Categories
мэдээ нийгэм

Д.Сэржмядаг охин сургууль руугаа орсон бичлэг байхгүй гэнэ

Замын-Үүд суманд амьдардаг найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зарим нь түүнийг сургууль дээрээ харагдсан гэж мэдээлсэн ч “Сургууль руугаа орсон бичлэг огт байхгүй” гэдгийг Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн онцолж байна. Ангийнх нь багш хоцорсон гээд хичээлээс хөөж гаргасан гэсэн мэдээлэл цацагдсан ч энэ мэдээлэл бас нотлогдоогүй гэнэ. Гэсэн ч охин гэрээсээ гараад хаашаа явсан нь тодорхойгүй байгаа юм.

Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас хүлээн авна уу.

Categories
мэдээ нийгэм

Малын үүлдэр угсааг сайжруулах, бүртгэлжүүлэхэд хамтран ажиллах санал тавилаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Хатагтай Элизабет Барзак болон Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан атташэ Орелиа Талваз нарыг хүлээн авч уулзлаа.

Сүүлийн жилүүдэд манай хоёр орны хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа эрчимжсэн мал аж ахуй, мах, сүүний чиглэлийн фермийн аж ахуйн технологийг нутагшуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор мах сүүний чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн ямаа, ноосны чиглэлийн хонийг амьдаар импортлон оруулж ирээд байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Франц улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тэр дундаа малын үүлдэр угсааг сайжруулах, монгол ноолуурыг дэлхийн зах зээлд илүү өргөн хүрээнд гаргах тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд жилд 7-9 мянган тонн ноолуур бэлтгэж дэлхийн ноолуурын зах зээлийн 30 хувийг дангаараа бүрдүүлж байгаа учраас Монгол ноолуур дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрэн байгаа талаар онцолсон юм. Түүнчлэн Малын удмын сангийн цогцолборын ажил дуусч байгаатай холбогдуулан Францын тоног төхөөрөмжийн компанитай хамтран ажиллаж тус компаниас удмын сан, биотехнологи, зохиомол хээлтүүлгийн тоног төхөөрөмжийг хөнгөлттэй нөхцөлөөр худалдан авч суурилуулахад мөн малын бүртгэлийн чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг элчин сайдаас хүслээ.

Уулзалтын төгсгөлд Монголын хуучны анд, хүнд хэцүү цагт тусламжийн гараа харамгүй сунгаж ирсэн Бүгд Найрамдах Франц Улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт дахь хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч ажиллах болно гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлсэн.

Categories
мэдээ нийгэм

Мэдлэг олгох сургалтанд 600 гаруй иргэн хамрагдлаа

Дорноговь аймагт энэ сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд аймгийн оюутан сурагч, ард иргэдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулах талаар мэдлэг олгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр хичээл заалаа.

Мөн ОБЕГ-ын ГТТГ-ын хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Н.Хишигбаатар “Галын аюулгүй байдал”, Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн хорооны гамшгийн асуудал хариуцсан ахлах Ш.Мөнгөнтуяа “Анхны тусламж” сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг аврах, анхны тусламж үзүүлэх, гал унтраах мэдлэг олгох тус сургалтанд 600 гаруй иргэн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Найман настай Д.Сэржмядаг охин олдоогүй байна

Замын-Үүдэд амьдардаг найман настай Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр ор сураггүй алга болоод өнөөг хүртэл олдоогүй байна. Охин гэрээсээ 2 км газар явж сургуульдаа ирдэг. Аав ээж нь тухайн үед аймгийн төв явчихсан байсан учраас хүүхэд гэртээ ганцаараа үлджээ. Сургууль руугаа явахаар хувцсаа өмсөөд гарсан бололтой. Хүүхдийг сургуульдаа явсан үгүйг хэн ч хараагүй, ор сураггүй алга болсон байна.

Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас хүлээн авна уу.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг дарга өнөөдөр “Чиндо Констракшин” группийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр БНХАУ-ын “Чиндо Констракшин” группийн Ерөнхийлөгч Ли Жан Сун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Улаанбаатар хотод цэнгэлдэх хүрээлэн барих санал тавилаа.

1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод олон улсын чанартай спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг Хотын дарга уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр, “Улаанбаатар хотод 2020 онд Азийн хүүхдийн спортын их наадам, 2023 онд Азийн залуучуудын спортын их наадам болно. Үүнээс өмнө 35 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм” хэмээв.

Барилгын салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх зорилго бүхий “Чиндо Констракшн” нь 1952 онд байгуулагдсан бөгөөд тус группийн барьсан хамгийн алдартай барилга нь 2008 оны Бээжингийн олимпын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн юм. Эдүгээ БНХАУ-ын 30 хот, олон улсад 30 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа гэдгээ ноён Ли Жан Сун илэрхийллээ.

