Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Элчин сайд Галт нутаг буцна

Image result for АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ГАЛТАНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт хоёр жил гаруй гүйцэтгэсэн албан томилолтоо энэ сарын 10-ны өдөр дуусган нутаг буцах гэж байна.

2015 онд томилогдон ирснээсээ хойш Элчин сайд Монгол Улсын төр засаг, нийгмийн бүхий л салбаруудтай идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой, Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ой, Монголоос одоогийн байдлаар 200-гаад хүн хамрагдаад байгаа Фулбрайт хөтөлбөрийн 70 жилийн ой зэрэг хэд хэдэн чухал ойг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Элчин сайд Галтын удирдлага дор Элчин сайдын яам нь БНАСАУ-аас тогтвортой бус байдал үүсгэж буйгаа зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг уйгагүй шахаж шаардан ажиллалаа. Элчин сайд Галт мөн дэлхий дахинаа энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний оруулж буй хувь нэмрийг үнэлж, дэмжсээр ирсэн билээ.

Элчин сайд эдийн засгийн хамтын ажиллагаанд голчлон анхаарч, ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг авахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэн, АНУ-аас хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчдийг Монголд авчрах, мөн Гадаад харилцааны сайдтай хамтран Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүн компаниудын төлөөллийг Вашингтонд аваачих зэрэг ажлыг зохион байгуулж байв. Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хөхиүлэн дэмжих талаар хүлээсэн үүргээ биелүүлж, хууль тогтоомж батлахад нь Монгол Улсын засгийн газарт дэмжлэг үзүүлж, улмаар 2017 оны 3-р сард АНУ-Монгол Улсын Ил тод байдлын хэлэлцээр хүчин төгөлдөр болох үүдийг нээсэн юм. Элчин сайд Галт АНУ-д төвтэй Мерси Кор ТББ болон ХХААХҮЯ-тай хамтран Монгол Улсад махны экспортын салбарыг хөгжүүлэх зорилго бүхий 10 сая ам.долларын хөтөлбөрийг эхлүүлсэн. Мөн тэрээр АНУ-ын ОУХА-тай хамтран Монголын жижиг, дунд бизнесүүдийг дэмжих 25 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм. Үүний зэрэгцээ Элчин сайдын удирдлага дор Мянганы сорилтын корпораци Улаанбаатарт нүүрлээд буй цэвэр усны хомсдлын асуудлыг шийдвэрлэж, урт хугацаандаа хотын цэвэр усны тогтвортой системийг бий болгоход хөрөнгө оруулалт хийх төсөл боловсруулаад байна.

Элчин сайд онцгой анхаарал хандуулсны үр дүнд залууст зориулсан хөтөлбөрийн хамрах хүрээ ихээхэн өргөжсөн байна. Азийн орнуудаас Монгол Улс FLEX буюу “Ирээдүйн манлайлагчдын солилцоо”-ны хөтөлбөрт хамрагдсан эхний орон болж, энэ онд дунд сургуулийн 10 сурагч АНУ-д нэг жилийн хугацаагаар суралцаж байгаа бөгөөд ирэх оноос жилд хамрагдах сурагчдын тоог 20 болгон нэмэгдүүлнэ. Мөн залуу мэргэжилтнүүдэд АНУ-д хөтөлбөрт хамрагдаж ирээд эх орондоо нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт оролцох боломжийг олгодог, АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэй LEAD буюу “Ардчиллыг хөгжүүлэгч залуу манлайлагч” хөтөлбөрийг Элчин сайд эхлүүлсэн билээ. Элчин сайдын манлайлал дор Увс аймгийн Улаангом, Дорноговь аймгийн Сайншанд хотод Америкийн соёл, мэдээллийн төв шинээр нээгдэн, Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд эрчим хүчний хэмнэлттэй шийдэл бүхий цэцэрлэгийн барилгуудыг АНУ-ын Батлан хамгаалах яамны хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилтээр барьж, хүлээлгэн өгчээ.

Элчин сайд Галт Вашингтон хотноо буцаж очоод Төрийн Департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын тэргүүн орлогч бөгөөд Туслах төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм. Элчин сайдын яамны дэд тэргүүн Мануэл Микаллер дараагийн Элчин сайд томилогдтол хэргийг түр хамааран ажиллах юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын зургаан байнгын хороо хуралдана

ЗурагУИХ-ын зургаан байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Үүний дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэлж, ирэх оны төсөв болон Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх нь.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд эхэлж, ирэх оны төсөв болон түүнтэй хамтатган өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, 2018 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо үдээс хойш хуралдаанаа хийж, мөн ирэх оны төсвийг хэлэлцэх аж.
Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн автозамын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Image result for Орон нутгийн зам цасАвтотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл хүргэлээ.

