Categories
мэдээ улс-төр

Д.Хаянхярваа: Төмөр замтай холбоотой 250 сая долларын асуудлыг яах юм, Ерөнхийлөгчөө

Image result for хаянхярваа

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга хуралдаанд өөрийн биерэ оролцож, хоёр хориг тавьсан шалтгаанаа тайлбарласан. Дараа нь МАН-ын гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэл сонсч, олон юм дууллаа.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ийнхүү хэллээ.

-Нэгэнт Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд орж ирсэн болохоор хэлэхгүй өнгөрч болохгүй хэдэн зүйл байна. Ний нуугүй хэлэхэд Ерөнхийлөгчөө, та даржин зүйл яриад байна. Ерөнхийлөгч эв нэгдлийг хангаж ажиллах учиртай. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө төрийн гурван институтици хамтарч ажиллах ёстой гэж Үндсэн хуульд заасан байгаа.

Таны яриа, хориг тавьсан зүйлийг сонсоход сүүлдээ МАН-ын бүлгийн дотоод асуудал оролцож “Чи тэрийгээ тэнд тавь, тэр чинь болохгүй” гэж зааж зааварлах гэж байх шиг байна. Арай ингэж болохгүй байх аа. Энэ намын дотоод асуудал гэдгийг танд хэлмээр байна.

Хоёрдугаарт таны яриаг сонсоод байхаар бизнесийн бүлэглэлийн асуудал, таны бизнест байх үеийн зөрчлийн асуудал хэтэрхий ил гараад байна гэж би шууд харж байна. Өнөөдөр Монгол Улсад бизнес эрхлээд Тавантолгой, Оюутолгой тойроод өөр юу байдаг юм тойроод, бизнесийн бүлэглэлүүд гарч ирээд хулгай луйвар хийгээд Монголын төрд хохирол учруулаад байгаа бол ил гаргаж зарлаач. 30 гэр бүл гэсэн, 300 болсон, одоо 3000 болох юм байна. Зарлаад нэгмөсөн шийдвэрээ гарга. Энэ 30 гэр бүлийг, 300 хүнийг төрд тийм юманд ойртуулж болохгүй гэсэн шийдвэр гарга. Тэгэхгүй бөөс гэхээр хутга гэдэг шиг 30 гэр бүл, Тавантолгой тойрсон бизнес бүлэглэл ажил явуулахгүй байна гэдгийг хүлээж авамгүй байна.

Та энэ дээр ухаалаг хандаач. Томилгоо тойрсон асуудал та сая ярьж байна. Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, МАН-ын бүлэг харж үзээч гэж. Эдгээр хүмүүс төрд албан тушаал хашиж болохгүй гэж үзэж байгаа бол би бас нэг зүйлийг хэлмээр байна.

Саяхан та ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар А.Гансүхийг томилсон байсан. А.Гансүх бол яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаа хүн. Ямар тушаалууд дээр шалгагдаад шүүх сэргийлэхээс юм сонсоод ажлаа хийгээд явдаг, ямар нь буруу бульхайгаараа дуудуулаад явж байдаг юм бэ. Ний нуугүй хэлэхэд үүнд та анхаараач гэж хэлмээр байна.

Эцэст нь бас нэг зүйлийг яримаар байна. 60 тэрбум, 55 тэрбум гээд баахан асуудал яриад байна. Заримд нь бид цэг тавьчихсан. Тэр 65 тэрбумд прокурор, шүүх шийдвэрээ гаргачихсан. Энэ асуудлыг бүхэлд нь хөндөөд хуучнаа сөхөж ярья гээд байгаа бол тэр Хөгжлийн банктай холбоотой асуудлыг яах юм. Шүүх, хууль хяналтын байгууллагууд таны мэдэлд ирсэн. Одоо шах. Төмөр замтай холбоотой 250 сая долларын асуудлыг яах юм. Тэр чинь 55 тэрбум биш, 65 тэрбум биш 600 тэрбум шүү. Хуулийн дагуу энэ нь ийм юманд зарцуулагдсан, энэ нь ийм юманд зарцуулагдаагүй гэдгийг ил гаргахгүй бол монголчуудын дунд 3 сая хүнээр таавар таалгаж, үлгэр ярьж, хэн нэгнийгээ гэмт хэрэгтэн болгох гэж төрийн тэргүүнээсээ эхлээд УИХ-ын гишүүд, иргэд нь бүгд зүтгэж болохгүй.

Үүнийг УИХ-ын гишүүд, нам, бүлгүүд анхаараасай. 27 жилийн түүхээ эргэж харвал улс орныг хөгжүүлэх гэсэн өчнөөн зузаан баримтууд байгаа. Харамсалтай нь ямар үр дүнд хүрэв гэхээр тамын тогооны үлгэр нөлөөлж байна. Хэн нэг нь ялаад нөгөөгөө хулгайч, луйварчин болгох гэж оролддог. Эцсийн дүндээ хулгайч, луйварчин нь нотлогдчихсон хүн байна уу гэвэл алга. Монгол Улсын Ерөнхийлөгч шиг байгаач ээ гэв.

Харин Я.Санжмятав гишүүн “Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд битгий халдаад бай. Хориг тавих үгүй нь бидний асуудал биш. Харин хоригийг хүлээж авах, үгүйг хэлэлцэх ёстой”гэж байлаа.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А зааланд өнөөдөр болж байна.

