Categories
мэдээ спорт

Дэлхийн аварга Х.Энхтуяа “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-д нэр дэвшлээ

Олон улсын Паралимпийн Хорооны албан ёсны түнш болох Allianz SE компанийн сарын шилдэг тамирчин шалгаруулах номинацад Монгол Улсын тамирчин Х.Энхтуяа нэр дэвшлээ. 2017 оны Пара таеквондогийн Дэлхийн аварга, Дэлхийн шилдэг эмэгтэй тамирчин болсон түүнийг Олон улсын Паралимпийн Хорооноос сонгож нэр дэвшүүлсэн аж.

Олон улсын Паралимпийн Хороо нь сар бүр нэг шилдэг тамирчин шалгаруулж, тухайн онд тив болгоноос нэг оны шилдгийн шилдэг тамирчин шалгаруулан Гала хүндэтгэлийн арга хэмжээнд урин, Дэлхийн Паралимпийн шилдэг тамирчны цомыг өгдөг уламжилтай аж.

Тухайн тамирчин Дэлхийн шилдэг Паралимпийн тамирчны цомыг авснаар Олон улсын паралимпийн хорооноос шилдэг тамирчныг Дэлхий нийтэд сурталчлах, олон улсын арга хэмжээнд урилгаар оролцуулах, бусдад үлгэр дууриалал болгох нийгмийн сайн сайхны төлөө уриалах зүтгэлтэн, элч төлөөлөгч болдог юм.

10-р сарын шилдэг тамирчны өрсөлдөөн Дэлхий нийтээр зохиогддог бөгөөд уншигч та яг одоо ч www.paralympic.org веб сайт руу орж Х.Энхтуяад саналаа өгөх боломжтой аж.

Дашрамд дуулгахад Шилдэг тамирчны санал асуулгад Х.Энхтуяагаас гадна Итали, Украйн,Дани, Японы тамирчид нэр дэвшин өрсөлдөж байгаа аж. Одоогийн байдлаар манай тамирчин нийт саналын 55 хувийг авч санал асуулгыг тэргүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн спортын VI их наадам амжилттай болж өндөрлөв

Иргэдийн спортын VI их наадам амжилттай болж өндөрлөвНийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн спортын VI их наадам амжилттай болж өндөрлөлөө. Уг наадамд дүүргийн 28 хорооны 11006 иргэн оролцож авхаалж самбаа, хурд хүч, авьяас билгээ сорьсон юм. Энэ удаагийн спортын их наадам Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Олс таталт, Шагайн наадгай, Хийн дасгал, Софт теннис, Спорт аялал гэсэн төрлөөр явагдаж аваргуудаа шалгарууллаа.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцов.

Дээрх спортын төрлөөр эхний байруудад орсон баг, тамирчид Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Тэмцээнд нийлбэр дүнгээр дүүргийн 27 дугаар хорооны баг, тамирчид тэргүүлэн байр шилжин явах цомын эзэд болсон. Харин 4 дүгээр хороо удаалсан бол гутгаар байрыг 26 дугаар хорооны баг, тамирчид эзэллээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх төслийн оролцогч талуудын уулзалт болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын санаачилгаар халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах зорилго бүхий “Эрүүл хотуудын нөхөрлөл”-д Улаанбаатар хот 2017 оны тавдугаар сарын 16-ны өдөр нэгдсэн.

Сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94.4 хувь нь нийслэлд, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Дээрх өсөлтийг энгийн арифметик тооцооллын аргаар бодож үзэхэд 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3.9 дахин, бүртгэгдсэн зам тээврийн осол 3 дахин өсөх магадлалтай байна.

“Блумберг филантропи” болон хамтрагч байгууллагуудтай нэгдэн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хүн амыг халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэхэд үр дүнтэй 10 арга хэмжээний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалтыг энэ сарын 7-8-ны өдөр зохион байгуулна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогтын өрсөлдөгч тулалдахаас татгалзжээ

Н.Төгсцогтын өрсөлдөгч тулалдахаас татгалзжээ

Сонирхогчдын боксын Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа энэ сарын 18-нд хийнэ. KING TUG хэмээх дэвжээний нэртэй тулалддаг, энэ жил 25 настай Н.Төгсцогт мэргэжлийн бокст есөн тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа билээ.

Манай тамирчин Premier Boxing Champions production–д харьяалагддаг бөгөөд Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь “Mayweather Promotions”-ий тамирчин Хавьер Аугустин Мартинес/АНУ/ байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт тодорхойгүй шалтгаанаар Хавьер Мартинес Н.Төгсцогттой тулалдах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Нэгэнт тов нь тодорсон, тасалбар зарагдаад эхэлсэн учраас зохион байгуулагчид буюу Mayweather Promotions-ийнхон шинэ өрсөлдөгчийн “эрэлд” яаралтай гарчээ.

Улмаар тэд өчигдөр/11.05/ Н.Төгсцогтын шинэ өрсөлдөгчийн тухай мэдээллээ “King Tug”-ийн багт ирүүлжээ. Н.Төгсцогтын шинэ өрсөлдөгчөөр Филиппиний боксчин Хармонито Дела Торре тодорсон байна. Энэ жил 23 настай, “Алх” хочит Торре АНУ-ын Флорида мужийн Майами хотноо суурин амьдарч бэлтгэл сургуулиа базаадаг бөгөөд мэргэжлийн рингэнд 19 тулаан хийж, нэг ч ялагдаагүй байна. Үүнээс 12 тулааныг КО буюу нокаутаар дуусгажээ. Мөн Торре 2014 онд World Boxing Federation холбооны Олон улсын болон Дэлхийн аварга болж байсан аж.

Тулаан АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо The Cosmopolitan цогцолборт болох бөгөөд тасалбар нь 29$-149$-ийн үнэтэй. Мөн Bounce TV тулааныг АНУ-ын Баруун эргийн цагаар 2017 оны 11 дүгээр сарын 18-ны оройн 18 цагаас шууд дамжуулах юм.

Categories
мэдээ спорт

Манай баг Тайландтай тоглоно

Азийн 19 хүртэлх насны залуучуудын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний эрхийн төлөөх өрсөлдөөнд Улаанбаатар хотод үргэлжилж байна. Өнгөрсөн бямба гарагт урьдчилсан “I” хэсгийн тоглолтууд эхэлсэн бөгөөд эхний тоглолт Тайланд-Сингапурын багуудын хооронд өрнөж Тайланд 3:1 харьцаатай хожсон юм.

Тэгвэл энэхүү тоглолтын дараа талбайн эзэн Монголын баг хэсгийн фаворит Японы эсрэг тулсан юм. Энэхүү тоглолтод зочин баг илт илүү байж 7-0 харьцаатай манай залуусыг буулган авснаар хэсгээ тэргүүлж эхэлсэн юм.

Харин өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтууд МХБХ-ны Цэнгэлдэх хүлээлэнд болно. Эхний тоглолт 12:00 цагаас Сингапур-Японы багуудын хооронд болох бол 16:00 цагаас Тайланд-Монголын багуудын тоглолт болох юм. Хэрвээ энэхүү тоглолтоос манай залуус хожлын оноо авч чадвал Ирэх жилийн Азийн аваргад оролцох боломж үлэмж нэмэгдэж билээ. Учир нь Азийн хөлбөмбөгийн холбооны дүрэм ёсоор урьдчилсан хэсгийн дэд байрыг эзэлсэн 8 багийн сайн үзүүлэлттэй 5 нь мөн тэмцээний эрхээ авах учиртай.

Залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч З.Баттулга хэлэхдээ “Тайланд, Сингапурын багуудын тоглолтод цаг агаарын сэрүүн уур амьсгал багагүй нөлөөлж байна” гэсэн байна. Энэ нь магадгүй манай улсын багт байгаа нэгэн давуу тал юм.

Өмнө нь 23 хүртлэх насны залуучуудын ангилалд манай улсын баг Тайландын эсрэг тоглож байсан удаатай. Энэ оны 7-р сард болсон уг тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөж байжээ.

