Categories
мэдээ нийгэм

“НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” сэдэвт хэлэлцүүлэг болно

“Нэг өрх-Нэг ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг маргааш Хангарди ордонд болно. Хэлэлцүүлгийн гол зорилго Улаанбаатар хотын нийгэм эдийн засгийн нөөц боломж, хөдөлмөрийн зах зээлийн багтаамж, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж хүн амын хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх, орон нутгийн түвшинд төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаанд тулгуурлан ажлын байр бий болгох хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлого хэрэгжүүлэх боломж, арга зам шийдлийг олоход оршино.

Хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • “Нэг өрх-нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгч цаашид бодлогын түвшинд хэрхэн ажиллах асуудлаар санал солилцох
  • “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхиүлэн дэмжих зорилтыг дэвшүүлсэн ба Монголд өнөөдрийн байдлаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход эдийн засгийн өсөлт хэрхэн нөлөөлж буй байдал
  • Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын үүрэг оролцоо ямар түвшинд байна үүнийг хэрхэн нэмэгдүүлэх
  • Бичил, жижиг бизнесийг дэмжин зохистой ажлын байр бий болгох боломжийг харж, арга замыг тодорхойлон шийдэлд хүрэх
  • Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшингийн өнөөгийн байдал болон цаашдын хүлээлтэд тулгуурлан бодлого тодорхойлох
  • Ажлын байрны баталгааг ханган нэмэгдүүлэхэд хамтын гэрээ хэлэлцээрийн гүйцэтгэх үүрэг оролцоо

Хэлэлцүүлэгт нийслэлийн төр захиргааны байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцоно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Мэдээлэл, харилцаа холбооны салбарынхан чуулж байна

“Монгол Улсын хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайлал, чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болж байна. Уг арга хэмжээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон төрийн байгууллага, олон улсын байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, мэдээлэл харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид оролцож байгаа юм. “Мэдлэгээ хуваалцаж, Хамтдаа хөгжье…” уриан дор зохион байгуулагдаж буй тус хэлэлцүүлэгт мэдээлэл харилцаа холбооны мэргэжилтнүүд салбарын хөгжил, өрсөлдөх чадварыг тодорхойлох, нийгмийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, зэрэгт саналаа нэгтгэж цаашдын бодлогоо тодорхойлох юм. Хэлэлцүүлэг маргааш өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

ХДХВ, ДОХ-оос сэргийлэх өдрийг “Би сэргийлж чадна, харин та” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаа тун чухал байдаг тул нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах тус өдрийг энэ жил “Би сэргийлж чадна, харин та” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кинотеатруудаар үйлчлүүлсэн өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-ын дамжих зам болон халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг богино хэмжээний видео зөвлөмжөөр дамжуулан кино эхлэхийн өмнө үзүүлэхээр боллоо. Мөн аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдад улаан тууз тараах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах юм байна.

2017 оны арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Түүнчлэн энэ онд нас баралтын 5 тохиолдол бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь (n=246)-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж.

Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгээд байна. Харин халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн бөгөөд ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь (n=202) нь эрэгтэйчүүд байгаа юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувийг 25-34 насныхан эзэлж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайд П.Пеллигринийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайд П.Пеллигринийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн сайд Петер Жига, Сангийн сайд Петер Кажимир, Словак улсаас Монгол улсад суух Элчин сайд Душан Белла, Нийслэлээс НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр нарын албаны хүмүүс байлцлаа.

Хоёр талын уулзалтаар Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайд П.Пеллигрин мэдээлэл технологийн салбарт ухаалаг хотын төсөл дээр хамтран ажиллах саналтайгаа илэрхийлсэн бөгөөд мөн зам тээвэр, хог хаягдал гэх мэт олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх: Засгийн газраас соёл, урлагт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Соёл, Урлагийн ажилтны Улсын II чуулган” Төрийн ордны их танхимд болж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэе.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө !

Соёл, урлагийн зүтгэлтнүүд, авьяас билигтнүүд ээ !

