Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Охиныг Эрээн хотын баруун захаас эхлэн хайж, аав ээж хоёрыг нь давхар шалгаж эхэллээ

Задгайд байх энэхүү гэрээсээ Д.Сэржмядаг охин 12:10 цагийн үед цүнхээ үүрээд гарч байхыг хажуу айлын хүн нь харжээ.

Замын-Үүдээс манай сонины тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар мэдээлж байна.

Найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод зургаа хонож байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 2-ны өдрийн 12:21 цагт гар утаснаасаа ээжийнхээ утас руу хальтхан залгасан гэнэ. Ингээд л охины утас унтарчихжээ. Үүнээс хойш охин ор сураггүй алга болсон байна. Хууль хяналтын байгууллага болон бусад төрийн алба хаагчид охиныг Замын-Үүд сум даяар эрэн хайж байна. Гэвч ямар нэгэн сураг ажиг гараагүй байгаа юм. Охин ямар учраас алга болсон, хичээлдээ хоцорч ирсэн охиныг ангийнх нь багш оруулаагүйгээс болоод алга болсон уу гэхчилэн бусад олон мэдээллийг тодруулахаар бид Дорноговь аймгийн Замын-Үүд суманд даваа гаригаас эхлэн ажиллаж байна.

Биднийг Замын-Үүд суманд ирэх үед найман настай охин алга болсон хэргийн талаар сумын иргэн бүр ярьж байлаа. Иргэд хэргийн талаар өөр өөрсдийнхөөрөө таамаглан ярих аж. Тухайлбал, “Одоо охины амь насыг хөнөөгөөд нэг газарт булчихсан байгаа байх. Эсвэл мансууруулах тариа хийгээд хил давуулаад хүний наймаанд явуулсан. Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийллийн золиос болоод байгаа. Нэг гаж донтой этгээд хөөрхий нялх охиныг энд тэнд аваачаад хүчирхийлээд хориод байгаа юм биш биз” гэх мэт таамаг хөвөрнө. Бүр зарим хүний худал яриа сум даяар цуурхал болон тарж нутгийн иргэдийг цочирдуулж байна.

Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд сумынхан бага насны хүүхдээ гэрээс нь гаргахгүй байна. Энэ дүнсгэр байдлыг нь харахаар Монголын хилийн урд үүд хаалга болсон Замын-Үүд суманд монголчууд болгоомжтой амьдрах цаг үе ирсэн юм биш үү гэж бодогдохоор айдас төрүүлэх аж. Найман настай охин алга болсон хэргийг аймаг, сумын Онцгой байдлын хэлтэс, Хурандаа н.Ганболдоор ахлуулсан Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид, Замын-Үүдийн сум дундын цагдаагийн хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын алба, Хилийн мэргэжлийн хяналт, Гаалийн ажилтнууд мэргэжлийн зөвлөмжтэй зогсолтгүй эрэн хайж байна. Охины талаар “Баттай мэдээлэл өгсөн хүнд таван сая төгрөг өгнө” гэсэн зарыг цагдаа нар шуурхай тарааж байна. Мөн цагдаа нар шинжээчдийг дагуулан охины гэр, сургуулийн замаар явж буй хүн бүрийн гутлын мөрийг шинжилж байна.

ГЭРТЭЭ ГАНЦААРАА ҮЛДСЭН ОХИН ЦҮНХЭЭ ҮҮРЭЭД, ХАШААНДАА ЯВЖ БАЙСНЫГ ХАЖУУ АЙЛЫНХНЬ ЭМЭГТЭЙ ХАРЖЭЭ

Д.Сэржмядаг охины аавыг Д.Дашдулам гэдэг юм байна. Замын-Үүд суманд хэдэн жилийн өмнө нүүж ирэн суурьшжээ. Кранист мэргэжилтэй нэгэн аж. Харин ээж Б.Хоролмаа нь Замын-Үүд сумын унаган иргэн гэнэ. Д.Дашдуламынх дөрвөн хүүхэдтэй, ам бүл зургуулаа айл юм байна. Том охин нь Улаанбаатар хотод байдаг. Удаах охин нь Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын III сургуулийн арванхоёрдугаар ангид сурдаг юм байна. Харин алга болсон Д.Сэржмядаг ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар анги, бага хүү нь V цэцэрлэгт явдаг байна.

Охин алга болсон хэргийн талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Дашдулам, Б.Хоролмаа нар өглөө 7:20 цагийн орчимд дунд охин Ариунзаяа, бага хүүгээ дагуулаад гэрээсээ гарсан гэх. Ингээд гэртээ найман настай Д.Сэржмядаг охин унтаад хоцорчээ. Д.Дашдулам, Б.Хоролмаа нар бага хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд Дорноговь аймгийн төв рүү ажлаар явжээ. Харин арванхоёрдугаар ангийн охин Ариунзаяа тэр өдөр хичээлдээ яваагүй аж. Цагдаа нарын хэлж байгаагаар сумын эмнэлэгт 12:00 цагийн орчимд Ариунзаяа эмнэлэгт үзүүлсэн байна. Д.Сэржмядаг охин өмнө нь хэд хэдэн удаа гэртээ ганцаараа хоцорч, сургууль руугаа ганцаараа явж байсан аж. Ар гэрийнхэн хэргийг шалгаж байгаа цагдаа нарт “Охин өөрөө үсээ самнаж, хувцсаа өмсөж чаддаг. Ихэвчлэн ганцаараа сургууль руугаа явдаг. Хааяа гэрийн ойролцоо байдаг О гэх охинтой хамт сургууль руугаа алхдаг” хэмээн мэдүүлжээ. Д.Сэржмядаг хичээлийнхээ хувцсыг өмсөөд цүнхээ үүрээд гэрээсээ гарсан байжээ. Бүр гэрийнхээ хаалгыг цоожлоод түлхүүрийг нь аваад явсан бололтой. Түүнийг цүнхээ үүрээд гэрээсээ гарч байхыг хажуу айлынх нь хүн харсан гэнэ. Тэрбээр “12:10 цагийн орчимд хашаандаа явж байтал охин цүнхээ үүрчихсэн, ягаан өнгийн куртиктай гэрээсээ гарч байгаа харагдсан. Тухайн үед хажуу айлын хүүхэд хичээлдээ явж байна даа гэхээс өөр зүйл бодогдоогүй. Тэр үед охин ганцаараа явж байсан. Мөн бие нь өвдөж байгаа ямар нэгэн шинж тэмдэг харагдаагүй. Эрүүл саруул хүүхэд алхаад явж байсан” гэх утга бүхий мэдүүлэг цагдаа нарт өгчээ.

Охин гэрээсээ гараад энэ дэлгүүрийн урдуур сургууль руугаа алхдаг.
Дэлгүүрийн дээрх камерт охины дүрс огт байхгүй байгаа аж.

ОХИНЫГ СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ОЧООГҮЙ ГЭДГИЙГ КАМЕРИЙН БИЧЛЭГЭЭРТОГТООСОН ГЭВ

Замын-Үүд сумын III багийн нутаг “Мөнгөн шонхор” гэх гэр хороололд охины гэр байдаг. Харин түүний сурдаг сургууль гэрээс нь хоёр километр орчим зайд байдаг юм байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж байгаагаар охин гэрээсээ ганцаараа гарсан гэнэ.

Гэрийнх нь цоожин дээрээс охины гарын хээний тод ул мөр олджээ. Цагдаа нарын таамаглаж байгаагаар охин сургууль руугаа явах замдаа алга болсон бололтой. Гэхдээ охиныг гудамжаар явж байгааг нэг ч хүн хараагүй нь нэлээд сэжиг төрүүлээд байгаа гэдгийг цагдаа нар онцолж байлаа. Охин гэрээсээ гараад 20-30 минут алхаад сургууль дээрээ очдог байна. Алга болдог өдрөө Д.Сэржмядаг сургууль дээрээ огт очоогүй гэдгийг цагдаа нар эцэслэн тогтоожээ. Замын-Үүдийн II дунд сургууль дөрвөн жилийн өмнө шинэ байранд орсон байна. Ингэхдээ сургуулийн ойр хавийг бүрэн камержуулжээ. Энэ сарын 2-нд охин сургуулийнхаа хашаа руу болон анги руугаа огт ороогүй нь бичлэг шүүгээд тодорхой болжээ.

Мөн тус сургуулийн хүүхдүүд дунд тэр өдөр Д.Сэржмядаг охиныг харсан нэг ч хүүхэд байхгүй аж. Харин хамаатных нь нэг хүү “Тэр өдөр хичээлдээ ирсэн. Би харсан” хэмээн ярьжээ. Гэвч тэр хүүхэд “Өмнөх өдөр нь таарсан. Тэрийгээ андуурсан байна” гэдгээ удалгүй цагдаа нарт хэлсэн гэнэ. Гэртээ ганцаараа үлдсэн охин ийнхүү гэгээн цагаан өдрөөр ор сураггүй алга болжээ.

АНГИЙН БАГШ Я.ӨЛЗИЙМАА: ОХИН АЛГА БОЛСОН ГЭДГИЙГ ААВ, ЭЭЖЭЭС НЬ МЭДСЭН

Охины ар гэрийнхэнтэй уулзах гэсэн боловч хөдөө явж охиноо хайгаад эзгүй байна. Гэхдээ бид уулзаж ярилцах болно. Харин ангийн багш Я.Өлзиймаатай сургууль дээр нь очиж, уулзан ярилцлаа. Түүнийг, охиныг хичээлдээ хоцроод ирэхээр нь ангидаа оруулаагүй гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ.


-Танай ангийн хүүхэд алга болоод зургаа хонож байна. Ар гэрийнхэн нь хичээлдээ ирээгүй гэдгийг танаас мэдсэн гэсэн үү?

-Сурагчдын амралт эхлэх өдөр буюу энэ сарын 2-ны 12:40 цагт би ажил дээрээ ирсэн. Тэр үед манай ангийн хүүхдүүд сургуулийн гадаа жагсаад зогсож байсан. Манай анги 38 хүүхэдтэй. Тэр өдөр 35 хүүхэд ирсэн байсан. Хичээлдээ ирээгүй хоёр хүүхэд нь манай сургуулийн багш нарын хүүхдүүд. Тэр өдөр чөлөө авсан байсан. Харин Д.Сэржмядаг ямар нэгэн хэл өгөлгүйгээр хичээлдээ ирээгүй. Уг нь хичээлээ огт тасалдаггүй, манай ангийн онц сурлагатай гурван хүүхдийн нэг юм шүү дээ. Тэр өдөр эхний хоёр цаг хичээл ороод байж байтал эгч нь “Багшаа, Сэржмядагтай уулзаж, гэрийнхээ түлхүүрийг авах гэсэн юм” гээд хүрээд ирсэн. Би ч хичээлдээ ирээгүйг нь хэлтэл гараад гүйгээд явсан. Удалгүй хичээл тараад гэртээ иртэл охины ээж, аав хоёр нь над руу гар утсаараа залгаж, охиныг гэртээ байхгүй байна гэсэн. Миний сонссоноор аав, ээж нь аймгийн төвөөс галт тэргээр ирээд шууд над руу залгасан юм билээ. Ингэж л ангийн хүүхэд алга болсон гэдгийг мэдсэн. Би тэр даруйд нь сургуулийнхаа хичээлийн эрхлэгч нарт мэдэгдэж, сургууль дээрээ очсон.Цагдаа, онцгой байдлын албаныхан эрлийн ажлыг шуурхай эхлүүлсэн. Ингээд өнөөдрийг хүртэл нойр хоолгүй хайж байна. Эрлийн багт орж сумынхаа айл болгоноор орсон.

-Таныг охин хичээлээсээ хоцроод ирэхээр нь ангидаа оруулаагүй хөөгөөд гаргасан гэх мэдээлэл гараад байна лээ. Энэ үнэн юм уу?

-Тэр ямар ч үндэслэлгүй, худал мэдээлэл гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Юу боллоо гэж найман настай шавиа хичээлдээ ирэхэд нь оруулахгүй байх юм бэ. Хэн ийм худал мэдээлэл тараасан бэ гэдгийг мэдэхгүй байна. Цагдаа нар ирээд охин тэр өдөр хичээлдээ ирээгүй гэдгийг тогтоочихоод явсан шүү дээ. Ийм худал мэдээлэл гарсанд гомдолтой байгаа. Гэсэн ч хүүхдээ эсэн мэнд олох нь чухал байна. Манай ангийн онц сурдаг, маш сайн хүүхдийн нэг шүү дээ. Ангийнхаа тооны аварга, минутад 150-160 үг уншдаг, даруухан хүүхэд” гэв.

