Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалт болно

Онцгой байдлын байгууллагаас ахмад үеийнхнийхээ туршлага, мэдлэгийг залуу хойч үедээ өвлүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор гурван үеийн чуулга уулзалтыг гурван жилдээ нэг удаа зохион байгуулдаг уламжлалттай.

Тэгвэл гурван үеийн гуравдугаар чуулга уулзалт “Онцгой байдлын байгууллагын залгамж чанарыг бэхжүүлье” уриан дор энэ сарын 10, 11-ны өдрүүдэд болох гэж байна.

Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа дунд, залуу гурван үеийн төлөөлөл оролцож Онцгой байдлын албаны өнгөрсөн үеийн ажлын туршлага дурсамж, үйл хэрэг, ирээдүйн хөгжлийн талаар санал бодлоо солилцох юм.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, туршлагад суурилсан манлайллыг хэрхэн бий болгох талаар хэлэлцэж, зөвлөмж гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бүртгэлгүй хуурамч эмээс зайлсхийх боломж бүрдлээ

Эмийн бүртгэл, мэдээний сангийн Шинэ Лайсмед програм ашиглалтад орлоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Эмийн зохицуулалтын үйл ажиллагааг ил тод, түргэн шуурхай хүргэхийн тулд олон ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлжээ. Энэ оны 11 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Шинэчлэгдсэн Лайсмед програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Анх 2006 оноос эхлэн Импорт, экспортын лиценз олгох үйл ажиллагааг түргэн шуурхай болгох, тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын мэдээлэл болон бүртгэлтэй эмийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зорилгоор интернетэд суурилсан Лайсмед програмыг нэвтрүүлж үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Гэвч уг програм өнөөгийн шаардлагыг хангахгүй болсноос шалтгаалан олон улсын жишигт нийцүүлэн бүхэлд нь шинэчлэхээр болжээ. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эм, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлын програм нэвтрүүлэх ажлын хүрээнд Лайсмед програмыг шинэчилсэн юм.Тус програмыг шинэчилснээр эм ханган нийлүүлэх байгууллага, гадаад эмийн үйлдвэрийн төлөөлөгчийн газрууд эм бүртгүүлэх болон импорт, экспортын лиценз хүсэх хүсэлтээ цахимаар илгээж бүртгэлийн болон лиценз олгох үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байгааг хянах боломж бүрдэж байна.

Өөрөөр хэлбэл Шинэчлэгдсэн Лайсмед програмын хуучин програмаас давуу тал нь эмийн бүртгэлийн үйл ажиллагаа цахимжиж байгаа явдал юм.

Мөн эм, эмийн түүхий эдийн бүртгэлийн мэдээний сангаас гадна биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын мэдээний сан хэрэглэх заавар, зургийн хамт нэмэгдэж байгаагаараа онцлог болсон байна. Ингэснээр иргэд илүү олон төрлийн мэдээллийг авах, бүртгэлгүй хуурамч эмээс зайлсхийх боломж бүрдлээ. Тус www.licemed.mohs.mn линкээр Лайсмед програмд нэвтрэн орох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэв

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Замын-Үүдэд алга болсон найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа цаг, минут тутам явж байгаа гэлээ.

Алга болсон охины хэргийн талаар тодорхой мэдээлэх боломжгүй. Эрээн хотод Монгол Улсаас суугаа консул, Хятадын холбогдох байгууллагатай хамтарч ажиллаж байгаа.

Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу Хятадын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьсан. Эрэн хайх ажиллагаа явж байгаа.

Өмнө нь эрэн хайж байсан 24 хүүхдээс хил давсан тохиолдол байгаагүй.

Дэлхий дахинд камерыг гэмт хэргийг илрүүлэхэд өргөн ашигладаг, шилэн нүд гэж ярьдаг.

Замын-Үүдийн камерын хувьд засвар арчлалтын ажил хөрөнгө мөнгөнөөс болоод сайн яваагүй юм билээ

Охиныг эрж хайх ажилд сайн дурынхан өргөнөөр оролцож 500 гаруй хүн эрж хайх ажиллагаанд оролцсон ч хууль зөрчигдөж, хувийн эзэмшилд халдах зэрэг үйлдэл гарсан, эрэл тодорхой үр дүнд хүрээгүй учраас сайн дурын хүмүүсийн эрлийг зогсоосон байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа

baingiin horooУИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг товтой байгаа билээ.