Хуралдаанаар:

  • Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасч, актлах,
  • Шагналд тодорхойлох,
  • Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох,
  • Тогтоолд өөрчлөлт оруулах,
  • Хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Банкны ажилтанд буу тулгасан сурагчдыг баривчилжээ

Баянзүрх дүүрэгт харьяалагдах ‘Шөнийн зах’ худалдааны төвд байрлах
Хаан банкинд галт зэвсэгтэй дайрч орсон хэрэг өчигдөр орой
19:00 цагийн орчимд гарсан билээ. Обьектыг цагдаагийн байгууллага
хамгаалалтад авч хэрэгтнүүдийг мөрдөн шалгаж эхэлснээр өнөөдөр 11:00
цагийн үед хэргийг илрүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн XXVI хороонд оршин суух 17 настай Г нь 14 дүгээр сургуулийн 12 дугаар анги. Баянгол дүүргийн XVIII хороонд оршин суух 17 настай М нь “Сан” дээд сургууль, Сүхбаатар дүүргийн XIII хороонд оршин суух 16 настай Э нь сургуульд нар үрлэн сумтай хуванцар буутай орж дээрэмджээ. Эрүүгийн хуулийн 17.2.2-т зааснаар дээрмийн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлжээ. Сүүлийн хүүхэд нь гадаа зогсож байсан учраас байцаалтад оролцуулаад явуулсан бололтой.
Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон охины мэдээллийг 50 сая төгрөгөөр худалдаж авахаар боллоо

Охиныг үзсэн, харсан үнэн бодит мэдээлэл өгсөн хүмүүсийн мэдээллийг таван сая төгрөгийн төлбөртэйгөөр авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шийдвэрлээд байгаа юм. Харин Дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс энэ мөнгийг 50 сая болгохоор шийдвэрлэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Т.Ариунаа: Хүмүүний туулдаг бүхий л зүйлийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн айхтар дөрөв таван жилийг давлаа

-“УТАСНЫ ЧИНЬ ДУГААР 03” ДУУГ МААНЬ ЗАЛУУС МАШ ИХ СОНИРХОЖ БАЙНА-

Удтал чимээгүй байсан дуучин Т.Ариунаа “Утасны
чинь дугаар 03” дуугаа шинэ клип, шинэ найруулгатайгаар фэнүүддээ барилаа. Дуу
цацагдаад удаагүй байгаа ч аль хэдийнэ шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж
эхэлжээ. Энэхүү дуу нь түүний “Cosmic Ariunaa: The Remixes” шинэ цомгийнх нь
нэг эс ширхэг бөгөөд дуучин маань цоо шинэ урсгал чиглэлээр эргэн ирлээ. Түүний
яриаг уншигчдадаа хүргэе.

Image may contain: 1 person-Би 2006 оноос хойш шинэ цомог гаргаагүй, 2009 оноос хойш бие даасан тоглолт хийсэнгүй. Миний фэнүүд, сонсогчдын маань дунд “Т.Ариунаа хэзээ шинэ уран бүтээл хийх бол” гэсэн хүлээлт үүсчээ. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө олох, өөрчлөх, цаашид юу хийх вэ гэдгээ удаан бодож судаллаа. Олон ч хүнтэй уулзлаа. Буддын сургаал номлолыг ч судаллаа. Энэ хугацаанд гэр бүлийн амьдрал маань ч бас түвшин байсангүй. Мөнгөтэй байснаа мөнгөгүй болж үзлээ. Бизнесээ бусдад алдлаа. Хүмүүний туулдаг бүхий л зүйлийг бие, сэтгэлээрээ туулж, айхтар дөрөв таван жилийг давлаа. Гэхдээ айхтар гэж байгаа боловч бидэнд их том сургамж, туршлага өглөө.

-Одоо хийх уран бүтээл маань ямар мөн чанартай байх ёстой вэ гэдгээ ч их бодлоо. Ер нь бид олон нийтийн давалгаанд автах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Хэт их мэдээллийн орон зайд ороод, түүндээ автаад байвал хүн өөрөө өөртөө асуудал үүсгэн, өөрийгөө стресстүүлээд явах юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдрөөрөө амьдрах, өөрөөрөө байх ёстой гэдгийг ойлгосон. Одоо цагт хийх юмаа хийгээд явахад ирээдүйд хийх юм боловсроод явах юм гэдгийг анхаарч яг өнөөдрөөрөө амьдарч байна.

-Уран бүтээлийн хувьд хоёр цомог гаргах гэж байна. Нэг нь “Cosmic Ариунаа” цомог. Нөгөөг нь О.Дашбалбар найрагчийн шүлгээр хийсэн дууныхаа нэрээр “Тэнгэр шиг бай” гэж нэрлэх бодол бий. Мэдээж, нэрний талаар найрагчийн хүү Д.Гангабаатартай ярилцаж оюуны өмчийн асуудлаар ярилцах ёстой.

-Космик бол сансар огторгуй. “Cosmic Ariunaa: The Remixes” цомог маань дахин шинэчилсэн хувилбараар гарч байгаа. 1990ээд онд дуулж байсан хит дуунуудаа хөгжмийн найруулга, стиль имижийг нь өөрчилж “Космик” төсөл болгоод явж байна. Үүний дараа “Тэнгэр шиг бай” төсөл рүүгээ орох юм.

Image may contain: 3 people, people smiling, closeup-“Космик” цомгийн маань зорилтот бүлэг 1835 насныхан гэж бид төлөвлөж байна. Миний 1990ээд оны дуунуудыг одоогийн 18, 19 настай залуус мэдэхгүй. 21 жилийн өмнө “Утасны чинь дугаар”аа дуулж байхад манай хүү төрөөгүй байж. Сая энэ дууны клипэнд хүү маань тоглосон. Энэ дууг анх сонсоод “Хөөх ээж ээ, та ийм дуутай байсан юм уу” гэж асууж байх жишээтэй. Одоо бүр өөрөө дуулаад явж байна.

-“Байгаль эх дэлхийгээ шүтэж амьдаръя, байгалийн хуулийг дагая, хүн байгалийн бүтээгдэхүүн шүү” гэдэг санаанууд дуунд маань шингэсэн. Клипээ ч ийм утгатай хийсэн. 1981 онд Монгол хүн сансарт ниссэн. “Утасны чинь дугаар” дууны клипээ 2081 онд монгол хүн оюун санаагаараа сансарт яагаад нисэж болохгүй гэж гэсэн шинжлэх ухааны зөгнөлт буюу апоколист жанраар хийсэн. Монголд анх удаа ийм жанраар хийсэн дуу. Монгол оюун санаа дэлхийг эзэлнэ гэсэн төсөөлөл зөгнөл.

