Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр: Танай Засгийн газрын огцрох нэг үндэслэл болно шүү

Image result for Н.Номтойбаяр

“Засгийн газар 2018 оны төсвийн хуулийг төслийг боловсруулахдаа Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь бие даалгаж, Эрүүл мэндийн яаманд хариуцуулахаар зааж өгснөөс нэлээд хурцхан маргаан өрнөв. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед эрүүл мэндийн даатгалын орлого өссөн. Даатгалын мөнгийг банкинд есөн хувийн хүүтэй байршуулдаг байсныг 15 хувь болгосноор 40 орчим тэрбумаар орлого нэмэгдсэн. Өнөөдөр байгаа тогтолцоо 100 хувь зөв үү гэвэл үгүй. Харин энэ Засгийн газар тогтолцоог бүр гажуудуулаад Эрүүл мэндийн яаманд хариуцуулах гэж байна. Нэг хүний гарт худалдан авах, худалдах үйлчилгээг төвлөрүүлэх нь буруу. Эрүүл мэндийн даатгалын санг улс төрөөс ангид байлгах ёстой. Эрүүл мэндийн яаманд шууд хариуцуулж болохгүй. Маш олон асуудал үүсэж, олон хүн “аавын” хаалга татах юм руу орно. Танай Засгийн газрын огцрох нэг үндэслэл болно шүү. Танай Засгийн газрыг хамгаалж бид үг хэлээд байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногоос өгнө

Image result for Хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногоос өгнө

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2017 оны төсвийн тодотголд тавьсан хоригийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь Байнгын хороодын саналыг дэмжиж уг хоригийг хүлээж авахаас татгалзсан. Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцож 2017 оны төсвийн тодотголд хориг тавих болсон үндэслэлээ тайлбарласан ч ийнхүү дэмжлэг авч чадсангүй. Ерөнхийлөгч хориг тавьснаас үүдэж, хүүхдийн мөнгө олгогдох хугацаа хойшлоод байсан юм.

Тэгвэл дөнгөж сая Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ. Ерөнхийлөгчийн 2017 оны төсвийн тодотголд тавьсан хоригоос болоод хүүхдийн мөнгийг өгч чадахгүйд хүрээд байсан юм. Хоригийг УИХ хүлээж аваагүй тул хүүхдийн мөнгийг яаралтай олгохоор болж Сангийн яамнаас Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын данс руу шилжүүлж эхэллээ. Хоригоос болж хугацаа алдсандаа нийт эхчүүдээс уучлал гуйж байна” гэсэн байна. Ийнхүү эцэг эхчүүдийн дунд хүлээлттэй байсан хүүхдийн мөнгө ирэх даваа гаригт бүх хүүхдийн данс руу шилжин орохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нутгийн захиргаа 536 нэр төрлийн үйлчилгээг нэгдсэн төвүүдээр дамжуулан үзүүлдэг

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэв. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажлын талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа.

Нийслэлийн нутгийн захиргааны 175 байгууллагаас 536 нэр төрлийн үйлчилгээг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан үзүүлж буй. Эдгээр үйлчилгээнээс 300 орчмыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх нэн шаардлагатай байгаа танилцуулгынхаа үеэр О.Чинзориг дурьдаж байв. Танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, санал хэлсний дараа хуралдаанаас “Зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг тусган “Нийслэлээс үзүүлж буй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх стандарт боловсруулах, дотоод болон гадаад нэгдсэн системийн шийдэл боловсруулах”-зэрэг тодорхой үүрэг чиглэл өгсөн тэмдэглэл гаргахаар шийдвэрлэлээ. Мөн хуралдаанаар Нийслэлийн орон зайн дундын мэдээллийн сангийн танилцуулга, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулга хийсэн.