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, Төсвийн байнгын хороонд санал дүгнэлтээ хүргүүлэхээр боллоо. Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшлоод байна. Учир нь зарим байнгын хороодын санал, дүгнэлт ирээгүй учир ирсэн хойно нь хуралдсан нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ нийгэм

Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болов

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри улсад суугаа ЭСЯ тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол иргэд, “Монголын төлөө зүрх бүхэнд” ТББ хамтран өмнөх сарын 27–29-ний өдрүүдэд Вена хотноо “Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн”-ийг зохион байгуулжээ.

Энэхүү тэмцээнд ХБНГУ, ИБУИНВУ, ОХУ, Шведийн Вант Улс зэрэг Европын 12 оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын 36 баг, 500 орчим тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Эрэгтэй багаас ХБНГУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын“Буяны сэтгэлт хүү”, эмэгтэйчүүдийн багаас мөн ХБНГУ-аас оролцсон “Sky” эмэгтэйчүүдийн баг тус тус тэргүүн байр эзэлж Гадаад харилцааны яамны өргөмжлөл, шилжин явах цомоор шагнуулав. Эрэгтэй багаас удаах байруудыг “Мон Бер”, “Соёмбо” багууд эзэлсэн бол “Оддын охид”, “Money Polo” багууд эмэгтэйчүүдийн төрөлд мөнгө, хүрэл медалийг тус тус хүртсэн байна.

Энэ жилийн тэмцээний үеэр мөн “Европ дахь Монголчуудын заалны хөл бөмбөгийн аварга шалгаруулах Анхдугаар тэмцээн”, билльярдын тэмцээн, хөтөчтэй аялал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдсан нь урьд урьдын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс онцлог болов.

Европын орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын дунд жил бүр зохион байгуулагддаг уг тэмцээн өргөн хүрээнд болж баг тамирчид, хөгжөөн дэмжигчид, зохион байгуулагчид зэрэг нийт 1100 гаруй Монголчууд Вена хотноо хуран цуглаж спортоор нөхөрлөсөн арга хэмжээ болжээ.

Categories
мэдээ нийгэм

172 дугаар цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо

172 дугаар цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллооБаянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 172 дугаар цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо. Гэр бүлгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ийн Хүүхдийн сан болон ‘’Ариг’’ банк, Нидерланд улсын ‘’ING’’ банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран байгуулж, нээлтээ хийсэн юм.

Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Ариг” болон ‘’ING’’ банкны суурин төлөөлөгчид оролцлоо.

Дашрамд мэдээлэхэд, энэ хичээлийн жилд Баянзүрх дүүргийн нийт хүүхдийн 77,8 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаад байгаа. Харин 172 дугаар цэцэрлэгт 240 хүүхэд суралцаж байгаа бөгөөд гэр бүлэг нээгдсэнээр нэмж 50 хүүхэд суралцах боломжтой боллоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

253 ажилтан албан хаагч хуваарьт газрын цасыг цэвэрлэлээ

Багахангай дүүрэгт өнгөрсөн өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас зам, талбай мөстөж, халтиргаа гулгаа үүсэх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ сарын 6-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, эрхлэгч нарт байгууллагын орчин болон хуваарьт газрын цасыг бүрэн цэвэрлэж мэдээллийн бүхий л хэрэгслээр сурталчилж ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.

Өгөгдсөн үүргийн дагуу энэ сарын 6-ны өдөр “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ BOBCAT, ковш трактор, хог тээвэрлэгч машинаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цасыг, нийт 41 аж ахуйн нэгж, байгууллагын 253 ажилтан албан хаагч байгууллагын орчин болон дүүрэг, хорооноос хуваарилсан хуваарьт газрын цасыг цэвэрлэлээ.

