Categories
мэдээ спорт

“Tokyo Grand Slam-2017” эхэллээ

Urantsetseg

“Tokyo Grand Slam 2017” тэмцээн эхэллээ. 61 орны 417 жүдоч /эрэгтэй 243, эмэгтэй 174/ оролцоно.

Манай улсаас 16 жүдоч барилдах бөгөөд дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, М.Уранцэцэг нарын шилдгүүд оролцож байгаа.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг-ын жингийн барилдаан болж аваргууд тодорно.

Манай улсаас 60 кг-д Г.Болдбаатар, Б.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, С.Баяртүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, Б.Хорлоо, 52 кг-д Ч.Аззаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар барилдана.

Хэсгийн барилдаан 09.00 цагт эхэлсэн бөгөөд медалийн барилдаан 16.00 цагаас эхэлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголыг бүтээлцсэн эрхмүүд: Х.Чойбалсан

Х.Чойбалсан, маршал Г.К.Жуковын хамт

Монголыг бүтээлцсэн эрхмүүдийг тоочвол хэдэн зууныг дамнан нэрлэх нь тодорхой. Энэ удаад хорьдугаар зууны эхнээс өнөөдрийг хүртэлх Монголыг бүтээлцсэн эрхмүүдээс онцолъё. Улс төр, эдийн засаг, оюун санааны олон удирдагчид, нөлөө үзүүлсэн олон хүн төрж гарсан байна. Тэднээс “Өдрийн сонин”-ы редакци Хорлоогийн Чойбалсанг онцолж байна. Хорьдугаар зуунд Монгол Улсыг авч явахын тулд Х.Чойбалсан гэдэг хүн ямархан замнал туулж, ямар үүрэг гүйцэтгэснийг уншигчдадаа хүргэхийг зорилоо.

Х.Чойбалсан ямар ч алдаа дутагдалтай байсан хорьдугаар зуунд Монголыг бүтээлцсэн, дараагийн үедээ авчралцсан хүний нэг бол мөн. Түүний төрж өссөн орчин, хүүхэд насны адал явдал, зөнгөрдүүхэн өссөн өсвөр нас, хувьсгалын үйл хэрэгт дагалдан орсон залуу халуун нас бүгдийг нэг өгүүлбэрээр хүргэе гэвэл, “Х.Чойбалсан хүүхэд насандаа нэг их сайн сайхныг үзээгүй, хатуу хөтүүг туулсан, залуудаа эмх цэгц муутай, овоо муу гар байжээ” л гэж хэлэх юм.

Түүний төрж өссөн Санбэйсийн хүрээ буюу одоогийн Чойбалсан хот бол тухайн үедээ Монголын зүүн хязгаарын хилийн боомт, өнөөдрийнхөөр бол Замын-Үүд гэж болно. Залгаа Манжуур, Хайлаар, Харбин, бүр цаашлаад урт хөлийн хүмүүст Мүгдэн хүртэл нээлттэй. Хойшоо Алс Дорнодын Бүгд найрамдах улстай хил залгаж байв (Хорьдугаар зууны эхэн үеийнхээр шүү дээ). Санбэйсийн хүрээнд тухайн үед Оросын зургаан пүүс байсан гээд бод. Энэ бол тэр үедээ их тоо. Хятадын пүүс бол түүнээс их. Ийм их хөлийн газарт эсэн бусын үйл явдал олон хүнд хэрэгтэй бүх үйлчилгээ байсан. Биеэ үнэлэгчид ч байсныг зарим эх сурвалжууд бичжээ.

Ийм их хөлийн газрын захад Х.Чойбалсан төрсөн байдаг юм. Энэ үеийнх нь талаар Баабарын бүтээлд бий. Санбэйсийн хүрээнд шавилж суух маягтай байсан Х.Чойбалсан гэртээ нэг удаа очиж ирээд нэг ч хонолгүй Нийслэл хүрээ рүү сургаар төдий, баруун тийш гэсэн чиг баримжаатай, өөрөөсөө ялимгүй ах Яринпил гэж найзтайгаа нийлж аван тэмээ жин бараадан явган нүцгэн дүрвэсэн хүн юм. Энд нэг зүйлийг онцлоход түүний эх Хорлоо бол Санбэйсийн хүрээгээр ирж очсон хөдөлгөөнтэй эмэгтэй байсан талаар нутгийнхны хууч ярианууд бий.

Энэ тухай их тухлан бичвээс буруудаж, мушгих баримтууд үлдсэн байдаг болохоор ээжийнх нь, ах дүү нарынх нь талаар судлаачдын бичиж үлдээснээс хэтрэх хэрэггүй бизээ. Ёс зүйгүй хэрэг болно. Шулуухан хэлэхэд Х.Чойбалсан ингээд дүрвээд явчих хэмжээний хэнэггүй, айх эмээх хүнгүй, ар гэрийн анхаарал сайнгүй, “хүнд гар” өсч байсан нь үнэн юм. Арван хэдтэй хүүхэд алс зүүн хязгаараас Хүрээ рүү гараад алхана гэдэг нэлээн том толгой байсны наад захын нотолгоо юм. Өнөөдрийн ойлголтоор бол хараа хяналтгүй гудамжны хүүхдүүдийн үйлдэл.

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар

Түүнд Хүрээ хотод таних хүн байтугай, төсөөлөл ч байгаагүй. Түүний Хүрээнд хүртэл явсан аялал бол тэр чигээрээ адал явдал. Дөхөж ирэнгүүтээ мань эр дагаж явсан тэмээн жингийнхээ нөхдөөс бултчихсан байдаг юм. Мэдээж нөгөө Яринпилтэйгээ. Огт өөр зүгээс Нийслэл хүрээнд орж ирээд хэсэгтээ тэнэмлээр амьдарсныг та бүхэн уншсан байх. Уншаагүй бол уншаарай. Бага насных нь энэхүү зөнгөр амьдралын зах зухаас дурдсанаар юу хэлэх гээд байна гэхээр Монголын нэгэн үеийн удирдагч Х.Чойбалсан бол ийм л хүнд нөхцөлд хүүхэд насаа үдсэн, баргын зүйлд сэтгэл санаагаар унаад байхааргүй болчихсон нөхөр юмаа гэдгийг л хэлэх гэсэн юм. Сонирхуулахад Х.Чойбалсан чинь басчиг хоншоортой эр. Зүүн хязгаараас явган нүцгэн хамтдаа ирсэн Яринпилээ сүүлд сүрхий өөд нь татаж, 1940-өөд оны үед өнөө Яринпил нь Хоршоодын төв зөвлөлийн орлогч дарга хүртэл хийж байсан байдаг юм. Энэ маягаараа мань эр хуучин нөхдөө хаядаггүй шинжтэй байж. Яринпил түүний талаар сүүлд юу ярьдаг байсныг саяхан хүртэл амьд байсан УТТ-ны гишүүн Рагчаа гуай надад ярьж өгнө гэсээр амжилгүй өөд болсонд одоо харамсаж явах юм даа. Учир нь Рагчаа дарга нэг хэсэг тэр Хоршоодын төв зөвлөл гэдэгт нь Яринпилтэй хамт ажиллаж байсан юм билээ. Х.Чойбалсангийн хүүхэд нас, тэнэмэл борог амьдралыг ганц мэдэх хүн нь Яринпил л байсан байх. Бод л доо, тэр хоёр өнөөдрийн Дорнод аймгаас Улаанбаатар хот хүртэл 700 км замыг явган туулсан, өлссөн, цангасан, айсан… юу эсийг үзсэн байхав. Нэг цагийн монголчуудад эцэг болон хайрлагдсан гэх энэ хүний юу ярьдаг хүүхэд байсныг хэлэх ганц гэрч нь Яринпил байсан болов уу. Мань хоёр хамтдаа дүрвэхээсээ өмнө Санбэйсийн хүрээнд ном үзэж байхдаа гадуур тэнэж, зодоон хийж, хулигаан царайлсан, холбоотой хоёр бяруу шиг юмнууд явсан гэдэг юм. Өнөөдөр Яринпилийн үр сад гэж байх л ёстой.

Нийслэл хүрээний гудманд ирсэн Х.Чойбалсан, түүний өөр нэр хаяг, сургуульд хэрхэн хамрагдсан… гээд олон олон намтрыг та бүхэн Баабарын бүтээлээс олоод үзчих боломжтой. Тийм болохоор энэ үеийг нь алгасаад хувьсгалын үйл хэрэг рүү нь ойртуулж ярья. Тухайн үед Монголд ирж, буцаж байсан гадны эх сурвалжуудын Оросод, Европт, тэр бүү хэл Америкт хүртэл хэвлүүлсэн ном, товхимлуудаас харахад тэдний дийлэнх нь Данзангийн туслах Сүхбаатар, Бодоогийн шавь Чойбалсан /зарим эх сурвалжид Бодоогийн дүү ч гэсэн байдаг юм/ гэж л дурдагдаад байдгийг одоо олон хүн мэдэх болжээ. Ер нь бол гол дүрүүд нь Бодоо, Данзан хоёр л байдаг юм. Манай хоёр сайн эр бол ерөнхийдөө гар хөлийнх нь үзүүрт зарагддаг ч юм уу, Сүхбаатар бол хар багаасаа дайн тулаан үзчихсэн учраас Данзангийн бие хамгаалагч гэж хүртэл бичигдсэн. Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож эхэлсэн үеэс Х.Чойбалсангийн гарцаагүй дотны найз нь Д.Сүхбаатар байсан бололтой. Хувьсгалч нөхөд нь бүгдээрээ тэр хоёроос хамаагүй ах хүмүүс. Юун дээр ч байсан хамгийн түрүүнд тэднийг “Алив та хоёр” гэдэг байсан бололтой. Мэдээж сүүлдээ хувьсгалын үйл явц хүчээ авч 1921 он гарахад тэдэн дундаа залуу халуун Х.Чойбалсан, Д.Сүхбаатар хоёрын үүрэг оролцоо нэмэгдэж, цөөхүүлээ байсан хоёр бүлгэмийн нөхөд тэр хоёрт ажил оноож эхэлсэн. Энэ хэрээр нөхдүүд дуу хоолойгоо гаргаж эхэлсэн нь лавтай. Гэхдээ энэ хоёрын хэн нь ч Бодоо, Данзан хоёрыг амьд байх хүртэл тэдний нөлөөнөөс гараагүй юм. Юу хэлнэ түүнийг нь л дагаж байсан. Ардын хувьсгалын толгойлогчдын явж суух бүрт Д.Сүхбаатар, Х.Чойбалсан хоёр бараа болж байсны нэг явалтаар мань хоёр Эрхүүд үлдэж нэлээн хэдэн сар хамтдаа амьдарсан нь тэднийг ихэд дотно болгосон байдаг. Хувьсгал ялснаас хойш тэдний харилцаа холдоогүй, харинчиг нийслэл хүрээндээ бяцхан “од” болчихсон тэр хоёрыг аль ч зээл дээр хүмүүс таньдаг, аль ч ший янгуу, хятад хоолны газарт ширээ засдаг болчихсон байлаа. Хорин хэдхэн насандаа таван замын байлдаанд цөс ихтэй оролцож, алдар нэрийг олчихсон Д.Сүхбаатар нь сүрхий давилуун, хурц тод нэгэн байсныг тэдэнтэй ойр явсан партизан өвгөд нэлээн ярьж үлдээсэн нь монголын радиогийн фондод бохир бичлэгээрээ хадгалагдан буй гэж төрийн шагналт зохиолч З.Дорж өнгөрөхийнхөө өмнөхөн ярьж байсан билээ. Тэдгээр ардын хувьсгалын партизануудын дуртгал яриа нь 100 хувь үзэл суртлын засвартайгаар нийгэмд хүрсэн нь тодорхой. Тэрнээс яг бодитой ярианы хуурцгуудад бол Д.Сүхбаатар, Х.Чойбалсан хоёр хувьсгалд яаж оролцож байсан, ямар яриа, үйлдэлтэй хүмүүс байсныг партизан өвгөд хээ шаагүй ярьсан гэж Зундуйн Дорж ярьсан юм. Зохиолчийн ярианаас Дарьзав гэж партизаны Х.Чойбалсан, Д.Сүхбаатар хоёрын талаар их сонин зүйлс ярьсныг тэр чигээр нь радиогийн фондод хадгалуулжээ. Түүнийг олж сонсвол их сонин юм байдаг гэсэн. Зах зухаас нь хүргэхэд партизан Дарьзав гуай хэсэгтээ Д.Сүхбаатарын морин жолооч хийж, нэг хашаанд айл хүртэл байсан юм билээ. Түүний ярьснаар “Нэг удаа Сүхбаатар, Чойбалсан хоёр хэдэн өдөр шөнө Хүрээгээр галгиулж, архи дарс, авгай хүүхэн эргүүлж, Сүх нь баахан мөрийтэй тоглоом эргүүлсэн юм шиг байна. Чойбалсан нь Сүхийнхээ дэргэд тоглоом наадгайнаас хол хөндий, харин ууж идэх, хүүхэн эргүүлэх талдаа явсан юмдагуудаа. Ингэж хэсэгтээ гэрээсээ гадуур таваргасан мань хоёр Сүхбаатарын гэрт давхиад иржээ. Сүхийн архи сайн гараагүй. Гэртээ ортол Янжмаа хүүгээ тэвэрчихсэн /хүү нь одоо энэ Галсан/ тачигнаад угтжээ. Тэгсэн Сүх өөдөөс нь сөрж элдэв үг хэлэн Янжмаа руу сандал авч шидээд, Чойбалсан бид хоёр хорьж зогсоосон юм. Тэр оройдоо Янжмаа хүүгээ аваад Амгалан руу хэдэн саалийн үнээтэй намаржиж байсан аавынх руугаа явчихсан. Чойбалсан хойноос нь очиж гуйгаад нэмэр болсонгүй хэд хонолоо. Сүүлдээ Сүхбаатар намайг аавынх руу нь явуулдаг болсон. Нэлээн хэд хоносны дараа Сүхбаатар, Чойбалсан бид гурав хамт очиж буулт хийж байж Янжмааг хүүтэй нь гэрт нь буцааж авчирч байлаа. Сүхийнхээ дэргэд Чойбалсан дөлгөөн хүн, түүнийхээ аяыг харах талдаа явдаг байсан” хэмээн ярьсан нь өнөөдөр архивт бий ажээ. Энэ мэтчилэн хөндлөнгийн, түүнтэй хамт 1921 оны үеийн үйл хэрэгт мөр зэрэгцэж явсан партизануудын эх бичлэгүүдийг одоо радиогийн фондоос эрж хайвал Х.Чойбалсангийн судалгаанд нэг ахиц гарч мэдэх юм билээ.