Охины сурдаг сургуулийн камер

ОХИНЫГ ЭРЭЭН ХОТЫН БАРУУН ЗАХААС ЭХЛЭН ХАЙЖ, ААВ, ЭЭЖ ХОЁРЫГ НЬ ДАВХАР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Охиныг эрэн хайх ажиллагааг Монголын цагдаа, тагнуул, онцгойгийнхон төдийгүй орон нутгийн иргэд, төрийн албан хаагчид, ар гэрийнхэн нь тасралтгүй хайж байгаа ч үр дүн муу байгаа юм. Охин алга болсон гэх мэдээлэл гарсан даруйд 50 гаруй алба хаагч гурван өдрийн турш нойргүй ажилласан байна. Эрлийн багийнхан арав арваараа хуваагдаж сумын төвийн бүх байшин барилга, айлуудаар оржээ. Нэг нүүрсний амбаар ч үлдээлгүй шалгасан гэж байв. Нэг айлд самналт хийж гурваас дөрвөн ч удаа орсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байлаа. Мөн Замын-Үүд сумтай залгаа 15 километр зай тутамд самналт хийж, дулааны шугам, сүлжээ, жалга судаг, бут сөөгийг хүртэл үлдээлгүй самнасан гэнэ. Гэхдээ Замын-Үүд сумын төвд хэд хэдэн байшин, амбаарт үзлэг хийж чадаагүй байгаа юм байна. Албаны эх сурвалж “Эзгүй байгаа хэд хэдэн байшин, сууц бий. Тэнд үзлэг хийхээр эзэд, холбогдох хүмүүсийг нь сумын төвд яаралтай дуудан ирүүлэх ажиллагаа үргэлжилж байна. Эдгээрээс бусад бүх байгууламжийг давталттайгаар шалгаад байна” гэсэн юм. Түүнчлэн өөр нэг эх сурвалж “Охиныг хилээр хууль бусаар гаргасан байх магадлалтай гэх мэдээллийн мөрөөр БНХАУ-ын Эрээн хотын Консулаар дамжуулан тус хотын баруун урд захын шавар барилгуудаас эхлэн эрэн хайх ажиллагааг өчигдрөөс эхлүүлээд байна. Энэ эрлийн ажиллагаанд Монголын хилийн тагнуул голлон бусад хүчнийхэн, мөн Хятадын хилийн тагнуул, хүчнийхэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа аж.

Учир нь тус бүс нутагт монголчууд ихэвчлэн очдог, тэндэхийн хөлсний байр, сууцууд нэг сарын 12-15 мянган төгрөгийн бага хөлстэй байдаг гэх мэдээлэл бий” гэлээ. Өөрөөр хэлбэл, Монголын цагдаа, тагнуул, Хүн худалдаалахтай тэмцэх албаныхан эрлээ Монголын 21 аймаг төдийгүй Эрээн хотод үргэлжлүүлж байгаа юм байна. Ингэх өөр нэг шалтгаан нь охин алга болсон өдөр буюу энэ сарын 2, 3-ны өдөр Замын-Үүдээр дамжин олон тооны хятад иргэн Эрээн хот чиглэлийн галт тэргээр зорчсон юм байна. Албаныхны судалгаагаар тэдний тодорхой хувь нь Эрээн хотын баруун урд захын хорооллуудыг зорьсон гэх мэдээлэл байгаа юм байна.

Үүнээс гадна өөр нэгэн эх сурвалж “Охиныг алга болдог өдөр эцэг, эх хоёр нь үнэхээр Дорноговь аймаг руу явсан уу. Явсан бол ямар хэргээр явсан зэргийг нягтлан тогтоох шаардлага гарсан гэсэн” гэлээ. Ингээд охины аав, ээж хоёрыг гэртээ ирсэн гэх мэдээлэл ирсэн тул бид тийш хөдөллөө. Биднийг хөдлөх үед Замын-Үүдэд ажиллаж буй хүчний бүх байгууллагууд хамтран зургаан өдрийнхөө эрлийн ажлыг нэгтгэн дүгнэж, шинэ стратеги гаргахаар ажиллаж эхэллээ. Мэдээллийг манай сурвалжлах хэсэг цаг алдалгүй “Өдрийн сонин”-ы DNN.MN сайт болон сониныхоо хуудсаар дамжуулан дэлгэрэнгүй хүргэх болно.

ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА НИЙСЛЭЛД БОЛОН ОРОН ДАЯАР ХЭРХЭН ЯВАГДАЖ БАЙГААГ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ТОДРУУЛЛАА

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Манайхаас ажлын хэсэг гарчихсан, бүх дүүрэг, хэсгийн цагдаагийн алба хаагчид хайж болох бүхий л газруудаар эрэн сурвалжилж байна. Мөн охиныг харсан үзсэн хүн байвал яаралтай холбоо барина уу гэдэг зарыг өргөн хүрээнд явуулж байна” гэж байлаа. Харин Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад мөн л холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг гарчихсан шуурхай ажиллаж байна гэж мэдээлэв. Ийнхүү найман настай охиныг эрэн хайх ажиллагаа орон даяар явагдаж байна. Цагдаагийн газраас 21 аймаг, Нийслэл дүүргийн Цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдээллэж хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа. Охины талаарх vнэн бодит мэдээллийг цагдаагийн байгууллагын 70527102 дугаарын утсанд хvлээн авч байгаа ажээ.

“ӨДРИЙН СОНИН”-Ы СУРВАЛЖЛАХ БАГ

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Женифер Зимдал Галт: Би Монголыг амьд, эрчимлэг, халуун дулаан нийгэм, баялаг түүхтэй, ирээдүйтэй улс гэж хардаг

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галттай ярилцлаа.

-Та удахгүй буцах гэж байна. Монгол улсад ажиллах хугацаандаа юу, юу амжуулав?

-Монгол Улсад хоёр жил гаруй хугацаанд ажиллалаа. Монголд АНУ-ын Элчин сайдаар ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, олсон ололт амжилтаа эдийн засгийн харилцаа, батлан хамгаалахын түншлэл, иргэд хоорондын харилцаа гэсэн гурван үндсэн чиглэлээр ярья гэж бодож байна.

Америкийн Нэгдсэн Улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх гэсэн Монгол Улсын Засгийн газрын сонирхол байсан учраас бид эдийн засгийн харилцааг сэргээх зорилтыг нэн тэргүүнд тавьж ажиллалаа. Энэ зорилтынхоо хүрээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, АНУ-ын хувийн хэвшлийн сонирхлыг Монголд татах зорилтууд тавьсан.

Мөн Монгол Улс Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн багцыг авахад бид дэмжлэг үзүүллээ. Монгол Улс цаашдаа эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд ороход энэ багц хамгийн их тус дэм болно гэж бид итгэж байна. Эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр хийж буй гурав дахь ажил маань Монголтой байгуулах хоёр дахь компакт гэрээний асуудлаар Мянганы сорилтын корпорацитай хамтран ажилласаар байна.

Энэ гэрээний хүрээнд нийслэл Улаанбаатар хотын усан хангамжийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх төсөл дээр ажиллах шийдвэрийг Мянганы сорилтын корпорациас гаргасан. Мянганы сорилтын корпорациас оруулах 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт бол цаашдаа Улаанбаатар хотын усны системийг бүхэлд нь шинэчлэхэд шаардлагатай 700 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хөшүүрэг болох үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байгаа. Тийм учраас энэхүү компакт гэрээ нь өнгөрсөн хугацаанд АНУ-аас Монголд оруулсан хамгийн том хэмжээний хөрөнгө оруулалт болж чадах юм.

-Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулж ажилласан талаараа тодруулбал?

-Цэргийн хамтын ажиллагааны хүрээнд бид хоёр талын харилцаагаа улам өргөжүүлж , Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох, түүний дотор инженерийн ротын хүчин чадал болоод чадавхийг бэхжүүлэх, нэмэгдүүлэх тал дээр хамтран ажилласаар ирлээ.

-Батлан хамгаалахын шинэ сайдтай уулзсан байсан…

-Тиймээ, Батлан хамгаалахын шинэ сайдтай уулзах завшаан өчигдөр (арваннэгдүгээр сарын 1-нд) тохиосон. Афганистанд явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улс дэмжлэг үзүүлж оролцсоор байгаад туйлын баяртай байгаа. Миний энд дурдахыг хүссэн гурав дахь салбар бол иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх асуудал юм. Энэ хүрээнд Монголын залуустай нэлээд ойр нягт ажиллах зорилт тавин, Монгол орноор аялж явахдаа хэдэн зуун залуу манлайлагчидтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсож явлаа. Тэдгээр залуус асар бадрангуй, урам зоригтой байгааг хараад Монгол Улсын ирээдүй маш найдвартай гарт байгаа гэдэгт итгэлтэй болсон. Тэгээд бид шинээр солилцооны хоёр хөтөлбөр эхлүүлсэн. Эхнийх нь LEAD буюу “Ардчиллыг хөгжүүлэгч залуу манлайлагчид”, хоёр дахь нь FLEX буюу “Ирээдүйн манлайлагчдын солилцоо” гэсэн нэртэй хөтөлбөр байгаа. Хоёр дахь хөтөлбөрийн хүрээнд ахлах сургуулийн сурагчдыг Америкийн ахлах сургуульд нэг жилийн хугацаатай суралцуулж, Америк айлд амьдруулдаг. Энэ жил уг хөтөлбөрт арван сурагч хамрагдсан. Харин дараа жилээс жил бүр хорин сурагч энэ хөтөлбөрт хамрагдах юм. Мөн Монголын БСШУСЯ-тай хамтарч цэцэрлэгийн барилга барих төслийг хэрэгжүүлэв. Энэ жил хоёр цэцэрлэг барьж ашиглалтанд оруулан, хүлээлгэж өглөө. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт баригдсан эхний, Дорноговь аймгийн Замын-Үүдэд баригдсан хоёр дахь цэцэрлэгүүд Монголын залуу үеийн боловсролд бид анхаарлаа хандуулж байгаагийн илрэл юм. Зарим онцолж хэлэх гэсэн ажлын үр дүнгүүд маань ийм байна.

-Та Монголд байсан хугацаандаа их нээлттэй ажиллаж, олон ажил амжууллаа. Тэр дундаас монголчуудын анхаарлыг татаж байгаа нэг ажил бол Ану-д түр хугацаагаар ажиллах H2 визний асуудал. Энэ асуудал ер нь нааштай шийдэгдчих болов уу?

-Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Засгийн газарт хандаж Н2 буюу “түр хугацаагаар ажиллах виз”-ний хөтөлбөрт хамрагдах талаар хүсэлт гаргасан юм. Тиймээс манай Элчин сайдын яамнаас уг хүсэлтийг дэмжээд цааш нь Төрийн департаментад уламжилж өгсөн. Энэ асуудлыг ярилцаж байгаа. Шийдвэр эцэслэгдэн гараагүй байна. Нэлээд урт үйл явцыг туулж байж гарах юм. Тиймээс одоогийн байдлаар ямар нэгэн шийдвэр гарсан гэж зарлах боломжгүй байна.

Нэгэнт энэ сэдвээр яриа дэлгэснийх, хоёр долоо хоногийн өмнө Монголын Гадаад харилцааны яамтай бидний хамтран эхлүүлсэн“Хариуцлагатай аялцгаая” олон нийтэд хандсан аяны талаар уншигчдадаа дамжуулж өгөхийг танаас хүсч байна. Энэ кампанит ажил нь АНУ-д аялах хугацаандаа, хариуцлагатай аялаад буцаж ирэхийг монголчуудад уриалах зорилготой юм. Ер нь АНУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байгаа монголчуудын тоо нэлээд их болчихоод байна л даа. Тиймээс монгол хүн болгон хариуцлагатай аялаад, хугацаандаа буцаж ирээд байвал дараа нь аялах бусад хүмүүстээ боломж олгоно гэсэн үг. Иргэн бүр хийж буй үйлдлийнхээ бусдад нөлөөлөх үр дагаврын талаар бодож үзээсэй гэж бид хүсдэг.

-АНУ-аас манайд хэрэгждэг төсөл хөтөлбөрүүд, хэрэгжилтийн үйл явц, цаашид үргэлжлэх эсэх талаар тодруулмаар байна л даа…

-Мянганы сорилтын корпораци бол манай хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн нэг хэлбэр байгаа юм. Мянганы сорилтын корпораци эхний компакт гэрээгээ Монгол Улстай таван жилийн хугацаатай байгуулан, 2008-2013 оны хооронд хөтөлбөр хэрэгжиж дууссан. 2015 онд Монгол Улсын Засгийн газар дахин Мянганы сорилтын корпорацитай хоёр дахь компакт гэрээ байгуулах асуудлаар ярилцаж эхэлсэн, хоёр жил гаран үргэлжилж байна. Хоёр дахь компакт гэрээг байгуулаад дараа жил гэхэд Мянганы сорилтын корпорацийн тусламжийг авчирч чадах байх гэсэн итгэлтэйгээр ажиллаж байгаа. Мянганы сорилтын корпорацийн үндсэн зорилго нь эдийн засгийн өсөлтөөр дамжуулан ядуурлыг бууруулахад оршдог. Тэгэхээр хоёр дахь компакт гэрээгээр Улаанбаатар хотын усан хангамжийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр сонгож авсан. Хоёр дахь компакт гэрээгээ 2018 онд байгуулж чадах юм бол дахиад таван жил үргэлжилнэ гэсэн үг.

-Эдийн засгийн ил тод байдлын хэлэлцээрийг эцэслээд байгаа. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйг яаж харж байна?

-Ил тод байдлын хэлэлцээрийг энэ оны гуравдугаар сард эцэслэн одоо хэрэгжүүлэх шатандаа явж байна. Худалдаа, эдийн засагтай холбоотой хууль тогтоомжуудыг англи хэл рүү орчуулах хэрэгцээ шаардлагатай уялдуулан тусгай зориулалтын англи хэлний сургалтын чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргийг бид хүлээж байгаа. Ил тод байдлын эцсийн үр дүн нь Монгол Улсын Засгийн газар худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнестэй холбоотой бүхий л хууль тогтоомжуудаа англи хэлээр цахим орчинд байршуулах тийм боломжийг олгож байгаа. Тэгэхээр хууль тогтоомжуудыг зөвхөн Америк гэлтгүй, бүхий л гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгосноор тэд Монгол Улсын зах зээлд нэвтрэхэд илүү хялбар болно гэсэн үг.

-Монголын бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчид Америкийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж хэр байдаг вэ?

-Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр хэрэгжиж байгаа REACH төсөл нь жижиг, дунд үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн эх үүсвэртэй холбож өгөх зорилготой юм. Энэ төслийн дагуу 25 сая ам.долларыг зээл хэлбэрээр 500 жижиг, дунд үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд олгох төсөл хоёр дахь жилдээ маш амжилттай хэрэгжиж байгаа. Ялангуяа шинэ залуу бизнес эрхлэгчдэд урам зориг өгч, энтрепренёршип соёл, үзэл санааг Монголд авчрах, бизнес эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэртэй холбож өгөхийн тулд бид олон арга хэмжээ зохион байгуулсан. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд хоёр удаа хакатон зохион байгууллаа.Энэ нь залуус бизнесийн санаагаа танилцуулаад,тэдний танилцуулгыг сонссон санхүүгийн байгууллагууд бизнес санааг нь дэмжихээр бол анхны хөрөнгө оруулалтыг нь хийдэг арга хэмжээ юм л даа.Үүнийг хүмүүс маш сайн хүлээн авсан. Иймэрхүү энтрепренёршип талын санал санаачилгууд дээр Монголын бизнесийн зөвлөл зэрэг байгууллагуудтай маш ойр нягт хамтран ажилладаг. Дөнгөж саяхан болсон Улаанбаатар олон улсын кино наадмын хүрээнд бид Америкаас залуу бизнес эрхлэгч эмэгтэйг урьж авчран маш олон залуустай уулзуулж, хэд хэдэн илтгэл тавиулсан. Энэ уулзалтуудаар яаж бизнес эхлүүлдэг, санхүүжилт хэрхэн олж авдаг гэх зэрэг арга туршлагаасаа хуваалцсан. Энэ мэтчилэн бид залуу бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно.

-АНУ-ын ерөнхийлөгч Трамп цагаачлалын бодлогодоо хатуу байр суурь баримтлахаа зарласан. Монголчууд Америкт олноороо амьдардаг. Цагаачлалын хатуу бодлого тэнд амьдарч, ажилладаг монголчуудад хэрхэн нөлөөлөх бол?

-Аль ч улс орон хил хязгаараа, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүрэгтэй байдаг. Америкийн Нэгдсэн Улс цагаачлалын талаар баримтлах бодлогоо одоо эргэн харж байна. Гэхдээ Монгол Улсын талаар юу ч яригдаагүй. Харин Америкийн Нэгдсэн Улсад хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийг илүү нарийн нягт шалгах зэрэг асуудал бол нэмэгдэх байх. Тийм ч учраас бидний саяхан эхлүүлсэн“Хариуцлагатай аялцгаая” аян маань АНУ-д амьдарч байгаа монголчууд визнийхээ нөхцөлийг баримталж байгаасай, монгол аялагчдад алдарсан бидний итгэлийг эргүүлэн олж аваасай гэсэн агуулгатай.

-Монголын ардчиллыг та юу гэж дүгнэж байна. Манайд ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжиж чадаж байна уу?

-Бид Монгол Улсыг адилхан ардчилсан орон гэж талархан хүлээж авдаг. Манай хоёр улс ардчиллын адилхан үнэт зүйлстэй. Тиймээс Монголд ардчилсан институцуудыг бэхжүүлэх тал дээр хамтран ажилладгаараа бахархдаг. Миний ажилласан хоёр жил гаруйн хугацаанд Монголд УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Урд өмнө нь гарч байгаагүй 2 дахь шатны санал хураалттай, аль, аль нь маш тайван, нээлттэй, ил тод, чөлөөтэй, улсынхаа хууль тогтоомжид нийцсэн ардчилсан сонгууль болж чадсан гэж үзэж байна. Ийм байдлаар сонгуулиа явуулж байнаа гэдэг нь аливаа ардчиллын үндэс суурь гэж боддог доо. Тийм болохоор хэцүү бэрх хүрээлэлд ардчиллыг хөгжүүлж байгаа улс орных нь хувьд бид Монголыг байнга хүндэтгэж байдаг. Ардчиллын институцуудыг цаашид улам бэхжүүлэхийн тулд үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа таатай байх болно.

-Монголчууд Америкийн ардчиллаас юуг суралцах хэрэгтэй вэ?

-Ардчилал бол монголчуудын өөрсдийнх нь сонгосон зам. Ард түмэн төр засгаа, замнах замаа сонгох бүрэн эрхтэй. Энэ бол монголчуудын өөрсдийнх нь сонголт.

-Монголд та хоёр жил гаруй ажиллалаа. Монголын тухай та ямар ойлголттой болсон бэ? Монголчуудын юу нь болоод юу нь болохгүй байна гэж бодож байна?

-Би Монгол орныг амьд эрчимлэг, халуун дулаан нийгэм гэж хардаг. Маш баялаг түүхтэй, гэрэл гэгээтэй ирээдүйтэй улс орон гэж хардаг. 1991 онд тэр үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Жеймс Бейкэр Монголд айлчлахдаа “гуравдагч хөрш” гэдэг үгийг анх хэрэглэсэн гэж ярьдаг. Энэ гуравдагч хөршийн бодлого бол хоёр хөршөөсөө цааших улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг олгодог стратегийн бодлого гэж бид хардаг. Тийм учраас бид Монгол Улсын гуравдагч хөршүүдийн нэг гэдгээрээ бахархдаг.

-Монголын залууст та юу хэлмээр байна. Ингэж асууж байгаа минь бас учиртай. Та LEAD Mongo¬lia хөтөлбөр хэрэгжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Монголын манлайлагч залуус ярьж байсан. Монголын залуустай таныг нэлээд ойр ажилласан гэж ойлгодог. Тиймээс та манай талаар юу гэж хэлмээр байна.Тэдэнд захиж хэлмээр үг байна уу?

-Монголын залууст өгөх миний зөвлөгөө, захиас гэвэл Америкийн залуус, түүний дотор өөрийнхөө хүүхдүүдэд ч өгдөг зөвлөгөөтэй адилхан байх болно. Энэ бол “Оролц” гэдэг үг. Санааг чинь зовоож байгаа асуудлыг олж тодорхойл. Тэр асуудал дээр нийгэмдээ нөлөөлж болохоор ямар өөрчлөлтийг чи хийж чадах вэ гэдгээ бод. Ийм зүйлийг Монголын залуусаас, залуу манлайлагчдаас олж харсан бөгөөд энэ нь надад маш их урам зориг өгсөн. Өөрөөр хэлбэл, тэднээс нийгэмдээ байгаа асуудлыг олж харж, тэрийгээ өөрчлөх шийдлийг гаргаж тавьж чадна, нийгмээ эерэг тал руу өөрчилж чадна гэсэн итгэл найдварын цог олж харсан. Ардчилсан орны иргэний хувьд хэдийгээр маш олон эдлэх эрх байгаа ч түүний хажуугаар тодорхой үүрэг хүлээдэг. Эдгээрийн нэг нь эх орондоо илүү сайн сайхан ирээдүйг бий болгох үүрэг юм. Тийм учраас “Оролц” гэж хэлээд байгаа юм.

-Та Монголыг өөрийнхөө ажиллахыг хүссэн газар гэж хэлсэн байдаг. Юу тэгтэл таныг Монгол руу татав?

-Хоёр шалтгаан байсан гэж боддог. Нэгдүгээрт, Монгол Улс 1990 онд ардчиллын замаар замнах маш зоригтой шийдвэр гаргасан. Энэ зоригтой шийдвэр нь Америкийн Нэгдсэн Улсаас дэмжлэг туслалцаа авах бүрэн үндэслэл гэж би боддог. Хоёрдугаарт, Монгол Улс бидний онцгой түнш маань байсаар ирсэн. Афганистанд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанууд болон НҮБ-ын хүний эрхийн зөвлөл дээр бидний ойр дотно хамтрагч, үнэ цэнэтэй түнш маань байсаар ирсэн. Ийм ч учраас би Монгол-Америкийн харилцааг цаашид улам бэхжүүлэх, хөгжүүлэх ёстой гэж харсан. Тиймээс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны гучин жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ онд хамтын ажиллагаагаа эргэн харахад зөв зам дээр, зөв голдрилоороо явж байна гэж дүгнэж байна.

-Та энэ хугацаанд маш нээлттэй, мөн их шаргуу ажиллалаа гэж ойлгож байгаа. Тэр тусмаа олон нийтийн сүлжээнд ч нээлттэй байсан.Та дахин Монголд ирэх үү?

-Хоёр жил гаруй хугацаанд Монгол орны үзэсгэлэнтэй, сайхан байгаль, газар нутгийн заримыг нь үзсэн ч үзэж амжаагүй нь олон газар байгаа.Тэр нь миний хувьд дахин ирэх шалтгаан болно. Монголчууд намайг маш халуун дотноор хүлээн авч, хоёр жилийн хугацаанд хамтран ажилласныг дурсаж явах болно. Твиттер, нийгмийн сүлжээнд ч бас монголчуудтай нээлттэй харилцахад сайхан байсан. Нийгмийн сүлжээний зарим дагагч маань Вашингтон руу явахад ч дагах байх гэж бодож байна.

-Монгол хэл хэр сурав?

-Оюутан гэдэг утгаар бол элчин сайдаасаа хамаагүй муу байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, монгол хэл сурах хичээлдээ ахиц муутай байсан. Би монгол хэл гэдэг сураад дуусашгүй баялаг юм байна гэдгийг мэдэж авах хэмжээнд хүртлээ л монгол хэлийг сурсан гэж ойлгож болно. Монгол хэл сурах бол энд ирээд миний хийж дуусгаагүй ажил гэж ч хэлж болох юм.

-Монгол хоолны амт ямар байв?

-Миний идэж үзсэн монгол хоол бүгд таалагдсан. Хуушуур, бууз, цуйван бүгд л сайхан амттай.

-Та Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан байсан. Уулзалтын ерөнхий үр дүнг сонирхож болох уу?

-Одоогийн Ерөнхийлөгчтэй би хоёр удаа уулзсан. Өмнөх Ерөнхийлөгчтэй бол хэд хэдэн удаа уулзсан. Элчин сайдаар ажиллахын нэг давуу тал нь тэр байдаг. Сая Ерөнхийлөгчтэй уулзсан уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, цаашид харилцаагаа яаж өргөжүүлэх талаар санал бодлоо солилцсон.

Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНИЙ ӨЛГИЙ: Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж (II)

Түрүүч нь №232(5799) дугаарт

-“ХАВАР НАМРЫН ЦАСАН САРХИАТ ХАРЛАГ ТАХЬ ШИГ ЭРЭЭН УУЛ”-ЫН ТЭМДЭГЛЭЛ-

Монголын утга зохиолын оргилууд болох Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ нар. 1960-аад он

Чухамхүү ер бусын тэнгэрлиг найрагч хэмээн хэн бүхэнд дархлагдан зөвшөөрөгдсөн Пүрэвдорж гуайнхаа төрсөн нутгийнх нь одот тэнгэрийг ширтнэм. Хөлийн дор их найрагчийн голомт Монголын хүйс нутгийн алтан шаргал элс нурах нь сонсдож, бүлээн дулаан орчинг бүрдүүлнэ. дулаан, Хайрхан, Хөгнөхаан, Батхаан дөрвөн их уулсын титэмлэсэн хүрээлэл энэ нутаг үнэндээ хангай, говийн цогцлол. Их элс, алдарт Элсэн тасархайн үзүүр хаяа нь билээ сэн. “Яруу найрагч хүн ийм л ёстой гэдгийг бүтээлээрээ төдийгүй өөрийнхөө асан бадамлаж явсан он жилүүдээр тэр баталсан юм” гэж Заяатын Ядмаа нь бардам хэлж байна. “Би түүний шүлэг найргийг унших бүртээ туркийн алдарт зохиолч назым Хикметийн сэтгэл зүрхээрээ найрагч хэрхэн шатаж явах тухай үгийг санадаг билээ. Найраг нь үргэлжийн эрэл дунд ямагт галын дөл шиг өөдөө бадарч, уншигчийн зүрхэнд цоргин явдаг гэж боддог” хэмээн доржийн гармаа гуайн хэлсэн нь “нээрээ тийм дээ” гэх бодлыг төрүүлдэг юм.

“Сайхан хун жигүүр амраан

Сангийн далайд чуулах үеэр

Тэнгис талын сүрэг бэлчин

Тэнгэрийн заадас шиг тоосрон байдаг

Намрын хүйтэн уулан дунд

Найман нуур уйдах цагаар

Наран хайлах хонгор говийн

Нарийн таана хэнзлэн байдаг

Орхон голын униарт хөндийд

Одод огших хаврын үүрээр

Алтан түрүү хөрсөө түлхэн

Алсын од шиг түгсэн байдаг

Хөвч ногоон уулын хангай

Хөшиг номин талын хангай

Уудам цэнхэр говийн хангай

Унаган нутаг минь Өвөрхангай…” гэж Халхын заяанд төрсөн бүхэн суу билэгт найрагчийнхаа тарни мэт, охь ундарга болсон шүлгийг нь уншиж, хийморь лундаа нь бадраад багтаж ядан байгаа нь анзаарагддаг. Бүрдийнхэн хот хүрээний найрагчдаа угтаад Пүрэвдоржоороо бахархан, мандааж сууна. ардын уран зохиолч тангадын галсан, монголын нэрт гүүш, соён гэгээрүүлэгч цэрэнпилийн Гомбосүрэн, төрийн шагналт яруу найрагч дамбын төрбат, соёлын гавьяат зүтгэлтэн санжийн Пүрэв нарын эрхмүүд хүрэлцэн иржээ. тэд бол тэнгэрлиг бадрангуй найрагчтай сэтгэл зүрхний садан, ном эрдэм, багш шавийн барилдлагатай явсан хүмүүс юм.

