Categories
мэдээ нийгэм

Харьяа алба, газар, хэлтсийн дарга нарт ажлын чиглэл өглөө

Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор гарсан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот албан даалгавар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржаваас өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж Замын цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Бүртгэл хяналтын төв, Нийслэлийн цагдаагийн газрын харьяа газар, хэлтэс, тасаг, төвийн дарга нарт цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын чиглэл өглөө.

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар:

• Ихэнх гэмт хэрэг, зөрчлүүд хяналтын телекамергүй газруудад үйлдэгдэж байгааг анхаарч, энэ чиглэлээр дүүрэг дэх цагдаагийн хэлтэс бүр тодорхой ажил зохион байгуулах

• Иргэдээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар санал, хүсэлтээ хаана, хэнд гаргах талаарх мэдээллийг байгууллагадаа ил харагдах газарт байршуулах

• “Хороо амгалан бол Хот амгалан” Иймд хорооны цагдаагийн үйл ажиллагааг олон нийтийн өмнө ил гаргаж, ажлын үр дүнг дүгнэж, цаашид хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах

• Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоон дүн шинжилгээ хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бүсчилсэн, багийн системээр зохион байгуулж, идэвх, санаачлага өрнүүлэн ажиллаж буй байгууллага, аж ахуй нэгж, хороо, иргэдийн санал санаачлага, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах

• Дүүргийн хороон дээр ажиллаж буй цагдаагийн ажилтны ажиллах нөхцөлийг сайжруулах,тэдний ажилд бусад албадын зүгээс дэмжлэг үзүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж, үр дүнг тооцох

• Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн зөв ойлгож, хэрэглэж байгаад алба хаагчдад хяналт тавьж байх

• Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэл, бөөгнөрлийг бууруулах талаар бодитой ажил санаачлан зохион байгуулж, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг чангатгах

Цагдаагийн алба хаагчдын сахилга хариуцлага, харилцааны соёлыг дээшлүүлэх чиглэлээр:

Алба хаагчдаас иргэдийг чирэгдүүлдэг асуудлыг таслан зогсоож, иргэдтэй итгэлцэх төрүүлэхүйц хүндлэлтэй харилцаа үүсгэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэл өглөө.

Categories
мэдээ соёл-урлаг

“Боржигин уртын дуу, морин хуур”-ын бүсийн уралдаан Говьсүмбэр аймагт боллоо

Энэ сарын 03,04-ний өдрүүдэд дөрвөн жил тутам зохион байгуулагддаг ээлжит “Боржигин уртын дуу, морин хуурын бүсийн уралдаан” Говьсүмбэр аймгийн дуу, бүжгийн “Боржигин” чуулгад амжилттай зохион байгуулаа.

Уралдаанд 5 аймгийн 17 сумын өвлөн уламжлагчид билиг авьяасаа сорихоос гадна өсвөрийн насны хүүхдүүд оролцсон юм.

Эрдэм шинжилгээний бага хурал нь энэ сарын 03-нд Говьсүмбэр аймгийн дуу бүжгийн “Боржигин” чуулгад зохион байгуулагдсан байна.

Говьсүмбэр аймгийн удирдлагууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн төв, ЮНЕСКО-ийн Соёлын өвийн хэлтэс, Дорноговь, Дундговь, Хэнтий, Төв, Говьсүмбэр аймгуудын Боржигин сумдын төлөөлөл, ардын авьяастан, өв тээгчид оролцсон байна.

Хурлыг нээж аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Боржигин судлалын төвийн тэргүүн, доктор Т.Намжил нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном “Боржигин судлалын чиглэлээр хийгдсэн ажлын товч мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал” сэдвээр илтгэл тавьснаар арга хэмжээ эхэлсэн юм.

Үндсэн илтгэлүүдийг:

-СББӨ-ийн зөвлөх, СУИС-ийн багш С.Юндэнбат

-“Боржигин өв соёлын уламжлал, Боржигин уртын дуу” сэдвээр, СУИС-ийн багш, МУ-ын гавьяат багш Ц.Дэлгэр

– “Боржигин аялгуут уртын дуу” сэдвээр, Боржигин өв музейн эрдэм шинжилгээний ажилтан Т.Болдбаатар

-“Соёлын биет бус өвлөн уламжлагчийн өнөөгийн байдал” сэдвээр, Боржигин чуулгын зөвлөх багш, урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриад улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдорж

-“Боржигин морин хуурын өв уламжлал, цаашид сэргээн хэрэглэх арга зам” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хуралд оролцогчдоос Боржигин судлалын чиглэлээр цаашид хийх ажлын талаар нэлээдгүй ажлыг хийх, өргөн цар хүрээтэй болгох саналууд гарч, Боржигин овогтны холбоог шинэчлэн байгуулж, Говьсүмбэр аймаг удирдан зангидаж сумдын төлөөлөл бүрэлдэхүүнд нь орж ажиллахаар болсон юм. Уг уралдаан анх зохион байгуулагдсанаас хойш хамрах хүрээ нь тэлж, ард түмний хүсэн хүлээсэн арга хэмжээний нэг болсон. Иймд цаашид Боржигин уртын дуу, морин хуурын бүсийн уралдааныг 4 жил тутам бус 2 жил тутам зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

УУХҮ-ийн сайд салбарын ахмадуудаа хүлээн авч уулзлаа

Энэ жил Монгол улсад Уул уурхайн салбар үүссэний 95 жилийн ой, Геологийн салбар үүсч хөгжсөний 78 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхт ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарыг хөгжүүлэхийн төлөө залуу насаа зориулж, ихийг хийж бүтээсэн ахмадуудтайгаа уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. Уулзалтад салбарын үе үеийн сайд, газар хэлтэсийн дарга нар, нүүрс, өнгөт металл, геологи, газрын тос зэрэг салбарынхаа манлай болсон 100 гаруй ахмадууд уригдан оролцсон юм.

Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар “Бидэнд нүүрсээ баяжуулж гаргах, Зэс хайлуулах, нефт боловсруулах үйлдвэртэй болох гээд шийдэх ёстой тулгамдаж буй асуудлууд их байна. Бид эдийн засгаа тэлж тэтгэхийн тулд энэхүү баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ зайлшгүй барих шаардлагатай байна.

Уул уурхайн яамны сайдын дэргэд Мэргэжлийн зөвлөл, Бодлогын зөвлөлийг ажиллуулна. Энд манай салбарын сор болсон хүмүүс, эрдэмтэн судлаачдыг оруулахаар эхнээс нь нэрсийг нь авч, ярилцаж байна.

Бодитой ажил, бодит төслүүдийг хөдөлгөсний хүчинд улсын эдийн засаг сайжирч салбар хөгжинө” хэмээв.