Categories
мэдээ цаг-үе

Цаст Очирваань хайрханд онцгой ажилласан Завхан аймгийн Онцгой байдлын газарт зочлоход…

Завхан аймгийн Онцгой байдлын газрын шинэ байрны нээлтийн үеэр. 2017.10.22-ны өдөр.

Отгонтэнгэр хайрханд осолдсон уулчдыг эрэн хайхад бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажилласан Завхан аймгийн Онцгой байдлын газрынхантай уулзахаар Отгон сумаас энэ сарын 26-нд Улиастай хотыг зорилоо. Нүүр нүдгүй шуурсан цасан хялмаанд төөрчих нь халаг явсаар гурван зуу гаруй настай эртний хотод очин төв замаар нь явахдаа Онцгой байдлын газрыг нь олж очив. Үүдний жижүүртэй нь мэндлэн аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Өвдөлийн Болдыг сураглавал хоёр давхар дахь албан өрөөг нь зааж өгөв. Хоёр хоногийн өмнө Отгонтэнгэр хайрханы зүүн бэл дэх хээрийн штабын буурин дээр ярилцсан хижээл насны эр босож ирж, гар барьж байна.

Завханы онцгойгийнхны ажил төрөлтэй танилцаж нэг өдрийг хамт өнгөрөөх зорилготой ирснээ хэлж, маргааш нь ажил дээр нь өнжихөөр товлолоо. Хорин долооны өглөө 09 цагт зурагчинтайгаа очих үед анги нэгдэж, хурандаад илтгэл өгч байна. Хурандаа ч жагсаалыг хүлээн авч, Отгонтэнгэр хайрханд болсон ослын үеэр эндсэн уулчдыг эрэн хайх ажиллагаанд оролцсон нэр бүхий аврагчдад баяр хүргэв.

Завхан аймгийн Онцгой байдлын хэлтэс 2003 онд ОБЕГ-ын даргын тушаалаар байгуулагджээ. Гал унтраах байгууллага, Батлан хамгаалахын харьяанд байсан Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газар гэсэн гурван байгууллага нэгдэж өнөөгийн бүтэцтэй болсон байна. Өдгөө Аврах гал унтраах 43 дугаар анги, Аврах гал унтраах 39 дүгээр ангиас гадна Улиастай, Тосонцэнгэл, Завханмандал, Тэс, Шилүүстэй, Сонгино сумдад Улсын нөөцийн салбартай томоохон айл болжээ. Өрхийн тэргүүн Ө.Болд хурандаа гал сөнөөгчөөс эхлэн энэ л салбартаа 25 дахь жилдээ ажиллаж буй ахмад дайчин аж. Унаган нутаг гэвэл Эрдэнэхайрхан сум. Нас тавь хүрсэн ч Бадрал генерал тэр хоёр Отгонтэнгэрийн өндөрлөгт уулчид болон залуустай мөр зэрэгцэн алхаж явсан гэхээр бие бялдар, сэтгэлзүйн хувьд манлай удирдагч юм билээ. Завханы Онцгой байдлын газар 120 гаруй ажилтан албан хаагчидтай. Завхан аймагт гамшиг ослын тохиолдол жилдээ зуу гаруй гардаг байсан бол одоо 150 болж өссөн байна. Дуудлагын ихэнхийг хээрийн болон ахуйн түймэр голлодог гэсэн. Өвөл, хаврын улиралд бол ус, цасанд суулаа, төөрлөө гэсэн дуудлага тасрахгүй. Үер ус, ой хээрийн түймрээс гадна малын халдварт өвчин ихэссэн нь аврагчдын ажлыг нэмжээ.

Завхан аймаг хангай, говь, тал хээр хосолсон нутагтай. Хангайдаа зуд, говьдоо ган болох эрсдэл их. Онцгой байдлын газар бэхжээгүй үед байдал үнэндээ хэцүү байж. Тосонцэнгэлд түймэр гарлаа гэхэд Засаг даргынхаа ч юм уу, эмнэлгийн машиныг аврагчид гуйна. Өөр байгууллагын унаа болохоор нөгөө машинууд нь хээр аваачиж орхичихоод явчихна. Иймээс аврагчид хээр хөдөө цөлөгдсөн хоригдлууд шиг л өрөвдөлтэй амьтад байдаг байж. Харин одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой байдлын асуудал хариуцсанаас хойш унаа тэргийн хангамж, багаж, техник хэрэгсэл ч сайжирчээ. Аймгийн Онцгой байдлын газрынхан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван давхар байр, автомашины парктай болж энэ сарын 23-ны өдөр туузаа хайчлах гэж байтал Отгонтэнгэр хайрханы аюулт ослын дуудлага ирж урьсан, уригдсан бүгдийг сандарган, баяраа тэмдэглэхтэй манатай юм болжээ. “Би энд кей” компаниар бариулсан шинэ байрны ажил 2014 оноос хойш сунжирч, энэ зуны саруудад залуучуудаа амраалгүй дайчилсны хүчинд ашиглалтанд дөнгөж орсон өдөр нь Монгол түмнийг сэрдхийлгэсэн аймшигт ослын дуудлага иржээ. Улиастай хот Богдын гол, Чигэстэйн гол хоёрын дунд оршдог үндсэндээ арал хот ажээ. Тиймээс үерийн аюул нүүрлэхгүй гэх баталгаа үгүй аж. Далаад онд үерт автаж байсан нь үүний тод жишээ. 2016 оны долоодугаар сард бороо орж гучхан минут өнгөрөхөд үерийн ус мэлтийж Ногоон хашаа хорооллын 30 гаруй айл, хоёр гурван албан байгууллага усанд автаж баларчээ. Тухайн үед Баян-Өлгий аймагт гамшгийн хэмжээний үер болж олон айл сүйдсэн дүйвээнээр Завханы үер чимээгүй өнгөрчээ. Аврагчдын хувьд Тэс, Баянхайрхан, Асгат зэрэг 350-иад километрийн алс суманд очиж ажиллахдаа харилцаа холбоо тасрах энүүхэнд гэнэ.

Болд дарга ажил албаны жаргал зовлонгоо ний нуугүй л өгүүлж байна. Албан хаагчдадаа зориулж хорин айлын орон сууц бариулж, Онцгойгийн хуучин байрыг ажилчдынхаа хүүхдийн цэцэрлэг болгох талаар аймгийн Боловсролын төвийнхөнтэй тохиролцоод байгаа аж. УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Д.Оюунхорол, З.Нарантуяа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нартай гар сэтгэл нийлэн ажилладаг ч сонгууль болуут л албан байгууллагуудын удирдлага солигддогоос үүддэг бэрхшээл гол зовлон болдог гэж байна. Овоо гайгүй тогтвортой ажиллаж байсан хүнийг сольчихоор Онцгой байдлын тухай ойлголтыг шинэхэн даргын толгойд суулгах гэж бөөн ажил болдог аж. Ер нь нэг суманд Онцгой байдлын үед ажиллах 66 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажиллах ёстой төдийгүй сум орон нутгийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдлийн санд төсөвлөх учиртай юм байна. Үүгээр Засаг дарга нар гамшгийн эсрэг сургалт зохион байгуулж, болзошгүй нөхцөлд дайчлагдсан иргэдэд урамшуулал олгохоор заагдсан байдаг гэлээ. Саяын Отгонтэнгэрийн уулчдыг эрэн хайх үеэр сум орон нутгаас ирсэн хүмүүс гартаа барьсан ганц хүрзгүй, газар ухах лоом ч үгүй иржээ. Харин Отгон сумын Засаг даргын Тамгын газрынхан сэтгэл гаргаж зүтгэл үзүүлж ажилласан нь ажилд нь овоо нэмэр болжээ. Дайчлагдаж ирсэн хөдөөний нөхөд “Онцгойгийнхон ирсэн бол бид буцна” гэж хүйтэн сэтгэл гаргах ч тохиолдол байдаг аж.

