Categories
мэдээ нийгэм

Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх төслийн оролцогч талуудын уулзалт болж байна

Улаанбаатар хот энэ оны тавдугаар сарын 16-нд халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах зорилго бүхий “Эрүүл хотуудын нөхөрлөл”-д нэгдсэн билээ. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Блумберг филантропи” болон хамтрагч байгууллагуудтай нэгдэн хүн амыг халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэхэд үр дүнтэй 10 арга хэмжээний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалт өнөөдөр зохион байгуулагдаж байгаа юм. Уулзалтыг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь зам тээврийн осол гэмтэл юм. Эрүүл мэндийн статистик мэдээгээр осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл нас баралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. 1990 онд нас баралтын тэргүүлэх шалтгааны тавдугаарт орж байсан бол, 2000 оноос хойш тогтмол гуравдугаарт орж байна. Сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94.4 хувь нь нийслэлд, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Дээрх өсөлтийг энгийн арифметик тооцооллын аргаар бодож үзэхэд 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3.9 дахин бүртгэгдсэн зам тээврийн осол 3 дахин өсөх магадлалтай байгаа юм. Тиймээс зам тээврийн ослын үед учрах гэмтлээс сэргийлэх нэн ач холбогдолтой хэрэгсэл бол хамгаалах бүс, хамгаалалтын малгай юм” хэмээн онцоллоо.

2010 онд Монголын мянганы сорилтын сан- Эрүүл мэндийн төсөл, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх явган зорчигч, жолооч, замын цагдаа нарын мэдлэг, хандлага, дадлын судалгаа”-нд жолооч нарын 65.9 хувь нь урд, хойноо суудлын даруулгатай, жолооч нарын суудлын бүсний хэрэглээ 76, бага насны хүүхэд тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл, даруулгын хэрэглээ 17.1 хувьтай байсан аж. Энэхүү уулзалтаар дамжуулан “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн, шийдвэрлэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

“Говь” брэндийн албан ёсны борлуулагч дэлгүүр Москвад нээгдлээ

“Говь” брэнд албан ёсны борлуулагчаараа дамжуулан Москва хотын “Авиапарк” худалдааны төвд энэ сарын 2-нд салбар дэлгүүрээ нээлээ.

Шинэ дэлгүүрийн нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Сингапур улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Лим Кхенг Хуа зэрэг хүндтэй зочид оролцож тус хотод сурч буй авьяаслаг залуус ая дуугаа өргөлөө.

“Говь” ХК-ийн Москва дахь албан ёсны борлуулагч Лариса Дюбкина “Монгол ноолууран бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараараа тэргүүлдэг. Манай Оросын зах зээлд ч танигдсан энэхүү брэндийг Москва хотын хэрэглэгчдэд хүргэж буйдаа баяртай байна. “Говь” брэндийн дэлгүүр ОХУ-ын Москва болон хэд хэдэн хотуудад байдаг ч тэр бүр үйлчлүүлэхэд тав тухтай орчныг бүрдүүлээгүй байдаг. Монголд байдаг “Говь” ХХК-ийн нэрийн дэлгүүрүүд шиг чанарын шаардлага хангасан орчныг бүрдүүлэхийг зорьсон” хэмээн онцлов. Мөн тус дэлгүүрийн худалдан авагч Мария “Эгч маань монгол явж ирээд надад ноолууран цамц бэлэглэж байсан. Тэр үеэс монгол ноолууран бүтээгдэхүүн таалагдах болсон. Харин одоо хүссэн үедээ ирж худалдан авах боломжтой болоо. Одоо надад ноолууран пальто их таалагдаж байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2018 оны улсын төсвийг хэлэлцэж гэж байгаа энэ үед Завхан аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай байдал, зарцуулалт, ажлын гүйцэтгэл зэрэгтэй газар дээр нь танилцахаар энэ сарын 4-5-ны өдрүүдэд тойрогтоо ажиллалаа.

