Categories
мэдээ нийгэм

Гамшиг, аюулт үзэгдлийн ослоор жилд 200-210 орчим хүн амь насаа алддаг

Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг 2015 онд байгуулж, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг дүгнэх, ирэх оныхоо ажлыг төлөвлөх зорилгоор “Гол мөрөн, нуурыг дагасан аялал жуулчлал, иргэдийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Амартүвшин нар оролцсон юм.

Мөн энэ үеэр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Ч.Туяа “Монгол Улсад тохиолдож байгаа усны ослын талаар”, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны дотоодын усан замын тээврийн бүртгэл, хяналтын албаны ахлах мэргэжилтэн Т.Олонбаяр “Усанд осолдож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх олон улсын туршлага” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

Монгол орны хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, осол жилд дунджаар 3520 гаруй удаа тохиолдож, 200-210 орчим хүн амь насаа алдаж байгаагийн 46 орчим хувийг усны осол эзэлж байгаа юм.

Тухайлбал, мөсөн дээгүүр хууль бус тээвэрлэлт хийснээс иргэд амь нас болон эд хөрөнгөөрөө тохиолдол гарсаар байгаа юм. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2011 онд 13250 литр шатахуун тээвэрлэж явсан “Урал” маркийн хүнд даацын хоёр автомашин Хөвсгөл далайд живж, нэг хүн амь насаа алдаж байсан. Харин 2017 он гарсаар 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Онги” гол, Баян-Өлгий аймгийн Толбо сумын “Дөрөө” нуур, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн голын мөсөн дээгүүр иргэд тээврийн хэрэгсэлтэй зорчсоны улмаас мөс цөмөрч эд хөрөнгөөр хохирсон тохиолдол гарсан.

Хэлэлцүүлэгт ОБЕГ, ЗТХЯ, БОАЖЯ, МХЕГ, ЦЕГ, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон холбогдох байгууллага, Улаанзагалмайн хороо, “Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо” ТББ, Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд дээрх аймгуудын төлөөлөл цахимаар холбогдон усны осолтой холбоотой мэдээлэл хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал хүсэлтээ илэрхийллээ.

Мөн хэлэлцүүлэгт оролцогч байгууллага бүр гол мөрөн, нуурыг дагасан усны ослын тоог бууруулах чиглэлд цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэж, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал хүсэлтээ солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Сайд Б.Батзориг: Монгол, Вьетнам 2 улсын хооронд шууд нислэгтэй болох асуудлыг судална

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг-тай уулзлаа.

Уулзалтын эхэнд 60 гаруй жилийн дипломат харилцааны түүхтэй хоёр орон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, санал нэгдэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөн хэлсэн.

Монгол Вьетнам 2 улсын худалдааны эргэлт 40 гаруй сая ам доллар байна. Худалдааны эргэлтийг цаашид 50 сая ам.доллар болгох, 2 жилийн дараа 70 сая ам.доллар болгох зорилтыг тавин ажиллаж байна. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад экспортлох хонь, ямаа, үхэр, адууны гүн хөлдөөсөн махны эрүүл ахуйн гэрчилгээг тохирч, эрсдэлийн үнэлгээ хийлгэх ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригийн хүсэлтийг Элчин сайд дэмжсэн. Талууд ойрын хугацаанд дээрх ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд 2019 онд зохион байгуулагдах хоёр орны ээлжит Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд Сайд Б.Батзоригийг оролцохыг урьсан. Энэ үеэр БНСВУ-ын Үйлдвэр худалдааны яамтай танилцаж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх мөн 2 орны аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор шууд нислэгтэй болох зэрэг асуудалд анхаарал хандуулж дэмжиж ажиллахыг хүссэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” аянд Баянгол дүүрэг нэгдлээ

Image result for “Нүдээ нээ” аяндБаянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар өчигдөр “Хүчирхийлэлгүй ирээдүйн төлөө” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, хороодын нийгмийн ажилтнууд, Лантуун дохио зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож хүчирхийллийн эсрэг ямар арга хэмжээ авч, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид иргэдийн хандлагад өөрчлөлт оруулах, эцэг эх, сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгчдийг сургалтад хамруулж ойлголтын зөрүүг нэгтгэх, улмаар төр, төрийн бус байгууллага, иргэн гурав хамтран ажилласнаар үр дүнд хүрнэ гэв.