-“Утасны чинь дугаар 03” дууны кпип “Үргэлжлэл бий” гэж дуусдаг. Хоёрдугаар анги нь буюу үргэлжлэл нь “Космик” гэж дуу гарна. Дэлхий даяараа, шинжлэх ухаан ч тэр, кино урлаг ч тэр космик гэж ярьж, судалж байна. Хар нүхний талаар янз бүрийн онол, баримт гарч байна. Бидний клипний зураг авалт ч энэ тухай өгүүлнэ. Мөн Монголын байгалийн үзэсгэлэнт газруудаар явж зургаа авсан. Хэн ч барьж аваагүй шинжлэх ухааны зөгнөлт төрлийг зоригтойгоор барьж авч хийлээ. Бид өндөр түвшинд бол хийгээгүй ээ. Манай боломж бололцоо, техник технологи маань ямар билээ. Бид зөвхөн дөхүүлээд л хийсэн. Үүнийг харин манай залуус шүүрч аваад улам боловсронгуй болгон хөгжүүлж явах боломжтой.

Image may contain: 1 person

-Кино үйлдвэрлэл хийдэг кино багтай хамтарч ажиллаж байна. “Космик” цомгоо “Хаган” студитэй хамтарч хийсэн. Захирал нь Америкт сургууль төгссөн чадварлаг залуу бий. “Хоёр нүүрт” киноны найруулагч нь. Бид багийн системээр ажиллаж байгаа. Ганц “Би”гээр явбал дан ганц нэг хүний тоглолт болно. “Космик Ариунаа”, “Тэнгэр шиг бай” төслүүд маань бүгд багаар явна. Монголд хийх нөлөөллийн аянг бид багаар л хийнэ. Өнөөдөр манай нийгэмд асуудал болоод буй хүчирхийллийн тухай ярихаасаа өмнө юунаас болж гараад байна, мөн чанар нь юу вэ гэсэн судалгааг сайн хийх хэрэгтэй. Сонирхуулахад, би ирэх долоо хоногоос НҮБын Хүүхдийн сангийн хүчирхийллийн тухай хичээлд суух гэж байна. Энэ сэдвээр нөлөөллийн аян өрнүүлэхийн тулд мэдлэг мэдээлэл, ул суурьтай судалгаа хэрэгтэй. “Космик”, “Тэнгэр шиг бай” цомог маань ч хүмүүст танин мэдэхүйн эерэг зөв мэдээллийг нь өгөх гэж хичээсэн. Үнэн зөв мэдээлэл байхгүй учраас өнөөдөр бид энийг ч буруутгаад, тэрийг ч загнаад байдаг. Үнэндээ яг бид өөрсдөө л буруутан нь байдаг гэдгээ мэддэггүй. Соён гэгээрүүлэх гэж бид ярьдаг даа. Тэгвэл дуу хуураар дамжуулан хүмүүнийг засах үйл ажиллагаа бол хамгийн амархан. Түүнээс биш нэг улстөрч гарч ирээд засч залруулна гэж байхгүйг мэддэг боллоо. Урлаг, утга зохиол, спорт хүмүүсийг яагаад ингэж төлөвшүүлдэг юм гэдгийг бид өөр өөрийн шугамаараа хийх хэрэгтэй байгаа юм.

-“Космик”ийг би халаалт болгоод залуу зрителээ татах зорилготойгоор хийсэн. Миний есөн дуу багтсан. Ес дэх нь “Космик” нэртэй, бага хүү маань клипэнд нь тоглосон. “Утасны дугаар”, “Эргээд чамдаа ирнээ”, “Хайрыг минь сонс”, “Жинжиймаа”, “Хуучраагүй жинс”, “Үггүй мордсон чи минь”, “Баяртай гэж хэлж чадахгүй” гээд хит болж байсан дуунуудаа шинэчилж оруулсан. 1990-ээд оны залуус миний энэ дууг мэддэггүй. Сонсоод маш их таалагдаж байгаа. Сайн уран бүтээл цагийн уртыг даадаг гэдэг.

Данзанравжаагийн хийдэд очиж “Утасны чинь дугаар 03” дууны шинэчилсэн клипээ хийсэн. Нөхөр хүүхэд, дөч тавин уран бүтээлчдээ дагуулаад, өнөө онгоцоо чирээд явлаа даа. Зардал нь яаж гарах бол гэж бас санаа зовоостой. Амьдрал л юм даа. (инээв) Хийдийн хамт олон, орон нутаг маань биднийг сайхан хүлээж авсан. Алтангэрэл ах маань зураг авах их сайхан газар зааж өгсөн. Нэг нь шар, нэг нь улаан, дундуураа заагтай их гоё өвөрмөц газар зургаа авсан. Зураг авалтын үеэр нэг шөнө айхавтар элсэн шуурга бослоо. Нүүр нүдгүй юм боллоо. Тэгсэн найруулагч маань хэлж байна “Яг энэ үеэр зураг авмаар байна” гэнэ. “Яаж авах юм” гэсэнд “Фото зураг авна” гээд авахаар боллоо. Намайг өндөр дөрвөлжин тавцан дээр зогсоогоод , нөгөө хэд маань уяагаар татаад, даашинзыг маань бас барьчихсан, би уначих гээд бөөн л юм боллоо. Би чинь хоёр жилийн өмнө хөлөө хугалсан, тэнцвэр муу байсан болохоор өнөө шуурганд нь тэсэхгүй уначихсан. Амьсгаа авч болохгүй, хөдөлж болдоггүй. Өнөөдүүлдээ уурлана биз дээ, “Та нар л энэ абшигтай газар ухаж сэндийлээд байсан, тэрнээс боллоо” энэ тэр гээд дээж өргөөд сүйд болсон. Аз болоход тэнд бариач таарч бариулаад арай дээрдсэн. Бүр сарын дараа эдгэсэн дээ. “Космик”-ийн бичлэг, клипүүдийг хагас жил хийсэн. Тэр олон зураг авалт, хөгжмийн бичлэг, сурталчилгаа гээд асар их ажлын дараа нэг дууны клип таван минут гээд бодохоор бас л чамлалттай санагдсан шүү. Ирэх хоёрдугаар сард “Космик Ариунаа” гээд цомгийн баяраа хийнэ.