Ингэж бантагнуулж явсан хоёр залуугийн амьдралд ах нарынх нь хооронд бий болсон толхилцоон хүчтэй нөлөөлж эхэлсэн юм. Бодоо, Данзан хоёрын тэмцэл нь хурцдаж улмаар Бодоо Ерөнхий сайдаасаа огцрон хөдөө мал маллах болжээ. Ийм нөхцөлд Х.Чойбалсан хүнд байдалд оров. Данзангийн зүгээс Бодоог үнэнхүү буланд аваачсан байдаг. Х.Чойбалсангийн хувьд ганц итгэл найдвар нь Данзангийн итгэлт хүн, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар анд нь байжээ. Яг л өнөөдрийн улс төрийн явуурга ялгаагүй 100 жилийн өмнөх тэр өдрүүдэд болсон. Хүнд байдалд орсон анд нөхөр Х.Чойбалсандаа томилолт өгч тухайн үеийн Цэргийн яамны түшмэл Хувагийн хамт Зөвлөлт Орос улсын Гадаад явдлын ардын комиссариаттай уулзаж ажил хөөцөлдөх үүргийг Д.Сүхбаатар санаачлан гүйцэлдүүлжээ. Ер нь бол тэр үед Д.Сүхбаатар түүний аминд орсоор байгаад дууссан юм. Х.Чойбалсан буцаж ирээд хэн ч биш болж хөдөө гарсан багш Бодоогийндоо очиж хоносон нь бас л өөртөө “гай” дуудсан байдаг. Удалгүй Бодоо, түүний дотны нөхөр Чагдаржав, Дотоод явдлын яамны сайд асан Пунцагдорж нарыг баривчлан цаазлан хороов. Чойбалсангийн амь нас дахиад л дээсэн дөрөөн дээр очлоо. Түүнийг Бүх цэргийн жанжны орлогчоос хусч, намын орлогч гишүүн болгов. Ахиад нэг барьцаа чангаруулахад түүнийг үхлийн ял хүлээж байсан юм. Ийм ээдрээтэй үед Данзангийн баруун гар, ихээхэн эрх мэдэл бүхий байсан Д.Сүхбаатар амжиж анд нөхөр Х.Чойбалсангаа алс зүүн хязгаар, өөрийнх нь төрсөн нутаг Дорнодод Хязгаарын ба орон нутгийн цэргийг байцаах түшмэлийн орон тоо буй болгон томилжээ. Тэгж явуулахдаа Д.Сүхбаатар “Чи тэнд хэсэгтээ нам гүм сууж бай” гэж захьсан байдаг. Энэ мэтээс харахад Х.Чойбалсан сүүлд энэ улсын “хаан” болохдоо Д.Сүхбаатарын ар гэр болох эхнэр Янжмаа, хүү Галсан хоёрыг нь байнга халамжилж, анхаарч, Янжмааг өндөр албан тушаалд тавьж байсан нь хүнд үед амийг нь аварч байсан анд нөхрийнхөө ачийг санаж явсантай холбоотой бизээ. Х.Чойбалсан амралтынхаа зарим өдрөөр Янжмаагийнд очиж цай ууж, хууч хөөрөлддөг байсныг олон хүн гэрчилдэг юм.

Х.Чойбалсангийн өргөмөл хүү Нэргүй нь үнэн хэрэгтээ түүний жинхэнэ хүүхэд байсан гэдэг нь энэхүү Д.Сүхбаатарын амийг нь аварсан томилгоотой холбож зүүн хязгаарт нэгэн эмэгтэйтэй холбоотой байгаад үлдсэн хүүхэд гэж ярьдаг. Зарим эх сурвалжууд бол бүр сүүлд Монголын удирдагч болсон хойноо Дорнодод ажлаар очихдоо нэг шөнө Дорнодын дотоод хамгаалах газрын даргын эхнэртэй явдал ургуулснаас үлдсэн хүүхэд, түүнийгээ хожим мэдээд өөр дээрээ өргөж авсан ч гэдэг юм. Аль нь ч байсан түүний өргөмөл ганц хүү Нэргүй бол Х.Чойбалсангийн мах цусны тасархай мөн байх өндөр магадлалтай юм билээ.

Ийнхүү зүүн хязгаарт цэргийн түшмэл төдий амиа хоохойлж байсан Х.Чойбалсан удалгүй ирээд дараа нь Оросод сургуульд жил орчим явжээ. Түүний хувьд 1924 оны орчим бол өнөөдрийн хэллэгээр их улс төрдөө эргэн ирэх боломж нээгдсэн гэж болно. Тухайн онд Данзанг дайсан болгох ажилд дуртайяа идэвхийлж, багшийнхаа өшөөг авсан гэж шулуухан хэлж болно. Ингээд цааш гангараад явчих юм бодтол санасандаа хүртэл эрх мэдэл, нөлөөтэй байж чадаагүй юм. Бүх цэргийн жанжны алба нь сонсоход сүртэй ч симбол шинжтэй, байж байгаа бараа нь сайхан төдий байсан нь түүний хувь зан чанар, амьдралын буруу зуршил, лидер байх хэмжээнд өөрийгөө харуулж чадахгүй байсантай холбоотой болов уу гэж харагддаг.

Ер нь бол түүний Монголын нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, эхэнд хэлснээр Монголыг сайнтай, муутай нь бүтээлцсэн замналыг 1929 оны феодалын хөрөнгө хураах комиссын даргаар ажилласнаас эхлэн түүчээлж хармаар санагддаг. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг хэмээн хүссэн хүсээгүй оноон нэрлэгдсэн түүнийг нэгэнт л Д.Бодоотой нь хамт цаазлаагүйгээс хойш төр засгийн тогоонд зохих ажил, үүрэгтэй явуулж байхаас өөр арга байгаагүй юм шиг байна. Тэгээд ч 1929 он хүртэлх хугацаанд Монгол улс нь Зөвлөлт Орос улсын нөлөөнд харьцангуй бага автсан, өөрсдийнхөөрөө шийдвэр гаргаж байсан үе болохоор тэрбээр өгсөн албыг нь мөрөөрөө хашаад явж байх боломжтой байсан юм билээ. Х.Чойбалсангийн хэн болохыг харьцангуй сайн гадарлах тэр үеийн монголын удирдагчид түүнийг богинохон хугацаанд УБХ-ын дарга болгож нэг туршаад, боломгүй болохоор нь ГЯЯ-ны сайдаар хэдэн сар тавьж үзээд, тэгснээ бүр доош нь хийж музейн эрхлэгч ч болгож байх шиг. Тэгснээ Мал, тариалангийн яамны сайд болгоод. Энэ бүх өдрүүдэд тэрбээр хувь амьдралдаа өөдтэй байгаагүй юм. Архи ууж, авгай хүүхэнтэй орооцолдож, гэхдээ хөл алдчихгүй явсаар л байв. Ер нь тэрбээр 1930-аад он хүртэл тийм нэг дампуу эр л амьдарсан юм. Гэвч түүнийг их юм хүлээж байсан юм билээ…


Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Буянтны буян нь арвижиж, дууриал нь дэлгэрэх болтугай

ЧД-ийн XVII хорооны өндөр настан, гавьяат багш Я.ДҮГЭР

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод эрхэм баз дүү Довчин овогтой Төрмөнх хайрт хань М.Өөдөөгийнхөө гэгээн дурсгал, хойчийн буянд зориулан өөрийн хөрөнгөөр бурхны шашны гэр дуган босгож, 2017 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд буюу Монгол бахархлын өдрөөр нээлтийг нь хийсэнд туйлын ихээр баярлаж, бахархаж сууна. Өдий болтол Өлгий хотод бурхан шашны ном хурах, зан үйл бэлдэх байр савгүй явж ирсэн тул бурхны шашны номд боловсорсон лам хувраг тогтдоггүйн дээр, тэдэнд ямар ч амьдрах нөхцөлгүй байснаас сүсэгтнүүд хэрэгцээ шаардлага гарсан үед зэргэлдээх Увс, Ховд аймгууд руу лам залахаар оддог байсан цаг ийнхүү ард хоцорчээ.

Өмнө нь, Өлгий хотод хүмүүс бурхны шашны номын өргөө босгох газар удаа дараа авсан хэдий ч газрыг худалдсан зэрэг “дэмий явдал” гарч байжээ. Уг дуган шинээр боссон Рашгэмпилин хийдийн хашаа өдий болтол ийн эзгүй, цулгай байсан юмсанжээ. Д.Төрмөнх энэхүү үйлийг сэдэхдээ ханийнхаа дурсгалыг мөнхжүүлэх гэхээсээ олон түмэндээ ямар нэгэн үлдэцтэй зүйл хийхээр шийджээ.