Мөн цагдаагийн байгууллагын төлөөллүүд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирэхэд хүлээн авах газар олддоггүй, цагдаагийн байгууллага нийгмийн үйлчилгээ үзүүлдэг биш учир 24 цагийн хугацаанд байршуулах байр шаардлагатай байгаа тухайгаа хэллээ.

Түүнчлэн Лантуун дохио төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан хүчирхийллийн эсрэг явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулж Баянгол дүүргийн ИТХ, харьяа, хэлтэс албад “Нүдээ нээ” аянд нэгдэхээ илэрхийллээ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улсын түүх бол дэлхийн түүх, Монгол соёлын түүх бол хүн төрөлхтний соёлын түүх билээ

Соёл, урлагийн ажилтны Улсын хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордны их танхимд болж байна. Уг чуулганд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордууллаа.

Уг илгээлтэд “Эрхэмсэг хатагтай ноёд оо,

Хүндэт зочид оо,

Монгол Улсын түүх бол дэлхийн түүх, Монгол соёлын түүх бол хүн төрөлхтний соёлын түүх билээ. Эх газрынх нь хөрсөн дээр ухамсар, оюун ухаант эртний хүн мөрөө гаргаж, нүүдэлчин соёл иргэншлийг бүтээн бий болгосон, төрт улсыг байгуулсан агуу гайхамшигт өв соёлын өлгий нутаг Монголоос өөр дэлхийд хаана ч байхгүй. Түүхэн хөгжлийнхөө мандал буурал, цаг хугацааны ээдрээт нугачаанд монголчууд бид энэхүү түүхэн соёл, соёл урлагаа тулгын гал мэт сахиж, нүдний цөцгий мэт хамгаалсаар ХХI дүгээр зуунтай золголоо.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монголын ард түмэн бид төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн тунхагласан байдаг.

Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилтыг дархлан, гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна хэмээн миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртөө мөн тусгасан билээ.

Монгол Улсын Үндэсний Академик театрууд, аймгийн хөгжимт драмын орднууд, сумдын соёлын төвүүд болон уран зургийн галерей, музей, номын сангууд бол соёл, соёл, урлагийн ариун голомт гарцаагүй мөн. Соёл, урлагийн эдгээр голомтыг байнгын үзэгчидтэй, уншигчидтай, дотоод гадаадын халуун дотно дэмжигчидтэй байлгахад Монгол Улсын төрөөс удаа дараа үе шаттайгаар салбарын бодлогын баримт бичгүүд хэрэгжиж, хөрөнгө мөнгө төсөвлөгдсөөр ирснийг та бид мэднэ.

Гэвч соёл, урлагийг бид соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг тайз дэлгэц, үзэсгэлэнгийн танхим зэргээр хязгаарлан авч үздэг хандлагаас татгалзах цаг болжээ. Соёл, урлаг бол нэгээхэн салбар төдий зүйл биш, харин улс үндэстний амин зүрх,нийгмийн харилцаа юм.

Хүүхэд залуус, ард иргэдийн сурч боловсордог, соён гэгээрдэг ахуй нөхцөл хурдацтай өөрчлөгдөж, мэдээ мэдээлэл авдаг арга хэлбэр боловсронгуй болохын хэрээр монголчуудын уламжлалт соёл, зан заншил мартагдаж, эрхэм ёс жудаг алдагдаж байна. Соёл, урлагийг зах зээлийн хатуу ширүүн хуулиар зөнд нь орхиж, хөгжлийнх нь жолоо цулбуурыг сул тавьснаас болж уршигт үр дагаврууд гарсаар байна.

Монгол хүн, монгол соёлоо дээдлэн хүндэтгэдэг торгон нарийн сэжмүүд тасарч алдагдсаар байна. Үндэсний язгуур соёл маань даяаршлын эриний масс соёлын түрэгдэлд нэрвэгдэж байна. Дотоодын хяналтгүй, гадаадын зах хязгааргүй, хямд, харь соёлын гаж нөлөө, цахим ертөнцийн хүчирхийллийн өмнө монгол үндэсний соёл урлаг хүчин мөхөсдөж байна.