-“Космик” цомгийнхоо дараа гаргах “Тэнгэр шиг бай” цомогт дандаа шинэ уран бүтээл маань багтах юм. О.Дашбалбарын үг, Бямбабаярын ая “Тэнгэр шиг бай”, Д.Пүрэвдоржийн үг, Б.Шаравын ая “Тусгаар тогтнол”, “Монгол бүүвэй” гээд том дуунууд бий. Реппер Жи-тэй хамт “Хиж гөрөөс” гэж дуу хийсэн. Хиж гөрөөс гэж орк гэсэн үг. Бүр 13 дугаар зуунд байсан үг юм билээ. Оркуудыг монголчууд хиж гөрөөс гэдэг байжээ. Орк гэдэг үгийг хиж гөрөөс гэдэг үгээр сольж, моодонд оруулна. Бусдын юмыг булааж идсэн хүнийг хиж гөрөөс гэдэг байж. Амьтнаас ялгаагүй ухамсар муутай хүнийг хиж гөрөөс гэдэг юм байна. Хиж гөрөөс дотроо бас олон янз. Булай, булхай, боулхай гэж нэрлэдэг байжээ. “Космик” цомог маань дуу болгоныхоо өмнө нь тухайн дууны утга учрыг бичсэн тайлбартай. Өөрөөр хэлбэл сонсдог ном хэлбэрээр гарах юм.

-“Тэнгэр шиг бай” цомгийн дараа залгуулаад “Хагас зуун жилТөмөрийн Ариунаа” тоглолтоо хийнэ. Ирэх жилээс хийх төлөвлөгөө байна. Энэ удаа би дандаа залуустай хамтарч ажиллаж байна. Шинэ залуусыг гаргаж ирнэ. Би сая Орост П.Крикоровын “Я” гээд тоглолтыг үзлээ. Энэ тоглолтыг үзээд би “Хагас зуун жилТөмөрийн Ариунаа” тоглолтоо заавал хийх ёстой юм байна гэж бодсон. Бид хоёр нас чацуу юм байна. Ямар гоё, ямар нүсэр тоглолт болов оо. Тэндээс санаа авах, ажил хэрэг болгох зүйл их байнаа. Зочдоо хаана суулгадаг юм, бүжигчид нь яаж бүжиглэж байна, гэрэлтүүлэг, дэлгэц нь ямар байна гээд ажиглаж харж л явлаа.

Categories
мэдээ нийгэм

Шинэ нисэх буудлыг 2018 онд ашиглалтад оруулах санал тавьжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
Японы “Мицубиши” корпорацийн Дэд бүтэц, байгаль орчны бизнесийн группын
тээврийн дэд бүтцийн албаны захирал Нарүсэ Такүжи, Монгол Улсад шинэ
нисэх буудал барих төслийн удирдагч Накаи Фүмио, “Мицубиши” корпорацийн
Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хамажима Хироаки нарын
төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар Төв аймгийн Хөшигийн хөндийд
баригдаж буй олон улсын шинэ нисэх буудлыг цаг хугацаанд нь ашиглалтад
оруулах, Монгол Улс болон “Мицубиши” корпорацийн хөрөнгө оруулалт, хувь
эзэмшил, менежментийн асуудал болон Монголын талаас баримтлах байр
суурийн талаар ярилцсан байна.

Зам тээврийн хөгжлийн сайд хэлсэн
үгэндээ “Шинэ нисэх буудлын хувьд юуны өмнө менежменттэй холбоотой
аливаа хураамж татварыг олон улсын стандартад нийцүүлэх нь зүйн хэрэг ч
иргэдээс авах татвар хураамжийг нэмэхгүй байх, Монгол Улсын агаарын
тээврийн хөгжлийг урагшлуулах, нислэгийн тоо, зорчигчдын тоог нэмэгдүүлж
аялал жуулчлалыг татахад үнэтэй хувь нэмэр оруулах үүд хаалга нь байх,
нисэх буудлыг дагаад 1000 орчим ажилчдын ажиллаж амьдрах орчин нөхцөл,
зорчигч үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангахад олон улсын хотуудын
жишигт нийцсэн дагуул хот байгуулах. Тухайлбал Нарита, Ханида хотын
туршлага орж ирнэ гэж найдаж байна. Дээр нь зөв менежмент бүхий ашигтай,
өр төлбөргүй ажиллаж чадна гэдэг баталгааг л бид хүсч байна. Ингэж
чадна гэвэл та бүхний бүх саналыг хүлээн авахад бэлэн байна. Хувь
оролцооны хувьд Монголын Засгийн газрын оролцоотой байх саналыг дэмжиж
байна. Дээр нь олон улсын зэрэглэл бүхий шинэ нисэх буудлаар үйлчлүүлнэ
гэсэн хүлээлт давхар бий. Тиймээс цаг хугацааны хувьд 2018 ондоо
багтаах хэрэгтэй” гэсэн саналуудыг тавилаа.

“Мицубиши” корпорацийн зүгээс өмнө нь
агаарын тээврийн салбарын удирдлагад ажиллаж байсан шинэ сайд асуудлыг
шуурхай шийдэж байгаад талархал илэрхийлээд бидний зүгээс таны саналыг
хүлээн авч тарифийг нэмэхгүй байхад анхаарна. Хөрөнгө оруулалтын зээлээ
төлөөд явахад баланс нь хаанаа байна гэдэг нь чухал. Гол нь гаднаас ирэх
нислэг, зорчигчдын тоог нэмэх шаардлагатай. Менежментийн тал дээр
Монголын Засгийн газар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид бүх хүчээ
дайчлан та бүхний хүсэлтийн дагуу шинэ нисэх буудлыг хугацаанд нь
өгөхийн төлөө хичээн ажиллана” хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Биеийн тамир, спортын салбар статистикийн улсын анхдугаар тооллогыг хийнэ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн цахим сан” бүрдүүлэх ажил хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ ажлын хүрээнд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам чиглэл өгч Үндэсний статистикийн хороо, ЗГХА-Биеийн тамир, спортын газар хамтран биеийн тамир, спортын салбарын статистикийн улсын анхдугаар тооллогыг зохион байгуулахаар болов. Уг тооллого арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 20-нд өрнөх юм. Тооллогын хүрээнд аймаг, сум, нийслэл, дүүрэг, спорт клуб, төр болон хувийн хэвшлийн барилга байгууламж, хүний нөөцийн тоон үзүүлэлтийг бодитоор гаргаж, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулах юм байна. Ингэснээр биеийн тамир, спортын барилга байгууламжийн байршлын мэдээллийн цахим сан үүсгэх боломж бүрдэнэ. Энэ тооллогын үр дүнд салбарын суурь тоон үзүүлэлт нь цаашдын хөгжлийг хангах, бодлого тодорхойлоход ач холбогдолтой юм. Тооллоготой холбоотой үзэл баримтлал, удирдамж, анхан шатны бүртгэл, тооллогын маягтыг боловсруулан Үндэсний статистикийн хорооны арга зүйн зөвлөлөөр батлуулж байгаа аж. Биеийн тамир, спортын барилга байгууламж, гадаа болон мөсөн талбай, цэнгэлдэх хүрээлэн, усан бассейн, бүх шатны боловсролын байгууллагын спорт заал, танхимын газар зүйн байршлаар нь тэмдэглэн сансрын зурагтай холбох ажил хийгдэх юм. Тус тооллогын өмнө ажлын хэсгийнхэн 21 аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтэс, Биеийн тамир, спортын газрын төлөөлөлд цахим хурал зохион байгуулж, чиглэл өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчдыг хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр чадавхжуулав