Монголын соёл, урлагийн ажилтны улсын хоёрдугаар чуулганыг тохиолдуулан Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Манай уудам эх орон даяар соёлын үрийг тарьж, үндэсний соёлын үнэт өв, дурсгалаа хадгалан хамгаалж, улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа Монголын соёл, урлагийн салбарын хамт олон, ажилтан, ажиллагсад, уран бүтээлчид, эрдэмтэн, судлаачид, соёлыг бүтээгч, өвлөн уламжлагч иргэддээ болон хилийн чанадад ажиллаж, амьдарч, өв соёлоо сурталчлан таниулж буй хүмүүстээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Монголчууд бид өнө эртний баялаг түүхтэй, бахархах соёлтой ард түмэн. Бид түүх, соёлын нандин өв уламжлалаа өнөө хүртэл хадгалан хамгаалж, баяжуулан хөгжүүлж, түүгээрээ хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Дэлхий дахинд даяарших үйл явц эрч хүчтэй өрнөжбуй эдүгээ үед Монгол угсаатан, үндэстний язгуур өв, уламжлалт соёл, эрхэм ёс заншил, зан үйл, үнэт зүйлс бүдгэрэн мартагдаж хэрэглэж уламжлагдах нь хумигдах хандлагатай болж байна. Энэ нөхцөлд бид өвөг дээдсийнхээ түүх, соёлын өв уламжлалыг танин мэдэж, цэгнэн үзэж дэвшилттэй бүхэнд нь хүндэтгэлтэй хандах нь зүй ёсны шаардлага юм.

Монгол Улсын үе үеийн төр засаг үндэснийхээ язгуур, уламжлалт болон орчин цагийн соёл, урлаг, өв уламжлалаа хадгалж хамгаалан, хөгжүүлэх талаар тодорхой бодлого боловсруулж, үе шаттай хэрэгжүүлж ирлээ.

Түүнчлэн Монгол Улс нэгдэн орсон ЮНЕСКО-гийн Конвенциудыг хэрэгжүүлэх, үндэсний соёлын өвөө хадгалж хамгаалахад анхаарч, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв хийгээд Соёлын биет бус өвд 20 гаруй төрөл зүйлийг бүртгүүлж, тэдгээрийг хадгалж хамгаалах ажлыг үндэсний хэмжээнд, мөн зарим улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Сүүлийн жилүүдэд “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”, зохиогчийн эрх, Соёлын өв, Номын сан, Монгол хэлний холбогдолтой хуулиудыг баталж, түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах, соёлын биет бус өвийг хамгаалах талаар 10 шахам хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна. Энэ ондоо багтаан Засгийн газраас “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Чулуун соёлын өв” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр соёлын биет бус болон биет өв дурсгалыг хадгалж хамгаалах үйл ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Манай Засгийн газраас бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд орчин үеийн музейн стандарт шаардлагыг хангасан Байгалийн түүхийн музей болон Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлнэ.

Түүнчлэн орон нутгийн соёлын байгууллагын материаллаг баазыг өргөтгөн шинэчлэхэд анхаарч хэд хэдэн аймагт музей, театрын барилга барьж соёл, урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэх чиглэлд анхаарч ажиллах болно.

Засгийн газраас соёл, урлагт зарцуулах санхүүжилтийн хэмжээг одоогийнхоос бууруулахгүй байж жил бүр буй боломжоороо өсгөн нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллана гэдгээ Та бүхэнд илэрхийлье.

Соёл, урлагийн ажилтны оюуны өмчийг хамгаалах, үнэлэмжийг нь дээшлүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, цалин хөлс, урамшуулал, ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар төрийн бодлогын хүрээнд тодорхой арга хэмжээ авах болно.

Ингээд дараах хэдэн асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг Та бүхнээс хүсье. Үүнд:

Нэгдүгээрт. Төрийн болон төрийн бус аль ч байгууллагын соёлын үйл ажиллагаа нь Монгол үндэснийхээ соёлын өв уламжлал, шинэчлэл, орчин цагийн эерэг өнгө аясыг тусгасан, чанартай, хүртээмжтэй байх, нийт үзэгч, сонсогч, хүүхэд залуучуудад төрөлх эх орон, газар нутаг, хэл соёлын үнэт зүйлсээ хайрлан хамгаалах, түүгээр бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чиглүүлэх;

Хоёрдугаарт. Соёл, урлагийн салбарын менежментийн бодлогыг боловсронгуй болгох, ажилтан, уран бүтээлчдийн мэргэжлийг дээшлүүлэх тогтолцоог бий болгож төлөвшүүлэх;