Тэрбээр, “Бид ажлын хэсэг байгуулан Улаанбаатар хотод цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг нарийн судлах болно. Үүний дараа дахин албан уулзалт хийж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дуучин Г.Ариунбаатар “ВВС Cardiff singer of the world” уралдааны шагналын цомоо УИХ-ын дарга М.Энхболдод хадгалууллаа

Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдаанаас хүртсэн цомоо Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод гардууллаа.

Энэ үеэр дуучин Г.Ариунбаатар:

-Би энэ онд болсон “ВВС Cardiff singer of the world” гэдэг дэлхийн мэргэжлийн дуулаачдын хүсэл тэмүүлэл нь, уралдаан шалгаруулалтын оргил нь болсон тэмцээнээс 3 цомыг эх орондоо авчирсан. Нийт 4 цомтой уралдаан л даа. Түүнийхээ нэгийг өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хадгалууллаа.

Учир нь М.Энхболд дарга Ариунбаатар гэдэг жирийн оюутан хүү намайг 2011 оноос хойш байнга дэмжиж, өдий зэрэгт хүрэхэд минь ихээхэн тус дэм болсонд би маш их баярлаж явдаг. 2011 онд нутгийн ах, төрийн зүтгэлтэн энэ хүний дэмжлэгийг авч, захиа даалгаврыг өвөрлөн алсын аянд мордоод И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртээд ирж байсан нь миний мэргэжлийн дуулаачийн хувьд дэлхийд танигдах эхлэл болсон түүхтэй.

Нутаг усандаа нэг сайхан дуучинтай болъё, Төв аймгаас сайн дуучин хүүхэд төрөөсэй гэсэн бодол М.Энхболд даргад байсан байх. Нөгөө талаар Монголын дуурийн урлаг, дуурийн дуучид дэлхийн хэмжээнд үнэлэгдээсэй гэж хүссэн болов уу гэж би боддог.

Шинэ зуунд Монгол дуурийн урлагийг төрийн хэмжээнд ойлгож, хүндэлж хүлээж авах эхлэл энэ хүнээс эхэлсэн юм шүү. Үр шим нь ч гарч, монгол дуулаачид маань дэлхийн дэвжээнд гарлаа.

Тиймээс Монгол төрийн багана түшиг нь болсон, сүлд хийморь оршсон ийм мундаг хүмүүст миний дэлхийд үнэлэгдсэний бэлгэ тэмдэг болсон цом хадгалагдах ёстой гэж бодсоны учир ийнхүү гардуулж байгаа юм” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд дуучин Г.Ариунбаатарыг хүлээн авч уулзаж, “ВВС Cardiff singer of the world” уралдааны цомыг гардан аваад баярласнаа илэрхийлж, цаашид мэргэжлийн ур чадвараа улам сайжруулж, Монгол эх орон, монгол түмнийхээ нэр алдрыг цуурайтуулж явахыг хүсэв. Мөн дуурийн урлагийн шинэ үеийнхний үлгэр дуурайл нь байж, араасаа олон шилдэг дуучдыг төрүүлэн гаргаарай хэмээн захив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн Байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн Байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан 10 цаг 42 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар даргалав.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг тус салбарын 2018 оны төсвийн төслийг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2018 оны төсвийн төслийн нийт зарлага 209,6 тэрбум төгрөгөөс улсын төсөвт буцаан төвлөрүүлэх 115,5 тэрбум төгрөгийн зээлийг хасаж тооцон 94,1 тэрбум төгрөгөөр хянагдсан байна.

-Урсгал зардал 108,5 тэрбум төгрөг;

-Дотоод эх үүсвэрээс олгох зээл 35,8 тэрбум төгрөг;

-Хөрөнгийн зардал 49,4 тэрбум төгрөг;

-Гадаадын зээл, тусламжаас санхүүжих зардал 15,9 тэрбум төгрөгөөр тус тус хянагдсан гэдгийг онцоллоо.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва төсвийн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох хүртэл Байнгын хорооны хуралдааныг түр хойшлуулах горимын санал гаргасан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн 75,0 хувь нь дэмжсэнгүй. Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун нар Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Мурат, Г.Мөнхцэцэгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураалаа. Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар болов.