Цасны улмаас хаагдсан зам, даваа байхгүй бөгөөд хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж. Харин Багануурын даваа, Төв аймгийн Хоолт, Айцын даваа, Өвөрхангайн Шартын даваанд халтиргаа, гулгаа үүссэн байна. Мөн урд чиглэлд Улаанбаатар-Дорноговь аймгийн Өргөн, Дэлгэрцогт сум, зүүн чиглэлд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Улаанбаатар-Арвайхээр, Архангай, Завхан-Тосонцэнгэлийн замд халтиргаа гулгаа үүссэн тул жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Өчигдөр цасны улмаас орон нутгийн замд нэг автобус түр саатсан байна. Улаанбаатар-Өвөрхангай Сант чиглэлд 20 зорчигчтой “Хараацайн жигүүр” компанийн 56-67 УНД дугаартай тээврийн хэрэгсэл Төв аймгийн Эрдэнэсант сумаас 40 км орчимд Жаргалантийн гол гэдэг газарт цасанд сууж, цааш явах боломжгүй болсон бөгөөд холбогдох албаныхан яаралтай арга хэмжээ авч тусламж үзүүлснээр хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнхжаргал: Олон эмэнд дасалтай сүрьеэгийн эмчилгээг тасалдуулбал ямар ч эмчилгээгүй болно

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судлалын тасгийн эмч Д.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Эмэнд дасалтай сүрьеэгээр өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байна. Энэ хүмүүсийг бүрэн эмчлэх ямар, ямар эмчилгээ танайд хийгдэж байгаа вэ?

-Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас өнгөрөгч онд эмэнд тэсвэржилтийн тандалт судалгааг гурав дахь удаагаа зохион байгууллаа. Үүгээр манайд шинэ тохиолдлын дунд рифампбицен эмэнд тэсвэржилтийн эзлэх хувь 5.3 хувь, урьд нь эмчлэгдэж байсан тохиолдол 16.5 хувьтай гарсан. Эмэнд мэдрэг сүрьеэгийн тоо харьцангуй тогтвортой байгаа ч эмэнд дасалтай сүрьеэгээр өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байна. Харьцуулбал, 2006 онд анх эмэнд дасалтай сүрьеэгийн улсын дундаж 1.5-тай байсан бол одоо 7.6 болтлоо нэмэгджээ. Энэ үзүүлэлтийг нөгөө талаар оношлогооны чадвар сайжирч байгааг харуулж байгаа явдал гэж харж болно. Аймаг, дүүргүүдийн эмнэлэг эмэнд тэсвэржилтийг хоёр цагийн дотор мэддэг аппарат, тоног төхөөрөмжтэй болсон. Эмэнд дасалтай сүрьеэгээр өвчлөгсдөд таваас зургаан төрлийн эм уулгадаг. Ямар эмэнд тэсвэртэй байна гэдгээс хамаараад харилцан адилгүй. Нэг эмээс өдөрт дөрвөөс таван ширхгийг, нийт хориод эмийг хоёр жилийн турш ууна. Энэ бүх эм, эмчилгээ манай улсад 100 хувь үнэгүй байдаг.

-Сүрьеэгийн эмчилгээг 100 хувь үнэ төлбөргүй хийдэг. Бүрэн эдгэрэх боломжтой өвчин гэхээр хүмүүс тайвширч, алгуурлах тал байдаг уу?

-Тийм. Тухайн өвчтөний халааснаас нэг ч төгрөг гардаггүй болохоор хүмүүс эмчилгээг тууштай хийлгэдэггүй. Энэ нь өөрөө эмэнд дасалтай сүрьеэ бий болох анхдагч хүчин зүйл болдог. Хоёрт, тухайн хүн анхнаасаа эмэнд дасалтай сүрьеэгийн нян авч энэ өвчнөөр өвчилдөг. Антибиотек тэсвэржилтийн эрин үе гэдэг шиг сүрьеэгийн тэсвэржилт нь сүрьеэгийн эмчилгээ бий болсон үеэс эхлээд яригдаж эхэлсэн. Ямар ч нян, бактерийг буруу эсвэл дутуу эмчлэхэд тэсвэрждэг. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ урт хугацаанд буюу есөөс 24 сарын хугацаанд үргэлжилдэг. Манай улс 2003 оноос эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилж, 2006 оноос эмчилж эхэлсэн. Манай улсад хийгдэж байгаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ нь ДЭМБ-ын зөвлөмж болгосон олон улсын стандартад нийцсэн байгаа. Иргэдийн дунд Япон, Солонгост очвол сүрьеэг сайн эмчлэгдэнэ гэсэн хандлага ажиглагддаг. Бид тэдэнтэй яг ижил стандартаар эмчилгээ хийдэг.

-Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Гэтэл сүрьеэгээр өвчлөгсөд нас барах тохиолдол гарсаар байна. Энэ юутай холбоотой вэ?

-Сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй болохоор хэзээ ч очсон эмч нар бүрэн эмчилнэ гэж боддог. Хэзээ ч ирсэн бид эмчилнэ. Гэхдээ эмчилгээний сонголт хязгаарлагдмал болдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Эмчилгээгээ тасалж дутуу орхиод байвал өвчин хүндэрсээр бүрэн эмчлэгдэх боломжгүй болно. Нэг эмэнд дасалтай сүрьеэ өвчтэй хүнийг эмчлэхэд дөрвөөс зургаан мянган долларын эмийг үнэгүй өгдөг. Олон эмэнд дасалтай сүрьеэд бол 40 мянган долларын өртөгтэй 5-6 төрлийн эмийг хоёр жил өдөр бүр уух ёстой. Тухайн өвчтөн хэрвээ энэ эмчилгээг тасалдуулах юм бол ямар ч эмчилгээ байхгүй. Үхлээр дуусна. Ийм 100 хүн тутмын 75 нь таван жилийн дараа нас бардаг. Үлдсэн 25 нь амьдралын төгсгөлийн шат руу шилжинэ гэсэн үг.

-Зөвхөн сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдэг гэж байдаг уу?

-Ганцхан сүрьеэ өвчний үед илэрдэг өвөрмөц шинж тэмдэг гэж байдаггүй нь сүрьеэг оношлоход төвөг учруулдаг. Хоёр долоо хоногоос дээш хугацаанд ханиалгах, хоолонд дургүй болох, жин буурч, турах, ядарч сульдах, шөнө хөлрөх эсвэл халуурах гэх мэт ханиад томуу болон бусад өвчинтэй төстэй шинжүүд илэрдэг. Үүнээс болоод эмч нар өөр өвчин гэж сэжиглэнэ. Өвлийн улиралд жаахан хүүхэд сүрьеэгийн нян авчээ гэхэд томуу, томуу төст өвчин гэж үзээд өөр талаас нь эмчлээд байдаг. Энэ мэтээр өөр өвчинтэй андуурах тохиолдол бий.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

– Сүрьеэ амьсгалын замаар дамждаг учраас хувь хүнээс шалтгаалах зүйл байхгүй. Гэхдээ сүрьеэгийн халдвар авсан хүн бүхэн өвчилдөггүй. Тэдний арван хувь нь өвчлөх эрсдэлтэй. Дархлаа сул байх эсвэл нэг төрлийн нянг дахин дахин авч байгаа хүмүүс өвчилдөг. Тийм болохоор сүрьеэ өвчтэй хүмүүс гэр бүлийнхнээ тогтмол үзлэг оношлогоонд хамруулж байх хэрэгтэй.

-Дэлхийн улс орнуудтай харьцуулахад сүрьеэ өвчний тархалт манай улсад ямар байна вэ?

-Дэлхийд сүрьеэгийн өвчлөл өндөртэй 20 орны тоонд манай улс ордоггүй. Гэхдээ номхон далайн баруун бүсийн 37 орныхоо сүрьеэгийн өвчлөл өндөртэй дөрвөн орны нэгд орж байна. Сүрьеэ өвчний бүртгэгдэж байгаа тохиолдол арван жилийн өмнөхтэй харьцуулахад буурсан дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийт бүртгэгдэж байгаа сүрьеэгийн тохиолдол 100 мянган хүн амд 134 байгаа юм. Харин тархалтын судалгаагаар 100 мянган хүн амд 757 хүн байх боломжтой гэж гарсан. Тэгэхээр тархалт тав дахин өндөр байна. Энэ үзүүлэлт бол оношлогдохгүй, бидэнд баригдахгүй, тухайн өвчтөн байх тохиолдолд өөрөө зовиураа мэдэхгүй маш их байна гэсэн үг. Тэгэхээр одоо сүрьеэтэй тэмцэх стратеги, урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд идэвхтэй илрүүлэлт рүү чиглэж байна. Нийгэмд оношоо мэдэхгүй, өвчин тараагаад яваад байгаа хүмүүсийг эрт илрүүлэх хэрэгтэй байна. Эрт илрээд бүрэн эмчлэгдэх юм бол эмэнд дасалтай болохоос бүрэн сэргийлэх боломжтой.