Гуравдугаарт. Олон улс, тив дэлхийн хэмжээнд тэнцэхүйц уран бүтээл туурвих, соёлын бренд үйлчилгээг шинээр бий болгож сурталчлан дэлгэрүүлэх;

Дөрөвдүгээрт. Гэр бүл, хот айл, сум, баг, дүүрэг, хорооноос эхлээд улс үндэстний хэмжээнд уламжилж ирсэн соёлын үнэт зүйлс, өвийг судалж сурталчлах, сэргээн баяжуулж хөгжүүлэх;

Тавдугаарт. Өргөн уудам газар нутагтаа тархан байршиж, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн аж төрж, эртний нүүдэлчин өвөг дээдсийнхээ өвөрмөц өв соёлыг сэтгэл зүрхээрээ хадгалж хамгаалан авч яваа эгэл жирийн хүмүүс, хөдөөгийн айл өрх, малчин түмэндээ улс, орон нутгийн чанартай урлаг, соёлын байгууллагын шилдэг уран бүтээл, бусад төрлийн үйлчилгээг тогтмол хүргэж байх тогтолцоо бий болгож ажиллах;

Зургаадугаарт. Бүх шатанд ажлын хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёс, сахилга, дэг журмыг тогтооход соёл, урлагийн байгууллага, ажилтнууд манлайлан, үндэсний эрх ашиг, нийгмийн шаардлагад нийцсэн шилдэг уран бүтээл, соёлын бүтээлч ажил үйлээр үлгэр дууриалал үзүүлж, үзэгч, сонсогч олон түмнээ соён гэгээрүүлэх, зөв төлөвшүүлэх, иргэний соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Их Эзэн Богд Чингис хаан “Монгол ёсоо санаж, түүхэн уламжлалаа хүндэтгэсэн цагт миний ард түмэн мөхөхгүй” хэмээн айлдсаныг цөмөөрөө үл мартъюу.

Анхаарал тавьсан эрхэм Та бүхэнд баярлалаа.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.29) хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн. Эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Батнасан санал хэлэв. Тэрбээр, ОХУ-аас саяхан нэг боодол тэжээл 1900 төгрөгөөр авч байсан бол одоо 6000 төгрөгийн үнэтэй болжээ. Салбарын яамны ажлын хурдаас болоод Ховд аймгийн малчид үнэтэй тэжээл авахад хүрээд байгаа уг асуудлыг анхааралдаа авахыг сануулж байв.

Ингээд хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг Байнгын хороо дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.29) хуралдаан 10 цаг 07 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав. Улсын Их Хурлаас 1996 онд баталсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулиар “Монголбанк Засгийн газраас хараат бус байна” гэж хуульчлагдсан ч Төв банкны бие даасан, хараат бус байдлыг олон улсад тогтсон индекс үзүүлэлтээр тооцоход Монголбанкны бие даасан, хараат бус байдал дунджаар 0.5 буюу 50 хувьтай “хангалтгүй” гэсэн үзүүлэлт гарчээ. Монголбанкны бие даасан, хараат бус байдалхангалтгүй, мөнгөний алдаатай бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь үнэ,ханшийн тогтворгүй байдал, улсын өрийн дарамт, гадаад валютын хомсдол, улс орны эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн үзсэн байна.

Улсын Их Хурлын 2016 оны 68, 71 дүгээр тогтоол, 2017 оны 11, 43 дугаар тогтоолд “Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлж, бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглал, бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагаанд гаргасан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх” гэж заасны зэрэгцээ ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үндсэн нөхцөл, болзолыг хангах зайлшгүй шаардлага үүсээд байгаа аж.

Улсын Их Хурлын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх, ОУВС-гийн хөтөлбөрийн нөхцөл, болзолыг хангах асуудлын хүрээнд Монголбанкны хууль, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг олон улсын зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлж, хамтын удирдлагын зарчмыг нэвтрүүлэх, төв банкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх зохицуулалтыг тусгах зорилгоор Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуульчлахаар тусгажээ.