Уулзалтын үеэр салбарын ахмадууд УУХҮ-ийн сайдад өөрсдийн санаа бодлыг дуулгалаа.

Монгол Улсын Уул уурхайн зөвлөх инженер Д.Магванжав:

-Бид өнөөг хүртэл зэсээ хайлуулж боловсруулж чадахгүй байна. Зүгээр баяжмал хэлбэрээр нь гаргахаас илүүтэй Зэс хайлуулах үйлдвэрээ байгуулах хэрэгтэй.

Зэс хайлуулахад гардаг нэг бэрхшээл нь хүхрийн хүчил юм. Үүний тулд фосфоритын ордоо ашиглаад супер фосфот гэдэг зүйлийг үйлдвэрлэх юм бол хүхрийн хүчлээ шингээж ашиглах боломжтой болно. Тодруулж хэлбэл, Завханы Алдархааны нутагт байдаг Фосфоритын ордоо ашиглаад зэсээ боловсруулах боломжтой.

Зэс хайлуулах үйлдвэргүйгээр манай улс хөгжихөд хэцүү. Тиймээс энэ асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатай.

Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн сайд асан С.Батхуяг:

-Монгол Улс геологичдын таамагласан нүүрсний нөөцөөрөө 150 тэрбум гаруй тонн гэж тогтоосон байдаг. Баталгаатай 20 гаруй тэрбум тонн нүүрс ч мөн ялгаагүй цөөн хүн амтай манай улсын хувьд барж идэхгүй зүйл. Гэтэл одоо бид зөвхөн сайн чанарын коксжих нүүрсээ л сорчилж урагш нь хямд үнээр гаргаж байна.

Тиймээс тэргүүн ээлжинд замын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Манай Ерөнхийлөгч ОХУ-аар дамжуулан нүүрсээ гаргах талаар ярилцаад ирснийг дэмжиж байгаа. Бид ганцхан улстай харилцаад байх биш өөр бусад улс оронд нүүрсээ гаргах хэрэгтэй. Гэхдээ үүний тулд зам барих шаардлага тулгарч, их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах болно.

Уг нь болдог бол цахилгаан станц байгуулаад эрчим хүчээ урд хөршид худалддаг болох нь бидэнд их хэрэгтэй байна.

Уул уурхайн инженер, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, дэд сайд асан Д.Дондов:

-Монгол Улсыг хөтөлж явах гол салбар бол яах аргагүй уул уурхай. Би шинэ сайдад нэг зүйлийг зориуд санаа болгож хэлэх гэсэн юм.

Гадаадын ч бай, дотоодын ч бай компаниуд хайгуул хийхдээ лиценз авдаг. Ингээд хайгуул хийгээд олсон эрдэс баялгийг тухайн компани нь бүгдийг нь өөрөө авна гээд “Ашигт малтмалын тухай хууль”-д заачихсан байгаа юм. Уг нь бол хайгуул хийхийг төр дэмжинэ. Хайгуул хийгээд олсон эрдэс баялгийг 50 юм уу, 51 хувь нь төр буюу ард түмий өмч шүү гэсэн ганцхан заалт л өнөөдөр манайд дутаад байна. Үүнийг хийгээгүйгээс бид маш том баялгуудаа алдаж байна.

Уулзалтын төгсгөлд сайд Д.Сумъяабазар: “Уул уурхайгаас олж байгаа эдийн засгийн өгөөжийг бид алган дээрээ тогтоож чадах ёстой гэж боддог. Өнөөдөр олон үнэтэй сургаалиа хайрласан ахмадуудынхаа эхний захиасыг тэмдэглэж авлаа. Цаашдаа ахиж олон удаа уулзан, эх орныхоо төлөө үнэнхүү зүрх сэтгэлтэй та бүхнийгээ Бодлогын зөвлөл, Мэргэжлийн зөвлөлд орж ажиллуулахаар би урих болно” гэлээ.

Мөн тэрбээр “Уламжлал, шинэчлэлийг хослуулсан ахмадууд болон дунд үеийн хэлхээ холбоосыг батжуулсан бодлогыг яамны зүгээс явуулна. Өнөөдөр уул уурхайн салбар манай улсын гадаад харилцаа, төсөв санхүү, геополитик болоод байна. Иймд ахмадууд та бүхэн маань бидэнд энэ чухал салбараа цаашид хөгжүүлэхэд үнэтэй мэргэн сургаалиа хэлж захиж байж улсын маань эдийн засгийн өсөлт ирнэ. Та бүхний мэргэн оюун ухаан улс эх орондоо хөгжил авч ирэх болно. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсье” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын хууль зүйн сайд Жан Жюнтэй уулзлаа

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНХАУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ЖАН ЖЮНТЭЙ УУЛЗЛААГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнтэй 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Гадаад харилцааны яаманд уулзлаа. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол улам бүр гүнзгийрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцаа богино хугацаанд Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь бүс нутагтаа үлгэр жишээ болж байгааг тэмдэглээд энэхүү харилцааг хөгжүүлэхэд хоёр улсын хууль зүйн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг онцлов.

Цаашид хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, БНХАУ-д ял эдэлж буй Монгол иргэдэд анхаарал тавьж, хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан ялтан шилжүүлэх гэрээний хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахыг хүссэн болно. БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь Монгол Улсад хийж буй айлчлалаа амжилттай болж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ял эдэлж буй Монгол иргэдийн үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлтийг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

“TBC-2MC” агаарын хөлгийн засварын ажилтай танилцлаа

ИХ-ын зарим гишүүд (2017.11.08) “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт бүтээж байгаа “ТВС-2МС” агаарын хөлгийн их засварын ажлын явц, байдалтай танилцав.

Гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Л.Энхболд, Б.Энх-Амгалан, Н.Учрал нар ирж ажилласан юм. Түүнчлэн “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир, ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Алтанцом болон албаны бусад хүмүүс байлцав.

“АН-2” онгоцыг олноор ашиглаж байсан өмнөх нийгмийн үед “АН-2” онгоцны их засварын ажлыг МИАТ компаний инженер техникийн хамт олон гүйцэтгэж байсан туршлагад суурилан хуучин “АН-2” онгоцны хөлгийн далавч, их биед их засвар хийж АНУ-ын “Honeywell” компанийн ТРЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн таван алгат сэнс тавьж шинэчилсэн “ТВС-2МС” агаарын хөлөг бүтэж байгааг МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын дарга Т.Аюуш гишүүдэд танилцууллаа.

Тэрбээр, дэлхий дээр хамгийн их ашиглагддаг онгоц бол “АН-2” юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийхээ мэдлэг, боловсролыг ашиглан бага оврын агаарын хөлгийг угсрах ажлыг Монголдоо хөгжүүлэх нь эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг тодотголоо.

ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлснээр иргэний нисэхийн салбарын үзүүлэх ажил, үйлчилгээний төрөл өргөжих, иргэдэд агаарын тээврийн үйлчилгээ хүртээмжтэй болохоос гадна бизнес аялал жуулчлал, ачаа, шуудан тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэргээр нийгмийн болон бизнесийн бусад салбарт нисэхийн үйлчилгээг ашиглах нөхцөл бүрдэнэ гэдгийг тайлбарласан юм.

Харин тулгарч байгаа гол асуудал нь хөрөнгө оруулалт учраас Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Танилцуулганы дараа УИХ-ын гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, “ТВС-2МС” агаарын хөлгийн засварын ажлыг үзэж сонирхов.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, “TBC-2MC” агаарын хөлгийг засварлах ажилд дэмжлэг үзүүлнэ, гэхдээ хууль, олон улсын дүрэм, журамд нийцүүлэн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас олгодог бүх зөвшөөрөл гэрчилгээжүүлэлтийг авсан байх ёстой гэдгийг хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, энэхүү онгоц шинэчлэгдсэнээр хөдөлгүүрийн жин 680 кг-аас 140 кг болж, 1400 км буулгүй нисэх чадвартай, олдоц ихтэй ТС-1 маркийн нисэхийн шатахуун хэрэглэж ашиглалтын зардлыг бууруулж байгаа юм байна. Иймээс уг онгоцыг эх орондоо албан ёсоор угсарч эхэлснээр улс орны эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэллээ

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хошууч Л.Тамир нарын удирдлагууд оролцлоо.

Мөн аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явуулж нийт 600 гаруй хүн хамрагдав.

Бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг татан оролцуулах хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас орон нутагт жил бүр Гамшгаас хамгаалах иж бүрэн болон Команд штабын сургуулийг зохион байгуулдаг.

Монгол Улсын Шадар сайдын Аймгуудын засаг дарга нартай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас энэ жил Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Архангай аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулсан.

Өнөөдөр Дорноговь аймагт эхэлж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь энэ жилийн Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиудын хаалт болж байгаагаараа онцлог юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тухайн бүс нутагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага, сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулдаг.

Аймаг, орон нутгийн удирдлага, онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд тухайн бүс нутагт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн хор хохирлыг өөрийн хүчээр даван туулах, авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхээ дүгнүүлэх, гамшгаас хамгаалах орон нутгийн төлөвлөгөөг бодит байдал дээр туршиж, удирдах бүрэлдэхүүн гамшигтай тэмцэх чадавхиа дээшлүүлэх мэдлэг, дадлыг эзэмшиж үлддэгээрээ Гамшгаас хамгаалах иж бүрэн болон Команд штабын сургуулийн ач холбогдол оршдог юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүчтэй цасан болон шороон шуурга, хүний болон мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн Үсами Хироюки, төслийн зохион байгуулагч Б.Алтантуяа, “Монгол дахь зүрх хамгаалах төсөл” сайн дурын байгууллагын тэргүүн Б.Ариунтуяа, төслийн ажилтан Б.Бадрал нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр “Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” нь 2001 оноос Монголд үйл ажиллагаа явуулж, үүний үр дүнд олон хүүхдийн амь насыг аварсан. Монголд зуун хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай гэсэн судалгаа бий. Утаа, агаар, орчны бохирдлоос болж энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Ашгийн төлөө бус, хүүхдийн эрүүл мэндийн төлөө төсөл тул би УИХ-ын гишүүн байх үеэсээ олон жил хамтран ажилласан. Цаашдаа ч дэмжиж ажиллана” гэлээ.

“Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Үсами Хироюки “Монгол Улсын 21 аймгийг тойрч дуусгасан. Энэ 2017 онд Хөвсгөл, Ховд аймагт ажилласан” гээд дараагийн удаа өмнө явсан аймгуудаараа давтан явж хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

“Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын багийн эмч, сувилагч нар 2001 оноос эхлэн Монгол Улсын 21 аймгаар тойрч ажиллан 6000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулж, 560 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж амь насыг нь аварчээ.

Үүнээс гадна гал унтраах болон түргэн тусламжийн машинуудыг Монгол Улсад хандивлаж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг даалгавар өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Хурлын үеэр Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт хандаж үүрэг даалгавар өглөө. Тэрээр,

Хууль бусаар хүн ажлаас халж болохгүй. Гэхдээ ажлын шаардлага хангахгүй, алдаа оноо, хүнд суртал гаргасан хүмүүсийн толгойг илж болохгүй. Энэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх Засгийн газар. Сахилга бат, дэг журам ажлын хариуцлагыг сайжруулах үүрэгтэй Засгийн газар. Бид чанарын өөрчлөлт гаргах ёстой. Ард иргэд үүнийг хүлээж байна. Хэрэгжүүлэх хүмүүс нь та бүхэн. Энэ үүргээ ухамсарлаж ажиллахыг хатуу анхаарууллаа.

Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 4.5 тэрбум төгрөг зарцуулна

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Хөрөнгө, санхүүжилтээс шалтгаалан ихэнх аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн учир хуульд тусгасны дагуу 4.5 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгав.

Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 70 хувьтай байгаад дүгнэлт хийж 40 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэх, малын тэжээлийн импортын болон дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Отроор яваа малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Мөн малын гоц халдварт өвчний хяналтыг сайжруулах, өвөлжилт, хаваржилтын хүндрэл үүсэхээс сэргийлэх зорилгоор байнгын бэлэн байдалд ажиллахыг бүх шатны Засаг дарга, холбогдох агентлагийн даргад үүрэг болголоо.

Аймаг, нийслэл, сум, дүүрэг 32 мянган тонн өвс, 13 мянган тонн тэжээл бэлтгэж аюулгүйн нөөц бүрдүүлэхийг Засгийн газар үүрэг болгосон. Салбарын сайдын танилцуулгаас үзвэл 23 мянган тонн өвс, 5.3 мянган тонн тэжээл бэлтгэсэн байна.

Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Энэ оны есдүгээр сардБүгд Найрамдах Беларусь Улсад болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавихыг комиссын Монголын хэсгийн дарга, сайд Б.Батзоригт даалгав.

Хуралдаанаар худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээлийг даван туулах боломжийн талаар хэлэлцжээ.

Литва Улсад 90 хүртэл хоног визгүй зорчино

Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

Цаашид энгийн паспорт эзэмшигч иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байна.

Засгийн газрын хуралдаанаар мөн “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.