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрх, хамгаалал-төр, хуулийн этгээдийн үүрэг оролцоо” төслийн хүрээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд Нийслэлийн ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, ЗГХА-ГБХЗХГын дарга О.Алтансүх, НХГБХГ-ын дарга Ө.Ган-Өлзий нар болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэхүү сургалтыг зохион байгуулсанаар Төрийн албан хаагчдыг хүүхдийн эрх, хамгаалын чиглэлээр чадавхжуулах, тэдний үүрэгт ажлын чиглэлийн дагуу хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг үзүүлэх арга зүй өгөх, шинээр гарсан хууль тогтоомжуудаас гэр бүл, хүүхдийн холбогдолтой заалтуудыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах, чиглэлийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг сайжруулна гэж үзжээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Д.Саруул, Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын дарга Б.Батзориг, Улсын Прокурорын ерөнхий газрын хяналтын прокурор Г.Оюунболд нарын гэр бүл, хүүхдийн эрх хамгааллын болон дагалдан гарсан журмууд, Зөрчлийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан эрхзүйчид тус сургалтын чиглүүлэгч багшаар ажиллах аж.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхдийн эрх, хамгааллын холбогдолтой хууль, тогтоомж, журмыг хэрэгжүүлэх явцад дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтануудын ойлголт хандлага нэмэгдэж, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирна гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Охиноо алга болоод хоёр хоносны дараа аав нь таван бөөгийн хамт гэртээ сахиус буулгасан гэв

Түрүүч нь №240(5807)
дугаарт

Охин энэ замаар өдөр бүр хичээлдээ явдаг байлаа.

Замын-Үүдээс “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар мэдээлж байна.

Замын-Үүд сумаас алга болсон охины хэргийг шалгаж байгаа цагдаа нар мөрдөн шалгах хэд хэдэн томоохон ажиллагаа хийж байна. Тухайлбал, охин алга болдог өдөр Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу хил гарсан иргэдийн судалгааг Хилийн мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнуудаар гаргуулж, шалгаж байгаа аж. Замын-Үүдэд арваннэгдүгээр сарын 4-нөөс хойш хоёр улсын хилээр орж, гарсан БНХАУ-ын иргэдийг мөн шалгаж байна. Түүнчлэн сумын төвөөс хэрэг гарсан өдөр болон маргааш нь Дорноговь аймаг, Улаанбаатар хот, бусад хөдөө орон нутгийн чиглэлд гарсан тээврийн хэрэгсэл болгоныг бүртгэлд хамрагдуулж, байршлыг нь тогтоон шалгах ажлыг эрчимжүүлжээ. Үүнээс гадна аав, ээж, эгч нараас нь “Охиныг гэртээ ганцаараа үлдсэн. Бид ажлаар аймгийн төв явж байгаа гэх мэдээллийг ойр дотны болон танилын хүрээний хэн нэгэнд хэлсэн үү” гэдгийг асууж тодруулж, тайлбар авсан байна. Мөн Замын-Үүд суманд амьдарч байгаа, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийн судалгааг гаргаж, хэрэг гарах үед хаана байсан гэдгийг шалгаж тогтоох ажиллагаа хийгджээ.

Д.Сэржмядаг охин алга болсон газар буюу Замын-Үүд сумын II хорооны нутаг дэвсгэр “Мөнгөн шонхор” гудамжинд амьдардаг 30 гаруй залуусыг дээрх хэрэгтэй холбоотойгоор шалгаж эхэлснийг эх сурвалж дурдлаа. Тус газарт амьдралын түвшин доогуур, архи согтууруулах ундааны зүйлс байнга хэрэглэдэг айл өрх олон байдаг гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Мөн сумын төвийн баруун хэсгээр дандаа болж бүтэхгүй хүмүүс байнга цуглардаг гэнэ. Тэр дундаа “Мөнгөн шонхор” гэр хорооллын гудамжинд шинээр буусан айл өрхүүд хашаа барилгүйгээр задгай газарт гэрээ барьчихдаг байна. Иймд цагдаа нар Д.Дашдуламын гэрийн ойролцоо амьдардаг, болж бүтэхгүй амьдралтай гэх хүмүүсээс “Хэрэг гарах үед юу хийж байсан. Ямар нэгэн газар руу явсан эсэх”-ийг тодруулж эхэлсэн гэв.

Түүнчлэн Эрээн хотод суугаа манай улсын Бүрэн Эрхэт консулын газар, Хятадын цагдаа, манай улсын хилийн тагнуулын алба хаагчид охиныг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа. Энэ мэт хэд хэдэн томоохон ажиллагаа хийгдэж, хэргийг мөрдөн шалгах үйл явц үргэлжилж байна. Одоогоор хэн нэгнийг цагдаа нар барьж хориогүй, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээгүй байна. “Хэргийн цар хүрээ хумигдах үеэр сэжигтэй хэн нэгэн гарч ирэх байх” хэмээн цагдаа нар таамаглаж байгааг эх сурвалж онцолж байсан юм.

500 ГАРУЙ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ОХИНЫГ ХАЙСНААРТАКТИКИЙН МАШ ТОМАЛДАА ГАРГАСАН

“Охиныг 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Замын-Үүд сумыг нэгжсэн нь тактикийн алдаа болсон. Мөн охиныг эрэн хайх ажиллагааны үеэр хулгайн гэмт хэрэг гарч, хэд хэдэн хүнээс гомдол ирсэн” талаар нэгэн эх сурвалж бидэнтэй уулзаж цөөн асуултад хариулт өглөө. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.