Монгол хүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, олон зууны түүхээр шалгаран өвлөгдсөн оюуны болон сэтгэл, сэтгэлгээний үнэт зүйлс тогтворгүй, тодорхойгүй болж, үндэсний бахархал, нэгдмэл байдал сул байгааг хөндлөнгөөс хүлцэнгүй харж суух цаг биш ээ. Соёлын ажилтан нэг бүр Монгол Улсынхаа соёлын өв тээгч, соёлын дархлааг бүтээн бий болгогч, соёл урлагийн нэгж байгууллага тус бүр ард иргэдийнхээ үндэсний ухамсрыг сэргээн хөгжүүлэгч, улсынхаа язгуур эрх ашгийг сахин хамгаалагч байх ёстой.

Аливаа урлаг соёлын бүтээлийг зүрх тархины шүүлтүүргүйгээр хүртдэг Монгол үзэгчийг бус, гүн ухаанч хандлага, гоо зүй болон ёс суртахууны өндөр шалгуураар хүлээж авдаг монгол хүнийг бэлтгэхэд гол тулгуур болсон уран бүтээлчид, соёл урлагийн менежерүүд та бүхэнтэйгээ нягт хамтран ажиллахыг Төрийн тэргүүний зүгээс хүсч байна.

Соёл, урлагийн ажилтны хоёрдугаар чуулганы төлөөлөгчид өө,

Өнөөдөр та бүхэнд тулгамдаж буй олон асуудал бий. Тус салбарын ажилтны цалин тэтгэвэр, нийгмийн халамж, ажлын болон орон байрны хүрэлцээг нэмэгдүүлэх, соёл урлагийн ажилтны нийгэм дэх нэр хүнд, байр суурийг бэхжүүлэхэд төрийн оролцоо дутмаг явж ирснийг би хүлээн зөвшөөрдөг. Оюуны бүтээлийг үнэлж цэгнэх, зохиогчийн эрхийг баталгаажуулах, олон улсад сурталчлах тал дээр ч бид хангалтгүй ажилласаар ирсэн. Соёл, урлаг бол мөнгөтэй хөрөнгөтэйн гар хардаг, эрх мэдэлтэйн тушаал заавраар хөдөлдөг улстөржсөн, өөрийгөө авч явах чадваргүй салбар огт биш .Соёл, урлаг бол нийгмийн оюун санааны манлайлагчид, хосгүй өв соёлын эзэд гэдгийг төр, түмнээрээ хүлээн зөвшөөрүүлэх цаг болжээ. Ерөнхийлөгчид оногдсон эрх үүргийн хүрээнд та бүхэнтэй хамтран ажиллаж, хөхиүлэн дэмжихээ илэрхийлье.

Цаашид Монгол Улсынхаа соёлын дархлааг тогтооход, монгол хүний үнэт зүйлсийг бий болгоход соёл судлаач эрдэмтдийг тэргүүлэх байр суурьтай татан оролцуулъя. Өргөн олныг хамарсан судалгаа, шинжилгээний үндсэн дээр Төрөөс баримтлах Соёл, соёл урлагийн бодлогыг шинэчилж, урт настай, эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага урган гарч байна. Та бүгдээс ирэх дэвшилтэт, шинэлэг санал бодлыг хүлээж авахад бэлэн байна.

Соёл урлагийн хоёрдугаар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөе. Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа дээдэлж, тусгаар тогтнол, эв нэгдлээ сахин хамгаалцгаая” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний 3237 тохиолдол оношлогджээ

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 27-ний байдлаар, амбулаторийн 73570 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 3237 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундажтай ижил түвшинд, өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 2.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Нийт өвчлөгсдийн 42.5 хувийг 0-2 нас, 28.8 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1196 дуудлага ирснээс 36.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 28-ны байдлаар, нийт батлагдсан 2084 орон дээр 2043 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 165 буюу 33.0 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Categories
мэдээ спорт

Жалил Окафор сагсан бөмбөг тоглохыг хүсч байна

Филиделфиа 76 багийн төвийн тоглогч Жалил Окафор солилцоонд орж, эсвэл чөлөөт агент болж өөр багруу явахыг хүсч байна гэдгээ дахин илэрхийллээ. Тэрбээр 2015 оны драфтын гуравдугаар сонголтоор NBA-д орж байсан бөгөөд тус драфтын хамгийн өндөр чадамжтай тоглогчоор нэрлэгдэж байсан юм.Харин Филадельфиа 76 баг Окафорыг талбайд гаргаж тоглуулахгүй сэлгээнд суулгасаар байгаа бөгөөд 2-р тойргийн эрхээр л сольё гэсэн саналыг багуудад хүргээд байгаа аж. Учир нь тэдэнд шинэ чадварлаг төвийн тоглогч Жоэл Эмбийд байгаа билээ.