Мөн “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ–ын ажилтан албан хаагчид 1 дүгээр хорооны авто зам, 1, 2 дугаар хороог холбосон авто замын эргэлт, Төмөр замын гарамын 2 тал, Гал унтраах 80 дугаар ангийн эргэдэг булан, Улсын чанартай авто замын хурд сааруулагчийн 2 тал, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний алаг хавтан, орон сууцны байр дундах хүүхдийн тоглоомын талбай болон авто зогсоолуудыг цэвэрлэн Замын цагдаагийн пост, 1, 2 дугаар хороог холбосон авто зам, төмөр замын гарамын тойрог хэсэг, Үнэгтэй гэр хорооллын авто замд 1 тн бодис, 315 кг давс цацав гэж Багахангай дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Элчин сайд С.Хүрэлбаатар Японы Эзэн Хааны “Мандах наран” одонгоор шагнуулав

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатарыг Монгол Улс, Япон Улсын харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Японы Цог Жавхлант Эзэн Хаан Акихитогоос Япон Улсын төрийн дээд шагнал “Мандах наран” одонгоор шагнасныг Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ энэ сарын 7-ны өдөр гардуулав.

С.Хүрэлбаатар
нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд 40 гаруй
жил уйгагүй зүтгэж байгаа юм. Тэрээр 1997-2001 он, 2012-2017 онуудад
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар
ажилласан туршлагатай дипломатч юм. С.Хүрэлбаатарын сэтгэл, зүтгэлийн
үрээр эдүгээ 45 жилийн ойгоо тэмдэглэж буй Монгол, Японы харилцаа
Стратегийн дотно түншлэлийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байна
Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн хэрэгслийн гадна зар сурталчилгаанд шалгалт хийж, зөрчлийг арилгуулав

Нийслэлийн Тээврийн газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9/10 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуй нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгслүүдэд шалгалт явууллаа.

Тус шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар энэ оны арарвдугаар сард явуулсан юм. Шалгалтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг дагаж мөрдөөгүй 45 зөрчил илэрсэн ба тухайн зөрчлийг газар дээр нь хуулуулж, арилгуулан ажиллалаа гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний мэдээллийг шуурхай авч, явах маршрутаа сонгон саадгүй зорчих боломжтой боллоо

Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь замын түгжрэл болоод удаж байна. Замын түгжрэлийн мэдрээгүй хүн Улаанбаатарт байхгүй гэж болно. Өнөөдөр нийслэл хотод 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.

Их хотын иргэдийн хувьд замын хөдөлгөөнд оролцохдоо замаа төлөвлөж, явах маршрутаа зөв мэдээлэл дээр тулгуурлан сонгож зорчих нь түгжрэлд саатахгүй, цаг заваа хэмнэх том давуу талыг бий болгодог. Тэгвэл замын хөдөлгөөний мэдээллийг шуурхай авч, явах маршрутаа сонгон саадгүй зорчих боломжтой боллоо. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын ачааллыг бууруулах зорилгоор жолооч нарт замын хөдөлгөөний мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүднээс нэгэн шинэ технологийг нэвтрүүлжээ. Ингэснээр жолооч нар явах чиглэлийнхээ зай, туулах дундаж хугацааны тооцоолол, хөдөлгөөний ерөнхий байдал, уулзвар, гарцууд дахь түгжрэл, осол саадын мэдээлэл, зам засвар, замын саад, төлбөртэй зогсоолын талаар шууд мэдэх боломжтой болсон байна. Хүсвэл жолооч та өөрийн явж өнгөрөх уулзварынхаа камерын дүрсийг ч харж болно. Харин эдгээр мэдээллийг авахын тулд www.UBtraffic.mn вэбсайтаар болон өөрсдийн гар утас, таблетад UBtraffic.mn аппликейшныг Play store, App store-оос үнэ төлбөргүй татан авч суулган ашиглах боломжтой юм. Мөн тус төвөөс жолооч нарт зориулан илүү хялбар шийдэл, хэрэглээг бий болгосон дараа дараагийн аппликейшнуудыг тун удахгүй гаргахаар ажиллаж байгаа аж. Замын хөдөлгөөний урсгалын талаар нэгэнт бид мэдээлэлтэй болсон болохоор бусад хөдөлгөөнд оролцогчидоо хүндэтгэн ТА-БИ-ТА зарчмаар Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөндөө соёлтой оролцох л үлдлээ гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.