Categories
мэдээ нийгэм

“Шинэ санаа-Шилдэг инноваци 2017” уралдаан зарлалаа

“Шинэ санаа-Шилдэг инноваци 2017” сэргээгдэх эрчим хүчний шилдэг төсөл, бүтээгдэхүүний уралдааныг зохион байгуулснаар нийслэл хотод тулгамдаж буй хот байгуулалт, эрчим хүч, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан шийдвэрлэх, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх шинэ санаа санаачилгыг дэмжихэд оршино.

УРАЛДААНЫ БОЛЗОЛ:

“Шинэ санаа – Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний уралдааныг Сэргээгдэх эрчим хүчний төсөл, Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн гэсэн үндсэн 2 чиглэлээр шалгаруулах бөгөөд төрөл тус бүр нь дараах болзлыг хангасан байна. Үүнд:

  • Эдийн засгийн үр ашигтай
  • Зах зээлд нэвтрүүлэх боломжтой
  • Сэргээгдэх эрчим хүчний ашиглалт, үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх
  • Эрчим хүчний хэмнэлтийг бий болгох
  • Нийслэлийн хот байгуулалт, эрчим хүч, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, бүтээгдэхүүн байна.

Төсөлд бизнесийн төлөвлөгөө, техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулсан байвал давуу тал болно.

Уралдаанд аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон иргэд оролцоно. Харин дараах шаардлагууд тавигдана.

Танилцуулгын эхний хуудсанд оролцож буй төсөл, бүтээгдэхүүн танилцуулагчийн овог нэр, холбоо барих утасны дугаар байна. Танилцуулгын мөр хоорондын зай single, үсгийн хэмжээ 12, Arial фондоор бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4 байх бөгөөд 15 хуудас хүртэл зураг, тайлбар, тооцоолол, үр дүнг тусгасан байна. Нэг оролцогч зөвхөн 1 төсөл танилцуулна.

Уралдааны төсөл, бүтээгдэхүүний танилцуулгыг цахим болон эх хувилбараар Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын байранд 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна. Уралдааны шагналыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гардуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-1291, 99772561 дугаарын утас, innovationub@gmail.com хаягаар авч болно.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгт дотоод орчны агаарын чанар сайжруулах тоног төхөөрөмж гардуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаныхан нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах ерөнхий боловсролын 21 сургууль, 79 цэцэрлэгт дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмж өнөөдөр гардуулан өглөө. Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Агаарын бохирдолтой тэмцэх явдал нь нэлээн өргөн хүрээтэй асуудал. Гадаад орчны агаарын чанарыг сайжруулах нь урт удаан хугацааны, маш их хэмжээний хөрөнгө шаардсан ажил. Мэдээж агаарын бохирдлыг үүсгэж буй гэр хорооллын яндангийн тоог цөөлөх, автомашинаас гарч буй утааг шүүх, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах гэх мэт олон арга хэмжээг авч ажиллаж байгаа. Үүний хажуугаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатай. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг хийх нь ялангуяа бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлын эсрэг тэмцэж буй нэг хэлбэр бол дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажил юм. Энэ жил 1100 ширхэг дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмжийг сургууль, цэцэрлэгт суурилуулж байгаа юм. Дүүргүүдийн эмнэлгүүдийн хүүхдийн тасагт мөн энэхүү төхөөрөмжүүдийг өгч байна. 80 м2 талбайг цэвэршүүлэх чадалтай төхөөрөмжийг суурилуулснаар хүүхдүүдийн өвчлөлийг бууруулах боломжтой боллоо. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулахын тулд бие даасан халаалттай уурын зуухуудыг татан буулгаж, төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж байгаа. Энэ жил 39 дүгээр сургууль болон нэг цэцэрлэгийн барилгыг төвлөрсөн дулаанд холбосон” хэмээн онцоллоо.