Categories
мэдээ цаг-үе

Жинчдийн авчирсан хар тугалгаар манай анчид сумаа өөрсдөө цутгадаг байлаа

Цахиур буутай анчид

Хүн төрөлхтний хувьд хамгийн анхны буу гэж ойлгохуйц зүйлийг Хятадад XIII зууны үед бүтээсэн бөгөөд түүнийгээ “Галт жад” хэмээн нэрлэдэг байсан гэдэг. Дарийг X зууны орчимд нээсэн ч буунд ашиглахгүйгээр 300 жил болсон гэж үздэг. Дарийг бууныхаа ам талаас хийж чигжээд, дээрээс нь жийрэг тэгээд сумаа хийнэ. Тэр үед сумны жийргээр өвс, даавуу хийдэг байсан бол монголчууд ноосон түүдэг буюу унгас ашигладаг байсан тухай баримт үлджээ. 1500-гаад оны үед төөнүүр буу дэлгэрч үүний дараа уг бууны механизм боловсронгуй болсноор цахиур бууны эрин үе эхэлсэн. Ингээд тонших бялтат буу үйлдвэр хөгжсөн орнуудад өргөнөөр ашиглагдаж байсан ч монголчууд гадны дарлалд байсан учир шинэ технологиос “амсалгүй” өнөөх цахиур буунаасаа салалгүй явсаар замагт буутай золгосон түүхтэй.

Монголд юм юм ховор байсан цаг. Тэр үед жинчид урагшаа, хойшоо явж цай, торго, гурил элдэв зүйлээс гадна хар тугалга тээж авчирдаг байж. 100 кг-ын багцалсан хар тугалга их хэмжээгээр авчирдаг байсан бөгөөд энэ нь анчдын захиас. Анчид түүгээр бууныхаа сумыг цутгаж хэрэглэдэг байсан тухай баримт 1900-аад оны эхэн үеийнх. Ингэхээр монголчуудын хувьд бууныхаа сумыг өөрсдөө цутгаж байсан бэлээхэн түүх нь байна. Монголчууд өөрсдөө буу, сумаа үйлдвэрлэх, гангын үйлдвэр барих талаар яриа өнгөрсөн зуунд, энэ зуунд ч үе үе сөхөгддөг ч үр дүнгүй л байсаар байна. Гэсэн ч монголчууд хойд хөршийнхөө хэрэглэж ирсэн галт зэвсгийг цаг ямагт хэрэглэж ирсэн түүхтэй. Тэрэн дундаа наган буу, макаров гэсэн нэрийг олон арван жилийн турш сонсч ирсэн билээ. Энэ удаад тэдгээр “танил” буунуудын талаар сонирхуулъя.

ХУВЬСГАЛЧ, ДЭЭРЭМЧДИЙН ГОЛ ЗЭВСЭГ БАЙСАН МАУЗЕР

Маузер -С96

Кино, ном зохиол дээр хамгийн олон дурдагддаг гар бууны нэг нь Маузер. Германы зэр зэвсгийн мастер Пауэл Маузерийн нэрээрээ дэлхийд алдаршсан энэ зэвсгийг ах, дүү Федеорле нар бүтээжээ. Тэд олон жилийн турш гар буу бүтээх гэж хэдэн зуун удаагийн туршилт хийсэн нь ийнхүү амжилттай болжээ. Тэд Маузерын зэвсгийн үйлдвэрийн туршилтын цехэд ажилладаг байж. Амжилттай болсон буугаа ах дүү хоёр “P-7, 63” гэж нэрлэсэн ч Пауэл 1895 онд патент авахдаа өөрийн нэрээрээ нэрлэсэн юм байна. Ингээд “Маузер”-ыг 1896 оноос 1939 оны хооронд сая ширхгийг үйлдвэрлэсэн гэдэг. “Маузер” бол Оросын иргэний дайны үед хувьсгалч, цагаатнууд, дээрэмчдийн гол зэвсэг байжээ. Мөн Ажилчин тариачны улаан арми ч зэвсэглэлдээ бас ашиглаж байжээ. Авсаархан хэрнээ хөнгөн карбины хүчин чадалтай бөгөөд мөрлөгч залгаж болдог давуу талтай. Алсын тусгал өндөр, 1000 метрт байг онодог.