“Урьхан хаврын намуун шөнөөр

Уулын цаанаас шувууд ирлээ

Онгон талын цагаан нууранд

Одтой наадан дуулж хонолоо

Хаврын шувууны дуунд уяран

Хайртаа санан гармаар байнаа

Хатан дөрөөний чимээ чагнаж

Харгуйн бараа хармаар байнаа

Дархан хилээ манаж яваа

Дайчин чамдаа очмоор байнаа

Давхар давхар мянган уулын

Даваа бүхнээр давмаар байнаа

Удаан хүлээсэн нуураа амрааж

Усны чандаас шувууд ирнээ

Учрал хүссэн намайг жаргааж

Удахгүй бас чи минь ирнээ” (“Хаврын шөнийн бодол”),

“Алсын анирхан уулс дунд

Агаарын сайхан хөдөө юм аа

Ажил хийж амьдран суумаар

Ай даа сайхан нутаг юм даа

Уулс үүлс нь гүнд нь туссан

Усны тунгалаг хөдөө юм аа

Урт насалж удаан жаргамаар

Урамтай сайхан нутаг юм даа…” (“Хөдөө нутаг сайхан”),

“Янагийн сайхан харц шиг

Яргуй нүдлэн мишээж

Ханшийн ногоо нярайлсан

Хаврын тал нялхарна…” (“дөрвөн цагийн тал”) гээд өнөө домогт найрагчийн монгол хүмүүний сэтгэл зүрхийг долгилуулсан дуунууд нь уянгалах нь бахадмаар. “Янагийн сайхан харц шиг…” хэмээн зууны манлай намжилын норовбанзад гуайн дуулахыг сонсох хичнээн сайхан.Банзрагч гавьяат “агаарын сайхан хөдөө”-г нь дуулсан найрагчийн хөрөг нэвтрүүлгийг хаа нэгтээ цэнхэр дэлгэцээр үзэж суухуйд бодол санаа цэлмээд, дотоод ертөнцөд ер бусын хүч хуралдах шиг болдог.Хорин таван найраглал бичиж хорьдугаар зуун, хориннэгдүгээр зууны торгон заагт “Монгол найргийн дархан цэц” гэдгээ тамгалж өгсөн эл эрхмийн энгийн нэг дууны шүлэг нь ч эрдэнэ мэт жинхэнэ бүтээл байдаг нь гайхмаар. тэрээр улсын гавьяат багш, утга зохиол судлалын нэрт эрдэмтэнЧойжилжавын Билигсайханы онож хэлснээр “Үг эзэгнэх эрдэм”-ийг төгс эзэмшсэн нэгэн. “Үг бол утгын утсанд хэлхэх эрдэнэс мөн. Онож хэлсэн үгийн тунгалаг талстын цаанаас шүлгийн санаа нэвт гэрэлтэх ёстой” гэж нэгэнтээ хэлсэн нь ч бий. Үг эзэгнэх эрдмийг төгс эзэмшсэн, дархан цэцтэй найрагч л

“Ханат цагаан гэрийн

Од хийморийн тоонон дээр

Хасаг халуун тулганы

Омог дөрвөн тотгон дээр

Хан Алтай аавын

Онгон тэргүүн оргил дээр

Хатан Сэлэнгэ ээжийн

Одод орчих мандал дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний

Зогдор дэвсэх тэшил дээр

Гантай мөнгөн хэтний

Зоо дэлдэх тээгэн дээр

Гангийн халуун говийн

Хулан ангах ээрэм дээр

Гантиг чулуун хясааны

Янгир халих элгэн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Хүж дурдан бүсний

Ташаа дарах нугалаан дээр

Хүрэн манан хөөрөгний

Даалин дарах шаргиан дээр

Хүүшийн сүүдэр буусан

Уулын гацаа бууцан дээр

Хүннү дээдсийн тамгалсан

Улбаа гархин буурин дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Аавын мөнгөн хазаарын

Найман цэнгийн товруун дээр

Азын алаг мэлхийн

Наян нэгэн шагайн дээр

Алиахан саарлын унага

Хөллөн тэнцэх нуга дээр

Ангирын хоёр дэгдээхэй

Хөвөн цэнгэх нууран дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би…” гэж бичдэг биз ээ. “Пүрэвдорж гуай маш олон ухааны халуун амин үзүүрийг өөрийн болгож оюун ухаандаа мэтгээслэн хадгалж явдаг хүн. тэр нэг удаа “Уран бүтээлд хатуу зөөлөн хоёр хөг ая байх жамтай. Энэ нь хайрлах, үзэн ядах хоёр юм. Үзэн ядаж байгаа зүйлээ амин зүрхээр нь үзэн ядах хэрэгтэй. Үүнийг үзэн ядах ухаан гэдэг. м.шолохов “Үзэн ядахын ухаан” гэж дайны сэдэвт зохиол хүртэл бичсэн” гэж ярьсан. “улаан гэрийн хоригдол” болж явсан тэрээр хуучин тогтолцооны үед зуйрган хулчгар үзэгдэл хал балгүй юм хийх сэтгэгдлийг бүрэлдүүлж, улмаар сэтгэхүйн хязгаарлалт тогтоосон. Энэ бол мөхөл юм гэсэн нь бий. Тэр хатуу зүйлийг зохиолч зад цохиж гарах учиртай гэдэг. Энэ бол уран бүтээлч хүний иргэний зориг юм. Түүний энэ зориг нас тогтож нэр хүндэд хүрсэн хойно нь буй болж төлөвшөөгүй. социализмын улаан хувьсгалын үзэл санаа орныг бүрэн бүрхэж байсан жараад оны эхэн үед “Чингис”, “тусгаар тогтнол” шүлгүүдээ бичсэн нь яруу найрагчийн бадрангуй эр зоригийн илэрхийлэлт” хэмээн нацагийн Даваадаш найрагч бичсэн нь гарцаа байхгүй үнэн санагддаг ажгуу.

“Мань хүн миний ойлгосноор ахмадуудаас намдаг багш, лхамсүрэн гуай хоёрт гайгүй. Чойжилын Чимид гуайд талтай, дашдооровт дотно юм шиг санагдуулна. багштай нутгархаж, үрэн гуайтай найзархаж байснаа дурсана. Харин Дооровын тухай яриа өдөхөд илт сэргэж чин сэтгэлээсээ инээнэ” гэж монгол утга зохиолын амьд түүх, архив болсон Хоролын Зандраабайды гуай хэлж билээ. Ядмаа ах тэр хоёрын эмхэтгэж гаргасан “дэлгэрхангай уулнаас дэлхийг харсан дооров” дурсамжийн номонд Пүрэвдорж гуай “инээдийн гэрэлд сэтгэл цэлмэнэ” хэмээн хөрөг дурсамж бичиж түүндээ “дооров бол бидний үеийнхэн дотроос инээдмийн гэрэл цацраасан хамгийн амьд, бүх бүтээлээрээ муу бичиж чадахгүй болтлоо боловсорсон гэдгээ харуулсан зохиолч байсан” гэдгийг бардам тэмдэглэсэн байдаг. Тэгээд “Бид хоёрыг зохиолчдын онигоо наргианы хувиараа эрхлэх аж ахуй байгуулсан гэж хүмүүс хэлдэг байлаа” хэмээн үнэнээ хүлээсэн байж билээ.

Харин дооровынх нь тэртээ далаад оны эхээр москвагаас Пүрэвдорждоо бичсэн нэгэн захидлыг уншсанаа санах юм. аварга зохиолчид нэгэндээ ингэж л захиа занаа бичдэг байхдаа гэх бодол төрсөн. “Захиа бичихийн шалтгаан хаанаас гарав гэвэл намайг тоодоггүй нэг сайхан хүүхэн өнөө л нэг анзаарч мэндлэхэд мишээж, уулзъя гэхэд толгой дохиж, учирсан хойноо мартахгүй чамайг…гэх мэт үгийг авч байсан мэт явдал тохиолдсон юм. тэр нь юу байваа гэвэл чиний “цэнхэр даалимбан тэрлэг”-ийг уншиж гайхалтай ихээр баярласных. Би анх уншаад духаа нэгээр барахгүй хэд хэд пад пад хийтэл алгадсан. ийм юм санахгүй маанаг хар толгой гэж тэр шүү дээ” хэмээн “Хөх даалимбан тэрлэг” алдарт найраглалыг нь уншаад баяр бахдалаа ийн илэрхийлсэн байна.

“Цэрэг эрсийн улаан тоос

Цэцгэн дундуур татаад ирлээ

Цээжин дотор учрал зарлаад

Цэнхэр уулыг даваад ирлээ

Олон эрчүүд дайснаа дараад

Онгон талаар давхиад ирлээ

Орон гэртээ зайгаа эзлээд

Одтой адил харваад ирлээ

Халагдаж ирэх цэргийн сургаар

Хадам аав сумын төв рүү

Унаа хөтлөө хоёр морьтой

Улсын түрүүнд давхиад явчлаа

Хөөрөн сэнсрэх сэтгэл гэдэг

Хөл газар хүрэхгүй дэрвэж

Хөв чийгий нь эгшээн тавихаар

Хөх даалимбан тэрлэгээ гаргалаа

Урд хормойд нь унага даага гэж

Урдаас дугтарч оёосы нь тавилаа

Хойт хормойд нь хонь хурга гэж

Хойноос нь дугтарч хаваасы нь тавилаа

Дотоод хормойд нь тос өөх гэж

Дороос нь дугтарч шидээсий нь авлаа

Эзгүй байхад нь хийсэн юм гэж

Эцсийн учгаа хатгаж авлаа

Салаа гэзгээ дагнан сүлжиж

Сар сувдан даруулга зүүлээ

Цайны дээлээ нөмгөн өмсөж

Царай зүсээ тольдон заслаа

Үдэш эртхэн хажуулаг гэж

Үнээ малаа эртхэн саалаа

Хонгор хүүгий нь цэвэрхэн хувцаслаж

Хоёрхон усаар тогоо авлаа

Тэгтэл … нар шингэсэн хойно

Тэртээгээс хадам аав ганцаар

Эмээлтэй морь хөтөлсөн чигээр

Эргэж ирээд уяан дээр буулаа

Гэр лүүгээ нэг явах гэснээ

Гэнэтхэн зог тусаж хэсэг зогссоноо

Хонгор морины эмээлийг авч

Хоёр бүүргэнд хазаарыг сойлоо

Үеийг эзэлсэн буурал хайлаас

Үндэс тасран гуйвалж байх шиг

Сүртэй өвгөн эмээл тэвэрсээр

Сүүдэр шиг нааш айсуй хайрагдлаа

Гэнэтхэн миний дотор пал хийж

Гэртээ орж гэрэл барилаа

Айсан туулай шиг дүрлийн гайхаж

Аавын өөдөөс дуугүй ширтлээ

Аав ч бас таг дуугүй

Асга царай нь тас харанхуйлж

Төөрсөн гар нь эмээлээ алдахуй

Төмөр дөрөө нь ёолон харшлаа

Хөл дорхи газар дайвж

Хөх ногоон улаанаар эргэж

Хүний орчлонд барьц алдахдаа

Хүүгээ л би тэврэн авлаа

Эрлэг дайны хүйтэн савар

Эвдэрсэн сэтгэл тэмтрэх цагт

Ямар их хүнд үнээр

Ялалт ирснийг бид мэдлээ” хэмээн дунд сургуулийн сурагч ахуйдаа уншаад үнэндээ бахдаж байсан сан “говийн өндөр” роман, “Өндөр ээж” кино, “Хүлэг”тэргүүт найраглал, “Хойтон жилийн наадам” шүлэг тэргүүт утга зохиолын бүхий л төрөл жанраар тэгш туурвисан төрийн шагналт сормууниршийн Дашдооров духаа нэгээр барахгүй хэд хэдэн удаа пад пад хийтэл алгадсан байхад мань мэтийн жулдрай үнэндээ юу хэлэхэв дээ.

агуу их дооров ийн духаа балбасан бол “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг” хоёрыг нь уншаад сэнгийн Эрдэнэ уран бүтээлийн цагаан атаа хөдөлснөө дурссан байдаг. “Пүрэвдорж бид хоёр монголын орчин үеийн утга зохиолд зулай зулайгаа гишгэж төрсөн ах дүү шиг хоёр. Би түүнээс цөөхөн жилийн түрүүнд яруу найрагчийн нэр зүүсэн. Пүрэвдорж шүлэг найргаа бичиж хэвлүүлээд уншигчдын дунд ойрхон нэрд гарсан. Зөвлөлтийн нэрт яруу найрагч Евгений долматавский Чойжилын Чимидэд бичсэн нэг захидалдаа “орны сайхан найрагч явахаас илүү хувь заяа үгүй” гэсэн байдаг. Пүрэвдорж бол миний үеийн сайхан найрагчдын нэг. Жараад оны дундуур Пүрэвдорж “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг” гэдэг хоёр сайхан найраглал бичиж билээ.

Би тэр найраглалуудыг нь уншаад баярлахын дээдээр баярлаж, нөхрийнхөө яруу найрагчийн сэтгэл, үг хэлний яруу тунгалаг дүрслэлийн нарийн нандинг хэзээ хэзээнээс илүү ойлгож, түүнээс нь дутуугүй сайхан өгүүллэг, тууж бичихсэн гэж хичээж байж билээ. магадгүй тийм бүтээлч атаархал миний бүтээлд ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн биз ээ” гэж уран зохиолч сэнгийн Эрдэнэ наяад оны эхээр бичсэн нь бий.