Хэлэлцээр нь уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, байгаль орчин, аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Товч мэдээ

– Гуравдахь удаагийн “Монгол, Хятадын Экспо”-г зохион байгуулах тов, байршлын талаар БНХАУ-ын талтай тохиролцон шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгав.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Энэ Засгийн газар бүх зүйлд гоё харагдах гээд байх хэрэггүй

Ж.Бат-Эрдэнэ зурган илэрцүүд

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та сайдаар ирээд ажлаа юунаас эхлүүлж байна вэ. Салбартаа Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд олон жил ажилласан туршлагатай хүний хувьд ажилдаа шууд орж байгаа нь анзаарагдаж байна лээ?

-Хуучин ажиллаж байсан салбар маань намайг ажиллаж байсан үеэс хойш гурав, дөрвөн жилийн хугацаанд ахиц дэвшил гаралгүй яахав. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад анхаарах гол асуудал нь яамны үйл ажиллагаанаас шууд хамаараад явчихдаг. Миний хувьд сайдаар ирээд сахилга бат, хариуцлага талаас нь анхаарч ажиллаж байна. Энэ Засгийн газар хариуцлагыг нягт хэрэгжүүлнэ гэсэн амлалттай, хүлээлттэйгээр байгуулагдсан. Ер нь төрөөс явуулж байгаа үйл ажиллагаа эмх цэгцээс их шалтгаалдаг. Яамны ажилд анхнаас нь сахилга, хариуцлагыг чангатгана гэдгээ хэлсэн. Өнгөрсөн хугацаанд салбарт хийгдсэн ажлуудтай нэлээн танилцлаа. Нэн тэргүүнд анхаарал тавих ажлын нэг нь Тавантолгой Гашуун сухайтаар гарч байгаа нүүрс тээвэрлэлтийг жигдрүүлэх шаардлагатай. Одоо 20 гаруй сая тонн нүүрс гаргаж байгаа бол 2018 онд 30-аад сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй байна.

-Төмөр замын ямар бодлого барьж ажиллах вэ. Саяхан Хятадын талтай энэ чиглэлд хамтран ажиллах тухай ярилцсан байсан?

-Таван толгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг дуусгах нь шинэ Засгийн газрын тэргүүний зорилтот ажлын нэг юм. Төмөр замын салбарт дамжин өнгөрөх ачаа тээврийн чадавхийг сайжруулах, зүтгүүрийн вагоныг нэмэгдүүлэх, замын даац, чанарыг сайжруулах саналыг хүргүүлээд байна. Сая БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайдтай уулзахдаа төмөр зам болон хөрөнгө оруулалтыг нэлээн ярьсан. Түүхий эд нийлүүлж байгаа, хүлээн авч байгаа хоёр талын тээврийн уялдааг хангах талаар ярилцсан. Хятадын талаас тавьж буй саналууд бол зөвхөн төмөр зам гэхгүй эдийн засгийн үр өгөөж талаасаа хамтарч эзэмших, олборлох, борлуулах гэх мэтчилэнгээр бүхэлд нь авч үзэх саналуудыг хэлж байсан.

8Түрүүч нь I нүүрт8

Уул уурхайн яаман дээр ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа бөгөөд манай яам ажлын хэсэгт нь орсон. Уул уурхайн бүтээгдэхүүнийг авах зах зээл нь хаана байна тэнд хүрч ажиллая гэсэн шийдэлтэй байна. Төмөр замын шинэчлэлийг хийснээр тээвэрлэлтийн хүчин чадал дээшлэх юм.

-Төмөр замд манай улсын баримтлах гол бодлого нь юу байх вэ. Сүүлийн жилүүдэд өргөн, нарийн царигийн тухай их яригдлаа?

-Төрөөс төмөр замд барих бодлогыг 2010 онд баталсан. Тавантолгой Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам нарийн царигаар явж байгаа. УИХ-аас гарсан энэ шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаагийн хувьд энэ царигийнхаа хүрээнд тодорхой ажлууд хийгдэнэ. Монгол Улсын өнөөдрийг хүртэл явж ирсэн гол үндсэн цариг маань бидний ярьдагаар өргөн цариг шүү дээ. Энэ царигтай холбогдож байгаа трансууд бүдүүн царигтай холбогдоод явах ёстой. Уул уурхайн гадагшаа гарч байгаа царигууд түүхий эд, бүтээгдэхүүн хүлээн авч байгаа цаад хүлээн авч байгаа царигуудтайгаа нийлж явах бодлого нь үр дүнгийн хувьд өндөр.

-Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж томоохон бүтээн байгуулалтын ажил ойрдоо хийгдэхгүй шинжтэй байна уу. Тухайлбал, танай яамны гол бодлогын ажил болох зам барих ажлууд хэр хийгдэх вэ?

-Нэн тэргүүнд баруун аймгуудаа Улаанбаатар хоттой холбож дуусгах байна. Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий гэсэн аймгууд засмал замтай холбогдоогүй үлдсэн байгаа. Эдийн засгийн үр өгөөж өгөх салбаруудыг бүсчилсэн байдлаар харж, дараагийн алхмуудаа хийнэ. Үүнд уул уурхайн замууд орж ирнэ. “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс, БНХАУ-тай хамтран ач холбогдлоороо Азид тэргүүлэх чиглэлд тооцогдох Замын үүд-Алтанбулагийн хатуу хучилттай замыг барих зэрэг зорилтууд багтаж байна. Төсөвт хөрөнгө оруулалтын ажлууд бага сага тусгагдсан ч төсвөөс гадуур хөрөнгө босгох тухай анхаарч ажиллана.

-Нислэгийн тийзний үнэ бууруулахаар та бодит ямар алхам хийх вэ?

-Тийзний үнэ бууруулах нь Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Монгол Улсын хэмжээнд Нисэхийн ХААБ болох, шинэ Нисэх буудлыг ашиглалтад орох зэрэг гол томоохон зорилтууд бидний өмнө тавигдаж байна.

-Нислэгийн тийзний үнэ Монголд яагаад ийм өндөр үнэтэй байдаг юм бэ. МИАТ, “Корейн Эйр”-ийн монополийг тас цохих боломж байхгүй байна уу гэдэг асуудал бас хөндөгддөг?

-Төрийн үйлчилгээ иргэд рүүгээ хандсан байх ёстой. Агаарын тээврийн үйлчилгээ бол осол авааргүй, тав тухтай, дээр нь өртөг багатай, үйлчилгээ сайн байх ёстой. Ингэхийн тулд үнийг багасгах, өрсөлдөөнийг бий болгох, бусад хүчин зүйлийн зохицолдоог зөв харах ёстой гэж ойлгодог. Олон компанийг орж ирэх бололцоог нь хангах ёстой. Бидний өмнө нэг зүйл тулгардаг л даа. Нэг хэсэг нь өөрийн гэсэн баталгаатай, үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх ёстой гэж ярьдаг. Нөгөө талаасаа МИАТ-ийн үнийг бууруулахын тулд өрсөлдөгч компаниудыг оруулаад ирэхээр МИАТ компани эргээд хүнд байдалд орох тухай ярьдаг. Энэ хоёрын тэнцвэрийг барих нь зүйтэй. Сая гэхэд манай улсын агаарын чиглэлд гаднаас орж ирье гэсэн хэд хэдэн компаниуд манай яаманд эхнээсээ саналаа ирүүлж байх шиг байна. Үүнийг судалж үзэх үүрэг даалгавар өгчихөөд сууж байна.