Нэгдүгээрт, Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дунд хугацаагаар батлуулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, банкинд тавих төв банкны хяналт шалгалттай холбоотой асуудлыг банкны хянаалт шалгалтын мэргэшсэн бүтэц бүхий хороо олонхийн саналаар шийдвэрлэх;

Хоёрдугаарт, Төв банкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хориглох;

Гуравдугаарт, Монголбанкны удирдах албан тушаалтанд тавигдах шаардлага, шалгуурыгнэмэгдүүлэх, хараат бусаар ажиллах эрх зүйн үндсийг бэхжүүлэх;

Дөрөвдүгээрт, Улсын Их Хурлаас тодорхойлж, Монголбанкнаас хэрэгжүүлж ирсэн мөнгөний бодлогын зорилтыг үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах гэж тодорхойлж, үйл ажиллагааны чиглэл, мөнгөний бодлогын хэрэгсэлийг нэмэгдүүлэх зэрэг болно.

Хуулийн төсөл батлагдсанаар Монголбанкны бие даасан, хараат бус байдал, сайжирч, мөнгөний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны оновчтой зохицуулалт бий болж, эдийн засгийн макро түвшинд үнийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ гэж үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Болорчулуун нар асуулт асуулаа. Хуулийн төслийг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран боловсруулсан бөгөөд Төв банкны удирдлагын шийдвэр гаргахтай холбоотой зохицуулалтыг өөрчлөх нь төсөл боловсруулах үндэслэлүүдийн нэг гэдгийг ажлын хэсэг тайлбарлав. Өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар төв банк босоо тогтолцоотой, ерөнхийлөгч бүх шийдвэрийг гаргаж байгаа бол үүнийг өөрчилж, хамтын удирдлага, шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зохицуулалтыг төсөлд тусгажээ. Түүнчлэн Төв банкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” тэргүүтэй аливаа төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах, цаашлаад бүр зогсоох, Монголбанкны үйл ажиллагааны гол зорилт нь үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах хэмээн төсөлд тусгаад байгаа гэлээ. Арилжааны зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоосноос хадгаламжийн хүүгийн дээд хэмжээг тогтоох нь илүү оновчтой, хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй байх магадлал өндөр гэдгийг Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлалаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир хуулийн төсөлд тусгасан зөвлөлүүдийн орон тоо, төсвийн судалгааны талаар тодруулан, ажлын хэсгээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжив. Хуралдааны төгсгөлд Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахлан ажиллахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын бүлэг хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ

Image result for Ардчилсан намын бүлэгУИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцэв.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор Ардчилсан намын бүлэг өнгөрсөн тавдугаар сард мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд хуулийн төсөлд оруулах, анхаарах олон саналууд гарсан. Тэдгээр саналуудаас тус хуулийн төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай саналууд байгааг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, төрийн жинхэнэ албаны шалгалттай холбоотойгоор боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спорт зэрэг төсвөөс санхүүждэг байгууллагын дарга, захирал, эрхлэгч бусад удирдах албан тушаалтныг хамруулах эсэх. Мөн Төрийн албаны хууль батлагдсантай холбоотойгоор Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх хуулийн заалтуудын тухайд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Тамгын газрын даргыг 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх зэргээр анхаарах олон асуудал байгаа талаар ярилцлаа.

Мөн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн мэдээллийг сонсов. Монгол банкны хараат бус, бие даасан байдлыг хангах, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтын олон улсын жишигт нийцүүлэх, боловсронгуй болгох, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах асуудлыг анхаарах хэрэгтэй. Тиймээс Ардчилсан намын бүлгийн гишүүд уг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг сайтар судалж үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн цагаар таксинд суусан эмэгтэйчүүдийг бүлэглэн дээрэмддэг гэмт этгээдүүдийг илрүүлжээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажилласны дүнд эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлж, саатуулан шалгаж байна. Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат 20-22 насны А, Б, Г нар бүлэглэн шөнийн цагаар таксинд явж байхдаа бар цэнгээний газрын үүдэнд зогсоод согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйчүүдийг гэрэлтүүлэггүй, хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэл зэрэг эд зүйлийг нь дээрэмддэг байсан гэж мэдүүлжээ. Гэмт этгээдүүдийн хоёр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нэг нь дээд сургуульд сурдаг бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдардаг 20-22 насны залуус аж.