Монгол даяар алдартай Загастай даваанд цас их унах үед мянга гаруй метрийн өндөр эвгүй мөргөцөгтэй замыг цэвэрлэхэд хэрдээ их ажил болж байсныг Болд хурандаа ярьж байна. Дэлхийн дулааралтай холбоотойгоор байгалийн гамшиг нэмэгдэх болсон. Иргэд харин үүнийг огт ойлгодоггүй гэнэ. Онцгой байдлын газраас “Цасан шуурга болно” гээд сэрэмжлүүлээд байхад л 30 м/с-ийн хурдтай цасан шуурга болоход 85 хүн сураггүй алга боллоо гэсэн дуудлага ирж байжээ. 2015-2016 оны өвөл 17 хоногийн турш хөрсөн дээр 50-60 хэм хүйтэрч байсан тохиолдол ч бий. Хол явж байгаа жолооч нар дор хаяж л эмийн сан, татах тороос, хүрз, царилтай байдаг сан бол бидний ажил мөн ч хөнгөрөх сөн гэх аврагчид ч байна. 2014 оны цагаан сарын үеэр хэдэн залуу машинтайгаа алга болчлоо гэсэн дуудлагын дагуу ажиллатал ах дүүгээрээ хэсэн архи дарс уусан залуус “Та нар яах гэж ирсэн юм” гэж агсам тавьж угтсан тохиол ч байх. Энэ бүхнийг хүүрнэх хурандаа өдий наслахдаа цэргийн тангаргийг хоёр удаа өргөсөндөө баяртай байдгаа дурслаа. Учир нь Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын алба бол төрийн цэргийн байгууллага мөн гэсэн хуулийн өөрчлөлт саяхан бий болжээ. Нэгэнт цэргийн тангараг өргөсөн учраас Онцгойгийнхон эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө амь биеэ үл хайрлах болчихож байгаа юм. Онцгой байдлын газар өнгөрөгч онд онцлох үйл явдлаар дүүрэн байж. Тэсэлгээчин аврагч, ахлах ахлагч Пэрэнлэйнямын Цэрэнням Москва хотоос “Олон улсын иргэний хамгаалалтын баатар” цолыг авчирсан бол Онцгой байдлын албаны Шилдэг гал сөнөөгч аврагчаар ахлах ахлагч Т.Батдэлгэр, аврагч гал сөнөөгчөөр ахлах ахлагч Я.Ишжамц, Гал унтраах техникийн олон төрөлтөт спортын мастер цол, тэмдгээр Улиастай сум дахь гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Б.Чагнаадорж, Д.Баянаа, аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Очирбатын Оргилбаатар, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 39 дүгээр ангийн аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Ренчин-Очирын Лхагва-Очир, гал унтраах автомашины жолооч ахлагч Лхагвадоржийн Амаржаргал нарын зургаан албан хаагч тус тус шагнагдсан байна. Аймгийн хэмжээнд ажлын үзүүлэлтээрээ Онцгой байдлын газар 2015-2016 оны аймгийн Тэргүүний агентлагаар, Тосонцэнгэл сум дахь гал унтраах аврах 39 дүгээр анги сумын Тэргүүний агентлагаар, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Бадамдоржийн Ядамжав аймгийн Төрийн тусгай албаны тэргүүний ажилтнаар тус тус шалгарсан байх жишээтэй.

Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор онцгой байдлын газрын ахмад настан Доржпаламын Ганхуяг, Цэргийн хүндэт тэмдгээр онцгой байдлын газрын хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Б.Баттогтох, Эрэн хайх аврах бүлгийн Усчин аврагч, ахлах ахлагч Д.Пүрэвдорж, тэсэлгээчин аврагч, ахлах ахлагч П.Цэрэнням, Шударга журам медалиар Улиастай сум дахь гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батцэрэн, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ширнэнгийн Оргил нарын алба хаагчид, Онцгой байдлын албаны шагналаар арваад алба хаагч, аймаг орон нутгийн шагналаар зургаан алба хаагч тус тус шагнагдсан байна.

Шинэ байраа хүлээж аваад тууз хайчлахаар зэхэж байхад нь гарсан Отгонтэнгэр хайрханд эндсэн уулчдыг хайх эрлийн багт Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч А.Амарсанаа, салааны захирагч, дэслэгч Б.Галмандах, сэтгэлзүйч эмч, дэслэгч Г.Пунцагсанжаа, тэсэлгээчин аврагч, ахлах ахлагч П.Цэрэнням, жолооч Д.Баянаа, ахлах ахлагч Ш.Отгонбаатар, С.Зоригоо, химичин аврагч, уулчин, ахлагч Г.Маналжав, шуурхай албаны жолооч Б.Балдандорж, дэд ахлагч У.Нямдаваа, Б.Баасандорж, Б.Бадам-Очир, дуудлага хүлээн авагч, ахлагч Ц.Бавуугарьд нарын 14 эрэлхэг зоригт охид хөвгүүдээ Болд хурандаа өөрийн удирдлагад авч ослын газрыг зорьсон юм. Тэдэнд хүйтнээс эмээх, асга нурангиас айх сэтгэл байхгүй байсныг хэргийн газарт хэрхэн яаж ажилласан нь тодорхой харуулсан. Маналжав, Бадам-Очир, Нямдаваа гурав гэхэд уулын олон улсын хэмжээний мастер Батмагнай, спортын мастер Болор-Эрдэнэ, уулчин Алтангадас нартай мөр зэрэгцэн ослын газарт хамгийн түрүүнд үүрийн харанхуйгаар гарч, хадан хавцалд авиран хайгуул хийсэн гавьяатай. Тэд мэргэжлийн уулчид биш ч төрдөө өргөсөн тангаргаа биелүүлж амиа ч алдаж магадгүй хэцүү бэрхийг даван туулж зүтгэсэн. Ямар сайндаа л уулчид “Танай аврагчид биднээс дутахгүй байна. Харин хувцас хунарыг нь сайжруулаад өгчихвөл ч ямар ч уулын оргилд гарах дүү нар байна” гэж үнэлжээ. Очирваань хайрханд эрлийн бүлэг удирдаж ажилласан Амарсанаа хошуучийн хувьд эрлийн ажиллагаанд явах үедээ ам нь цангахын эрхэнд цас их зажилсны гороор хоолой нь өвдөж сөөсөн байсан. Өндөр уул өөд авиралт хийхэд их хэмжээний ус авч яваад байдаггүй учраас хээрээр гэр хийж байгаа алба хаагчдад иймэрхүү зүйл тохиолдох энүүхэнд. Онцгойгийнхон ийм л тэсвэр тэвчээртэй, бас хүнлэг хүмүүс учраас аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Онцгой байдлын газар бол миний баруун гар” гэж бүхнээс дээгүүр өргөмжлөө биз ээ.

Байгууллагын өглөөний хурлын үеэр О.Оргилбаатар “Онц гал сөнөөгч” цол тэмдгээр шагнуулж, хамт олныхоо халуун алга ташилтаар мялаалгав. Хурлын дараа Отгонтэнгэр ууланд томилолтоор ажилласан нөхдийг хурандаа Болд өрөөндөө хүлээн авч Завханы хийдийн хамбын өгсөн Далай ламын шүншигтэй үрлээс гурав гурвыг өгөхдөө “Бидний тэргүүн дээр төрийн сүлд минь бий. Тиймээс бид айж сэжиглэх зүйл байхгүй. Гэхдээ сэтгэлээ ариутгаж энэ үрлийг өлөн элгэн дээрээ шүдэндээ хүргэлгүй залгиарай” гэж аминчлан хэлэх нь аав нь үрстээ халуун сэтгэлээ зориулах мэт сайхан санагдав. Сүү рашаалж бүгдэд амсуулав. Манай зурагчин бид хоёр Отгонтэнгэрт ажилласан учир мөнөөх үрэл, рашаанаас хүртлээ. Хурандаагийн ширээн дээр ламтан Зопа Ринбүүчийн “Зовлонг амгаланд урвуулахуй”, “Очироор огтлогч” судрын тайлбар зэрэг хоёр ч ном харагдана. Эл өдрийн морин цагт цаст уулнаа хэцүүхэн орчин нөхцөлд ажилласан онцгойгийн залуус албаныхаа фургон машинаар хийдэд очин Богд Очирвааниа аргадан сан тавиулж, ном уншууллаа. Үдээс хойш Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутгийн удирдлагууд саяын болсон аймшигт үйл явдлыг тал талаас нь хэлэлцэх үед Онцгой байдлын дарга, хурандаа Ө.Болд очиж илтгэл тавьсан. Завханы Онцгойд өнжсөн тэмдэглэл маань энэ хүрээд өндөрлөж байна. Уулчин аврагчидтайгаа уншигчдаа жич уулзуулах ерөөл талбиж цэглэсүү.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Б.Батсайхан: Тусгай сургуулийн багш нарыг чадавхжуулах чухал асуудлыг зүгээр нэг сенсааци болгоод орхилоо

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайхантай ярилцлаа.