-Та яамандаа халаа сэлгээ бүтцийн өөрчлөлт хэр хийх вэ. Зарим сайд нарын хувьд халаа сэлгээг хийнэ гэдгээ шууд хэлж байгаа?

-Урьдны Засгийн газрын үед мэргэжилтнүүдийн тоо их талдаа нэлээн өргөн хэмжээнд бүрдүүлээд явчихсан юм болов уу гэж харагдаж байна. Халаа сэлгээг ярихаас өмнө миний гол баримтлах бодлого бол хариуцлага талаасаа хүмүүсийг ажлыг нь сайн хийлгэх тухай юм. Яамдууд бол бодлого хэрэгжүүлдэг газрын дарга нартай байх ёстой. Бодлого ярьдаггүй ажилдаа сэтгэлгүй хандаж буй хүмүүсийг өөрчлөх солих тухай ярина.

-Энэ оны төсвийн тодотголыг яаран баталсан. Одоо 2018 оны төсвийг батлах гэж байна. Шинэ сайд нарын хувьд төсөвтэйгөө танилцаж санал оруулах боломж хэр байв?

-Төсвийн тодотголд Ерөнхийлөгч хориг тавьчихсан байна. 2018 оны төсвийг өмнөх Засгийн газраас оруулж байсан төсвийг бид эргэж хараад төсвийн алдагдлыг багасгах тал дээр нэлээн анхаарсан. Одоогийн гарч байгаа шүүмжлэл бол нийгмийн халамж тал руугаа анхаарсан төсөв боллоо гэж байна. Энэ үнэн. Хөрөнгө оруулалт харьцангуй бага орж ирж байна. Жишээлбэл, манай яамны хувьд ирэх онд 63 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Бодит хөрөнгө оруулалтууд багасаад нийгмийн халамж тал руугаа төсөв тавигдсан байдалтай сууна. Төсвөөс нэгэнт хөрөнгө оруулалтыг танасан болохоор өөр эх үүсвэрээс мөнгө босгох гарцыг бид эрэлхийлнэ. Манай салбарт юуны түрүүн Улаанбаатар төмөр замыг чадавхижуулах тухай асуудал, Тавантолгой Гашуун сухайтын төмөр замыг дуусгахад 400-гаад сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа зэрэг шийдэгдэх асуудлууд хүлээгдэж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүн хүлээн авч байгаа улс оронтой буюу хамгийн түрүүнд БНХАУ-тай ямар байдлаар хамтрах бололцоо байна гэдгийг судална. Авто замын хөрөнгө оруулалтад төсөв дээр жаахан мөнгө суусан учраас бас л хөрөнгө оруулалт татах, концессоор эхлүүлсэн ажлыг дуусгах тухай яригдана.

-Гишүүд тойрогтоо 72 тэрбум төгрөг батлуулж авах гэлээ гэсэн шүүмжлэл гарсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай та түлхүү ярьдаг хүний нэг. Сая орж ирсэн 72 тэрбум төгрөг таны ярьдаг төсөл мөн байсан уу, үгүй юу?

-Төсвийн тодотголд жижиг дунд үйлдвэрийг дэмжих санаачилга хасагдсан. Засгийн газрын хүрээнд “Шинэ хөдөө”-г байгуулах тухай би удаа дараа ярьж, санал хэлж байсан. Миний гол санаачлага жижиг дундыг дэмжих асуудал. Ингэхдээ тухайн тойрогт ямар үйл ажиллагаа явуулж болохыг том зургаар нь харъя. Зөвхөн нэг хүний тойрог биш том зургаар нь үр дүнгээр харах байсан боловч ч гишүүдийн мөнгө гэсэн буруу ойлголттойгоор энэ санал уначихсан. Энэ нь тэгээд ч гишүүн бүр тойрогтоо мөнгө авах хуваарилах биш жижиг дундын сангаар дамжиж хэрэгжих төсөл байсан.

-Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийг буцалтгүй тусламжаар олгохыг та хэр дэмжсэн бэ. Ерөнхийлөгч үүнд хориг тавьчихаад байгаа?

-Цалин дээр нэмж өгөх байр суурьтай байсан ч Олон улсын Валютын сантай хийсэн гэрээгээр цалин нэмэхгүй байх гэсэн заалт нэгэнт орчихсон тул нэг удаагийн тэтгэмж болж хувирсан. Монгол Улсын боловсон хүчнийг анхаарч цалин нэмэгдүүлэх тухайд би санал нэг байдаг.

-Шинээр байгуулагдсан Засгийн газар ямар гол бодлогыг барьж ажиллах ёстой вэ?

-Бүх сайд нар ажил хийнэ гэж зэрэг дуугарч ханцуй шамлаад битгий байгаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл Засгийн газрын кабинетын хүрээнд нэн тэргүүнд хийх төслүүдээ эхэлж хийхэд төсвөө чиглүүлэх нь цаг үеийн хувьд үр дүнтэй. Байгаа хүчин чадлаа хэдэн тийш нь тараагаад хүчийг нь сулруулчихмааргүй байна. Бүх Засгийн газрын хийдэг ажил бол тухайн цаг үе нийгэмд тулгамдсан асуудлаа хөгжлийн бодлоготойгоо уяж эхэнд нь барьж авч зөв тодорхойлж чадсан нь өгөөжтэй ч байдаг, нэр хүндтэй ч байдаг. Түүнээс бүх зүйлд гоё харагдах гээд байх хэрэггүй. Засгийн газрыг уначихна гэж айгаад тэр ч хүнээс, энэ ч хүнээс эмээж барьцаанд орсон байдлаар ажлыг шийдээд явбал үр дүн төдийлөн сайнгүй байх болов уу.

-Энэ сард МАН-ын Их хурал хуралдана. Энэ хурлаас танай энэ Засгийн газрын тогтвортой байх эсэх шалтгаална гэлцэж байна?

-Намын Их хурал болдгоороо болоод л явна. Хурлаас би улс төрийн томоохон давалгаа болно гэж харахгүй байна. МАН хангалттай савлачихлаа. Хэзээ ч санаанд багтаж байгаагүй санал зөрөлт, үл ойлголцолд хүрсэн. Нийгэмд үнэлгээгээ хангалттай алдчихлаа. Үүнээс цааш салаа зам гэж бидэнд байхгүй.