Улаанбаатар хотод өвлийн улиралд гадаад орчны агаарын бохирдол өөрөөр хэлбэл нарийн ширхэгт тоосонцор PM2.5 150-500 мкг/м3, азотын давхар ислийн хий 50-100 мкг/м3, хүхрийн давхар ислийн хий 40-10 мкг/м3 байгаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрдэг. Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил, 0-5 хүртэл насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдэд уушги, зүрх судасны эмгэгт үүсэхэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон. Гадаад орчны агаарын бохирдол нь орон сууц, албан тасалгаа, цэцэрлэг, сургуулийн дотоод орчны агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл болдог байна. Хүн амьдралынхаа 2/3-аас багагүй хугацааг албан тасалгаанд, сургууль, цэцэрлэг, гэртээ зэргээр дотоод орчинд өнгөрөөрдөг. Тиймээс холбогдох байгууллагуудын судалгаанд үндэслэн НЗДТГ Дэлхийн банктай хамтран “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний боловсрол олгох сургалтыг зохион байгуулав

Хэрэглээний боловсрол олгох сургалтыг зохион байгуулавХэрэглэгчийг соён гэгээрүүлж, хэрэглээний боловсрол олгох зорилготой сургалтыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газартай хамтран зохион байгууллаа. Уг сургалтыг тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төвийн дарга Ц.Лхагвасүрэн болон мэргэжилтнүүд дүүргийн Тамгын газрын албан хаагчид болон хороодын Засаг дарга нарт хийсэн юм.

Сургалтын үеэр Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Тендерийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах заалтуудыг танилцуулсан юм. Мөн сургалтын үеэр хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын мэдээллийг хүргэлээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.08) хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр 09 цаг 58 минутад эхэлж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүдээс бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн ч ажлын хэсэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан дахин хуралдах шаардлагатай гэсэн тул Байнгын хорооны хуралдааныг хойшлуулсан юм. Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураав. Саналуудыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Сумъяабазар нар бичгээр ирүүлсэн болно. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 2/17.4 дэх хэсгийн “сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтийг хүлээн авах хугацааг өдөр тутмын сониноор нийтэд зарлана.” гэснийг “сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.” гэж өөрчлөх; Төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 18.1.4 дэх заалтын “хайгуулын үйл ажиллагаа явуулах” гэснийг хасах; Төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 20.3 дахь хэсгийн “тухай болон” гэснийг “бол сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүү,” гэж, “бичгээр мэдэгдэнэ” гэснийг “хүргүүлнэ” гэж тус тус өөрчлөх гэсэн саналууд ирүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар тус бүр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Гантулга: Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл хийгээгүй

Image result for Д.Гантулга

УИХ-ын гишүүн Д.Гантулга долоодугаар сарын 6-нд Төрийн ордонд хувийн асуудлаараа мэдээлэл хийсэн. Үүнийг хэсэг хуульчид ёс зүйн алдаа болсон гэж үзэж байгаа аж. Тэгвэл УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой гомдлыг хэлэлцсэн. Ёс зүйн дэд хорооны хурлаас УИХ-ын гишүүн Д.Гантулгаас бичгээр тайлбар авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Гантулга Ёс зүйн дэд хороонд бичгээр тайлбар өгчээ. Тэрбээр тайлбартаа “Монгол улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.8, 5.11 дээх заалттай нийцүүлэн гишүүний хууль ёсны эрх ашиг сонирхол нэр төрийг хамгаалан сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан болно. Энэ нь хуулиар хориглосон, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйл ажиллагаа биш юм” гэжээ.

Түүний тайлбарыг бүрэн эхээр нь хүргэе.

Categories
мэдээ улс-төр

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын үнэт зүйлс, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Мөн өндөр, дээд түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлууд хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг үр дүнтэй ашиглахад онцгой анхаарна гэлээ.

Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр, түүнд тусгасан нэмэлт өөрчлөлтийн дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн байна. Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр яригдсан нөгөө чухал асуудал нь Мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулах төсөл юм. Газар зүйн байршил, дэд бүтэц, хүний нөөц зэргийг бодолцоход энэ төв цаашид мэдээллийн Data center болж өргөжих боломжтой юм. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих эдгээр төслийг хэрэгжүүлэх техникийн баг өнөөдөр Улаанбаатарт ирж байна, уулзалт, сургалт зохион байгуулна. Ирэх оны эхний улиралд газрын тосны үйлдвэр байгуулах тендер зарлах боломжтой гэж ноён Элчин сайд Суреш Бабу хэллээ.

Онцгой байдлын ерөнхий газрын 25 албан хаагч Энэтхэг Улсад сургалтад явж байгаа. Хилийн хамгаалах ерөнхий газрын Удирдлагын төв байгуулахад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ. Мөн харилцан туршлага солилцох, мэргэжилтэн сургах ажлыг хийнэ зэрэг ажлыг зохион байгуулж байгаа гэж Элчин сайд хэллээ.

Уулзалтын үеэр яригдсан бас нэг асуудал нь Энэтхэг Монголын хооронд шууд нислэгтэй болох талаар санал солилцов. Шууд нислэгтэй болсноор бизнес, аялал жуулчлал хөгжих төдийгүй хөрөнгө оруулагчдыг татна. Мөн дээрх том төслүүдийн ажлыг эрчимжүүлэхэд тустай гэдгийг хоёр тал онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МҮЭХ-ны ээлжит XXII их хурал эхэллээ

МҮЭХ-ны ээлжит XXII их хурал Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны их танхимд эхэллээ. МҮЭХ-ны их хуралд орон нутаг, нийслэлийн 36 гишүүн байгууллагын 285 төлөөлөгч оролцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх уг их хурлаар МҮЭХ-ны удирдлагуудын өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлангаа тавьж, тус холбооны стратеги, дүрмийг хэлэлцэх юм.

Хурлын эхэнд МҮЭХ-ны үйл ажиллагааны үр дүн цаашдын зорилтын тухай илтгэлийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тавьж байна. Үүний дараа МҮЭХ-ны Хяналтын хорооны илтгэл, Санхүү, аж ахуйн газраас хийсэн ажлын тайланг тус хорооны дарга Л.Мөнхбаяр тавих юм.

XXII их хурлаар МҮЭХ дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж, Хөгжлийн бодлогын зорилтыг шинэчлэх, Хяналтын хорооны шинэчилсэн дүрмээ батлах аж. Мөн хурлаар нийт төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж МҮЭХ-ны Ерөнхийлөгчийг тодруулахаас гадна Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг шинээр сонгох юм байна.

МҮЭХ-ны Ерөнхийлөгчид одоогийн Ерөнхийлөгч Ц.Амгаланбаатар, Монголын эмч, эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нар өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Охин алга болсон өдөр хилээр гарсан хүмүүсийн бүртгэлийг шалгаж эхэлжээ

Замын-Үүдээс манай сонины тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар мэдээлж байна. Найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Гаалийн ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар хамтран охин алга болсон өдөр хилээр орж гарсан зорчигчдын бүртгэлийг гаргаж шалгаж эхэлсэн байна.

Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас хүлээн авна уу.


Categories
мэдээ улс-төр

НББСШУ-ны байнгын хороо 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.11.07/ хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

2018 онд Засгийн газар ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрийн дарамтыг чөлөөлөх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Н.Учрал, Д.Гантулга, М.Оюунчимэг нар асуулт асууж хариулт авсан. Гишүүд ирэх онд тэтгэвэр нэмэх, цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь хангах зорилго биелэлээ олох боломж бий эсэх, ханиад томууны дэгдэлт эхэлсэн үед эмнэлгүүдийн бэлтгэл хангагдсан эсэхийг тодруулж байлаа.

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ. Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 онд нэмэгдүүлэх бөгөөд нийт 400 гаруй мянган хүний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний тэтгэвэр, 50.3 мянган хүний асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.8 тэрбум төгрөг тус тус нэмж төлөвлөсөн аж. Үүнд асаргааны тэтгэмж, хүүхдээ гурван нас хүртэл харах эхчүүдэд олгох тэтгэмж зэрэг багтаж байгаа гэлээ.