-Танай сургуулийн сурагчид өнгөрсөн хавар хичээл хаяж, нийгмийг багагүй бужигнуулаад авсан. Багш нар дохионы хэл мэддэггүй, сурагчдыг ялгаварлан гадуурхдаг, бэлгийн дарамт үзүүлдэг гээд л. Энэ бүхний эцэст та эргээд ажилдаа томилогджээ. Одоо цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Манай улс 1990 оноос хойш тусгай хэрэгцээт сургуульд ажиллах багш нарыг бэлтгэхээ больсон. Үүнээс өмнө Орос, Унгарт бэлтгэгдсэн багш нар одоо бүгд тэтгэвэртээ гараад байна. Өнөөдөр манай сургуульд мэргэшсэн найман багш л бий. МУБИС төгссөн багш нараас бид гуйхыг нь гуйгаад, сонгохыг нь сонгоод ажиллуулж байна. Тэд дохионы хэл мэддэггүй. Тэдэнд дохионы хэлний долоо хоногийн сургалт явуулдаг. Гэтэл дохионы хэл манай сурагчдын хувьд төрөлх хэл нь байдаг.

Ингэхээр багш нар сурагчдадаа гологдохоос өөр аргагүй юм. Сурагчдын зүгээс ч анх энэ асуудлыг л хөндөж, багш нарт шаардлага тавьж, хичээл хаяцгаасан. Тусгай сургуулийн багш нарын асуудал бол төр засаг, яам агентлагийн хэмжээнд яригдах асуудал шүү дээ. Гэтэл үүнийг зарим хэвлэл мэдээллийн байгууллага дэвэргэж, зүгээр нэг сенсааци болгоод орхилоо. Аймгуудад ч мэргэшсэн багш нар байхгүй болохоор Ховд, Баян-Өлгий зэрэг аймгаас манайд хүүхдүүд ирж суралцдаг. Энэ намар манай сургууль нийт багш нартаа 21 хоногийн дохионы хэлний сургалт зохион байгуулсан. Бид энэ хичээлийн жилийн зорилго, зорилтдоо багш нараа чадавхжуулахаар тусгаж, анхаарлаа хандуулж байна.

-“Чимээгүй хашгираан” нэвтрүүлгийг үзэж байхад эрэгтэй багш нар охидын биед хүрдэг, бэлгийн дарамт үзүүлдэг гэж ярьсан байна лээ?

-Тэр нэвтрүүлгийг гарсан даруйд би “Манай сургуульд үнэхээр ийм багш байвал олж өгөөч” гэж цагдаад хандсан. Хэрвээ тийм багш байвал бид түүний нэрийг олонд зарлаж, бусад багш нарынхаа нэрийг цэвэрлэе гэсэн. Боловсролын байгууллагад ийм юм байж болохгүй. Хүүхдийн эрхийг бид л хамгаалахгүй бол хэн хамгаалах вэ.Цагдаагийн алба хаагчид манай сургууль дээр гурван сар шахуу хугацаанд ажилласан. Тэд тухайн нэвтрүүлэгт орж яриа өгсөн болон өгөөгүй олон сурагчтай уулзаж ярилцсан. Энэ бүхний эцэст хүүхдүүдэд дарамт учруулсан багш нар гэж байхгүй юм байна. Энд үл ойлголцол болсон байна гэж тогтоосон.

-Сурагчдыг мөн ялгаварлан гадуурхдаг, дарамталдаг гэж байсан?

-Манай сургуулийн багш нар сурагчдыг эрээ цээргүй дарамтлаад байдаг юм шиг ярьсан. Тийм зүйл манай сургуульд байхгүй. Хүүхэд бүр аав ээж, асран хамгаалагчтай. Манай сургууль үйл ажиллагааны төлөвлөгөөгөө эцэг эхийн зөвлөлтэй хамтран гаргадаг. Манай хүүхдүүд ялгаварлан гадуурхалт, доромжлол амсах боломжгүй. Учир нь манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй багш нар цөөнгүй байдаг. Өөрийнх нь хүүхэд сонсголгүй учраас хөдөө орон нутгаас манай сургуульд шилжин ирж ажилладаг гэсэн үг. Мөн багш нарын дохионы хэлийг сайжруулах, сурагчидтай ойлголцоход туслах зорилгоор сонсголын бэрхшээлтэй туслах багш нарыг ажиллуулдаг. 29 дүгээр сургуулийг төгсөөд эргээд сургуульдаа багшилж байгаа багш нар ч бий. Дотуур байрны багш нар манай сургуулийг төгссөн. Эдгээр багш нар хүүхдийн зовлон жаргалыг ойлгодог, мэдэрдэг учраас гадуурхах асуудал огт байхгүй.

-Өнгөрсөн хавар хичээл хаялтыг манлайлж байсан төгсөх ангийн оюутнууд манай сургуулийг төгсөгчид Элсэлтийн ерөнхий шалгалтад хангалттай оноо авч чаддаггүй гэж байсан. Тэдгээр сурагчид одоо хаана юу хийцгээж байна. Их сургуульд орж чадсан болов уу?

-Манай сургуулийг төгсөгчдийн ЭЕШ-ын оноо жил ирэх бүр ахиж байгаа. Өнгөрсөн хаврын төгсөгчдийн дундаж оноо 410 байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн жирийн хүнээс хэд дахин илүү хөдөлмөрлөсний эцэст дээд боловсрол эзэмшдэг ч тэдэнд ажлын байр олдохгүй байна. Хуулинд, аливаа байгууллага, аж ахуйн нэгжүүд 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулах ёстой гэж тусгасан байдаг. Үүнийх нь төлөө тухайн байгууллагад урамшуулал өгнө гэж заасан байгаа. Гэвч өнөөдөр манай нийгэмд ийм ойлголт тун муу. Үүнийг хэрэгжүүлж байгаа албан байгууллага бараг байдаггүй. Манай сургуульд ажиллаж байгаа үйлчлэгч нар бүгд сонсголын бэрхшээлтэй. Гэвч өөрсдийн хариуцсан ажлаа маш сайн хийцгээдэг шүү дээ.

Тэдний дунд оффисийн ажил хийх чадвартай залуус ч байдаг. Үүнээс гадна тусгай сургуулийн нэгдүгээр ангид ирж буй хүүхдүүд юун түрүүнд дохионы хэл, үсэг сурдаг. Үүний дараа хоёр дахь хэл болох монгол хэлийг сурч эхэлдэг. Нэгдүгээр анги төгсөж буй сурагчид дээд тал нь 200 монгол үг бичиж, унших чадвартай төгсөнө. Хоёрдугаар ангид 400 үг гэх мэтээр үгийн сан нь баяждаг. Гэтэл монгол хэлний сурагчийн лавлах толинд 30-40 мянган үг бий. Тэр бүхнийг гүйцэж ойлгоход маш хэцүү шүү дээ. Сонсголгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг арилгахын тулд маш их хөдөлмөрлөнө. Энэ сургуульд багшилна гэдэг бол маш их сэтгэлийн тэнхээтэй, тэвчээртэй, сэтгэл, зүтгэлтэй хүний хийдэг ажил. Ганцхан морь гэдэг үгийг тайлбарлахын тулд тэр багш янз бүрийн арга хэрэглэнэ. Үүний тулд бага ангид биет зүйл гэж хичээл ч ордог.