-Охиныг алга болох үеэр 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажлыг Замын-Үүд даяар эхлүүлсэн гэсэн. энэ нь хэрэг илрүүлэх ажиллагаанд саад болж байна гэж та үзэж байгаа гэсэн?

-Үнэхээр тактикийн алдаа гаргасан. Хууль хяналтын байгууллагын алба хаагчид энэ хэрэгт хэтэрхий сэтгэл хөөрлөөр хандчихлаа. Энэ талаар та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч болно. Охин алга болох үеэр Дорноговь аймагт “Иргэний хамгаалалт” улсын үзлэг болж таарсан. Замын-Үүд сумын төрийн болон бусад бүх компанийн ажилтнууд бэлэн байдалд ажиллаж таарсан. Охин алга болчихлоо гэх мэдээлэл ирсэн.

Ингээд л хүн бүрт найман настай охин алга болчихлоо гэсэн мэдээллийг тараасан. Ингэхдээ янз бүрийн ноцтой худал мэдээлэл ч хамт тарсан байдаг. Бэлэн байдалд байгаа хүмүүсийг охиныг эрэн хайх ажиллагаанд оролцуулсан. 500 гаруй хүн Замын-Үүдийн айл болгоноор орж, бүх амбаар сав, байшинг нь шалгасан. 70 гаруй машин сумын төвөөр холхилдож, эмх замбараагүй байдал үүссэн. Эрлийн багт ажилласан 500 гаруй хүнтэй бүрэлдэхүүнд фэйсбүүкээр нэгдсэн, өөрсдөө сайн дураараа ирцгээсэн олон хүн байсан.

Өөрөөр хэлбэл, энэ олон туршлагагүй хүнийг мэргэжлийн баг удирдаж чадаагүй. Хэн дуртай нь хаашаа ч хамаагүй яваад дуртай айлаа шалгаад эхэлсэн. Ямар нэгэн эмх цэгцтэй, дэс дараалалтай хяналт шалгалт огт хийгдээгүй. 500 гаруй хүн айл болгоныг шалгасан. Нэг айлд 4-5 удаа орсон тохиолдол байгаа. Төөрсөн хүнийг л ингэж олон хүний бүрэлдэхүүнтэйгээр шалгадаг биз дээ. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг мэргэжлийн бус хүмүүсээр шалгуулах нь мэргэжлийн хувьд тактикийн маш том алдаа. Охиныг ямар нэгэн гэмт хэргийн шинжтэйгээр хүн аваад явсан бол өөрийнхөө хийсэн үйлдлийг нуун дарагдуулах, нууц байдалд шууд шилжих юм. Гэмт хэргийн шинжтэйгээр алга болсон хэргийг сум даяар мэдээлэл, дуулиан шуугиантайгаар хайж болохгүй. Маш нууц ажиллагаагаар илрүүлдэг. Хэний ч мэдэх энэ тактикийн ажиллагааг Замын-Үүдийн хууль хяналтын байгууллага ноцтой зөрчсөн. Өөр нэг ноцтой асуудал гарсан.

-Ямар асуудал гарсан юм бэ?

-Эрлийн багт ажилласан 500 гаруй хүн дунд хулгайч нар явж байсан юм шиг байна лээ. Үүнээс болоод манай гэрээс эд зүйлс алга болсон гэх хэд хэдэн гомдол сумын цагдаад ирсэн байна лээ. Иргэнээс ирсэн гомдлын дагуу хулгайн хэргийг шалгаж байна. Одоогоор алдагдсан гэх эд зүйлсийг олж чадаагүй байгаа. Мөн прокурорын зөвшөөрөлгүйгээр айлын хаалга эвдэж, гэрт нь орсон гэх гомдол ирээд байна. Охины ар гэрийнхэн энэ айлд охин байж магадгүй. Бид энэ айлын хүнийг сэжиглэж байна гэж цагдаа нарт удаа дараа шаардлага тавьсан байдаг.

Нөгөө айлын хүмүүс тухайн үед гэртээ байгаагүй. Ингээд гэрийн эздийнх нь зөвшөөрлийг авалгүйгээр шууд гэрийнх нь хаалгыг эвдээд орчихсон тохиолдол гарсан байдаг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Эзнийх нь зөвшөөрлийг авч, прокурорын зөвшөөрөлтэйгөөр тухайн айлын гэрт нэвтэрч, үзлэг мөрдлөг хийнэ гээд хуулиндаа заачихсан байдаг. Үүнийг зөрчсөн гээд олон айл гомдол мэдүүлээд байгаа. Замын-Үүд суманд байнга амьдардаггүй, хашаа байшин нь эзгүй байдаг айл олон бий. Айлуудын эзэдтэй холбогдож гэрт нь үзлэг хийх ажлыг үргэлжлүүлж байгаа гэв.

ОХИНЫ ААВ Д.ДАШДУЛАМ БӨӨ ГЭНЭ

Сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины аав Д.Дашдулам, ээж Б.Хоролмаа нар энэ сарын 7-ны өдөр сумын төвөөс 30 гаруй километрийн зайд орших Хонгорын овоо гэх газар руу явсан гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгч байсан юм. Харин өчигдөр аймгийн төвийн ойролцоох малчдаар сумын төлөөлөгчийн хамт явж охиноо хайсан байна.

Д.Дашдулам, Б.Хоролмаа нар арван жилийн өмнө танилцаж, гэр бүл болсон байна.Охины аав Д.Дашдулам арван жилийн өмнө Замын-Үүд суманд ирж суурьшсан нэгэн гэнэ. Увс аймагт төрж, өссөн хүн юм байна. Замын-Үүд суманд ирэхээсээ өмнө Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад амьдарч байжээ. Харин Б.Хоролмаа өмнө нь өөр хүнтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон аж. Өөрөөр хэлбэл, алга болсон охины хоёр эгч нь өөр аавтай гэв. Харин Д.Сэржмядаг болон эрэгтэй дүү нь Д.Дашдуламын төрсөн хүүхдүүд гэнэ. Д.Дашдулам хэдэн жилийн өмнө бөө болж, онгод сахиусаа авсан гэдгийг ойр дотны хүмүүс нь хэлж байв. Цагаан болон харын талын хоёр сахиустай. Гэхдээ олон хүн үзэж харж, засал хийдэггүй. Эхнэр Б.Хоролмаа нь бөөгийн түшээ буюу хэлмэрч хийдэг гэх. Охин нь алга болоод хоёр хоносны дараа Замын-Үүд суманд амьдардаг таван бөөгийн хамт гэртээ сахиусаа буулгасан байна.