Энэ өдрийн хуралдаанаар архивын баримтад нэгдсэн тооллого явуулсан тухай танилцуулгыг Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа танилцууллаа. Тооллого, үзлэг шалгалтын мөрөөр арга хэмжээ авч, гарсан алдаа дутагдлыг засч, сайжруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон хуралдааны тэмдэглэл гаргахаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Япон, Монгол хоёр орны соёлын солилцоог идэвхжүүлнэ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Япон Улсын Шизуока мужийн Изунокүни хотын захирагч хатагтай Оно Тошико тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын соёл, урлаг, спортын салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Изүнокүни хотын иж бүрэн дэмжлэгтэйгээр Монголын жүдо бөхийн баг тамирчдыг бэлтгэл сургуулилт хийлгэх болж байгаад талархал илэрхийллээ.

Цаашид хоёр орны соёл, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл урлаг, спортын солилцоог идэвхжүүлэх, уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг зохион байгуулах зэрэг олон ажил хамтран хийгдэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа тэмдэглэн хэллээ. Хатагтай Оно Тошико хүүхэд залуучуудын соёлын боловсролд анхаарал хандуулдгийн зэрэгцээ хүүхдийг жүдо бөхийн спортын төрлөөр хичээллүүлэх, ирээдүйн тамирчдыг бэлтгэх чиглэлээр түлхүү анхаардаг. Мөн 2019 онд Япон Улсад Монголын сонгодог урлагийн уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэлж, хоёр орны соёлын солилцоог идэвхжүүлэх саналаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэй гишүүд хүүхэд хамгаалал, хөгжлийн үйлчилгээг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулсан Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа, Ж.Батзандан гишүүн, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд Д.Цогтбаатар нар ажиллаж байна.

Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хүүхдийн тусламжийн утас 108” үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байр, “Өнөр бүл” төвд ажиллаж, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаархи мэдээлэл авлаа.

Ажлын хэсгийн гишүүдийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун тэргүүтэй албаны хүмүүс ГБХЗХГ-ын хурлын байранд хүлээн авч уулзав.

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажил болон цаашид тулгамдаж буй асуудлын талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм.

Тэрбээр “Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг даган нийт 14 журам, дүрэм баримт бичиг гарах ёстой. Хамгийн сүүлд Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр батлагдлаа. Хууль эрхзүйн орчин бүрдсэн хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангахад хэд хэдэн бэрхшээлтэй талууд бий. Тухайлбал, Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгж болох “Хамтарсан баг”-ийн тогтолцоог бэхжүүлэх хэрэгтэй.

Үүнтэй холбогдуулан бид 2017 оныг хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах жил болгон зарласан. Энэ хүрээнд сургалтын цогц модуль боловсруулж, 75 сургагч багш бэлтгээд байна. Мөн үндэсний хэмжээнд ажиллаж байгаа 609 хамтарсан багийн 4494 гишүүнийг чадавхжуулах сургалтад хамрууллаа. Хамтарсан багийн гишүүд сургалтад хамрагдсанаар хууль эрх зүйн болон үйлчилгээний талаархи мэдээлэлтэй болж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх арга зүй, ойлголт сайжирч, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг бодитой үр дүн гарна гэж харж байгаа.

Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа гол зүйл нь санхүүгийн асуудлаас илүү ойлголтын асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, бүх шатны салбаруудад хүүхэд хамгааллын тухай ойлгуулах нь чухал. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд дээрх хуулиудыг улсын төсөвт нийт 396 сая төгрөг тусгагдсан. Бид энэхүү санхүүжилтийг 21 аймаг, есөн дүүрэгт хуваарилсан. Тодруулбал, хамтарсан багийг дэмжихэд 6.8, хүүхдийн аюулгүй байдал, түр хамгаалах байрны хэвийн үйл ажиллагааг хангах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын өрөө бэлтгэхэд 6.7, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалах үйл ажиллагааг дэмжихэд 2.4, хараа хяналтгүй хүүхдийг илрүүлж, эрхийг нь хамгаалахад 1.1, зорилтот гэр бүл, хамтарсан баг, хүүхдийн хууль зүйн хорооны гишүүдийн боловсролыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахад 16.4, эрсдлийн үнэлгээний программ хийж, үндэсний хэмжээнд нэвтрүүлэх ажилд 5.6, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг дүгнэхэд 2.5 хувийг хуваарилж, зарцуулсан. Орон нутаг болон дүүрэгт хуваарилж байгаа санхүүжилт хүн амын тооноос хамаарч харилцан адилгүй байна. Жишээлбэл, Монгол Улсын хамгийн жижиг аймаг бол Говьсүмбэр. Тус аймагт жилд 600 орчим мянган төгрөг хуваарилагдаж байна. Гэтэл хамгийн их хүн амтай аймагт 13 сая төгрөг хуваарилж байх жишээтэй. Үүнээс харахад хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх шаардлага байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Гурван сая иргэнтэй Монгол Улсын хувьд хүүхдийн эрх зөрчигдөж буй тохиолдлын тоон мэдээлэл нь сэтгэл түгшээсэн үзүүлэлт. Тэр дундаа олон нийтийг цочроосон мэдээлэл, тохиолдол сүүлийн үед ойр ойрхон олон нийтэд ил болсон. Тиймээс холбогдох газрууд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үнэхээр ийм асуудал далд хэлбэрээр байсаар ирсэн үү, ойрын хугацаанд огцом нэмэгдэж байна уу, эсвэл илрэлт нь сайжирсан уу гэдгийг судлан, асуудлыг шийдвэрлэхдээ анхаарах нь зүйтэй. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах, олон нийтэд хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл түгээхэд санаачилгатай оролцох шаардлагатай байна” гэв.

Уулзалтын төгсөлд УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Манай улсад олон хүүхэд хүчирхийллийн хохирогч болж байна. Тэр дундаа гэр бүлийн гишүүд уг хэргийг үйлдэж байгаа нь та бүхний хэлсэнчилэн гэр бүлийн боловсролыг олгоход анхаарч ажиллах хэрэгтэй болсныг харуулж байна. Үүнд төрийн болон төрийн бус байгууллага+, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй. Зөвхөн нэг жилийн хугацаанд хүүхдийн хүчирхийллийн 200 гаруй тохиолдол илэрсэн нь нийгмийн хамгийн том асуудал болсоны нэг илрэл. Цаашид бид боловсролын хөтөлбөрт гэр бүлийн боловсролыг олгох тухай асуудлыг оруулах, хүүхэд хамгаалал, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахад хамтарч ажиллахад бэлэн байна. Тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхэд хамгааллын асуудалд тусгайлан цаг гаргаж, нэвтрүүлэг бэлтгэхэд анхаарч ажиллана. Мөн төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын үйлчилгээний хамгийн анхан шатны туслагч болох багийн даргын оролцоог идэвхжүүлэх ажлыг хамтын ажиллагааны хүрээнд хийе. Түүнээс гадна нэн тэргүүнд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллая. Өнгөрсөн жилийн хугацаанд нийт 396 сая төгрөг зарцуулсан гэж ярилаа. Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдана. Энэ үеэр хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх саналыг оруулна” хэмээн онцоллоо.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хилийн бүсийн аймаг, сумдад хүүхэд хамгааллын үйл ажиллагааг илүү идэвхжүүлж, анхаарч ажиллах шаардлагатай байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудад хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хяналт шалгалт хийлээ

Сэлэнгэ аймаг нь хүн амын тоо, улсын бүртгэлийн тоо хэмжээгээрээ улсдаа дээгүүрт ордог томоохон аймаг бөгөөд ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүүгийн тушаалаар батлагдсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 5 өдөр ажиллалаа.