МАКАРОВ

Макаров МР-79-9ТМ

Дэлхийн хоёрдугаар дайны туршид Орос офицеруудын хувийн цор ганц зэвсэг нь “ТТ” маркийн гар буу байсан бол 1951 оноос есөн мм-ийн “Макаров”-оор зэвсэглэх болсон гэдэг. Гэвч өнөө болтол шинэчлэгдээгүй энэ төрлийн хувийн хамгаалах зэвсгийг Оросын “Калашников” концерн зах зээлээс шахахаар “ПЛ-14” маркийн шинэ гар буу танилцуулсан агаад үүнийгээ “”Макаров”-ыг бүрэн орлох бууг Оросын хүчний байгууллагууд ашиглах болно” гэж тодотгож байсан удаатай.

Николай Макаров уг загвараа 1948 онд бүтээсэн юм байна. Жин нь 730 грамм, урт нь 161.5 мм, баррелийн урт нь 93.5 мм, өргөн нь 29.4 мм. Макаровын хамгийн өргөн хэрэглэгдсэн хувилбар нь РММ. 1990 онд инженерүүд анхны дизайныг сайжруулахдаа сумны ачааллыг нь нэмэгдүүлжээ. Макаров гар бууны TKB-023 туршилтын хувилбарт жинг нь бууруулахын тулд полимер хүрээтэйгээр хийсэн юм байна. Энэ нь ОХУ-ын цэргийн туршилтыг давж гарсан боловч удаан хугацааны хадгалалт, ашиглалтын явцад доголдол гарах магадлалтай гэж үздэг.

НАГАН БУУ

Наган буу 1895 он.

1800-гаад оны сүүлчээр улс орнууд армийн зэр зэвсгээ хүчирхэгжүүлэхийн тулд зохион бүтээгчдийн дунд шинээр буу зохиох уралдаан зарладаг уламжлал тогтоод байж. Энэ үед Оросын Эзэнт гүрэн ийм төрлийн уралдаан зарлахад Белгийн зохион бүтээгч Леон Нагант долоон цилиндртэй “Наган М1895” маркийн гар буугаар оролцжээ. 7.62х38 мм хэмжээтэй тусгай зориулалтын сумтай, цилиндрийн хороондох зайг хаахын тулд цилиндр нь урагш хөдөлдөг ер бусын хийн битүүмжлэлтэй, хурдтай зэвсэг байсан нь мэргэжилтнүүдийн хараанд өртжээ. Оросууд наган бууны энэхүү давуу талыг Винтов буутайгаа “эрлийз”-жүүлээд шинэ бүтээл гаргахыг битүүхэндээ санаархаж байсан гэдэг. Наган бууг эхлээд Белгид үйлдвэрлэж байгаад 1898 онд Орос улс үйлдвэрлэлийн эрхийг нь худалдан авчээ. 1918 он хүртэл наган бууг хоёр хувилбараар гаргадаг байж. Хувьсгалын дараа Улаан арми, ЗХУ-ын аюулгүй хүчинд наган бууг ашиглаж байсан бөгөөд офицеруудын хувьд Улаан одтойгоор шинээр танилцуулагдсан шинэ загварын наган буугаар шагнуулах нь намын гишүүний хувьд хамгийн том хүндэтгэл гэж үздэг байжээ.

Наган буу нь Орос-Японы дайн, дэлхийн нэгдүгээр дайн, 1917 оны Оросын хувьсгал, Оросын иргэний дайн, Өвлийн дайн, Дэлхийн хоёрдугаар дайн, Хятадын иргэний дайн, Солонгосын дайн, Вьетнамын дайнд ашиглагдсан бөгөөд цэрэг, армийнхны дунд “Наганы ямар нэг зүйл нь болохгүй байвал алхаар засч болно” гэсэн алдарт үг байдаг юм байна. Үүнээс нь үзвэл наган буу энгийн мөртлөө ямар бат бөх гэдгийг мэдэж болно. Коммунист хувьсгалчид 1918 оны долдугаар сарын 16-17-нд шилжих шөнө Оросын Эзэн хааны гэр бүл, үйлчлэгчдийг наган буугаар буудаж алсан гэдэг баримт бий. Мөн наган бууг биедээ нууж явахад хамгийн тохиромжтой галт зэвсэг гэж тухайн үед үздэг байжээ. Манай улсад түгээмэл байдаг гар бууны нэг нь наган буу бөгөөд цэрэг, армид энэ бууг өргөнөөр ашиглаж байжээ. Монголд энэ буу социализмын үед их түгээмэл байсан бөгөөд Нагаанбуу, Нагаандорж, Нагаанбаатар зэрэг нагаан гэсэн нэртэй хүмүүс олон байсан нь үүнийг нотолдог.