Энэхүү буяны үйлд хүү Т.Өнөрбаян, бэр Ж.Сэлэнгэ нар нь эхнээс аван оролцож, ах дүү, нутгийн зон олон ч сэтгэл гарган хүчин зүтгэснийг дуулж та нартаа талархаж сууна. “Хэлэхэд амархан, хийхэд хэцүү” гэж үг бий. Уран гартай, барималч, сийлбэрч унаган авьяастай багш мэргэжилтэй Д.Төрмөнхөд тэр бүхэн байжээ. Д.Төрмөнх маань “Олны хүч оломгүй далай”гэдэг үнэн юм байна, ах дүүс, нутгийн зон олон маш их тус боллоо. Тэдний ач буяныг хэзээ ч мартахгүй” гэж байна лээ. Бүр казахууд хүртэл тус дэм болж урмын үг хэлж та нар эрх биш нэг ийм сайхан газартай болох цаг ирсэн” хэмээлдэн баярлаж байсныг хэлж байна лээ.

Энэ гэр дуган Баян-Өлгийн нийгэм, соёлын амьдралд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна. Монголын бурхны шашинтны тэргүүн Чойжамц хамбатны бие төлөөлөгч дуганы нээлтэн дээр “Цөвүүн цагийн шуурганд өртөн үгүй болсон ардчиллын ариун салхинд сэвэлзсэн 1990 оноос газар сайгүй нээгдэж, “сэтгэлээр цангасан” түмнийг хөдөлгөж, хөгжөөж, мөн хөгсөөж байсан тэр цагийг өнөөдөр Өлгий хотод болж байгаа энэ явдал санагдуулж байна” хэмээсэн нь үнэхээр оносон үг байлаа. Баян-Өлгий аймгийн монголчуудын хүсэл ийн биелж, тэд чухам “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” дуганы нээлтэд ирж, Гандан хийд, Амарбаясгалант хийд болон Ховд аймгаас зорьж очсон 30-аад лам хувраг нэгэн зэрэг ном айлдахыг сонсч, сэтгэлээ ариусгах сайхан завшааныг эдэлжээ. Миний хувьд Д.Төрмөнхийн сэдэж бүтээсэн энэ үйл хэрэг эвийн хүчийг өөрсдөд чинь таниулсан, хамгийн гол нь бусдад сайхан дууриал болсноороо давхар ач холбогдолтой үйл явдал хэмээн үзэж байна.

“Өдрийн сонин”ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн банк 120 сая ам.долларын санхүүжилт өгөхөөр болжээ

Дэлхийн банкны захирлуудын зөвлөл хуралдаж манай улсыг өрийн тогтвортой байдлыг сэргээж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахаар ажиллаж байгааг дэмжин 120 сая ам.долларын санхүүжилт өгөхөөр шийдвэрлэжээ.

Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Тус хөтөлбөр Монгол Улсын эдийн засгийг эрүүл, зөв замд оруулахад чиглэсэн Засгийн газрын олон арга хэмжээг дэмжиж байгаа юм” хэмээн онцолсон байна. Энэхүү 120 сая ам.долларын дэмжлэг ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа Засгийн газрын өрийг тогтворжуулан, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд туслах арга хэмжээ бололтой.

Мөн “Монгол Улсад 2014-2016 оны хооронд ядуурал огцом өссөн нь эдийн засгийн хямралын үед нэн ядуу иргэдийг хамгаалах бат бөх тогтолцоо хэрэгцээтэй байгааг сануулж байна. Энэхүү хөтөлбөрт тэтгэврийн тогтолцоог илүү тогтвортой байлгахад чиглэсэн шинэчлэлийн арга хэмжээ багтсан” гэжээ.

Хөгжлийн бодлогын санхүүжилтийн үйл ажиллагаа нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын тодорхой арга хэмжээг дэмжиж, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийн суурийг тавих гэнэ. Бодлогын шинэчлэл нь ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах хөгжлийн тодорхой үр дүнг дэмжихэд чиглэсэн байх аж.

Categories
мэдээ цаг-үе

Загвар зохион бүтээгч Б.Дунгаамаа

ДАЛААДОНЫ Б.ДУНГААМАА

Цаг цагаараа. Далаад он. Монгол Улсад социализмын материал техникийн баазыг байгуулах, үйлдвэр хөдөө аж ахуйн орон болох зорилтыг Намын их хурлаас дэвшүүлсэн он жилүүд юм. Материал техникийн бааз байгуулчихаад дараа нь коммунизмд ороод элбэг дэлбэг амьдрах сайхан мөрөөдлөөр жигүүрлэн байж билээ. Тэр их ирмүүн хөдөлмөрийн жилүүдэд Дунгаамаа Унгар улсын Будапешт хотын их сургуулийг загвар зохион бүтээгч гэсэн мэргэжлээр төгсөөд эх орондоо ирчихсэн байв. Ер нь манайд байхгүй шив шинэхэн мэргэжилтнүүд салбар бүрт бий болж, хүний мэдэх сурах өргөн бололцоо нээгдэж байжээ. Дунгаамаа тэдний нэг юм.

Монгол Улсад загвар зохион бүтээгч гэсэн дипломтой мэргэжилтнүүд гарын таван хуруунд багтахаар цөөхөн байлаа. Түүний мэргэжлийг ойлгодог хүн тэр үед ховор. Материал эсгээд хувцас хийхэд мэргэжил ороод байхдаа яахав гэж бодох хэмжээнд бид байв. Тэгээд ч монголчууд чинь цөмөөрөө л дизайнер, зохион бүтээгчид. Айлын охид ээжээсээ сурдаг эхний эрдэм нь дээл, хувцас хийх арга техник буюу загвар зохион бүтээлт юм. Гутлаа уллачихна. Үнэгэн лоовууз хийгээд тэргүүн дээрээ асаана. Тийм болохоор хувцас эсгэх нь мэргэжил гэдгийг тэгтлээ ойлгохгүй байсныг нь уучилж болно.

Монгол Улс үйлдвэржсэн орон болох таван жилийн төлөвлөгөө дэвшүүлээд Унгар улсын тусламжаар оёдлын үйлдвэртэй болж байх үед загвар зохион бүтээгч гэдэг мэргэжил чухам тэр үйлдвэрт нэн хэрэгцээтэй байв. Ажлын байр, мэргэжилтэн хоёрыг зэрэг л бэлдэж байж. Одоогийнх шиг мэргэжил нь байдаг, ажил байдаггүй үе биш.

Далаад оны мэргэжилтнүүдийн онцлог нь өндөр боловсролоос гадна европ соёл, харьцааны соёлыг түгээгчид байв. Гадаадад төгссөн мэргэжилтнийг үнэ цэнэтэй боловсон хүчинд тооцож байсан нь хөгжлийн нэг түлхүүр байсныг одоо эргэн санахад улам тодорно. Өнөөдөр Японд боловсрол эзэмшээд, магистр, доктор хамгаалчихаад байхад ажил олдохгүй түүний суудал дээр намын нөхрийн цүнх барьсан нэгэн лаглайчихаад байгааг цөмөөрөө ярьдаг. Өнөөдрийн хөгжлийн чөдөр тушаа тэд болжээ. Намын зайдалгаанаас хэзээ салахыг бүү мэд.

Унгарт, дээр нь загвар зохион бүтээгчийн сургууль төгссөнийг хэлэх үү, Дунгаамаа өмссөн ганган хувцас, харагдаж, үзэгдээгүй нүдний шил, цагаан царай, ув улаан уруулын будгаараа, ер нь төрхөөрөө ялгарч байсан гэдэг. Бусад загвар зохион бүтээгчдийг мэдэхгүй юм, лав л Дунгаамаа хувцаслалтаараа нэг л өөр байж, загвар зохион бүтээгч өөрөө ч түүгээрээ үлгэрлэх ёстойг харуулсан эмэгтэй.

Гадаадын соёл ханхлуулсан, цагаан шарыг хослуулсан Дунгаамаа хүүхнийг 1970 онд төгсөөд ирснийх нь дараа үйлдвэрийн дарга нь амьдралтай танилцуулах гээд бие засах газар цэвэрлэх тушаал өгч байсан гэдэг. Ленинградад төгссөн эмчээр шал угаалгах, эрчим хүчний чиглэлээр төгссөн инженерээр манаач хийлгэх зэргээр “амьдрал”-тай танилцуулдаг, тэр нь бүр тушаал шийдвэртэй байлаа.

Оёдлын үйлдвэр мянгаад ажилчинтай, гурван ээлжээр зогсолтгүй ажилласан хөдөлмөрийн газар. Үйлдвэрийн оёдолчин, засварчин, инженер гээд харуулаас бусдыг Унгар улсад бэлтгэсэн төдийгүй, оёдлын машин, техник хэрэгслийг цөмийг тусламжаар бэлэглэсэн байв. Гутлын үйлдвэрийг Чех улс бэлэглэсэн гэх зэргээр социалист хамтын нөхөрлөлийн гишүүн олон орны тусламжийг Монгол Улс авч хөгжиж байсан түүхтэй. 1972 онд оёдлын үйлдвэрийг Монгол Улсад хүлээлгэж өгөхөөр Унгарын ерөнхий сайд ирж байв.

Далаад онд Дэмчиг даргатай Үйлдвэр хоршоодын төв холбоо гэсэн том бүтэц байсан юм. Хоршоодын холбоонд оёдлын үйлдвэр, урт цагаан, загварын лаборатори, (Загварын ордон), арьс шир, гутлын артель, гуанз, Нэхмэлийн зургаадугаар үйлдвэр, хөдөөгийн салбарууд, тэр ч байтугай өөрийн соёлын ордон, спортын нийгэмлэг гээд 100 гаруй байгууллагыг нэгтгэсэн мөнгө “бүтээдэг” байгууллага, Хоршоодын төв холбооны дарга нь сайдын хэмжээний хүн байв.

Дунгаамаа үйлдвэрлэлийн хэлтсийн, дараа нь “Үлгэр загвар зохион бүтээх товчоо”-ны дарга хийж байлаа. Үлгэр загвар бүтээгээд үйлдвэрт оруулна. Ханцуй, зах, товч, дотор гээд хувцсыг хэсэг бүрчлэн нарийвчлан бүтээх төдийгүй зах оёх, ханцуй залгах, ташаа оёх гэх зэргээр оёдлын бүх хэсгийн үнэ хөлсийг нарийвчлан гаргаж, цалин хөлсний үнэ стандартаар батлуулна. Тэр эсгүүр, загвар, үнэ тарифаар оёдлын газрууд нижигнэтэл ажиллана. Улсын хэмжээний нөр их энэ хөдөлмөрийг Дунгаамаатай холбон бодохоос аргагүй.

“Бидний гараас чанартай эцсийн бүтээгдэхүүн!” хэмээсэн уриатай, оёдлын ажлын чанарыг улс хянаж байжээ. Тэр хяналт тавьдаг чанар, үнэ, стандартын улсын хороо гэсэн бүтэц ерэн оноос хойш алга болов.