Цагдаагийн байгууллагад уг хэргийн зарим хохирогч гомдол мэдээлэл ирүүлээгүй учир хохирогчдыг олж тогтоох ажиллагааг явуулж байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан, мэдээлэл өгч хамтран ажиллана уу.

Иймд охид, эмэгтэйчүүд шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, баталгаатай такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нийлүүлэх асуудлыг судлахаар Францын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Элизабет Барсак, БНХАУ дахь БНФУ-ын Элчин сайдын яамны Иргэний хамгаалалтын атташе, дэд хурандаа Фрэдэрик Ломм, БНФУ-ын “Софэма” группийн дэд ерөнхийлөгч ноён Франсуа Фрэдэрик Тиссеран, нисдэг тэрэг хариуцсан мэргэжилтэн ноён Марк Монжу, “Дэсотэл” группийн экспорт хариуцсан захирал ноён Марк Ларив, гал унтраах тусгай зориулалтын машин үйлдвэрлэл хариуцсан захирал ноён Алайн Пэррү нарын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа .

БНФУ-ын Софема, Дэсотэл группуудын төлөөлөгчдийн Монгол улсад хийж буй ажлын айлчлалын гол зорилго нь Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, аврах болон гал унтраах ажиллагаанд ашиглаж буй техник тоног төхөөрөмжтэй танилцах, Монгол Улсын Онцгой байдлын албанд нисдэг тэрэг ашиглах, гал унтраах, аврах үндсэн албаны автомашин нийлүүлэх төслийг санхүү, техникийн талаас эцэслэн шийдвэрлэхийн тулд нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал энэ оны 09 дүгээр сард БНФУ-д ажлын айлчлал хийх үеэрээ, 2010 онд МУ-ын Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий удирдах газар хооронд байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэх, хоёр талын харилцан хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах, улмаар Монгол Улсын Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нийлүүлэх чиглэлээр яриа хэлэлцээрүүдийг хийж тодорхой саналуудыг тавьж байсан. Энэхүү айлчлалын үр дүнд өнөөдөр Франц Улсын төлөөлөгчид Монгол Улсын Онцгой байдлын албатай танилцаж байгаа үйл явдал юм.

Төлөөлөгчид Монгол Улсад айлчлах үеэрээ монгол орны нөхцөл, онцлог, аврагч, гал сөнөөгчдийн аврах ажиллагаа явуулахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлтэй газар дээр нь танилцах юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамны төлөөлөл, Иргэний нисэхийн ерөнхий газар болон Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн холбогдох хүмүүстэй уулзах, нисдэг тэрэг авчрахад тавигдах нөхцөл, татвар хураамж, сургалтын төв байгуулахад хууль эрхзүйн талаас тавигдах шаардлагыг судлах, аврах, гал унтраах автомашин, техник тоног төхөөрөмж, алба хаагчдын ажил, үүргээ гүйцэтгэж буй нөхцөл байдалтай танилцах юм.

Уулзалтын үеэр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Монгол Улсын Засгийн газрын барьж буй бодлого, зорилтын нэг асуудал нь Онцгой байдлын албыг чадавхижуулах, өөрийн гэсэн нисдэг тэрэгтэй болгох явдал байгаа. Өнгөрсөн зун монгол орны ихэнх нутгийг хамран гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдал нь Монгол Улс аврах, эрэн хайх ажиллагаанд ашиглах нисдэг тэрэгтэй болох зайлшгүй шаардлагатай байгааг харуулсан.

Монголын ард түмэн ч Онцгой байдлыг албыг бэхжүүлэх, нисдэг тэрэгтэй болгох зорилгоор сэтгэл зүрхээрээ нэгдэж, хандив тусламж үзүүлэх дэмжлэг үзүүлж байна.

Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нийлүүлэх Монголын талаас тавьсан санал, хүсэлтийг БНФУ-ын Засгийн газар хүлээн авч, судалгаа хийхээр та бүхэн манай улсад айлчилж буйд талархаж байна. Онцгой байдлын алба аврах, эрэн хайх ажиллагаанд нисдэг тэрэг ашиглах, өөрийн гэсэн нисдэг тэрэгтэй болох эхний алхам тавигдаж байгаад баяртай байна” гэлээ.

Төлөөлөгчид 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.