ТУЛАС-ТОКАРЕВ БУЮУ ТТ

1933 оны ТТ

1930 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн энэхүү гар буу нь 854 грамм жинтэй, 194 мм урт, баррелийн урт нь 116 мм бөгөөд 134 мм өндөртэй. Хазгай чиглэлийн хурд нь 450 м/с, 50 метрийн зайтай галлах чадвартай байжээ. “TT-30”-ийг хялбарчлах үүднээс дизайны хувьд зарим өөрчлөлтийг хийсэн байдаг. Түлхүүр, дискэн холбогч, гох, хүрээний жижиг өөрчлөлтүүдийг хийж зөөврийн алхын угсралт, бүрэн түгжигч түгжигдэх нүхийг өөрчилсөн нь тун амжилттай болжээ. Ингээд шинэчлэгдсэн энэ загвараа “TT-33” гэж нэрлэжээ.

“TT-33”-ыг цэргийн албан тушаалтнуудад нийтээр нь олгожээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ЗХУ-ын цэргүүдэд өргөнөөр хэрэглүүлсэн ч наганыг бүрэн орлож чадаагүй гэдэг. Энэ гар бууг Испанийн иргэний дайн, дэлхийн хоёрдугаар дайн, Солонгосын дайн, Вьетнам, Лоас, Камбож, Камбож-Вьетнамын дайн, Хятад-Вьетнамын дайн, Афганистан, Югославын дайн, Сирийн дайн зэрэг олон дайн байлдаанд ашиглажээ. Хятад, Унгар, Пакистан, Польш, Румын, Вьетнам, Серби зэрэг улсуудад уг бууг хувилж гаргадаг байж.

“TT-33”-ыг одоо Бангладеш, Хойд Солонгосын зэвсэгт хүчинд ашиглаж байна. Пакистаны цагдаагийн албанд орчин үеийн есөн мм-ийн “Беретта”, SIG гар бууг өргөнөөр ашиглах болсон ч ТТ-г албан бус хэлбэрээр ашигладаг юм байна. Харин БНХАУ-д “TT-33” гар бууг “Type 54” нэртэй цагдаа, армидаа нийлүүлдэг аж.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавихад хүргэсэн тодорхой шалтгаан байгаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.


-Монгол улсын Ерөнхий-лөгчийн 2017 оны төсвийн тодотголд тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж уиХ дахь МАн-ын бүлгээс үзэж байна. Ерөнхийлөгчийн хоригт хууль зөрчсөн гэсэн асуудал дурдагдаагүй учраас хоригийг хүлээн авах боломжгүй гэж байгаа юм байна?

-Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд “Төсвийн тогтвортой байдлыг хангах, иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх” зэрэг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмуудыг баримтлах ёстой. Энэ зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэхийг 6 дугаар зүйлд нь заасан. Тухайлбал Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ” гэсэн маш тодорхой заалт байдаг. Энэ заалт зөрчигдсөн.

Мөн төсөвт тодотгол хийх таван тохиолдлыг Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг. Энэ заалт мөн зөрчигдсөн. Учир нь “төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” нь төсөвт тодотгол хийх нэг үндэслэл болдог. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасан энэ зохицуулалтыг хууль зүйн үндэслэл болгож төсөвт тодотгол хийсэн нь бодит байдалтайгаа нийцэхгүй байгаа юм.

-Ерөнхийлөгч Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьснаар бүтээн байгуулалт хийсэн санхүүжилт, цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө зэрэг олгогдохгүй асуудал үүсэж байна гэгдээд байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс төсөвт хориг тавьсны гол учир нь юу юм бэ?