-Чуулган дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга уул уурхайтай холбоотой гэх 30 гэр бүлийн тухай шүүмжилж ярьсан. Та үүнийг юу гэж харсан бэ?

-Тамгын газрын дарга З.Энхболд жишээ болгож 30 гэр бүлийн тухай ярьсан гэдгээ өөрөө хэллээ шүү дээ. Чуулган дээр гишүүд ч дотоод итгэл үнэмшлийнхээ хувьд ийм зүйл ярьж байна гэдгийг хэлж байсан. Ер нь энэ Засгийн газрын гол баримтлах зарчмын нэг бол төрөөс томилогдож байгаа сайд дарга нар уул уурхайгаас хол явъя, цэвэрхэн байя гэдгийг ярьж байгаа. Энэ Засгийн газар төсийн хөрөнгө оруулалтыг эрх ашгийн эрэмбийг яс барина гэж байгаа. Улсын эрэмбэ хамгийн түрүүнд байна. Засгийн газрын хуралдаан дээр өөрийнхөө тойргийн тухай ярихгүй гэсэн нөхцөл ч бас тавигдаж байгаа. Давхар дээл нэгэнт өмссөн тул өөрийн тойрог дээрх эрх ашгаа урьтал болгохгүй ээ гэсэн үг.

-Засгийн газрын гишүүд бүгд давхар дээлтэй байгаагийн хувьд ажил цалгардах асуудал хэр гарч байна. Мөн дэд сайд нарыг хэрэгтэй эсэх тухай хөндөгддөг?

-Би 2007 оноос хойш таван жил Төрийн нарийн бичгийн дарга хийж байхад манай сайд нар бүгд л давхар дээлтэй байсан ч манай баг сайн ажилласан гэж би үздэг. Багийн хамтын ажиллагаа зөв, уялдаа сайтай байхад ажил сайн явдаг. Цаг завын хувьд мэдээж шахуу ч гэсэн удирдамжаа зөв өгөөд явахад ямар нэгэн хүндрэлтэй асуудал гарахгүй. Дэд сайд нарын хувьд тэдний хийх ажлын хүрээнд яаманд гүйцэтгэдэг үүрэг маш их байдаг. Тэгэхээр дэд сайд нар бол зайлшгүй байх ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Чойдорын ӨВГӨНХҮҮ: Өсөхөөг туранхай горзгор хүү байхад нь аварга болно хэмээн Жадамбаа генералд амлаж байж би “Алдар”-т авсан юм

Ч.Өвгөнхүү зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Ардын багш цолоор энгэрээ мялаасан улсын харцага Чойдорын Өвгөнхүүтэй ярилцлаа.


-Ардын багш цол хүртсэнд тань баяр хүргэе. Та бөхийн спортод нэг насаараа зүтгэж, олон сайхан бөхчүүдийг дасгалжуулсан гавьяатай хүн. Анх дасгалжуулагч болж байсан тэр үеийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?

-Би 1964 онд “Алдар” нийгэмлэгт анх тамирчнаар орж, 1966 онд улсын начин цол хүртсэн. Тэр үеэс хойш би бөхийн спортоор тасралтгүй хичээллэсээр тавь гаруй жилийн нүүр үзлээ. Гавьяат багш цол хүртсэнээс хойш 25 жилийн дараа энэ хүндтэй цолыг хүртэж байна. 1968 оноос бөхчүүдийг дасгалжуулж эхэлсэн бөгөөд 1971 онд “Алдар” нийгэмлэгт албан ёсоор дасгалжуулагч багш болж байлаа. 1970 он бөхийн ургац арвинтай жил байсан. Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, Д.Цэнд-Аюуш, Ч.Гочоосүрэн, Ц.Баярсайхан гээд хожим нэрээ дуурсгасан олон сайхан бөхчүүд цэргийн албанд ирсэн юм. Тэднийг бүгдийг нь “Алдар”-т авч үлдэх гэж Даш багш бид хоёр яам тамгын газраар явж, элдэв арга хэрэглэж мөн ч их хичээсэн.

-Хурдан морь шинжихтэй адил, сайн бөхийг шинждэг билгийн нүд танд байдаг юм шиг санагддаг. Тэр нууцаасаа хуваалцаач?

-Энэ л миний хань болох хүн байна гэж ирээдүйн эхнэр, нөхрөө хүмүүс хардаг шиг бөх болох хүнийг шинжинэ, харна. Байгалиас заяасан бөх хүн гэдэг бол жирийн хүнээс арай өөр байдаг. Тэр хүнд юу дутуу байна, яаж бэлтгэвэл сайн бөх болох вэ гэдгийг нь олж мэдээд бэлтгэнэ шүү дээ.

-Хайртай шавь нарынхаа талаар, хэрхэн яаж бэлтгэж байсан талаараа ярихгүй юу?

-Миний хамгийн хайртай шавь бол Д.Хадбаатар аварга. Д.Хадбаатар 013-т анх ирэхдээ хөнгөний тамирчин байсан. “Алдар”-т авчрах үед Лхагвасүрэн дасгалжуулагч нь намайг “Миний сайн тамирчныг бөх болгоно гэж аваад замирууллаа” гэж байлаа. Хадбаатар зээрэнцэг, бөөрөнцгөөр улсын рекорд эвддэг тэр жилээ Чойжилсүрэнгээр тав давж улсын начин болж байсан юм. Тэр үед Чойжилсүрэн “Би одоо ямар хүн авчихав аа. Хаяая гэхээр хаяж дийлэхгүй. Уная гэхээр унаж болохгүй. Унах гэхээр татаад босгочих юм. Махаа идэж байж арай гэж уналаа ш дээ” гэж ярьж байсныг тодхон санаж байна. Манай Хадаагийн тэр жил эвдсэн зээрэнцэг, бөөрөнцгийн рекордыг одоо хүртэл эвдсэн хүн байхгүй байх шүү. Хадаа маань улсын наадамд хоёр түрүүлж, гурван удаа шоронд орсон. Гурвууланд нь би очиж эргэсэн. Өөрөөсөө ч болоогүй. Тэгж шоронд ороогүй бол арваа байг гэхэд дөрөв, тав түрүүлэх хэмжээний хүн байсан.

-Даяар дуурсагдах аварга Г.Өсөхбаярыг та мөн анх бөхийн спорт, “Алдар” нийгэмлэгт авчирч байсан гэдэг?