Эрдэнэ гэснээс Пүрэвдорж гуай их зохиолчийн эцсийн зүүдийг элгэн халуунаар бичиглэн үлдээсэн байдаг шүү. “Эрдэнэ бол сэтгэлдээ уянгын эгшиглэнтэй зохиолч. Харин түүний тэлмэсэн яруусал нулимстай байсан юм. Эрх танхи насандаа эсэргүү хилсээр эцгээ буудуулж сэрүүн галттайн хөвчөөс үргэсэн янзаны нүд насан турш будантай явсан юм” гэж тодотгоод аугаа их Сэнгийн Эрдэнийгээ сүүлчийн удаа эргэж очсоноо дурсчээ.“Хоёрдугаар эмнэлэгт түүнийг эргэж очиход тэр минь бие эцэж гагцхүү сэтгэлийнхээ дөрөөн дээр тогтож байх шиг санагдсан.

Надтай харцаараа мэнд солиод Эрдэнэ минь “Би жаахан өндийж суумаар байна” гэлээ. Би цээжийг нь өргөн өндийлгөж түшин хэдхэн агшинд суулгав. Эрдэнэ тамирдангуй инээвхийлж, хачин юм зүүдэллээ гэж мушилзсанаа “цэрэндэжид минь цэл залуухан бид хоёр Бразилын Ерөнхийлөгчийн гоёмсог ордонд хүлээн авалтад цэнгэж байх юм” гэхэд нь би “Бразил байдаг нь ч юу билээ. Ядахдаа Чилид Пеночетийн ордон байсан бол чи бид хоёр сураг дуулсан баймаар юм” гэхэд “Харин тийм ээ” гээд Эрдэнэ хажуулав. минь хар багаас ижилссэн ханиа өрөвдөж дотоод ертөнцийнхээ илч гэрэлд эрхлүүлэн зүүдэлжээ. Би эмнэлгээс ирээд гэр рүү нь утасдаж Цэрэндэжидэд энэ тухайгаа хэлбэл “Та хоёр чинь бүр зүүдээ ярихтайгаа байгаа юу” гээд инээсэн юм. Энэ инээд Эрдэнийн зүүдний цагаан тайлал байлаа. сэнгийн Эрдэнийн эцсийн зүүд энэ. аугаа их бичгийн мэргэн, энэрэнгүй үзэлтэн, энэ хүн зүрх сэтгэл төдийгүй зүүдээрээ ийнхүү цагаан гэгээ цацан буцсан билээ” хэмээснийг уншиж “Бор гэрийн богд” номноос нь уншаад нулимсаа барьж даанч чадаагүй дээ, би.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Р.Нямхүү: Хүүг минь хөнөөсөн гэмт хэрэгтнүүд ажлаа хийгээд сул чөлөөтэй явж байна

Цэргийн баяр тэмдэглэж байсан залуус бусдын амь насыг хөнөөсөн хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл дээрх гэмт хэргийн хохирогч Сонгинохайрхан дүүргийн VII хорооны иргэн Р.Нямхүү бидэнд хандлаа. Тэрбээр хууль хяналтын байгууллага хэргийг үнэн зөвөөр хуулийн дагуу шалгахгүй байгаад гомдолтой байгаа гэсэн юм.


-Хүүгийн тань амь насыг хөнөөсөн хэрэг одоог хүртэл шийдвэрлэгдээгүй шалтгааныг та юу гэж боддог вэ. Цэргийн баяр тэмдэглэж явсан залуус нэгэн залуугийн толгой руу ширээний тавцангаар цохиж амь насыг нь хөнөөжээ гэх мэдээлэл тухайн үед гарч байсан ?

-Би гурван хүүтэй байсан. Гэтэл бага хүүгээ бусдын гарт алдчихаад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч нь болчихоод л явж байна. Хууль хяналтын байгууллагын хүнд суртал, ядарсан хүмүүсийг дээрэлхэж ханддаг, муухай зүйлтэй нүүр тулж байна даа. Миний талийгаач хүү “Чингис хаан” дээд сургуульд сурдаг, ээжтэйгээ, өвөөтэйгөө хамт “Хилчин” хотхоны ойролцоох гэр хороололд амьдардаг байсан. Харин өнгөрсөн жилээс найз охинтой болж, “Орой хичээлээ тараад найз охинтойгоо уулзаад, хотын баруун зах орох хэцүү байна. Долоон буудлын наана хямдхан нийтийн байр түрээслэж хамт амьдарч болох уу” гэсэн. Би ч зөвшөөрч, хүү минь найз охинтойгоо хамт амьдарч эхэлсэн. Хэрэг гардаг өдөр миний хүү, найз охинтойгоо хөзөр тоглоод гэртээ сууж байсан гэдэг. Тэгсэн найз охиных нь хамаатан Золзаяа гэх нэртэй залуу гэрт нь ирсэн байдаг. Өмнөх өдөр нь Архангай аймгаас ирээд тэнд хоносон юм байна лээ. Золзаяа гаднаас орж ирээд “Гурвуулаа гарч кино үзэх үү. Цэргийн баяр болж байхад энд хөзөр тоглоод сууж байснаас гаръя” гэснээр гарцгаасан байдаг. Гарахаасаа өмнө хүү маань мөнгөгүй гэдгээ хэлсэн гэсэн. Ингээд кинотеатр явалгүй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 17 дугаар сургуулийн буудлын тэнд байх “Бадруун” гэдэг караоке бааранд орсон байгаа юм. Хэсэг дуулж байгаад доошоо бууж бүжиглэсэн гэсэн. Тэр гурвыг хамт байхад нь хүүгийн найз охиных нь ойр дотны найз Болормаа гэх эмэгтэй ирсэн юм билээ. Болормаа баарны бүжгийн талбайд бүжиглэж байгаад Энх-Амар гэх хүүхэнтэй мөргөлдчихсөн гэсэн. Тэд хоорондоо муудалцаж эхэлсэн байгаа юм. Камерийн бичлэгээс харахад үснээсээ зулгаалцаад зодолдож байна лээ. Манай бэр болох эмэгтэй ч тэр зодоонд оролцож, Энх-Амарын найзтай зодолдсон байдаг. Зодоон болохоос өмнө миний хүү бие засах газар явсан байсан. Тэгээд орж ирүүтээ зодооныг салгаж байсан. Энх-Амар гэх эмэгтэй салахгүй зодолдоод байсан нь дүрс бичлэгт бичигдсэн байна лээ. Миний хүү тэр хүүхнийг түлхчихсэн гэсэн. Гэмт хэрэгтнүүд Энх-Амар гэх эмэгтэйг алгадсан гэж мэдүүлэг өгөөд байгаа. Миний хүүд түлхэгдсэн Энх-Амар ухрахдаа ширээний тавцан хугалчихсан байсан. Гэтэл Энх-Амартай хамтран амьдардаг байсан Чинбат гэх залуу ширээний тавцанг миний хүү рүү шидчихсэн. Миний хүү ч ямар нэгэн зүйл шиднэ гэдгийг мэдэлгүй зодооныг салгачихлаа гээд эргэж хараад алхтал араас нь шидчихсэн байна лээ. Чинбатын шидсэн ширээний тавцан хүүгийн минь ар дагзанд онож тэр дороо газарт унаж байгаа дүрс бичлэгийг нь харсан. Мөн Чинбат, Энх-Амар нартай хамт явсан залуу хүүгийн минь нүүр рүү хэд хэдэн удаа цохиж байгаа дүрс бичлэгийг “Бадруун” гэх баарнаас авсан. Ерөөсөө л миний хүүг бүлэглэж зодоод л тархинд нь маш хүнд гэмтэл учруулсан байдаг.

-Ширээний тавцангаар толгой руу нь цохиж гэмтэл учруулсны дараа Яаралтай түргэн тусламж дуудсан биз дээ. Түргэн тусламжаар ирсэн эмч цусыг нь тогтоож өгчихөөд явчихсан гэх мэдээлэл гараад байсан?

-Ширээний тавцанд оногдоод газарт унахдаа л хүүгийн минь толгойноос их хэмжээний цус гарсан байдаг. Найз охин нь тухайн баарны хаалгыг дотроос нь түгжүүлээд 00:45 цагийн орчимд нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төв рүү дуудлага өгсөн. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаа руу ч утасдаж дуудлага өгсөн байдаг. 103 Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч Машбаяр гэх хүн ирээд “Сүртэй гэмтэл алга. Өнгөн хэсгийн язрал байна. Алив наад хагарч цус гараад байгаа хэсэгт нь оёдол тавиад өгье” гээд шууд нөгөө бааранд оёдол хийсэн байдаг. Бэр “Энд толгойд нь оёдол хийж болох юм уу. Эмнэлэг рүү аваад явахгүй юм уу” гэж асуусан байгаа юм. Тэгсэн “Над шиг ингэж сайн оёдол тавих эмч та нарт олдохгүй. Би анхны тусламж үзүүлж байна. Ноцтой гэмтэл алга” гэж хэлсэн байдаг. Миний хүү толгой нь эргээд, дотор муухай оргиод байна гэдгээ тэр эмчид хэлсэн байдаг. Гэвч тэр эмч “Угаасаа оёдол тавихаар дотор муухай оргидог юм. Битгий баашлаад бай” гэж хэлээд тоогоогүй байна лээ. Тархиндаа хүнд гэмтэл аваад, хэд хэдэн газраа цус харвачихсан байгаа хүүг минь Машбаяр гэх эмч цусыг нь тогтоож өгчихөөд л яваад өгсөн байдаг. Эмч зүгээр гэсэн болохоор хамт явсан хүмүүс нь тайвширч, цагдаа нар ч “Эмч бие чинь зүгээр байна” гэсэн гээд Дамбадаржаагийн автобусны эцэст байх цагдаагийн хэлтэс рүү аваад явсан гэсэн. Хэрэв тэр эмч шууд ГССҮТ рүү хүргээд өгсөн байсан бол миний хүү өдийд амьд байх байсан юм билээ. Машбаяр эмч дур мэдэж буруу онош тавьж, хөнгөн гэмтэл гэж худлаа яриагүй байсан бол миний хүү амьд байх бүрэн боломжтой байсан гэдгийг эмч нар хэлж байсан. Миний хүү дуудлагаар ирсэн цагдаа нартай хамт хэлтэс дээр нь очоод болсон явдлын талаар хэлж, мэдүүлэг өгчихөөд гэр рүүгээ явсан байдаг.

-Хүүгээс чинь бусад нь бэртэж, гэмтээгүй юү?

-Найз охин, зодоон эхлүүлсэн Болормаа, кино үзье гэж худлаа хэлж дагуулж гарсан Золзаяа гэх Архангай аймгийн залуу нар тархиндаа хүнд гэмтэл авсан хүүг минь цагдаагийн хэлтсээс өргөж явсаар хөлсөлж байсан байрандаа аваачсан байдаг. Унтах гэж хэвтээд л тэр чигтээ амьсгал хураачихсан байсан даа. Шүүх эмнэлгийн эмч нар “Хамт байсан хүмүүс нь хүнийхээ хувьд их тааруу хүмүүс байсан шүү. Танай хүүхдийн нүүр тэр чигтээ цус болчихсон байсан. Тэд цусыг нь ч арчиж, цэвэрлэж өгөлгүй шууд өмсөж явсан хувцастай нь орон дээр хэвтүүлчихсэн байсан. Цуснаас нь маш бага хэмжээний спирт илэрсэн. Өөрөөр хэлбэл, талийгаач нэг шил пиво л уусан байна лээ” гэж мэдэгдэж, шинжээчийн дүгнэлтээ гаргасан байна лээ. Тэр хүүхдүүд бэртэж гэмтээгүй.

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэргийг шалгаж байгаа гэсэн. Гэмт хэрэгтнүүдийг цагдаа нар барьсан биз дээ. Мэргэжлийн алдаа гаргаж, танай хүүг ГССҮТ-д хүргэж өгөөгүй эмчийг буруутгаж гомдол гаргасан уу?

-Цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг барьсан. Цагдан хорих төвд саатуулсан байгаа гэж надад хэлсэн. Хүүгээ алдсан эх хүний сэтгэл ямар байх билээ. Хэд хоног хэцүү байсан. Буяны ажлыг нь хийгээд 49 хоног нь өнгөрсний дараа Өмгөөлөгчдийн холбоонд санал тавьсан. Надад таних өмгөөлөгч байхгүй болохоор л Өмгөөлөгчдийн холбоонд очоод үнэн учраа хэлсэн. Дарга нь хүн амины хэргээр нэлээд гаршиж байгаа сайн өмгөөлөгч гээд Дэмбэрэлдагва гэх хүнтэй холбож өгсөн. Тэр хүнд одоогоор хоёр сая төгрөгийн өмгөөллийн хөлс өгөөд байна. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, өмгөөлөгч бид хоёрыг дуудаж “Танай хүүгийн амь насыг хөнөөсөн Чинбатын хэргийг нэг хавтаст хэрэг болгон шалгана. Харин Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч Машбаярт холбогдох хэргийг тусгаарлаж шалгаж эхэлсэн” гэсэн.

-Анх зодоон эхлүүлсэн Болормаа, Энх-Амар, мөн Золзаяа, таны хүүг бүлэглэн зодсон Мэргэнбаатар нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокуророос хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан гэсэн үү?