Хянан шалгаж, дэмжин туслах чиг үүрэгтэй уг ажлын хэсэгт иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд, хяналт шалгалт, дотоод аудит, санхүү, хүний нөөц, архив, мэдээлэл технологи зэрэг бүх нэгжээс мэргэжилтнүүд багтаж, хяналт шалгалтыг 30 гаруй үндсэн үзүүлэлтээр цогцоор нь зохион байгуулж, газар дээр нь зөвлөмж, дэмжлэг үзүүлж байгаагаараа үр дүнтэй үйл ажил болж байна.

Баруун бүсээс Баян-Өлгий аймагт ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан, Төвийн бүсээс Сэлэнгэ аймагт Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Д.Болормаа, зүүн бүсээс Хэнтий аймагт Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Гантөмөр нар ажиллав.

Сэлэнгэ аймаг нь 17 сум, 4 тосгонтой бөгөөд сумдын улсын бүртгэгч нарыг аймгийн УБХ дээр цуглуулж, ажлыг нь 11 үзүүлэлтээр дүгнэж, шалгалтын явцад гарсан алдаа дутагдал анхаарах асуудлуудаар ажлын хэсгийн гишүүд мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Дутуу нярайн эндэгдлийг бууруулна

Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүү, техникийн туслалцаатайгаар “Имж эх асаргаа” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж нь төрөх үед болон төрсний дараах эхний 3 хоногт эх, нярайд үзүүлэх цогц тусламж ба нярайн эндэгдлийн зонхилох шалтгаануудаас сэргийлэх өртөг багатай, өндөр үр дүнтэй багц арга хэмжээ юм. Энэ багц аргын нэг хэсэг нь “Имж эх асаргаа”-ны арга бөгөөд нярайд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудын нярайн эмч, нярайн сувилагч нийт 12 хүн хамрагдаж, үндэсний сургагч багшаар бэлтгэгдэж байна.

Сургалтыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нээж, хэлсэн үгэндээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн нярайн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Жон Муррей “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний стратегийг хэрэгжүүлсэн амжилтаа бататгаж дутуу болон бага жинтэй төрсөн нярайн өвөрмөц тусламжид “Имж эх асаргаа”-г хэрэгжүүлснээр дутуу нярайн эндэгдлийг бууруулах өртөг багатай, өндөр үр дүнтэй арга болох талаар дурьдлаа.

Монгол улсад 2012 онд нярайн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 10.1 байсан бол 2017 оны эхний 10 сарын байдлаар 8.9 промиль болж буурсан байна.

Дутуу төрөлтийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, имж эх асаргааны үед хийгдэх үйлдлүүд, эрүүл ахуйн хяналт, имж эх асаргааг нэтврүүлэх төлөвлөгөө, асаргааг хэрэгжүүлэхэд эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, гэр бүлийн дэмжлэгийг авах зэрэг семинар, дадлагын хичээлүүд зохион байгуулагдаж байна.

Сургалт 4 хоног үргэлжлэх ба бэлтгэгдсэн 12 үндэсний сургагч багш нар эмч, эмнэлгийн мэргэжилтэн багш цаашид нярайн эмч, сувилагч нарт ажлын байрны сургалт явуулж “Имж эх асаргаа” аргад сургана.

Categories
мэдээ нийгэм

Эх хүүхдийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлж, эндэгдлийг тогтвортой бууруулна

Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах үйл ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлж, иргэдийн болон иргэний нийгмийн оролцоог хангах замаар эх хүүхдийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлж, эх, хүүхдийн эндэгдлийг тогтвортой бууруулах зорилготой ба 5 зорилтын хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Иймд үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан салбаруудын хамтын ажиллагааны талаар зөвлөлдөж, саналуудыг нэгтгэх, хүлээх үүрэг хариуцлагыг удирдлагуудад ойлгуулах, мэдээлэл өгөх зорилгоор аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж, аж ахуй нэгжүүдийг төлөөлсөн 100 гаруй удирдах ажилтнууд хамрагдлаа.

Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ манай аймаг төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх “Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, ДЭМБ-аас “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримталж байна. Энэ онд аймгийн нэгдсэн эмнэлгийн цахим орчинг бүрдүүлэх “Шилэн эмнэлэг” төсөл, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дэмжиж хэвлийн хэт авиан оношлогооны аппаратаар хангах, Госхот, Медстоб өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөл, “Хоол сургалтын төв”, Орхон сумын эрүүл мэндийн төвийн “Клиник лаборатори” зэрэг төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн засаг захиргааны байгууллагаас дэмжиж ажиллаа. Бидний тулгамдсан асуудал болох 50 ортой төрөх эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжийн хамт улсын төсвийн болон гадны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр саналаа хүргүүлээд байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын төдийгүй бусад бүх байгууллага, иргэдийн оролцоотой байж үр дүнд хүрэх тул энэхүү зөвлөгөөнд ач холбогдол өгч идэвхитэй оролцохыг хүсье гэлээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2020 онд биднийг юу хүлээж байна вэ?

Техник технологи асар хурдтай хөгжиж байна. Жишээ нь 1985 онд ирээдүй рүү аялсан нь кино хүмүүсийн хүртээл болохдоо 2015 онд руу аялж байгаа тухай гардаг. Энэхүү кинонд 2015 оныг дүрсэлсэн шиг агаарт хөвдөг машин хараахан бий болоогүй ч нүүр нүүрээ харан ярих боломжтой технологи бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ.

-2020 ОНД БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БУЙ 7 ТЕХНОЛОГИ-


ХҮНИЙ БИЕИЙН БОДИСЫН СОЛИЛЦООГ ШУУД ХЯНАХ ТЕХНОЛОГИ

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд 2020 он гэхэд хавдар, дархлааны системд доголдсоноос үүсдэг зарим өвчнөөс сэргийлэх технологи бий болно гэж үзэж байна. Энэхүү төрлийн төхөөрөмжүүдийн хөгжүүлэлт аль хэдийн туршилтын шатандаа явагдаж байгаа аж.

“WALL STREET JOURNAL”-д 2014 онд гарсан Alistair Barr болон Ron Winslow нарын нийтлэлд – “Google компани жижиг соронзон хэсгүүдийг аль хэдийн хөгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төхөөрөмж нь биеийг бүхэлд нь хянаж, хорт хавдар болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор бий болж байна” гэжээ. Энэхүү технологийн нано хэсгүүд нь хүний биед байрлах эс, уураг бусад молекулуудтай холбогдож хүний биеийн үйл ажиллагааг хянах боломж бүрдүүлснээр аливаа өвчинг тусахаас нь өмнө урьдчилан мэдэх боломжтой болно.

5G УХААЛАГ УТАСНУУДЫН СҮЛЖЭЭ

Орчин үеийн технологийн хөгжилд 4G систем нь томоохон хувьслыг авчирсан. Цаашид үүрэн телефоны операторууд болон технологийн томоохон компаниуд 2020 он гэхэд 5G технологи руу бүрэн шилжихээр төлөвлөсөн байна. Энэхүү технологи нь гарах хүртэл хэдэн жилийн зай байгаа хэдий ч 5G нь 4G-тэй харьцуулахад илүү хурдан байх нь ойлгомжтой. Энэхүү технологи бий болсноор илүү хурдан ухаалаг утаснууд, гэрийн ухаалаг системүүд гээд маш олон давуу талыг авчирах нь мэдээж. Мөн 5G ухаалаг утаснууд нь одоогийн бидний хэрэглэж байгаа 4G ухаалаг утастай харьцуулахад илүү бага саатал гарахаас гадна одоогийнхоос хэд дахин илүү хурдан ачаалладаг аппликейшн болон вэб сайтууд мөн гэрлийн хурдаар видео татах боломжийг болгоно.