Загвар зурах, түүнийг зохион бүтээх нь хоёр өөр ажил бөгөөд нарийн ширийнийг мэргэжилтгүүд нь мэддэг байх. Янз бүрийн загвар зохион бүтээх өндөр боловсролыг нь нийгэм хязгаарласан төдийгүй хувцаслалт ямар байгааг намын байгууллага тун гярхай хянаж байсан билээ. Үсээ ургуулж, өргөн өмд өмссөнөөсөө болоод намаас донго хүртэж байсныг санах хүн цөөрсөөр байна. Загварын хандлага нийгэмд нэг л тиймэрхүү байв.

Үйлдвэрийн зорилго ч, агуулахын материал ч олноор үйлдвэрлэхэд зориулагдана. Зураач, загвар зохион бүтээгчдийн гарыг үйлдвэрлэгчид харна. Загвар зохион бүтээлтийн төрх ерөнхийдөө ямар байсан бэ гэхээр гял цал биш, эдэлгээ даах, үнэ боломжийн. Хийсэн зураг, зохион бүтээлт, орох материал, гарах үнийг нарийн хэлэлцэн тохирно. Тэдний хийсэн зураг, загвараар нэг өнгийн бүх л хэмжээсийн хувцас олноор үйлдвэрлэж, түүнийг нь улсын дэлгүүрүүдэд хуваарилах тул нэг дэлгүүрт сайндаа л нэг пальто очно. Худалдан авагчдын хэрэгцээг хангаж чадахгүй байснаас дэлгүүрийн дугаарлалт гэдэг “гамшиг” өмнөх нийгэмд олныг бухимдуулдагсан.

Үйлдвэрийн пальтоны загвар гаргадаг дизайнер, загвар зохион бүтээгчид бүтээгдэхүүн нь худалдан авагчдын таашаал сонирхолд нийцэх эсэх, борлох борлохгүйд ихэд санаа зовдог байжээ. Борлохгүй бол үйлдвэрийн төлөвлөгөө тасарч, улсын асуудал болох тул тэд хичнээн их үүрэг хариуцлага үүрч явсныг ойлгож болох юм. Түүнтэй цуг Баянтуул, Ишдорж, Жүгдэржав, Пагамсүрэн нарын зураач, загвар зохион бүтээгчид ажиллаж байлаа. Хуваарилалт, үйлдвэрлэлтийг нэг гараар зангидаж байсан бөгөөд түүнийг нь төлөвлөгөөт эдийн засаг хэмээн нэрлэж байв. Төлөвлөгөөт нийгэм худалдааны болоод загвар зохион бүтээлтийн эрх чөлөөг чөдөрлөнө. Гэвч бас хүний хүссэнээр загвар гарган хийдэг өндөр үнэтэй хувцас захиалгын газар гэж байсан юм аа. Тэр захиалгат хувцасны газар нь эдүгээгийн Урт цагаан хэмээх хоёр давхар байшингийн нэгэн буланд байв.

Гадаад харилцааны яамны дипломат ажилтан, бидний мэдэх нэрт зохиолч Д.Маам гадагшаа төрийн ажлаар явах болоод хувцас захиалах хэрэг гарчээ. Хорь гаруйхан настай Дунгаамаагаас “Дунгаамаа гуай хаа байна” гэж асуусан нь эгдүүг нь хүргэж, шаралхсан бүсгүй зохиолчийг үүдэндээ олон цаг хүлээлгэж, энэ хооронд зохиолч өөрийн гэмийг мэдэж, тэр хоёр танилцсан түүхтэй. Зохиолч, загвар зохион бүтээгч хоёрын хайрын түүх зохиол шиг ер бусын билээ. Бие нь чилээрхүү байхдаа хайрт гэргийдээ зориулж ийм нэгэн дууг Маам зохиолч бичиж билээ.

“Хоног хоногийн хорвоод

Хэргээр иржээ Дунгаамаа

Хотлын баярт миний амраг

Дуулж л явна даа Дунгаамаа…” дуу нь хит болсон дог.

Дунгаамаа бусдын төлөө хэргээр төрсөн эмэгтэй. Загвар зохион бүтээгчийн хувь тавилан биз ээ. Бусдыг хувцаслаад, бусдыг гоёод бурханы л үйл бүтээж явна. Мянган хүнийг ажилтай байлгах, захиалгат хувцасны газрыг материалтай болгох зэрэг том ажлыг Дунгаамаа үүрч явсан юм. Энэ бага ажил биш ээ. Дээр нь хариуцлагыг нь нэмбэл үү, бүр ч хүнд хөдөлмөр.

Тэр үеийн хувцасны материалыг мэддэг газар нь материал хангамжийн газар. Оёдлын үйлдвэрийн бараа материалыг тэндээс татна. Захиалгыг өөрсдөө гаргах ч энд тэндхийн хурлаар орж их танагдана. Нэг дугуй авах хүн хоёр дугуйны өргөдөл бичиж байж л санаснаа авдаг байсан нийгэм.

Дизайнерын мэргэжил гэдэг шинэ загвар зохион бүтээх уран бүтээлийн ажил билээ. Тэр үеийн нийгэмд Дунгаамаа өөрийн санаснаар загвар бүтээх ямар ч боломж байгаагүй юм. Бараа материалыг улсаас төлөвлөсөн мөнгө хөрөнгөний хэмжээнд авах тул мэдээж сонголт хэцүүхэн байсан хэрэг. Тийм нөхцөлд л Дунгаамаа мэргэжилтнээс захирал хүртэлх албан тушаалд дэвшиж байсан нь ажил мэргэжилдээ ямар байсныг нь харуулна.

ЕРЭЭДОНЫ Б.ДУНГААМАА

Ерээд он. Эрх чөлөө хүрээд ирлээ. Гэвч эрх чөлөө гэдэг олон юмнаас хамаардаг золиг байж. Түүнийг нь бидний үеийнхэн өдөр өдрөөр ойлгосоор өнөөг хүрлээ. Зах зээлийн нийгэмд палхийтэл орж, худалдаа, үйлдвэрийн газруудыг хуу хувьд шилжүүлэв. Дунгаамаагийн хамт олон хувьцаагаараа Загварын ордны хэсгийг аваад “Ганга-Гоёл” хэмээх шинэхэн компани байгуулав. Эргээд харахад хэцүүхэн замыг хуучин бүтэцтэй шинэ нэртэй компаниуд туулсан байна. Ерээд оны зах зээл ямар байсныг бид мэднэ дээ. Хувцас захиалагч цөөн. Ер нь мөнгөтэй хүн ховор байсны дээр ганзагын наймаачдын хямдхан хувцас зах зээлийг хангаж, тэр нь хувцас үйлдвэрлэдэг хувийн байгууллагад хүндхэн цохилт байжээ. Гэтэл хувцас захиалгын газар жижүүр, эсгүүрчин, нягтлан, оёдолчин гээд олон ажилчинтай хуучин бүтэцтэйгээ байдаг. Шинэ хуучны зөрчлийг туулан тэр олон ажилчныг цалинтай ажилтай байлгах гэж хичээн зүтгэсэн нь саяхан.

“Ганга-Гоёл” компани тэр үед дуучид, бөхчүүд, Их хурлынхан, ерөнхий сайд, шинэ загвар, хувцас өмсөх гэсэн хэн бүхний хэрэгцээг ганцаар шахуу хангаж байв. Өнөөгийн хувцас хийдэг олон газар байсангүй. Ерээд онд “Ганга-Гоёл” компани л гайгүй чанартай, орчин үеийн материалтай байв. Тэр нь захирлын сонголт сайтайгийнх юм. Дунгаамаа дизайнер хувцасны материал сонгож байх нь хурдан морь шинжиж байгаа юм шиг л харагддаг. Жигтэйхэн гярхай, нямбай, олон дахин үзэж, барьж нэг, тавьж нэг, бас утсыг нь шатааж хүртэл үзнэ. Ингэж байхдаа тэр ийм материалаар хийсэн хувцас өмссөн хүн хаагуур явах, хэзээ өмсөх, материалд ямар эсгүүр зохихыг хүртэл бодно. Энэ ховор чанар ажлаа мэддэг мэргэжлийн хүнд л байдаг. Түүний сонгосон материал өнгөний хувьд ч, чанарын хувьд ч эргэлзэх хэрэггүй сайн. Тэр цагт материалыг ихээр авчирвал мөнгөний түгжээ болох, олон дахин явбал чирэгдэл ихтэй байв. Дунгаамаа урлаг соёлыхонтой их танил. “Гоёл” наадам болно, дизайнер тэнд шүүгчээр сууж байх. Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний шүүгч нь бас л Дунгаамаа байх. Урлаг соёлын бүх л арга хэмжээнд явдаг Дунгаамаа олны танилыг хэлэх үү, тайз дэлгэц, бөхийн дэвжээний одод тэднийхээр эргэлдээстэй.

Дунгаамаа захирлын өрөө ерээд онд хамгийн тансаг, чамин нь байлаа. Булангийн буйдантай. Ийм булангийн буйдан Монголд орж ирээгүй байв. Гоёмсог чийдэн, тогосны өдтэй ваар, чамин үзэг, өлгөөтэй янз бүрийн хувцас нүд булаана. Захирал бүсгүйн үс засалт, өмссөн хувцас нь дэгжин. Түүний өрөөнд орсон үйлчлүүлэгчид нэг их ая тухыг мэдэрч, захирлын эелдэг зан, сайхан инээмсэглэлд уягддагсан.

Дунгаамаа захирал орж ирсэн хүн бүхнийг кофегоор дайлна. Кофе нүдний гэм. Үнэтэй, ховор кофегоор дайлахын ялдамд кофе зуурч хэрхэн сайхан үнэр ханхлуулахыг зөвхөн Дунгаамаа л чаддаг байлаа. Үйлчилгээний соёл гэдгийг тэр биеэрээ үлгэрлэнэ. Тэдний өрөөнөөс сэтгэл дундуур гарсан нэг ч хүн байхгүй гэдгийг би баталж чадах юм.

Ардын, гавьяат, залуу хичнээн ч дуучны хувцсыг хийж, тайз дэлгэцийг чимсэн гэх вэ. Уран бүтээлчдийг өрөвдөх нинжин сэтгэлтэй захирал маань хамгийн сайхан материалаар, хамгийн чамин хувцас хийгээд, яаж ийгээд хямдруулж өгнө.

Шилмэл загварын ордон нь хувцасны загвар өмсүүлэх тайзтай. Өнөөдрийн загварын олон шоуны эхлэл тэнд тавигдсан юм. Гэхдээ бүр далаад оноос шүү. Дунгаамаа даргын Монголд бий болгосон нэг ажил нь хувцасны загвар үзүүлэлт байлаа. Тэр нь өнөөдрийнх шиг шоуны хэмжээнд биш, сонирхогчид нь цөөхөн, телевизийн бичлэг хийж, нийтэд түгээдэггүй байсан ч социалист орнуудын хэмжээнд “Интермода” нэртэйгээр болж байсныг харвал олон улсын хэмжээний загвар үзүүлэлт байжээ. Өнөөдрийн дэлхийн томоохон арга хэмжээний эхлэл нь тэрхүү интермода юм. Үйлдвэрийнхээ гайгүй царайлаг, нуруулгийг модель болгож аваад явна. Одоогийн бичдэгээр бол Дунгаамаа загварын шоуны “хатан ээж”. Тэр шоунаас жилийнхээ загварын өнгө, донжийг гаргана, илтгэл тавина, бас медаль авчирна. Ангийн үсээр хийсэн манай өвлийн хувцаснууд Интермода тоглолтоос алтан медаль авчирч байв. Дунгаамаа арваад удаагийн загварын шоунд оролцсон загвар зохион бүтээгч. Монголд 1981, 1985 онд “Интермода” болж байв.