-Тийм ээ. Бусдын амь насыг хөнөөсөн хэргийн эхлэлийг тавьж, зодооныг эхлүүлсэн Болормаа, Энх-Амар, Золзаяа нарт холбогдох хэргийг шинэ батлагдсан хуулиар хэрэгсэхгүй болгосон гэсэн. Өмгөөлөгч над руу “Эмч Машбаярт гомдол гаргаад явах юм бол танай хүүгийн амь насыг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байгаа Мэргэнбаатарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болно. Мэргэнбаатарыг буруутай гээд шалгуулна гэх юм бол эмчийн хэргийг прокурор хаана гэж яриад байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ” гэж гар утсаар ярьсан. Би эхлээд юу яриад байгаа учрыг нь олоогүй. Ингээд Сүхбаатар дүүргийн прокурор дээр очсон. Хэргийг хянаж байгаа Мөнх-Эрдэнэ гээд прокурор өмгөөлөгчийн хэлсэн бүхнийг надад хэлсэн. Тэр хүн “Мэргэнбаатар гэж хүнийг бүлэг хэрэг үйлдсэн гээд шалгуулна гэх юм бол 6-12 жилийн ял авна. Эмчийг буруутай гээд шийтгүүлнэ гэх юм бол олон жилийн хорих ял авахгүй” гэсэн утгатай юм яриад байсан.

-Хэргийг тусгаарлаж шалгах болсон шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ?

-Хамгийн гол нь нотлох баримт болох Чинбат, Мэргэнбаатар нар хүүг минь бүлэглэн зодож байгаа бичлэг байгаа. Мэргэнбаатар хүүгийн минь нүүр рүү хэд хэдэн удаа цохисон нь тэнд бичигдсэн байдаг. Үүний дараа Чинбат ширээний тавцан толгой руу нь шидэж байгаа дүрс нь ч бий. Гэтэл үүнийг бүлэглэн үйлдсэн хэрэг биш гээд ганцхан Чинбат гэх хүнд хэргийг үүрүүлээд Мэргэнбаатарыг хэрэгт холбогдолгүй гэж шийдвэрлэх гээд прокурор улайраад байна. Бас Мэргэнбаатарыг буруутай гэж үзвэл эмч Машбаярын хэргийг хэрэгсэхгүй болгоно гээд барьцаалаад байгаа юм. Нэг нь зодож амь насыг нь хөнөөсөн, нөгөө нь мэргэжлийн алдаа гаргасан хоёр өөр хэргийг нэг болгож, гэмт хэрэгтнүүдийг ял завшуулах гэж байгаад гомдолтой байна. Мөнх-Эрдэнэ гэдэг прокурор энэ бүгдийг надад хэлсэн мөртлөө нэг ч удаа бичиг цаас танилцуулахгүй байгаа нь гэмт хэрэгтнүүдийн талд ажиллаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж байгаа. Хүүгийн минь амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүд батлан даалтаар гарчихсан байна лээ. Хүний амь хөнөөчихөөд юу ч болоогүй юм шиг л ажлаа хийгээд явж байна шүү дээ. Ядарсан надад Монголын хууль хяналтын байгууллага ингэж л хандаж байна. Би хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна. Гэмт хэрэгтнүүд хуулийн дагуу зохих ял шийтгэлээ эдлэх ёстой биз дээ.

Э.БААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зөвхөн нарыг хэвээр үлдээх Октябрь

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Октябрийн 100 жилийн ой болж байна. 1917 оны октябрь сарын үйл явдлыг өдөөгчид нь үүнийг өөрснөө “Октябрийн эргэлт” гэдэг байгаад 1927 оноос “Октябрийн хувьсгал” гэж албан ёсоор нэршүүлэх болсон юм. Манайд бол “Октябрийн баяр” гэдэг байлаа, учир нь ажлын бус тэмдэглэлт өдөр болгож нийтээр туг лоозонтой жагсчихаад гэртээ ирж хоёр хоног амардаг байв. Иймээс “Октябрийн…” гэчихээд цааш нь юу гэхээ онож хэлэхэд хэцүү байна. Тэгээд ч октябрьт биш ноябрьт болсон үйл явдал, удирдагч нь Ленин биш Ульянов байсан, түүнийг Сталин биш Жугашвили залгамжилсан гэх хоржоонтой шог яриа бий.

Хүний нийгмийн хөгжил дэвшлийн тухайд Германы суут философич Карл Марксын XIX зууны дундуур дэвшүүлсэн таамаглалыг амьдралд туршсан анхны оролдлого нь энэхүү Орост болсон үйл явдал юм. Марксыг учиргүй муулаад, эсвэл шагшаад байгаа хүн таагүй санагддаг. Маркс бол авьяаслаг найрагч, мундаг сэтгүүлч байснаас гадна гол нь суут эдийн засагч, аналитикч, философич байлаа. Түүний жинхэнэ ориг үзэл суртал залуудаа бичсэн “Германы үзэл суртал” зохиолд нь бий.

Марксын үзэл санаа төлөвшихөд Гегель их нөлөөлсөн. Тиймдээ ч “Залуу гегельч” гэгдэж явсан. Гегелийн диалектик нь тезисийг сөрж антитезис гарах ба энэ нь нийлж синтез үүсгэнэ, синтез явсаар антисентизтэй зөрчилдөн дундаас нь дараагийн төлөв үүсдэг гэсэн номлол юм. Маркс үүнийг хүний нийгэмд орлуулан зүй тогтол болгон номложээ. Тэрээр Үйлдвэрлэлийн хэрэгсэл эзэмшигчийг тезис гэж үзээд хүний нийгмийн хөгжлийг үүндээ тохируулан таван шатад хуваан, тезис болгон антитезис үүсгэн зөрчилдөж нийгмийг хөгжлийн дараагийн шатанд хувьсгалаар дамжин оруулдаг гэх онол боловсруулсан. Боол эзэмшигч, боолын хоорон дахь зөрчил феодализмыг, феодал, хамжлага хоёрын зөрчил капитализмыг үүсгэнэ. Ингэхээр капиталист, ажилчин хоёрын зөрчил хаана аваачих вэ? Нэг формациас нөгөөд шилжих нь заавал хувьсгалаар шийдэгдэнэ. Антитезис нь ялдаг болохоор ажилчин анги ялна. Ялчихаад яахав? Дундаас нь буй болох синтезийг тэрээр коммунизм гэж нэрлэжээ. Энэ бол хэдийгээр өөрөө итгэж байсан боловч мөрөөдөл, алс хэтийн хэрэг, таамаглал төдий юм.

Маркст нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бол Библи судар. Тэрээр жүүд хүн боловч загалмайн шашинтай. Библи тэр чигээрээ шударга нийгмийн тухай, хувь хүний аз жаргалын тухай сургаал. Есүс худалдаа наймааг мөлжлөг гэж үзэн жигшдэг байсан. Алив байдлаар хүмүүс биенээ мөлжих, боолчлох, дээрэлхэх, илүүрхэхийг ихэд буруушаана. Тэгшитгэсэн нийгмийн тухай иймэрхүү сургаал шашин болгонд буй, тэр дундаа Библид. Эндээс Марксын мөлжлөгийн тухай онол үүдэлтэй. Бүх түүхээс харахад ангиудын зөрчил зөвхөн өмчөөс болж байсныг анзаарч хувийн өмчгүй нийгмийн тухай таамаглал дэвшүүлэв. Өмч байгаа учраас мөлжлөг буй. Тухайн үедээ шуугиан тарьсан эдийн засагч байсны хувьд тэрээр Адам Смитээс тэс өөр нийгэм-эдийн засгийн ориг загвар гаргаж ирэх хувь хүний амбицтай байсан нь ч түүнд их нөлөөлсөн.

XIX зууны хамгийн том нээлтийн нэг болох Дарвины “Байгалийн шалгарал”-ын онол нас тогтсон Маркст гүн сэтгэгдэл төрүүлж, коммунизмд дэвшин ороход гол түлхэц болох хувьсгал, пролетарийн диктатурын онолыг төрүүлжээ. Маркс өөрийн бодож олсон коммунист нийгмийг хүн төрөлхтний хөгжлийн эцсийн шат гишгүүр гэж үзсэн тул энэ төлөв байдлыг мөнх хадгалахын тулд нэг ангийн үргэлжийн ноёрхол байнга байх ёстой гэж үзжээ. Хувьсгал ч, пролетарийн диктатур ч цус шаардана гэдгийг тэр хүлээн зөвшөөрч байсан.

Марксын онол боловсрон гарсан даруйдаа ялангуяа оюунтан сэхээтний хүрээнд асар их нөлөө үзүүлжээ. Эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс гэсэн Францын хувьсгалын уриа сэтгэлд нь хоногшсон ч нийгэмд энэ нь хэрэгжиж чадахгүй байгаад бухимдалтай явдаг сэхээтнүүд Марксын сургаалыг шүүмжлэлгүй шүүрэн авчээ. Энэ нь хэсэгтээ хавтгайрсан үзэгдэл байсан юм. Харин Маркс өөрийн диалектик хөгжлийн онолоо тайлбарлан, коммунист нийгэмд дэвшин орох онол нь зөвхөн туйлдаа хүртэл хөгжсөн капиталист нийгэмд хамаатай болохоос жишээ нь тариачны хоцрогдсон бүдүүлэг орон Орост ямар ч хамаагүй хэмээн хэлж ч байсан. Марксынхаар туйлдаа хүртэл хөгжсөн капиталист нийгэм болох Хойд Америк, Баруун Европт хувьсгал гарч зөвхөн ажилчин анги л хувьсгалаар капитализмыг түлхэн унагаж хүний хөгжлийн эцсийн шат болох коммунист нийгэмд давшин орох ёстой ажгуу.

Хувь заяа үргэлж шоглоомтой байдаг. Тариачны хоцрогдсон орон Орост 1917 онд төрийн эргэлт гарлаа. Хүн амыг үлэмж цөөнх болох хэсэг сэхээтнүүд удирдан Марксын төсөөллийг амьдралд хэрэгжүүлэхээр шийдэн үймээн дэгдээсэн хэрэг. Орос бол юун туйлдаа хүрсэн капитализм байтугай Өрнөд Европыг өдий зэрэгт хүргэсэн Дахин сэргэлт, Реформаци, Соён гэгээрлийн үе, Үйлдвэржилтийн хувьсгал хэмээх 400 жил дараалан үргэлжилсэн аугаа өөрчлөлтүүдийг бүгдийг нь алгасан холуур өнгөрсөн хамжлагийн хоцрогдсон эзэнт гүрэн ажгуу.

Октябрийн үйл явдлаар төрийн эрхийг булаан авагчид марксист нийгмийг тогтоон барихын тулд дан ганц аллага хядлагын аргыг голложээ. Пролетари ангигүй тэд үүнийгээ пролетарийн диктатур гэж нэрлэв. “Бид хүн төрөлхтнийг албадлага хүчээр аз жаргалд чирж аваачна” гэсэн уриа тэдний зорилгыг зөвтгөнө. Маркс шашиныг басамжлан үздэг байсан бол Ленин бүр үзэн ядаж, хорвоогоос шахан зайлуулах ёстой хог шаар гэж харан, сүм хийдийг нурааж, лам хуврагийг нь алж устган, сүсэгтнүүдийг нийгмээс тусгаарлан дарамтлав. Марксын таамаглалыг гажуудуулан ойлгосон тэд өөрсдийн ноёрхол дарангуйллыг бүх хүн төрөлхтөнд тулган хүлээлгэж албаар жаргуулна гэх боллоо. Харин Марксын таамаглалыг мөнөөх туйлдаа хүртэл хөгжсөн гэх Өрнөд Европын ухамсартай ажилчин анги огт хүлээж аваагүй юм.

Лениний төрийн эрхийг нь булаан авсан Орос орон нь нийгмийн хөгжлийн янз бүрийн шатанд яваа бараг 200 үндэстнээс бүрдсэн уламжлал бүхий хүчирхэг империалист гүрэн юм. Марксын үгэнд орж ажилчинтай хэдхэн том хотоо коммунист болгоод бусдыг нь “хүлээж бай” гэлтэй нь биш! Иймээс ялсан пролетарийн тусламжаар хоцрогдсон үндэстэн капитализм дээгүүр харайж цаана нь гараад коммунист нийгэмд дүүлэн орж болох тухай бүр марзан онолоор марксизмыг чимэглэв. Маркст хийсэн засварыг марксизм-ленинизм гэж нэрлэх болов. Социализм ялах тусам түүнийг устгах гэсэн хувьсгалын эсэргүүнүүд улам хүчээ авдаг гэсэн Сталины нэмэлт засвартайгаар марксизм-ленинизм-сталинизм болов. Тариачдад тулгуурласан коммунист хувьсгал байж болно гэсэн Мао Зэдуны онолыг нэмээд марксизм-ленинизм-маоизм үүсэв. Дараа нь Югославын, Африкийн, Кубын, Индонезийн, Унгарын, Латин Америкийн гэх мэтээр үй олон янзын мөртөө хоорондоо маш их зөрчилтэй коммунизмууд үүсэв. АНУ-д неомарксизм, Латин Америкт XXI зууны марксизм ч хэсэгтээ газар авч баахан үймүүлсэн. Явсаар либерал үзэл, парламентаризм, олон урьгалч үзлийг зөвшөөрсөн еврокоммунизмын онол төрж тулгар үзэлт ориг марксистуудын нүдийг орой дээр нь гаргаж эрүүг нь мулталжээ.