Улсын төсвийн санхүүжилт нь тодорхой шалтгааны улмаар саатаж, гүйцэтгэл хийгдэж дуусаагүй удаж байгаа тус аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгын явц байдалтай танилцан, 2020 оноос өмнө барилгыг ашиглалтад оруулахад тулгараад байгаа бэрхшээлийг арилгах талаар орон нутгийн удирдлагатай санал солилцов.

Мөн шинээр нээгдэхэд бэлэн болсон Спорт цогцолборын барилгын ажлын явц болон Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд шаардагдаж байгаа үйл ажиллагааны зардлын өсөлт зайлшгүй нэмэгдэх хэрэгтэй гэсэн саналуудыг судалж, тооцоолол бодитой төлөвлөгдсөн эсэхийг шалгав. Энэ үеэр тэрээр өнгөрсөн жилүүдэд Завхан аймагт хийсэн бүтээн байгуулалтуудын үр дүнг дүгнэж, ирэх жилүүдэд хийх хөрөнгө оруулалт, санхүүжилтын төсөл хөтөлбөрүүдээ ач холбогдлын хувьд үнэлж, эрэмбэлж, хамгийн чухлаас нь эхэлж санхүүжүүлэх бодлого баримтлана гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд төсвийн санхүүжилт хөрөнгө оруулалт бараг хийгдээгүй говийн сумдын эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн засваруудыг дуусгах, шинээр нэмж барих, тухайлбал, аймгийн төвөөс хамгийн хол оршдог Сантмаргац суманд 320 хүүхдийн суудалтай сургууль, Дөрвөлжин суманд 100 хүүхдийн цэцэрлэг зэрэг шинэ хөрөнгө оруулалтын ажлууд эхэлнэ гэдгийг иргэдтэй уулзах үеэрээ хэлж байлаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга бөгөөд Австри улсад ажлын шугамаар явах үедээ тус улсад суугаа элчин сайдаар дамжуулан Монгол Улсад элэгтэй, монголын хүүхдүүдэд туслах чин сэтгэлтэй хүмүүстэй холбоо тогтоож, Завхан аймгийнхаа цэцэрлэгүүдийг үе шаттайгаар хүүхдийн тоглоомоор хангах ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд Австри улсын Зальцбург, Тирол муж дахь Монгол улсын өргөмжит консул болон Дунайн их сургуулиас бэлэглэсэн хүүхдийн тоглоомыг Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн багш, хүүхдүүдэд хүлээлгэн өгөв.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан 10 цаг 07 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад ирэх онд 273 тэрбум төгрөг төлөвлөсөн байгааг тэрбээр дурдаад төсвийн задаргааг дэлгэрэнгүй танилцуулсан. Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, С.Бямбацогт, Л.Энхболд, Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нар асуулт асууж, тодруулав. Өнгөрсөн хаврын чуулганаар эрүүгийн салбарын эрх зүйн томоохон өөрчлөлт хийгдэж, багц хуулиуд батлагдан хэрэгжиж буйг гишүүд тэмдэглэн, үүнтэй холбоотойгоор хууль зүйн салбарт ачаалал хэр нэмэгдэж буйг, төсөвтэй холбоотой ямар асуудлууд байгааг тодруулсан. Төсвийн боломж хүнд байгаа хэдий ч асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхээр тусгаад ажиллаж байгааг Сангийн яамны холбогдох албан тушаалтан тайлбарлав. Төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн зардлыг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний 1.3 тэрбум төгрөг нь шинэ хуулиудын хэрэгжилттэй холбоотой зардал гэлээ.

Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж буйтай холбоотойгоор аль нэг байгууллагын орон тоо нэмэх асуудлыг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл шийдвэрлэх боломжгүй тул хууль зүйн салбараас ирүүлсэн энэ төрлийн асуудлуудыг төсвийн төсөлд тусгаагүй гэлээ. Шинэ хуулиуд хэрэгжээд 3-4 сарын хугацаа өнгөрч байгаа учраас үүнтэй холбоотойгоор төсөв, орон тооны асуудал ярих нь нэлээд түвэгтэй хэмээн салбарын сайд тайлбарлав. Хууль зүй, дотоод хэргийн яаманд шинээр хэрэгжиж буй багц хуулийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний үндсэн дээр бодит мэдээ, баримтыг Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Эрүү болон Зөрчлийн тухай, холбогдох бусад хуулиудыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд төсөв, зардлын тооцоолол дээр 30 цагдаа, 45 прокурор нэмэгдэх шаардлагатай гэсэн байсныг Байнгын хорооны дарга сануулав. 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилттэй холбоотой мэдээ, тоо баримт 2018 оны нэгдүгээр сард гарна. Үүнд үндэслэн цаашид ажилтнуудын ачааллыг хэрхэн хуваарилах, байгууллагын бүтэц, орон тоотой холбоотой ямар асуудал үүсч байгаа асуудлуудыг тодорхойлох, холбогдох өөрчлөлтүүдийг хэрхэн хийх талаар ерөнхий дүр зураг гарах тул холбогдох бүх байгууллага уулзалт хийж, энэ талаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн Байнгын хорооны дарга хэллээ. Ийнхүү гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Ж.Батзандан нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёолол ирүүлсэнгүй. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн бол Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг мөн нэмэгдүүлсэн гэлээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх зарим зайлшгүй шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй боловч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан нь Улсын Их Хурлын чуулганы явц, байнгын хороодын хуралдааны тэмдэглэл болон бусад нээлттэй эх сурвалжаас тодорхой байгааг тэрбээр танилцуулгадаа дурдсан.

Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд “Төсвийн тогтвортой байдлыг хангах, иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх” зэрэг Төсвийн тухай хуульд заасан зарчмуудыг баримтлах ёстойг тэмдэглэсэн юм. Иймд Үндсэн хуулийн болон Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн асуудлыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Энхболд нар асуулт асууж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос хариулт авлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Төсгөлд нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Иргэдийн спортын VI наадам өндөрлөлөө

Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмыг 2017 оны гуравдугаар сараас арваннэгдүгээр сарын 6-ны хооронд спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Энэхүү наадам нь нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор явагдсан. Нийслэлийн иргэдийн бие бялдарыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг онцлог шинжтэй үйл ажиллагаа боллоо. Нийслэлийн шигшээ тэмцээнд спортын 8 төрлөөр 9 дүүргийн 152 хорооноос шалгарсан Шилдгийн шилдэг 108 багийн 1638 иргэн хамрагдсан бол Нийслэл, дүүргийн Иргэдийн спортын VI наадмын хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийлээд 4200 байгууллагын 90000 гаруй иргэн хамрагджээ.

Спорт явган аялалын тэмцээн

1-р байр: Баянзүрх дүүргийн 5-р хорооны баг

2-р байр: Баянгол дүүргийн 22-р хорооны баг

3-р байр: Багахангай дүүргийн 1-р хорооны баг

Ширээний шагайн наадгайн тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны баг

2-р байр: Налайх дүүргийн 5 дугаар хорооны баг

3-р байр: Багануур дүүргийн 5 дугаар хорооны баг

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны баг

2-р байр: Налайх дүүргийн 5 дугаар хорооны баг

3-р байр: Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны баг

Олс таталтын тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

2-р байр: Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны баг

3-р байр: Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны баг

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны баг

2-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

3-р байр: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны баг

Хийн дасгалын тэмцээн

56 ба түүнээс дээш насны ангилалд:

1-р байр: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг

2-р байр: Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны баг

3-р байр: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны баг

31 – 55 хүртэлх насны ангилалд:

1-р байр: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны баг

2-р байр: Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны баг

3-р байр: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг

Аэробикийн тэмцээн

56 ба түүнээс дээш насны ангилалд:

1-р байр: Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны баг

2-р байр: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны баг

3-р байр: Налайх дүүргийн 3 дугаар хорооны баг

31-55 хүртэлх насны ангилалд:

1-р байр: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг

2-р байр: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны баг

3-р байр: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг

Софт волейболын тэмцээн

1-р байр: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны баг

2-р байр: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны баг

3-р байр: Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны баг

Волейболын тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны баг

2-р байр: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны баг

3-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны баг

2-р байр: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны баг

3-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

Сагсан бөмбөгийн тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны баг

2-р байр: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг

3-р байр: Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны баг

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

2-р байр: Баянгол дүүргийн 6 дугаа хорооны баг

3-р байр: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг нар тус тус эхний гурван байрт шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн Засаг даргын шуурхай хуралдаан боллоо