-Таныг зөвхөн энэ асуудлаар ажлаас халсан юм уу. Өөр ямар нэгэн шалтгаан байсан уу?

-Газартай холбоотой асуудал байсан. Анх надаас газрын зөвшөөрөл авахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Хөгжлийн төв” барина гэж надад хэлж авсан. Гэтэл яваандаа энэ газар дээр нийгмийн даатгалын байр барихаар болсон. Түүнийг бариулахгүй гэж бид хоёр гурван жил тэмцсэн. Үүний дараа газар буцаад манай сургуульд ирсэн. Энэ газар хүүхдүүдэд хэрэгтэй. Хөлбөмбөгийн талбай барья гээд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулсан байгаа.

-Танай сургуульд одоо тулгамдаж байгаа ямар асуудал байна?

-Сургалтын орчны хувьд манай сургууль харьцангуй сайжирсан. Япон улсаас теннисний багш урьж авчраад ажиллуулах гэж байна. Шатрын багшаа Худалдаа хөгжлийн банктай хамтраад цалинжуулахаар болсон. Хөвсгөл, Дархан, Ховдын багш нар манай сургуулиас туршлага судалж байна. Одоо багш нараа л чадавхжуулахад гол анхаарлаа хандуулна даа. Мөн өнгөрөгч долоо хоногт нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ажилтнууд нэг өдрийнхөө цалингаар манай сургуулийн эрэгтэй сурагчдын дотуур байрны хоёр танхимыг тохижуулж өгсөн.


Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Зөв журам гаргах гэж лиценз олголтыг зогсоосон байгаасай гэж найдъя

Н.Алгаа зурган илэрцүүдУул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар лиценз олголтыг түр зогсоох тушаал гаргажээ.Энэ нь уул уурхайн салбарт татраад байгаа хөрөнгө оруулалтын урсгалыг улам хумих шийдвэр болсон уу, үгүй юу гэдгийг тодруулахаар Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцав.


-Шинэ сайдын гаргасан тушаал уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг бүр зогсоох шийдвэр болчихов уу, яав…

-Д.Сумъяабазар сайд хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх ажлыг тушаал гаргаж зогсоожээ. 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг бол өргөдлөөр эсвэл сонгон шалгаруулалтаар олгоно гэж заасан байдаг.Харин 2014 онд зөвхөн цуцалсан тусгай зөвшөөрөлтэй талбайд сонгон шалгаруулалт явуулна гэж өөрчилсөн. Үүнээс өмнө тусгай зөвшөөрөлтэй талбайг буцаасан, тусгай хэрэгцээнд авсан зэрэг өөр олон үндэслэлээр сонгон шалгаруулалт зарладаг байлаа. Эдгээрийг болиод зөвхөн цуцалсан талбайд сонгон шалгаруулалт явуулахаар өөрчилсөн нь энэ.Уг журмыг яамнаас боловсруулж, Ашигт малтмалын газар хэрэгжүүлсэн.Ингээд 2014 онд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хамгийн анхны тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг хойшлуулсан юм. Аж ахуйн нэгжүүдийг өргөдлөөр бүртгэх үйл ажиллагаа явуулсан.Гэхдээ энэ нь цахим хэлбэрт шилжсэн юм. Нэг ёсондоо аж ахуйн нэгжүүдэд цахимаар дугаар олгодог болов. Аж ахуйн нэгжүүдийн авсан дугаарын дагуу сонирхсон талбайд давхцал байна уу гэдгийг шалгасны дараа орон нутгаас зөвшөөрөл авах шат руу шилжүүлдэг болсон.

-Давхцал гэдэг нь юу билээ?

-Өргөдөл өгч байгаа газар өөр талбайд өргөдөл өгсөн давхцал байна уу гэдгийг шалгана гэсэн үг. Гэтэл аж ахуйн нэгжүүдэд дугаар олгодог үйл явц бөөн хүнд суртал болж хувирсан. Өмнө нь тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүд өргөдлөө бариад биеэр ирж бүртгүүлдэг байлаа.Ашигт малтмалын газрын гадаа шөнөжин хонож дугаарлаад сүүлдээ зодолдож, барилдахдаа тулдаг байсан.Энэ бүртгэлийн процессыг цахим хэлбэрт шилжүүлсэн нь нэг талаар ололт мөн.Гэвч Ашигт малтмалын газар өөрсдөө медээлэл технологийн нэг компани сонгоод зохиосон программыг бүртгэлдээ ашигласан. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн бухимдлыг төрүүлсэн.

-Яагаад?

-Ашигт малтмалын газар ийм талбайнуудыг өргөдлөөр өгнө гээд тухайн газруудынх нь солбицлыг оруулаад зарлачихна. Ингэхдээ долоо хоногийн ердөө нэг өдөр, нэг цагийн дотор 120 дугаар олгоно гэдгээ мэдэгдчихдэг. Долоо хоногт ердөө 120 дугаар олгоно гэсэн. Энэ бол бүртгэлийн үйл явц асар удаан байна гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд сонирхсон талбайгаа оруулж, цахимаар бүртгүүлэх гэж уралддаг боллоо. Долоо хоногт тохиох ганцхан өдөр нэг цагт амжиж бүртгүүлэхийн тулд уралдаж таараа биз дээ.

-Долоо хоногийн бүх өдөр бүртгэл явуулж болдоггүй юм уу?

-Бусад өдөр нь тухайн аж ахуйн нэгж өөр талбай дээр тусгай зөвшөөрөлтэй байна уу, давхцалтай юу, үгүй юу гэдгийг шалгадаг гэж байгаа. Сүүлдээ яасан гэхээр тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүд нэг цагийн дотор амжиж бүртгүүлэхийн тулд арга хайж эхэлсэн.Ганцхан секундэд нэг кноп дараад бүртгүүлдэг программ өөрсдөө гаргаж ирсэн.Өөрсдөө гаргах ч юу байхав IT-гийн компаниар тийм программ хийлгүүлсэн.

-Тэр нь ямар учиртай программ юм?

– IT-гийн компаниас бифен гэдэг флаш шиг эдийг 120 мянган төгрөгөөр худалдаж авна. Энэ программд нэг удаа орох эрхээ авахын тулд 500 мянган төгрөг төлнө. Хоёр, гурван мянган аж ахуйн нэгж энэ мөнгийг төлөөд энэ программыг ашиглан Ашигт малтмалын газарт өргөдлөө бүртгүүлэхээр уралдана. Тэднээс 120 нь дугаараа аваад бусад нь шатаад хоцорч байгаа юм. Ингэхээр аж ахуйн нэгжүүдийн хувьд бухимдал үүсэлгүй яахав. Сүүлдээ аж ахуйн нэгжүүд хоёр, гурван компани байгуулаад нэг зэрэг хэд хэдэн бифенээр орж байж арай гэж бүртгүүлдэг аргыг ч олчихсон байсан. Тиймээс бүртгэлийн үйл ажиллагаа нээлттэй, эрх тэгш явахгүй байна гэсэн гомдол тасрахаа байсан учраас зогссон.Бүртгэл нь нэг хэсэг яваад ийм хэл амнаас болоод л гацчихдаг.2014-2017 он хүртэл ийм байдлаар л явж ирлээ.Одоо бас зогсчихсон байна.

-IT-гийн компаниуд л их ашиг олжээ дээ

-Бараг л тийм.

-Уг нь Ашигт малтмалын газар бүртгэл хийдэг цахим программаа боловсронгуй болгочих л асуудал биз дээ?