Большевизмын зэвсэгт түрэмгийллийг даган Монголд нүүдэлчний марксизм хэмээх сонин хэлбэр орж ирсэн. Дундад зууны хоцрогдолтой нүүдэлчид энэ онолыг ёстой ойлгосонгүй, эрхгүй хүчинд автан коммунизм байгуулж эхлэв. Ардын хувьсгалын удирдагч Бодоо Үндсэн хуульт хаант засгийн бүтэц зохиогоод буудуулав. Нөгөө нэг удирдагч Данзан нийгмийн шатыг алгасч коммунизмд хүрдэг онолд нь үл итгэсэн учир цаазлуулав. Арга нь барагдсан Ерөнхий сайд Гэндэн “энэ хорвоод Будда, Ленин гэсэн хоёр сартваахи бурхан байдаг” гэж илтгээд буруутав. Ингээд марксист улс болохын тулд биенээ алж устгах ёстой юм байх гээд гадны тулгалтад хүчин мөхөстөн эх орон нэгтнүүдээ хядаж гарлаа.

Аугаа яруу найрагч хар зөнгөөрөө ирээдүйг тольддог гэж ярьдаг.1937 оны зун нас барсан Д.Нацагдорж нэгэнтээ “Зөвхөн нарыг хэвээр үлдээх Октябрь” гэж шүлэглэсэн нь бий. Үнэхээр түүнийг үхснээс сарын дараа Монгол орон даяар цусан хядлага болж зөвхөн нарыг нь л хэвээр үлдээж билээ. Сэхээтэн, язгууртан, лам хувраг, нам төрийн зүтгэлтнийг хуйгаар нь буудан хорооллоо. Тэр байтугай эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, хүүхэд ч энэ хядлагад өртсөн. Ердөө 700 мянган хүнтэй монголчуудын 60 мянгыг хэрэгт татаж, 30 мянгыг нь алж устгажээ. Насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь алагдсан. Бүхий л сүм хийд, барилга байгууламжийг үлдээлгүй нурааж галдан шатаажээ. Соёлын бүх өвийг үгүй хийв. Гагцхүү дээр гийх наран л хэвээрээ үлдсэн. 1937-38 оны хядлагаар ЗХУ-д 1,5 сая хүн баривчлагдаж, 700 мянга нь буудуулжээ. Энэ нь тус орны нийт хүний 0,4 хувь болж байхад Монголд энэ үзүүлэлт даруй 10 дахин их буюу 5 хувьд хүрсэн. Богино хугацааны хядлагын дэлхийн дээд рекорд болох энэ үзүүлэлтийг хожим нутагтаа коммунизм байгуулсан камбожууд 12 хувь хүргэн эвдсэн юм.

Бичигтэй болгоноо хөнөөлгөсөн монголчууд дөнгөж тавиад оны үеэс дараагийн ээлжийн шинэ сэхээтэнтэй болсноор марксизм онолын хувьд нутагшин орж ирлээ. Өмч бол марксизмд таарахгүй юм байна гэж ойлгоод малчдын малыг, хөрөнгө зоорьтой хүний өмчийг хуу хураан социализм байгуулж эхэлсэн юм. Хамтын нийгэм. Хувь хүний аз жаргал гэж үгүй, зөвхөн хамтын жаргал! Үзэл суртлын хатуу дэглэмийн дор “марксизм” хэмээх үг нь хүнийг яллах зэвсэг болжээ. “Марксист биш байна!”, марксизмтай таарахгүй!”, марксизмыг сөрлөө!” – энэ нь нэг төрлийн ялын тогтоол!

“Хамтралжуулалтад хичнээн хүний хохирол гарсан бэ?” гэж Чөрчиллийг асуухад Сталин “10 сая” гэж хариулсан гэдэг. Маогийн их үсрэлт хамтралжуулалтад 35 сая хүний амь эрсэдсэн гэдэг. Ердөө гурван жилийн дотор. Харьцуулахад Чингисийнхний Хятадтай хийсэн 70 жилийн дайнд 35 сая хүн нь алагдсан гэх тоо Гиннесийн номд бий. Маогийн марксист дэглэмийн үед нийт 70 сая хүн өөрийн биш үхлээр нас барсан гэж Юнь Чан тооцоолжээ. Дэлхийн II дайны хохирлыг оролцуулж тоолоод ЗХУ-ын үед бараг 80 сая хүн өөрийн биш үхлээр нас барсан гэсэн үнэмшихэд бэрх тооцоо ч бий. Олон улсын хамтарсан бүтээл “Коммунизмын хар ном”-д 1917 оны Октябриас хойш марксист дэглэмээс болж амь насаа алдсан хохирогчдын тоог: ЗХУ-д 20 сая амь нас, Хятадад – 65 сая, Вьетнамд 1 сая, Солонгост 2 сая, Камбожид 2 сая, Зүүн Европт – 1 сая, Латин Америкт – 150 мянга, Африкт – 1 сая 700 мянга, Афганистанд 1 сая 500 мянган хүн амиараа золиослогдсон ба нийт дүнгээрээ дэлхийд 100 сая орчим амь нас үрэгдсэн байна. Европын 30 жилийн дайн, нийтийг хамарсан аюулт тахлууд, дэлхийн хоёр дайны нийлбэр золиосын аль нь ч энэ тоонд хүрэхгүй. Хүн төрөлхтний эсрэг хамгийн том дайныг Октябрь өдүүлжээ. Хүний нийгмийг албадан жаргуулсны эцсийн дүнгийн тайлан энэ! Октябрь зөвхөн нарыг л өөрчилж чадалгүй хэвээр нь үлдээсэн.

2017. 11.07

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 0 орчим хэм байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс шөнөдөө секундэд 4-9 метр, өдөртөө секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 2-4 дулаан хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Зөвхөн нарыг хэвээр үлдээх Окьтябрь” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Найман настай Д.Сэрж-мядаг охин ор сураггүй алга болоод зургаа хонож байна. Замын-Үүдэд манай сонины тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар томилолтоор ажиллаж байгаа юм. Тэдний бэлтгэсэн “Охиныг Эрээн хотын баруун захаас эхлэн хайж, аав ээж хоёрыг нь давхар шалгаж эхэллээ” хэмээх сурвалжилгыг тэргүүн нүүрнээс онцлон үзээрэй.

Төсвийн тодотголд Монгол Улсын Ерөнхийлөгч тавьсан хоригийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой хийсэн ярилцлага улс төрийн хоёрдугаар нүүрэнд хэвлэгдсэнийг тухлан уншаарай. Тэрээр “Төсвийн тодотголд гялайж гялтайх ганц зүйл байгаа нь хүүхдийн мөнгө” гэж хэлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Зөвхөн нарыг хэвээр үлдээх Окьтябрь” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Өчигдөр Хууль зүйн байнгын хороо үдээс өмнө хуралдсан билээ. Уг хурлын талаар улс төрийн дөрөв дүгээр нүүрэнд хэвлэгдсэн “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэв” сурвалжилгаас унших боломжтой.

Дэлхий мэдээний есдүгээр нүүрнээс “Бельгийн шүүх К.Пучдемонийг түр суллажээ” мэдээг онцлон үзээрэй.

Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, утга зохиолын доктор, бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхай нь Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч хүн билээ. Тэрээр “Азийн тэргүүн найрагч”-ийн шагнал хүртсэн талаар арван хоёрдугаар нүүрнээс хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

“Жүрт” 6-60 насны уран нугараачдын тоглолт боллоо

МУГЖ Л.Энхцэцэгийн уран бүтээлийн 45 жилийн ойд зориулсан “Жүрт” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 5-нд Corprate convention centre-д боллоо. Монгол гэрийн эд хогшлыг ашиглан циркийн жүжиглэлт оруулан гэр барьж, дээр нь нугарч үндэсний хэв маягаа орчин үетэй хослуулсан тоглолт байлаа. Уг тоглолтын чимэг болсон нэг зүйл нь 6-60 насны 90 уран нугараач оролцсон явдал байв. Бүжиг, хөгжим, цирк хослуулан найруулж оруулснаараа Монголд анхдагч хэмээн үзэгчид онцолж байлаа.

МУГЖ Л.Энхцэцэг нь 1980-аад оны үед дэлхийн тавь гаруй улсад Монголын уран нугаралтыг сурталчлан тоглолт хийжээ. Тухайн үед өмссөн хувцас, ширээтэйгээ энэхүү тоглолтод нугарсан нь өнгөрсөн цаг хугацааг эргүүлээд аваад ирсэн мэт.

Уг тоглолтод Япон, Тайланд, АНУ-аас олон жүжигчид уригдаж ирж уран бүтээлийн дээжээсээ толилуулсан билээ. Тэдний нэг нь дэлхийд алдартай Нарны циркийн дасгалжуулагч багш, Монголын анхны хос нугараачдын нэг, “Монте Карло”-оос хамгийн анхны шагналыг эх орондоо авчирсан СТА Ж.Эрдэнэчимэг байсан юм. Мөн “Могойн чуулган” , “Цэцэгсийн цоморлог” зэрэг нугаралтыг Анжелс төвийн 90 уран нугараач үзүүллээ.

МУГЖ Л.Энхцэцэг ярихдаа: “Одоогоос дөрвөн жилийн өмнө энэ тоглолтын санаа орж ирсэн. Миний хань амьд байхдаа Монголын түүх, соёл урлагийн тухай ном уншаад арван XIII зууны үед монголчууд монгол гэрийг уулан дээр, уулан дунд, модон дунд, уулны бэлд, талд барьдаг байжээ. Тэдгээр гэрүүдийг өөр өөрөөр нэрлэдэг байж гэх хэсэг мөрийг хүү, бид хоёрт уншиж өгч билээ. Талд барьдаг гэрийг Жүрт гэж нэрийдэг байжээ. Иймээс Монгол гэрийг тайзан дээр бариад Жүрт гэдэг нэртэй тоглолт хийе гэж ярьж байлаа. Энэ тоглолт бол миний ханийн мөрөөдөл байсан юм. Өнөөдөр хань минь байхгүй ч гэсэн түүний минь зорьж төлөвлөж, хүсэж мөрөөдөж байсан сайхан зүйлийг нь хүү, бид хоёр төлөвлөж хийж чадсандаа баяртай байна хэмээн МУГЖ Л.Энхцэцэг дурсаж байлаа.

СТА Ж.Эрдэнэчимэг өөрийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Тэрээр хэлэхдээ:

“Өнөөдөр уран нугараачдыг нэгтгэсэн сайхан тоглолт боллоо.МУГЖ Л.Энхцэцэгийн маань уран бүтээлийн 45 жилийн ой, Анжелс төв үүсэн байгуулагдсаны 10 жил ойнууд давхар тохиосон тоглолт боллоо. Би 8 настайдаа 1966 оны хавар улсын циркт уран нугараач болохоор шалгуулж байлаа. Үүнээс хойш 52 жил энэ мэргэжлээр тасралтгүй ажилласан байна. Нуруу нугасны эмч нар, мэс засалчид ирж манай уран нугаралтын таван уран нугараачид судалгаа явуулсан. Тавин жил ажилсан уран нугараачдын арван хоёр үе шаттай яс, мөч гэмтэл согог байхгүй байна. Эд эсийн өөрчлөлт байхгүй байгаа нь ямар гайхамшигтай юм бэ? Ингэж их дасгал сургуулилтыг өдөр тутам явуулснаараа нурууныхаа сайн чанарыг хадгалж чадсан байна гэж дүгнэсэн байдаг. Энэ нь уран нугаралтын нэг гайхамшиг юм. 6-60 насны энэ уран нугараачид цугларсан болохоор дэлхийн аль ч тайзнаас үзэж чадахгүй тоглолт боллоо” гэв.

Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай циркийн жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу гуай хэлэхдээ: “Өнөөдөр зааланд орж ирээд миний сэтгэл маш их хөдөллөө. Яагаад гэвэл өмнө Улсын цирк гэж байх үед уран бүтээлээрээ цэцэглэж байсан уран бүтээлчид тоглолтод оролцож байгаа явдал нь гайхамшигтай байлаа. Олон жилийн өмнө Москвагийн эрдмийн их театрт Цэнд багшийн найруулгаар таван жүжигчин тавьсан номероо тоглочхоод Монгол доо ирээд.

Тэр номерын бичлэгийг Налайхын арын Туул голын эрэг дагуу уулын орой дээр

кино зураг авхуулахад, нэг жүжигчний оронд бяцхан

Энхцэцэгийг аваад явж байсан. Бид Энхээг (Л.Энхцэцэг) өхөөрдөөд хэлж байсан. Олон жилийн дараа

мундаг жүжигчин болчхоод, энэ киногоо үзээд “би ийм сөөсгөр охин байж дээ гэх байх даа” гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр тэр охин маань сайхан

алдартай жүжигчин болоод 45 жилийн ойгоо тэмдэглэж байгаад бахархаж байна.

65 насандаа энэ циркийн тайзнаа өөрийнхөө шавь нартайгаа дахин тоглолт

хийхийг хүсэн ерөөе” гэсэн юм.

Дашрамд сонирхуулахад тоглолтын төгсгөлд СТА Ж.Эрдэнэчимэгт “Монголын уран нугаралтын хатан хаан” хүндэт өргөмжлөлийг олгосон юм.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Уулзалтад Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Жон Гроган, Уэйн Дэвид нар оролцлоо.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж байгааг үгийнхээ эхэнд тэмдэглэв.

Тэрбээр хоёр орны парламент, улс төрийн намууд, худалдаа бизнесийн гээд олон салбарын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж буй Британийн парламент дахь Британи-Монголын бүлгийн дарга, ноён Жон Гроганд тусгайлан талархал илэрхийллээ.

“Хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал. Тэр тусмаа олон зууны түүхтэй, Европын хамгийн нэр хүндтэй томоохон хууль тогтоох байгууллагын нэг болох Британийн парламентын туулсан замнал, хуримтлуулсан туршлага, өв соёлоос бидэнд суралцах зүйл их бий. Энэ хүрээнд парламентын бүлгүүд, гишүүд, түүний дотор залуу парламентчдыг уулзуулж, нөхөрлөлийг бэхжүүлэх, бие биенээс суралцах, туршлага солилцох нь чухал нөлөөтэй гэж бодож байна.