Тэдний компани анх удаа загвар өмсөгчийн дамжаа хичээллүүлж байв. Загвар үзүүлбэрийг бас л тэднийх хийж байсан. Өнөөдрийн олон загварын клубийн эзэд тэр дамжаанд хичээллэгсэд байлаа. Дунгаамаа маш олон ажлыг санаачилж, зохион байгуулжээ. “Ганга-гоёл” компани монгол төрийн түүхэнд үлдэх түүхэн үүрэг гүйцэтгэсэн компани билээ. Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын төрийн ёслолын дээлийн загвар, зохион бүтээлтийг Дунгаамаа захиралтай энэ л компани гүйцэтгэсэн билээ. Тэр дээл түүх болон музейд тавигдсаныг бид мэднэ. Анхны ерөнхийлөгч өөрийн бичсэн “Тэнгэрийн цаг” номондоо загвар зохион бүтээгч Дунгаамаагийн нэрийг дурдсан байдаг.

Захирал ажлынхаа хажуугаар докторын ажлын сэдэв аваад бас завгүй байлаа. Түүний эрдмийн ажлын удирдагч, эдүгээ СУИС-ийн дэд захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Алтанцэцэг “Дунгаамаа гуай бол судлаач хүн. Ерээд оноос монгол хувцасны наадам зохион байгуулж, эрдэмтэн Х.Нямбуугийн эрдмийн ажилд туслалцан, монгол үндэстэн, ястны хувцсыг иж бүрнээр нь хийж, онцлогийг нь тусгаж байсан юм. Сүүлд ШУТИС дээр “Хувцас судлалын төв” байгуулагдахад тэр хувцаснууд их хэрэг болсон төдийгүй хичээлийн судлагдахуун болсон.

2001 онд докторантурт элсээд “Монгол дээлний зохион бүтээлтийн судалгаа, боловсруулалт” сэдвээр хамгаалсан. Ажлын дадлага туршлагатай, эрдмийн боловсролтой Дунгаамаа гуайг бид багшаар авч байсан. Түүний эрдмийн ажил нь археологийн олдвор, түүхэн эх сурвалжуудад үндэслэн монгол дээлийн хэлбэр хийцийн хөгжлийн үе шатыг тодорхойлсон, дээлийн зах, энгэр, суганы хэлбэрийн математик загварыг тогтоож, эсгүүрийн үлгэр байгуулах программ хангамжид хэрэглэсэн онолын шинэлэг хандлага болсон юм. Дээлийн сулын хэмжээг нарийвчлан тогтоож, зохион бүтээлтийн график тооцооны аргыг хэрэглэн, эсгүүрийн үлгэрийг гаргаж авах шинэ аргачлалыг боловсруулсан эрдэмтэн” гэсэн юм. Би Дунгаамаа даргын удирдлагад ажиллаж байхдаа түүний удирдах арга барилаас ихийг сурсан. Сайн зохион байгуулагч, нэртэй дарга эмэгтэй гэж нэмж хэлсэн билээ. Дизайнер олон шинэ патент авч, гадаад дотоодын хэвлэлүүдэд нийтлэл гаргаж, дээлийн сэдвээр гурван ч ном бүтээжээ. Дунгаамаа ийм эрдэмтэн, профессор хүн.

Дээлийн чиглэлээр судалгааны ажил хийж байгаа бакалавр, магистр, докторантууд түүний эрдмийн ажлаас заавал иш татдаг. Тэр олон магистрын ажлын удирдагч, шүүмжлэгч юм.

Хувцас, загварын салбарт өөрийн гэсэн замыг туулж, нийгмийн хоёр өөр тогтолцооны үед өөрийн гэсэн оргилыг бий болгосон загвар зохион бүтээгч, эрдэмтэн, удирдах ажилтан, багш бол Дунгаамаа билээ.

“Өрхөө татаж үүрийн гэгээг

Тооноор чи минь тосон заллаа

Тоононы хадганд тортог амсуулж

Галын бурхнаа тулгандаа тахилаа

Хоног хоногийн хорвоод

Хэргээр иржээ Дунгаамаа

Хотлын баярт миний амраг

Дуулж л явна даа Дунгаамаа…”

Дууны тэнгэр, бидний энхэр Дунгаамаа минь.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч С.Оюун

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гарааны бизнес эрхлэгч залуучууд зөвлөлдлөө

“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагааны үр дүн” зөвлөлдөх уулзалт боллоо. Энэхүү уулзалт нь Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Консалтинг” группийн хэрэгжүүлсэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” төслийн хүрээнд болсон юм.

Энэхүү төслийг найман аймаг хоёр дүүрэгт хэрэгжүүлж гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуусыг шалгаруулж, сурган, чадавхижуулав. Ийнхүү шалгарсан есөн гарааны бизнес эрхлэгчдэд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аж. Тэд өөрсдийн гарааны бизнесийг танилцуулж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай зөвлөлдсөн юм. Уулзалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Олон улсын донор байгууллагынхан оролцлоо.

“Залуучууд хөдөлмөр эрхлэлт” төслийн эксперт М.Галсансараас тус уулзалт, зөвлөгөөний талаар тодрууллаа.

-Энэхүү уулзалтын гол онцлог юу вэ?

-“Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2016 оноос Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөл нь гурван бүрэлдхүүн хэсэгтэй. Нэгдүгээрт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сайжруулах чиглэлээр ажиллана. Хоёрдугаарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг орон нутагт сайжруулах чиглэлээр найман аймаг, хоёр дүүрэгт ажиллаж байгаа. Сүүлийн хэсэгт энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

-Өнөөдрийн арга хэмжээний талаар яриач?

-Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төслийн үр дүнг өнөөдөр танилцуулж байна. Манай төсөл гарааны бизнес эхлүүлэх сонирхолтой залуучуудыг орон нутагт сургаж, дэмжих санхүүгийн дэмжлэг олгох, зөвлөн чиглүүлэх үйлчилгээнд хамруулдаг. Энэ хүрээнд нийт 890 залуусыг сургаж чадавхжуулсан. Start up weekend буюу гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр юм. Мөн төслийн уралдаанаас шалгарсан гарааны бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Одоогийн байдлаар есөн гарааны бизнес эрхлэгч 10 сая төгрөгийн дэмжлэг аваад байна. Энэхүү бизнесийн хурдасгуур хөтөлбөрийн сүүлийнх нь одоо хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрт найман гарааны бизнес эрхлэгч хамрагдаж байгаа. Эндээс зургааг нь сонгож санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Цаашдаа зөвхөн санхүүжилт өгөөд орхихгүй. Яагаад гэвэл зарим гарааны бизнес эрхлэгчид амжилтад хүрч чадахгүй байгаа. Үүнд анхаарч орон нутагт нь туршлагатай бизнес эрхлэгч, зөвлөхүүдтэй ажиллуулж байгаа.

-Гарааны бизнес эрхлэгчдийг сонгохдоо ямар шалгуур тавьдаг вэ?

-15-34 насны шинэлэг бизнесийн санаатай, цааш хөгжих хүсэл эрмэлзэлтэй залууст нээлттэй. Шалгаруулахдаа зөвхөн бичгээр бус видео танилцуулга авдаг. Үүн дээр үндэслэж шалгаруулна. Нэг аймагт 100-аад залуу шалгарч байхад тэндээс тавин залууг нь шалгаруулаад тэднийгээ сургаж бизнесийг нь дэмжиж ажилладаг” гэв.

Зөвлөлдөх уулзалтанд гарааны бизнесийн тансаг зэрэглэлийн ган төмөр, арьс гуулиар хийсэн хутга үйлдвэрлэлийн “Таван салаа” компани. Мөн “Сакар” эмийн ургамалтай казак үндэсний саван үйлдвэрлэл, хүүхдийн тараг үйлдвэрлэдэг “Мазаахай” компани, “Алтай органик цай” болон “Сүүн цацал” сүүн чихэр, “Шижир” тойгны тосоор хийсэн ванны бөмбөлөг мөн Livon брэндийн арьсан эдлэлийн үйлдвэрлэл танилцуулагдсан юм. Тэд өөрсдийн гарааны бизнесийн талаар ийнхүү өгүүлэв.

Aquila natures компанийг үүсгэн байгуулагч Л.Ганхараа: Зүрхний чинь мухарт жижигхэн гэрэл байгаа бол түүнийхээ төлөө тэмцээрэй

Тэд 2016 онд Монголдоо анх удаа тойгны шөлний тостой ванны бөмбөлөг хийж борлуулалтанд гаргаж байсан нь “Aquila” брэндийн эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдхүүн хийх эхлэл нь болсон ажээ.

-Би анх үхрийн тойгны шөлний тосыг хөл гарандаа түрхэж хэрэглэж байгаад тэрнийгээ хялбарчлах юмсан гэж боддог байлаа. Эмэгтэй хүн шөл үнэртүүлээд явах хэцүү. Гэтэл тойгны шөл ядаргаанд маш сайн. Үе мөчий өвчин хүнийг маш ихээр сульдаадаг. Гэвч тойгны шөл ардын уламжлалт арга юм. Үүнийг монголчууд хөл гарандаа түрхдэг уламжлалтай. Энийг хэрэглэх гэхээр үнэр танараас авахуулаад хэрэглэхэд таагүй байсан. Үүнийг шийдэхийн тулд ардын уламжлалт аргыг орчин үеийн шинэ бүтээгдхүүн болгохоор ванны бөмбөлөгтэй хослуулж өгсөн. Ийнхүү ваннандаа суугаад гоо сайхан болон эрүүл мэнддээ давхар анхаарах боломжтой болсон доо.

Энэ санаагаар 2016 оны арванхоёрдугаар сард Хан-Уулд болсон залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрт шалгарч, хурдасгуур хөтөлбөрт хамрагдан санхүүгийн дэмжлэг авсан. Энэ нь санаагаа бизнес болгох туршилт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, анхан шатны тоног төхөөрөмж авах, бизнесийн суурь болсон. Манай хүүхэд хоёр настай. Энэ намар хүүхдээ цэцэрлэгт оруулсан. Тэгээд есдүгээр сараас үзэсгэлэн худалдаанд орсон. Анх тойгны тостой ванны бөмбөлөг хийх санаа байсан бол одоо хэрэгжсэн. Улмаар үхрийн тойгны шөлний тосоор хийсэн хөлийн дүрлэг ванн болон шүршүүртэйгээ бүтээгдэхүүн. Үүнийг гэр хороололд байдаг хүмүүс хэрэглэх боломжтой.

-Энэхүү төсөл таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

-Гэртээ хүүхдээ хараад суудаг ээж байсан бол одоо суралцан хөгжиж, ажил хэрэгч ээж боллоо. Анх гал тогооны ширээн дээр бизнесийн санаагаа хийх гээд туршиж байсан бол одоо өөртөө ажлын байр бий болгосон байна. Мөн ажлын өрөөтэй болсон. Энэ зун бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төсөл хөтөлбөрт оролцож тэнцсэн. Дөрвөн сарын урьдчилсан хөтөлбөрт хамрагдаад өчигдөрхөн төгсөөд явж байна.

Гарааны бизнес эрхлэх гэж байгаа залуучууд бүгд өөрийн гэсэн санаатай явдаг. Зүрхний чинь мухарт жижигхэн гэрэл байгаа бол түүнийхээ төлөө тэмцээрэй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл мэрэгжилгүй, мөнгөгүй гэх мэт маш их үгүйсгэлтэй таардаг. Гэхдээ тэр үгүйсгэлтэй таардаг газраас илүү дэмждэг хүмүүсээ олоорой. Одоо залуучуудыг дэмжих сургах олон үйл ажиллагаа бий болсон. Хүн өөрөө хүсэж түүнийхээ араас тууштай явж чадах юм бол үлдсэн газарт нь бурхан ажлаа хийнэ гэдэг шиг боломжууд зөндөө гарч ирсэн байна гэв.