Гэхдээ охиноо хаана байгаа талаар ямар нэгэн зүйл хэлээгүй аж. Д.Дашдуламын ойр хавийн хүмүүс охины ар гэрийнхэн ямар нэгэн гэр бүлийн маргаан хийдэггүй, архи, дарс ууж, цагдаа сэргийлэх болдоггүй, төлөв түвшин айл гэдгийг хэлж байв. Мөн хүүхдүүд нь ч сахилга баттай, бусдыг хүндэлдэг, хичээл номондоо сайн, сайн хүүхдүүд гэцгээж байлаа.

Д.ЭНХ-УНДРАА: ДҮҮ МИНЬ АМЬД Л БАЙГААСАЙ

Охины гэрээс сургууль ороход хоёр километр зайтай. Гэрийнхээ гудамжаар 300 гаруй метр яваад элстэй тал газраар хэсэг алхаад, дараа нь Замын-Үүд сумын баруун талд байх Оршуулгын газрын хажуугаар гарч хэсэг явдаг юм байна. Ингээд Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас хэдэн жилийн өмнө модны суулгац тарьсан төмөр сараалжин хашаан дундуур явсаар сургуулийнхаа хажууд ирдэг ажээ. Бид охины сургуульдаа явдаг замаар явсаар гэрт нь очлоо. Биднийг очих үед гэрт нь хоёр эгч нь байж таарсан юм. Д.Сэржмядаг охины том эгч Д.Энх-Ундраатай уулзлаа. Нүдээ хавдтал уйлж, нүд, хацар нь нулимсандаа цэлхэрсэн охин “Дүүгээ алга болсон гэдгийг сонсоод хотоос шууд ирсэн. Хэдэн өдөр хайж байна. Дүүгээ амьд, эсэн мэнд олдоосой гэж маш их хүсч байна. Хэн нэгэн хүн хуурч мэхлэн авч яваад энд тэнд хаячихсан юм биш байгаа гээд л ах, дүү хамаатан садан, найз нөхөдтэйгөө хайж байгаа.

Цагдаа нар улс даяар эрэн сурвалжилж байгаа гэсэн. Урьд шөнө гэхэд замын пост, хулгайн замын тэр хавиар явсан. Сэжигтэй байж магадгүй гэсэн машин болгоны дугаарыг бичиж авч тэмдэглэл хийсэн. Цагдаа нарт хэрэг болж магадгүй гээд л өөрсдийнхөө зүгээс хийж чадах зүйлсээр тусалж байгаа минь энэ. Гэсэн ч наймхан настай, ээжийнхээ өврөөс ч гараагүй нялх дүү минь алга болоод долоо хоночихлоо шүү дээ. Хүн аваад явсан нь тодорхой болчихлоо гэж үзэж байна. Түүнээс миний дүү өөрийнхөө дураар хаа хамаагүй явах хүүхэд биш гэдгийг сайн мэднэ. Би дүүгээ эсэн мэнд амьд олдоосой гэж л хүсч байгаа. Өөр надад хэлэх зүйл алга байна. Манай гэр бүлийн гишүүд маш хүнд хэцүү байдалтай байна. Аав, ээж хоёрт маш хэцүү байгаа. Дээрээс нь шүүмжилж хэлэх зүйлс байна. Цагдаа нар дүүг минь олох гэж ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ өчигдөр би цагдаагийн пост хавиар шөнөжин машинтай нааш цааш холхиж хоносон. Цагдаа нар нэг ч машин зогсоож шалгаагүй гэдгийг хэлмээр байна. Та бүхэн яагаад замаар явж байгаа машиныг шалгахгүй байгаа юм бэ гэхээр бид алсаас ажиглаж байгаа гэсэн зүйлс яриад байна. Мөн Замын-Үүд суманд маш олон камер байгаа гээд яриад байсан. Тэгсэн ердөө хэдхэн камер ажиллаж байна.

Бусад нь дандаа ажиллахгүй байгаа. Ажиллаж байгаа камерууд нь дүрсний нягтаршил огт байхгүй. Хэн явж байгааг танихгүй тийм л муу камер байх юм. Миний дүүгийн сурдаг сургуулийн гадна талын камер гэхэд маш муу юм байна лээ. Ямар хүүхэд сургуулийн хашаагаар ороод ирж байгааг харахад маш их хэцүү байсан. Замын-Үүд сум хилийн бүс нутаг болохоор олон мянган хүн холхиж байдаг хөлийн газар. Тэгэхэд ийм л ажилладаггүй камертай сууцгааж байна. Хэрэв камержуулалт сайтай байвал дүүг минь ямар хүн аваад явж байгааг тогтоох бүрэн боломжтой байсан гэж бодогдож байна” гэв.

“Д.СЭРЖМЯДАГ МАНАЙ АНГИЙН ХАМГИЙН САЙН СУРЛАГАТАЙ ХҮҮХЭД”

Д.Сэржмядаг охины ангийнх нь хүүхдүүдтэй уулзлаа. Охин ангийнхаа гарын таван хуруунд багтах хүүхдүүдтэй найз байжээ. Гэрийнхээ ойр амьдардаг Оюунтуяа гэх охинтой бүр ч дотно найзууд аж. Ангийнх нь хүүхдүүдийн хэлж байгаагаар Д.Сэржмядаг ангийнхаа тэргүүний сурагч гэнэ. Сургуулийнхаа “Бид амжилтад хүрч чадлаа” буланд зураг нь байнга гардаг аж. Ангийнхаа тооны аварга болж, математикийн олимпиадад байнга ордог байна. Мөн анги болон сургуулийнхаа цэвэр бичгийн хэдэн удаагийн аварга болсон байна. Түүнчлэн түргэн уншлагын тэргүүний сурагч гэдгийг хэлж байв. Өнгөрсөн жилээс эхлэн үлгэрийн ном том эгчдээ захиж, уншдаг болжээ. Гэртээ байнга ном уншиж суудаг. Бүр Орос хэлний номноос урт шүлгүүдийг гэртээ цээжилж, найзууддаа уншиж өгдөг байсан аж.