Жалил Окафор нь DUKE колежид 2014-15 оны улиралд 17.3 оноо, 8 самбараас бөмбөг авалт дундчилсан. NBA-д 14,7 оноо, 6 самбараас бөмбөг авалт дундчилж буй шилдэг залуу төвийн тоглогч юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотын 2018 оны төсвийн анхны хэлэлцүүлэг дууслаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хоёрдугаар чуулганаар Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”- ийн анхны хэлэлцүүлэгийг хийж дууслаа.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ Улаанбаатар хот 2018 онд концессын өрийн төлбөрөө барагдуулж дуусна. Зүүн дөрвөн замын давхар замын уулзварын ажлыг эхлүүлнэ. Эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч, улс нийслэлийн төсвөөр шинэ барилгын ажлыг эхлүүлнэ. Зөвхөн нийслэлд гэхэд 100 орчим обьектын ажил хийхээр төлөвлөөд байна. Хот, нийтийн аж ахуйн салбарт чамгүй ажил хийхээр ч төсөвлөсөн. Бичил цэцэрлэг байгуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлуудыг дурьдаж болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, иргэдэд чирэгдэлгүй, барилгын компаниудад ч эрсдэлгүй ажлыг хийхээр тусгасан. Энэ ажлыг эрчимжүүлэх “Сервис центр” барих ажлуудыг ч төсөвтөө тусгасныг онцолж байна. Хэдий нийслэлийн төсвийн бүрдүүлэлтийн 60 гаруй хувийг улсын төсөвт татан төвлөрүүлж байгаа ч Монгол Улсын нэгдсэн төсвөөс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад зориулж 200 гаруй тэрбум төгрөгний ажил суулгасан байна. 50 гаруй сургууль, 30 гаруй цэцэрлэг барих ажлыг хэлж болно. Мөн гадаадын зээл тусламжаар хийгдэх ажлууд их бий. Монгол Улсын Засгийн газраас олон жил ярьсан, худалч хүнд бараг мянгуужингийн үлгэр болоод байсан “Төв цэвэрлэх байгууламж”-ийг шинээр барих ажлыг эхлүүлэх шийдвэр гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна. Мөн БНСУ-ын тусламжтайгаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийг ч шинэчлэх ажлууд хийгдэнэ. Энэ утгаараа Нийслэлийн 2018 оны төсөв бол эдийн засгийн хүндхэн үед өрөө эцэслэж, улсын төсөв, гадаадын зээл тусламжийн дэмжлэгтэйгээр томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж чадсан төсөв болж байгааг хотын дарга онцоллоо. Ирэх оны том зорилт бол Хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ -аар хэлэлцүүлэн батлуулж, Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даасан бонд гаргадаг, концессын гэрээний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чаддаг, иргэдийнхээ амар амгалан, аюулгүй орчинг бүрдүүлсэн хот байх боломж бүрдэнэ гэдгийг хэллээ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид Нийслэлийн 2018 оны төсвийн талаар асуулт асууж, санал хэллээ. Ийнхүү Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэдийн хурал хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэн, хороод болон намын бүлгүүд хэлэлцэхээр тогтов. Ингээд арванхоёрдугаар сарын 4 буюу даваа гарагт Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэх тов гаргалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ханиад томууны талаархи зөвлөгөө, мэдээллийг “Утасны эмч”-ээс авах боломжтой

Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан албан үүргийн дагуу томуу, томуу төст өвчний талаархи зөвлөгөө, мэдээллийг дүүргийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж байна. Амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах утасны жагсаалтыг танилцуулья.

Байгууллага

Утасны дугаар

Ажиллах цагийн хуваарь

1.

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

70210290

Ажил, амралтын өдөр:

24 цаг

2.

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

70233464

Ажил, амралтын өдөр: 24 цаг

3.

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв

7049103 0222103

Ажил, амралтын өдөр:

09.00-20.00

4.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

70110278

Ажлын өдөр:

09.00-22.00

Бямба гаригт:

10.00-17.00

5.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

345903

6.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв

350793

7.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

70150063

70150049

8.