Livon компанийг үүсгэн байгуулагч Б.Үнэнбаяр: Байнга бодогддог байсан зүйлийнхээ шийдлийг эндээс олж харсан

Мод болон ширээр тансаг зэрэглэлийн цүнх үйлдвэрлэдэг гарааны бизнесийн Livon компани 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлж өдгөө нэрийн Epoch цүнхээ гаргаад байна.

-Савхин эдлэл хийх санаагаа хаанаас олсон бэ?

-Би арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Сургуулиа 2012 онд төгссөн. Тэгээд брэнд үүсгэе гэсэн зорилго мөрөөдөлдөө хөтлөгдөөд савхин эдлэл хийж эхэлсэн.

-Танай компанийн цаашдын төлөвлөгөө юу вэ?

-Одоогоор бид компанийхаа дотоод үйл ажиллагааг жигдэрүүлж борлуулах цэгүүдээ хайж олон, экспортлох төлөвлөгөөтэй байна. Америк, Япон, Солонгосоос манай компанид хандаж байгаа. Ойрын хугацаанд энэ газрууд руу экспорт хийдэг болох юм. Харин хэтдээ Монголдоо төдийгүй олон улсад танигдсан арьсан ширэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.

-Энэхүү төсөл таныг хэрхэн өөрчилсөн бэ?

-Энэ төсөлд орохоос өмнө захиалгаар гурван жил савхин эдлэл хийсэн. Энэ хугацаанд бэрхшээлтэй тулгарч, түүнийгээ хэрхэн шийдэх вэ гэдэг бодол байнга төрдөг байлаа. Ийнхүү байнга бодогддог байсан зүйлүүдийнхээ шийдлийг эндээс олж харсан. Энэ хөтөлбөрт орсоноор өөрийн багаа бүрдүүлсэн. Манай багт дөрвөн хүн бий, үйлдвэрлэлд 8-10 хүн тогтмол ажилладаг гэв.

Б.АМАРТҮВШИН



Categories
мэдээ цаг-үе

Г.Дорж: Гэрийн хошлонгийн хоёр үзүүр хэзээ ч уулзаж байгаагүй

Г.Доржийг Дарханы намын хорооны дарга байх үед Л.И.Брежнев дарга зочиллоо.

Генерал Дорж, академич Дорж, зохиолч Дорж, Ардын их хурлын депутат модчин Дорж… гэхчлэн олны танил Доржууд бий. Миний уулзаж ярилцаж суугаа энэ Дорж гуай бол Монголын ахмад сурган хүмүүжүүлэгчдийн нэг-жирийн л нэг багш хүн. Онцлог нь “эсэргүү” Д.Төмөр-Очирын хамсаатан хэмээн олон жил “хар хаяг” зүүж явсан нэгэн.


-Дорж гуай , хоёул яриагаа бүр эртнээс эхэлмээр байна. Нөгөөх Хонгорын Ар-Хондлонгоос?

-Бололгүй яахав. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутаг Хонгорын Ар-Хондлой гэдэг чинь миний төрсөн газар. 1928 онд энд мэндэлсэн гэдэг. Аав Гүнсэнхорол, ээж Бадам хоёр маань жирийн л малчид байсандаа. Долоон хүүхдийн дээрээсээ хоёр дахь нь би. 12 нас хүртлээ би хөдөө мал маллаж байсан гэдэг. Биднийг малчин болгох л бодолтой байсан байх. Аав , 1940 онд Улсын 8 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож ирээд “ Энэ төрд чинь эрдэмтэй хүн л хэрэгтэй юм байна” гэж их ярих болсон. Тэгснээ л намайг шууд Гучин-Ус сумын бага сургуульд оруулж байгаа юм даа.

-Ингээд л сургууль номын мөр хөөгөөд явчихав уу?

-Сургуульд явж базаагаагүй. Дөрөвдүгээр ангиа гайгүй сайн төгсгөөд хотод анагаах ухааны дунд сургуульд явуулах гэж байтал “аймаг хүнээ мэднэ” гээд намайг бага сургуулийн багш болгочихдог байгаа. Тухайн үед багш ховор байсан учир дөрөвдүгээр анги төгссөн, жаахан өсгөлүүн биетэй хүүхдийг хэд хоног семинарт суулгаад л багш болгодог байлаа. Би тэгэж л, багш гэдэг хүндтэй замыг сонгосон хүн дээ. Гучин-Ус сумандаа багшилж байтал Баян-Өндөр суманд захирлаар томилж, 16 настайдаа багш, 18 настайдаа захирал болж байлаа. Намайг ардын боловсролын замд залсан нэг ач буянтай хүн байлаа. Баян-өндөр суманд, шоронд арван жил суугаад гарч очсон Дамдингийн Ажигмөнх гэж лут эрдэмтэй хүн байсан юм. Аймаг сумын удирдлагуудтайгаа ярьж байгаад тэр хүнийг сургуульдаа багшаар авч билээ. Хэл шинжлэл, утга зохиолын талаар бол хосгүй хүн. Ц.Дамдинсүрэн гуайн үсгийн дүрмийг шүүмжилдэг хүн байсансан. Энэ хүнээс л их зүйл сурсандаа.

-Тэндээ л ажиллаад байв уу?

-Нэлээн хэдэн жил ажилласан. Сургуульд явмаар л санагдаад байдаг. Хөдөө орон нутагт чинь дэмжих хүн ховор. Удирдлагууд бол нутагтаа байлгаад л байх санаатай. Өвөрхангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Гончигдорж гуай нэг намар манай суманд ажлаар очлоо. Тэгэхэд нь уулзаж, сургуульд явмаар байна гэж учирласансан. Гончигдорж дарга тэхэд “Одоо сургууль эхэлчихлээ. Энэ жилдээ эндээ ажилла.Xойтон жил чамайг намын дээд сургуульд явуулж өгнө” гэлээ. Гончигдорж дарга хэлсэн үгэндээ хүрч намайг дараа жил нь Улаанбаатарт намын шинэ хүчний дээд сургуульд суралцуулж өгсөнсөн.

-Дөрөвдүгээр ангийн боловсролтой хүнийг намын дээд сургуульд авдаг байсан уу?

-Төгссөн сургууль хамаагүй, шалгалтанд тэнцвэл л ордог байлаа. Тэр олон оюутан дунд хамгийн бага боловсролтой, хамгийн залуу нь би байсан. Нөхдөөсөө хоцрохгүйн тулд биеэ дайчилсан даа. Чөлөө зав бүхнээ сурахад зориулж байлаа. Улстөр, эдийн засгийн холбогдолтой орос номууд барьж аваад, монгол орос толь харан орчуулдаг байлаа. Багш нартаа үзүүлж зөвөлгөө авна. Эхний хоёр жил биеэ дайчилсны үрээр нөхөдтэйгээ зэрэгцэж очсон гэж боддог. Гуравдугаар курст байхдаа хотын намын хорооны томилолтоор албан газруудад очиж улстөрийн дугуйланд багшилдаг, ОХУ-ын Эрхүү хотод очиж дадлага хийдэг болсон. Нэрт эрдэмтэн философич Ч.Жүгдэр, Д.Дагвадорж нартай их ойртон дотносож, тэдний гарын шавь болж байлаа.

-Намын дээд сургууль төгсгөөд хаана ажиллав?

-Нам төрийн даалгавраар багшийн ажлаа завсарлах хэрэгтэй болсон. Сургуулиа төгсөхөд шууд л Баянхонгор аймгийн эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилж байгаа юм. Дараа нь Богд сум нэгдлийн дарга гэхчлэн томилолтын ажилд баахан зүтгэсэн дээ. Тэгж байтал Намын төв хороо дуудаж Алма-Атад удирдах ажилтны дээд курст суралцуулаад шинэ ажил өглөө. Би бол Боловсролын байгууллагадаа очъё. Багшаа хийе гэж гуйсан. Удирдлагууд хүлээж аваагүй. Шинэ тутам байгуулагдаж байсан Сангийн аж ахуй руу оч гэсэн. Ингээд Дарханы сангийн аж ахуй хариуцсан намын төв хорооны зохион байгуулагч, дараа нь сангийн аж ахуйн намын хорооны даргаар ажилласан. Энд есөн жил ажиллахдаа аж ахуйн ажил сайн гэж их л магтуулж байсан.

-Тэгээд юу боллоо? Эсэргүү хэрэгт холбогдчихлоо гэж дуулдаж байсан?

-Миний, Дарханы САА-д ажиллаж байх үеэр Д.Төмөр-Очир гуай буруудаад Дархан хотын музейн эрхлэгчээр нутаг заагдаж ирээд байсан юм. Бид хоёр жирийн сайхан холбоотой байсан. Тэгсэн чинь нэг өдөр Намын хянан шалгах хорооны Балдандаваа гэж хүн ирж байцаадаг юм байна. Эсэргүү Д.Төмөр-Очирын хань хамсаатан гэдэг пайз зүүлээ. Д.Төмөр-Очир гуайтай уулзаж учирч байсан бүх зүйлийг өдөр цагаар нь тагнасан байх юм. Үзэл суртлын ажилтны анхдугаар зөвлөгөөн дээр Д.Төмөр-Очирын даалгавраар Чингисийг магтаж үг хэлсэн гэнэ. САА-даа байсан Лениний том зургийг Д.Төмөр-Очирт бэлэглэсэн гэнэ. (Музейд нь тавиулсан юм шүү дээ). Д.Төмөр-Очиртой анд хамт яваад ангийн отгоос хол хоёул хэдэн цаг нууц зүйл ярьж зогссон гэнэ. (Бид хоёр ан л ярьсан байхгүй юу) гэхчлэн олон зүйл тулгаж загнаад буцлаа. Дараа нь Намын хянан шалгах хорооны хурлаар орж байгаа юм даа.

-Өнөөх л тулгасан зүйлээрээ ял тулгав уу?

-Үгүй шүү. Д. Төмөр-Очирын тухай огт дурсаагүй. Намайг ревизионист, дураараа, нам төрийн ажилд тэнцэхгүй гэхчлэн загнаад, намаас хөөхийг сануулж донгодон ажлаас халсан. Нутаг зааж Сэлэнгийн намын хороонд шилжүүлэхдээ “мал маллах юмуу тариа ногооны ажил өг” гэсэн юм билээ. Арга хэмжээ авагдаад гарахад үүдэн дээр Балдандаваа сууж байсан. “Нөгөө Д.Төмөр-Очирын хамсаатан гэсэн чинь яалаа? Тэр хүний нэр ч сонсолгүй арга хэмжээ авагдчихлаа” гэсэн чинь Балдандаваа өөдөөс: “Д.Төмөр-Очирын хамсаатан 280 хүн шийтгэгдээд байна. Одоо нэр томьёог нь жаахан өөрчилж байгаа” гэж билээ.

-Тэгээд малчин болов уу?