Манай УИХ дахь Монгол-Их Британийн парламентын бүлгийн даргаар Англид боловсрол эзэмшсэн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, туршлагатай парламентч С.Батболд ажилладаг бол Дэд даргаар нь манай хамгийн залуу, ирээдүйтэй улстөрчийн нэг Н.Учрал ажилладаг. Тиймээс хоёр орны парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагаа цаашид илүү идэвхтэй өрнөнө гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Тамгын газар, хэлтэс, албад болон номын сан, архив, судалгааны нэгж, ажилтнуудын хооронд хууль боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, сурталчлах ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх нь зөв гэж бид үздэг” гэж УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.

Тэрбээр хоёр орны хооронд соёл, боловсрол, батлан хамгаалах гээд бусад салбарын хамтын ажиллагаа ч сайн хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа монгол цэргүүдийн хэлний мэдлэгийг дээшлүүлж, Монголын түүх, соёлыг Их Британид сурталчилж, залуусыг бакалаврын болон магистрийн сургалтад хамруулж байгааг онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, боломжоо бүрэн ашиглах нь чухлыг онцлон тэмдэглээд, ноён Ж.Гроган Британи, Монголын худалдааны танхимын тэргүүний хувьд энэ чиглэлээр зүтгэл чармайлттай ажиллаж, Британийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг Монгол руу татахад чухал үүрэг гүйцэтгэж буйд талархал илэрхийлэв.

Тэрбээр 2016 оны 10-р сард ИБУИНВУ-ын Нийтийн танхимын дарга Жон Берковт Монголд айлчлахыг хүссэн урилга илгээснээ дахин нотоллоо.

Ноён Ж.Гроган цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, цас орсны улмаас онгоц саатаж, төлөөлөгчдийн зарим нь Оюутолгойгоос буцаж ирж чадаагүй байгааг хэлж төлөөлөгчдийн тэргүүн, Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн, Лимпнигийн эрхэмсэг ноён Лорд Ховардын нэрийн өмнөөс хүлцэл өчив.

Тэрбээр “Миний бие 20 жилийн өмнө Британийн парламентын анхны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Монголд ирж байлаа. Манай хоёр парламентын хооронд төлөөлөгчдийн албан ёсны айлчлал 3 удаа л болсон юм. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Р.Амаржаргал тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилсан” гэж онцоллоо.

Мөн соёлын харилцаа идэвхжиж, олон улсын дуурийн дуулаачдын Кардиффын уралдаанд монгол дуучин маш амжилттай оролцсон нь бидний бахархлыг төрүүлж байлаа. Түүнчлэн бид Оюутолгойн уурхайд зочлох үеэрээ хоёр зүйлийг нүдээр үзэж бахадлаа. Нэгдүгээрт, Оюутолгойн уурхай бол үнэхээр асар том, нүсэр далайц бүхий бүтээн байгуулалт юм байна. Хоёрдугаарт, монголчууд өндөр мэргэжил, мэргэшил шаардсан ажилд огт түүртэхгүйгээр дэлхийн хэмжээний шилдэг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа нь сайхан санагдлаа гэв.

Ноён Ж.Гроган Чингисийн удмын монгол цэргүүд өндөр ур чадвар, өргөн мэдлэгтэй, авхаалж самбаа, тэсвэр хатуужил сайтай байдаг тул манай цэргүүд хамтран ажиллахдаа баяртай байдаг. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монголын эдийн засаг, хөгжил дэвшилд том хувь нэмэр оруулна гэдэгт огт эргэлздэггүй. Хөрөнгийн биржийг Монгол Улсад хөгжүүлэх чиглэлээрх бидний хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Түүнчлэн Ази тивдээ үлгэр жишээ болсон Монголын ардчилсан өөрчлөлт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоог бид ямагт талархан дэмжсээр байх болно гэлээ.

Уулзалтад УИХ дахь Монгол- Их Британийн парламентын бүлгийн дэд дарга Н.Учрал, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Иан Кокс зэрэг албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Мягмар: Нэр дэвшигчид бие бие рүүгээ дайрах биш мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийг уриалж байна

-МҮЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ Б.МЯГМАР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ-

-Өнөөдөр хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан юу вэ?

-МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаатай холбоотой зарим хэвлэлээр мэдээллээр гарч байгаа мэдээлэл их хурлын төлөөлөгчдөд нөлөөлж байгаа олон талын нөлөөлөлд тодорхой хариу өгөх шаардлага гарч, өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зарлаж байна. Өөрөөр хэлбэл МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших тухай асуудлыг манай эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны тэргүүлэгчдийн болон их хурлын төлөөлөгчдийн өргөтгөсөн хурлаар хэлэлцсэн. Тус хурлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч ирэх дөрвөн жилийн бодлого зорилтыг тодорхойлоход эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага бүх шатандаа энэ 22-дугаар их хуралд өндөр ач холбогдол өгч байгаа. МҮЭХ өөрчлөгч, шинэчлэгч, манлайлагч, тэмцэгч байгууллага байх ёстой тийм учраас салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга буюу миний нэрийг МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Нэр дэвшихтэй холбоотой олон асуудлууд гарч байна. Намайг МАХН-ын гар хөл болсон мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэх болсон. Мөн бусад их хурлын төлөөлөгчдөд энэ мэдээллийг маш хүчтэйгээр цацсан. Энэ удаагийн МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших сонгуулийн ажиллагаа тэгш гараанаас эхэлж чадсангүй. Үүнийгээ ч бас бусад холбогдох хүмүүст хэлсэн. Яагаад гэвэл 27-ны 17:30 цаг хүртэл нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан. Өчигдөр, өнөөдөр гэсэн хоёр өдрийн хугацаанд 280 гаруй их хурлын төлөөлөгчдөд мөрийн хөтөлбөр, хийх ажлынхаа зорилтыг танилцуулах цаг байхгүй байна. Мөн үйлдвэрчний эвлэлийн их хурлын талаарх мэдээлэл хаалттай, ил тод биш байгаа. Их хурлын 285 төлөөлөгчийн нэрсийг нууцлалын зэрэгтэй хэмээн нэр дэвшигчдэд өгөхгүй байна. Гэтэл одоо нэр дэвшигчид төлөөлөгчидтэй утсаар холбогдох аль эсвэл мессэж илгээх хэрэгтэй байгаа ч тийм боломж байхгүй. Надад аймаг сумдын салбар холбоодын дарга нарын утасны дугаараас өөр төлөөлөгчидтэй холбогдох боломж байхгүй.

Үндсэндээ МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа миний бие МАХН болон бусад улс төрийн хүчнээс ангид байдаг. Би бол ҮЭ-ийн байгууллагад анхан шатнаас эхлээд 16 жил ҮЭ-ийн сонгуульт ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс сүүлийн найман жил эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын сонгуульт ажлыг хийж байгаа. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг сайжруулахын төлөө тууштай тэмцэж манай салбарын ҮЭ-ийн гишүүд бүх шатны байгууллагад манлайлж ажилласан. Тэгэхээр энийг харлуулах гэсэндээ, илүү хүчтэй өрсөлдөгч байж магадгүй гэдэг үүднээс өөр мэдээ мэдээллийг их хурлын төлөөлөгчдөд маш богино хугацаанд цацаж байгаад туйлын их харамсаж байна. Миний ард ямар ч улс төрийн хүчин байхгүй. Б.Мягмар гэдэг хүний ард миний хань, гурван хүү, аав ээж ах дүүс, нийт ҮЭ-ийн байгууллагын хамт олон минь байгаа. Өөр хэн ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Миний гэр бүлийн гишүүд дунд ч гэсэн улс төрийн нам хүчинтэй холбоотой асуудал байхгүй. Мөн хэвлэл мэдээллээр гүтгэн доромжилж байгаа. Миний нэр хүндэд халдаж байгаа. Энэ асуудлыг холбогдох шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргаж нэр төрөө сэргээлгэх болно.

-Багш эмнэлгийн ажилчдын ажил хаялт, тэмцлийг турхирч байгаа, МҮЭХ-ны тэргүүний сонгуулийг угтсан ажил гэх хардлага байна.

-ҮЭ-ийн ажил бол хамтын удирдлагатай байгууллага. Бүх шатандаа хамтын шийдвэр гаргадаг. Тэгэхээр цалин нэмэгдүүлэх талаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эхлүүлсэн энэ тэмцэл бол 2017 оны нэгдүгээр сард байгуулсан хэлэлцээрийнхээ хэрэгжилтийг шаардсан ажил. Энэ бол бидний ажил хэргийн хүрээнд хамтын шийдвэрээр хийгдсэн. Энэ тэмцэл тодорхой үр дүнд хүрсэн. Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн бүх шатны 21 аймаг Улаанбаатар хотын бүх шатны эрүүл мэндийн байгууллага эмч ажилтнууд сая байгуулагдсан улсын гурван талт хэлэлцээрт сэтгэл хангалуун байгаа. Өнгөрсөн долоо хоногт 21 аймаг Улаанбаатар хотын анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороод сонгуультнуудтайгаа алсын зайн хурал хийж энэ хэлэлцээрийхээ үр дүнг зүйл заалт бүрээр нь танилцуулсан. Энэ бол ямар нэг сонгуультай холбоогүй, бид ажил хэргийн хүрээнд яг л адилхан нэр дэвшигч нар өөрсдийнхөө үүрэгт ажлаа гүйцэтгэсэн. Би хэлэлцээр байгуулах үед сонгуульд нэр дэвших асуудал огт яригдаагүй. Баасан гарагт эрүүл мэндийн салбарынхан даалгавар өгсөн. Даалгаврын дагуу нэр дэвшиж өрсөлдөж байгаа гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

-Гэрэлмаа нэр дэвшигч та хоёр ҮЭ-д хүчин зүтгэж яваа хүмүүс. Дотооддоо та бүхэн хагаралтай байгаа гэдэг нь харагдаж байна. Хагарлын гол шалтгаан нь одоогийн үйлдвэрчний эвлэлийн удирдлага үнэхээр идэж уусан нь байгаад ингээд байгаа юм уу? Дотоодоосоо үүнийг засан залруулах гээд нэр дэвшиж байгаа юу? Үйлдвэрчний эвлэл улс төрөөс ангид байх ёстой байгууллага. Хэт улс төржсөн байдал харагдаж байна?

-Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үндсэн дүрмийнхаа зарчимд заагдсан улс төр, хөндлөнгийн ямар нэгэн дарамтад оролгүй, бие даасан үйл ажиллагаа явуулах зарчимтай. Энэхүү зарчмынхаа дагуу миний ажил мөн хамт олны ажил явж байгаа. Энийг албаар улс төржүүлэх гэж оролдож улс төр мэт харагдуулах гэж байгаад үнэхээр эгдүү хүрч байна. Цаашдаа МҮЭХ-ны нэр дэвшигчийн хувьд гаргаж буй уриалга бол гурван нэр дэвшигч гурвуулаа бие биен рүүгээ дайрах биш хийх ажил үйлдвэрчний эвлэлийг яаж хүчирхэг байлгах вэ. Монголын ард түмнийг яаж сайхан амьдруулах юм гэдэг мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийг уриалж байна. Түүнээс биш хэн нэгэн хүнд нөлөөлснөөр, хор найруулснаараа асуудал шийдэгдэхгүй Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсээд 100 жилийн ой тохиож байгаа. Энэ 100 жилийн босгон дээр ирэх дөрвөн жилийнхээ ажлыг тодорхойлох гэж байгаа энэ цаг үед хариуцлагатай ёс зүйтэй тэгээд ажил хэрэгч, ил тод нээлттэй байхыг уриалж байна.

-Жагсаал цуглаан хийхэд хэм хэмжээ байдаг уу? Эсвэл санаанд орсон тоогоо хэлээд шаардлага тавьдаг уу?

-Бид тооцоо судалгаа хийдэг. Манай холбооны хувьд тодорхой тооцоо судалгаа хийгээд ямар үр дүн гарах юм. Буулт хийлээ гэхэд ямар үр дүн гарах билээ гэж жагсаал хийдэг. Манай холбооны хувьд 50 хувь гэдэг шаардлагыг тавьсан. Энэ байр суурин дээрээ ч хэвээрээ байгаа. Цаашдаа эрүүл мэндийн ажилтнуудын цалинг гурван саяд хүргэж, олон улсын жишигт ойртуулахын төлөө ажиллаж байгаа.

-Багш, эмч, урлагийнхан өөр бусад мэргэжлийнхэн бүгд жагсч цалингаа нэмүүүлэхийг шаардвал эдийн засагт сөргөөр нөлөөлөх үү?

-Эдийн засагт сөргөөр нөлөөлөх гэхээсээ илүү иргэд, хөдөлмөрчдийн амжиргаанд эерэг нөлөө үзүүлэх ёстой. Монгол Улс үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Бид үг, үзэл бодлоо хэлж тэр нь тодорхой үр дүнд хүрэх ийм л зорилготой. Түүнээс амар амгалан цаг үед хүмүүсийн амьдрал сайхан байгаа цагт жагсаал цуглаан хийхгүй. Хэрвээ ажилгүйдэл ядуурал нэмэгдээд ажлын байр цөөрөөд ажил хийж байгаа хүмүүс ядуурч байвал ҮЭ-ийн байгууллага жагсаал цуглаан, ажил хаялт хийх эрхтэй байгууллага. Тийм учраас хориглох эрх байхгүй.

Б.АМАРТҮВШИН