Сонгинохайрхандүүргийн эрүүл мэндийн төв

98254999

9.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

362539

Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг “Утасны эмч”-ээс асууж лавлах бүрэн боломжтой юм.

Categories
мэдээ спорт

MGL-1 FIGHT NIGHT холимог тулаан болно

MGL-1 холбооны FIGHT NIGHT холимог тулаан арванхоёрдугаар сарын 15-ны шөнө Спортын төв ордонд болохоор тов гарчээ. Тус тулааныг MGL-1 холбоо болон SPS телевиз хамтран зохион байгуулж байгаа юм.

MGL FIGHT NIGHT-ийн шөнө нийт 9 тулаан болох бөгөөд онцлох гурван тулааныг танилцуулая.

З.ШИНЭЧАГТГА vs О.ПҮРЭВ

MGL-1 FIGHT NIGHT-ын Оргил тулаан 66 кг-ийн жинд болно. Энэхүү тулаанд оролцох хоёр тулаанч нь 2015 оны кик боксын 60 кг жингийн сорилт халз тулаанд таарч тулалдаж байсан аж. Тус тулаанд Ширэн бээлий клубийн тамирчин лантуун гарт хэмээх хочтой З.Шинэчагтга баруун гарын хүнд цохилтоор ялалт байгуулж улмаар тэр жилдээ кик боксын 60 кг жингийн аварга болжээ. Электрон жаал хочит О.Пүрэв нь 2012 онд MGL-1 холимог тулааны 60 кг жингийн аварга Б.Дамланпүрэвтэй эн тэнцүү тулалдаж, шүүгчдийн саналаар ялагдал хүлээж байсан. 2014 оны MGL-1 холимог тулааны 57 кг жингийн аварга, холимог тулаанаар 5дахь жилдээ тулалдаж байгаа З.Шинэчагтга 2017 оны холимог тулааны “МАСТЕР ТУЛААНЧ” шоуны ялагч ажээ.

А.УУГАНБАЯР vs Ц.БАТНАСАН
Монголд анх удаа холимог тулааны 52 кг-ийн жингийн тулаан 12 сарын 15-ны шөнө болно. Энэ тулаанд Монгол улсаа төлөөлж Япон улсад тулалдаж байсан MGL-1 Холимог тулааны 57 кг ийн 2014, 2015,2016 оны 2 байрны шагналт “Наруто” хочит А. Ууганбаяр нь Боксийн суурьтай өрсөлдөгчдөө илт давуу гарын цохилтоор буулган авч, ялалт байгуулан гарч ирсэн Ц.Батнасан тулалдах юм.

Г.БАТТӨМӨР vs У.БАТЗОРИГ
2017 оны Мастер тулаанч шуоны ялагчаар тодорч, бүх өрсөлдөгчдөө гарт өчих мэхээр ялсан “Өчилтийн мастер” Г.Баттөмөр нь каратэ суурьтай залуу тамирчин У.Батзоригтой 70 кг-ийн жинд халз тулахаар болжээ.
У. Батзоригийн хувьд 2017 оны арваннэгдүгээр сарын 5-нд болсон сорилт тулаанд өрсөлдөгч тамирчдаа илт давуу буулган авч, FIGHT NIGHT-ийн дэвжээнд тулалдах эрхээ олж авсан. Энэ удаа даагаа нэхэх тулаан хийх гэж байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Словакийн Шадар сайд бараалхав

Манай улсад ажлын айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхав.

Словакийн Шадар сайдын энэ удаагийн айлчлал хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Айлчлалын хүрээнд “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Словак Улсын Эдийн засгийн яам хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, бизнес форум зохион байгуулахаар төлөвлөсөн нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд шинэ зах зээлд нэвтрэх гарц болох нь дамжигггүй гэв.

Талууд худалдаа, эдийн засгийн харилцаандаа түлхүү ач холбогдол өгч, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, мэдээллийн технологи, уул уурхай, болон бусад харилцан сонирхсон салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.

Шадар сайд Петер Пеллегрини улсынхаа Ерөнхий сайдын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргэж амжилт хүслээ. Тэрээр энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Словакийн тал мөн худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, цахим засаглал болон бусад салбарт хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ. Мөн оюутан солилцооны хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлнэ гэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.