-Нэгэнт нутаг заагдсан хүн чинь нөгөө л газраа очлоо доо. Сэлэнгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Хасбазар, Аймгийн дарга Цэрэндаваа, тусгай хэлтсийн дарга Ваанчиг гуай нар намайг их сайхан хүлээж авсан. Над гайгүй шиг ажил өгчих гээд л дээшээ яриад байх шиг. Хэсэг хугацааны дараа намайг ахуй үйлчилгээний товчооны даргаар түр томилж билээ. Энд би, нөхдийнхөө итгэлийг дааж ажилласаан. Миний харьяа нэг зочид буудал, хоёр орон сууц, ил далд шугам сүлжээ, нэлээн түвэгтэй ажил. Өвөл болох гэж байхад засвар үйлчилгээ, дулаан, цэвэр бохир усных нь шугам хоолой ажилгүй болсон газар байв. Надад яаралтай туслах хүмүүс бол Хиагтаас наахна байгаа орос цэргийн ангийнхан. Нэг өдөр цэргийн ангийн удирдлагуудтай уулзаж учир явдлаа хэлсэн чинь, дор нь баахан багаж төхөөрөмжтэй цэргүүд ирээд өнөөх ажилгүй шугам хоолойнуудыг бүгдийг нь сольж тавиад, дулаан, цэвэр бохир усаар хангачихлаа. Тэгээд ч зогссонгүй захиргааны байрыг засаад ямар гоё болгосон гээ. Дарга нар тааламжтай хандаж, өнөө жил дулаан өвөлжинө гээд баярлаж байсансан. Энүүхэндээ гэхэд би оросуудтай их нөхөрлөж явсан, ядрах үед тэд л тус болдог байсан даа. Энэ бүх засвар үйлчилгээний ажилд сохор зоос ч биднээс аваагүй.

-Энд бас нэг баларсан гэл үү?

-Тэгсэн. “Эрэг долоо нурдаг, эр хүн долоо бүдэрдэг” гэгч л болсон доо. Манай байгууллагад контор гэх юм байхгүй. Байр байшингийн булан зайд л хоргодож байсан юм. Би чинь юм юмтай болголоо. Хүн орохын эрхгүй, хаягдсан дан барилга байсныг оросууд маань засаад хачин сайхан контортой болгочихлоо. Хаягдах гэж байсан нэг муу 69 машиныг мөн л оросууд засаад шинэ юм шиг болгоод унуулчихлаа. Ажил өөдрөг, хүмүүсийн ам их сайн байсан үед дахин бүдрэх нь тэр.

-Яалаа, бас л эсэргүү хэрэгт холбогдсон уу?

-Нөгөө шинэ байшиндаа утас тавиулахаар тээврийн баазаас нэг эксковатор авчраад нүх ухуулж байсан чинь холбооны нууц шугам тасалчихаж. Бөөн юм боллоо. “Өнөөх Төмөр-Очирын хамсаатан чинь наадам болох гэж байхад холбооны нууц шугамыг зориуд тасалчихаж” гээд л шуугиж өгсөн дөө. Айлаа . Ядарсан үед тус болдгоор нь оросууд руугаа харайлгах нь тэр. Тэд мэргэжлийн хүмүүстэйгээ ирээд хэдхэн цагийн дотор холбож битүүмжлээд ажилд оруулчихаж билээ. Хурандаа И.Ф. Мараков даргатай орос цэргийн ангийн нөхдөдөө би насан туршдаа баярлаж явдаг хүн. Ингээд Сэлэнгэ аймагт сайн нөхдийн дунд сайхан байсаан. Гэхдээ нутгаа, ах дүү садан төрлөө их санана. Хааяа Хасбаатар даргадаа цухуйлгахад “Тэр бол бидний мэдэх ажил биш” гэнэ.

-Нутагтаа очоод юу хийв дээ?

-Ажиллаж байхдаа ХАА-н дээд сургуулийг эчнээгээр төгсгөж, эдийн засгийн мэргэжил эзэмшсэн маань хэрэг болсон. Намайг аймгийн захиргааны төлөвлөгөөний хэлтэст эдийн засагчаар ажиллуулж байснаа Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга болголоо. Энэ үед нөгөө Балдандаваа маань мэдчихээд Бүнчин даргад хатуурхаж. “Д.Төмөр-Очирын хамсаатан тэр эсэргүү нөхрийг яагаад дарга болгож байгаа юм!” гэж. Б.Бүнчин дарга хариуд нь: “Намын хянан шалгах хорооны дарга Н.Лувсанравданд дуулгасан. Дарга “өөрөө мэд” гэсэн гээд нэг удаа тогтоосон юм. Тэгтэл Балдандаваа маань төвд өндөр албанд ажиллуулж болохгүй гээд харьяа яамны сайдад хэлээд халуулчихаж байгаа юм. Тэгээд би 1972 оны их зуднаар, дарга нь аваарт ороод хүнд өвчтэй байсан Богд сумын даргаар очсон.

-“Богдод богд шиг хүндлэгдсэн” гэсэн яриа бий?

-Богд сум малаа өсгөхийн зэрэгцээ Ховд голоос суваг татан, анх удаа тариа ногооны өндөр ургац авдаг болсон. Сумынхаа ажилгүй хүмүүсийн хүчээр барилга байшин барьж аймагтаа анхны АТС-тэй сум болж байсан юм. Их юм хийсэндээ. Энэ маань намайг Богдод төдийгүй Өвөрхангайд таниулж өгсөн юм. Ажлынхаа үр шимийг үзэж байтал Шаравчогдон дарга маань илааршиж ажилдаа орох болсон, би ч бие муудаад Улаанбаатарт шилжиж ирсэн дээ. Намайг, арван зургаахан настайгаасаа галыг нь түлэлцсэн Боловсролын байгууллага маань түшиж авсан. Заамарын ХАА-н ТМС-д захирлаар явуулж билээ. Энэ ТМС-ийг хөл дээр нь босгоход сайн ажилласан гэж, нөгөөх л хасагдаад байдаг шагналуудаасаа анх удаа, алтан гадас одон хүртээж байгаа юм. Дараа нь, Дээд боловсролын хороонд ХАА-н сургалт үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн дарга зэрэг албыг хашиж байгаад 1987 онд тэтгэвэрт гарсан. Тэгээд ч зүгээр суулгүй, ОХУ-д оюутан сурагчдын багшаар явж ажиллан, шавь нартаа гарын авлага болсон ном бичсээр 90 насны босгонд туллаа даа.

-Таны ном, бичсэн зүйлүүдийг уншиж байхад боловсролын өнөөгийн тогтолцоонд нэлээд шүүмжлэлтэй хандсан байдаг. Энэ тухай сонирхмоор байна?

-Аль ч улс үндэстэн хүүхдээ сайн хүн болох төлөвшлийг нарийн шүтэлцээтэй гурван зүйлээр олгож ирсэн. Монголчууд ч ялгаагүй. Уламжлал- хүмүүжил-боловсрол гурав бол салгаж болохгүй ойлголт. Сүүлийн үед, ялангуяа 1970- аад оны үеэс монголын боловсрол дахь энэ шүтэлцээ алдагдсан. Уламжлал, хүмүүжил гэдэг хоёр гол зүйлийг боловсролын тогтолцооноос хасаад, оронд нь “барууны зэрлэг”-үүдийн хэв маягийг оруулж ирсэн. Хүний оюун ухааныг стандартчилалд оруулж байгаа нь тэр гэнэ. Хуулиндаа хүртэл тусгасан. Хүүхэд хичээлдээ суусан ч болно, суугаагүй ч болно гэнэ. Багш нараа элдвээр доромжилж, ахмад багш нараа доромжилсон дуу хүртэл гарч байлаа. Хүүхдийг, багаасаа мэргэжлээ сонгодог ТМС-үүдийг устгасан. Телевиз, цахим сүлжээ хяналтгүй болж, хүүхэд сониуч амьтан болохоороо барууны аль болохгүй зүйлүүдийг түүж үзэн, энэ нь миний яриад байгаа уламжлал, хүмүүжлийн орон зайг эзэллээ. Ингээд ганцхан боловсрол үлдсэн боловч энэ нь өнгө мөнгөний асуудал болсон. “Төрийн сан” гэдэг их мөнгөөр голдуухан ихэс дээдэс, баячуудын хүүхэд гадаадад суралцаад тэндээ шингэдэг боллоо. Өвгөн багш нь энэ бүхнийг шүүмжилж бичээд, ад үзэгдээд байгаа юм.

-Багш нараасаа болоод байгаа юм биш үү?

-Тийм тал ч бий. Бидний үед багш бэлтгэж байсан тогтолцоо алга болсон. Арван багшийн гурав нь хүмүүжил ёс суртахууны доголдолтой хүмүүс гарч ирж байна. Сурагчдаараа архи тамхи зөөлгөөд анги контортоо архиддаг, тамхилдаг, тэр битгий хэл хүүхдээ хүчинддэг багшийг ямар багш гэх юм! Багш бэлтгэдэг сургуулиудад онцгой анхаарал тавимаар байна.

-Боловсролд гадаад орны туршлагыг авч байна л гэх юм?

-Гадаадад, ялангуяа баруунд сайн юм их бий. Гэхдээ авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Улс үндэстнийхээ онцлогт тохируулахгүй, гаж буруу зүйлийг нь авч хэрэгжүүлээд байж болохгүй л дээ.

-Сүүлийн үед багш нар ажил хаяад сүйд болж байна. Та үүнийг ямар өнцгөөс харж байна?

-Цадигаа алдсан хүүхэд, цалингаа чамласан багш нарыг дэмжээд байх нь юу юм дээ?! Харьцангуй бага цалин авч байгаа багш нарыгаа би өмөөрнө. Адилхан ажил хийж байгаа хүмүүс, ямар нь сард 25 сая төгрөг аваад, ямар нь сард 450 мянган төгрөг авч байх учиртай юм. Төр засгийн энэ ялгаварлалыг би эсэргүүцнэ. Гэхдээ, барууны орны багш нартай жишээд сарын цалингаа 1,5 сая төгрөгт хүргэнэ гэдэг бол хэтэрхий даварсан сэтгэлгээ. Үүнийг багш нарын нэр бариад хөөргөж байгаа цөөн хүн байгаа л даа. Багш нарын цалинг ажилласан жилээр нь, ажлын үр дүнгээр нь шавь нараа төлөвшүүлсэн байдлаар нь, ёс зүйн хэм хэмжээгээр нь ялгавартай тогтоох хэрэгтэй. Дөнгөж сургуулийн ширээний араас босч ирчихээд 1500000 төгрөгийн цалин нэхээд байж болохгүй биз дээ?!

-Яриа өндөрлөх дөхлөө. Таны “эсэргүү” хэрэг юу болж төгслөө?

-Цагаадсан. Ардчиллын буянаар нэр цэвэр болсон. Балдандаваатайгаа учир зүйгээ ололцох гэж хөөцөлдөөд чадаагүй. Хилс хэрэгт хайран амьдралаа зольсноо эргэж харахад нэг л зүйл бодогддог юм. Намайг багад манай нутагт Эрэгзэдтүндэв гэж нэг тэнэмэл хүн байлаа. Хачин үнэн үгтэй. Тэр нэг удаа “Гэрийн хошлонгийн хоёр үзүүр хэзээ ч уулздаггүй юм” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй. Балдандаваа бид хоёрын хувь заяа, яг л хошлонгийн хоёр үзүүр шиг төгссөн дөө. Тэр намайг “эсэргүү” болгох гэж зүтгээд, би “эсэргүү биш” гэдгээ батлах гэж насаараа хөөцөлдөөд, нэгэн үзүүрт уулзаж чадаагүй юм.