Засаг даргын шуурхай хуралдаан боловНийслэлийн хэмжээнд цас ихээр орж, халтираа гулгаа ихсэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга шуурхай хуралдаан зарлаж холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өгч ажиллалаа. Энэхүү хуралдаанд дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын хэлтэс мөн Нийтлэг Үйлчилгээний газрууд болон хороодын Засаг дарга нар оролцсон юм.

Дүүргийн Засаг дарга энэ ажлын хүрээнд бүх нийтийн ‘’Цас цэвэрлэх’’ аяныг эхлүүлж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг шуурхай бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн юм. Тиймээс дүүргийн харьяа хэлтэс албад, хороод, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагыг идэвх санаачлагатай оролцож ойр орчмын 50 метр талбайн цасаа цэвэрлэхийг уриалсан юм. Мөн энэ үеэр дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их аваар осол гарч, халтираа гулгаа үүсч буй газрын судалгааг яаралтай гаргаж холбогдох албаны хүмүүст өгөхийг Замын цагдаагийн хэлтэст үүрэг болгосон бол ажлын явцад хяналт тавихыг дүүргийн ЗДТГ-ын Хяналт мониторингийн албад үүрэг болголоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алга болсон Д.Сэржмядаг охин хилээр гарсан эсэхийг шалгаж байна

Замын-Үүд суманд амьдардаг найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Охиныг олдохгүй болохоор хилээр гарчихсан юм болов уу гэж зарим нь таамаглаж байгаа. Хилээр гарсан байх магадлалыг Тагнуулын ерөнхий газрын харьяа Хилийн тагнуулынхан шалгаж байгаа гэнэ. Одоогоор энэ мэдээлэл нотлогдоогүй байна.

Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг маргаашийн “Өдрийн сонин”-оос уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт нийт 2 тонн бодис, 12,5 тонн давс цацжээ

 Дүүргийн хэмжээнд нийт 2 тонн бодис, 12,5 тонн давс цацавХүйтний улирал эхэлж, цас ихээр орж байгаатай холбогдуулан дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд хариуцсан хороодын нутаг дэвсгэрийн явган хүний зам талбай, гарцан дээрх халтираа гулгааг цэвэрлэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Тухайлбал Нийтлэг Үйлчилгээний Газар-4 хариуцсан бүс буюу Хонхорын зам, Академийн зам, Улаанхуарангийн зам, Жанжин клуб, Улиастайн гүүрнээс Гачууртын эцэс хүртэл 1 тонн бодис, 7 тонн давс цацсан бол Нийтлэг Үйлчилгээний Газар-2 хариуцсан зам талбайдаа 2 тонн давс цацаж иргэдийг халтираа гулгаанаас сэргийлж байна. Харин НҮГ-1 тухайн бүсдээ 1 тонн давс цацсан бол, НҮГ-3 хариуцсан зам талбайдаа 2,5 тонн давс, 1 тонн бодис цацаж ажиллалаа. Өнөөдөр дүүргийн хэмжээнд нийт 12,5 тонн давс, хоёр тонн бодис цацсан байна.

Дашрамд мэдээлэхэд Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдэд төвийн нутгаар цас ихээр орж, цасан шуургатай гэж мэдээлсэн учир иргэдийг аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 19-нд хилийн боомтууд амарна

Image result for хилийн боомтууд амарна

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ.

Тэгвэл энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 854, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 19-нд тохиож байна. Уг нь Чингис хааны төрсөн өдрөөр бүх нийтээр амрах ёстой ч энэ жил ням гариг таарч байгаа юм байна. Гэхдээ хилийн боомтууд амрах аж.

Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд тухайн өдөр ажиллахгүй юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны даргаар Л.Саянааг томилов

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын тушаалаар Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар Л.Саянааг томиллоо. Мөн хатагтай Л.Саянаа нь Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллах юм.

Тэрээр 2016 оноос Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.