-Тэр бас сонин түүх шүү. Жадамбаа сайд “Б.Бат-Эрдэнэ аваргыг орлох хүн олж ир. Чамайг л олж чадна гэж олон хүнээс сонслоо” гэсэн юм. Тэгэхээр нь би “Аварга гэдэг чинь хэдэн арван жилд нэг төрдөг. Жил бүр төрдөггүй шүү дээ” гэхэд “Чи заавал ол” гээд ээрээд болдоггүй. Тэгээд би “Олж болно. Тийм нэг л хүн бий. Архангайгаас ирсэн, заалны барилдаанд нэг, хоёр давахтай үгүйтэй туранхай, өндөр нэг хүүхэд бий. Гутлын үйлдвэрийн Чимэдрэгзэн гэдэг хүн цалинжуулдаг. Тэр хүүхэд таван жилийн дараа улсын цол авах байх” гэсэн. Жадамбаа сайд “Чи тэрнийгээ аваад ир” гэж байна. “Авахад хэцүү шүү дээ. Хүнд чинь юм өгч байж авна сайд аа. Чимэдрэгзэнгээс илүү юм өгөх хэрэгтэй” гэсэн. Юу авах юм гэхээр нь “Хоёр өрөө байр, ерөнхий сургуульд дуртай ангидаа орж суралцах эрх, гуравдугаар курст ороход нь дэслэгч цол өгөх хэрэгтэй” гэлээ. Тэгээд Өсөхөөтэй уулзсан. “Армид авъя, жилийн дараа хоёр өрөө байр өгнө. Улсын баяр наадмын цугларалтад гараад чамд цол авах мэхийг чинь зааж өгнө” гэхэд зөвшөөрсөн. Тэр жилээ Г.Өсөхбаяр Дүвчин, Мөнхбат хоёртой цэргийн амралтанд бэлтгэлд гарсан байлаа. Би ч Магалжавыг начин болгох гээд тэнд байсан юм. Би Өсөхөөд салтаадах мэх, суйлах мэх хоёрыг зааж өгсөн. Тэгэхэд Мөнхбат “Энэ Өвгөнхүү ухаанд орохгүй юм хэлж байна ш дээ. Монголд одоо ганцхан том Санжаа л энэ мэхийг хийдэг ш дээ” гэсэн. Одоо энэ мэхийг хийдэг хүн байхгүй. Ингэж Г.Өсөхбаяр салтаадах мэхээр А.Сүхбат болон бусад шилдэг хүчтэнүүдээ давж заан болсон. Миний таамагласан ёсоор Г.Өсөхбаяр таван жилийн дараа аварга болж, дөрвөн удаа төрийн наадмын түрүү бөх болсон.

-“Алдар” спорт хороог брэнд болгоход таны оруулсан хувь нэмэр их бий. Таны хөлс хүч, хичээл зүтгэлийн ачаар “Алдар”-аас усны урсгал шиг олон сайхан бөхчүүд төрөн гарлаа шүү дээ?

-Бүгд л миний гараар орсон доо. Ер нь ямар ч сайн бөх нэгээс хоёр мэхтэй л байдаг. Тэр мэхийг хоол унд идэж байгаа юм шиг чөлөөтэй хийдэг, ямар ч нөхцөлд тэр мэхээ хийж оноо авч чаддаг болох хэрэгтэй. Түүнийг сурах амар биш. Мөн тэр хүний онцлогт тохирсон мэхийг олж зааж өгнө гэдэг дасгалжуулагч хүний эрдэм юм даа. Байгалиас заяасан авьяастай ч хүн бүрт давуу болон сул тал бий. Сул талыг нь хүчирхэгжүүлэх бэлтгэл сургуулилт хийлгэдэг. Ганбаатар арслан, Ганбат арслан, Гончигдамба гарьд, Доржсамбуу гарьд гээд дурдаад байвал олон хүн бий дээ. Саяхан Бат-Оршихын найран дээр Мөнхбат аварга надтай уулзаад “Тан дээр би хоёр жил бэлтгэл хийсэн. Танай аймагт би заан цол авч байсан” гээд ярьж байна лээ. Надад их сайхан санагдсан. Мөнхбат ер нь их барилдаанч хүн. Аваргын бяртай хүн биш ч хүний мэхийг айхтар хариулдаг. Томоотой даруухан хүүхэд байсан даа.

-Бөхийн спортод тавин жил зүтгэсэн гэхээр таныг бөхийн спортын амьд домог болсон хүн гэж хэлж болох байх аа. Олон сайхан аварга, арслангуудтай мөр зэрэгцэн бэлтгэл сургуулилт хийж, барилдаж явсны хувьд тэдний талаар ярих зүйл бишгүй их байдаг болов уу?

-Түвдэндорж, Батсуурь, Чүлтэмсүрэн, Чимэд-Очир гээд монгол бөхийн бахархал, үлгэр жишээ болсон олон сайхан аваргууд намайг анх энэ спортод хөл тавихад ид барилдаж байлаа. Дандаа цэргийн хүмүүс. Чүлтэмсүрэн гуай Батсуурь аваргыг ерөөсөө хаяхгүй байсаар байтал Батсуурь аварга болчихсон гэнэ. “Одоо би Батсуурийг амлах эрхгүй боллоо” гэж байсан. Тэгээд нэг удаа Чүлтэмцэрэн гуай Баянчандманьд нүүгээд явж байтал нэг таньдаг жолооч нь “Хөөе, Батсуурь Дарханд барилдах гэж байгаа гэнэ” гэхэд морио шонгийн модноос уяад, хонио аваарай гэж эхнэртээ хэлээд явчихсан гэж байгаа. Тэнд очоод барилдах гэтэл далбаа шуудаггүй байж. Тэгтэл Батсуурь аварга хоёр далбаатай байсан гэнэ. Шөвгийн дөрөвт тэр хоёр үлдээд байхад Батсуурь аваргын далбаа их бариу, өөрийнх нь далбаа өөрт нь жаахан томдоод байжээ. Тэгэхээр нь “Хоёулаа далбаагаа сольё” гэхэд “Өө тэг тэг” гэсэн байна. Тэгээд Чүлтэмсүрэн гуай Батсуурь аваргыг давж түрүүлээд гахай гөлөм авч байсан гэдэг. Цэрэн аварга бид хоёр жинхэнэ барилдаж ноцолдож, үерхэж нөхөрлөж байсан улс. Улсын наадамд хоёр удаа барилдсан. Их сайхан бяртай, үнэн үгтэй хүн байсан. Цэрэн аваргатай холбоотой нэг дурсамж ярья. Би 1966 онд уран мэхт Бээжин аваргыг улсын арслан цолтой байхад тав давж, улсын начин цол хүртсэн юм. Далбаа нь хүртэл дөрвөн цацагтай, дэлж байгаа нь их гоё, хүний хайр татсан хүн байсан. Түүний дараа жил нь Бээжин гуайгаар зургаа давж улсын харцага цолны болзол хангаад байлаа. Шөвгийн наймд Мөнхбат аварга, Цэрэн аварга, Баянмөнх заан, Дэмүүл заан, Дагвасүрэн начин, Дашдаваа начин, Говь-Алтайн Пүрэвээ заан бид найм үлдээд байсан юм. Эрэмбээрээ Мөнхбат аварга Дашдаваа начинг авчихлаа. Тэгээд Цэрэн аварга ам авах болж намайг дуудаад “Надад чамаас өөр авах хүн алга. Пүрэвээтэй барилдаан таардаггүй юм” гэсэн. Тэгэхэд би “Өөрөө мэд” гэх юм уу, Тэг” гэж хэлээгүйдээ жаахан харамсдаг. Тэгээд Цэрэн аваргад “Надад ганцхан долоогийн даваа хэрэгтэй байна” гэсэн бол үгүй гэхээргүй гүдэсхэн хүн байсан юм. Намайг дуугарахгүй байхаар Цэрэн аварга “Өвгөнхүү дургүй байх шиг байна” гээд Пүрэвээг амласан. Ингээд Баянмөнх намайг авсан юм.