(МУГЗ) Г.ЖАМЬЯН

Categories
мэдээ цаг-үе

“Tesla Semi” шинэ үеийн цахилгаан ачааны машиныг танилцууллаа

“Tesla Motor”-ын ерөнхий захирал Илон Маск нь Калифорни мужид компанийнхаа шинэ бүтээгдэхүүн цахилгаан ачааны машиныг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм. “Tes­la Semi” хэмээн нэрлэсэн машиныг 2019 оноос эхлэн үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Шинэ үеийн машин нь нэг удаа цэнэглээд 805 километр замыг туулдаг. Аккумулятор болон хөдөлгүүр нь 1,6 сая км замыг туулах зориулалттай. Шинэ үеийн машин нь дизель шатахуунаар ажилладагтай харьцуулахад 20 хувь бага зардалтай байна гэсэн тооцоо гаргажээ. Галт тэрэгний тээвэрлэлтийн зардлаас хамаагүй хямд гээд олон давуу талтай. “Autopliot” хэмээн нэрлэдэг шинэ технологийг ашиглан бүтээсэн цахилгаан ачааны машин нь хагас автомат жолоодлоготой. Замд нь ямар нэгэн саад тулгарахад автоматаар зогсдог гэнэ.

Түүнээс гадна 300-400 километр замыг туулах нөөцтэй юм байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нөөц нь маш чухал гэнэ. Ер нь бол ачааны машинууд нэг өдөрт 300-450 киломерт замыг туулдаг.

“Tesla” компани нь шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахаар Калифорниг сонгосон нь учиртай аж. Тус мужийн Лос-Анжелес болон Лонг-Бич боомтууд нь аажмаар дизелиэр ажилладаг машинуудаар ачаа тээвэрлэхээ болино хэмээн төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, агаарт хортой хий ялгаруулдаггүй машин хэрэглэдэг болох зорилт тавьжээ. Цахилгаан ачааны машины бас нэгэн онцлог нь жолоочийн бүхээг. Жолоочийн суудал нь бүхээгний яг голд байрлах бөгөөд хоёр талдаа толины оронд 15 инчийн дэлгэцтэй. Машины шил нь нэлээд хүчтэй цохилт даах чадвартай. Аккумуляторыг жолоочийн суудлын дор буюу хамгийн аюулгүй газар байрлуулжээ. Машины бүхээгийг хагас дугуй хэлбэртэй хийсэн нь аэродинамикийн татах хүчийг багасгах зорилготой юм байна.

“Tesla” компани шинээр бүтээсэн цахилгаан ачааны машинаараа хамгийн түрүүнд Невада муж дахь үйлдвэрээсээ Калифорни дахь аккумлятор угсардаг үйлдвэрт зарим эд ангийг нийлүүлэхэд ашиглах гэнэ. Өөрөөр хэлбэл, шинэ үеийн машиныг үйлдвэрлэж худалдаанд гаргахаас өмнө амжиж тус компани нь цэнэглэдэг газруудыг байгуулах юм. “Tesla Semi” машиныг цэнэглэхэд ердөө 30 минут шаардлагатай.

“Tesla” компани нь шинэ үеийн машин бүтээх чиглэлээр нэлээд идэвхтэй ажиллаж байгаа компаниудын нэг. 2008 онд “Roadster” нэртэй анхны шинэ үеийн машиныг бүтээсэн. Удахгүй 96 км/цаг хүртэл хурдалдаг “Roadster II” машиныг хэрэглэгчдийн хүртээл болгосон. Түүнийг уралдааны машинтай харьцуулахын аргагүй хурд, үзүүлэлт зэрэг нь хамаагүй илүү.

Шинэ үеийн ачааны машин нь чухам ямар үнэтэй талаар “Тesla Motor” компанийн ерөнхий захирал тодорхой мэдээлэл өгөөгүй. Ямар ч байсан эхний ээлжинд 5000 ам.долларын барьцаа авах юм байна. Ер нь ойролцоогоор 250 мянган ам.доллараар үнэлэгдэх бөгөөд 50 мянган ам.долларын урьдчилгаа төлнө гэсэн болзол тавих юм. Эхний ээлжинд “Tesla” компани нь 1000 цахилгаан ачааны машин үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

“Tesla”-гаас өөр хэд хэдэн компаниуд цахилгаан ачааны машин үйлдвэрлэх чиглэлээр нэлээд эрчимтэй ажиллаж байгаа. Алдарт “Daimler” компани шинэ бүтээгдэхүүнээ удахгүй гаргах бөгөөд хэд хэдэн загвар гаргачихаад байгаагаа олон нийтэд үзүүлж байсан. Түүнээс гадна “Paccar” компани цахилгаан, гибрид, хий, устөрөгчөөр ажилладаг мотортой ачааны машин бүтээж байгаа. Мөн “Volvo AB” компани нь алсын зайнд явах чадвартай гибрид ачааны машин удахгүй үйлдвэрлэж эхлэх юм. “Cummins” компани ч тэднээс дутахгүй хэмээн шинэ үеийн машин бүтээх гэж байгаа. Гэвч эдгээр машинууд нь нэг удаа цэнэглээд ердөө 160-350 километр зам туулах чадвартай. Тиймээс одоогоор “Tesla Semi”-г үзүүлэлтээрээ гүйцэхгүй байна. Нэг удаагийн цэнэглэлтээр аль болох хол явах нь ачааны машины хувьд маш чухал.

“Tesla Semi”-гийн бас нэгэн давуу тал дөрвөн цахилгаан мотортой. Энэ нь 1032 морины хүчтэй тэнцэх юм. Ачаагүй бол таван секундэд хэдэн зуун километр замыг туулах чадвартай гэдгийг түүнийг бүтээгчид нь онцолжээ. Бүр тодруулбал суудлын “Audi” машин шиг хурдлах чадвартай юм.

Мэргэжилтнүүд “Tesla” компани яаж нэг удаагийн цэнэглэлтээр 805 километр зам туулах чадвартай цахилгааны машиныг бүтээсэн амжилтыг хамгийн ихээр сонирхож байгаа гэнэ. Зайг нь ердөө 30 минут цэнэглэхэд халахгүй зэрэг техник технологийн хувьд маш том амжилт гаргасан байна. Энэ машины бас нэгэн давуу талаас дурдъя. Шинэ үеийн цахилгаан ачааны машинаар тээвэрлэлт хийснээр эзэмшигч нь жилд 26 мянган ам.доллар хэмнэх юм.

“Tesla” компани удахгүй бас нэгэн шинэ бүтээгдэхүүнээ олны хүртээл болгох гэнэ. “Мөнхийн” хэмээн нэрлэсэн хөдөлгүүр хийхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл тос, шүүлтүүр зэрэг эд ангиудыг нь солихгүйгээр 1,6 сая километр замыг туулах чадвартай хөдөлгүүр.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шинэ үеийн цахилгаан ачааны машин нь зах зээлд нийлүүлж эхлэнгүүт шууд л борлуулалтаараа тэргүүлээд эхэлнэ хэмээн бодож болохгүй гэнэ. Одоогоор олон түмэнд сонирхуулахын тулд хоёр л ийм машиныг үйлдвэрлэсэн. 2020 оноос нааш олноор нь үйлдвэрлэхгүй. Түүнээс гадна цэнэглэдэг газруудыг аль болох олон цэгт байгуулах ёстой. 2020 он хүртэл “Tesla”-гийн өрсөлдөгч компаниуд нь давуу үзүүлэлттэй цахилгаан ачааны машин үйлдвэрлэж эхэлчихгүй бол “Tesla Semi” нэг хэсэгтээ л байлдан дагуулна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьсгалах эрхийг нь хангаж өгөхийг шаардсан жагсаал боллоо

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын гадаа цуврал жагсаал хийхээр төлөвлөсөн билээ. Эхний жагсаал нь өнгөрсөн сарын 10-нд Хотын захиргааны гадаа Хотын дарга С.Батболдод хаягласан байсан. Харин хоёр дахь жагсаалаа өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хандан Ялалтын талбайд жагслаа. Тэд хүний эрх хамгийн ихээр зөрчигдсөн нөхцөлд амьдарч байгаа иргэдийнхээ өмнөөс дуугаран ийнхүү жагсан юм.

Жагсаалд оролцогсод “Амьсгалах эрхийг минь хангаж өгөөч”, “Ж.Бямбадоржоо эмнэлгийн коридороор яваад үзээч”, “”Та хамраа нээ!”, “Та ядахдаа өөрийнхөө уушгины төлөө дуугараач” гэсэн уриа лоозон барьцгаасан байлаа.

Жагсаалд оролцож байгаа нэгэн иргэн хэлэхдээ: “Утаа ихтэй өглөө хүүхдүүдээ хичээлд нь явуулмааргүй байна. Онц ноцтой ийм утаатай үед цэцэрлэг сургуулийг амраах хэрэгтэй. Хүүхдүүд хордож байна. Тэд үгүй гэж хэлж чадахгүй. Хүүхдүүд маань утааны ноцтой хохирогчид болж байгаа” гэсэн байна.

Тэд дараагийн жагсаалыг Агаарын бохирдлыг бууруулах газрын гадаа хийхээр төлөвлөжээ.

Гэрэл зургийг Б.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ нийгэм

Авлигаас урдчилан сэргийлэх дэд зөвлөлийг байгуулав

Авлигаас урдчилан сэргийлэх дэд зөвлөлийг байгуулав

Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн, хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Авлигаас урдчилан сэргийлэх дэд зөвлөлийг байгуулж АТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран ажиллах гурвалсан гэрээ үзэглэв. Ингэснээр нийслэлийн төр захиргааны байгууллагын бүх шатны үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох, авлига, хээл хахуульгүй, төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг явуулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.

Хамтарсан гарын үсэг үзэглэх үеэр НИТХ-ын дарга, Гэмт хэргээс урдчилан сэргийлэх зөвлөлийн дарга С. Амарсайхан: Нийслэлийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа шат шатандаа харьцангуй нээлттэй байгаа боловч илүү нээлттэй , ил тод болгох шаардлагатай. Тухайлбал нийслэлийн хэмжээнд олны анхааралд өртсөн, онцгой анхаарал татсан нийслэлийн төр захиргааны байгууллагын шат шатны албан тушаалуудыг наймаалцах, зарах, худалдах тухай “60 тэр бум”-ын асуудал хүртэл бий. Гэвч энэ хэргүүд үнэхээр болсон эсвэл болоогүй юу гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй, тодорхой болгох ёстой үргэлжлүүлэх хийх ажлууд ч бий. Ингэснээр нийслэлийн төр захиргааны байгууллагууд төдийгүй төрийн бүх шатны ажилтан, албан тушаалтнуудын өмнө энэ мэдээлэл тодорхой болохоос эхлээд цаашид төрийн албан хаагчид ямар сахилга, баттай, мэргэжлийн ёс зүйгээ хэрхэн сайжруулж ажиллах вэ гэдэг дээр хүртэл тодорхой нөлөө үзүүлэх ёстой. Иймд асуудлуудыг зүгээр нэг болсон юм шиг эсвэл болоогүй юм шиг, шийдэгдсэн, шийдэгдээгүй нь мэдэгдэхгүйгээр хаяхгүйгээр эхнээс нь цэгцлэх ажлыг “мухарлаж” явах ёстой.

Цаашлаад энэ гэрээний хүрээнд нийслэлд явагдаж байгаа бүх, тендэр, худалдан авах үйл ажиллагаанаас эхлүүлээд бүх шатны ажлыг сүүлийн үеийн мэдээллийн технологи, технологийн шийдэл дээр үндэслэн бид иргэдэд илүү нээлттэй ил тод болгоно . Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгуллагын нууцын мэдээлэээс бусад бүх төрлийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгож тендэр, сонгон шалгаруулалтын ажлыг ил тод явуулах арга хэмжээг зохион байгуулж явуулах зайлшгүй шааардлага байна гэлээ гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.