-Мэдээж тийм. Ашигт малтмалын газар дугаар олгодог цахим бүртгэлээ хурдан болгохын тулд давхцлыг шалгах процессоо автомат болгочих хэрэгтэй юм.Тийм зүйл байхгүй, хүнд суртал гаргаад байгаа учраас компаниуд өөрсдөө түргэн бүртгүүлэх программ бий болгож, тэр нь аль нэгэнд нь давуу эрх олгоод маргаан үүсгээд байгаа хэрэг.

Өргөдлийн бүртгэл ингээд маргаантай явж байтал сонгон шалгаруулалт явуулахаар боллоо.Гэтэл дэнчинтэй болгочихсон. Хоёр аж ахуй нэгжийн аль их үнэ санал болгосон тусгай зөвшөөрөл авдаг болсон. Сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны холилдсон хувилбар гэсэн үг. Дээрээс нь энд бөөн юм болж байж тусгай зөвшөөрлөө аваад очихоор орон нутаг нь заримдаа татгалздаг. Лиценз олголтын ажил ийм замбараагүй бүтэмжгүй зүйл болчихсон юм.Мөн төрийн өмчит компаниудад хязгаарлагдмал сонгон шалгаруулалтад гэснээ сүүлд төрийн болон бусад компаниудад хязгаарлагдмал сонгон шалгаруулалтаар олгоно гэх мэтчилэн янз янзын өөрчлөлтүүд бий болсон. Энэ замбараагүй зүйлүүдийг цэгцлээд шударга, шуурхай зарчмыг мөрдлөг болгосон шинэ журам боловсруулж, лиценз олголтыг хүнд сурталгүй, хурдан олгох зорилгоор Д.Сумъяабазар сайд тушаал гаргасан бол зөв байна.Бүр дордуулсан журам гаргах гэж байгаа бол мэдээж буруу.Гэхдээ байдлыг дээрдүүлж, сайжруулах гэж л зогсоогоо болов уу гэж итгэж найдаж байна.Зөв журам гаргах гэж лиценз олголтыг зогссосон байгаасай гэж найдъя. Манай уул уурхайн ассоциацийнхан ч ийм хүлээлттэй байгаа. Тэгш шударга, хурдан хүртээмжтэй болгодог журам уул уурхайн салбарынханд хэрэгтэй байна.Ийм журам гарвал хөрөнгө оруулагчид наашаа ирэх магадлалтай. Гэвч журам ийм сайн гарлаа ч өөр нэг асуудал бий.

-Юу билээ?

-Орон нутгаас авдаг зөвшөөрлийг яах вэ гэдэг асуудал. Манайх нэгдмэл улс. Газар доорх баялаг бүх ард түмний өмч.Нийтийн эрх ашгийн төлөө газар доор баялгийг бид эрж олох эрхтэй шүү дээ. Орон нутаг газар нутгийнхаа аль хэсгийг тусгай хэрэгцээнд авах вэ гэдгээ хууль журмын дагуу тогтоогоод бусад газрыг нь нийтийн эрх ашгийн төлөө яагаад өгчихөж болдоггүй юм. Яам агентлаг нь Засгийн газраар дамжуулаад орон нутгаас саналыг нь авч нэгтгээд жил болгон зарлаад, аж ахуйн нэгжүүд нь аль аль талбайд тусгай зөвшөөрөл авснаа мөн хэлээд явбал ямар ч асуудалгүй юм байгаа юм, уг Гэтэл өргөдөл болгоноор нь лицензийг авч хэлэлцээд тухайн аймаг, сумын Засаг дарга нар шийдвэр гаргаад явдаг нь өөрөө хүнд суртал. Үүнээс гадна Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гээд хэл ам дагуулсан бүтэц байдаг.Хайгуулын ажлын тайланг тэд хянаж хэлэлцдэг. Бүх хувийн компанийн хийсэн ажлыг хэсэг бүлэг хүн хэлэлдцэг гэсэн үг. Энэ нь дугаарлалт үүсгэдэг хүнд суртлын нэг хэлбэр болчихлоо.

-Энэ бүхний ард өнөө авлига байгаа гэсэн үг биз дээ. Авлига авахын тулд оочер үүсгэж, хүнд суртал гаргаж байгаа биз…

-Тийм шүү дээ. АТГ НҮБ-ын шугамаар судалгаа хийгээд Орон нутагт болон Эрдэс баялгийн зөвлөлд авлигын эрсдэл байна гэж үзсэн шүү дээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм, ажиллах журмыг өөрчилж, хөндлөнгийн мэргэшсэн шинжээч оруулдаг болгомоор байгаа юм.Уг нь 2012-2016 он хүртэл ийм байдлаар явсан.Гэвч сая шинэ засаг төр эмхлэгдээд хуучин хэвэнд нь оруулж, энэ зөвлөлийнхнийг томилгоогоор бүрдүүлдэг болчихсон. Хүн томилоод ирэхээр л биш болчихоод байна.

Мөн уулын ажлын төлөвлөгөө батална гэж нэг ажил байна. Ямар хөрөнгөөр ямар хэмжээний баялаг олборлохоор төлөвлөсөн нь хувийн компанийн эрсдлийн асуудал шүү дээ. Гэтэл үүнийг хэлэлцэж баталдаг болчихлоо.Гацаана, сүүлд өгсөн тайланг эхэнд нь хэлэлцэнэ.Зарим компанийн тайланг хав дарна.Зарим ёс зүйгүй төрийн албан хаагч үйлчлүүлэгчид рүү хэлэх хэлэхгүй үгээр дайрна, төрийн албаны ёс зүйд таарахгүй зүйлүүд зөндөө гардгийг би хоёр дэлдэнгээрээ өчнөөн сонсч байлаа.Тиймээс эдгээр замбараагүй зүйлүүдэд цэг тавих цаг болсон.Тиймээс шинэ сайд зориг гаргах болов уу гээд хүлээж байна.Манайхан салбарын сайд заавал мэргэжлийн хүн байх ёстой гэдэг.Уг нь бол хагас мэддэг хүнээс мэддэггүй хүн дээр гэдэг үг бий шүү.Яагаад гэхээр хагас хугас мэддэг хүн чинь өөрийнхөө жаахан гадарладаг зүйлдээ хөтлөгдөөд өөрийнхөөрөө буруу шийдвэр гаргах гээд байдаг талтай. Тиймээс шинэ сайд маань олон талын байр суурь, мэдээллийг авч үзээд өөрийнхөө дүгнэлтийг хийж зөв шийдвэр гаргаасай гэж хүсч байна.Сайдын ажил бол улс төрийн албан тушаал.Тиймээс иргэний нийгэм, төр, бизнесийн хэзээ ч нийлэхгүй эрх ашгийн солбицол дээр зөвшилцүүлэх шийдвэр гаргадаг байх хэрэгтэй.

-Бодлогоо зөв тодорхойлогч гэсэн үг…

Тийм.

-Гэхдээ одоо манай улсын нийт газар нутгийн дөнгөж 25-30 хувьд нь хайгуулын зөвшөөрөл олгох хязгаартай бил үү?

-Үүнээс долоон хувьд нь тусгай зөвшөөрөл олгочихоод байна. Цаана нь үлдсэн 20 гаруй хувьдаа зөвшөөрөл олгох асуудлаа дуусгаж, цэгцлээд дараа нь хайгуулын талбайн хэмжээг нэмэх тухай ярих хэрэгтэй байх. Үүний тулд нутгийн иргэдэд зөв мэдээлэл өгөх, төрийн бодлогыг тайлбарлах ажлуудыг сайн хийх хэрэгтэй.