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Газрын тухай хуулийн төсөлд “33.5.Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт зориулж олгоно” гэсэн хэсэг, “38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим, эсхүл хэвлэмэл тодорхойлолт.” гэсэн заалт, “38.6.Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд орлого олсон гэж үзэж, энэ орлогыг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно.” гэсэн хэсэг, “40.1.7.газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, худал мэдүүлэн тайлагнасан.”гэсэн заалт, “44.10.газар ашиглах эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, худал мэдүүлэн тайлагнасан бол газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэсэн агуулгатай хэсэг, заалтуудыг тус тус нэмэхээр тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат асуулт асууж, хариулт авсны дараа Газрын тухай хуульд нэмэлт оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

“Пёнчан 2018” өвлийн олимпыг үзэх тасалбар 20-900 мянган вонын үнэтэй

Image result for “Пёнчан 2018” өвлийн олимп

БНСУ-ын Пёнчан хотноо болох “Пёнчан 2018” өвлийн олимпын XXIII наадам энэ оны хоёрдугаар сарын 9-25-нд болно.

Энэхүү наадмын нээлтийн ёслол Пёнчаны Олимпын цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны хоёрдугаар сарын есний өдрийн 20 цагаас хоёр цаг шахам үргэлжлэх бөгөөд нээлтийн тасалбарыг суудлын байршлаас хамаараад 220 мянгаас 1,5 сая вон /өнөөдрийн ханшаар 484 мянгаас-3,3 сая төгрөгийн/ -оор худалдаалж байна.

Нээлт үзэх А зэрэглэлийн суудал 1,5 сая вон бол B зэрэглэлийнх 800 мянган вон , С зэрэглэлийнх 600 мянган вон, D зэрэглэлийнх 220 мянган вон байгаа юм.

Харин тэмцээн үзэх тасалбарын үнэ 20 мянган воноос /44 мянган төгрөг/ эхэлж үзэгчдийн хамгийн их сонирхлыг татдаг уран гулгалтын тэмцээний тасалбар 550-800 мянган воны /1’210’000 төгрөг/ үнэтэй, хоккейн алтан медалийн төлөөх тэмцээний тасалбар 900 мянган воноор үзэх боломжтой ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хууль зүй байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2017 оны улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. Хуралдаанд ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулав. Хоригт дурдсанаар,“УИХ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж батлахдаа төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчим, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хуулийн зохих заалт /Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5/-ыг зөрчсөн бол тухайн зарчмын хүрээнд, тодорхой тохиолдолд төсөвт тодотгол хийхийг заасан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн заалт мөн зөрчигджээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн байна.

Хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Энэ хоригт зөвхөн 55 тэрбум төгрөг дээр хориг тавьж байна уу. Эсвэл бүх халамжид хориг тавьж байна уу” гэж лавлахад ЕТГ-ын дарга З.Энхболд “Тодотгол хийх хуулийн нөхцөл бүрдээгүй байхад төсвийн тодотголыг баталсан учир бүхэлд нь хориг тавьсан. УИХ 55 тэрбум төгрөгийг хэрхэвч өгч болохгүй, учир нь хуульд заагдаагүй. Төсвийн тухай хуулиа мөрдөхгүй бол зохисгүй асуудал үргэлжлэх нь. Орлого орохын хэрээр их хэмжээний зарлага гаргаж байсан 2008-2012 оны парламентын үетэй адил болжээ. Төсвийн тодотгол хийх тодорхой нөхцөл заасан байдаг. Төсвийн алдагдал 3 хувьд буюу их наядад хүрвэл зайлшгүй тодотгол хийдэг. Төсвийн тодотголыг батална гэвэл 55 тэрбум төгрөгөө хасахад болно” гэж хариулсан юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улстөрчид бие биеэ давах гэж популизм хийдэг чөтгөрийн тойрогт явж ирлээ. АН, МАН хамтарсан Засгийн газар байгуулж ажиллах үедээ цалин нэмж, эдийн засгийн өсөлт гарч байсан. Өнөөдөр МАН 65 суудалтай байгаа ч улстөржсөн хэвээр байна. Төсвийн тодотголоор эдийн засаг 4 хувь өссөн үед ард иргэддээ хүртээе гэж баталсан. Уг нь Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч. УИХ-тайгаа зохицолцоод явж болохгүй юу” гэсэн байр суурь илэрхийллээ. УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа 2017 оны төсвийн тодотголд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй.

Categories
мэдээ нийгэм

Албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргасан “Албан татвар, төлбөр хураалтын хяналтын үзлэг шалгалтын удирдамж”-ийн дагуу нийслэлийн Татварын газраас Замын цагдаагийн албатай хамтран энэ сарын 20-ны өдрөөс эхлэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан тогтоосон хугацаанд албан татвараа төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 7.5.1, 11.19.14-т заасны дагуу торгоно гэж заасан байдаг.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль:

7.1. Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.

Зөрчлийн тухай хууль:

7.5.1. Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.19.14. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй зөрчилтэй тээврийн хэрэгслийн жагсаалтыг www.smartcar.mn цахим хаягаас шалгана уу гэж нийслэлийн Татварын газраас мэдээлэв.