Гэхдээ ангийнхантайгаа нийлж, тоглож үймүүлж гүйгээд байдаггүй. Их даруухан хүүхэд гэдгийг ангийнх нь хүүхдүүд хэлж байсан. Мөн “Хоолой өвдөөд халуурчихсан байгаа. Хичээлээ таслахгүй гээд гэрийнхнийхээ үгнээс зөрөөд хүрээд ирлээ” гэж найзууддаа нэг бус удаа ярьж байсан гэнэ. Д.Сэржмядаг хичээлээ тараад дүүгийнхээ цэцэрлэг рүү явдаг. Тэнд арванхоёрдугаар ангийн эгч нь дүүг нь аваад хүлээж байдаг аж. Тэндээсээ гурвуулаа гэр рүүгээ явдаг байжээ. Үүнээс гадна найзууд нь “Алга болохынхоо өмнөх өдөр сэтгэл санаагаар унасан зүйл ажиглагдаагүй” гэж байлаа.

“ӨДРИЙН СОНИН”-Ы СУРВАЛЖЛАХ БАГ

Үргэлжлэл бий

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 55 тэрбум төгрөгөөр ажлын байрууд нээх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцож гишүүдэд хандан үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Үнэхээр болохгүй болоод эдгээр хуульд хориг тавьсан юм. Сангийн сайд болсон Ч.Хүрэлбаатарын нэр дээр хориг тавьсан. Бусад сайд нарыг цаг тухайд нь, ялангуяа Ерөнхий сайдыг маш шуурхай зөвшилцөж ажилласан. Ч.Хүрэлбаатар дээр онцгой нөхцөл байгаа. Энэ хүн олон удаа УИХ-д сууж, олон удаа сайд болж байсан. УИХ дотор юу болж байгааг дээд зэргээр мэддэг хүн.

Би УИХ-д 3 удаа сууж, 2 удаа сайдын алба хашиж байсан. Бүтээн байгуулалт, бизнесийг тэлэх бодлогыг зөндөө явуулсан, энэ бүлэг хүмүүст үнэхээр дарагддаг.

Одоо уул уурхай эзэмшдэг буюу Тавантолгойг тойрсон хэсэг бүлэг хүмүүс энэ улсыг дахин удирдаж буйг өнөөдөр энд сууж байгаа бүх хүн мэдэж байгаа. Түүний төлөөлөл Сангийн сайд болж байгаа тул эдийн засаг, бизнесийг дэмжих бодлого дээр юу ч явахгүй. Бүх бизнесийг гацаадаг. Өөрсдөд нь орж ирэх зүйл байхгүй л бол гацаадаг.

Ийм бүлэглэлийн төлөөллийг өнөөдөр дэмжээд явж байгаад харамсаад хориг тавьсан юм.

Хоёрдугаарт, төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг, нийт 55 тэрбум төгрөг өгнө гэдэг бол өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулахад харамсалтай шийдвэр юм. Ч.Хүрэлбаатар болон УИХ-д сууж байгаа олон хүний анкетыг харахад дандаа дээд боловсролтой, гадаад хэлтэй, гадаадад боловсрол эзэмшсэн олон хүн байна. Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн бодлогоос бид өнөөдөр татгалзах ёстой. Жаахан олсон орлогоосоо халамж тарааснаар бид эдийн засагт юу хүртсэн бэ?

17 хувийн өсөлттэй гэж Сү.Батболдын Засгийн газрын үед ярьж байсан ч ажилгүйдэл, ядуурлын тоо буураагүйг бид өнөөдөр мэдэж байгаа.

УИХ-д сууж байгаа гишүүд үүн дээр ард түмнийхээ талд дуугарч болохгүй байсан юм уу? Гишүүд асуулт асуухгүйгээр кноп дээрээ нэгдсэн байгаад харамсаж байна. Өнөөдөр 55 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө. Үүгээр ажлын байрууд нээх хэрэгтэй. Болохгүй бол дутагдаад байгаа 3 ээлжтэй цэцэрлэг барих хэрэгтэй. Үүнийг бүгд мэдэж байгаа. Хөдөө орон нутгаас, хотын гэр хорооллоос сонгогдсон олон гишүүн байгаа.

Ийм байдалтайгаар бид явахгүй гэдгийг сүүлийн 27 жилд бүгдээрээ ойлгосон. Бизнесийн салбараас гарсан гишүүд олон байгаа. Тавантолгойг түрүүчийн УИХ дээр үнэгүй авах гэж оролдсон бүлэглэл дахиад гараад ирлээ. УИХ-ын дэд даргаар тавьсан хүнээ МАН-ын бүлийн хурал эргэж хараач. Удахгүй МАН-ын их хурал болох байх. Үүн дээрээ бүлгийн шийдвэрээ эргэж хараач. Бид дахиад чөтгөрийн тойрогт орлоо.

Өнөөдөр хэдхэн гэр бүл уул уурхайгаар баяжсан. Бусад улс төр, бизнесийн бүлэглэлийг атгачихсан байгаа. Одоо яамд руу орж байна. Энэ тодорхой болсон байгаа учраас тодорхой хоёр хориг тавьсан юм.

Ч.Хүрэлбаатар бид хоёр нэг засагт хамт байсан. Янз бүрийн зовлон ярьдаг байсан. Өнөөдөр 55 тэрбум төгрөг их мөнгө үү, та хариулаач.

Удахгүй ҮАБЗ нэлээд өргөн хүрээтэй хуралдана. Оноос өмнө УИХ-ын хаалттай хурлыг зарлана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүний наана МАН их хурлаа хийх байх. Сая миний ярьсан бүлгийн шийдвэрүүдээ эргэж хараач. Миний хоригийг бас их хурал дээрээ яриач гэж хүсэх гэсэн юм. Буруу шийдвэр гаргасан шүү, Ч.Хүрэлбаатар аа” гэлээ.