байхдаа

Хүйтэн газрууд

Гадаа хүйтэн, хасах хэм рүү орсон ч та гар утсаа авч явдаг. Гэхдээ хүйтэн нөхцөлд гар утсаа аль болох халааснаасаа гаргахгүй байх, автомашиндаа үлдээхгүй байх нь таны эрүүл мэндэд тустай байдаг юм байна. Температур гар утсанд тун муугаар нөлөөлдөг бөгөөд хүйтэнд байснаар доторх мэдээлэлд асуудал үүсдэг байна. Иймд хүйтэн үед утсандаа “дулаан” гэр авч хийх нь чухал.

Хүйтэн газрууд

Халуун газрууд

Халуун нөхцөл электрон төхөөрөмжүүдэд муугаар нөлөөлдөг. Үүний адилаар гар утсанд нь ч бас муугаар нөлөөлдөг байна. Тиймээс гар утаа автомашин, далайн эрэг, мөн зуухны хажууд тавьж болохгүй юм байна.

Халуун газрууд

Хүүхдийн тэргэнд

Ээжүүд гар утсаа хүүхдийнхээ тэргэнд хийсэн харагддаг. Эрдэмтдийн хэлснээр, ингэх нь хүүхдийн эрүүл мэндэд аюултай байдаг. Учир нь, хүүхдийн тархинд нөлөөлж, зан аашийг нь хувиргаж, анхаарал төвлөрөхгүй болгох, цаашлаад янз бүрийн сэтгэцийн эмгэгтэй болгодог байна.

Хүүхдийн тэргэнд

Дэрэн доор

Утсаа дэрэн доороо битгий хийж унтаарай. Хэрвээ ингэдэг бол таньд ийм асуудлууд учирна.

  • Шөнө гар утсанд (notifications) ирэхэд дэлгэцний гэрэл асдаг. Дэлгэцний гэрэл хүнийг унтаж байхад ялгардаг мелатонин дааврыг зогсоож, нойр хулжааж, биеийг ядраадаг.
  • Урт хугацаанд толгойтой ойрхон байснаар толгой өвдөж, толгой эргэдэг.
  • Мөн гал гарах эсвэл дэлбэрэх аюултай. Дэрээр гар утсыг бүрэн дарж унтсаар гар утас халдаг агаад халаахгүйн тулд дэр, хөнжил, гудсан доороо хийхгүй байх хэрэгтэй.

Дэрэн доор

Categories
мэдээ спорт

Цагаан олимпод оролцох тамирчдад хувцас гардуулах ёслол болно

Ирэх даваа гарагт цагаан олимпод оролцох Үндэсний шигшээ багт хувцас гардуулах ёслол болох аж. Тус ёслол Спортын төв ордны гурван давхарын хурлын танхимд 14:00 цагт болох юм байна. Энэ үеэр БТСГ, Монголын цанын холбооны удирдлагууд оролцохоос гадна олимпод эх орноо төлөөлөн оролцох гурван тамирчин ирэх юм.

“Пёнчан-2018” олимпийн наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байгаа бөгөөд Монголоос гурван тамирчин оролцох нь баттай болсон билээ.

Сонирхуулахад, Монголын баг тамирчдын өвлийн олимпийн хувцасыг Монголд үйлдвэрлэсэн юм байна.“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллах аж.

Categories
гадаад мэдээ

Хятадын хойд нутгийг экологийн цэвэр түлшээр халаана гэв

ЗурагХятадын хойд нутагт экологийн цэвэр эрчим хүчийг халаалтанд ашиглах үйл явц үргэлжилсээр байна. 2019 он гэхэд тухайн эрчим хүчний дулааны хангамжинд эзлэх хувь 50 хувиас доошгүй буюу 74 сая тонн нүүрсийг орлох хэмжээнд хүрэх ёстой гэж Эрчим хүчний асуудал эрхэлсэн улсын хороо мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.

“Төвлөрсөн бус халаалтад нүүрсийг эрчим хүчний ногоон эх үүсвэрээр орлуулах нь өвлийн саруудад Хятадын хойд нутаг тэр дундаа Бээжин хот, Тяньжинь, Хэбэй мужуудад үүссэн агаарын бохирдолтой тэмцэхэд чухал ач холбогдолтой” гэж Эрчим хүчний яамны төлөөлөгч Го Вей мэдэгдлээ.

Түүний хэлснээр бол, Хятадын Хөгжил шинэчлэлийн хороотой хамтран боловсруулсан хөтөлбөрт зааснаар дулааны хангамжинд экологийн цэвэр түлшний эзлэх хэмжээ 2021 он гэхэд 70 хувьд хүрсэн байх аж.

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгалийн хий, цахилгаан эрчим хүч, газрын дулааны эрчим хүч, биомасс, нарны эрчим хүч, үйлдвэр аж ахуйн газруудын дулааны хаягдал болон бусад эх үүсвэрийг хэлж байгаа ажээ. Гэхдээ тухайн муж, районуудын онцлог байдлыг харгалзан үзэх бөгөөд дээрх шаардлагуудыг хангаж буй нутаг орон дахь “төвлөрсөн цэвэр халаалт” нийлүүлдэг компаниудыг илүүтэй дэмжинэ гэж ноён Гой Вей хэллээ.