-Тусгай зөвшөөрөл олгосон долоон хувийн талбай дээр олигтой явж байгаа төсөл нь цөөхөн байдаг…

-Хэцүү үед дампуурчихгүй яваад байгаа хоёр, гурван төсөл бий. Алтан нараас эхлээд. Зарим нь найм, есөн жил болчихсон хэрнээ юу ч олоогүй төслүүд байгаа шүү дээ. Өнөөдөр Хятад улс жилд 400 тонн алт олборлож байна. 1995 онд Өмнөд Африк жилд 400 тонныг олборлосон байдаг. Тэглээ гээд газрын гагнаас нь алга болоод сүйрчихсэн юм хаана байна.Үүний хүчинд бараг алтан жорлонтой байдаг гэсэн биз дээ. Гэтэл манайд өнөөдөр мэдэгдэж байгаа нөөц тэдний жилд олборлодгийн дөрөвний нэгтэй тэнцэж байна. Тэгэхээр бид алтан дээр суусан гуйлгачид биш шүү дээ.Газар дор алт байж магадгүй.Үүнийгээ л хайж олох хэрэгтэй байна.Харамсалтай нь хайгуул хийх гэхээр мөнгөгүйн зовлон ниргэчихээд байна.Гадны компаниуд мөнгө олоод хайгуул хийе гэхээр хэн дээрэмдэх бол гэсэн айдастай байна шүү дээ. Лицензийг нь хүчингүй болгодог нэг аймшиг бий.

-Лицензийг нь яаж хүчингүй болгодог юм…

-Ашигт малтмалын хуулиар тавхан үндэслэл бий. Нэгдүгээрт тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол.Эрх зүйн чадамжаа алдаад дампуурсан бол.Нийтийн эрх ашгийн төлөө улс тусгай хэрэгцээнд авах юм бол нөхөн олговрыг нь өгсний дараа лицензийг нь цуцална.Хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хуульд тогтоосон хувь хэмжээгээр гаргаж чадаагүй нь нотлогдвол, байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд ноцтой зөрчил гарсныг мэргэжлийн байгууллага тогтоовол тусгай зөвшөөрлийг цуцална.

-Улс тусгай хэрэгцээнд авлаа гээд цуцалчихаж болох юм байна…

-Тийм. Гэхдээ тухайн компанийн гаргасан хөрөнгийг нөхөж олгосны дараа лицензийг нь цуцална.Улс нөхөн төлбөрийг нь өгч чадахгүй, цуцалж чадахгүй олон жил болж байгаа лицензүүд байна. Улс тусгай хэрэгцээнд авахын тулд үндэслэл байх ёстой.Хэн нэг хүний эрх ашгийн төлөө биш Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар тусгай хэрэгцээнд авах ёстой.Харамсалтай нь Аж ахуйн тусгай зөвшөөрлийн хуулиар, шүүхийн шийдвэрээр, үндэсний аюулгүй байдлын зөвшлийн шийдвэр гэх мэт хуульд байхгүй үндэслэлүүдээр зарим лицензийг хүчингүй болгосон асуудал гардаг.Үүний нэг жишээ “Хан ресурс”-ын асуудал.Цөмийн эрчим хүчний тухай хуулиас тусад нь гаргаад төр 50-иас багагүй хувийг үнэ төлбөргүй эзэмшинэ гэдэг шийдвэр гаргаж, бөөн шалтаг тоочиж байгаад булаагаад авчихсан. Ингээд лицензийг “Мон-Атом” гэдэг компанид өгчихсөн биз дээ.Ийм эрсдлүүд байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагчид цэрвэдэг болчихлоо.

-Ямар нэг байдлаар нөөц нь илэрсний дараа ингэж “дээрэмдэнэ” биз дээ

-Тэгнэ, гэхдээ нөөц илрэх магадлалтай гэж үзвэл бас авчихдаг.

-Хармагтайн ордыг ингэж авч болох нь ээ?

-Төр өөрөө өрөнд орно гэсэн үг шүү дээ. Олон улсын арбитрт очно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч өө, нөгөө 30 айлын хүүхдүүд сургуульд сурч байгаа юм биш биз

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд өрсөлдөх үедээ уул уурхайгаас олсон ашгийг хуу хамдаг, Монголын баялагт эзэн суусан 30 айл өрх байна, тэдэнтэй эвлэрэхгүй гэсээр сонгуульд орсон. Ингэж ярисаар сонгуульд ялалт байгуулж чадсан. Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа ард түмнийхээ эв нэгдлийг хангана, гэхдээ 30 айлтай хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ ч дахин хэлсэн. Энэ харин сонин сонсогдож байлаа. Төрийн тэргүүн тэр 30 айлын тухай дахин, дахин яриад байгаа болохоор нийгэм ч гэсэн сонирхоод эхэллээ. Харин өнгөрсөн долоо хоногт тэдний нэг нь сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэдгийг зарлав. Эхний нэг нь зарлагдав, цаана нь одоо 29 айл үлдэж байна. Тэд хэн бэ гэх асуулт, хүлээлт ард түмэнд бий. Энэ бүхэн нэг л танил харагдахгүй байна уу. Хуучин коминтерны үеийнх шиг хэлмэгдлийг өнөөдрийн ардчилсан нийгэмд цухалзуулаад эхэллээ гэж та бүхэнд бодогдохгүй байна уу. Дээхнэ үед яадаг байсныг ихэнх хүн гадарлана даа. Тухайн үед нийгмийн зүтгэлтэн, сэхээтэн гурав, дөрвөн зуун айл байсан байх. Тэд цувраад л буруудаж эхэлдэг. Японы тагнуул, хувьсгалын эсэргүү гэх зэргээр. Хувьсгалын эсэргүү гэж зарлагдахлаар сурах бичигт хэвлэгдсэн тэдний зургийн нүдийг нь сохлоод, зургийг нь балладаг байсан гэсэн. Жишээ нь Г.Дэмид жанжин буруутлаа гэхэд л түүний зургийг баллан сурах бичгээс урж тасдаж хаян элдвээр муушаасан цуглаан зохион байгуулах гэх мэтчлэн. Тэгээд ар гэрийг нь хүний тооноос хасч хүүхдүүдийг нь сургуулиас хөөдөг. Хөөхдөө хүүхдүүдийг хоёр эгнээ болгон жагсааж байгаад дундуур нь гүйлгэн элдэж эгнэн зогссон хүүхдүүдээр нулимуулж гаргадаг байлаа. Багш нар нь бүх сурагчдынхаа өмнө овог нэрээр нь дуудаж байгаад “Эсэргүүний зулбасаг, ардын сургуульд явах эрхгүй, хөөн явуулж байна гэж зарлан тунхагладаг байсан. Сургуульд явах гэвэл төрсөн эцгээрээ овоглож болохгүй хаа хамаагүй санаанд орсон овог нэртэй сурч болдог тохиолдол хаа нэг байсан. Үүнийг дурдаад байгаа шалтгаан нь нөгөө 30 айлын хүүхэд сургуульд сурч байгаа юм биш биз гэж бодоод л. Хэрэв сурч байгаа бол одоо тэдний эцгийнх нь нэр тодрохтой хамт л сургуулиас нь хөөгөөд байх хэрэгтэй болж. Ямар ч байсан Ч.Хүрэлбаатарын хүүхдүүдийг сургуулиас одоо даруй хөөх байлгүй. Яагаад гэвэл яг гучаад оных шиг тэр 30 айл сонгуулийн эрхгүй, сонгох сонгогдох эрхгүй юм чинь хүүхдүүд нь ч сурах эрхгүй гэж үзэхэд буруудах юун. Одоогийн 30 айлын хүүхэд бодвол өндөр төлбөртэй, гайгүй гэсэн сургуульд сурдаг байлгүй. Баячуудын хүүхдүүд сайн сургуульд явж таарна л даа. Хөөх хөөхдөө зүгээр нэг явуулчихгүй бүх хүүхдээр нулимуул.Ингэж байж л манай Ерөнхийлөгчийн тэр 30 айлтай хийж байгаа тэмцэл төгс болно биз дээ. Угаасаа Ерөнхийлөгчийн гаргаж буй ааш авир ийм л зүйл хүсэж буй мэт харагдаж байна. Өөрөө энийгээ мэдэж байгаа болов уу. Ард түмний итгэлийг хүлээсэн монгол төрийн тэргүүн хүн ийм ааш авир гаргаж болдог юм уу. Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”гэж заасан байдаг. Түүнчлэн иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй.Энэ үүднээс улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээгээр алагчлахаас хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой” гэж дурджээ. Ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуульд ч тэр, олон улсын хүний эрхийн пактуудад ч хориглочихоод байгаа биз дээ. Гэтэл Ерөнхийлөгчийн ард түмэн дундаасаа 30-н айл тасдаж аваад гадуурхаад байгаа үйлдэл энэ бүхэнтэй зөрчилдөөд байгаа юм биш үү.