VR ЧИХЭВЧҮҮД

VR технологи цаашид бидний хэрэглээний гол хэрэгсэл болно гэж үзэж байгаа бөгөөд технологийн компаниуд энд илүү төвлөрөн ажиллаж байна. Re/Code өнгөрсөн жил Eric Johnson-ний нийтлэлд “Ихэнх VR-н фенүүд ойрын 5 жилийн дотор 3D технологийг авчрах болно” гэдэгт итгэлтэй байна хэмээн дурьджээ. Ялангуяа энэхүү салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд зөвхөн тоглоомчдод зориулсан бус энгийн хэрэглэгчдэд зориулсан галзуу аппликейшныг бий болгохоор ажиллаж байгаа аж.

БОДИТ БАЙДЛЫГ УЛАМ САЙЖРУУЛСАН ТЕХНОЛОГИ /AUGMENTED REALITY/

Augmented reality нь VR-тай адил орчин үеийн технологийн хөгжилд хувьсал хийсэн төхөөрөмж болно гэж үзэж байна. Зарим судлаачид 2020 он гэхэд голографи телевиз бодитоор бүтээгдэх боломжтой гэж үзэж байгаа аж. Аль эсвэл жинхэнэ голографи шиг харуулдаггүй боловч “Augmented reality” орчинг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна. Жишээлбэл: гэрийн дотор талыг харах мөн тоглоомын дүрүүдийг харах, өөрийн хүрээлэн буй орчинд тулгуурласан VR ертөнцийн бий болгох боломжууд бүрднэ. Шинжээчид үүнийг маш ойрын ирээдүйд хийгдэх боломжтой гэж үзэж байна.

ЖОЛООЧИЙН ШААРДЛАГАГҮЙ АВТОМАШИН

Хүний оролцоо шаардлагагүй өөрөө автомат удирдлагатай автомашин ирээдүйд гарах болно гэдэгт ихэнх хүмүүс итгэлтэй байдаг. Ийм бүрэн автомажсан автомашин гарахад багагүй хугацаа шаардах бололтой. Тодорхой нөхцөлд үндэслэн өөрийгөө удирдах чадвартай автомашин аль хэдийн бий болчихсон гэдгийг бид мэднэ. Үүнийг илүү сайжруулсан муруй замаар явах, эгнээ солих, өөрөө асаж унтардаг гэх мэт илүү ухаалаг технологитой автомашин ойрын жилд бий болох юм байна. Гэхдээ энэхүү автомашинд хүний оролцоо хэрэгтэй байсаар байх бөгөөд 2020 гэхэд өөрөө жолоодлоготой машин 10 сая доллар хүрнэ гэж судлаачид тооцоолж байна.

БҮРЭН WIRELESS ГЭРИЙН УХААЛАГ ТӨХӨӨРӨМЖҮҮД

Компьютер, ухаалаг утаснууд, гэрийн ухаалаг мэдрэгч гэх төхөөрөмжүүд цэнэгээ хичнээн удаан барьсан ч цахилгаан үүсгүүрт залгагдаж цэнэглэгдэх шаардлагатай байдаг. Вашингтоны Их сургуулийн судлаачид ТВ, радио, гар утас, Wi-Fi дохионы ойролцоо байснаар эрчим хүч хурааж ажиллах боломжтой төхөөрөмжүүдийг хөгжүүлж байгаа тухай мэдэгдсэн байна. Ойрын хэдэн жилд ухаалаг гэрийн төхөөрөмжүүд, хамгаалалтын камерууд, дулаан мэдрэгч, утааны дохиолол гэх мэт төхөөрөмжүүдийг дахин хэзээ ч цэнэглэгдэх шаардлагагүй болох нь.

Эх сурвалж: http://www.cheatsheet.com/gear-style/future-tech-7-new-gadgets-we-should-have-by-2020.html/?a=viewall

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн агентлагуудын үйл ажиллагаа удирдлага зохион байгуулалт хангалтгүй, хүнд сурталтай зэрэг олон зөрчлийг тогтоожээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа 15 агентлагт очиж ажилласан дүнгээ 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Олон нийтийн төв”-д тэдгээр агентлагийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүллээ.