-Ерөнхийлөгч шинэ Засгийн газрыг Монгол Улсын орших, хөгжихийн үндэс болдог эрүүл мэнд, боловсролын салбартаа онцгой анхаарч эмч, багш нарынхаа цалинг нэмэх, улмаар нийт төрийн албан хаагчдын цалинг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийн төлөө ажиллах ёстой гэж үздэг. Эмч, багш нарын тавьж байгаа шаардлага ч мөн ийм байгаа. Гэтэл төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаа 300000 төгрөгийн тусламж олгож, төсвийн 55 тэрбум төгрөгийг үр ашиггүй тараах нь ямар ач холбогдолтой юм. Харин энэ мөнгөөр арьс ширний гэх мэт нэн шаардлагатай үйлдвэрүүдийг барьж үр өгөөжтэй зарцуулах хэрэгтэй.

Тиймээс Ерөнхийлөгч халамж ч юм шиг, авлига ч юм шиг нэг удаагийн, үр ашиггүй ийм бодлогыг дэмжих боломжгүй гэж үзээд хориг тавьсан. Харин төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавихад хүргэсэн тодорхой шалтгаан байгаа. Би дээр хэлсэн төсөвт тодотгол хийхдээ зарлага нэмэгдүүлэх бодлогын шийдвэрийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлэх хуультай гэж. Гэтэл төсөв боловсруулсан, түүнийг нь хэлэлцэж баталсан хүмүүс нөгөө тараах гэж байгаа мөнгөө төсөв захирагчдын багцад тарааж хуваарилаад нуучихсан. Тэгэхээр бүхэлд нь хориг тавихаас өөр аргагүй болж байгаа юм.

-уиХ-ын чуулганаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Ерөнхийлөгчөөс хориг тавьсныг хэлэлцэж уг хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Энэ талаар юу хэлэх вэ?

-Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Хоригоор монгол хүн бүрт хамааралтай тодорхой бодлогын асуудал хөндөгдсөн. Үндсэн хуулийн 6.1 дэх заалт цаасан дээр үлдэх юмуу. Ашиг сонирхолтой хүмүүсийг гүйцэтгэх засаглалаас хол байлгаач гэх мэт. Монголын ард түмэн 20 жил байгалийн баялгаараа ажилтай, орлоготой, дэд бүтэцтэй болох байх гэж хүлээсэн ч өнөөдрийг хүртэл үр дүнгүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Манай дарга нарт итгэх маанаг энэ дэлхий дээр үлдээ болов уу” хэмээн “Өдрийн сонин”-д өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигч танд хүрч байна.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавихад хүргэсэн тодорхой шалтгаан байгаа” хэмээн ярьжээ. Энэхүү ярилцлагыг тэргүүн нүүрээс хүлээн авна уу.

“Элчин сайд ярьж байна” буланд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галт уригджээ. Тэрбээр “Би Монголыг амьд, эрчимлэг, халуун дулаан нийгэм, баялаг түүхтэй ирээдүйтэй улс гэж хардаг” хэмээн ярьжээ.

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авахгүй хэмээн тус бүлгийн дарга Д.Хаянхярваа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Алийн болгон мафийн шинжтэй бүлэглэлийн толгойлогчоос айж амьдрах юм бэ” гэв. Тэрбээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгооны асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол явуулах санал гаргажээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Манай дарга нарт итгэх маанаг энэ дэлхий дээр үлдээ болов уу?” хэмээн нийтлэлч Д.Оюунтуяа өгүүлжээ.

“Насанд хүрээгүй охид мансуурч байжээ” хэмээх мэдээллийг уг нүүрээс уншаарай.

“Сонсголонгийн гүүрэнд гарсан ослын үеэр хүүхдүүд бэртэж гэмтээгүй гэдэг нь ташаа мэдээлэл” гэв. Гэмтсэн хүүхдийн ээжтэй манай сурвалжлагч ярилцжээ.

Дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан О.Сэргэлэн эмч “Дэлхийн эрдэмтэд “Монголын нөхцөлд элэг солино гэдэг бол гайхамшиг”хэмээн ярьцгааж байсан гэжээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг “Эмч” нүүрээс хүлээн авна уу.

“Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан “Урлагийг хот нь авч явдаг” гэжээ.

“Дэлхийн мэдээ” Оффшор дансны мэдээлэл дахин цацагдсан талаар онцолсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ханиад шуухнаагаас сэргийлэх энгийн аргууд

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Ихэнх нутгаар цас ихээр орж, замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Мөн зарим даваа гүвээ /тухайлбал: Хойд чиглэлд 52, 124, Бороогийн даваа, Зоон даваа, Бяцхан хөтөл, Түлүүгийн даваа, баруун чиглэлд Өвөрхангай аймгийн Шарт, Бумбатын даваа, Солонготын даваа зэрэг/-ээр тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, аюултай нөхцөл байдал үүссэн байна.

Замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааг арилгах, иргэдийг аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн АЗЗА ТӨХК-үүд ажиллаж байна.

Иймд цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Трампын кабинетын гишүүн, Путины хүргэн, Английн хатан хаан зэрэг хүмүүсийн оффшор илэрчээ

gadaad

Дэлхийн хэд хэдэн улс орны нэр нөлөө бүхий улс төрчдийн оффшор дансыг ил болгосон Панамын “Panama Papers” энэ удаа “Paradise Papers” гэх шинэ баримтууд дэлгэжээ. 2016 оны 5 сард дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн нууц дансны мэдээллүүдийг ил болгож дэлхий дахиныг шуугиулж байсан цаг саяхан. Энэ удаад ч гэсэн дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүсийн тэр дундаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Английн хатан хаан, Канадын Ерөнхий сайд Жастин Трудо нарын нэр холбогдсон оффшор дансыг дэлхий нийтэд зарласан талаар BBC тэргүүтэй дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлжээ. Эдгээр баримтуудыг ил болгохын тулд 380 гаруй сэтгүүлч 70 жилийн архив, мэдээллийн сан ухаж баримтуудыг нэхэн гаргаж ирсэн байна.

-АНГЛИЙН ХАТАН ХААНЫ 10 САЯ ФУНТЫН ОФФШОР ИЛЭРЧЭЭ-

Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консерциум өчигдөр орой цахим хуудастаа Британийн захиргаанд байдаг Каймэний арлууд, Бермуд, Бритиш Виржин, Айзл оф Мэн, Жерси зэрэг оффшор бүсэд хадгалагдаж байгаа нууц хөрөнгийн тухай “Paradise Papers” гэх баримтууд дэлгээд байна. Үүнд Английн хатан хааны 10 сая фунт оффшор бүсэд байгаа нь илэрчээ.

“Bright House” гэх газар нь 6000 орчим хүнийг ажлын байраар хангадаг, жилийн 17.5 сая фунтын татвар төлдөг газар бөгөөд ядуус болон эмзэг давхаргийнханд туслах зорилготой боловч уг газарт Хатан хааны хөрөнгө оруулдаг мөнгө нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд очсон байж болзошгүй гэж үзжээ.

gadaad

-ПУТИН, ТРАМП НАРЫН ОЙРЫН ХОЛБОО БОЛООД МӨНГӨНИЙ АСУУДЛУУД ДЭЛГЭГДЭВ-

Дональд Трампын кабинетын гишүүн, АНУ-ын худалдааны нарийн бичгийн дарга Уилбур Россын компанид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хүргэний эзэмшдэг компаниас төлбөр төлсөн баримт нь ил болов. Тэд бизнесийн нарийн холбоотой түншүүд гэдэг нь тодорхой бөгөөд ОХУ-д хамтран усан онгоцны тээвэрлэлтийн бизнес хийдэг аж. Уилбур “Навигатор” компанийн хувьцааг эзэмшдэг болохыг гинжин хэлхээгээр тайлбарлан харуулжээ. Тус компани нь ОХУ-ын байгалийн хийн “Сибур” компанитай хамтран ажилладаг бөгөөд энэ компани нь Путины охин Екатрина Путины нөхөр Крилл Шамаловын компани аж.

gadaad

Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Путины ойрын холбоотой гэгддэг Оросын төрийн мэдлийн хоёр ч томоохон банк фэйсбүүк, твиттер компаниудын дансанд Трампын хүргэний дансаар дамжуулан хийсэн болох нь баримтаар ил болжээ.

-NIKE, APPLE КОМПАНИЙН ТАТВАРААС ЗАЙЛХИЙСЭН ХӨРӨНГӨ ИЛ БОЛОВ-

Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн гол санхүүжүүлэгчийн татвараас зугтуулсан хөрөнгө мөн ил болоод зогсохгүй дэлхийн томоохон брэнд компаниуд болох Nike, Apple зэрэг компаниудын татвараас зайлсхийсэн хөрөнгө ил болоод байна.

Мөн дуучин Мадонна, Майкрософтын үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен, Колумын Ерөнхийлөгч болон Нигерийн сенатын тэргүүн зэрэг 20 гаруй хүний холбогдсон оффшор дансны мэдээллийг ил болгожээ.