Хүн төрөлхтний түүхийг сөхөөд үзвэл олон зуун жилийн турш бие биенээ ялгаварлан гадуурхаж ирсэн байдаг. Нэг давхаргыг нөгөөгөөр нь үзэн ядуулж сөргүүлэн тавьдаг түүхтэй байлаа. Бусдаар үзэн ядуулах гол шалтгааны нэн тэргүүнд арьсны өнгө, хөрөнгө чинээ бичигддэг. Ердөө хэдхэн жилийн өмнө ардчилал, хүний эрхийг дээдлэхийн тэргүүн эгнээнд явдаг Америкт л гэхэд өнгөт арьстныг бараг л хүн биш гэж үздэг байв. Тиймээс ариун цэврийн өрөө, автобусны суудал нь хүртэл тусдаа байсан. Тэр бүү хэл харуудын хүүхдийн сургууль хүртэл ондоо. Өнгөт арьстай хүүхэд хүссэн сургуульдаа сурдаггүй, дуртай газраараа явж болдоггүй байлаа. Ингэж ялгаварлан гадуурхах нь Үндсэн хуультайгаа зөрчилдсөн хэрэг учраас америкчууд үүнийгээ больсон. Өөрөөр хэлбэл бид бие биеэсээ ялгарах зүйлгүй, адилхан гэдгээ ойлгосон хэрэг.Бас мьянмарчууд байна. Тэд өнөөдөр дэлхийг шуугиулж байна. Өөр шашин шүтдэг хэсэг хүмүүстэйгээ эвлэрэхгүй гээд эх орноос нь хөөчихлөө. Ингэж шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг дэлхийн хүн төрөлхтөн тэр чигтээ эсэргүүцдэг. Ийм зүйлээс болж иргэн хүнийг эх орноос нь хөөж болдог ямар ч хуулийн заалт байхгүй. Нэг ёсондоо тэд Үндсэн хуулиа уландаа гишгэж байгаа юм. Бас олон улсын өмнө нэр хүндээ алдаад зогсохгүй, амласан амлалтуудаасаа буцаж буйгаа харууллаа. Эд бол дэлхийн хүн төрөлхтөнд тохиолдсон саяхны жишээ. Үнэхээр л хулгай зэлгий хийгээд гэмт хэрэгтэн болчихоогүй бол хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Үүнтэй адил сонгох, сонгогдох эрх гэж бий. Өөрөөр хэлбэл албан тушаал хаших эрх. Сонгогдох буюу албан тушаал хаших эрхэд харшлах зүйл байдаг. 25 нас хүрээгүй, эрхзүйн чадамжгүй гэхчлэн заалт байх нь байгаа. Гэхдээ хий хардаж албан тушаал хаших боломжийг үгүй хийхийг манай улсын байтугай олон улсын ямар ч хуульд заагаагүй. Үнэхээр гэм буруутан гэдгийг зөвхөн шүүх, хуулийн байгууллага л тогтоож зарладаг. Тогтоогдоогүй байхад, нотлогдоогүй байхад тухайн хүнийг хэн ч буруутгах ёсгүй. Тэр тусмаа төр тэргүүлж буй Ерөнхийлөгч хүн сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж улсынхаа иргэнийг адалж, ялгаварлан гадуурхаж хавчиж болдоггүй юм. Дээр өгүүлсэн иргэдээ хавчиж гадуурхдаг, ялгаварладаг түүхийг орчин үеийн Монгол оронд давтах, хэрэгжүүлэх гээд байгаа юм биш биз дээ. Ийм маягаар сэтгэж байгаа нь бид хөгжиж буйн илрэл үү, ухарч буйн дохио юу. XXI зуунд хэсэг бүлэг хүнийг гадуурхах нь хүний эрхийг зөрчихөөс гадна ард түмнийг хувааж буй хэрэг биш үү. Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон эрх, үүрэг гэж байдаг. Ерөнхийлөгч тэр эрх, үүргийнхээ эсрэг дуугарч эхэллээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хууль зөрчиж байна. Монгол Улсад төрийн албан хаагч хуулиар заагаагүй үйлдэл хийхийг хориглодог. Тэр тусмаа Ерөнхийлөгч хуулиа ягштал дагах ёстой. Монголын ямар ч хуульд уул уурхайн баялгаас илүү хувь хүртэж байгаа бол гэмт хэрэгтэн, эсхүл хууль зөрчигч болно гэсэн заалт байхгүй. Дээрээс нь тэр хүмүүс уул уурхайн лиценз олонтой байдаг юм бол тэр лицензыг манай улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу л эзэмшиж байж таарна. Монгол Улсын иргэн уул уурхайн лиценз эзэмших нь хууль бус хэрэг биш. Монгол Улсын иргэдийг анги давхарга хөрөнгө чинээгээр нь ингэж ялгаварлаж болохгүй гэдгийг зөвлөхүүд нь хэлж өгмөөр байна. Сонгуулиас хойш дөрвөн сар өнгөрчихөөд байхад сонгуулийн үеийн сэтгэлийн хөөрөл одоо хүртэл үргэлжилж байгаад гайхаш барагдах юм.Ерөнхийлөгч 30 айлыг ялгаж байгаа нь эв нэгдлийг илэрхийлж буй илрэл мөн үү гэвэл биш. Яахав сонгуульд өрсөлдөж байгаа бол 30 айл гэх зэргээр гэж улс төр хийж болох л байх. Улс төрийн хар пиар хийж байна гэдгийг ард түмэн ялгаад ойлгочихно. Харин сонгогдож гарч ирсэн хойноо нөгөө хэдийгээ намнах гэж буй аятай хөөцөлдөөд байх нь хэр зохимжтой юм бэ. Хэрэв цаашдаа энэ үзэл баримтлалаараа явах юм бол дээр дурдсанаар 30 айлын хүүхдүүдийг сургуулиас хөөх, хүний эрхийг нь хасах зэргээр 30, 40-өөд оны хэлмэгдүүлэлт шиг зүйл болох нь. Өнөөдөр 30 айлыг тасдаж аваад нийгмээс гадуурхаж байна. Жилийн дараа энэ тоо 300 хүрвэл яах вэ. Ерөнхийлөгчийн иргэдээ ялгаварлаж байгаа энэ үйлдэлтэй санал нийлэхгүй байгаа надаас авахуулаад хэлмэгдүүлэх, гадуурхах хүнийхээ тоог улам лавшруулаад байх юм биш биз. Бичсэнтэй чинь санал нийлэхгүй байна, энэ рүү нулим гэж нийгмийг хөөргөөд байвал яах вэ. Энэ мэтээр явсаар Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн хэрэгт холбогдож Цэцэд дуудагдвал яах вэ. Тэгдэггүй юм гэхэд ард түмнээ анги давхарга хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж харьцдаг явдал энгийн зүйл болбол яах болж байна. Үүнийг манай ардчиллыг үүсгэн байгуулсан түүний баталгаа бат цайз болсон Ардчилсан нам өөгшүүлээд байгаа юм биш үү гэж харагдаад байхлаар чинь цаашдаа яах болж байна аа.


Categories
мэдээ нийгэм

Чөлөөт эх одтой, улаагчин тахиа өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 6, Сумъяа гариг. Билгийн тооллын 17, Чөлөөт эх одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7:51 цагт мандан, 17:49 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.