-Баянмөнх аваргатай Мюнхений олимпод хамт явж, Мөнхбат аваргатай хамт бэлтгэлд гардаг байсан хүнд хоёр Мөнх аваргын талаар сонин содон дурсамж байдаг болов уу гэж бодогдож байна?

-Хоёулантай нь би сайхан найзалж нөхөрлөж явсан. Мөнхбат аваргатай хамт цугларалтад гарахаар тамирчдыг миний өмнөөс зэмлэнэ. Намайг их хүндэтгэдэг байсных юм болов уу. Баянмөнх аваргатай шигшээд байхдаа танилцаж, Мюнхэний олимп, Ираны дэлхийн аваргад хамт явж байлаа. Иранд байхад нэг өглөө байрандаа ортол Баянмөнх ногоон дээлээ нөмөрчихсөн буруу хараад сууж байна. Маргааш тэмцээн эхэлнэ гэж байхад төмөр аяганд шөл буцалгаад сууж байсан юм. “Аварга сайхан хоносон уу” гэсэн дуугардаггүй. Шөл болоод гаргахад “Чи шөл уух уу” гэж байна. “Ууя” гэлээ. “Алив чи үүнийг уучих” гэж байна. Би ч уугаад тавьчихлаа. Тэгсэн “Ямар сайхан юм бэ, би урьд шөнө шатаад унтдаггүй. Шөл уух гэхээр хоолойгоор орохгүй байна. Чамайг идчихээр их сайхан санагдлаа. Одоо идэж чадах байх аа” гэсэн. Чи одоо шөл буцлахаар гарна шүү. Би одоо ууж чадах байх гэсэн юм. Ойдов бас тэгэхэд хамт явсан юм. Тэр хоёр хоёулаа шатаад шөнө унтаж чадаагүй юм билээ л дээ.

Зураг-Ө.Эрдэнэ-Очир, П.Дагвасүрэн, У.Мижиддорж, Ж.Чойжилсүрэн, тэмээ өргөдөг Жамьяандорж гуай гээд олон түмэнд аваргын дайтай хүндлэгддэг олон сайхан арслангууд бий. Тэдэнтэй барилдаж явсан сайхан дурсамжууд танд бишгүй л байдаг байх?

-Тэгэлгүй яахав. П.Дагвасүрэн бид хоёр Мюнхений олимпод хамт явж байсан. Мюнхений олимпоос ирээд Дорноговьт олимп сурталчлах ажлаар хамт явж байлаа. Манай хөгшнийг нас барахад хүртэл хэдэн төгрөг өгч л байсан. Нэг их бяртай биш ч, тун барилдаанч хүн байсан. Улсын наадамд хоёр удаа үзүүрт үлдэж байжээ. Жамьяандорж гуай гэж их бяртай мундаг хүн байлаа. Хоёр суга руу дайраад л нуруун дээр нь тохой мордоод дарчихдаг хүн байсан. Булган аймагт бүсийн уулзалтад очиж барилдахад би Жамьяандорж гуайг давж түрүүлсэн юм. Дараа нь Улсын наадмын тавын даваанд чамайг авна” гэж байсан ч Бээжин аварга намайг өрсөөд авчихаж билээ. Би дотроо Жамьяандорж гуайг нутагт нь хаяж чадсан юм чинь ахиад нэг хаячих байлгүй гэж бодож байсан юм.

Чойжилсүрэн арслан бол маш гайхамшигтай, түүхэнд дурсагдахаар бөх байлаа. Барилдаж буй бөх нь хий гишгээд урд нь ирэхэд бөгс рүү нь цохиод хөөргөчихдөг. Тэгээд л барьцаа тавина. Нөгөө бөх хөөрч явахад дэвдэг бөх байсан даа. Түүнийг эргээд харахад нөгөө бөх унаж байдаг байсан. Тийм бахдалтай сайхан хүн дээ. Ө.Эрдэнэ-Очир гуай бол улсын наадамд олон удаа наймд үлдсэн. Чөлөөт бөхөөр нэмэх 100 килограммд барилддаг. Хүний сайныг аваад ир гэвэл Ө.Эрдэнэ-Очир гуайг аваад очиж болохоор жинхэнэ хүнлэг, томоотой, гүндүүгүй хүн.

-Монгол бөхийн жудаг, монгол эр хүний ноён нуруу, гүндүүгүй сайхан зан чанар чухам тэр үеийн аварга арслангуудад нэвт шингэсэн байжээ. Өнөөгийн бөхчүүдэд энэ зүйл дутагдаж байх шиг санагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Урьд гулзгай Дамчаа, Чүлтэмсүрэн гуай хоёр улсын наадамд үзүүр түрүүнд үлдээд хайнцсан юм. Тэгээд хоёулаа “Чи давсан, чи давсан” гэж байсан сан. Тэр үед аль түрүүлж мэх хийсэн хүн давдаг байлаа. Харин одоо бол зүгээр зогсож байгаад л давдаг болжээ. Бөх хүн ард түмний хайр хүндэтгэлийг дааж, алдахгүй байх хэрэгтэй. Улсын цол гэдэг хүнийг хүмүүжүүлдэг байсан. Харин одоогийн бөхчүүд энэ тал дээр дутагдах болжээ. Нэг компани ивээн тэтгээд цол авдаг, хөлс хүч, оюун ухаанаа зараагүй болохоор цолондоо хүндэтгэлгүй ханддаг юм болов уу. Шахааны барьцыг бөхчүүд үхлийн барьц гэж ярьдаг болжээ. Монгол бөхийн мэх цөөрч, шахааны барьцнаас амь гарах арга л хайдаг болсон шиг санагдаж байна. Миний бодлоор гучин минут барилдуулаад л аль дорвитой хөдөлгөөн хийснийг давуулмаар санагдах юм.