Ирэх онд ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хэлсэн. 2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлэх бөгөөд Улаанбаатар хотод 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэг баригдах аж. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн, Японы Засгийн газрын 2.4 тэрбум иений буцалтгүй тусламжийн болон БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэхээр төлөвлөсөн хэмээн Ц.Цогзолмаа сайд тодруулан хэлсэн.

Ханиад томууны дэгдэлтийн үед эмнэлгийн ор хүрэлцэхгүйгээс хүүхдүүдийг эмнэлгийн корридорт хэвтүүлдэг явдлыг эцэс болгохын тулд эмнэлгүүдэд 840 ор гаргахаар төлөвлөөд байгаа хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн. Тэрбээр, Эмнэлгүүдэд бэлтгэсэн ор хүрэлцэхгүй бол насанд хүрэгчдийн тасгаас 292 орыг шилжүүлэн хүүхдийн тасагт ашиглахаар төлөвлөөд байгаа. Утаа, агаарын бохирдол ихтэй, хамгийн олон оршин суугчидтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн ачаалал хэтэрснээс өвчилсөн хүүхдүүд 1-2 хоног ор хүлээх тохиолдол гардаг. Гэсэн ч ийм байдал гаргахгүйн төлөө бүхий хүчээ дайчлан ажиллана. Мөн утааны голомтод байгаа Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдэд 40 мянган хүн тун вакцин хийсэн. Энэ нь ханиадны биш хатгалгаанаас урьдчилан сэргийлэн вакцин юм. Мөн ханиад томуунаас сэргийлэх вакцинжуулалтын аяныг өрнүүлээд байна гэж гэсэн мэдээллийг өгсөн.

Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байгаа боловч уг үйлчилгээг боловсролын мэргэжил арга зүй, удирдлагаар хангахад зохион байгуулалтын хувьд оновчгүй байгаа тул удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх шаардлагатай гэж үзэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд эрүүл мэндийн даатгалыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс Нийгмийн даатгалаас тусад нь бие даалган ажиллуулахаар төлөвлөж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас Эрүүл мэндийн сайдын багцад холбогдох орон тоо, зардал, хөрөнгө болон орлого, эх үүсвэрийг шилжүүлэх зохицуулалт хийхээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан, С.Эрдэнэ нар эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бие даалгаж байгааг дэмжиж байгаа ч Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд хамааруулж байгаа нь тогтолцооны хувьд буруу гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Хуралдаанаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Зүрх судасны зарим эмгэгийн дүрслэл оношилгоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын Төрийн соёрхолт, ардын эмч, хүндэт профессор Р. Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төв, “Гэрлийн Пүрэв” сан байгуулагдсаны 7-н жилийн ойг тохиолдуулан “ЗҮРХ СУДАСНЫ ЗАРИМ ЭМГЭГИЙН ДҮРСЛЭЛ ОНОШИЛГОО сэдэвт 2 багц цагийн сургалт 2017 оны 11 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хурлын танхимд зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгаас дүрс оношилгоо, зүрхний эмгэг судлал, зүрхний мэс заслын чиглэлийн 370 гаруй эмч нар хамрагдсан бөгөөд нийт 30 гаруй эмнэлзүйн лекц, илтгэл танилцуулагдснаас АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Ц.Эрдэмбилэгийн “Доод мөчдийн хураагуур судасны варикоз өргөсөлтийн EVLT буюу судсан дотуурх лазер эмчилгээ” сэдэвт илтгэл шилдэг илтгэлээр шалгарлаа. Энэхүү хуралд урилгаар Австрийн Грацын Их сургуулийн профессор Rainer Rienmueller, Бүх Энэтхэгийн Анагаахын Их сургуулийн мэдрэл, зүрхний төвийн профессор Sanjiv Sharma нар лекц уншсан юм.