Categories
мэдээ спорт

Олимпод оролцоогүй улсын төрийн далбааг барихыг хориглов

olymp russia fan зурган илэрцүүд

Олон улсын олимпийн хороо БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмын үеэр хөгжөөн дэмжигчдэд ОХУ-ын төрийн далбааг хориглох шийдвэр гаргажээ. Олимпийг зохион байгуулах хорооны албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна. Олон улсын олимпийн хороо энэхүү шийдвэрээ “Олимпод оролцоогүй бүх улсын төрийн далбааг хориглож байгаа” хэмээн тайлбарлаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

Зураг

УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодоор ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын тов гарлаа.

Тодруулбал, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай, “Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хууль тогтоолыг хэлэлцэхээр товлосон байна.

Тэдгээр хууль тогтоолыг хэлэлцэхийн өмнө даваа гарагт УИХ дахь намуудын бүлэг хуралдаж, дээрх асуудлууд дээр байр сууриа нэгтгэх юм. Үүний дараа байнгын хороо болон чуулганы хуралдаанаар товын дагуу хуулиудыг авч хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Цасан баримлын тэмцээнд Mонголчууд тэргүүлжээ

АНУ-ын Денвер хотод жил бүр зохион байгуулдаг Брекенрижийн олон улсын цасан баримлын тэмцээн энэ сарын 22-29-нд болж байна.

Энэ тэмцээнд 12 орны 16 баг тамирчид оролцож байгаа бөгөөд Монголын уран бүтээлчид зургаа дахь жилдээ амжилттай оролцож тэргүүн байрт шалгарлаа.

Монгол Улсаас 2 баг ур чадвараа сорьж Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Х.Алтанхүү, Б.Цэдэвдорж, Э.Ууганцэцэг нарын уран бүтээлчид “Нууц” бүтээлээрээ нэгдүгээр байр эзэлсэн бол Ц.Батмөнх ахлагчтай уран бүтээлчид “Цаг хугацаа” сэдэвт бүтээлээр”Уран бүтээлчдийн нэрэмжит шагнал” хүртсэн байна.

Дашрамд сонирхуулахад, 2017 онд уг тэмцээнд манай улсын хоёр баг хамтдаа “Artist choise awards” шагнал хүртэж, багийн төрөлд III байр эзэлж байжээ.

Categories
мэдээ спорт

Жюү жицүгийн “Ази тивийн нээлттэй тэмцээн” үргэлжилж байна

Энд онд манай улсад болох олон улсын тэмцээний салхийг Жюү жицүгийн холбоо хагалж байна. Тодруулбал, энэ өдрүүдэд Монголын Жюү жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират улстай хамтран анхдугаар “Ази тивийн нээлттэй тэмцээн”-ийг Спортын төв ордноо зохион байгуулж байгаа юм. “ASIA CONTINENTAL PRO” буюу “Ази тивийн нээлттэй тэмцээн”-д бусад тивийн тамирчид нээлттэй оролцох боломжтой гэдгээрээ онцлог. Мөн дэлхийн чансааны өндөр оноо олгох юм. Өнөөдөр насанд хүрэгчид болон мастерс ангиллалын тамирчид шилдгүүдээ тодруулна.

Тэмцээн өсвөр үе , насанд хүрэгчид, ахмад насны ангилалд бүс болон жингийн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Харин тэмцээний төгсгөлд үнэмлэхүй жингийн мөнгөн шагналтай барилдаан болно. Уг барилдаанд хөх бүснээс дээш бүх бүс, жингийн аваргууд оролцох боломжтой. Тэмцээн маргааш өндөрлөнө

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ

Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийг ашиглалтад оруулж, нээлт хийлээ. 2016 онд дахин төлөвлөлтөд оруулж, 2017 онд шинэ цэцэрлэгийн барилгыг дүүргийн хөрөнгө оруулалттайгаар барьж ийнхүү ашиглалтад оруулав. 46 дугаар цэцэрлэгийн барилгын нийт төсөвт өртөг нь 1 тэрбум 900 сая төгрөг бөгөөд “Бумбод” ХХК 7 сар гаруй хугацаанд гүйцэтгэжээ.

Тус цэцэрлэг нь өмнө нь 130 хүүхдийн хүчин чадалтай, 28 багш, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол өдгөө 10 бүлэг, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 39 багш, ажиллагсадтайгаар өргөжин үүд хаалгаа нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, “Бумбод” ХХК-ийн Ерөнхий инженер н.Ууганбаяр, Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчид, эцэг эхийн төлөөлөл оролцоо.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “2018 он Хан-Уул дүүргийн хувьд онцлох жил болно. Ялангуяа хүүхэд, багачуудынхаа сургуульд сурч боловсрох орчин нөхцлийг нь бүрэн хангасан, багш ажилчдыг ажлын байр нэмэгдсэн жил байна. Хан-Уул дүүрэгт 2018-2019 онд 6 цэцэрлэгт, 3 сургууль шинээр баригдаж ашиглалтанд орно гэдгийг энэ цаг үед тэмдэглэн хэлье. Мөн хүүхдийн төлөө гэсэн тус цэцэрлэгийн хамт олон та бүхэнд, хүүхэд багачууддаа, эцэг эхчүүд та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье” хэмээлээ.

46 дугаар цэцэрлэг нь орчин үеийн стандартад бүрэн нийцсэн. Урлаг, спортын заалтай, загвар дизайны хувьд сүүлийн үеийн дизайнаар баригдсан гэдгээрээ онцлог юм. Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхбаатар 55 жилийн түүхтэй цэцэрлэг маань шинэ өргөөтэй болсноор хүүхэд багачуудын сурах орчин сайжирсанд эцэг эхчүүд, хүүхэд багачууд, хамт олныхоо өмнөөс дүүргийнхээ удирдлагуудад талархаж байна гэлээ.