Ажлын хэсэг ажиллах явцад нийслэлийн агентлагуудад төрийн үйлчилгээ нь олон шат дамжлага, хүнд суртал, чирэгдэл ихтэй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй, эрх зүйн зохицуулалтгүй, хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх, бүрэн эрхээ хэтрүүлсэн шийдвэр гаргах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, мэдээллийн ил тод байдал хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрчээ. Тухайлбал, газар өмчлүүлэх, ашиглуулах гэрчилгээ авах, сунгуулахад 60-аас дээш хоногийн дараа шийдвэр гаргадаг байна. Гэтэл Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэж заасан байдаг. Тиймээс Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ асуудлаар оновчтой зохицуулалт хийж, механизмыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэсэн заалт байхад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 2-5 жилээр эзэмшүүлж байгаа нь нэг талаасаа хууль хэрэгжүүлэхгүй байх, нөгөө талаасаа иргэдэд хүнд суртлыг үүсгэх нөхцөлийг бий болгож байна. Мөн газар эзэмших хугацаа сунгах, эрх шилжүүлэх болон бусад газрын харилцааны асуудлаар хуралдахдаа тогтсон хуваарь гаргаж олон нийтэд мэдээлдэггүй, хурлын зар ил тод байдаггүй нь иргэд, аж ахуйн нэгжид хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгааг анхаарч үзэх шаардлагатай байна.

Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хувьд төслийн үе шат хэрэгжиж эхлээгүй байхад газар чөлөөлөлт хийгдсэнээс иргэд хохирсон асуудал гарсан байна. Тиймээс Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан холбогдох журмуудыг яаралтай боловсруулан баталж мөрдүүлэх шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт зөвлөлөө.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд нийслэлийн дүүргүүдийн харьяан дахь орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна. “Баянгол хүүхдийн зуслан”, “Хүүхэд залуучуудын соёлын ордон”, “Ахмадын хороо” төрийн бус байгууллага, “Албан бус насан туршын боловсролын төв”, “Баянгол Агропарк”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”, “Гэр бүл ёслолын ордон”, “Усан спорт сургалтын төв”, “Баянгол шинэ өргөө” зэрэг орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дийлэнх нь Баянгол дүүрэгт харьяалагдаж байна. Тэдгээр байгууллагууд нь орон нутгийн төсөв болон өөрийн орлогоос санхүүждэг. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах асуудал нь ИТХ, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал хэдий ч эдийн засгийн үр дагаврыг сайтар тооцоолж байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг Ажлын хэсэг жишээ болгон танилцууллаа. Тухайлбал, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”, “Баянгол Агропарк” нь 11-12 хүний орон тоотой атал дарга, дэд даргатай байхаар бүтцийг баталсан байна. Ихэнх орон нутгийн өмчит байгууллагын хувьд алдагдалтай ажиллаж байгаад дүгнэлт хийх шаардлагатайг ч харуулж байна.

Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын хувьд Засгийн газрын 2012 онд батлагдсан 151 дүгээр тогтоолоор “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-д барилгын зөвшөөрөл авдаг нийт 11 үе шатны 107 хоногт багтаан нийт 61 гарын үсэг зурдаг байсныг цөөрүүлж 6 үе шат болгож 17 хоногт багтааж 4 гарын үсэг авдаг болсон нь сайшаалтай байна. Гэвч барилга барих хүсэлт, баригдсан барилгыг ашиглалтад авах комисст цөөн тооны мэргэжилтнүүд орж асуудлыг шийдвэрлэдэг, холбогдох асуудлыг шийдэх эрх зүйн зохицуулалт хангалттай бус байгаагаас ажил хариуцсан мэргэжилтэн, удирдах ажилтан ашиг сонирхлын зөрчилтэй байж болохоор шийдвэрийг гаргаж болзошгүй эрсдэл байгаад анхаарч ажиллахыг хэлэлцүүлгийн үеэр дурдав.